Janchiv


Basic information
Interviewee ID: 990488
Name: Janchiv
Parent's name: Namsrai
Ovog: Hetsüü shar
Sex: m
Year of Birth: 1939
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayantsagaan sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
repressions
collectivization
cultural campaigns
foreign relations
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

childhood
schoolchildren's life
group
mother - father
repression
consumer goods
relay station
official regulations tax
collectivization
changes in household culture
cultural campaigns
household culture
belief
military service
democracy
private business


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа сайн байна уу, та ?

Жанчив -

Сайн, байна уу?

Сайнбилэг -

Таныг хэн гэдэг билээ?Та өөрийгөө товч танилцуулахгүй юу?

Жанчив -

Заа тэгье. Би энэ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Н.Жанчив гэдэг хүн байнаа. Одоо нас 71 өнгөрч явна даа. 72 дөхөж байна.

Сайнбилэг -

Та тэгэхээр хэдэн онд төрсөн гэсэн үг үү?

Жанчив -

Би 1939 онд төрсөн.

Сайнбилэг -

Тэр үед төрсөн хүмүүс төрсөн он сараа мэддэггүй, санаагаар яадаг гэсэн та яг мэдэх үү?

Жанчив -

Өө мэдэлгүй яахав. Бидний эцэг өвгөд чинь эрт үеийн тоолол нөгөө хулгана үхэр, бар жил гэдгээрээ хөөгөөд л одоо чи тэр луу жилд төрсөн чи тийм жилд төрсөн, тийм жилийн одоо хаврын тэргүүн сарын гэдэг ч юм уу, өвлийн тэргүүн сарын тэдэнд, өвлийн адаг сарын тэдэнд төрсөн гээд ээж аав маань ингээд хэлдэг учраас тэр үед бидэнд нөгөө данс даваа гэж янз бүрийн юм байсангүй л дээ. Тэгэхэд янз бүрийн юм байгаагүй. Тийм учраас ээж аавынхаа л тэр одоо нөгөө намрын дунд сарын ч гэдэг юм уу, хаврын эхэн сарын тэдэнд төрсөн гэдгээрээ тоолоод л тэгээд л яг өдрийг нь бол чухам одоо жаахан зөрөө байдаг л байх л даа, байдаг байх. Тийм. Зүгээр жил, сар бол нээх зөрөхгүй байхаа. Тийм байх.

Сайнбилэг -

Та одоо бага сургуулиар явсан уу?

Жанчив -

Тэгсэн. Би чинь одоо өөрөөр хэлбэл Халхголын дайнтай л чацуу л хүн шүү дээ. 39 он гэдэг маань. Тэгээд одоо 39 онд төрөөд тэр үед 9 настай ардын бага сургууль гэж байхад бага сургуульд ороод, сумын. Баянцагаан сумын бага сургуульд орж 4-р анги төгсч байсийм. Тийм. 9 настай ороод өөрөөр хэлбэл би 1948 онд бага сургуульд орсийм.

Сайнбилэг -

Та бага сургуульд орохын өмнөх үеэ дурсч ярихгүй юу?Та яаж амьдарч байв, таны аав ээж малчин хүмүүс байв уу?

Жанчив -

Өө малчин хүн байсан. Бидний чинь аав ээж бол одоо малчин. Бидний бага нас хөдөө л мал аж ахуй дээр өслөө.Тэгээд л бид нар тэр үед 4 настайгаасаа 3 настайгаасаа эхлээд л үндсэндээ нэг ямаа барьж саалгадаг болоод л, тэгээд л одоо 4,5 настайгаасаа нэг хурга, ишиг хариулчихдаг болоод л, тэгээд л өссөөр өссөөр 6,7 настайгаасаа хонины наагуур цаагуур яваад, ойрхон шиг хонь хариулаад ирчихдэг газрын цагаанд, аа тэр насандаа тэр үед чинь бидний амьдрал жаахан ядуу байсан. Тэгээд л хөл нүцгэн л голдуу таваргана шүү дээ. Өвөл чинь цагаан хяруу уначихсан байхад нөгөө зун баахан хөл нүцгэн таваргаж байгаад хөлийн ул чинь ингээд эвэр ургачихсан, тэгээд нөгөө эвэр чинь арай ч ихдэх байлгүй дээ, зүгээр. Малын туурганаас арай зөөлөн шиг эвэр ургачихна. Тэгээд л өвлийн цагаан хяруу унахад чинь өнөө ургачихсан, эвэршчихсэн хөл чинь ердөө даарахгүй. Тэгээд л өглөө чинь хонь хургаа хотноос бэлчсэн хонь хургаа гаргаад ирнэ. Хөл нүцгэн гүйж гараад цагаан хяруу уначихсан байхад гараад бие засчихна. Одоо тийм л байсан. Тэр үед бидэнд чинь цагаан нэхий дээл, нэхий бол яахав дээ, тийм нимгэхэн шиг жижиг хүүхдүүд бол нимгэхэн шиг үзүүрсэг гэж ярьдаг байсан даа, зуны тийм хяргачихсан нимгэхэн хяргачихсан дээл хийж өгнө, тэрнийг өмсөнө өвөл. Аа тэгээд л хавар зун мун бол голдуу нүцгэн л гүйнэ шүү дээ.

Сайнбилэг -

Тэгэхээр та бидэнд аавынхаа тухай ярьж өгөхгүй юу?Таны аав ямар хүн байсан бэ?

Жанчив -

Заа миний аав би чинь одоо бас одоо жаахан өвөрмөц түүхтэй хүн л дээ. Манай аав аав ээжээсээ 5-уулаа байсан юм гэнэлээ. Тэгээд 5-уулаа байснаас одоо 3 нь энэ Амарбуянтын хийд дээр шавилана сууж байгаад тэгээд одоо 36 он 38 оны баривчлагаагаар баривчлагдаад, 2 нь одоо яваад тэгээд нэг нь нутагтаа түр хугацаагаар эргэж ирээд, амь насаа алдсан. Нэг одоо хамгийн том гавж ах маань хойно Завхан аймагт Улиастай гэж байхад одоо 160-аад лам нар одоо дандаа хэргэм цолтой одоо гавж мяндагтангууд нь тэнд гавж, агар, маарамба гэсэн дандаа мяндагтай улсууд одоо хэлмэгдэж нухуулсийм. Байдаг юм байналээ. Түүх нь одоо над бий. Тэр гавж мяндагтай хүний нэгэнд манай хамгийн аавын том ах нь тэр гавж тийшээ очиж нухуулсан. Тэгээд цөмөөрөө юу яахгүйн тулд манай аав хүрээнээс гарч манай ээжтэй ханилж, хар болж одоо хөдөө гарч тэгээд биднийг ээж аавын дундаас бид төрөн гарсан байдгийм. Тэгээд би дээрээ нэг эгчтэй. Дараачийнх нь би, 2 дахь хүүхэд нь тэр айлын. Тэгээд одоо би тэр гавж ахынхаа нухуулсных нь дараагаар 21 дотор нь л гэж аав ээж маань айлддаг байсийм. Тэр ахын сүнс болж би эргэж төрсөн. Тэгээд манай ээж аав болд надад гар хүрдэггүй, намайг харааж зүхдэггүй. Одоо би чинь бас жаахан эрх танхидуу өссөн. Ийм л түүхтэй юм. яахав хожим нь 4,5 нас хүрсний дараагаар намайг одоо миний хөгшин аав ээж хоёр дээр гар хүрч одоо харааж зүхэж магадгүй, зодчихож магадгүй, одоо тэр хөгшин аав ээж хоёр дээр минь өгсөн намайг. Ийм сонин түүхтэй тэгээд, бас нөгөө тэр үед чинь томчуул улсуудаа хүндэтгэж, одоо тэр ахын маань сүнс байгаа юм, би ахыгаа ингэж харааж зүхэж болохгүй, гар хүрч болохгүй гэснийхээ үндсэн дээр тэгээд л одоо буурал аав буурал ээж хоёр дээр намайг өсгөсөн. Ийм л түүхтэй дээ.

Сайнбилэг -

Та тэр хэлмэгдсэн 2 ахынхаа тухай юу мэдэх вэ? Тэрний тухай бидэнд тодорхой ярьж өгөөч?

Жанчив -

Үгүй тэр хэлмэгдсэн улсуудын тухай нарийн тодорхой сайн мэдэхгүй, бага байхад одоо ээж аав маань бас ярьж л байсан л даа. Тэгээд одоо энэ Амарбуянтын хийд гэж энэ Жон Вангийн хошууны хийд, том хийд байсан. Одоо ч байна, Амарбуянтын хийд. Тэр хийд дээр шавилан сууж байгаад 36 оноос л эхэлж, юу яасан, баривчилсан л гэж ярьдаг юм билээ. Тэгээд л одоо 38,39 оны үед л одоо ид, эхнийх нь 36 онд баривчлаад л, тэгээд л одоо асууж байцаад л бас нэг зарим нэгийг нь буцааж явуулаад л, одоо зарим нэгийг нь 37,8 оны үйл ажиллагаа бол бүгдийг нь хомроглож барьсан. Одоо бүр ах дүүсээр нь удам судраар нь, томоохон цол мяндагтай хэргэм цолтой бол удам судраар нь, одоо ерөөсөө бүгдийг нь хүрээ хийд дээр шавилан сууж байсан, тэгээд одоо тэр улсыг манай аав одоо бас нэг баригдаад, тавигдаад одоо тэгээд л бушуухан амь зулгаж, хөдөө гарч л хар болж л, бушуухан л одоо авгай авч, ингэж л амь гарч байсан юм билээ.

Сайнбилэг -

Тэр үед хэлмэгдсэн болон баригдсан хүмүүсийн тухай юу гэж ярьдаг байсан бол? Тэр хүмүүс чухам юу хийгээд баригдсан гэж, төр нь тайлбар хийдэг байсан бол уу?

Жанчив -

Тэрнийг бол одоо би сайн мэдэхгүй. Ер нь одоо түүхийн юунаас хөгшчүүл ингээд ярьж байхад бол энэ чинь одоо ганцхан Европын урсгал энэ коммунизмын тулгуур нөлөөнөөс манайх одоо шууд хамаарч л бүх хэлмэгдэлт л бий болж байсан шиг байгаа юм. Одоо бидний ойлгож байгаагаар бол. Тэгээд л одоо шашныг нь устгаад хүнийг нь устгаад тэр мэддэг ном, бүх шастирыг нь устгаад, хэрвээ энэнийг нь устгахгүй бол одоо эргэж буцаад, монголд одоо дахиж бий болоод байна гэдэг үндсэн дээр, ерөөсөө бүгдийг нь сууриар нь өөрөөр хэлбэл, үндсээр нь ухаан нь ногоог зулгаахад үндсийг нь зулгаачихаар ургадаггүй ш дээ, тэрүүн шиг л болгож устгаж байсан юм билээ. Тэгээд тэр битгий хэл тэрнийг чинь далимдуулаад, одоо их муухай юм болж байсан түүх байдаг юм л даа. Одоо бүүр хоорондоо өш хонзонтой улсууд, аа тэр одоо тийм ламын угсаа, тэр ламын тэр гавжийн угсаа садан, тийм эсэргүү одоо ингэж тэнд одоо намын суртал ухуулгыг ингэж одоо буруу ухуулга хийж одоо ард түмэнд одоо ингэж байна гээд хэлчихдээр зэрэг нөгөө хүнийг тавьж очоод л шууд баривчлаад л авчихдаг. Дам яриагаар нөгөө өс хонзонтой хүн биенийгээ нэгэндээ одоо хонзон санахдаа нөгөөдхийгөө очоод муу хэлэхгүй юу, одоо энэ тэгж байна гээд. Өш хонзонтой хүн тэрийг бариулж алуулах санаанаас. Тэгээд л хэлчихлээр зэрэг шууд нөгөөхийг чинь очиж аа энэ эсэргүү тэнд тэгж тийм юм ярьж байсан, олон түмний дунд тэгж байсан, тэгээд л одоо шууд ямар ч одоо баримт нотолгоо байхгүй, мөрдөн байцаалт байхгүй, шууд бариад л тэгээд л жаахан болохгүй нэгнийг нь бол ерөөсөө шууд аваачаад л тэгээд л бөөнөөр нь одоо тэгж устгаж байсан, юу одоо энэ Хүрээмарал сумын тэр Өлгийтээг гэдэг газар би бүр одоо тэгж хэлмэгдсэн улсуудыг ухаан нь одоо тэр Завхран аймаг маймаг тэр устгаж байсан газар бүр наана нь одоо тэр Хүрээмаралын Өлгийтээгд аваачаад энэ доод талын сумуудаас машин машинаар нь ачиж аваачаад, тэнд бүгдийг нь буудаж байсан гээд одоо бүр зудын малын яс шиг болчихсон, тийм бүтэн уулын энгэр цагаан яс байхыг би нүдээрээ үзсэн. Саяхан болтол одоо энэ жаран хэдэн он болтол байж л байсан. Зудын малын яс одоо хонхорт үхчихсэн малын яс цайраад байж байдаг ш дээ. Тэрүүн шиг тэр Хүрээмарал уулын цаана Өлгийтээг гэдгийн өвөрт тэр 2 талын ирмэг дээрээс нь машинтай буудаад байсан гэж л тэр нутгийн хөгшчүүл ярьдаг байсан. Тэгж хүртэл хэлмэгдүүлж одоо нэгнийгээ егүүтгэж, нэгнийгээ одоо тэгж хэлмэгдүүлж сүйтгэж байсан байгаам ш дээ. Өш хонзонтой улсууд, хувийн өс хонзонгоор тэр лам хувраг биш одоо, хувийн өс хонзонтой улсууд хувийн өс хонзонгоор

Сайнбилэг -

Ер нь хэвлэл мэдээллээр энэ хэлмэгдүүлэлтийн талаар тайлбарладаг байсан уу, эсвэл хэлмэгдэлт нууцаар явагддаг байсан уу? Тэр үеийн хүмүүс юу гэж ярьдаг байсан бэ?

Жанчив -

Үгүй ээ тэр үеийн улсуудад тэр хэдмэгдүүлэлтийн ямар юмны мэдээлэл байх вэ дээ, дандаа нууцаар ерөөсөө одоо тэр үед чинь тусгай төлөөлөгч гэж НАХЯ-ны “ногоон малгайтнууд” гэж ярьдаг байлаа ш дээ, одоо. Хэлтсийн төлөөлөгч л байсан юм шиг байгаам. Одоогоор бол тэр улсуудад л одоо нууцаар очоод хэлчихдэг, нэг нь очоод л ерөөсөө шивнэчихдэг, тэгээд л нөгөөдөх нь одоо дөхөж очоод л хомроглоод л барьдаг. Тэр тэрнийг юу гэдэг юм одоо, Доржийг, Батыг, тэр одоо Сүрэнг ингэж байна, ингэж байна гэнээ, гээд л ерөөсөө нэрсийг нь авч яваад л, өөрөө гэрт нь явж очоод л, ганцхан хүний мэдлээр тэгээд л ерөөсөө барьж аваад л машинд сууж ачаад л, морьтойг нь мориор авч яваад л, тэгээд нэг төв газар цуглуулж байгаад л, машинаар ачаад л явчихдаг. Тэгээд л очсон нэг нь одоо үнэхээр зарим нэг нь бол одоо бас яахав ганц нэг нь тавигдаж эргэж ирж л байсан гэнэлээ. Тэгээд ихэнх баригдаж байсан улсууд голцуу л алагдсан байгаа юм.

Сайнбилэг -

Одоо ингээд цагаатгах гээд хэлмэгдлийг цагаатгалаа ш дээ. Та энэ талаар хөөцөлдөж үзсэн үү?

Жанчив -

Энэ талаар хөөцөлдөж үзсэн ш дээ. Манай тэр ах гавж миний одоо энэ ханийн одоо 2 гавж ах нь одоо манайхны талаас бол одоо 5,6 хүн хэлмэгдээд орсон. Надад одоо хэлмэгдлийн үед би тэр улсын түүхийн архиваас одоо зөвхөн мяндаг цолтой 156 хүний нэрийн жагсаалт одоо надад нэрээрээ бичээтэй байна. Гавж агар, тайж ноён түшмэд, гэсэн дандаа ийм цол мяндагтангууд, тэгээд л энүүн дотор манай тэр мяндагтангууд ороод л нядлагдсан, цаазлагдсан байдгийм. Тэгээд одоо заримынх нь цаазны юу мууг нь олж чадахгүй байсан ш дээ. Архиваас одоо тэдэн сарын тэдний өдөр тэгээд одоо юу яасан гээд л, тэр тэр гээд л ерөөсөө бараг л гарын үсэгггүй, давтаад л гараад л гараад л тэгээд л нядлагдсан байдаг юм билээ. Тийм одоо, юу гэдэг юм, их хурлын тэргүүлэгчдийн дарга тэр ч гээд зарим нэг ганц нэгхэн улс дээр нь тийм гарын үсэг байдаг л юм байналээ. Ихэнх хүмсүүд дээр байдаггүй юм. Нэр нь бол байж байдаг. Тэнд одоо ингээд хэлмэгдээд баригдаад явсан, Завхан аймаг тэр тэр явсан гээд одоо тэр хошуу нутгаас явсан улсуудын юу бол байж л байдаг, юм. Тэр хэлмэгдлийн хажуугаар бол бас эд хөрөнгийг нь одоо бас хэлмэгдүүлж авч байсан,

Сайнбилэг -

Заа, эд хөрөнгийг нь яаж хэлмэгдүүлсэн?

Жанчив -

Одоо жишээлбэл, манай аав 2 ахтайгаа цуг 3-уулаа, одоо тэр Амарбуянтын хийд дээр шавилан суугаад байж байхад нь ирээд тэгээд 3-ланг нь баривчлаад аваад явахад 5 ханатай гэрийг нь одоо надад далан хэдэн нэр төрлийн жагсаалт байна. Утас, зүү тэвнийг нь хүртэл авсан байгаам. Тэр гэрт байсан, тэгээд л өмссөн дээл, ор дэр, гудас хөнжил, ээрүүл утас мутас гээд лтэгээд л одоо чисчүү даавуу ч гэх шиг, метрийн цагаан ямбуу, үгүй ээ тэрэн дотоор чинь одоо байхгүй юмгүй, хүнд хэрэглэгддэг, одоо гэрийн тавилга, 5 ханатай иж бүрэн гэр, атан тэмээ тэд, морь тэд гээд л ерөөсөө бүгдийг нь, цөмийг нь одоо данслаад л хураагаад авсан. Хурааж авлаа, одоо тийм зарлигаар гээд над одоо бичиг нь байдаг, одоо юунаас улсын түүхийн архиваас тэр хэлмэгдэлтийн юунаас би олж авсан, одоо надад бичиг нь байж л байна.

Сайнбилэг -

Харин таны аавын тухайд юу болсон бэ?Тэгээд бариад аваад явж?

Жанчив -

Тэгээд эхлээд 3-уулаа баригдаж яваад, тэгээд одоо яахав дээ, 2 ах нь бас гуйсан юм уу ячасан юм, дүүгий минь тавьчих, бид 2-н гал тогоо барьдаг л гэсэн юм гэнэлээ. Бид 2-н зөвхөн гал тогоо барьж байсан өөр ямар ч ном судар юу ч мэдэхгүй наадах чинь ингэж байгаад л тэгээд л дүүгээ гаргасан юм шиг байгаам л даа. Тэгээд л манай муу аав гарангуут аа л ерөөсөө бушуухан л хар болоод л, авгай аваад л, манай ээжтэй ханилаад л, юу яасан. Тэгээд наад 2 ах нь бол тэгээд л хэлмэгдээд л, нэг нь замдаа нэг нь Завханд очиж, нядлуулсан байгаам.

Сайнбилэг -

Таны аав тэр баригдаад явсан тухайгаа дурсамж ярьсан л байж таараа?

Жанчив -

Үгүй ээ тэр үед чинь би их жаахан байсан, ярьж л байсан зүгээр. Товчхон шиг л одоо ингээд ах нарыг мэаань ингээд ингээд яасан, сайхан номтой улсуудыг минь ингэсэн ингэсэн гээд л, одоо ярьж л байсан л даа. Тэгээд би тэр болгоныг нь нөгөө жаахан хүүхэд байсан юм болохоор, ерөөсөө сайн тогтоогоогүй, тэрнийг чинь одоо тогтооно гэдэг нэг жаахан одоо ном хүртэл төвд ном зааж өгч л байсан, тэрнийг нь хүртэл тогтоож авч байгаагүй, нэг хэдэн ойр зуурын тарни маанинаас өөр юм байхгүй л үлдсэн байгаа юм.

Сайнбилэг -

Тэгэхээр таны эцэг хүрээ хийдэд шавилсан лам болох ёстой хүн байжээ. ?

Жанчив -

Тийм, бүр лам байсан.

Сайнбилэг -

Тэгээд цагийн эрхэнд аргагүй одоо хар болж л ?

Жанчив -

Хар болж байж л нэг хөдөө гарч л амиа авч гарч байсан байхгүй юу. Тэгээд 3-ын 3-уулаа яаж алуулахав гээд л наад 2 ах нь гуйж түүж л бид 2-н гал тогоо барьдаг, ийм л байсан. Одоо тэр Амарбуянтын хүрээн дээр манай тэр одоо аав ах 2 ахын 3-лангийн нь сууж байсан, гэрийн буурь ингээд л чулуун довжоотой, гэрийн буурь нь тэр чигтээ байна. Байшин нь чулуугаар бариад сууж байсан байшин нь хэвээрээ байна. Одоо хүн амбаар болгоод суучихсан. Байшин болгочихсон. Тэр нь хэвээрээ байна.

Сайнбилэг -

Аа за. Та ингээд бага сургуульд орсон гэсэн. Тэгэхээр бага сургуульд байсан тухайгаа дурсаж ярихгүй юу?

Жанчив -

Үгүй ээ одоо яахав дээ, би ч одоо бага сургуульд 1-р ангид ороод л, одоо нэг крилл бичиг мичиг заалгаад л монгол бичиг байхгүй ш дээ. Монголын одоо тийм юм яах юм бол нэг үсэг ч байхгүй, бид нар чинь эхлээд 1-р ангид ороод цаас маас ч олдохгүй цайны цаас, тамхины цаас гээд улаан тмхины цаас энэ тэр гээд цааснууд байна. Тийм юман дээр зарим үед хичээлээ бичнэ. Дэвтэр олдохгүй ш дээ, тэр чинь одоо дайны үе байсан. Нөгөө нэг ийм үнсээр бичдэг ийм модон хавтаснуд байсан юм.

Сайнбилэг -

Заа та тухай тодорхой ярьж өгнө үү яг ямар юм байсан?

Жанчив -

Өө одоо нэг судар шиг энэнэс арай жаахан уртхан, тэгээд ийм нэг нимгэхэн самбарнууд тэгээд ингээд ард нь наагаад тогтоочихсон юутай, тэгээд хажуу талаас нь нэг ийм жаахан малын арьсны өөдөс татаас гэж ярьдаг даа, тийм нимгэхэн ширний өөдөс арьсны өөдсөөр ингээд хийчихсэн оосортой, тэгээд үзүүрт нь нэг ийм хулсан үзүүр шиг ийм ганцхан ширхэг үзүүрт нь хулсан юутай, тэгээд тэрэн дээрээсээ барьж байгаад үнс үрж байгаад гараараа нэг арччихна, тэгээд дээр нь тоо бодоод л нөгөөдхөө бодчихоод л, тэгээд дахиад арилгачихна, үнсээрээ арччихна, тэгээд үнсээр арччихаад хулсаараа бичихээр нөгөө модон дээр чинь гоё гараад л явчихна ш дээ. Бичиг бичсэн ч болно, тоо бодсон ч болно, тоогоо бол бид нар дандаа тийм юман дээр л боддог байсан. Тийм.

Сайнбилэг -

Заа тэгэхээр та үнсэн самбартай байсан юм байна тээ. ?

Жанчив -

Тийм тэр үнсэн самбар чинь хэд хэдэн давхар шүү дээ. 5,6 давхар.Тэгээд л нэг хулсыг нь эргүүлээд л нэг тал дээр нь тоогоо биччихнэ. Аа нөгөө тал дээр нь эргүүлээд одоо монгол хэлээ биччихнэ. Тэр чинь ерөөсөө 4,5-хан төрлийн хичээл орно ш дээ.

Сайнбилэг -

Ямар хичээлүүд ордог байсан?

Жанчив -

Байгаль гэж ордог байсан шиг билээ дээ, одоо мартчихаж. Монгол хэл гэж орно, тоо гэж орно, аа нэг нь одоо ямар юм ч гэж ордог байлаа, 4 төрлийн хичээл ордог байгаад сүүлд нь монголын түүх гэж ордог болсиймаа. Тэгээд нэг ийм 4 төрлийн л хичээл ордог байсан юм даа, гол нь.

Сайнбилэг -

Тэгээд сургуулийн орчин чинь гэр байсан уу, байшин байсан уу?

Жанчив -

Гэр байсан, бид нарыг орж байхад гэр байсийм. Тийм. тэгээд сүүлд нь 2,3-р ангид орсон байхад нэг жижигхэн одоогийнхоор бол амбаар л юм даа, тийм шавар байшинд л.

Сайнбилэг -

Тэгээд сандал ширээн дээр суудгиймуу, яаж суудаг юм?

Жанчив -

Өө ер нь ширээ мирээ гэж байхгүй ш дээ. Зүгээр нэг ийм одоо зарим нь нэг загийн тайрдас майрдас тийм юман дээр зарим нь ч одоо чулуун сандал дээр арай суудаггүй байсан байх даа. Модон тайрдас майрдас голцу л тийм юман дээр сууна. Сүүлд нь харин нэг сурагч сандал гээд 2 хүүхэд суучихдаг сандалтай болсон юмдаг.

Сайнбилэг -

Аа тэгээд сургууль чинь сумын төв дээр байгаа ш дээ.?

Жанчив -

Тийм. сумын төв дээр.

Сайнбилэг -

Аа тэр хөдөө байгаа хүххдүүд яаж хичээлдээ явдаг юм?

Жанчив -

Хөдөөнөөс явахгүй сумын төв дээр явдаг байсийм. Бүгдээрээ сумын төв дээр сууна. Тэгээд л сургууль яаж хичээллэдэг үү, бүтэн 8 цаг хичээллэнэ. Тэгээд бүтэн 8 цаг хичээллэчихээд бас нөгөө хичээлийн давтлага мавтлага гээд орой хийнэ ш дээ.

Сайнбилэг -

8 цаг хичээллэдэгээ?

Жанчив -

Тийм, бүтэн 8 цаг хичээллэнэ. Өдөр одоо 8 цаг ажилладагш ш дээ. Тэрүүн шиг өдөр нэг завсарлагаа гэж нэг юм болно. Үдийн завсарлагаа гэж нэг юм болно тэргээр нь гүйж очиж нэг ундаа уучихаад л, буцаад л гүйж ирээд л нөгөө ажилчид тараад өдөр ундаа уудаг ш дээ, тэрүүн шиг гүйж ирж нэг ундаа уучихаад л тэгээд л буцаж ирээд л цуглаад сууна.Тэгээд л хичээллэдэг байсийм.

Сайнбилэг -

Аа зөв, зөв. Дотуур байр гэж байсан уу?

Жанчив -

Байсийм. Дотуур байранд бол цөөхөөн. Бүтээн сургуулийн байр гэхэд нэг 10-аад хүүхэд авч чадаж байсан юм болуу,тийм байсийм, нэг гэрт л авдаг байсан юм уу даа.

Сайнбилэг -

Дотуур барны хүүхдүүдийн хоол ундыг яадаг юм, ар гэр нь даадаг юм уу?

Жанчив -

Ар гэр нь даадаг байсийм. Тэ чинь нөгөө албан журам гээд нэг юм оноочихно. Тэр түлшийг нь даана,нөгөө сургуулийн түлш мүлшийг чинь албан татвараар авна ш дээ. Албан журмаар. Одоо нөгөө ард иргэдэд ноогдол өгчихнө. .....Заа чи захиргаанд тэдэн тэмээ түлш буулга, сургуульд тэдэн тэмээ түлш буулга. Гээд ингэнэ. Албан журам оноогоод өгчихнө. Тэгээд нөгөө улсууд чинь нөгөө түлш мүлшээ хэлсэн ёсоор буулгахгүй бол тэгээд л торгоно, моргоно арга хэмжээ авна. Хатуу ш дээ тэр үед чинь одоо, айх гэж, тэр ард түмэн чинь ердөө бөмбөгнөдөг байсан юм чинь.

Сайнбилэг -

Тэгээд тэр үед ардууд хүүхдээ сургуульд өгөх дуртай байсиймуу, дургүй байсиймуу?

Жанчив -

Дургүй байсийм. Ихэнх нь дургүй байсан, гэхдээ яахав дээ, хөдөө чинь энэ корилл бичиг тайлагдахын тулд нөгөө хөдөөгийн улсууд чинь бүгдийг нь бичиг үсэг сурга гэж бүлгэм гэж нэг юм байгуулдаг, тэгээд одоо баг маг дээр хөдөө гарчихаад бүлгэм байгуулж, өөрсдийнхөө ах дүүгийн хэдэн хүнийг цуглуулчихаад, шинэ бичиг зааж л байсийм.

Сайнбилэг -

Заа бүлгэм гэж юу байсийм, та тэрийг нэг тодорхой яриач?

Жанчив -

Бүлгэм гэдэг чинь одоо яахав дээ, нөгөө гэрээрээ байгаад тодорхой цаг хугацаанд нэг ирээд, ойр ойр нутаг хошууныхан чинь нэг гол усаараа, бөөн байна ш дээ, тиймээ. Тийм улсуудыг цуглуулаад нэг гэрт нь хичээл хийдэг. Тэгээд л нэг гэрт нь нэг өдөрт нэг хэдэн үсэг зааж өгөөд л, тэгээд л тараачихна, тэгээд л маргааш нь нэг нэмэгдэл хэдэн үсгийг нь заана. Тэгээд л гэрийн даалгавар өгөөд явна, ...за энийг цээжилж ирээрэй.Тэгээд өнөө 35 үсгээ дуусахдээр зэрэг холбоно. Нөгөө үгээ холбож эхэлнэ. Ингэж сургаж байсийм. Бичиг үсгийг.

Сайнбилэг -

Та тэгвэл 10-хан настай байхдаа бүлгэм удирдаж байжээ?

Жанчив -

Бүлгэм удирдаж бүлгэмд би одоо бас хичээл, удирдах ч юу байхав дээ, бүр л одоо хүн олдохгүй байсан юм байх даа. Хичээл зааж л байсан юм.

Сайнбилэг -

Таны амьдарч байсан тэр хэсэгт бол та л бичиг ном тайлагдсан нь байсан байна ш дээ?

Жанчив -

Тэгсэн тэгсэн. Тэр үед чинь одоо бидний үеийн улсууд л одоо бичиг үсэг тайлагдсан улсууд нь тэр.

Сайнбилэг -

Аа та тэгээд хэдэн настайдаа 4-р ангиа төгслөө ?

Жанчив -

Би чинь 13 настай 4-р анги төгссийм.

Сайнбилэг -

Заа та одоо бидэнд тэр үеийн улс орны байдлын тухай ярьж өгөөч? 39 оны дайнг дуусч, хэдэн онд төгслөө?

Жанчив -

52 онд.

Сайнбилэг -

Дэлхийн 2-р дайн дуусч, тэр үед улс орны байдал ямар байсан?

Жанчив -

52 онд чинь одоо Маршал Чойбалсан нас барж улс орон даяар гашуудал болж бид нар нэг хар улаан даавуу гар дээрээ уяж, нэг 2 ч хонолуу яалаа. 2 хонож байсан санагддаг юмаа,тэгж гашуудаж яаж байсийм. Улс орны амьдрал яахав дээ, ядуу байсан дөө. Одоо тэр нэг чихэр сахар гэж ерөөсөө үзэгдэхгүй шүү дээ. Одоо будаа гурил гэж юм ерөөсөө байхгүй. Бид нарыг чинь тэр жаахан байхад одоо хөдөө гадаа шинэлнэ барина гэж одоо малын улаан хивэг байна ш дээ, энэ малын улаан хивгийг чинь одоо сайхан шигшээд нарийн хивэг гарна. Тэгээд нөгөө нарийн хивгийн гурилыг нэг одоо тэмээ малаа жинд явуулаад, нэг атан тэмээ жинд явуулсан айл 5 кг гурил жинд явсан хүн нөгөө авчирч өгнө.Тэгээд нөгөө 5 хил гурилаа иднэ, нэг 2 хилээр нь шинэлнэ. 2 кил биш жин гурил шүү дээ, хил гэж байхгүй тэр үед чинь. Жин гэдэг чинь 600 г, тийм. 5 жин гурил өгнө. Тэгээд нөгөө малынхаа шигшсэн гурилтай хольж зуураад, нэг тавгийн боов хүргэнэ шүү дээ. Тавгийн боов маань нэг зарим нь 5 боов, зарим нь нэг 3 боов энэ тэр тавина. Тэгээд л одоо нөгөөдөх дээрээ..,

Сайнбилэг -

Таван боов л тавих уу?

Жанчив -

Тэгнэ. Давхарлаад тавьж байгаам, тэр чинь олон боов тавьчихсан айл. Тэрнээс 3 боов, 2 боов энэ тэр тавиад л шинэлнэ л дээ. Олон хүүхэдтэй айл бол 2 боов тавиад шинэлчихвэл их л одоо сайхан шинэлчихэж байгаа нь тэр. Тэгээд бас нэг цагаан сарын чинь өглөө шинийн 1-ний өглөө овоон дээр гарч нэг мөргөнө. Тэгээд мөргөхдөөн бас ээж аав хөгшчүүл гарч ирээд идээ будаа өргөнө л дөө. Жаахан юм, боовны хэлтэрхий, сахарын хэлтэрхий энэ тэр ёотон гэж байхгүй тэр үед чинь сарлаг ёотон гэж гэж байсан тэрнийг ингээд төмөр дээр бяц цохиж байгаад, жаахан жаахан бондгор юмнууд тэрнийг л өргөнө. Тэгээд л нохой түүгээд идчихнэ, тэгээд нохойтойгоо уралдаад, аав ээжээс нуугдаад, овоооныхоо юмыг түүж авч иднэ. Тийм л байсан.

Сайнбилэг -

Дээр үед одоо сумын төв гэж байсан. Дэлгүүр гэж байх уу?

Жанчив -

Аа байсан даа, хоршоо гэж байсийм. Хоршооны дэлгүүр гэж нэг юм байсийм. Тэгээд..,

Сайнбилэг -

Тэр лүү ороход дотор нь юу юу зарах уу?

Жанчив -

Өө одоо онцын юм байхгүй дээ. Тэр чинь одоо нэг хуваарьтай ганц хоёр хил будаа, тэрт үед чинь нэг шар будаа л ганц хоёр хил өгнө. Хуваариар өгнө, одоо тэрт айлд л 500 г ч гэдэг юм уу, тал жин ч будаа гэдэг юмуу тийм юм өгнө шүү дээ. Аа илүү өгөхгүй тэр гурил мурил чинь тиймэрхүү л байсан хэрэг. Ёотон сахар гэдэг чинь харин күнзийн сахар гэж харин биднийг сургуульд ороход дэлгүүрээр ирж байсийм.

Сайнбилэг -

Күнзийн сахараа?

Жанчив -

Тийм. Күнзийн сахар гэж одоо энэ их цаастай сахарыг чинь. Күнз сахар гэж ярьдаг байсан байхгүй юу, аа тэгээд нэг тийм юу ирнэ миний бодоход 51 он санагдаад байх юм, Сүхбаатарын зурагтай цаастай нэг хатуу голио чихэр гэж нэг ирнэ. Монгол чихэр одоо нэг сахар хайлаад л хийчихсэн байдаг юм шиг байналээ. Тийм юм нэг ганц нэг үзэгдэнэ. Тэрнийг чинь хааяа бид нар ганц нэг ширхгийг мөнгө цуглуулж байгаад авч иднэ. Гоё амттай жигтэйхэн тийм л байсан.

Сайнбилэг -

Гутал хувцас худалдаж авъя гэвэл сумын төвийн дэлгүүрт байх уу?

Жанчив -

Өө байхгүй байхгүй. Одоо нэг тэр үед хятадын нэг даалимба даавуу гайгүй ирнэ, тэгээд тэрнийг чинь нөгөө хувийн аж ахуйтанд хамгийн их ноолуур тушаасан, ноос тушаасан энэ тэр улсуудад шагналаар шахуу тэгэхдээ үнээр өгнө. Тэгэхдээ ухаандаа тэдних нэг их ноолуур тушаасан, их ноос тушаасан, их мах тушаасан энэ тэр гэж одоо мал мах тушаасан улсууд олон мал тушаасан гээд шагналын журмаар тэрнийгээ ..,

Сайнбилэг -

Худалдаж авах эрхтэй л болж байгаа юм байна. ?

Жанчив -

Тийм, эрхтэй. Худалдаж авах эрхтэй л болж байгаам. Тэгээд тэр үед чинь албан журам гээд нэг их юм оноочихсон, тэр үед чинь өөөөөө... ерөөсөө тэр үеийн чинь ганц ядууруулж байсан айхтар юм нь ерөөсөө нөгөө лам ноёд байсан улсуудаас бүр их айхтар татвар авдаг, тэгээд одоо хөдөөгийн ард иргэдээс нэлээд өндөр албан татвар авдаг байгаад одоо би сайн санадаггүй юмаа 48 оноос хойш юм уудаа, жаахан албан татвар багасч, нэг энгийн ардуудаас авдаг татвар нь арай багасч хуучин авдаг татвараасаа арай хөнгөрсөн тэгэхдээ л авдаг. Малын хөлийн татвар гээд л өгнө. Малын хөлийн татварыг чинь 3 хувааж авна. Цээж мөнгө, бөгс мөнгө гээд л тэгээд л бас дунд нь авдаг. 3 хувааж авдаг.

Сайнбилэг -

Заа тэгэхээр түрүүн албан журам гэж ярилаа, тиймээ.?

Жанчив -

Тийм.

Сайнбилэг -

Тэр тухайгаа тодруулж ярина уу. Албан журам гэж ямар юмнаас юу авдаг байсан юм?

Жанчив -

Үгүй одоо албан журам гэдэг маань тэр л юу шү дээ. Хүнд ноогдуулаад өгсөн юм одоо, би жишээлбэл одоо суманд тэчнээн түлээ түлш буулга. Аа тэчнээн өртөөнд адуу өг, тиймээ. Өртөө гэж тиймээ, тэр үед чинь шуудан муудан байхгүй, морин өртөө байсан тэгээд тэр өртөөнд танайх жишээ нь 20 адуутай байхад 10-г нь уя өртөөнд, морио өг. Тэгээд л одоо тэрнийг чинь морь ч бай, юу ч бай, заавал 10 морь гаргаж өг гээд л шахна. Тэгээд л арга байхгүй өгнө өгөхгүй бол тэр чинь торгууль шийтгэл гээд л зөндөө юм болно. Албан журам нь тэр албан татвар байна, нөгөө малын бөгс, цээж мөнгө гээд л, албан татваруудаа. За тэгээд л тэрнийгээ төлж чадахгүй хулгай зэлгий хийж байсан ч хүн байдаг. Зарим нь боогоод үхэж байсан ч хүн байдаг. Заавал авах гээд л зарим нь тэрнийгээ төлж чадахгүй бачимдаад л, одоо боогоод үхэж байсан хүн байж л байсан.

Сайнбилэг -

Та нэг тийм тодорхой хүн мэдэх үү? Таны цуг байсан хүмүүсээс санаж байгаа түүх байна уу?

Жанчив -

Үгүй ээ одоо миний юу яаж байхад лав л тэр хэн гэж Хулгар Самнан гэж нэг хөгшин байсийм. Тэр л лав малын хөлийнхөө татварыг төлж чадахгүй, овоо хэдэн малтай байсан юм байлгүй, малын хөлийнхөө татварыг төлж чадахгүй, тэгээд мал туух юунд дайчлагдаад, тэгээд мал туух дургүй байсан юм байлгүй, тэгээд хоршооны мал гэж байсийм даа. Тэр чинь нөгөө юунд л өгч байгаа мал шүү дээ, албан журмаар авч байгаа мал. Тэгээд нөгөө ард иргэдээс авсан малыг нь тууварчид туудаг байсан байхгүй юу. Тэр шийтгэл нь нөгөө мал туух шийтгэлд ноогдоно. Тэгээд нөгөө хүн мал туух гээд явсан чинь дөнгөж гараад боогоод үхчихсэн. Тэгсэн чинь нөгөө явахгүй гээд дургүйдээ боогоод үхсэн юм гэнээ гээд л, яригдаж л байсан, Хулгар Самнан гээд л хөгшин байсийм.

Сайнбилэг -

Одоо албан журмыг би жишээ нь огт малгүй бол яаж төлөх үү ?

Жанчив -

Үгүй ээ, малгүй хүнийг тэр янз бүрийн дайчилгаанд авна ш дээ. Тэр мал туух юманд авна, өөрөөр хэлбэл түлээ мод нийлүүлж түүх юманд авна. Ажилд дайчилна.

Сайнбилэг -

Хэрвээ тэр албан журмыг олон малтай айлд л оноож өгөх үү, эсвэл малтай айл болгонд ижил өгөх үү?

Жанчив -

Үгүй ээ, малын хэмжээгээр тохируулж өгнө. тэгээд л олон малтай айлууд чинь албан журмаа төлж чадахгүй зарим нь одоо мал цөөтэй улсууд мулсууд руугаа албан татвараа дагуулаад л малаа өгдөг. Тийм л байсан л даа. Олон малтай улсууд тийм. Олон малтай улсад бүр их ноогдоно, тэр татвар матвар бол. Тийм.

Сайнбилэг -

Та түрүүн морин өртөө гэж ярилаа. ?

Жанчив -

Одоо морин өртөө гэдэг чинь одооны өөрөөр хэлбэл холбоо юм даа. Холбоо баригч гэсэн үг юм. Энэ одоо сум аймаг хооронд одоо УБ хүртэл л морин өртөө одоогоор бол нэг 30 км-т, нэг өртөөний гэр байдаг. Тэгээд тэр хооронд одоо нэг гэр дээрээс давхиад л нөгөө гэр дээр аваачиж өгнө. Тэндээс нь дахиад нэг морьтой хүн аваад л цааш нь давхина. Ингээд л улаачууд тэр үед улаач гэж ярьдаг байсийм. Тэр улсуудыг. Тэр улаачууд хооронд нь холбоо бариад л, тэгээд л гэрээс гэр дамжаад л гэрээс гэр дамжсаар байгаад л, аймаг орно. Тэгээд л аймаг орно. Аймгаасаа УБ ордог тийм л байсан юм гэнэлээ, тэр үед дуулж л байснаас ямар мэдэх биш.

Сайнбилэг -

Та нөгөө Маршал Чойбалсан гуайг нас барахад 2 өдөр улс даяар гашуудсан гэж ярьсан. Тэгээд тэр үед нэг цагаан сар хийгээгүй гэсэн байхаа?

Жанчив -

Үгүй ээ одоо тэгсэн л юм бол уу даа, би ч одоо тэрнийг сайн мэдэхгүй мартчихсан байнаа.

Сайнбилэг -

Ер нь бол хүмүүс үнэн сэтгэлээсээ гашуудаж байсан уу?

Жанчив -

Үгүй ээ одоо гашуудаж байсан юм байлгүй дээ. Чухам Маршал нас бараадах гэж гэнэ гээд л, одоо багш нар зарим нь уйлж байна гээд л тэгж байсан, би зүгээр уйлж байхыг нь үзээгүй. Тэр багш уйлж байна энэ тэр гээд л хүүхдүүд хоорондоо жиг жуг гээд л ярьж л байсан. Одоо энэ бид нар чинь тэр үед жаахан байсан болоод нөгөө төрийн томчуулыг үхээдэхээр чинь одоо энэ улс орон дахиад сүйд болох байх, гадны одоо хараат болох юм гэнэ, манайх чинь тэр үед тусгаар тогтносон улс гээд л тэр үед л тэгээд л дахиад л одоо гадны хараат мараат гээд л одоо төрийн том хүн нь үхээдэхлээр гадны хараат болох юм гэнэ гэж тиймэрхүү яриа бас багш ажилчдын хооронд л болдог байсан байлгүй, бидний чихэнд л сонсогддог л байсан. Тэгээд л тэгчих юм байх даа гэж айгаад л, бас одоо юу болдог юм бол яадаг юм бол гэж айдаг л байсан.

Сайнбилэг -

Ер нь жаахан санаа зовох байдалтай?

Жанчив -

Санаа зовох байдалтай. Юу болдог юм бол яадаг юм бол гээдп л уг нь хятадын колони байсан юм чинь бас л хятадын колони болох юм болов уу гэж л одоо улсууд ярьдаг байсан юм шиг байгаам. Тийм.

Сайнбилэг -

Та одоо бага сургуулиа төгсөөд дараа нь юу хийв?

Жанчив -

Би бага сургуулиа төгсөөд одоо нэг 3 жил хирээтэй мал аж ахуй дээр байсан. Тийм. Тэгээд мал аж ахуй дээр байж байгаад, тэгээд би нэг аймгийн нэг юунд яваад, дунд сургуульд яваад Галуутад. Галуутад ганц жил болоод тэгээд ирчихээд буцаж яваагүй, мал дээр би нөгөө багаасаа эмээ өвөө хоёр дээрээ байсан гэж ярьсан тиймээ, тэгээд тэр эмээ өвөө 2 дэрээ байгаад манай миний одооны аав энэ өргөмөл аав байгаам. Миний ээжийн төрсөн дүү. Тэгээд тэр чинь намайг өвөө эмээ 2 дээр байлгаж байгаад, тэр ах манай ээжийн дүүнь өргөж аваад би өргөмөл болсийм. Тэгээд тэр хоёр хөгшин маань нэг нь суман дарга нэг нь малын эмч байсийм. Тэгээд энэ хоёр хөгшин маань нэг 56 онд манайд нэгдэл байгуулаад, тэгээд намайг УБ луу аав хүргэж өгч, би нягтлан бодохын курст орж Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр одоо тэнд 16 настай хүүхэд 6 сарын курст сууж нэгдлийн нягтлан бодох болж төгсч ирж, тэгээд нэгдлийн нягтлан бодохын ажил хийж байсийм би. Тэгэхдээ нягтлан бодохын ажил хийхдээ би чинь гарын үсэг зурах эрхгүй нягтлан бодох байсан. Нөгөө насанд хүрээгүй, 18 насанд хүрээгүй. Тэгээд паспорт аваагүй ээ, тэгээд нөгөө бүх юмыг нь нөгөө хийж өгнө. Данс харьцаа бүх юмыг нь хийж өгнө, нягтлан бодохын. Тэгээд гарын үсгийг нь өөр хүн зурдаг. Тийм.

Сайнбилэг -

Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн үүсч байжээ, тэр үед хүмүүс яаж нэгдэлжиж байсан бэ?

Жанчив -

Заа ер нь эхний үед бол саналаар нь авч л нэгдэлд оруулж байсан л даа. Сүүлийн үед тэгээд үндсэндээ бараг хүчээр шахуу нэгдэлжих хөдөлгөөнийг чинь хийсэн ш дээ, 57 онд. Хийж дууссан юм, үндсэндээ. 56 Онд чинь одоо тэр анхны нэгдлүүд байгуулагдаж, одоо манай сум гэхэд 3 нэгдэл байгуулагдаж байсийм. Одоо тэний нэгийг нь “Говийн хөгжил” нэгдэл гэж манай аав байгуулж, тэр Баянцагааны арын манай үндсэн бригад тэнд нэг нэгдэл байгуулж нэг нь “Дөлгөөн” гэж нэгдэл, нэг нь “Жаргалын зам” гэж нэгдэл 3 нэгдэл байгуулж, тэгээд манай аав 56 онд бас надтай цуг нэгдлийн даргын курст жилийн дарга болж төгсч ирж, нэгдлийн даргаа үргэлжлүүлж хийж байсан юм. Цуг одоо ойрхон бид хоёр зэрэг сурсийм. Тэгээд аав маань 6 сард төгсч ирээд, би чинь өмнө нь төгсөөд ирчихсэн, 3 сард би чинь 2 сард төгсч ирсийм, 2 сард төгсч ирээд, тэгээд аав маань 6 сард төгсч ирээд аав маань Хүрээмарал суманд нэгдлийн даргаар тийшээ томилогдпоод, нөгөө жижиг байсан 3 нэгдлийг чинь нийлүүлж ганцхан нэгдэл болгож томруулаад тэгээд “Жаргалын зам” гэдгийг нь одоо тэр Хөдөлмөрийн баатар Жанар гуай ажиллаж, нэгдлийн дарга болж манай аав Хүрээмаралын “Улаан туг” нэгдлийн дарга болж би тэнд очиж байсийм. Тэр Хүрээмаралын Өлгийтээг мээг гээд яриад байгаа товч түүх маань тэр л дээ. Би тэр үеэс мэдсэн.

Сайнбилэг -

Ер нь хувь хүн нэгдэлд яаж элсдэг байсан бэ?

Жанчив -

Үгүй ээ зарим нэг нь яахав, суртал ухуулга, янз бүрийн юунаас хагас дутуу ойлгосны үндсэн дээр орж л байсан. Тэгээд нэг хэсэг хүмүүс нь яахаа мэдэхгүй дагалдан баясагчаар ороод л тэгээд л өв хөрөнгөө малаа юу яагаад л тэгээд л сүүл рүүгээ эхлээд овюоо хэдэн мал үлдээгээд өгөх малаа өгч л байсан. Тэгээд сүүл рүүгээ их хатуу болсон ш дээ. Өөрөө ном дүрэмтэй хуультай болоод л, тэгээд л ерөөсөө говийн бүсэд чинь нэг 15 мал, хангайн бүсэд чинь нэг бас нэг 15 мал байсан байхаа, хангайн бүсэд, тэгээд л тэрнийг чинь богийг нь зааачихсан, бодыг нь заачихсан, тэд тэд гээд. Тэгээд л илүү байж болохгүй. Ялангуяа одоо эр мал энэ тэр насанд хүрсэн эр мал энэ тэр байхгүй шүү дээ, хувьд.

Сайнбилэг -

Ер нь хүмүүс малаа нуудаг байсан уу, хувьдаа?

Жанчив -

Нууна, нууна. Нудаг байсийм тэр чинь одоо нуугаад л тоолуулахгүй гээд л, элдвээр л хүн л болсон хойно, аминдаа 5,10 мал үлдээх гэж л, олон малтай айл чинь ам бүлээ тэжээж чадахгүй ш дээ. Тэгээд л одоо нэгдэл бол бас яахав дээ, бас нэг тэр үедээ нэг цөөхөн мал нядлаад л тэрнийгээ бас хөдөлмөр өдрийн хөлсөнд тараагаад өгдөг л байсан. Тэгээд тэр нь юу ч болохгүй хүрэхгүй. Тэгшээд л одоо хэдэн хүүхдээ хоосон хонуулалтай биш, өөрсдөө хоосон хонолтой биш, олон малтай айл бол яах уу, одоо нөгөө хувийнхаа ганц нэг рүү л орно шүү дээ. Одоо тэр үед чинь амьдрал туйлын ядуу байсан юм дөө. Одоо тэгээд бид нарыг жаахан байхад үхсэн малынхаа зэмийг хаяхгүй ш дээ. Одоо хурга ишигнийхээ. Тэрнийг чинь одоо ингээд сайхан хуудагнаж хуулж аваад, нөгөө муусайн хурганы чинь зулбаа мулбаа чоройсон юмнууд байна ш дээ, тэрнийг чинь ингээд сайхан арьсыг нь хуулчихаад тэгээд арьсыг нь хэрэглэнэ, махыг нь ингээд хөлөөр нь ханын нүдэнд хавчуулчихна. Тэгээд арван хэд хорь хонуулж байгаад нөгөөдөх чинь утаа цохиод шороо болдог л байсан байлгүй, хатаад ирэхээр нь борц маягтай, бүр ялангуяа ил галтай айлууд бол одоо утаа цохьчихсон нь бүр гоё амттай, тэгээд наад одоо далд зуух чинь одоо миний мэдэхийн тавин хэдэн оноос л одоо зуухтайболж эхэлсийм ш дээ, ер нь. Зуух гэж байгаагүй тулгатай л байсан. Тэгээд л нөгөө ил галын чинь утаанд л утагдчихлээр чинь зэрэг тэр утаа цохисоных нь сайхан амттай гэж жигтэйхэн. Одоо тийм л юмаар хооллож л байсан юм бид нар. Тэгээд л одоо нэгдэл нийгэм гэж байгуулагдаад хөдөлмөр өдрийн хөлс гэж нэг 5 төгрөг гар дээр нь бас нэг жаахан даа нэг хэдхэн юм, 5 юм 10 юм арван хэдэн юм авна, тэгээд авсныгаа ихээ мөнгө авчихаж байна гээд ярьдаг, ийм л байсан юм. Тэгээд сүүл рүүгээ бол арай нэмэгдээд л өөрчлөгдөөд л, арай ахиу махиу авдаг л болсон л доо.

Сайнбилэг -

Хэрвээ малаа нууж байгаад баригдвал яах уу?

Жанчив -

Өө арга хэмжээ авна шууд л нэгдэл хураагаад л авчихна ш дээ. Илүү гарсан нөгөө тоотой малыг нь үлдээгээд л. Тэгээд л илүү гарсан малыг бол хувь гэх юм байхгүй ерөөсөө. Шууд л нэгдэл хураагаад л авчихна.

Сайнбилэг -

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдлийн тухай хэр мэдээлэл цацагддаг байсан бэ?Яаж сурталчилдаг байсан бэ?

Жанчив -

Үгүй ээ одоо хамтын хөдөлмөрийн давуу тал гэдэг зарчим дээр л яригддаг байсан л даа. Тэгээд л хамтын хөдөлмөрөөр л бүх юмаа хамтарч хийнэ. Одоо тэр үед чинь мал хуйгаа хариулаад байхад, нэг хэсэг нь хашаа хороогоо барьдаг байх ч юм уу, худаг усаа гаргадаг байх ч гэх юм уу, ухаан нь одоо дандаа бөөнөөр хамтарч л хамтын хөдөлмөрийн л юу давуу чанар бол одоо ч хэрэгтэй л байгаа л даа. Тэр бол чанар байсан. Тэгэхдээ ганцхан буруу системээр явж байсан нь буруу байгаад байгаа болохоос. Тэр одоо хамтын хөдөлмөрийн давуу тал бол нэгдэл тарчихаад одоо хамаг хүч нь тарамдаад хийдэг юмаа хийж чадахаа байгаад их л хэцүү байгаад байгаа ш дээ. Тийм.

Сайнбилэг -

Ер нь хэн ухуулж явдаг байсан бэ?

Жанчив -

Өө энэ багийн багад чинь одоо суманд гэхэд чинь сум нэгдлийн дарга гэж байлаа, эхний үед бол сумын дарга гэж байсийм. Төв чинь хэдхэн албан хаагчтай ш дээ. Суман дарга байна, захиргааны орлогч дарга гэж байна, нарийн бичгийн дарга гэж нэг хүн байна, малын эмч гэж нэг хүн байна, хүний эмч гэж нэг хүн байна, тэгээд нэг сургуулийн 2,3 багш, тэгээд л ерөөсөө аа хоршооны дарга гэж нэг хүн байна. Ийм л хэдэн орон тоо байсийм. Тэгээд л энэ хэд чинь л багт явна, хэдэн багтай байна тэгээд л нэг нэгээрээ л явна ш дээ, тэгээд л нөгөө багийн дарга багийн ухуулагч гээд байна. Тэгээд л ухуулагч л бүх үүргийг гүйцэтгэнэ дээ. Тэр ухуулагч маань ерөөсөө даргаас илүү бүх айлаар орсон байх ёстой. Тэр л одоо нам засгаас цаанаас хэлж байгаа үг болгоныг тэр ард түмэнд тэр ухуулагч л хүргэх ёстой багийн ухуулагч хүн байсийм. Тэр чинь юу билээ дээ, 8 төгрөгний цалинтай байлуу даа. Тийм шиг санагдаж байна. 8 төгрөг билүү, 6 төгрөг билүү. Тэр үед. Мартчихаж.

Сайнбилэг -

Тэр үеийн 10 төгрөгөөр юу авч болох уу?

Жанчив -

Үгүй ээ одоо их мөнгө шүү дээ. Тэр 10 төгрөг чинь. Том мөнгө ш дээ. Зүгээр дайны үед жаахан юмнууд дүнсэн тамхи цай гээд жаахан үнэд орсон л доо. Тэр Дэлхийн 2-р дайнаас хойш юмнууд жаахан хямдарсан. Ухаан нь төгрөг хэдэн мөнгө, нэг төгрөг, хоёр төгрөг гэсэн л юмнууд байсан ш дээ. Тэр юмны үнэ бол голцуу. Тэгээд л тийм учраас

Сайнбилэг -

Нэг шуудай гурил 50 хил/кг/ айж чадах уу, 70 хил үү?

Жанчив -

70 хилээр байсан тэр үед бол.

Сайнбилэг -

70 хилийн гурил ямар үнэтэй байх уу?

Жанчив -

Үгүй ээ 70 гурил шуудайгаар нь авч байсан хүн байсан юм бол уу мэдэхгүй юм. байхгүй байсан байхаа. Би ер нь шуудайгаар нь гурил авч байгаа хүн ер нь хараагүй л юм. Тийм. Ер нь хоршоноос хуваарьтай ш дэ, тэр чинь. Ээ нэг тэдэн жин гурил, тэднийд 3 жин гурил ч юм уу, 5 жин гурил өг гээд л. Тий тийм хуваарьтай, тэгээд хуваарь хийчихнэ, тэрүүгээр нь очиж авдаг. Би ч ба нөгөө дарга ээж аавтай байсан болоод манайх чинь бас нэг боорцог боовоор арай тасардаггүй, байсан юм шиг байгаам. Ямар ч л гэсэн улаан боорцог иддэг л байсан. Хүүхдүүдэд нууж аваачиж өвөртөлж аваачиж өгнө. Эжий аавдаа загнуулна, ....боорцог яагаад ийм амархан дуусчихав, загнуулдаг тийм л байсан.

Сайнбилэг -

Та СД-ны тухай мэднэ ш дээ, тиймээ?

Жанчив -

Өө мэдэлгүй яадгийм.

Сайнбилэг -

СД ямаршуу явагддаг байсан бэ?

Жанчив -

Үгүй ээ одоо СД гэдэг чинь соёлжиж байна гээд л хөдөө хотгүй л цагаан хэрэглэл бий болсон юм ш дээ, СД чинь. Малыг хүртэл СД-нд оруулж байсийм.

Сайнбилэг -

Малыг яаж оруулах уу?

Жанчив -

Үгүй ээ одоо малыг төрөх тасаг шиг юманд төрүүлж байлаа ш дээ, нэг хэсэг СД болоод л. Хүнээ СД –нд нэг жаахан 1 жил 2 жил одоо болголоо доо энэ чинь бас л одоо айл бүр л одоо ор дэр нь цагаан даавуутай байна, ёстой тэгж одоо сольж өмсөх цагаан цамцтай байна тэгээд л тэр үед чинь одоо ямбуу цамц л өмсөнө ш дээ. Юун цамц гэж айхгүй хадаастай цагаан ямбуугаар л цамц хийж өмсөнө. Жаахан бие загатнуулсхийгээд л тэгээд л хэд угаагаад л гайгүй болчихно. Тийм. /инээв/ Цагаан ямбуун цамцтай л байсийм бид нар. Тэгээд л тэр мэрнийг чинь ээлжийн болгоод л СД маань тэрнээс эхэлсэн аяга тавгийг чинь ээлжийн болгоод л угаадаг яадаг болгоод л, тэгээд л сүүлд нь одоо мал руу орж эхэлсэн дээ. Малыг чинь одоо яг хүн эх барьж авах гэж байгаа юм шиг л одоо байшин майшинд төрүүлдэг тусгай хашаа машаанд байлгаж байгаад яг төрөх болохоор нь нөгөө байшиндаа оруулаад, одоо хүйг нь огтолж салгадаг бинт, марль, хайч бүх л юм спирт ерөөсөө нөгөө иод тэр үед ч иод л гэж байсан л даа. Тийм юм түрхээд хүйг нь бузартахгүй гэж тэр малыг хороохгүй гэж л одоо тийм юм түрхээд л малыг одоо хороохгүй гэж хорогдохгүй гэж л нэгдлийн мал, нийгмийн мал нэгийг хороовол 2 болоод төлөх, тийм л юутай байсан шүү дээ. Манай ээж тэр өргөмөл ээж малын эмч байсан учраас би тэр малын талын юмыг маш их сайн мэддэг.

Сайнбилэг -

Ер нь ямар учраас СД –г хэрэгтэй гэж үзсэн юм бэ?

Жанчив -

Үгүй ээ одоо тэр хүн ардыг л эрүүлжүүлэх, эрүүл байлгах талаас нь л бас тэр СД чинь нээх тийм жаахан буруу юугаар явагдаж байсан болохоос биш нээх буруу юм ч уг нь байгаагүй л дээ. Тийм, зүгээр дэндүү одоо юу гэдэг юм б дээ, хүнийг одоо тийм хатуу захиргаадах байдлаар л юу яаж байсан болохоос үнэндээ тэр СД тэр ариун цэврийн хувьд бол нээх буруу юм байгаагүй л гэж боддог тэрнийг бол.

Сайнбилэг -

Тэр үеийн дундаж айлын гэр орон доторхи байр байдлыг нэг хэлж өгөхгүй юу та? Тэр үед хүмүүс юун дээр унтаж хэвтдэг байсан юм, яагаад заавал аяганы алчуур гэж шаарддаг .:.,?

Жанчив -

Тэр үед чинь бол хөдөө яахав олонхон шиг малтай хөрөнгөтэй улсууд нь бол нэг эсгий гудсан дээр унтаж байсан байх. Заа тэгээд л жаахан ядуу зүдүү улс нь ер нь нэг гэр юмаа гэхэд л 3 том ямааны арьс л байсийм ш дээ, бодтой айл бол яахав дээ нэг үхрийн шир, нэлээн сайн шир дэвсгэртэй айл. Үхрийн ширээ уруу нь харуулаад дэвсчиххнэ, өвөл бол үсийг нь дээш харуулаад дэвсчихнэ, дулаахан 2 талд нь 2 эр ямааны арьс дэвсчихнэ, тэгээд л одоо бид нар чинь тэрэн дээр л ямааны арьсан дээр л ямааны арьсаа булаацалдаад л, тэрүүн дээр багтаж унтах гээд л ээж аав хоёр нэг газраар наалдсан нэг 2 гудас байсан юм бол уу даа, тийм ортой тэрэн дээрээ унтана. Бид нар бол яманны арьсаа булаацалдаад, заримдаа өмссөн дээлээ дотоод энгэрийг нь доогуураа хийчихээд л, ханцуйг нь дэрлээд унтчихаж л байсан. Тийм л юман дээр өсч өндийж байсан.

Сайнбилэг -

Тэгээд тэр үед мэдээж цагаан хэрэглэл энэ тэр байгаагүй л байсан байх даа?

Жанчив -

Өө байхгүй байхгүй тэр чинь тэр СД-ны үед л одоо тэр цагаан даавуу чинь гарч ирж цагаан даавуутай болж л айл болгон одоо тэр СД гэдэг үг чинь тэр шүү дээ.Тэгээд л айл болгоныг бас л цааан даавуу нөмөрдөг хөнжил нөмөрдөг болгох даавуу тэр болгон нөмөрч байгаагүй дээ, чааваас. Бас нэг хөнжил нөмөрдөг болгоод л, хөнжил нөмөрдөг болгоод л тэгээд л нэг даавуун хөнжил тэр үед чинь нэг хагас дутуу олддог, тэгээд яахав дээл нөмөрдөг ч гэсэн дотуур нь нэг метр ямбуу 2м ямбуу аваад, цагаан ямбуу аваад нөмөрчихдөг, одоо тэгээд л цагаан даавуутай. СД биелж байгаа нь тэр. Тийм л байсан.

Сайнбилэг -

Зарим хүмүүсийн ярьж байгаагаар хүмүүс их бөөстдөг байсан янз бүрийн юм ярьж байсан?

Жанчив -

Өө байлгүй яахав. Тэр бол тоймгүй. Тэр чинь өвлийн цаг бол бөөс гайгүй байсан байх. Гаргаж хөлдөөчихөөд өглөө өмсөхөөсөө өмнө бөөсийг нь цохиж унагачихаад оруулж ирээд өмсчихнө. Зуны цагт бол яахав нэг гол ус бараадаж угаана. Тэрнээс биш ер нь ихэнх нь бөөстэй байсан дөө. Тэгээд тэр СД-ны үед л бөөс жаахан хагасарсан байх. Улсуудыг чинь шалгаж үзээд бараг турсикийг нь татаад л харна шүү дээ. СД-ны шалгаж яваа улсууд чинь. Аа бөөс мөөс байна уу гээд л, андашгүй дээ, хиртэйхэн шиг улсууд бол бөөстэй л байна. Хиртэйхэн шиг улсуудыг тайлуулаад л үзнэ, цамцыг нь захыг нь сөхөөд ч үзэж байх шиг, өмдний захыг сөхөөд харж ч байх шиг, тийм л байсан.

Сайнбилэг -

СД-ны шалгалтын хүмүүс хүнээ яг юу юу шаарддаг байсан бэ?

Жанчив -

Үгүй ээ одоо тэр ариун цэвэр л гэж их ярьдаг, тэр довтолгооны үед. Тэр үед чинь хамгийн гол нь хиргүй цагаан хувцас дотуур өмд цамц, тэгээд л бүх юмыг аяга шаазангийн алчуур хүртэл цагаан юмаар арчсан байх ёстой гэж ингэж л шаарддаг л байс ан. тэгээд тэр үед чинь хэцүү ш дээ. Саван маван олдохгүй тэгээд л тэр савангийн чинь оронд малын өлөн гэдэсний баас байна ш дээ, ингээд саванд шувтарчихаад тэрүүнд чинь ингээд угаана тэрүүнд угаана. Хирийг угааж байгаа нь тэр хувцасны. Тэгээд тэрүүндээ ингэж сайхан хэсэг базчихаад өнөөдхийгөө усаар ингээд цэвэршүүлчихдээр зэрэг өлөн гэдэсний баас чинь саван нь болдог байхгүй юу. Тэгээд саван болгож арилгачихаад тэгээд нөгөөдхийгөө усаараа угаачихна. Тэгээд хир нь арилчихна. Тиймэрхүү л амьдралтай байж.

Сайнбилэг -

Ер нь ямар ямар салбарт СД-ны үеэр чухал өөрчлөлт гарсан бэ?Эрүүл мэнд .., одоо ахуйн соёлы талд бол их дэвшилт гарч тээ?

Жанчив -

Тийм, ахуйн соёлын талаар л их гарсийм даа. Бусад юуны талаар энэ СД чинь сургуулийн байгууллага эмнэлгийн байгууллагуудад нэлээн дэвшилт гарсан шүү. Тэр үед бол. Ер нь одоо бас тун үгүйдээ л эмч сувилагч нар цагаан халаттай болж эхэлсэн, малын эмч хүртэл цагаан халат өмсдөг болсон, одоо сургуулийн хүүхэд дотор өглөө болгон ариун цэврийн байцаагч гэж нэг хүүхэдтэй, нөгөө хүүхэд маань хүүхдүүдийн бөөс хуурсыг үзнэ шүү дээ. Бөөстэй байна уу, хуурстай байна уу, хиртэй байна уу цамц нь, өмд нь ямар байна, бүгдийг нь шалгаж үзнэ. Тэгээд тэнцсэн хүүхдийг нь хичээлд суулгана, тэнцээгүй бол ...Чи явж хувцсаа сольж ир гэдэг,

Сайнбилэг -

Хэрвээ гэрээр орж үзэхэд шаардлага хангаагүй үед яадаг байсан бэ?

Жанчив -

Одоо шаардана нэмээд л шаардана шүү дээ. Тэгээд л тэрүүнд чинь нөгөө шгахай тавина, гахай зурж гахай аялуулна. Торгуультай гахай ш дээ, одоо. Гахай нэг хоэновол юу ч билээ, хэдлэн төгрөг ч гэдэг билээ, тийм тун болохгүй айлд гахай махай зурж аваачиж тавина. Гадаа нь тийм хаяг хадна. Үгүй ээ одоо ариун цэврийн шаардлага хангаагүй СД-ны шаардлага хангаагүй гэсэн тийм айл өрх гэсэн.

Сайнбилэг -

аан тэгэхлээр хүн их ичих нь ээ дээ?

Жанчив -

ичнэ. Одоо олон түмнээс зовно, одоо тэгээд зовохынхоо эрхэнд сайжруулахаас л аргагүй болно. Хавчилт шахалтаар л юу яаж байсан хэрэг.

Сайнбилэг -

Ер нь таны бодлоор.., та сүсэг бишрэлтэй юу?

Жанчив -

Үгүй ээ өөрийнхөө зохих хэмжээгээр сүсэг бишрэл бий. Байлгүй яахав.

Сайнбилэг -

Ямар шашин шүтдэг үү та?

Жанчив -

Буддын шашин. Уламжлалт.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралын туршид Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдсөн гэж үздэг вэ? Нэг хэсэг чинь хаалттай байлаа ш дээ, бурхан номоо далд хийгээд л?

Жанчив -

Өө тэр үед чинь бүх л юм хаалттай Буддын шашнаа манайхан шарын шашин гэж ярьдаг. Энийг л олон зуун жил шүтэж ирсийм байлээ. Яг нарийн ярихдаа энэ чинь зүгээр эзэн Чингисийн үеэс гэж яривал эзэн Чингисийн үе маань би сүүлийн үед ойлгож байхдаа одоо бөөгийн шашин голлож шүтдэг байсан юм байналээ ш дээ. Тэгээд одоо сүүлд нь нутаг хошуу юугаараа арай өөрчлөгдөөд Буддын шашин луу хэлтийсэн юм бол уу даа. Ямар ч гэсэн одоо 200 гаран жил Манжийн дарлалд байх үеэс л Буддын шашин нэлээн гүнзгий сайн юу яасан юм уу, тэрнээс нь өмнө байсан л юм байналээ л дээ. Манай хаады гэгээдүүд олон дүрийн хувилгаадуудыг сонсч байхад эзэн Чингисийн үеэс эхлээд л буддын шашныг шүтэж байсан юм шиг байналээ. Тэгэхдээ Бөөгийн шашинтай нэг хэсэг омог юунууд бол бөөгийн шашинтай, ихэнх голцуу байсан юм шиг байгаам.

Сайнбилэг -

Бүр их дээр үеэсээ Христийн шашин ч байсан ш дээ, тиймээ?

Жанчив -

Христийн шашин ч байсан л юм билээ.

Сайнбилэг -

Ингээд танд ингэж бодогддог уу, тэр үед хүмүүс тухайн үед бурхан шүтээнээ их нуудаг байсан гэсэн ш дээ. ?

Жанчив -

Нуулгүй яахав чухам

Сайнбилэг -

Яагаад нуудаг байсан юм?

Жанчив -

Өө одоо яахав, маань хэлсэн хүн байвал л эсэргүүн, хуучны үзэл сурталтан, ламнизмын үзэл сурталтан,

Сайнбилэг -

Тэгсэн мөртлөө Гандан хийд ажиллаад байсан ш дээ. ?

Жанчив -

Гандан хийдийг чинь сүүлд гучин хэдэн оноос дөчин хэдэн оноос ажиллуулахаар болж аа нэг хэсэг бол огт хаалттай устгадагийг нь устгаад тэгээд арай бүр дуусгачихааргүй, монголын маань бас түүх шастир маань хамгаалагдсан юм бол уу даа, гэж боддогийм ш дээ, би. Одоо тасрагдахгүй түүхтэй байгаад хамгаалагдсан юм бол уу. Тэгж л ойлгож явдагийм ш дээ. Нэг хэсэг чинь одоо бүр судар ном байх, манай тэр аав ээжийн шүтэж явсан бурхан, тэр шар хайрцагтай бурхантай ном, юмнууд бол цөм л тэр хөгшчүүдийн юм байсан тэгээд бид нарт бүгд авдрын мухарт хээр хадан агуйд л байсан ш дээ. Тэгээд сүүлд нь л тэр хадан агуйгаас л авчирч байсан юмдаг.

Сайнбилэг -

Таны гэрт байгаа энэ шүтээн нэг хэсэг нуугаад тэгээд сүүлд гаргаж ирсэн нь үү?

Жанчив -

Тийм, дахиж гаргаж ирсэн ш дээ, одоо. Одоо тэр хэнгэрэг цан хүртэл хадан агуйд л байсан. Би зүггүйтээд л жаахан хүүхэд 7,8 настай хадан агуйд очоод л очиж нүдэж хоттой малаа үргээгээд усанд орж байсан мал үргээгээд аав ээждээ зодуулж л байсан. Хадын агуй. Хадны чинь өндөрт иийм гүнзгий нүх мүх байдийм ш дээ. Тийм байгалийн тогтоц л байдаг биз, тэгээд тийм агуйд аваачаад хүн гарахгүй газарт аваачаад хийчихсэн тийм л байдаг байсан. Тэгээд бурхны юмаар тоглолоо гээд л зүггүйтэж байгаад зөндөө загнуулж зодуулж л байсан.

Сайнбилэг -

Тэр таныг залуу бага байхад таны аав ээж бурхан шүтээндээ яаж мөргөдөг байсан, нууцаар уу?

Жанчив -

Нууцаар. Тэр чинь ерөөсөө нохой хуцвал л нам шүү дээ. Нохой хуцвал тэгээд л мөргөхөө байна, маань уншиж байсан бол нохой хуцвал маань уншихаа байна. Юун эрхи мэрхи .., гадна дотны улс явахад бол тэр эрхи мэрхи бол далд л байна.

Сайнбилэг -

Гэхдээ бол сүсэг бишрэлээ хадгалаад л ирсэн үү?

Жанчив -

Хадгалаад л. Зулаа ч барьчихна, ногоон судраа манай аав бол судраа уншчихдаг л байсан. Миний өөрийн төрсөн аав бол. нууцаар одоо нууж байгаад л авдран дотроосоо гаргаж ирээд л, судраа уншчихдаг, тийм л байсийм.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөлсөн тийм явдал байдаг уу? их баярлуулсан ч байдаг юм уу, маш их харамссан ч байдгиймуу?

Жанчив -

Үгүй ээ одоо байлгүй яахав одоо амьдралын түүхэн замналд. Ялангуяа би энэ оросын коммунист намын үзэл суртлыг дагаж манайхан хэтэрхий их туйлширч, хэтэрхий их яасныг би их л харуусч явдаг. Манай тэр миний өргөмөл ээж аав хоёр бол намын хувьсгалт намын ахмад гишүүн, одоо намын ер нь нэлээн идэвхтэй улс нь байлаа л даа. Тэгээд л тэр үеийг би бага залуугаасаа авахуулаад л, хүүхэд байхаасаа 16 наснаасаа нэгдлийн нягтлан бодох хийж явах үеэсээ л харуусдаг л байсан. Юм л бол уралдаад л донгодуулаад л арга хэмжээ авахуулна.юм л бол тэгчихлээ, намаас арга хэмжээ авч байна, дандаа л тэгээд л намаас л намаас л гээд л. Арга хэмжээ авлаа, намаас ингэлээ, намаас тэглээ гээд л.

Сайнбилэг -

Аа тэгвэл та тэр үеэс эхлээд л дотроо бол ардчилагч байсан байна ш дээ?

Жанчив -

Өө тийм, би ер нь тэр үеэс эхлээд л ерөөсөө энэ нийгмийг нэг л гажуудалтай нэг л болохгүй байна, нэг л нэг .., хорин хэдтэй болсноосоо хойш бол би ерөөсөө 18,9 тэйгөөсөө холйш л би мэдэрч эхэлссэн л дээ. Монгол орныг ер нь хэтэрхий хэлтийж байна уу, эдийн засгийнхаа хувьд ч ихээхэн хохирол амсч байна уу гэж ойлгодог байсан. Яагаад уу гэхдээр нөгөө ард түмний чинь жаахан амьдарадаг мал хөрөнгийг чинь жилийн 2 авна. Албан журам гээд л мал мах гээд л авна шүү, дээ. Хавар нэг баахан малаар нь тууна. Намар нэг баахан малаар нь хядаж ачна. Малыг нь хячдаж, бой нядалгаа гэж ачна. Ингээд л одоо монголын мал чинь миний мэдээ орсон цагаас авахуулаад л, одоо 25 саяд хүргэх гээд л чадаагүй юм шүү дээ. Намайг мэдээ орсон цагт нэг 28,9 саятай байсан юмаа. Тэгээд л тэрнээс хойш хорогдсоор хорогдсоор байгаад л 25 саяд хүргэнэ гээд л намын чинь одоо их хурлаас л лоозон дэвшүүлээд л 5,5 жилээр л лоозон дэвшүүлээд л одоо энэ 5 жилд 25 саяд хүргэнэ, одоо энэ 5 жилд л 25 сая хүргэнэ гээд л байдаг, байдаггүй, хүрдэггүй. Нэлийж далайгаад л хойш нь туугаад л орос руу гаргаад л байдаг. Одоо тэр үед яахав дээ, би чинь УБ багаасаа орж үзчихсэн, сүүлд нь хожим ойлгож байхад л манай энэ үйлдвэр ирж байгаа манай энэ олон малны чинь оронд ирж байгаа юу нь гэхдээр зэрэг маш өндөр үнэтэй, хоцрогдсон одоо Цагаан хааны үеийн л гэж ярьдаг айсан юм даа, бид нар, Цагаан хааны үеитйн маш их зардалтай тийм технологиуд л манайд авчирч өгчихөөд л оронд нь тэр одоо олон сая малыг нь аваад л, нөгөө манайх чинь ганцхан улстай л харьцаж байсан ш дээ, одоо ерөөсөө гадаад харьцаа маань. Ноосоо өгнө, малаа өгнө, махаа өгнө, тэгээд л одоо сүү цагаан идээ юу л байдгийм, бүх юмаа л одоо хойш нь өгдөг л байсан.

Сайнбилэг -

Та ингээд нэгдэлд нягтлан бодогчоор хэдэн он хүртэл ажилласан бэ?

Жанчив -

би чинь нээх улаан ажиллаагүй дээ, 16 настайгаасаа 4 жил эхлээд тоо бүртгэгч хийж байгаад, сүүлд нь нягтлан бодох бодлоод сүүлд нь 4 жил хийгээд 20 хүрээд би ццэрэгт явсийм.

Сайнбилэг -

Цэрэгт та хаашаа явсан?

Жанчив -

Цэрэгт би УБ-т очиж Улаан хуаранд бага даргын сургуульд байгаад бага даргын сургууль төгсөөд тэнд нэг жил гаруйтайхан болоод тэгээд 61 онд Дарханы бүтээн байгуулалт гэж нэг юм болоод тэнд чинь манайх 6 батальон арми гарнизон очиж байсан юм. Тэр гарнизон чинь 6 батальон цэрэг очиж тэгээд би цэрэг командлаад ийшээ салаан туслах болоод түрүүч цолтой, 61 оны зун би цэрэг командалж энэ нисэхийн өргөтгөлийг улс хувьсгалын 40 жилийн ой болж 61 онд, 40 жилийн болж нисэхийн өргөтгөл болж цагаан онгоц булгана гэж 61 онд засч асфальтан аэрэдром засч анхны асфальтан замтай болсон ш дээ, манайх чинь тэр 40 жилийн ойгоор. Аа Засгийн Газрын 2-р өргөтгөлийг барьж ингээд 2 том бүтээн байгуулалт хийж тэр жил, 61 онд тэгээд улс хувьсгалын 40 жилийн ойн одоо барьж дуусгаж 2 өргөтгөлийг. Оросоос 250 самосвал ирж одоо тэр 2 өргөтгөл дээр ажиллаж бид нар хүртэл жолоо ч барьж үзээгүй цэрэг би ч одоо цэрэг командалдаг бага дарга байсан мөртлөө одоо тэр жолооч ах нарын машиныг унаж давхиж, бас мөргөлдүүлж л байлаа. Тэр үед/инээв/

Сайнбилэг -

Дарханд цэрэг командалж байхад барилгын цэргүүд үү?

Жанчив -

Үгүй би нөгөө бага даргын сургууль төгсөөд арми чинь ердөө тэр чигээрээ л бүтээн байгуулалтанд хөдөлсийм ш дээ. Тэгээд нөгөө бага даргын сургууль төгссөн улс чинь цэрэг командлаад шууд тэр барилгын юу руу орж байгаа юм чинь. Тэгээд л одоо нисэхийн өргөтгөл Засгийн Газрын 2-р өргөтгөл хоёрыг дуусгаад 7 сарын 11-ний өмнө хүлээлгэж өгчихөөд, наадам одоо наадчихаад, тэгээд 8 сард Дархан явж байсийм. Тэгээд Дарханд одоо 6 батальон очиж хурандаа Цоохор Бямбаа гэдэг хүн ахалж гарнизоныг, одоо Дарханы 6 батальон чин Дарханыг барьж байгуулах ажилд очиж шавыг нь тавилцаж байсан юм даа. Дарханыг барих оросууд ирэх юм гэнэ, оросуудын байрыг барих гэж одоо хуучин дарханд нэг хэдэн барак барилга гэж модон барилгууд бий хуучин Дарханд. Тэр барак барилгуудыг эхэлж цэрэг очиж барьж, тэгээд оросуудыг өвөл нь хүлээж авч байсийм. Оросууд ирж байсийм.

Сайнбилэг -

Та дараа нь юу хийв?

Жанчив -

Би шинэ Дарханд би 1-р байрны хундааманд Майдар сайд, Цэдэнбал дарга очиж хуулиатай торго, авдартай ногон цай хоёр хийж хундааманд булалцаж байхад би хажууд нь цэргээрээ шаврыг нь зөөлгөөд зогсч байсан. Тэгж одоо бүтээн байгуулалтыг нь эхэлж л байсийм.

Сайнбилэг -

Та ер нь тэрний дараа ямар ажил хйиж байсан бэ?

Жанчив -

Өө тэрний дараа чнь би армиас халагдаад л одоо дараагаар нь би чинь тэр үеийн амбсын үеийн нягтлан бодох мэргэжилтэй юм чинь тэгээд хөдөө ирээд намайг ирэхээр ерөөсөө цэргээс ирсэн улсууд тэр үед боловсролтой улс их цөөхөн байсан, тийм Баянхонгортоо ирж байсан намайг Баацагаан суманд Эвлэлийн үүрийн даргаар ажилла гээд, Эвлэлийн үүрийн даргын ажил аваад нэг 2 сар болж байсан чинь хөдөө аж ахуйн удирдах газар /ХААУГ/гэж байсийм. Тэгсэн ХААУГ-аас яаж ч дуулсийм, дуулчихсан юм. энэ мэргэжлийн хүни йг мэргэжлийн ажлыг нь хийлгэ тэгээд эвлэлийн ажил хийлгэхгүй гэж хороотой яриад, намайг шууд дуудаж ирээд Баянөндөр суманд нэгдлийн нягтлан бодогчоор тэгээд “Хөгжлийн зам” нэгдлийн нягтлан бодох байж байгаад Баянөндөр суманд, тэгээд тэнд нэг хэдэн жил болоод, би чинь тэнд гал голомтоо асаасан юм даа, талийгаачтайгаа тэнд ханилж, айл өрх болж 64 онд.

Сайнбилэг -

Тэнд хичнээн жил ажиллав?

Жанчив -

Аа нэг 7,8 жил ажилласан. Үндсэндээ би нэг нягтлан бодохын ажлыг арав гаран жил хийсийм. Арав гаран жил хийгээд тэгээд дараагаар нь би чинь хөдөө аж ахуйн дээд сургууль/ХААДС/-д нөгөө мэргэжлээрээ суралцахаар дээд мэргжлийн нягтлан бодох гэж ХААДС-д очоод тэрнийгээ сургуульд нь ч очоо ч үгүй, наанаас нь хаяад, тээврийн техникумд жолооч болох гэж ороод, тэгээд жолооч механикийн ангид 67 онд тэгээд 67 онд тээрийн техникумд 1 жил дүүргээд механик жолоочоор төгсч байсийм би. Тэгэхэд тэр чинь төмөр замын харьяа байсийм. Тэгээд тээврийн жолооч болоод ирээд л тэгээд л одоо ХАА-н нэгдэлд нэг жил гарухан 2 жил механик жолоочийн ажил хийгээд л тэгээд л алсын тээврийн замд явмаар санагдаад тэгээд л манай авгай Дарханы техникумд суралцахаар явсан, тэгээд л би чинь авгайгаа дагаад л Дарханы 26-р баазад тээдрийн жолоочоор очсийм. Тэгээд л би чинь тэндээс тээвэрт яваад л авгай чинь суралцаад л, тэгээд тэнд 7 жил гаран амьдарсан даа бид хоёр тэнд. Авгай 4 жил суралцаж төгсчихөөд политехникумыг тэгээд би Дарханы 26-д 7 жил тээврээ хийгээд тэгээд би сүүлдээ ургамлын аллергитэй болоод мэргэжлээ солихгүй бол ажлаа солихгүй бол болохгүй гэж зөвлөгөө гараад тэгээд би ажлаа сольж нааш Баянхонгортоо шилжиж ирж, манай хөгшин энд ирж нийтийн аж ахуйд мастер хийгээд, би 18-р баазад жолооч хийж тэгээд тээврийн байгууллагад нийт 27,8 жил тээвэрт ажиллалаа.

Сайнбилэг -

Хэдэн онд тэтгэвэртээ гарсан бэ, тээврийн байгууллага чинь?

Жанчив -

Одоо нягтлан бодохын ажил би 12 жил хийгээд, тээврийн байгууллагад 26 жил тээвэр хийгээд тэгээд 90 он болоод л би 90 онд байгууллагад баазад байхдаа хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригадын ахлагч байсан юм. нөгөө “Саятан бригад” гэж байлаа ш дээ, сүүлд нь тэр саятан бригад нь өөрчлөгдөөд, “хөдөлмөр зохион байгуулалт урамшууллын бригад” болоод одоо 86 оноос эхэлдэг байхаа тэгээд энэ бригад урамшууллын системээр цалинждаг, тийм бригад. Шинэ үеийн одоо орчин үеийн л тийм эдийн засгийн тооцоотой тийм бригад болсийм. Тэгээд тийм тооцоон дээр бригадаа би чинь 90 онд улсын хэмжээнд 90 онд улсын хэмжээнд байранд орж манай бригад. Улсын хэмжээний бүх тээврийн баазуудаас бас нэлээн өндөр үнэлгээ авч, би бригадаа нэлээн өндөр байр эзлүүлээд тэгээд бригадын дарга нь шагнагдаж 4 орноор жуулчлах эрхээр шагнагдаж, 90 онд би Орос, Чех, Герман, Польш 4 орноор явж ирээд тэгээд 90 оны 3 сард би тэр үед чинь өөрчлөлт шинэчлэлт гээч юм баруун оронд ид болж 2 Герман Берлингийн ханыг нурааж Берлин дундуур ханаа нурааж, 2 талаасаа жинхэнэ орж, одоо бие биентэйгээ улзаж, 40 жил энэ хэрэмний ард байж ингэж уйлж унжиж хачин юм болж байсан үе л дээ. Тэгээд энэ зах зээлийн нийгэм гэж ийм юм болох юм байна гэдгийг мэдэрч тэр барууны орнуудаас авч ирж байсийм. Тэгж ирээд л би чинь 90 оноос эхлээд л хувийн хувь руу ерөөсөө бригад юугаа бааз маазаа юмаа орхиод л хувийн юманд шилжсэн.Тэгээд л би чинь сэхээрч эхэлсэн дээ.

Сайнбилэг -

Та чинь 90 оны юунд ажиллаж байсан юм байна ш дээ, яг тэтгэвэртээ гарч байсан үе байна ш дээ, тээ?

Жанчив -

Гараагүй. Тэгж явж ирчихээд л баазаас гараад л одоо тэр үедп чинь яг 50 настай тэгээд л би хувийн хэвшил байгуулаад л 90 оноос эхлээд л

Сайнбилэг -

Та ер нь ардчиллыг юу гэж бодож байсан бэ?ер нь яана гэж бодож байсан?

Жанчив -

Үгүй ээ одоо ардчилал бол үнэхээр л чөлөөт нийгэм л дээ. Арга байхгүй одоо чөлөөт нийгэм, нийгмийн юунд одоо байх ёстой, энэнийг чинь би бүүр эрт дээр үеэс байх ёстой байсныг нь коммунист дэглэмийг одоо залгамжлагчид маань жаахан буруу замаар явуулчихсан байхгүй юу. Тэр л одоо эрт дээр үеэс манай сайд ноёдуудаас одоо энэ зах зээлийн нийгэм рүү оруулах гэж зүтгэж байсан энийг бодож боловсруулж байсан, өч төчнөөн улсууд байсан юм шиг билээ л дээ. Энэ түүх ммүхэнд яригдаж байх нь. Тэр үеэс л би чинь энэ чөлөөт нийгэм, хүн одоо хийж чаддаг юмаа хийж чаддаг тэр хэмжээндээ одоо чөлөөтэй амьдарч чаддаг, хийж чаддаг сурч чаддаг, бүх юм одоо хүн ямар л авьяастай байна тэрнийгээ чөлөөтэй гаргаж чаддаг, тийм л нийгэм байх ёстой гэдгийг би боддог байсийм. Тийм ч учраас ..,

Сайнбилэг -

Тэр үед боддог байсан уу?

Жанчив -

Тэр үед боддог байсийм. Тэр үед тээврин байгууллагад байхдаа улс аймгийн олон удаагийн аварга хийж нэр төртэй нэлээн сайн ажиллаж байсан, би олон медалиудаар шагнагдсан, тэр хэмжээндээ зарим үед нь намайг хувьсгалт намд намын гишүүнээр элсээгүй гээд л хасч л байсан. Би аваргаас хасуулж л байсан, одонгоос хасуулж л байсан. Үгүй ээ тэр нь хамаагүй зарим үед би намтай намгүй би ажил хөдөлмөрөө хийж болохгүй юу гэж би хүртэл хэлчихээд намаас авахуулж л байсийм. Намаас юу байхав дээ, нам намайг ерөөсөө намыг ойлгохгүй байгаа хүн байна, наад хүнээ намд оруулж болохгүй гээд, тэгж л байсан. Тэгэхэд нь баярлаад л гарч л байсан. Ашгүй нэг 2,3 жил чих амар байх юм байна гээд л, бодоод баярлаад гарч л байсан.

Сайнбилэг -

Тэгээд тэр үед шүүмжлүүлж арга хэмжээ авч байв уу?

Жанчив -

Үгүй ээ одоо тэр чинь яахав мораль-н арга хэмжээ авдаг байсан байхгүй юу. Одоо жишээлбэл, би ажлаа сайн хийгээд энэ оны аймгийн аварга болно ч гэх юм уу, улсын аварга болно гээд л болзол хангаад л тэр чинь болзолтой хамгийн дээд тн/км ажил хийсэн хүн улсын аварга болно, аймгийн аварга болно, хөдөлмөрийн аварга ш дээ. Тэгэхэд л одоо тэрнээс хасдаг байсан байхгүй юу. Энэ одоо Хувьсгалт намыг ойшоож үзээгүй, энэ намын гишүүн бус нөхөр байгаа юм, энэнийг хас гээд л.

Сайнбилэг -

Энэ намын гишүүн бус хүнийг аливаа юмнаас ..,?

Жанчив -

Өө ингэх нь зүйтэй гээд л. Тэр үед чинь хууль ёсоор л хасагддаг. Ийм л байсан байхгүй юу. Би ардчиллын үед бол одоо хөдөлмөрийн баатар нь ч юу юм, зүгээр ямар ч байсан одоо бүхх л өгдөг том одонгуудыг цөмийг нь авчихсан л байсан. Тэгээд л авч чадаагүй байгаад л энэ ардчиллын үед зах зээлийн үед л авлаа ш дээ. Хуучин одоо социалист нийгмийн авч чадаагүй байсан юмаа.

Сайнбилэг -

Та энэ төрөөс ямар ямар шагнал авч байсан бэ?

Жанчив -

Заа яахвээ, би ер нь бас дөрвөн “5 жилийн гавшгайч”-ыг би одоо тэмдэг үнэмлэхтэй нь авсан. Аа 4 ойн медалийг би улс хувьсгалын ойн медалиудыг би 50,60,70,80 жилийг авсан. Ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалийг авсан. аа “Алтан гадас” одон авсан, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” авсан.”хөдөлмөрийн хүндэт медаль” авсан. Би “баатар” , “гавьяат”-аас урд талынхыг бол бүгдийг нь авсан. Энэ жил “Монгол улсын гавьяат тээвэрчин “-нд тодорхойлоод намайг 2 дахь удаагаа тодорхойлсон, бас л тодорхойлоод явуулсан, тэгээд өгөөгүй л байналээ. Тэгээд чухам одоо амьд байхад өгөх юм уу, өгөхгүй юм уу мэдэхгүй. Би сүүлийн үед энэ 83 оноос хойш бол би 86 оныг дуустал гэртээ цөөхөн хоносон байдгийм шүү. Миний нэг энэ жил гэхэд би тэр архиваас миний тодорхойлолтыг яах гэж улсууд сонирхож л байналээ. 1 жилд 48 хоног гэртээ хоносон байгаам. Хамгийн цөөхөн хоносон нь. 360 хоногийн. 48 хоногийг нь л гэртээ хоносон. Нэг жил 57 хоног гэртээ хоносон байгаам. Нэг жил 72 хоног гэртээ хоносон байгаам. Ингээд 3 жил дараалан 100 дотор 3-хан хоносон байгаам. Бусдыг нь одоо гадуур замд л одоо тэгээд л би чинь одоо 10 хүүхэд гаргаж миний хань сайхан хань тээж төрүүлж өсгөсөн тэгээд миний ар гэрийн сайхан ивээл дор л би тэгж амжилттай ажиллаж ямар ч байсан 10 хүүхдээ ямар ч нийгмийн үед өлсгөчихгүй хүний гар харуулчихгүй явах юмсан гэж бодож зүтгэж тэр үед л одоо хичээж явсан. Ярих сэдэвтэй минь ойртож байна уу, хадуураад яваад байна уу. /инээв/

Сайнбилэг -

Болж байна маш аятайхан ярилцлага болж байна. Ингээд та ер нь ардчиллын үр нөлөөг юу гэж боддог вэ?

Жанчив -

Ардчиллын үр нөлөө бол энэ нийгмийн аргагүй л байх ёстой шаардлагтай ийм л эрх чөлөөтэй, нийгэм ардчилал гэж л ойлгож явдаг. Ардчиллын үр нөлөө юуны хувьд бол хүн ямар ч чадалтай боловсролтой эрдэмтэй мэдлэгтэй мэргэжилтэй, хүн байсан тэр өөрийнхөө бодсон санасан бүх юмыг чөлөөтэй сурдаг боловсордог, мэддэг мэдсэнээ хийдэг, чаддаг ийм л байх ёстой гэж ажлын мөнг чанар бол ийм л байх ёстой.

Сайнбилэг -

Энэ хувьчлалыг анх яаж зарласан бэ?та анх яаж мэдсэн бэ, хувьлалыг?

Жанчив -

Аа хувьчлалыг яахав дээ, ер нь одоо малыг малчдад, эд хөрөнгийг эзэнд нь гээд л одоо хэлсэн л дээ. Тэгэхдээ би малыг бол яахав, малчдад эздэд өгөх нь буруу биш, одоо зөв байсаан гэж боддог. Эд хөрөнгийн хувьд бол жаахан тиймхэн манай хүмсүүд маань урьдчилсан бэлтгэл байгаагүй, нөгөө толгой дахь юмнууд маань арай дутуу. Ухамсарлаж чадаагүй байсан учраас жаахан буруу юутай зарим юмнууд нь хийгдсэн гэж ингэж боддог л юм би. Гэхдээ л ер нь ноён нуруу нь маш зөв хийгдсэн. Хийх л ёстой юмыг хийсэн, гэхдээ яахав ганц нэг алдаатай болсон алдаатай оноотой хийгдсэн юмнууд бол байгаа л даа.

Сайнбилэг -

Ер нь танай ажлын газар хувьчлал яаж явагдсан бэ?Та тээврийн байгууллагаасаа хувьчлалд оролцсон уу?

Жанчив -

Оролцоогүй. Би тээврийн байгууллагаас хувьчлал гэж ярихаас өмнө 90 онд ерөөсөө 2 сард яваад 3 сард ирсийм. 45 хоног яваад барууны 4 орноор, ирээд л ерөөсөө надад яамнаас одоо гададад тэргүүний бригадын дарга гадаадад яваад ирлээ гэж яам над шагнал болгож байгаа ч юм уу, нэг шинэ тэрэг хуваарилж өгсийм. Шинэ тэрэг өгье гээд ингээд таньдаг хүн мүн ч байсан тэгээд ч тэгсэн үү яасан юм мэдэхгүй. Тэгээд л би тэр шинэ тэргийг унаагүй шууд өгчихөөд л, шууд баазаас гарч байсийм. Хэрвээ тэр шинэ тэргийг унавал би энд би бас л нэг 2,3 жил бас л нухлуулах байх, энэ социалист нийгэмд нухлуулах байх, ингэж жил алдаад яахав гээд л би чинь шууд энэ чөлөөт нийгэм гээч юманд л жаахан амьдарч үзье, хийж үзье өөрийнхөө бодсон санасанг хийж үзье гэж одоо тэгээд л гараад л одоогийн энэ геологийн хажуу талд нэг ганц вагончик геологоос худалдаж аваад л тэр вагончикдоо үйлдвэрлэл явуулаад л эхэлсэн.

Сайнбилэг -

Юуны үйлдвэрлэл явуулсан?

Жанчив -

Өө би тэнд чинь жижигхэн хөөрхөн хивсэн цех, оёдлын цех хоёр явуулаад тэгээд л одоо гэр ахуйн бүх юм хийдэг, миний оёсон хивс энэ одоо өөрөө сууж байна. Миний анхны хивс энэний доод талынх нь одоо энэний сандлын хивс байна, дутуу нэхчихсэн, иймэрхүү юм хийгээд л эхэлсэн тэгээд ийм юмнууд хийгээд би чинь хивсэн цех юутай байж байгаад сүүлд нь арван хэдэн хүнтэй бүр иж бүрэн одоо бараг жижигхэн үйлдвэрлэлийн юутай цехтэй байсан, Баянхонгорын бүх гэр ахуйн юм хийдэг. Хөнжил гудас, одоо тэгээд л ор дэрний цагаан даавуу тэр л хүн л юу л хэрэглэдэг байна уу, ахуйн. Зөөлөн оёдлын бүх юмыг мужаантай бас. Модон материалыг одоо энэ л одоо миний тэр анхны мужааны хийсэн сервант энэ байж л байна. Одоо манайд тавиатай манай мужаан хийсэн. Энэ мэтийг хийгээд л эхэлсэн, тэгээд л тэрнийгээ өргөжүүлээд би чинь хоршоо байгуулаад “5 ЭРДЭНЭ” гэдэг компанид хоршоо байгуулаад, ингээд ажиллаад явж байсан чинь сүүлд нь нөгөө нэрийн олон давхардалт гарчихаад улсын хэмжээнд тэгээд нэрийн өөрчлөлт гарсан чинь одоо энэ улсын их хурлын гишүүн асан. Бадамдамдин гэж нөхөр бий. Рагчаагийн Бадамдамдин гэж. Гавьяат Рагчаа гэж бид нар их найзууд байсийм. Тэр Бадамдамдингийн бас 5 эрдэнэ гэж хоршоо байгуулчихаад тэр нэр нь давхцчихаад, тэгээд би нэрээ солье гэсэн чинь ....Жааяа ахаа та өөрчилчих тэгэх үү, би энүүнтэйгээ баймаар байна гээд гуйгаад бид хоёртой утсаар ярьчихаад тэгээд би одоо ардчиллын хүн учраас бие биендээ арай элэгтэй л дээ. Тэгээд би “Таван Алтай” болгож “таван алтай” компани гэж байгаад тэгээд би тэрнийгээ байлгасаар байгаад сая 2003 онд хүнд шилжүүлж өгсөн дөө. Баянхонгорын захыг би байгуулж энд одоогийн байдлаар нэг 480-аад хүн ажлын байртай байна ш дээ. Одоо миний байгуулсан зах.яг одоо миний байгуулж ажиллуулж байсан тэр юунд. Анхны л бүх юмыг нь хийсэн би. 92 онд бүх юм хувьчлагдаад ингээд яахад, энэ үйлчилгээний байрны юунд одоо манай хөгшин тэрнийг хариуцсан мастер байсийм. Оёдлын цехийн мастер байгаад. Тэгээд бүх улсууд хувьчлагдаад гарахад нь нөгөө хэдэн хүүхнүүд нь хэдэн машинаа үүрээд гарсан байр нь үлдсэн, тэгээд тэр байшинг нь би чинь бас хоршоо байгуулчихсан арай эдийн засгийн хувьд өөр болчихсон байсан үе тэгээд хэдэн төгрөгийг нь тарааж өгчихөөд, аа 260000 төгрөгөөр авдаг билүү дээ, тэр 2 давхар том байшинг чинь тэр чигт нь хашаатай юутай нь худалдаж авч улсуудад нь мөнгийг нь тарааж өгч авч байсийм би. Би хувьчлалаар янз бүрийн юмаар юм авч үзээгүй, дандаа өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хийсэн юмаараа л юм авч үзсэн, юм хийж үзсэн.

Сайнбилэг -

За та нэг ийм юм дутуу ярьчихсан гэж бодож байгаа юм байна уу?Би нэг ийм юмыг ярьчихвал зүгээр байсан гэж?

Жанчив -

Үгүй ээ одоо яахав дээ, би чинь өөрийнхөө энэ амьдралын түүхийн хугацаанд одоо 70 гаран жилээс нэг үндсэндээ 55,6 жилийг нь идэвхтэй ажилласан байх гэж боддогийм. Энэнээс би 50-иад жилийг нь ханьтайгаа хамт ажилласан юм, 10 үр хүүхэд төрүүлсэн, миний хань бол агуу хүн байсан. Одоо монгол улсын “элбэрэлт ээж” “монголын аж үйлдвэрийн тэргүүний ажилтан”, ажилчин ийм хүн байсийм. Одоо тэгээд яахав энэ ханийнхаа хүчинд бид 2 бол бас нийгэмд нэлээн юм хийсэн байхаа гэж ойлгодог, хамгийн наад зах нь захыг байгуулахад бид хамтаараа байгуулж, хамтаараа хийж тэр 500-аад 600 гаран хүний ажлын байрыг бид хоёр л хамтын хүчээр барьж байгуулсан босгосон. Тэгээд тийм учраас энд бас би ханиа энэ сайхан хүнээ бас дурсахгүй яахгүй байж болохгүй байхаа. Адилхан л бид хоёр тэр хуучин нийгмийн үед хөл нүцгэн гүйж хөлөө эвэртүүлж, одоо ямааны адсаг бороондоо нөмөрч, ингэж л гүйж явсан улсууд. Хамт одоо өнөөдөр амьд сэрүүн байж байсан бол хамт л ингээд л ярих байсан байх гэж ингэж бодож байна. Ийм учраас ханийнхаа тухай ярихгүй дурсахгүй байх арга байхгүй ээ.тийм.

Сайнбилэг -

Заа маш сайхан сонирхолтой сайхан яилцлага гсөн танд их баярлалаа.

Жанчив -

Заа баярлалаа, би ч их баярлалаа. Та бүхэнд ажлын их өндөр амжилтыг хүсье.энэ их зорьж бүтээж байгаа энэ их ажлууд чинь санасан ёсоороо сэтгэлчлэн бүтэх байхаа гэж ингэж ерөөе дөө.

Сайнбилэг -

Заа баярлалаа.

Жанчив -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.