Gombo
![](../assets/images/interviewees/990491.jpg)
Basic information
Interviewee ID: 990491
Name: Gombo
Parent's name: Dagva
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1935
Ethnicity: Halh
Additional Information
Education: none
Notes on education:
Work: no specialisation, herder, watchman, retired
Belief: Buddhist
Born in: Delgereh sum, Dornogovi aimag
Lives in: Sainshand sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
foreign relations
travel
herding / livestock
family
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
За Гомбо хоёулаа өнөөдөр таны нөгөө түрүүчийнхээ ярилцлагыг үргэлжлүүлж ярья аа. Тэгээд таниас асуух нэг 2 асуулт байна аа.
Гомбо -
За.
Ариун-Ундрах -
За эхлээд тэрийгээ асуучихья, тийм ээ? Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?
Гомбо -
Гүнээр?
Ариун-Ундрах -
Тийм. Хэрвээ байгаа бол тэр нь ямар үйл явдал вэ?
Гомбо -
Одоо энэ өвчин зовлонгоос л хэлэх байх даа. Энэ яахав нэг манай хөгшин 2 жил л хэвтээд байна. Одоо энэ л орох байх даа.
Ариун-Ундрах -
Сүүлийн 2 жил үү?
Гомбо -
Тийм, сүүлийн 2 жил нэг өвчтэй хүн хараад өөрөө энэ дээр байж байна аа.
Ариун-Ундрах -
Нас нь хөгшрөөд өвчлөв үү? Ер нь ямар өвчнөөр өвдөв?
Гомбо -
Даралт аа. Даралт одоо ийм болсон.
Ариун-Ундрах -
Даралт бас аюултай шүү тэ?
Гомбо -
Аюултай. Одоо даралтаар 2-3 жил хэвтэрт одоо хүний гараар ороод ... Одоо ийм айхтар л байна. Би өөрөө бол одоо энэ тэнд нэг их айхтар өвдөж зовсон юмгүй. Миний хувьд... байхгүй. Би өнөөдөр 70 нилээн гараад. Хөдөө аж ахуйн нэгдэлд мал дээрээ байж байгаад л одоо ... Би сумын төв рүү орж ирээд. Яахав нэг ачууд бас ганц нэг нь сургуульд сууж байна.
Ариун-Ундрах -
Тэрнээс өмнө бас тийм гүн гүнзгий нөлөөлж байсан үйл явдал байгаа юу? Бас сайнаар ч байсан болно л доо.
Гомбо -
Аа миний, би уул нь 8-9 хүүхэдтэй байсан. 2 нь одоо энэ хүнд өвчнөөс, энэ хортой нөхцлөөс болж л одоо байхгүй болсон доо. Аваар осол, энэ хурдан унаа энэ тэр ч бас л сайн талтай, муудаа муу юм даа.
Ариун-Ундрах -
Аанхан, аваар осол уу?
Гомбо -
Тийм, аваар осол. Би одоо ер нь 3 хүүхдэдээ унаа авч өгч байсаан. Машин техникийг бол одоо ер нь хамаагүй, дугуйнуудыг бол тэрнээс ч бас их болж л байна шүү дээ. Тэгээд л архи дарс их ууж байна. Энэ одоогын улс хамаагүй, замбараагүй ууж байна. Энэнээс болж л байна даа. Хоёр сайхан хүүгээ алдчихаад л одоо бас тэрэнд их зовж л байдаг юм даа.
Ариун-Ундрах -
Тэр бас их гүн нөлөөлсөн байх тийм ээ?
Гомбо -
Тийм, тэрний их гүн нөлөөнд оролгүй яахав дээ. Тийм юм чинь гүнд л орно л доо.
Ариун-Ундрах -
Дараагынх нь асуулт нь болохоор таны амьдралд ер бусын ба бусдынхаас онцгой гэх зүйл байгаа юу?
Гомбо -
Тэр юу гэсэн үг үү? Онцгой зүйл байхгүй дээ.
Ариун-Ундрах -
Адилхан л гэж боддог уу?
Гомбо -
Адилхан л одоо түмний дунд л явж байгаа гэж би өөрөө боддог. Одоо тэрнээс онцгой тийм юм байхгүй ээ.
Ариун-Ундрах -
За хоёулаа тэгээд ярилцлагаа үргэлжлүүлэхээр социализмын үед тэгээд ер нь өөр ямар ямар онцгой зүйлүүд байсан билээ? Юмны үнэ хямд байсан.
Гомбо -
Юмны үнэ хачин хямдхан байсаан.
Ариун-Ундрах -
За.
Гомбо -
Одоо тэр одооны үед ч гэсэн тэр нэг гүн юу юмны үнэ чинь өндөр байна шүү хө. Миний амьдралд бол. Одоо харин жоохон дээр, гурил нэг хэмжээнд нь байж байна, будаа нь одоо мөн үнэтэй л болж байна. Өдөр тутмын хэрэгцээний зүйл шүү дээ. Одоо тэгээд яахав, махыг бол одоо яриад яахав дээ. Би бол одоо тэгээд л юм яахгүй. Хүүхдүүдийнхээ 5 малаас авчихдаг, зун бол голцуу. Малыг бас хамаагүй алаад байдаггүй ээ, би. Бас цагийн сайханд хуучныг баримтална л даа. Би бас нас өндөр боллоо. Бас хамаагүй.
Ариун-Ундрах -
Та нээрээ цэрэгт явж байгаагүй гэсэн үү?
Гомбо -
Үгүй, үгүй. Цэрэгт яваагүй.
Ариун-Ундрах -
Цэрэгт яагаад яваагүй вэ?
Гомбо -
Цэрэгт яваагүй, миний яасан бэ гэвэл 1950-н хэдэн оны захиргаадлын юунд чинь мал туугаад л одоо ай Дорнотод аваачиж тушааж байсан даа, би. Дорнотын одоо цаана Эрээн цав оруулж өгч байсаан.
Ариун-Ундрах -
Эндээс туугаад уу?
Гомбо -
Тийм, эндээс одоо Дэлгэрэхээс чинь туугаад Даргиад гэж дамжуулаад, тэгээд Хэнтий аймгийн Хэрлэнгээр ороод ноос үсийг нь хяргуулж өгч тушаагаад... Тэгээд л өө Эрээн цав орж байсан. Би хөөрхий л одоо багаасаа л төр засагтаа үнэнчээр зүтгэж байсан тийм хүн дээ хө. Одоо тэрний ч юугаар би явж л байна. Тэгээд ялаа шумууланд одоо зунжил тэр чинь 8,9 10 сарын эхээр л ирж байсан даа, би ачаан дээр. Тэмээн тэргээр явна, тэр чинь. Майхан савтай бүр одоо.
Ариун-Ундрах -
Майхантайгаа явах уу?
Гомбо -
Майхантайгаа, тэр майханаа шаагаад л...
Ариун-Ундрах -
Тэр хаашаа яах гэж хүргэж өгч байгаа гэнэ ээ? Эрээн рүү.
Гомбо -
Одоо тэр бэлтгэлийн мал. Худалдаа бэлтгэлийн анги гэж байхад чинь одоо гадаадад хүргэж, тэр Оросууд руу гаргаж байгаа юм. Тэр тууврын малыг би 5-6 жил туусан. Тэгээд цэргийн нас. Нэг гологдсон. Харин тэр үед нэг гологдсон доо.
Ариун-Ундрах -
Яаж голж байна?
Гомбо -
Хэн мэдэхэв одоо.
Ариун-Ундрах -
Эрүүл мэндээр үү?
Гомбо -
Эрүүл мэндээр л биз дээ. Эрүүл мэнд гайгүй л байсан. Тэгээд энэ баруунтай буланд очиж нэг чулуу ... байхад та одоо яахав, харь л гэсэн. Тэгээд цэргийн хугацааны нас хэтэрсэн байх л даа. Би 2 л тэгсэн юм даг. Эрүүл мэндээр л байдаг юм байгаа биз. Одоо тийм нэг айхтар гоц халдвартай юм байгаагүй л юмсан.
Ариун-Ундрах -
Хараа муу байсан юм болов уу?
Гомбо -
Тийм, одоо нүдний хараагаар муу байдаг юм байгаа биз дээ. Ар гэрийн гачигдал ч гэж байсан.
Ариун-Ундрах -
Бас уу?
Гомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр нь яах уу?
Гомбо -
Аа за ар талдаа хүн бүлгүй л гэж. Тэр захиргаадлын юунд чинь тэр гачигдал харахгүй. Тэр мал л бол мал. Тэр тууврын мал туугаад тэр явлаа л бол одоо хүн олдохгүй бол. Тэгээд тэр чинь түрүүлж би туугаад сайхан л яваад ирсэн. Тэрүүнд одоо яваад яасан юм байхгүй л дээ. Айхтар очоод өр төлбөрт ороогүй. Хүний малыг хийдгийг нь л хийгээд, малыг нь сайхан л. Авдаг нь хүний их л мөнгө авсан. Эрээн цав оруулж байсаан, би.
Ариун-Ундрах -
Тэр нэг туугаад явахдаа хичнээн мал тууж явах уу?
Гомбо -
1350-аас бага мал тиймэрхүү. Үхэр бол 70. Тэгээд 3 хүн шүү дээ.
Ариун-Ундрах -
Одоо тэгээд л тэндээс энэ хүртэл тэр тэмээн тэрэгтэй гэхээр ер нь хэд хонож байж хүрэх үү?
Гомбо -
... одоо 3-4 сар л явна ш дээ. 2-3 сараар. Мөн зарим өдөр өнжинө. Ийшээ ч мөн хол шүү. Танайхан чинь одоо энэ Алтанбулагын улс чинь тууварчид. Тэгээд тэмээгээр явна, манайхан чинь. Эд чинь бол мориор. Нэг юм уу хоёр морь унаад л явна. Тэмээгээр явсан. Манайх чинь бол их татуу ш дээ. Эндээс 100 гаруй км, Дэлгэрэх чинь. Тэгээд Даргиадаар оруулаад л, тэгээд хяргуулаад л тэгэж л явж байсан даа, би. Төр захиргаа .... хүн байсан даа. Жин тээсэн.
Ариун-Ундрах -
Өө тэр жин тээсэн тухайгаа нээрээ ярьж өгөөч?
Гомбо -
Аан?
Ариун-Ундрах -
Жин тээсэн тухайгаа?
Гомбо -
Өө би яахав дээ. Энэ Энэтхэгээс мод татаж байсан. Аа энэ Дорноговиос гурил будаа аваачаад эндээс татаж байсан. Тэгээд л ирнэ шүү дээ. Тэмээн тэргийн аян, жин гэж байсан. Аа сүүлдээ нуруу ачаад л явж байсан. Эднийх мөн нуруу ачиж байсан.
Ариун-Ундрах -
Нуруу гэдэг нь мод юм уу?
Гомбо -
Тэмээ хомноод, тэгээд л нэг 3 том буган дээр нь. Тэмээ хомноод тийм сайхан. Аа манайх бол тэргэнд ачиж байсан. Тэргэнд нэг 6 тампуу гурил ачаад л дээр нь. Тэр 6 тампуу чинь 70 кг-ийн гурил шүү дээ.
Ариун-Ундрах -
Хөөх.
Гомбо -
Тийм, 350 кг болж байгаа юм.
Ариун-Ундрах -
Тэр малааа туугаад явахад тэгээд 3-4 сар болдог юм бол бараг отор хийсэнтэй ялгаагүй байж байгаад л аваачаад өгөх нь байна ш дээ.
Гомбо -
Аан тэр яг. Мал чинь тарга тэвээрэг авна.
Ариун-Ундрах -
Тэгээд аваачаад өгөх нь байна. Тийм ээ? Тэр жин тээсэн ачаануудыг одоо нэг газраас нөгөө газар руу нь хүргэж өгөөд өөр юм аваад буцаад хүрээд ирнэ гэсэн үг үү?
Гомбо -
Тийм, тэндээс арьс шир тээж ирж өгнө ш дээ.
Ариун-Ундрах -
Тийм үү?
Гомбо -
Тийм. Аа би мод, энэ нэгдэл гэж байхад Хэнтий аймгаас тэр Дадалын юугаас л мод тээж, эрээний хар тэрэг зөөж байсан. Өө миний тэнэсэн бол муугүй тэнэсэн дээ. Төр засгийн л ажил.
Ариун-Ундрах -
Тэр та нэгдлийн төлөвлөгөө биелүүлдэг байсан гэж ярьсан ш дээ тэ?
Гомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэр төлөвлөгөөгөө биелүүлээгүй тохиолдолд яах уу?
Гомбо -
Тэр чинь одоо тэгээд л төлбөр төлөөс гарна ш дээ, тэр чинь.
Ариун-Ундрах -
Тэгэхээр нь үү?
Гомбо -
Тийм. Тэр чинь өнөө хөдөлмөрийн чинь мөнгөнөөс авчихна ш дээ.
Ариун-Ундрах -
Цалингаас нь л хасна.
Гомбо -
Ай, цалингаас нь л хасна гэсэн үг. Тэрийг цаг минутанд нь хийж байсаан, би. Би бол ер нь төр засагтаа таван цаасны ашигтай л хийж байна уу гэхээс алдаа дутагдал бол гаргасан юм байхгүй ээ. Аа тэр хувьчлал гэж би ярьсан. Тэр хувьчлалд бол одоо ер нь малаа л авсан уу гэхээс одоо бусад юм бол, би тэр машин техник тийм юмыг нь өгөөгүй. Тэр ч одооны улс бол дандаа л хувьдаа машинтай болчихсон юм байна лээ, хэн мэдэхэв.
Ариун-Ундрах -
Та насаараа мал малласан гэсэн юм чинь одоо ингээд яг мал маллаж байсан үеийн нэг өдрийн амьдралыг ярьвал яах уу? Одоо өглөө босоод яг юу юунаас ажил эхлэх үү?
Гомбо -
Аа малаа л маллана даа.
Ариун-Ундрах -
Харин тийм.
Гомбо -
Малаа л маллаад явна. Цайгаа ууж идэж л байна.
Ариун-Ундрах -
Өглөө босоод тэгээд туугаад л аваад явах уу?
Гомбо -
Тэгээд туугаад л. ... Эмээлтэй морио эмээллэчихнэ, тэгээд л. Тэгээд л нэг морь унаад шогшоод байна даа. Өшөө юм байхгүй. Айл айлаар хамаагүй хэсэж явахгүй. Тэр хавьдаа ойрхон айл байвал бууна даа. Тэгээд л хонио буцаагаад л. Аль ч мал гэж байна. 5 төрлийн мал байна ш дээ. Тэмээгээ хариулна, аа тугал бяруугаа хариулна, тэгээд л хонь ямаагаа, адуу байна. Адуугаа харна. Таван хошуу л мал байна ш дээ.
Ариун-Ундрах -
Та ер нь бүгдийг нь л маллаж байсан байна ш дээ тэ?
Гомбо -
Тэгсэн. Би бүгдийг нь маллаж байсан.
Ариун-Ундрах -
Аль малыг нь маллахад илүү дөхөм байдаг юм бол?
Гомбо -
Одоо надад бол энэ сүүлийн үед чинь дор мал хонь л гараас салдаггүй болохоос бага мал нь л ашигтай байсан. Би ер нь бага мал л. Аа тэрнээс би бодуудыг бол малласан, чадлаараа. Сүүлдээ ядрахад бага мал нь яахав гараас салахгүй. Тэр дуран бариад ойрхон хараад, орой хураагаад хотлуулчихна. Тэр бод чинь явчихна ш дээ. За тийм л байна.
Ариун-Ундрах -
Та 7 хүүхэдтэй гэсэн ш дээ. Хүүхдүүдийнхээ тухай ярихгүй юу? Хамгийн том нь таныг хэдтэй байхад гарав?
Гомбо -
За манай одоо би чинь... 20, 30-н хэдтэй байхад.
Ариун-Ундрах -
Одоо бол бас нас өндөр болцгоочихсон уу?
Гомбо -
Өндөр болж байна аа. Дээд тал нь л 50 хүрч байна даа. Тэгээд 20-н хэдтэй байгаа. Би 70-н хэдтэй юм чинь. 51-52-той хүн байгаа. Тэрнээс нааш л байна даа. 40-н хэд, 30-н хэд, 20-н хэдтэй л байна.
Ариун-Ундрах -
Тэр социализмын үед хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг ер нь ямар ажил байв даа?
Гомбо -
Аа хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг мундаг ажил.
Ариун-Ундрах -
За.
Гомбо -
Ном эрдэм заана. Бүх л юмаар нь хангана. Тэр чинь өнөө сурах сурахгүй хүүхдүүд байна. Би чинь одоо эх эцгийн юунд бас байдаг юм ш дээ. Хамгаалалтанд тийм ээ? Юм нь дутагдана. Тийм ээ? Тэгээд яахав тархи мэдэл, дан сургуульдаа бас байдаггүй юм байна лээ ш дээ. Эх эцгийн туслалцаа бас өндөр.
Ариун-Ундрах -
Үүрэг хариуцлага байна тэ?
Гомбо -
Тийм, үүрэг хариуцлага байна. Тэрийг яг ягштал биелүүлж байсаан. Тэгээд яахав нэг сургуульд дунд зэрэгтэй сурж дээд сургуульд ч явсан. Яахав зарим нэг эмч мэргэжлийн тийм ажилтай хүн бий, тэр хүүхдүүд. Аа тэр малын эмч ч бий. Хүний эмч ч бий. Тийм л байна. Одоо тэгээд нэг учиргүй албанаас тусгаар яваа хүн бол байхгүй ээ. Хөдөө мал дээр байна.
Ариун-Ундрах -
Таны бодлоор тэр үеийн хүүхдүүд, одооны хүүхдүүдээс ялгаатай юу?
Гомбо -
Хамаагүй ялгаатай.
Ариун-Ундрах -
За ямар ямар ялгаа байна?
Гомбо -
Одоо чинь ер нь бүх юм нь бэлэн, их бэлэнчилж, ам хамар нь лав дийлдэхгүй болж дээ. Айхтар болжээ. Их байна. Дүрсгүй, их танхай тийм л болсон юм шиг байна. Яриа хэл нь ч их том.
Ариун-Ундрах -
Хэ хэ пээдийж байна уу?
Гомбо -
Пээдийнэ. Тийм л юм шиг санагдаад байх юм. Урдын хүүхдүүд чинь арай дээр байсан шүү. Манай хүүхдүүд бол арай л хүмүүжил нь дээр. Сургууль соёл нь ч их сайн байсан. Энэ одоо тэгээд бүх юмаар муудчихдаг ер нь ямархуу юм байна. Засаг төрийнх нь юугаар байдаг юм уу? Одоо энэ цагийнх нь аяс байдаг юм уу? Одоо тэрийг нь би мэдэхгүй байна. Арай л пээдийгээд байна, одоо ч.
Ариун-Ундрах -
Та ч гэсэн өөрөө хүүхэд байхдаа ер нь томоотой л байсан биз дээ тэ?
Гомбо -
Би их даруу зантай байсан. Би өөрөө бол нэг их айхтар хүнээс этгээд нэг их загначихсан юм байхгүй. Архи дарс хамаагүй уухгүй. Агсам согтуу тавина гэж юм мэдэхгүй. Одооны улс чинь замбараагүй нэг их архи дарс ууж байна. Замбараагүй яриа хөөрөөтэй улс байна. Тийм л байна даа. Энэ нэг хачин болчихоод байна даа. Энэ хүүхдүүд чинь ер нь муухай зантай байна шүү.
Ариун-Ундрах -
За ер нь социализмын үед хүмүүс ажилд яаж ханддаг байсан бэ?
Гомбо -
Одоо л дарга л юу гэвэл тэрүүгээр л яг хийнэ. Хэдэн цагт гэсэн бол тэгээд. Ер нь ажлыг бол нилээн сайн хийж байсан шүү. Тэр социализмын үед чинь.
Ариун-Ундрах -
Тэгвэл одооны хүмүүс ажилд яаж хандаж байх шиг байна?
Гомбо -
Одооны улс бол ер нь хий гэсэн даалгаврыг, ер нь ажил хийж байгаа л даа. Төр засгийг барьж байгаа улсууд одоо хийж байгаа. Арай л нэг одоо бас сэтгэл санаанд хүрэхгүй юм болов уу? Энэ улсын яриа юм мэдэгдэнэ. Тэрнээс би ч одоо гэртээ сууж байгаа хүн. Энэ сонин дээр байгаагаар ч одоо юм хийхгүй л байна даа. Яахав тэгэхдээ бүх юм бол хангалуун байна аа. Болж байна. Дутагдаж байгаа юм алга. Тэр урдынхаа ажилд хүрэхгүй байгаа болов уу гэж би бас бодож байна даа. Ер нь улсынх нь яриа ч гэсэн одоо.
Ариун-Ундрах -
Та нөгөө манаач хийсэн гэсэн ш дээ?
Гомбо -
За тийм.
Ариун-Ундрах -
Тэр ажилд анх яаж орж байсан бэ?
Гомбо -
Аа тэр худалдаа бэлтгэлийн ангид би тэгээд 1967 онд ороод л. Аа тэр юу л хий гэвэл манаач манана. Аа тэр бүх юмыг хараад нэг үдийн өмнө жоохон амарна. Үдээс хойш нэг жоохон амарна. Тэгээд л бусад цагт нь одоо тэр машин ачих байна уу юу байна. Гурил будаа бууж байна уу? Бресс хийнэ. Бүх ноосуудыг авна. Тэрийг чинь бүх юмыг хийж байсан. Тэр чинь цагтай. Бид ч илүү цагийн мөнгө гэж хөөрхий бидэнд өгч байсан л байлгүй дээ. Би бас хэл ам хийх дуртай. Энэ чинь би илүү цагаар хачин ажиллавал мөнгө өгнө биз дээ гээд л. Тэр үеийн мөнгө үнэхээр чанартай байсан. За таван цаас ч байсан л одоо болно. Тэр чинь ёотонгоо авна, хүүхдүүддээ идэж уух юм. Өө гурил будаа...
Ариун-Ундрах -
За одоо бол хүмүүс ажилд яаж ордог болсон бол?
Гомбо -
Одоо нилээн шаардлагатай л ажиллах байх даа.
Ариун-Ундрах -
Ер нь бол социализмын үед ажилд ороход тэр процесс нь ямар байсан бэ? Яаж ордог байсан бэ?
Гомбо -
Захиргааны захирамж тушаалаар л.
Ариун-Ундрах -
Томилоод шууд уу?
Гомбо -
Тийм, томилоод. Тэрнээс чинь одоо зүгээр нэг сайн дураараа ингээд л орчихгүй. Заавал тушаал захирамж. Тэгэж байж тушаалаар чинь тэр мөнгө төгрөг чинь олдоно шүү дээ. Тэрнээс зүгээр нэг энгийн хүн очоод орчихдог эд биш ээ.
Ариун-Ундрах -
Дуртай нэг нь үү?
Гомбо -
Тийм, дуртай нэг, би нэг ажилд оръё гэсэн хүн орохгүй. Одоо мөн ч тэр журмаараа байгаа байх. Тэгээд ажил нь, цалин мөнгө юу нь эмхлэгдчихсэн л дээ. Энэ албан газар чинь одоо бас төр захиргааны юугаар юу байдаг байна. Тэр бүх юм нь эмхлэгдчихсэн. Одоо худалдаа бэлтгэлийн анги гэж байсан. Одоо энэ бүх бараагаар хангаж байна ш дээ. Энэ л бизнес, энэ наймаачингууд одоо өгч байна ш дээ, бидэнд чинь.
Ариун-Ундрах -
Та тэр ажилдаа дуртай байсан уу?
Гомбо -
Үгүй ээ одоо хийхгүй яахав. Нэгэнт тэр тушаал гаргаад одоо цалин. Яг л тэр ажлаа биелүүлээд л авдагаа ч авч байсан. Хийдгээ ч одоо нэг хэл амгүй, хэрүүл шуугиангүй. Аа зүгээр хүний өөдөөс би загнана, ноцолдоно барилдана тийм зан байхгүй. Одоо тэрийг хийчихээрэй л гэнэ, за л. Тэгээд л.
Ариун-Ундрах -
Үгүй гэж ерөөсөө байхгүй юу?
Гомбо -
Байхгүй. Үгүй гэж бол байхгүй. Хэрэлдэж зодолдоно гэж байхгүй. Тийм юм байхгүй ээ, надад бол.
Ариун-Ундрах -
Тэр үеийн тэр дарга нар буруу зөрүү даалгавар өгнө, энээ тэрээ гэж байх уу?
Гомбо -
Аа яг л тэр шугамандаа тохироод л байгаа юм. Тэр юундаа л, тэр албан газрынхаа юунд л нийцээд байна. Одоо тохироод л. Тэр чинь одооны энэ та нарын яаж байгаа, мөрдөж байгаа хууль дүрмээс чинь өөр шүү дээ. Тэрнийг цагт нь л гэнэ. Одоо бол өнөө, маргааш гээд өнгөрөөгөөд байна л даа.
Ариун-Ундрах -
Ер нь тэгээд мал маллах дуртай юу?
Гомбо -
Би мал дээр л байж байгаад л одоо энэ насыг барлаа л даа, одоо.
Ариун-Ундрах -
Тэгээд өөрөө бол дуртай байсан уу?
Гомбо -
Дуртай байлгүй яахав. Ямар алба хааж, дээшээ мэргэжил чадвар байх биш. Тэр үед чинь чадвар харна ш дээ, тэр чинь. Зүгээр нэг хүн тэгээд аваачаад тавьчихдаг эд биш ээ.
Ариун-Ундрах -
Ер нь тэр манаач хийх, мал маллах хоёрын алинд нь илүү дуртай байсан бэ?
Гомбо -
Өө манаач хийснээс мал дээр байлгүй. Би мал дээр л байсан. Мал тааваараа, өөрийн эрхээр ш дээ. Буувал тэгээд л буугаад өгнө. Тэр манаач чинь айлд орох ёс байхгүй байсан ш дээ. Тэр цагийн юм цагт нь тэндээ хийгээд. Аа даа бүтэн сайны амралтаар бол нэг амарч ирээд, нэг толгой түрүүгээ угаадаг юм байгаа биз дээ.
Ариун-Ундрах -
Мал нь тааваараа тэ?
Гомбо -
Мал чинь яахав ээ зүгээр малдаа явлаа. Тэнгэр сайхан бол малаа буцаагаад ирнэ. Морь уначихаад л шогшоод байна. Аа бид бол дугуй тийм юмыг чинь унаж үзээгүй. Одооны улс миний үетэнгүүд бол одоо дандаа л дугуйтай давхих юм байна ш дээ. Үгүй бол машинтай. Би тийм юм байхгүй. Одоо юу гэхэв дээ. Одоо дөхлөө дөө, унаагаар ч юу гэхэв.
Ариун-Ундрах -
Та яг өөрөө ажилд ямархуу ханддаг байсан бэ?
Гомбо -
За би нэг дунд хавьд л байсан хүн дээ. Нэг их сайн ч хүн биш, муу адагт доор ч яваад байдаг хүн биш. Нэг дунд зэргийн л хүн дээ, би. Бас нэг хэн ч хараад байсан одоо яахав дээ Гомбын хийчихсэн тийм юм байна, хөөрхий. Энэ нэг малаа малласан чиг дээд түвшний амьдралтай нэг мал аваад байдаг. Тийм л хүн. Нэг дунд талдаа, би. Дээд талын тэр төрийн өндөр шагнал аваагүй ээ, аваагүй. Одоо авах ч үгүй байж байгаад. Аа харин баярын бичиг, бишгүй л медалиар шагнуулж л байсан. Тэр аваргын төлөө хөөцөлдөөгүй ээ. Чадах ч үгүй, тийм юманд хүрээ ч үгүй тийм л байна. Ямар ч юманд дунд тал зэргийн нэг хүн байдаг биз дээ.
Ариун-Ундрах -
Тийм, хийх юмаа хийгээд.
Гомбо -
Тийм, тэгээд учиргүй нэг доод талд нь ороод өө нэг үйл хариуцвал тэр юмыг нь үгүй хийчихсэн, сүйтгэчихсэн тийм юм бол надад байхгүй. Тийм юм байгаа ш дээ. Ажилд муруй, амьдрал нь ч одоо ядарчихсан. Одоо дээрээс хараад өгөх хүн байхгүй ш дээ, бидэнд. Тийм биз дээ?
Ариун-Ундрах -
Тийм.
Гомбо -
Тийм, тэгээд би нэг дунд хавьд нь юм уу даа. Тэр дунд хавьд нь л байна уу гэхээс дээд хавьд нь орж чадахгүй ээ. Тийм байна аа, болж байна. Хэдэн хүүхдийн ач буянаар, төр нь ч харж үзэж л байна. Төр засгийн буян.
Ариун-Ундрах -
Аа тэр манаачийн ажлыг бол таныг цаанаасаа хий гэсэн юм байна тэ?
Гомбо -
Тийм, захиргаанаас тэр чинь. Би дураараа орно гэдэг чинь юу гэсэн үг үү? Тэр үед чинь том шүү дээ. Тэгээд болохгүй л бол мал. Тэгээд сүүлд нь тэр би амралтаа авалгүй тэмээ аваад явж байсан даа. Хүн нь өвчтэй байна аа. Одоо Гомбо энэ тэмээ ав. Одоо энэ ажлаас чинь халлаа. Шууд намын үүрийн дарга тэгээд л тэр чинь олон тушаал орох юм байхгүй л дээ. Хөдөө аж ахуйн мал дээр чинь одоо заавал тушаалгүй. Тэр малаа маллаж байсан нь л тэтгэвэр, хөлс авна. Тийм л байсан даа.
Ариун-Ундрах -
За таны гол бахархдаг зүйл юу вэ?
Гомбо -
За бахархдаг зүйл гэж байгаа. Тэр юу байх уу? Яахав мал чинь л орно доо, одоо. Бахархдаг зүйл чинь одоо. Мал л байна.
Ариун-Ундрах -
Бас эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?
Гомбо -
Жигшдэг зүйл чиг одоо..., За тэр жигшдэг зүйл гэдэг чинь хулгай зэлгий хийхгүй орно доо.
Ариун-Ундрах -
Аанхан, архи тамхи.
Гомбо -
Архи тамхи. За тамхийг бол татаж байгаа.
Ариун-Ундрах -
Өөрөө татаж байгаа юу?
Гомбо -
Өөрөө татаж байгаа. Тэр бол ухаан байхгүй. Энэ хүүхдийн дэргэд нэг хамаагүй татахгүй. Ер нь татна.
Ариун-Ундрах -
Тамхинд ер нь хэзээ оров?
Гомбо -
За ер нь 40 гараад, 30-н хэдтэйгээсээ татсан.
Ариун-Ундрах -
Аан бас орой орж тэ?
Гомбо -
Орой орсон. Аа бас тэр архийг бас уусан.
Ариун-Ундрах -
За.
Гомбо -
За 40 гараад, би яг тэгдэг юм аа. Одоо болтол нэг зуу татчихна аа даа. Тэгээд их бол уухгүй.
Ариун-Ундрах -
Тэгэх байх тэ?
Гомбо -
Тийм. Их бол уухгүй, даахгүй. Аа тэгээд тэр муухай орилж чарладаг тэгдэг юм надад бол байхгүй.
Ариун-Ундрах -
Агсам согтуу тавиад.
Гомбо -
Тийм юм байхгүй. Тэрийг бол уухгүй гэж хэлдэггүй. Би нэг 40 гараад л уусан. Их орой. Тамхи, 30 гараад тамхи татсан. 40 гараад архи уусаан. Одоо энэ сүүлийн үеийн архи дээр үеийн архийг бодвол бас өөр, айхтар сан тавина. Огиж, гашгиж бөөлжинө.
Ариун-Ундрах -
Балиар муухай амттай юу?
Гомбо -
Муухай үнэр танартай. Аа дээр үеийнхээ архиа л би тэр ангид байхад бас, одоо бас ууж байсаан ууж байсан. Бас л айхтар биш...
Ариун-Ундрах -
Анги гэдэг нь ямар анги?
Гомбо -
Худалдаа бэлтгэлийн анги.
Ариун-Ундрах -
Аан худалдаа бэлтгэлийн анги юм уу?
Гомбо -
Тийм. Анги гэж байсан юм, тэр чинь. Тэгээд суманд байхад чинь бас найз, баз зөндөө хүн байна ш дээ. Тэрүүнтэйгээ бас уучихна аа. Бас жоол жоохон, жоохон ууна даа. Тэгээд ажлаа л хийнэ. Их архи уучихаад танхайрсан нь бас дор нь цагдаа, дор нь одоо эрүүлжүүлэх байсан ш дээ. Тэр чинь одоо бугуйлдаад дор нь эрүүлжүүлнэ ш дээ.
Ариун-Ундрах -
Бугуйлдаад аа?
Гомбо -
Чадна. Тэр захиргаадлын юу чинь мундаг байсан юм шүү. Сайн байсан. Одоо тэр хэвээрээ л дээ. Тэр эд нарын хууль дүрэм нь.
Ариун-Ундрах -
Хүн ер нь амьдралдаа бүх л юмыг хийж үздэг юм шиг байна ш дээ.
Гомбо -
Ай, тэр амьдралд бүх л юмыг хийж үзнэ дээ. Дээд цэгтээ хүнээс нэг хэтэрхий гэгээрээгүй. Яг нэг улсын дунд журмаар л байсан даа, би.
Ариун-Ундрах -
Та өөрийнхөө одоо тэр мал маллах ч байдаг юм уу? Ямар нэгэн ажил, хувийн амьдрал хоёроо ер нь яаж зохицуулж ирсэн бэ?
Гомбо -
Малаа ч маллана. Ар гэрийнхээ амьдралыг ч цуг хийж байсаан.
Ариун-Ундрах -
ХАль алийг нь л амжуулах уу?
Гомбо -
Аль алийг нь л одоо би л өөрөө хийнэ ш дээ. Хувийн амьдрал гэдэг чинь одоо бидний гэр зуурын, гэр доторх ажил ш дээ. Мал ч яахав малладагаа маллаад л, ажлаа ч зохицуулаад л, тэгэж л байсан. Би л өөрөө.
Ариун-Ундрах -
Аа тэр нөгөө манаач хийж байх үеийн ажлын хамт олныхоо тухай ярьж өгөхгүй юу?
Гомбо -
Одоо тэр бол тэр юу л хий гэвэл тэр бүх юмыг хийж байсаан. 8 цаг л. Аа манаатай шөнө бол үдээс хойш, урагш жоохон амарч байсан.
Ариун-Ундрах -
Хамт ажиллаж байсан хүмүүс ямар хүмүүс байсан бэ?
Гомбо -
Яахав дээ, тэр бэлтгэлийн эрхлэгч байна. Тэр ангийн дарга байна. Тоо бүртгэгч байна. Тэгээд л 3 манаач байсан юм. Гурвуулаа одоо ээлжээр бууна.
Ариун-Ундрах -
Аан ээлжнийх юм уу?
Гомбо -
Аан?
Ариун-Ундрах -
3 манаач ээлжээрээ юм уу?
Гомбо -
Ээлжээрээ. Тэгээд л 3 манаач ээлж ээлжээр тэгээд л тэр ангийн юмыг харна даа. Гадаа хөдөө их хураалттай. Гурил будаа, бараа таваар. Тэгээд л складанд ажил хийнэ. Ноосыг нь брээслэнэ. Яг 8 цагаар л байсан даа. 8 цаг гэж бол өөрснөө тийм байсан байх. Бид бол одоо өдөр шөнөгүй л. Манаач чинь шөнө нойргүй байна шүү дээ. Тэр 24 ээлж байсан.
Ариун-Ундрах -
За тэгээд өөр социализмын үед танд сонирхуулж ярих зүйл байна уу?
Гомбо -
Байхгүй ээ одоо, ер нь гүйцсэн.
Ариун-Ундрах -
Түрүүн бас хоёулаа нөгөө соёлын довтолгоон гээд л ярьсан ш дээ.
Гомбо -
Тийм, тийм.
Ариун-Ундрах -
Тэгээд тэрэн дээр одоо нөгөө өгсөн даалгаврыг нь биелүүлээгүй тохиолдолд яах уу? Нөгөө шалгадаг хүмүүс нь?
Гомбо -
Аа, ямар одоо юу?
Ариун-Ундрах -
Одоо энийг цэвэрлээд... юу соёлын довтолгоон?
Гомбо -
Аа тэр чинь одоо бас л торгоно. Мөн айхтар.
Ариун-Ундрах -
Мөнгөөр үү?
Гомбо -
Тийм. Тэр чинь яг л биелүүлж байсан даа, яг. Биелүүлэхгүй бол тэр чинь одоо болохгүй. Хэцүү байсан байх аа. Би цагийн нэг 25 цаас ч болсон... Ай хэцүү байсан, чанга байсан юм аа. Чанга байна.
Ариун-Ундрах -
Аргагүй л захиргаадаж байна тэ?
Гомбо -
Аргагүй л захиргаадаж байсан. Тэр захиргаадал чинь ер нь ажилд сургасан шүү дээ. Ажилд сургасан. Одоо ч бол залуучуул нь биеэ амарчилж... Одоо яахав бүтэн сайн өдөр л амарна даа.
Ариун-Ундрах -
За тэгээд таны амьдралд чинь үргэлжлээд социализмын үе дуусаад 1980 оны сүүлээс эхлээд 1990 онд ардчилсан хувьсгал гарсан ш дээ. Тийм ээ?
Гомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэрний тухай та ярьж өгөх үү?
Гомбо -
Ардчилал гараад одоо яахав 20 жил болж байгаа биз дээ.
Ариун-Ундрах -
За тийм. Ер нь анх ардчилал яаж гарч байв? Та тэр үед нь юу гэж бодож байсан бэ?
Гомбо -
Одоо яахав дээ, одоо засаг төрийн байдал улам л чангарах юм. Чангарч л байна л даа, одоо. Ардчилал гараад одоо ажил сайжирсан юм юу нь байгаа юм? Сайн л байна, бид нар ууж иддэгээ ууж идээд л байна. Жаал юм нь л айхтар үнэтэй болоод байна даа. Мөнгө цаас нь ховорхон байна. Малын буян хямдхан байна. Бидний нэг тав гурван мал одоо л нэг жаахан үнэд орох бололтой байна. Ноос ноолуур нь харин нэг, энэ жил нэг сайн өглөө. Ноос ноолуур нь хямдхан байна, арьс шир нь хямдхан байна.
Ариун-Ундрах -
Та тэр ардчилал гарч байхад анх сайн ойлгож байсан уу?
Гомбо -
Ойлгохгүй байна, би мэдэхгүй байна, олигтой.
Ариун-Ундрах -
Аан ер нь одоо ч гэсэн үү?
Гомбо -
Тийм. Би ч одоо энэ хувьсгалт намаараа л байсан хүн. 70 жил удирдуулсан. Одоо чинь юу вэ? Больж байгаа л юм. Надад ч нэг сонирхоод байгаа юм алга. Одоо би чинь алийг нь ч сонирхохгүй. Ууж идэж болж л байвал, хоног л өнгөрч байвал тэр аль ч намыг нь сонирхохгүй. Одоо ч бол аль ч нам хамаагүй болох шив дээ, энэ намууд чинь. Энэ хоёр нам чинь одоо хамаагүй боллоо.
Ариун-Ундрах -
Та тэр нээрээ нам гэснээс социализмын үед намд яаж анх элсэж байсан? Намынхаа тухай нээрээ ярьж өгөөч?
Гомбо -
Өө би хувьсгалт намын даалгавраар л болсон. Намын гишүүн биш. Эвлэлийн гишүүн байж байсан. Эвлэлийн гишүүн чинь мөн хувьсгалт намын дүү нь шүү дээ, одоо.
Ариун-Ундрах -
Эвлэлийн гишүүн байж байгаад тэгээд намын гишүүн болох уу?
Гомбо -
Тийм, тэр эвлэлийн гишүүн. Тэгээд намд элсэнэ, тэр чинь бүр намын батлах гэдгийг чинь. Ай, сар бүрийн 25-нд хуралдана. Намын гишүүн хүн чинь ч одоо ер нь мундаг том, ёстой мундаг өнөө Марксизм, Ленинизмээ ярина биз дээ. Би тийм юманд бол байгаагүй ээ. Зүгээр нэг жинхэнэ ард.
Ариун-Ундрах -
Аа намд бол элсээгүй гэсэн үг юм уу?
Гомбо -
Элсээгүй гэсэн үг.
Ариун-Ундрах -
Зүгээр эвлэлд байсан юм байна тэ?
Гомбо -
Эвлэлд л байсан.
Ариун-Ундрах -
Тэр ямар хүмүүс нь ер нь намд элсдэг юм?
Гомбо -
Аа тэр чинь намын гишүүн байлгүй яахав дээ. Тэр чинь нилээн ажилтай, хөлстэй... Аан саналаар сайн дураараа одоо оръё гэсэн тийм хүн орно ш дээ. Тэгээд намын хурлаар хэлэлцээд, тэгээд л авдаг байх.
Ариун-Ундрах -
Та намд элсэе гэж санасангүй юу?
Гомбо -
Үгүй.
Ариун-Ундрах -
Тэгээд тэр үед бол ерөөсөө л ганцхан нам л, ганцхан захиргаатай л байсан. Тийм ээ?
Гомбо -
Тийм. Одоо олон тийм юм байхгүй. Ганцхан л хувьсгалт нам. Нам чинь одоо дийлж байсан ш дээ. Ер нь дийлж байсан биз дээ. Намын дарга энэ тэр, засаг төрийнх нь дарга цөм талдаа л байсан юм даа...
Ариун-Ундрах -
За тэгээд та тэ ардчиллын яг анх гарч байх үеэр нь юу хийж байсан бэ?
Гомбо -
Хөдөө мал дээр л байсан.
Ариун-Ундрах -
Мал дээрээ л байсан уу?
Гомбо -
Хөдөө мал дээр. Одоо өнөө хувьчлалаар өгсөн хишгийг л маллаж байсан.
Ариун-Ундрах -
Ардчилал гарах үеэр нөгөө нэгдэл тарчихсан байсан уу? Тараагүй байсан уу?
Гомбо -
Тарчихалгүй яадаг юм. Тарчихсан байсан.
Ариун-Ундрах -
Тэгвэл та нөгөө хувийнхаа малыг маллаж байсан гэхээр тэр үед ер нь таны амьдрал ямар байсан бэ?
Гомбо -
Үгүй ээ яахав дээ, малтай л байдгаараа л. Одоо энэ гэрт байдаг хүн би. Байшинд чинь байхгүй.
Ариун-Ундрах -
Тэгэхээр тэр ардчиллын үйл явдал танд ер нь яаж нөлөөлсөн гэж та боддог вэ? Ардчилал гарснаар таны юу юу өөрчлөгдсөн бол?
Гомбо -
Ардчилал уу?
Ариун-Ундрах -
Тийм.
Гомбо -
Одоо энэ бишгүй л сургуулийн хүүхэд, эднүүсийн байгаа байдал дан бэлтгэх юм нь хангагдаж байна. Ардчилал одоо яахав сайхан л байна.
Ариун-Ундрах -
Хангамж сайтай байна уу?
Гомбо -
Тийм, хангамж сайтай, бүх юм. Жоохон үнэ өндөр байна. Тэгэлгүй ч яахав болохгүй байна. Идэж уух юм, гурил будаагаар одоо дутаагаагүй, манай сум бол болж байна аа. Ардчилал гараад одоо яахав жоохон юм үнэтэй байна. Энэ улсуудыг ажил хөдөлмөргүй болгосон. Тэр л сайхан сайхан залуучууд, мэргэжилтэй, хичээлтэй, сургуультай. Энэ л айхтар байна ш дээ. Энэ хэцүү байна.
Ариун-Ундрах -
Социализмын үед бол бүх хүн ажилтай байсан гэж ярьдаг ш дээ тэ?
Гомбо -
Байсан. Би одоо энэ өөрийнхөө хүүхдүүдийг сургууль соёлд нь явуулаад заримыг нь эмч, заримыг нь одоо малын эмч хүүхэн одоо суман дээр л 1990 онд төгссөн. Хамгийн сүүлийн төгсөлт. Тэгээд одоо энэ сумандаа ирээд ажил байхгүй болчихсон. Энэ ардчилал гараад л.
Ариун-Ундрах -
Та одоо ер нь социалист нийгэм, ардчилсан нийгэм хоёрыг харьцуулж ярьвал ер нь юу гэж ярих уу? Аль нь дээр бол?
Гомбо -
Аа социализм нь дээр байлгүй дээ. Социалист нийгэм нь дээр. Би ч одоо тэр байснаараа л хуучныхаа юугаар л төгсөж байгаа хүн. Тэр нь дээр л гэж зүтгэнэ. Энэ ардчилал яахав дээ сайхан л боллоо. Амгалан тайван байна. Ардчилал гараад нэг буруудсан юм юу нь байгаа юм. Хүн бол буруу л зөнөж байгаа биз. Би ч бол одоо хуучнаараа л зүтгэнэ л гэж бодож байгаа. Тэгээд ч ердөө миний, нохой долоо. Миний ярилаа гээд тэрэнгээр дээрдчих юм байхгүй л дээ. Энэ байдгаараа л байх байлгүй.
Ариун-Ундрах -
Одоо энэ ардчилсан нийгэмд яг одоо байгаад байгаа энэ хээл хахууль, хүнд суртал гэх мэт энэ зүйлүүд социализмын үед байсан уу?
Гомбо -
Байгаагүй.
Ариун-Ундрах -
Ерөөсөө байгаагүй юу?
Гомбо -
Байгаагүй. Энэ хээл хахууль гэж одоо энэ нэмэгдэж байна шүү. Энэ хүнд суртал хоёр чинь л нэмэгдэж байна. Энэ чинь одоо хөөрхий их л юм авч байж л нэг хөдөлж байна ш дээ. Тэрнээс...
Ариун-Ундрах -
Доод тал нь уу?
Гомбо -
Тийм, доод тал чинь хэцүү л болоод байна. Социализмын үед чинь яг л цагийн юм цагтаа. Тэгээд л машин техникийн зардал чирэгдэл... Одоо тэрийгээ дийлэхгүй л сандраад байх шив дээ. Юм нь үнэтэй болж байна. Бензин, масло бүх юм нь үнэтэй.
Ариун-Ундрах -
Социализмын үеийн дарга нар, одоо тийм эрх мэдэлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг байсан бэ?
Гомбо -
Одоо тэр л цаг үедээ тохирсон тэр дарга байна. Ер нь л цагийн юмыг цагт нь хийж байсан.
Ариун-Ундрах -
Одоо бол мөнгөтэй л хүн эрх мэдэлтэй болох гээд байна ш дээ тэ?
Гомбо -
Одоо бол энэ мөнгөөр л.
Ариун-Ундрах -
Тэр үед яг ямар хүн...
Гомбо -
Тэр яг л тэр бэлтгэлийн дарга л гэсэн хүн томилогдвол тэр томилолтоор ирсэн хүн болно. Тэр л ажлаа зохицуулна. Тэрнээс өөр хажуунаас нь түлхээд загнаад байхгүй. Тэгээд оролцоод байх хүнгүй. Тэр чинь бүх л бригадын дарга, бүх л сум орныг удирдаж байгаа хүн гэдэг чинь том хүн ш дээ. Тэр хүний үгнээс гажихгүй. Ийш тийш нь гуйвуулахгүй. Тийм эрх мэдэлтэн байхгүй. Ганцхан хүний үгээр. Ердөө дарга л бол дарга. Дарга аа одоо тэгэх үү, ингэх үү? За тэг. Одоо явж амар аа л гэвэл за, үгүй ээ л гэвэл за.
Ариун-Ундрах -
Ерөөсөө “үгүй” л байхгүй юм байна тэ?
Гомбо -
Тийм, яг.
Ариун-Ундрах -
Тэр нэгдлийн дарга ажилчдын хоорондын харилцаа ямар байсан бэ?
Гомбо -
Яг жин тан тохирч байж л тэр ажил явагдана. Тэр дарга ямар цагтай, минуттай яаж зохицуулж байна. Яг л тэр хүний ярьсанаар л тэгээд одоо нягтрана даа.
Ариун-Ундрах -
За социализмын үе дууссан. Тэгээд ардчиллын үед танд өөр тийм сөргөөр нөлөөлсөн үйл явдлууд нь юу юу байна? Ардчилал гарснаас хойш?
Гомбо -
Байхгүй, байхгүй.
Ариун-Ундрах -
Бага байна уу тэ?
Гомбо -
Байхгүй, байхгүй. Тийм айхтар муулаад байх юм надад байхгүй. Яг л явдагаараа явж байна. Алийг нь муулаад одоо нохой, хичнээн ч тэнгэрт хүрэхгүй. Мань мэтийн. Яахав дээ энэ их сайхан байна л даа... Энэ улсуудыг их л амрааж байна даа. Ажил байхгүй. Энэ залуучууд чинь одоо архи ууна. Тийм биз дээ?
Ариун-Ундрах -
Тийм.
Гомбо -
Одоо хаа газар ч тийм болсон. Архи л уухаас өшөө юм байхгүй. Тэгээд одоо энэ олон орны янз бүрийн орон, Хятад бас энэ дээр ороод ирчихсэн, одоо.
Ариун-Ундрах -
Энэ хавиар Хятадууд их үү?
Гомбо -
Энэ аймаг дээр их л юм гэнэ лээ. Би гэрээс гардаггүй ээ.
Ариун-Ундрах -
Дорноговьт уу?
Гомбо -
Тийм, энэ Дорноговьт бол.
Ариун-Ундрах -
Энэ Дорноговь чинь ер нь хэдэн сумтай юм бэ?
Гомбо -
10-н хэдэн сум байгаа биз дээ.
Ариун-Ундрах -
Тийм үү?
Гомбо -
10-н хэдэн сумтай.
Ариун-Ундрах -
Таны нөгөө Дэлгэрэх гэдэг сум бил үү?
Гомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэрний хүн ам нь ер нь хэр их үү?
Гомбо -
Аа тэр чинь хүн ам сайтай газар.
Ариун-Ундрах -
Ойролцоогоор хичнээн хүн амтай вэ?
Гомбо -
Одоо нэг... Манай Дэлгэрэх чинь одоо яачихлаа. Энэ Дорноговь дээр албан газарт Дэлгэрэхгүй сум байхгүй. Одоо энэ аймаг, хот ингээд тарчихлаа ш дээ. Одоо энэ нэгдэл тарснаас хойш л одоо ийм болчихсон ш дээ. Нэгдэл тарахаас өмнө ч бол зугтаагаад, мал маллахгүйгээр.
Ариун-Ундрах -
Тэгээд аймгийн төв нь бол одоо яг энэ үү тэ?
Гомбо -
Дорноговь чинь яг төв нь энэ.
Ариун-Ундрах -
Одоо яг Сайншанд гэдэг нэртэй юу?
Гомбо -
Сайншанд.
Ариун-Ундрах -
Тэгээд тэрнээс гадна 10-н хэдэн сум байгаа юм байна тэ?
Гомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Хамгийн ойрхон сум нь аль вэ?
Гомбо -
Одоо энэ Өргөн энэ тэр чинь 60 бил үү? Зүүнбаян гэж бас нэг сум байна.
Ариун-Ундрах -
Аан Зүүнбаян гэж нөгөө цэрэгт яваад байдаг...
Гомбо -
Ай, Зүүнбаян чинь 45. Энэ Өргөн чинь 60 юм уу эндээс? Тэр өргөн сум л даа. Зүүнбаян чинь одоо 45 шүү дээ...
Ариун-Ундрах -
Одоо энэ Дорноговийн байгалийн байдал байна ш дээ. Тийм ээ? Нутаг ус, байгаль орчны байдал нь яаж яаж өөрчлөгдөж ирсэн бэ? Одоо та чинь 1935 онд төрсөн гэсэн ш дээ. Тэгээд тэрнээс хойш ер нь ямар ямар өөрчлөлтүүд гарч байна?
Гомбо -
Энэ шороон шуурга их нэмэгдэж байна.
Ариун-Ундрах -
За.
Гомбо -
Энэ байгаль юу. Аа тэр уул овоогоо догширч, зунжилга бас их муудсаан. Гандсан. Их гандсанаас болж одоо энэ уул овоо тахихгүй болж, газар усаа эвдсэн. Энэнээс болж гандаж байгаа болов уу гэж би бодож байна аа. Энэ чинь одоо алт мөнгөний, овоогоо хамаагүй, байгалиа их хамаагүй ухаж төнхөөд одоо уурлуулж барьдаг... Тийм салхи, тэнгэрийн аюул бол их гарч байна шүү дээ. Одоо энийг тэр бусад дээдсүүд бас ярьж л байна. Байгаль орчноо ер нь хамгаалахгүй байна гэсэн үг юм уу даа. Одоо тэгэж л байгаа. Энэ уул усыг бол ер нь хайрлахгүй байна шүү. Энэ одоо гадаадынхан ч эвдэж л байна. За дотроо нэг их эвдээд байгаа юм байхгүй байх аа, хөөрхий. Тэр баруун урд талын уулыг их эвдсэн. Тэгээд тэнгэр бурхан таалахгүй тэгээд байна аа гэж хүн хэлж байна лээ.
Ариун-Ундрах -
Тэр уул нь юутай уул юм?
Гомбо -
Аан тэр алт мөнгөтэй л уул. Алттай. Одоо ингээд эвдээд байна ш дээ. Шөнө өдөргүй. Тэр ч одоо дээдсүүлийн л тахиж шүтэж байсан овоо юм байгаа байх. Тэгээд...
Ариун-Ундрах -
Аан тийм хамаагүй газар хүрчихэж байна уу тэ?
Гомбо -
Тэгээд хамаагүй газар хүрч байгаа. Хүрсэн гэнэ лээ. Би ч одоо тэрийг мэдэхгүй, юугаа ч мэдэхэв дээ. Мэдэх ч биш, ухаж чадах ч биш, хэ хэ чадал чинээ. Тэгэж ярьж байна лээ.
Ариун-Ундрах -
Өөр тийм сайн өөрчлөлтүүд гарсан үү? Ер нь одоо таныг төрсөнөөс хойш?
Гомбо -
Айн?
Ариун-Ундрах -
Сайн сайн өөрчлөлтүүд гарсан уу? Газар нутгийн байдалтай холбоотой?
Гомбо -
Одоо тэгэж хэлээд байх юмгүй. Би хэлэх юм алга аа.
Ариун-Ундрах -
Зүгээр яахав нэг хэдэн барилга байшин нэмэгдсэн л байх тэ?
Гомбо -
Барилгууд бол нэмэгдэж байна аа. Барилга бол одоо яахав дээ, бишгүй л нэмэгдэж байна. Одоо ер нь аргагүй улс бол соёлжиж байна шүү. Одоо айл болгон байшинтай. Гэр бараа ч одоо ер нь цөөхөн болж байна шүү дээ. Энэ улсууд чинь одоо голцуухан л байшинд сууж байна ш дээ. Ер нь тэр нь ч дээр байх.
Ариун-Ундрах -
Та ер нь энэ төвлөрсөн газар байх дуртай юу? Эсвэл бүр хөдөө байх дуртай юу?
Гомбо -
Би хөдөөнөө л байж байгаад л одоо аргагүй л өвчтэй зовлонтой болоод л. Одоо өөрийн бие ядарлаа. Одоо өнөө төв газар дээр биз дээ. Тэгээд одоо байгаад нэмэр байхгүй... Хөдөө гараад тийм юм хийчихнэ, ийм юм хийчихнэ чадалгүй. Одоо олныхоо дунд л байж байсан нь надад бол ашигтай байна аа, хүү минь. Одоо хөдөө гараад морь унаад явж чадахгүй. Улаа унаад нэг өөрийнхөө сайн дураар явж чадахгүй. Энэ хавийн айлуудад ч би ордоггүй...
Ариун-Ундрах -
Энэ хавийн газар усны нэрүүд өөрчлөгдөв үү?
Гомбо -
Өөрчилдөг үү?
Ариун-Ундрах -
Өөрчлөгдсөн үү?
Гомбо -
Өөрчлөгдөөгүй ээ, гайгүй л хэвээрээ байгаа. Байгаа нутаг орон усны нэр байгаагаараа байгаа шүү. Жоохон зарим газар эвдэж сүйтгэж л байгаа байх. Энэ л гадаадуудынхан л сүйтгээд байгаа. Монгол нь биш шүү, гадаадынхан.
Ариун-Ундрах -
Таны одоо сайн сайн мэддэг ямар ямар газар ус байгаа вэ? Энэ хавиар Дорноговьт?
Гомбо -
Дорноговьт одоо өөрийнхөө нутгийн ганц хоёр овоог л... Тэрнээс энэ хавийг би сайн мэдэхгүй. Яг л Дэлгэрэх, би ер нь нутгаасаа гараагүй. Би нэг уул овоо шүтээд... Ер нь одоо дээдэс бол яахав нэг овоо, эвдэрдэггүй овоо л бол ойрхон, ус л бол рашаан гээд. Би ер нь өөрөө тийм юманд дургүй байдаг л болчихсон юм билээ. Тэгээд тэнгэр бурхан эвгүйцэж л байна аа гэж байдаг юм. Тийм нэг онгироод хөөрөөд байх юм байхгүй, мэдэхгүй.
Ариун-Ундрах -
Таныг бага байхад нээрээ ан хийдэг байсан болов уу?
Гомбо -
Ай, тэр буутай гөрөө хийж байсан. Би өөрөө алж байгаагүй ээ. Би ер нь амьтан алаагүй.
Ариун-Ундрах -
Ер нь тэгээд гөрөө хийнэ гэхээр ямар ямар амьтан агнадаг юм бол?
Гомбо -
Зээр, үнэг.
Ариун-Ундрах -
За.
Гомбо -
Чоныг бас агнаж байсан. Чоныг бол алахаар амьтан л даа. Хонь иднэ. Зээрийг одоо урдын улс малтай байж зээрийг барьж идэж байсан, буудаж. Зүгээр яахав дээ нэг буутай. Тэр бол ер нь морьтой л явна ш дээ. Тэр чинь машин техник тийм юм ховор байсан ш дээ. Намайг залуухан жоохон байхад, залуухан байхад чинь. Ер нь мориор л явна. Машин техник одоогынхтой адилхан тийм элбэг юм байхгүй. Машин техникээр явахгүй. Мориороо л шогшино. Мориороо яваад нэг зээр алж аваад ирнэ. За тэгээд л их л...
Ариун-Ундрах -
Ямар амьтан ер нь элбэг байсан бол?
Гомбо -
Ан гөрөө, энэ ч зээр л их элбэг байсан даа. Одоо үнэг, хярс байсаан. Чоно нохой байсаан. Одоо аргал сүүлийн үед чинь орж ирж байгаа. Энэ Аргалийн ууланд ирсэн сураг байна. Хулан бас байдаг бололтой юм байна. Энэ зүүнтэйгүүр. За тэр өшөө амьтан байхгүй байх аа даа, манай суманд.
Ариун-Ундрах -
Одоо тэр зээр нь цөөрсөн үү?
Гомбо -
Цөөрчихсөн. Одоо ер нь тэгэж урьдынх шиг мориор яваад олчихно гэж бол байхгүй болчихсоон. Одоо ерөөсөө машин техникээрээ л хээ.
Ариун-Ундрах -
Тоос манаруулаад л.
Гомбо -
Тоос манаруулаад л. Энэ манай энэ зүүн говь, Аргалын уулын ар, энд зүүн говьд бол одоо зээр л их алж байна. Тэгээд сүүлтий гэж нэг амьтан, зээр хоёр ялгаагүй. Цагааны зээр хоёр чинь л... Сайхан баялагтай газар байсныг одоо тэгээд сүйтгэчихлээ дээ, хүү минь. Одоо цөөрсөн л байх. Лав л ооно нь цөөрсөн л байх. Ооныг нь хядчихсан, алаад. Одоо ганцхан Дорноговиос ч очиж байна. Өшөө газраас их ирж алж байна ш дээ. Энэ Өргөн ч очоод л алчихаж байна. Дэлгэрэх, тэгээд л цааш нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр ч байна, залгаа. Тийшээгээ тэгээд л. Ооно мах хэрэглэдэггүй газар гэж байдаггүй юм байна аа, хүү минь. Бүгд л одоо тэгээд амьтан. Мал нь байсаар байтал л.
Ариун-Ундрах -
Таны амьдралд нөгөө нэг одоо энэ ган зуд гээд л байгалийн бэрхшээлүүд байгаа ш дээ.
Гомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тэдэн оны тийм зуд гээд яриад байдаг ш дээ.
Гомбо -
Тийм.
Ариун-Ундрах -
Тиймэрхүү юм тохиолдож байсан байлгүй.
Гомбо -
Байлгүй дээ.
Ариун-Ундрах -
Санаж байгаа юм юу байна?
Гомбо -
1966 оны л морин жилийн зуд гэж байсан.
Ариун-Ундрах -
Тэр ер нь том ган, зудууд байсан уу?
Гомбо -
Том. Тэр чинь одоо бэлтгэл гэж байсан нэгдэлд чинь. Малыг бол хуй балласан шүү, 1966 оны зуд гэдэг чинь. Тэгэхэд чинь нэгдэлжчихсэн байсан. Батаа дарга гэж нэгдлийн дарга байсан. Зайлуул бас тэгээд л. Одоо яахав ээ дээ. Яаж ч чадалгүй байж байгаад л хойш нь хил дагуулж алдаад л.
Ариун-Ундрах -
Салхинд уруудаад явчихаж байгаа юм уу?
Гомбо -
Тийм, уруудаад л, одоо малчид. Хөөрхий тэглээ гээд малчид одоо орон шоронд оруулаагүй. Төр засгийн л буян.
Ариун-Ундрах -
Байгалийн гамшиг юм чинь тэ?
Гомбо -
Байгалийн гамшиг. Энэ саяхан бас ган зуд болж л байна. Яахав дээ, тэглээ гээд одоо төр засаг нь ч хохирсон юм байхгүй. Төр засгийн буянд тэгээд л малчид ч нэг айхтар ял эдлээд үлдсэн юм байхгүй. Байгалийн гамшиг гээд л тэгээд өнгөрөөж байгаа шүү дээ. Энэ ардууд чинь ч, одоо биднууд чинь ч яахав одоо байгалийн юунд хэлмэгдээд тэгээд л өнгөрч байна. Тийм нэг хоёр ган зуд болсоон.
Ариун-Ундрах -
Зуд гэдэг нь өвөлжингөө тийм аймар хэцүү байгаад байдаг юм уу? Эсвэл яг хэсэгхэн үед тийм юм болоод яачихдаг юм уу?
Гомбо -
Өвөлжингөө. Тэр чинь 11 сард эхэлсэн бол одоо 3-4 сар хүртэл үргэлжилж байна ш дээ.
Ариун-Ундрах -
Тэгээд л хамаг юмаа... байна ш дээ тэ?
Гомбо -
Тийм. Тэр ч одоо цасан дотроо ... худаг орны нь жимбийтэл ухна. Ай ёстой нэг өөрөө гэртээ яаж байдаг шигээ тэгэж л байж малтай байна ш дээ. Тэгэхгүйгээр одоо зүгээр залхуураад ар тийшээ гэдийгээд байх юм бол одоо хэвтээд л байна ш дээ. Хэн ч ялгаагүй ш дээ. Энэ санаа хичээвэл заяа хичээнэ ээ гэж одоо бас Монгол ардын үг байна. Одоо тийм тиймэрхүү юм л байдаг юм даа. Яахав би одоо нэг их албан газрын дарга, эрхлэгч байгаа ч үгүй, яриа хөөрөө байдаггүй. Тийм нэг бүдүүлэг ардын хүн дээ.
Ариун-Ундрах -
Манай судалгааны яг гол зорилго нь энгийн хүмүүсээс авах зорилготой...
Гомбо -
Аа тэгэлгүй дээ. Энгийн хүн.
Ариун-Ундрах -
Тийм, яг ингээд тань шиг л амьдралаа яриад л.
Гомбо -
Энгийн хүн.
Ариун-Ундрах -
Та бид хоёр нэгдэл ярьсан. Тэгээд анх нэгдэл эхэлж байхад нэгдэлд элсэх дургүй хүмүүс байсан уу?
Гомбо -
Зарим нэг баячуул байсан. Бид бол дуртай. Тэр төр засгийн ажилд малыг нь аваад л маллаж байсан. Мөнгө төгрөг авч байсан. Мах авч байсан. Тэгээд л дуртай орж байсан, яахав дээ... Манайх 1959 онд орсон. Танайх чинь 1958 онд уу? Манайх 1959 онд. Тэгээд 1960 он гэхэд нэгдэлжсэн байсан.
Ариун-Ундрах -
Аан нэгдэлжээд дуусчихсан байсан гэсэн үг үү?
Гомбо -
Ай тэр. Ай даа нэгдэлжчихсэн. Дургүй хүн байсан.
Ариун-Ундрах -
Тэр дургүй хүмүүс нь одоо олон малтай болохоороо тэгэж байна уу?
Гомбо -
Тийм, олон малтай.... Ер нь нэгдэлд ороод албан татвар бүх юмнаас чөлөөлөгдөөд тэр ашигтай л болсон гэж би боддог юм. Аа сайхан болсон. Тэрнээс би түрүүн ярьсан ш дээ. Аа тэгээд хувийн аж ахуйтай байхад айхтар. 5 сарын 15-аас л аваад одоо тэр мал туувар. Тэгээд тэрийг нь туугаад тэр хаа байгаа Эрээн цав хүртэл туугаад би явж байсан. Толгойнд өнөөдөр байж л байна.
Ариун-Ундрах -
За өөр, тэр нэгдлийн тухай ярьчихсан. Одоо ер нь тэгээд танд өөр хэлэх зүйл байна уу?
Гомбо -
Байхгүй ээ, байхгүй.
Ариун-Ундрах -
Заа. Сайхан ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Гомбо -
За хүү минь аян замдаа сайн яваарай. Сайхан ярилцлага авсанд нь баярлалаа.
Ариун-Ундрах -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.