Onomtseren


Basic information
Interviewee ID: 990510
Name: Onomtseren
Parent's name: Chimeddoo
Ovog: Ööld
Sex: m
Year of Birth: 1934
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Ovoo sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
repressions
education / cultural production
foreign relations
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

5 year plan
mining
technical knowledge
Russians
belief
repression
childhood
schoolchildren's life
cultural campaigns
work - labor


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Сайнбилэг -

Заа, сайн байна уу, та?

Ономцэрэн -

Сайн, сайн байна уу?

Сайнбилэг -

Та өөрийгөө товч танилцуулахгүй юу, бидэнд?

Ономцэрэн -

Аа тэгье. Би анх 1934 онд төрсөн. Бага сургуульд 3-р анги хүртлээ бага сургуульд байсан. Тэрнээс өөр сургууль мургуульд яваагүй. Тэгээд бага сургуулиас яагаад гарчихсан бэ гэхээр эцэг маань нас бараад, эхтэйгээ, хэдэн дүү нартайгаа хоцорсон юм байгаам. 50 онд анхдугаар 5 жил гэж гарч байсан даа. Тэрийг өөрөө зүгээр мэдэхгүй л байх зүгээр. Анхдугаар 5 жил гэдэг бол амьтныг жаахан ядууруулсан л 5 жил болсон. Анхдугаар 5 жил гэдэг чинь анхны жил тоолсон малаар нь бүх ноогдол өгдөг байсан. Тэр нь бол манай эцгийг тоолсон мал бол сүүлдээ бараг тоо хүрэхээ байгаад тэгээд нөгөө мал мах анхны тоолсон тоогоор л авдаг байсан. Анхан 50 онд л хэдэн мал тоолсон тэргээр л авдаг байсан. Ноогдол нь мах шөл, ноос ноолуур татвар тэргээр авдаг байсан. Тэгээд тэрэн дээр би нэлээн ядарсан. Би бага шиг байсан. Ядарсан, морио ч зарж л байсан. Маханд өгөх гэж. Тиймэрхүүгээс л эхэлсэн юм даа, би тэгээд амьдралаа. Тэгээд би сүүлд нь 1953 онд өөрийн саналаар Цэнхэрмандалын уурхайд очиж ажилласан. Тийм. Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд., вольфромын үйлдвэрт. Тэнд очиж ажиллаад, тэнд ч бага шиг явсан, 17-той явсан уу, 16-тай явсан уу. Тэгээд бас гэр орноо санаад л тэнд чинь бас дандаа хоригдлууд байсан, орос хоригдлууд. Оросын хоригдлууд байсан. Тэгээд тэд нараас айж эмээгээд би чинь нөгөө 2 худгийн хооронд 2 худгийг л масло тосыг нь нэмдэг асаадаг тийм л хүн байлаа. Тэгээд тэрнээс чинь хоригдлууд байдаг гэхээр тэднээс чинь айгаад л, унтаж ч чаддаг ч үгүй, амардаг ч үгүй, тэгээд л тэрэнд нь явдаг. Гол нь тэрнээс болж л надад одоо үнэндээ манай тэр худаг усны тэр механик нь өө сайн гээд л, “хорошо”/сайн/ гээд л хуруугаа гозойлгодог, унтаж барьдаггүй болохоор. Тэгэхнээ манай худаг усны улсууд унтдаг л байсан юм билээ л дээ. Би унтдаггүй сайн нэртэй болоод л, тэгж байгаад намар нь болсон, намар нь болоод ус хаагдахаар ажил зогсчихдог, уурхай зогсчихдог, тэгэхээр өөр ажил мажил хийлгэдэг байсийм. Тэгээд яахыг ч мэдэхгүй тэндээ би үлдэж байгаам. Худгуудын труба мурбаг сугалаад л, тэндээ ажил хийгээд л байж байсан чинь өө траншейны нүх ухна гээд, тэрийг нь бас мэдэх ч үгүй, юу байдгийг нь ч мэдэхгүй тэгэхнээ уурын зуухны халаалтын нүх ухдаг юм байнаа, хоёр хоёр метр газар бүхий, тэрийг ухаад би чинь бас бага шиг байхдаа ажилд ч гайгүй байж, өө дор нь ухаж хаячихаад, амьтан хүнийхээс ухалцаад, ингээд 30-аад хүн тиймэрхүү ажил хийгээд байсан юм. Тэр яаж байгаа юм бол доо гэсэн бодолтой сүүлдээ хаашаа хөөгддөг юм бол доо гэсэн бодолтой гэрээ санаад бараг нутаг буцчихмаар ч санагддагийм. Тэгсэн чинь нэг боловсон хүчин нь Лхасүрэн гэж хүн байсийм. Тэр хүн нэг бичиг өглөө, дөрвөлжин бичиг, заа эмнэлэгт үзүүлээд ир гэж байна, энэ наадах чинь бүгдийг нь зуруулах юм, нээх олон дугаартай бичиг л өглөө наадах чинь дандаа эмч нарын юу байгаа шүү, бүгдийг нь бөглүүлж ирэх юм шүү л гэж байна. Дандаа орос эмч нар, мэдэхгүй ээ нөгөөдхийг нь орос хэлээ мэдэхгүй, явж байгаад л нэг юманд үзүүлдэг, явж байгаад л нэг юманд үзүүлдэг, үзүүлсээр байгаад л дуусчихлаа. Дуусаад гарын үсэг зуруулаад авсан чинь зуруулчихаад аваад ирээрэй гэсийм л даа, манай боловсон хүчин, тэгээд л аваад ирсэн чинь ....өө сайн байна л гэж байна. Гараад байж бай л гэж байна. Тэгээд л гараад ажил хийгээд л байж байлаа, маргааш нь болсон чинь л нэг бүрхүүлтэй 150 машин байна. ...Заа энүүнд суу та нар, 30-аад хүнийг чинь, ажил хийж байсан 30-аад хүнийг чинь бүгдээрээ үзүүлж байгаа юм байхгүй юу, 30-аад хүн байсан, бүгдээрээ эмнэлэгт үзүүлээд ирж байгаам. Тэгээд л маргааш нь нэг бүрхүүлтэй 150 машины гүүзүүн дээр суулгаад л пүүгээтэй юу гэсэн ...зүгээрээ, хүргэж ирээд байх юм гэж байна, яадаг юм бол доо гэсэн юм бодогдоод л, би ч бага байсан, 30-аад хүний хамгийн бага нь. Тэгээд л байж байгаад л өө тэгснээ нэг орос бүдүүн авгай байнаа, энэ орос бүдүүн авгай, энэ захирлын мэдэлд ажилла гэж байх юм, захирал гэж байх юм, нөгөөдхөө. Тэгэхлээр нь сургууль гээд л бодогдоод явчихлаа, тэр үед чинь захирал гэж байдаггүй байлаа ш дээ, дарга л гэж байхаас. Тэгээд захирал гэхээр нь сургууль юм байх даа, гэсэн юм бодогдоод л. Өө тэгсэн эндээс 7,8 км яваад л хоригдлуудын том торон хашаа 3 давхар торон хашаа байсийм, тэрэн дотор ороод л баахан земляканд давхар давхар нааран ор буулгадаг юм байнаа, буулгаад л нөгөөдхийг чинь буулгаад л, надыг чинь нөгөө арай л бага болохоор банзыг зөөж гадаа хураадаг, нөгөөдүүл нь буулгадаг, тиймэрхүү л юм хийлгээд л, тэгээд л хийгээд л дуусчихлаа. Сар ч болсонгүй, 14-хөн хоноод л. 3,4 тийм юм цэвэрлээд л буулгаад хаячихлаа. Тэгээд л дотор нь цэвэрлээд л янзлаад л, тэгээд яахыг ч мэдэхгүй л байгаад л байсан. Тэгээд нэг 2,3 өдөр, ажилгүй шахуу тэндээ байж л байгаам хүргэж өгчихөөд л. Нөгөө бүхээгтэй тэрэг хүргэчихээд л байж л байдгийм. Нэг өдөр хүргэж өгчихөөд л буцаад явчихлаа. Яваад өгдийм. Тэгээд л орой явган алхах юм боллоо гээд л улсууд тэгж байх юм. би ч мэдэхгүй. Явган алхдаг юм бол уу гэсэн юм бодогдоод л, явган алхлаа гэхэд 6,7 км гайгүй л юм даа, гэсэн юм бодогдож л байлаа. Тэгээд л байж байсан чинь дахиад нөгөө тэрэг чинь хүрээд ирлээ. Баахан улсууд буулгаад л байна, бас л 30 гаруй хүн буулгаж байгаа болтой. Тэгэхнээ л шалгалт авах гэж байгаам гээд л тэгж байхийм. Шалгалт авна гэхээрээ яадаг юм бол доо, заа бид нар бас шалгалт өгдөг юм бол уу гэсэн юм бодогдоод л, тэгсэн чинь л шалгалт авч байгаа гээд л түрүүчийн ирсэн 30-н чинь шалгалт авч байгаа гээд л тэгээд байх юм, бид хэд гадаа л байгаад байлаа. Нөгөө түрүүчийн гучин хэд гадаа л байгаад байлаа. Тэгсэн чинь л ...ор хурал хийнэ л гэж байна. Сүүлийн 30-тай түрүүчийн 30-тай жар гаран хүн, хурал хийхээр боллоо. Нэг том өрөөнд л, за юу гэдэг юм болоо гэсэн чинь л хурал хийхээр яах бол доо л гэж бодсон чинь л өө түрүүчийн 30 нь 1-р курст орж байгаа жолоочийн курст орж байгаа, түрүүчийн 30 хүн бол шалгалтгүй орж байгаа, түрүүчийн 30-д нвь бид хэд орчихож байгаам, дараачийн 30 нь шалгалттай орж байгаа болтой юм. Жолооны курст тэгж орж би анх жолооч болох гэж курст орж байлаа. Айж эмээснээс л явж, би чинь 3-р анги төгссөн, юм бичдэг л байсан. Тэгэхэд бол дандаа оросууд, орос багш нартай, орчуулагчтай харин, монгол орчуулагчтай. Тэгээд харин яахав дээ нэг тэгж явсаар байгаад жолооч болж, 53 онд очоод 53 оны 5 сарын хэдэнд очоод, 1 жилийнхээ ой дээр жолооч болчихож байгаамаа. Шалгуулаад жолооч болчихлоо, жолооч болчихсон би, үгүй баярлаад л. Тэрэг барихад ч гайгүй ч юм шиг санагдаад л, тэгж би анх ажлаа тэгж эхэлсэн хүн.

Сайнбилэг -

Та өөрийнхөө нэрийг хэлсэнгүй?

Ономцэрэн -

Ономцэрэн. Чимэддоогийн Ономцэрэн.

Сайнбилэг -

Тэгэхээр Ономцэрэн гуай та хэдэн онд төрсөн гэлээ?

Ономцэрэн -

Би 34 онд төрсөн.

Сайнбилэг -

Хаана төрлөө та?

Ономцэрэн -

Баянхонгорын Баяновоо сумын нутагт. Одоо энүүхэн хойшоо гучин хэдэн км-т бий Баяновоо сум гэж. Тэнд төрсийм, тэрний доохно Ботгоны цагаан гэдэгт төрсөн хүн байгаам би. Тийм, ганцхан миний тийшээ явдаг шалтгаан бол анхдугаар таван жил гэж амьтныг ., зарим нь шорон моронд ч орж байсан. Тэр үед бол өнөө төлөвлөгөө нормоо биелүүлэхгүй учраас шоронд орж байсан ч хүн байсийм. Шоронд орчихсон манай ээжийн ах нь Гоосүрэн гэж хүн байсиймаа шоронд орчихсон, юмаа биелүүлээгүй гээд шоронд орчихсон. Тэгээд л би ерөөсөө шоронд орох нь гэж бодоод л тийшээ явсан чинь яахав тэгээд миний амьдрал зөв тийшээ эргэсэн юмаа. Би тэгээд л нөгөөхөө биелүүлэхгүй бол шоронд л орох юм байна гээд л бодоод л явъя гээд л ээждээ тэгсэн чинь уг нь би санхүүгийн техникумд явъя гээд ээжид хэлсэн чинь явуулаагүй юм. Тэгээд 2 дахь-д нь би явъя гэхээр явуулахгүй байгаад яахав, ..За яв яв миний хүү, тэгээд болох юм уу болуу даа, миний хүү гээд тэгж байна. Болох байхаа болох байх, хүмүүс саналаараа явж байгаа гэсэн болох байх гээд ...Би ажил сайн хийнээ, ээжээ гэсэн юм. Тэгээд ажил сайн хийснийх ч тэгээд яахав дээ, ажилд унтдаггүй байсан, айдаг эмээдэг байсан, тэгээд тэндээ очиж 53 онд жолооч болчихоод 54 онд жолооч болчихоод л тэгээд л тэндээ тэрэг барьж байгаад Цэнхэрмандлынхаа уурхай татан буугдаад, тэгээд 56 онд татан буугдав уу даа, 57 онд энэ нөгөө” Сод-Монгол”-г яасан, ”Сод-Монгол” гэж байсан юм. Тэрний дээд талын “Сод-Монгол”-ын боловсон хүчин дээр яваад ирсэн чинь өө тийм геологи дээр, энэ сайхан геологи сайхаан л гэж байна. Геологи гэж мэдэхгүй тэгээд би юу гэж байгаа үг ч гэж мэдэхгүй, геологи дээр чамд би томилолт бичээд өгье гээд тэгж байна. Хаана байдгийг нь ч мэдэхгүй хотод л байдаг болтой юм. Залуу жолооч хүн геологт орох сайхаан л гэж байна. Тийм л юм байх даа л гэж бодлоо. Тэрүүнд нь орохоор боллоо, бичиг өглөө. Одоо тэр хүн тээврийн удирдах газрын хойхно талд байсиймаа, геологийн бааз байсийм. Тэнд би анх 57 оноос эхлээд геологт ороод 57 оноос чинь 63 он хүртэл геологт байж байгаад л 63 онд геологи чинь 5 хэсэг дээр тасарч байсан юм түрүүнийх нь Төвийн, Дорнодынх, Чойрынх, Хөвсгөлийн, Баянхонгор гэсэн ийм 5 экспедиц болоод, тэгээд Баянхонгорт ирж байсийм. Тэгээд л геологтоо байж байгаад л геологтоо наян энэ чинь юу билээ, наян он хүртэл байж байгаад, 80 онд түрүүн тэр Дэмбэрэлийн ярьж байснаар, манай ерөнхий инженер байсан, би чинь энд ирчихээд 64-тэй ирсийм. “64” машинтай ирчихээд машинтай ирсийм би. Тэгсэн энд ирчихээд шинэ “Цуваа-6” гэж машин ирж байлаа, энд. “Цуваа-6” гэдэг машин чинь одоо “ЗИЛ-157” гэдэг машин байсан. Шинийг авчихаад байж байтал манай тэр хойтонгийн түрүүн тэр Дэмбэрэл ярьж байсан, тэр хойтон гэдэг чинь дадлага хийсэн их сургуулийн дадлага хийгээд практикаар ирсэн франц эр надтай грушигээр явж байсан. Миний груушиг/ачигч/ хийж явсан. Тэгсэн чинь энд ирчихээд одоо чамайг авна, тэрэг өгнө, тэнд очиж ажилла, тэгээд эндээс чинь арван хэдэн хүн авч байсиймаа. Жолооч голцуу. Арван хэдэн хүн энэ геологоос авч байсан. Тэгж тэр Дөнтийн уурхайн тэр Монгол- Болгарын гео компани гэж байгуулагдаад, тэнд тэгж тэнд очиж байсан анх би. Тэгээд л тэндээсээ тэтгэвэртээ гарсан. Миний ажилласан газар бол “Сод-Монгол” геологи тэгээд Монгол-Болгарын ийм 3 газар юм уу даа, нэг харьяаны юмаа, уул нь. Тийм газар ажиллаж байгаад л тэтгэвэртээ гарсан хүн. Тэр анхдугаар таван жил гэж л амьтныг нэлээн эвгүй болгосон, тэр ер нь.

Сайнбилэг -

Таны аав, ээж ер нь малчин хүн байсан уу?

Ономцэрэн -

Малчин хүн. Манай ээж аав бол малчин. Аав бол малд нэлээн сайн хүн байсийм, тэгээд надыг жаахан байхад нас барчихсан. Би хэдэн өнчин дүү нартайгаа хоцорч байсиймаа.

Сайнбилэг -

Таны ээж бас малчин хүн үү?

Ономцэрэн -

Ээж малчин. Ээж надыг жолооч болсноос хойш нас барсан. Жолооч болоод би ирээд явж байхад нас барсан юм байгаам.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн тийм явдал байдаг уу? Гүнээр нөлөөлсөн, урам хугарсан ч байдгиймуу?

Ономцэрэн -

За тийм юм нь гайгүй ээ. Байхгүй юм шиг байгаам. Би урам хугарсан юм бол Дөнтөд очоод нэг жаахан тиймэрхүү юм болж байсан.

Сайнбилэг -

Тэр тухайгаа нэг жаахан тодорхой яриач?

Ономцэрэн -

Дөнтөд очоод би сисчер /цистерн/ тэй байсийм. Шатахууны сисчертэй. Анх би 66-тай байсийм. Хүн нөгөө уулын ажилчид зөөж байсан 66-тай байсийм. Тэгсэн чинь нөгөө хуучин дарга чинь нэг өдөр дуудаад л ...Аа чи тэр тэргээ өг гэж байна. ...Үгүй ээ яахийн гэсэн чинь ....Би мэдэж байнаа гэжийнэ. Заа л гэлээ. Тэргээ өгчихөөд л хүрээд ир гэж байна. Тэргээ өгчихөөд л ирсэн чинь өө чи шатахууны сисчер ав л гэж байна. Баянхонгороос шатахуун ав, сисчер ав л гэж байна. Тэгэхээр нь болгар барьж байсан гайгүй сисчер байсан, тэр сисчерийг авлаа. Тэр сисчер аваад хэдэн жил шатахуун зөөлөө, Баянхонгороос. Өдөртөө л нэг явдийм, бензин, солярк аль алиныг нь зөөдөг байсийм. Тэгж явж байгаад бас дахиад нэг сисчер ирж байгаам. Дахиад нэг сисчер ирсэн чинь Дамдинхүү гэж нэг жолооч байсиймаа, надаас нас ахдуу. Бас энэ байранд байсийм. Тэгээд энэ байрыг над өгсөн юм байгаам. Тэгээд тэр хүн тэр сисчеийг авч байгаам. Тэгээд би өөрийнхөө тэргийг усны тэрэг болгочихож байгаам. Усны тэрэг болгочихоод байж байхад үнэмлэх солигдоно, тэрэг барьж байхад чинь үнэмлэх сольдог ш дээ. Нэг үнэмлэх солих болж байгаамаа. Үнэмлэх солих болохдээр чинь ..Үгүй ээ, би ч шалгалтаа гайгүй л өгчихдөг юм даа, гайгүй өгчихлөө гэж бодсон, гайгүй өгчихлөө гэж бодсон тэгсэн уначихсан л гэж байх юм,тийм. Жолоочид та шалгалтан дээр уначихсан гэж байх юм. Манай граашийн /гараж/ дарга Алагаа гэж хүн байсийм. Тэр хүн хэллээ, би яагаад унадаг юм бол доо, унамааргүй л юм даа, гээд л бодож байлаа. Автын байцаагчийг нь танина, тэгээд л унасан гэж тэргээ өгөхөөр боллоо, тэргээ өгөхөөр боллоо, Тэргээ Чимэд гэдэг хүнд хүлээлгэж өгчихөөд. Ер нь л өөрийнхөө үнэмлэхээ хөөцөлдөхөө бодъё гээд автын байцаагч дээр нь очъё гээд ...Өө тэг, тэг. Автын байцаагч руугаа яв гээд нөгөө граашийн дарга над жаахан уцаарлангуй л байна. Яв чи гээд. Надаас дүү, хамаагүй дүү. Одоо бол нэг 40 гарч л яваа бол уу, тийм хүн байсийм. Тэгсэн чинь тэгж байна. Тэгэхэд автын байцаагч Энх хэн билээ, 2 хүн байсиймаа, 2-лаа очсон байсийм. Тэр хоёр дээр яваад очлоо, ...үгүй ээ таныг би энэ унаагүй гэж бодож байна, шалгалтанд та унаагүй, танай граашийн дарга чинь л унага гэсээр байгаад л унагаж байналээ. Та тэнд очоод ажиллаад хэрэггүй шүү, тэгж байх юм, тэр Алагаа гэдэг хүн. Алагаа гэдэг тэр хүнтэй ажилламааргүй хүн байна шүү, та ер нь тэнд гэм хийсэн юм уу үгүй юу гээд л тэглээ. Аа гэм хийснээ мэдэхгүй л байна. Би бас л нэг хурал дээр шүүмжилчихсэн юмаа, нэг ..., өө хэн билээ дээ нэг нэг жолооч орох гэж байгаа болтой, аа нэг жолооч орох гэж байгаа болтой байнаа, конторт орж байна. Тэгэхэд би бас нэг гарын үсэг зуруулах гээд зогсож байсан, ...Аав таныг ирж хоол ав гэж байналээ шүү гээд л тэр хүн тэгж байна, тэр орох гэж байгаа жолооч. Хоол ав гэж байна, энэ хоолоор л орох гэж байгаа хүн юм байх гэж би ойлгосон байхгүй юу. Зүгээр тэрийг нь ...хоол өгсөн хүнд л энэ дарга сайн хүн шиг байна... гэж би хурал дээр шүүмжилчихсэн юм. Тэгж шүүмжилснээс болж л надыг унагасан юм шиг байналээ л дээ, бодвол. Шүүмжиллээ гээд бас нөгөө юм бодмооргүй л шүүмжилсэн юмаа, бас.тэгсэн чинь тэрэг хурааж авчихаад л, тэгээд нөгөө автын байцаагч байсан чинь ...Та үнэмлэхээ аваа, таны үнэмлэхийг бичиж өгье гээд. Та унаагүй нь унаагүй. Харин тэнд л битгий тэрэг бариарай гэж байх юм. тэгээд би бас тэнд нь бас нэг “69” барьсан, бас нэг хэд хоног, тэгээд сүүлд нь нээрэн ч тийм юм бол уу гэж бодоод тэгээд тэрнээс хойш чинь би удаа ч үгүй би тэтгэвэрт орох болсон. Тэтгэвэртээ орохгүй ажил хийж байж болохоор л байсан. Тэгээд энэ надаас ах байсан Дамдинхүү гэдэг хүн бол надаас 7 ах юм байгаам, тэр тэтгэвэрт орчихоод л ажил хийгээд байгаа юм байхгүй юу. Би ажил хийж байж болох л байсан, тэгээд албаар надыг нэг жаахан тийм Алагаа гэдэг дарга л надыг жаахан дарамталсан. Дарамталсан л юм даа, хүнд ярьсан чинь бас л нэг л хэлмэгдэж байгаагийн л нэг арга даа, гэж байсан юм байгаам. Хэлмэгдэж байгаагийн л нэг арга даа, энэ чинь хө гэж тэгсэн. Шүүмжиллээ гэж тэр дээрээс болж намайг ажлаас тэр автын байцаагч тэгж автын байцаагч ч хэлсээн, хэлсэн зайлуул, тэнд ажиллахын хэрэггүй шүү, ажиллаад таныг өөдтэй тэрэг өгөхгүй, өгөөд ч тэрийг чинь баазын дарга чинь таныг доошоо дараад байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгж байсан юм байгаам, тэгж би тиймэрхүү яасан, тэрнээс өөр газар геологт байхад бол юу халах, явуулахгүй л гэдэг байсан, ер нь. Геологт түрүүн Дэмбэрэлийн ярьж байснаар 3 сард гараад л 11 сард ирдэг. Тиймэрхүү л ажилтай байсийм. Зунжингаа л нэг хөдөө явж байдаг. Тэр геологийн ажлаар л явдаг байсан. Тиймэрхүү л ажилтай байсийм даа.

Сайнбилэг -

Та чинь мянга есөн зуун хэдэн онд төрсөн гэлээ? Та бага сургуульд орохоос өмнөх амьдралаа ярьж өгөхгүй юу?

Ономцэрэн -

өмнөх амьдрал бол би ерөөсөө малчин л байсан. Мал л маллаж байсан. Мал маллаж байсан, тэгээд эцэг маань нас бараад би хэдэн дүү нартайгаа хоцорч байсан. Миний ах нэг хүн бий бас. Тэр нэг их дуугай, томоотой. Бас л авгай хүүхэд аваагүй, одоо байдгийм. 80 гарсан нэг өвгөн бий. Абаа гэж одоо хүн энэ Эрмадий эд нар бол танина, мэднэ. Тэр ах бас дуугай томоотой. Тэр нөгөө амьтантай яриа хөөрөө муутай. Тийм хүн байсан юм. Тэгээд л нөгөө гэр толгойлж байгаа ах дүү хоёр нэг ёсондоо 6 дүү байгаам. Тэд нар чинь цугаараа жижигхэн. Тийм дүү нартайгаа амьдарч байсан. Би яахав дээ малаа маллаж байсан мал яахвээ, гайгүй цөөвтөр малтай. Анхдугаар 5 жилийн тэр юунаас л юу яасан. Эр хонь 2 төлгөөр 3 төлгөөр ч авч байлаа, би нэг хайртай морио 5 төлгөөр ч өгч байлаа. 5 эр хониноос. Хайртай морио 5 эр хониноос өгчихөөд л тэгээд л хилэн дээр аваачиж тавиад л нэг 100-ахад цаас л ирдэг байсан байх. Тиймэрхүү л амьдрал явж байсийм. Тэгээд л тэрнээс болоод л тэр улсууд, ах дүү нар шорон моронд норм төлөвлөгөө биелүүлээгүй шоронд орж байсан. Шоронд орохоос л би бас жаахан зугтаагаад л тийшээ явчихсан чинь яахав дээ, тэгээд л жролооч болоод л нэг амьдрал яахвээ яахав амьдрал .., жолооч болоод гайгүй л амьдарсан. Геологт Хэнтийн тэр Цэнхэрмандлын уурхайд, овоо л ажиллаж байсан.

Сайнбилэг -

Ер нь таны гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Ономцэрэн -

За гэр бүл дотроос бол миний аавын ах нь хэлмэгдэж байсан юм билээ.

Сайнбилэг -

Та тэр тухай дурсамж яриа байдаг бол..,?

Ономцэрэн -

Миний аавын төрсөн ах нь лам хүн байсан юм гэнэлээ. Ерөөсөө л манай аав арван хэдүүлээ юм, арван хэдүүлээ байснаас ерөөсөө 2 эмэгтэй бусад нь эрэгтэй юм гэнэлээ. Тэрнээс тэр хэлмэгдээд явсан ахыг бол бага байсан зөвхөн үзэхээс цаашгүй. Тиймэрхүү л юм бодогддогийм.

Сайнбилэг -

Ямаршуу хүн байсан?

Ономцэрэн -

Аан нэг лам хүн байсиймаа. Одоо энэ Эрдэнэцогтын хүрээнд байсийм. Баянхонгорын одоо энэ Эрдэнэцогт чинь одоо 2 хүрээ байсан ш дээ, энэ Эрдэнэцогтыг одоо.., Чи Эрдэнэцогт орж үзээгүй биз?

Сайнбилэг -

Үгүй?

Ономцэрэн -

Эрдэнэцогтод хуучны нэг дуган бий. Тэр бол орон сууц байсийм гэнэлээ. Цогчин ламын сүм гэж, орон сууц байсийм гэнэлээ. Тэрнээс цаахна Өлзийтийн аманд нэг бас 2, 3 дугантай нэг хүрээ хийд байсан юм гэнэлээ. Тэр бол шавар л байсан, надыг үзэхэд бол шавар л болсон байсан. Нураачихсан. Нөгөө дээр үеийн байсныг нь нураагаад Эрдэнэцогт дээр байсан бас нэг 3,4 дуган байсан гэнэлээ. Бас л нураагаад хаячихсан, туйпууг нь сургуулийн хүүхдүүд үүрч гарсан, зөөсөн, үүрч зөөхөд чинь яахав дээ нөгөө сургууольд юм барихад хүүхдээр юм зөөлгөж байсан ш дээ. Энэ нөгөө ойрхоон, ойрхон. Төв дээрээс нь дээр үеийн нэг сайхан цэнхэр туйпуу байдаг байсиймаа. Одооны туйпуутай адилхан биш. Донн... гэсэн дуутай, тийм нэг хатуу туйпуу, 2,3-аар нь үүрээд л зөөдөг байсийм. Тэгж л сургуулийн байшин майшин, склад мклад барьж байсан. Тиймэрхүү юм байсийм. Тэгж л манай аавын ах ньхэлмэгдсэн юм гэнэлээ. Манай аав харин хүрээнд суугаагүй, ерөөсөө ганц хөдөөнийх нь хар хүн манай аав байсан. Бусад нь бол дандаа хүрээнд сууж байсан. Хамгийн сүүлд нас барсан одоо миний аавын дүү нь одоо Лэгцэг гэж зураг нь тэнд байна. Би бас хамгийн энд талын зургийг аваад ир дээ. Энэ талын жаазтай, тэгээд .., за энэ бол миний аавын төрсөн дүү нь юм байгаам. Ийм лам хүн байсийм. Энэ харин өөрөө тал тийшээ явж л байсийм гэнэлээ,тэр баригдахаас зугтаагаад. Явж барьж байгаад гарсан юм гэнэлээ зайлуул. Би тэгээд сургуульд байхдаа эднийд байсийм. Энэ ахтай байдаг байсийм. Манай энэ ах бол ном сайн мэддэг, ер нь сайн л хүн гэдэг байдаг, олон шавь нартай тийм хүн байсан. Надыг сургуульд байхад бол энэ ах бол тэр үед лаа чүдэнз гэж байсан биш, энэнээс нарийхандуу, ийм цаасан дэн хийчихээд л, бурхнаа бараг далд хийчихсэн бараг. Бурхнаа далд хийчихсэн, зулаа өргөчихсөн, тэгээд л би ...За миний хүү унт унт, тэгээд өглөө хичээлдээ явна гээд л тэгдийм, тэгээд л манай ах юу хийдэг үү гэхээр номоо уншаад л суучихдаг, шөнө номоо уншаад л суучихна, шөнө номоо уншиж байгаад л тэгээд л унтаад л өгчихсөн л байдийм, тэгээд л энэ бол номтой л хүн байсан юм гэнэлээ. Энэ Эрмади энэ тэр бол мэднэ. Цоохор ах гэдийм, бид нар ч гэсэн Цоохор ах л гэдийм. Тэгээд ийм номтой хүн байсийм. Тэгээд л ерөөсөө цугаараа л ийм номтойдуу л улсууд байсийм. Миний төрсөн ах бас эднийг дагаж номтой байсан, Бавуусүрэн гэж нэг хүн байсийм. Бас хүрээнд сууж байсийм гэнэлээ. Нас барчихсаан, одоо байхгүй. За миний ах нараас ч одоо ер нь тэгээд л ер нь аав ээжийн энэ арван хэдэн хүнээс 2 нь эмэгтэй, 2 эмэгтэй нь ч гэсэн бага зэргийн ба ном мэддэг байсан шиг байдийм. Одоо энэ хамгийн сүүлд нь миний дүү Төгсжаргал гэж нэг чавганц байж байгаад нас барсан. Тэр бол бас л ойр зуурын уншлагатай л, тэр ерөөсөө уншлагатай байхаас өөрцгүй, бүгдээрээ номтой байсан болохоор уншлагатай байхаас өөрцгүй. Тийм л байсан юм билээ. Тэгээд миний ах Лхаажанцан гэдэг хүн баригдаж ирээд тэгээд байхгүй болсон юм билээ.

Сайнбилэг -

Хэдэн онд бол, та яг санаж байна уу?

Ономцэрэн -

Мэдэхгүй ээ, 44,45 оны үед л юм бол уу даа, тэгж боддийм шүү. Тэр үед л баригдаад явсан юм гэнэлээ, тэгээд л ирээгүй юм гэнэлээ гэж л ярьдаг. Би нэг муу нэг юм мэддийм, өөрөө жаахан байсан муу л юм мэдэгддэгийм. Анхны нөгөө Майдар гэдгээр би нэг 3 настай байсан юм гэнэлээ. Тэгэхэд л би нэг 3 настай харсиймуу үгүй юу, муухан бодогддогийм. Өөрт л тийм санаа байдийм. 3 настай гэдэг чинь жаахан л юм, юм бараг мэдэхгүй шахуу л юм байгаа шүү дээ. Тэгээд тэр Майдар дээр очиход энэ ах нар очдог байхгүй юу, аав ээж энэ тэртэй. Тэгээд л нэг тиймэрхүү л юм бодогддогийм.

Сайнбилэг -

Тэр хүн ингээд хэлмэгдээд баригдаад явсан юм байна, яг ямар хэрэгт баригдсан юм бол ?

Ономцэрэн -

Аа энэ бас л дээр үеийн лам нарыг чинь ямар хэрэг гэдэг байсан юм б дээ. Лам нарыг ч одоо буруу талын л юм хэлж байсан юм бол уу даа, бурхныг нь устгаад л, тэр үнэтэй юмыг чинь бурхнаа дандаа нуудаг байлаа ш дээ. Одоо манай миний аавын бурхан одоо манай тэр ахынд бий. Одоо тэр ах миний нэг дүү чавганц хоёр нэг дор байдийм, одоо энэ “10000” гэдэгт байдийм, тэр нэг бурхан байдийм, одоо анх бол авдартаан байсан. Авдарт хийчихээд л заримдаа шөнө гаргаж зул өргөнө, заримдаа гаргах ч үгүй зул өргөчихөөд л тэгдэг байсан. Одоо ил бий би тэр бурхан бол. Одоо ил бий манай аавын ашиглаж байсан бурхан бол ил бий, тэд нар дээр байдийм. Тэр бол яахав манай хүүхдүүдэд л амьтан хүн л өгсөн юм гэнэлээ. Тийм юм байгаам. Энэ нэлээн номтой.., ер нь мэдэхгүй ээ, Жигмид гэж гуай ба номтой л гэж ярьдаг байсийм. Энэ Эрдэнэцогт дээр сургуульд байхад голцуу лам нар голцуу айлууд байдаг байсийм. Арай л баригдаад явчихаагүй шахуу л зугтааж барьж байгаад л, жин тээж байсан л гэдийм, жин минд явж байсан, мал хар тууж байсан, тэгж явж байж л гарсан нэг хэдэн лам нар байдаг байсан. Ер нь бол лам нар их байсиймаа. Тэнд чинь лам нар бол их байсийм. Тэгээд тэр лам нар анх 90 онд ардчилал байгуулаад, энд дуган муган Эрдэнэцогтод дуган нээгээд хурал болоход очиход би 48 лам байсан. Дуганы чинь хажуугаар суудаг тийм сандлархуу юм байсийм. Тэгээд тойроод үзсэн чинь тэр лам нарыг бол би Эрдэнэцогтод байсан болохоор би бүгдийг нь танина. Энэ лам нарыг. Одоо бол ганцхан хүн бий. Лувсан гэж ганцхан хүн бий. 48 лам тойроод сууж байхаар нь би бүр тойрооод золгосон юм байхгүй юу. Тойроод бүгдтэй нь золгосон. Зарим нь таньж байгаам, зарим нь хэн б дээ, энэ чинь. Хэний хүүхэд билээ гээд тэгж байгаам. ...Өө нөгөө манай яагаав, энэ Лэгцэг гэдэг, манай Лэгцэгийн дүү ш дээ, гээд л тэгж байгаам. ...Өө нөгөө Лэгцэгтэй байсан хүү шив гээд л. Тэд нар чинь нөгөө цуг байсан болохлоор. Тэд нарыг би сайн мэднэ л дээ. Бие биенээрээ орж гарна тэд нар чинь. Тэгж байсан юм байгаам. Тэгээд тэр дөчин хэдэн лам нараас надыг хэлэхээр л таньж байналээ л дээ зүгээр. Тэр үед намайг Оном л гэдийм, Ономцэрэнг. Ономоо л гэдийм, цэрэнгий нь хэлдгүймаа бараг. Оном л гэж ярьж байдийм. За иймэрхүү л юм байгаам, анхны. .

Сайнбилэг -

Таны мэдэх улсуудаас ер нь хэлмэгдсэн улс бий юу? Хамаатан садан биш гэхдээ нутаг орондоо байсан лам ч юм уу, ямар нэг байдлаар төрийн хар хүн хэлмэгдсэн тийм юм мэдэх үү та?

Ономцэрэн -

Заа тэрийг сайн мэдэхгүй, ер нь мэдэхгүй. Тэрийг бол сайн мэдэхгүй юм. Тэр бол хэлмэгдсэн баригдаад явсан юм гэж ярьдаг л байсан. Мэдэхгүй, нэрийг нь бас мэдэхгүй, олохгүй, хүний нэр мартчих юм. Одоо ингээд өөрийн чинь нэрийг хэлээд л явчих юм бол заа нэр нь хэн гэлээ дээ гээд л сууж байна уу гэхээс 76 хүрч байна, тэгээд нэг.,

Сайнбилэг -

Та шашин шүтдэг үү?

Ономцэрэн -

Аа яахав нэг шашин шүтэх гэж нэг зул мул өргөж л байдийм, заримдаа.

Сайнбилэг -

Буддын шашин шүтдэг үү?

Ономцэрэн -

Аа тийм. Эцгийн шүтэж байсан юм болохоор тэрийг хаячихмааргүй санагддийм. Миний эцэг миний өвөг эцэг, миний эцэг бол Чимэддоо гэж байсан. Тэрний аав нь Цэдэнжав гэж хүн байсан. Тэд нар бол дандаа шүтэж байсан юм болохоор эцгийн шүтэж байсан юмыг бол үхтлээ хаямааргүй санагддийм, тэр улсууд шүтэж л байсан болж л байсан юм. Үгүй ээ нээх үнэн худлыг нь ч мэдэх ч юм биш, гэхдээ яахав нэг муу мааньтай. Маань, мэгзэмтэй л байдийм. Маань мэгзмээ уншдаг л юм, хааяа. Санасан цагтаа уншдаг. Санаагүй цагтаа чимээгүй л явж явдийм. Жолооч болоод явж байхад чинь уншдаг ч үгүй л явж байлаа, залуухан байхад чинь. 17 18-тай жолооч болчихоод тэгээд явж байхад чинь бурхан шашнаа ч мартчихсан л явсан байх, бараг.

Сайнбилэг -

Таны амьдралын туршид Монгол дахь шашин шүтлэг ер нь яаж өөрчлөгдөж ирсэн гэж боддог вэ?

Ономцэрэн -

Заа мэдэхгүй одоо. Өөрчлөгдөхөөр одоо энэ чинь бүр хураагдаад байхгүй болж байна гээд тэгдэг байсан. Гэхдээ гандан байгаад байсан. Ганданд лам нар байгаад байсан. Амьтан очиж мөргөөд байсан. Тэгэхээр ер нь нээх өөрчлөгдөөд .., мэдэхгүй ээ. Тэр үед лам нарыг баривчилдаг нэлээн буруу л юм байсан бол уу гэж бодогддогийм. Ер нь тэгээд тэр лам нар чинь л нэлээн юм мэддэг улсууд байсан байна ш дээ. Бараг олон улсын ч хэлтэй байсан байна тэд нар чинь. Олон улсын хэлтэй юм сайн мэддэг, юм хийхдээ сайн, ер нь тэр лам нар чинь их ажилсаг улсууд байсан байна. Мужаан хийдэг одоо, сүүлд нь надыг тэр лам нар надыг сургуульд байхад одоо төвийн голоор чинь мод урсгаж ирээд л банз зүсээд л банзаараа юм хийгээд л, артель гэж байгуулчихаад л артельд чинь мужаан дандаа л лам нар голдуу ажиллаж байсан. Лам нар байсан улсууд л мужаан хийж байсан. Тэр нь цугаараа ажилсаг л улсууд байсан ер нь.

Сайнбилэг -

Төрд шашин шүтлэг ер нь яаж нөлөөлсөн гэж боддог уу?

Ономцэрэн -

Заа мэдэхгүй ээ, ер нь буруу л юмаа хийчихсэн юм болуу гэж боддогиймаа. Тэр лам нараа устгадаг л нэлээн буруу юм хийчихсэн л гэж бодогддогийм. Тийм. Лам нарыг устгадаг. Тэр лам нар байсан бол ер нь нэлээн олон улсын хэлтэй, дандаа л одоо төвд ном уншиж байсан улсууд чинь тэр төвд ном чинь орчуулгатай байсан байна, дээр үед төвд ном. тэр номыг орчуулаад уншиж байсан хүн чинь нэлээн хэлтэй л улсууд байсан юм шиг байгаам. Би тэгж л ойлгодогийм, бодож явдийм. Одоо энэ тангад ном гэж ярьдаг, одоо энэ тангад номыг чинь лам нар уншаад л байдаг, тэгээд орчуулдаг байсан өөрснөө. Энэ ингэсэн ном байгаамгээд. Энэ өвгөн бол над их ярьж өгч байсан. Орчуулаад энэ ингэсэн гээд, номыг чинь ингэж орчуулахад ийм учиртай юм байгаам гэж л тэгсэн үг байгаам гэж хэлж л байсан. Тэгэхээр нэлээн чадалтай л улс байсан юм байна гэж ойлгодог шүү.

Сайнбилэг -

Оном гуай та одоо бага сургуульд орсон байна ш дээ. Бага сургуульд та 3-р анги төгссөн гэсэн үү ?

Ономцэрэн -

Тийм 3-аас гарчихсан юм. 3-аас аав нас барчихаад хэдэн өнчин дүү нартайгаа болоод тэгээд гарсийм. Тэгээд тэр үед чинь сургуулийг ч бас нээх шаардаад байддаггүй байсан юм уу даа, бас.

Сайнбилэг -

Тэр үед хүмүүс сайн дураараа сургуульд ирж сууж байсан уу, хүчээр шаардаж сургуульд суулгаж байсан юм уу?

Ономцэрэн -

Танайхаас тийм хүүхэд сургуульд яв гэдэг байсан,тэгэхээр дуртай нэг нь явна, дургүй нэг нь хоцордог байсан. Ном суръя гэж бодсон нь яваад, заа яахав номоор яахав гэсэн нь хоцордог тч байсан юм шиг байгаам. Тэр үед чинь бас нээх шаардаад одоонытой адилхан бүх хүн бичиг үсэгтэй болно гээд шаардаад байх юм байхгүй, одоо бичиг үсэг мэдэхгүй чавганц байдаг юм шүү, одоо.

Сайнбилэг -

Та тэр үеийн бага сургууль ямаршуу байсан, ямар хичээлийн хэрэглэлтэй юу үздэг байсан тэр талаар хэлж өгөхгүй юу?

Ономцэрэн -

Тэр чинь 4 аргын тоо боддог байсийм. Тэгээд нэг 35 үсгийг нэг холбож бичдэг, боддог байсан даа ерөөсөө л. Тэр үед бол одооны хүүхдүүдтэй адил бишээ. Тэгэхэд нэг 4 аргын нэмэх, хасах, үржих, хуваах 4 аргын тоо боддог. Заа нэг 35 үсгээ цээжилчихээд яаж бичдэгээ ар өвөрт орох эгшиг мэгшиг тэр бүгдийг л заадаг байсан юм шиг байна. Тэр зааж байсан багш бол 1-р ангид Чулуунбат гэж багш байсан. Тэр багш бол нэлээн настайдуу хүн байсан. Тэр нэлээн ойлгомжтой заадаг байсан. Ойлгомжтой заадаг байсандаа ч би 3-р ангиас гарсандаа над подхийсэн юм зааж өгсөн шиг байгаамаа. Би 1-3 р ангид байхдаа онц сурч байсийм. Онц сурахад бас нэг шагнал өгдөг байсан. Нэг өгөхөөрөө дэвтэр харандаа, дээр үед чинь дэвэтэр харандаа олддоггүй байлаа ш дээ.

Сайнбилэг -

Тэгээд юун дээр бичдэг байсан?

Ономцэрэн -

Тэгээд л бараг дэвтэр байсан, анхан сургуулиас ганцхан дэвтэр өгч байсан, тэгээд гадуураас дэвтэр олдог байсан. Аянд, тэмээнд аянд явдаг улсуудаас нээх дэвтэр авдаг байсан. Манай хамаатангийн Мятав гээд надаас нэлээн ах тийм ах байсан юм, тэр аянд явж ирчихээд над нэг баахан харандаа авчирч өгсөн. Балын харандаа ш дээ, балын харандаа нэг хэдэн дэвтэр авчирч өгсөн. Харин нэг хэдэн харандаа энийг зараадах гэж өгч байсан. Нэг нь 1 цаасаар л зардаг байсан байх. 1 цаасаар өгч л байсан байх. Тэгээд нөгөө харандаа олдохгүй тугалгаар бичдэг байсан. Тугалаг. Тугалаг чинь ерөөсөө энэ цаасан дээр бал гаргадаг шүү дээ. Тийм. тэгээд тиймэрхүү янз бүрийн юмаар л бичиж байсан. Ном үзэхийн тулд. Нөгөө үнсэн самбар байсан дээр үед.

Сайнбилэг -

Аан та тэр тухайгаа та тодорхой ярь даа?

Ономцэрэн -

Тэр үнсэн самбарыг манай энэ ах над өгч байсан. Үнсэн самбар гээд хавтастай бүр ийм зузаан, нимгэн модон самбар л байсийм даа.

Сайнбилэг -

Ийм нэг самбар байх нь тээ?

Ономцэрэн -

Нөгөө нэг иймэрхүү л юмнууд байхгүй юу. Уртаашаа нэг энэ хирээтэй өргөөшөө ч нэг энэ хирээтэй. Тэгээд л энэ дээр чинь биччихээд л арилгачихна. Дахиад л бичсэнээ яаж хаячихаад л бичсэнээ цээжилж барьчихаад л нөгөөдхөө баллачихаад л, тэгээд л өөрсдийнхөө ойлгохгүйг бичдэг тийм л. Тэгж л бичдэг байсийм. Би бол тэр үнсэн самбар дээр бичиж байсан. Үнсэн самбар нь хулсан үзэгтэй. Хулсаар хийсэн жаахан богинохон нэг тийм зөвхөн тэр үнсэн самбараа арччихаар л гардаг. Балраад л үнс нь бүрхээд л гардаг, тийм л байсан. Тийм самбар дээр бичиж байсан, би бас. Тэгээд тэр балын харандаа олддоггүй байхад чинь үгүй ээ одоо 10 ч гэдэг байсан юм уу, мэдэхгүй ээ. Тэр үед надаар хэдэн харандаа заруулж байсиймаа. Аянд явж ирчихээд. Тэгээд бас над нэг овоо хэдэн харандаа өгсөн. Тэргээр харин би нэлээн удаан бичсэн. Номоо хийдэг нэг ийм сугалгаатай. Дээр нь юмаа биччихнэ, над манай ах л нэг тийм юм авчирч өгсийм. Дээр нь нэг хичээлээ хийчихээд л, тэгээд сугалгаандаа харандаа номоо хийчихнэ. Ногоон цүнхтэй, 5 хошуутай даавуун цүнхтэй. Тэр үед чинь цүнх мүнх гэж байдаггүй байлаа ш дээ. Даавуун цүнхтэй үүрчихдэг оосортой, тийм л байлаа ш дээ. Дээр үед чинь одоотой адилхан цүнх мүнх тийм юм олдохгүй, ээж л хийж өгч байсан над. Тэр үед оёдлын машин ч байгаагүй. Гараар оёсон, даалимбаар хийсэн. 5 хошууг нь улаан даавуугаар хийгээд гараар л оёод өгч байсан байх. Манай ээж харин үйлэнд гайгүй тийм хүн байсан. Тэгээд тэр таван хошууг бол гараар л оёод өгч байсан. Надад гоё л санагддаг байсан, тэр үедээ бол гоё л санагдаж байсан. Гоё байсан. Тэгээд л нээх өргөн даавуун оосор хийж өгчихөөд л над тэгж байсийм. Нэг тийм цүнх байсан гэдгийг над одоо санаанаас гардаггүйм.

Сайнбилэг -

Та сургуулийнхаа байдлыг ярина уу? Гэр байсан уу, байшин байсан уу?

Ономцэрэн -

Гэр байсан, байшин хоёр. Байшин ч одоо.., тэрийгээ өөрснөө л барьж байсан,нэг туйпуу зөөж байсан гээд л ярьсан ш дээ. Нэг амбаарархуу, шавар амбаарархуу юм л байсан. Гэр ч байсан. Багтахгүй, манай захирал Тампуулин гэж хүн байсан. Тэгээд тэд нар нэг зарим нь гэрт, зарим нь байшинд байсан. Тэр үед чинь нээх байшин байхгүй байлаа ш дээ. Тэр сургууль анх тэр дуган муганг буулгахын оронд сургууль яачихсан бол хэрэгтэй юм байсан шиг байгаам. Тийм. Тэр дуганыг нь буулгаж байхын оронд дуганд нь хичээллэж байсан бол болмоор байсан шиг байгаам. Тэгээгүй. Тэр үеийн засаг барьж байсан улс нь ухаан муутай ч улс байсиймуу. Мэдэхгүй. Тэрийг буулгаж байхын оронд тэрийг сургуульд өгөөд сургууль хичээллэж байсан бол их сайхан байр байсан. Тийм. тийм 2 давхар энэ тэр байдаг чи тэр Эрдэнэцогт ороод үзээрэй. Одооны Гачин ламын сүм гээд дээр үеийн нэг жижиг дуган бий.

Сайнбилэг -

Юуны сүмээ ?

Ономцэрэн -

Гачин лам гэж байсан юм билээ. Тэрний орон сууц юм гэнэлээ. Одоо 2 давхар, одоо тэрийг чинь буулгаж засах гэсэн юм гэнэлээ. Тэгсэн буулгаж чадаагүй юм гэнэлээ. Тэр нь яадаг юм мэдэхгүй. Угсарсаар байгаад л хамгийн цаад талд нь л нэг түгжээ байдаг юм шиг байгаам.

Сайнбилэг -

Оньс байдлаар?

Ономцэрэн -

Оньс байдлаар. Ерөөсөө л одоо нэг гадна талын моднууд нь байна ш дээ, оньс л маягтай юм шиг байналээ. Одоо хүртэл очоод үзэхэд дээр үеийнх нь л будаг байдаг шүү. Будаг нь ер нь сайхан будаг тэр. Тийм юм байдгийм даа.

Сайнбилэг -

Аан за. За та тэгээд бага сургууиа төгсөөд тэгээд дараа нь сураагүй гэсэн байхаа?

Ономцэрэн -

Сураагүй

Сайнбилэг -

Дараа нь юу хийсэн бэ?

Ономцэрэн -

Малчин байж байгаад л 17,18 хүртлээ мал маллаад л тэгээд л Цэнхэрмандлын уурхайд яваад л.

Сайнбилэг -

Аан за. Тэгэхээр таныг 17 нас хүртэлх тэр үед Монгол оронд маань ямар үйл явдал өрнөж байваа. Ер нь улс орны байдал ямаршуу байсан бэ?

Ономцэрэн -

Тэр Цэнхэрмандлын уурхайд очиход гайгүй л байсан. Ерөөсөө бололцооны л юм шиг байсан. Цэнхэрмандлын уурхай чинь Орос голдуу байсан, очиж байгаа эндээс голдуу 3 машин .., 3 пүүлэн одоо пүүлэн гээд байдаг ш дээ. урт тийм 150 пүүлэн, орос жолоочтой Жамьянгарав гэж монгол хүн элсүүлж байсан, тэр хүн бол орос хэл мэддэг. Тэр хүн л нэр мэр бичээд л тэр машинд суулгаад л, өөрөө өөр л юмаар явчихаж байсан байх, тэгээд л УБ луу очоод л, УБ-т очоод ерөөсөө хот дундуур шулуун гараад л тэр цаана, орос гуанзанд хоол идсэн бид нэг. Орос гуанзанд хоол идэхээ мэдэхгүй ээ, хэл мэдэхгүй. Бараг зааж байгаад л идэж байсан, хоол. Хүний авсан хоолыг л заана уу гэхээс мэдэхгүй ш дээ. Хүний авсан хоолыг л энийг идье гэж л зааж байсан юм шиг байгаам. Үгүй ээ тэгээд сүүлд нь Цэнхэрмандалд очсон хойноо яахвээ, дандаа оросуудтай ажиллаж байсан, оросуудаас авъя, өгье , гэсэн тийм үгнүүдийг нь ойлгож авч л байсан. Тэр чинь идэх уух юмаа Цэнхэрмандлын уурхай чинь орос дэлгүүртэй л байсан, тэгээд л оросоор чинь зааж зурж байгаад л заримыг нь ч яахав ганц нэг орос нэр олж авсан л байсан байх, тэнд байхдаа яах вэ ямар юмаа л орос хэлийг дүрмээр сурах вэ дээ, амьтны хэлснийг тогтоож барьж байж хэдэн үгтэй болж байж, мэндэлдэг болж байсан байх, ...Сайн байна уу, явъя ирлээ, гэдгийг мэдэж байсан юм шиг байгаам. Тэр жолооны курст байхад миний онолын багш нь Буренков гэж нэг орос байсан. Орчуулагч нь Зундуй гэж хүн байсан. Тэр 2 л надыг хамгийн бага болохоор ирээд л нээх толгой илдэг байсан, 2-уулаа шүү. Жаахан юм жолооч яаж хийнэ дээ, гэж бодогдож байсан юм уу мэдэхгүй, толгой илчихээд л яваад өгдөг байсан. Би яахав инээгээд л хоцордог. Толгой илчихээд л яваад өгдөг. Бага л байсан байгаам. Тэнд ажиллаж байсан улс нь дандаа надаас дээш настай улс ажиллаж байсан шиг байгаам. Би л хамгийн бага. Яагаад тэгж хамгийн багаас нь яасийм. Хоригдол байдаг гэхээр айгаад л худгийнхаа хооронд л 2 худаг л хардаг байсан.

Сайнбилэг -

Ономцэрэн гуай та Цэнхэрмандал орохдоо УБ-аар дайрч явсан байх. Тэрний өмнө та УБ орж үзсэн байсан уу?

Ономцэрэн -

Үзээгүй ээ.

Сайнбилэг -

Аа тэгээд анх удаагаа УБ ороход танд ямар санагдаж байсан бэ?

Ономцэрэн -

Өө ер нь сайхан л юм шиг байсан. Нээх орой л очсон нээх сайхан чийдэн мийдэнтэй. Гэрэлтэй сайхан л юм харагдаад л, тэгээд л цаад захад нь бол одоо Амгалангийн хавьд л юмаа, нэг орос гуанзанд орчихоод л, тэгээд тэндээсээ цаашаа явж байгаам. Тэгээд цаашаа яваад Цэнхэрмандлын уурхай орж байгаам. Шөнө Цэнхэрмандалын уурхай ороход гэрэл л яваад байдаг, тэрийг нь би машин гэдгийг мэдэхгүй байхгүй юу. Машин гэдгийг нь мэдэхгүй гэрэл нь яваад байдаг. Гэрэл нь яваад байхаар би бас бодож байсийм. Миний толгой эргэчихээд байгаа юм уу гэж боддог байсийм. Тэгээд өнөө шороо зөөдөг тэрэг чинь нэг нь ирдэг замтай нөгөө нь явдаг замтай. 2 замтай байсан байна. Тэгээд л яваад л байдаг. Энэ яагаад гэрэл нь яваад байдаг байнга гээд л бодоод л. Тэгж л бодож очиж байсан.

Сайнбилэг -

Тэр Цэнхэрмандалд оросууд байдаг байсан гэлээ, юун оросууд байсан юм болоо?

Ономцэрэн -

Голдуу л ерөөсөө эх орны хоригдлууд л гэдэг байсийм. Тэгээд л тэр очсон намраас эхлээд монгол ажилчинтай болоод л, тэр хоригдлууд тэгээд ачигдаад л явчихсан шүү. Машин машинаар нь ачаад явчихсан, хаанаас хаашаа ачсанг ч мэдэхгүй. Тэгээд хоригдол байсан, жолооч нар ч хоригдол байсан юм гэнэлээ. Энгийн ч улсууд байсан юм гэнэлээ л дээ. Энгийн ч байсан, хоригдол ч байсан шиг л байгаам. Байсан юм гэнэлээ. Би бас хоригдол жолооч гэчихээр тэр жолоочоос юм асууж л байсан санагддагийм. Үгүй ээ тэгээд л айхгүй, тэнд орос цэргүүд хамгаалагч нар нь орос хүн байсан юм байналээ. Тэр хоригдлуудаа хардаг улсууд чинь дан хоригдлууд л байсан байна л даа. Нэг өдөр нэг машинд суугаад л гэр лүүгээ явж байсан замын хажууд нэг хүн алчихсан байсан. Орос алчихсан байна гээд л. Энэ яасан юм бол гэсэн чинь л орос хоригдлууд л алсан юм гэсэн гэнэлээ гэж ярьдаг байсан. Тэгээд айж л байсан, тийм тийм юм харахаар чинь айгаад л, юун.., айгаад л одоо оросоо алчихаж байгаа юм чинь монголоо тоохгүй алчих юм байна л гэж боддог байсан.

Сайнбилэг -

Тэгээд та тэнд хэдэн жил ажиллалаа?

Ономцэрэн -

Цэнхэрмандлын уурхайд уу? 53, 54, 55, 56 он гээд 4 жил ажилласан юм байна. Тэгээд 57 онд би.., Цэнхэрмандлын уурхай татан буугдаад, тэгээд нөгөө оросууд нь ч явчихаад л оросууд нь цаашаа ихэнх нь Чойбалсан луу цаашаа юмыг нь зөөсиймаа. Одоо Дорнод руу. Дээр үед чинь тэгэхэд Чойбалсан аймаг гэж байсан л даа. Дорнод гэдэг чинь сүүлд Дорнод аймаг болсон ш дээ. Тэгэхэд үгүй ээ ер нь би ч одоо жолооч болчихсон хүн. УБ оръё, харья гэсэн юм бодогдоод, тэгээд би бас цаанаас Цэнхэрмандлын боловсон хүчин над хийж өгсийм. “Сод-Монгол”-ын боловсон хүчинд гэсэн бичиг хийж өгсийм. Тэгээд тэр “Сод-Монгол”-ын боловсон хүчин дээр аваад орж байсан чинь тэр хүн ....Аа чи геологт ор, надаас ахөө, ёстой нэг 18 аймгаар явна даа гэж тэгж байсан. Явсан би үнэндээ Монголд яваагүй аймаг байхгүй. Одоо 21 аймгаар урд нь 18 байсан, яваагүй аймаг бол байхгүй. Би Төвд байхдаа энэ зүүн талын аймгаар явж байсан, хотод байхдаа. Хөвсгөлд энэ хойд талын аймгаар ч явж байсан. Тэр чинь ачааны тэрэгтэй ч байж байлаа, “69”-тэй ч байж байлаа. Тэр чинь тэр үеэр чинь аймаг аймаг руу л явдаг байсийм. Тэгээд сүүлд нь энэ Баянхонгорт ирснээс энэ баруун талын аймгуудыг гүйцээсэн.

Сайнбилэг -

“Сод –Монгол” гэсэн тээ?

Ономцэрэн -

Тийм, “Сод-Монгол” гэдэг чинь монголын нэг уурхайгаа хариуцсан төв байсиймуу даа, монголын уурхай хариуцдаг тийм төв байсан юм шиг байгаам. Тэгээд тэрэн дээр ирээд л нөгөө бичгээ өгсөн чинь ...Өө чи залуу сайхан хүн, геологт ор гэхээр нь геолог гэж хаана юу байдийм мэдэхгүй, геологи гэж юу байдаг юм бэ гэхээр ...Аа чи аяндаа ойлгоно. Энэ бичиг ав гээд надад тэр байдаг газраа зааж өгч байнаа, дээр үед тээврийн товчоо гэж байсиймаа, тээврийн товчооны хойд талд цаашаа харсан хашаа бий. Тэнд яваад очоод асуу тэгтэл хэлээд өгнө гэсэн, өө тэнд яваад очсон чинь баазын дарга нь Гүндаш гэж нэг хүн байсиймаа. Бас Баянхонгорын хүн байсийм. Би тэр Баянхонгорыг чинь мэддэггүй байсийм. Баянхонгорын хүн байсан юм байлээ. Надыг бичгээ аваад орсон чинь ...Аль аймгийн хүн үү гэсэн Баянхонгорын гэсэн. ...Ямар сум уу гэсэн ...Баяновоо гэсэн тэр Гүндаш гэдэг хүн цэргийн газрын дарга марга байсан юм билээ. Морин сургуулийн дарга гэлүү тийм хүн байсийм. Тэгээд тэгсэн чинь авна гээд чамд сайхан тэрэг өгнөө л гэж байна. Заа л гэлээ, маргааш ирж тэрэг хүлээж аваарай л гэж байна. Заа л гэлээ. Тэгээд л ганц нэг байдаг айлдаа оччихоод л тэгээд л ажилд орохоор болчихлоо, тэрэг авахаар боллоо гээд л очоод л ярьсан чинь .. өө болж л гэж байна нөгөө улсууд чинь. Болж л гэхээс яахав дээ, ажилтай болж байна гэхээр. Тэгээд л маргааш нь яваад очсон чинь “63” одоо энэ “66”-ийн дүү чинь “63” гэж байсийм. “ГАЗ-63” гэж гүүзүүтэй. Тийм тэрэг өглөө, хайрцган мотортой. Өө сайхан тэрэг, өө тэгээд тэргэндээ 2,3 өдөр юм хийгээд, тэгээд Ховдын Булган явнаа л гэж байна. Ховдын Булганд зудтай гээд байгаа суманд явахаар л боллоо. Явах болсон чинь юу ачиж явдаг юм, яах нь уу л гэсэн чинь мэддэг хүнтэй явдаг юм уу гээд л даргаасаа хэлсэн чинь өө энд 4 орос мэргэжилтэн явна, тэгээд 4 хүнтэй тавуулаа явна, орос хэл мэдэхгүй шахуу, нөгөөдүүл нь монгол хэл мэдэхгүй, тэгэхнээ баазын дарга өөрийнхөө өрөөнд утсаа аваад л оросоор ярьж байнаа ...Хүрээд ир, би бас хагас хугас ойлгож байнаа, түрүүн нь нөгөө оросуудтай ажиллаж байсан болохоор. Хагас хугасыг нь ойлгосон чинь хүрээд ир гэж байгаа болтой л байна. Жолооч олоод ирсэн болтой юм яриад л. Тэгсэн жаахан байж байтал бүдүүн улаан орос ороод ирлээ. Нээх тарган бүдүүн. Тэгсэн орж ирчихээд л за танай жолооч гэж байгаа болтой юм, өө сайн байна уу гээд л гар бариад л би нэг 21,22 хүрч байсан юм уу тийм л байх. 17,18,20 хүрч байсан юм уу тийм л байх. Өө сайн байна уу гээд л оросооор л мэндэлж байна. Тэгээд л маргааш гарнаа л гэж байна, ачаа мачаа ачдаг байх даа л гэж бодсон чинь намайг очиход нэг хэдэн шар байшин байсиймаа, одоо ч байдаг юм уу үгүй юу, геологийн хэдэн шар байшин байсиймаа. Геолог чинь ганцхан л газар байсан. Дээхнэ үед бол тавин хэдэн онд бол,тэгээд тэнд байдаг, маргааш явнаа л гэж байна. Заа маргааш явна гэнээ, дарга чинь тэр байшингийн тэрүүнд байдийм. Баазын дарга л над зааж өглөө. Путевка бичүүлж ав, бензинээ ав, бензин чинь эндээс бол тэр үед чинь геолог чинь колонктой байсийм, колонк нь хашааны гадна талдаа. Тэндээс бензинээ дүүргэж ав, тэр дарга чинь талон малоноо авчихсан, талон малон авдаг л юм байналээ л дээ. Тэр дарга нь талоноо авчихсан юм байна. Би 63-ийнхаа 2 банкийг дүүргэчихээд л эхлээд л баазын дарга дээр очоод л яасан чинь өө пүүгээ дэвсгэр хэрэгггүй гэж байна. Орос дарга чинь тэгж хэлж байна гэнэ. Пүүгээ дэвсгэр хэрэггүй бүх юм чинь бэлэн байгаа. Ор мор нь бэлэн байгаа л гэж байна гэнэ. Тэгээд л тэнд даргынд яваад очлоо, авгай хүүхэдтэйгээ ч байсан юм байна, нөгөө орос чинь. Өө тэр дорхноо л 4 орос чинь 4-үүлээ л хүрээд ирлээ. Явахаар болж байгаа болтой байна. 4 орос 4-үүлээ л . 3 нь дээд сургуультай, нэг нь дарга миний кабинд суух болтой юм. тэгээд л суугаад л ...Чиний ор энэ. Пүүгээ чинь энэ. Хоол цунд бол хамаагүй, хоол унд бол бэлэн гээд л тэгчихээд л, пүүгээ дэвсгэртэй болчихлоо, би нэг муу хайрцагтай, хайрцгаа тавьчихсан тэгээд л суучихлаа, тэгээд л суугаад л УБ-аас наашаа хөдлөөд л явлаа даа. Хөдлөөд л явсан чинь Лүнгийн тэнд ирээд л Лүн сум бий ш дээ, нөгөө хажууд нь Туул гол урсч байгаа ш дээ, тэгээд л тэрэн дээр чинь хоол моол ч идсэнгүй, гуанзанд хоол идэхгүй юм. Тэгээд л Лүнгийн гүүрээр гараад гол дээр очоод зогс л гэж байна, тэгээд л гүүрнээс дээгүүр голын зах дээр очоод л зогсчихлоо, 5 сар болж байсан, ногоо дөнгөж л гарч ногоороод л байсийм. 5 сарын сүүлч ч болж байсиймуу, тэгсэн чинь заа чи пүүгээ гэж эвхмэл цагаан ор байсийм, эвхмэл цагаан орыг чинь буулгаж тавьж өгөөд л, миний нөгөө пүүгээг чинь дэвсээд л эндээ ингээд унтаж бай л гэж байна. Тэрэгнийхээ даргад тэргээ хараад л унтаж бай, бид нар гээд л цугаараа нэг нэг дэгээ бариад л яваад өглөө. Заа ингээд яадаг юм байх даа гэж бодоод л, уургаа бариад л явлаа, 4-үүлээ явсан чинь 4-үүлээ л хэд хэдийг бариад ирлээ. Тэгчихээд л тэд нар чинь пояльниктай юмаа, дээр үеийн. Гал түллээ, түлш нь бэлэн, бургас мургасаар гал түлээд л, загасныхаа махыг шараад л, баахан хайрцагтай юм ачсийм. Нөгөө дээр сууж байгаа 3 хүзнийхээ хажууд баахан хайрцагтай юм ачсийм. Нөгөө эвхмэл орыг чинь ингээд гадна талд нь даруулчихсан, эвхмэл ор чинь пүүгээг нь хийгээд л гадна талд нь даруулчихдаг байхгүй юу. Гүүзүүнийхээ гадна талд нь даруулчихдаг байхгүй юу. Тэгээд л нөгөөдүүл чинь 2 хайрцагтай юм буулгаад л идэж уух боллоо, тэгсэн пиво уух болтой юм, нэг нэг шил пиво өгч байна. Тэгээд л удаан сууж байгаад л уучихлаа, архи өгч байна 1 шил архи задалдаг юм байна, ....үгүй ээ уухгүй ээ л гэлээ. Тэгэхдээр сайн л гэж байгаа болтой эрхий хуруугаа гозойлгож байна. Эрхий хуруугаа гозойлгохоор сайн л гэж байгаа юм байх гэж бодоод л /инээв/ тэгээд л тэндээ ерөөсөө хоночихож байгаам. Тэндээ хоночихоод өглөө нь загас магас ч гэсэнгүй яваад өглөө ашгүй дээ л гэж бодож байгаам. Би бас явах гээд байгаамаа. Тэр чинь явж газраа үзэх юм бодогдоод л.тэндээсээ яваад л Өгий нуур луу ирж байгаам. Өгий нуур дээр ирээд л Орхоны зах дээр ирээд л бас зогсчихож байгаам. Бас л нөгөө Туулын зах дээр зогссон шиг л. Энд хонох юм байж дээ гэж бодож байгаам. Үгүй ээ, ерөөсөө тэгээд л буучихаад л дэгээгээ бариад л явдийм. Одоо сүүлдээ би ороо буулгаад өөрөө засдаг боллоо. Ингэж идэж уудаг гэдгийг нь мэддэг боллоо. Тэгээд л өө явдаггүй сайхан юм байна л гэж бодогдоод л. Хол явахгүй амар ч юмуу гэсэн юм бодогдоод л тэргэндээ жаахан юм хийж боолт гайкийг нь чангалаад л дээгүүр доогуур нь жаахан юм хийж байгаа юм болоод л, хийж барьчихаад л хэвтэж байсан чинь өө бас л нэг хэд хэдэн загас бариад л ирж байгаа болтой байна. Нөгөөдхөө шараад л, нөгөө уржигдрынхаа буулгасан хайрцагтай юмаа буулгаад л ирж болтой, тэр дотор чинь талх малх консерв идэж уух юм л байдаг, тэрнээс нь би ч идэж л байгаам. Консерв, монсерв Цэнхэрмандлын уурхайд байхдаа идэж байсан юм чинь идээд л тэгээд л байж байсан. Тэгээд Орхоны зах дээр тэгээд хоночихож байгаам. Өгий нуураас жаахан ийшэхнээ яваад Орхоны зах дээр. Тэндээс маргааш нь хөдлөөд л өглөө бол харин загасанд явахгүй юмаа. Өглөө тэгээд л ерөөсөө нэг цай чанаж уучихаад л тэгээд л яваад өгч байгаам. Тэгээд л Архангайн цаахна Шинэ Цэнхэрийн төв байгаагийн тэнд Тамирын голын зах дээр ирдэг юм байнаа. Тамирын голыг чинь ингэж хадан хясааг нь нэлээн өгсөж зогсчихоод тэгээд л загасандаа яваад өглөө. Нөгөө 2 өдөр тэгсэн юм болохоор сурчихлаа. Тэнд идэж уучихаад Архангайд ерөөсөө идэж уусангүй. Дэлгүүр мэлгүүр ч орохгүй юм. Архангай дундуур нь гараад л Цагаандаваагаар даваад л, Чулуутын гол дээр ирж байгаам. Чулуутын гол бас загастай юмаа. Чулуутын гол дээр ирээд л бас л загас гээд л яваад өгч байгаам. Харин тэнд харин уургаар бариагүй, тэнд нэг шохой байсиймаа, тийм. Шохойгоор дэгээдэж барьдаг юм байналээ. Шохойгоо идүүлдэг юм байна ш дээ, тэгэхээр чинь нөгөө загас нь муужраад л, тэгээд л түүгээд авчихдаг юм байна. Тэнд нэг тэгж барилаа. Тэгээд л тэрнээс нааш бол Чулуут даваад л ороод ирэхээр гол байхгүй. Байдрагт загас магас байхгүй. Тэгээд л тэрнээс ийш л суугаад явлаа. Загас магас байх биш. Тэгээд л тэрнээс ийш л ёстой шуурхай явлаа даа. Шуурхай явсаар байгаад л айлд нэг ч хонодоггүй байснаа тэр Ховдын Алтай сумын тэнд тэр зураг л хардаг юм, би мэдэх юм байхгүй. Зурган дээр л Алтай гээд л, Алтай гэсэн оросоор л биччихсэн л юм байсан. Тэрийг харчихаад л Алтай сум хаана байна гээд л би ч мэдэхгүй л байгаам. Зурган дээр харж байгаад л орой болж байсан нэг айлд ирлээ, өнөө шөнө айлд хононо гээд тэгж байна. Айлд хононо гэхээр нөгөө айл нь ямар айл байдаг бол доо гээд л бодогдоод л, тэндхийн айлууд ядуудуу маягтай айлууд л байдаг байсан. Эсгий үүдтэй тоохуу гуталтай, торгуудууд чинь эсгий оймсон дээр гадуур нь нэг ширээр бүрчихсэн байдаг ш дээ, Тийм. Тийм гуталтай улсууд байна. Нэг айлд л томхон гэртэй айлд л буулаа. Эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй, 4-үүлээ л байна. Хонио хотолчихсон байна. Ингээд ингээд геологийн ажлаар явж байнаа гээд, танайд хонох л болж байх шиг байна даа гээд л тэгсэн ...Өө тэг тэг гээд л тэгж байна, хоол унд яадийн хоол унд хийе гээд л тэгсэн хоол унд хэрэггүй байхаа хоол моол яах уу гээд л асуулаа, тэгсэн чинь хэрэггүй ээ, бид нар ус буцалгуулаад эсвэл нэг цай буцалгуулаад авчихна, тэгээд болно л гэж байна. Тэгээд л хар цай чануулаад л авчихлаа. Тэгээд л нөгөө хайрцагтай юмаа авч ирж идчихээд л, тэгээд цугаараа би тэргэндээ унтсиймаа. Тэр шөнө би тэргэн дотроо унтаад өгсөн. Тэд нар айлд бас нөгөө эвхмэл орнуудаа тавиад л 4 хүн чинь 4 эвхмэл ор тавихаар чинь зөндөө зай эзлэлгүй яахав. Тэгээд л тэнд унтлаа , өглөө нь баярлалаа энэ тэр гээд л, монголоор баярлалаа гэдгийг мэддэг болчихсон. Тэгээд Будантийн голын хажууд ирсийм, Алтайн хажууд урсдаг Будантын гол байдийм Алтай сумын. Тэгээд хойшихноо яваад Үенч сум байгаа, одооны цастай гээд л яриад байгаа. Үенч сум гэж байгаад татан буугдсан гээд л ярьдаг байсийм. Нөгөө шавар амбаар дээр яваад очсон чинь тэрүүхэн хавьд л яваад байгаа болтой юмаа. Тэрэн дээр яваад очлоо. Тэгээд яваад очсон чинь Загийн ам гэж хаа байдийм гээд улсуудаас асуусан, энүүхэнд гэхээр нь тэрэн дээр нь яваад очсон түрүүчийн улс нь ирчихсэн. Сүүлчийн нь улс нь л тэр юм байна. Түрүүчийнх нь зөндөө улс ирсэн. Тэр зунаа тэгээд Ховдын нутагт зуссан. Тэгээд Ховдын нутагт зусахдаа тэнд чинь тэгээд 3 анги геологийн 3 анги тасарч байгаам, нэг нь тэр манай ангийн дарга Семенов, 2 дахь нь Алиф гээд нэг сахалтай орос байсан, 3 дахь нь Лувсанданзан гуай нөгөө доктор Лувсанданзан гээд байдаг байсан. Тийм 3 анги болж байгаам, манай ангийн нэг анги нь 2 тэрэгтэй, би бас нэг 63-тай, орос жолоочтой, древний орос л байсан юм байналээ л дээ. Сүүлд нь харахад Зүүнхараагийн древний орос гээд байдаг даа, оросооор ярьдаг, тэр чинь орос хэлтэй юм чинь. Би тийм оростой хоёулахнаа ажиллахаар боллоо, 2 жолооч. Ангиртын гол гэж тэр юунаас дээшээ байдиймаа, Алтай сумаас дээш, Ангиртын голд ажиллахаар боллоо. Тэнд очоод хэдэн майхан бариад аа манай тэнд очсон чинь харин нэг монгол техник гэж нэг хүн байгаамаа. Цэрэндорж гэж нэг техник байсийм. Тэрүүнтэй нэг 2 хүний палатканд орж байгаам, монголтой. Тэгээд ажилчдыг бол тэндхийн нутгийн улсууд авдаг юм байнаа. Газар ухдаг барьдаг тэр маршрутын чулуу мулуу үүрдэг тийм улсууд. Хамт дагуулаад л явдийм, маршрутанд явахдаа дагуулаад явдаг, маршрутанд явахдаа надтай бараг явахгүй, нөгөө орос жолоотойгоо явахийм. Миний явдаг ажил юу гэхээр тэргээр хоол унд хонь мал худалдаж авах болохлээр явна. Ховд руу явж бензин авдийм. Бензин авах болохоор би явдийм. Миний ажил тиймэрхүү л ажилтай. Тэгээд л нэг зуныг тэгж өнгөрөөлөө. Тэгээд л нэг зунаа тэгж өнгөрөөчихөөд л 11 сард буулаа. Бууж ирчихээд байж байсан чинь би ч гэрээрээ орж чадаагүй. Баянхонгороос өөр газар мэдэхгүй хүн чинь хойгуур л явчихаад байсан. Одоо энэ Жаргалант сум, Заг сумаар дайраад л явчихаад байсан. Тэгээд явж байгаад л 11 сард яваад очсон чинь манай баазын дарга дуудаж байна л гэнэ, за чи Бүрэнцогтын уурхайд ажилланаа, энэ өвөл гээд л тэгж байна, хаа байдаг юм гэсэн чинь өө яахав одоо нэг мэргэжилтэн орос хүрээд ирнэ, Тэр оростойгоо явах юм байгаам л гэнэ. ...Тэрэг сайн уу гэхээр сайн л гэлээ. Нэг жаахан тосолгоо масло хийлгэж, механик дуудаад энэ хүний тэргийг жаахан тосолгоо хийгээд тэргийг нь жаахан янзалж өг л гэж байна. Тэгээд тэргийг чинь хийлгэчихээд тэр өвлөө Бүрэнцогтын уурхайд очоод тэнд ерөнхий инженер нь гэж нэг орос хамт явнаа гэлээ, маргааш явнаа л гэлээ. Тэгээд л нөгөө Баянзүрхийн гүүрээр гараад л зүүн тийшээ явж байгаа юм чинь. Зүүн тийшээ явлаа, тэгтэл нөгөө орос чинь тэгж байна. ..Би тэргийг чинь барья гээд л тэгж байна. Нэг жолооч гээд үнэмлэх үзүүлж байна. Өөрийгөө жолооны мэргэжлийн хүн гэж байна. Тэгээд л Налайх өнгөрч байгаад л тэрэг барилаа. Сайхан л барих юм тэргийг. Тэгээд л хажууд би бараг унтаад явж байгаам. Тэгсээр яваад шөнө нь Бүрэнцогтын уурхайд ирээд тэнд өвөлжлөө. Тэнд өвөлжчихөөд л хавар надыг буцаагаад авах гэж байгаа болтой л байна. Авчихаад л ..За хө чи ер нь сайн ажилалаа зун, өвөл хоёр сайн ажиллалаа. Инженер нь чамайг энд тэрэг бариулнаа л гэж байна, энд тэрэг барихаар ямар тэрэг барих юм бол доо гээд л, автобус баринаа хө, ажилчдын автобус. Одоо дээр үеийн зараа автобус гээд л ярьдаг байсан даа, тийм автобус барьдаг юм байнаа, тэгээд уурхайд ажилд ороод тэнд ажилд ороод ирсэн чинь баазын дарга ...чамд автобус өгөхөөр болсон л гэнэ. Хуучивтар юмаа нэг автобус. Ажилчин зөөдөг. Би байр байхгүй над нэг байр зааж өглөө, консулын дэнж гэж байдаг зүүн тийшээ хотод. Консулын дэнжид нэг геологийн байр байдаг байсийм. Нэг байр өглөө. Нэг байранд ороод л ор тавьчихаад л тэгээд тэр үед ч яахав дээ, нэг плитка млиткатай, гал мал түлдэг ч юм байсийм. Тэгээд тэндээ өглөө геологийн лаборатори чинь Их тэнгэрийн аманд байсийм тэнд байсийм. Өглөө хамгийн түрүүнд лабораторийнхнийг хүргэж өгдийм. Лабораторийнхнийг хүргэж өгчихөөд эргээд ирээд л нөгөө ажилчнаа миний байрын хажууд зогсч байгаад тэндээс ажилчнаа авдийм. Ажилчнаа авчихаад өдөрт унданд нь хүргэж өгчихнө, унднаас авчирна. Тэгээд унднаас авчирчихаад нөгөө лаборатори чинь 6 цагийн ажилтай байдаг байсан. 6 цагийн ажилтай болохоор нөгөө лабораторийнхоо улсуудыг хүргэж өгчихөөд л, тэгээд л орой 5,6 цагт хүргэж өгчихөөд л автобусаа аваачиж тавьчихаад л, нэг жижүүрийн тэрэг хүргэж өгдөг байсан. Тэгээд тэгж ажилласаар байгаад сүүлд шинэ тэрэг авч шинэ ачааны тэрэгтэй болж, яахав. Би ч тэгээд дуу муутай ч байсан шиг байгаам. Амьтанд юм хэлдэггүй болохоор амьтан ч сайн хэлдэг байсиймуу, тэгэхэд геологи бол сайхан л ажил байсийм.

Сайнбилэг -

Ономцэрэн гуай соёлын довтолгоо ямаршуу явагддаг байсан юм бэ?

Ономцэрэн -

Заа СД ч яахав дээ, бас л хүнийг ажилд оруулахын төлөө л байсиймуу даа, ер нь СД гэдэг чинь дээхнэ үед айлд нэг ширмэл ширдэг л байна уу гэхээс тэгээд л адсага л дэвсчихсэн, тийм айлууд байдаг байсан. Хөнжил мөнжил гэж байхгүй шахуу байсан. Дээлээ нөмрөөд л унтдаг байсан, тэгээд л СД-оос хойш л хөнжил даавуутай ч болсон байх. Хөнжил даавуутай болохоор ч барахгүй 2,3 ээлжийн ч даавуутай болсон, өмд цамцыг нь л сольдог болсон. Тэр чинь бас л ариун цэвэр соёлжилтонд хэрэгтэй л юм байсан байх. Тэгээд тиймэрхүү учраас СД чинь айлд олон нэр төрлийн тийм тийм юм бүрдүүлсэн байх ёстой гээд өгдөг байсан, тэрийг шалгадаг улсууд явна. Шалгаад заримыг нь муу л гэдэг байх, мууг нь торгодог л байсан байх.

Сайнбилэг -

Яаж торгодог байсан мөнгөөр торгодог байсан уу?

Ономцэрэн -

Мөнгөөр. 25 цаасаар торгож барьлаа л гэдэг байсан.

Сайнбилэг -

Хүмүүсээс ер нь юу юу шаарддаг байсан бэ?

Ономцэрэн -

Хүмүүсээс одоо ариун цэвэр нүүр гарын алчуур гэхэд л хүн бүрт байх ёстой, хөнжлийн даавуу ээлжийн даавуутай байх ёстой байсан тэгээд л хөлийн ороолт ээлжтэй байх байсан, тэгээд л юм бүгд л 2,3 болох л болж байсан тэгээд тэгээд тэр үед ч яахвээ, даавуу даалимба нь олддог ч болсон үе байсан шиг байгаам.

Сайнбилэг -

Шаардлага хангаагүй үед мөнгөн торгуулаас гадна өөр ямар нэг арга хэмжээ авдаг байсан уу?

Ономцэрэн -

Харин тэр нь ч гайгүй байсан. Өшөө ер нь гайгүй юм шиг байнаа, тэр загнасан барьсан, загнадаг барьдаг чинь доод дарга нарт л байсан юм уу даа. Доод дарга нар л юмаа хийсэнгүй гээд л загнадаг дээд талынх нь ер нь гайгүй шүү. Уулзаж байхад ер нь гайгүй зантай улс байдаг байсан шүү. Тийм.

Сайнбилэг -

Та ер нь нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг мэднэ ш дээ, ер нь хүмүүс яаж нэгдэлжүүлж байсан юм бэ?

Ономцэрэн -

За би ер нь 53 онд надыг явахад анх нэгдэл гэж байгуулагдаж байгаа гээд, тэгэхэд би нэгдэл мэгдэлд ороогүй ээ, анхдугаар 5 жил гэдэг чинь баахан хий юм төлсөн тийм улсууд болоод л.

Сайнбилэг -

Та тэр тухай тодорхой ярьж өгнө үү?

Ономцэрэн -

Тэр анхдугаар 5 жил гэдэг чинь 50 онд анхдугаар 5 жил гарсан юм байгаам. Анхдугаар 5 жил гэдэг чинь анхны тоолсон малаар 10 мал тоолсон бол дараа нь 1 малтай ч бай, 2 малтай ч бай, 10 малын норм төлөвлөгөөг бүгдийг нь биелүүлдэг. 10 мал ч юу байхав, жишээ шүү дээ. Тэгээд 100 малтай бол 100 малын албан хөлийн татвар ч байдиймуу, мах шөл бол мах шөл байдиймуу, сүү ноос тэр бүх юм л биелүүлдэг байсан байна. Тэр бүхий л юмыг биелүүлэхгүй болохлоор торгодог шийтгэдэг торгохдоо бараг шоронд ч орж байсан байна.

Сайнбилэг -

Хоргодоод одоо ийм болчихсон гээд хэлбэл яадийн?

Ономцэрэн -

Сонсохгүй. Тэр чинь анхны тоолсон малаар нь л үздэг. Тэрийг хүлээж авахгүй.

Сайнбилэг -

Ер нь таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Ономцэрэн -

Заа юм байхгүй, байхгүй.

Сайнбилэг -

Заа за. Одоо ингээд таныг бодож байхад хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?

Ономцэрэн -

Үгүй ээ тэгээд л ер нь ажил төрөл чинь тэр ч бас хавчиж нэг ёсны байхгүй юмыг төлөөлүүлээд бас нэг би бас бодож байдгийм, байхгүй юмаар мөнгө төлүүлж байсан юм чинь нөгөө байгаа юмаа арвитай байлгахын тулд нэлээн бодож байсан юм шиг байгаам энэ улсууд. Одоо нөгөө 50 малтай байгаад л 50 малын төлөвлөгөө норм биелүүлэхийн тулд 100 малтай болох гэж бодож байсан улсууд зөндөө л байхгүй юу даа тэр чинь. 100 малтай болбол нөгөө 50 малын төлөвлөгөө норм дор нь биелүүлчихнэ биз дээ. Ноос үснээс өгсүүлээд ноолуур мах шөлнөөс өгсүүлээд. Тиймээс нэлээн өсөж байсан юм шиг байгаам. Зарим нь нэлээн дарамтлагдаж байсан. Тэгж чадахгүй нь бол тэрнийг чинь юмтай ч хэрнээ малаа ахиу болгоод, юмгүй шиг нь бүр доошоо л орчихоод барахаа байгаад шоронд орж байсан улсууд ч бий.

Сайнбилэг -

Социализмын үед хүмүүс ер нь яаж ажилд ордог байсан юм бэ? Хахууль төлдөг байсиймуу, танил талаараа ордог байсиймуу, яадаг байсан?

Ономцэрэн -

Ер нь хахууль өгөх юм ерөөсөө байхгүй. Танил талаараа ордог байсан байж магадгүй. Тэгэхдээ ер нь л өөрийнхөө чадлаар л юмыг хийж байсан байхаа. Одоо мах шөлөө биелүүлчихвэл тэрнийхээ биелүүлсэн хэдэн цаасаа аваад явна, гурил будаагаа авдаг, тиймэрхүү л байсан. Тэр нэг их хахууль хүнд юм өгч авч байгаагүй юм шиг байнаа. Байгаагүй юм шиг байна.

Сайнбилэг -

Одоо ер нь ажилд орох процесс яаж өөрчлөгдсөн бэ?

Ономцэрэн -

Одоо ер нь ажилд ороход юм өгч байж л ордог байх. Энэ ерөөсөө нэг өөрт нь дор хаяж л шил архиас өгсүүлээд тал засч байж л ордог болчихсон юм шиг байгаам. Ямар сайндаа би түрүүн ярьж байсан тэр Алагаа гэдэг Хүнд ирж хоолоо аваарай гэж ярьж байсан, тэрүүгээр л одоо ..Аав таныг ирж хоолоо аваарай гэж байдаг шүү гэж байсан, тэр өөрөө жолооч хүн байгаам. Жолоочоор орох гэж байгаа хүн. Тиймэрхүү талаас л. Ер нь нэг 80 онооос л хойш л нэг л тиймэрхүү л болчихсон юм уу даа гэж боддогийм. Ажилд орох авах тиймэрхүү юм чинь ерөөсөө тэрнээс хойш л нэг л тиймэрхүү талтай болчихсон шиг байгаам.

Сайнбилэг -

Хүмүүс ер нь нэгдэлжих хөдөлгөөнийг ямаршуу хүлээж авч байсан бэ? Дуртай байсан бол уу, дургүй байсан бол уу?

Ономцэрэн -

Анхандаа их дургүй байсан. Анхандаа их дургүй байсан тэр чинь, малаа хураалгалаа барилаа, коммунд малаа алдлаа барилаа гээд. Ихэнх нь ярьдаг байсан. Сүүлд нь нэгдэлжих хөдөлгөөн ялчихаад л, нэгдлийн мал маллаад л хэдэн цаасны цалин малинтай болчихоор бас гайгүй ч болчихсон байсан. Одоо малаа маллачихаад одоо 100 хонь малладаг байсан бол 100 хонь тоолуулаад тэрнийхээ юугаар хэдэн цаас аваад хэдэн цаасаар нь гурил будаагаа авчихдаг, хувцас хунар авчихдаг ч байсан юм уу, одоо энэ саальчид бол сүүгээ гүйцээчихвэл сүүнийхээ мөнгөөр ч овоо нэг юм авчихдаг байсан. Тийм талаасаа гайгүй болчихсон байсан сүүлийн үед.

Сайнбилэг -

Та ингээд 3-р анги төгсөөд дараа нь жолооч болсон. Ондоо ямар нэг боловсрол эзэмшсэн үү?

Ономцэрэн -

Үгүй ээ анх л би тэнд очиж нэг 5 сард очоод л 11 сар хүртэл худаг харсан, худгийн масло, тос нэмсэн тийм л ажил хийж байгаад л тэгээд л курст ороод л курсээс жолооч болчихоод л тэрнээс хойш ерөөсөө явсаар байгаад л жолооч байж байгаад л насыг авсан. Сүүлийн хэдэн жил бол ерөөсөө геологоор л явсан ерөөсөө.

Сайнбилэг -

Таныг бага байхад ер нь кинотеатр, жүжиг энэ тэр тоглодог байсан уу?

Ономцэрэн -

Тоглодог байсан, кино мино бол гардаг байсан. Тэгээд л ер нь бол надыг жаахан байхад бол сургууль мургуульд байхад бол бүжиг л гэж нэг их явдаг байсан. Кино мино ч байхгүй байсан юм шиг байна шүү, сургуульд байхад бол. Бүжиг гээд л нэг муу мандолин хөгжмөөр дарчихсан бүжиг явдаг байсан, тэрийг бол би бас жаахан байхдаа сонирхоо ч үгүй юм шиг байна. Тэр сүүлийн үед бол бас яахав, кино мино гараад кино мино үзэх дуртай л байсан, одоо бол кино үзье ч гэхгүй үгүй ээ яахав монгол кино бол харж л байх юм, хардиймаа. Орос гадаадын тэр кино миног үздэг ч үгүй. Алаан хядаантай кино гараад л нээх тустай нэмэртэй ч юм биш тийм л байналээ. Юм сурвал хэрэгтэй л байх, зүгээр. Одоо сурах нь ч өнгөрсөн одоо. Далан хэд хүрч байгаа хүн чинь. Юм сураад ч одоо юу байхав. Тиймэрхүү л байх юм даа, хөөрхий.

Сайнбилэг -

Та энэ 90 онд ардчилсан хувьсгал болоход та тэрийг яаж хүлээж авсан бэ?

Ономцэрэн -

Ардчилалыг яаж хүлээж авч байна гээд манай энэ аймгийн дарга өө аймгийн орлогч дарга манайд нэг орж ирж байсан. Бүр над дээр, юу болж байна, яаж байна, гээд. Таны сэтгэгдэл чинь ямар байна гэж. Үгүй ээ мэдэхгүй энэ чинь гайгүй юм бишүү, болдог тал руугаа эргэж байгаа юм бишүү гэж, Чүлтэмсүрэн дарга тэгж нэг орж ирж байсан. Би л харин болдог тал руугаа эргэж байгаа юм биш үү, энэ өмч хувьчлал болоод энэ чинь юм өгөх болтой л юм ярьж байх юм, тэгэхээр ард түмний амьдрал дээшлэх байх. Энэ ер нь зүгээр юм бишүү гээд би тэгсэн тэгэхэд тэр дарга жаахан дургүй байх шиг байсан. Энэ өвгөн чинь бас дэмий өвгөн байна гэж тэгсгээд жаахан тэгсэн чинь гараад явчихсан. Тэр Чүлтэмсүрэн дарга тэгсгээд гараад явж байсан. Би чинь тэгээд нам мамд ч элсдэггүй тийм хүн байсан. Элс л гэж байсан. Элсэхээрээ би бас орлогчоор хэдэн жил явдаг ч гэлүү, “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр дэмий ч юм уу гэж боддог байсан.

Сайнбилэг -

Ер нь хувьчлалыг анх яаж зарласан юм бэ?

Ономцэрэн -

Хувьчлалыг мэдэхгүй ээ, би чинь мөнгөний хувьчлал чинь анх зарлахад ер нь бас сайн санахгүй л байна.

Сайнбилэг -

Ер нь танай ажлын газар хувьчлал явагдсан уу?

Ономцэрэн -

Дөнтөд ч хувьчлал ер нь явагдаагүй. 2 улсын юм гээд. Тэгээд би энэ байранд орчихоод тэр өдөр Дэмбэрэл ярьж байналээ, одоо Пүрэв гээд дарга нь бий. Тэр бол харин энэ байрыг төрийн өмчийн хорооноос хувьчлахаар болчихсон байхад нь 2,3 жил дарчихсан юм шиг байгаам. Энхамар гэдэг хүн захирал болоод тэр чинь 2,3 жил дарагдсан бичгийг чинь тэр Энхамар л гэргаж ирсэн юм шиг байна. Өө энэ байрыг хувьчлах төлөвтэй болсон байна. Энэ бичиг нь дараатай байсан байна энэ тэр гэдгийг чинь тэр Энхамар өөрөө ярьж байсан шүү. Энхамартай чинь Дэмбэрэл бид хоёр орж бас нэг бас л зах зухыг нь ярьж байсан юм байгаам. Тэгж тэгж байсан, аа та 2-г мэдэж байна, та 2-г мартахгүй энэ тэр гээд. Сүүлдээ ч мартахаар барахгүй бүр өөрөө ч гарчихсан. Тийм, энэ байрыг хувьчлахад. Байрыг хувьчлахаар боллоо гээд, энэ 48 айлыг, энэ өмнө бас 2,3 намхан байшин байдиймаа, бас л геологи байсан, сүүлд барьсиймаа. Тэнд нэг 2,3 байр ингээд нэг 51 байр билүү дээ, хувьчлахаар боллоо гээд тэгсийм. Тэгэхэд нь үгүй ээ одоо миний нэр байдаг л байх даа гэсэн юм бодогдож л байсан. Яваад очсон өө байж байна, нэр. Тэгэд хувьчлахад нэг хэдэн цаас авдаг л юм билээ л дээ. Тийм.

Сайнбилэг -

Ер нь таны бодлоор ямар хэлбэрээр зарим хүн бусдаасаа илүү өмч эзэмшээд гараад ирсэн бэ?

Ономцэрэн -

Заа ер нь илүү эзэмшинэ гэдэг чинь жаахан хээл хахууль авсан улсууд л жаахан илүү эзэмшсэн юм уу гэж боддог ер нь. Хээл хахууль авч, одоо энэ дарга нар л ер нь илүү эдлээд байна гэдэг чинь одоо л энэ манай аймгийн дарга л гэхэд одоо энэ Амарсанаа гэдэг чинь одоо энэ манай зүүнтээ цэцэрлэг байсиймаа, 2 давхар. Энийг л бараг нийгмийн даатгалын дарга энэ тэр байсийм, нийгмийн даатгалд мөнгийг нь төлдөг юм байна л дээ, тэрийг нь төлөөгүй тэрийг нь барьцаанд аваад л байшинг нь аваад л эзэмшиж байх шиг байгаам даа. Тэгээд тэр нь болчихсон ч юм уу үгүй ч юм уу мэдэхгүй. Болоод л эзэмшиж байгаа юм байлгүй дээ. Тиймэрхүү л юм шиг байгаам.

Сайнбилэг -

Аа за. Маш сайхан сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа?

Ономцэрэн -

Заа зүгээрээ. Надыг ийм настай хүнд яриа хөөрөө хийгээд ингэсэнд би өөрт чинь баярлаж байна. Баярлалаа.

Сайнбилэг -

Заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.