Namhai
![](../assets/images/interviewees/990520.jpg)
Basic information
Interviewee ID: 990520
Name: Namhai
Parent's name: Dalhaa
Ovog: Nanai Borjigon
Sex: m
Year of Birth: 1928
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Ochirbayanmönh sum, Dornod aimag
Lives in: Choibalsan sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
military
foreign relations
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу? Намхай гуай
Намхай -
Сайн, Сайн байна уу?
Дэжид -
Сайхан зусч байна уу та?
Намхай -
Сайхаан, та бүгд сайхан зусч байна уу?
Дэжид -
Сайхаан. Кембриджийн их сургуулиас Монголын ХХ зууны түүхийн аман төсөл гэсэн ярилцлагыг явуулж байгаа юм. Энэ төсөлд өөрийхөө түүх намтар тухайн үед ХХ зуунд ажиллаж амьдарч байсан талаараа ярилцлага өгөх болсон танд юуны өмнө талархал илэрхиилье.
Намхай -
Баярлалаа
Дэжид -
Ярилцлага эхлэхээс өмнө танаас зайлшгүй асуух 2 асуулт байна. Нэгдүгээрт та ярилцлагад нэрээ нууцлах шаардлага байна уу?
Намхай -
Байхгүй ээ
Дэжид -
Бид хоёрын ярилцлага болоод тухайн үеийг харуулсан фото материал, түүх дурсамжыг тодорхой хугацааны, магадгүй 10,20 жилийн дараа түүх судлаачид судалгааныхаа материалд ашиглах, эсвэл телевиз хэвлэл мэдээллийг хэрэгслээр тодорхой хэсгийг ишлэл болгон ашиглах зэргээр Кембриджийн их сургууль та бид хоёрын ярилцлагыг оюуны сан болгон ашиглах зөвшөөрлийг та олгож байна уу?
Намхай -
Олгож байна аа, татгалзах зүйлгүй
Дэжид -
Баярлалаа. Ингээд хоёулаа таны бага нас хаана яаж өнгөрсөн, та ямар нутаг усны хүн, эцэг эх тань ямар мэргэжилтэй ямар хүмүүс байсан, та ямар гарал үүсэлтэй, ямар яс угсааны хүн бэ? Өөрийхөө бага нас, төрсөн нутаг усныхаа талаар тодорхой ярьж өгөхгүй юу
Намхай -
Тэгье ээ. Би Дорнод аймгийн тэр үеийн Очир Гүн сумын III багийн нутагт төрсөн
Дэжид -
Та хэдэн онд төрсөн бэ?
Намхай -
1928 онд төрсөн, одоо 82 настай. Бага насандаа эцэг эхийхээ гар дээр өссөн, халх үндэстэн хүн. Миний угсаа гэвэл би тайж угсааны хүн. өөрөөр хэлбэл миний өвөг эцэг Гомбо-Дайчин гэдэг хүн байсан юм гэсэн намайг 2 настай байхад нас барсан. Аав маань Далхаа тайж гэдэг хүн байсан, ээж маань Ханд гэж тэр үеийн жирийн нэг Монгол эмэгтэйн нэг байсан. Миний ахмад дээдсээсээ болон авга эгч нараасаа сонссоноор манайх гэдэг айл нилээд сэхээтэн байрын айл байсан гэж ярьдаг. Манай өвөг эцэг Гомбо-Дайчин бол энэ хошууны гадаад асуудал дээр нилээд оролцдог өөрөөр хэлэх юм бол одоогын Хятадын Манжуур, Долнуур, зарим үед Бээжин хүртэл хошуу тамгын газрын төлөөлөгчидийн ахлагч тэргүүнээр нилээд олон жил явсан өөрөө бол Монгол бичиг Манж бичиг, Түвд бичиг, бага зэрэг Хятад хэлтэй хүн байсан. Миний өвөг эцгийн их хүү Лхасан туслагч гэж “Улаан Наран” зохиолд Лха туслагч, өвгөн засагч хийдэг гэж бичигдсэн тэр хүн бол бичиг үсгийн боловсрол их сайтай, их олон жил хошуу тамгын газар алба хааж байсан юм гэсэн. Минй аавын төрсөн ах Санжаа-Жамц гэж лам хүн байсан юм гэсэн. Тэр хүн бол эрдэмийхээ хувьд гавж цолтой. Ламын тушаалын хувьд урд хүрээний цогчин гэсгүй гэсэн албатай байсан. 1938 онд баригдаж хэлмэгдсэн, тэгээд цагаатгагдаж өршөөл хайраа бидэнд үзүүлсэн.
Миний амьдрал бол нилээн хатуу хэцүүг давж өнгөрсэн. Юу гэвэл намайг 8 настай байхад аав маань 46 настайдаа нас барсан. Ээж маань намайг 11 насиай байхад 37 насандаа нас барсан. Би тэгээд 2 өнчин дүүтэйгээ 2 авга эгчийхээ гэр дээр өссөн. Хэлмэгдлийн үед ах лам баригдсан учираас хөрөнгө хогшил гэх юмгүй 10,5 мал ахуйгаа арвидаж өссөн. 2 авга эгч маань бол биднийг эцэг эхээс минь хойш чадах чинээгээрээ байгаа бололцоогоороо бид 3 өнчин хүүхдийг төрснөөс өөрцгүйгээр өсгөсөн. Тэр 2 эгчийхээ ачаар бид сургууль соёлд явцгаасан. 1939 он буюу дайны үед сайн дурын бага сургууль гэж байсан. Очир гүн хошууны 5 сард очоод 9 сард тардаг 4 сарын сайн дурын сургуульд 4 сар орчим суусан. 1940 онд 4 жилийн сургуульд бүх нийтээр бага боловсролтой болгох намын шийдвэрээр 1940 онд бага сургуульд орж 44 онд төгссөн. 1944-1948 хүртэл аймгийн төвийхөө 7 жилийн сургуулийг төгсөөд цаашдаа амьдарахад үнэндээ маш хэцүү байсан. Багш нар маань ч миний амьдралыг мэддэг байсан. Тийм учраас юу ч гэсэн давхар нэг сургуульд сурсан нь дээр байх гэж үзээд 1948 онд УБ хотын багшын их сургуульд орж 1950 онд тэр үеийн дунд ангийн багш нарыг бэлтгэдэг байсан түүх хэл бичгийн 2 жилийн дамжаа төгссөн. Анхныхаа ажилыг Дорнод аймгийн Матад суманд шинээр байгуулагдсан 10 жилийн сургуульд түүхийн багшаар 4 жил ажилласан дараа нь аймгийн төвийн 10 жилийн сургуульд 3 жил түүхийн багшаар ажилласан. Сүүлд төмөр замын 8 жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаад нийтдээ 9 жил гаруй ажиллаад УБДС-д 1959 онд ороод 1963 онд УБДС-ийг түүх, газар зүйн багшаар төгссөн. Тэр үеийн гэгээрлийн яамны зарим сайдууд надтай хамт дунд сургуульд сурж байсан, цуг ажиллаж байсан, жишээ нь Энхсайхны эцэг Мэндсайхан бид хоёр 1944 онд зэрэг V ангид орж байсан. Бид 2 хоёулаа зэрэг VII ангиа төгссөн мөн тэр үеийн гэгээрлийн яамны орлогч сайд Жалхаагийн Цэвээнсүрэн бид хоёр Матадын дунд сургуулд цуг багшлаж байсан. Энэ бүгдтэй мөн сургуулиа гайгүй төгссөнтэй холбоотойгоор намайг хотод аль нэгэн дунд сургуульд ажилла гэсэн би ч үүнийг нь зөвшөөрсөн. Ямар ч байсан залуу байсан болохоор хотод үлдэх сонирхол ч байсан. Хоёрдугаарт тэр үеийн томоохон дунд сургуулиудын захирал, тэр байтугай хичээлийн эрхлэгч хүртэл байртай байдаг байсан гэх мэт шалтгаануудаас би зөвшөөрчихсөн байтал намын төв хорооны боловсон хүчний орлогч эрхлэгч Лувсанцэрэн гэдэг хүн боловсон хүчний зааварлагчтайгаа ирээд манай сургуулийг төгсөх манай ангийн 4 хүүхэдтэй уулзалт хийсэн. Ер нь нэг зүйлийг онцлон хэлэхэд тэр үеийн сургууль төгсөгчдөд маш их хүндэтгэлтэй ханддаг, сургамжаа хайрладаг байсан. Үүний тод жишээ нь 1963 онд улсын хэмжээгээр гадаад дотоодын их дээд сургуульд 300 гаруй хүн төгссөн байдаг. Тэднийг Элдэвочир театрт Цэдэнбал тэргүүтэй улс төрийн товчоо бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзацгааж Цэдэнбал дарга маань шинэ төгсөгчдөд бараг 40 минут эцэг хүний удирдагч хүний ёсоор ажил амьдарлын үнэтэй сургамжуудыг өгч байсан. Үүнтэй холбоотойгоор маргаашаас нь төв хорооноос хүн ирж манай ангиас Пүрэвийн Пэрэнлэй Цэрэндо Цэвэгээ бид 4 оюутныг тусгайлан авч уулзсан тэгээд нам улсын ажил хий гэсэн нэг үгээр хэлвэл орон нутагт боловсорлын газар биш захиргаанд ажиллуулах талаар бид ярьж танилцуулна гэж хэлээд явсан. 07.03нд намын төв хороонд очиход 60 гаруй хүн байсанаас 16 хүнийг намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын хуралд оруулна бусад 40өөд хүнийг намын төв хорооны хэлтсийн дарга нарын хуралд оруулна гэхэд бид 4 тэр 16д багтсан. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөн болж II нарийн бичгийн дарга Цэнд гуай удирдаж Моломжамц гуай, Жагварал гуай, Дүгэрсүрэн, Лхамсүрэн гэсэн хүмүүс байсан. Пэрэнлэйг Архангай аймгийн намын хорооны үзэл сурталч нарийн бичгийн даргаар, Цэрэндог Сэлэнгэ аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар, Зэвэгээг Өвөрхангай аймгийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар, Намайг Дорнод аймгийн төр захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргаар баталсан. Ингээд нутаг усандаа төгсөөд ирэхэд хүмүүс их баярласан. Ингээд ажилаа авахад жирийн нэгэн багш хүнд аймгийн захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг ажил асар томдсон үнэнийг хэлэхэд яаж барна даа гэсэн ажил байсан. Тэгээд сайн нөхөд, сайн удирдлагын хүчээр болох юм даа гэсэн бодол байсан. Би 07.10 очоод 07.13нд ажилаа аваад байж байтал 07.18нд засгын газрын шийд ирсэн. Энэ шийд дээр Дорнод аймгийн захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Намхайг БНМАУ, БНХАУ-ын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэж, багана тэмдэгт босгох хамтарсан VII комиссын Монголын комиссоор томилсугай. Сайд нарын зөвлөлийн I орлогч Моломжамц гэсэн байсан. Үнэндээ би чинь хил тогтоох нь бүү хэл хэрлэн голоосоо хол явж үзээгүй хүн, хил тогтоох комиссын дарга болсондоо нилээн зүрх алдсан даа. Тэгээд учир байдлаа тайлбарлаж хэлсэн боловч явахаас өөр аргагүй болсон. Ингээд БНМАУ, БНХАУ-ын хамтарсан VII комиссын Монголын комиссын дарга гэдэг ажилыг аваад хил дээр 9 сар гаран өөрөөр хэлбэл Соёлз уулнаас Тарваган тахын овоо хүртэл, Ер нь Дорнод баймаг бол Хятадтай 1159.6 метрээр хиллэдэг үүнээс 785 буюу Соёлз уулнаас Тарваган тахын овоо хүртэл хэсгийг тогтоохоор очиж 9 сар гаруй 10 сар шахам болж байж тогтоосон. Үргэлжлүүлэн захиргааныхаа ажилыг хийж байтал 1977-1979 онд БНМАУ, ЗСБНХУ хилийг тогтоох дахин сэргээх комиссын III салбарын гишүүн Дорнод аймагийн төлөөлөгч гэсэн албан тушаалтайгаар дахин хил тогтоох ажилд оролцсон. Энэ бол Хятадын хилийг тогтоож байсан шиг биш зөвхөн хурал зөвөлгөөнд нь очдог, маргаан мэтгэлцээн гарвал уг газар дээр нь очиж үздэг байсан. Ийнхүү 16,17 жил ажилласнаас та чухам аль хэсгийг сонирхож байгаагаа асуувал мартаагүй, санаж байгаа зүйлээ ярихад бэлэн байна аа.
Дэжид -
Та 17 жил энэ хариуцлагатай ажилыг хийж явахдаа 2 чухал том ажилд оролцлж явжээ. МУ-ын тусгаар тогтнол хилийн тэр чухал юуг тогтоох нь нилээдгүй нүсэр том ажмл байсан байгаа. Тэнд хичнээн хүмүүс ажиллаж байсан? Дорнодоос ганцхан та явж байсан юм уу? Монгол талаас өөр ямар ямар хүмүүс байсан юм? Яг тэр үед ямар онцлог үйл явдал болж байв? Танд чухам юу бодогдож байв. Хил тогтоох үйл ажиллагаанд оролцож байсан нэг онцлог байдаг боловуу тэр талаасаа яриач
Намхай -
Би засгийн газрын шийдвэрийг аваад 07.18нд явсан. Тэр үед аймаг орон нутгийн удирдлагаас надад зөвлөсөнөөр би МАХН-ын гишүүний батлахын аймгийн намын хороондоо хургаалгасан. Эр цэргийн батлахыг цэргийн хэлтэстээ хураалгасан, тэр үеийн иргэний үнэмлэх гэж нимгэн улаан хавтастай жаахан юм байсан, түүнийг Чойбалсан хотыхоо захиргаанд хураалгасан. Ингээд Намхай гэдэг хүн бол зөвхөн БНХАУ, БНМАУ-ын хилийг тогтоох хамтарсан комиссын дарга гэж 2 хэл дээр бичигдсэн цаас өвөртлөөд явж байсан. МУ-ын хилийг бид багш байхдаа ч сурагч байхдаа ч бидэнд багш Алтай таван богд л гэдэг. Яг үнэндээ бол Алтай таван богдоос цааш 52 км байгаа Маант гэдгээс Монголын хилийн зурвас эхэлж байгаа юм. Энэ ажилд нийт 7 комисс явсан. Энэ 7 комиссын 6 комиссын дарга нар нь бүгд аймгийн захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан. өмнөговь аймгийх аймгийн гүйцэтгэх захиргааны I орлогч Дамбажамц гэдэг хүн байсан. Сүүлд манай төв кмиссын ахлагч Санжаасүрэнгийн Сосорбарам гуай тэр үед гадаад харилцааны яамны орлогч сайд байсан. 1997 онд Сосорбарам гуайн сонинд бичсэнээр 390 орчим хүн явсан байсан. Миний хувьд хамтарсан 16,17 гэсэн хэсэгтэй байсан. Хамтарсан 16-р хэсэг нь Соёлз уулаас Инжийн овоо хүртэл уг ажилыг хийсэн хамтарсан 7-р салбар комисс нь Инжийн овооноос Тарваган тахын овоо хүртэл надтай хамт 74 хүн байсан. Улс орны томоохон асуудал байсан учираас улс орон үүнд ихээхэн анхаарал хандуулж байсан. 77 хүн явсан 77 хүний 50 орчим нь цэрэг бусад нь энгийн янз бүрийн хүмүүс байсан. 16-р хэсэг нь ахмад Дандарваанчиг гэдэг даргатай 17-р хэсэг нь хошууш Лхагва Очир гэдэг тэр үеийн заставын дарга нараар ахлуулж байсан. Би бол салбар комиссын дарга миний хилийн асуудлыг хариуцсан орлогч дарга Ловдон хошууч гэж аюулаас хамгаалах газрын хилийн төлөөлөгч хүн байсан. Мөн газрын зургын орлогч гэж геодизи газарзүйн ахлах техникч инжнер Дагийраз гэж хүн,миний орчууулагчаар бага дэслэгч НАХЯ-ны ажилтан байсан. Тэр бол орчуулагч бөгөөд нарийн бичгийн дарга байсан. Холбоочноор дэслэгч Бямбаа гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй салбар комисс байсан. Хятадын талаас ч мөн яг л ийм албан тушаалтай хүмүүс ажилласан. Харин Хятадын талаас өнөөх баганаа зөөх тал дээр арай ч олон хүн ажилласан. би бол 2 суудлын тэрэгтэй, 7-8 ачааны тэрэгтэй, 70-80 агт морьдтой, 40-50аад идэшний үхэр, 200аад хонь ямаатай тухайн үеийн зардлаар 800 гаруй мяанган төгрөгийн төсөв зарлагатай байсан.
Дэжид -
Хүндрэлтэй юм байсан уу?
Намхай -
Хүндрэлтэй юм байлгүй яахав. Газар ус цаг агаарын хүндрэлтэй зүйл их байсан. Мөн 2 улс 2 төр засгаа төлөөлж байгаа юм болохоор газар усны маргаан мундахгүй олон гарч байсан. Хамгийн багадаа 7-8 хоног дээд тал нь сар гаруй газар усны иаргаанаас болж ажил саатах зогсох явдал их гардаг. Заримаас нь дурдахад Халх нөмрөгийн бэлчэр гэдэг дээр 27-28 хоног бүрхээрийн овоон дээр 20 гаруй хоног, эцэст нь яг 3 есийн хүйтнээр 3 улсын хил дээр очоод 33 хонож байж хилийхээ асуудлыг шиийдэж байсан. Тэр ажлыг маань үнэлж Цэдэнбал даргын гарын үсэгтэй дурсгалын үнэмлэх, Батмөнх даргын гарын үсэгтэй дурсгалын үнэмлэх, тухайн үеийн шагнал гэж комиссоос хэдэн төгрөг өгч явсан хүн бүрт өгч байсан.
Дэжид -
хил тогтоох комисст манай талаас 1 геодизи байлаа гэхэд Хятадын талаас 2,3 байх ч юмуу тийм харьцангуй зүйл байв уу гайгүй юу?
Намхай -
Үгүй ээ яг адилхан. 7-р комиссын Хятад талын дарга бол Хөлөнбуйр аймгийн орлогч дарга бөгөөд намын хорооны II нарийн бичгийн дарга, Энэтхэг Хятадын хил тогтоох ажилд жаахан бүтэл муутай болоод тарч байсан Жигмэд гэдэг хүн байсан. Би тэгэхэд 34 настай байсан, Жигмэд гуай 47,48 настай надаас нилээн ахмад хүн байсан. Тэр үед хятадууд хэлэхдээ дээд хошууч гэж байсан, манайхаар бол дэд хурандаа байсан. Мөн орчуулагч нарийн бичгийн дарга гээд манайхтай яг адилхан бүрэлдэхүүнтэй.
Дэжид -
Нарийн мэргэжлийн хувьд очсон хүмүүс адилхан байжээ?
Намхай -
Нарийн мэргэжлийн, энгийн бүх хүмүүс, албан тушаал ч адилхан. Насны зарүү л байсан болохоос харьцах харьцаа бол яг ижил тэгш байсан.
Дэжид -
Хэн хэн нь өөрийхөө байр суурь дээр бат зогсоно тийм ээ?
Намхай -
Тэгэлгүй яахав. Ер нь сөөм газар сөөг дэрс өгөхгүй шүү, хүнийхээс бол хуруу газар жаахан бургас ч авахгүй шүү яг л байх ёстойгоороо. Энэ чинь 2 улсын хилийн хэлэлцээр, 2 гадаад явдлын яамны хэлэлцээр 2 төв комиссын протокол зэрэг дээр үндэслэж гарсан газрын зураг гэж байгаа энэнээс л 1 метр газар ч илүү дутуу өгчихлгүй байх ёстой. Бидний үүрэг бол улс төрийн бодлого янз бүрийн юм бол асуудал биш хамгийн гол нь хилээ л тогтоох байсан. Тэр цаг үед чинь Энэтхэг-Хятадын, Вьетнам-Хятадын харилцаа тааруухан байсан, нэн ялангуяа хойд урд 2 хөрш их гүрэн маань ямар байлаа ... Энэ бүхэнтэй уялдуулаад богино хугацаанд тэсвэр тэвчээртэй халуунд халлаа, хүйтэнд хөрлөө гэхгүй, ялаа шумуулд баригдлаа гэхгүй, машин тэрэг саатлаа гэхлгүйгээр болохоос болохгүй хүртэл зүтгэ гэсэн үүрэгтэй ч байсан, нас залуу байсан болохоор тэсч даваад явж л байсан.
Дэжид -
Тэр үед Хятадтай хилээ тогтоосон ганц улс нь манайх байсан гэж үнэн үү?
Намхай -
тэрийг би хэлж мэдэхгүй юм байна аа. Манайхтай хилээ тогтоосон Энэтхэгтэй тогтоох гээд чадаагүй гэсэн. Бусад Азийн улс орнуудтай ямар байсныг мэдэхгүй.
Дэжид -
За баярлалаа. Түр завсалъя
Намхай -
Заа тэгье тэгье
Дэжид -
Хоёуулаа таны ажилж байх үеийн 2 том ажил 2 улсын хил тогтоох ажлын тухай ярилаа. Та аймгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга байхдаа ямар ямар томоохон ажилуудыг хийж байв? Ялангуяа үйлдвэржилтийн тал, анхны сангийн аж ахуйн талаар яриач
Намхай -
Намайг ажиллаж байх үед манай аймаг 4 сангийн аж ахуйтай байсан. Тэрний 3 нь Атарын сангийн аж ахуй байсан. Нэг нь Чулуун хараатын буюу эрээн чулуун сангийн аж ахуй, Сүмбэрийн сангийн аж ахуй, Нөгөө нь Чойбалсан сумын Хэрлэн сангийн аж ахуй гэсэн 3 сангийн аж ахуй шинээр байгууллагдсан. Хуучин сангийн аж ахуй бол нилээн өмнө тавин хэдэн онд байгуулагдсан манайх тавин хэдэн онд анхны маань үйлдвэр гурилын үйлдвэр байсан, 60,70аад онд тэр үеийн ЗХУ болон зарим социалист улс орнуудын тусламжтайгаар эдийн засаг болон техникийн тусламжтайгаар дулааны цахилгаан станц, мах комбинат, хүнсний комбинат, ноос угаах үйлдвэр, хивсний үйлдвэр, радио өргөн нэвтрүүлгийн станц, 10000 м кв бүхий орон сууцны хороолол, хэд хэдэн дунд сургууль, нэгдсэн эмнэлэг гэх мэтчилэн обектууд ашиглалтад орж Дорнод аймгийн ялангуяа Чойбалсан хотын иргэд хөдөлмөрчидийн амьдрал ахуй маш сайхан байсан. Намайг ажиллаж байх үед Дорнод аймаг маань аймаг хооронд зарласан социалист уралдаанд 3 удаа II,III байр эзэлж байсан. Засгын газрын жуух бичгээр шагнагдаж байсан, 4 газрын шилжин явах туг мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Үүнд би гар бие оролцсон гэж хувь хүртэж л явсан. Тэр үеийн нэг онцлог бол ажилгүй хүн гэж байгаагүй гэж би бардам хэлж чадах байна. Ажил олдохгүйн зовлон гэж ерөөс байгаагүй ганцхан өөрийн арчаагүй салан задгай, сахилгагүй байдлаас цөөн хэдэн хүн ажилгүй байсан байх. Ямар ч байлаа гэсэн ажилын насны хүнийг ажил, хөдөлмөртэй байлгах, цалинтай байлгах гэсэн тэр үеийн нам төрийн бодлого түүнийг нь хэрэгжүүлэх аймаг орны гол үүрэг байсан үүнийгээ ч хэрэгжүүлж байсан гэж боддог доо. Үүнээс гадна хүмүүсийн сэтгэхүйд улс орноо гэсэн өөриймсөг сэтгэл их байсан гэдгийг баттай хэлж чадна. өөрөөр хэлбэл нь дарга нь ч бай үйлчлэгч нь ч бай өөрт оногдсон ажилыг хийнэ гэж хийх хийхдээ маш сайн хийнэ гэсэн эрмэлзэл ард түмний дунд, хөдөө аж ахуй нэгдэлийн хүмүүсийн 80-90% ийм л сэтгэхүйтэй ажиллаж байсан тийм учираас ажил үйлс бүтэмжтэй байсан. Хүмүүсийн амьдрал 60-70аад оны үед харьцангуй сайн байсан. Айхтар баяжсан хүн байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна, гэхдээ сайн малчин, сайн ажилчин, сайн нэгдэлчид бол бусдаасаа илүү л байсан байх. Ерөнхийдөө бол дийлэнх нь аятайхан дундаж амьдралтай ажил үйлс явагдаж байсан даа.
Дэжид -
Та энэ хариуцлагатай албыг олон жил хашиж байсан. Албан тушаалд тухайн үед яаж тавьдаг байсан юм? Таныг 17 жил ажилыг хийхэд хаанаас таны энэ албан тушаалыг сонгож байв? Хурлаар хэлэлцдэг юм уу тогтоол гардаг юм уу? Яаж энэ албан тушаал дээр ингэж олон жил ажиллав?
Намхай -
Би аймгийн гүйцэтгэх захиргааны харуцлагатай нарийн бичгийн даргаар 10 жил, Чойбалсан хотын намын хорооны даргаар 8 жил ингээд нийтдээ УБДС төгссөнөөс хойш 25 жил ажиллахдаа энэ аймгийн гол гол байгууллагуудад ажилласан байна. Боловсон хүчнийг шилж сонгож тавих тэр үеийн намын бодлогыг би зөв л гэж ойлгодог. Яагаад гэхээр би жирийн нэг дунд сургуулын багш мэргэжлээрээ УБДС төгсөөд мөн л багш, багшын ажил хийнэ л гэсэн зорилготой байсан. Тэр бор байшинд буюу засгийн газрын ордонд таньж мэдэх сайд дарга байтугай бойлерийн слесарь ч байгаагүй, бохирын цэвэрлэгч ч байгаагүй. Гэтэл ямар судалгаагаа баримталдаг юм мэдэхгүй юм намайг энэ хариуцлагатай ажилд 25 жил нэг их айхтар алдар гавъятай биш ч гэсэн алдаа эндэгдэлгүй хааж чадах хүн гэдгийг тухайн үеийн нам төр л олж харсан.
Дэжид -
Намын төв хорооны тогтоолоор та томилогдоно биз дээ?
Намхай -
Тэгэлгүй яахав намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоолоор томилогдоод сайд нарын зөвлөлийн тогтоолоор батлагдсан. Энэ хугацаанд алдаа эндэгдэлгүй энэ ажил үүргийг гүйцэтгэсэн болохоор ганц би ч биш тэр үеийн ихэнх боловсон хүчнүүдийг нүдийг нь олж тавьдаг байсан гэж би боддог доо.
Дэжид -
аймаг орон нутгийн удирдах ажилыг хийж байх тэр үеийн гадаад улс орнуудын хаоилцаа ямар байсан бэ?
Намхай -
Тэр хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг чинь энгийн нэг эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын ажил биш л дээ. Миний хариуцлагатай ажил гэвэл нэгдүгээрт засаг захиргааны ажил аймгийн захиргааны дотоод ажил, хурал зөвөлгөөн, өргөдөл гомдол гэх мэтийн захиргааны шууд хариуцах ажил үүн дээр би аймгийн ардын боловсорлын асуудлыг, эрүүлийг хамгаалах асуудлыг, соелын асуудлыг, биеийн тамир спортын асуудлыг шууд хариуцдаг эрхэлдэг дарга, одоогийхоор бол нилээн хэдэн, 4 яамны асуудал хариуцдаг, дээрээс нь гадаад харилцааны яамны төлөөлөгч гэсэн нэг их цалин хөлсгүй ямар ч байсан хийхээс өөр аргагүй ажил байсан. Тиймээс гадаад явдлын яамны төлөөлөгч гэдэг үүднээсээ тэр хилийн комиссуудада явж байсан болов уу гэж би боддог. Үүнээс гадна янз бүрийн жишээ нь хүүхдийн төлөө фронтын аймгийн комиссын дарга, хилийн цэрэгт туслах аймгийн намын хорооны дэргэдэх штабын орлогч дарга гэх мэтийн янз бүрийн комисст ихэнхэд нь байдаг байсан. Үнэндээ би хамгийн түрүүн ажил хүлээж аваад газар хэлтсийн дарга нарт тус бүрд нь ажилаа танилцуулахад би ардын боловсорлын хэлтсийн танилцуулгыг өөрөө боловсорлын байгууллагт 10-аад жил ажилласан болохоор түүний ажилыг тоймилж байсан. Соёлын асуудлыг жаахан гадарладаг байсан. Бусадыг нь бол огт мэдэхгүй эгээ л танихгүй хүнтэй уулзаж байгаа мэт байсан. Энэ бүхнийг аймгийн гүйцэтгэх захиргааны хамт олон, тэнд ажиллаж байсан хуучин аймаг орныг удирдаж байсан удирдлагууд, хамт ажиллаж байсан хүмүүс, сургууль төгсөж ирсэн залуучууд гэх мэт бүхий л хүний дэмжлэг туслалцаатай ер нь эхний нэг жил бол тэд миний багш байсан. Тэгээд яваандаа тэдэнтэйгээ гайгүй харилцаад өгсөн үүрэг даалгаварыг хөөцөлдөөд байж чадах болсон. үнэнийг хэлэхэд хүн удирдах ажилыг 25 жил хийнэ гэдэг хүнээс сурах юм асар их байдаг. Ганцхан жишээ хэлэхэд зохиомол хээлтүүлэг гэдгийг багш байхад огт мэддэггүй, сонирхдоггүй байсан. Гэтэл аймгийн захиргаанд ирэхэд хөдөө гараад хадлан тариалалт л гэнэ, хээлтүүлэг л гэнэ бүгд л танихгүй хүнтэй уулзаж байгаа мэт байсан. Зохиомолын техникч гэж хүнээс яадаг юу хийдэгийг нь асуугаад шалгах гэж очиж байгаа хүн маань нөгөө охиноор бух үнээний ороо энэ тэр элдэв юмнуудыг хэлүүлж байгаад сүүлдээ өөрөө тэр зохиомолыхоо тухай өөр нэг газар очоод мэдэмхийрээд сайхан ярьж байдаг байлаа. Би одоогийн энэ залуучуудад нэг л юм хэлдэг МАХН ч бай АН ч бай та нар хүн битгий гол дэрсний нөмөрт байгаа нэг өвгөн хөгшин хоёрыг ч битгий тойрч гар заавал ороод мэндлээд 5, 3 үг аятай тухтай солиод явж бай. Та нарын одоогын энэ ажиллаад байгаа одоогын хууль дүрэм засаг төрийн бодлогыг 80 гарсан өвгөн би яаж ойлгохов ойлгох ч юм байна ойлгохгүй ч юм байна. Ямар ч байлаа гэсэн удирдах ажил хийдэг хүн дагаж мөрдөх хэдэн юм байна гэж би хэлдэг. Нэгдүгээрт хүн бүхэнтэй тулж ажиллаж бай. Хоёрдугаарт өөрийхөө тавьсан шаардлагаа өөрөө биелүүлж сур, та нар заавал өглөө 8 цагт цуглаж бай гэж шаардаж байгаа юм бол наймаасаа арай өмнө байгаа хугацаандаа би байж л байхыг бодно. Гуравт нь өөрийхөө алдааг битгий ярь. Тэр үед удирдах хүн ийм шинжийг агуулах ёстой гэсэн олны доторх яриа байлаа. Дээдэхдээ гай болохгүй ажил дэргэдэхдээ тээр болохгүй ажил доорхдоо дарамт болохгүй ажил гэж нэг үгээр хэлвэл даргадаа гай болчтхолгүй шиг, хажуудаа байгаа хүнээс элдвийн юм шалгаагаад ажилыг нь ч хийлгэхгүй ажилаа ч хийхгүй, доод албан тушаалтандаа элдэв ангаар алагчилж битгий харьц гэсэн үг байдаг. Үүнийг би бас зөв ч юмуу гэж боддог. Удирдах хүн гэдэг бол хүнд тавьж байгаа шаардлагаа их ч бай бага ч бай өөрөө заавал биелүүлдэг байх ёстой. Тэгж байж л олны дунд нэр хүндийг олж авдаг.
Дэжид -
Таныг энэ удирдах ажилыг олон жил хийхэд гэр бүл бас их үүргийг гүйцэтгэсэн байгаа. Та хэдэн онд гэр бүл болж байв? Хэдэн хүүхэдтэй вэ? Тухайн үед шинэ гэр бүл бологсодыг нам засаг төрөөс яаж дэмжиж байв?
Намхай -
Би 1953 онд 25 насандаа гэр бүл болсон. Гэр бүл маань тэр үеийн УБДС-ийн тоо физикийн ангийг төгсөөд Матад суманд багшаар томилогдсон. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүн. Бид хоёр 50 жил хамт амьдарсан. 2002 онд хөгшин маань ойчсон. Тэр үед одоогийхтой адилхан тэгж 5,6 зуун мянгаар нь мөнгийг шидээд байсан юм байхгүй ээ. Бид 2 тэр үеийн сэхээтнүүдийн л нэгэн адил нэг нь нэг 60ын чемодан нөгөө нь нэг 70 чемодантай нөмрөх хөнжил дэвсэх нэг юмтай ийм л байдлаар сургуулийн нэг өрөөнд гэр бүл болсон. Манай гэр бүлийн хүн бол их сайн эх, сайн хүн байсан гэж бардам хэлнэ. Би чинь хөгширч байж 30 хүрч байж дээд сургуульд орсон шалтгааныг би түрүүнд хэлсэн амьдрал үнэхээр хүнд байсан гэж. 4 жилд 4 хүүхэдтэй дээд тал нь 7 хүрээгүй доод тал нь ой ч хүрээгүй 3,4 хүүхэдтэй гарцгаасан. Энэ хүний хүчээр гэр бүл маань УБ хотын XVI дунд сургуульд багшилж байсан. Энэ цалингаараа 2 идэхгүй хоосон хонохгүй 4 жил сурсан маань энэ хүний гавъяа. Сүүлд аймгийн захиргаанд байх үед 17,18 жил би чинь гэртээ бараг байдаггүй байлаа. Ер нь сард 10 хоног гэртээ байвал дээдийн заяа 15 хоног байвал ч тэрнээс илүү юу байхав. Байнгын өнөө лцаг үеийн ажил байдалтай шалгах танилцах үзэх харах хурал зөвөлгөөнд нь очих ирэх гэх мэт эдгээр ажилуудын хооронд гэр бүлийн хүн маань үр хүүхдүүдийг маань өсгөлөө. Миний тэр хугацаанд эрхэлж байсан зүйл бол хэдэн төгрөг л авчирч өгөх, цалингаа л авчирч өгөхөөс өөр надад зав ч байгаагүй.
Дэжид -
Ер нь ажлын цаг гэж хязгаарлагдах юм байгаагүй цаг наргүй ажиллах уу?
Намхай -
Цаггүй, ер нь дарга нарын дотроос цагын тухай ярих юм бол тэр үед чинь нэг их сайн үнэлэт авахгүй шүү дээ. Шөнийн 2,3 цаг хүртэл хуралдах янз бүрийн ажил алиныг тэр гэхэв дээ.
Дэжид -
Энэ олон жилийн хугацаанд ар гэрийн гол ажилыг гэр бүлийн чинь хүн авч явсан юм байна тийм үү
Намхай -
Гэр бүлийн хүн манай хөгшин чинь 38 жил багшилсан даа. Мөн л цаггүй ажил, яахав хөөрхий минь ирэн очин л байсан. Яахав сүүлийн үед байр сууцанд байдаг цалин мөнгө ч байс гайгүй боломжийн байлаа. Хүүхдүүдийн том нь багыгаа тэвэрч байгаад өөрсдөө л өсцгөөсөн дөө. Дээд тал нь одоо 56 настай, хамгийн бага нь 46 настай байна даа.
Дэжид -
Тэр үед сургууль цэцэрлэгийн хангамж хэр байсан бэ?
Намхай -
Тааруухан нь тааруухан байсан. Миний хувьд оюутан байхдаа 16-р цэцэрлэгт хүүхдээ өгдөг байсан. Эцэг нь оюутан юм эх нь багш юм гээд авсан байх л даа. 16-д 4 жил болсон. Ирсэн хойноо аймагт ажил төрлийн үүднээс хариуцсан дарга нь байсан юм хойно хүүхэд цэцэрлэгт явж л таараа.
Дэжид -
Хүүхдүүдээ ямар боловсрол эзэмшүүлэв? Бүгд боловсрол эзэмшсэн үү? Хаана голцуу ажиллаж байна?
Намхай -
2 хүүхэд маань МУИС төгссөн нэг нь хуулийн анги төгсөөд Чойбалсан хотын шүүгчээр ажиллаж байгаад одоо аймгийн ерөнхий шүүгч хийж байгаа. Нөгөө нэг нь сая орж ирээд гардаг охин, наддаа л охин болохоос 50 хүрж яваа хүн л дээ. Энэ маань их сургуулийн санхүү эдийн засгийн ангийг төгссөн Дорнод аймгийн мах комбинатад нярав байсан сүүлд Улаанбаатарm өргөө кино театрт, Улаанбаатарт сансарын урд байдаг ахуй үйлчилгээ чинь юу билээ?
Дэжид -
Тийн тийн сансарын ахуй үйлчилгээ
Намхай -
тэнд хотод байхдаа өргөө кино театр тэр ахуй үйлчилгээний төвд нягтлан бодогч хийж байсан. Их сургууль төгссөн 2 нь тэр. Гуравдах хүү хойно Узбекстаны Ташкентд соёл урлагийн дээд сургууль төгссөн. Төгсөж ирээд аймгийн хөгжимт драмын театрын даргаар 16 жил ажиллад сая аймгийн музейн захирлаар очиж ажиллаж байна. Нэг охин дээр үеийн гадаад хэлний дээд сургууль гэж байсан даа орос хэлний дээд сургууль ч гэдэг байсан. Тэрнийг төгсөөд хэдэн жил багшилж байгаад одоо захын байцаагч хийж байгаа. Бага хүү ХААИС-ийн инжнер механикийн анги төгсөөд хилийн цэргийн аж ахуйд засварын инжнер, ерөнхий инжнер хийж байгаад намайг сангийн аж ахуйд орох үед дотор орж ирсэн, орж ирээд хот тохижуулах газрын дарга хийж байгаад одоо аймгийн захиргааны хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байна. Нэг хүү манай хөдөө аж ахуйн техникум төгсөөд малын бага эмчээр нилээн ажиллаж байгаад цэрэгт яваад тэнд бас малын эмчээ хийж байгаад сүүлд Солонгос яваад тэнд 6 жил хар бор ажил хийж байгаад ирсэн.
Дэжид -
Ач зээ одоо хэд хүрч байна.
Намхай -
ач зээ гэвэл 13 болж байна. Ачанцар зээнцэр 6 болж байна.
Дэжид -
4 дэх үеээ үзэж байгаа юм байна
Намхай -
Тийм тийм өөрөөр хэлбэл 82 наслахад 4 дэх үеэ үзэж байна.
Дэжид -
Намхай гуай таны үед чинь энд зөвлөлтийн арми байрлаж байсан уу? Зөвлөлтийн анги нэгтгэлүүд их байсан ш дээ энэ талаар яриач
Намхай -
Дэлхий дахины байдал тэр 60аад сүүл үеэр нилээд ээдрээтэй байсан байх. Хойд урд 2 хөршийн харилцаа ч гэсэн сайнгүй байсан. Манайх ч бас урд хөрштэйгээ тийм ч сайнгүй байсан. Энэ бүхэнээс болоод 1967 оноос Зөвлөлтийн цэргийн ангиуд ирсэн. 60аад оны сүүлээс ирээд 90ээд оны эхэн хүртэл байж байгаад буцсан даа. Би өөрөө цэргийн хүн биш цэрэгт явж үзээгүй хүн, ямар ч байлаа гэсэн цэргийн том анги, нэг нислэгийн том корпус, танкийн нилээд хэдэн ангиуд байсан. Энэ үед манай аймгийн хүн ам нилээн өсч байсан байх. Яагаад гэвэл мах талхнаас нь эхлүүлээд нэн ялангуяа цэргийн ангиуд талхаа өөрсдөө хийчдэг махыг нь аймгийн мах комбинатаас өгдөг байсан даа.
Дэжид -
2 хөрштэйгөө хил залгаа, цаг үеийн байдал тийм ээдрээтэй байхад сонор сэрэмжиэй ажиллах ч юмуу, ажилын бэлтгэл байнгын бэлэн байдал энэ тэр гэсэн асуудал ажилтнуудын толгойд хэр байсан, ер нь ямар байдалтай байсан бэ?
Намхай -
Суртал ухуулгаар явагддаг л ажил л даа. Тэр үед чинь иргэний хамгаалалт гэж юм их явдаг байлаа. Иргэний хамгаалалтын сургуулилт бол нийт ард иргэдийг хамарсан өрг хэмжээ ер нь бараг жил бүр шахам, насны ялгаварлал байна л даа мань мэт хөгшин хүмүүс юу гэж байхав. Ер нь гэхдээ иргэний хамгаалалтын сургуулилт бол тэр үеийн үйлдвэр аж ахуйн нэгж, нам төр зөсөг захиргааны байгууллагуудын дунд бараг жил бүр явагддаг байсан. Дээрээс нь цаг үе нилээн ширүүвтэрхэн байдалтай үед бол аймгийн удирдах байгууллага, аймгийн намын хороо ардын депутатын гүйцэтгэх захиргаа бол дээр дооргүй тухай тухайн үед нь шаардлага байвал авах арга хэмжээний төлөвлөгөөтэй ажилладаг байсан, бидний сууц байр хүртэл нилээн тийм юу ер тэр үед жаран хэдэн оноос далан хэдэн он хүртэл аймгийн намын хорооны товчоо ардын депутатын гүйцэтгэх захиргааны гишүүд гэдэг чинь аймаг орны удирдлагууд, өөрөөр хэлбэл төв хороо, засгийн газар гэсэн үг л дээ. Бид чинь тухайн үеийн төр үасгийн шийдвэрээр хуваагдан байрладаг байлаа. Байр сууц ч бидэнд өгсөн, хуваагдаж байрла гэсэн болохоор энд гэхэд миний баруун талын айл бол манай аймгийн даргын байр тэгээд манайх жишээ нь энэ 9-р байранд аймгийн намын хорооны нэгдүгээр даргын байр, аймгийн гүйцэтгэх захиргааны I нарийн бичгийн даргын байр тэнд цэргийн хэлтсийн даргын байр энд аюулаас хамгаалах газрын даргын байр гэж жишээний. Бидний чинь утас хүртэл тусгай поролтой дуудахад бэлэн байдалтай байна даа. өдөрт энэ утасыг чинь хэдэн удаа шалгаад л жишээ нь Намхай даргын утас ажиллаж байна уу гэх мэтчилэн. Тэр поролыг нэг бол Хэрлэн ч гэж байх шиг нэг бол Туул ч гэж байх шиг эсвэл Орхон гэх мэтчилэн ойрхон ойрхон солиод байна.
Дэжид -
Олон улсын байдалтай уялдуулаад батлан хамгаалах тал дээр ийм байж, Ер нь эрүүлийг хамгаалах, соёл урлагын асуудлыг хариуцаж байсан гэсэн тэр үед урлаг соёл, эрүүлийг хамгаалах зэрэг дээр нам засаг улсаас ямар бодлого баримталж байсан юм?
Намхай -
Эрүүлийг хамгаалах тал дээр том арга хэмжээг авч байсан. Нэн ялангуяа эмч мэргэжилтэнээр хангах, унаа тэргээр хангах, манай нэгдсэн эмнэлэг чинь Бережнев даргын Монголд айлчилахдаа 1966 онд бэлгэлсэн 10 эмнэлэг 10 сургуулийн нэг нь юм.
Дэжид -
Тэр үед аймгуудад нэгдсэн эмнэлэг байсан уу?
Намхай -
Байсан байсан. Гэхдээ энэ сайхан 4,5 давхар эмнэлэг зэргийг жаран хэдэн онд л босгосон. Манай аймаг, Чойбалсан хот чинь цэргийн хот юм шүү дээ.
Дэжид -
Хэдэн онд анх байгууллагдсан юм?
Намхай -
1931 онд байгууллагдсан ирэх жил 80 жил нь эхэлнэ. чойбалсан хот чинь хойноосоо урагшаагаа зарим газраар 8 км зарим газраар 4 км биш ээ 4 км, 2 км баруун зүүн тийшээгээ 25 км юм. Сан бээсийн хүрээ гэдэг нь ойр хавид нь хошуу тамгын газар, хийд хүрээ зэрэг гол газрууд нь байсан. Сүүлийн үед 1930 хэдэн оноос энэ аймагт тухайн үеийн гайгүй гайгүй барилгууд баригдсан. Гэхдээ дандаа хоорондоо энд тэндгүй цэргийн 17-р арми гээд Оросын бүхэл бүтэн штаб энд ажиллаж байлаа. Дээрээс Монголын 5-р дивиз гээд бүхэл бүтэн дивиз байсан. Тэр дивизүүд байрлахдааа цэрэг дайны юм болохоор хоорондоо нилээн зайтай зайтай байрлана. Тийм учираас ингэж сунаж тогтсон байна. Зарим хүмүүс яахаараа ингэж хотоо байгуулдаг байнаа гэж гайхсан байртай ярьдаг юм. Анхны зориулалт нь цэргийн хот юм. Баянтүмэн гэдэг маань Оросууд Баяана Город гэдгээрээ нэрлэсэн Баянтүмэн гэдэг маань энэ газар усныхаа нэрээр нэрлсэн юм. Түмэн өлзийтийн өлзийт гэж хэдэн толгод байна. Хойгуурх хэдэн толгод Хан уулын баруун талд Баян гэдэг уул байна. Ингээд Түмэнөлзийтийн Түмэн Баянгийн баян ингээд газрыхаа нэрээр Баян Түмэн гэж нэрлэсэн учиртай.
Дэжид -
тэр үед соёлын довтолгоон гэж томоохон асуудал . . .
Намхай -
Бүх нийтийг ариун цэвэрч соёлч болгохын тулд ор дэвсгэрийн даавуунаас эхлүүлээд ширээний бүтээлэг, за тэгээд эрүүл мэнд, хувцаслалт зэрэг бүх зүйл дээр анхаардаг шалгадаг, сайшаах нэгнээ сайшаадаг ч байсан, үнэхээр бололцоотой хирнээ арчаагүй байх гэсэн хүн байдаг тиймэрхүү залуу улсуудыг зэмлэх ч юм байдаг байсан. Сайн байвал сайшаалын үнэмлэх, тааруу байвал шаардах хуудас гэдэг юм хүртэл өгдөг байсан.
Дэжид -
тэр үед аймаг улс орны хэмжээнд нилээн том компанит ажил болж чадсан уу?
Намхай -
Чадсаан чадсан
Дэжид -
үр дүнгийн талаар ???
Намхай -
үр дүн байлгүй яахав. Манай аймаг товиад он хүртэл ер нь бид чинь 50аад он хүртэл тулгатайгаа л байсан шүү дээ. Тэр үеэс тулгаа сольж төмөр зуух болгоно Би чинь 50-54 онд Матад суманд багш байхдаа пийшинтэй айл битгий хэл зуухтай айл цөөхөн, ил галаа түлээд л анаах унь тооно нь тас хар болцон ийм л байсан даа. Харин 63 онд сургууль төгсөж ирээд хөдөө явахад эрс өөр болсон байсан. Бараг отроор нүүж байгаа айл хүртнл пийшингийхээ хэдэн тоосгыг аваад нүүдэг, очоод дээр үед өндөр настнууд нэг хэдэн тоосгоор цайгаа чанаад уучих пийшин барьдаг байсыг ядах юмгүй, ханаа дугуйлаад л пийшингээ бариад тэгээд л сайхан пийшитэй болчдог байсан. Тэр үед нэгдэл сангийн аж ахуйнууд нилээн сайхан байшин барилгатай байсан, зочид буудлуудын тухай ойголт 50аад оны үед байгаагүй л юм 63 онд төгсөөд ирэхэд зочид буудалгүй нэгдэл сангийн аж ахуй гэж байхгүй байсан. Гуанз хоолны газар байхгүйтэй адил байсан бол хаа сайгүй л байдаг болсон байсан. Энэ бүхнийг бол би хагжил л гэж ойлгодог.
Дэжид -
танай аймаг чинь хамгийн анхны жимс жимсгэнийн станц халх голд байгуулсан гэдэг
Намхай -
нэрт зохиолч Удвал гуайн 13 гэдэг томоохон өгүүллэг 60аад онд гарч байсан. Тэр станцын хувьд эхлээд нэг 10аад залуучууд ирсэн. Анхны станцыг хуучин халх голын төв дээр байгууллагдсан.
Дэжид -
Тэр чинь хэдэн оны үед байгууллагдсан бэ?
Намхай -
энэ 60аад оны эхээр юм болов уу сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан намайг 63 онд ирэхэд нилээн тохижцон байсан. Даргаар нь Хүчит гэж Өвөр Монгол залуу байсан. Ерөнхийдөө ихэвчлэн Өвөр Монгол залуучууд байсан. Хүчит Билигт Заяат гэсэн хүмүүс бүгд 1945 онд Монголд ирж ихэнх нт нэгдүгээр сургууль төгсөөд, их сургууль төгсөөд ирсэн залуучууд байсан даа. Тэнд чинь том алим ургуултаг байлаа, жижиг Арнитк ч ургуулдаг, зөгий үржүүлдэг байлаа. Мөн янз бүрийн нарийн ногоонууд байцаа сонгиноос эхлээд их л сайхан юм гаргадаг байсан даа. Сүүлдээ өнөөх жимсээ нэрээд сайхан зөөлхөн дарс ч гаргадаг байлаа. Тэр Хүчит Баруунхараад очоол насан өөд болов уу даа.
Дэжид -
Хүнсний үйлдвэр, жимс жимсгэнийн станцын бараг анхдагч танайх байх даа?
Намхай -
Зүүн хараагийн Чагдарсүрэн энэ Хүчит 2ын аль нь чухам түрүүлж бий болсон юм сайн хэлж мэдэхгүй байна. Аль аль нь л чамгүй нэрд гарсан анхны үйлдвэрүүд.
Дэжид -
Хоёулаа таны ажиллаж амьдарч байсан үеийн гол онцлогуудыг ярилаа. Харин энэ аймаг маань түүхийхээ хувьд ямар онцлогтой аймаг юм бол? Тэр тэалаар та яриач
Намхай -
энэ баймаг бол цэцэн хан аймгийн ананд бээсийн хошуу юм. Цэцэн Хан аймагт бол 14 хошуу байдаг. Хамгийн сүүлчийн ноён нь Жү Ван Тогтох ардын засагтай золгосон. Чойбалсан хотын анхны суурийн Мэн бээс Минжүүр дорж гэдэг хүн анх энэ хошууны төвийг хийдийх хойд урд төвүүдийг шинжээчидтэй явж тогтоосон гэдэг. Түүнээс хойш энд төвтэй болоод 170аад жил болж байгаа юм даа. Би бодохдоо I нилээн дайчин аймаг гэж боддог. Манж Хятадын 200 жилийн дарлалыг нэг их айхтар толгой бөхийж хүлцэнгүйгээр дагаагүй юм шиг байгаа юм. өөрөөр хэлбэл Манжийн дарлалын эсрэг 700,800аад хүнтэй хүнтэй томоохон хөдөлгөөн бол лав 2,3 удаа гарсан 1903, 1909 онд. Түүнээс гадна харийн түрэмгийлэгчидийн эсрэг МУ –ын зүүн хилийг бат найдвартай хамгаалж ирсэн гэж омогшиэ хэлж болох үндэстэй гэж боддог. Нэн ялангуяа хувьсгалаас хойш жижиг маягийн дайсганасан үйл ажиллагаа Цагаан, Борооны үед элдэв нэртэй өчнөөн төчнөөнөөрөө түйвээж байсан. Эднийг тухай бүрд нь мөн хөөж номхотгож байсан. Жишээ нь Галдан мээрэнгийхэн, Сампиловийхон, оодон Сүрэнгийх, гэх мэтийн цагааны тооцоотой тооцоогүй юмнуудыг түүгээр барахгүй бүүр баруун Ховдоос хөөгдөн гарсан Найдан Вангийн Орос Монгол цэргүүд энүүхэн баруун урд Цагаан Чулуут гэдэг газар 700 цэрэг орж ирээд байхад өөдөөс нт Майхант хороо гэж 1952 онд байгууллагдсан Оросын Сибирийн цэргийн нэг салбар анги 500аад хүнтэй ангт байсан юм билээ, дээр нь манай Монголын Чойжил тайжын цэрэг нутгийн ардуудаас элсүүлсэн 150аад хүн Хэрлэн Голын урдуур байлдаад аймгийхаа төвд Жон бээсийн хүрээгээр хан уулын хойгуур урдуур хөөгөөд гаргасан гэх мэтчилэн түүхэн үйл явдлууд нилээн байдаг. Тэгээд 1936, 1937 оноос булан дэрс, баруун зүүн шаварт, буйр нуурын орчмоор Японы их бага хүчнүүдтэй тулалдсаар тулалдсаар 1939 оны түүхэн том ялалтыг Зөвлөлтийн армийн тусламжтайгаар байгууллсан. Энэ үйл ажиллагаанд Дорнод аймгийн ард түмэн их хүчин зүтгэсэн. Тэр үед аймгийн дарга байсан Ламзав гэдэг хүний дурсамжил бичихдээ 4-5 айлийн хүмүүс нэг л гэртэй байлаа. Ÿагаад гэхээр настан буурлуудаа асрах нялх балчир хүүхдүүдээ нэг гэрт оруулаад бусад нь жин бараа тээх цэрэг дайны хэрэлэл аргал түлээ мод чулуу зөөх ажилд орлцож явсан. Энэ үүднээсээ Дорнод аймгийн ард түмэн бүгд дайнд оролцсон юм гэсэн сайхан хүндэтгэйлтэй үз бичсэн байдаг. Нээрээ л бүгд оролцсон доо. үүгээрээ жаахан омогшилтой байдаг.
Дэжид -
олон үндэстэн ястан амьдардаг бас нэг онцлог. Таныг удирдах ажил хийж байхад энэ өөр өөр ёс заншилтай үндэстэн ястныг нэгтгэж ажиллахад ямар хүндрэлүүд байв?
Намхай -
Ерөнхийдөө гайгүй ээ. Намайг ажиллаж байх үед тэд чинь нилээн төлөвшчихсөн байсан л даа. Барга чинь Гурван Загал суманд Манлай Ваны барга гэж цөөн хэдэн барга байна. 1900-1913 оны хооронд ирж очиж нүүсээр нүүсээр ирсэн барга. Хөлөнбуйрын барга, тэд бол 1945 оны барга аараар хэлбэл 1945 онд Монголд тухайн үеийн нам засгийн бодлого барга үзэмчин зэрэг Монгол угсааны хүмүүсээ эх нутагтаа оруулж ирэх орж ирсэнийг нь харж хандах гэж нилээн хөөцөлдсөн байгаа юм. Ийм учираас 45 оны дайн ч дууслаа. Тэдний нэг хэсэг нь наашаа нүүнэ гэдэг нөгөө хэсэг нь улаан Монгол чинь сүм хийд лам хуваргаа үзэхээ байсан гэсэн эргэлзээтэй байсан байгаа юм. Ингээд 1945 онд Барга нь зүүн талаар орж ирсэн.
. . . Модон тэргээ хилэлээ дээ
Ногоон голоо гаталлаа даа . . . гээд дуу хүртэл байдаг даа. Буйр нуурын урдуур ихэнх нь буйр нуурын араар зарим нь мнгээд ихэнх нь Монголд орж ирсэн. Манай аймгийн үзэмчингүүд нь Дорд Наяын үзэмчин гэж урдаас орж ирсэн. Нилээн төлөвшсөн учираас онцгой хүндрэл байгаагүй. Гэхдээ жаахан ястнуудын ялгаа гарна л даа. Жишээ нь Буриадууд бол хүн ялангуяа ажилаар очсон хүмүүс дөлөөд байвал дургүй. Илэн далангүй шууд шууд ярих ярианд Буриадууд их дуртай. Санаа эь бол хүн дийлээд байх санаатай, хүн нь дийлдэхгүй бол тэгэсхийгээд гайгүй ч юм шиг. Үзэмчингүүд бол халхуудыг бодвол жаахан зальтай, ер нь хамгийн бүдүүн нь халхууд шүү дээ. Шог яриан дээр гардаг даа: нэг нөхөр ямар л дарга ирээд яриа хийнэ жаа жа, жаа жа гээд л байна. Цаадах хүн нь ойгохдоо сайхан зөвшөөрөөд байна энэ ажил ч бүтнэ дээ гээд явчихдаг. Өнөөх нөхөрт хүмүүс чи чинь яасан сонин хүн бэ болох ч юм бай болохгүй ч юм бай жаа жа гэх юм гэтэл өнөөх чинь чи юм мэдэхгүй байна аа жаа жа гэсэн заавал биелүүлэх албагүй шүү дээ гэжээ.
Дэжид -
/ инээв/ хүн харахад зөвшөөрөөд байгаа юм шиг тийм ээ
Намхай -
Баргууд бол энэ чинь одоо миний л дүгнэлт шүү дээ. Баргууд бол магтаалд сайшаалд дуртай, хөөрүү дээ. Шүүмжлэл хатуу үгэнд жаахан дургүй
Дэжид -
урамшуулж ажилж байвал арай илүү тийм ээ. Бас энэ олон хүний зан заншил таны ажилд нөлөөлж л байсан байх тийм ээ???
Намхай -
нөлөөлж байсан. Би энэ хэдэн сумыг чинь хичнээн ч тойрсон юм бүү мэд ажил төрөл ч гэж очно, найр надам ч гэж очно, цагаан сар цагаалга будаалга ч гэж очно, тийм ийм юмных нь ойд ч очно. Намайг ажтллаж байх хугацаанд халх голын 40 жилийн ойг өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн дарга ч байлаа, орлогч дарга нь ч байлаа. Түүхэн сайхан үйл ажиллагаанд оролцож байхад тэнд явж байсан буурлуудын үгийг сонсож байхад их л сонин сайхан, баярлах ч юм их байлаа, яана даа гэсэн юм ч их байлаа. Би хил тогтоох комиист явж байхал нэг удаа Даваажавын манханаас нэргүй манхан гэж нэрлэсэн манханд нарийн тоолоогүй бараг 200 гаран 300 шахуу адууны толгой үзлээ. Энд нэг бөөн адуу манайд ч юм уу хэнийд ч юм бөмбөгдүүллээ гэж бодоход ихэнх адууны ясан толгойд нь амгай хазаар нь зуулттай байсныг хараад би бодож байсан: Энд ямар ч байсан хоёр гурван зуу шахам хүн үрэгджээ. Энэ бол манайх ч бай хүнийх ч бай нэг эцэг эхийн л хүүхэд байсан. Тэр үеийн төр засгийн бодлогоос л болж хохирсон аав ээжийн хүүхдүүд байна даа гэж бодогдож байсан. Янз бүрийн л юм таардаг юм билээ.
Дэжид -
Таны ярьж байгаа зүйл их өргөн хүрээтэй асуух асуулт ч их байгаа болохоор би гол 2 асуултаа асууя. Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан ямар асуудал байна? Хэрвээ байгаа бол та тэрийг юу гэж үзэж байгаа вэ?
Намхай -
миний амьдралд гүн гүнзгий өөрчлөлт гэвэл
Дэжид -
Эцэг эхээсээ өнчрөөд 2 дүүтэйгээ үлдсэн . . .
Намхай -
Яахав тэр үе бол хамгийн хүнд хэцүү үе мөн л дөө. Гүн гүнзгий өөрчлөлт гэвэл тухайн үеийн нам засгийн бодлогын ар ачаар өнчин ядуу бас нэгэн хэсэг адлагдаж, шоовдорлогдож явсан нөгөө хар шар феодалын үр сад байсан миний бие сургууль соёлд явж боловсрол олж, түүгээрээ аймаг хотын удирдах ажилыг олон жил хийх хүртэл явсан маань амьдралд ч ажил мэргэжилд ч юм юманд маань өсөж дэвжихийн өлзийн хутаг оршсон юм болов уу гэж бодож байна даа.
Дэжид -
таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байгаа юу?
Намхай -
тийм юм юу ч байхав дээ. Жирийн нэг дундаж сэхээтний амьдралаар амьдарсаар насыг барж байгаа өвгөн дөө. Нэг их хүнээс гуйж гувшаад тийм ч гавъяатай ийм ч гавъяатай гэх юу байхав.
Дэжид -
Намхай гуай Баярлалаа
Намхай -
Би ч Баярлалаа
Дэжид -
энэ сайхан ярилцлага өгч тэр үеийхээ үйл явдлыг тодорхой хугацаатай, тухайн үеийн хүмүүсийн нэр устай нь 82 насандаа ингэж ярьж байгаа нь сайхан ой санамж байна. Танд урт насалж удаан жаргаж эрүүл энх сайн сайхан явахыг хүсье. Ахин уулзахын ерөөл дэвшүүлье
Намхай -
За Баярлалаа. Би та нарт бас ерөөл дэвшүүлнэ ээ. Та нар өвгөний энэ ярьсан яриаг өөрсдөө сайн харж үзнэ биз. Болж өгвөл худлаа хэлэхгүйг бодсон. Гэхдээ нас явсан юм болохоор зарим нэг он сарыг буруу зөрүү хэлсэн байж магадгүй юм та бүгд засч залруулна биз ээ. Ингээд та хоёрт ажилын амжилт хүсье амьдралын сайн сайхныг хүсье. Миний хамгийн сүүлд хэлэх үг бол ямар ч ажил хийлээ гэсэн хариуцсан юмаа хариуцсан шиг хариуцаж, хийсэн юмаа хийсэн шиг хийж яваарай. Эцэст нь хүн голж болохгүй өөрөөр хэлбэл Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн:
үрчгэр өвгөний толгойд улс төр бий шүү
үглээ шар шар чавганцын авдранд ном бий шүү гэдэг энэ их мэргэн сургаалийг санаж ажиллаарай. Амжилт хүсье
Дэжид -
Заа баярлалаа
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.