Demberel
![](../assets/images/interviewees/990512.jpg)
Basic information
Interviewee ID: 990512
Name: Demberel
Parent's name: Tsandisüren
Ovog: Chuluun
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: [blank]
Born in: Zag sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
travel
urban issues
cultural campaigns
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
mother - father
childhood
schoolchildren's life
urbanization
military service
cultural campaigns
mining
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа, сайн байна уу та?
Дэмбэрэл -
Сайн, сайн байна уу?
Сайнбилэг -
Та өөрийгөө нэг товч танилцуулахгүй юу?
Дэмбэрэл -
Заа, намайг Дэмбэрэл гэдэг. Цаньдсүрэнгийн Дэмбэрэл гэдэг хүн. Баянхонгор аймгийн Заг суманд 1945 онд төрсөн. Одоо тэтгэвэрт байдаг. Би хөдөө нэгдэлд Заг сумын Давшилт нэгдэлд 6 жил адуу маллаад, 1966 онд цэрэгт яваад ардын армийн 107-р ангид хуваарилагдаад тэнд 1 жилд алба хаах хугацаандаа жолоочийн мэргэжил эзэмшээд, тэгээд 1969 онд цэргээс халагдаж ирээд, Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн товчоо гэж байсийм тухайн үед, Баянхонгор аймгийн геологи гидрогеологийн экспедицид жолоочоор хуваарилагдаж очоод, Баянхонгорын геологт удирдах газар болсон сүүлдээ, тэнд 10 жил ажиллаад, 1981 онд Баянхонгор аймгийн геологийн удирдах газар Монгол-Болгарын хамтарсан Монгол-Болгар-Металл нэртэй одоогоор бол Дөнтийн алтны уурхай гэдэг, тийм. Энэ уурхайд жолоочоор очиж ажиллаад, за тэр хугацаандаа байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар 2 удаа шалгарч байсан. 5,6 7,8-р “таван жилийн гавшгайч” тухайн үедээ байгууллагын залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, тэгээд сүүлд нь яахав, олон нийтийн сонгуульт ажил нэг 8 жил хийсэн. Хамт олон намайг сонгож Монгол-Болгарын хамтарсан үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэл /ҮЭ/-ийн Хорооны даргын сонгуульт ажлыг 8 жил хийсэн, би хамт олныхоо буянаар Монголын ҮЭ-ийн 17-р их хуралд төлөөлөгчөөр хуралд оролцож, тэр хурлын хүндэт индэр дээрээс үг хэлэх завшаан надад олдсон. Тэрүүндээ бүр их бахархаж явдаг. Ийм л хүн дээ, би
Сайнбилэг -
Та хэдэн онд тэтгэвэрт суусан бэ?
Дэмбэрэл -
Би 1990 онд. Тийм.
Сайнбилэг -
Та 1945 онд төржээ, хэдэн онд бага сургуульд суусан бэ?
Дэмбэрэл -
Заа би 1955 онд 10 настай байхдаа 1-р ангид ороод, бага сургуулийн 2-р анги төгсөөд, тэгээд одоо яахав хувийн мал аж ахуйтай байсан, аавын бие муудаад, дүү нар жижиг байсан учраас би тэгэхэд сургуулиас гарсан. Тэгээд биеэ дайчилж яахав, одоо надад тэгэхэд гэрийн багш гэж байсангүй, яахав сайн багш нарын буянаар би 2 жил сурахдаа би нэг 4 аргын тоо боддог, өө нэг бичиж, уншдаг болсон.
Сайнбилэг -
Таны аав ээж малчин хүмүүс байсан уу?
Дэмбэрэл -
Бүгд малчин.
Сайнбилэг -
Та бидэнд аавынхаа тухай жаахан дэлгэрүүлж ярьж өгөөч?
Дэмбэрэл -
Заа миний аав бол Чулууны Цаньдсүрэн гэж хүн байсан. Хөдөө аж ахуйн нэгдлийг одоо Заг суманд анхлан үүсгэн байгуулахад анхны гишүүнээр нь элсэж тэгээд үхэр бигадын дарга, бригадын дээр үед коминдан гэж ярьдаг байсан, одоогоор бол нярав, тийм агент ийм ажил хийж байсан хүн. Тэгээд их залуугаараа намайг 13 настай байхад 37 настай байхдаа нас барсан, өвчний улмаас нас барсан. Манай аав бол 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан, одоо “Бид ялав” медалиар шагнагдаж байсан, ийм хүн байсан.
Сайнбилэг -
Та одоо эцгийнхээ дайнд оролцож байсан, тэнд болсон үйл явдлыг танд ярьж байсан дурсамж байна уу, тодорхой ярьж өгөөч ?
Дэмбэрэл -
Манай аав бол Өмнөговь аймгийн Овоотын цэргийн анги гэдэгт цэргийн алба хааж байсан хүн байналээ. Өөрөө ярихдаа бол. Дайны үед бол одоо цэргийн агтан дээр ажиллаж байсан. Агт маллаж байсан. Морь сайхан уургалчихдаг, хэрдээ бас сум уул овооныхоо наадамд барилдчихдаг, тийм л хүн байсан. Тийм учраас тэр талыг нь харж үзсэн юм уу, өнөө цэргийн агтан дээр байсан юм байналээ. Тэгээд цэргийн агт маллаж байгаад халагдаж ирсэн.
Сайнбилэг -
Яг дайнд бол оролцоогүй арын албанд нь ?
Дэмбэрэл -
Арын албанд одоо цэргүүдийг л унаа унашаар нь таслахгүй хангах, тухайн үед чинь цэргийн арын алба хичнээн сайн байна, ялалт төдийчинээ ойрхон гэж цэргийн номонд цэрэгт байхад заадаг байсан. Тийм.
Сайнбилэг -
Та тэгвэл ээжийнхээ тухай ярьж өгнө үү?
Дэмбэрэл -
Миний Төмөрийн Дарьчимэд гэдэг хүн байдгийм. Одоо 90 гаран настай. Сэлэнгэ аймгийн Мандал суманд миний дүү нар дээр амьдарч байгаа, одоо амьд сэрүүн байна. Манай ээж бол яахав тухайн үеийн хөдөөний малчин ардууд ямар байсан, тэрний л жишиг жаягаар хөдөө малаа маллаад л, гэр орныхоо ажлыг эмхлүүлээд л, сааль сүүгээ саагаад л, үр хүүхдээ өсгөж бойжуулаад л ийм байж байгаад л, Заг сумын Давшилт нэгдэл байгуулагдахад манай аав анхны гишүүнээр нь элсэж, тэр үед чинь гэр бүлээрээ элсдэг байсан үе, тэгээд саальчнаар ажиллаж байгаад, тэгээд сүүлд нь намайг цэргээс халагдаж ирснээс хойш энэ Жаргалант сумын 10 жилийн сургуульд галч, тогооч ийм ажил хийж байгаад, тэгээд дүү нар сургууль соёл төгсөөд, өсөж өндийгөөд, айл орон тусгаарлаад явахад миний эрэгтэй дүү ...хорих ангид ерөнхий нягтлангаар томилогдож очоод, тэгээд дүүг маань дагаад явсийм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Мандал суманд одоо Зүүнхараа хотод төвлөрөөд тэндээ одоо миний дүү нартай миний одоо яг удаагийн дүү эмэгтэй дүү одоо манай хүргэн Батсүх гэдэг хүн байдгийм, миний дүүтэй суусан, тэднийд одоо амьд сэрүүн байгаа. Би өдий нас хүртлээ бас ээжтэйгээ яваадаа их баярлаж байдаг.
Сайнбилэг -
Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?
Дэмбэрэл -
Заа, миний амьдралд одоо хамгийн хүнд цохилт болсон үе бол юу ч мэдэхгүй бага балчир байхдаа ааваасаа хагацсандаа их харуусч явдаг байсан. Гэхдээ яахав, нутгийн түмэн ах дүү, аав маань түмэн олондоо гэмгүй, нэр хүндтэй байсны ач буянаар 14 настай бээлий шиг жаахан хүүхдийг хүнд адууны хамжаанд одоо адуу манаж байна ш дээ, нас бие гүйцсэн хүн, одоо нэг нутгийн тулхтай хөгшин хүний хамжаанд одоогоор бол ажилд оруулж байгаа, өнөө ээж дүү нарыг нь тэжээ гэж, одоо баг сумыг удирдаж байсан тухайн үеийн баг сумын удирдлагууд, нэгдлийн удирдлагууд ингэж миний амьдралд гүн туслалцаа үзүүлж, би 14 гаран 15 нас хүрч байхдаа тэгж адуу маллаж, 6 жил адуу маллаж байсан. 1965 онд сумын хөдөлмөр соёлын залуучуудын хөдөлмөр соёлын анхдугаар чуулган гэж болж, тэгэхэд нэгдлийн дарга Чойжилсүрэн гэж хүн байсийм, тэр хүний тушаалаар сумын “Хангалын аварга” гэдэг цол авч, эмээлтэй хазаартай мориор шагнуулж үзсэн. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн дээд баяр баясгалан гэж одоо хүртэл боддог. Гэхдээ бол би төр засгаас одон медаль авч л байсан. Гэхдээ эр хүнд тэр тусмаа адуучин хүнд эмээлтэй, хазаартай морь, монгол хүн тэрүүн шиг том шагнал ер нь мэдэхгүй. Тухайн үед миний сэтгэлд бууж байгаагүй. Тэрүүнд их баярлаж явдаг даа.
Сайнбилэг -
Та ингээд 10 настай байхдаа ингээд сургуульд оржээ, тэр бага насныхаа амьдралыг дурсаж ярина уу? Бага насандаа та юу хийж байв?
Дэмбэрэл -
Заа бага насандаа болохдээр зэрэг би айлын том хүүхэд байсан учраас дүү нар жижиг, эхлээд хурга ишиг хонь хурга хариулдаг байсан, сүүлдээ нэг 8,9 нас хүрээд ирэхдээр зэрэг адуу тэмээнд явдаг байсан. Тэгээд аавын бие 3,4 жил муудсан юм, тэгээд л ерөөсөө гэрийн эзний бүхэл хийх ёстой ажилд л би өвөл зун, хавар намар жилийн 4 улиралд л одоо бүх л ажлыг л хийдэг байсан. Гэхдээ өглөө босч ээждээ галлаж өгч байгаагүй, хоол унд хийж байгаагүй, адуу малаа маллах хонь мал хариулах, одоо тухайн үеийн малчны хүүхдүүд ямар байсан, тэр болгоныг л хийдэг байсан.
Сайнбилэг -
Тэр үеийн малчин хүүхдүүдийн зовлон, жаргал одоо ямар байдаг байсан ?
Дэмбэрэл -
Заа тэр үеийн зовлон их байгаагүй над санагддагийм. Нэг их зовж зүдэрч байгаагүй. Хийдэг ажлаа л хийдэг их ч дэгтэй журамтай даруулгатай байсиймуу, тухайн үеийн хүүхдүүд одоогоор бол хүмүүжил сайтай л байсан юм шиг байналээ. Тэр тухайн үеийн хүүхдүүдийг зөвхөн эцэг эх нь багш нь дарга даамал нь биш, хүн болгон хүний өөрийн гэхгүй хүүхдүүдийг өөрийнхөө хүүхэд шиг санаж, хүмүүжүүлж сургаж байсан. Тэр бол одоо бодоход хамгийн баяр баясгалантай. Хүнээс айдаг, эмээдэг, ичдэг, хүнийг хүндэлдэг, энэ ёс жаягт бага наснаасаа суралцсандаа одоо хүртэл баярлаж явдгийм.
Сайнбилэг -
За Дэмбэрэл гуай таны хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?
Дэмбэрэл -
Заа, би нас гүйцэд мэддэггүй юм, миний ээжийн ээжийн ах нь Балдансэнгэ гэж хүн байсан юм гэнэлээ. Тэр хүн баригдаж яваад, хөрөнгийг нь хураасан юм гэнэлээ. Тэгээд өөрийг нь бариад явсан юм гэнэлээ. Тэгээд одоо хүртэл сураг байдаггүй юм. Бодоход тэр хүн цаазлагдсан байх.
Сайнбилэг -
Тэр хүн лам хүн байсан юм бол уу, эсвэл төрийн ажилтан хүн байсан юм бол уу?
Дэмбэрэл -
Өө дээр үед хүрээнд сууж байсан лам хүн байсан юм гэнэлээ.
Сайнбилэг -
Та тэгвэл таны эмээгийн ах гэсэн үг байх нь байна ш дээ ?
Дэмбэрэл -
Эмээгийн дүү.
Сайнбилэг -
Тэр хүний тухай сонссон, мэдсэн дурсамж яриа байна уу?
Дэмбэрэл -
Заа тэр хүн бол доголон хүн байсан юм гэнэлээ. Тэгээд нутгийнхан бол “Доголон Жалхай” гэж хүндэлдэг байсан юм гэнэлээ. Тэр хүн бол одоо, эмч тал руугаа хүн байсан юм бол уу, одоо малын хөл гэмтэж яс нь хугарахад энийг боодог, хүн одоо төрж чадахгүй амаржиж чадахгүй ингээд зовж шаналахад очиж илж барьж төрүүлж өгдөг, ийм л хүн байсан юм байналээ. Тэрнийг бол би аав ээжийн нутгийн ахмад улсын ярианаас сонссон.
Сайнбилэг -
Тэр хүнийг яагаад ингэж хөрөнгийг нь хурааж яагаад ингэх болсон юм болоо?
Дэмбэрэл -
Үгүй ээ, тэр одоо тухайн үеийн, тухайн цаг үеийн л асуудал байх л даа.
Сайнбилэг -
Танд одоо дурсамж яриа таны эмээ ч юм уу, ээж танд юу гэж ярьдаг байсан бэ?
Дэмбэрэл -
Үгүй ээ, манай ээжийн ээж надад ярихдаа ээж чинь ярьдаг байсан, одоо гэртээ ганцаараа байдаг байсан гэж байгаа юм. Манай ээжийн аавынтай айл байсан гэж байгаам. Манайх ч айл байсан юм байналээ. Тэгтэл нэг өдөр 3 морьтой хүн ирээд л, хамаг авдар 3 авдар билүү, 4 авдартай л айл байсан юм байлээ, тэрнийг нь одоогоор бол битүүмжилсэн л юм байналээ, дийздэх гэж. Одоогоор лацдана, ломбдоно гэсэн үг юм уу даа. Дийздээд л тэгээд л өөрийг нь барьж аваад л явсан. Тэгээд л тэрнээс хойш сураг гараагүй гэж байгаам. Ямар ч сураг гараагүй.
Сайнбилэг -
Тэгээд энэ хүнийг ингэж авч яваад энэ хүнийг ингэсэн шүү гэсэн ямар юу өгөөгүй юу?
Дэмбэрэл -
Үгүй.
Сайнбилэг -
Та сүүлд одоо үед хөөцөлдөж үзэв үү ?
Дэмбэрэл -
Заа би нэг хөөцөлдөж үзсэн. Би ч гардан хөөцөлдөөгүй, манай ээжийн дүү одоо 80 гаран настай хөгшин Дархан хотод байдгийм. Тэр хүн хөөцөлдсийм. Тэгсэн чинь тийм Тийм хүн байсаан гэдгийг одоо нутгийн одоо мэдэх хүнээс тодорхойлолт хэрэгтэй гэсэн юм гэнэлээ. Одоо тэгэхдээр зэрэг тухайн үед 1937-39 оны үед амьдарч байсан тэр хүнийг таньж мэдэх, тийм хүн одоо манай нутагт байхгүй. Тийм учраас энэ асуудал ингээд л орхигдсон.
Сайнбилэг -
Аан за. Та ингээд 10 настайдаа бага сургуульд орсон ш дээ. Тэр үеийнхээ бага сургуулийнхаа тухай бидэнд ярьж өгөөч?
Дэмбэрэл -
Заа. Манай Заг сумын 7 жилийн дунд сургууль гэж байсийм. Тэр сургуулийн захирал нь Бадарч гэж хүн байсийм. Галуут сумын харьяат. Маамуугийн Бадарч гэдэг хүн. Надад анх эхэлж “А”үсэг заасан хүн бол аль нутгийн хүн байсныг нь мэдэхгүй, Дагиймаа гэдэг багш байсан юм. тэр багш бол нэг 10-аад хоног хичээл заагаад 1-р ангид байхад, тэгээд хүүхэд нь олдсон юм уу, өөр ангид хичээл заах болоод, одоо манай нутгийн нэг дорын Бадамын Самбуу гэдэг багш, одоо бурхан болсон л доо, багш маань. Хичээл заасийм. Бид нар анх 55 онд хичээлд орж байхад 32-уулаа орж байсийм, нэг ангид. Тэгэхэд нэг айлын 3 хүүхэд ч нэг ангид сууж байсан. 2 хүүхэд ч сууж байсан. Одоо тэр улсуудаас одоо бас л цагийн саалтаар нэлээд нь бурхан болж одоо Эрдэнэт үйлдвэрийн шүдний эмч Чимэдэрдэнэ гэдэг хүн эгчтэйгээ, дүүтэйгээ өөрөө ингээд 3-уул нэг ангид, аа одоо энэ ХААИС-ийн багш байсан юм, одоо тэтгэвэрт байгаа дэд эрдэмтэн, шатрын дэд мастер Даваа гэдэг хүн Аравсэлийн Даваа гэдэг хүний дүү Баасанбат, ах дүү хоёр нэг ангид Нямсүрэн гэж, Сандагийн Хүрэлхүү гэдэг хүн эгчтэйгээ, одоо эгч нь УБ хотод байгаа Ичинхорлоотойгоо цуг ингэж сургуульд орж байсан. Заа бид нарын нэг ангид ингэж байснаас хуучин багшийн дээд сургуулийн багш байсан одоо та бүхэн одоо таних байх магадгүй, одоо та бүхний багш байсан байхыг үгүйсгэхгүй. Бямбадагийн Пүрэвочир гэж монгол хэлний энэ тэр тэнхимийн эрхлэгч байсан байх, доктор профессор болсон. Энэ хүн.Одоо энэ Махны холбооны дарга гээд байна, болсон байналээ, Начинбал гээд хүн, хуучин мах комбинатын ерөнхий инженер, энэ тэр байсан, энэ хүн. Дарханы хүнсний үйлдвэрийн дарга, ерөнхий инженер байсан Бэгзээгийн Дүгэржанцан, заа манай ангийнхнаас миний мэдэх энэ гурав л их сургууль дотоод гадаадад төгсч, одоо нэр төртэй, төр түмэндээ сайхан үйлс бүтээж явна даа.
Сайнбилэг -
Та тэр үеийнхээ сургуулийн байдлыг.., гэрт хичээллэдэг байсан уу, байшин савтай байсан уу?
Дэмбэрэл -
Өө бид нар гэрт биш, байшинд байсийм,
Сайнбилэг -
Заа ямаршуу янзын байшин байсан юм?
Дэмбэрэл -
Өө нэг давхар, уртаа. Тэр тухайн үедээ бол манай сургуулийн барилга шиг тийм, том барилга бол сумын төвд байгаагүй юм. Тэрүүнд хичээллэдэг байлаа. Төмөр пийшинтэй, тэгэхэд аргал мод түлдэг, нүүрс гэдгийг мэддэггүй байсан. Тэгээд сургуулийн галч гэж гадуур галч, дотуур галч гэж ярьдаг байсан даа, одоо гадуур галч гэдэг нь түлээ мод хөрөөддөг, хагалдаг, ангиудын пийшинг галладаг, энэ улсуудаа хэлдэг, дотуур галч гэдэг нь болохдээр зэрэг одоо нэг дотуур байрны тогооч, ийм улсууд байсийм.Одоо Дарьсүрэн гуай гэж нэг хүн байлаа, галчаар. Лхамжав гуай гэдэг хүн байлаа, галч нь Лувсан гэдэг хүн байлаа, тогооч нь хийдэг. Ийм улсууд байсийм:. Тэгээд одоо зарим улс нь одоо мартагдчихжээ.
Сайнбилэг -
Тэр үед таны үеийн хүүхдүүдийн хичээлийн материал сурах бичиг, харандаанаас авахуулаад, цүнх сав ямар юм байсан бэ?
Дэмбэрэл -
Өө яахав, бид нар чинь одоо эмэгтэй хүүхдүүд нь болохдээр зэрэг цэнхэр юмаар ингээд эмжээд, ногоон даалимбан дээлтэй, эрэгтэй хүүхдүүд нь болохдээр зэрэг хөх даалимбан дээлтэй, хажуу тал дээрээ улаан даалимбан таван хошуутай даавуун цүнхтэй, уртаа оосортой, ингээд толгойдоо углаад сугадаа хийгээд ингээд үүрчихдэг, ийм л цүнхтэй. Храндаа бол балын харандаа за зургийн хичээлийн хэрэглэл болохдээр зэрэг 12 өнгийн будгийн харандаатай байсан. Тэр нь бол бас нэлээн гайгүй тэр аймаг хотод ах дүүтэй юм уу, одоо тухайн үеийн багш, эмч зэрэг сэхээтнүүдийн хүүхдэд олддог тэр болгон хүнд олддоггүй байсан. Аа тэгээд 2-р ангиас эхэлж үзгээр бичүүлдэг байсан. Одоо 25 мөнгөний үнэтэй билүү, ийм цаасан дугтуйтай хуурай чернил, хуурай. Тэрнийг ийм дугариг шилэн саванд ус хийж байгаад, дээрээс нь өнөөдхөөсөө үзгээрээ нэг дүүрэн юм уу дундуур ч юмуу ингэж, тэгээд өнөөдхийгөө тавьж хутгаад, тэгээд хичээлээ бичдэг байсан. Аа зарим ажилсаг аав ээжтэй ийм айлын хүүхдүүд бол өнөө шилэн савныхаа гадуур, хөвөнтэй хөөрхөн оосортой уут хийчихсэн,
Сайнбилэг -
Тэр уут хийдэг нь яадаг юм?
Дэмбэрэл -
Өвлийн хүйтэнд өнөө холоос ирэхэд хөлдөхгүй гэдэг. За би бол 11 сарын 1,2-ны үед юм уу даа, 1-р улирлын амралт гэж болдог байсан. Тэрнийг хүртэл хөдөөнөөс мориор явдаг, 7 жилийн сургууль болохдээр зэрэг 2 ээлжээр хичээллэдэг, бага ангиуд нь болохдээр зэрэг үдээс хойш ордог байсан учраас мориор явдаг байсан.
Сайнбилэг -
Хэдий хэр хол зайнаас явах уу?
Дэмбэрэл -
Заа одоогийн ойролцоогоор нэг 21,22 км газраас л.
Сайнбилэг -
Тэгвэл өдөрт бараг 40-өөд км газар нааш, цааш явах нь байна ш дээ?
Дэмбэрэл -
Өө тэгнэ. Тэгэхэд тэр тухайн үеийн малын чанар чансаа ер нь сайн байсан юм уу, тэгж малаа уналга эдэлгээнд сургаж гаршуулж сайжруулж байсан тэр тэр арга барил нь байсан юм уу, тэгэхэд чинь бүдүүн мориор явахгүй ш дээ. Үрээ, даагаар л явна. Тэгэхэд л тэр хоёрын хооронд явахад эцэж байгаагүй, унаа. Давхина, бид нар чинь хоорондоо уралдана, /инээв/
Сайнбилэг -
Тэр үед дотуур байр байгаагүй юм бол уу?
Дэмбэрэл -
Дотуур байр байсийм.
Сайнбилэг -
Яагаад та дотуур байранд суугаагүй юм?
Дэмбэрэл -
Би яахав, өнөө өглөө нь адуугаа цуглуулж унагаа уяна, үхрээ тууна, бас л өнөө аав ээждээ тусалж байгаа ажлаа хийнэ ш дээ. Тийм. Хөдөөний хүүхдүүд чинь ер нь л тийм байсан ш дээ, тийм. Ганцхан би ч биш. Аа зарим нэг амьдрал тааруухан шиг айлын хүүхдүүд бол дотуур байранд байдаг байсан. Өвөлд нь бол би айлд байдаг байсан. Тэгээд л 3 сард, 3-р улирлын амралт эхэлнэ. Ёолкноор нэг амарна, Октябрийн баяраар нэг амарна, 7 долоо хоногийн нэг амралт өгдөг байсан юм бол уу даа, тэрүүгээр гэртээ харьдаг. Тэгээд 3 сард нэг амардаг, бас 7 хоног, заа тэр амралтнаас хойш бол өнөө 3 сарын сүүлч болоод ирэхдээр зэрэг, мал төллөнө, хаваржаанд бууна, өвөлжөөнөөсөө сумынхаа төв рүү ойртосхийгээд буучихна, тэр үеэс эхлээд л мориороо явж эхэлнэ.
Сайнбилэг -
Аан арай жаахан дулаан оруулаад л?
Дэмбэрэл -
Тийм. Өвлийн хүйтэнд бол мориор явуулдаггүй байсан.
Сайнбилэг -
Та ингээд 2 жил сурчээ, тэгээд нөгөө ар гэрийн шалтгаанаар больсон ш дээ, тээ?
Дэмбэрэл -
Тэгсэн.
Сайнбилэг -
Тэгээд дараа нь тэр сургуулиас больсныхоо дараа юу хийсэн бэ ?
Дэмбэрэл -
Би тэгээд л яахав, ээж аавдаа тус болж байж байгаад л, тэгээд л 12-той сургуулиас гараад л, 13тай ч байсан байж болохийм. Тэдэн сарын тэдэнд гэсэн надад чинь төрсний гэрчилгээ гэж байдаггүй юм ш дээ.
Сайнбилэг -
Яагаад?
Дэмбэрэл -
Төрсний гэрчилгээг чинь 1950 оноос эхэлж олгосон юм байна.
Сайнбилэг -
Аа та тэгээд 50 онд аваагүй юм уу, би тэдэн сарын тэдэнд төрсөн гэж?
Дэмбэрэл -
Үгүй. Би бол одоо тэгээд л одоо нутгийн улс чинь өө тэдний хүүхэд одоо төд л хүрч байгаа өд л хүрч байгаа гэж хүн болгоныг, нэг баг сумын улс чинь бараг бүгдийг мэдэх юм чинь уг удмаар нь. Тэрүүгээрээ тэгээд л 14,15-тайдаа л адуу малласан юм байгаам. Тэгээд л 16-тай 17,18 гээд л, өнөө 18 нас хүрч цэргийн бүртгэл авдаг, тэгээд л цэргийн бүртгэл аваад л би 65 онд 20 настай цэрэгт явах байсийм, тэгсэн одоо олон өнчин дүү нартай, ээжтэйгээ гэдэг ар гэрийн гачигдал гээч юмаар намайг цэргээс чөлөөлсийм. Тэгээд л ер нь би өөрөө бодоод, 66 онд би ерөөсөө цэрэгт явъя, ер нь би ингээд л жил өнжөөд л байвал ээжийн маань нас улам нэмэгдээд л байна, магадгүй 3 жил 4 жил наслах байсан бол энэ жил өнжихдээр 3 жил болно, аягүй бол ээжийгээ нас барахад би толгойг нь түшиж чадахгүй нь гэдэг ийм нэг бодол надад орж ирсэн.Тэгээд л би ерөөсөө ямар ч байсан би цэрэгт явна гээд л тэгээд цэрэгт явсан.
Сайнбилэг -
Та хаана алба хаасан гэлээ?
Дэмбэрэл -
Би эхлээд ардын армийн 107-р ангид одоо автожолоочийн сургуульд, тэнд жолооч нэг жил алба хааж, жолоочийн мэргэжил эзэмшсэн.
Сайнбилэг -
Та тэр цэрэгт татахад цэрэгт ямар журмаар яаж татаж байсан тэр тухай ярина уу? Сумаас бичиг ирнэ дээ?
Дэмбэрэл -
Өө тэр чинь яахав, сумын нарийн бичгийн дарга цэргийн зарлан дуудах гэдэг юмыг өгнө. Бичээд өнөө шуудан хүргэгч нар гэж байлаа л даа, сум дээр. Тэгээд л тэр чинь баг гэж байгаагүй бригад гэж байсан, бригад дээр хүрээд ирнэ, одоо бригадын хариуцлагатнууд намын хэсэг, бригадын дарга тоо бүртгэгч, малын эмч, нярав ийм улсууд бригадын хариуцлагатнууд чинь одоо ер нь 7 хоногт бригадынхаа айлуудыг нэг удаа эргэдэг байсан. Хүний эмч гээд байсан. Тэд нар чинь авчраад өгч байгаам. Тэдэн сарын тэдний өдөр сумын төвд бэлэн бай, 3 хоногийн хоол хүнстэй гэж. Тэгээд л би сумын төв орж ирээд л эмээлтэй морио буцаачихаад л, тэгээд л нэгдлийн Хаянхярваа гэдэг жолоочийн тэргэнд суугаад л, энэ аймгийн төв дээр хүрч ирээд л цэргийн комиссоор ороод л, тэгээд 360-аад цэрэг явж байсийм, бид нар манай ангиас 66 онд. Тэрнээс ардын армийн автожолоочийн сургуульд 10 цэрэг явж байгаам. Тэрний нэгд багтаж жолоочийн мэргэжил эзэмшсэн, түүндээ их баярлаж явдаг.
Сайнбилэг -
За та тэгээд ингэж л дээ, цэргийн комиссоор ороод энэ УБ луу явсан байна ш дээ?Тэрний өмнө та УБ орж үзээгүй байсан уу?
Дэмбэрэл -
Нэг удаа орж үзсэн байсийм. Заа тэр чинь 14-тэйдөө юм уу,
Сайнбилэг -
Та тэгээд хэнтэй, яаж, ямар учир тохиолдлоор тийшээ явчихав?
Дэмбэрэл -
Тэгэхэд бол намайг адуу маллахаас арай өмнөхөн юм байгаа юм. Намайг олон сайхан тулхтай нутгийн хөгшчүүлийг дагалдуулж, агт туулгасан юм. Тийм. Агтыг чинь тэгэхэд одоо Сөнт дагуулж, Өвөрмонголын нутаг руу оруулж, Сөнтийн Цагаановоо гэдэг газар луу тушаадаг байлаа.Сөнт Цагаановоо гэж. Тэр газар тушаахад нутгийн олон сайхан тулхтай улсуудыг дагаж агт тууж явсийм. Тэгэхэд би шөнөд нь адуу манахгүй, өдөрт нь хариулна, өнөө жаахан хүүхэд болохдээр зэрэг унтана. Өнөө адуу малаа алдана гэж нутгийн тэр сайхан тулхтай улсууд чинь тэгж л хүүхдүүдийг асарч хамгаалж, халамжилж зааж сургаж ингэдэг байсан ш дээ.
Сайнбилэг -
Тэгээд яагаад Өвөрмонгол руу очиж тушаадаг юм, яадаг байсан юм?
Дэмбэрэл -
Өө тэр чинь Хятадад өгдөг байсан юм, агтаа. Хонь, үхрээ бол энэ одоо хойш нь Хөвсгөлийн Ханхын Борбургас гэдгээр дамжуулж, орос руу өгдөг. Одоо тухайн үеийн нам төрийн бодлого байсан шиг байгаам. Тэгэхэд яахав бас буянтай буурлуудын хүчинд явж урд хилийг нэг алхаж үзэж, тэгэхэд бид нарт адуугаа хүлээлгэж өгчихөөд, унаж явсан унаагаа өгчихөөд, уурганыхаа хуйвийг нэг тайлж аваад, уурган дээр чинь одоо ингээд толгой татна, шүү дээ, залгаас. Урд талд нь ийм бургасан, тэрнийг боосон боолтоо аваад, эмээлээ үүрээд явах их хэцүү санагдаж байсан, муухай эвгүй. Тийм.Тэгээд тэгэхэд экспертийн дарга л гэдэг байсийм, одоо юугаа ч ярьдаг байсан юм, одоо бол экспортод юм гаргаж байгаа тэрнийг хариуцсан одоо Хавчиг Давга гэдэг хүн дарга нь байсан. Тэр хүн нэг 51-тэй ирж, тэгээд бид нарыг аваад Дорноговь аймгийн Улаан-уул сум одоогийн Замын-үүд энэ дээрээс вагон гээч юманд сууж, /инээв/ УБ орж ирж, тэгээд яахав, нутгийн улсууд УБ-т газар мэдэхгүй, хүн танихгүй би чинь аймгийн төв ч орж ирж үзээгүй байсан хүн. Сумынхаа төв сумынхаа газар нутгийг бол сайн мэднэ, ийм хүн чинь яахав, тэгээд аа бид нар тэдийд л явна, чи эндээ байж бай, тэгээд тэр чухам одоо би санахгүй байна,хагас бүтэн сайн өдөр ч байсан юм уу, мэдэхгүй. Тэр айлын улсуудтай явж, их дэлгүүр гээч юманд ордгиймаа, тэгсэн чинь тэрнээсээ төөрчихдөг юм, өнөө улсуудаасаа. Тэгээд орой болдог их дэлгүүр хаах болдог, тэгээд улсууд дагаж байгаад нэг юм гараад ирсэн, хаашаа явахаа мэдэхгүй, тэгэхдээр нь нэг цэрэг хувцастай хүн байсан, одоо бодоход цагдаа байсан байх. Одоо би ингээд төөрчихлөө гээд үнэнээ хэлсэн, жаахан хүүхэд 1000 гаран төгрөгтэй,
Сайнбилэг -
Хөөх их мөнгөтэй?
Дэмбэрэл -
Тийм, өнөө мал туусан агт туусан хөлсөө авсан. Тэгээд л аавдаа нэг ээждээ нэг дээлийн өнгө, аавдаа нэг шил архи, дүү нартаа чихэр боов, янз бүрийн юм авсиймаа, тэрнийг тэр улсууд заримыг нь аваад явчихсан, би бол нэг хэдэн хил/кг/ чихэртэй, өнөөдхийгөө барьчихсан, тэгээд одоо намайг аль ч сэргийлэх дээр нь аваачиж өгсөн юм, мэдэхгүй. Нэг байшинд авчирсан. Тэгсэн чинь тэр байшингийнхаа зургийг таних уу гэж байна, нэг хүн. Танинаа гэлээ. Ямар янзын байшин байсан гэсэн, аа 3 давхар билүү 2 давхар билүү, “Г” үсэг шиг байшин байсан. Тэгсэн чинь зураг үзүүлдгиймаа. Үгүй ээ эхлээд бол тэр байшин биш шиг л байсан, сүүлдээ толгой эргэсэн. Бишээ л гээд байсан. Тэгсэн нэг хөгшин буурал толгойтой хүн орж ирсэн юмаа, тэгээд тэр хүн асууж байгаам. ...Хүүхээ тэр байшингийн чинь тэндээс онцгой содон тийм нэг байшин барилга харагдаж байсан уу, өө харагдаж байсан. Тэр байшингийн урд талд нэг хог асгадаг хог хийдэг нэг төмөр савнууд байсан, тэрүүн дээрээс харахад одоо зүүн хойшихноо пионерийн тэмдэгтэй байшингийн орой цухуйж байсан, одоо хуучин пионерийн ордон, тэгсэн чинь өө тэр “Г” байх нь гэсэн чинь одоогийн 5-р 10 жилийн засмалын зүүн талын одоо эндээс бол тэр “Г” байр. Тэгж өнөө айлдаа ирээд, тэгээд тэрнээс хойш тэр айлаас гараагүй.
Сайнбилэг -
Нөгөө айл бөөн сандарч байж үү ?
Дэмбэрэл -
Өө тэгэлгүй яахав бөөн сандаргаан болчихсон байсан. Тэгээд л тэр айлд байж байгаад л, тэгээд нутгийн нэг жолооч айлд надтай цуг агт тууж явсан хоёр хүнтэй хүрч ирээд л тэгээд л аваад л явсан. Тэр чухам өө бүр хол яваад хилийн дээс алхаад ирсэн гээд л, аав ээж баярлаад л, чухам ийм их мөнгө төгрөг олоод ирж гээд л чухам ингэж байсан юм даа.
Сайнбилэг -
Та тэгээд хилийн дээс алхаад нааш ирэхдээ вагон гээч юманд суужээ? Вагоныг анх хараад танд ямар сэтгэгдэл төрөв?
Дэмбэрэл -
Үгүй ээ ер нь би тэгэхэд чинь шөнө суусан юм байгаам. Өө нээх урт хөвөрсөн олон гэрэлтэй цонхтой л юм байсан байгаам. Байшин л гэж бодож байсан юм/инээв/ Тэгээд л суучихсан юм, улсуудтай цуг.Өө тэгсэн чинь 3 давхар ортой байдаг юм байна, өө тэгээд л хамгийн дээд тал дээр нь гараад л 2 гутлаа зөрүүлдээд л, дээлээ нөмрөөд л тэгээд л юм харж явж байснаа тэгээд л унтаад өгсөн. Тэгээд л өглөө л юун дээр ирсэн. УБ-т.
Сайнбилэг -
Та анх УБ-ыг хараад ямар сэтгэгдэл төрсөн?
Дэмбэрэл -
Өө чухам олон өндөр гоё барилгатай, их гоё газар байсан. Гайхалгүй яахав. УБ-ын чинь хүн энэ тэр ч их гоё хувцастай, үгүй ээ ер нь манай хөдөөнөөс бол их ангид санагдаж байсан.
Сайнбилэг -
Танд тэнд хамгийн их сонин сангадсан юм нь юу байсан?Хамгийн их гайхаж байсан юм нь?
Дэмбэрэл -
Хамгийн их гайхаж байсан юм тэр юу байсан, вагоноос буугаад хэдүүлээ явахад автобус гээч юманд суусан, өө тэр их гоё санагдсан, вагоноос ч гоё санагдсан. Суудал байвал суучихдаг, суудал байхгүй бол дэрээсээ ингээд 2 гараараа бариад явчихдаг, үгүй ээ энэ яасан гоё юм бэ гэж, би ч одоо нэг сургуулийн амралт тэгээд хааяа нэг нэгдлийн тэрэгний тэвшин дээр сууж л нэг гэртээ очиж байсан. Их сайхан их олон суудалтай. Тийм гоё санагдаж байсан. Тэгээд л хүн жолоодоод явж байхад үгүй ээ ийм их жолооч болчихвол мөн сайхнаа даа гэж эхэлж тэгж над бодогдож байсан. Тэгээд тэр маань хэдэн жилийн дараагаар биеллээ олж..,
Сайнбилэг -
Заа та цэрэгт байсан тухайгаа нэг ярьж өгөөч?
Дэмбэрэл -
Заа тэр жолооч болоход бол бас л одоо нэгдэл төр түмний л хайр, хишиг буян гэж би бодож явдгийм. Би тэгэхэд 65 онд Эвлэлийн Төв Хорооны “Тэргүүний малчин залуу “гэдэг алтан медалиар шагнагдаж байсан. Тэгээд өнөө зарлан дуудах дээр чинь одон медаль, одоо гавьяа шагналаа зүүж ир гэсэн юм, надад өөр юу байхав, Эвлэлийн тэмдэг, эвлэлийн гишүүний тэмдэг энэ зүрхэн талдаа зүүнэ, тэрнийхээ хажуу талд ийм морины толгойтой ийм санжигнасан, медаль байсан.
Сайнбилэг -
Тэр медаль бий юу, танд?
Дэмбэрэл -
Одоо манай хүүгийнд байдгийм. Тэр медалиа зүүгээд очсийм. Тэгсэн чинь мөрөн дээрээ нэг 4 таван хошуутай, цэргин хувцастай нэг бүдүүн дарга ирдгийм. Тэгээд аль аймаг уу, аль сум уу, аймаг сум, овог нэрээ энэ дэвтэр дээр бичээдэх гээд, гэж тухайн үед 5-н дэвтэр гэдэг байсан даа, зузаан тийм хавтастай дэвтэр дээр аймаг сум овог нэр бичүүлж аваад, за одоо өөр хүнд нэрээ бичүүлж болохгүй шүү, ...жолооч болох сонирхолтой юу гэсэн, ...сонирхолтой гэсэн. Хэддүгээр анги төгссөн гэсэн тэгэхдээр нь 2 гэж хэлэхдээр зэрэг авахгүй юм бол уу гэж бодоод 10-р анги төгссөн гэж авсан. Худлаа. Тэгэхэд чинь би юмны наад цаадыг ойлгодог болчихсон байсан үе. Тэгсэн чинь гэрчилгээгээ гэсэн, тэгэхээр нь ...өө гэрчилгээгээ гэртээ орхичихоод ирсэн гэсэн, тэгээд л тэр хүн яваад өгсөн. Тэгээд л тэр 107-р ангид ахиж байгуулагдахад түрүүн байгуулагдаж байж байгаад татан буугдаад, хэдэн жил болоод ахиж байгуулагдсан юм байналээ. Тэгээд тэр ангид орж тэр ангийн дарга нь Увс аймгийн хүн байсийм, хурандаа Бухаан гэж. Өө нэг цагаан толгойтой сайхан хүн. Штабын дарга дэд хурандаа Тогоохүү гэж, Өвөрхангай аймгийн. Хангалтын орлогч Жамбаа гэж, дэд хурандаа одоо аль аймгийнх юм би мэддэггүй юм, улс төрийнх нь орлогч Даваа гэж Увс аймгийн хүн байсан. Техникийн орлогч нь Дуламдорж гэж хүн байсан. Манай ротын дарга болохдээр зэрэг тэр намайг анх ангидаа авсан ахмад Гомборагчаа гэж Хөвсгөл аймгийн Галт сумын хүн байсан юм байналээ. Тэгээд манай салаан дарга болохдээр зэрэг Хөвсгөл аймгийн Сэрээнэндорж гэж тэр жил тухайн үеийн ЗХУ-д цэргийн сургууль төгсөөд ирсэн нэг дэслэгч гэж байсан. Тэр хүн бол онолынхоо хичээлийг заадаг, автын онол дүрмийг нь заадаг, онолын багш дүрмийн багш гэж байдаг. Өнөө цэргийн газар болоод ч тийм байсан юм уу, тэр хүн салаан дарга л хичээлээ заадаг. Өө жолооны багш гэж байсийм. Манай жолооны багш Нямаа гэж ахлах цолтой, одоо ЗИЛ-164 машин дээр дадлага хийлгэж, дадлага хийж байж би жолооч болж байлаа би. Тэгэхэд жолооч 67 оны 5 сард төгсөхөд одоотой адилхан энэ карт бөглөнө гэж байдаггүй моделоор, одоо ингээд 4 замын уулзвар зурчихаад, тэгээд тэрэн дээр машинууд одоо голд нь зохицуулагч дохиж байгаа тийм моделууд тавьчихаад тэмдэгнүүд тавина, тэгээд дүрмээ яриад л, ингээд л гар зэрэг хөдөлдөг. Тухайн үеийн тэр дүрмээс ярихад адил чанарын 4 замын уулзвар дээр зэрэгцэн ирсэн нэг ангиллын тээврийн хэрэгсэл аль баруун гар талдаа саадгүй нь хөдөлгөөнийг эхэлнэ. Ингэхэд түүний эсрэг буюу зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлнө гээд л дүрмээ яриад л, өнөө машинуудаа гараараа үзүүлнэ. Ингэж жолооныхоо шалгалтыг өгч, тэгээд яахав намайг тэр жолооны сургуульд ороход тэр “Тэргүүний малчин залуу” алтан медалийг авчихсан байсан. Тэрүүгээр л намайг олзолж авсан байх гэж боддогийм.
Сайнбилэг -
Та тэгээд цэргээс юу яалаа ш дээ, жолооч болж төгсчээ. Жолооч болоод халагдаж.Тэгээд дараа нь ямар ажил хийсэн бэ?
Дэмбэрэл -
Тэгээд цэргээс халагдаж ирээд, бид нар чинь 5 сард халагдах ёстой цэргүүд 3 сар илүү хаасийм. Тэр нь яасан б гэхээр Зөвлөлт-Монголын хамтарсан анхны хээрийн сургууль, одоо энэ Говьсүмбэр гээд байгаа Чойрын хойд талын Налахын талд болсийм. Тэгэхэд барилгын цэргийг уул нь сүүлд халдаг байсийм. Байлдааны анги гээд ярьдаг шугамын ангийн цэргүүд түрүүлж халагддаг байсийм. Байлдааны ангийн цэргүүдийг авч хоцроод, барилгын цэргүүдийг түрүүлж халсийм тэр жил. Тэр нь тэр хээрийн сургуультай холбоотой юм байналээ. Өнөө 3 жил болчихсон цэрэг, 3 жил бэлтгэгдсэн улсууд байхгүй юу. Би чинь сүүлийн 2 жилийг ардын армийн инженер автын ангийн тусгай батальон гэж 014-р анги гэдэгт 2 жилийг нь хаасийм. Тэгээд манай анги бол армийн хээрийн сургууль, анги батальоны хээрийн сургууль, жанжин штабын хээрийн сургууль, хээрийн сургууль л бол манай анги явдаг. Манай анги чинь ус хангалт, ус гатлалт гэсэн 2 салаатай.Тэгээд хээрийн төхөөрөмж, одоо хоргодох байр, хангах байрыг чинь манайх барьдаг, одоо өрмийн техник байна, одоо өрмүүд, кашка гэсэн өрмүүд байна манайд, өнөө траншей ухдаг догуураа 90 см, дээгүүрээ 1м20см , гүнээрээ 1м50см гүн шуудуу ухдаг тийм машин ватт гэж түрдэг зам, окоп энэ тэр ухдаг тэр машин, тэгээд ус хангалт гэж байна, мапс гээд л одоо тэр тэр мапс машин бол ерөөсөө ингээд л борооны нуурын ширгэсэн одоо тийм нэг шавхайны, шанаган хорхой гэж ярьдаг хорхой буцалсан тийм шалбааг руу нэг шланк дүрээд л дотроо машинаа ажиллуулчихдаг, мотор асаагаад л машин ажиллуулчихдаг, нөгөөгүүр нь шланкаар гоожиж байгаам ус. Цэвэрхэн, тагнай хага ташсан цэвэрхэн ус, тэр чинь одоо химийн бактериологийн янз бүрийн тэр зэвсгийн хордлогоос шүүдэг усыг цэвэрлэдэг, тийм техник хүртэл байсан, би тэгээд техникийн ангид сүүлийн 2 жилийн албыг хаасан, тэндээ бол би тэндээс бас нэгэн мэргэжилтэй болсон. Манайх чинь тэсэлгээний би хээрийн төхөөрөмжийн ротод байсан болохдээр зэрэг тэсэлгээчний 5-р зэрэг авсан. Тэгээд л цэргээс халагдаад ирэхэд л энд л өнөө мэргэжилтэй боловсон хүчин гэж тэгээд аймгийн хөдөлмөрийн товчоо гэж байсан, тэр чинь өнөө аймгийн хөдөлмөрийн товчоонд чинь аймгийн албан газруудад чинь мэргэжлийнхээ дутагдалтай улсуудын захиалгыг өгдөг юм байна. Тэгээд геологи 2 жолоочийн захиалга өгсөн юм билээ, тэгээд манай оны 2 жолооч геологт орсийм. Тэгээд л геологи уул уурхайтай амьдралаа холбосон хүн дээ, би.
Сайнбилэг -
Та геологт жолооч хийж байсан хүн тиймээ, хаагуур хаагуур явж юу юу хийв дээ?
Дэмбэрэл -
За би геологт явахад ер нь олон аймаг сумын нутагт явсаан. Геологийнхон чинь хавар 3 сарын дунд үед гараад л 11 сарын сүүлч 12 сарын эхээр л ажлаа дуусгаж орж ирдэг, өнөө улирлын чанартай ажил болохдээр. Хамгийн сүүлд 76 онд л хамгийн удаан явсан нь юм уу, 12 сарын 30-нд л бууж ирсэн юмдаг би. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт ажиллаж байгаад л, бууж ирж байсийм. Одоо Өвөрхангай Архангай, Ховд, Увс, Төв аймаг, Өмнөговь, аа Дорнод Сүхбаатарт хайгуулын ажлаар яваагүй ээ. Баянөлгий ер нь энэ баруун талыг хариуцдаг геологийн байгууллагт чинь Баянхонгорын геологи байлаа л даа. Тийм учраас энэ баруун талаар их явдаг, тийм.
Сайнбилэг -
Заа таныг бага байхад СД гэж явж байсаан.
Дэмбэрэл -
Өө мэдэлгүй яахав.
Сайнбилэг -
Энэ СД ер нь ямаршуу явагддаг байсан бэ?
Дэмбэрэл -
Үгүй ээ тэр СД гэдэг чинь нээх л баахан сүрхий сүржин дарга нар ирж л шалгаж, аяганы алчуур нүүр гарын алчуур, одоо хөнжил цагаан даавуу, эд нарыг л хөдөөнийхнөөс их шалгадаг байсан. Усанд хэдэн удаа орсон, энэ тэрийг. Заа тэр нь ч бас тухайн үедээ бас ард түмний өвчин эмгэг, элдэв юмнаас сэргийлэх ариун цэвэрч, боловсон байлгах гэсэн зүй ёсны шаардлага л байсан байх. Тэрнийгээ болохдээр зэрэг тэр СД-ныхон болохдээр зэрэг “Зөгий” сонин ч гэж ярьдаг байсан, “Матар” ч гэж ярьдаг байсан, тийм нэртэй ханын сонин, одоо сумын төв дээр гарганаа. Тэрүүн дээрээ бичдэг,
Сайнбилэг -
Хэрвээ тийм шаардлага хангаагүй бол
Дэмбэрэл -
Хангаагүй одоо муу байсныг нь.
Сайнбилэг -
Заа юу гэж бичих үү?
Дэмбэрэл -
Өө одоо тэднийх тийм байсан. Аяганых нь алчуур хиртэй байсан ч гэдэг юм уу, тэдний хөнжил бөөстэй байсан ч гэх юм уу, бөөс энэ тэр зурсан, тийм зураг мурагтай. Тэр бол их сүрхий өгөөжөө өгсөн,тийм их хүмүүжүүлэх ач холбогдол нь илүү байсан гэж би боддогийм. Одоо бол их аашилж загнаад л, тэд эдэн мянган төгрөгөөр торголоо барьлаа гээд л, үгүй ээ тэгээд үр дүн нь хаа байна, юу ч алга байна ш дээ. Нөгөө л нэг бахь байдгаараа.
Сайнбилэг -
Ер нь тэр СД-ны үед ахуйн соёл талдаа ямар байсан?
Дэмбэрэл -
Заа ер нь нээх цэвэр цэмцгэр айлууд байсан л байх, манай нутагт.
Сайнбилэг -
Та нэг дундаж айлыг ярь даа, ямархуу байсан?
Дэмбэрэл -
Заа дундаж айлууд бол яахав дээ, модон ортой, 3,4 бор авдартай, тэгээд л яахав, ширмэл ширдэг голдуу дэвсэнэ, өө ядарсан мал ахуй цөөтэй олон хүүхэдтэй нь бол одоо бярууны адсага гэж ярьдгийм даа, одоо тугал бяруу гэхдээр 2 настай үхрийн шир, тэгээд л ямааны арьс энэ тэр л дэвсдэг, ер нь хөнжил гээч юм чинь ер нь ховорхон, одоо үстэй дээл, хөвөнтэй дээл нөмрөөд л, өө нэг гудас хаявал хаяад л, дотуур нэг цамц өмд энэ тэр байсан, турсик бандаж чинь нэлээн хожуу, ийм шүү дээ. Оймс гэдэг юм бол байхгүй, монгол гутлын эсгий оймс, өвөл өмсдөг, зунд нь болохдээр зэрэг хөвөнтэй даавуун оймс,тэгээд л гүйцээ. Ер нь хөлийн жийрэг бол ер нь сүүлд нь нэг савхин гутал гарч ирж, тэгж л хэрэгтэй болсон байх. Тэрнээс монгол гуталд бол нэг их хөл жийргэлж өмсдөг хүн бол ер нь ховорхон байсан.
Сайнбилэг -
Аа тэр монгол гутлыг хэн хийдэг байсан?
Дэмбэрэл -
Өө тэрнийг бол за эрэгтэй хүн бол ер нь гутал хийдэг эрэгтэй хүн бол ер нь цөөхөн байдаг байсан байх. Тэр айлын авгайчуул бүх юмаа л дээл, гутлаа, өмд цамцаа, малгайгаа үгүй ээ ер нь бүх юмаа л хийдэг
Сайнбилэг -
Тэр дэлгүүрээс худалдаж авахгүй юу?
Дэмбэрэл -
Дэлгүүрт чинь тэр оймс, гутал чинь байдаггүй байсан үе. Тэр дээл .., дэлгүүрт худалддаг чинь сорочкан цамц гэж ярьдаг байсан.Одоогийн энэ захтай, ийм цамц чинь нэлээн сүүлхэнд л ирж байсан. Харин шляпан малгай, сийрсэн малгай гэж ярьдаг одоо цоорхой малгай, энэ бол харин дэлгүүрт зарагдаг байсан юм шүү, намайг бага байхад. Өө тэр малгай өмссөн улсууд бол их дэгжин ер нь чинээлэг улсуд нь тэрнийг өмсөнө шүү, тэр малгайг.
Сайнбилэг -
Ер нь тэр СД-ны үеэр хүмүүсээс яг юу юу шаарддаг байсан бэ?
Дэмбэрэл -
Аяга шанаганы алчуур, нүүр гарын алчуур, шүдний сойз, оо ариун цэвэр л сахиулах, тэгээд жорлон, муу усны нүхтэй байх, тийм.
Сайнбилэг -
Тэгээд дээр үед өмнө нь байгаагүй юм уу?
Дэмбэрэл -
Байгаагүй, тэр чинь ерөөсөө хамрын хар, жалга судагт л хүнд хөнгөнөөр бие засдаг.
Сайнбилэг -
Ер нь та юу гэж боддог вэ, СД ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ?
Дэмбэрэл -
За энэ тийм өөрчлөлт тэгээд гарчихсан гэдгийг бол үнэндээ би сайн дүгнэж цэгнэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энүүнийг бол бас ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр бол өгөөжөө өгсөн үр дүнгээ өгсөн гэж өөрөө хувьдаа л тэгж боддог.
Сайнбилэг -
Аа энэ шаардлага хангаагүй үед бол “Зөгий” дээр “Матар” дээр бичдэг байсан байна, өшөө ямар арга хэмжээ авдаг байсан бэ?
Дэмбэрэл -
Заа ер нь тэгээд нэг хурал зөвлөгөөн дээр ярьдаг байсан юм бол уу даа, тэрнээс тэрийг тэгээд сүйтгэчихэж гэнэ, тийм юмаар торгочихож гэнэ гэж тэгж дуулж байгаагүй юм.
Сайнбилэг -
Та тэгээд геологт олон жил ажиллажээ, дараа нь та Монгол-Болгарын ямар үйлдвэрт ажилласан гэлээ?
Дэмбэрэл -
Монгол-Болгар металл гэж байсан.
Сайнбилэг -
Тэр ямар учиртай үйлдвэр байсан юм?
Дэмбэрэл -
Энэ өнөө Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн /ЭЗХТЗ/-ийн орон гэж байлаа ш дээ. Одоо тэрний л шугамаар л одоо Эрдэнэт, манайх энэ Дөнтийн алтны уурхай энэ Өвдөг-Худагт Өвөрхангайн Өвдөгхудагт туйпууны/тоосго/ үйлдвэр энэ тэр чинь тэр шугамаар л өнөө 2 лагерь социалист капиталист 2 лагерь гэж байж байхад л өнөө социалист лагерийг хөгжүүлэх л гэсэн тийм одоо манай газрын доорхи баялгийг манайх одоо ганцаараа авч ашиглаж чадахгүй болох одоогийн Оюутолгойн гэрээ гэж хийж байгаатай адилхан тийм гэрээ хэлэлцээрийн дагуу 2 улсын Засгийн газар хоорондын гэрээ хийгээд, 1979 онд анхны Засгийн газар хоорондын гэрээ болсон юм байна, тийм. 1980 онд анх намар 26 болгар мэргэжилтэн ирж нарийвчилсан хайгуул 2 сар хийгээд тэгээд 81 оны 2 сараас л эхэлж шугам тавигдаж эхэлсэн юм даа.
Сайнбилэг -
Та тэр үйлдвэр лүү яаж оров?
Дэмбэрэл -
Тэр үйлдвэрт болохдээр зэрэг Баянхонгорын геологоос хэсэг жолооч нар ажилчид авсийм. Үндсэндээ Баянхонгор аймгийн геологийн алтны 1-р анги гэж одоо энэ Дөнтийн нуруунд чинь ажиллаж байсийм, нарийвчилсан хайгуул хийж. Тэгэхэд тэр анхны экспедицийнх нь дарга Баянхонгорын геологийн удирдах газар гэж байхад ерөнхий инженер гэж байхад байгаад Дорнодын геологийн удирдах газрын даргаар ажиллаж байсан Хуажин гэж хүн, жинхэнэ монгол хүн, Хуажин тийм. Өмнөговь аймгийн Мандаловооны хүн. Тэр хүн ирж тэгээд өнөө цуг ажиллаж байсан улсуудаа авъя гэж тэгэхэд бол миний тэрэг хугацаа норм нь дуусаад актанд явчихсан, би тэрэггүй сул байсан. Тэгээд л тэрүүгээрээ орсийм.
Сайнбилэг -
А за, та тэгэхэд болгаруудтай ажиллаж байсан юм байна ш дээ, тэр үед гадаадын иргэд монголчуудтай хэрхэн харьцдаг байсан бэ?
Дэмбэрэл -
Өө найрсаг сайхан харьцдаг байсан. Найрсаг сайхан. Тэр улсуудыг муу хэлэх улсууд байх нь байдаг л байсан.
Сайнбилэг -
Юу гэж муулдаг байсан юм?
Дэмбэрэл -
Яахав, ер нь их муу санаатай, дотуур тамиртай, Европын хужаа энэ тэр гэж нэрлэдэг байсан л даа. Гэхдээ бол хужаа янз бүрийн санаа бол гаргаж байгаагүй юм. Бид нартай миний цуг ажиллаж байсан улсууд бол.
Сайнбилэг -
Тэр улсуудтай та нар ямар хэлээр харьцдаг байсан?
Дэмбэрэл -
Заа ер нь манай бүх албан хэл чинь орос хэл дээр явагддаг байсан. Тэгээд нэг инээдтэй онигоо л юм даа. Монгол хүн, болгар хүн хоёр хоорондоо оросоор ярьсан байгаам. Тэгэхэд оросод сургууль төгссөн хүн юу хэлснийг нь ойлгохгүй байхад тэр хоёр хоёулаа ойлгоод, 2 тийшээ салаад явсан гэж байгаам. Тэгэхдээр зэрэг ямар ч байсан дохио зангаа, монгол, болгар, орос ерөөсөө хамаг юм холиод л яриад л, ямар ч байсан ойлголцоод л байдаг /инээв/
Сайнбилэг -
Танай гэр бүлд ямар нэгэн гадаад найз нөхөд байсан уу?
Дэмбэрэл -
Заа байлгүй яахав, би ч одоо 10 гаран 20-иод жил 20 жил болгаруудтай цуг ажилласан болохдээр надад бол болгар найзууд байлгүй яахав.
Сайнбилэг -
Орос найзууд байсан уу?
Дэмбэрэл -
Аа орос найзууд бол одоо нээх найзлаад сүйд болдоггүй, гэхдээ бол бас геологт ажиллаж байхад чинь геологийн чинь мэргэжилтнүүд орос мэргэжилтнүүд байсийм.
Сайнбилэг -
Тэднүүстэй нэлээн ойр ажиллаж байсан уу?
Дэмбэрэл -
Өө яахав их ойр дотно нээх найз нөхөд болоогүй ч гэсэн ямар ч байсан бие биенээ таньдаг, тийм байсан. Тэд нар чинь болохдээр зэрэг өнөө гадаадын мэргэжилтэн гээд бид нараас чинь зиндаа дээгүүр байсан. Гэхдээ бол манай оросууд чинь сайхан гүндүүгүй.
Сайнбилэг -
Аа тэгж ярьдаг шүү. Та манай хөрш хятад улсуудтай найз нөхөд байв уу?
Дэмбэрэл -
Заа үгүй.
Сайнбилэг -
Хятад хүнтэй ажил төрлийн холбоо байгаагүй юу?
Дэмбэрэл -
Ер нь хятад хүнтэй цуг ажиллаж барьж үзээгүй.
Сайнбилэг -
Ер нь энэ Баянхонгор аймагт хятад иргэд байж байгаагүй гэж үү?
Дэмбэрэл -
Хятад иргэд бол намайг бага байхад бол манай нутагт Цогт гуай гэж нэг хятад байсиймаа.Үгүй тэр бол Монголд орж ирээд олон жил болсон. Монгол авгайтай хүүхэдтэй, тийм хөгшөөн хүн. Тэр хүн бол гарын дүйтэй хүн байсан. Тэгээд тэр нутгийн одоо нэг эвдэрсэн хаалга, тооно, одоо нэг гуулин зэс домбонууд байлаа цайны, тэрийг чинь нэг хадаад өгчихдөг, тийм л нэг тусч хөгшин байдаг байсан.
Сайнбилэг -
Заа, та тэгээд болгаруудтай хичнээн жил ажилласан гэлээ
Дэмбэрэл -
Би ч одоо 20 жил ажиллачихав уу.
Сайнбилэг -
Хамгийн сүүлд хэдэн он хүртэл ажиллалаа?
Дэмбэрэл -
Одоо 90 онд чинь өнөө ардчилал гарч ирээд л. Үгүй ээ тэрнээс хойш чинь болгарууд чинь урт хугацаагаар биш, бага цөөн хугацаагаар ажилласан л даа. Тэгэхэд нь цуг ажиллаж л байсан.
Сайнбилэг -
Таны амьдралын туршид..., та ер нь шашин шүтдэг үү?
Дэмбэрэл -
Заа би шашин шүтээд сүйд болдоггүй.
Сайнбилэг -
Таны бодлоор энэ Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдсөн бэ?
Дэмбэрэл -
Заа, тэр үед бол хаалттай. Амьтан чинь зулаа өргөхдөө хүртэл авдар дотроо зулаа өргөдөг, тийм. Тэр чинь зул өргөвөл барьж аваад л явдаг шахуу үе байлаа ш дээ.
Сайнбилэг -
Яг тэгээд баригдаж байсан хүн байна уу?
Дэмбэрэл -
Байгаа
Сайнбилэг -
Та тийм хүн мэдвэл тэр хүний тухай ярьж өгөхгүй юу?
Дэмбэрэл -
Заа, одоо энэ 75 оны явдал юм уу, манай нутгийн Сүүл гэж нэг хүн байсийм. тэр Сүүл гуай нэг айлын ажил явдалд оролцоод энэ аймгийн төв дээр ирчихсэн байсан юм байналээ, зайлуул. Тэгээд нэг нутгийн нэг таньдаг хүн бурхан болж, тэгээд тэр хүн тэр ажил явдалд нь оролцоод, тэгээд тэр айлд нэг даллага авчихсан юм байна л даа, одоогийн. Тэгээд тэр хүн баригдаж, тэгээд энэ Бумбатын туйпуун завод гэдэг дээр 3000 чулуу цохих тийм ялаар шийтгэгдэж, тэгээд тэр хүн бол ажилд их сайн,
Сайнбилэг -
Захиргааны хариуцлага тооцсон уу?
Дэмбэрэл -
Тийм, өө тэгэхдээ бол тэр айлаас сэргийлэхийн улсууд хүрч ирээд бариад явсан. Тэгээд захиргааны хариуцлага тооцоод, тэгээд тэр хүн 3000 тоосгыг 3 өдөр тоосго цохиод, тэгээд буцаад явчихсан /инээв/
Сайнбилэг -
Та 90 онд ардчилсан хувьсгал гарч байхад ажлаасаа гарчээ, та энэ хувьсгалд ямархуу үзэл бодолтой байв, тэр ардчилсан хувьсгалыг дэмжиж байв уу?
Дэмбэрэл -
Дэмжиж байсаан.
Сайнбилэг -
Яаж дэмжиж байв?
Дэмбэрэл -
Өө хурал цуглаанд нь оролцож байсан. Энэ Баянхонгор аймгийн чинь ардчилсан хөдөлгөөнийг чинь анхалж байгуулсан нь хүүхдийн паркаас эхэлсэн гэж ярьж бичдэг юм байна. Заа тэр нь ч үнэн байх. Тэр Найдан Даш, энэ тэр гээд улсууд гэхдээ бол гол цөм нь бол өнөө Монгол-Болгарын хамтарсан үйлдвэр дээр байсан юм шүү. Тэр өлсгөлөнд чинь суусан улсын ихэнх нь манай сэхээтнүүд манай байгууллагын инженер техник, ажилчид байсийм. Тэгэхдээр зэрэг яах аргагүй тэр юу бол ер нь бүгд шахуу, за тэр үеийн албан хариуцлагатнууд Хувьсгалт Намын батлах өвөртөлсөн гишүүд, дэмждэг гишүүд байсан. Тэгэхдээ тэд нар бол айгаад ил гараагүй зайлуул. Намын гишүүн биш мань мэт нь бол тэнд дийлэнх байсаан.
Сайнбилэг -
Ер нь та хувьчлал болсон ш дээ,
Дэмбэрэл -
Тэгсэн
Сайнбилэг -
Хувьчлалаар ямар нэгэн юм хувьчилж авсан уу?
Дэмбэрэл -
Би хувьчлалыг муу хэлэхгүй ээ. Авсан. Энэ байр.
Сайнбилэг -
Ер нь танай нутагт ажлын газар хувьчлал яаж явагдаж байсан бэ?
Дэмбэрэл -
Заа манай байгууллага бол одоо хүртэл хувьчлагдаагүй. Яагаад уу гэхдээр зэрэг 2 улсын хөрөнгө. Тийм. Гэхдээ тухайн үед энэ Монгол-Болгарын хамтарсан үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Энх-амар гэдэг хүн энэ 51 айлын орон сууц байдгийм, энэ аймгийн төв дээр Монгол-Болгарын хамтарсан үйлдвэрийн. Энэ 51 айлын орон сууцыг оршин суугчдад нь хувьчилж авъя гэдэг асуудлыг би тухайн үед Үйлдвэрчний хороон дарга байсны хувьд Төрийн өмчийн хороо одоо тухайн үеийн яам тамгын газарт удаа дараа оршин суугчдын гарын үсэг, өргөдлийг Үйлдвэрчний хорооны тамга тэмдэгтэй албан бичгийг удаа дараа явуулж байсан. Хариу өгөөгүй. Тэгээд дарагдаад байсан чинь бүр 2 улсын Засгийн газар хоорондын хурлаар бараг л 2 жилийн өмнө 2 улсын хөрөнгөнөөс хасаад, хувьчлаад өгөө оршин суугчдад нь, Болгарын элчин сайдад нь хүртэл би тэр бичгийг өргөдлүүдтэй нь явуулж өгч байсан. Тэгээд тэрнийг тухайн үеийн удирдлага нуун дарчихсан байна. Тухайлбал Дэмбэрэл ч байдгиймуу, хэн ч байдгийм, өнөө дарга нарт чинь долигнож, тал тохой татдаггүй тэр дарга нарын нэг өө хардаг хүн чинь байгууллага болгонд байдгийм. Тийм улсуудаа зайлуулж, оронд нь өөрсдийнхөө хүрээллийн улсуудыг оруулж байж, тэгж байж хувьчлана гэдэг ийм нэг явуургүй бодлого баримталж байсан юм байналээ. Тэгэхэд тэр Энх-амар гэдэг хүн ерөнхий захирал болоод, одооны энэ захирал буруу гээд л байдаг хүн дарж байсан юм байналээ. Энхамар гэдэг хүн ерөнхий захирал болонгуутаа өнөө ажил хүлээж авахдээр зэрэг өнөө зөвлөлийн хурлын нягтрал гарч ирэлгүй яахав. Тэгээд тэр хүн шийдэж энэ байрыг чинь бид нарт авчирч өгсийм. Жинхэнэ оршин сууж байгаа улсуудад нь.
Сайнбилэг -
Танд өшөө би энийг ярьчих юмсан гэсэн юм байна уу?
Дэмбэрэл -
Заа одоо би өөр ч яриад байх юм юу байхав. Гэхдээ энэ түүхэнд одоо гажуудал гарахгүй байх гэж би боддогийм. Энэ манай төр хариуцлага тооцох гээч юмыг үнэндээ мартаж, хууль гээч юм үйлдвэрлээд л байна, их хурлын 76 гишүүн. Тэрнийгээ биелүүлэх талдаа тавьж байгаа хяналт даанч алга. Өө мөнгөтэй хөрөнгөтэй хүн бол юу ч хийж байсан хуулийг яаж ч завхруулж байсан зүгээр л байж байдаг юм байна. Би зөвхөн нэг хэдэн жишээнүүд хэлье, Үндсэн хуулинд Монгол улсын бүх иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэж заасан. Заа энэнийг нэг жишээгээр хэлэхэд хотод байдаг тэтгэврийн болон тахир дутуу иргэд автобус унааны хөнггөлөлт эдэлдэг. Одоо хөнгөлөлтийн билеттэй ш дээ, тэд нар. Үнэгүй явдаг. Тэгвэл хөдөө аймгийн төв дээр байгаа, сумын төв дээр байгаа, багийн төв дээр байгаа, бүр хөдөөний хот айлд байгаа малчин, өндөр настан, тахир дутуу улсууд ийм эрх байна уу, байхгүй. Энэнийг зохицуулах арга байна. Хотын тэр нийтийн тээврээр явдаг ийм улсууд нь бол жагсааал энэ тэр хийгээд л эсэргүүцэл үзүүлж л байсан л даа. Тэрнийг бол харж байсан. Тэр нь бол зүйтэй тэрнийг дундажлаад нэг хүн одоо сард нийтийн тээврээр явахад сард хэдэн төгрөг байна гэдгийг дундаж гарч ирнэ дээ, мөнгөний тоо, үгүй ээ тэтгэвэр авдаг, тэтгэмж авдаг, үгүй ээ тэтгэврийн хөгшчүүл тэр тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд авдаг тэтгэвэр дээр нь нэмээд өгчихөд энэ улсууд өдрийн гэхэд энэ өвгөний ч юм уу, өөрийг чинь ч юм уу, таныг ч юм уу гуйгаад энэ зах дээрээс нэг шуудай гурил ойртуулаад өгөөч гэхэд нөгөөдхөөсөө “хөдөлбөл хөлс” таксинд тавиад аваад ирнэ ш дээ, үүрч хувцсаа гурил болгохгүй. Тийм иймэрхүү зохион байгуулалтыг хиймээр ийм нэг санал байдгийм. Нөгөө нэг санал нь болохдээр зэрэг энэ бие биенээ идэж ууснаар нь энэ 76 гишүүн их дуудах юмаа, үнэхээр тэр Нямдорж нь гадаадын тагнуултай хуйвалдсан юм бол тэрнийгээ шоронд хий, хариуцлагыг нь хүлээлгэ, үгүй юм бол хүн гүтгэсэн Гүндалайг нь хий, үгүй энэ ингэхгүй ийм л юм гараад байгаагаас ерөөсөө энэ засгийн нэр хүнд унаад байна. Одоо нэг эрүүл мэндийн тал дээр 3,4 нярай эндлээ гээд л бөөн сүр дуулиан болоод л байна. Эмнэлгийнх нь даргыг ажлаас нь халчихлаа, үгүй ээ энэ чинь улс эх орныг батлан хамгаалах гэсэн тангараг өргөсөн цэргийн албан хаагч, хоорондоо байлдаад 3 хүн буудаад алчихсан байхад “зуд бол хуц ухнын толгой дээр” гэж үг байдгийм, монголын. Нямдоржийн толгойг яагаад илээд байдгийм, засаг төр. Үгүй ээ тэр Нямдоржийг сайдаас нь огцруулах хэрэгтэй ш дээ. Цэргийн сахилга бат муу гэдгээр 1969 онд Лхагвасүрэн генералыг халж, оронд нь Дорж гуайг сайдаар тавьж байсан. Тухайн үед одооны тэр социалист нийгэм чинь хариуцлага тооцдог, хууль нь хууль шиг байсан юм байна. Одооны энэ удирдаж байгаа улсууд шиг хуулийг ингэж завхруулж, замбараагүйтүүлж байгаагүй юм байна.
Сайнбилэг -
Заа Дэмбэрэл гуай маш их сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.
Дэмбэрэл -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.