Badamgarav


Basic information
Interviewee ID: 990518
Name: Badamgarav
Parent's name: Baldan
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dadal sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
education / cultural production
cultural campaigns
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Та сайн байна уу?

Бадамгарав -

Сайн. Сайн байна уу? Зуншлага сайхан уу?

Дэжид -

Сайхан зуншиж байна.Английн Кембриджийн их сургуулийн антропологийн танхимаас Монголын 20-р зууны түүхийн аман төслийн ярилцлага явагдаж,энэ ярилцлаганд өөрийнхөө түүх намтар,бага насны талаар,ажиллаж амьдарч байсан талаар тодорхой ярилцлага өгөхөөр болж бидний урилгыг хүлээн авсан таньд баярлалаа.

Бадамгарав -

Та нарт ч баярлалаа.

Дэжид -

Ярилцлага эхлэхээс өмнө таниас тодруулах ганц хоёр асуулт байна.Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Бадамгарав -

Байхгүй ээ.

Дэжид -

Бид хоёрын ярилцлага, энэ олон фото зураг, холбогдох тухайн үеийн материалыг арав ч юм уу, хорин жилийн дараа эсвэл тодорхой хугацааны дараа эрдэмтэн судлаачид өөрийнхөө судалгаанд ашиглах, зарим нэгэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ишлэл болгохыг хэлж мэдэхгүй үгүйсгэх аргагүй юм. Тийм учир энэ бүх зөвшөөрлийг та Кембриджийн их сургуульд олгож байна уу?

Бадамгарав -

Олгож байна аа.

Дэжид -

За ингээд өнөөдөр 2010.5.27ны өдөр. Чойболсан хотод хорьдугаар зуунд Монголын эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөл болсон хүмүүнлэгийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, өндөр насныхаа тэтгэвэрт гарсан Бадамгарав гэж энэ сайхан хүнтэй уулзаж байна. Бадамгарав гуай таны бага залуу нас чинь яаж өнгөрсөн, төрсөн нутаг ус чинь хаана вэ? Мөн өөрийн тань сургууль хүмүүжлийн талаар яриагаа эхлэх үү?

Бадамгарав -

За тэгье ээ. Би 1943 онд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Моломын хоёрдугаар охин болон төрсөн. Тэгээд ээжийнхээ аав ээж хоёр дээр өссөн. Энэ хугацаанд өвөө, эмээ 2-тоо тусалж , гар хөл нь болж гэр орны ойр зуур ажил хийх, малын хашаа цэвэрлэх,мод түлээгээ татах гэх мэтчилэн эмээ өвөөгөө асран тэр 2 дээрээ хүмүүжиж өссөн. Тэр үед би их бага байсан хэдий ч өвөө, эмээ хоёртоо тусалж байсан. Тэр үед манайх 5,6-хан саалийн үнээтэй жирийн л нэг малчин айл байсан. Өвөө, эмээ 2 маань жирийн нэг малчин гаралтай хүмүүс байсан. Манай ээжийг хүнээс үрчилж авсан. Тэр 2 ганц охиноо их хайрлаж их сайхан хүн болгон өсгөсөн. Өвөө маань тэр үед лам байсан. Харин эмээ маань жирийн л нэг малчин байсан. Гэхдээ үр хүүхдээ хүмүүжүүлэх талаар их сайхан зөвлөгөө өгдөг хүн байсан. Ялангуяа шинэ нутаг дээр буугаад их сайхан үлгэр ярьж өгнө. Би жаахан байсан болохоор үлгэр яриулах их дуртай. Орой болгон үлгэр ярьж өг гээд л унтуулдаггүй байсан байхаа. Тэгээд орой болохоор ядардаг байсан байлгүй дээ сүүлдээ “Үлгэр яривал үлийсэн сохор болно. Оньсого яривал онийсон сохор болно” Миний хүү одоо унт унт гэдэг байсан. Тэгээд л унтдаг байсан. Тэгэхээр дээр үед аман зохиол, үлгэр туужаар хүүхдийг их хүмүүжүүлдэг байсан. Ялангуяа тэр үеийн хүмүүсийн энэрэнгүй зан заншил, хөдөлмөр, ах захаа хүндлэх талаар тэр үлгэрт их гардаг байсан. Энэ хүүхэд бол их ажилсаг хүүхэд байна. Миний хүү энэ хүүхэд шиг ажилсаг болох хэрэгтэй. Энэ хүүхэд гэр орноо их сайн цэвэрлэдэг, хашаагаа сайхан цэвэрлэдэг, малаа сайн хариулдаг хүүхэд байна энэ хүүхэд шиг л болох хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Тэр үед тоглоом их олдохгүй ээ. Зөвхөн л малынхаа хашаанд бууц, шаазангийн хэлтэрхий, чулуугаар л тоглоно доо. Айл гэр болж их тоглоно. Бие биенийдээ зочилно. Хэдэн чулуу өрж тавьчихаад энэ нь ах нь , тэр нь дүү нь ах нь дүүгээ дагуулаад явж байна гэх жишээтэй.Айлд ороод Сайн байна уу? Сайн сууж байна уу? Хэдүүлээ өнөөдөр яаж тоглох уу? Гол орох уу? Жимс ногоонд явах уу? гэх мэтчилэнгээр их тоглодог. Ээж аавдаа та өнөөдөр надад ямар үлгэр ярьж өгөх гэж байна гэж л ярьж тоглодог байсан.

Дэжид -

Хэдэн настай та сургуульд оров?

Бадамгарав -

Дайны дараах тэр хүнд үед гэр нь бүр хөдөө байдаг, сургууль нь сумын төв дээр байдаг байсан. Заавал сумын төв дээр байранд орж, сургуульд явах хэрэгтэй байсан. Би ч гэрээсээ хол явах дургүй. Хоёр буурал ч гэсэн ганц хүүхдээ ажил хийлгээд гэрт нь байлгая гэсэн сонирхолтой. Хүүхдээ ер нь нуудаг үе байсан. Гэхдээ цөөхөн хүмүүс ийм ойлголттой байсан байх. Өндөр настай байсан болохоор хүүхдээрээ гэр орныхоо ажлыг хийлгээд байя гэсэн ойлголттой байсан байх. Намайг долоон настай байхад эмээ маань өөд болоод тэгээд өвөөтэйгээ ээж дээрээ ирээд 10-н настай сургуульд орсон. Ер нь тэр үед 8н настайд нь сургуульд авдаг байсан болохоор үеийнхнээсээ нилээд том байсан. Гэхдээ тэр үеийн хүмүүс хөдөө алслагдсан газар байдаг. Хүүхдээ сургуульд өгөх боломжгүй мал аж ахуйдаа туслуулдаг байсан учир 10,12-тойдоо ч сургуульд орсон хүүхдүүд байсан. Тэр үед их сонин л доо. Сургуульд дүрдэг чернилийн савтай дүрдэг 5-н хошуутай үзэгтэй, эмэгтэйчүүд нь ногоон дээлтэй, эрэгтэйчүүд нь цэнхэр дээлтэй, дээл нь өлзий угалзтай, их том гластуктай, үсэндээ ленттэй жигд хувцастай байсан. Багш нарын шаардлага их өндөр. Гэхдээ хүүхдүүддээ их хайртай байсан.

Дэжид -

Яг хэдэн жилийн сургууль байсан бэ? Хэддүгээр ангиа төгссөн бэ?

Бадамгарав -

Дорнод аймагт анх сургуульд орсон. Ар гэрийн гачигдлаар бага сургууль төгсөөд аймагтаа сувилагчийн сургуульд орсон. Сувилагчийн сургууль маань миний анхны мэргэжил олгох сургууль байсан. 1952 онд анх манай аймагт сувилагчийн сургууль байгуулагдсан. Тэр үед 3 сар, жилийн, сүүлдээ 1972 он хүртэл 2 жилийн хугацаатай суралцдаг байсан. Тэгээд манай аймгийн сувилагчийн сургууль 1972 онд татан буугдсан. Би 1960 онд төгссөн. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгий сүрьеэгийн тасагт сувилагчаар ажиллаж ажлынхаа гарааг эхэлсэн.

Дэжид -

Сургуулийн ширээнээс гараад ажил хийхэд ямар байв? Таньд энэ хүмүүнлэгийн ажлыг хийхийг хүн зөвлөв үү? Та өөрөө сонгож хийв үү? Та ямар ямар ажлуудыг хийж байв? Яг ажиллаж байх хугацаанд чинь ажлын онцлог ямар байв? Эмэгтэйчүүд нийгмийн хөдөлмөрт хэр оролцож байв? Мөн компанит ямар ажлууд явагдаж байв? гэдэг талаар та дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

Бадамгарав -

Ажилд орох их сайхан байсан. Би анхнаасаа эмнэлгийн, хүмүүнлэгийн ажилд орох хувь заяатай байсан ч юм уу, анхнаасаа л их сонирхолтой байсан. Багадаа модны үзүүрт юм оёдог зүүг утсаар уячихаад, тариа хийж байна гэж их тоглодог байсан. Айлын малын хашаа их цэвэрлэнэ. Тэгвэл шприцээр тоглуулна гэдэг байсан. Тэгээд шприцээр тоглохын тулд малын хашааг нь их сайн цэвэрлэнэ дээ. Тэгэхээр төрөлхийн авъяас ч юм уу нэг тийм юм байсан байх гэж боддог. Анх орохдоо эмнэлгийн ажилдаа их сонирхолтой байсан. Хэдэн сайхан настангуудын гар дээр очсон. Настангууд миний ажилд үнэхээр тусалж, өөрийн ээж шиг зөвлөдөг байсан. Яаж ажлаа хийх ёстой вэ? Яаж амьдрах ёстой вэ? Энэ бүхнийг өдөр тутам зааж өгдөг байсан. Дашцэрэнгийн Нансалмаа гэж манай эмч байсан. Ялангуяа энэ хүн ээж хүн хүүхдэдээ яаж ханддаг уу, яг тэр журмаар надад ханддаг байсан. Тэр хүн бол надад маш их юм сургасан. Ер нь анх ажилд орж байгаа хүнд тэр ахмадын зөвлөгөө маш чухал үүрэг гүйцэтгэдэг байлаа. Тэр хүнээс маш их юм сурсан. Ажиллаж байх хугацаанд хөгийн явдлууд их гарнаа. Бага байсан болохоор өвчтөнийг дуудаж тариа хийхдээ их айна. Шөнө цагийн тариа хийнэ. Тэгээд шөнө дуудахаасаа айгаад, яаж дуудна даа гээд зүрх алдаад тэгээд сэрээж байж тариаг нь хийнэ. Мөн түүнээс гадна тамхи их татна, тамхитай тэмцэнэ гэж их ярина. Тэр чинь 1960-н хэдэн он гэхээр их л олон жил энэ хорт зуршилтай тэмцье гэсэн уриа лоозон дээр үеэс их гарч байсан. Тэгээд өвчтөнүүдийнхээ тамхийг нууна. Тамхийг нь хураагаад цонхны дулаалгын хөвөн доор хийнэ, гадаа хураалгатай модон завсраар хийнэ. Нөгөөдүүл чинь эрээд олохгүй ээ. Тэгсэн нэг хөгшин надаас уйлаад, гуйгаад миний хүү одоо эмээдээ өгчих, эмээ нь энэ тамхиараа л сэтгэлээ засаж байдаг. Би одоо нэг нялх хүүхэдтэй, хүүхдээ орхичихсон, хүүхдээ санаад байдгийн эгчдээ өгчих гээд уйлж байсан. Тэгэхээр бас өрөвдөөд өгчихөж байгаа юмаа. Ер нь дээр үед сүрьеэгийн өвчлөл их байсан. Хүнд олон сараар хэвтэж байсан хэвтэрийн өвчтөн олон байсан учраас тэдгээр хүмүүст үйлчлэх үйлчилгээ их сайн байх шаардлагатай байсан. Ялангуяа ор дэрнийх нь цагаан хэрэгслийг нь солих, нүүр амыг нь цэвэрлэх, үсийг нь засах мөн түүнээс гадна сэтгэл санааг нь өндөр байлгах гэх мэтчилэн. 7-р анги төгсч ирээд байсан нэг хүүхэд байсан.Тэрийг бүр үүрч гаргана, шээс шивтэртэй хөнжил гудсыг нь 11,12 цагийн үед яг цацраг идэвхит бодис ихтэй үед гадаа гаргана. Ер нь байнга амыг нь цэвэрлэх, шүдийг нь угаах, усанд оруулах үйлчилгээг тэр үед их хийж байсан. Ер нь асаргаа сувилгаанд сэтгэл засал их сайн байдаг гэж бий ойлгодог. Энэ ч чанараараа би өвчтэй хүмүүсийг сайн асрах, хайрлах дуртай. Эрүүлийг хамгаалах яамнаас тэр үед нэг хүн ирээд ажилтай танилцсан. Тэгээд ажилчидыг хажуунаас босгоод та хэдэн жил ажилсан бэ? гэж асуусан. Манай нэг ахмад эмч би 22 жил ажилласан гэж байсан. Тэр үед би ямар гоё юм бэ? Би энэ хүн шиг 22 жил ажиллачихаад байж байх юмсан гэж мөрөөдөж байсан чинь өөрөө 50 шахам жил ажилласан байна. Ер нь жил гэдэг бол их амархан өнгөрдөг юм байна.

Дэжид -

Тэр үед эрүүлийг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байсан бэ?

Бадамгарав -

Төрөөс бага насны хүүхдийг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил их явагдаж байсан.Энэ одоо ч гэсэн явагдаж байгаа.Арьс өнгөний үзлэг гээд зөвлөлтийн отрядууд их ажилдаг байлаа. Энэ экспедици, сүрьеэ, арьс өнгөний отрядууд орос мэргэжилтэнтэй ажиллаж байсан.

Дэжид -

Тэр үед таньтай хамт оросын мэргэжилтэнгүүд ажилладаг байсан уу?

Бадамгарав -

Үгүй ээ. Миний түрүүнд 1950-н хэдэн онд ажилладаг байсан. 1960-н хэдэн онд буцацгаасан. Тэр үед арьс өнгөний үзлэг гэж их явагддаг байлаа.

Дэжид -

Нийтийг хамарсан уу?

Бадамгарав -

Тийм нийтийг хамарсан. Хот хөдөөгүй явна. Арьс өнгөний үзлэг бол бүгдийг нь нүцгэлээд үзлэгт оруулчихдаг байсан. Тэр их сонин. Тэр үед чинь хүүхдээсээ ичнэ. Бие биетэйгээ ойртоод шахаад зогсчихдог байсан. Ер нь тэр отрядын үзлэгээр манай улсын халдварт өвчлөл маш их буурч байсан. Ялангуяа заг хүйтэн, тэмбүү, сүрьеэ, цагаан цэцэг их буурч социализмын үед ер нь алга болсоншдээ. Тэгэхээр социализмын үед халдварт өвчнийг манай Монгол орон устгаж чадсан. Үүгээрээ бас их давуу талтай.

Дэжид -

Тэр өвчнийг устгахын тулд ямар арга хэмжээнүүд авдаг байсан вэ? Үзлэг хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан уу?

Бадамгарав -

Яриа танилцуулга их хийнэ, соёлын довтолгоо гэж их явна. Эмнэлэг гэгээрлийн ажил гэж их явна.

Дэжид -

Эмнэлэг гэгээрлийн ажил гэж юу явагддаг байсан бэ?

Бадамгарав -

Эмнэлэг гэгээрлийн ажлаар гол нь орчны цэвэрлэгээ, ялангуяа нийтийн бие засах газруудыг нэг загварын болгох, мөн түүнээс гадна хашаагаа будаж янзлах, хогоо цэвэрлэх, гэр орондоо 3-н ээлжийн цагаан даавуутай байх. Энэ үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд ялангуяа эмэгтэйчүүдийн байгууллага хошуучилж оролцож байсан л даа. Жишээлбэл айлд ороод 2,3-н ээлжийн орны цагаан даавуутай бол. Мөн хүн бүр шүдний сойзтой бол. Аяга тавгаа хатааж бай гэх мэтчилэн олон арга хэмжээ явагддаг байсан. Энэ нь тогтсон өдөртэй. 7 хоног бүрийн 3 дахь өдөр болгон эмнэлэг гэгээрлийн ажил гэж явагддаг байсан. Энд улаан загалмайн идэвхтэнүүд, эмнэлгийн эмч мэргэжилтэнгүүд гол үүрэг гүйцэтгэж байсан. Тэрнээс гадна Монголын эмэгтэйчүүдийн байгууллага энэ соёлжилтын ажил дээр их үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд гэхэд 1977 онд 11 яам, төрийн бус байгууллагуудын үзлэг явагдаж байсан. Энэ дээр бүх олон нийтийн байгууллагууд, эрүүл мэндийн яам, боловсрол, иргэний хамгаалалтын байгууллага, хүүхдийн гэх мэт 11-н байгууллагуудын төлөөлөл орсон том үзлэг манай аймагт болсон. Энэ үзлэгээр их юм хийсэн.

Дэжид -

Та социализмын үед нэгдсэн эмнэлэгтээ сувилагч хийгээд байсан уу? Ер нь ажлаа сольсон уу?

Бадамгарав -

Сувилагчаар 4 жил ажиллаад, Улаанбаатар хотын анагаах ухааны дунд сургуулийн лабораторын ангид элсэж, 4-н жил сураад 1967 онд төгссөн. Ажиллаж байгаад орсон хүмүүс тэр үед цөөхөн байсан. Оройн сургуулиар 8-р анги төгсөөд анагаахын дунд сургуульд орж байсан. Тэгэхэд хүүхэдтэй болчихсон. Гэр бүлээрээ хотод очиж 3-н жил сурсан. Анхны суурь муутай байсан болохоор ерөнхий эрдмийн хичээл орос хэл, математик миний хувьд их хүнд байлаа. Түүндээ их ядарна. Орой ирээд л хоолоо идээд унтчихна. Манай гэр бүлийн хүн маань тооны багш хүн байсан. Манай ангид ажиллаж байгаад сургуульдаа орсон 10-аад хүн байсан. Тэр хэд манайд ирж хичээлээ давтана. Тэр үед их сайхан байсандаа. Хичээл давтахдаа Ленин клубын сад, засгийн газрын арын саданд өглөө эрт хичээлээ давтана. Өглөө байгалийн дунд хичээл давтахад их сэргэлэн сайхан байсан. 1967 онд анагаах ухааны дунд сургуулийг төгсч ирээд халдвартын эмнэлэгт лаборантоор ажиллаж байсан. 1975 он хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгт лаборонтаар ажиллаж байгаад 1975 оноос улаан загалмайн нийгэмлэгийн орлогч даргаар дэвшиж хүмүүнлэгийн ажилдаа орсон.

Дэжид -

Улаан загалмайн нийгэмлэгийн орлогч дарга болоход та өөрөө саналаараа болох уу? Эсвэл аймгийн намын хорооноос томилох уу?

Бадамгарав -

Нэг өдөр аймгийн намын хорооноос дуудсан. Тэр үед намын хорооноос дуудлаа гэхэд нь яачихсан юм болдоо гэж их айгаад очлоо. Тэр үед аймгийн Улаан загалмайн хорооны дарга Бадарч гэдэг хүн байлаа. Эрүүлийг хамгаалах газрын дарга нь улаан загалмайн дарга байдаг системтэй үе байсан. Тэгээд би энэ улаан загалмайн ажил гэдгийг чинь сайн мэдэхгүй ээ. Ер нь барахгүй байхаа гэж хэллээ. Тэгсэн чи барнаа барна, би бас зааж өгч тусална. Ямар ч л байсан бид нар чамаар хийлгэхээр ярилцсан. Тэгээд би за яахав хүмүүнлэгийн ажил юм байна, хүний төлөө ажил юм байна гэж бодоод хийхээр болсон. Би ер нь улаан загалмайн байгууллагын талаар сургуульд байхдаа л мэддэг байсан л даа. Сургуульд байхдаа ариун цэврийн эргүүл гээд ангидаа ариун цэврийг үзэх, ухуулга яриа хийдэг байсан. Тэгээд 1975 оны 7-н сард шийдвэр гарлаа. Улаан загалмайн хорооны ажлыг хийж байсан Цэдэндамба гэж нэг сайхан буурал өвгөн өөр ажилд шилжих болоод тэгээд би ажлаа хүлээж авч байсан даа. 1957 онд Улаан загалмай анх манай аймагт байгуулагдсан. Анх орон тооны биш Бэхбат гэж хүн тэргүүн байсан. Дараа нь хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Амарсайхан гэж хүн байсан.Амарсайхан, Цэдэндамба гэдэг энэ 2 хөгшин надад хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэж юу юу хийдгийн, ямар үүрэг зорилготой юм бэ? Яаж ажиллах ёстой юм бэ? гэдгийг маш сайн хэлж өгсөн. Намайг Улааан загалмайн дарга болоход Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Түмэндэмбэрэл гуай байсан. Тэгээд би ажлаа аваад анхны тайлангаа нөгөө 2 буурлаараа заалгаад, тайланг ингэж бичдэгийн гээд энэ 2 өвгөн маань бичиж өгч анх удаа тайлангаа авч Монголын улаан загалмайн нийгэмлэгт хорооны ажлаа танилцуулж очиж байсан. Тэр үед ариун цэврийн нөхөрлөл гэж байсан. Ариун цэврийн хамгаалалтанд бэлхэн гээд ерөнхий боловсролын сургуулиудын зургадугаар ангийн сурагчдын дунд ариун цэвэр,эрүүл ахуйн дадал заншил эзэмшүүлэх энэ үйл ажиллагаа их явагддаг байсан. Донорын хөдөлгөөн өрнүүлэх нь улаан загалмайн нэг гол ажил. Мөн хүн амд ариун цэвэр, эрүүл ахуйн дадал эзэмшүүлэх төрөл бүрийн түргэвчилсэн сургалтууд явуулах, ялангуяа залуу эхчүүдэд сургалт явуулах ажлын хэлбэр байсан. Анхан шатны байгууллагын үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, томоохон үйлдвэрийн газруудад Улаан загалмайн байгууллагын үүр хороог байгуулах, анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа их явагддаг байсан.

Дэжид -

Таныг ажиллаж байх үед соёлын довтолгоо гэж улсын томоохон компанит ажил явагдсан. Хэдэн оноос явагдаж байв? Энэ үйл ажиллагааг яаж зохион байгуулж байв? Та энэ ажиллаганд яаж оролцож байв?

Бадамгарав -

1960 оноос явагдсан. Улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэнүүд, хамгийн ойр ажилладаг төрийн бус байгууллага эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч идэвхтнүүдийг бэлдэх, ариун цэврийн нөхөрлөлөөрөө дамжуулж хүн амын ариун цэвэр эрүүл ахуйн дадал заншил эзэмшүүлэх, төрөлжсөн сургалтуудыг их явуулдаг байсан. Залуу эхчүүдийн сургалт, ариун цэврийн хамгаалалтанд бэлхэн сургалт. Айл өрхөөр их явж, ариун цэврийг тогтмолжуулах, ариун цэвэр байхын ач холбогдлыг сурталчлах үйл ажиллагааг их явуулдаг байсан.

Дэжид -

Соёлын довтолгоо чинь зөвхөн үзэж шалгадаг биш сурталчилгаа сургалтын ажлыг их явуулдаг байсан байна.

Бадамгарав -

Тийм. Тэр үед чинь сайн өрхүүдэд дурсгалын зүйл өгөх, муу өрхүүдийг гахай, зараан дээр суулгах гэх мэт ажил явагддаг байсан.

Дэжид -

Тэр үед ариун цэвэр, үзлэгийн дүнтэй холбогдуулан ажилтай нь хүртэл холбож үзэж байсан уу?

Бадамгарав -

Ажилтай нь их холбоно оо. Ер нь ариун цэврээр муу гарсан айл, хүн дээр нилээд хатуу ярьдаг үе байсан. Нийгмийн хоцрогдлыг арилгах, муу зуршлыг арилгах тал дээр үр дүнтэй ажил зохион байгуулж байсан.

Дэжид -

Тэр үед бүх нийтийн дунд ариун цэврийн дадал эзэмшүүлэх, ариун цэврийг сайжруулах, үүр хороодыг шинэчлэн байгуулах ажлыг зохион байгуулж байсан гэж ярьлаа. Та энэ албанд их олон жил ажилласан, маш их туршлага хуримтлуулсан байна. Ер нь ямар туршлагатай байсан бэ? Яаж хүнд хүрч ажиллаж байв? Тэр үед эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа ямар байсан бэ? Төрөөс эмэгтэйчүүдийг яаж дэмждэг байсан. Тэр талаар та бас ярьж өгөөч.

Бадамгарав -

Төрөөс эмэгтэйчүүдийн байгууллагыг бэхжүүлэх талаар маш их арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан. Ялангуяа эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрийг дэмжих, сурч боловсроход нь их арга хэмжээнүүдийг авч байсан. Эмэгтэйчүүдийг албан тушаал дэвшүүлэх, эмэгтэй боловсон хүчнийг дэмжиж туслах ажил явагдаж байсан. Социализмын үед эмэгтэйчүүд нийгэмд их үүрэг гүйцэтгэж, тэдгээрийн байр суурь их бэхжиж байсан.

Дэжид -

Энэ зургыг харахад машинтай нилээн олон хүмүүс байна. Энэ ямар ажилд явж байсан бэ? Яаж зохион байгуулагдаж байв?

Бадамгарав -

Улаан загалмайн байгууллага бол маш их өргөн хүрээтэй, олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажилладаг байсан. 1960-н хэдэн онд нүүдлийн амбулатори гэж намын төв хорооны тогтоолоор эрүүлийг хамгаалах байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусладаг байсан. Нүүдлийн амбулатори аймаг бүрт ажиллаж байсан. Нүүдлийн амбулатори текник машинаар бүрэн хангагдсан. Нүүдлийн амбулатороор нарийн мэргэжлийн эмч нар хөдөө сумдад ажилладаг. Үүнтэй хамтруулаад ариун цэврийн нөхөрлөлийг хөдөө алслагдсан сумдад ажиллуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан. Энэ зураг бол 1983 онд 10-н жилийн 1-р сургуулийн багш нараас бүрдсэн ариун цэврийн нөхөрлөл гээд 23-н эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнтэй нөхөрлөл ажилладаг байсан. Энэ нөхөрлөлиийг мэргэжлийн эмч нартай зохион байгуулаад, энэ нөхөрлөл хөдөө орон нутгийн хүн ардыг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах, ариун цэврийн сургалт сурталчилгаа явуулах зэрэг арга хэмжээг явуулдаг байсан. Ялангуяа хүн хүрч очихгүй бригад дээр нь очдог байлаа.

Дэжид -

Бригад сумаас хичнээн километр зайтай вэ?

Бадамгарав -

Янз бүр. Цаад тал нь 100 гарна. 200-гаад км алслагдсан зайтай газар ч байгаа.Сумаасаа Сүмбэр, Матад сум нилээд зайтай.Тэнд хүрч ажилладаг байсан. Энд ажиллаж байх хугацаанд мөн эмээр үйлчилнэ. Аптек бэлдэж гарна. Эндээс аптек бэлдэж гараад, тэдгээр хүмүүст өгөх, мөн эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, ахуйн барааг авч явдаг байсан. Тэгээд айлд хүргэж өгнө. Мөн байгалийн гамшгийн үед туслах нэг үүрэгтэй манай ариун цэврийн нөхөрлөл. Байгалийн гамшгийн үед их үүрэг гүйцэтгэсэн. 1980,1983 онд манай аймагт маш их түймэр болж байсан. Энэ үед гэрээрээ шатсан хүмүүс их байсан. Энэ үед улаан загалмайн нийгэмлэг хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж, ард иргэд, гишүүдийнхээ дунд хандивийн хөдөлгөөн өрнүүлж их тусладаг байсан. Энд “Юу байна түүгээрээ туслъя” уриан дээр хандивийн туслалцаа цуглуулж, олон улсын улаан загалмайн шугамаар хүмүүнлэгийн өргөн хэрэглээний, хүнсний бараа, хувцас манай аймагт их ирж байсан. Үүнийг вертолётоор өдөрт нь хурдан шуурхай хүргэж өгдөг байсан. Вертолётонд 10-аас доош л хүн сууна. Тусламжийнхаа барааг газар дээр нь хүргэж өгч үйлчилдэг байсан. Улаан загалмайн идэвхтэнүүүд ялангуяа эрүүлийг хамгаалахын ажилтнууд, сургуулийн сурагчид, багш нар энэ үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог байсан. Байгалийн гамшгийн үед хэлмэгдсэн айлд очиход их хүнд. Хэлмэгдсэн айлд очоод сэтгэл заслын үйл ажиллагааа явуулах, тайвшруулах үйл ажиллагааг орон нутгийн нам засаг захиргааны байгууллага, олон нийтийн байгууллагатай хамтарч тэр хүмүүст туслах ажлыг өрнүүлдэг байсан. Бид нарыг очиход гэнэт түймэр ирсэн. Түймэр гэнэт гарахад нэг хэсэг нь гэртэйгээ шатаж, зарим нь зугтаж гарсан. Бадамгарав гээд нэг хөгшин Хөлөнбуйр суманд байсан.Тэр хэдэн хүүхэдтэйгээ худаг дээр очиж түймрийн аюулаас гарч байсан. Тэр чинь бүр хавар 4-н сард гарсан. Тэгэхэд 5,6-н цаг шахуу тэр худаг дээр байсан гэсэн. Бүр даарчихсан. Хэдийд хүн ирэх бол гээд харуулдаж ядаж байсан. Тэгээд хүмүүс очоод тэд нарыг авсан. Тэгээд уйлж байсан. Ингэж амь гардаг юмаа. Гал түймэр, байгалийн гамшиг гэдэг чинь ямар хэцүү юм бэ? гээд уйлж байсан даа. Ер нь бол байгалийн гамшиг бол маш их хүнд л дээ. Гай гамшиг гэдэг бол хэлж ирдэггүй, хийсэж ирдэг тийм учраас ард иргэдийг бэлэн байдалд байлгах, энэ элдэв гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгт сургах асуудал бол Улаан загалмайн нийгэмлэгийн томоохон ажлын нэг. Улсын иргэний хамгаалалтын газартай хамтарч энэ үйл ажиллгааг их явуулдаг байсан.

Дэжид -

Та эмэгтэйчүүдийн байгууллагын ажил, хүмүүнлэгийн ажилд их цаг зарцуулж байсан байна. Ар гэрийн ажлыг тэр үеийн эмэгтэйчүүд яаж зохицуулж байв? Та хэдэн хүүхэдтэй байв? Ер нь хүүхдүүдийнхээ хичээл сургуулийг хэрхэн зохицуулж байв?

Бадамгарав -

Тэр үед зав их бага гардаг байсан даа. Тэр үед хурал цуглаан, секц, дугуйлан маш их явагддаг байсан. 7 хоногийн хагас сайнд ажилладаг байсан. Хагас бүтэн сайн өдөр бараг амардаггүй, эсвэл хөдөө гадаа явдаг, эсвэл албан ажлаар анхан шатны нэгж дээр ажиллах гээд ер нь бол ажил мундахгүй ээ. Ар гэртэйгээ ажиллах боломж бараг гардаггүй байсан. Бүх юмаа ар гэртээ даатгадаг байсан. Манай нөхөр бол үр хүүхэд, хань ижилдээ маш их халамжтай. Манай хадам ээж бол бурхан шиг сайхан хүн байсан. Би бол эд нарынхаа ачаар энэ зэрэгтэй ажиллаж, эд нарынхаа ачаар өдий зэрэгт хүрч яваа гэж боддог. Манай хадам ээж бол миний бүхий л арын ажлыг хийдэг. Би ер нь гэрийн ажил бараг хийдэггүй учраас тэр хөгшиний гар дээр 18-тайдаа тэдний бэр болж очсон. Манай хадам ээж бол зовлон үзсэн, хань ижил нь залууд нь нас барчихсан. 5,6-н өнчин хүүхэдтэй хүн байсан. Манай хүн бол айлын том хүү нь, олон дүү нартай, ээжтэйгээ амьдардаг байсан. Ээж маань маш их халамжилж, бүх юмыг зааж зөвлөдөг. Би ер нь гэрийн ажил гэж мэдэхгүй ээ. Өглөө гараад хоногтоо харина. Хөдөө гадаа их удаан явна. Доод тал нь 7 хоног тэгээд 10 гаран хоног ажиллана. Ямарсайндаа манай том охин анхныхаа хүүхдийг гаргах гээд эмнэлэгт ирчихсэн. Би эмч нарт ажлыхаа газрын хүмүүст захьчихаад Дашбалбар сум луу иргэний хамгаалалтын үзүүлэх сургуулиар явсан. Тэгээд санаа зовж л байсан. Гэтэл өглөө үүрээр гэнэтхэн л охин чинь төрж чадахгүйнээ яаралтай ирэх шаардлагатай боллоо гээд цахилгаан ирсэн. Эрүүлийг хамгааалах газраас машин явуулж байсан. Тэгээд ирсэн чинь охин маань хийсвэрээр төрчихсөн байсан. Манай хүргэн, хадам ээж, аав нь шөнөжингөө эмнэлэг дээр хоносон гэж байгаан. Тэгсэн чинь манай хүргэн бүхэл хайрцаг тамхийг тэр доор нь татчихаж байсан гэсэн. Манай хадам ээж бол эмнэлэгт олон жил асрагч хийж байсан. Шулуун, шударга зантай хүн байсан. Өглөө тасгийн эмч орж ирээд үзлэг хийсэн. Тэгсэн манай ээж сандарсандаа болоод халадгүй сууж байсан гэнэ ээ. Та яагаад халадгүй сууж байгаа юм бэ? гэхэд миний халадтай халадгүй яах вэ? Энэ хүн л эрүүл гарлаа. Та нар энэ хүний эрүүл мэнд дээр л анхаарах хэрэгтэй гээд тасгийнх нь эрхлэгчийг хүртэл загначихаж байсан. Манай хадам ээж, нөхөр 2 маань л ар гэрээ авч явж байсан. Би гэрийн ажилд төдийлөн сайн оролцдоггүй байсан. Ажил гэж л явдаг байсан.

Дэжид -

Тэр үед сургууль,цэцэрлэгийн холбоо ямар байсан бэ? Эцэг эхтэй сургуууль цэцэрлэг яаж харилцаж байв?

Бадамгарав -

Тэр үед ясли байдаг байсан. Хүүхдээ төрүүлээд 45 хонуулаад яслид өгдөг байсан. Ясли их үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо бол яслийн хэрэгцээ их л гэж би боддог. Тэгэхэд айхтар өвчин хүрэхгүй шүү. Яслийн үйл ажиллагаа ч их сайн байсан. Цагаар очиж хүүхдээ хөхүүлнэ. Миний 2 хүүхэд яслиар хүмүүжсэн. 1 хүүхэд гэртээ байдаг байсан. Ээж минь хардаг байсан. Ясли цэцэрлэгээр л хэдэн хүүхэд маань хүмүүжсэн. Манай том охин аавынхаа мэргэжлийг эзэмшээд Математикийн багш болсон. Одоо техник мэргэжлийн сургуульд 20 гаран жил багшилж байна. Гэр бүлтэй 2 хүүхэдтэй. Одоо 50 гаран настай. Би ч залуудаа хүүхэд гаргасан л даа. Дараагийн хүү маань Хэнтий аймгийн Биндэр суманд байдаг. Хувиараа ажил эрхэлдэг. Бага хүү маань гэр бүлтэй 3-н хүүхэдтэй байсан юм. Гэнэтийн өвчнөөр нас барчихсан. Одоо хүү, охин 2-той. Тэр 2 маань хүний зэрэгтэй сайхан л амьдарч байна.Том охин маань боловсролын байгууллагад олон жил ажилласан боловсролын тэргүүний ажилтан. Ард түмний хүүхдийг сурган хүмүүжүүлэх ажилд зүтгэж явна даа.

Дэжид -

За сайхан гэр бүл байна. Түрүүн 2-уулаа нүүдлийн амбулаторийн талаар ярьж байсан. Энэ зурган дээр нүүдлийн амбулатори чинь сурталчилгаагаа хийж байна уу?

Бадамгарав -

Авч явсан аптекаа малчдад тарааж байгаа зураг. Энэ Дорнод аймгийн Булган сумын 3-р бригадад ажиллаж байгаа зураг.

Дэжид -

Бригадын төв дээр хэд орчим айл байдаг байсан бэ?

Бадамгарав -

Бригадын төв дээр дунджаар 70,80-н айл байна.

Дэжид -

Ингэж нүүдлийн амбулаториор явахад хэд хоног явдаг байв?

Бадамгарав -

Бригад дээр доод тал нь 2,3 хоног явна.

Дэжид -

Нийт томилолтоор хэд хоног явдаг байв?

Бадамгарав -

7-14 хоног явна. Зарим томоохон сум дээр сар шахуу ажилладаг байсан. 1сум 5,6-н бригадтай.

Дэжид -

Та нүүдлийн голдуу ажиллаж байж дээ?

Бадамгарав -

Манай аймгийн хамгийн холын сум нь 300 гаруй км Халхгол Сүмбэр сум, дараагийнх нь Баян-Уул 200 гаруй км, хамгийн ойрхон нь 12 км Баянтүмэн гэж сум бий. Ер нь тэгээд 50, 60, 70-н км. Манай аймаг чинь 10 гаран сумтай. Жилдээ сумаараа тойрчихно шүү.

Дэжид -

Нүүдлийн амбулатори бол нилээн олон хугацаагаар явдаг байжээ?

Бадамгарав -

Ялангуяа өвчлөл их байгаа сумдаар олон хоног явна. Өвчлөлийн байдлаас л болно. 0-1 насны хүүхэд олонтой, жирэмсэн эмэгтэйчүүд олонтой бол олон хоногоор ажиллана. Эмэгтэйчүүдийн шугамаар сумдад төрхийн өмнөх амрах байр ажиллаж байсан. Сум дээрээ амрах байртай. Тэр амрах байран дээр 10-аад эхчүүд амарна. Бригадын төвөөс суман дээрээ ирж амаржина. 14 хоног амрах байран дээрээ амраад гэртээ буцдаг байсан. Энэ бол их сайхан арга хэмжээ байсан. Үүнд хүмүүс их дуртай байсан.

Дэжид -

Энэ төрөөс авч байсан том арга хэмжээ юу?

Бадамгарав -

Том арга хэмжээ. Түүнээс гадна аймаг, сумдад ясли, цэцэрлэг их байгуулж байсан. Энэ бол улсын томоохон арга хэмжээ. Энэ нь хүүхдийг өсөж торниход их үүрэг гүйцэтгэж байсан.

Дэжид -

Тийм байрууд их баригдаж байжээ?

Бадамгарав -

Тийм. Энэ улсын иргэний хамгаалалтын үзлэг гээд 1983 онд явж байсан байх. Иргэний хамгаалалтаар чинь их сүртэй. Иргэний хамгаалалтын дохиогоор эрт босно. Энэ үеэр иргэний хамгаалалтын бэлэн байдалд их бэлтгэгдсэн. Чемоданд тодорхой нэр төрлийн зүйл байдаг байсан. Гар чийдэн, лаа чүдэнз, цувнууд, зүү утас гэх мэт ойр зуурын хэрэглээний юмаар хангагдаж байсан. Айл болгон ийм иргэний хамгаалалтын чемоданаар хангагдаж байсан. Хөдөө сумдад үзүүлэх сургалт их хийнэ.

Дэжид -

Иргэний хамгаалалтын үзүүлэх сургалт зөвхөн танай аймагт явагдаж байсан уу? Танай аймаг чинь их онцлог шүү дээ.

Бадамгарав -

Улсын хэмжээнд ээлж дарааллаар бүс болгон явуулдаг байсан. Зүүн, баруун бүс гээд. Манайх зүүн бүс нь. Гэхдээ манай аймаг онцлогтой учраас иргэний хамгаалалтанд их сайн бэлтгэгддэг байсан. Анх хивсний үйлдвэр баригдаж байхад иргэний хамгаалалтын үзүүлэх сургалт, хүмүүнлэгийн голомт дээр ажиллах иргэний хамгаалалтын үзүүлэх сургалтыг энэ обьект дээр их хийдэг байсан. Ямар нэг гэмтлийн үед: цус алдалтын үед ямар тусламж үзүүлэх вэ? Хиймэл амьсгал яаж үзүүлэх вэ? Нуранганаас яаж гаргах вэ? Энэ болгонд манай аймаг сайн бэлтгэгдсэн.

Дэжид -

Тэр үед олон улсын байдал ямар байсан бэ? Танайх хоёр хөрштэй хил залгаа байсандаа энэ асуудалд илүү ач холбогдол өгч байсан болов уу?

Бадамгарав -

Улсын хэмжээнд манай аймаг 1939 оны дайнд хамгийн их хэлмэгдсэн аймаг. Анхны бөмбөг хаясан газар гээд манай энд хөшөө байдаг. Тэр үед нуувч ухаад нуувчиндаа гэхэд л нуувчиндаа ордог үе байсан. Мөн зөвлөлтийн ард түмэнд бэлэг хүргэж байсан. Бэлгийн үйл ажиллагаа их явагддаг байсан. Бэлгийн үйл ажиллагаанд оролцож байсан манай ахмадууд их байсан. Ер нь Монгол-Зөвлөлтийн найрамдлын хот гэсэн статустай л даа манай хот. Энэ үед Монгол-Зөвлөлтийн бие биендээ тусладаг сайхан харилцаа байсан. Донорын хөдөлгөөн манай аймагт их явагдаж байсан. Дайны ар талд шархадсан цэргүүдэд цус өгдөг улаан загалмай үйл ажиллагаа их явагддаг байсан.

Дэжид -

Дайны үед энэ үйл ажиллагаа идэвхтэй байсан уу?

Бадамгарав -

Тийм. Манай аймгаас 16-н эмэгтэй дайны талбарт саналаараа явж байсан. Ийм сайхан түүхтэй. Мөн агт морь, бэлэн хувцас зэргийг манай аймаг маш сайн зохион байгуулсан улсын хэмжээнд. Фронтод мал, хувцас хэрэглэл бүх юмаар туслаж байсан. Дэжид :Иргэний хамгаалалтын талаар тийм ажлууд хийгдэж байсан байна.Тэгээд дайны хүнд гэцүү үеийг биеэрээ мэдэрсэн ард түмний хувьд иргэний хамгаалалтын сургуулийг зөвөөр хийх нь танай аймгийн хувьд их онцлог байж.Хүн болгон үүнийг ойлгож хүлээж авдаг байж. Бадамгарав :Тийм ээ.Их онцлог байсан.

Дэжид -

2-уулаа хамт олон, ажил амьдарлынхаа тухай их л ярьж байна. Таньд нэмж ярих юм байвал ярьж болно.

Бадамгарав -

Би өөрийгөө их сайхан хамт олонтой гэж боддог. Манай эрүүл мэндийн байгууллагын хамт олны хүч, дэмжлэг туслалцаагаар одоо ч гэсэн нэг гэр бүл шиг л байдаг. Сайхан байгууллага, сайхан хамт олныг түшсэндээ би бас их аз завшааантай.

Дэжид -

Таны бахархдаг зүйл юу вэ?

Бадамгарав -

Бахархдаг зүйл бол би хамт олноороо л их бахархдаг. Мөн сайхан найзууд надад их байдаг.

Дэжид -

Ажлынхаа ямар гол үзүүлэлтээр бахархдаг вэ? Ажил хийхэд хүндрэлтэй юм юу байв? Жигшдэг зүйл юу байв? Ер нь хэцүү зүйл юу байв?

Бадамгарав -

Ажил хийхэд бэрхшээл их тохиолддог байсан. Сайхан ч үе тохиолддог байсан. Би багадаа ажилд орсон болохоор Мартын 8-аар анх хүлээн авалтанд орж үзлээ. Хамт олонтойгоо ширээ тойроод сууж байсан. Архи ууж үзээгүй анх тэр хүлээн авалтанд орсон. Тэгсэн нөгөө хамт сууж байсан хүмүүс маань ямарч байсан 3 хундага уудаг юм шүү гээд. Би эхлээд уухгүй гээд. Ямарч байсан 3-ыг уу гэсэн. Тэгээд уусан чинь согтсон юм байлгүй дээ. Сүүлдээ хүний урд байгаа архийг авч уугаад их согтож билээ. Энэ бол миний амьдралд тохиолдож байсан их хүнд зүйлийн нэг л дээ. Архи гэдэг чинь ямар муухай юм бэ? гэдгийг тэндээс их мэдэрсэн. Тэр үед чинь социалист хөдөлмөрийн бригад гэж ажил их өрнөдөг. Ажилд амжилт, бүтээл гаргахад их түлхэц болж байсан уралдаан явагддаг байсан. Социалист хөдөлмөрийн бригад гээд 1960-н хэдэн онд ид өрнөж байсан. Амьдрах, сурах, боловсрох, хөдөлмөрлөх гэсэн хэдэн зарчимтай. Тэр зарчмын дагуу юу юу хийх үү? гэсэн үүрэг жилийн хугацаатай авна. Тэр хугацаандаа юу хийв? гэдгээ шалгуулж мандат авдаг үе байсан. 10 гаруй хүн нэг бригад байсан. Нансалмаа, Норовсүрэн, Пагма, Дулмаа, Жамц гэх мэтчилэн сайхан настангууд байсан. Тэр үед бригадын хөдөлгөөнөөр байгууллагаа тохижуулах, гэр орноо тохижуулах, хамтын хөдөлмөрийн үлгэр жишээ ямар байдгийн үлгэр жишээ социалист хөдөлмөрийн бригад дээр их харагдаж байсан. Баяр ёслол болохоор хамтраад бие биенийдээ очоод дээл оёчихно. Нэг нь бүтэн сайнд гэр орноо барина гэхээр бүгдээрээ очоод хийчихнэ. Одоогоор нэр нь өөрчлөгдсөн болохоос биш Мөнгөн хуримтлалын бүлэг гэдэг басйан. Ийм л зарчим дээр тулгуурлаж энэ үйл ажиллагаа явагддаг байсан гэж боддог. Энэ дээр маш их юм хийж байсан. Хэн нэгэндээ тохиолдсон баяртай үйл явдал, гунигтай зүйл, үхэл зовлон болоход бүх жаргал зовлонгоо хуваалцаж чаддаг хамт олныг бүрдүүлж байсан. Хамт олныг бүрдүүлэхэд хамтарч ажиллахын давуу тал их харагдаж байсан. Миний хувьд ажилд ороод удаагүй байсан. Социалист хөдөлмөрийн төлөө бригад гэж байхад гэр бүл болж байсан. Тэгэхэд намайг айлд очиход хүмүүс үр хүүхдээ яаж айлд хүргэж өгдөг, юу бэлддэг тэр зарчмаар дээлийг минь өнгөлж өглөө. Сайхан аягатай сүү бариад үдэж гаргаж өгч байсан. Энэ маань миний амьдралд тохиолдсон сайхан бахархал байсан. Миний ах дүү нараас илүү хамт олон маань амьдралд анх хөл тавихад түшиг тулгуур болж байсан. Би эрүүл мэндийн байгууллагад 3,4-н даргын нүүр үзэж байна. Даваадорж гээд эрүүлийг хамгаалах газрын дарга байсан. Дараа нь Пүрэвээ гэж хүн болсон. Дараа нь Бадарч гэж хүн байгаад дараа нь Вандансүрэн гэж хүн байсан. Одоо Должин гэж хүн байгаа. 5 дахь үеийн эрүүл мэндийн байгууллагын даргын нүүрийг үзэж байна. Манай хамт олон бол одоо ч хэлхээ холбоотой. Манай системийн байгууллагын удирдах хүмүүс ахмад настангуудаа их хайрлаж, түүх намтрыг нь судалж, тэдний зөвлөгөөг авдаг заншил манай эрүүл мэндийн байгууллагт уламжлагдан явж байгаа. Тэр үед надтай хамтран нэг үйл хэргийн төлөө хамтран зүтгэж явсан олон сайхан найзууд байдаг. Тэр дундаас Бэгзсүрэн гэж дотрын эмч байгаа. Осоржалам гээд хүүхдийн эмч байгаа. Сумдын эмч нараас Баавай, Ичинхорлоо, Батчулуун гэх мэтийн миний үйл ажиллагаанд дэмжлэг болж байсан хүмүүс байгаа. Мөн түүнээс гадна намайг гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүрэхэд Даваа, Дарим гэж ганц охинтой сайхан гэр бүл байсан. Тэр ганц охиноо яаж хүмүүжүүлдэг байсан, яаж халамж хайраа хүргэдэг байсан энэ бүхнийг надад ганц охиноосоо ялгалгүй хайрлаж, халамжилж өсгөсөн. Энэ хүний хүч хөдөлмөр, өгсөн зөвлөгөө надад маш их нөлөөлсөн гэж боддог. Их сайхан сэтгэлтэй. Хичээлээ тараад ирэхэд цайг минь бэлдчихсэн, ямар нэг баяр ёслолоор сайхан ижил дээл хийж өгнө.Тэр үед 45 төгрөгний түрүүтэй ботинки байсан. Тэр үеийн 45 төгрөгний ботинки бол дээд зэргийн гоёл нилээд үнэтэйд тооцогдож байсан. Миний тэр найз одоо надтай хамт өтөлж байна. Тэр маань одоо 9-н сайхан хүүхэдтэй. Шилдэг гэр бүлээр шалгарсан. Хүүхдүүд нь дандаа багш мэргэжилтэй. Энэ хүүхдүүд нь ч гэсэн намайг ээжийнхээ адил хайрлаж, хамгаалж явдаг. Мөн түүнээс гадна Дэжиймаа гэж манай яслийн тогоочооро ажилллаж байсан хөгшин бий. Тэрний хүүхдүүд хүртэл намайг өөрийнхөө ээжтэй адилхан харж, хамгаалж, хүндэлж явдаг.Үр хүүхдүүд нь сайн явж байгаа.Үр хүүхдүүд нь ямар нэг сайхан үйл ажиллагаа болоход намайг урьж оролцуулдаг. Саяхан ач хүү нь намар хуримаа хийсэн. Тэд намайг урьж хот луу авч явж байсан. Сайхан хамт олон, сайхан хүмүүсийг нэрлээд байхад их олон байдаг.

Дэжид -

Та ээж шигээ хайрлаж, хамгаалдаг гэж нэр дурдлаа. Социализмын үед таны энэ их ажлыг тань үнэлсэн баярын бичиг, сайшааалын үнэмлэх дээр нь одон медалиуд, таны сонин дээр гарч байсан олон нийтлэлийг харж байна. Тэгэхээр энэ болгоныг мэдээж хэлж, бичихийн аргагүй их олон зузаан хавтастай юм байна. Таны сайшаалын үнэмлэх, баярын бичиг, тухайн үеийн ажлын амжилт гаргаж байсан зүйлийн чинь тодорхойлолт болсон зарим зүйлийн зургийг нь авч болох уу?

Бадамгарав -

Болноо

Дэжид -

Сонингийн нийтлэлийг бол би уншаад сууж байна. Диплом, одон медалийн үнэмлэхүүдийг таниас зөвшөөрөл авсны дагуу зургийн цомог авъя гээд тавьчлаа. Дорнодын Өндөр ээж гэсэн цолыг авах хугацаанд таны ажил үйлс, хичээнгүй хөдөлмөр их нөлөөлсөн байх. Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан ямар зүйл байдаг вэ? Би бас зайлшгүй асуух асуултаа энэ зүйлтэй холбъё гэж бодлоо. Хэрвээ ийм зүйл байдаг бол та яагаад тэгж үзсэн бэ? Энэ талаараа ярихгүй юу?

Бадамгарав -

За баярлалаа. Ер нь бол нийгмийн идэвхийг өрнүүлэхэд тэр үеийн төр засгийн бодлого их нөлөөлсөн байх гэж боддог. Хүний хөдөлмөрийг үнэлж, сайшаасан тэр зүйл их нөлөөлсөн байх гэж боддог. Энэ үр дүнд хүрсэн явдал маань 1-рт хамт олны дэмжлэг туслалцаа 2-рт төрийн болоод төр нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа маань энэ эрхэм хүндлэлд хүргэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан байх гэж боддог. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж сайхан үг байдаг. Хүний төлөө, хүмүүнлэгийн төлөө санаж, бодож ажилласан маань энд чухал нөлөөлсөн байх гэж боддог.

Дэжид -

Таны ажилд нөлөөлсөн энэ зүйлүүд ажлын үзүүлэлт гэж боддог уу?

Бадамгарав -

Олон нийтийн сонгуульт ажил хүнийг их өргөдөг, дэмждэг. Тэр үед эвлэлийн байгууллагад Ленинч шүүлэг гээд их авдаг байлаа. Эмэгтэйчүүдийн байгууллага гэхээр соёлжуулах, эмэгтэйчүүдийн үйл хэргийг сурталчлах, тэрний амьдрал ахуйг дээшлүүлэх, ядарсан зүдэрсэн хүн байвал нийгмийн ямар халамж, хамгаалал шаардлагатай байна вэ? гэдгийг холбогдох газарт нь уламжлах, амьдрал ахуйд нь туслах энэ бүхэн бол хүмүүсийн сэтгэлд гүн гүнзгий нөлөөлснөөрөө би таашаал авч байдаг. Өрөвч сайхан сэтгэлээр хүнд тусалвал өөийн ажилд бас нөлөөлдөг байхаа гэж боддог.

Дэжид -

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлтийг авчирсан гэж та үздэг юм байна. Таны амьдралд бусдаас онцгой гэх юм байдаг уу? Хэрвээ байдаг бол яагаад тэгж үзэж байна?

Бадамгарав -

Би ямар нэг юмыг хайрлаж, хүндэлж явдаг. Нэг нохой ч байсан энэ хөөрхий өлсөж яваа болов уу? гэж. Одоо ч гэсэн шувуунд будаа өгдөг. Шувуунууд бүр ирээд сурчихсан. Шинийн 3,5,8-нд нохой хооллодог. Энэ маань давхар надад буян болдог байх. Гандан дээр очоод ном уншуулах, сан тавиулах юм байна л даа. Тэр болгон тийшээ яваад байж чаддаггүй. Тэгэхэээр тэр өдөр амьтан хооллоод, хэдэн хүүхдүүдийн хооронд дуу, шүлгийн тэмцээн зохиогоод чихэр авч өгдөг. Энэ бүхнэээ би буян гэж боддог.

Дэжид -

Бусдаас таны ялгарах онцлог бол хүнлэг энэрэнгүй ёс гэж та үзэж байна уу?

Бадамгарав -

Хүнд юм өргөөд даахгүй явж байгаа хүнийг хараад зүгээр хажуугаар нь өнгөрч чаддаггүй.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоонд сайн дурын ажилтанаар 7,8-н жил ажиллаж байна.Анхан бол хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Ийм хүнтэй ямар аргаар ажиллладаг вэ? гэдгийг сайн мэддэггүй байлаа. Ийм хүн байдаг гэдгээс цаашгүй. Дотор нь ороод ажиллахаар үнэхээр их онцлоготой. Нийгмийн хүмүүсийн халамж анхаарал шаардсан, гэр бүлдээ их нөлөөлдөг юм гэдгийг яс махаараа мэдэрсэн. Энэ хүүхдүүдэд туслах маань энэрэнгүй үйл ажиллагааны маань нэг хэсэг. Би хөгширсөн ч гэсэн энэ үйл ажиллагаагаа тэдгээр хүмүүст хүртээх юмсан гэж бодож ажилладаг. Тэндээс би цалин, урамшуулал гэж авдаггүй. Япон, Англи, Америк гээд олон улсын байгууллагаас их туслалцаа үзүүлдэг. Африкийн сайн дурын ажилтан Стирлина, Дила, Марк гээд сайхан мэргэжилтэнүүдтэй ажиллаж байгаадаа бахархдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар төр засгаас ч их арга хэмжээ авч байна. Бид ч гэсэн мэрийж ажиллаж байна. Манай аймагт анх 2003 онд Английн хүүхдийг ивээх сангийн төслөөр хөдөө орон нутагт анхны нөхөн сэргээх төв байгуулагдаж байсан.

Дэжид -

Та одоо ч гэсэн хүмүүнлэгийнхээ үйл ажиллагааг улам өргөжүүлээд явж байгаа юм байна. Эргээд социализмынхаа үеийн ярианаас тодруулах гэж байна. Социализмын үед шашин шүтлэг нээлттэй байсан уу? хаалттай байсан уу?

Бадамгарав -

Тэр үед шашны зан үйл хаалттай байсан. Манай энд Дамдин гээд ном уншдаг өвгөн байсан. Тэрийг хүртэл театрт хөдөлмөрчдийн хурал хийгээд, энэ хүн буруу юм хийж байна гэдэг байлаа. Бурхан тахилаа их нуудаг байсан. Театрт хөдөлмөрчдийг цуглуулаад тэр хүнийг буруушаасан тийм арга хэмжээ авч байсан. Энэ бол тэр үеийн төр засгийн л бодлого.

Дэжид -

Төрд шашин, шүтлэг яаж нөлөөлж байсан бэ? гэдэг дээр таньд хэлэх зүйл байна уу? Монголд шашин шүтлэг яаж өөрчлөгдөв?

Бадамгарав -

Дээр үед их олон сүм дуган байсан түүнийг устгаж байсан.

Дэжид -

Өвөө эмээ чинь гэрлэхдээ ямар зан үйл хийдэг байв? Хөдөөлүүлэхдээ яадаг байв? Энэ талаар таны сонссон, мэдсэн зүйл байвал та ярихгүй юу?

Бадамгарав -

Монголын зан заншил их онцлог. Монгол хүн бүс малгайгаа их хүндэлдэг. Дээлийнхээ захыг хойш нь харуулж тавьдаг. Данхаа хойш нь харуулж тавьдаг. Таггүй данхнаас цай аягалдаггүй, цай аягалахдаа дандаа 2 гараасаа өгдөг. Ийм сайхан Монголын уламжлал байсан. Ах захаа хүндлэх ийм сайхан уламжлал байсан. Үнэгэн малгай, лоовууз их өмсдөг байсан. Дээр үед үйлдвэрийн юм гэж байдаггүй, өөрсдөө хийж өмсдөг байсан. Их хөдөлмөрч хүмүүс байсан. Нэг найр наадам болно гэхэд шөнөжин суугаад л оёчихдог. Өдөр нь малаа маллаад, шөнө нь дээл хувцасаа оёдог. Тэр үед гэрэл, чийдэн байгаагүй болохоор дэнгийн гэрэлд оёдог байсан. Өөхөө хайлуулж, шилэн тос гаргаж аваад, жижиг цөгцөнд хийгээд дэн барьдаг. Тэрнийхээ гэрэлд дээл хувцасаа оёдог.Тэр үед индүү гэж байхгүй. Илүүр гээд 2 хуруу хиртэй, нарийн зүйл байсан. Тэр илүүрээр л дээлээ наадаг байсан. Машин байгаагүй учраас гараараа оёно. Хөвөрдөнө, шаглана. Шаглах гэж яг машины оёдол шиг оёдол байдаг. Дээл хувцасаа хүнээр оёулдаггүй. Эмэгтэй хүн заавал өөрөө юм оёж сурах хэрэгтэй гэж зааж зөвлөдөг байсан. Яаж шилбэ хадах уу? Товч зангидах уу? гэдгийг ээжээсээ өвлөн авдаг зан заншил байсан. Эмэгтэй хүн юм оёж чадахгүй байх нь гутамшиг гэж үздэг байсан. Оршуулгын зан үйл одоогийнхоос өөр байсан. Нутаг нутгийн заншил өөр байх л даа. Манай нутагт морин тэргээр юмуу, үхэр тэргээр хөдөөлүүлдэг байсан. Уулын ам юмуу, энгэр газар шарилаа ил тавьдаг. Цагаан даавуугаар бүтээгээд орхичихно. Тэр тэргээ авчрахгүй тэнд нь орхино. Оршуулганд олон хүн явахгүй. Ойр дотных нь л хүмүүс явдаг байсан. Хүн нас барсан айлаар хүүхдээ их явуулах дургүй байсан. Хүүхэд төрөхөд цээр тогтоодог. Цээр тогтоохоороо үүдэндээ улаан дарцаг тавьчихдаг. Тэр дарцаг тавихаар энэ айлд орж болохгүй. Энэ бол хорио цээр юм л даа. Хүн болгон өөр өөрийн гэсэн аягатай. Тэр аягаа өвөртлөөд явна. Айлд орвол аягаа гаргаж ирээд цай уудаг. Энэ бол Монголын уламжлалт ариун цэврийг сахьсан, халдварт өвчнийг гаргахгүй байх нэг том зүйл байсан.

Дэжид -

Байнга л аягаа авч явах уу?

Бадамгарав -

Байнга авч явна.

Дэжид -

Таны амьдралд өвөг дээдсээс уламжилж ирсэн дурсгалтай эд зүйл гэж байдаг уу?

Бадамгарав -

Цөөхөн хэдэн зүйл байгаа. Эндээс шашны, бар хээтэй хэвлэмэл сийлбэр байна. Бас самрын боргоцой шиг Монголд ургадаггүй нэг юм байдаг. Хажуунаас нь их зорж хэрэглэж байсан. Бас бөөрөнхий чулуунууд байдаг. Эдгээрийг холбогдох газар нь өгч судлуулах бодолтой байгаа.

Дэжид -

Та дурсгалтай эд зүйлүүдээрээ аймагтаа үзвэр гаргасан юм байна?

Бадамгарав -

Саяхан манай аймгийн музейн өдөрлөг болсон. Үүнд аваачиж өгье гэж бодож байгаа. Үүгээрээ ахмадуудын дунд үзэсгэлэн гаргаж дурсгал авч байлаа.

Дэжид -

Тийм байна. Баяр хүргье. Ажиллаж байх үед чинь ямар улсаас мэргэжилтэн ирж байв? Гадаад харилцаа ямар байв? Та гадаад явж байв уу? Гадаад харилцааны талаар та өөрийн амьдралтайгаа холбон ярьж өгөөч?

Бадамгарав -

За. Социализмын үед цөөхөн оронтой харилцдаг байсан. Зөвлөлттэй л ойрхон байнгын харилцаатай байсан. Ялангуяа манай аймагт зөвлөлтийн мэргэжилтэнгүүд, хэд хэдэн цэргийн ангиуд байсан. Цэргийн ангийн эмнэлэг их ажиллаж байсан.

Дэжид -

Цэргийн ангийн эмнэлэг гэж байсан юм уу?

Бадамгарав -

2,3-н газар байсан. Зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй эрүүлийг хамгаалах, Улаан загалмайн чиглэлээр хамтран ажилладаг байсан. Хүмүүнлэгийн байгууллага олон улсын байгууллагатай хамран их ажилладаг байсан. Манай аймгийн хувьд Зөвлөлтийн Улаан загалмайн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх,харилцан туршлага солилцдог байсан.

Дэжид -

Яг хэдэн оны үед вэ?

Бадамгарав -

1980 онд Читийн Улаан загалмайн хороотой туршлага солилцох уулзалт явагдаж байсан. Би 1980 онд Зөвлөлтийн Улаан загалмайн хороотой танилцаж, бага насны хүүхдийг хүмүүжүүлэх, тэднийг тоглоомоор дамжуулан хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаатай танилцан энэ туршлагыг өөрийн аймгийн улаан загалмайн хорооны ажилд нэвтрүүүлж байсан.

Дэжид -

Энэ зураг тэр үеийн зураг уу?

Бадамгарав -

Тийм. 1980 онд Читийн улаан загалмайн хорооны туршлага судлах аялалд бүсийн оношлогоо, эмчилгээний нэгдсэн эмнэлгийн эмч Пүрэвсүрэн, сувилагч Надмидтай хамт явж байсан. Энэ бол Вагоноос бууж байгаад Читийн улаан загалмайн нийгэмлэгийн дарга, төлөөлөгч нартай хамт авхуулсан зураг байна. Дараа нь 6-н сард би дахин Читид очсон. Тэгээд 7-н сард Читийн улаан загалмайн төлөөлөгчид манай аймагт ирсэн. Читийн улаан загалмайн төлөөлөгчдийг аваад манай аймгийн түүх дурсгалын газар Халх голын улаан загалмайн хорооны ажилтай танилцуулахаар авч явсан.

Дэжид -

Зөвлөлтөөс гадна ямар орны мэргэжилтнүүд ажиллаж байв?

Бадамгарав -

Зөвлөлтийн байгууллагатай л хамтарч ажиллаж байсан. Одоо бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоотой их хамтарч ажиллаж байгаа.

Дэжид -

Тэр үед хүн бүр чөлөөтэй гадаад явж байсан уу?

Бадамгарав -

Хүн болгон чөлөөтэй явдаггүй байсан. Хатуу чанга дүрэм, журамтай байсан.

Дэжид -

Ямар хүмүүс явж байсан бэ?

Бадамгарав -

Ажилдаа сайн, туршлага судлаад орон нутагтаа хэрэгжүүлчихээр, зарим нь шагналын журмаар явдаг байсан.

Дэжид -

Та гадаад найз нөхөдтэй байсан уу?

Бадамгарав -

Олон найз нөхөдтэй байсан. Голдуу зөвлөлтийн эмч, улаан загалмайн хорооны хүмүүстэй ойр дотно байсан. Дайны үед нас барсан хүмүүсийн шарилыг эргэхэд түүний үр хүүхдүүд их ирж улаан загалмайн байгууллагатай хамтарч ажилладаг байсан. Аав нь 1939 оны дайнд хэлмэгдсэн Зөвлөлтийн 2 иргэн 1987 онд эргэхээр манай аймагт ирж байсан. Тэрэнд үйлчилж байсан. Зөвлөлтийн баатруудын хөшөө, дурсгал манай аймагт их байдаг. Зөвлөлтийн шарилын газар манай аймагт байдаг. Ийм газруудаар баатруудын гэр бүл Улаан загалмайн конвенцийн дагуу ирдэг. Зөвлөлтийн баатруудын хөшөө дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөх, ар гэрийнх нь хүндэтгэлийн арга хэмжээнд очиж үйлчилж байсан. Энд оролцож үйлчлэхэд тэдгээр хүмүүс их талархан аймгийн Улаан загалмайн хороонд болон надад ил захидал ирж байсан. Дайны хүнд жилүүдэд Монголд үрчлэгдсэн хүмүүс байдаг. Манай Монгол айлд үрчлэгдсэн Буянжаргал гэж Орос хүү Матад суманд байсан. Тэр Улаан загалмайн шугамаар эрэн сурвалжлуулаад, тэр хүмүүстэй би холбоо тогтоож байсан.

Дэжид -

Яагаад хүүхдээ үрчлүүлж байсан юм бол?

Бадамгарав -

Дайны хүнд жилүүдэд хүүхдээ авч явах нь хүнд хэцүү байсан байх. Манай аймагт 2,3-н тийм хүүхдүүд байсан. Тэр хүмүүс надтай байнгын харьцаатай. Киргиз хотын хүн байсан. Тэр гэр бүл жил болгон захидал өгч байсан. Тэр нь одоо болтол надад хадгалагдаж байдаг. Эдгээр хүмүүс бол улаан загалмайн ажил хийж байхад их сайхан дурсамж үлдээсэн.

Дэжид -

Тэр үед цэргийн томоохон анги нэгтгэлүүд, эмнэлэгүүд байсан байна. Ер нь Дорнодчууд гадаадын барааг хаанаас авч байв?

Бадамгарав -

Ихэвчлэн Оросын бараанууд байна. Чойбалсан хотыг тойрсон Орос дэлгүүрүүд их олон байсан. Тэр дэлгүүрүүдээр ордог байсан. Зөвлөлтийн ард түмний тус дэмжлэг бол манай хөдөлмөрчид, хүн амд их дэмжлэг болж байсан. Улаан загалмай, эмэгтэйчүүдийн шугамаар бие биенээ дэмжиж ажиллах, эмэгтэйчүүдэд хоол яаж хийхүү гэсэн сургалтууд их явагддаг байсан. Хүнд мэс заслын тал дээр их хамтарч ажиллладаг байсан. 1983 онд Дарханы цэргүүд манай аймагт татагдаж ирээд Сүмбэрийн отрядын энд явж байгаад хотын ойролцоо 20-н хэдэн км-т машины том аваарт орсон. Тэгэхэд 4,5-н хүн газар дээрээ нас бараад, 10 гаруй хүн хүнд бэртсэн. Тэр хүмүүс аймгийн эмнэлэгт ирж амжихгүй Зөвлөлтийн девизэд эмчлүүлж байсан. Энэ бол том туслалцаа, хамтын ажиллагааны илрэл болж байсан. Цэргүүдийн ар гэрүүд хаа байсан Завхан аймгаас ирж байсан. Тэгэхэд буудал гэж бараг байгаагүй ээ. Тэгэхэд би тэдгээр хүмүүсийг гэртээ байлгаад Зөвлөлтийн эмч нарт ар гэрийг нь танилцуулж байсан. Эдгээр хүмүүс маш их баярласан. Саяхан болтол ар гэрээс нь та манайд ирээч, таны хүчээр манай хүү одоо ажил төрөл хийгээд сайхан явж байна гээд талархлын захидал ирж байсан. Ер нь Зөвлөлтийнхөнтэй хамтарч их юм хийж байсан. Донорын хөдөлгөөн их өрнүүлж байсан. Гэнэтийн осол аваарын үед донорын хөдөлгөөн их үүрэгтэй байсан. Манай аймагт Донорын өдөр гэж явна. Сургууль, томоохон үйлдвэр дээр донорын өдөр гэж тусгай өдөртэй. Энэ өдрөөрөө шагнал урамшуулал өгөх, Монголын улаан загалмайн нийгэмлэгээс гаргаж байсан хүндэт донор алт, мөнгөн медальтангууд манай аймгаас их төрж байсан.

Дэжид -

Та социализмын үед олон гамшгийн бүс, голомт дээр ажиллаж байж дээ?

Бадамгарав -

Тийм. Гал түймрийн үед ч, аваар ослын үед ч ажиллаж байсан.

Дэжид -

Манай Бадамгарав гуай социализмын үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, олон нийтийн байгууллагууд яаж ажиллаж байсныг үнэхээр харуулж байна. Энд их олон зураг, шагнал урамшуулал байна.Энд халх голын дайны 70-н жилийн зураг, бас гэр бүлийн зураг байна. Энэ хэдэн оны зураг вэ?

Бадамгарав -

Би гэр бүлийнхээ хүнтэй 40 гаран жил амьдарсан. Манай хүн их олон дүүтэй. Дүү нар нь өсч, өндийхөд бид 2-ын хувь нэмэр их байсан. Манай хэдэн дүү нар одоо ч гэсэн намайг хүндэлж, хайрлаж явдаг.

Дэжид -

Та зөвхөн өөрийн ах, дүү, үр хүүхдээс гадна нийт Дорнодчууд, Дорнод хотод амьдарч, ажиллаж байсан залуучууд, гэр бүл бүх хүмүүст их хүртээмжтэй ажиллаж байсан нь энэ ярианаас тодорхой байнаа.

Бадамгарав -

Улаан загалмайн нийгэмлэг, олон нийтийн байгууллага маань их өргөн хүрээтэй. Тэр чанараараа өргөн хүрээтэй ажил зохион байгуулдаг байсан.

Дэжид -

Таны үед соёл олон нийтийн ажил, эрүүл мэнд, боловсролын асуудал ямар явагдаж байсан гэж боддог вэ?

Бадамгарав -

Социализмын үед энэ үйл ажиллагаа маш их эрчимтэй явагдаж байсан. Сургууль завсардана гэсэн зүйл байгаагүй. Сургууль төгсөөд сургууль олдохгүй гэж байгаагүй. Ажлын байр байхгүй байна гэж байгаагүй. Сургууль төгсөөд хувиарлагдсан газраа очиж ажилладаг сайн талтай байсан. Одоо бол жаахан хүнд үе ирж байна л даа.

Дэжид -

Шинэ боловсон хүчин ирвэл хуваарийн дагуу хүлээн авах уу?

Бадамгарав -

Манай эмч нар залуу боловсон хүчинг ирэхээр нь хүлээн аваад эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцуулна. Ахмад ажилтангуудтайгаа уулзуулна. Тэр хүмүүс нь өөрийнхөө туршлагыг ярьж өөрийн чагнуур, өөр хэрэглэж байсан зүйлээ дурсгана.

Дэжид -

Тэр үед эмнэлгийн хангамж, хэрэгслийн нийлүүлэлт хэр байв?

Бадамгарав -

Эмнэлгийн тал дээр материаллаг бааз ховор байсан. Шпризц ариутгана гэхэд буцалгаж ариутгадаг байсан. Сүүлд нь ариутгалын аппараттай болсон. Ер нь тэр үеийн хангамж одоо үеийн хангамж өдөр шөнө шиг ялгаатай. Голдуу аппарат хэрэгсэл ирнэ, гэхдээ л хүрэлцээ муутай байсан.

Дэжид -

За Бадамгарав гуайдаа их баярлалаа. Социализмын үед амьдарч байсан эмэгтэйчүүдийн талаар, өөрийнхөө ажил амьдарлын талаар дэлгэрэнгүй ярьсан таньд маш их баярлалаа. Таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

Бадамгарав -

За баярлалаа. Та нарт ч гэсэн ажлын амжилт хүсье. Энэ сайхан ярилцлаганд оруулсанд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.