Arildimaa
![](../assets/images/interviewees/990490.jpg)
Basic information
Interviewee ID: 990490
Name: Arildimaa
Parent's name: Amar
Ovog: Baljir
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: bank accountant, retired
Belief: Buddhist
Born in: Hatanbulag sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
collectivization
work
family
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Арилдиймаа гуай.
Арилдиймаа -
Сайн. Сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Арилдиймаа -
За яахав, зөвшөөрч байна аа.
Ариун-Ундрах -
За танд баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Арилдиймаа -
За миний нэрийг Арилдиймаа гэдэг юм аа. Би 73 нас хүрч байна. Одоо энэ санхүүгийн байгууллагад голдуу ажиллаж байсан даа. 1938 онд төрсөн юм. Тэгээд төрснөөс хойш хөдөө мал дээр байж байгаад л 1945 онд бага сургуульд орсон. Бага сургуульд орж суралцаад, тэгээд дөнгөж 4-р анги төгсөж хөдөө гарсан. Хөдөө мал маллаж байсан. Тэгэж байгаад 1963 оноос л энэ нэгдэлд ажил хийдэг болсон доо. Санхүүгийн байгууллагад тоо бүртгэгч, туслах нягтлан бодох, тооцооны нягтлан бодогч нэг тиймэрхүү л юм хийж байсан. Худалдааны анги, нэгдэл гэж байхад нэгдэлд, тэгээд сүүлд нь арван хэдэн жил банкны кассанд ажиллаж байсан. Банкны кассанд арван хэдэн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Тиймэрхүү л хүн дээ.
Ариун-Ундрах -
Та өөрийнхөө төрж өссөн гэр бүл, эцэг эхийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
Арилдиймаа -
Аа тийм. Би яахав, эхээс ганцаараа ганцхан охин төрсөн. Манай эх Дэжидбал гээд хүн байсан юм аа. Манай өвгөн Банди гэж хүн байсан. Тэгээд энэ соёлын байгууллагад кино механикч насаараа шахуу хийсэн. Сүүлд нь төвийн байгууллагад ажиллаж, захиргаанд нарийн бичгийн дарга, юуны дарга энэ тэр хийж байсан даа. Тэгэж байгаад 2000 онд насан өөд болсон. Ингээд би нэг охинтой. Манай нэг охин одоо банкинд ажиллаж байгаа. Хаан банкинд нягтлан бодох хийдэг юм. Тэгээд л одоо охинтойгоо хоёул, хүргэнтэйгээ, ач нартайгаа л амьдарч байна даа. Тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гараад бараг 10-аад жил болж байх шив дээ энэ чинь. Тийм, 10-н хэдэн жил болж.
Ариун-Ундрах -
Таны хүүхэд нас яаж өнгөрсөн бэ?
Арилдиймаа -
Хүүхэд нас хөдөө л малын дэргэд мал маллаж, хурга ишиг хариулж хөдөө тэгэж л өссөн дөө. Мал маллаж, 8 нас хүртлээ дандаа л малын дэргэд. Тэгээд ер нь 8 нас хүрсэн ч гэсэн сургуульд байхгүй цагтаа дандаа малын дэргэд мал маллаж ингэж л өссөн.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад ер нь энэ нутаг орон ямархуу байсан бэ?
Арилдиймаа -
Өө яахав дээ, энэ чинь одоо 1945 онд намайг сургуульд ороход чинь нэг жоохон жижиг байшинд байдаг л байсан. 4-р анги, 4 жилийн сургуультай. Тэгээд хүүхдүүд сурдаг ийм л байсан. Тэгээд сум орон чинь жижигхэн байсан даа. Засаг захиргааны тийм байгууллагатай тийм л байдаг байсан. Тэгэж байгаад л дэгжиж хөгжөөд л сүүлдээ нэгдэл байгуулагдаад гайгүй болсон доо. Одоо хөгжөөд их л өнөр өтгөн, өргөн болж дээ.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад ер нь юм хэр элбэг байсан бэ?
Арилдиймаа -
Юм уу, дайны үед намайг сургуульд суухын үед бол дайны үед юм маш ховор байсан. 1945 оны яг дайны үед би 1945 онд сургуульд орсон. Тэгэхэд бол дэвтэр харандаа олддоггүй, үзэг олддоггүй, черниль олддоггүй. Чернилийн сав энэ тэр гэдэг чинь одоо нэг ийм жоохон цөгц шиг юмаар хийсэн тийм юманд л яадаг. Дэвтрийг чинь хувааж, түгээж тэгдэг. Ганц нэгхэн л олддог тийм л байсан. Юм хачин ховор байсан. Нэг тийм одоо энэ хивэг гээд малд өгч байгаа энэ гурилыг юун гурил гээд идэж уудаг. Идэх уух юм бол ховор байсан ш дээ, дайны үед чинь. Тиймэрхүү л байсан. Миний бага нас сургуульд эхлээд сууж байх үед бол юм маш ховор тиймэрхүү л байдалтай байсан даа.
Ариун-Ундрах -
Анх сургуульд та хэдэн настай орсон бэ?
Арилдиймаа -
8 настай орсон.
Ариун-Ундрах -
Тэр үед хүмүүс ер нь хүүхдээ сургуульд явуулах дуртай байсан уу?
Арилдиймаа -
Өө явуулж байсаан, бас. Тэгэхдээ харин 4 төгсөөд 5-р ангид энэ тэр орохын үе дээр бол их дургүй болчихсон. Хүүхдээ яаж л бол авч хоцрохыг боддог байсан. Тэгээд намайг тэгээд л авч хоцроод л хөдөө гаргачихсан юм даа. Би тэгээд цаашаа суралцаж чадаагүй.
Ариун-Ундрах -
4 төгсөхөд үү?
Арилдиймаа -
Тийм. 1949 онд 4-р анги төгссөн.
Ариун-Ундрах -
Сургуульд сурахдаа та эндээ сурсан уу?
Арилдиймаа -
Тийм, энд сурч байсан.
Ариун-Ундрах -
Аан тэгэхээр гэртээ л байсан юм байна тэ?
Арилдиймаа -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр үеийн багш нар гэж ер нь ямар хүмүүс байсан бэ?
Арилдиймаа -
Багш нар гэж яахав дээ. Багш нар чинь бас мэргэжлийн юу төгсөж ирсэн багш ч байсан. Мэргэжлийн биш бас нэг бичиг үсэг мэддэг хүнээр ч багшлуулж л байсан. Тиймэрхүү л байсан даа. Мэргэжлийн багш бас бүрэн гүйцэд байж чадаагүй ээ. Ганц хоёрхон багштай. Тэрийгээ анги ээлжлээд заадаг тийм л байсан.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр энэ Хатанбулаг сумандаа төрсөн үү?
Арилдиймаа -
Тэгсэн. Энэ Хатанбулаг сумын баруун Халив бригадын нутагт төрсөн.
Ариун-Ундрах -
Аанхан. Ер нь ийш тийшээ нүүж байгаагүй юу?
Арилдиймаа -
Эндээсээ ер нь холдож яваагүй хүн дээ. Нутагтаа л тэр чигээрээ байж байгаа.
Ариун-Ундрах -
Та тэр яг нягтлан бодох ч юм уу..., яг таны мэргэжил болохоор юу юм бэ?
Арилдиймаа -
Тийм мэргэжил ч яахав, мэргэжилгүй. Би мэргэжилгүй хүмүүс бас чадлынхаа юугаар хийдэг байсан ш дээ. Би ч нэг 4-р анги төгссөн. Ер нь яахав дээ нэг 4 аргын тоо нэг нэмж, хасдаг л байсан. Тэгээд яахав ахмад хүмүүсийн заавар зөвлөгөөнөөр ажилладаг. Одоо Балдан гэж нягтлан бодох байлаа, хуучин. Лувсандорж гээд ч нягтлан бодох байлаа. Тэрүүнийг дагалдаад л тэгээд бич гэсэн юмыг нь бичээд, дансыг нь хөтлөөд ингэж байгаад л тэгээд л туслах нягтлан, тооцооны нягтлан энэ тэр мэргэжилгүй л хийдэг байсан. Тэгээд сүүлд харин энэ банкны салбарт орчихоод банкны 3 сарын курст яваад банкны нягтлан бодох гэсэн нэг тийм үнэмлэх авсан, мэргэжлийн. Тэгээд тэрүүгээрээ банкинд хэдэн жил 10 гаруй жил ажилласан даа.
Ариун-Ундрах -
Хамгийн анх та ямар ажил хийсэн гэлээ?
Арилдиймаа -
Хамгийн анхан чинь би нэгдэлд л нэг юухан хээхэн хийж байсан даа. Тэгэхэд нэг жаал жаалхан туслах янз бүрийн ажил хийж байгаад л. Тэгээд сүүлдээ энэ мөнгөний няраваас эхлээд л мөнгөний нярав хийж байгаад, тэгээд мөнгөний нярав, тооцооны нягтлан хийж байтал тэгээд л ажлын гараа эхэлсэн юм.
Ариун-Ундрах -
Энэ нярав, нягтлан болох талаар хэн танд зөвлөсөн бэ? Та өөрөө...
Арилдиймаа -
Аа тэр яахав дээ, бас нэгдлийн л ерөнхий хороо гэж байдаг байсан. Тэр дарга нар л яахав ажилд оруулна, ажилд ор гээд. Тэгэхэд чинь боловсон хүчин ховор байлаа даа. Мэргэжлийн боловсон хүчин ч байгаагүй. Тэгээд л жаахан бичиг үсэг мэддэг л тиймэрхүү хүн л байвал одоо бололцоотой хүн л байвал ажилд авдаг байсан юм чинь. Тэгээд л тэр нэгдлийн удирдлагууд л ажилд оруулж өгсөн дөө, намайг.
Ариун-Ундрах -
Тэгээд нэгдэл гээд байгаа ш дээ. Анх та нэгдэл яаж байгуулагдаж байсан тухай ярьж өгөхгүй юу?
Арилдиймаа -
Нэгдэл чинь одоо 1950-н хэдэн оноос байгуулагдсан байх аа. Нэгдэлжих хөдөлгөөн ялсан гээд л тэгдэг. Энэ чинь их олон нэгдэл байгуулагддаг байлаа ш дээ. Тэгээд манайх чинь энэ баруунтай, сумын баруун талд тийм нэг “Говийн өрнөлт” гэж нэг жижиг нэгдэл байгуулаад тэнд хэдэн хүн тэгээд ажилладаг байсан юм. Тэгэж байгаад тэрнийгээ нийлүүлээд энд “Баярт сан” нэгдэл болгоод, хэдэн жижиг нэгдэл нийлүүлээд, тэгээд 1960-аад оны үед дээ хэдэн жижиг нэгдэл нийлүүлээд тэгээд том нэгдэл болгоод бий болгосон юм. Тэгээд л тэр нэгдэлд ажиллаж байсан юм даа.
Ариун-Ундрах -
Та тэгвэл бүр анх тэр жижиг нэгдэл байхад нь ажиллаж байсан юм уу?
Арилдиймаа -
Анх жижиг нэгдэл байхад ажиллаагүй ээ. Би тэгэхэд хөдөө мал малладаг байсан юм.
Ариун-Ундрах -
Мал малласан гэснээс танайх ер нь хэр их малтай байсан бэ?
Арилдиймаа -
Манайх ч яахав мөл цөөхөн л байсан л даа. Манайх мал цөөтэй. Нэгдэлд нийгэмчилдэг байсан. Тэгээд зохих хэмжээний мал нийгэмчлээд нэгдэлд элсээд. Тэгээд нэгдлийн мал маллаж байсан. Манай эх нэгдлийн мал малладаг байсан. Тэгээд хамт нэгдлийн мал малладаг л байсан. Тэгэж байгаад л сүүлдээ энэ сумын төв рүү орж ирж ажилд орсон юм.
Ариун-Ундрах -
Тэр нэгдлийг анх үүсэж байхад хүмүүс ямархуу хүлээж авч байсан бэ?
Арилдиймаа -
Аа тэр зарим нь ч дургүй л хүлээж авч байсан байх. Зарим нь ч дуртай хүлээж аваад нийлээд нийлээд хөдөлмөрөө нийлүүлээд ажиллаж л байсан. Зарим нь ч дургүйлхдэг л байсан байх.
Ариун-Ундрах -
Тэр дургүй хүмүүс нь яагаад дургүй байсан юм бол?
Арилдиймаа -
Тэр малтай хөрөнгөтэй хүмүүс малаа өгөх дургүй байдаг байсан байх аа. Их олон малтай энэ тэр тийм хүмүүс бас малаа өгөх дургүй энэ тэр тийм л байдаг байсан байх.
Ариун-Ундрах -
Нэгдэлд анх элсэхэд яаж элсэх үү?
Арилдиймаа -
Анх элсэхэд ч нэг хэдэн хүн санаачилга гаргаад л, нэг 10-аад хүн санаачлага гаргасан ч гэж ярьдаг юм. Ямар ч улс байсан юм. Анх тэгэж л нэгдэл үүссэн байдаг юм ш дээ. Нэг хурал хийгээд хэлэлцээд.
Ариун-Ундрах -
Нэгдлийн гишүүнээр элсэхэд янз бүрийн хурлаар орох уу?
Арилдиймаа -
Нэгдлийн гишүүнээр элсэхэд хурлаар орж байсан байх аа. Хурал хийж байсан байх.
Ариун-Ундрах -
Та нэгдлийн тооцоог хийнэ гэхээр яг ямар ямар ажил оногдох уу танд?
Арилдиймаа -
Өө би ч яахав дээ нэг нэгдэл чинь нүсэр их данс хөтөлдөг байсан ш дээ. Тэгээд тэр дансыг л хөтөлдөг. Бичиг цаасны тийм л юм хийдэг. Данс хөтөлнө. Тэгээд нярав энэ тэрийн тооцоог бодно доо. Нэг тиймэрхүү л ажил хийдэг байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед тийм нягтлан ч юм уу тиймэрхүү ажил хүмүүс хэр их хийдэг байсан бэ? Тантай хамт ажилладаг хүмүүс байсан уу?
Арилдиймаа -
Өө яахав дээ, бидэнтэй хамт бас ажиллаж байсан л даа. Тэр чинь нэгдлийн ерөнхий нягтлан бодох, туслах нягтлан бодох, тооцооны нягтлан бодох энэ тэр гээд байдаг байсан юм ш дээ. Тэгээд тэр улсууд чинь ер нь голдуу л мэргэжлийн биш. Нэг практик дадлагаар л жаал бичиг цаасны ажил хийж байгаад л бий болсон тийм улсууд байсан.
Ариун-Ундрах -
Тэр нэгдэл гэдэг зүйл нь дотроо одоо юу юутай, ямар үйл ажиллагаа явуулах уу?
Арилдиймаа -
Нэгдэл ч яахав дээ. Нэгдэл байгуулагдаад одоо нэгдэлд малаа нийгэмчлээд, хэдэн бригад байгуулаад тэгээд л ажилладаг байсан юм даа.
Ариун-Ундрах -
Нөгөө малчдад өдрийн хөлс бил үү, тийм цалин өгдөг байсан гэсэн үү?
Арилдиймаа -
Тийм, цалин хөлс өгдөг. Малчдад хөдөлмөрийн хөлс өгдөг байсан. Хөдөлмөрийн хөлсөнд чинь мөнгө өгөхөөс гадна бас биет зүйл, мах энэ тэр юу яах юм бас өвөлд энэ тэр болгоод хөдөлмөрийнх нь хөлсөнд нэг 80%-ийг мөнгөөр өгч байгаад 20%-д нь бас тийм юм өгдөг байсан юм.
Ариун-Ундрах -
Мах гэх мэтийг үү?
Арилдиймаа -
Тийм. Өвлийн идшэнд мах энэ тэр өгдөг. Тэгэж ажилладаг л байсан юм.
Ариун-Ундрах -
Тэр таны авдаг цалин дунджаар хэд байсан бэ?
Арилдиймаа -
Авдаг цалин бол одоо их жоохон байсан шүү дээ, тэгэхэд чинь. Одоо дөнгөж би чинь нэг зарлага гээд нэг одоо хүн дуудаад энэ дарга нар энэ хүн дуудаад ир, тэрийг дуудаад ир, энийг дуудаад ир гэдэг. Тэгээд цэвэрлэгч хийдэг. Цэвэрлэгч л юм даа. Зарлага гэж л хэлдэг байсан. Тийм ажил эхлээд би бас нэг хэдэн сар хийсэн юм. Тэгэж байхад бол хэдхэн төгрөг, нэг 60000 төгрөгний цалин авдаг байл уу даа. Тэгдэг байсан ш дээ. Тийм жоохон.
Ариун-Ундрах -
Тэр үеийн 60 төгрөг үү?
Арилдиймаа -
Тийм, тэр үеийн 60 төгрөг. Тэгээд өвөл яахав бас тэр 20%-ийг нь үлдээж байгаад тэрүүндээ мах энэ тэр бас тийм бүтээгдэхүүн өгдөг байсан юм. Тэгээд сүүлдээ жаал жаалхан өссөөр нэг 200000-н хэдэн төгрөг. За тэгээд л сүүлдээ нэгдлийн нягтлан чинь тооцооных нь нягтлан нэг 300000 хэдэн төгрөг. Туслах нягтлан 400000. Мянга биш ээ тэр чинь 400 төгрөг. Тэгэж л авдаг байсан ш дээ. Тэр үеийн мөнгөний ханш ч бол сайн байсан л даа.
Ариун-Ундрах -
Тэр цалин тэгээд амьдралд хүрэлцэх үү?
Арилдиймаа -
Үгүй ээ яахав дээ, тэгээд л хүрч л байсан юм даа. Болж л байсан. Бараг тэрүүгээрээ л амьдарч байсан. Бид чинь илүү дутуу тэгэж нэг зах зээл гэж юм байсан биш. Тэр нэг гэрт байсан мал энэ тэр байдаг бол хааяа нэг малын мах авч иднэ үү л гэхээс биш өөр илүү дутуу мөнгөний юм байдаггүй. Манайх ч мал ч цөөтэй байсан. Малын бүтээгдэхүүн энэ тэр ч хямд байдаг байсан ш дээ. Ноос, үс чинь их хямдхан. Тэгэхлээр ер нь илүү дутуу мөнгө орох юм байхгүй. Өөрийнхөө тэр хэдэн сарын цалингаар болж л байдаг байсан. Тэгэхдээ ер хүнээс дутуу яваагүй. Тэр үеийн хүн бүхэн тэгэж амьдарч байсан даа. Болж л байсан.
Ариун-Ундрах -
Тэр нэгдлийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах уу?
Арилдиймаа -
Хэвлэл мэдээллээр яаж л байсан байлгүй, бодвол. Хэвлэл мэдээллийн юм тэгэхэд муухан л байсан байх. Их сүртэй ч тийм хөдөө гадаа явдаг юу байсан юм уу, үгүй юм уу? Одоо яаж байсан юм хэн мэдэхэв. Бодвол эрх биш нэг юм явж л байсан байлгүй дээ.
Ариун-Ундрах -
Сонин, радиогоор л ярих байхдаа тэ?
Арилдиймаа -
Тийм сонин ч гардаг л байсан л даа. Сонин ч яахав “Намын үнэн” гээд сонин гардаг л байсан. Улсын хэмжээгээр ч ер нь бараг л ганцхан гэхээр сонин байлаа даа. Энэ чинь сүүлдээ “Хөдөлмөл” гээд бас нэг хэдэн сонинтой л болсон. Тэгээд нэг аймгийн “Ялалт” сонин гээд байдаг байсан. Өшөө ер нь сонин тийм олон сонин байсан биш дээ. Тийм юм байгаагүй ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр үеийн хүмүүс сонин их унших уу?
Арилдиймаа -
Айн?
Ариун-Ундрах -
Сонин унших уу ер нь?
Арилдиймаа -
Уншина л даа. Тэрнийг чинь захиална. Бараг л албаар захиалуулна шүү дээ. Тэрнийг чинь одоо сонин захиал гээд. Тэр үед чинь үгүй бол жилийн эцсээр л шинэ оныхоо сонинг бүтэн жилээр нь захиалчихна. Тэгэхэд чинь тэр “Намын үнэн”, “Ялалт” тэрнийг чинь захиална. “Эрүүл мэнд” сэтгүүл, тэд нарыг л захиална даа. Тэгээд л тэрүүнийгээ уншина. Тийм л байсан даа. Нилээн сүүлхэн үед тийм болсон. Хэний үед ч сонин нэг их байсан уу? Үгүй юу мэдэхгүй.
Ариун-Ундрах -
Тэр нэгдлийн тухай хүмүүс ер нь хоорондоо юу гэж ярилцдаг байсан бол?
Арилдиймаа -
Нэгдэл ч яахав дээ. Нэгдэл байгуулагдчихаад сайн сайхан боллоо гэж л байсан байх. Тэр үедээ бол малаа нийгэмчлээд, хоршоолоод. Тэрнийгээ нийтийн хүчээр хариулаад, нийтийн хүчээр маллаад. Тэгээд нэгдэл нээх үед чинь сайхан юм боллоо л гэж тэр үед бодож байсан ш дээ. Тэр сүүлдээ л болохоо байсан болохоос биш.
Ариун-Ундрах -
Зарим хүмүүс малаа нуудаг байсан тохиолдол байдаг байсан болов уу?
Арилдиймаа -
Аа тэр их малтай байсан улс бас малаа өгөхгүй гэж тэгдэг байсан л байх. Тэр бол их малтай хөрөнгөтэй, юмтай байсан хүний л хийсэн ажил байх. Тиймэрхүү юм байсан байх аа. Манай энд ч нэг их тийм юм байгаагүй байх.
Ариун-Ундрах -
Мал багатай нь бол тэгээд л шууд орох уу?
Арилдиймаа -
Мал багатай нь бол тэгээд хувь хөрөнгөө, жоохон хэмжээнийхээ хөрөнгийг нийгэмчлээд, өөрийнхөө болох юуг үлдээгээд тэгээд яаж л байсан. Сүүлдээ яахав нэгдэл хөгжөөд яасан хойно нэг аминд, айлд нэг 75 мал үлдээдэг байсан юм. Тэгээд тэр 75 малаараа яахав амьдраад л. Тэгээд нэгдэлд мал маллаад, нэгдэлд мал малласныхаа хөлсийг аваад тэр хөдөлмөрөөрөө л амь зуудаг байсан. Нэгдлийн улс. Тэгэхдээ нэгдэл ч их хөдөлгөө.... тэгэж яваад нэг их муу болоод, айхтар сүрхий ядарчихсан юм бол байхгүй байх аа. Байхгүй л байдаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Нэгдэл чинь улсаас хараат бус бие даасан байсан гэсэн тийм ээ?
Арилдиймаа -
Тийм тусгай, нэгдэл чинь тусдаа юутай байсан ш дээ. Өөрийн хөрөнгөтэй.
Ариун-Ундрах -
Улсад ямар нэгэн татвар ч юм уу тиймэрхүү юм төлөх үү?
Арилдиймаа -
Мэдэхгүй ээ, тийм юм харин яадаг байсан юм.
Ариун-Ундрах -
Цалингаа бол яг өөрсдийнхөө хөрөнгөөр л тавьчих юм байна тэ?
Арилдиймаа -
Тэгнэ.
Ариун-Ундрах -
Тэр сүүлд нь нэгдэл яагаад тарах болсон юм бол? Яг яаж тарсныг та харсан уу?
Арилдиймаа -
Тэр ч одоо яагаад тарах болсон юм. Сүүлдээ л нэгдэл гэж нэг биш л гээд энэ радио телевизороор яриад л байдаг болсон. Тэгэж байгаад л нэгдэл тарлаа, бутарлаа л гээд тийм юм болсон ш дээ. Яагаад тарах бутрах ч болсон юм.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр нэгдэл тарахад мал хувьчилсан. Тэгэхэд яаж, мал хувьчлал ямар болсон бэ?
Арилдиймаа -
Бас нэг мал улсуудад өгсөн ш дээ. Улсын байгууллагын ажилчдад нэг хэд хэдхэн мал. Нэгдэлд ажиллаж байсан хүмүүстээ бас нэг арай илүү мал энэ тэр. Тийм мал хувьчилсан л юм ш дээ.
Ариун-Ундрах -
Таны хувьд мал авсан уу?
Арилдиймаа -
Өө бас нэг хэдэн мал авсаан.
Ариун-Ундрах -
Тэгээд нэгдэл тарсны дараа ингээд өөрийнхөө хувийн малыг маллах...
Арилдиймаа -
Нэгдэл тарсны дараа ч би ч яахав тэтгэвэртээ гарсан байсан. Нэгдэл тарахад тэтгэвэртээ гараад хөдөө бас нэг хэдэн малтай байдаг байсан. Тэгээд хувьчлалын бас нэг ганц хоёр юм аваад нийлүүлээд, нэмэрлүүлээд бас нэг хэдэн малтай болоод хөдөө нэг 2 жил болсон юм. Тэгэж байгаад сүүлдээ ч малаа маллаж чадахгүй болчихоод, хөл гар муутай болчихоод тэгээд сумын төв рүү хүүхэд рүүгээ ороод ирсэн юм.
Ариун-Ундрах -
Энэ Дорноговь, одоо яг энэ суманд мал маллахад бэрхшээлтэй зүйлүүд байх уу?
Арилдиймаа -
Аа бэрхшээлтэй зүйл ч яахав дээ, одоо манай энд чинь говьрхуу газар, усны хангамж энэ тэр муу энэ тэр юм байна л даа. Бороо хур бага орно. Ган гачиг их болно. Тэгээд усны хангамж энэ тэр муу. Нэгдэлжих хөдөлгөөнтэй байх үед чинь айл болгон сайхан хашаатай энэ тэр байдаг байлаа ш дээ. Сайхан хашаа барьдаг. Нэгдлээс ч яваад хүн хүч гаргаад барьдаг. Энэ албан хаагчид ч нэгдлийн ажилд их явдаг. Хороо хашаа их барьдаг, худаг ус гаргадаг. Тэр бүх ажлыг чинь энэ сумын төвийн ажилчин албан хаагчид л хийдэг байсан. Тэгэхэд бол сайхан хороо хашаатай, их сайхан юутай байсан. Энэ нэгдэл тарснаас хойш тэрийгээ буулгаад байхгүй болгоод, хувь хувийн болгоод. Өө хаа нэг сайхан өвөлжөө хашаа байсныг чинь байхгүй болгоод сүйтгээд тэгээд ер нь устгасан ш дээ.
Ариун-Ундрах -
Одоо тэр нэгдлийн байшин сав, тиймэрхүү юмыг нь ямар хүмүүс нь авсан бол?
Арилдиймаа -
Тиймэрхүү юмыг ч яахав дээ, энэ сумын төвд байгаа энэ хэмжээнд хувьчлаад, бас энэ сүүлдээ нэгдлийн юмыг чинь бас нэг мэддэг л байлаа. Тэгээд сүүлд нь яасан байдаг юм хэн мэдэхэв дээ. Энэ ажиллаж байсан хүмүүс нь хумьж хуулж барьж авсан байдаг юм уу? Хувьчлал гээд бас нэг юм нэгдлийн гишүүдэд нэг хэдхэн төгрөг бас нэг юм өгдөг л байсан ш дээ. Тэгээд тэр сүүлдээ ч өгөхөө байсан юм байлгүй. Юм л өгөхөө байсан.
Ариун-Ундрах -
Та данс тооцооны ажил хийсэн гэхээр тэр үед нөгөө сампин гэдгээр хийдэг байсан уу?
Арилдиймаа -
Тийм, сампин барьдаг байсан. Нэг Хятад сампин гээд тийм юмаар л тооцоо хийдэг байлаа шүү дээ. Тэр юуны машин энэ тэр гэдэг чинь байдаггүй байсан. Тооны машин энэ тэр гэдэг. Хятад сампинд л тоо хийдэг. Тэгээд сүүлдээ нэг 1960-н хэдэн оны үед, 1970-аад оны үед нэг их том тийм паржигнасан, одоо их том юм аа даа. Одоо энэн шиг ч гэх юм уу тийм нэг төмөр машин гарч ирж бас нэг нэгдлийн санхүүд нэгийг худалдаж барьж олж авсан ч байдаг юм уу, цаанаас нь өгсөн ч байдаг юм уу нэг тийм машинтай болж гайгүй их техник юутай болж байгаа нь тэр тоо хийчихээд ингээд харжигнуулаад эргүүлдэг. Нэг их том тийм муу машин. Тэгээд тэрүүгээр бас яахав дээ, би ч сампинд нэг их лут байгаагүй. Нэмж хасдаг л байсан. Үржих хуваахыг олигтой чаддаггүй байсан. Тэгээд тэр муу харжигнасан машин ч яахав дээ ингээд үржүүлэх, хуваахыгаа хийгээд үржүүлж хуваачихна. Бас их л сайхан техникжиж л байсан юм. Тэрнээс өшөө энэ тооны машин, ийм жижиг машин энэ тэр чинь тэр үед биднийг байхад бол байгаагүй эд ш дээ.
Ариун-Ундрах -
За тэгэхээр социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?
Арилдиймаа -
Ажилд хандах хандлага чинь харин их сайн байсан гэж би боддог юм ш дээ. Өөрийнхөө ажлыг бол харин мэрийхийн төлөө, хариуцахын төлөө. Энүүнийг л нэг бүтээх юмсан. Нэгдэл нийгэмшлийн төлөө юу ч болсон хийх юмсан гэж боддог байсан. Тийм байсан ш дээ, хүний ухамсар ер нь. Одоо бол харин тийм юм байхгүй. Зүгээр нэг цагийг өнгөрөөж байгаад нэг хэдэн төгрөгийг нь авчих юмсан л гэж бодож байх шиг л бидэнд, ажиллаж байсан бидэнд тэгэж харагддаг юм. Тэр үед чинь тиймгүй. Нэг... –ээс цалин авч байгаа ажлыг чинь яаж л бол бүтээх юмсан, болгох юмсан. Ямар чадвар муутай ч байсан одоо чадаад бас тэрнийг нь хийчих юмсан. Тэрнийхээ хажуугаар энэ нэгдлийн ажил, элдэв янзын хороо, хашаа, өвс, хадлан. Элдэв янзын юманд л биднийг чинь явуулна ш дээ. Бүтэн сайнд ч амрахгүй шахуу. Тэгээд тэгэхэд чинь ер нь ийм юмнаас чинь хойш сууж байгаагүй. Бид нар бүгдээрээ хойш суудаг хүн ер нь байгаагүй. Цалингаа авчихаад л гадна хөлс авахгүй ч байсан тэр ажилд чиг явж л байдаг. Тэгээд л өөрийнхөө ажлыг амжуулаад хийж л байдаг. Ёстой хариуцлагатай ухамсартай байсан гэж бид боддог юм ш дээ.
Ариун-Ундрах -
Одооны хүмүүс бол ажилд яаж хандаж байх шиг байна?
Арилдиймаа -
Одооны хүмүүс бол ер нь тун хариуцлага муутай л байх шиг байдаг юм ш дээ. Тэр ажлыг бүтээх юмсан, болгох юмсан одоо гэж ажлын төлөө бодож байгаа хүн ер нь нэг ховорхон л байх шиг санагддаг юм. Бид нар ч өөрснийхөө ажиллаж байсныг яахлаар ч тэгэж бодож байгаа юм уу яаж байгаа юм. Тиймэрхүү л байдаг юм ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр социализмын үед хүмүүс ажилд яаж ордог байсан бэ?
Арилдиймаа -
Ажилд чинь 8 цагаар л ажилладаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Анх ажилд орохдоо?
Арилдиймаа -
Аан, ажилд орохдоо ч зүгээр нэг орсон газрынх нь тушаал гаргаад л оруулчихдаг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Шууд томилоод л уу?
Арилдиймаа -
Тийм, томилоод.
Ариун-Ундрах -
Өөрөө тийм дуртай ажлаа сонгоод хийх тохиолдол байх уу?
Арилдиймаа -
Ммм?
Ариун-Ундрах -
Өөрийнхөө дуртай ажлыг сонгож хийх боломж байх уу?
Арилдиймаа -
Өө тэр дуртай ажил, тэгэхэд чинь илүү дутуу тийм, өөрийн хариуцсан ажлаас илүү дутуу ч юм хийдэггүй л байлаа даа. Зах зээл, элдэв янзын ч юм байсангүй. Цаана нь тэгэж яах ч ажил байсангүй. Тэгээд хийж л байсан ажлаа хийж байхаас биш. Тэгээд яахав дээ өөрийн хүсэлтээр гарвал гарч болдог л байсан л даа.
Ариун-Ундрах -
Гарвал тэгээд өөр ажилд дахиад томилох уу?
Арилдиймаа -
Тийм, өөр ажилд дахиад л томилно. Өөрөө нэг тэнд тийм ажил хийе гэвэл бас гарч болох л байсан байлгүй дээ.
Ариун-Ундрах -
Ер нь ажилгүй хүн байгаагүй гээд байдаг юм байна лээ тэ?
Арилдиймаа -
Өө харин байдаггүй. Суманд ер нь ганц хоёрхон хүн байхад тэр ажил хийсэнгүй, энэ ажилгүй байдаг энэ тэр гэдэг. Ер ажилгүй хүн байдаггүй байсан ш дээ. Ямарваа нэгэн ажлыг л хийж байдаг.
Ариун-Ундрах -
Одоо бол ажилд орох процесс ямархуу болсон бэ?
Арилдиймаа -
Одоо бол ч ер нь ихэнхи нь тэгээд ажилгүй залуучууд бол ажил хийхгүй юм. Тэгээд ажил ч олдохгүй юм даа. Одоо хичнээн төгрөг төлөөд л дээд сургуульд сурч л байна. 4 жил л сая гаруй төгрөгний юу өгөөд л, одоо дээд сургуульд сураад л. Гараад ирэхэд л ажлын байр байхгүй. Тэгээд л ёстой өнөө орчин үеийн хэлээр гудамжинд гарна гээч болох юм байна ш дээ. Одоо тэгэхлээр чинь ер нь төчнөөн төгрөг төлж тэгэж суралцаж байсны ач гавъяа алга гэж бодох юм би. Урьд чинь бол яахав дээ, суралцаад, юу яагаад степюнттэй, 180 төгрөгний цалинтай суралцдаг байлаа шүү дээ, оюутнууд чинь. Тэгээд л суралцаж ирчихээд л, суралцаад гарахад л ажил бэлэн. Ажил томилоод л тэнд оч гээд явуулдаг. Дорноговьд хуваарилалаа гээд л явуулдаг. Дорноговьд хүрээд ирэхэд чинь ямар нэгэн ажлыг олгож өгдөг тийм байсан ш дээ. Ажилгүй байна гэж байдаггүй. Тэгээд одоо бол тийм юм байхгүй болж. Сургууль төгсөхөд чинь тэгээд нэг өөрийн эрийн сайнаар ажил олж хийдэг нэг нь хийх, хийж чадахгүй нэг нь тэгээд л одоо ёстой юу ч үгүй л зүгээр тэгээд л нэг явж байдаг тийм л хүн болох юм байна ш дээ. Харж байхад.
Ариун-Ундрах -
Нэг бол тийм танил тал хэрэгтэй болох байх.
Арилдиймаа -
Тийм, танил тал, тийм нэг юм харж л яадаг юм байлгүй. Тэгээд тийм сүйхээтэй, хардаг уулздаг хүнтэй тийм хүн л нэг эрхбиш ажилд ордог байх даа.
Ариун-Ундрах -
Та тэтгэвэрт гарсныхаа дараа одоо хувийн ч байдаг юм уу янз бүрийн өөр ажил хийж байсан уу?
Арилдиймаа -
Тэтгэвэрт гарсны дараа ажил хийгээгүй ээ. Тэтгэвэрт гарчихаад нэг хэдэн мал маллах гээд хөдөө гараад бас нэг яасан. Тэгсэн хөл муудчихаад тэгээд чадаа ч үгүй. Нэг хоёр жил болоод буцаад ороод ирсэн. Тэгээд л гэрт сууж л байна, хүүхдүүдийн дэргэд. Ажил хийгээгүй ээ.
Ариун-Ундрах -
Тэр банкинд ажилласан гэхээр банк гэж яг хэзээнээс үүсэн юм бэ?
Арилдиймаа -
Аан?
Ариун-Ундрах -
Банк гэж яг хэзээнээс үүссэн бэ? Та банкинд ажилласан гэсэн тийм ээ?
Арилдиймаа -
Тийм, банкны салбарт, энэ сумын салбарт л ажиллаж байсан даа.
Ариун-Ундрах -
Ер нь тэр банк гэдэг нь хэзээ бий болсон юм?
Арилдиймаа -
Аан, банк чинь одоо энэ хөдөө суманд салбар бол нилээн хожуу байгуулагдсан. Энэ 1990-н хэдэн оноос, 1980-н хэдэн оноос ч байгуулагдсан юм уу? Тэгсэн байх. 1980-н хэдэн оноос байгуулагдсан байх аа. 1970-н хэдэн оноос байгуулагдсан юм болов уу? Энэ сум нээсэн юм. 1974 онд сум нээсэн юм. Тэгэхэд банкны салбар чинь байж л байсан юм даа. Тэрнээс өмнө байгуулагджээ тэр.
Ариун-Ундрах -
Ямар сум нээсэн юм?
Арилдаамаа -
Энэ өмнө Сулин хээр сум гэж байсан юм. Тэр Сугар нягтлан энэ тэр чинь ажилладаг байсан юм даа. Сулин хээр сум, Хатанбулаг сум гэж 2 сум байж байгаад сүүлдээ Сулин хээр сум нь татан буугдаад. Тэгээд Хатанбулаг сумтай нийлээд нэг том сум болсон юм.
Ариун-Ундрах -
Одоо тэгээд тэрүүгээрээ л байгаа юм уу?
Арилдаамаа -
Одоо тэгээд тэрүүгээрээ байгаа. Тэгээд орон тоо энэ тэр цомхотгоод, орон тоо энэ тэр илүүдээд л. Тэр чинь 2 сум нийлсэн юм чинь. Тэгээд л би нэгдлээс гарсан юм ш дээ. Нэгдлээс гараад худалдаанд очсон. Худалдааны тооцооны нягтлан бодох бас нэг 2-3 жил хийсэн. Тэгээд л банкны салбар руу очсон. Банкны салбарт чинь
2-хон хүн байсан юм. Тэгээд эрхлэгч, нярав гэсэн. Тэгээд би банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Тэгэж байгаад сүүлдээ эрхлэгч, нягтлан бодох, нярав гэсэн 3 орон тоотой болсон. Банкны салбар чинь жоохон газар байсан. Нэг худалдааны ангийг жоохон, энэ гэрээс томгүй умгар өрөөнд ажилладаг. Тэгэж ажилладаг байсан юм. Тэгээд намайг тэр ажиллаж байх хугацаанд бас төсөв, хөрөнгө гаргаж шинэ байртай болж, одоо энэ том шинэ байр нь бий болсон юм. Тэгэж байсан юм.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө сум нь Сулин... юу билээ?
Арилдиймаа -
Сулин хээр сум гэж байсан юм.
Ариун-Ундрах -
Юу одоо тэр сум нь, өчигдөр тэр сум руу хүмүүс явна гээд яваад байсан. Тэр зүгээр газар руу нь л явж байна гэсэн үг үү?
Арилдиймаа -
Тийм, тэр чинь нөгөө отряд байгаа юм тэнд. Хилийн отряд.
Ариун-Ундрах -
Аан.
Арилдиймаа -
Отряд байгаа юм. Бригадын төв байгаа. Тийм юм байгаа юм.
Ариун-Ундрах -
Аа тийшээ л яваад байгаа юм байна тэ?
Арилдиймаа -
Тийм, тийшээ л явж байсан байх.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр худалдаанд ажилласан гэсэн. Худалдаа гэдэг нь юу юм?
Арилдаамаа -
Худалдаа гэж худалдаа бэлтгэлийн анги гээд худалдааны байгууллага байдаг байлаа ш дээ. Худалдаа бэлтгэлийн анги гэж. Одоо энэ худалдаа удирдах газар гээд аймагт байдаг. Тэгээд тэрний раойн худалдаа бэлтгэлийн анги гэж энэ бүх газрыг худалдаа үйлчилгээгээр хангаж байдаг тийм газар байсан юм даа.
Ариун-Ундрах -
Бараа таваараар гэсэн үг үү?
Арилдаамаа -
Тийм, бараа таваар. Худалдааны бараа таваараар хангаж байгаа газар чинь ганц тэр л байлаа шүү дээ. Тэгэхэд чинь зах зээл, юу энэ дэлгүүр хоршоо гэж ийм ийм хувийн юм байгаагүй. Ганцхан тэр худалдааны байгууллага л ажилладаг байсан. Худалдааны байгууллага л тэр бүх сумын энэ иддэг уудаг, өмсдөг зүүдэг тэр бүх юмыг л хангадаг байлаа шүү дээ. Тийм байгууллага байсан юм.
Ариун-Ундрах -
Тэнд та бас л данс тооцоогоо хийх үү?
Арилдиймаа -
Тэгэж байсан. Тэгээд түүхий эд..., энэ хөдөөнөөс ноос, түүхий эдийг авдаг, авч тэгээд хойшооноо бөөний газар дамжуулж явуулдаг, борлуулдаг. Тийм ажилтай байсан юм даа, худалдааны анги гэдэг чинь.
Ариун-Ундрах -
Тэр үед ер нь ямар ямар бараа байх уу?
Арилдиймаа -
Өө тэгээд бараа ч яахав бас янз янзын л бараа байна л даа.
Ариун-Ундрах -
Байдаг байсан уу?
Арилдиймаа -
Тийм. Одооны энэ их нарийн ширийн, сүрхий гадаад дотоодын юм нэг их байхгүй ч гэсэн бас тэр үедээ л боломжоороо Оросоос голдуу авдаг байсан байх даа бодвол. Тэгээд л гурил, будаа ойр зуурын тийм юм. Тэгээд л даалимба, даавуу. Дотоодын үйлдвэр байдаг байлаа шүү дээ. Энэ чинь одоо дотоодын гутал, янз бүрийн бараагаар л хангадаг байсан юм даа.
Ариун-Ундрах -
Барааны үнэ бол хямд байна уу?
Арилдиймаа -
Барааны үнэ бол одоо тэр үедээ бол одоо чухам ямар гэх юм бэ дээ. Мөнгөний ханш өндөр байж байсан. Тэгэхдээ одоо бодох юм бол инээд хүрмээр тийм байсан эд шүү дээ. Одоо сав гурил гэхэд л 70-н хэдэн төгрөг. Тэгээд л нэг печень, чихэр гэхэд чинь одоо 8 төгрөг энэ тэрний чихэр, доод тал нь. Дээд тал нь 24-ийн чихэр, 48-ийн чихэр гэх мэтчилэнгийн.
Ариун-Ундрах -
Тэр үнэ нь юм уу тэ?
Арилдаамаа -
Тийм, үнэ нь. Тийм л байдаг байсан. Одоо энэ боодолтой жижиг дотоодын печениүд чинь 60 мөнгө, 80 мөнгө энэ тэр. Тийм л байдаг байлаа ш дээ. Тэгээд бодоход одоо бол хямдхан л байсан гэж бодогдмоор байгаа юм. Тэгээд тэр үеийнхээ мөнгөний ханшанд харьцуулж үзвэл одоо чухам ямар байдаг юм.
Ариун-Ундрах -
Харьцуулж үзвэл бас адилхан л байх л даа тэ?
Арилдаамаа -
Тийм.
Ариун-Ундрах -
Аанхан. Тэгээд таны яг өөрийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?
Арилдиймаа -
Өөрөө ажилд яаж ханддаг байсан бэ? гэж үү?
Ариун-Ундрах -
Тийм.
Арилдиймаа -
Өө ажилд ч би ёстой хийсэн ажлаа болгохыг л бодож, хийж чадахгүй ч гэсэн чадахыг л бодож явсан. Би чинь мэргэжил мэдлэг байгаагүй. 1940-н хэдэн онд нэг 4-р анги төгссөнөөс өөр юм байгаагүй. Нэг 3 аргын тоо нийлүүлдэг тийм л байсан. Тэгэхдээ л би одоо энэ юмыг болгох юмсан, одоо хийж байгаа ажилдаа эзэн болох юмсан л гэж боддог байсан. Тэгээд банкны байгууллагад 10-н хэдэн жил ажиллахдаа би ер нь тэр байгууллагын салбарыг аймагтаа 1-5-р байранд голдуу орж байдаг байсан. Тэгэж л ажилладаг байсан.
Ариун-Ундрах -
Социализмын дараа таны ажилд хандах хандлага өөрчлөгдсөн үү?
Арилдиймаа -
Социализмын дараа чинь би ер нь ажиллаагүй хүн шүү дээ. Социализмын үед л халагдчихсан. Одоо 1990 онд халагдсан. 1990 онд л би чинь тэтгэвэртээ гарсан юм шиг байна лээ.
Ариун-Ундрах -
Аанхан, яг тэр үеэр л гарсан юм байна тэ?
Арилдиймаа -
Тийм, яг тэр үеэр гарсан.
Ариун-Ундрах -
Тэгээд таны тэтгэвэр яг анх хэдээр тогтоогдож байсан юм?
Арилдаамаа -
Миний тэтгэвэр чинь эхлээд нэг 400-н хэдээр тогтоогдлоо...
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Арилдаамаа -
За одоо тэгэхлээр чинь л одоо хэлэх юм байхгүй болно доо. Бахархдаг зүйл ч гэхлээр одоо...
Ариун-Ундрах -
Одоо гэр бүл, ээж аав, үр хүүхдүүд ч гэдэг юм уу тиймэрхүү хүмүүс байж магадгүй. Тийм ээ?
Арилдиймаа -
Тийм, гэр бүл, хэдэн хүүхэд. Одоо би чинь ганц охинтой хүн. Ганц охин 4 хүүхэдтэй. 4 хүүхэд яахав аятайхан хүмүүжиж, аятайхан түрүүч нь айл болоод л, одоо 2 нь айл болчихоод явж байна. Тэднийхээ сайн сайхан амьдрал явж байгааг л одоо бахархдаг юм даа.
Ариун-Ундрах -
Таны ач, зээ нар бүр насанд хүрцгээгээд гэр бүл болцгоож байгаа юм байна тэ?
Арилдиймаа -
Тийм, ач л одоо том болчихоод, одоо хамгийн бага нь 8-р ангид.
Ариун-Ундрах -
Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Арилдиймаа -
Жигшдэг зүйл үү?
Ариун-Ундрах -
Аанхан.
Арилдиймаа -
Жигшдэг зүйл чинь одоо энэ хөдөлмөрөөс хойш суух, энэ ажил хийхгүй амар байхыг бодох. Ийм зүйлийг чинь л одоо бас эвгүй л харагдах юм байна шүү дээ. Одоо яаж л бол хөдөлж, хөдөлмөр хийж байж амьдарч л... Тэгээд хөдөлмөрөөс хойш суугаад бэлэн юмаар амьдрахыг бодох. Энэ чинь одоо бас их аятайхангүй л харагдаж байдаг юм ш дээ.
Ариун-Ундрах -
Та ер нь хийж байсан ажлууддаа дуртай байсан уу?
Арилдаамаа -
Өө яахав, дуртай байсан. Би ер нь ажил хийж байхад дургүй, энэнээс нэг гарах юмсан, салах юмсан гэж ер бодож байгаагүй. Тэр ажлаа ямар ч байсан ингээд хийж л байх юмсан, болгож л байх юмсан гэж л бодож байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд таныг тэр ажиллаж байх үед хамгийн хэцүү зүйлүүд нь юу байсан бэ?
Арилдаамаа -
Хэцүү зүйл ч яахав дээ одоо өөрөө мэргэжил мэдлэг багатай болохоороо юмаа хийж чадахгүй. Мэдэхгүй, чадахгүй юм тулгарах тиймэрхүү л үе байдаг байсан байх. Тэрнээс биш нэг айхтар хэцүү байсан ч юм гайгүй дээ.
Ариун-Ундрах -
Та тэгээд өөрийнхөө энэ хувийн амьдрал, ажил хоёроо тэр үед яаж зохицуулдаг байсан бэ?
Арилдиймаа -
Аа хувийн амьдралыг чинь одоо зохицуулдаг л байсан юм даа. Тэр үед чинь одоо юу яагаад л ажилд чинь 8 цагийн ажил хийнэ. Чөлөөгөөр нь өвс олс буулгана ч гэх шиг. Нэгдэлд чинь энэ гадуур дотуур их ажил хийнэ шүү дээ. Идэш хоол, бой нядлах ч гэх шиг, өвс хадлан тэгээд л бүтэн хагас сайнаар болохоор чинь хөдөө явж ажил хийнэ. Нэгдлийн мал тэжээл, өвс түүнэ. Худаг ус гаргана, хашаа хороо барина, засна. Тэгээд л тийм ажилд явна. Тэгээд л тэр бүгдэд чинь амжуулж л одоо өөрийнхөө ажлыг амжуулж, гэр орныхоо ажлыг бүгдийг амжуулж л хийдэг байсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд өөрийнхөө ажлын хамт олнуудынхаа тухай ярьж өгөхгүй юу?
Арилдиймаа -
Хамт олон ч одоо сайхан сайхан хамт олон байсан даа. Нэгдэлд байхад нэгдлийн нягтлан бодогч Балдан гэж хүн байлаа. Бас л мэргэжилгүй тийм дадлагаар, практикаар л, хар практикаар л гэж ярьдаг байсан тэр үед чинь тиймэрхүү юмаар л хийж байдаг. Тэгээд нэг хэдэн сайн нягтлан бодогч байсан. Тэр их юм хэлж сургадаг байсан. Лувсандорж гээд бас хүн байсан. Бас нэгдлийн ерөнхий нягтлан бодогч. Тэд нарынхаа заавар зөвлөгөөнөөр, тэгээд л хамт ажиллаж байсан зөндөө л улсууд байсан даа. Ёстой сайхан хамт олон байдаг байсаан. Худалдаанд ч гэсэн сайхан хамт олон байж л байсан. Банкинд ч гэсэн одоо хоёул гурвуулахнаа ажилладаг. Тэгээд л хоёул гурвуулаа нийлээд л одоо болгож л байхыг боддог. Нэг нь нэг хөдөө ажилд явсан байхад нэг нь нэгнийхээ ажлыг орлоод хийж байдаг энэ тэр тийм л байдаг байсан даа. Хамт олон бол сайхан хамт олонгууд байсан.
Ариун-Ундрах -
Тэр үеийн банк ямар ямар үйл ажиллагаа явуулдаг байсан юм?
Арилдиймаа -
Тэр үеийн банк чинь одоо энэ сум орны бүх цалин хөлсийг тавьдаг. Цалин хөлсийг бүгдийг тавьдаг тийм л байсан даа.
Ариун-Ундрах -
Улсын банк л байна биз дээ?
Арилдиймаа -
Тийм, улсын банк. Улсын банк байсан.
Ариун-Ундрах -
Та ер нь тэгвэл насаараа тэгээд бэлэн мөнгөтэй их харьцсан уу?
Арилдаамаа -
Бэлэн мөнгөтэй харьцаж байсаан. Нярав ч хийж л байсан, нягтлан ч хийж л байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд хэзээнээс ийм одоо нөгөө мөнгөн тэмдэгт, төгрөгнүүд байна ш дээ, тийм юмтай болсон юм? Эсвэл зоосон мөнгө байсан уу?
Арилдаамаа -
Зоосон мөнгө, тэр чинь одоо хэдэн оноос билээ дээ. Одоо ч би мартчихаад байх юм даа. Тийм зоосон мөнгө эхэлж үүссэн ном хүртэл байдаг юм даа. Банкнаас энэ банкны ойгоор өгсөн. Тэр ном манайд бий л байх. Одоо тэгээд тэрнийг чинь одоо мартчихаад байна. Тэр банк үүсэж, хөгжсөн чинь 1924 оноос л гэж явдаг ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр үеэс л тэр зоосон мөнгө нь үүссэн байсан уу?
Арилдиймаа -
Тийм, 1924 оны үед чинь цаасан мөнгө бий болсон байсан байлгүй дээ. Болов уу? Ер нь яасан юм бол? Би ч одоо 1940-н хэдэн онд л цаасан мөнгө бий болчихсон. Өө байж байхыг л мэдэх юм байна даа. Тэрнээс өмнө одоо тэр 1920, 1930 оны юмыг чинь мэдэхгүй. Дуулсан юмаа мартчихаад байх болжээ одоо.
Ариун-Ундрах -
Тэр үед та чөлөөт цаг гарвал яаж өнгөрүүлдэг байсан бэ?
Арилдиймаа -
Чөлөөт цаг ч яахав дээ, үзэх харах юм бага байсан даа энд. Кино үздэг, тэгэж л яадаг байсан даа.
Ариун-Ундрах -
Энд кино өнөө Улаан булан гэдэгт гарах уу?
Арилдиймаа -
Тийм, кино Улаан буланд гардаг. Нүүдлийн кино гээд аймгаас кино авчирч тавьдаг. Ганц тийм нүүдлийн кино хөдөөгөөр хэсээд кино гаргаад явдаг тийм байсан. Манай өвгөн кино механикч хийдэг байсан юм.
Ариун-Ундрах -
Кино механикч гэхээр яг нөгөө тэр киног нь гаргадаг хүн юм уу?
Арилдиймаа -
Тийм, киног гаргадаг хүн.
Ариун-Ундрах -
Аанхан, тэгээд л нөгөө ийм хальстай кино гаргана тэ?
Арилдаамаа -
Тийм, хальстай кино үзээд, эргүүлээд аппаратанд хийгээд, аппаратанд ингээд хийж гаргачихаад, тэгснийхээ хойноор өнөөхийг нь ийм гар юу эргүүлдэг юмаар эргүүлж, дахиж эргүүлж яаж байж дахиж тавьдаг тийм юм л хийдэг байсан юм даа. Гар ажиллагаатай нэг муу мотор ажиллуулаад энэ тэр тэгдэг. Тийм л байдаг байсан. Тэгэхдээ урлаг уран сайхан гэж бас юм гайгүй байдаг байсан шүү дээ. Энэ Улаан булан гээд тэрүүнд чинь жоохон жүжиг тоглоно, концерт тоглоно. Тэр концертонд чинь би бас гайгүй идэвхитэй оролцдог энэ тэр тийм байсан. Тэгээд би нэг их дуулж хуурдаж, нэг их сайхан тийм авъяас байхгүй. Тэгсэн ч гэсэн хөтлөгч хийдэг, шүлэг уншдаг. Тэрүүнд ч бас их идэвхитэй. Одоо цаг зав гарахгүй байна гэхгүйгээр л орой сургууль хийхэд чинь өнөөхийг цугла барь гэх дээр л цуглаад л. Тэр үеийн хүмүүс ер нь хэн нь ч тийм идэвхитэй байсан. Тэгээд л хэн л бол тэр ажил хийдэг хүмүүс урлагийн, уран сайхны хүн гэж тийм тусдаа тийм хүн байхгүй шүү дээ. Тэгэхэд л энэ ажил хийж байгаа улсуудыг чинь аль арай авъяастай, арай жоохон дуулдаг, арай жоохон шүлэг хэлчихдэг тиймэрхүү улсуудыг чинь цуглуулж байгаад л тийм концерт энэ тэр найруулна. Клубын эрхлэгч гээд нэг хүн байдаг байсан юм. Тэгээд л тэр хүн л ганцаараа л тэр улсуудыг чинь зохион байгуулна. Тэгэхэд чинь ер тэгэж хойш нь сууж, би очиж чадахгүй энэ тэр гэж цааш нь зугатаадаг хүн байгаагүй. Чадсан чадаагүй очоод л сууж байдаг. Чадах ядах юмаа л хийж байдаг. Дуулж чадахынхаа хэрээр дуулж л байдаг. Бүжиглэж, шүлэглэж тэгэж л байдаг. Тийм л байсан. Тийм маягаар би бас тийм урлаг, уран сайхны юманд оролцож байсан. Тэгээд л тэр концерт яагаад аюулын аятайхан жоохон концерт босгоод энэ хөдөө багуудаар, бригадуудаар явж тоглодог. Хилийн застав, элдэв янзын газраар явж тоглодог. Тэгдэг байсан бас. 1960-н хэдэн он энэ тэрт чинь тийм юм гайгүй л зохион байгуулдаг байсан.
Ариун-Ундрах -
Одоо энэ Соёлын төв гэчихсэн байсан ш дээ, цагаан?
Арилдаамаа -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр урд нь Улаан булан байсан уу?
Арилдиймаа -
Тэгсэн, Соёлын төв чинь ... Улаан булан ч гэж нэг жоохон дөрвөлжин юм байсан даа энд. Тэгэж байгаад сүүлдээ клуб гээд энд одоо бас буулгаад авчихсаан. Энд Соёлын төв барьснаас хойш буулгачихсан. Хуучин юмаа хадгалж байхгүй тэгээд буулгачих юм даа. Клуб гэж бас хэдэн хүний суудалтай гэдэг сэн билээ дээ. Тийм клуб бариад клуб нэртэй болоод, Улаан булан гэхээ байгаад тэгээд яаж байсан юм. Өргөжсөн байсан бас. Тэгээд тэрнээсээ л энэ Соёлын төвд орсон доо. Соёлын төв чинь одоо бас номын сан, бас хэд хэдэн орон тоотой, бас өргөжсөн л юм шиг байна лээ.
Ариун-Ундрах -
Одоо энэ Соёлын төвд янз бүрийн концерт тиймэрхүү юм ирэх үү?
Арилдиймаа -
Соёлын төв чинь бас их ажил зохионо шүү. Бас хийнэ ээ. Концерт тоглоно. Ийшээ тийшээ явж үйлчилнэ. Янз янзын өндөр настны гээд л, залуучуудын элдэв янзын юм гайгүй хийнэ шүү дээ. Энэ чинь Соёлын төвийн эрхлэгч Цэцгээ гээд хүүхэн байдаг юм. Тэгээд тэр чинь бол их юм хийдэг юм ш дээ, бас. Залуучуудын чөлөө завыг ашиглах талаар тэмцээн, янз бүрийн юм зохионо. Манай Соёлын төв бол гайгүй ажилтай шүү.
Ариун-Ундрах -
Тэр яагаад Улаан булан гэж нэрлэдэг байсан юм бол?
Арилдиймаа -
Хэн мэдэхэв дээ, Улаан булан гэдэг л байсан ш дээ, энэ чинь.
Ариун-Ундрах -
Бүх газар л Улаан булантай.
Арилдиймаа -
Тийм, бүх газар л... Улаан гэр гэж байсан байх, ер нь эхлээд. Улаан гэр гэж байсан гэх юм билээ. Тэрийг нь ч би одоо сайн мэдэхгүй юм. Тэр надаас өмнөх үед, тэр 1920, 1930-аад оны үед л байсан эд байх. Улаан гэр гэж байж байгаад л сүүлдээ Улаан булан л болсон юм байх даа. Намайг л мэдэхийн тэр л Улаан булан гээд энд жоохон дөрвөлжин байшин байдаг байсан юм. Тэгээд тэрүүнд нүүдлийн кино гэж энэ Хөвсгөл суманд ганц нүүдлийн кино ажилладаг. Тэр хэдэн сум хариуцаж ажилладаг. Тэгээд хааяа, 1940-н хэдэн онд юм бэ дээ тэр чинь. Хааяа нэг энд ирж кино тавьдаг энэ тэр тийм байсан юм. Эхлээд тэр дуугүй, зүгээр нэг сүүдэр ший гэж нэг юм. Одоо энэ юунд гэрлээр дэлгэцэн дээр нэг дүрс гаргадаг тийм...
Ариун-Ундрах -
Хятадынх шиг үү?
Арилдаамаа -
Тийм зүгээр дүрс гаргадаг тийм л юм нэг тавьдаг байсан ш дээ. Бас хүүхэд байхад авчирч үзүүлдэг байсан. Гайгүй л юм үзчихсэн болдог л байсан, бид нар.
Ариун-Ундрах -
Зүгээр нэг тийм хар, цагаан л юм уу?
Арилдаамаа -
Тийм, хар цагаан зүгээр л нэг зураг тийм юм гардаг, эргүүлээд гаргадаг. Тэгээд нэг дуутай кино мотор асаагаад гаргадаг. Тийм юм чинь ховор ирнэ дээ. Нүүдлийн кино ганц тэр суманд байгаа юм чинь хэд хэдэн сум хариуцна. Хааяа л нэг ирнэ. Тэгдэг л байсан юм. Тэгээд сүүлдээ энэ чинь 1960-н хэдэн оноос бий болсон юм болов уу даа. 1960 оноос ч арай өмнө бий болж дээ. Нүүдлийн кинотой болсон юм аа, манайх өөрснөө. Тэгээд бас манай өвгөнөөс урдаар бас хэд хэдэн кино механикч ажиллаж байсан юм аа, нүүдлийн кинотой болчихоод. Манай өвгөн 1960 оноос эхэлж ажилласан юм, нүүдлийн кинонд.
Ариун-Ундрах -
Танай өвгөн тэгэхээр энэ сумуудаар явах уу?
Арилдиймаа -
Сумуудаар явахгүй. Манай өвгөн чинь бол өнөө сум бүгд нүүдлийн кинотой болчихсон хойно бий болсон юм болохоор өөрийнхөө суманд л үйлчилнэ. Тэгээд баг, бригадаар явна. Хөдөөний айлуудаар явж кино гаргана. Тэгээд сумын төвд гаргана. Тэгдэг л байсан юм.
Ариун-Ундрах -
Яг энэ сумандаа л ажиллах юм байна тэ?
Арилдиймаа -
Тийм, сумандаа л ажилладаг байсан.
Ариун-Ундрах -
Сумын бүжиг гэж тиймэрхүү юм болох уу?
Арилдиймаа -
Болдог байсан. Нийтийн бүжиг гээд тэр Улаан буланд чинь бас гайгүй нийтийн бүжиг гээд болно ш дээ. Тийм вальс, танго, румбо энэ тэр гээд л бүжиглэдэг л байсан даа. Баяан хөгжмөөр хөгжимдөөд, анхан эхлэхдээ мандлин хөгжим хөгжимдөөд энэ тэр бүжиглэдэг. Сүүлдээ баяан, баян хуур хөгжимтэй болж бас тийм хөгжмөөр хөгжимдөөд сууж байдаг. Тэгээд нэг хэсэг нь бүжиглэж байдаг. Тийм юм хийдэг, тэгдэг байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Ер нь тэгээд дээлтэйгээ л байна биз дээ?
Арилдиймаа -
Тийм, дээлтэй л голдуу л байна даа ер нь голдуу л дээлтэй.
Ариун-Ундрах -
Тэр европ бүжгүүдийг хаана яаж сурцгаасан юм бол хүмүүс нь?
Арилдаамаа -
Тэр үеийн урсгалаар л яваандаа л сурсан байдаг байхдаа тэр. Хэн мэдэхэв, одоо энд ирээд нэг их сүрхий зориуд зааж сургаж байсан юм мэдэхгүй л юм.
Ариун-Ундрах -
Бас өөр чинь юу билээ..., Та бага байхдаа ер нь яаж тоглодог байсан бэ? Бага насны чинь амьдрал. Та айлын ганц байсан гэсэн тэ?
Арилдаамаа -
Айлын ганц охин би. Биднийг бага насанд чинь одоо хөдөө мал малладаг байсан болохоор чинь ер нь чулуун тоглоомоор л тоглодог байсан ш дээ. Чулуугаар гэр барина, за цагаан чулуу түүгээд хонь гэнэ. Одоо орчноороо л тэгэж мал хуй л гэж тоглоно. Жаал зөөлхөн тийм чулуу олдвол ингээд цохиод бөхтэй тэмээ болгоод, тэмээ хийгээд тэмээ энэ тэр болгоод, тэгээд чулуугаар гэр бариад. Тэгээд л дандаа чулуун тоглоомоор тоглодог байсан ш дээ, биднийг багад чинь. Тэгээд л нутаг дээрээ нэг чулуун тоглоомоо орхиод л явдаг. Тэгээд л хэзээ хожим болтол одоо энэ чулуун тоглоомууд нутгуудаар байж л байдаг тийм байдаг байсан. Чулуун тоглоомоор л тоглодог байсан. Биднийг бага байхад шил шаазангын хагархай ч ховор олдож байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Таны ээж ямархуу хүн байсан бэ?
Арилдиймаа -
Манай ээж ч яахав дээ нэг мал малладаг тийм л хүн байсан. Мал малладаг малчин хүн л байсан. Тэгээд аминыхаа хэдэн малыг л малладаг. Өөр юм хийхийг мэдэхгүй байсан даа, зайлуул. Тэгээд нэг манай үед, 1940, 1950-н хэдэн оны үед бас нэг бүлгэм гэж одоо хөдөөний улсуудыг чинь бичиг үсгийн бүлгэм гэж байгуулагдаад энэ шинэ кирилл бичиг үсгийг чинь заадаг байлаа ш дээ. Бас нэг арай нэг дээр мэддэг нь багшлаад. Тэгээд энэ сумын төвд авчраад тэгэж заалгаж бас нэг А, Б мэддэг болж, бичиг үсэг холбодог болж. Манай эх тийм л болсон байсан. Тэгээд нэг их ч сайн, нэг их өөртөө хэрэглэхээр сурч чадаагүй дээ. Зайлуул, тэрүүнд ч удаан, олон жил ямар сурсан юм биш дээ. Хааяа нэг хэд хоногоор л нэг сараар жаал тэгээд л. Тэгээд бичиг үсэг ч мэддэггүй. Зайлуул, нэг мал л малладаг тийм л хүн байсан даа. Тэгэж байгаад л сүүлд миний дэргэд ирж энэ сумын төвд байж байгаад өөд болсон доо. 80-н хэдэн настайдаа өөд болсон, манай эх.
Ариун-Ундрах -
Таны амьдралд тохиолдсон гүн гүнзгий үйл явдал байгаа юу?
Арилдиймаа -
Өө яахав дээ, энэ чинь одоо надад ч одоо, миний амьдралд тохиолдсон юм чинь айл гэр болж яалаа гэж одоо сайн сайхан болж тэгэж амьдарч л байлаа. Үр хүүхэдтэй болоод одоо үр хүүхэдтэй боллоо, ээж аав боллоо, үртэй хүүхэдтэй боллоо гэж баярлаж бахархаж л явлаа. Сүүлдээ ач, зээ олонтой. Би чинь нөгөө эхээсээ ганцаараа. Би ч бас ганц охинтой хүн. Би эхээсээ ганцаар. Тэгээд ганцаар голдуу байсан болохоор олон ачтай боллоо. Манай охин 4 ач гаргасан. Тэгээд олон ач нартай боллоо. Тэрүүгээрээ бахархдаг. Тийм л байсан даа. Тэр ч баярт үйл явдал тэр л байсан байх.
Ариун-Ундрах -
Таны амьдралд ер бусын ба бусдынхаас онцгой гэх зүйл байгаа болов уу?
Арилдиймаа -
Онцгойлох зүйл нэг их байхгүй дээ. Би энэ өөрсдийн амьдралын жишгээр л амьдарч байсан. Онцгой болж байсан юм байхгүй.
Ариун-Ундрах -
Таны охин тэгвэл нөгөө таны ажлыг өвлөж авсан юм байна тийм ээ?
Арилдиймаа -
Тэгсэн юм, манай охин одоо банкны, тийм миний ажлыг л өвлөж авсан юм даа. Бас мэргэжил байхгүй ээ. Сургууль соёлд явж чадаагүй. Бас л нэг 10-р анги төгсөөд л гарсан. Тэгээд л мөн нэг дадлагаар л. Тэгээд одоо нягтлан бодохын ажил хийж л байна даа. Одоо ч бүх юм цахилгаанаар өнөө сүлжээ мүлжээ элдэв юмаар хийдэг л боллоо. Тэгээд тэрнийг ямар ч байсан хийж л байна шүү дээ. Алдаа эндэгдэл гаргаагүй л байна.
Ариун-Ундрах -
Мөнгөтэй харьцах бас их осолтой ажил шүү тэ?
Арилдаамаа -
Айн?
Ариун-Ундрах -
Мөнгөтэй харьцах бас их осолтой ажил...
Арилдаамаа -
Харин тийм, сүрхий л ажил. Тэгэхдээ би мөнгөтэй харьцаж байхдаа тэгэж мөнгөний төлбөр гаргаж, элдэв янзын зөрчил гаргаж байгаагүй ээ. Манай хүүхэд ч гэсэн одоо болтол одоо тэгээд түрүү банкинд бас нэг 2-3 жил ажиллаж байгаад, хэдэн жил ажиллаж байгаад тэгээд нэг орон тооны илүүдэл, элдэв юм гээд бас гарчихсан байсан юм. Гараад бас нэг хэдэн жил болж байтал дахиад банкинд ажиллуулна гээд ажиллуулсан. Тэрнээсээ хойш бас нэг 5-6 жил ажиллаж байна даа. Тийм, тэгэхдээ тэр хугацаандаа зөрчил элдэв юм гаргаагүй, сайхан л ажиллаж байна, хөөрхий. Бас нэг надархуу ажилдаа үнэнч ажиллахыг л боддог. Одоо ч ажил амжихгүй байна гээд л орой чинь ажил амждаггүй гээд л 9, 10 энэ тэр хүргэж ирэх тиймэрхүү л байх юм. Тэгээд бас ажилдаа идэвхитэй л байдаг байх гэж би бодож байгаа юм.
Ариун-Ундрах -
Энэ хажууханд байсан Хаан банк гээд үү?
Арилдиймаа -
Тийм, Хаан банк.
Ариун-Ундрах -
За тэгээд та социализмын үеийн МАХН-ын тухай ярьж өгөхгүй юу? Тэр үедээ...
Арилдиймаа -
МАХН-ын гишүүн байсан би.
Ариун-Ундрах -
Аанхан. Тэрийгээ.
Арилдиймаа -
Би чинь 1960-н хэдэн онд элссэн. МАХН-ын гишүүн байсан. МАХН-ын гишүүн чинь их ажил төрөл, нэр хүндтэй тийм л байдаг байлаа даа. Тэгээд гишүүн байсаан. Би бас гишүүн байгаад тэр намынхаа төлөө бас үнэнчээр л зүтгэж байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед намдаа яаж элсдэг байсан юм бол?
Арилдиймаа -
Намдаа чинь 2 хүний батлан даалттай, жил гаруй орлогчийн хугацаатай энэ тэр байж байж элсдэг байсан ш дээ. Их шалгуур авч байж элсүүлдэг байсан ш дээ. Ажил төрлөөрөө их сайн хүнийг л элсүүлнэ. Ер нь барагтай хүнийг элсүүлэхгүй энэ тэр тийм байсан шүү дээ.
Ариун-Ундрах -
Тэр батлан даагч гэдэг нь яадаг хүн юм?
Арилдаамаа -
2 хүний батлан даагч авдаг. Тэр 2 хүн чинь одоо энэ зөрчил гаргахгүй, сайн ажиллана энээ тэрээ. Бас муу ажиллаад, буруу зөрүү юм болох юм бол тэр батлан даагчтай бас тооцдог барьдаг тийм юм байсан юм даа.
Ариун-Ундрах -
Одоо жишээлбэл таныг л батлан даах нь байна ш дээ тэ?
Арилдаамаа -
Тийм, намайг л батлан даах. Жилийн хугацаанд л одоо бэлдүүлж л намын гишүүн болгох л тийм. 2 жилийн хугацаанд 2 хүн батлан даадан байсан ш дээ. 1 жилийн хугацаанд. Тэгээд бүтэн жил болж байж намын жинхэнэ гишүүнээр элсдэг. Орлогч гишүүн гээд 1 жилийн хугацаанд одоо шалгаж л байгаа юм байх л даа. Нэг тийм, тэгэж байж элсдэг байсан юм. Их шалгууртай элсдэг байсан.
Ариун-Ундрах -
Тэгээд 1 жил орлогчоо хийчихээд шалгалт өгөх үү? Үгүй юу?
Арилдиймаа -
Тэгээд бас аймгийн намын хороогоор орно. Аймгийн намын хороогоор орж бас шалгалт өгнө ш дээ.
Ариун-Ундрах -
Юугаар өгөх үү?
Арилдиймаа -
Юм хум асууна. Улс төрийн чигийн юмнуудыг асууна. Намын товчоо хуралдахлаар чинь товчооны гишүүд ажил төрлийн, тэгээд л улс төрийн янз бүрийн юм асууна ш дээ. Тэгээд тэрүүнийг нь хариулна. Тэгээд ер нь өөрийнхөө ажил дээр хэр зэрэг ажиллаж байж уу? Ямар янзтай ажиллаж байж уу? Орлогчийн хугацаанд чинь даалгавар өгнө, бас. Янз бүрийн тийм юм унш, хий гэсэн. Тэгээд тэрнийгээ биелүүлж үү, үгүй юу? Тэр бүгдийг нийлүүлж үзэж байж элсүүлнэ ш дээ. Тэгдэг байсан юм.
Ариун-Ундрах -
Та хэдэн онд элссэн гэсэн үг вэ?
Арилдиймаа -
Би чинь одоо 1960-н хэдэн онд элслээ дээ? 1960-н хэдэн онд л элссэн юм.
Ариун-Ундрах -
Нилээн удаж байгаа юм байна тэ?
Арилдиймаа -
Удаж байгаа.
Ариун-Ундрах -
Тэр үед намын гишүүн болвол одоо ажил дээр тушаал дэвших ч гэх юм уу, ажил олдоход ч гэх юм уу жоохон нөлөө байх уу?
Арилдаамаа -
Аа хэн мэдэхэв дээ. Эрхбиш нөлөө байсан юм уу, үгүй юм уу? Би намын гишүүн болоод би тийм ажилтай болчихлоо ч гэж байсан юм байхгүй л юм. Энэ удирдах тушаал мэтийн ажил хийдэг хүн энэ тэр бас нөлөөлдөг байсан юм уу, үгүй юм уу? Хэн мэдэхэв.
Ариун-Ундрах -
За тэгээд... Тэр намын гишүүдэд бас өөр одоо ажлаас гадуур янз бүрийн үүрэг даалгавар оноогдох уу?
Арилдаамаа -
Аан, өгдөг байсан. Тэр чинь мэдлэгийн, улс төрийн янз бүрийн юм. Тэгээд л намын дугуйлан энэ тэр хийнэ. 7 хоногт 1 удаа орой намын дугуйлан хийнэ гээд Марксизм, Ленинизм элдэв янзын юм заана шүү дээ.
Ариун-Ундрах -
Ажлын дараа юу?
Арилдиймаа -
Тийм. Тэгээд намын даалгавар өгнө. Тийм юм унш, ийм юм унш. Одоо Их хурал, Бүгд хурлын энэ материалуудыг бол мундаг их товчилдог, хийлгэдэг байлаа ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд шалгах уу?
Арилдиймаа -
Тийм, тэгээд шалгадаг.
Ариун-Ундрах -
Та тэгэж ажиллаж байхдаа намын ажил хийж байсан уу?
Арилдиймаа -
Намын ажил ч бас намын үүрийн товчооны гишүүн энэ тэр байсаан.
Ариун-Ундрах -
Тэр нь ямархуу ажил хийх үү?
Арилдиймаа -
Аан, тэр яахав. Намын л ажлыг л голдуу хийнэ дээ. Намын гишүүдтэй ажиллах, тэр даалгавар шалгах тиймэрхүү юм. Тэгээд бас намын ажлыг л хамт хийдэг тийм л юм байсан юм.
Ариун-Ундрах -
Ер нь бол МАХН-д элсэх сонирхол ихтэй тэ? Тэр үедээ.
Арилдаамаа -
Аан, тэр үедээ бас элсдэг л байсан юм.
Ариун-Ундрах -
Аль болох л элсэхийг л бодно биз дээ?
Арилдаамаа -
Нэг их ч тэгэж элсэхийг, ажилтай төрөлтэй хүнийг чинь албаар шахуу намын гишүүнд элсэнэ гээд элсүүлдэг. Тэгээд элсдэг л байсан шүү дээ. Тэгээд сайн дураараа элсэх хүн ч бас элсэж л байсан л даа.
Ариун-Ундрах -
За тэгээд танд одоо энэ үр хойч үедээ захиж үлдээх, хэлэх зүйл байна уу?
Арилдиймаа -
Аан тэгээд хойч үед одоо энэ ажил төрөлдөө үнэнчээр хийж одоо улс орондоо ихийг бүтээхийн төлөө л энэ залуучууд л тэгэж ажиллаасай л гэж бодож байна ш дээ.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Арилдиймаа -
За баярлалаа.
Ариун-Ундрах -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.