Luvsangombo


Basic information
Interviewee ID: 990493
Name: Luvsangombo
Parent's name: Namjil
Ovog: Harchin
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: no specialisation, herder, bag darga, Ih Hural deputy, now retired
Belief: Buddhist
Born in: Hatanbulag sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
military
collectivization
herding / livestock
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Лувсангомбо гуай.

Лувсангомбо -

Сайн. Миний дүү, сайн байна уу?

Ариун-Ундрах -

Сайн байна аа. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Лувсангомбо -

Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэн, 84 настай Намжилын Лувсангомбо гэдэг хүн байна.

Ариун-Ундрах -

Аанхан. Та хэдэн онд төрсөн бэ?

Лувсангомбо -

Би 1926 онд төрсөн.

Ариун-Ундрах -

Аанхан. Та яг төрсөнөөсөө авахуулаад одоог хүртэлх өөрийнхөө намтрыг ярихгүй юу?

Лувсангомбо -

За яахав би ..., бага насандаа би нэг 10 нас хүртлээ би эцэг эхийнхээ дэргэд мал маллаж байсан. 11-12-тойгоосоо би Дорноговь аймгийн, тэр үед Дорноговь аймгийн бага сургууль гэж байсан. Тэр бага сургуульд очиж суралцсан. Тэгээд тэнд 1939 онд юм шүү дээ. Тэнд суралцаад 1945 он хүртэл 7 жил суралцаад, 1945 онд би 7-р анги төгссөн. Намайг очиход бага сургууль байсан боловч намайг байх хугацаанд аймгийн бүрэн бус дунд сургууль болсон. За тэгээд өөрөөр хэлбэл би Орос-Германы дайны ид үед би суралцаж байсан. Тэр үед Монгол улс чинь одоо байдгаа ЗХУ-д одоо бэлэг их барьдаг байсан. Юм их ховор байсан. Тэгсэн ч одоо бага сургуульдаа мэрийлттэй сайн сурч байсан. Эхлээд би 1-р ангиасаа эхлээд 3-р анги хүртлээ би хуучин монгол бичиг, тоо заалгаж, хуучин босоо монгол бичгээр суралцсан. Тэгээд намайг 4-р ангид орж ирэх 1943 онд юм уу даа. Кирилл шинэ үсэг гарч ирсэн. Тэгээд шинэ үсгийн багш цагаан толгой заагаад, нэг жаахан дүрэм заагаад, тэгээд та нар хуучин монгол бичигтэй улсууд өөрснөө одоо сур гэсэн. Тэгсэн ч гэсэн багш шинэ үсгийн дүрэм гайгүй заадаг байсаан. За тэгээд шинэ үсэг ч сурчихсан, хуучин монгол үсэг ч бас мэддэг. Хичээлээ бараг хуучин монгол үсгээр бичдэг тийм байлаа. За тэгээд би чинь 4-р анги хүртлээ тэгээд суралцаж байгаад манай анги намайг анх 1-р ангид очиход 40-өөд хүүхэдтэй байсан. 2 бүлэг. Аа манай ангийн хүүхдүүд зарим нь үхээд, зарим нь хөдөөнөөсөө ирэхгүй хөдөө гараад тэгээд явсаар байгаад 30-аадхан хүүхэдтэй болсон. Тэгээд 30-аадхан хүүхэдтэй болоод бид 3-р ангид байж байтал манай ангиас бие томтой, нас нилээн ахиутай, сурлага сайтай тийм хүүхдүүдийг 4-р анги руу шилжүүлээд. Тэр үед чинь одоо нас хамаагүй. 11-12-той ч очиж л байлаа. 15-16 хүрчихсэн том охид хөвгүүд очиж байлаа ш дээ. Тэгээд манай 3-р ангид тийм одоо 14-16 хүрчихсэн хөвгүүд охид байсан. Тэрнийг шууд манай 3-р ангид суралцаж байсан хүүхдүүдийг 11 сард байна уу даа, нөгөө 4-р анги руу шилжүүлээд, тэгээд манай анги цөөхөөн хүүхэдтэй болсон. Тэгээд тэр 4-р ангид шилжүүлж суралцуулсан том хүүхдүүд 4-р ангийн бас хэсэг том охид хөвгүүдийг 3 сарын тийм багшийн курс хийлгээд \аймаг дээр шүү дээ\ бүгдийг нь багш болгоод гаргачихсан. Тэр үед манай аймаг 18 сумтай байсан. Хөдөөгийн бага сургуулиуд цөөхөн байсан. Ид бага сургууль байгуулж эхэлж байсан. Тийм учир дээрээс багш дутагдаад, тэгээд 3-4-р ангийн хүүхдүүдийг багшаар гаргачихсан. За тэгээд манай анги 20-иодхон хүүхэдтэй, 20 ч хүрэхгүй арван хэдэн хүүхэдтэй 4-р ангиа төгслөө. Тэгсэн одоо дунд сургууль байгуулаад миний түрүүчийн ангиас эхэлж 5-р анги байгуулсан. Би 5-р ангид ороод иртэл Даланжаргалан сумын бага сургууль төгссөн нэг 5-6 хүүхэд манай ангид ирлээ. Ингээд манай анги бас нэг арваад хүүхэдтэй байснаа нэг 20-иод хүүхэдтэй болоод. Тэгээд сургуульдаа суралцаад яахав 5,6,7-р ангидаа суралцаад, тэгээд би 1945 онд яг Орос-Германы дайныг дуусдаг жил төгссөн юм. Төгсөөд би багшийн сургуульд явах хуваарьтай байлаа. Тэгээд хөдөө гараад ирсэн чинь манай нэг тэжээсэн эцэг эх хоёр хоёулаа нүд нь муудаад сохорч, нэг нь таг сохорч, нэг нь муу сохорч. Манай нэг эгч хүүхэн байсан. Дундговийн нэг хүнтэй гэрлээд гараад явчихсан. Тэгээд гачигдалтай гээд намайгы чинь сургуульд явуулсангүй. Тэжээсэн эцэг эх өргөдөл гаргаж байгаад одоо дэргэдээсээ холдуулсангүй, аваад гаргачихлаа, сургуулиас. За тэгээд яахав дээ би хөдөө 1-2 жил боллоо. Аа тэгээд 2 жил хөдөө мал маллачихаад, тэгээд намайг бас зүгээр байлгасангүй ээ. Нэг багийн ахлах ухуулагч, багийн дарга энэ тэр тийм ажил хийлгэж байлаа. Аа 1945 оны байлдаанд хамаг улсууд түр цэрэг, морьт отряд энэ тэр гээд залуухан улсууд яваад өгсөн. Би морьт отрядад татагдаж ирсэн чинь намайг манай ангид намын хорооны дарга Чойжамц гэдэг хүн ирээд биднийг цэрэгт явж байтал бидэн дээр хүрч ирж, тэр хүн намайг таньдаг байсан. Би аймагт прокурор Цэдэндорж гэдэг айлд суудаг байсан. Тэгээд тэр Чойжамц гуай, Цэдэндорж гуай хоёр л их тоглодог, ярьдаг хөөрдөг байсан. Тэгээд л намайг таньдаг байсан. - Чи өнөө сургууль яасан бэ? гэнэ. - Сургуулиа төгссөөн. - Одоо чи цэрэгт явах гэж байгаа юм уу? гэж байна. - Тийм ээ, морьт отрядад татагдаж ирээд л байж байна. - Аан. Гэчихээд яваад өгсөн. Өнөө ирсэн улсуудыг цөмөөрөнг нь урдуур нь явж үзчихээд манай хошой дарга Дамдинжав гэдэг хүн байсан. Өө чи хошой даргад татагдаж байгаа юм уу? гэж байна. Тийм ээ. Тэгээд бүгдийг нь үзчихээд Дамдинжавыг гаргаад, намайг гаргачихсан. Энэ одоо багшийн сургуульд явах хуваарьтай хүүхэд юм. Нэг бол сургуульд нь явуулна, нэг бол хамаг суманд бага сургуультай учраас багш дутагдаж байгаа учраас энийг багш болгоно. Нэг удаа гаргачих. Дахиад цэрэгт татвал татна л биз гээд гаргачихлаа. Тэгээд байлдаанд явсангүй. Тэгээд хөдөө 2 жил багшийн сургууль ч байхгүй, байлдаанд ч явсангүй хөдөө 2 жил мал маллачихлаа. Тэгээд 1947 онд цэрэгт татагдаад, аймагт очиж комисст ороод цэрэгт тэнцчихлээ. Тэгсэн цэргийн хэлтэст нэг 7-8 хүн карентинаас дуудаж аваачаад тануудыг би яахав ар гэрийн гачигдалтай гэж гаргавал гаргая. Та нар хэзээ ч явна. 1-2 л буцна уу гэхээс цэргийн албанаас одоо ингэж тэнцэж байгаа улсууд чөлөөлөгдөхгүй гэж байна. Энэ чигээрээ, тэнцсэн чигээрээ явна уу, гэртээ нэг юм харьцгаана уу өөрсдөө мэд гэж байна. Нөгөөдүүл чинь дугарахгүй юм. Би чинь бас дунд сургуулийн 7-р анги төгссөн бас нилээн нүүрмэг байсан. Өө хэзээ ч явах юм бол яршиг, би энэ тэнцсэнээрээ явъя. Төв намайг гачигдалтай гэж бүрмөсөн чөлөөлөхгүй л юм бол би явъя гэсэн юм. Аа тэгсэн бусад нь яах вэ? гэсэн. Бас нэг 2 хүн дагаад аа би явъя, цэрэгт явъя аа явъя. Бусад нь тэгээд явахгүй гэлээ. Тэгээд би цэрэгт явлаа. Тэгэж тэнцээд явсан. Хэнтийд, Улсын баатар Нянтайсүрэнгийн анги Хэнтийд байсан. Тэр ангид хуваарилагдаад л очлоо. Тэр ангид 1 жил бага даргын сургуульд суралцлаа. Тэгээд нэг бага дарга болоод би Хэнтийн 1-р пателонд 3 жил болсон. Би чинь 7-р анги төгссөн хүүхэд. Тэр үед чинь бага, дунд сургууль төгссөн хүүхэд маш ховор. Хөдөөнөөс очиж байгаа улсууд чинь зарим нь бичиг мэдэхгүй, зарим нь одоо юм мэдэхгүй тийм байсан. Тэгсэн би бага дарга болчихоод 1-р пателонд фулёмот суманд салааны туслах байлаа. Тэгээд би сурлага тэр үедаа, бага даргын сургуульд байхдаа ч гэсэн, 1-р пателонд очоод ч гэсэн би сурлага сайтай байсан. Өнөө 7 төгссөн хүүхэд юм чинь. Тэгээд сурлага сайтай байж байгаад пателоны ч гэсэн, бригадын ч гэсэн онц сурлагатан гэж явлаа би. Онц сурлагатан, тэгээд дарга нар намайг сурлага сайтай болохлоор бас надад сайн. Бас цэргийнхээ газар бас эвлэлийн үүрийн дарга ч хийж явлаа. Тэгээд намайг 2 дахиж офицер болгох гээд. Тэр үед чинь одоо нээрэн 7 төгссөн хүн ховор доо. Тэгээд нэгэнд нь би яваагүй, явахгүй гээд. Нэгэнд нь хөдөө сумандаа сумынхаа дарга нарт захиа бичээд, би одоо намайг ингээд офицер болгох гээд байна. Миний одоо хоёр сохор өвгөн хөгшин хоёр байгааг та нар мэдэхгүй биш. Одоо тэр өвгөн хөгшин хоёроо тойлох хүн ганц тэр. Тэр хоёр ч надад баярлаж байна. Би цэрэгт одоо 3 жил болох гэж байгаа, тэгээд яг 3 жил болох гэж байсан. Тэр үед цэргийн хугацаа 4 жил байсан. Хойтон халагдана гэж байсан. Тэгээд би тийм сумын захиргаанд захиа явуулсан байсан чинь ашгүй харин 3 сарын үед манай сумын захиргаанаас дарга, нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг хүрээд ирж. ..... –ын Намжилын Лувсангомбо гэдэг хүн аргагүй одоо ар гэрийн гачигдлаар .... хүн. Тэгсэн ч гэсэн одоо нэг бол удаан хугацааны чөлөө өгч явуул, нэг бол халж явуул. Тэжээсэн эцэг нь өвчтэй, муу байна. Түүнийг тойлох хүн байхгүй. Баг, сумнаас л одоохондоо нэг юм тойлж байна гэсэн албан бичиг ирж. Тэгсэн нэг өдөр штабын даргад дуудаж аваачаад тэр сумнаас ирсэн албан бичиг үзүүлж байна аа. За тэгсэн чинь тэр жил харин миний азаар Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоол гараад цэргийн хугацаа 3 жил болж. Юу юугүй 2 оны цэрэг халагдах боллоо. 1946, 1947 оны цэрэг халагдах боллоо. Би одоо тэр харин 3 жилийн хугацаанд багатаад халагдахаар болчихлоо. Тэгсэн штабын дарга за энэ ийм бичиг байна. Чамд чөлөө өгөөд явуулахад яахав, чи хойтон дахиад татагдаад ирнэ шүү дээ. Одоо цэргийн хугацаа 3 жилээр хаагдах гэж байна. Хэдхэн хоноод одоо Хангайн цэргүүдийг хална. Тэгээд сүүлд нь танай аймгийн цэрэг, Хэнтийн цэргийг сүүлд нь хална. Тэгээд удахгүй халагдана. Тэгэхлээр чи хоёрын хооронд явснаас үнэмлэхээ аваад халагдаад явсан нь дээр биз дээ гэж байна. Тэгье ээ тэгье гэлээ. Тэгээд энэ суманд би албан бичиг, захиа явуулсан болохлоор албан бичгэнд бол бас манай эцгийг өвчтэй гэж чанга талаар нь бичсэн байх гэдгийг би бас ойлгож байгаа. За тэгээд одоо эцэг нас барсан ч байсан одоо тэгээд л дууссан хэрэг. Одоо 5 сарын 1-ээс эхэлж цэрэг хална гэж байгаа. Тэгээд Хангайн цэргүүд халагдаж явсаар байгаад 5 сарын 20-д болоход бид халагдлаа. Би чинь цэрэгт байхдаа бригадын онц сурлагатан гэж байж байгаад 1950 оны 2 сарын эхээр Армийн онц сурлагатын зөвлөлгөөнд явсан. Сүүлд нь 3 сард Армийн хэддүгээр бага хурал ч билээ дээ, эвлэлийн бага хуралд төлөөлөгчөөр оролцсон. Өө тэр үедээ би чинь цэрэгт нилээн додигор. Тэгээд одоо цэргээс халагдахаар боллоо. Халагдаад тэгээд манай 2 оны цэрэг, Дорноговийн цэрэг олоон цэрэг байсан. 120-иод цэрэг. Тэгээд Дорноговийн цэрэг, Хэнтийн цэрэг хоёрыг хамгийн сүүлд нь халаад. Бид нарыг 4-р хэлтсийн дарга Сүхбаатар гэж хүн байсан. Тэр бид нарыг авчирч аймгийн цэргийн хэлтэст хүлээлгэж өглөө. Аа тэгсэн аймаг дээр боловсон хүчин Агваан гэдэг хүн биднийг бүртгэж аваад алба хаалгана л гэлээ. Одоо цэрэгт бага дарга байсан чадвартай гэж үзэж байгаа тийм улсуудаар ажил алба хаалгана гэнэ. Би үгүй, хаахгүй. Хөдөө тийм хоёр сохор өвгөн хөгшин хоёртой. Тэднийгээ тойлно. Аа тэгээд тэрнийг бол чи мэдэхгүй ээ, бид мэднэ гээд л байна. Тэгээд одоо яг биднийг бүртгэж аваад, бас нэг жаал зугаахан ажилд явж байгаад халагдаад сум сумандаа явууллаа. Тэгсэн намайг аймгийн эвлэлийн хороонд өгчихсөн байна. Эвлэлийн хорооноос нэг хүн ирж Сайхандулааны Гомбосүрэн гэж нэг залуу байсан. Тэр бид хоёрыг аваад явлаа. За тануудыг манай эвлэлийн хороонд тэр намын хорооны боловсон хүчинд хуваарилсан байна. За одоо яахав тануудыг хөдөө явуулж амраана. 8 сард дуудна, тэгэхэд яг ирээрэй л гэж байна, эвлэлийн хороо. Чадахгүй ээ, би ирэхгүй. Би хөдөөнөө тийм тийм гачигдалтай. Тэгэхлээр би тэгэж алба хааж чадахгүй. Өвгөн хөгшин хоёрыгоо тойлонгоо малаа маллана гэлээ. Аа тэрнийг чи мэдэхгүй ээ, бид мэднэ. Тэр үед чинь одоо захиргаадалтын үе шүү дээ. Аа би тэгээд дотроо бодож байгаа, за та нэр мэднэ ээ гэхэд би бас мэднээ л гэж бодож байгаа. Нэг ч их эсэргүүцэж хэрэлдсэнгүй. За 8 сард ирнэ шүү л гэж байна. За, за гээд л гарлаа. Тэр Гомбосүрэн бид хоёр. За би ч бүр ирэхгүй ээ. Чи яах уу? гэсэн чинь аа мэдэхгүй. Би ирж ч мэднэ, ирэхгүй ч байж мэднэ гэж манай нөгөө хүн тэгэж л байна. За тэгээд хөдөө гараад ирсэн хөдөө өвгөн хөгшин хоёрын бие нь ч сайн байна. Тэр хоёрыгоо тойлонгоо хөдөөнөө байж байсан чинь сум дуудаад амраадаггүй. Хүрээд ирсэн аймгаас дуудаж байгаа гэнэ. Эвлэлийн хороонд чамайг дуудаж байгаа, дуудаад бичиг ирүүлж байгаа гэнэ. Би явахгүй ээ, би хөдөөнөө байна. Би тэр эвлэлийн хороо энэ тэрт ирэхгүй гэдгээ би хэлсэн юм даг гэчихлээ. Тэгсэн эвлэлийн хороонд ир гэсэн бичгийг ч надад үзүүлж байна. Тэгээд би явахгүй гэлээ. Тэгсэн дахиад дуудуулж байна. Үгүй ээ чамайг одоо эвлэлийн хороо дуудаад болж өгөхгүй байна. Айлварын сум эвлэлийн үүрийн даргагүй байжээ. Дарга нь Улаанбаатар хот яваад алга болчихсон. Бид эвлэлийн хороотой ярьж байгаа. Чамайг энэ суманд эвлэлийн үүрийн даргаар байлгая гэж байгаа юм. Чадахгүй ээ, чадахгүй. Би ажил хийхгүй гэсэн. Тэгсэн манай намын үүрийн дарга: үгүй ээ чи нэг эвлэлийн үүрийн дарга бүр хийхгүй ч гэсэн чи нэг түр оролж, одоо эвлэлийн үүрийн дарга байхгүй. Нэг орон тоо дутагдаад байна. Яахав чамайг би тэгэж байгаад түр орлуулж байгаад чамайг халж өгье гэж байна. Худлаа, та нар тэгээд халахгүй. Тэгээд одоо эвлэлийн үүрийн даргаар дамжуулуулаад одоо алба хаалгах гэж байна. Үгүй үгүй, бид нар чамайг хөдөөнөө гачигдалтай гэдгийг чинь хэзээнээ мэднэ. Тийм учраас чамайг офицер болгох гэж байсныг чинь албан бичиг явуулж байж байлгасан. Намын дарга, сумын дарга хоёр нь тэгээд байна. Сумын дарга нь Насанбат гэж хүн байсан. Чи яахав эвлэлийн ажил авчих. Чамайг голдуухан баг руу чинь ажлаар явуулна. Өөрөө дураараа яваад эцэг эхээ эргэж байсан ч болно. Эцэг эх хоёроо нүүлгээд энэ дээр авчирсан ч болно гэж байна. Тэгээд гуйгаад байх дээр за гээд авчихлаа. Аваад бас эвлэлийн ажил би тэр цэргийн газар эвлэлийн үүрийн дарга байсан юм чинь эвлэлийн ажил мэднэ ээ. Байж байтал харин 12 сарын үед аймгийн дунд сургуулиас Пэрэнлэй гэдэг хүү хотод сургуульд хуваарилагдсан, тэрүүндээ явахгүй гээд хөдөө гарчихаж. Өнөө Пэрэнлэйгий чинь дуудаж авчраад эвлэлийн үүрийн дарга өгчихлөө, миний оронд сонгууль хийгээд. Намайг халаад багийн ахлах ухуулагч болгочихлоо. Одоо гэртээ улам ойртог гээд. Тэгээд багийн ахлагч хүлээж аваад бас яахав тэгээд зүгээр байхаас яахав бас гэж бодоод. Тэгээд тэндээсээ эхлээд багийн ахлагч, багийн даргаар нилээн жил ажиллаж байгаад 1958 онд нэгдэл байгуулагдсан. Нэгдэл тэр үед чинь байгуулна гээд бид төө аймаг сум, хотоос ирсэн хүмүүс. Тэгээд нэг нэгдэлд ороод нэгдлийн гишүүн болсон чинь. Тэгсэн нэгдэл байгуулагдахаар намайг нэгдлийн нэг багийн дарга гэдгийг оронд нэг бригадын дарга болгочихлоо. Аа тэрнийг нь хийж байсан тэгээд манай нэгдлийн дарга Түдэв гуай гэж хүн байсан. Бичиг үсгийн чадвар энэ тэр муу, хариугүй. Тэр яахав улс төрийн тархи, мэдрэмжээрээ л овоо. Тэгээд нэгдлийн даргын курст явуулчихлаа. Намайг сумын дарга нар албадаж байгаад нэгдлийн дарга болгочихлоо. Нэгдэл яалт ч үгүй шинэхээн, нялх. Нягтлан нь Банзрагч гэж овоо чадалтай хүн байсан тэр. Тэгээд 2 бригадын даргатай. Тэгээд хурлаар оруулалгүй намайг чинь хажуугаар намайг бас нэгдлийн даргаар Түдэв гуайг яваад иртэл орно гэж байна. Нэгдлийнхээ даргыг бас авчихаад ажиллаж л байлаа. Тэгтэл Түдэв гуай курсээ төгсөөд хүрээд ирлээ. Түдэв гуай нэгдлийн дарга боллоо. Тэгэж байсан сум-нэгдэл хоёрыг хавсаргана, нэг даргатай болгоно гээд. Жадамбаа дарга гэдэг манай сум нэгдлийн даргаар ирлээ. Түдэв гуайг нэгдлийн орлогч болголоо. Тэгсэн нэгэнт нэгдлийн орлогч болгохоор туслах бригадын орон тоог хасаад хаячихлаа. Тэгээд би өнөө туслах бригадынхаа даргаас гарчихлаа. Гарчихаад байж байсан удсангүй ээ дээ, нэг 2-3 сар. Хамаагүй одоо намайг суманд ажилд авна гээд л байгаа. Одоо ажил албанд овоо зүтгэлтэй, сайн л гэнэ. Тэгэж байтал харин бригадууд 3 бригад байсан, 4 ч бригад байсан тоо бүртгэгчийн орон тоотой болж. Тэр тоо бүртгэгчийн орон тоо шинээр бий болсон, сайн хүн тавина гэнэ. Тэгсэн 1-р бригадын дарга Дүвчин гуай гэж хүн байсан. За тоо бүртгэгчээр Лувсангомбыг би авна шүү. Тийм орон тоотой л болж байгаа бол би Лувсангомбыг авна гэж. Тэгээд 1-р бригадын тоо бүртгэгч болчихлоо. За тэгээд л тоо бүртгэгчийн ажил анхандаа юу ч мэдэхгүй л юм очсон. Тэгээд сүүлдээ ч яахав засраад. Тэр үед чинь нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлсийн тооцоо бодно. Хөдөлмөрийн хөлс гэж олгодог байлаа, нэгдлийн. Нэг 200-аад хүний хөдөлмөрийн хөлсний тоо бодно. Нэг 20-30-аад мянган малын тайлан тооцоо гаргана. Аа тийм ажлыг 10-аад жил хийлээ. 10 гаруй жил хийчихлээ. Тэгээд тоо бүртгэгч байж байгаад өнөө тоо бүртгэгч, бригадын дарга, багийн дарга, багийн ахлагч ухуулагч энэ тэр гэсээр байгаад би 20 шахам жил ажиллалаа. Тэгээд 1971 онд өөрийнхөө сайн дураар хонь маллалаа. Одоо манай энэ хөгшний нэг хүү сургуульд байж байгаад илгээлтээр гарчихлаа. Одоо тэрнийг зүгээр байлгаад яахав гэж бодоод... Энэ хөгшин чинь манай ахын авгай юм ш дээ. Миний авгай биш. Тэгээд ах минь ч тэр үед байсан юм. За тэр хүүхдийг хонь малла гэж сумын дарга нягтлангууд гаргахгүй. Аа ингээд одоо тоо бүртгэгчийн ажил хийх хүн байхгүй гээд ингээд байдаг. Би гарна гээд намын үүрийн дарга Санжмятав гэдэг хүн байсан юм. Тэрэн дээр орлоо. За яахав би чамайг дэмжиж үзье ээ. Эд миний үгэнд орно уу, үгүй юу гэж байгаад Санжмятав дарга сумын дарга, нягтлан энэ тэртээ хэлжээ. Мал маллах хүн олдохгүй. Цугаараа л дандаа малаас зугатаагаад явж байгааг та нар мэднэ шүү дээ. Тэгэхэд би өөрөө мал маллая гэж дугарч байгаа хүнийг мал маллуулахгүй яах юм. Энэ хүн ямар ч бодлоготой байгаа билээ. Тэгээд мал маллалаа, хонь маллалаа. Нэгдлийн хонийг би 23 жил маллалаа, 1971-1993 он хүртэл. Өө тэгээд нэгдлийн малыг би бас нэг алдаа дутагдалтай... Тэр үед чинь хүмүүс бол нэгдлийн малыг ялтай мал гэдэг. Ялтай малыг авахгүй гэнэ. Үгүй, ялтай малаас салгаж аль гэж ярьдаг байсан юм. Үгүй ээ би ялтай малыг нь авъя л даа яахав, надад ял ирдэг байсан ч, яадаг байсан ч. Тэгээд би нэгдлийн нэг наст хурга 21 жил малласан. Манай нэг охин, энэний нэг охин өнөө намайг түрүү дагаж ирсэн хүү цэрэгт явж ирээд өөр ажилласан. Дараа нь бас нэг охин намайг дагалдаж хонь маллаж байгаад бас нэлээн сайн нэртэй байж байгаад ХАА-н дээд сургуульд явуулчихсан. Тэгсэн бага сургуульд байсан хамгийн бага охин нь одоо надтай мал маллалаа. Тэгээд би тэр мал маллаж байх хугацаандаа улсын хошой аварга малчин болсон. Улсын хошой аварга малчин болж 5 ханатай гэр, 5000 төгрөг энэ тэрээр удаа дараа шагнагдаж байлаа. Аа 1981-1986 он хүртэл улсын их хурлын депутат байлаа. Манай тэр түрүүн мал маллаж байсан охин бас яахав миний нөлөөнд байсан. Бас сайн малчин гэж байгаад Алтангадас авлаа. Аа манай тэр анхны намайг дагаж гарч байсан хүү эвлэлийн төв хорооны алтан медаль, бас хөдөө аж ахуйн яамны нэг тэмдэг энэ тэр авсан. Тэгээд ер нь сүүлд энэний хэдэн хүүхэд ер нь намайг мал маллаж байхад цөмөөрөө гавъяа шагналтай боллоо. Бага охин нь одоо ч хөдөө мал маллаж байгаа. Улсын залуу аварга малчин болсон. Ингээд би хэдэн дүү нараа сайн сайхан замаар би хүмүүжүүлсэн, дагуулж мал маллуулж байсан. Нэг хүү минь 15 настай байхдаа зүрхний гажиг өвчтэй байсан, энэний том хүү. Тэрнийг би хотод дагуулж явж байж, хэдэн сар авч явж байж зүрхний хагалгаа хийлгээд эдгээж аваад ирсэн. Тэгээд тэр хүүгээ сургуульд тэр чигт нь явуулсан. Хагалгаатай, өвчтэй. Нөгөө 3 хүү нь дандаа мал мал дамжаад тэгээд мал малласан. Тэгээд би их хурлын депутат 1986 он хүртэл байсан. Их хурлын депутатын чуулганд 7 удаа явсан. Нэгдэлжих хөдөлгөөний 20 жил, бас нөгөө 5-р их хурал гэдэг нь 1979 онд болсон. Тэрүүнд төлөөлөгчөөр оролцож байсан. За ингээд миний өнөө нэгдлийн мал надад ял авчраагүй, надад гавъяа авчирсан, хөөрхий минь. Тэгээд энэ манай хөгшинтэй ханилж байсан миний ах маань 58 насандаа 1976 онд өөд болчихлоо, нас барсан. Тэгээд ах маань энэ хэдийг чи л харж хандаж явна шүү гэж хэд дахин захьсан. Миний нэг ханилж байсан мөн нэг сайн хүүхэн байсан юм. Ааш зан сайтай, ажил төрөл сайтай мундаг хүүхэн. Манай ахыг нас барахаас өмнө, 3-4 жилийн өмнө бас нас барчихсан. Тэгээд манай ах биднууд нэг дороо байцгаасан юм. Сүүлдээ би тэр хүүхэнтэйгээ бас тусгай байх нь байсан. Байсан ч гэсэн одоо ах маань энэ хэдийг чи харж хандаж явж, миний сууж байсан хүүхэн ч нас барчихлаа, эх нь ч нас барчихлаа. Тэр айлд нэг дүү хархүү нь багш аймагт байсан. Тэр нь л үлдээд бусад нь тэгээд нас барчихсан. Тэгээд энэ хэдтэйгээ цуг явж байгаад би одоо эдүгээ болтол би тэгээд амьдарч явна. За тэгээд социализмын үед засаг захиргаатай, хүнийг нам эвлэлийн байгууллага, үйлдвэрчний байгууллага гээд л олон сайхан олон нийтийн байгууллагатай. Хүнийг сайхан хүмүүжүүлдэг. Одоо хүүхдийг чинь баатарчууд пионероос эхлээд, тэгээд эвлэлийн гишүүнээр дамжуулаад, тэгээд намд оруулаад ингээд хүмүүжүүлдэг байлаа ш дээ. Тэр үед одоо хэдийгээр захиргаадалт байсан. Захиргаадалтын хүчинд хүн гэдэг чинь ажил сайн хийдэг, дэг журамтай ийм байлаа ш дээ. За тэгээд 1989 оноос эхлээд би... энэ ардчилал гарч ирсэн. Ардчилал гарч ирээд л одоо эрх чөлөө олгож байгаа нь энэ гээд л өнөө захиргаадалдтыг чинь болиулчихсан. 1989 онд Батмөнх төв хорооны нарийн бичгийн дарга байсныг, Думаагын Содном сайд нарын зөвлөлийн дарга, тэгээд 7-8 хүн улс төрийн товчоо байсан. Ардчилалынханд буугаад өгчихлөө. Тэгээд ардчилалынхан чинь газар авсаар л, одоо тийм л болох юм билээ. Тэгээд нэг 1990 онд байх аа, шинэ үндсэн хууль баталсан чинь. 1990 онд 76 хоног хэрүүл хийж байж, өнөө ардчиллын шинэ гарсан хүмүүс, хуучин өнөө МАХН-ын хүмүүсүүд чинь хуралдахаараа хэл амаа ололцдоггүй юм байна аа. 76 хоног хэрүүл ам хийж байж нэг шинэ үндсэн хуультай болсон. Аа нэг сайхан 5 хошуу малын дүртэй сайхан сүлд байснаа өөрчилсөн. Одоо нэг морь унаад давхиж байгаа хүн юм уу юу юм нэг тийм юм сүлд байна. Тэр бүгдийг би нүдээрээ үзлээ, биеэрээ эдэллээ. Тэгээд би ер нь ардчиллынхан ч яахав нэг талаараа бас сайн сайхан юм бий болгосон байх л даа. Тэрнийг бас би үгүйсгэхгүй ээ. Ухаан нь мал бэлтгэл, мах энэ тэр аваад Оросод хамаг малаа өгөөд байсан, нэгдлийг баллаад, нэгдэл сангийн аж ахуйнуудыг баллаад, малыг дандаа хувьд өгсөн. Тэгээд ардчилал бол энэ бүгдээ бид сайн юм хийсэн юм гэж одоо Элбэгдорж тэгэж ярьдаг шүү дээ. Тэрнийг мэдэж байгаа биз дээ. Тэгээд тэр хэдийгээр ардчилал гарч ирээд мал хувьд өгсөн ч гэсэн нэгдэл сангийн аж ахуйн мал чинь давхар эзэнтэй байсан юм аа, мал. Цагийн мууд одоо манай энэ Хатанбулаг суманд гэхэд энэ зүүн хойно нэг их сайхан тэжээлийн фонд байсан. Саравчтай, дотроо тэжээл агуулдаг байшинтай, гаднаа өвс хураадаг сайхан саравчтай, гадуураа тортой тийм байсан. Тэгээд өвс тэжээл гэдэг чинь нэгдэл байхад овоолгоотой байсан. Намайг хонь маллаж байхад 1972-1973 оны үед манай нутаг гандаад өвс идэш юу ч байхгүй байсан. Тэгээд нэгдлийн тэр жаал өвс тэжээлээр малаа тэжээж байж онд оруулж байсан. Би нэгдлийн 700 гаруй хургатай байсан. Амины бас нэг 20-30-аад хонь малтай байсан. Тэр өвс тэжээлийн буянаар л би малаа онд оруулж байсан. Аа тэгвэл 1980-1981 онд бас манай энэ нутаг гандаад юу ч өвс байхгүй. Ер нь мал бэлчээр байхгүй. Тэгсэн энэ хилийн дагуу нэг жаахан өвстэй байсан. Биднийг тийш нь нүүлгэсэн. Би ч нүүгээд оччихсон. Тэгээд тэнд очоод бас малаа үхүүлээгүй. Онд оруулаад, нэгдлийн өвс тэжээл зөөгөөд малаа үхүүлээгүй онд оруулсан. Тэгээд тэр 1981 онд чинь одоо би Улсын хошой аварга малчин болсон. 1981 оны 3-р сарын 22-23-ны үед Гүррагчаа агаарт ниссэн биз дээ. Тэгэж байсан юм. Тэгээд яахав дээ мал, бид нэгдэлд сайхан байсан. Нэгдэл бол малын өвс тэжээл бэлдэнэ, худаг ус гаргаж өгнө, хороо хашаа барьж өгнө. Нэгдэл байхад их ажил хийж байсан. Ухаан нь энэ Хатанбулаг суманд Чамарваанчиг гэж дарга байсан. Энэ чинь нэг үе Бадрах гэж байсан, нэгдэл сум байсан. Тэр Чамарваанчиг дарга 1977 онд ирээд 1988 он хүртэл манай дарга байсан. Хатанбулаг сумыг аль ч талаар их сайхан хөгжүүлсэн. Олон байшинтай болоод, морь тэмээгээр явдаг кашька худаг гаргуулж өгсөн. Нэгдлийн мал маллаж байгаа айл болгонд саравчтай, саравчгүй 2 ээлжийн хашаатай, хороотой болгосон. За тэгээд өвс тэжээл гэдэг чинь байнга энд одоо овоолгоотой. Цаг мууд бол өвс тэжээлээр л малаа тэжээдэг. Ингээд Хатанбулаг сумын нэгдэл нэг үе сайхан байлаа. Тэр Чамараа дарга минь 1977 онд ирээд 1985-1986 оны үед халагдаад аймагт оччихлоо. Тэрнээс хойшхи нэг хэдэн дарга нар аа нэгдэл сумыг чинь баллаад байснаас сайн сайхан, өнөө сайн сайхан юмыг чинь баллаад байснаас өшөө юм байхгүй. Ахуй үйлчилгээ гэж байлаа манайд. Одоо байшин нь 2 давхар байшин бий. Ахуй үйлчилгээнд одоо ард түмэндээ хувцас хунар оёж өгдөг, гутал тахалж өгдөг, халуун устай, үсчинтэй, зурагчинтай ихээ аятайхан байгууллага байсныг баллаад хаячихлаа. Улсын хоршоо, худалдаа бэлтгэлийн анги ч гэж байсан, хоршоо гэж байсан. Тэр хоршоо чинь одоо ард түмэндээ их сайхан үйлчилж байсан. Бид чинь тэр үед гурил, будаа, цай, тамхи одоо бүх юмыг хоршооноос авдаг. Арьс, шир, түүхий эд, ноосоо хоршоондоо сумандуу тушаачихдаг ийм байлаа. Тэр байгууллагыг нь баллаад хаячихсан. Ер байхгүй. Одоо нэг бөөний худалдаа гэж сураг нь гарахаас манай энд ер тийм юм үйлчилдэггүй ээ. За тэгээд нэгдүгээрт хоршоо баллалаа. Аа тэгэж байснаа өнөө бидний байгуулсан өнөө Шинэ-Өрнөлт гэж нэгдэл байсныг чинь бас баллаад хаячихлаа, тараагаад. Ингээд нэгдэл ч байхгүй, ахуй үйлчилгээ ч байхгүй, хоршоо ч байхгүй боллоо. Мал эмнэлэг гэж бас нэг сайхан байгууллага байсныг бас баллаад хаячихлаа. За тэгээд энэ өшөө хашаа хороо, энэ сумын төвд бас өвөл бой хийдэг бойны газар энэ тэр гээд их олон, бас энэ баруунтай үхэр саалийн ферм гэж цөөхөн үхэр сааж нэгдлийнхээ төвийг саалиар хангадаг байсан. Тэрний хашаа хороог ч баллаад, фермийг нь тараагаад хаячихсан. Ингээд л одоо өнөө социалист үед байсан сайн сайхан юмыг чинь ардчиллын үе дээр л баллаад хаячихсан шүү дээ. Яг үнэнийг нь хэлэхэд. Тэгээд одоо ардчиллыг л их сайхан гээд, ялангуяа энэ хойч үеийн залуучууд чинь ажилгүй, дандаа л машин мотоцикль унаад л давхидаг болж байна. Нийгэмд ямар ч ажил байхгүй. Тэгээд тэд чинь одоо өнөө ажилгүй тэгэж сайхан явж байгаагаа сайхан. Социализмын үед захиргаадлын үед бол хүнийг ажил хийлгэж тамлаж байсан гээд одоо ардчилал руу л голдуу хэлбийчихсэн. За лав л одоо манай суманд тийм болж байна. Өнөө МАХН гэж нэг байгууллага байгаад байсан одоо байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Би 1980 онд МАХН-д элссэн, хожуухан орсон. Тэгсэн ч гэсэн одоо би 30 жил болж байна. Тэр намынхаа гишүүн хэвээрээ л байгаа. Ер хурал цуглаан, тэр МАХН-ын наана цаана гэсэн тийм байгууллага ер мэдэгдэхээ байсан. Дандаа л ардчиллынхан толгой дээр гарсан. Аа тэгээд одоо ардчиллын нэг хүн нодлингын сонгуулиар сумын дарга болсон. Тэр одоо ажил хийхгүй байсаар байгаад халагдчихсан. Одоо тэгээд сумын дарга байхгүй, энэ Хатанбулаг чинь. Өнөө хоршоо нэгдэл гэж өнөө хамтын хөдөлмөр нэгтгэдэг тийм байгууллага байхгүй болсон. Одоо энэ улс чинь та мэдэж л байгаа байх. Жижиг... юу дунд үйлдвэрүүд байгуулна гэж яриад байгаа биз дээ. Жижиг дунд үйлдвэр гэл үү? Юу гэлээ?

Ариун-Ундрах -

Тийм, жижиг дунд үйлдвэр.

Лувсангомбо -

Жижиг дунд үйлдвэр гэж байгаа юм уу? Тэрнийг байгуулна гээд нэг яриад байна, яриад байна. Манай энэ суманд ямар ч хэлбэр байхгүй. Тэр Чамарваанчиг тэр даргын үе дээр бол тэр талхны нэг тасагтай байсан. Энэ зүүн хойно Булагтын худаг тэнд жаахан газар ногоо тариад намар болохлоор 30-40 шуудай хүнсний ногоо, сонгино янз бүрийн ногоо хураагаад авчихдаг байсан. Аа тэр ахуй үйлчилгээ байгаад малчиддаа онгоц, хув, уургын мод, шилбүүрийн мод энэ тэр өгчихдөг. Малчиддаа хөнжил, цагаан даавуу, дэвсгэр, тийм хувцас энэ тэр хийгээд өгчихдөг тийм ахуй үйлчилгээ байсан. Тэр байхгүй. Одоо тэгээд Хатанбулаг суманд үгүй ээ ядаж одоо хүмүүс усанд орох нэг халуун ус байхгүй шүү дээ. Тэр Чамарын үед чинь халуун устай, талхны газартай, янз бүрийн л жаал жаалхан үйлдвэрлэл байсан. Одоо тэр жижиг дунд үйлдвэр бил үү ямар ч үйлдвэр байхгүй. Сумын захиргааны нэг хэдэн, одоо нэг хэдэн дарга хүүхнүүд байдаг. Тэд юу хийж байдаг юм бүү мэд. Сумд ажиллаж байгаа байгууллага одоо дунд сургууль, хүний эмнэлэг, банк, холбоо энэ нэг хэдхээн байгууллага ажиллаж байна. За тэд яахав дээ хэр чинээгээрээ нэг юм ажилладаг л байх. Өөр одоо тийм байгууллага, мал малчин хоёрт одоо үйлчилдэг байгууллага байхгүй ээ. Мал малчин хоёр бол одоо социализмын үед эзэнтэй, харж үздэг байсан бол одоо энэ ардчиллын үе дээр мал малчих хоёр их хохирч явна. Ухаан нь одоо үндсэн хуулинд чинь ажилчин, малчин, тариачин, сэхээтэн хэн боловч 18 насанд хүрсэн хүмүүс сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг биз дээ. Тэгвэл малчид, тариаланчид сонгогдох эрх нь хасагдсан, байхгүй. Их хурлын 76 гишүүн ч байхгүй, аймаг хотын өнөө хурлын төлөөлөгчид нэг 30-35 хүн байдаг биз дээ. Тэрүүнд ч хүн байхгүй. Одоо суманд бас нэг хэд гурван малчин хурлын төлөөлөгчид сонгуулдаг байсан. Тэр ч байхгүй. Ардчиллынхан эзлээд авчихсан. Үгүй ээ тэгэхлээр одоо энэ үндсэн хууль зөрчлөө гээд өөрснөө бол их хэл ам хэлж байна. Гэтэл үндсэн хууль дээд зэргээр зөрчигдөж байгаа тэр сонгогдох, малчин, тариачин, ажилчин ангийн эрх хасагдсан байхад тэрнийг одоо яагаад хэрэгсдэггүй юм. Сонгох эрхийг нь хэдэн намын сэхээтнүүд л хэл ам хийгээд л, мөнгө сангаар худалдаж аваад л ингэж л одоо сонгуульд иймэрхүү л журмаар явж байгаа ш дээ. Тэр үнэн биз дээ. Одоо ардчиллын үе тийм байна. Социалист нийгмийн үед тийм байсан. Социализмын үед бол ардчилал байгаагүй биш, дээд зэргээр байсан. Намайг тэр их хурлын депутат байхад 300 гаруй хүн депутат байсан. Тэрний ихэнхи нь ажилчин, малчин, тариачин байсан. За тэр тэгэхэд их хурлын чуулга хийхэд их хурлын дарга, орлогч нар байсан. Дарга нь нэг сэхээтэн хүн байсан. Улаанбаатар хотын намын хорооны дарга Алтангэрэл гэдэг хүн байсан. Орлогч дарга нь Цэнд-Аюуш гэж нэг ажилчин хүүхэн байсан. Аан Акхаан гэж нэг Баян-Өлгийн малчин хүн байсан. Аа тэгээд шинжлэх ухааны академийн дарга түрүүнд нь Ширэндэв байж байгаад, сүүлд нь Цэрэн гэж хүн байсан. Цэргийн газраас Дорж генерал байж байгаад Дорж генералыг үхэхлээр Гүррагчаа байсан. За тэгээд тэр үед одоо их хурлын дарга тэргүүлэгч нар чинь ажилчин ч хүн байлаа, малчин ч хүн байлаа, сэхээтнүүд ч байлаа. Эрхээ ардчилал чинь тэр үед сайхан эдэлж байгаа биз дээ. Одоо тэгэхэд их хурлын 76 гишүүнд малчин ч байхгүй, тариаланчин ч байхгүй, ажилчин ч байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Би худлаа ярихгүй. Би үнэн юмыг үнэнээр нь ярина. За тэгээд одоо энэ их хурлын чуулга хийж байгаа энэ 76 гишүүд чинь одоо эхнээсээ аваад дуустал одоо энэ 20 жил болж байна гэж байгаа юу? Эд чинь дандаа л нэг хууль баталж байна. Нэг их олон хууль. Үгүй ер нь тэр хууль бол хэдэн арваар биш хэдэн зуугаар, бараг мянгаар ярих болж байгаа байх. Үгүй ээ тэр их хурлын гишүүдийн баталж байгаа хууль орон нутагт биелэгдэж байгаа юм байна уу? Байхгүй шүү дээ. За лав л энэ Хатанбулаг суманд чинь одоо тэр ард түмэндээ ухуулга яриа хийнэ, хууль сурталчилна, хууль биелүүлэх талын юм гэдэг бол байхгүй. Тэр одоо ихэнхи нь энэ радио телевизээр... би чинь бас радио ч чагначихдаг, телевизороо ч бас мэдээг нь харчихдаг. Тэр их хурлын гишүүд чинь дандаа л хэрүүл хийж байх юм байна ш дээ. Үгүй ээ ийм л байна. Социализмын үед бол ердөө нэг нам, нэг засаг захиргаанд удирдуулаад хүмүүс нь дэгтэй, журамтай сайхан байсан. Монголын хүмүүс чинь цөмөөрөө ажилтай байсан. Гадаад руу тэгэж эх орноо хаяад явдаг юм байгаагүй. Гадаадад явбал сургууль соёлд явдаг хүмүүс л байснаас тэгэж ажил хийлгээд эх орныхоо ажлыг голоод явж байсан байгаагүй. Тэгэхэд одоо чинь монгол хүний нэлээд хэсэг нь гадаадад байх шив дээ. Солонгост л гэнэ, Японд гэнэ, Америк, Англид гэнэ, тэгээд энэ Хятадад ч бас байдаг юм уу? Ингээд одоо хүнээ тараачихсан. Байгаа хүмүүст нь ажил байхгүй. Иймэрхүү л байна ш дээ. За тэгээд социализмын үед бол амьдарч байхад лав л би сайн сайхан байсан. Одоо би нэгдлийн мал маллаад багийн дарга, багийн ажил хийгээд би улсад 50 гаруй жил ажилласан. Тухайн үеийн нам засаг намайг өндрөөр үнэлж Улсын хошой аварга малчин ч өгсөн, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, ойн медалиуд бол одоо бараг хувь нь надад байгаа. 5,6,7-р 5 жилийн гавшгайч болсон би. Би ажил ч их хийсэн. Тухайн үеийн нам засаг ч намайг их өндрөөр үнэлж байсан. Одоо тэтгэвэрт гарснаас хойш 10 сарын 1-нд л нэг сумын ахмадууд нэг цуглаж нэг жаахан цуглаж цайллага хийхээс өшөө намайг хэрэглэж байгаа тийм байгууллага байдаггүй ээ. Нэг баяр ёслол болоход л Улаанбаатар хотоос ч энэ тэр чинь ганц нэг... За манай байгууллагад ажиллаж байсан ахмад настангууд хэдэн сарын хэдний өдөр цуглараарай л гээд л ахмадуудаа хүлээж авдаг юм байна лээ. Энэ Хатанбулагт бол тийм юм огт байхгүй ээ. Аль 10 сарын 1-нд одоо ахмадын нийтийн баяр болдог учраас тэрнийг нэг чүй чай тэмдэглэж өнгөрөөдөг юм. Иймэрхүү л байна. Би одоо тэгээд 80000 төгрөгний тэтгэвэртэй. Тэтгэврийн доод хэмжээ шүү дээ. Тэрнийг би голдоггүй. Хүрчихээд л одоо болж байна. Энийгээ өгч байвал болно. Хүмүүс намайг та улсад одоо тийм их ажил хийж байсан байхад яасан бага тэтгэвэртэй юм гэж хэлж байгаа хүн олоон байдаг юм. Өө би хэрэглэдэггүй, болно болно. Энэ нь л одоо надад олдож байвал болно гээд 80000-ынхаа тэтгэврийг аваад энэ хөгшин бид хоёр хоёулаа тэтгэвэртэй Манай хөдөө гэрт одоо манай энэ хөгшний бага охин нөхөртэйгээ, хүүхэдтэйгээ аминыхаа хэдэн малыг маллаад ингээд л байж байна. За тэгээд одоо бас малчдын талаар харж үздэггүй зүйл юу вэ? гэхлээр одоо малаас гарч байгаа ноос ноолуур, арьс түүхий эдийг одоо бас тогтмол үнэтэй сайхан авч чадахгүй байна. Нэг тийшээ үсрээд л, ямааны ноолуур гэхэд л нэг их болоод л, нэг бүр жоохон доошоо буугаад нэг их хачин байх юм. Энэ ямар ухаантай юм. Бодвол нэг янзын үнэтэй байж болмоор юм шиг байна. Малчин хүн чинь одоо цалин хөлс гэж байхгүй ээ. Жилийн 4 улиралд тувт малынхаа төлөө зүтгэж явдаг хүмүүс шүү дээ. Тэгэхлээр малынхаа ноос, ноолуур, махныхаа хүчинд л одоо амь зууж байгаа. Тэтгэвэр гэж байхгүй, тэр хөлс цалин гэж байхгүй. Харин малын хөлийн татвар энэ тэр гэж оноодог юм. Тэр татвар нь одоо тэгээд.... Тэгээд одоо нэгэнт мал малчин хоёрыг харж үзэх байгууллага тун ховор болсон учраас одоо харж байгаа биз дээ. Өнгөрөх жилийн одоо үхэр жилийн өвөл, бар жилийн хавар энэ хангай газар голдуухан шиг цаг зуд болоод өнөө монгол хүний мал чинь больж байгаа шүү дээ. Одоо лав л 7 сая хүрч байх шиг байна, үхэж үрэгдсэн мал. Тэгээд цаг ч гэж этгээд юм. Ер нь янзтай одоогоор нэг, хангайд чинь одоо социализмын үед тэгэж гал түймэр, ус үерийн аюул болно гэдэг бол байх нь байсан, тэгэхдээ ховор байсан. Одоо жил болгон л хавраас эхлээд л 20-30-аад түймэр гарлаа л гэнэ. Гол ус, нуураа бохирдууллаа, алт ч угаадаг юм уу, бусад удаа аяга шил ч угаадаг юм уу бохирдуулаад голд байгаа загас жараахай хүртэл үхэж байна гэж ярьж байна. Энэ бүхэн чинь бол социализмын үед байгаагүй юм аа. Би одоо мэдэж байна. Би одоо 8 наснаасаа 80 насаа хүртэл би социализмын үеэр би амьдарч ирсэн. За хүү минь тийм л байна даа, одоо миний ярих юм.

Ариун-Ундрах -

Надад хэдэн асуулт байна аа.

Лувсангомбо -

Аан?

Ариун-Ундрах -

Надад асуултууд байна.

Лувсангомбо -

Тэг.

Ариун-Ундрах -

За. Та бүр эхнээс нь өөрийнхөө төрж өсгөсөн эцэг эхийнхээ тухай ярьж өгөөч.

Лувсангомбо -

Би чинь миний төрүүлсэн эцэг эх бол ядруу амьдралтай, ядруу малчин байсан. Гарсан хүүхдүүд нь үхээд байдаг байсан гэж байгаа юм. Манай эцэг эх хоёр ядруу байсан учраас үхсээр байгаад 2-3-хан үлдсэн. Хамгийнх нь сүүлийн одоо саяхан энэ 2008 онд 83 нас хүрээд үхсэн нэг ах бий. Тэр бид хоёр үлдсэнийг нь хүнд өгчихсөн юм. Одоо хүүхдээ үхээд байх дээр сандрахдаа хүнд өгчихсөн. Тэгээд би айлын тэжээвэр хүн. Аа айлын тэжээвэр хүн би тэжээсэн эцэг эхийнхээ гар дээр 11 нас хүртлээ би мал маллаж байж байгаад л тэгээд 11 наснаасаа би түрүүн ярьсан шүү дээ, сургууль соёлд яваад байсан. Аа төрсөн эцэг эх хоёроо бол сүүлд би манай тэр нэг өөрийн нэг бас нэг ах байсаан. Малын эмч хүн байсан. Тэр бид хоёр 4 хөгшнөө нийлүүлээд тэжээдэг байсан. Тэгээд тэжээсэн эцэг эх хоёроо ч гэсэн, төрсөн эцэг эх хоёроо ч гэсэн цөмийг нь ясыг нь би барьсан. Төрсөн эх минь 77, төрсөн эцэг минь 78, аа тэжээсэн эх минь 75, тэжээсэн эцэг минь 81 хүрээд бүгд хорвоогоос хальсаан. Тэгээд би гэдэг чинь үхдэггүй хачин амьтан одоо тэр эцэг эхийнхээ наснаас давчихаад явж байна. За тэгээд манай тэр эцэг эхүүд цугаараа малчин улс байсан. Мал малладаг малчин улс байсан. Тийм л байна даа.

Ариун-Ундрах -

Таны тэжээсэн эцэг эх ямархуу хүмүүс байсан бэ? Уг гарлыг нь та мэдэх үү?

Лувсангомбо -

Аан?

Ариун-Ундрах -

Тэжээсэн эцэг эхийнхээ уг гарлыг нь мэдэх үү?

Лувсангомбо -

Тэжээсэн эцэг халх хүн дээ.

Ариун-Ундрах -

Аанхан.

Лувсангомбо -

Халхын л хүн. Энэ л манай сумын одоо энэ хойд талд Өлгий хийдийн хавьд л төрсөн хүн. Тэгээд л малчин хүн л байсан.

Ариун-Ундрах -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.