Ermadi
![](../assets/images/interviewees/990513.jpg)
Basic information
Interviewee ID: 990513
Name: Ermadi
Parent's name: Mend-Davaa
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Christian
Born in: Bayan-Ovoo sum, Bayanhongor aimag
Lives in: Bayanhongor sum (or part of UB), Bayanhongor aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
collectivization
cultural campaigns
relations between men and women
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
mother - father
childhood
schoolchildren's life
official regulations
collectivization
private life
repression
cultural campaigns
women's life
men and women
work - labor
belief
democracy
privatization
consumer goods
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Сайнбилэг -
Заа сайн байна уу?
Эрмади -
Заа, би Баянхонгор аймгийн харьяат. Баянхонгор аймгийн Баяновоо сумын харьяат. Тийм. Мэнддаваагийн Эрмадий гэдэг хүн байнаа.
Сайнбилэг -
Эрмадий гуай та хэдэн онд төрсөн бэ?
Эрмади -
Би 1949 онд.
Сайнбилэг -
Хаана төрөв ?
Эрмади -
Баяновооны Соёмбо гэдэг газар.
Сайнбилэг -
Зарим хүмүүс өөрийнхөө төрсөн он, сарыг яг сайн мэддэггүй таамгаар тогтоосон байдаг, та бол яг мэддэг үү?
Эрмади -
Бид нарын үед чинь яг тийм эмнэлэг мэмнэлэг байдаггүй, ээж аавууд чинь л хэлдэг хөдөө орон нутагт чинь төрчихөөд л, тэгээд л нэг ямар ч байсан хүн амын тоонд оруулах гэж л хэдэн сар болсон хойно ч гэсэн бүртгүүлж гэрчилгээ авдаг байсан ш дээ, гэнэлээ.
Сайнбилэг -
Тэгэхлээр таны төрсөн өдөр юуг бол таны эцэг эх таны төрсөн өдөр, сарыг бол сайн мэдэхгүй л.., ер нь багцаагаар л.., ?
Эрмади -
Гэхдээ бол яахав, зун гарсан өвөл гарсан гэдгийг бол тэдэн сард гарсан гэдгийг л мэдэхээс тэдэн сарын тэдэнд гарсан гэдгийг мэддэггүй.
Сайнбилэг -
Таны аав ээж ямар хүмүүс байсан бэ?
Эрмади -
Миний ээж аав малчин гаралтай улс байсан. Миний аав 45 оны сүүлийн дайнд оролцож байсан, ахмад дайчин хүн байсан. Тэгээд төр засаг тэр үед чинь цэргийн 5 жилийн алба гэдэг чинь чамгүй урт хугацаа байсан. Тэгээд манай аав болохоор биеийн тамирын их хорхойтой, тэр цэргээс халагдаж ирэхдээ Баянхонгор аймаг гэдгийн Галуут сум нүүгээгүй байхад цэргээс халагдаж ирэхдээ биеийн тамирын зааварлагч гэдэг албан тушаалаар авах гэж Баянхонгорт сонгож байхад нь хөдөө аж ахуй МАА-даа хөтлөгдөөд тэгээд тэр үед чинь тийм ажлыг эрхэлсэнгүй гэж тэр аймгийн захиргаа торгож байсан байгаам, 50 төгрөгөөр. Тэр үеийн 50 төгрөг гэдэг бол бас их мөнгө байдаг байсан юм билээ. Тэгээд би 8 хүүхэдтэй айлын хамгийн том нь. Би 5 эмэгтэй дүүтэй, 2 эрэгтэй дүүтэй. Одоо миний ээж байдаг 80 хүрсэн чавганц,тийм. Энэ Баянхонгорт оршин суудаг.
Сайнбилэг -
Та бидэнд аавынхаа тухай ярьж өгнө үү?
Эрмади -
Би аавынхаа миний аав тэр Хорол гэдэг хүний 5 дахь хүү байсан. Миний аав тэгээд хэдэн үеэрээ л малчин гаралтай байсан. Тэгээд цэргийн албанд яваад харин энэ сонс эргэх, нөгөө морин дээр зогсож бургас мургас цавчдаг, ийм биеийн тамирын арга барилд суралцаад, миний аав тэгээд улсын 1-р зэргийн тамирчин тийм юуг авсан байсан цэрэгт байхдаа. Тэгээд тэр ”Бид ялав”, “Онц хилчин” гээд байлдааны одонгууд байдаг. Тэгээд л цэргээс халагдаж ирээд, барилдаад, миний аав 2 удаагийн аймгийн начин байсан. Баянхонгор, Архангай хоёрт. Начин болж байсан, ийм түүхтэй. Тэгээд тэнд манай аав ер нь одоо энэ орчин үеийг бодоход энэ нийгэмтэй их таарах хүн байсан гэж боддогийм. Архи уудаггүй, их хөөрхөн зантай, хүний дутагдлыг ил хэлдэг, тийм их тойрон хүрээлэгч сайтай, найз нөхөд сайтай л хүн байсан даа. Хүн рүү хараад дандаа инээж ярьдаг, нүд рүү нь хараад нүүрээ харуулаад ярьдаг. Тэгээд бид нарт ярихдаа би ч гэсэн бас тэгээд юу байдаг байх гэж бодсийм. Намайг улсууд инээж хүнтэй ярьдаг гээд л тэгдгийм би өөрөө сайн мэддэггүй өөрийгөө. Миний аав инээгээд хүний нүд рүү харж ярьчихаад л тийм хүн сайхан, битгий сүү долоосон гөлөг шиг өөр тийш харж ярьчихаад гөлгөнөж ярьж бай, тийм хүн муухай байдаг гээд бид нарыг анх удаа хүний хэлд орсон цагаас хойш бол тэгдэг байсан. Тэгээд муу хүнд их тусалж бай гээд муу хүнд л их хайртай бай, ядарсан хүнд л их хайртай бай гэж их захьдаг байсан. Тэгээд ч би тэрний нөлөөгөөр миний амьдрал ч гэсэн би бас ээжээсээ 6 эмэгтэй 2 эрэгтэй, би өөрөө бас 6 охин 2 хүүтэй, тэгээд аавынхаа ., би өөрийнхөө ээжээс гарсан хүүхдүүдийг давтаад миний хүүхдүүд тэгж сурсан, тэгээд л тийм л амьдралтай тэгээд л миний аав ээж хоёр малчин улс байсаан. Сум орон нутагтаа нэртэй малчин улс байсан. Тэгээд миний аав чинь тэр 58 оны тэгшилгээ гэдгээр тэгээд л лав л би нээх сайн мэдэхгүй юм, тэгэхэд би жаахан байсан, яг ээж аавын ярианаас ярихад бол 2 азарга адуу, 400- 500 хонь, нийгэмчлүүлж байсан гээд ярьдаг юм билээ, тэгээд л тэр үед болохоор зарим нь эр хониноосоо авч хоцорно, зарим нь эм хониноосоо авч хоцорно гээд л, маргалдаад л манай найз нөхдүүд тэгээд л бид хоёр хольж авч хоцорч байсийм, тэгээд аав чинь сүрхий хүн байсан юм билээ гэж манай ээж одоо ярьдаг байхгүй юу., тэгээд л хольж авч хоцроогүй нөгөө эр хонийг чинь алаад л идээд л тэгээд л өсөх юм байхгүй тийм байсан, эргүүлээд л эр хонийг чинь хургатай эм хониор чинь сольж байсан, тийм түүхтэй байсан гэж ярьдаг юм билээ. Тэгж малжиж байсан гэж. Тэгж ямар ч үнэ өртөггүй монгнол оронд тэгж нийгэмчилж нэгдэлжих хөдөлгөөн өрнөж яаж байсан юм билээ. Тэгээд сүүл рүүгээ одоо би өөрийнхөө амьдрал руу л орох болох нь дээ. Тийм.
Сайнбилэг -
Та түрүүн тэгшилгээ гэж ярьлаа, тэгшилгээ гэж ?
Эрмади -
Тийм, тэгшилгээ гэж хар ухаанаар л өнөө зүгээр ардуудын өгсөн нэр юм билээ л дээ. Нийгэмчлэх тэгшлэх гэдэг чинь өнөө айл болгоныг л адилхан толгой мал, ам бүлд нь тохирсон толгой мал үлдээнээ гэдэг чинь тэгшилгээ хийж байсан, одоо ингээд хар ухаанаар бодоход чинь тэгшилсэн л байхгүй юу. Хүн болгоныг л адилхан хөрөнгөтэй болгож байгаа улс эх орноо хөгжүүлэхийн тулд л нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлж айл болгоныг л тэгшилгээ гээч юманд оруулсан л юм байналээ.
Сайнбилэг -
Тэгвэл тухайн үед болбол нэгдэлжих хөдөлгөөнийг ард түмний дунд бол тэгшилгээ гэж ярьдаг байсан байна?
Эрмади -
Тийм, дундаа бол манайх бол мал нийгэмчлэхийг тэгшлэх гэж ярьдгийм. Ард түмний өнөө ардуудын дундах яриа байхгүй юу. Тэрнээс бол төр засгаас бол юу гэж ер нь нийгэмчлэх л гэж ярьдаг байсан байх.
Сайнбилэг -
Таны бага нас ер нь яаж өнгөрсөн бэ ?
Эрмади -
Би бага насаа ерөөсөө 17 нас хүртэл юу яасан, ээж аавынхаа гар дээр өсөөд 18 нас .., 4-р ангийн боловсролтой л доо би. 4-р анги төгсөөд л, тэр үед чинь аав ээжийн эрх мэдлээр л сургуулиас гаргаад хаячихдаг байлаа ш дээ. Би дүүтэйгээ цуг нэг ангид байсан чинь эмэгтэй хүүхдийг айлд хонуучлуулаад яахав, авч зарна гээд тэгээд олон жаахан дүү нартай байсан болоод, манай аав ээж аав хоёр намайг гаргаж аваад манай дүүг сургуульд явуулж байсан юм, манай эрэгтэй дүүг. Тэгээд би гарчихаад сургуулиас гаргаад 2,3 жил гэртээ байж байгаад энэ ханьтайгаа нийлсэн. Тэгээд л тийм түүхтэй байдаг. Тэгээд л бид хоёр 43 жил амьдраад л, ноднин уржнан манай хүн таалал төгссөн ш дээ. Тэгээд л би энэ айлд ирэхдээ дөнгөж л 17,18 нас хүрсэн ирж байсан юм. Тэгээд л тэрнээс хойш олон жил болж дээ.
Сайнбилэг -
Та тэгвэл сумандаа.., тэр үед бага сургууль гэдэг байсан уу?
Эрмади -
Тийм, бага сургуультай байсан, 4-р ангиас дээш анги байгаагүй, намайг сурч байхад суманд. Тэгээд 4-р ангиа төгсөөд, 5-р ангидаа энэ Баянхонгорт ирж 10 жилд сурдаг байсан.
Сайнбилэг -
Та сургуулийнхаа амьдралын тухай ярьж өгнө үү?
Эрмади -
Бага сургуулийн амьдрал чинь хөдөөгүүр багш нар морьтой яваад л, ингээд л танайд тэдэн нас хүрсэн тийм хүүхэд сургуульд орох юм байна, гээд л ингээд л явуулдаг. Тэгээд л хөдөөнийхөн чинь их инээдтэй ш дээ. Тэр үед чинь тэгж 7 настай 6 настай сургуульд хоногт нь өгөхгүй, 1 жил 2 жил өнжөөгөөд, одоо 2 насны зөрөөтэй, хүүхэдтэй айл бол ....заа дүүтэй нь цуг өгнө гээд сургуульд оруулдаггүй тийм байсан ш дээ. Тэгээд манай дүүтэй 10 настай намайг сургуульд оруулж байсан юм. Тэгээд л тэгж сургуульд орж байлаа, би. Тэр үед чинь машин тэрэг ч ховор байж. Мотоцикл гэдэг юм ч бас байхгүй байсан дөө бараг, хааяа л нэг улаан мотоцикл унадаг, тэгээд л хөдөө яваад л морьтой багш нар яваад л, сургуульд хөөж байна гээд бөөн л юм болдог, одоо тэр сургуульд явах чинь одоогоор бол ерөөсөө бараг гадаад явах гэж байгаа юм шиг л болж байсан юм чинь. Тэгээд тэр үед чинь одоо бахиалан гутал, эсгий гутал гэдэг чинь олддоггүй байсан үе ш дээ. Хааяа нэг дарга нарын хүүхдүүд л тийм юм өмсөнө үү гэхээс хөдөө орно нутагт өнөө л ээж аавынхаа хийж өгсөн нэхий дээл, тэр даалимбан дээл, тэр монгол гутлыг нь л өмсдөг. Би 4 төгстлөө монгол гутлаа л өмсч байсан. Ээж аавынхаа хийж өгсөн тийм дээл гуталтай л байсан, тэгээд л тэгж байгаад л 4 төгсөөд л, хөдөө гараад л малаа маллаж байсан. Манай аавынх нэгдэл гэдэг байгуулагдаж байхад тэр үед чинь суурь сууриар нь хэдэн зуугаар нь 500, 300 тэр тухайн хүний саналаар малыг суурилж байсан байхгүй юу. Тэгээд манай аав хоршооны эр хонь гээчийг манай аав малладаг, тэгээд 1000 эр хонь суурилсан тийм эр хонь Доохүү гэдэг айлтай манай аав суурь болоод, мал малладаг байсийм, намайг сургуульд байхад. Тэгээд л тэр эр хонийг чинь одоо уртын ноос гээд л зун нь хяргана, ахарлаж байгаа юм гээд л 9 сарын сүүлчээр бас хяргадаг. Тийм байлаа, тэгээд л эр хонь гэдэг чинь мэдэхгүй одоогоор бол унага даага шиг л тийм айхтар юм байдаг байсан. Тийм л ажил хийдэг байсан. Тэгээд л одоотой адилхан машин тэрэг юм байхгүй, тэмээнд ачаад л морио унаад л, тэгээд л бид нарыг чинь 40,50 км газар нүүх болбол өглөө бид нарыг чинь үүрээр одоо бүдэг бараг холын юм харагдаж байхад л босгоод л одоо өглөөний сэрүүн дээр хонь туу гээд л, морин дээр мордуулаад л жаахан идэх юм өвөрт хийж өгөөд л, морь унаад л хонь тууна, тэгээд л морь гээч юм чинь зуны халуунд бол ялаархаад л ингээд татаж өнгөрүүлчих гээд л, өнөө жаахан хүүхдүүд чинь эрт босчихсон хүүхдүүд чинь үүрэглээд л тийм орчинд тэгж л явж байсан ш дээ. Миний бага үед. Тэгээд л тэр чинь болоогүй ээ, нүүдлээр чинь их гоё дээлээ өмсөөд л, тэгээд л явна, тэгээд л ингээд л нүүгээд л нутаг уруудаж байгаа юм, өгсөж байгаа юм одоогоор бол машинд ачих юм бол маш олон машин болно ингээд айлууд, тэгээд л хонь үхэр 5 хошуу мал холилдоод л, тэгээд л хөндий хээр нутгаар ингээд л нүүгээд л явахаар олон айлын 10, 20-иор айлын ачаа 10, 20-иороо айлын хонь үхэр чинь алаглаад л, туугаад л явахаар их гоё, одооны хүүхэд үзвэл их бахдууштай их гоё юм байдаг. Жороо морьтой ч явж байдаг хурдан морьтой ч явж байдаг, морь зорио хөтөлчихсөн, гоё тэгээд л хүүхэд мүүхдээ арганд ачаад л дээр нь сүүдрэвч бариад л ингээд л олон хүүхэдтэй айл бол 2-г ингэж тэгнээд л, голд нь ингэж 2-г ачаан дээрээ тавиад л урд талд нь дүүг нь тэврүүлээд л ингээд л манайх нүүдэг байсан. Тийм л тэгээд л ингээд л гэрийн өрхийн тэргүүн эр хүн чинь нутаг усаа үзнэ, хаана буухаа үзнэ, тэгээд л тэр өвс ногооны тэнцвэрийг харна, ус мусны сайныг харна. Хаана гэрээ барих уу, хаана хэнийхтэй саахалт буух уу, хэнийхтэй айл буух уу гээд, айлаа сонгоно, тийм л сайхан л сүүлдээ нэгдэл цэгцрээд сайхан болж байсан үе. Тийм. Дээр үед бол жаахан хэцүү л байсан. Тэр үед албан журам гээч юмаар дараад л, тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн хөлөө олоогүй үедээ бол хэцүү байсан, нэг хэсэг. Тэр алба хөлийн мөнгө гэдгийг нь хүчрэхгүй, ер нь муухан айл бол бараг хотондоо малгүй, байсан үе ч гэж ярьдаг юм билээ. Албан журмын татвар гээд л нөгөө одоо нэг үхэрт гэхэд л одоо хэдэн хил мах гэдэг юм хэдэн литр сүү гэдэг юм, тийм юмаараа дарчихдаг байсан байхгүй юу. Тэгээд л нөгөө мал хуй муутай, ажил муутай улс чинь тэрийгээ хүчрэхгүй, эргэж өрөнд орж байсан юм байсан гэсэн.
Сайнбилэг -
Ухаан нь төрд тэрийг тушаах ёстой биз дээ?
Эрмади -
Төрд өгөх ёстой юмыг л одоо одоогоор бол банкны мөнгөө хүчрэхгүй малчид хэцүү байна гээд байна ш дээ, тэр үүн шиг л өнөө малынх нь ноос мах нь хүрэхгүй, одоо тэгээд л дандаа хургатай хонь маханд тавьж өгөхгүй ш дээ, тэгэхлээр л нөгөө мах нь онгойгоод л байгаа, цагаан сүүтэй малыг чинь маханд өгнө гэхээр чинь тэрийг чинь алах болно биз дээ, тэгээд л монгол хүн бэлэг дэмбэрэлээ бодоод тийм юмаа өгч чаддаггүй, тэгээд өрөнд орж байсан тийм байсан гэнэлээ. Тиймэрхүү албан журмын татвар гэж хүнийг их дарж байсан тэдэн литр сүү, тэдэн хил өрөм өгнө, тэдэн зуун хил ноос өгнө гээд. Чадахгүй хүн бол тэгээд яаж ийж өрөө өгөх үү гээд л, өрөнд орж байсан юм гэлээ дээр үед. Одоо тавин хэдэн он моны үед бол,
Сайнбилэг -
Тэгээд өрөө төлж чадахгүй хүнийг яах уу?
Эрмади -
Тэгээд л тэрийг чинь тухайн ямар ч нөхцөл байдлаар төлж байсан гэж ярьдаг юм билээ. Тэгээд хургатай хонь монь чинь намар ширгэж барьдаг юм уу яадаг юм, бие биенээсээ сольж бариад л, малтай хүнээсээ зээлж бариад л, өгдөг байсан гэж ярьдаг юм билээ.
Сайнбилэг -
Таныг бага сургуульд сурч байхад хичээлийн анги танхим, багш сурагчид ер нь яаж амьдардаг байсан бэ? Дотуур байранд байдаг байсан уу?
Эрмади -
Тийм, тэр дотуур байр гэж байсан. Байхдаа зайлуул гэр дотуур байр гэж байсан. Ингээд л нэг 10-аад гэр барьчихсан, хагас нь дотуур байр, гэр анги гээд хичээлийн анги байдаг, тэгээд л ганц давхар цагаан давхар байшин байсан л даа. Тэгээд бас нэг цөөхөн өрөөтэй байсан учраас бас анги танхим нь хүрэлцэхгүй, зарим нь гэрт хичээллэдэг, тийм байсан, тэгээд л дандаа одоо модыг нь хөрөөдөж зайлуул, өнөө хөдөөний малчид чинь ингээд л хоёр нь хоёр тэмээ, гурав нь гурван тэмээ модонд явах тэмээ гээд л айл болгоноос хомтой тэмээнүүд ингээд сумаас дайчилж намар дайчилж гаргаж, сургуулийн модыг нийтийн захиргааны модыг ингэж татдаг, одоотой адилхан өнөө машин тэрэг байхгүй, тэгээд л нэг тэмээнд чинь л 4 нарийхан мод юм уу, 2 том мод юм уу ингээд л зайлуул, хөдөөний хөдөлмөрчид ингэж модонд явж тэмээгээр хамаг аж ахуйнхаа ажлыг тэмээгээр хийдэг байсан ш дээ. Ерөөсөө л энэ машины оронд чинь тэмээ байсан байхгүй юу. Модны тэмээ гээд бүр айл болгон сурчихсан, намар одоо энэ хүрэн тэмээгээ ч юм уу, энэ хар тэмээгээ ч юм уу модонд бэлдэнэ гээд л тэгдэг. За одоо агт авна гээд л тэгдэг агтанд тэр гүүгээ өгчихье, тэр хөгшин морио өгчихье гээд л тэгээд л ингээд л төлөвлөчихсөн байдаг байсан. Тэгээд л тэд нарыгаа өгдөг. Нэг морь өгчихнө. 120-хон мянган төгрөг байлаа ш дээ. Тэгэхэд одооны хурдан морийг бол хэдэн саяар авч байгаа биз дээ. Тийм, 120-хон төгрөгөөр авдаг байлаа ш дээ. Тэгээд л тэр миний тэр сургуульд байхад чинь их гоёо тэгээд. Ингээд л 1 төгрөг өгсөн хүн бол маш их мөнгө тэрийг чинь дахин дахин гаргаж үзээд л, тэгээд л 1 төгрөгөөр чинь ирис авахад л ерөөсөө атга дүүрэн ирис ирдэг байсан. Зөндөө, тийм. тэгээд л 50 мөнгө эд нар чинь их мөнгө байдаг байлаа ш дээ. Тийм, цагаан будаа энэ тэр гэхэд л 2 төгрөг 50 мөнгө байдаг байлаа. Шар будаа гэхэд л төгрөг 60 мөнгө. Хил/кг/ гурил гэхэд л 1 төгрөг байлаа ш дээ. Тийм үед л бид нар чинь сургуульд байсан тэгээд л, багш нар чинь яахав дээ, зайлуул тэр үед чинь томилолтоор ирдэг байсан. Тэгээд л зайлуул, хөөрхий нэг томилолтоор ирсэн нэг багш ч бай, нэг эмч ч бай, нэг зоотехникч ч бай, тэгээд л нэг 3 залуу нэг муу гэр бариад амьдрах ч юм уу, баахан л нэг хөндий гэрт амьдардаг байсан ш дээ, томилолтоор ирсэн улс. Одоотой адилхан би орон нутагтаа очно тэгнэ тийм гэх юм байхгүй. Ингээд л сургууль төгсөөд л ...за та Ховдын хүнийг ч тэр, Увсын хүнийг ч тэр, Баянхонгор аймгийн Баяновоо суманд за та багшаар, та тэр Баянхонгорын тэр суманд тийм томилолтоор, та тэр Баянхонгорын тийм Бөмбөгөр суманд тийм юмаар гээд л ингээд л ерөөсөө хотоос сургууль төгсгөөд л ерөөсөө чемоданаа бариад л, томилолт өвөртлөөд л ирж байсан. Гэртээ ч очиж чадахгүй. Тийм оюутнууд бол тэгээд л аль ч нутагт байгаа ш дээ. Нутаг орондоо тэгээд л ажилласаараа байгаад л тэгээд л хань бүлтэй болоод л, амьдралаа тэлсэн улсууд зөндөө ш дээ. Тийм улсууд зөндөө байгаа.
Сайнбилэг -
Тэгээд таны хичээлийн анги танхим ямаршуу байсан?
Эрмади -
Тэр үеийн хичээлийн анги танхим чинь зайлуул, амаар нь ингээд л нүүрс гэж байдаггүй байлаа ш дээ. Нойтон хуурай мод л өдий өдий дайны л хөрөөдчихсөн, том моднуудыг л галч нар ингээд тэрийг чинь сураар оосорлож ингэж түлээд байна. Түлээд байна. Тийм л байсан. Тэгээд л утаа баагих нь баагиад л, мод л байдаг байсан. Тэгээд л тэр үед чинь л ёлка болж байгаам гээд л ийм жаахан ууттай хэлэн сахар 7,40-ийн чихэр онц сурсан хүүхдэд өгнөө бас. Тэр ёлка л надад их гоё байдаг санагддаг. Тэгээд л ёлка болно гээд л хоног тоолоод л, тэгээд л тэр нэг балын харандаа дэвтрээр шагнуулахад чинь л янзын гоё юм байсан юм тэр үедээ. Тэр нэг дөрөв таван ширхэг 7,40-н чихрээр шагнуулах чинь. Тэр үед чинь тийм юм авна гээд л янзын хичээл номондоо мэрийдэг, одооны энэ программыг бодохноо хөнгөн юм байсан юм билээ, одоо хөдөөний хүүхэд голдуу дөнгөж тийм юунд байсан болоод бид нарт тэр багш нарын ур чадвар ч цаанаасаа тийм байсан юм уу, инээд хүрмээр л хичээл үзэж байсан юм билээ. Одоо бодохноо. 4 аргын тоо, нэг монгол хэл голдуу л юм үздэг. Тэгээд нэг 4-р ангид ороод түүх, газарзүй гээд үздэг байсан байх, за нэг хөдөлмөрийн хичээл мичээл гээд л нэг тийм юм үздэг, тэгээд л ойр зуурын юм хийдэг байсан ш дээ. Тийм л юм байдаг байсан. Өөр нээх янз бүрийн сонгон монгон байхгүй, харин нээх идэвхтэй байсан юм миний үед чинь зайлуул. Өөрснөө эрх мэдэл байгаагүй, хүүхдүүд би тийм сургуульд явна, тийм сонгонд сууна, одоо тэгээд тэгээд би тэгнэ гэх тийм сэтгэхүй ч байгагаагүй юм шиг байгаам. Дандаа хөдөөнөөс голдуу ирдэг байсан болоод гэр орноо ч их санадаг байсан. Сургууль тараад явахын түүс л болдог байсан. Нэг их миний үед сургуульд явуулдаггүй л байсан юм даа. Тийм байсан юм.
Сайнбилэг -
Тэр үеийн хүүхдүүд бага сургуульд хичээлийн хэрэглэл гэж юу байдаг байсан бэ?
Эрмади -
Хичээлийн хэрэглэл гэж юу л байдаг байсан ш дээ. 5 хошуутай даавуун цүнхтэй, тэгээд л балын харандаатай сүүл рүүгээ 5 хошуутай чернилийн сав гэж нэг юм гарч, дүрж бичдэг үзэг гарч байсан юм, тийм. Тийм шоргоолжон үзэг ч л гэнэ. Нэг ийм таван хошуутай үзэг гээд л. Гахай үзэг гэж тэрийгээ тэр үеийн хүүхдүүд тэгж нэрлэдэг, модон бүдүүн иштэй үзгээр бичдэг байсийм. Одоо бол дэвтрийн шугам мугам чинь шал өөр, тал шугамтай ч байна, бидгний үед ташуу шугаманд нээх том нүдэнд бичдэг, тийм байсийм. Тэгээд тооны ном, цагаан толгойн ном хоёр л байсан. Тэгээд л яахав 4-р ангидаа ороод л тооны ном, монгол хэлийн ном гэж хувираад л, нэг тийм хоёр номтой, нэг тийм л юм байдаг байсан ш дээ, тэр үедчинь.
Сайнбилэг -
Хичээл нь тоо үзэх юм байна, монгол хэл үзэх юм байна, тэр нь уйгаржин монгол бичиг үү, крилл үү?
Эрмади -
Үгүй ээ , бид нарын үед чинь крилл л үзэж байсан.
Сайнбилэг -
Та тэгээд 4-р ангиа төгсөөд дараа нь аймгийн төв рүү ирсэн гэсэн тээ?
Эрмади -
Үгүй би 4-р ангиа төгсчихөөд, хөдөө манай аавынх чинь нэгдлийн эр хонь гээд л 1000 хонины суурь малтай байдаг байхгүй юу. Тэрийг маллуулах гэж л манай ээж аав хоёр намайг гаргачихаж байгаа байхгүй юу. Тэрийг маллуулж элбэлцүүлж туслуулах л гэж. Тэгээд л би 4-р ангиа төгсчихөөд л ээж аавдаа туслаад л хөдөө, өнөө 2,3 жил болж байгаад л тэгээд л энэ хань ижилтэйгээ нийлээд л, өрх тусгаарлагдсан юм. Тэр аавынхаасаа. Тэгээд л би одоо өөрийнхөө түүхийг яривал тэрийгээ л сайн мэдэх юм даа. Өнөө манай бид хоёрын тэр ажиллаж байсан үеийн нийгэм төр ямар байсан, нэгдэл ямар байсан бас миний бага байсан үеийг бодвол арай боловсронгуй болчихсон байсан, тэгэхдээ одоог гүйцэх юм бол байхгүй л байсан. Байгаам л даа. Бид хоёр чинь одоо дунд насны л одоо наян хэдэн жилийн л одоо дунд насны л улс юмаа даа. Яг түрүү үеийн юм бол би бас сайн мэдэхгүй. Дунд үеийн юмыг бол сайн мэднээ, бид хоёр чинь бол 15 жил мал аж ахуйн бригад дамжиж, бригадын албан хаагч гэдэг тийм улс байсан байхгүй юу.
Сайнбилэг -
Та тэгээд эргээд нэгдэлд ажилласан байна ш дээ?
Эрмади -
Тийм, нэгдэлд. Нэгдэлдээ л ажилласан.
Сайнбилэг -
Та нэгдлийнхээ нэг өдрийн ажлыг ярьж өгөхгүй юу? Ер нь юу юу болдог байсан, нэгдлээс ямар арга хэмжээ зохиогддог байсан
Эрмади -
Нэгдлээс чинь одоо тэр юу ш дээ. Малтай улс бол тэр хониныхоо тоогоор нэг хонь гэхэд сард төгрөг хэдэн мөнгө ч гэх юм уу, наян хэдэн мөнгө ч гэдэг юм уу тийм хөлс авч байсан байхгүй юу. Маш бага цалин авдаг байсан. Тэр үед яахав юм хямдхан байсан болоод амьтны амьдралд хүрэлцэж л байсан байналээ л дээ. Одоо бид хоёрыг тэр нэгдлийн албан хаагч байхад чинь хонь 45 төгрөг, одоо нэг идэшний сувай гүү авч идье гэхэд чинь 120 төгрөг байсан ш дээ. Тийм. Тэгээд одоо бол 45 төгрөгний хонь гэж юу байх вэ дээ, 45 төгрөг чинь одоо бол их жаахан ш дээ. 45 төгрөгөөр одоо чинь нэг бохь ч авч хүрэхгүй ш дээ. Өнөөдөр тийм байгаа биз? Тийм.
Сайнбилэг -
Тэгвэл та хоёр хоёулаа нэгдэлд ажиллана тээ ?
Эрмади -
Би нэгдэлд ажиллана, манай хүн болохоор бригадын хүний эмч гэж аймгийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг байсан юм.
Сайнбилэг -
Та гэр бүлийн хүнийхээ тухай ярьж өгнө үү?
Эрмади -
Манай гэр бүлийн хүн чинь бас л малчин гаралтай зайлуул. 4 настай байхад нь аав нь нас барчихсан тэгээд л ээжтэйгээ мал малладаг, нэг дүүтэй нэг ахтай. Тэгээд л манай хүн чинь.., би дээр үеийн хүүхдүүдийг одоогоор .., одоо тэр дээр үеийн хүүхдүүд байсан бол яг одоо манай хүний үеийн бид нарын үеийн улс яг дээр үедээ дээд сургууль төгссөн бол үнэхээр толгойтой улсууд байх байжээ гэж би боддог байхгүй юу. Та яагаад гэвэл? Тэгэхэд манай хүн ерөөсөө сургуульд яваагүй. Бүлгэм гээд дээр үед хэд хэдээр нь ингээд 5,6-аар нь ч юм уу, 7,8-аар нь ч юм уу, ингээд нэг бичиг үсэг тайлагдсан хүн нь ном заадаг байхгүй юу. 4 аргын тоог энэ крилл үсгийг, энэ 35 түсгийг заагаад энэ холбож бичихийг заадаг, тийм үе байсан байхгүй юу. Тэгээд тэр үед манай хүн жаахан байхдаа өнөө аав нь эрт нас барчихсан, ээж нь малд дарагдсан мал хуй малладаг, тэгээд л 3 жаахан хүүхэдтэй байсан учраас сургууль соёлд явуулж чадаагүй, тэгээд тэр манай хүн юу яадаг байсан гэсэн. Тэр бүлгэмийн улс гээчийн хажууд л цаас харандаа хоёр бариад л байж байдаг байсан гэсэн. Тэгээд тэр бүлгэмийн багш тэрийг тоохгүй ш дээ. 7,8 настай хүүхдийг. Тэгээд тэр улсуудыг бичихээр нь бичээд л, яахаар нь яасааар байгаад тэр 35 үсгийг цээжлээд, холбож бичээд сурчихсан гэж байгаам. Тэгээд жил тийм улс дагаж гүйсээр байгаад холбож бичиж сураад, чөлөөтэй 5,6, 7,8 үсэгтэй үгийг бичдэг болчихсон гэж байгаам. Тэгээд л нэмэх, хасах хоёрыг сурсан гэж байгаам тэр жилээ. Тэгээд хуваах хасах хоёрыг нь хойтон жил нь бригадын агент дагаж байж сурсан гэж ярьдгийм. Тэгээд л хөөрхий минь тийм түвшингийн боловсролтой, бага шиг, зайлуул нэг юм бичдэг, 4 аргын тоо боддог болчихсон, тэгээд л ээжтэйгээ мал малласаар байгаад л манай хүн 18 нас хүрээд л тэр хүн эмнэлгийн техникум бага эмч болчихсон, одоогоор бол сувилагч юм билээ.Тийм курст явуулсан юм билээ. 7-р ангийн шалгалт авч байгаад. Тэгээд манай хүн 7-р ангийн шалгалт өгөөд тэнцэж байсан юм гэсэн. Тэгээд сумаасаа 2-хон хүн сувилагчийн курст явахад манай хүн явж байсан юмаа би мэддэг. Яг нэг дорын бид хоёр, нэг бригадын хоёр байхгүй юу. Тэгээд л тэрийг бодвол аав ээж арай залуу, манай ээж аав залуу, аав маав амьд байсан, тэр аав нь байхгүй, ээжтэйгээ байдаг, тэгээд энэ тийм курст явж ирж байсан юм. Тэгээд л бид хоёр ерөөсөө энэ ч явж ирээд л 2 ,3 жил болоод л, тэгээд л нийлээд л бид хоёр бригадын албан хариуцлагатан болж байгаа байхгүй юу. Бригадын хүний эмч гэдэг ажлаар, тэгээд л тэр үед чинь хэцүү ш дээ, бригадын хүний эмч чинь, одоотой адилхан мотортой юм байхгүй ерөөсөө. Дандаа харанхуй шөнө болсон хойно хүний өвчин чинь хэзээ ч хүн ирэхийг нь мэдэхгүй болохоор шөнө ч л ирнэ өдөр ч л дуудна, нохой шуугиулаад л тэмээ хөтлөөд л, өвөл мөвөл цас маснаар чинь ингээд л ирнэ ш дээ. Заа таныг авах гэж явна, одоо манай хүүхдийн бие муудаад ч гэдэг юм уу, манай авгай төрөх гээд ч гэдэг юм уу, ингээд л явдаг байсан. Тэгээд л яахав хөөрхий минь бас хүний хань юм болохоороо би тэр үед их инээдтэй. Манай буурай ээж, ээжийн ээж амьд байсан, “эмч хүний авгай буян хураадаг, анчин хүний авгай нүгэл хураадаг” юмаа миний хүү. Хар нялхаасаа та хоёр хүний тусын төлөө явж байгаа, нэг нь юу боллоо гэж муу болоосой гэж бодож хоцрох вэ дээ миний хүү, битгий үхээсэй билээ, амьд байгаасай билээ гээд л бодож байгаа юм чинь. Миний хүү буян хурааж байгаа гэсэн үг гэдэг. Нээрээ манай хүн Баянхонгорт бид хоёр нийлээд л, 38 жил эмчээ хийгээд тэтгэвэртээ гарсан ш дээ. Тэгээд сүүлдээ мэргэжил дээшлүүлэх гэж хийгээд тушаалын бага эмч гэж болж байсан. Тэгээд л 15 жил энэ мал аж ахуйн бригадын тойрсоор байгаад л бид хоёр 3 дахь хүүхдээ гарахад Баяновоо сумын эх баригч бага эмчээр ирж байсан юм, манай хүн. Тэгээд би болохоор насаараа тэр ахуй үйлчилгээ, нэгдлийн зочид буудал гуанз тийм юмаар ажилладаг байсан. Тэгээд сүүл рүүгээ манай хүн чинь юу яасийм, улс орон ч овоо хөгжиж сайхан боллоо, 84 онд ш дээ. Уул уурхайн Жаргалант компани гэж Монгол-Болгарын хамтарсан үйлдвэр гэж манай нутгийн Дүнтийн нуруу гэдэгт байгуулагдаж, одоо ч байдгийм. Тэнд шилжнээ ерөөсөө, улсын том уул уурхайн байгууллага л түшиглэж байж, энэ хэдэн хүүхдийг сургууль соёлд явуулах юм байна, гэж. Чи бид хоёр энэ цалингаар бол амьдрал санасандаа хүрэхгүй юм байна гээд, манай хүн тэгээд тийшээ шилжье гэж тэндхийн бага эмчээр очиж байсийм. Болгар их эмчтэй. Тийм. тэгээд Монголын талыг хариуцсан бага эмчээр очиж байсийм. Тэгээд би тэнд ясли цэцэрлэгт нь ажиллаж байсан. Тэгээд л бид хоёр чинь 90 онд тэтгэвэрт гараад л, тэгээд л 43 жил л цуг амьдарсан юм байгаам. Тэгээд тэр 43 жилийн хугацаанд ч ерөөсөө хэцүү хатуу амьдралыг бол үзсэн ш дээ. Нэгдэл гэдэгт чинь ажиллаж байхад маш хэцүү ш дээ. Одоо тэгж айл өрх гэхэд чинь тэгж тэдэн тонн тийм 50кг таанан тийм дугуй гар тэжээл бэлдэнэ, тэдэн зуун хэдэн хадлан өвс бэлдэнэ гээд л хүн болгонд оноочихсон, тэгээд л тэрүүнийг чинь ерөөсөө мориор явж, хадаж зулгааж, тэгж хурааж тэгж эмхлүүлж, оювоолж байгаад л тэгээд нэгдэл мэгдлээс трактор дуудаж байж бриагдаараа нийлж, тэгж татаж өвснийхөө хашаанд тэгж хуримтлуулдаг байлаа. Тэгээ л тэр хивэг тэжээл тийм юмыг чинь. Тэгээд л тэр үед чинь айл өрхүүд чинь одоогоор бол амныхаа хишгийг гөвчихмөөр л , хүнсний ногоог чинь төмс мөмсийг чинь арчилж идэхээ мэдэхгүй, тэгээд л эхлээд л нөгөө төмс ногоо ирдэг болсон үед чинь, тэр жаран хэдэн он монд чинь сайхан перцев дүүрэн төмсийг чинь складанд хурааж байгаад л малчдад 17000 төгрөгнийх, 20000 төгргнийх ногоог ингээд хуваарилдаг байхгүй юу. Тэгэхээр хөдөөний бригадын өнөө хурал семинарт ирсэн улс чинь түнтийтэл түнтийтэл хаячихаад л яваад өгдөг, тэгээд тэрийг чинь хээр аваачиж хаяж байсан ш дээ. Тийм бүдүүлэг юмыг чинь арчилж идэхээ мэддэггүй.ерөөсөө тийм цаг нэг үе байсан. Тэгээд л одоогийн нийгэм бол сайхан л болж л дээ, юм хийж чаддаг, мэддэг. Хүн болгон өөрийн эрх мэдлээр. Тэгэхэд бид нарт өөрийн эрх мэдэл байхгүй. Нэг ширхэг талх ч зарах ч эрх байхгүй. Тийм юм зарсан байх юм бол та бизнес хийж байна, ажлаас нь хална, цалинг нь хасна, та тэгж наймаа хийж хүн шулж явж байсан гээд л. Тийм үе байсан, бид нарт бол ямар ч эрх байхгүй байсан. Тийм
Сайнбилэг -
Ер нь таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу?
Эрмади -
Нээх сүртэй тийм аймар нөлөөлсөн юм бол байхгүй ээ, байхгүй. Гайгүй. Бид хоёр чинь нээх тийм засаг захиргааны хариуцлага янз бүрийн тийм донгодох барих үнэхээр тийм юманд орж үзээгүй. Тэгээд засгийн ажлын төлөө бол үхтлээ бараг үр хүүхдээсээ илүү, ажлыг гүйцэтгэх гэж, биелүүлэх гэж дарга нартаа тоогдох гэж тэгдэг байсан байхгүй юу, тэр үед чинь. Бидний сайных ч биш, хүн болгон тийм байсан. Тэр үед тийм. Тэр үед баян хоосны ялгаа ч байхгүй. Бүгдээрээ тэр үед 180 мянгыг авдаг байсан бол цэвэрлэгч бол. Аль ч газрын цэвэрлэгч 180-аа л авна. За дарга бол нэг гурван зуун хэдэн төгрөгний цалин авдаг байсан бол тэрийгээ л авна. Одоотой адилхан тэр пүүс компани шиг тэдэнг саяар нь тэгж авна, тэр бригадад тэдийг хуваариллаа гэх юм байхгүй яг л яг адилхан тэгшхэн хуваарилдаг, тэгшхэн цалинтай, тэгшхэн эрх мэдэлтэй, адилхан нэг хүний удирдлаганд тийм цагт байсан болоод тийм өөрийгөө илэрхийлэх чадал муутай ч гэх юм уу даа, тийм. Үг хэлэх эрх байхгүй, үг хэлбэл буруудна ш дээ. ..Чи зайлж бай, чамаас хойно ажилчин бэлэн байна, одоо энэ эрх үүрэг даалгавар биелүүлээгүй учраас чамайг халлаа л гэнэ ш дээ. Тийм үе байсан болохоор үнэндээ тэр үедээ ч хүмүүжилтэй л байсан юм шиг байгаа юм тэр үед. Тийм байсан байхгүй юу.
Сайнбилэг -
Таны гэр бүл хамаатан садан дундаас хэмэгдсэн хүн байдаг уу?
Эрмади -
Хэлмэгдсэн хүн манай нөхрийн тэр ээжийнх нь талд байдаг байсан гэсэн. Буурал ноёнтон гэж. Тэр Гүнтэр ноёны хүү Буурал ноён гэж. Тийм гэнэлээ. Би тэрийг нээх нарийн сайн мэддэгүй юм. Тэгээд одоо тэр Буурал ноёны үр удмууд нь байдаг ш дээ. Манай хүний тэр хамаатангийн. Тэгээд тэр Буурал ноёны хүү, Гүнтэр ноён гэж баригдаад эсэргүү гээч юм болоход баригдаж явж байсан юм гэнэлээ. Тэгээд хөөрхий минь эргэж ирээгүй авгай нь жирэмсэн, наанаа 3 хүүхэдтэй үлдэж байсан юм гэсэн. Тэр үед тийм аймаар хэцүү байсан байгаа биз, тийм. Тэгээд тэр ноён болохоор манай хадам ээжийн төрсөн эгчийнх нь нөхөр байхгүй юу. Тэгээд манай хадам ээж ярьдгийм, ..Үгүй ээ бас муухай эрх мэдэлгүй цагт амьдарч байсан шүү миний хүү, ээж нь эгчийгээ 17-хон настай тэгээд нээх олон цагаан морьтой улс ирээд, толгойг нь даавуугаар боогоод, ингээд аваад явчихаж байж билээ, манай эгчийг. Тэгээд нөхрөө ч үзээгүй, тийм хүнтэй тэгээд суулгаж байсан ш дээ, миний хүү ёстой нэг хэцүү байгаа биз гээд надтай тэгж хууч хөөрдөг байсийм манай хадам ээж, тэгээд тэр хүнийх нь үр удмууд байдгийм, тэгээд л тэр чинь нөхрөө хааш нь ч авч явж байгааг нь мэдэхгүй жирэмсэн, тийм хүнд нөхцөлд хоцорч байсан гэдэг. Тэгээд л тэр 4 хүүхдийнх нь үр удмууд нь байдгийм. Одоо зарим нь сайхан сэхээтнүүд л байна, зарим нь ч яахав зайлуул, хөдөө орон нутагт байж л байдгийм. Манай хүний талд бол тийм улсууд байсийм.
Сайнбилэг -
Танай нутаг орноос тэр хэлмэгдэж байсан улсын талаар настайчуул ер нь юу гэж ярьдаг байсан бэ ? хууч яриаг та санаж байна уу?
Эрмади -
Тэр Буурал ноёны хүү Гүнтэр ноён гээчийг л Германд амьд байсан юм гэнэлээ гээд л ярьдаг ш дээ. Баригдаад Герман мерманд байсан гэсэн гэж ярьдаг юм байлээ ш дээ.
Сайнбилэг -
Аль Германд нь байсан юм бол ?
Эрмади -
Хэнмэдэхэв Германд байсан л гэдгийм, аль Германд нь байсан юм, бодвол тэр арай ойрхон Германд нь л байсан байх, манай ээж энэ тэр хадам ээж энэ тэр л тэгдэг ш дээ. Тэгээд ерөөсөө тэрийг чинь сураад олж хайж чадах ч үгүй. Тэгээд л дээр үед чинь 7 жил 5 жилээр цэрэгт явна, захиа махиа цаад улс нь ч бичиж чадахгүй, шуудан холбоо ч гэж байдаггүй, тэгээд л амьд ирвэл аз, үхвэл үхсэн л байдаг тийм, тэгээд манай аав хүртэл ахтайгаа хамт цэрэгт яваад л ах нь нас барчихсан байхад л 5 жил болоход ээж аав нь дуулаагүй л байсан ш дээ. Ганцаараа л одоо орж байсан. Тийм аймар нөхцөлд байсан байгаам ш дээ, дээр үед.
Сайнбилэг -
Ер нь та Соёлын довтолгооны талаар юу мэдэх вэ?
Эрмади -
СД-ны тухай.., дээр үед чинь СД гээд л одоогоор бол дээр үед хүний ухамсраар биш албадлагаар тэгж СД-г явуулдаг байсан байхгүй юу. Би яг тэрийг сайн мэддэгийм, манай хүн өнөө эмч байсан учраас/инээв/. Бодохноо инээд хүрдгийм, би. Өө тэр тийм муухай албадлагаар байж болохгүй ш дээ. Хүнийг чинь тогоогоо хөөгүй байлга, одооны хүүхэд бол түүх дурсгал болгох гээд байлгадаг юм байлээ ш дээ, өнөө хөөтэй тийм муухай будаг нь арилчихсан авдар сав нь утаа идчихсэн юмыг чинь энэ жинхэнэ өнгийг гартал нь зүлгэ хус гээд л бид нарыг тамладаг байсан байхгүй юу, тэгээд л тэр тогоог чинь нэг цай чаначихаад л гадаа аваачиж хайрган дээр аваачиж үрдэг, тэгээд бээлийгээр ингээд л шороо хийгээд үрээд л арчаад л ингэдэг. Тэгээд л хүн болгон тус тусдаа хөнжилтэй, тэр хөнжлийнх нь уут нь цагаан даавуунд нэр устайгаа тэгж байдаг, тэгээд л янзын. Ямар хэвлэл захиалдаг уу, хэдэн удаа усанд ордог уу, үгүй ээ бүр ёстой нэг хоргоогдохгүй юм байхгүй. Тэгээд тэр үедээ хариуцлага ярьдаг байсийм. Тэгээд л торгодог өнөө олон хүний өмнө нүүр гарын алчуурыг нь үзүүлээд л эдний юм ийм байдаг юм байна гээд л ингээд л, үзүүлээд л зураг хөргийг нь аваад л өнөө гахай махайн дээр чинь бичээд л тэгдэг байсан үе байхгүй юу. Тэгж албадлагаар СД гэж тамтай юм бид нарыг тэгж хүн болгоныг тэгж албадлгаар хийлгэдэг байсан юм. Тэр их ажлын чинь хажуугаар. Тэгээд л ямар сайндаа ..Та ямар хэвлэл захиалдаг уу гээд л, манай хүн бригадын эмч учраас тэр хаа байсан одоогоор бол тэр чинь Яам ч олон байж, 11 яам байсан юм байх даа. 71, 72 оны чинь үед. Тэгээд л хотоос Яамны төлөөлөгч нар ирээд л, хөдөө сумуудаар тараад л, тэгээд л сумын хариуцлагатнаас нэг хүн, бригадын хариуцлагатнаас нэг хүн 69-тэй яваад л ингээд л орно гэсэн айлд нь л оруулна уу гэхээс та тэднийд ор гэх юу байхгүй ш дээ. Дагаж яваа улс чинь. Тэгээд манай сумын Пунцагийн Халзан гээч айлд манай хүнтэй явж байгаад эрүүл мэндийн орлогч сайд орсон юм билээ, тэгсэн чинь тэр их бүдүүлэг, бүдүүлэг бүдүүлэгдээ аймар маш “Төр нүдээ олдог” чинь тэр байхгүй юу, аймар бүдүүлэг айл байхгүй юу. Их тэнэг хүн, тийм хүн байсийм. Тэгсэн чинь манай хүн тэрний занг мэдэх учраас явж явж энэ айлд орчихдог яанаа одоо, намайг ч ёстой нэг амьдаар нь шарах юм байна даа, гээд бодоод сууж байсан чинь. Үнэн шарсан гэж байгаа байхгүй юу. ...Заа та хэн гээч хүн бэ гэсэн. Халзан гээч хүн гэж. Та хэдэн ам бүлтэйв? Тэдэн ам бүлтэй гэсэн гэж байгаам. Тэгсэн чинь ..Та хөнжил цагаан даавуу гэдгийг хэрэглэдэг үү гэсэн чинь ...Хэрэглэдэгээ гэсэн гэнэ. ..За алив та гаргаад ир гэсэн гэнэ. Түлхүүрээ бариад босохоор нь л манай хүн нүүр нь улайчихсан гэнэ. Заа энэ ч болохоо байлаа, авдраа ухаж гаргаж ирэх нь гээд л, тэр үед чинь ийм шкаф байхгүй даавуугаар шкаф хийлгэнэ, өө нэг ийм даавуугаар дөрвөлжин маягийн хэлбэртэй юм хийгээд тэр дотроо хөнжил даавуу пүүгээг чинь хийнэ. Тэгсэн чинь авдарнаасаа цоо шинэ хөнжилтэй даавуу, нэг ч нөмрөөгүй ярликтай нь гаргаад ирсэн гэж байгаа байхгүй юу. Та одоо ингээд ярликийг нь ч аваагүй одоо энэ хөнжлийг нөмөрдөггүй л юм байна ш дээ, та яагаад нөмөрдөггүй юм гэсэн. ..манай хүнийг ёстой нэг шарсаар байгаад л гаргасан гэж байгаа байхгүй юу, тэр хүн. ..Өө хөгшин хүн чинь хайраад байдгиймаа, чаддаггүй юм, нөмөрдөггүй юм гэсэн байгаам. Тэгээд нэг дэх нь тэр. 2 дахь нь та ямар хэвлэл захиалдаг уу гэсэн чинь, “Намын үнэн” сонин гээд л яагаав нэг их том сонин ингээд л дагууд нь ураад л хөдөөнийхөн чинь тамхи ороодог байсан байхгүй юу, ..Би өнөө дагуудаа урдаг том сонин захиалдаг, нэг хөндлөн урдаг жаахан сонин захиалдаг, Баянхонгор аймгийн “Лениний зам” сонин чинь хөндлөн урдаг жаахан сонин байсан байхгүй юу. Тэгж хэлсэн гэж байгаам. Тэгээд ингэж шараад. Заа та тийм байдаг байж. ..Та нүүр гарын савангаар нүүрээ угаадаг уу гэсэн ..Үгүй ээ үгүй. Нүд хорсоод байдгийм, гэж. Тийм бүдүүлэг тийм аймаар орчинд байсан. Тэгээд л бригадын эмчийн чинь нүүрийг ёстой түлнэ биз дээ. Тэгээд л ..За даа одоо нэг иймэрхүү л улсууд байдаг юм байна гээд л ингээд л, нэлээн хэд хэдэн айлаар орсон тэгээд л нэг айлын авгай ороод л /инээв/ ...За та хөлөө гаргаадах гэсэн чинь ..миний хөл авах юм байхгүй гэсэн гэж байгаам. Тэгсэн нөхөр нь сэргэлэндүү хүн байсан ....хүн чиний хөлөөр яадгийм, чи гаргаад үзүүлэхгүй юу гэсэн чинь гаргаж үзүүлээд, яахав сайртай хумстай л байсан юм байгаа биз, тэгж байсан гээд л ёстой хөдөөнийхөн бол үнэхээр нээрээ бараг мичнээс дээр юм алга байна гээд л, бас нэг муу нэг тэгээд бас нэг нийгмийн хормойноос зүүгдэж байгаа юм болохоороо өнөө бригадын хариуцлагатнууд тэгээд л ярьдаг байсан. Тэгээд л нөгөө бригадын хурал хийхээр чинь чи тэгсэн байсан, тийм байсан гээд л өөрөө өөрсөнд нь дутагдлыг нь хэлэхээр зарим нь хүлээж авна, зарим нь хүлээж авахгүй, хэрэлдэнэ. Тийм хэцүү нөхцөл байсан байхгүй юу. Ер нь тэгээд тэр ерөөсөө ёстой нээрээ бүдүүлэг үеийн улсын чинь нийгмийн тогоо руу оруулна гэдэг чинь ёстой нэг хэцүү юм байдаг. Бид нар ч өөрөө сайн орж чадаагүй улс чинь яаж оруулах юм. Тэгээд л ёстой нээрээ инээдтэй инээдтэй юм их болдог байсан юмаа. Тэр СД гэдгээс чинь болж. Тэгээд тэр чинь бас муу юмандаа сайн, тэгээд нэг бригадуудаас шалгарсан айлуудад 11 яамны тамгатай тийм диплом өгч байсан байхгүй юу. Тэгээд манай бригадаас 3,4 айл аваад л, манайх нэг нь авч байсан байхгүй юу. Тэгээд тэгж байсан гэнэ. Бас тэгээд муу үгтэй. 4 өдөр дагаж явсан юм болохоороо өөрөө диплом авчихаж дээ гэж хэлж байсан гэж байгаам. /инээв/ Тэгээд тэр ажилгүй шар авгай нь аягаа угааж, тэр 2,3 хүүхдээ гэрээ цэвэрлэхээс өөр юу хийх вэ дээ гэж, тэгээд л аваа биз гэж хүн тэгж байсан. Хүн болгон чинь өөр өөр ухамсартай болохоор. Зарим нь ч яахав, тэднийх цэвэрхэн тийм айл гээд л тэгэлгүй яахав, бригадын эмч залуу улс чинь гэж хэлж байсан улс чиг л байгаа. Тэгээд л янз янзын л амьдрал дотор байдаг байлаа. Тэгээд тэр үед чинь их хэцүү ш дээ. Одоо бол гоё болсон байна. Жирэмсэн байлаа гэхэд чинь л зөндөө 2 жил амарч байна, бид нар чинь үгүй ш дээ. Нэг 56 хоногийн өмнө 45 хоногийн өмнө ч авч чадахгүй ш дээ, тэр декрет/жирэмсний чөлөө/ ээ, амьдралдаа болоод л тэр ажил шиг юмаа хийж байгаад л, нэг юм амралтаа авна, тэгээд л төрчихнө. Төрөөд л ердөө 56 хоноод л ажилдаа орооод л, 2 өвдөг чичрээд л ёстой нялх хүүхэдтэй 3 цаг болж хүүхдээ хөхүүлээд л, тийшээ нэг харайгаад л ясли руу нэг харайгаад л, ингэж ажлаа амжуулж л энэ олон хүүхдийг чинь өсгөсөн ш дээ, бид нар. Тэгээд одоотой адилхан 2 жил гэрт амардаг тийм юм байхгүй ш дээ. Сайндаа 56 хоног л амарч байсан. Тийм л байсан, тэгээд л тэрний муу ч гэж алга л байна. Тэгээд л ..Чи жирэмсэн юм юухэв гэж байгаагүй ш дээ. Ингээд л ясли цэцэрлэгийн 7,8,9 хүүхэн байна, ..за тэр 100 хонь 5 бод ч байдгиймуу, нядалгаа хийнэ шүү, тэр эмэгтэй улс яаж алах юм тэрийг. Тэгээд л бид нар чинь хувиара хүнд нэг тамхи авч өгдөг юм уу, 2,3 төгрөг өгдөг юм уу, хүнээр гаргуулж авчихаад л тэгээд л үдшийн бүрий болтол хуулахыг нь хуулаад л, гэдсийг нь арилгахыг нь арилгаад л, тэгээд л бид нар чинь ёстой зовж байсан ш дээ, нийгэмд амьдрах гэж, нэгдэлд ажиллах гэж. Тэгээд л нэгдэл чинь тэгээд л оноогоод л өгчихнө. Тэгээд л тэр албан газар тэдэн хүнтэй, тэдэн хонь нэг хүнд 10 хонь ч байдгиймуу, 20 ч байдгиймуу, тэгээд л оноогоод өгчихнө. Нөгөөдхийг чинь тэр олон хүүхэнтэй хэдэн хүүхэн чинь ямар нэмэр байхав дээ, ганц бүстэй хүнгүй газар чинь тэгээд л, хүн гуйж алуулна, заримыг нь хүн гуйж хуулуулна, гэдсээ арилган, өөхийг нь ялгана, өлөн гэдсийг нь хөвнө, нэхийгээ тушаана, ёстой нэг тийм хэцүү орчинд ажиллана, тэгээд тэр чинь амралтаа авах болоогүй, том гэдэс тулчихсан би одоо эднийг гэдсэнд байхад тийм л байсан. Тэгээд л нэг муу хөл дороо адсага тавьчихаад л тэр уур манан оволзчихсон, ийм болчихсон цасан дээр чинь л хөндий гэр барьчихаад л, тэр дотор чинь гэдэс арилгаж байсан ш дээ. Тэгээд л үдшийн харуй бүрий болтол тэр нядалгаа гэдэг дээр чинь сар болтол ажилладаг байлаа. Хөдөө орон нутаг чинь тэгж дотоодынхоо махыг бэлддэг байлаа ш дээ. Тэр албан газар бригад сумуудаар тараах махыг чинь. Тэгээд л ерөөсөө ямар л юм байна, адилхан л хийдэг. Тэгж эмэгтэй хүн, тэгж хөгшин хүн гэж чөлөөлж байгаагүй ш дээ. Хөдөлмөрийн л чадвартай бол та тэр таанан бордоогоо хий, өвөлжөөгөө зас, тэр хадлангаа бэлд, тэгээд мал дээр ингээд л төлчнөөр явна, бид хэд чинь. Өө өнөө айлд чинь очоод л сар болно, айлын хонинд явна, хурга ишгийг нь зөөнө, ёстой нэг хэцүү байсан ш дээ. Тэгээд тэглээ гээд цалин нэмж байгаагүй бидэнд, өө сард авдаг хэдэн төгрөгөө л авдаг. Одооны улс бол боож үхнэ биз. Ингэж ясаа цайтал зарагдчихаад, ийм мөнгө авч байх гэж гэж. Аягүй бол уйлна. Тийм хэцүү, одоо ингээд л залуучуулыг харахад бол үнэхээр .., би л хүүхдүүдээ голдгийм. Тэр үед байсан байх юм бол та нар нээрээ ёстой ганц хоёрхон хүүхэдтэй тэгээд нусаа хацартаа наах юм байна гэж, дээр үед чинь ээж аав хоёр чинь тэгж амьдарч байсан ш дээ, гээд л, та нарыг өсгөх гэж. Бид нарын үеийн улс тэгж ажилладаг байсан ш дээ, гэж. Тэгээд л ерөөсөө хийлгэхгүй юм байхгүй ш дээ. Бид нараар чинь. Тэгээд л тэр том хот хороог чинь засч байгаа нь энэ гээд л, бууцыг чинь зун чинь бороо ороод л, бууц чинь норчихсон байгаа ш дээ, шал нойтон бууцыг чинь хөрзөнг нь ховхолж бууц задал гээд л том том хивс шиг жижиг томоор нь ингээд хөрзөнг чинь лоомоор ухаад л, ингээд л ховхлоод ховхлоод цугийг нь тэгчихээд тэрийг чинь бяцалж, сүрхий шиг улс бол адуу хөөж оруулж байгаад л хашиж байгаад л бутлуулдаг байсан. Бид нар төвийн явган улс юугаараа тэгэх вэ дээ, өөрснөө тэгээд л хүрзээр цавчаад л, дэвслээд л ингэж ажилладаг байсан. Бууцыг чинь задлах гэж. Тэгээд л албан газар болгонд л 2 айлын өвөлжөө өгчихнө. Тэгээд олон албан хаагчтай газар бол 4,5-г ч юм уу. тэгээд л өнөө хөдөөний улс чинь оторт явчихсан, зун ирэхэд нь та нар өвөлжөөг нь бэлтгэсэн бай, гээд л ингээд л. Тэгээд л зовж үхдэг байсан. Тэгээд л хавар болно, ямаа самнана, өө тэдний суурь дээр оч, тэдний ямаа самна, гээд л ингэнэ. Нөгөө ямааны чинь нормыг хүргэх гээд л арай л арьсыг нь урчихна холгүй л, ураад байна, ураад байна өнөө ноолуурыг чинь. Ёстой нэг хэцүү байсан. Тэгээд л ингээд хил барьж ирээд л, өө норм хүрээгүй байна. Гээд л ингэдэг. Бид нар ч ёстой бараг нэг цэрэг шиг л бараг. Ганцхан хоёрхон хүний удирдлаганд л , ганцхан тэр засаг захиргааны удирдлаган доор л хий гэсэн юмыг нь хийгээд л, суу гэсэн газар нь сууж бос гэсэн газар нь босоод л, тийм л байсан ш дээ, ерөөсөө .
Сайнбилэг -
Хүмүүсийн амьдралд энэ СД яаж нөлөөлсөн гэж боддог вэ, та?
Эрмади -
СД бол хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлсөн. Хүн ч одоо тэр СД-оос бол энэ чинь муухай хувцас өмсөхгүй болчихсон байна, хумс хуруугаа авчихдаг болсон байна, үс толгойгоо угаадаг болчихсон байна. Тэгээд л энэ хөнжил гэдэг юмыг нөмөрч сурсан байна. Өө одоо бүр хойшлоод дэрний уут муут хөнжлийн солих даавуу, тэр бандаж гэдэг юмыг мэддэг болсон байна. Дээхнэ бол бандаж гэж байдаггүй, нэг 3 төгрөгний цагаан юмаар резин ч байхгүй нэг цагаан өмдөөр ингээд л тийм юм гараар оёж өмсдөг байсан ш дээ. Тэгээд сүүл рүүгээ бол энэ СД гоё болгосон ш дээ. Үнэхээр бас нэг хүн айлд ороод хэн ч цээрлэхээргүй, хүнийг хувь хүнийг биеэ аваад явах түвшинд хүргэчихсэн ш дээ. Гэхдээ одоо их соёлтой газрыг бодвол юу л юм. манай Монгол бол их сайн түвшинд нь хүрэхгүй л биз. Би бол тэр үеийн яг тэр нийгмийн тавин хэдэн, жаран хэдэн оны үед хаа газар их гоё болсон л гэж боддогийм ш дээ.
Сайнбилэг -
Ер нь ямар ямар салбарт чухал өөрчлөлтүүд гарсан бэ?
Эрмади -
СД ер нь салбар болгонд нөлөөлсөн ш дээ. Тэгээд л салбар болгон чинь л одоо сүүл рүүгээ нормын сүү өгдөг, бээлий тавьж өгдөг, сүүл рүүгээ тийм болсон ш дээ. Тэгээд л ясли цэцэрлэг хүртэл л одоо тэр 3 дамжлагаар таваг саваа угаадаг, ясли цэцэрлэгийн хүүхдийг өдөрт 1-р удаа гар хөлийг нь угаалгадаг, тэгээд л зөндөө тэр массаж сувилал тийм юмтай болгож өгсөн ш дээ. Дээр үед тийм юм юу ч байгаагүй, цэцэрлэгийн хүүхдийг ерөөсөө л нэг хорих журмаар л заах ч юмгүй, тэр массаж наран шарлага марлага шүдийг нь хүртэл одоо угаалгаж сургасан байна ш дээ. Цэцэрлэг яслийг хүртэл. Энэ чинь СД-той л холбоотой л шүү дээ. Тийм.
Сайнбилэг -
Ер нь СД-оор шаардлага хангаагүй тохиолдолд юу болдог байсан юм?
Эрмади -
Шаардлага хангаагүй тохиолдолд ажлын хариуцлага л гэж үздэг байсан ш дээ. Бригад сумын хариуцлагатнуудын ажлын хариуцлага муу байна л гэж үздэг байсан ш дээ. Тэгээд л тэр айлд чинь гахай махай тавьж тэр хүнийг чинь ичээх маягаар залхаадаг тийм байсан.
Сайнбилэг -
Гахай гэж юу вэ?
Эрмади -
Яахав дээ, гахай мэлхий зурчихаад л, нэрийг нь бичих ч юм уу, тэгээд л сайн улсыг онгоц монгоцны доор нэрийг нь бичих юим уу, тааруухан шиг нь морин дээр, мууг нь мэлхий гахай дээр ингэж бичиж, тэгж муу сайныг нь ойлгуулдаг байсан. Тэр үед чинь.
Сайнбилэг -
Тэрийгээ хаана хадах юм ?
Эрмади -
Тэрийг бригад бол бригадын конторт, сум дээр бол улаан булан ч юм уу, тэр ажлын депутатын байр майр гээд одооны хурлын заал, тийм газар хадаатай байна.
Сайнбилэг -
Тэрнээсээ хүмүүс ичих үү?
Эрмади -
Ичилгүй яах юм, тэр чинь муу муухайгаа олны нүдэн дээр хадуулчихсан байгаа юм чинь. Одоо тэрийг чинь өөрчлөхийн төлөө л тэгж гүрийдэг байлаа ш дээ. Тийм. Тэр чинь одоо хүүхэдтэй ялгаагүй ш дээ, онгоцон дээр бичүүлчихсэн байхад нүүр бардам алхана биз дээ, тэдний авгай явж байна ш дээ, эднийх тэрэн дээр бичүүлчихсэн байсан гээд тэгэх жишээний. Тэгдэг л байсан юм чинь. Сургуулийн хүүхэд хүртэл өнөө мэлхийн дээр зурчихсан айлын чинь аав нь энэ байна ш дээ, ээж нь энэ байна ш дээ, гээд л. Тэгэх жишээний байдаг байсан юм чинь. Сургуулийн хүүхдүүд хүртэл. Тийм л байсан юм.
Сайнбилэг -
Ер нь одоо таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ? Таны хадам эгч гэхэд л ямар хүнтэй суух гэж байгаагаа мэдэхгүй богтлоод л аваад явсан?
Эрмади -
Тийм, тэр ч одоо хэдэн оны нийгэм ч байдаг юм, одоо эр манай хадам ээжийн тэр дүүг чинь одоо дээр үеийн тэр ноён гэдэг чинь бол эрх мэдэлтэй байсан юм байна ш дээ. Одоо тэр сэтгэл санаандаа таарсанг одоо харж байгаад л, тэр хошуунд тийм сайхан хүүхэн тийм хөөрхөн охин байдаг л гэвэл тэрийг нь аваад ир гээд л шууд тулгадаг, тулгаж авдаг байсан, тийм үе байгаа байхгүй юу. Тийм муухай эрх мэдэлгүй үед амьдарч байсан байхгүй юу, нэг хэсэг. Тэр эмэгтэй хүн чинь тэр хүнийг үзээгүй болохоор чинь таалагдах ч юм уу, үгүй ч юм уу, хэцүү биз дээ. Тэгээд л аваад л очиж байгаам. Тэгээд л хадам ээж тэгж ярьдаг байсан, би 13 настай байсан, манай эгчийг 17 настай тэгээд хаа байсан говиос аваад хангайд гарч ирж байсан, тэр өрөвдмөөр байгаа биз, бид нар өнчин эгч дүү 4 тэрс хүүхэд байсан юм билээ л дээ, ээжтэйгээ байдаг манай тэр ноёны авгай болсон манай хүний эгч болохоор. Манаай хадам ээжийн эгч шүү дээ. Тэгээд ноёны авгай болчихоод эвий эвий, арай жаахан нутаг өгсч ойртож ирчихээд Эрдэнэцогтын хангай гээчид тэр Гүнтэр ноён гээчийн авгай болсон юм гэнэлээ. Миний хүү тэр эгчээ эргэчихээд ир дээ, ямаршуу хүнтэй сууж үү гээд манай ядарсан буурай ээж нь ганзаглаа бэлдэж өгөөд явуулж л дээ, хүн дагуулаад. Тэгсэн чинь манай тэр хадам ээж тэгж ярьдаг юм. Яг кино миноны юм шиг санагддаг, би бага байсан болоод. Тэгээд л...за одоо тэр шүү дээ, чи бид хоёрын очих гэж байгаа айл чинь, 4,5 гэр байсан зааж өгч байсан. Баруун урд талд нь том улаан халзтай гэр цагаан эсгий бүрээстэй гэр байсан, тэгээд айлууд бид хоёрыг очиход хонио саагаад л хонио холбочихсон, бид хоёр шон дээр нь очоод буусан чинь авгай хүн гэдэг ийм юмтай, дэрийсэн гэзэг мэзэг юмтай тийм зураг ч байдаг шүү дээ, тэгээд л гадуураа ногоо торгон уужтай манай тэр эгч танигдахгүй өндөр тийм гоё хүүхэн намайг шон дээр морио уяж байсан чинь ..өөө дүү ирлээ гээд л намайг үнсээд, миний ганзаглааг бариад гэртээ орж байсан гэж ярьдаг юм. Тэгээд л гэрт нь яваад орсон чинь 13 настай ямар том юм байхав дээ, тэр эгчээсээ 3,4 дүү л тэгсэн дээр үеийн ноёнууд муухай хогнууд шүү, одоо бодохноо гээд л, манай хадам ээж хөхөрдөг байхгүй юу. Тэгсэн чинь өнөө дээр үеийн ноёнгууд чинь ийм тав гэзэг гээд л ийм гэзэгтэй байсан, тэгээд л тийм гөлчгөнөсөн хар гэзэгтэй, монхойсон тийм цагаан хүн, бас нэг их хар ногоон хантаазтай, улаан торгон дээлтэй, хөлөө хөл дээрээ тавьчихсан нэг цоохор гуталтай юм, босох ч үгүй байсан ш дээ, намайг орсон чинь. ..Чиний дүү Ханд гэдэг чинь энэ үү, гээд тэгээд золгох ч үгүй байгаа юм чинь, муухай улс байсан шүү хүүхээд гэж одоо бодхноо зэвүү хүрмээр гээд, тэгээд тиймээ гээд манай муу эгч тэгээд тэгээд л тэгж байж байгаад тэр надтай нэг их юм яриагүй ш дээ, гээд л тэгдэг. Манай муу эгч л ...эмээгийн бие сайн уу, тэр ахынх сайн уу гээд ойр зуурын юм ярьж байгаад л, тэгээд л надад ганзаглаа сав бэлдэж, өгөөд л зайлуул. Тэгээд л тэр хүн Эрдэнэцогтоос ирээд, тэгээд дайрч ирээд тэгж нэг хүргэн ахыгаа үзэж билээ хүүхээд гэж үхсэн хойноороо одооны залуучууд бол яаж байх бол. Хүний эрх мэдэлд орно, хүний хүчинд орно гэдэг бол муухай юм байдаг юм байна хүүхээд, би тэгээд муу эгчийгээ өрөвдөж билээ, гоё сайхан л айл байсан, одоо тэгээд сүүлд нь би том хүн болчихсон бодож билээ. ..Ишшш муу эгч маань сэтгэл санаа нийлж байсан бол уу гээд л боддог байсан ш дээ ээж нь гээд ярьдаг. Тэгээд 3 хүүхэдтэй болчихоод 4 дэх хүүхэд нь гарах гээд тэр эгчийг нь гучин хэдтэй байхад гэлээ, баригдаад явж байсан гэнэлээ. Одоо тэр гэдсэнд нь үлдсэн бид нартай цуг тэр Дөнтийн Монгол-Болгарт өрмийн мастер хийдэг Норовсамбуу гэж хүн байж байгаад нас барчихсан зайлуул, тэгээд л тэр хадам ээж тэр ахыг тэгдэг байсан, ..Эвий эвий миний энэ муу дүү чинь аавыгаа үзээгүй ш дээ, тэгээд тэр баригдаад миний муу эгч том гэдэстэй 3 хүүхэдтэй тэгээд ...ишш ингэж явахаар үхчихгүй дээ гээд уйлж байсан миний муу эгч, гэж ингэж надад дараа нь эргэж харагдахгүй намайг хатааж байхаар үхчихгүй яаваа даа гээд л манай эгч 4,5 жил болчихсон хойно уйлдаг байсан гэж ярьдаг байсан, нээрэн тэгэхээс яахав дээ, тийм хэцүү үе байсан гэлээ. Тэгж ярьдаг байсан, манай ээж.
Сайнбилэг -
Одоо ингээд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь яаж өөрчлөгдсөн бэ?
Эрмади -
Шал өөр болчихсон байгаа ш дээ.
Сайнбилэг -
Таныг ажиллаж байхад жирэмсэн үед ч л ажиллаж л байдаг байсан шүү дээ ?
Эрмади -
Тийм, тэр үед чинь бас л хэцүү байсан байхгүй юу. Тэр үед чинь бас их хэцүү захиргаадалтын үе гэж. Болсон ч болоогүй ч хамаг юмыг ингэж командалж, өөрийнхөө эрхэнд л ганцхан хоёрхон хүний удирдлаган доор байлгадаг. Хүн ямар ч эрх мэдэлгүй, бид өдрийн унднаар 20,30 минут өөрийн дураар гэртээ хэвтэж байгаад, явах эрхгүй л байсан ш дээ. Бушуухан шиг гүйж ирээд л хүүхдээ хөхүүлбэл хөхүүлээд л, хатсан хатаагүй боов талх байвал идвэл идчихээд л, хичнээн хоол байлаа гээд тэрийг чинь идчихээд гарч чадахгүй л буцаад гардаг байсан байхгүй юу. Ганцхан цагт чинь яаж амжих юм, одоотой адилхан пүрххх гээд л машинаар ирчихээд л хоолоо идчихээд л явна гэх биш. Барааны газраас л явган гүйж ирээд л хүйтэнд бол хүйтэн халуунд бол халуун, ирээд л нэг хүйтэн нойтон юм идчихээд л, эргээд л гүйгээд л цагаа бүртгүүлэх гээд л, яг тэрийг чинь цалинтай нь барьдаг байсан. ..За чи тэдэн цагийн ажлын алдангитай байна, тэдэн төгрөг хаснаа гээд л ингэдэг байсан. Тэгээд л лекц дугуйланд хамрагдахгүй бол тэдэн төгрөг, сарын ажлын хөлсний тэдэн хувийг, тэр битгий хэл кино үзэхгүй бол усанд орохгүй бол гэж хасдаг байсан ш дээ. Ямар сайндаа киноны билет үзэж чадахгүй бол олон нялх нойтон хүүхэдтэй над мэтийн юм чинь билетний мөнгөө өгч үзсэн хүн болж үзээгүй байж л билетийг нь худалдаж авдаг байсан ш дээ. Би л нүүрээрээ одоо байж л байна. Тэгээд усанд орсон бол усанд орсон билет авна, ядаргаатай тэрийг чинь энэ сард би тэдэн удаа усанд орсон гэж үзүүлж , тэдэн удаа кино үзсэн гэж үзүүлж байж цалингаа авдаг байсан. Тийм хэцүү үед ажиллаж байсан ш дээ, бид нар чинь. Тэр үэнэдээ албадлага л байсан болохоос тэрний ч буруу гэж байгаагүй л дээ. Одоо бол албадсан албадаагүй яваад усандаа ордог болсон дуртай юмаа хүн хэлсэн хэлээгүй үздэг болсон, СД гэдэг бол хүнд хэрэгтэй л юм байсан байналээ л дээ. Буруу жаахан тулгалтаар л явагдаж байсан болохоос. Хүний ухамсраар нь мэдүүлж байгаагүй нь л жаахан буруу байсан юм билээ. Албапдлагаар тэгж залхааж айлгаж, тулгаж л байсан болохоос биш.
Сайнбилэг -
Одоо чинь эмэгтэй хүн төрийн сайд болж байна ?
Эрмади -
Тийм, одоо гадаад дотоод явж байна, эрэгтэй улстай мөр зэрэгцээд л яваад л амьдраад л пүүс компанитай болж болж байна. Ер нь яая гэсэн юм болгоноо л хийж байна ш дээ., эмэгтэй хүн. Би тэгээд эмэгтэй хүнийг тархи толгойны хувьд бол чадамжийн хувьд нь эрэгтэй хүнтэй ялгаагүй л гэж боддог байхгүй юу.
Сайнбилэг -
Таны бодож байгаагаар эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ?
Эрмади -
Эрэгтэйчүүдийн байдал бол адилхан л тэгш эрх мэдэлтэй болж өөрчлөгдсөн. Тэгэхдээ бол одоо яг ингээд нарийвчлаад хараад байхаар айл гэрийн амьдралыг эмэгтэй хүн голчлоод байх шиг надад тэгж санагддаг. Эмэгтэй хүндээ эрх мэдэл нь шилжчихсэн, бараг эмэгтэй хүний гарт бараг мөнгө төгрөг нь байдаг юм байналээ. Би одоо хааяа нэг залуучуудыг харж байхад бол найдлага муутай болчихсон юм уу гэж боддогийм. Одоо бид чинь нэгнийхээ үгнээс гардаггүй, бас их нэг командад байсан болоод ч тэгж байсан юм уу, тийм байлаа. Ордоо үеийн залуучуул бол бас хүнийг тийм хулхидах талдаа залхуу талдаа болчихсон байнаа. Муу хэлж байгаа ч юм биш, миний л бодоход одоо ингээд ямар ч ажлыг голохгүй хийгээд мөнгө олъё гэвэл болж байгаа байхгүй юу. Хөдлөхгүй байна, ажил голж байна. Цалинг нь голж байна. Хялбар аргаар мөнгө олох гээд байгаа байхгүй юу. Бид нар одоо дээр үед байсан бол хийе хийе гээд л хийхээр ажлууд байгаа байхгүй юу. Тэгэхэд өө тэр чинь тэдэн төгрөгний цалинтай хийхгүй ээ, гэж ингэж. Тэгээд л алт ухаад л хэдэн саяар нь ганцхан өдөр олчих санаатай. Пүүс компанитай болоод л амархан баяжчих тийм хүсэлтэй, ер амар хялбар аргаар л мөнгө олох гээд л байдаг. Тэгээд л архи дарсанд нэлээн автдаг, яагаад гэхээр ажилгүйдээ тэгдэг байхгүй юу. Уруу татлага их нэмэгдчихсэн. Тийм юм л гэж хардаг юм ш дээ.
Сайнбилэг -
Ер нь тэр үед төр эмэгтэйчүүдийн талаар ямар бодлого явуулж ирсэн бэ?
Эрмади -
Эмэгтэйчүүдпийн талаар тэр үед чинь нээх их бодлого байгаагүй юм, цаана нь олон хүүхэдтэй 8 хүүхэдтэй хүнд эхийн 1-р одон, заа нэг 5-6 хүүхэдтэй хүнд эхийн 2-р одон тийм юм авдаг байлаа, тэгээд, хүүхдийн мөнгө гэж одоог бодвол өгсөн шиг юм өгдөг байсан. Жилд нэг удаа, тэр бас бидний амьдралд их дэм болж байсан юм билээ ш дээ. Тэгээд бас эмэгтэй хүнийг харах бас эхлэл тавигдаж байж л гэж боддогийм. Бас хөөрхий хүүхдээ өсгөхөд нь мөнгө тусалж ингэж өгч байсан. Тэгээд л 56 хоногийн 45 хоногийн лист гээд л бас яахав дээ, цалингийн хэдэн хувийг ч авдаг байсан юм б дээ. Тийм, төрөхөөсөө өмнө, төрсний хойно, тэгж мөнгө авдаг байсан. Тэгээд л өөрөөр нээх харж байсан, тэр миний сэтгэлд үлдэхээр харж байсан юм байхгүй ээ.
Сайнбилэг -
“Алдарт эх”-ийн одонг дагаж мөнгө өгдөг юм уу?
Эрмади -
Өгч байсан. 1-р одонг авахад 100, 2-р одонд 50 мянга билүү.
Сайнбилэг -
100 төгрөг үү ?
Эрмади -
Тийм, 100 төгрөг.
Сайнбилэг -
Жил болгон өгөх үү?
Эрмади -
Үгүй ээ үгүй. Одонгоо авахад нь л өгнө ш дээ. Ганцхан удаа л өгнө, хүүхдийн мөнгө гэж ганцхан удаа л өгнө. Тийм байсан юм.
Сайнбилэг -
Ер ньтөрөөс өгч байгаа тэр одон урамшилд хүн урамшихаар байсан уу, тэр одонг авснаар яах юм?
Эрмади -
Тэр одонг авснаар яахав дээ, сэтгэл зүйн байдлыг жаахан сэргээж байсан л юм бол уу даа. Олон хүүхэд өсгөж торниулж байсан, тэр нийгэмдээ ингэж хүнийг нэмэрлэж байсан гэсэндээ тэрний илэрхийлэл юм уу даа, би одоо тэгж л боддогийм ш дээ. Миний 2 эхийн одон одоо хүртэл байж л байна. Хүн орж ирээд гарлаа ч гэсэн өө энэ чинь 1,2-р зэргийн одонтой, 7 хүүхэдтэй айл юм байна даа гээд л, мэдэх жишээний. Төр засаг ч гэсэн өө энэ чинь тийм олон хүүхэд өсгөсөн, тийм хүн юм байна ш дээ гэх жишээний ийм юм уу даа л гэж боддогийм ш дээ. Тэр одон тэр олон хүүхэд өсгөсөн гээд л одоо сүртэй харж үзээд байгаа юм нь муу л байна ш дээ. Тийм.
Сайнбилэг -
Та 4-р анги төгссөн гэсэн тиймээ, тэрнээс дараа нь ер нь ямар сургууль соёлоор явсан бэ?
Эрмади -
Ямар ч сургуульд яваагүй би ёстой. Тэгээд л энэ хэдэн хүүхдийг нь гаргаад л өсгөөд л, ерөөсөө өөрийнхөө хар хүчээр тэр дандаа тэр үйлчилгээний газар ясли цэцэрлэг, ахуй үйлчилгээ тийм л газар ажиллаж байсан би.
Сайнбилэг -
Та тэгээд ямар ямар ажилд ажиллаж байсан гэлээ?
Эрмади -
Би нэгдлийн зочид буудалд ажиллаж байсан, Дөнтийн яси цэцэрлэгт ажиллаж байсан, 7 жил би ахуй үйлчилгээний оёдолчин хийж байсан. Сумын салбар гэж байдаг байхад ахуй үйлчилгээний. Тийм ажил хийж байгаад л 4-ээс дээш хүүхэдтэй бол 20 жил ажилласан гээд л гаргаад хаячихсан. Тэтгэвэр чинь дуртай ч дургүй ч гаргаад хаяж байсан нэг хэсэг. Энэ ардчиллын үеэр чинь. Тэгээд л тэргээр л тэтгэвэртээ гарчихсан байхгүй юу би чинь.
Сайнбилэг -
Таны амьдралын туршид Монгол дахь шашин шүтлдэг ер нь яаж өөрчлөгдөж ирэв?
Эрмади -
Энэ одоо шарын шашин чинь намайг жаахан байхад байдаггүй байсан ш дээ. Нээх айлууд нэлийж далайтал нь бурхан тахил өрөөд, зул хүж энэ хүн болгон нээх ингэдэггүй байсан ш дээ. Энэ яагаад та тэгж байнав гэхдээр намайг 4,5-хан настай байхад манай аавынх бурхан гээд л 2 гуутай юм байсан байхгүй юу, одоо ч байдаг л юм. Тэгээд л сумын төлөөлөгч ирлээ гээд л бушуухан зурагныхаа ар өврөөр хийгээд л, авдрынхаа ар мараар хийгээд тажигнуулаад л аваад л ингээд л ийм гуутай юмыг чинь хийчихдэг зул гээд л байвал хүүүүүү... гээд л үлээгээд л, тос хийдэг юманд ингээд л буцаагаад л хийчихдэг байсан. Тэр үед чинь шашин гээд л юмыг чинь нээх яалгаж байгаагүй ш дээ. Намайг бага байхад. Би тэгээд л яахав дээ, энэ бурхан шашныг үгүйсгэхгүй л дээ, тэгэхдээ бол энэ ардчилал гэдэг юмнаас хойш маш их дэлгэрсэн байна ш дээ, ингэдэггүй юм чинь. Хүн одоо юугаа шүтэх ёстой юм, юу нь зөв юм гэдгийг л одоо олох нь хэрэгтэй юм бол уу даа гэж би боддогийм ш дээ. Тэгээд л шашин шашин гээд л ер нь залуу голдуу улсууд энэ Христийн энэ сургаалийг л зөв гэж боддог. Үнэхээр гоё гоё сургаал байдаг, би ч өөрөө энэ сургаалд итгэдэг, үнэхээр Ертөнцийн эзэн гэдэг утгаараа одоо энэ харагдаж байгаа уулыг энэ усыг, ан амьтныг төрөл төрлөөр нь хэн бүтээсэн юм, ертөнцийн эзэн гэдэг тэнгэр газрыг бүтээгээд бүтээсэн болохоор би энэнд л итгэдэг. Ер нь хүн бүтээсэн бүтээгчдээ захирагдахгзүй бол юунд захирагддаг юм, энэний сургаалийг дагах нь зүйтэй юм байна гээд л би хэдэн хүүхэдтэйгээ хамт нэгдээд л манай талийдаг ч гэсэн өөрөө сэхээтэн байсан болохоороо энэ нь зөв юм байна, бид нар ерөөсөө яахав дээ ээж ааваас уламжилж ирсэн боодолтой тэр утаа идчихсэн, тэр тангад үсэгтэй тийм юмыг үнэдээ би мэдэхгүй ээ. Энийг ингэж үе уламжлуулдаг нь буруу байгаа юм байна, тэгээд эд нар чинь энийг чинь яах юм бэ би ерөөсөө байгаа дээрээ энийг чинь одоо ерөөсөө эзний тушаал байдаг юм байна, ерөөсөө, би энийг галд өргөлөө, гээд манай хүн чинь тууштай тийм хүн байсийм, тэгээд галд өргөсөн. Тэгээд л нээрэн бурхан байсан л бол өдийд тэрийг галд өргөснөөрөө манай амьдрал сүйрээд л ёстой сүйд болох нь болсон. 5,6 жил болж байхад. Тэгээ ч үгүй, манайх. Харин сайхан байгаа манайх. Тэгээд л би яг нээрэн Есүст итгүүлж Манжийн дарлалын үед тэр шарын шашнаар бид нарыг ингэж барьж байсан нь үнэн юм байна гэж би тэгж боддог байхгүй юу. Та яагаад тэгж байна гэвэл би зах зухыг нь мэддэг байхгүй юу. Намайг жаахан байхад 5,6 настай байхад улаан тариа тариулна гээд л, нэг их шуугидаг. Улсууд нээх гоёчихоод, би бүр ээжийг хөхрүүлж байсан удаа бий, хүүхэд байсан юм болохоор. Яанаа энэ Бүдүүн Шар гуай ингээд Дэнсмаа гуай хоёр гоёчихоод л шуугичих юм, би ингээд л шуугичих юмсан том болж байгаад гэсэн ...За энэ чинь өвчин байдгийм гээд ээж тэр үед тэгж байсан байхгүй юу, тэгсэн чинь л одоо энэ шашныг чинь тэгж явагдаж байсан юм бол уу тэр аймар тэр тэмбүүтэй, өвөрмонгол хятад хүнийг оруулж ирж манай монголын нутагт ирж тарааж байсан байналээ ш дээ. Тэгээд л тэр хэлээ мэдэхгүй, тэр биет зүйлд итгүүлж байсан, одоо энүүнийг л одоо шүтээд явбал за энэ бурхан шүү дээ, чамд энийг л одоо ингээд л итгүүлчихсэн. Энэ одоо чиниий бурхан, намайг бүр тэгдэг байсан, 4 ногоон мэнгэтэй, Очирваань гээч бурхан шүтнэ, наадах чинь гээд бурхан тавьчихсан, тэгээд би тэр бурхныг шүтээд сүйд олж байгаагүй л юм даа. ...Ум мани бодмихум...аас өөр ном мэдэхгүй ш дээ. Тэгэхлээр худлаа нь үнэн байгаа байхгүй юу, энэ шашин. Худлаа гэдгийг нь одоо мэдэж байгаа байхгүй юу. Мааниас илүү ном байдаггүй, ямар юмнаас илүү юу байдаггүй гэлээ, тийм зүйр үг байдаг байхгүй юу. Тэгээд би ...ум мани бодмихум...аас өөр ном мэддэггүй, мэдье гээд цааш нь үзье гэхээр би цааш нь гаргахгүй яах юм, тэр тангад 4-р ангийн боловсролтой хүн би, яаж тэр тангад үсэг, монгол үсгийг би мэдэх юм, би битгий хэл манай хүн ч мэдэхгүй байгаа юм чинь. Тэгээд лам гээд нэг хэдэн хүнийг тусгаарлачихна, тэгээд тэр лам гэдэг нь тийм сайхан улс байдгиймуу гээд би ингээд аждаг байхгүй юу, ийм сайхан дотроосоо гэгээрсэн сайхан улс байдгиймуу гэхээр энэ ер нь сайхан юм үздэг байх гээд ингээд таньдаг хааяа нэг залуучуудыг аждаг байхгүй юу, тэгээд тэгэхээр тийм биш. За тэр авгай хүүхдээ зоддог, архи уудаг, яагаад тэр нь дотроосоо гэгээрсэн төлөвшсөн, сайхан хүн байсан юм бол яахаараа тэгж ханилсан ханиа зодож байдаг, яагаад тэр муухай архийг уудаг юм, энэ архи уусан хүн юм болгоныг л хийдэг ш дээ. Юм болгоныг л хийдэг, аль ч бурхны номонд байдаг, Будда-гийн түүхэнд хүртэл бий ш дээ, нэг архийг тэр нэг хүн тэр лам гээд байгаа хүнийг тэгсэн гэж байгаа байхгүй юу, ..та надтай унт гэсэн чадахгүй ээ гэсэн гэж байгаам. Та ямааг алаад өг гэсэн чадахгүй ээ гэсэн гэж байгаам. Тэр лам хүн. ..Та тэгвэл энэ архийг уу гэсэн чинь уучихсан чинь бүгдийг нь гүйцэтгэсэн гэж байгаа байхгүй юу. Үнэхээр тэгээд би худлаа гэдгийг нь тэгж нотолдгийм. Нээрээ одоо тэр лам л хүн юм бол тэр 3 нүглийг бүгдийг нь хийдэг юм, алийг нь ч үйлдэхгүй байх ёстой байхгүй юу. Архийг нь ч уухгүй тэр асуудлыг нь ч хийхгүй, тэгэхээр энэ худлаа гэдэг нь над олон юман дээр нотлогддог байхгүй юу, ерөөсөө эд нар чинь хэзээний дээр үеийн зүйр үгтэй, “зовлого хийсэн газар нохой залдаг, зовлон гарсан газар лам залдаг” гэсэн чинь үнэн.тэгээд л бид нар ингээд л би ч тэгж байсан, нөхрийгөө нас барахад хичнээн лам нарт л дээлийн өнгө хадаг самбай бариад л, тэгээд л ингээд өчнөөн юу юу ч өгч байсан юм, тэгэхэд тэр лам нар танайхыг тийм сайхан болгоно, чи насан туршдаа тийм байх юм байна, тийм хань ижилтэй байх юм байна, тэдэн хүүхэдтэй байх юм байна, чи одоо тэгж тэгж бай, тийм юмыг тэгж бодож бай, ийм юмыг ингэж бай гэж над сургаагүй, тэгэхээр хүн сургасан сургаагүй энэ пастеруудын үгийг дагаад энэ тэдийн тэд дээр энийг ингээд унш гээд яахад энэн дээр маш их гоё юм байдаг байхгүй юу. Тэгээд хүн хөгшин гэхгүй дотроосоо гэгээрэх хэрэгтэй юм байна, хүн өдөр хоногоор өөрийнхөө гэмийг хаяж чаддаг болгодог, энэ Библийн сургааль. Шарын шашин бол энийг чаддаггүй гэж би энийг нотолгоотой хэлнэ. Чаддаггүй. Ерөөсөө чаддаггүй юм байналээ. Чадахгүй ч явсаар байгаад бид ийм шуналтай нүгэлтэй, хүн үнэлдэг чинь энэ шашин хаюулж чадаагүйгээс бид ийм болчихсон байгаа байхгүй юу. Би тэгж ойлгодгийм ш дээ. Тэгээд яахав би цугийг нь нотолж чадахгүй л дээ, би. Аан тэгэхдээ энэ чинь ийм байдаг юм байна, би ийм юмыг нь мөрдөх хэрэгтэй юм байна, ийм зангаа би хаях ёстой юм байна, ийм үгийг би хүнд хэлэх ёсгүй юм байна, хүүхдээ тэгж хэлэх ёстой юм байна ээж аавыгаа ингэх ёстой юм байна, тэгээд би чинь ингээд мэдээд байх жишээний болдог юм байналээ. Тийм юм байналээ, тэгээд эгч нь бол яахав дээ, аль ч шашныг үгүйсгээд байх ч юу байхав, би хамгийн сайхан сургаалтай юм нь Библийн сургааль юм байна даа л гэж боддог.
Сайнбилэг -
Төрд ер нь шашин шүтлэг яаж нөлөөлсөн гэж боддог вэ?
Эрмади -
Төрд шашин шүтлэг ер нэлээн хүнийг одоо өнөө нийгэмд чинь хүн болгон өөрийнхөө эрх мэдлээр амьдарч байгаа ш дээ, тэр улсдаа улам эрх мэдэлтэй хүлээцтэй болгочихсон юм уу л гэж боддогийм. Одоо харамч хүн жишээ нь явах гэж байгаа хүүхдэд 5 цаас аваад өгч чадахгүй болчихсон жишээний, энэ Буддагийн шашин бол тийм ш дээ, өнөөдөр одоо миний аавын нас барсан өдөр ч гэдэг юм уу, тийм өдөр ч гэдгиймуу, ийм өдөр ч гэдгиймуу, манайх юм гаргахгүй гээд өгдөггүй. Нэгэндээ ингээд түмпэн сав аваад өгөх гэсэн бол өнөөдөр 2 дахь өдөр, манайх юм өгдөггүй өдөр, юм гаргадаггүй өдөр гэж энэ чинь бид нарыг хүлж байсан амьдрал юм байна гээд би боддогийм. Тэгээд би ч угаасаа хүлээсний амьдралд байгаагүй нөгөө захиргаадалтын үед байсан болохоор ...за би одоо танайхыг тэр бригадаас гаргаад тэр бригадад шилжүүллээ шүү, одоо танайхыг ингээд нүү гэж байна, өнөөдөр нүү гэж байна, тэгээд танайхыг нүүлгэчихээд тэрүүгээр ороод тийм юм ачиж ир гэсэн намайг гээд л жолооч ирээд л зогсч байхад бид хоёр хэд дэх өдрөө ямар цагтаа нүүж байсан бүү мэд, тэрний муу гэж ерөөсөө байхгүй, тийм. Өөрөө та өөрөө зүрх сэтгэл дотроо тэр хамаг юмыг бүрдүүлж байдаг ерөөсөө хувь хүний асуудал тэр гэж боддогийм ш дээ, би. Хүнд муу санаалаад л тэгчих шиг болох юм гээд л тэгэх юм бол тэр хүн тэгсэн ч байлаа гэсэн үгүй ч байлаа гэсэн, миний бодол бол над гай болох жишээний. Жаахан саад гарах жишээний тийм л юм байналээ л дээ.
Сайнбилэг -
Нэг хэсэг чинь хувьсгалын үед чинь хүмүүс одоо Буддын шашинд их орлоо, тэгээд л дараа нь болохоор ингээд хувьсгал гараад шашныг чинь урд нийгмийн юм гээд та түрүүн хэллээ ш дээ, хүн ороод ирвэл бурхнаа нуудаг байсан гэж. ?
Эрмади -
Тийм, хариуцлагатай хүн ирэхээр үү, тийм.
Сайнбилэг -
Тэгээд төр чинь дахиад бас ингээд шашин шүтэх эрхтэй болж хүмүүс юу дуртайгаа шүтэж байна, өөрийнхөө сонголтоор. Тийм. тэгэхээр төр чинь энэ шашин шүтлэгт нөлөөлөөд байгаа юм биш үү?
Эрмади -
Төр чинь өөрөө харин нөлөөлөөд байгаа ш дээ. Одоо жишээ нь их хурлын гишүүн тэрнийг чинь эртээд ярьж байсан, би тэрийг бол дэмжиж байлаа гэртээ ганцаар сууж байсан чинь. Одоо эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа, ингээд ингэж байгаа улсууд бол тэр өрсөлдөх гэж байгаа хүн лүүгээ элс цацаж байна тэр бол одоо ямар утгатай юм, тийм өчүүхэн юманд сэтгэл санаага эзэмдүүлчихсэн байна гэж байгаа байхгүй юу. Нээрээ тэр элс цацсанаар цаад хүн мэдээ ч үү үгүй ч үү, тэр хүнд юм болохгүй ш дээ. Болохгүй ш дээ. Тэр өөрийн зүрх сэтгэлд нь тэр хүндээ цацаж байгаа хүндээ л өөрт нь чухам ямар болж байгаа юм гэхээс. Тэгээд л би бодож байлаа, нээрээ л үнэн дээ, үхсэн хойноо, тэр элс цацлаа гээд л цаад өрсөлдөгч хүн чадахгүй болох нь юу л бол, чадахгүй л байхгүй ш дээ. Тэр хүн сайхан зүрх сэтгэлтэй, юманд итгэмжтэй хүн бол тэрэнд өөрийнхөө зүрх сэтгэлийг жолоодож чаддаг хүн бол ялна ш дээ. Тийм. Тэгээд тэр мухар сүсгээр юмыг ялах гээд байдаг, тэрэндээ найддаг гэж ярьж байналээ л дээ, тэр яг үнэн байхгүй юу.
Сайнбилэг -
Та ингээд 90 онд тэтгэвэрт гарсан юм байна тээ, 90 оны тэр ардчиллыг та юу гэж боддог вэ?
Эрмади -
Би 90 оны ардчиллыг дэмждэг ш дээ. Би чинь тэр ардчиллын одон ахмадын байдаг ш дээ, надад.Манай гэр бүлийн хүн ч дэмждэг байсан. Яагаад та дэмждэг юм гэвэл хүн өөртөө байгаа 5 төгрөгөө хаанаа яаж зарцуулахаа эрх мэдэлтэй болдог, ямар шашин шүтэхээ мэдэлтэй болдог, ямар хүнтэй хэдийд уулзахаа мэддэг, яаж хэдэн цаг яаж явж ямар юм олохоо мэддэг ингээд өнөөдөр сууж байгаа энэ 2 өрөө байрыг ч гэсэн таны юм шүү гээд өгч байна ш дээ, адаг нь. Адгийн наад зах нь халуун сав хар цай хүнээс айхгүй зараад явчихаж байна ш дээ. Халуун сав аарцаа хүнээс айхгүй зараад явчихаж байна ш дээ, ядарсан зүдэрсэн улс. Энэ талыг нь сайхан л гэж үздэгийм, тэгээд ардчилал гэдэг чинь цогцоороо яажсайхан байх юм бэ тиймээ. Миний 8 хүүхэд хүртэл янз бүр байна, зарим нь үгэнд орж байна, зарим нь үгэнд орохгүй байна, зарим нь сайн ажиллаж байна, зарим нь муу ажиллаж байна, төр нийгэм ч гэсэн том л цар хүрээтэй болохоос нэг л айл шүү дээ. Тэгэхээр чинь би ардчиллыг бол алдахаа алдалгүй яахав, юм чинь тэгээд л бүрэн цогцоороо энэ чигээрээ ганцхан л сэвхийгээд л сайхан болно гэж байхгүй ш дээ, голын усанд хүртэл нэг даавууг ингээд мушгиад авахад хир нь арилахгүй ш дээ. Зөндөө удаж байгаад вокдож байгаад савандаж байгаад дахиж угаагаад ингэж сайхан болдог шиг л би төр нийгмийг тэгж л цэвэрших байх гэж боддогийм. Энэ удирдаж байгаа улсын нас нь ахина эрдэм мэдлэг нь зузаарна, тэгээд дороос нь залгамж үе нь яана, сайхан хөгжилтэй орнуудтай харьцаатай, аялдаг жуулчилдаг болно, ер нь сайхан юм зөндөө л болно, монгол орон их сайхан л болно гэж эгч нь итгэдэг ш дээ.
Сайнбилэг -
Та энэ ардчилсан хөдөлгөөнд оролцож байв уу ?
Эрмади -
Оролцож байсан. Тэгээд л гарын үсэг зураад л та аль намыг дэмжих үү яах уу гээд л тэгэхээр нь би бүх хүүхдүүдээ манай энэ хань чинь бүгдээрээ энэн дээр зур гээд л ерөөсөө бараг албан газрынхаа улсыг хүртэл бид хоёр тэгж зуруулдаг байсан байх. Тийм.
Сайнбилэг -
Тэр 90-ээд оны үед таны амьдрал ямар байсан бэ?
Эрмади -
Миний амьдрал чинь тэр 90-ээд оны үед чинь манай том хүү цэргээс ирчихсэн, зарим нь оюутан тийм л байсан. Оюутан хүн л олонтой байсан, одоо энэ Бадамаа Бадамаагаас дээшхи ах эгч нар нь оюутан тийм л байсан даа. Тэгээд хэцүү л байсан, бид хоёр чинь 2-хон хүний тэтгэвэрээр тэгээд л оюутны төлбөрийг хийнэ, байрны мөнгийг олно гэдэг чинь хэцүү ш дээ. Тэгээд хэдэн мал байсныг л алж дуусгаж л эд нарын төлбөрийг төлж байсан. Тэгээд яахав, хөөрхий өнөө сайхан угаасаа бяртай сайхан хөл дээрээ зогсчихсон, компанид Монгол-Болгарын компанид ажиллаж байсан болохоор үнэндээ бид хоёрт зохих ёсны бага зэргийн тусламж үзүүлж байсан. Тийм. Тэр л мөнгө төгрөг зээлэх урьдчилах, тийм юм байсан л даа. Тэгээд хүн гээч юм хүний түшгэнд амьдардаг болохоор хүн гээч чинь олон түмэнтэй л зөв харьцаатай, зөв сэтгэхүйтэй байх юм болбол цаана нь ер нь нүдэнд харагддаг ч бай, харагддаггүй ч бай, хувь тавилан гэдэг юм хүнийг жолоодож байдаг юм байна л гэж л эгч нь итгэдэгийм ш дээ. Энэ Бид хоёрын амьдралд ч тийм байсан. Бид хоёр ёстой хувь тавиландаа л итгэж амьдарч ирсэн. Бид хоёр айл болохдоо сайхан айл байгаагүй ш дээ. Дээр үед чинь энэ модон шал, банз гэдэг чинь олддоггүй байлаа ш дээ. Бригадын эмчийнх гээд байгаам. Монгол 4 ханатай гэртэй, үүдээрээ хар цаас дэвссэн, тэгэхэд 130-ийн ор гэдэг байсийм, нэг муу хөх будагтай 2 ортой, тэгээд 4 авдартай тийм айл болж байсан ш дээ. 65 онд бид хоёр 64 онд шахуу юм даа, айл болж байсан байхгүй юу. Тэгээд тэр үеийн айл болбол тэгээд энэ олон хүүхдийг гаргаад өсгөөд, бүгдийг нь их дээд сургууль төгсгөөд, тэгээд 43, 44 жилийн амьдралын хугацаанд бол аа бас хэцүү цагт ингэж амьдрах гэжээ гэмээр тийм цаг ч их тааралдаж байлаа, ямар сайхан юм бэ, өнөөдөр чинь манайх ямар гоё юм бэ, манайх шиг айл байдаг бол уу гэмээр өдөр ч их л байлаа, заа ёстой ингэж байхаар орон тармаар юм гэхээр өдөр ч л их байлаа, тэгээд хүний амьдрал гэдэг чинь дандаа л тэгж сайхнаараа байж байдаг, дандаа муухайгаараа байж байдаггүй айл, юм гэдгийг л эгч нь ёстой эрт ойлгосон ш дээ. Хүн ерөөсөө биеэрээ бид нарын үеийн улс чинь диплом олгодоггүй л болохоос амьдралын их сургууль гэдэг юмыг бол бид нараар дүүргэчихсэн байгаа байхгүй юу./инээв/
Сайнбилэг -
Тэр ардчиллын 90 оны үйл явдал танд яаж нөлөөлж байсан бэ?
Эрмади -
Тэр үйл явдал бол бас хэцүү л байсан л даа, өлсгөлөн зарлаад л тэр үед чинь манай аймгийн захиргааны урд талд бол суучихсан байдаг байсан ш дээ. Манайхаас хүртэл 2 ч инженер ирж сууж байсан байхгүй юу. Тэгээд л бид нар чинь эд нарыгаа өрөвдөөд л хэний төлөө ингэж байгаа билээ, энэ төр засгийн төлөө ш дээ, үгүй ээ одоо эд нарыг одоо яанаа, өвчтэй болчих вий дээ, хөл гараа хайрчих вий дээ, ярих жишээний. Тэгээд нэг халуун сав буцалсан аарц өгч болдог юм бол уу, яахав ийхэв гээд л эргэж тойрч гүйж очдог, тийм л байлаа л даа. Тийм л байсан тэгээд л, төр засаг тэгээд ямар ч үймээн шуугиангүй, төр засаг гаргаж ирсэн, одоогийн удирдаж байгаа энэ залуучуудад үнэхээр баярладаг, үнэн юмыг ганц гогцоог нь олж татсан шүү л гэж үзүүрийг нь олж атгасан шүү л гэж эгч нь их баярладаг байхгүй юу, тэгээд яахав дээ, хүн ч гэсэн одоо ерөөсөө дандаа нэг хувь хүн л гэхэд л магтагдаад байна гэж байхгүй ш дээ, нэг хүнийг 5 хүний 3 нь магтаж байхад 2 нь муу хэлэх жишээтэй. Одоо энэ төр засаг ч гэсэн тийм л байна ш дээ. Энэ ардчилсан холбоо гээд л муу хэлдээд л байна, хэлээд л байна, тэр байтугай магтаад л гаргачихаа л биз дээ, тэр жишээний. Тэгээд би энэ төр засгийг алдаад алдаад хичнээн л алдаа билээ гэж тэгж байгаад хөл дээрээ зогсч нэг аль аль нь жигдрэнэ дээ, цаагуур нь нэг ерөөсөө Монгол улс амны хишигтэй, хувь тавилан сайтай, хийморьтой золбоотой, оюуны чадавхи сайтай улс юм чинь, хөл дээрээ зогсоно биз гэж өөрийгөө хүүхдээ ч тайвшруулдаг ш дээ.
Сайнбилэг -
Ардчилал танд тэр үед юу авчирна гэж бодож найдаж байсан бэ?
Эрмади -
Ардчилал чинь тэгээд л ухуулга сурталчилгаа хийдэг улс чинь тэгж байсан байхгүй юу. Ер нь хөрөнгийг өөрт нь мэдүүлнэ, хүнийг эрх мэдэлтэй болгоно гэж болох юм байна л гэж ойлгож байсан байхгүй юу, тэгээд бид хоёр тэгээд Монгол-Болгарт ажиллаад 3 өрөө шинэ байр хувьчлалаар авч байсан байхгүй юу, тэтгэвэрт гарчихсан хойноо. 56000-р ордерийг нь аваад, тэгээд би тэгж боддогийм. Нээрээ л би хэрэгтэй юмыг дэмжиж байж. Хэрэгтэй юм сэдэж байжээ, ямар айхтар ухаантай сүрхий залуучууд төрд гараа вэ гэж би бодож байсан. Тэгээд би тэр Зоригийн төлөө би голоо харлатал гашууддагийм. Нээрэн тэгээд үнэхээр ёстой нэг нээрээ сайн юмны хажуугаар чөтгөр гэж үнэн өрсөлдөж байдаг юм байна даа гэдгийг л ёстой мэдэрсэн. Тийм. Бид нарт бол сайхан амьдралыг залгуулсаан, залгуулсан. Одоо нийгмийн бид хоёрыг хүртэл уулзуулж байна гэдэг чинь ардчиллын л буян ш дээ. Ингээд найз нөхөр дээрээ ирээд ингээд семинар зөвлөгөө өгөөд, ээж дээр нь орж ирээд ингээд сууж байна гэдэг, дээр үед захиргаадалтын үед бол чи нэг газар захиргаадуулсан би нэг газар захиргаадуулсан, юун ярилцлага өгөх мантай байна.
Сайнбилэг -
Ер нь социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан юм бэ?
Эрмади -
Эрх мэдэлтэй хүн гэж бол дарга нар л байсан байх. Дарга нар чинь зайлуул эрх мэдэлтэй байлаа гээд тэгээд тэр бол мэдэхгүй дээ, дарга нар бол миний мэдэхийн хувьчлал гэдэг юмны “чоно борооноор муу хүн чөлөөнөөр” гэдэг үг тэр үг тохирч байгаа үг шүү гэж ингээд нэгдэл нийгмийг хувьчлахад бол одоо сумын дарга нар байна, ерөнхий нягтлан ч юмуу нэгдлийн орлогч энэ тэр бол тэдэн зуун хонь, тэдэн зуун хонь гээд л нэр авчихсан л байсан. Тэгэхээр би эрх мэдэл гэдэг бол ер нь аль ч нийгэмд байдаг юм байна даа, байх үедээ байдаг л юм байна гэж би боддог байхгүй юу. Тийм.
Сайнбилэг -
Та анх ингээд хувьчлалыг зарлалаа ш дээ, тэгэхэд та хаана байсан бэ?
Эрмади -
Монгол-Болгарт байсан. Өнөө Дөнтөд байсийм.
Сайнбилэг -
Та чинь нэгдлийн үед малаа нийгэмчилсэн ш дээ?
Эрмади -
Зөндөө нийгэмчлүүлсэн.
Сайнбилэг -
Та эргээд буцааж авч чадсан уу та ?
Эрмади -
Би Баяновооноос юу ч аваагүй. Тэгээд л очоод л авах гэхээр чинь эрх мэдлээ ашиглаж байсан нь мэдэгдэж айгаа биз дээ, ..Танайх Баяновооноос гараад зөндөө удсаан, одоо та хоёр ажилладаг албан газартай, одоо та хоёр өөрснөө хөдөлмөрийн насанд хүрээд бидэнд юм нийгэмчилж байсан биш гэж байгаа юм чинь яах юм. Тэгээд цаашаа заргалдаад явах гэхээр бид хоёр заргалдах зав чөлөө байхгүй, тэр үед тэгээд авдаг цалин гайгүй өндөр байсан учраас яршиг гээд тэгээд хаячихсан байгаа байхгүй юу. Тэгээд л заргалдаад л явсан бол юм авах л байсан. Тийм, тэр ардчиллын үед чинь ардчилал гарсан боловч сайн цэвэршиж гүйцээгүй, тэгээд эрх мэдэл гэдэг чинь тэрүүхэн үедээ явагдаад л, хүн хөрөнгөнд хорхойтой учраас тэрүүн дээр чинь хурц явагдаж байсан борлоод мань мэтийн юманд гадны байгууллагад ажиллаж байсан улст юм өгөөгүй байхгүй юу. Нэгдэл нийгмийг гардаж байсан улс чинь өөрснөө нэлээн голыг нь авчихсан байгаа байхгүй юу.
Сайнбилэг -
Ямар хүмүүс бусдаасаа илүү өмч эзэмшээд гараад ирсэн бэ?
Эрмади -
Тэр нөгөө дарга нар, эрх мэдлийг өөртөө авсан эрх мэдлээ дэндүү ашигласан гэж боддогийм ш дээ, би. Тэгээд одоо энэ тавагтай юмыг би ганцаараа идсэн байхад энийг би ганцаараа идсэн байхад намайг хэлэх хүн байхгүй ш дээ, манай хүүхдүүд ээж идчихэж дээ гэж бодоод, миний урдаас юм хэлж чадахгүй, айх жишээний байх ч юм уу тийм, тэрэнтэй л адилхан. Эрх мэдэлтэй улсууд ингээд л идчихсэн байхад ганц нэгээрээ хэлэхээр ад л болж байсан, тэр үед чинь. Амьтан уруу татаж байна гээд бараг л шийтгэл л хүлээж байсан ш дээ, тэр үед чинь. Яг бид 2-г ардчилал гараагүй байхад яг дарга цэрэг гэхгүй үнэндээ эрх мэдэл тэгш байсан юмаа зайлуул. Бас тэр үед чинь.
Сайнбилэг -
Ер нь таны бодож байгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүст хувьчлал ялгаатай нөлөөлсөн үү?
Эрмади -
Ялгаатай нөлөөлсөн. Ялгаатай байлгүй яахав.
Сайнбилэг -
Ялгаа нь чухам юу байна?
Эрмади -
Ялгаа нь одоо манай албан газар хувьчиллаа гэхэд л ингээд л одоо ингээд л алт ихтэй карьерийг нь авчихсан ч байдаг юм уу, машин тэрэгнээс нь гэхэд л ил далд 2,3 г авчихсан ч байдаг юм уу, тийм инженер дарга нар зөндөө л байгаа ш дээ. Тэр нээрэн тэгш л хуваарилдаг л юм бол тэр гараашид өрөөтэй байж байгаа ..за чи тэр барьж байгаа тэргээ ав, чи энийг ав, за тэр Батаа тэр котейнерийг ав гээд хувьчлах нь яасан юм. Тэгэхгүй л ингээд ил далд хувьчлаад л, тэгээд л ингээд тэд чинь орон сууцтай, тэнд ч орон сууцтай улс зөндөө л байж байгаа ш дээ. Тэгээд тэрэн дээр тэгш эрх мэдэл гараагүй л байхгүй юу. Тийм.
Сайнбилэг -
Та социализмын үед гадаад улсуудтай ажиллаж байсан уу?
Эрмади -
Ажиллаж байсан би, Монгол-Болгарт байхдаа болгаруудтай ажиллаж байсан.
Сайнбилэг -
Та гадаадын хүмүүсийн тухай ярьж өгөөч? Тэр хүмсүүд юу хийж байсан юм?
Эрмади -
Тэр гадаадын тэр улсын чинь туслах ажилчингаар нь л явдаг, тэр газрыг хэмж гэхээр нь хэмждэг, өнөө авдаг цалингаа л авч байсан болоод тэр улсыг анхаардаггүй л байсан юм. Гэхдээ гадаадын улс чинь тийм муу улс байгаагүй гэж боддогийм. Би чинь хүүхдүүд одоо ид нялх байлаа, би чинь ганц минут ажлаасаа хожигдоод л гүйгээд очдог байхгүй юу, тэгэхлээр олон хоног сар цуг ажилласан болгарууд ..Чи цаг зүү гээд байхгүй надад гэхээр бугуйн цагаа тайлаад өгч байсан удаа байдгийм. Би тэгээд монгол хүн ингээд ажлаас хожигдоод байхад бугуйн цагаа тайлаад өгч байсан монгол хүн байхгүй ш дээ бид нар дотор, тэгэхлээр ялгаа нь нэлээн соёлтой, арай ухамсартай юм үзсэн ч гэх юм уу, юмыг таньж мэдсэн улс байна даа л гэж боддогийм. Одоо би хэзээ хойно бодоод л, тэгэхэд тэр болгар захирал над руу хангинаж байгаагүй л юм, чи хожигдлоо гэж. Тэгээд л чи цаг зүү, цаг зүү цаг гээд л ингээд л байсан. Надад байхгүй гээд л тэгж байсан. Инээгээд надад цаг өгч байсан байхгүй юу, тэр болгар. Тэгээд би боддогийм, монгол дарга нар хожигдлоо гээд хангинана даа, энэ гадаадын улс ямар гоё соёлтой юм бэ гээд би бодож байсан байхгүй юу. Тийм.
Сайнбилэг -
Тэр хүмүүс монголчуудтай хэрхэн харьцдаг байсан?
Эрмади -
Сайхан харьцаатай байсан. Тийм. Манай тэр Монгол-Болгарт чинь одоо 80-120 болгар ирдэг байсан ш дээ, зөндөө. Тэгээд л монгол гэрт амьдардаг, тийм гоё их сайхан том үйлдвэр байсан ш дээ.
Сайнбилэг -
Орчуулагчтай юу ?
Эрмади -
Өө орчуулагч бий. Орчуулагчтай, тэгээд 2 талын хариуцсан удирдагч нартай. Монгол-болгарын ерөнхий инженер нь монгол хүн байхад туслах нь орлогч инженер нь болгар хүн байх жишээтэй. Тийм л байсан ш дээ.
Сайнбилэг -
Ер нь ингээд социализмын үед ингээд тэр үед гээд бодъё л доо, ингээд аймгийн төвийн дэлгүүрээс бараа материал авъя гэвэл тэр үеийн дэлгүүрт орвол юу юу байсан бэ?
Эрмади -
Тэр намайг ажиллаж байх үед үү?
Сайнбилэг -
Тийм, гутал хувцас юу байдаг юм..,?
Эрмади -
Намайг ажиллаж байх үед чинь тэр гутал хувцас чинь одоо шиг ийм байгаагүй л дээ. 45-ийн гутал гээд л тэгдэг, өө ёстой тэр чинь жинхэнэ оочерлжуулж сурч байсан үе байхгүй юу тэр үе чинь. Заа юу л болно дамаан бараа таваарт дандаа л оочерлож байдаг. Заа 35-ийн өмд авах гэж байгаа, 45-ийн гутал ирсэн гэнэ, гээд л. Тийм ноосон цамц тийм халуун сав ирсэн гэнэ, гээд л. Тэр даргатаа аашлуулбал аашлуулаад л байвал байгаад л, оочер л ингээд л зайгүй байсан. Хүүхдээ зогсоочихоод л ажил руугаа нэг гүйгээд л өнөөх рүүгээ нэг гүйгээд л, ингэж байсан үе ч зөндөө л байсан л даа. Тийм хэцүү үед байсан байхгүй юу. Одоо энэ ардчилал гэдэг чинь хүн өөрийгөө л жолоодож захирч чадах юм бол хамаг юм бэлэн болчихсон байгаа байхгүй юу. Бид нарыг оочероос салгасан байгаа байхгүй юу. Бухимдлаас салгасан байхгүй юу. Одоо улс бухимдаад байна гээд байгаа байхгүй юу, би өөрснийхөө муугаас болоод бухимддаг юм байна гэж боддог, ажил голж байна, хүний бухимдал гэдэг чинь санхүүгийн эрхшээлд орчихсон, амьдралын бэрхшээлд орчихсон хүн бухимдана биз дээ, үгүй бол өвчин зовлонд орчихсон хүн бухимдана тиймээ. Тэр хоёрыгоо өөрнөө тархи толгойгоороо зохицуулж чадахгүйдээ болж бухимддаг юм байна, хүн бухимдлаа өөрөө л тарьдаг юм байна гэж боддогийм ш дээ. Эгч нь бол хэцүү үед ажиллаж амьдарч байсан болохоор тэгээд би ч заримдаа хүүхдүүдээ ч гэсэн заримдаа бухимдаад л байхаар нь би тэгж боддогийм, ...Чи юундаа бухимддаг юм, өнөөдөр чи юугаа зарсан ч дур байна, ямар ажил хийсэн ч дурны байна, энэ шонгийн модыг ухахад л 4000 цаас л гэж байна,яадаг юм чи ухахад гээд л тэгчихдэг юм. Ийм юмыг тэгээд энэ залуучууд залхуу. Одооны залуучууд их залхуу байна.
Сайнбилэг -
Та ер нь хойч үедээ хандаж юу гэж хэлмээр байна?
Эрмади -
Би хойд үедээ ер нь хандаж хүн ер нь дотор хүндээ захирагдаж, хүн өөрийнхөө өө сэвийг хянаж дарж, эвтэй найртай, ажилч хөдөлмөрч байгаарай л гэж захимаар байна, Тийм. Хүн хүнийг хүн ёсоор үздэг, хүн чанар сайтай тийм л байвал хүнд хайраа үзүүлж чаддаг хүнийг хайрлаж чаддаг, тийм байгаачээ л гэж хэлмээр байна. Тэрнээс одоо юм болгон бэлэн байна, хүн өөрөө залхуугаасаа болоод юмгүй байна. Тэгээд хүн хүнээ хайрлаж чадахгүй байна ш дээ, одоо. Өнөөдөр бас нийгэм тийм байнаа. Бие биенээ алж байна, дээрэмдэж байна, тэр тэтгэврийн насны улсыг хүртэл Дэлхийн зөнгийн нэрийг бариад ингээд над шиг муу хоёр ээмгийг нь хүртэл бариулж байгаад авчихсан залуучууд хүртэл зурагтаар гарч байна ш дээ. Тэр ээж шигээ эмээ шигээ улсуудыг, дээр үед бол тэд нар ийм байгаагүй ш дээ. Ер нь хүн хүнээ алчихлаа гэж дуулдаж байгаагүй ш дээ, бараг дуулдаж байгаагүй. Хааяа нэг архи уусан улс л хаа нэг гар зөрүүлдэг байсан байх, тэр засаг захиргаа чинь дор нь дараад авч байсан болохоос цааш нь тэгж даамжруулж байгаагүй, тэр бас нэг хэрэгтэй юм тэр байсан байгаам. Одоо бол тэгэхгүй байна ш дээ. 2 залуу зодоон хийж байвал дэргэдүүр нь гараад л явж байдаг, ..Бай та хоёр гэдэг хүн байхгүй л байна ш дээ. Бай та хоёр гэвэл ялчихсан хүн нь бараг сүүлд нь өс санах болох юм уу хаашаа юм, бараг тийм залуучуул ч байна, танд ямар хамаатай юм гэх юм байна ш дээ.
Сайнбилэг -
Заа, маш сайхан сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.
Эрмади -
Заа баярлалаа, эгч нь чадах юмаа амьдралаар үзсэн юмаа л ярилаа. Тийм.
Сайнбилэг -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.