Sugar


Basic information
Interviewee ID: 990495
Name: Sugar
Parent's name: Shar
Ovog: Sharnuud
Sex: m
Year of Birth: 1931
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: accountant, driver, retired
Belief: Buddhist
Born in: Agaruut sum, Dornogovi aimag
Lives in: Hatanbulag sum (or part of UB), Dornogovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
collectivization
work
herding / livestock
environment
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу? Сугар гуай.

Сугар -

Сайн. Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За сайн байна аа.

Сугар -

Заа.

Ариун-Ундрах -

За та өөрийгөө танилцуулахгүй юу?

Сугар -

За би бол Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат. Одоо тэр Дорноговь аймгийн Агаруут гэж сумын нутагт 1931 онд төрсөн. За тэгээд бага, дунд сургууль одоо бүрэн бус дунд сургууль төгссөн. Нэгдлийн нягтлан бодохын курс сургууль төгссөн. Санхүүгийн техникумд. Тэгээд бага насандаа мал маллаж байгаад л тэгээд 20-н хэдэн наснаасаа нэгдэлд л ажилласан даа. Нэгдэлд би 30-н хэдэн жил ажиллаад 1990 онд тэтгэвэртээ гарсан. За нэгдэлд байх хугацаанд бол яахав тэр нэгдэл их ядруухан тийм байсан. Надыг анх элсэж байхад. Сүүлдээ бол нэгдэл бас аж ахуй, зохион байгуулалтын талаар овоо бэхэжсэн. Хөрөнгө мөнгөөр ч сайжирсан. Тэр нэгдэл бол гайгүй л сайн оршин тогтнож, хөгжиж ирэхийнхээ даваан дээр тэгээд 1990 оны үед л тарлаа л даа. Тэр тарснаар яахав дээ малчид малтай болж, одоо баяжина ч гэх юм уу тиймэрхүү л болсон л доо. Одоо хүн бүхэн малтай. Айл болгон мал аж ахуй нэмэгдсэн. Тэгээд хамтын хөдөлмөр гэдэг юм тэр нэгдэлтэй хамт байхгүй болсон. За түүнээс хойш яасан бэ? гэхлээр нэгдэлд ажиллаж байсан маш олон хүн ажилгүй болсон. Ялангуяа хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүд малын эмч, зоо техникч, за тэгээд механикжуулагч гэж байна. Худаг усны инженер ч гэдэг юм уу? Цаашилбал одоо баг бригад, сууриудад ажиллаж байсан тэр хүмсүүд бол ажилгүй болсон. Цөөхөн хүн малтай болоод. Тэгээд ажилгүйдлийн эхлэл бол би тэндээс гарсан гэж санадаг юм. Аа нэгдэл гэж байх үед бол ажилгүй хүн гэж байсангүй, хөдөө орон нутагт бол. Ажилгүй хүн байх юм бол тэрнийг авчраад нэг хэдэн мал ч маллуулдаг юм уу. Аа нэг бол туслах бригадад ажиллуулна. Тэгээд хүнийг бол заавал ажилтай болгодог байсан. Аа тэр үеийн авдаг цалин нь бол харьцангуй бага л даа. Мөнгөний ханш ч чанга байсан. Тэгэхдээ бага ч болсон тэр юм болдог л байсан байх. Хүн болгон ажилтай байсан нь гол нь байхгүй юу. Ийм л юм даа. Тэгээд яахав дээ нэгдэл тарлаа. Мал малчдад очлоо. Одоо хөдөө аж ахуйн энэ олон малыг чинь хувьчлаад одоо хувьцаа болгоод хүмүүст тараачихсан ш дээ. Олон нь олон, цөөн нь цөөн мал аваад. Тэгээд түүнээс хойш мал ч сүрхий өсөх шиг боллоо. Аа гэтэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээл ч гэх юм одоо олигтой байхгүй. Аа малгүй нэг нь бол тэгээд ажилгүй болчихсон. Тэр олон одоо дунд мэргэжилтэнгүүд, туслах үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс, нэгдлийн тэр авто тээвэр, салбаруудад ажиллаж байсан улсууд ажилгүй болоод цөөхөн хэдэн малчин нь л малтайгаа үлдсэн дээ. Тэгээд тэрнийг бол ажлын байраар хангах нөхцөл нь одоо байдаггүй л юм байна. Тэгээд ажилгүйчүүд яахав дээ өнөө доороосоо нас дэвшээд л нэмэгдээд л байх юм. Тийм л хандлагатай байх шив дээ. Аа тэгээд хөдөө аж ахуй бол... Нэгдэл бол мал аж ахуй, ялангуяа мал аж ахуйд бол дэвшил авчирч байсан эд ээ. Мал ахуйд дэвшил авчирч, хамтын хүчээр тэр хамтын аж ахуйгаа хөгжүүлэх барих тиймэрхүү юмаа боддог. Тэгээд хүн болгон ажилтай тийм байлаа. Одоо түүнээс хойш хөдөө аж ахуйн дэвшил гэдэг байхгүй боллоо. Одоо малын үүлдэр угсаа сайжруулах, ашиг шимийг нь ашиглах гээд л одоо элдэв юм байна л даа. Тэрнийг одоо хийх нөхцөлгүй болчихсон юм даа. Хувийн жижиг аж ахуйнууд. За тэгээд газар тариалан... Нэгдэл ч бас, тэр хангайн нэгдлүүдэд газар тариалан их хөгжсөн л байсан. Тэгээд хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй хоёр тараад тэгээд өнөө нэг тэжээлийн бааз ч байхгүй, дотооддоо үйлдвэрлэдэг гурил будаа нь ч байхгүй. Тийм л болсон л доо, нэг үе. Одоо харин атрын аян сэргээд энэ чинь одоо манайх дотоодоо гурил будаагаар хангаад, одоо гурилаар хангаад, хүнсний ногоогоор хангаад одоо сайхан л болж байна л даа, ноднингоос хойш. Тэгээд миний бодох нь бол нэгдлийг зүгээр тараагаад хүмсүүдэд малыг нь ингээд өгөөд жалгын нэг болгочихгүйгээр өшөө зохион байгуулалттай арга байсан болов уу? Өшөө дэвшил байсан болов уу? гэж санадаг юм. Ухаан нь жижиг жижиг фермүүд ч болгох юм уу? Олон жижиг хоршоо болгосон бол бас нэг хэрэгтэй байсан болов уу л гэж санадаг л юм даа. Ийм л байна даа, миний ярих юм.

Ариун-Ундрах -

За та өөрийнхөө төрж өссөн гэр бүл, эцэг эхийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

Сугар -

Төрж өссөн газар бол одоо энэ Агаруут суманд л төрсөн. Би эхийнхээ гар дээр хүмүүжсэн. Тэгээд яахав тэр үед чинь бага сургууль, дунд сургууль төгслөө. Эх орны дайны хүнд үе байсан. Гурил будаа, идэж уух юм юу ч үгүй. Бараг л одоо хагас өлсгөлөнгийн байдалтай. Өнөө хэдэн малаа түшэж амь зуудаг. Тийм л байсан даа, миний багад. За тэгээд дайн дууссаны дараа манай улсын гадаад харилцаа ч бас овоо хөгжсөн байх. Тэгээд 1950-н хэдэн оноос л юм жаахан элбэгшсэн шүү дээ. Тэгээд 1960-н хэдэн оноос бол манай улс ч ер нь нилээн бас дориухан хөгжилтэй, одоо идэж уухтайгаа, өмсөж зүүхтэйгээ тийм болцгоосон юм даа. Аа хүмсүүд нь бол соёл боловсролоор бол манайх их сайжирсан. Албадан боловсрол, одоо сургуулиудад албадаж суулгаж байлаа. Боловсролыг одоо албадан эзэмшүүлж байлаа. Тийм учраас хүн болгон бичигтэй, шинэ хуучин бичигтэй. Аа тэгээд дээшээ явсан нэг нь бол тэгээд л дандаа төрөл бүрийн мэргэжилтэнгүүд болж гарсан. Одоо ер нь нэг тэр эрдэмтэн улсуудын гол нь л тэр миний үеийн л улс байх шиг байсан юм. Одоо ч яахав шинээр төрж, эрдэмтэд олон төрж л байна. Тэгээд нэгдэлд байхад бол би нэгдлийн нягтлан бодох олон жил хийсэн хүн. Тэгээд байгуулагдахаас нь эхлээд л нягтлан бодох хийсэн. Тэгээд аж амьдралын хувьд бол яахав тэгээд нэг 8 хүүхэдтэй. Тэгээд л мөн олны дайтай л амьдарч л байсан. Нэг их илүү юм ч байгаагүй. Дутаж барьсан ч юм байхгүй. Нэгдлээ түшээд. Ийм л байна даа.

Ариун-Ундрах -

Та анх сургуульд хэдэн настай орсон бэ?

Сугар -

Өө 8 настай сургуульд 1939 оны дайнд, дайн болж байх тэр үед 8 настай аймгийнхаа сургуульд эхэлж суугаад. Тэгээд тэрүүнээс хойш яахав тэр 1940-н хэдэн онд бага сургуулиа төгсөөд, дунд сургуульд суугаад. Дунд сургуульд тэр үед чинь голцуу 7 жилийн боловсрол эзэмшүүлж байлаа шүү дээ. Тэгээд 7 төгсөөд цаашаа бүрэн дунд сургуульд элсээд явах нэг нь явдаг л байсан. Би ч яахав тэгээд хөдөө аж ахуй гачигдалтай гээд хөдөө гараад. Тэгээд сүүлд нь санхүүгийн техникумд би нягтлан бодохын жилийн курст суусан хүн. Жил суугаад хөдөө аж ахуйн нягтлан бодох, одоо дунд мэргэжилтэй эдийн засагч ч гэх юм уу, тиймэрхүү болж гарч ирээд л тэгээд л ажилласан даа. Ер нь 1957 оноос л би нэгдэлд ажилласан. 1957 онд л энэ Агаруут сумын Шинэ-Өрнөлт гэдэг нэгдэл байгуулагдаад, тэрүүнд анхан нягтлан бодохоор, тэгээд л тэр нэгдлийг тартал л ажилалаа даа.

Ариун-Ундрах -

Анх ажилд орж байсан тухайгаа ярьж өгөхгүй юу?

Сугар -

Ажилд орсон тухай юу?

Ариун-Ундрах -

Аанхан.

Сугар -

Аа яахав дээ. Би ер нь барааны нярав бас нэг хэдэн жил хийсэн юм. Тэгэж байтал тэр үед чинь нэгдэлжих хөдөлгөөн байгуулна гэж нэгдэлжих хөдөлгөөн гэж нэг өрнөж байсан юм. Тэгээд хөдөө аж ахуйн нэгдэлд нилээн баячуулаас өгсүүлээд ер нь улсууд их элсэж байсан. Сайн дураараа элссэн юм тэр чинь. Тэгээд тэр улсуудад манай ах одоо хөдөө ахуйд мал маллаж байсан хүн. Манай ах нэгдэлд элслээ, би нэгдэлд элссэн. Тэгээд намайг нэгдэлд элсэх дээр зэрэг барааны няраваар авч ажиллуулаад нэгдлийн нягтлан бодох болгосон. Аа нэгдэл эхлээд бол яахав дээ орон байр ч үгүй. Нэг л хэдэн малын, нилээн олон малын данстай. Түүнээс өшөө аж ахуй, санхүүгийн талаар бэхэжсэн барьсан юм байгаагүй. Эхэлж байгаа юм болохлоор юу ч байхгүй л байсан л даа. Тэгээд сүүлдээ яахав нэг жаал жаалхан ахисаар байгаад л тэгээд л мал аж ахуй эрхэлсэн тийм нэгдэл л болсон. Тэгээд тэ нэгдэл бол туслах үйлдвэр гээд бас ажилчид байсан. Туслах аж ахуйн ажилчид гээд. За тээврийнхэн гээд байсан. Тэгээд сүүлдээ бол олон машин трактортой болсон. Малаа бол тэгээд бригадын зохион байгуулалттай. Бригад нь дотроо суурь гэж байдаг юм. Тиймэрхүү зохион байгуулалттай л байсан даа. Сум-нэгдлийн дарга гэж хамт байлаа. Сумын дарга чинь нэгдлийн дарга байсан. Нэгдлээс дийлэнх цалингаа авна. Захиргаанаас бас нэг хэдэн төгрөгний цалин авна. Тэгээд тэр сумын удирдлага, нэгдлийн удирдлага 2 чинь бараг л нэг болчихсон байсан. Нэг л байсан даа. Харин намын байгууллага л тусдаа ажиллаж байсан.

Ариун-Ундрах -

Тэр ямар нэртэй нэгдэл байсан бэ? Таны ажиллаж байсан нэгдэл?

Сугар -

Шинэ-Өрнөлт гэдэг нэгдэл байсан юм аа. Тэгээд яахав би ажил хийхдээ бас гайгүй шиг ажиллаж байсан юм байлгүй. 1963 онд бил үү дээ. Надад хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэгээр шагнасан юм даг даа. За тэгээд ойн медалиудаар шагнаж байсан. Өшөө төрийн том шагнал бол аваагүй. Ойн медалиуд 50, 60, 70, 80 тийм 4 ойн медаль байна уу? 50, 60, 70, 80 жилийн ойн медалиудаар шагнагдаж байсан даа.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр анх нэгдэл байгуулагдаж байхад нэгдэлд хүмүүс яаж элсэж ордог байсан бэ?

Сугар -

Сайн дураар. Аа тэгээд нэгдэлд орохгүй улс бас байна аа. Сайн дураараа элсдэг байсан. Тэгээд би 1958 онд Санхүүгийн техникумд яваад 1959 онд би курсээ төгсөөд ирсэн. Тэгэхэд бол Нэгдэлжих хөдөлгөөн 100% яллаа гэж тэгэж байсан. Тэр харин сүүлийн үед нь жаахан албадлага, хавчлага орсон болов уу? гэж л би санадаг юм. Тэр улсууд 100% нэгдэлжинэ гэж байхгүй. Ер нь анхан бол нэг дунд чинээнийх нь улсууд бол ороогүй. Зүгээр их баян, тэгээд ядуу хоёр нь бол нэгдэлд орчихсон байсан ш дээ. Дунд зэргийн амьдралтай нэг нь бол нэгдэлд орохгүй байж байсан. Тэгээд л 1959 онд л тэрнийг ер нь нэг жаахан үзэл суртлын нилээн ажил явуулаад л тэгээд л орсон юм шиг байгаа юм аа. Тэгээд намайг тэр нягтлан бодохын курс төгсөөд ирэхэд энэ манай сум маань ингээд бараг 100% нэгдэлжсэн байсан. Ороогүй хүн ганц хоёрхоон байсан.

Ариун-Ундрах -

Тэр баян хүмүүс нь яагаад орчихсон юм бол?

Сугар -

Мммм?

Ариун-Ундрах -

Баян хүмүүс нь яагаад нэгдэлд түрүүлээд орчихсон юм бол?

Сугар -

Аа тэр яахав дээ. Тэр үед бас эдийн засгийн жаахан хавчлага бодлого байсан юм. Мал аж ахуйн албан татвар өндөр. Аа улсад тушаах одоо мах, ноос, сүү. Тэр малд одоо нилээн их оногддог. Ер нь тэр мал өсгөх төлөвлөгөө гэдэг өгөөд тэр жинхэнэ бодит мал дээр биш голцуу төлөвлөгөөнд нь оноож байсан. Тэр нь тэр үеийн нэг алдаа байхгүй юу. Төлөвлөгөөнд онооно. Ухаан нь би 100 малтай байхад чи 110 малтай байх ёстой гэж хэлээд л 110 малын албан татвар, мах, ноос, сүү, мөнгө онооно шүү дээ.

Ариун-Ундрах -

Байхгүй малыг нэмээд үү?

Сугар -

Одоо байхгүй. Тэр нэг 10 мал дутуу бол дутуу. Аа би хэрэв 110 малтай байх ёстой тийм ээ? Гэтэл би 150 малтай байсан бол тэр хамаагүй. Тэр 110 малд нь ноогдуулаад л өнөө юугаа өгдөг. Тийм нэг төлөвлөгөөний ухаан нь тийм нэг юу юм бэ дээ. Мал өсгөх тийм нэг бодлого, систем л байсан юм байна л даа. Тэгээд ирэх дээр зэрэг тэр баян улсууд нь бол яахав гэхлээр мал аж ахуйн албан татвар, өө энэ хэдэн малыг ингэж одоо үйлээ идэж албан татвар, элдэв одоо алба нэхэгдэж байсанд орвол нэгдэл орчихъё. Тэгэх дээр зэрэг манай нэгдэл бол нэг хүнд, нэг өрхөд 100 мал үлдээсэн. 100 мал үлдээгээд, одоо баян хүн, би 700 малтай байна гэхэд 100 малаа авч үлдээд одоо 600 малаа нийгэмчилнэ. Тэгэх дээр зэрэг надаас өнөө албан татвар, хамаг юмыг чинь чөлөөлчихнө. Тиймэрхүү тэр татварын бодлого явуулаад, тийм учраас баячуул нь орсон байхгүй юу, эхлээд. За ядуу нэг нь бол яахав тэр ер нь бүр нэг ядуу, мал хуй цөөтэй нь бол нэгдэлд оръё. Одоо нэгдэлд орж энэ хамтын хөдөлмөр, хамтарч ажиллаад энэ одоо хамтарч энэ олон малаас маллаж байж ашиг шимийг нь хүртье гэсэн тийм амьдралаа дээшлүүлье гэсэн утгатай л одоо нэгдэлд орцгоосон байх л даа. Ядуухан нэг нь бол. Баячуул нь бол тийм л нэг учиртай юм даа. Тэр нь л тэр нэг тэр үеийн алдаа ч байдаг юм уу, юу ч байдаг юм. Нэг бодлого байсан л байна. Алдаа ч юу байхав. Тэр үеийн л бодлого л юм л даа.

Ариун-Ундрах -

Таны хувьд нэгдэлд мал өгсөн үү?

Сугар -

Өгсөөн. Би бол, манайх бол нэг дунд чинээний аж ахуй юм. Тэгэхлээр манай ах нэгдэлд ороод, би бол барааны нярав хийж байсан. Тэгээд л ах орох дээр зэрэг би орохгүй яахав. Ороод, тэгээд манайх бол нэг 200-300-аад малтай айл. Тийм олон малтай айл биш. Манайх бол албан татвар, тэр татварын дарамт энэ тэрт болоод орсон юм биш. Зүгээр л тэр манай ах ер нь тэр нэг худалдаанд бас агент хийж байсан хүн юм даа. Тэгээд ч тэгдэг юм уу? Тэгээд нэгдэлд оръё л гээд орчихсон юм байгаа юм. Нэгдэл ер нь зүгээр юм гээд, тэгээд л орчихсон юм. Мөн нэгдэлд орох дээр чинь зэрэг бас л манайд оногдож байсан тэр албан татвар, тэр хамаг юм чинь мөн л хөнгөлөгдчихнө ш дээ. Нэгдэлд орсон айл болгоныгоо хөнгөлчихсөн.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр анх барааны нярав хийсэн юм байна тэ?

Сугар -

Би анх хоршоонд барааны нярав гэж байхад бараа хүлээж, төвөөс ирсэн барааг хүлээж авдаг. Тэгээд хойшоо агентууд энэ тэрт хуваарилаж тараадаг тийм л хүн дээ. Барааны нярав гэдэг бол. Ер нь 1950-н хэдэн онд л нэг юм жаал элбэгшлээ шүү дээ. Би яахав 1953 онд нэг барааны нярав хийгээд нэг 2-3 жил хийж байгаад нэгдэлдээ элссэн. Тэр үед нэг бараа ирж, бараа овоо элбэгшиж, ер нь хоршоо нэг юмтай болж. Хоршоо гэж харин тэр үед худалдаа бэлтгэлийн анги ч гэж ярьдаг байсан, сүүлдээ. Тэр нэг жаахан бараа таваартай тийм л болдог. Ер нь бол тээвэр ч овоо хөгжиж энэ аймагт авто тээврийн бааз байгуулаад, тэр бааз ч бараа татна. Цаашаа одоо тэр Дорнотын бааз энэ тэрээс чинь бараа ирнэ. Тэгээд өнөө ноос ноолуур, өнөө түүхий эдийг чинь машинаар татна л даа. Ердийн хөсөг нэг их хэрэглэхээ больж байсан цаг.

Ариун-Ундрах -

Аа ямар ямар бараа байдаг байсан бэ?

Сугар -

Бараа юу?

Ариун-Ундрах -

Ммхм.

Сугар -

Өө бараа яахав дээ. Өнөө хүний өргөн хэрэгцээний бараа гурил, будаа, цай, даалимба, тамхи гээд л эхэлнэ. Тэгээд л янз бүрийн бараа ирж байсаан бас. Жоохон жоохон ирнэ. Тэгэхдээ хүн ам цөөхөн. Тэгээд нэг суманд бол нэг хэдэн машин бараа ирэхэд хүрэлцэнэ л дээ. Одоогынхтой адил хэрэглээ өндөр биш. Хүн ам цөөхөн ч байсан юм уу, юу ч байсан юм. Худалдан авах чадвар ч бас тийм өндөр байгаагүй. Тэр бол нуух юм байхгүй. Мөнгө нь бол нилээн чанартай. Одоо нэг төгрөг ч байсан нэг юм авчихна шүү дээ. Тийм байсан. Тэгэхдээ хүмсүүдийн худалдан авах чадвар бол тааруу байсаан.

Ариун-Ундрах -

Та тэр барааны нярав хийж байхад хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?

Сугар -

Барааны нярав хийж байхад 250 төгрөгний цалин авдаг байсан. Тэр үедээ бол сум орон нутагтаа нилээн өндөр цалинд тооцогдоно. Тэр бол.

Ариун-Ундрах -

Амьдралд хүрэлцэх үү?

Сугар -

Өө хүрэлцэнэ, болгоод л байна.

Ариун-Ундрах -

Тэр нэгдэлд нөгөө элсэхэд сайн дураараа ордог гэсэн ш дээ?

Сугар -

Тийм.

Ариун-Ундрах -

Аа тэгээд янз бүрийн хурлаар орох уу? Ер нь ямар шатаар явагдах уу?

Сугар -

Нэгдлийг анх нэг 10-н хэд ч юм уу, 20-н хэд ч юм уу өрх нийлээд байгуулчихна. Тэгээд байгуулаад одоо тэр, одоо анхан нэгдлээ байгуулж байгаа нь тэр. За тэгээд тэр байгууллага чинь хуралтай болно оо. Аа дахиад одоо тэр нэгдэлд би элсэе гээд очиход тэр нэгдлийн бүх гишүүдийн хурал гэдгээр хэлэлцэнэ. Энийг нэгдэлд авах уу? Яах уу? Чи ер нь сайн дураараа орж байна уу? Ер нь албан хавчлагаар орж байна уу? Энэ тэр гэх шүү юм асууна шүү дээ, бас. Тэгээд тэр хүн бол би одоо та нартай ингэж нэгдэж ажиллахаар болж байна аа. Ажиллая гэж саналаа. Би одоо төчнөөн малаа нийгэмчилнэ гээд тэгээд 100 малаа үлдээгээд бусдыг нь нийгэмчилнэ. За тэрнүүнээс гадна бас гэр ч юм уу, одоо хом шат гээд одоо тээврийн өнөө ердийн хөсгийн одоо тийм хом шат гээд байдаг юм даа. Тийм юмнуудыг бас нийгэмчилж болно.

Ариун-Ундрах -

Хом шат аа?

Сугар -

Тийм хом, одоо тэмээний хом. Өнөө тэмээг ачихад хэрэглэдэг одоо бамбай ширдэг гээд ухаан нь тох мод юм даа. Ерөнхий ойлгоцоор бол.

Ариун-Ундрах -

Аан. Тэгээд анх хүмүүс нэгдэлжүүлэлтийг ямаршуу хүлээж авч байсан бэ? Эерэг үү?

Сугар -

Нэгдлийн тэр анхны хэд бол их сайхан хүлээж авч байсан ер нь. Ер нь одоо миний юм, манай нэгдэл энэ тэр гэсэн шүү тиймэрхүү байсан. Аа 1959 онд намайг тэр нягтлан бодох болоод ирэхэд бол зарим хүмсүүдийн хандлага өөр байсан. Юу вэ? гэхлээр тэр нэг жаахан албадаж орсон байх гэж боддог юм. Нэгдэлд орсон, танай нэгдэл энэ тэр гэж ярьдаг улс бас мэр сэр байсан. За тэгээд тэр нь бол яваандаа сүүлдээ арилчих юм билээ. Танай нэгдэл энэ тэр гээд өнөө нэг ялгаварлаад, нэгдлийг нэг ад үзэх байдалтай ярьдаг энэ тэрээ байчих юм байна лээ. Сүүлдээ бол цөмөөрөө хөдөлмөрлөөд л явчихна.

Ариун-Ундрах -

Танай нэгдлийн хувьд хэр том нэгдэл байсан бэ? Бусад сумуудтай харьцуулвал?

Сугар -

За яахав дээ, ер нь бол жижигхэн нэгдэл байлаа. Тэгээд энэ Сулин хээр сум..., бас энэ олон жижиг нэгдлүүд байлаа шүү дээ. Одоо ердөө жалгын нэг гэгчээр. Тэгээд бие биентэйгээ нийлээд байсан. Тэгээд манай нэгдэл бол энэ Сулин хээрийн нэгдэл гэж сүүлдээ. Тэр бол нилээн чадалтай нэгдэл байсаан. Яахав нэг 5 сая төгрөгний орлоготой. Тийм болсон л доо, сүүлдээ. Тэгээд жилд олон хашаа, худаг гаргана. Тэр бүгдэд бол мөнгө төлнө. Хөдөлмөрийн өдрийнх нь хөлсийг тавьж өгнө. Ер нь тийм нэг мөнгөний гачаалд бол ороогүй. Мал нь л одоо зуд энэ тэрт хорогдчихгүй бол гайгүй байдаг юм билээ, нэгдэл. Аа мал зудад хорогдоод, зуд нэрвээд ирсэн хэдэн жил бас бий. Тэрнүүнд бол одоо яахав дээ, улсаас зээл аваад. Тэгээд өнөө нэг өвс тэжээл чинь одоо ингээд л буугаад байна. Тэрнийг өнөө суурь бригадууддаа хуваарилаад л. Тэгээд малаа онд оруулаад. Тэгээд тэр жилдээ бол бас жаахан санхүүгийн талаар хүнд л байдаг юм билээ. Тэгээд дараа жилээс нь юм уу, түүний цаад жилээс нь юм уу, мал хуй нь, мал нь өсөөд ирэх дээр зэрэг л тэгээд тэр зээлийн гачаалаас гарчих юм байна лээ дээ. Нэгдэл бол өөрөө биеэ дааж хөгжих чадвартай. Тэгээд манай нэгдэл бол тийм сайн нэгдэл биш л дээ. Нэг дунд юм уу одоо тэр мундаг мундаг нэгдлүүд байсан. Тэрүүний дэргэд бол нилээн доохнуур. Тэгэхдээ л амиа аваад яваад бас улсад татвар төлөөсөө төлдөг, хөдөлмөрийн өдрийнхөө хөлсийг тавьж чаддаг тийм л байсан даа.

Ариун-Ундрах -

Тэр нэгдлийн сайн, муу байх нь юунаас ер нь шалтгаалдаг юм бол?

Сугар -

Санхүү?

Ариун-Ундрах -

Нэгдлийн одоо сайн, муу?

Сугар -

Аа сайн, муу байх нь тэр малын олон цөөн нэгдүгээрт. Хамгийн нэгдүгээрт эдийн засгийн бааз малаас шалтгаална. Хоёрдугаарт тэр нэгдлийн одоо зохион байгуулах арга чадвараас, удигдлагаас шалтгаална. Нэгдлийн одоо дарга их сүйхээтэй тийм л байх юм бол тэр нэгдлийг чинь одоо хөгжүүлнэ. Бас л арай нэг өөр болоод байна. Даргын сайнаар явна шүү бас.

Ариун-Ундрах -

Танай нэгдлийн дарга гэж ямар хүн байсан бэ?

Сугар -

Манай нэгдлийн дарга Лувсандорж ч гэж хүн байсан. Олон хүн байсаан. Эхлээд Мижид гэдэг хүн байсан. Дараа нь Лувсандорж гэж байсан. Дараа нь Хөдөлмөрийн баатар Даваасамбуу энэ тэр ирсээн. Энэ Хатанбулагтай нийлсэн хойно. Энэ Хатанбулагын Баярт сан гэж нэгдэл байсан юм. Тэр Шинэ-Өрнөлт нэгдэл хоёр нийлсэн юм. Сүүлд, 1970-н хэдэн онд. Тэгэхэд одоо энэ Баярт сан нэгдэл бас жаахан эдийн засгийн талаар муухан болоод тэгээд хоёр нэгдлийг нийлүүлээд, тэгээд том нэгдэл болсон доо. Энэ Хатанбулаг сумын Шинэ-Өрнөлт гээд. Тэр том нэгдэл болсноосоо хойш харин орлого сайтай, нилээн гарын ая даах тийм нэгдэл байсан. Тарах хүртлээ.

Ариун-Ундрах -

Та нэгдэлд яг юу хийж байсан гэлээ?

Сугар -

Харин нягтлан бодох л хийж байсан. Олон жил нягтлан бодох хийж байгаад сүүлдээ би нягтлан бодохоосоо чөлөөлөгдсөн юм. Тэгээд сүүлийн нэг 10-аад жил..., 10 ч арай хүрнэ үү, үгүй юу? 30-н хэдэн жилийн нэг 10 жилд нь би тэрэг барьсан, би нэгдэлд. Нэгдлийн жолооч мэргэжилтэй байсан. Тэгээд тэрэг бариад жолооч хийж байгаад тэгээд тэтгэвэртээ гарсан.

Ариун-Ундрах -

Тэр үед жолооч гэдэг мэргэжил байсан уу тэ?

Сугар -

Жолооч мэргэжил. Нягтлан бодох олон жил хийгээд ирэх дээр тархи толгой өвддөг тиймэрхүү болчихсон байсан. Тэгээд биеийн эрүүл мэндийн байдлаа яриад учирлаад байсан. Намайг халахгүй гээд л бөөн юм болсон. Тэгээд л албаар л ер нь ажлаа бараг хаячихгүй байж байгаад халагдаад л. Тэгээд нэгдэлдээ эргээд л тэрэг барьчихсан. Нэгдлээсээ би гараагүй. Өөр ажил солиогүй.

Ариун-Ундрах -

Тэр жолоочийн мэргэжлийг яаж олсон бэ?

Сугар -

Жолоочийн мэргэжил тэр үед олж авахад бас их хэцүү. Одоо жинхэнэ яс сууж байгаа юм даа. Нэг 6 сар юм уу, жилийн курс энэ тэр байлаа.

Ариун-Ундрах -

Тийм урт уу?

Сугар -

Тийм. 6 сарийн, жилийн. Би нэг 6 сарын курст..., одоо ер нь нэг 1952 онд цэрэгт очоод яасан юм аа. Жолооны курст байсан юм. Тэгээд тэрнийгээ төгсөөгүй гарчихсан. Тэрүүн дээрээ дөрөөлөөд тэгээд бас нэг эчнээ маягаар. Өнөө нэг нягтлан бодох хийж байхдаа би суралцаад. Тэр программыг нь аваад энэ гэрээрээ үзэж байгаад, тэгээд улсын шалгалт болоход нь очоод шалгуулсан. Тэгээд л мэргэжил, жолооныхоо үнэмлэхийг авсан даа. Тэр үеийн жолооны шалгалт энэ тэр чинь маш хатуу шүү дээ. Төвөөс хүн ирж шалгана. Тэгээд л олон хүн унана. Унасан нь унасан чигтээ л байна. За тэгээд тэнцсэн нь тэнцсэнээрээ тэгээд л. Шалгуур нь айхтар өндөр. Хичээл нь сүрхий, программ нь их л байсан юм даа. Онол заадаг тэр үед. Одоо бол онол бараг үздэггүй. Онол хотын дүрэм, тэгээд л хууль дүрэм. Тиймэрхүү юм л үзнэ шүү дээ.

Ариун-Ундрах -

Олон хүн жолооч болдог байсан уу?

Сугар -

Ээ жолооч болдог хүн цөөхөн байсан. Цөөхөн, тэр жолооны курс бол аймагт байна. Тэр жилдээ нэг хэдхээн хүн 20-30-аад хүн төгсгөдөг юм уу даа. Тийм л байсан даа.

Ариун-Ундрах -

Та тэр санхүүгийн сургуульд хаана сурсан юм бэ?

Сугар -

Санхүүгийн техникумд сурсан юм, би.

Ариун-Ундрах -

Тэр нь хаана байдаг юм?

Сугар -

Улаанбаатарт. Санхүүгийн техникум. Одоо Санхүүгийн коллежи гэж байна уу? Санхүү эдийн засгийн дээд сургууль гэдэг байх аа? Тэрүүнд сурсан.

Ариун-Ундрах -

Тэрэнд та яаж сурах болов? Тэгээд сурсан тухайгаа, тийшээ явсан тухайгаа?

Сугар -

Аа тэр бол яахав хөдөө аж ахуйн нэгдэл гэж одоо нэгэнт олон нэгдэлтэй боллоо. Тийм учраас тэрэнд боловсон хүчин хэрэгтэй болдог юм байна. Боловсон хүчний тэгэхдээ мал аж ахуйн мэргэжилтэнгүүдийг бол тэр өнөө Хөдөө аж ахуйн техникумуудаар бэлтгэнэ. Аа бас тэр санхүүгийнх нь мэргэжилтэнгүүдийг бол бэлтгэх шаардлага гарсан юм. Санхүүгийн техникумд хуваариар. Одоо тэнд суралцъя гээд өргөдөл өгөөд л ердөө дороо. Очоод л сурсан, ердөө.

Ариун-Ундрах -

Шалгалт өгөх үү?

Сугар -

Ороход одоо ерөнхий боловсролын нэг шалгалт авч байсаан. Одоо хэл бичиг, тооны шалгалт авч байсан. Тоо яахав дээ. Тэр үеийн өнөө нэг энгийн аравтын бутархай, матемитикаар. Аа хэл бичиг нь болох дээр цээж бичиг дээ. Тэгээд л орно. Бас тэр шалгалтыг давахгүй бол бас орохгүй ээ.

Ариун-Ундрах -

Та тэгээд Улаанбаатарт хаана амьдарч байсан бэ? Оюутан байхдаа.

Сугар -

Улаанбаатарт би ахындаа сууж байсан юм. Манай ах Батлан хамгаалах яаманд нэг офицер байсан юм. Дарга нарын офицер байсан юм. Тэр ахындаа сууж байгаад 1 жил суугаад тэгээд л төгссөн юм. Шалгалтаа өгөөд л. Хагас жилээр нэг шалгалт өгөөд, жилийн эцсээр нэг шалгалт өгөөд, хоёр шалгалт өгөөд л тэгээд төгсдөг юм байна лээ. Яахав би бас тэр үедээ хөдөө санхүүгийн юунд бас онц сурлагатан гэж байсан. Хагас жилээр онц гараад онц сурлагатан гээд степюнт бас нэг хэдэн хувийн 10%-ийн бил үү? 15%-ийн бил үү? нэмэгдэл өгдөг юм. Тэгээд тийм степюнт авдаг байсан.

Ариун-Ундрах -

Онц сурвал тэ?

Сугар -

Тийм, онц сурсан гэж.

Ариун-Ундрах -

Та тэгээд төгсөж ирээд л шууд нягтлангаа хийсэн юм уу?

Сугар -

Төгсөөд л өнөө нэгдэлдээ буцаад л ирчихгүй юу? Тэгтэл одоо нэгдэл маань томорчихсон. Олон хүн орчихсон. Бас заримых нь одоо өнөө нэгдэлд хандах хандлага бас өөр. Танай нэгдэл гэсэн шүү юм надад энэ тэр тэгдэг л байсан.

Ариун-Ундрах -

Хннн.

Сугар -

Тоглоом шоглоомоор ч тэгдэг байсан уу?

Ариун-Ундрах -

Та тэр нэгдэл гэдэг юмны яг тэр доторх зохион байгуулалтыг нь ярьж өгөөч? Яг дотроо юу юутай байх уу?

Сугар -

Нэгдэл бол захиргаа аж ахуйн том аппараттай. Ер нь одоо ч гэсэн захиргааны аппарат өндөр байна. Тэр ялгаагүй захиргаа аж ахуйн аппарат гэж байна. Захиргаа аж ахуйн аппаратанд нь юу орох вэ? гэх дээр яахав нэгдлийн дарга, нягтлан бодохууд гээд удирдлагууд байна. Тэрүүнээс гадна өнөө олн мэргэжилтэнгүүд. Мал аж ахуйн мэргэжилтэн гэхэд л одоо малын дунд зоо хэд хэд байна шүү дээ. Бригад бүрийн нэг зоо техникч байна. За тэгээд сумандаа ерөнхий зоо техникч байна. Бригад бүрийн одоо малын эмч байна. Аа сумандаа бол тэр мал эмнэлгийн ерөнхий эмч байна. За тэгээд бригадын дарга, тоо бүртгэгч гээд албаны улс байна. Бригад болгонд одоо аж ахуй гэж байна. За тэгээд тэр одоо сүүлдээ авто тээврийн нилээн томоохон салбартай боллоо шүү дээ. Машинтай, трактортой болоод. Тэд бүгдийг захиргаа аж ахуйн орон тоо гэж нэрлэнэ ээ. За тэгээд туслах бригадын дарга гэж хүн байна. Усны аж ахуйн дарга гэж хүн байна. Ус, худагаа хариуцсан. Тийм тийм орон тоонууд байна аа. Тэгээд нэгдэл даргатай, орлогчтой, ерөнхий нягтлан бодохтой, туслах нягтлантай, тооцооны нягтлантай. 3-4 нягтлан бодохтой. Тиймэрхүү орон тоотой байсан даа. Тэгээд яахав нэгдлийн тэр олон орон тоонууд чинь өнөөх л орлогоороо цалинжина шүү дээ. Цалин бол үндсэндээ тогтмол. Тэгээд мэргэжлэрээ өгнө. Тэгээд цалингаа тавьж чаддаг л байсан. Нэгдэл бол болж л байсан юм. Нэгдлийн тарах шалтгаан нь бол тэр нэгдэл өөрөө эдийн засгийн талаар доройтож бариад тараагүй ээ. Ер нь яахав дээ энэ ардчилсан хувьсгал гарч ирээд улс төрийн шалтгаанаар л тэгээд л хөдөө аж ахуйн нэгдлийг тараасан байх. Тэгээд хөдөө аж ахуйн нэгдлийн нэг сайн тал нь одоо хамтын хөдөлмөр. Хамтын хөдөлмөр. Тэрнийгээ л өнөө давуу тал гэж ярьдаг байлаа. Тэрнийгээ бид тэр хамтын хөдөлмөрийн давуу тал гэдэг л хөдөө аж ахуйн нэгдэл байсан юм. За тэгээд хөдөө аж ахуйн нэгдэл тарчихлаар яахав дээ олон малтай болчихно. Тэгээд мал одоо ган зуд болно. Тэрүүнд тэжээл авчирч өгөх хүн байхгүй. Худаг гаргаж өгөх хүн байхгүй. Хашаа хороо додомдож өгөх хүн байхгүй. Тэр бол зөвхөн суурийн хүчээр л хийнэ. Одоо бид гурав 1000 малтай л юм бол бид гурав л хийхээс өшөө өөр хүн, туслалцаа одоо байхгүй шүү дээ. Тийм учраас байгалийн бэрхшээлд бол сүрхий нэрвэгддэг бололтой. Одоо энэ жил манай энд бол цаг нилээн муудлаа. Тэгэхэд ер нь өвс тэжээл тийм дорвитой юм ирэх харагдсангүй ээ. Нэг ганц хоёр машин юм ирээ биз дээ. Тэгээд л энэ хөдөө мал бол одоо өнөө бэлчээргүйдэж, өлдөж тэгэж их үхэж байх бололтой юм байна лээ.

Ариун-Ундрах -

Тэр үеийн нэгдлийн ерөнхий яг үйл ажиллагаанууд нь ямар ямар байсан юм бэ?

Сугар -

Ерөнхий үйл ажиллагаа нь яахав мал аж ахуйгаа л эрхэлнэ. Мал аж ахуй дээрээ бол маш их хүч тавьна. За төл бойжуулж чадахгүй, хүн бүл муутай айлд бол төлчин гэж очно. Тэр чинь өнөө албан хаагчид энэ тэрээс л явуулна шүү дээ. Аа аймгаас ч ирнэ. Тэгээд төлөө бойжуулж авах нь хамгийн гол нь л доо. Өнөө сүргийн нөхөн үйлдвэрлэл.

Ариун-Ундрах -

Тэр малчдын... юу билээ? Өдрийн хөлс бил үү? Цалин?

Сугар -

Малчдын цалин бол ялимгүй ээ. Багахан цалинтай. Тэгэхдээ малчин нэг өрх гэхэд чинь бол 100 толгой мал, яахав сүүлдээ энэ улсын хэмжээгээр 75 болгосон юм аа. 75 толгой мал бол баталгаатай байж байна. Тэгээд 75 толгой малынхаа ашиг шимийг хүртэхийн гадна тэр нэг өрхийн 3 хүн байвал гурвуулаа одоо мал аж ахуй эрхэлнэ ш дээ. Өнөө нэгдлийнхээ малыг тэр 3 чинь, одоо энэ бид гуравт 100, 100-аар нь ингээд хариуцуулсан 300 малтай байх юм бол энэ ч нэг хэдэн төгрөг, би ч нэг хэдэн төгрөг, энэ манай охинд ч нэг хэдэн төгрөг ингээд авах болохлоороо бас нэг жаал жаалхан мөнгө авчихлаараа тэгээд сардаа болоод л байна. Аа мөн бас нэг зарим нэг нь бол мөнгөний хэрэгцээ энэ тэр тиймэрхүү юм байвал нэгдлээсээ урьдчилгаа авчихна. Урьдчилгаа авна.

Ариун-Ундрах -

Одооны энэ цалингын зээл шиг үү?

Сугар -

Одооны энэ цалингын зээл шиг. Хөдөлмөрийн өдрийн урьдчилгаа гэж авна. Тэгэхлээр хөдөлмөрийн өдрийн хөлсийг чинь бол нэгдэл тэр 70%-ийг нь өгдөг юм. 30%-ийг нь өгдөггүй юм. Жилийн эцэст ухаан нь тэр нэгдэл өнөө орлогоо дүгнээд сүүлийнхээ 30%-ийг өгнө. Тэрнийг нь бас хэрэв нэгдэл дор орчих юм бол өгч чадахгүй л ухаантай юм л даа. Тэгэхдээ өгч чадахгүй байсан тохиолдол байхгүй. Тэгээд сүүлийн 30% гэдэг чинь бас нэг жилийн турш хуримтлагдсан юм болох дээр бас хөөрхөн юм хүрээд очно. За тэгээд өвлийн идэш, одоо хүнсэндээ мал авъя гэвэл мөн мал өгнө. Тэр нь одоо хөдөө аж ахуйн нэгдлүүдэд гишүүдэд өгдөг бас арай хямд төсөр үнэ байна аа. Түүгээр мал өгнө.

Ариун-Ундрах -

Та малтай байсан уу?

Сугар -

Би малтай байсаан. Надад өнөө өрхийн 75 толгой мал гэдгээрээ 75 малтай л байсан. 75 малаа тэр 75 дотроо зохицуулна. 75-аасаа давбал одоо эргүүлээд дээхни үед нь бол нийгэмчилнэ гэдэг байсан. Сүүлдээ бол нэгдэлдээ худалддаг болсон. Ухаан нь манай мал 75 байж байгаад одоо 100 болоодох юм бол би 25 толгой малаа бас тэр үеийн нэгдлийн нэг тогтоосон үнэ байна. Тэр үнээр худалдаад, нэгдэлдээ худалдаад мөнгийг нь авчихна. Иймэрхүү л байсан даа.

Ариун-Ундрах -

Аа нэгдэл тэгээд нөгөө сүү сааль, мах гэх мэтээ боловсруулах уу тэ?

Сугар -

Сүү сааль байлгүй яахав. Өнөө нэг тэр төл малтай айлууд чинь одоо саалиа боловсруулна. Тэгээд нэгдэлдээ бүтээгдэхүүн тушаана. Хурууд, ааруул, шар тос. Тэгэж л тушаана. Нөгөө нэг манай энд чинь одоо сүү боловсруулдаг юм байдаггүй болох дээр сүүгээр тушаах нь бол үгүй. Хурууд, ааруул, шат тосоор тушаана. Мөн тэр тушаасан нь бас..., тэрэнд чинь бас нэг норм, төлөвлөгөө шиг юм өгнө. Тэгээд тушаасан юмандаа хөдөлмөрийн өдрийн хөлс авна шүү дээ. Мал хариулгын гээд авна, өнөө малын үс ноосыг авсны мөнгө гэж авна. Аа сүү сааль боловсруулаад нэгдэлд тушаасны мөнгө гэж авна. Жаахан жаахан юм авсаар байтал хуримтлал овоо болно. Аа мах ч яахав дээ, өвөл нэгдэл чинь бол нядалгаа хийнэ шүү дээ. Зааз малаа нядлана. Аа өнөө малаасаа улсын бэлтгэлд тушаана. Улсын бэлтгэлд тушаасан мал, ноосноос л ер нь нэгдлийн гол орлого нь орно ш дээ.

Ариун-Ундрах -

Та тэгэхээр нэгдлийн нягтлан гэхээр яг ямар ажил хийх үү?

Сугар -

Өө яахав дээ, өнөө данс бүртгэлийнхээ л ажлыг хийнэ. Бүртгэл гэдэг бол их нарийн тэр үед. Тэгээд тэр өнөө нэг олон хүнийхээ л, өнөө малынхаа тоог бодно. За яахав ерөнхийд нь бол. Өнөө олон хүмүүсийн хөдөлмөрийн өдрийн хөлс. Тэр чинь бригадаас гараад л ирнэ. Тэр хөлсийг бодно. Тэгээд бусад байгууллага энэ тэртэй харилцах юу эсэв дээ. Банктай харилцана, бусад одоо албан газруудтай харилцана.

Ариун-Ундрах -

Таниас өөр нягтлан байсан уу?

Сугар -

Байлгүй яахав дээ, олон нягтлангууд байна.

Ариун-Ундрах -

Ээлжээрээ юу? Үгүй юу?

Сугар -

Үгүй ээ үгүй. Сүүлд нь ер нь шатлаад одоо ухаан нь намайг халагдахад, одоо миний дараа нэг хүн ерөнхий нягтлан бодох болох хэрэгтэй болно. Тэгээд тооцооны нягтлан бодох энэ тэр чинь дандаа мэргэжлийн улсууд л байна л даа.

Ариун-Ундрах -

Тэгээд ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгдлийн тухай юу гэж ярих уу?

Сугар -

Тээврийн хэрэгсэл ээ?

Ариун-Ундрах -

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, сонин...?

Сугар -

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол орон нутгийн юунууд бичнэ дээ. Одоо идэвхитэн бичигтэн нар бичнэ. Ер нь тэр сурвалжлагч аймгаас ирээд байна шүү дээ. Аймгийн “Ялалт” сонин гэж тэндээс л голцуу сурвалжлагч улсууд ирдэг юм даа. За тэгээд төвийн мэдээллийг бол голцуу сонингоор авна л даа. Сонин захиалаад. Аа мөн тэр төвөөс бас улсууд яваад ч бас яриа таниулга хийгээд бас мэдээлэл хийгээд явдаг улс чиг бий.

Ариун-Ундрах -

Нөгөө нэг, зарим малчид нөгөө нэгдлээс малаа нуудаг гээд байдаг ш дээ. Тиймэрхүү тохиолдол гардаг байсан болов уу?

Сугар -

Аа анх тэр нэгдэлд элсэхэд үү?

Ариун-Ундрах -

Тийм.

Сугар -

Элсэхэд бас мал нуудаг тохиолдол байдаг. Тийм одоо кино энэ тэр ч бас л байдаг юм билээ. Манай энд тийм юм байгаагүй ээ. Тийм ноцтой юм байгаагүй. Яахав дээ нэг 5 хонь аваад үлдсэн энэ тэр бол чинь байдаг л, байдаг байж болох л юм. Тэр бол нэг их ноцтой юманд тооцогдохгүй.

Ариун-Ундрах -

Яг ард түмний хувьд нэгдэлжүүлэлтийн тухай хоорондоо юу гэж ярьдаг байсан бол? Анх эхэлж байх үед?

Сугар -

Анхан бол нэгдэл гэж сайхан юм л гэж ярьцгаасан даа, нэг хэсэг нь. Тэгээд нэг хэсэг нь нэгдэлд орсон. Тэр талаар ч бас сурталчилгаа ч их явагдсан байх. Тэгээд л нэгдэлд орцгоочихсон юм. Тэгээд нэг их ч яриад байсан юм байхгүй. Тэгээд нэгдэл гэж нэг ийм юм байх. Бид одоо орох ёстой ч гэдэг юм уу юу гэдэг юм. Тэгээд л нэгдэл сүүлдээ бүхнийг хамраад бүгдээрээ нэгдлийн гишүүн болчихсон.

Ариун-Ундрах -

Тэгэхээр миний ойлгосноор нэгдэл өөрөө тийм бие даасан санхүүтэй байх юм байна тэ? Улсаас хараат бус?

Сугар -

Аан улсаас хараат бус. Өөрөө биеэ даана. Улс бол харин юу ч өгөхгүй шүү дээ. Аа зээл өгвөл өгнө өө. Урт, богино хугацаатай зээл өгнө. Тэр бас өндөр хүүтэй. Санхүүгийн талаар тогтож байж чадах юм бол нэгдэл тэндээс зээл авах шаардлага байхгүй. Аа улс бол нэгдэлд туслах юм гэж бол байхгүй. Малаа даатгавал, харин мал зудад их үхвэл нэг даатгал өгдөг юм. За тэгэхээс өшөө улс чинь бол янз бүрийн өнөө татвар түрээсээ авна шүү дээ. Албан татвар авна.

Ариун-Ундрах -

Тэр нь ер нь нэгдэлд хэр их дарамттай байсан бол?

Сугар -

Тэр улсаас оногдуулж байсан, нэгдэлд оногдуулж байсан татвар бол манай нэгдлийн хувьд тийм их дарамт байгаагүй ээ. Нилээн их мөнгө төлнө. Тэгэхдээ тэр дарамт болж байгаагүй.

Ариун-Ундрах -

Нөгөө нэгдэл тарсан тухай та ярьж өгөхгүй юу? Яг яаж байгаад тарсан бэ?

Сугар -

Хэн мэдэх вэ. Нэгдэл гэдэг нэг биш л гээд энэ чинь энэ хүлээн авагчаар л ярьдаг л байсан. Тэгэж байгаад нэгдэл тарлаа л болсон. Би тэр үед яг одоо тэтгэвэртээ гарч байсан болоод ер тэр юмнуудыг сонирхоо ч үгүй. Аан харин хувьцаа гээд л нэг их олон мал өгсөн, надад. Тэгээд тэр олон мал чинь одоо бас хэцүү юм билээ. Таван хошуу малыг чинь адуу тэмээгээ ч авч байж чадахгүй. Цөөн бага малаа тэр хонь ямаа нь бол яахав дээ аваад байж болох. Бод малыг бол авч болохгүй. Тэр нутаг нутагтаа өнөө нэг ижил сүргүүддээ гүйгээд явчихдаг. Тийм л юм билээ. Тэгээд баахан малтай л болсон доо. Тэгээд малаа тэр заримыг нь тэр сууриудад буцааж барьж өгөөд ийшээ тийшээ болгоод л, үрээд л тэгээд малаа ч бас. Тэр бод малаа бол тэгээд ер нь үрэн таран хийсэн. Тэгэхдээ нядлаад хядаад байсан юм байхгүй. Дотроо одоо наашаа цаашаа мал хуйгаар сольдог юм уу, барьдаг юм уу тэгэсгээд л.

Ариун-Ундрах -

Та ер нь нийт хичнээн мал авсан бэ?

Сугар -

Хичнээн мал авсан бэ?

Ариун-Ундрах -

Тийм. Хувьчлахад.

Сугар -

Би одоо тэрнийгээ сайн санахгүй байна. Ер нь олоон мал авсаан. 100 гаруй мал л авсан байх.

Ариун-Ундрах -

Тэр мал хувьчлал ер нь ямархуу болсон гэж танд санагддаг вэ?

Сугар -

Яахав тэр хөдөө аж ахуйд ажилласан жилээр нь одоо хувьцаа гаргаж байгаад тэгээд л малаа хувилаад өгсөн байх л даа. Тэгээд тэр яахав дээ. Тэгээд нэг л баахан малтай, гэнэтхэн л баахан малтай л болцгоочихсон. Зарим нь ч бол тэгээд тэрнийгээ өсгөөд үржүүлээд аятайхан аваад явсан л байх. Зарим нь үрж тараад, алдаж оноод тэгээд л.

Ариун-Ундрах -

Тэр нэгдлийн машин, байшин сав гэх мэтчилэн зүйлүүд байгаа ш дээ?

Сугар -

Аан.

Ариун-Ундрах -

Тийм зүйлүүдийг нь яаж хувьчилсан юм бол?

Сугар -

Аа тэрнийг чинь мөн л тэр өнөө нэг хувьцаандаа оруулаад л хувьчилсан байх.

Ариун-Ундрах -

Хувьцаанд оруулна гэхээрээ яг яах уу?

Сугар -

За одоо тэр нэгдлийн гишүүдийн ажилласан жилээр нь ч юм уу тэгээд хувьцаа гэж гаргаад л. Тэрүүнд нь үнэнд нь багтуулаад л өгсөн дөө. Өнөө машин трактор энэ тэрийг эзэмшиж байсан улсуудад нь тэр хувьцаа нэрийдлээр тэгээд тэгээд л өгцгөөсөн. Аа хашаа худаг нь бол тэр сууриуддаа. Тэгэхдээ нийтийн эзэмшлийн журмаар өгсөөн. Нэг хүнд одоо нэг их найр зааж өгөөд байсан юм нь гайгүй л байх. Зарим нь найр заагаад авсан болсон л байдаг байх. Тэгээд тэр хашаа худаг чинь өнөө эвдээд л одоо дууссан шүү дээ. Нэгдлийн байгуулсан олон хашаа, худаг чинь одоо худаг нь ч яахав нурдаг л юм байгаа биз. Хашаагаа эвдээд, мод чулууг нь аваад. Тэр олон өрөмдмөл худаг хаа яагүй байлаа. Тэрнийг чинь одоо байшин энэ тэрийг нь буулгаад, тэгээд л ер нь хөрөнгө эзэнгүйдсэн дээ. Малаас бусад нь бол эзэнгүйдсэн ер нь.

Ариун-Ундрах -

Та тэр нэгдлийн тэрэг барьдаг гэсэн. Ямар машин барьдаг байсан юм?

Сугар -

Өө би тэр ачааны тэрэг ч барьж байсан. Усны тэрэг, систер ч барьж байсан... Аа цаг хүндэрсэн үед малчдад ус зөөж өгнө. Өнөө төл мал энэ тэр услах барих. Аа ачааны тэрэг ч яахав дээ тэр сууриуддаа өвс тэжээлээ хүргэнэ. Аа байж байгаа тэр сууриудаар чинь одоо тойролт гээд ингээд явна шүү дээ. Мал аж ахуйн мэргэжилтэнгүүд, тэгээд агент, одоо худалдаа энэ тэртэй. Тэгээд тэгээд суурь болгоноор тойроод машинаар явдаг юм. 10-аад хүн явна. Малын эмч явна, хүний эмч явна. Агент явна, бараа таваараа аваад. Тэгээд малчиддаа туслаад. Ухаан нь үгүй дутууг нь хүргэж өгдөг. Бас тэрүүндээ мэдээлэл, урлаг тийм юмаар давхар үйлчилнэ ш дээ.

Ариун-Ундрах -

Бас уу?

Сугар -

Тийм. Мэдээлэл өгнө.

Ариун-Ундрах -

Урлаг гэхээр яах уу?

Сугар -

Аа яахав дээ, бас нэг дуулж хуурдах улсууд байна. Уран сайханчидаас хөдөө очоод бас нэг айлд, нэг суурь дээр нэг дуу хуур болоод өнгөрнө. Бас тэр нь тэр хөдөөнөө бол аятайхан л юм байх шиг байдаг юм.

Ариун-Ундрах -

Та тэр жолооч болоход ер нь жолоо барья гэсэн зорилготойгоор яасан уу? Ер нь яагаад тэр жолооч мэргэжлийг...?

Сугар -

Би ер нь нэг жолооны курст тэр цэргийн газар байхдаа жолооны курст сууж байгаад тэрнийгээ дутуу хаясан юм болох дээр. Жолооч гэдэг чинь тэр үед мэргэжил байлаа. Тийм учраас би бас нэг давхар мэргэжилтэй болъё л гэж зорьсон юм даа.

Ариун-Ундрах -

Тэр нь тэгээд хэрэг болсон байна тийм ээ?

Сугар -

Хэрэг болсон.

Ариун-Ундрах -

Та сая цэрэгт явсан гэсэн. Тэр тухайгаа ярьж өгөх үү? Хаана цэргийн алба хаасан бэ?

Сугар -

Улаанбаатарт цэргийн алба хаасан юм аа. Би нэг жил гаруйхан хаасан. Тэгээд яахав нэг хөгшин эхтэй байсан ар гэрийн гачигдлаар гээд халагдаад. Тэр халагдсанаасаа болоод өнөө жолооныхоо сургуулийг төгсөж чадаагүй гарчихгүй юу. Үнэмлэхээ авч чадаагүй гарчихсан.

Ариун-Ундрах -

Тэр үед 3 жил байсан тэ?

Сугар -

Тэр үед 3 жил байсан.

Ариун-Ундрах -

Цэргийн албанд ер нь тэгээд хүн болгон явдаг байсан уу?

Сугар -

Цэргийн албанд хүн болгон явна аа.

Ариун-Ундрах -

Тэгээд. Хоёулаа таны ерөнхийдөө ажлын тухай л ярих ёстой л доо, өнөөдөр. Тэгээд тэр социализмын үед хүмүүс ажилд яаж ханддаг байсан бэ?

Сугар -

За яахав мал маллаж байгаа улсууд бол маш их хүндрэлтэй. Бас нэг жаахан үглэх барих юм байна л даа. Одоо мал олон байна ч гэх юм уу? Мал олон байна л гэж ярина даа, голдуу. Аа зүгээр тэр нэгдлийн одоо захиргаа аж ахуйн албан хаагч тэрүүгээр бол үглэж орилсон тийм юм байхгүй. Ер нь тэгээд ажилдаа маш мундаг хариуцлагатай хандана шүү дээ. Ердөө ажлын хариуцлага гэдэг тэр л үед байлаа. Цаг яс барина. За тэгээд л хөдөө энэ тэр явах тийм л бол одоо тэр нэгдлийн удирдлагаас юу л гэвэл тэгнэ. За тэгээд хүн бүл муутай газрууд дээр, сууриуд дээр ямааг нь самнаж өгнө. Хонийг нь хяргаж өгнө. Хашааг нь барьж өгнө. Өвөл их өвөлжилт хүндрээд хашаа хороо нь одоо мал байхын аргагүй хөлдөж барьчих юм бол тэр сумын төвөөс бригад болж очоод өнөө төвийн албан хаагчид чинь тэгээд тэр айлын хашаа хороог янзалж өгнө.

Ариун-Ундрах -

Таны бодлоор одооны хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?

Сугар -

Аа мэдэхгүй. Энэ ажлын хариуцлага гэдэг юм сулхан л юм шиг л байна гэж л би санадаг юм даа. Одоо ч ажиллах өдөр нь ч цөөхөн юм. Ажиллаж байгаа хүн нь ч бас цөөхөн юм. Тэр үед чинь одоо хүн болгон ажилтай байсан болох дээр ажилладаг хүн гэж олон байна. Одоо бол нэг төвийн хэдэн албан хаагч, багш нар, одоо захиргаа, эмнэлэг гэсгээд л байх шив дээ.

Ариун-Ундрах -

Социализмын үед ажилд орох процесс нь ямархуу байсан бэ?

Сугар -

Ажилд ороход юу гэнэ ээ?

Ариун-Ундрах -

Ажилд орох процесс нь?...

Сугар -

Ажилд ороход чинь ер нь бараг... Юу шүү дээ. Ажлыг бол гуйж явахгүй шүү дээ. Яахав дээ ажилд оръё гэсэн санал энэ тэрээр ажилд орох байна л даа, ажилд орно л доо. Тэгэхдээ ер нь нэг ажилгүй хүн байж байна гэхэд тэрнийг бол ажил хийлгэхийг дээрээс нь шаардана. Захиргаа одоо нэгдэл захиргааны байгууллага шаардана. Тэр нэг зүгээр одоо байж болохгүй.

Ариун-Ундрах -

Аан одоо бол ажилд яаж орж байх шиг байна?

Сугар -

Одоо бол яахав дээ, ажил хийнэ үү? Одоо хийх ажил их байна. Хийж байгаа хүн ер алга. Цөөхөн байна. Голцуу л одоо амьдрал ядруу байна л гэж үглэхээс өөр ажил хийхгүй байна ш дээ. Одоо ажил хийх юм бол дээр үетэй адилгүй. Ажлын байр ч одоо байна. Тэгээд цалин хөлс ч өндөр байна. Ер нь боломжтой л юм шиг байх юм. Ажил хийхгүй л байх шиг байх юм, энэ улсууд. Хөдөө аж ахуй энэ тэрт бол хүн хүч хэрэгтэй л байдаг байх. Мал маллах сонирхол алга, энэ улсад. Одоо хөдөөний малчид бол өнөө нилээн чинээлэг нэг нь малаа дийлэхгүй, малчин энэ тэр авмаар л байдаг байх. Тэгээд л энэ тэндээс нэг хэдэн хүн 1-2 хүн олж ирээд л мал маллаж байгаад нэг ганц хоёр сар болоод тэр нь буцаад явчих жишээтэй. Тиймэрхүү л байх юм даа.

Ариун-Ундрах -

Та яагаад заавал нягтлан гэдэг мэргэжлийг сонгох болсон бэ?

Сугар -

Хөдөө аж ахуйд, нэгдэлд элсэх дээр зэрэг тэр үед яахав дээ өнөө барааны нярав хийж байсан бас нэг тоо сампин боддог. Бас нэг бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэрнийг харгалзаад манай өнөө нэг нэгдэлжсэн улсууд маань Сугарыг нягтлан бодох болгоё гэдэг юм байна.

Ариун-Ундрах -

За.

Сугар -

Тэгээд нягтлан бодохоор одоо сонгоно ч гэдэг юм уу, томилно ч гэдэг юм уу тэр хурлаар тэглээ шүү. Тэгэх дээр зэрэг би тэр өнөө цөөн өрхийнхөө санхүүг барих хэрэгтэй болно биз дээ. Малынхаа тоог бодно. Аймгийн хөдөө аж ахуй удирдах газар тэр нэгдлээ төлөөлнө, одоо. Тэгээд л нягтлан бодох болчихсон доо.

Ариун-Ундрах -

Та тэгээд ажилдаа дуртай байсан уу?

Сугар -

Өө дуртай байлгүй яахав. Ажилдаа бол гайгүй дуртай байсан.

Ариун-Ундрах -

Таны ажилд хандах хандлага ямар байсан бэ?

Сугар -

Аа тэр үед хүмсүүдийн үү? Миний өөрийн үү?

Ариун-Ундрах -

Таных?

Сугар -

Аа ажилд хандах хандлага ер нь бол одоо тэр үеийн улсууд чинь цаг яс барина. Ер нь ажилд одоо яс л ажиллана шүү дээ. Тэрүүний л одоо нэгэн адил. Түүнээс гажиж зөрөх юм байхгүй. Цагаа баримтлана. Цагтаа ажлаа хийнэ. Ажлыг хариуцлагатай одоо сайн хийх хэрэгтэй. Тэгээд ер нь өөрийн бие даасан тэр нэг аж ахуй гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэрнийг одоо тэрүүний санхүүг барина гэдэг, тэр мөнгө цаасыг одоо, мөнгө төгрөгийг одоо гамтай зарцуулах. Тэр өнөө төлөвлөгөө ёсоор тэрнийг чинь зарцуулна. Оруулах орлогоо одоо сайн оруулах хэрэгтэй. Мал аж ахуйгаас орох тэр өнөө худалдаа бэлтгэлийн ангид тушаагаад мах, ноос, сүүний орлого байна. Тэрнийгээ одоо сайн оруулах хэрэгтэй болно ш дээ. Тэгэж л байж одоо маш хариуцлагатай ажиллахгүй л бол нэгдлийн санхүү уначихна шүү дээ. Тэгэхлээр тэр үеийн нягтлан бодохууд ер нь тэр манай аймагт миний үеийн нягтлан бодохууд бүгдээрээ хариуцлагатай мундаг л ажиллаж байсан даа. Нэгдлүүдээ нийгэм болгох... Аа тэр үед бол одоо гаднаас энэ тэндээс юм хум авч болохгүй. Ердөө л улсын байгууллагатай л харьцана. Тэгэхээс өөр одоо нэг хувь хүнээс нэг юм худалдаад авах юм уу, нэг хувь хүнээс өөр нэг нэгдлээс нэг юм авчихсан барьчихсан байх юм бол бөөн хэл ам. Тэгээд л тийм юмыг бол үзэхгүй. Зөвхөн тэр хангамжийн газраас юм уу, нэг бол хөдөө аж ахуйн хангамжийн газруудаас л юм авч л байж. Өөр газраас юм авахын арга байхгүй. Нэг тоног төхөөрөмж хувь хүнээс авна энэ тэр гэсэн ойлгоц бол байхгүй шүү дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тэр үеийн нэгдлийн дарга ажилчдын хоорондын харилцаа ямар байсан бэ?

Сугар -

Хоорондын харилцаа яахав дээ. Тэр албархуу тийм харилцаатай. Тэгэхдээ тэр тийм найрсаг гэж хэлж болохгүй. Ердөө албан ёсны л харилцаатай. Албан ёсны л харилцаатай. Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг л байна. Тийм найрсаг одоо тиймэрхүү найраа энэ тэрийн тийм юм бол байхгүй.

Ариун-Ундрах -

Та тэр ажлын хамт олныхоо тухай ярьж өгөхгүй юу?

Сугар -

Хамт олон бол өөр өөрсдийнхөө л одоо өмнөө тавьсан, өмнөө байгаа тэр гүйцэтгэвэл зохих үүргээ л гүйцэтгэнэ шүү дээ. Өшөө илүү дутуу юм байхгүй. Тэрнийгээ л хангалттай сайн гүйцэтгэх хэрэгтэй. Ердөө л зорилго нь тэр. Тэгээд нэгдлийн тэр хамт олон бол их эвсэг байдаг юм аа.

Ариун-Ундрах -

Тэр үед нөгөө социалист уралдаан гэж болдог байсан уу?

Сугар -

Социалист уралдаан гэж байна аа. Социалист уралдаан, социалист хөдөлмөрийн одоо сайчуул энэ тэр гээд тодруулна шүү дээ. Социалист уралдаан гэдэг бол яахав тэр ажил, хөдөө аж ахуйн өнөө гүйцэтгэх ажлаа л төлөвлөгөөтэй, одоо нэмүү төлөвлөгөөтэй гүйцэтгэх л тийм зорилт тавина.

Ариун-Ундрах -

Нэгдлүүд хоорондоо уралдах уу?

Сугар -

Нэгдлүүд хоорондоо бол нэг социалист уралдаан гээд уралдаад байх юм нэг их юм байдаггүй юм аа. Ер нь нэгдлүүдийг бол тэгээд байр эзлүүлсэн л байдаг юм. Хамгийн гол нь бол мал өсөлтийг харна. Мал өснө, төл бойжуулах, мал өсөх. Мал нь өсөж үү, үгүй юу? Тэр үеийн ажлын гол дүгнэлт чинь бол мал өссөнөөр л дүгнэнэ шүү дээ. Аймгийн даргыг ч тэр, нэгдлийн даргыг ч тэр мал нь өссөн л байвал одоо тэр сайн.

Ариун-Ундрах -

Нэгдлээс тийм олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах уу?

Сугар -

Нэгдэл бол яахав дээ, өнөө хөдөө аж ахуйн нэгдэл ердөө мал аж ахуйн нэгдэл, манай говийнх бол. Тэр мал аж ахуйнхаа л үйл ажиллагааг л. Тэрүүндээ туслах зорилготой туслах үйлдвэр байна. Тэр л ажиллагаагаа зохион байгуулна. Одоо малыг онд мэнд оруулахаас өгсүүлээд л тэгээд л малын хээлтүүлэг, төл бойжуулалт. За тэгээд малын ашиг шимийг ашиглах. Энэ л хэдэн зорилт доо.

Ариун-Ундрах -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Сугар -

Ямар юм нь байхав дээ.

Ариун-Ундрах -

Гол бахархдаг зүйл?

Сугар -

Энэ хөдөө аж ахуйн нэгдэлд би олон жил ажиллалаа. Тэгээд л аятайхан ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо миний тэр бол нэг ёсондоо аятайхан амьдарч байсны бахархал л юм л даа.

Ариун-Ундрах -

Эсрэгээр нь таны жигшдэг зүйл юу вэ?

Сугар -

За ямар юмыг жигшээд байхав дээ, ер нь одоо. Ер нь нэг одоо бол би жигшинэ гэхэд хаашаа юм. Энэ ажилгүй, хүн ажил хийх дургүй тийм юм нэг жаахан дорой харагдаад байна. Худлаа ажилгүй байна, амьдрал дорой байна л гэж ярихаас өөр амьдралын төлөө тэмцэхгүй. Төр засгаасаа мөнгө нэхсэн тиймэрхүү хандлагатай тийм л байх юм. Тэрнийг бол би нэг их сайхан юм гэж санадаггүй л юм. Жигших нь юу вэ, зүгээр. Ер нь одоо бол юм элбэг дэлбэг байна. Хүн ажиллахын бол, тэр эх орны дайн үе, миний бага нас энэ тэртэй адилгүй. Одоо бол юм болгон элбэг байна шүү дээ. Зүгээр халгиж цалгиж байна. Энүүн дунд ажиллавал л одоо тэгээд амьдрал байна. Тэгээд ажилд л их хойрго байгаа юм уу л гэж санагддаг юм даа. Зарим улсууд. Зарим нь ч яахав дээ, ажилтай мундаг л байна даг. Ажилд дургүйгээсээ болоод л ядуурал бий болж байх шиг байна даа гэж санадаг юм. Урд бидний үед бол гурил будаа, сахар ёотон нүдний гэм байлаа. Олдохгүй, юу ч байхгүй шүү дээ. Та нар бол одоо мэдэхгүй тэрнийг. Эх орны дайны үе гэдэг чинь тийм. За тэгээд фронтод одоо бас тэр хэдэн малаасаа өөцөлж барьж одоо юу л өнгөтэй өөдтэйгээ фронтод одоо туслана. За тэр үеийн тийм хөдөлгөөн байлаа. Тэгэхээс өөр албадаад ч байсан юм байхгүй. Тэгэхдээ хөдөлгөөн гэдэг чинь одоо нэг нийтээрээ нэг дарвичихдаг тийм. Тэгээд фронтод морио бэлэглэнэ, мал бэлэглэнэ. Одоо нэхий хурганы арьс болсон л бэлэглэж байсан. За тэгээд сүүлдээ бол тэр 1950-иад оны үеэс манай улс чинь ер нь бас дэгжлээ дээ. Харсаар байтал дэгжсэн. Өнөө урдын ядуурал тийм юм чинь байхгүй болсон. Хүн ам ч одоо олон өссөн. За тэгээд нэгдэл байгуулаад бол манай улс бол бас эрс өөр дэвшил гарсан гэж санадаг юм, би. Аа одоо бол хүний малыг албадаад хурааж аваад л тэгээд л аашилж загнаад захиргаадаж байсан юм л ярьж байх шиг байдаг юм. Тийм биш ээ. Тэр чинь нэгдэл чинь эхлээд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан. Тэгээд сайн дурын үндсэн дээр хоршоолсон улсууд хөрөнгөө нийлүүлж байгаад өсгөөд тэрүүнээсээ эргүүлж идээд байсан. Улсаас ямар ч одоо татаас байгаагүй шүү дээ. Өөрийнхөө тэр нийгэмчилсэн хөрөнгө, тэр л малаа л эргүүлж л тэрүүнээсээ л иднэ, тэрүүнээсээ л цалинжина. Тэгэж байсан. Одоо бол улсаас татаас одоо юм бүхнийг нэхээд л байна л даа гэж л санагдаж байдаг юм. Тэр үед бол тэр бие дааж амьдарч байсан нь бол одоо нэг бахархал юм даа.

Ариун-Ундрах -

Тэр нэгдлээс бүүр өмнө нэг хамтрал коммун гэж бас нэг юм байсан уу?

Сугар -

Коммун хамтрал бол намайг төрж байх үед байжээ. Тэр бол яахав дээ, мөн нэг тэр хөдөө аж ахуйн одоо хоршоолол гэдгээ нөгөө буруу зохион байгуулсан л юм байлгүй дээ. Тэр нь одоо нөгөө баячуудын малыг хурааж аваад ядуучуудад өгөөд тэгсэн шиг байгаа юм. Ядуу улсуудыг бөөгнүүлээд коммун гэж байгуулаад. Тэгээд өнөө баячуудын улсуудыг бөөгнүүлээд өгөхлөөр, өнөө ажил хийдэггүй ядуу нэг хэдэн юманд хүний хөрөнгийг аваачиж өгөхлөөр чинь алж идээд л суудаг юм байна л даа, тэр.

Ариун-Ундрах -

Ажил хийхгүй юу?

Сугар -

Ажил хийхгүй, алж идээд л. Өнөө нэг хөрөнгийг нь ч арвижуулж өсгөсөн юм ч байхгүй үрэн таран хийгээд. Тэгээд ирэх дээр зэрэг тэр коммун гэдэг бол тэгээд тарсан байх, хурдан тарсан байх аа тэр. Нэгдэл гэдэг бол тэр коммун гэдгээс өөр юм аа. Ер нь тэр ардын үйлдвэрлэлийн нэгдэл энэ тэр гээд л ном энэ тэр дээр бичээд тэгээд л байдаг. Би ч огт мэддэггүй л байсан. Тэгэж байтал манай нилээн сэхээтэн хэсгүүд нь нэгдэл гэж одоо их сайхан юм байна. Нэгдэлд орж л одоо хоршвол, хоршиж хөдөлмөр хийвэл л одоо дэвшил гарах нь гэж хэлэлцдэг байсан. Тэгээд л нэгдэл байгуулагдсан даа. Нэгдэл ч үнэхээрийн одоо энэ 1960-1970-аад оны үед бол дэвшил авчирсан шүү. Улс маань одоо өнөө бэлтгэл гэж одоо ярина аа даа. Улсын бэлтгэлүүд, одоо төвлөрсөн хэдхэн газраас нэгдлүүдээс л авчихна шүү дээ. Улсын бэлтгэлийн малыг, тэр өнөө мах, ноос, сүүгээ нэгдлүүдээс чинь ингээд бөөн бөөн аваад л. Улсдаа ч их ашигтай. Одоо бол яахав дээ, өнөө нэг л зах зээлийн эдийн засаг, одоо ченжүүд гэдэг төлөөний жижиг наймаачид яваад тэрүүнээс л дамжиж одоо цаашаа явж байх шиг байна. Улсын төвлөрсөн бэлтгэл энэ тэр гэж юм алга л байна л даа. Улс өөрөө юм олж авч чадахаа байсан юм шиг байна л даа. Яахав татвар жаахан авдаг биз.

Ариун-Ундрах -

Тэр бүр анх нэгдэл байгуулъя гэж нөгөө төрийн өндөрлөгүүдээс ямар ямар хүмүүс ярьж эхэлсэн юм бол?

Сугар -

Өө яахав дээ, тэр үед чинь өнөө Марксизмыг бид нар дээдэлж байсан цаг үе. Тийм учраас ер нь тэр хоршоолол гэдэг Лениний хоршооллын төлөвлөгөө гэж ном байдаг. Одоо тэгэхлээх Ленинийг тахин шүтэж байсан үе юм болохлоор Лениний хоршооллын төлөвлөгөө гэдгийг л үндэс болгож л хөдөө аж ахуйн нэгдэл. Тэр л одоо нэг гарынх нь авлага ч гэдэг юм уу, одоо онолынх нь ном нь тэр л болж байсан байх. Аа тэгээд тэр үед бол намын төв хороо, засгийн газраас л энэ хөдөө аж ахуйн нэгдлийг чинь л зохион байгуулсан эд л дээ, ер нь. Тэгэхдээ нэг их албадаад байгаагүй. Ер нь тэр гарах нь бол төв хороо л хийсэн ажил. Төв хорооноос л одоо бүх юм төв хорооны тогтоолоор явна шүү дээ. Төв хорооны улс төрийн товчооны тогтоол л одоо явж, тэр тогтоолын үндсэн дээр хууль дүрэм гарна. Аа тэрнийг бол тэр амьдралд тэгээд доошоо аваачаад мөргөдөг. Тэгэхлээр хөдөө аж ахуйн нэгдлийг тэр анхан байгуулагдаад бас ово болоод, тэр 1950-н хэдэн оноос эхлээд нилээн сүртэй хөгжиж ирсэн. Тэр үеэс нилээн энэ төр засаг ч одоо янз бүрийн хууль дүрэм боловсруулж гаргаад, янз бүрийн одоо тийм заавар, чиглэл тиймэрхүү юмнууд бол дээрээсээ их гаргасан л даа. Одоо хөдөө аж ахуйн нэгдэл ямар байх юм, ямар үйл ажиллагаа явуулах юм, дотоод дүрэм журам нь ямар байх юм гэдэг чинь дандаа дээрээс одоо боловсруулсан төслөөр, тэр төслийг л одоо өөрсдөө нэгдэлд авч хэрэгжүүлээд л өөрсдөө дүрэмтэй, журамтай нэгдэл чинь. Тэр дүрэм журам гэдгийг тэр дээрээс гарсан тэр юуг үндэслэсэн. Тэгээд өөрийнхөө нөхцөл байдалд жаахан жаахан өөрчилнө л дөө. Тиймэрхүү л байсан.

Ариун-Ундрах -

Тэр... Та яг ажиллаж байх үедээ өөрийнхөө ажил, хувийн амьдрал хоёрыг яаж зохицуулж байсан бэ?

Сугар -

Хувийн амьдрал, ажил хоёр яахав дээ. Хувийн амьдрал чинь одоо тэр авч байгаа цалин хөлс, мөн би нэгдлийн гишүүний нэгэн адил одоо миний үндсэн цалин 500 ч байдаг юм уу, тэрүүнийхээ 70%-ийг нь авна. 5х7=35 350-ийг авах нь уу? Ингээд л одоо тэр цалингаараа амь зуугаад л тэгээд л явна шүү дээ би. Аан хувийн тэр хэдэн мал бол бас надад нэмэр болно. Тэр авч идэхээ одоо өөрийнхөө нэгдлээс хэрэглэнэ. Одоо тэр мах, сүүгээ бол нэгдлээсээ хэрэглэнэ. Одоо худалдаж аваад л. Аа тэр хуурай хэрэглээ энэ тэр гэдэг бол тэр яахав тэр үед хоршоо гэж байсан. Одоо тэр худалдааны системээр бүх хүн хангагдана даа. Тэгээд ер нь ажлыг чинь өдөр шөнөгүй хийнэ шүү дээ. Тэр данс тооцооны ажил бол нүсэр их. Жилийн эцсийн тайлан энэ тэрээр бол ер нь шөнөд бага унтана. Одоо тэр илүү цаг суулаа гэж үнэрхэх юм байхгүй. Илүү цагийн хөлс энэ тэр гэдгийг тийм нэг нягтлан бодох энэ тэрт бол өгөх ч үгүй. Өгөх ёс ч үгүй, тийм дүрэм ч байхгүй. Тэр ажлаа л амжуулахын тулд, ажлаа хурдан гүйцээхийн тулд дараа оны ажлын төлөвлөгөөг хийнэ, энэ оны тайланг гаргана. Жилийн эцэс энэ тэр, улирлын эцэс энэ тэрт бол нойр хоолгүй сууна даа, ажиллана. За тэгээд амьдрал бол яахав дээ тэр цалин авчихна. Тэр цалингаараа амь зуугаад, тэр хөдөө аж ахуйгаар хэдэн малаасаа ч бас хааяа нэг ганц хоёрыг иддэг юм уу яадаг юм. Тэгэж ингээд л амьдрал бол болоод байна. Юм бол мөнгө нилээн үнэтэй, мөнгөний худалдан авах чадвар сайн. Юмны үнэ бол харьцангуй тийм өндөр биш. Тийм байсан шүү дээ. Одоо гурил гэхэд л 1 төгрөг, 2-р гурил 1кг нь.

Ариун-Ундрах -

Ер нь гэр бүлдээ хэр их цаг зав зарцуулах уу?

Сугар -

За манай гэр бүл би ч одоо олон хүүхэдтэй. Гэр бүл одоо хүүхэд өсгөхийг манай авгай л өсгөсөн дөө. Би бол яахав дээ, тэр ажлынхаа завсраар гэр бүлдээ бол анхаарал тавилгүй яахав. Идэж уух, өмсөж зүүхийг нь ойртуулна. Тэгээд хүүхдүүд өснө. Олон хүүхэдтэй хүнийг чинь тэр үед харж үзнэ, бас. Хүүхдийн мөнгө гэж өгнө. Тэр хүүхдийн мөнгө бол маш их нэмэр болно. Хүүхэд өсөөд л байх тусам нэг хүүхэд төрөхөд хэдэн төгрөг ч билээ нэмэгдээд л байна. 450 ч бил үү, 350 ч бил үү? Жилийн 400 төгрөг гэдэг чинь бол их мөнгө байна шүү дээ. Тийм учраас тэр олон хүүхэд төрүүлж л байна. Тэрүүнд мөнгө ирж л байна. Бас өөрөө цалин хэрэглээ авч л байна. Тийм учраас тэр санхүүгийн хувьд гачигдаж байсангүй, гайгүй. Хүний эдэлдэгийг эдлээд л, өмсдөгийг өмсөөд л, иддэгийг идээд л тэгээд л... Аа тэр ажил хийхэд бол тэр цагийг яс баримтлана. Цаг баримтлахгүй хүн гэж ерөөсөө байхгүй дээ. Тэр үед чинь өглөө эрт ажилдаа очихын өмнө сонсголд сууна. Сонсгол гэдэг чинь одоо нэг талын мэдээлэл авч л байгаа юм. Тэр дарга нар одоо мэдээлэл өгч ярина. Тэр орон нутагт болж байгаа ажлынхаа тухай ярина. Одоо юу хийх энэ тэр тухайгаа тэр сонсгол гэдгээр ярина. Бүх улс цуглаад. За тэгээд 5 дахь өдөр тутам бас оройдоо ажил тарсны дараа лекц гэж байна. Тэр лекц бол одоо тэр суртал нэвтрүүлэгч, одоо мэдээлэл өгнө дөө. Улс оронд болж байгаа, олон улсад болж байгаа үйл явдал энэ тэрийг ярьдаг тиймэрхүү юм байна. Тэгээд тэрүүн дээр сонин хэвлэлээс мэдээллээс авна. Сонин голцуу “Үнэн” сонин доо. “Үнэн” сонин, “Залуучуудын үнэн” энэ тэр гээд нилээн хэдэн төрлийн хэвлэл байсаан.

Ариун-Ундрах -

Сонингууд орон нутагт бол ер нь хугацаандаа ирэх үү?

Сугар -

Аа шуудангаар ирнэ. Хугацаандаа ч юу байхав. 7 хоногт 2 удаа шуудан явна. Ер нь тэгээд тэр сонин бол яахав хот суурин газартай адилгүй ч гэсэн нэг 2-3 хоногийн дараа ирээд байна ш дээ. Ирээд байна.

Ариун-Ундрах -

Тогтмол уу тэ?

Сугар -

Сонинг одоо яг авчирна. Тэр үед чинь тэр хэвлэл тараах..., өнөө нэгдэл чинь хэвлэлээ хүмүүстээ тараана. Хэвлэл тараагч байна. Хөдөө сууриудад тэр сонин чинь мөн дороо л тэгээд янз бүрийн шугамаар, заримыг нь ч биеэр хүргэж өгнө, заримыг нь ч хүнээр дайгаад явуулчихна гэх мэтээр хэвлэл бол тараад л байна. Мэдээлэл бол тийм муу биш шүү.

Ариун-Ундрах -

Ер нь тэгээд тэр үеийн хэвлэл мэдээллээр хэр их үнэн бодитой мэдээлэл цацдаг байсан бол?

Сугар -

Тэр үеийн цаг үеийнхээ л юмыг мэдээлнэ дээ.

Ариун-Ундрах -

Одооных шиг худлаа юм цацах уу?

Сугар -

Одоогынх шиг одоо тийм нэг элдэвийн юм бичээд байхгүй. Одооны мэдээллийг би худлаа гэж хэлэхгүй л дээ. Зүгээр одоо бол мэдээлэл чинь элдэвийн юм бичнэ шүү дээ. Янз бүрийн юм бичнэ. Зарим нь худлаа ч юм байж мэдмээр юм байна. Тиймгүй зүгээр ажлын төлөө л бичээд байна. За яахав, тэр нэг ЗХУ-ын тусламж энэ тэр гээд Зөвлөлтийнхөө юмыг арай түлхүүшүү хийнэ. Тэгээд Монголдоо болж байгаа сайн юмыг түлхүү гаргаж, түлхүү тавьж мэдээлнэ. Муу юмаа харин нилээн хаалттай шүү. Одоо бол чөлөөтэй байна. Одоо тэнд нэг тийм муу юм болжээ гэхэд бид мэдэхгүй шүү дээ. Тиймэрхүү жишээтэй л.

Ариун-Ундрах -

Тэгээд таныг ажиллаж байх үед чинь хамгийн тийм хэцүү бэрхшээлтэй үеүд нь юу байсан бэ? Ямар ямар зүйлүүд байсан бэ?

Сугар -

Одоо хамгийн мундаг бэрхшээл цаг агаар л байна даа. Одоо гандана. Гандаад өвс ургамал ургахгүй бол өнөө муусайн мал чинь муудчихна. Одоо зуд болно. Одоо их цас дарчих юм бол өнөө муусайн мал муудна. Мал тарга хүчээ аваагүй байж байгаад сүүлдээ муудаад үхэж барина. Тийм учраас чинь нягтлан бодох хүний хийх гол юм чинь өнөө л ирж байгаа өвс тэжээл, тэрүүний тооцоог хийнэ, тэрүүний тээврийн хөлсийг төлнө, үнийг нь төлнө. Өнөөх л санхүүгээсээ. За тэгэж очоод яана даа. Хөдөө өнөө өвс тэжээлээ тооцоотой тараана шүү дээ. Өнөөх сууриудаараа тараана. Тиймэрхүү л юм хийнэ шүү дээ. Тэгээд малаа даатгуулна, улсад даатгуулна. Тэрнийг чинь одоо нягтлан дуудаж байж л даатгалаа хийнэ. Даатгалын байгууллагатай гэрээ хийгээд даатгуулна. Даатгалд их хэмжээний мөнгө төлнө. Аа мал үхвэл тэр даатгалын мөнгийг хэд нугалаад ч болсон ингээд эргүүлээд авчихна. Мөн даатгал өгнө шүү дээ. Аа мал үхэхгүй бол тэр даатгалын мөнгө тэгээд л сул тэр улсын даатгалынхаа газар ороод явчихна. Тэр үеийн даатгал чинь улсын даатгал. Тийм учраас улсад даатгуулна. Одоо бол даатгалын олон компаниуд байдаг юм шиг байна даа.

Ариун-Ундрах -

Тэр бэрхшээлүүдээс яг та тийм нэг тодорхой тохиолдож байсан нэг тохиолдол ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг санаж байна уу?

Сугар -

За 1967 он гэх юм уу даа. 1967 онд бол одоо зун идэш бэлчээр байхгүй муу гандаж байгаад өнөө өвөл нь цас ороод хараар шуурна. Одоо цас орохгүй хараар шуураад, шороон шуурга тавиад л. Идэш энэ тэр ч байхгүй. Тэгээд сүүлдээ цас ороод. Тэгээд тэр 1967 онд бол манай нэгдлийн 50000 гаруй мал байсан. Тэр бол 20000 гаруй болтлоо цөөрсөн. Аа бодоо бол алдчихдаг юм байна. Гадаад гараад явчихна, үхчихнэ. Аа бог мал бол ч яахав дээ нүдэн дээр үхээд дууссан. За тэгээд тэр жилдээ бол өнөө нэг ган зудын нөхцлөөр чинь төл гээд байх юм авахгүй шүү дээ. Тэгэхээр сүргийн нөхөн үржих гэдэг бол байхгүй болно. Нэг 2 жилдээ бол нэгдэл сүрхий ядардаг юм билээ. Зээл ч авч үзсэн, тэр 2 жилдээ. За улсын даатгалд, малын даатгал харин сайн өгсөн. Тэр даатгалыг авсан. Тэгээд зээл авч ингэж тэгэж байгаад тэгээд нэг 2-3 жилийн дараа өнөө мал өсөөд ирэх дээр зэрэг өнөө тушаах бүтээгдэхүүн ч нэмэгдээд ирнэ. Тэгээд л ер нь гачаалаас гарчих юм билээ.

Ариун-Ундрах -

Хэрвээ тэгээд нэгдлийн малыг хорогдуулсан тохиолдолд яадаг вэ?

Сугар -

Нэгдлийн малыг хорогдуулсан тохиолдолд одоо нэг жаахан зэмлэл хүртэнэ дээ. Ер нь одоо сум орны удирдлага бол аймаг орны удирдлагаас нилээн зэмлэл хүртэнэ. Зарим үед бол ажлыг нь өөрчилж ч магадгүй. Аа сууриуддаа бол бас тэр алдаж асгасан нэгэн дээр нь төлбөр тавина. За тэр төлбөр бол маш өндөр төлбөрүүд тавигдаж байсан. Гэхдээ тэр төлбөрийг бол одоо би нэг баахан мал үхүүлсэн, алдчихсан төлбөртэй. Нэг баахан тэмээ ч юм уу үхэр алдчихсан төлбөртэй байсан. 2-3 жилийн дараа болоод өнөө нэгдэл чинь нилээн хөл дээрээ босоод ирэх дээрээ зэрэг чөлөөлчихдөг юм билээ. Өнөө өөрийн дотоод асуудал юм чинь бүх гишүүдийн хурал хийгээд л за Сугар 35000 төгрөгний, тэр үеийн 35000 гэдэг чинь мундаг шүү дээ. 35000 төгрөгний мал алдсан байна. Тэмээ төд, адуу төдийг алдажээ. Энүүний төлбөр төдий байна аа. Энийг яах вэ? гэх дээр зэрэг өнөө бүх гишүүд чинь аа 90%-аар чөлөөлье, 100% чөлөөлье энэ тэр гэж санал гаргана шүү дээ. Тэр хүнийх нь бол төлбөрийн чадварыг харгалзаад, тэр айлын бас нэг төлбөрийн чадварыг л голцуу харгалзана л даа. Тэгээд бас нэг жоохоон төлбөр ноогдуулаад нэг 30000-аас чинь 3000-ыг нь төл ч гэх юм уу? Бусад одоо тэр 27000-ыг нь чөлөөлөх жишээтэй. Тэгээд чөлөөлчихнө. Манай нэгдлийн хувьд бол тэгэж байсан. Тийм учраас хүн малын төлбөрт унаж сүйдэж байсан учир манай нэгдэлд бол байхгүй. Бусад газар яаж байсныг би мэдэхгүй байна. Тэгээд бүх гишүүдийн хурлаар чөлөөлөөд, тэр чинь одоо санхүүгийн хувьд данс барьж байгаа би чинь одоо нэг баахан хүнээс авцаатай нэг их том мөнгөний данс барьж ороход тэрнийг чинь одоо хуу чөлөөлөөд тэр жилийнхээ ашгаас нөхөөд хаяна ш дээ. Ашгаас нь тайлангаа нөхөөд хаяна.

Ариун-Ундрах -

Овоо л ашигтай ажиллаж байсан байна.

Сугар -

Хамтын хөдөлмөрийн тийм нэг давуу тал нь л тэр юм билээ. Хүнийг тэгэж төлбөртэй суулгаад байхгүй.

Ариун-Ундрах -

Одооныхоор бол бөөн өр шир л болно ш дээ.

Сугар -

Одооныхоор бөөн өр, одоо шүүхэд шилжээд явдаг юм уу яадаг юм тийм болно. Тэгэхгүй, өнөө бүх гишүүд өөрөө улсаас хараат биш болох дээрээ өнөөх л бүх гишүүдийн хурлаа хийгээд л бүх гишүүдийн хуралд санал оруулна шүү дээ. Нягтлан бодох санал оруулаад л одоо ийм ийм төлбөртэй ийм улс байна аа, энийг яах вэ? гэхээр өө тэрийг чөлөөл гэвэл л чөлөөлчихнө. Гар өргөөд л гүйцээ.

Ариун-Ундрах -

Тэр нэгдлийн гишүүдийн хурал гэхлээр нэгдлийн гишүүд гэдэг нь яг нөгөө элссэн бүх хүмүүс л байх уу?

Сугар -

Нэгдлийн бүх гишүүдийн хурал гэхлээр хэн хамаагүй, тэр гишүүн болгон сууна шүү дээ. Ирж сууна.

Ариун-Ундрах -

Гишүүн л бол тэ?

Сугар -

Тийм, гишүүн л бол. Сүүлдээ бас тэр өнөө нэгдэл их болчих дээр багуудаас бригадуудаас нэг төлөөлөгч суудаг байсан шиг санах юм аа. Хурлын төлөөлөгч гэж бригад бүрийн одоо нэг 10 хүн ч юм уу, 20 хүн ч юм уу ирж хуралдах нь байна ш дээ.

Ариун-Ундрах -

Та социализмын үед чөлөөт цагаа юунд зарцуулдаг байсан бэ?

Сугар -

За яахав дээ, би нэг шатар, даам энэ тэр тоглодог мөн нэг тиймэрхүү тоглоомонд л зарцуулна. Тэрнээс өшөө спортын төрлөөр ер нь нэг тоглоод байх юм байхгүй. Тэгээд чөлөөт цаг гэдэг чинь ер нь тун бага гарна шүү дээ. За ажлын өдөр 6. За бүтэн сайн өдөр бол гэр орондоо юухан хээхнээ хийгээд л мөн угааж арчих ч юм уу, тэгээд л бас ажил хаа мундах вэ. Тийм юмнуудаа хийгээд л. За хагас сайн гэдэг бол нэг 2 цагийн л өмнө ажил тарна. Тэрүүнд гарах чөлөө зав гэж бол бага. Аа зуны улиралд бол харин өнөө ажлын, өдөр урт учраас чөлөө зав гарна аа. Тэрнийгээ өөрийнхөө аж ахуйд л зарцуулна даа. Өнөө албаны биш улсаас, тэгээд бүх юм чинь өөрөө л хөдлөнө шүү дээ. Тэр улсууд тэр өрх гэрийнхээ юмыг л одоо хийнэ шүү дээ.

Ариун-Ундрах -

Энд усаа яаж, хаанаас, худгаас авдаг уу?

Сугар -

Усаа бол сүүлийн үед нэгдэл энэ сумын төвийнхөө усыг зөөж өгдөг байсан. Нэг сисчерээр зөөж өгдөг байсан, өрөмдмөл худгаас. Аа түүний өмнө бол өөрсдөө л өнөө гар худгаасаа татаж авна шүү дээ. Унаа унаш байхгүй. Тэр чинь хүний тэмээ гуйх юм уу, нэг бол нэг ойрхон ус байх юм бол тэргэн дээр тавьж түрээд, одоогын тиймэрхүү байдлаар. Аргал, түлшээ мөн хөдөөнөөс өөрсдөө түүж барьдаг. Аа хүнээс худалдаж авч байж болно. Нэгдлээс авбал заг, нүүрс худалдаж авна.

Ариун-Ундрах -

Бас худалдаж авах уу тэ?

Сугар -

Худалдаж авна.

Ариун-Ундрах -

Та тэгээд тэтгэвэрт гарсныхаа дараа өөр янз бүрийн ажил хийж байсан уу? Үгүй юу?

Сугар -

Тэтгэвэрт гараад би бол эргэж алба хаагаагүй. Албан ажил бол хийгээгүй. Ер нь тэтгэвэрт гарсан хүн гэдэг нэгэнт тэтгэвэрт гарснаас хойш тэгэж давхар ажил хийе гэх хэрэг байхгүй. Нэг хүний ажил булаалдаад ямар юмаа хийхэв, тэр чинь. Одоо ажилд...., тэтгэвэрт гараад л би нэг тооцооныхоо ажлыг хийнээ л гээд л нэг хүний ажил булаалдах юм бол нэг залуу хүн ажилгүй болоод, би нэг давхар тэтгэвэр цалин хоёр аваад сууна шүү дээ. Тэгэхээр тэтгэвэрт гарсан хүн гэдэг бол ажил хийхийн хэрэг байхгүй. Тэр тэтгэврээ л аваад сууж байх хэрэгтэй. Улсад хийдэг юмаа хийлээ. Аа чи одоо хийсэн юм чинь ингэж хийж бүтээлээ. Одоо чамд тэтгэвэр өглөө гээд гаргалаа. Тийм учраас би тэтгэвэрт гарангуутаа л тэр мал аж ахуйгаа эрхэлсэн.

Ариун-Ундрах -

Хувийн тэ?

Сугар -

Тийм, өнөө нэг хувьцааны мал өглөө гэсэн. Тэрүүнийхээ бага мал энэ тэрийг одоо өөрөө ажиллаад, тэрүүнийхээ үс ноосыг ашиглаад тэгээд тиймэрхүү л юм хийсэн дээ, тэтгэвэрт гараад.

Ариун-Ундрах -

Аан тэр нэгдлийн мал маллах, өөрийнхөө хувийн мал маллах хоёрын ялгаатай талууд нь юу байх уу?

Сугар -

Юу нь ялгаа байхав. Аа зарим нэг ухвар мөчид улс юм уу, малд муу улс бол мал бас нийгмийн мал энэ тэр гээд ад үзэх хандлага байдаг гэж байгаа юм. Ер нь энэ уламжлалт уламжилж мал маллаж ирсэн малчид бол малд хүний, өөрийн гэдэг байхгүй гэдгээрээ одоо нэгдлийн мал, амины мал ч гэсэн ялгаагүй маллана шүү дээ.

Ариун-Ундрах -

Аа сүүлд энэ мал хувьчилсны дараа ингээд хувийн өөрийнхөө малыг маллахад ашиг шимийн хувьд ч юм уу ер нь тийм давуу тал бол байх уу?

Сугар -

За яахав дээ нэг өөрсдөө их олон малтай болчихсон хүн чинь нэг зарж үрэх юм уу, одоо өөрийн хэрэгцээнд хэрэглэх энэ тэр гэдэг нь чөлөөтэй л байна л даа. Би бол одоо нэг 75 малаас 75 мал, 25 нь бод байдаг юм аа. Нэг 10-н хэдэн үхэр, би нэг 60-аад бог малтай манайх тийм байсан. Тэгээд тэрүүнээсээ борлуулдаг байсан бол одоо мал 100 гарчих дээр зэрэг бас тэр чинь борлуулалт энэ тэр нь нилээн өндөр болно. Өнөө ажил ч их нэмэгдчихнэ. Одоо төл бойжуулна энэ тэр гээд л өнөө олон мал услахаас өгсүүлээд л ажил ч мөн нэмэгдчихнэ. Тэгээд тэр ер нь нэг олон малтай байснаар бол бие л зовохоос өөр нэг их мундаг одоо баян цатгалан байхгүй шүү дээ. За жишээ болгоод ярья. Би их олон малтай байж гэж бодъё. Тэгвэл одоо малынхаа заазыг өөрөө идэх хэрэгтэй, борлуулах хэрэгтэй ш дээ. Тэгэхлээр одоо тарган мах идээд суух юм бол өнөө дандаа тарган дээрээс нь идээд байх юм бол доод муусайн чинь үхээд дүүрнэ. Тийм учраас олон малтай хүн гэдэг чинь явдалтай шүү дээ. Тэрүүнийхээ төлөө зүтгэж явсаар байтал амарсан ч юм алга. Аа нэг барьж идэж сүйд болсон ч юм алга. Өмсөж зүүсэн ч одоо нэг их гойд юм байхгүй. За идэж уух нь бол яахав дээ малын буян. Иймэрхүү л хандлагатай л харагдах юм байна ш дээ. Тэгээд мал бол олон байхын хэрэггүй л санагддаг юм. Одоо 1000 малтай улсуудыг одоо 1000 малтай боллоо гээд шагнаад л байна, шагнаад л байна. Зуд болох дээр зэрэг л 1000 малыг чинь яаж авч байна уу? Яалт ч байхгүй үхээд өгнө. Тийм учраас мал бол цөөвөрхөөн. Одоо тааварлаг цөөхөн малтай байна, шилмэл цөөхөн малтай байх нь зүйтэй юм гэж яриад байна. Энэ их зүйтэй.

Ариун-Ундрах -

Сайн тэ?

Сугар -

Энэ л их зүйтэй. Малын тоо толгой олон байснаар хүнд сайн юм болохгүй байна. Нэг л их зовлон болж байна.

Ариун-Ундрах -

Та тэгээд мал маллахаас өөр хувийн ахуй эрхэлсэн үү? Үгүй юу?

Сугар -

Мал маллахаас өөр ажил юу байхав дээ. Хүн болгон наймаанд одоо явлаа шүү дээ. Тэгэх дээр зэрэг би ч болсон нэг хэдэн ямааныхаа ноолуурыг бариад тэр зах зээлээр энэ эрээн, бугат энэ тэрээр яваад бас нэг хэдэн юань олж ирээд мөн нэг юухэн хээхэн хужаагын юм зөөгөөд энэ тэрлээд нэг их наймаа хийж гавиагүй. Тэгэхдээ өөрийнхөө хэрэгцээний юмыг чирч ирээд байдаг тийм л боллоо доо.

Ариун-Ундрах -

Яг нөгөө ардчилал гарснаас хойш нэг тиймэрхүү...

Сугар -

Тийм, тийм. Ардчилал гарснаас хойш. Ардчилал бол бидэнд эрх чөлөө өгсөн. Харин би нэг насаар миний мөрөөдөж байсан машинтай болох юм гэсэн нэг мөрөөдөл биелэсэн дээ. Хэзээ ч би машинтай болох билээ. Нэг хэдэн төгрөг бас тэр дээр үед өнөө хүүхдийн мөнгө гэж хэдэн муу цалин хэрэглэл, тэгээд банкинд байсан хэдэн мөнгө өсөөд бас нэг машины үнэ энэ тэртэй болсон байлаа, дээр. Гэтэл авах машин байхгүй.

Ариун-Ундрах -

Хннн.

Сугар -

Машин авах эрх байхгүй. Хуучин машин босгоно, хураагаад авна. Тэгээд ардчилалаас хойш чинь одоо унаа унаштай сайхан боллоо ш дээ. Шинэ тэрэг гэдгийг л уналаа шүү дээ.

Ариун-Ундрах -

Одоо бол янз янзаар нь л унах...

Сугар -

Одоо бол янз янзаар юу л уная гэвэл унаж байна ш дээ. Одоо бүр сүүлдээ энэ улсууд чинь жийпнээс өөр юм унахаа байх нь шиг байна. Би эхлээд л Хятадаас одоо нэг шинэ Жийп авлаа. Одоо Хятад жийп, нэг цагаан онгоцтой жийп. Тэгээд дараа нь нэг 69 авлаа. Дахиад нэг Супер-69 авсан. Одоо ингээд би 3 шинэ машин, 3 ч байна уу хуучин машин худалдаж л авлаа даа, ха ха ха.

Ариун-Ундрах -

Мөнгө л байвал тэгээд л аваад байх нь байна ш дээ.

Сугар -

Тэгээд энэ ардчилалаас хойш эрх чөлөөтэй одоо хаа дуртай газраа явдаг боллоо. Яахав дээ, миний их хүү намайг нэг Ленинградад аваачсан юм даа. Тэр социализмын үед, 1985 онд. Тэрүүнээс өшөө гадагшаа явж үзээгүй. Би одоо тэгээд энэ Эрээн, энэ урагшаа одоо энэ .... байсан тэр Линкей гээд байх юм билээ. Тэр энэ тэр рүү хаа дуртай газраа паспорттой л бол хэсч явж болж байна ш дээ.

Ариун-Ундрах -

Тэр Линкей гэдэг нь юу юм бэ?

Сугар -

Линкей гэж Баяннуур аймаг гэж Өвөр Монголын нэг хот юм.

Ариун-Ундрах -

Аан, Өвөр Монголын уу?

Сугар -

Тийм, Өвөр Монголын хот. Хятад нэр нь Линкей. Монгол нэр нь Баяннуур гээд, Хятад нэр нь Линкей гэдэг юм шиг байна лээ.

Ариун-Ундрах -

Тийшээ хүмүүс яах гэж явдаг юм?

Сугар -

Өө яахав дээ, зүгээр хэсч байхгүй юу.

Ариун-Ундрах -

Зугаалга маягаар уу?

Сугар -

Одоо зугаалга, наймаа ч хийх. Өнөө хэдэн юаниа өвөртлөөд юу байна уу? Тэр авах барих юм, тэр зугаалгын чанартай бид нар тэгэж явж л байсан.

Ариун-Ундрах -

Танай энэ Дорноговь аймаг, одоо яг энэ сумын хувьд ч юм уу нутаг орны хувьд өөрчлөгдсөн зүйлүүд байна уу? Байгаль орчны хувьд?

Сугар -

Байгаль орчны хувьд бол одоо яаж байх юм аа. Энэ цаг агаар нэг тогтворгүй болж байна. Одоо хавар, зун болж байхад ер нь дулаарахгүй энэ хүйтэрч байгаа байдлыг хар. Тэгээд ер нь нэг цөлжиж байна гэж яриад байдаг юм. Манай сум чинь одоо нэг цөлжөөд байх нь юу юм. Ер нь тэгээд ойрын хэдэн жил ч сайхан л байсан. Зарим жилд бол бас нэг гандуухан энэ тэр байх юм. Тэр ч хэдийд ч байсан үе дээ. Манай энэ орон нутагт бол нэг миний ажиглаж байгаагаар нэг өөрчлөлт болж байгаа юм байхгүй. Нутаг орон нь өөрчлөгдсөн юм алга. Зүгээр цаг агаар бол хатуу ширүүн янз бүр бол болж л байна л даа. Арай нэг дулаан цаг байдаг. Одоо чинь дулаан цаг байх ёстой. Гэтэл хүйтэн байна. Аа өвөл одоо 12 сард их хүйтэн байх ёстой. Гэтэл дулаахан байдаг. Нэг тиймэрхүү цаг уурын өөрчлөлт бол байх л бололтой юм аа. Тэгэхээр чинь газар орон өөрчлөгдөөд, одоо нэг экологийн сүйрэл болоод байгаа юм бол манай энд байхгүй. Уул, уурхай ч гээд байх юм байхгүй юм даа, манай суманд бол.

Ариун-Ундрах -

Түрүүн та ярьсан нөгөө энэ Хатанбулаг сумтай сүүлд нэгдсэн гэсэн үү?

Сугар -

Тийм.

Ариун-Ундрах -

2 өөр тусдаа сум байсан юм уу?

Сугар -

Аан, тэр Агаруут сум гэж байгаад тэр Сулин хээр гэдэгтэй нэгдээд нэг сум болоод байж байснаа сүүлдээ тэр Сулин хээр сум гэдэг нь Хатанбулагтай нэгдээд. Энэ сум чинь үндсэндээ урдын дээр үеийн засаг захиргааны зохин байгуулалтаар бол 3 сум нийлээд байж байгаа юм. Тэгээд энэ бол их том сум л даа. Мал хуй нь олон байх аа. Мал энэ тэр бол олон байх. Газар нутаг нь ч их.

Ариун-Ундрах -

Одоо ингээд энэ төвлөрсөн айлуудаас ингээд нөгөө нэг жоохон тийм тархай бутархай айлууд зөндөө байгаа гэсэн үг үү? Одоо энэ харагдаж байгаагаас өөр айлууд нь?

Сугар -

Хөдөөний малчин айлууд уу?

Ариун-Ундрах -

Тийм.

Сугар -

Аа байлгүй дээ. Тэр олон айл байна. Хөдөө гараад явбал энд ч нэг айл, тэнд ч нэг айл. Тэгээд л өнөө мал аж ахуйгаа эрхэлсэн. Мал нь учиргүй өсчихсөн. Айл болгон 400-500 малтай. Тэгэхлээр танай, манай, танайх 500 малтай, манайх 500 малтай. Та бид хоёр айл буухын арга байхгүй. Өнөө мал хариулж хүрэлцэхгүй, бэлчээрийн даац хүрэхгүй, ус хүрэхгүй. Тийм учраас л өнөө нэг хүн хүчээр тарамдаад л нэг 500 малтай, 3 хүн 700 малтай жишээтэй л байх. Тэгээд цаг энэ тэр хүндрэх дээр бол тэр бол хүчин их мөхөсдөж байна. Энэ хамтын хүч, хамтын хөдөлмөр гэж юм байхгүй. Харж үзэх юм гэж байхгүй. Харж үзэх газар байхгүй.

Ариун-Ундрах -

Та бас социализмын үеийн нам, эвлэлийн байгууллага гэж байсан ш дээ. Тэрний тухай ярьж өгөх үү?

Сугар -

МАХН гэж ганц нам байлаа. Намайг МАХН-ын гишүүн бол гэж байсан юм. Би болдог ч юм уу гэж санаад би чинь гишүүн биш, аль ч намын гишүүн биш хүн шүү дээ. Тэгээд л яахав дээ, тэр үед чинь МАХН нь биш байх л даа. Тэр намд алба хаадаг нэг багачуулхан хурган дарга нар чинь одоо их омогтой. Намын нэрийн өмнөөс ярьж байна гээд мань мэтийг ирж аашилдаг. Намын гишүүн биш байна энэ тэр гэж зэмлэдэг. Тиймэрхүү юмнууд бол байсан л юм. Тэгэхдээ тэр буруу нь бол тэр МАХН гэдэгтээ байсан биш. Энэ орон нутагт байсан одоо тэр намын наагуур байдаг хурган дарга нар л одоо тэгдэг, намын нэрийг барьж тэгдэг байсан юм даа. Түүгээр намын нэр хүнд сүүлдээ унах шиг байна. Тэгэхдээ би МАХН-ыг гойд юм гэж дэмждэг ч үгүй, муулдаг ч үгүй. Ер нь аль ч намыг. Намын гишүүн биш. Одоо бол ардчиллыг нилээн дэмждэг юм, би. Ардчиллыг дэмжигч үү? гэвэл дэмжигч ээ л гэж ярина.

Ариун-Ундрах -

За тэгээд таниас нэг зайлшгүй асуух ёстой 2 асуулт байдаг юм аа. Тэрийгээ асуучихья.

Сугар -

За тэг.

Ариун-Ундрах -

За, таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Сугар -

Гүн нөлөөлсөн юм аа?

Ариун-Ундрах -

Тийм, үйл явдал.

Сугар -

Амьдралд одоо гүн нөлөөлсөн үйл явдал алга аа надад. Одоо тэр хэлмэгдэж барьж ч байх юм уу, тийм тийм юм энэ тэр бол байхгүй. Ерийн л одоо нэг хүний дундаж амьдралаар амьдраад л яваад ирсэн тийм л хүн. Яахав тэр нэг багахан алба хааж, тэр нэг одоо хоршооллын байгууллага гэж ярина шүү дээ, нэгдлийг. Хоршооллын байгууллагад алба хааж байсан. Тэгээд улсын байгууллагад бол би алба хаасангүй. Хоршооллын байгууллагад л алба хааж байлаа. Тэгээд л тэндээсээ амь зуугаад л тэгээд л байж байсан. Би улс төрийн элдэв шахалт дарамт энэ тэрт ч орж байсангүй. Би ч аль ч намын гишүүн биш хүн юм. Улс төрөөс хөндий хүн юм. Улс төр гэж сүржигнээд байдаг ч үгүй. Тэгээд нэг аятайхан яахав дээ. Өөрөө бодохдоо бол нэг аятайхан амьдраад ингээд яваад ирлээ л гэж санаж байгаа юм. Одоо бол насны эцэс болж. Одоо төр засаг, би нийгэмд ажиллаж байсан ч гэсэндээ төр засаг маань одоо тэтгэвэр өгч байна. Би ч одоо хувийн хэвшил гэж арай болохгүй. Одоо хоршооллын байгууллагад ажиллаж байсан. Төрийн байгууллагад ажиллаагүй хүн шүү дээ. Тэгээд одоо тэтгэвэр авч байна. 103000 төгрөгний тэтгэвэр авдаг. Тэрнийгээ би бол болж байна гэж үздэг. Тэр тэтгэвэр нэмнэ энэ тэр гээд энэ радиогоор ярьж л байх юм. Тэр ярьдаг улс нь ярьдаг л юм байгаа биз. Надад бол тэтгэвэр нэмсэнгүй, барьсангүй гэх юм бол байхгүй.

Ариун-Ундрах -

Гомдоллох юм алга.

Сугар -

Гомдох юм байхгүй. Нэмсэн ч нэмэж л байна биз, нэмээгүй ч болж л байна биз. Иймэрхүү л юм боддог юм. За тэгээд одоо сүүлийн үед энэ сонгуулийн амлалт гээд ингээд давхиад байна. За сонгуулийн амлалт ч жаахан тооцоогүй амлалт гаргасан учир бий л дээ. Тэгээд тэр амлалтаар одоо тэр мөнгө нэхээд, төр засаг руу тэгэж давхиад байх ч юм алга. Юм өгвөл өгнө л биз, байвал байна л биз. Ер нь тэр амлалт гэдэг бол дэндүү ихдүүлчихсэн гэж би дотроо боддог юм. Ер нь амлахын хэрэг байгаагүй юм. Амлаагүй л бол яах юм бэ дээ амлаагүй л байж байна ш дээ. Тэр одоо бие биенээсээ өрсөх байдалтай юм уу нэг амлачихаад. Тэр нь одоо эдийн засгийн чадавхиасаа давчихаад. Тэгээд одоо хүнд худлаа хэлчихсэн болоод одоо тийм нэг гацаанд орж байна уу даа гэж л бодогддог юм даа.

Ариун-Ундрах -

Одоо тэгээд энэ улсаа хөгжүүлнэ гэхээр л Монголын газар шороо, эд баялаг гээд л энийгээ яриад л булаацалдаад л байх юм. Ер нь социализмын үед яаж ханддаг байсан юм бол?

Сугар -

Социализмын үед бол улс маань ер нь зугуухан бас нэг дэлхийн түвшинд ч юм уу, манай улсын хөгжил хөгжөөд байсан шүү дээ. Тэр чинь одоо 1940 оныг 1950 онтой зүйрлэвэл, 1950 оныг 1970 онтой зүйрлүүлээд бодоход бол ер нь шал өөр болсон байгаа юм. Хөгжөөд л байсан юм. Би 1950 онд Улаанбаатарт очлоо. 1951 онд Улаанбаатарт очиж үзсэн байх аа. Тэгэхэд бол одоо тэр Сүхбаатарын талбайг эмжсэн нэг хэдхээн барилга, одоо бусад нь нэг гэр хороолол, нэг намхаан шавар тагз тиймэрхүү л юм гол байлаа шүү дээ. Одоо бол хот хичнээн сайхан хөгжиж байна. Хот байтагуй аймаг, суманд хүртэл одоо барилга энэ тэр чинь одоо тэр дээр үетэй адилгүй хөгжчихлөө ш дээ. Манай энд чинь бол одоо энэ 2 давхар барилга, дан барилга зөндөө л барилгууд байна. Урд намайг тэр барааны нярав хийж байхад чинь бол нэг 2-3 муу шавар тагзан байшин. Тэгээд л нэг хэдэн гэр дээ. Өөр юм байсангүй. Аа Улаан булан гээд нэг муу жаахан өрөө байна даа. Өшөө юм байгаагүй. Тэгээд харьцуулж үзэх юм бол манай улс сүрхий сайхан хөгжиж байна. Аа энэ одоо сүүлийн үед хөгжил байна аа. Тэгэхдээ энэ бас нэг энэ дээдүүд одоо зарим нь хэтэрхий баяжаад юу ч гэдэг юм дээ. Улс эх орноосоо арай илүү хишиг хүртчихдэг юм уу яадаг юм нэг тийм л байна. Газар шорооныхоо дорхыг ухаж авч зарах нь мөн л дөө. Энийг хэдийд хэнд өгнө гэж хадгалж байхав. Одоо энийг л улс орныхоо хөгжилд л зарцуулах хэрэгтэй. Тэгэхдээ энийг зөв л зарцуулах хэрэгтэй л юм. Социализмын үед бол уул уурхай одоо Оросын мэдлийн л хэдэн жижиг уул уурхай байсан байх л даа. Жоншны, алтны... Оросын л одоо нэг цөөхөн үйлдвэр байсан даа. Одоо манайд чинь уул уурхай гэвэл манай Налайх байгаа биз дээ. Ууган нь одоо Налайх.

Ариун-Ундрах -

Нүүрсний уурхай юу?

Сугар -

Налайхын нүүрсний уурхай. Тэгээд энэ Бор Өндөрийн жоншны уурхай, тэр Бэлхийн уурхай энэ тэр гээд л байдаг юм билээ. Манай аймгийн хувьд бол. Ер нь олон сүрхий уурхай дуулдаагүй юм. Одоо л учиргүй олон уурхай гаргаад ухаж л байгаа юм байна л даа.

Ариун-Ундрах -

Одоо энд байгаа энэ намхан цагаан барилгууд хэзээ баригдсан юм? Байшингууд?

Сугар -

Өө энэ одоо сүүлд л баригдсан барилгууд. Тэр өнөө нэгдлийг л нилээн хөгжиж байх үед ахуй үйлчилгээ ч гээд нэг ахуй үйлчилгээ гэж том байгууллага байгуулсан юм даа. Одоо тэр ч ахуй үйлчилгээ байхгүй боллоо. Өнөөх л 1990 онтой хамт алга боллоо. Тэр ахуй үйлчилгээ ч барилга бариулсан, нэгдэл ч өөрөө барилга бариулсан. Энэ сүүлд барьсан барилга аа. 1980-аад оноос л одоо нэг хэдэн барилгатай боллоо.

Ариун-Ундрах -

За таны амьдралд ер бусын ба бусдынхаас онцгой гэх зүйл байгаа юу?

Сугар -

Онцгой юм юу байна вэ?

Ариун-Ундрах -

Таны амьдралд ер бусын ба бусдынхаас онцгой гэх зүйл байгаа юу?

Сугар -

Юу байхав дээ хө. Байхгүй.

Ариун-Ундрах -

Адилхан л байгаа гэж бодож байгаа юу тэ?

Сугар -

Нийт хүмсүүдийн нэг адил л байна гэж боддог.

Ариун-Ундрах -

За тэгээд танд бас өөр сонирхуулаад ярих Монголын түүхтэй холбоотой ч юм уу тиймэрхүү зүйлүүд байна уу?

Сугар -

Аа одоо ч нэг сонирхуулаад би ярьж чадахгүй, ухаан ч муудчихсан. Нэг их яриад ч байх алга л байна аа даа.

Ариун-Ундрах -

За та одоо хойч үедээ ер нь захиж хэлэх үг байна уу?

Сугар -

Одоо манай хойч үе маань одоо ажиллах л хэрэгтэй. Ажиллаж л амьдрах хэрэгтэй. Улс эх орноо бодож эвтэй найртай ажиллах л хэрэгтэй. Өөр хоорондоо эвтэй найртай байж улс орноо хөгжүүлэхийн төлөө. Тийм одоо дэнэгэхүй сэтгэл байхгүйгээр л сайхан л өөрийнхөө хөдөлмөрөөр л амь зуух хэрэгтэй дээ. Би тэгэж л санаж байна. Хөдөлмөрөөрөө л амь зуух. Тэр ямар хөдөлмөр хийнэ үү тэр хүний эрхийн асуудал тэр.

Ариун-Ундрах -

За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Сугар -

За, за баяртай.

Ариун-Ундрах -

Заа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.