Sanjaasüren
![](../assets/images/interviewees/990521.jpg)
Basic information
Interviewee ID: 990521
Name: Sanjaasüren
Parent's name: Had
Ovog: Tüngüüd
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Üzemchin
Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: retired
Belief: Buddhist
Born in: Shiliin Gol, , Züün Uzemchin sum, Inner Mongolia aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
education / cultural production
politics / politicians
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу, Санжаасүрэн гуай?
Санжаасүрэн -
Сайн, та бүхэн сайн явж байна уу.
Дэжид -
Өнөөдөр 2010 оны 5 сарын 25-ны өдөр. Үзэмчин үндэстэн ястаныг төлөөлж Санжаасүрэн гуайтайгаа ярилцлага хийж байна. Английн Кембрижийн их сургуулийн антропологи Ази судлалын салбараас Монголын 20-р зууны аман түүхийн төслийн ярилцлагад бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөх болсонд юуны өмнө талархал илэрхийлье. Ярилцлага өгөхийн өмнө таниас асууж тодруулах ганц хоёр зүйл байна. Танд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Санжаасүрэн -
Байхгүй ээ.
Дэжид -
Та бид хоёрын ярьсан яриа болон фото зураг, холбогдох материалуудыг Кембрижийн их сургуулийн оюуны баазад сан болгож хадгалах юм. Тодорхой хугацааны дараа түүх эрдэмтэн судлаачид таны ярианаас тодорхой хэсгийг судалгааныхаа материалд ашиглах, хэвлэл мэдээлэлд ишлэл болгохыг зөвшөөрлийг та Кембрижийн их сургуульд олгож байна уу?
Санжаасүрэн -
Олгоно оо.
Дэжид -
Таны бага нас яаж өнгөрөв, төрсөн нутаг ус чинь хаана юм, өөрийн аав ээж, ах дүү төрөл садны талаар яриагаа эхлэх үү?
Санжаасүрэн -
Миний уг гарал гэвэл Өвөрмонголын Шилийн гол аймгийн зүүн Үзэмчин хошууны нутагт төрсөн. Миний уугуул дээдэс тэнд нутаглаж байсан. Би үзэмчин хүн. Манайхан тэр нутагт түүхэн бичсэнээр бол 300 гаран жил Олгойн гол гэдэг голын тэр нутагт би амьдарсан хүн. Тэр гол манай нутгийн дундуур урсдаг юм. Тэнд манайхан мал аж ахуйгаар л амь зуудаг байсан. Газар шорооны ажил эрхэлдэггүй. Суурьшсан газар орон ч гэж бараг байдаггүй. Цаашаагаа Харчин, Хорчин чигээр өвөр хошуу руу очвол ногоо цагаа тарьдаг ул тариа будаа юухан хээхэн авбал авдаг жихэнэ мал аж ахуй эрхэлдэг улс байсан. За манай зүүн үзэмчиний 300 гаруй жил амьдарсан энэ нутаг бол Хянганы нурууны баруун суга. Хянганы нуруу гэдэг бол манай Халхын голын эх авсан газар байдаг. Тэр нурууны баруун суганд манай үзэмчингүүд нутагладаг байсан юм байна. Үзэмчин гэдэг бол 300 жилийн өмнө нэг хэсэг ястан байсан. Тэгээд Өвөрмонголд суурьшсанаасаа хойш баруун зүүн үзэмчин гэж хоёр хуваагдаж, нэг хүний хоёр хүү хоёр хошууны засаг ноён болж хувааж авсан ийм түүхтэй юм гэнэ лээ. За тэгээд тэр нутагт яг 300 жил болоод 1945 оны үеэр чөлөөлөх дайны үр дүнд феодалын төрийн төгсгөл боллоо. Бид чинь нэг хэсэг Манжид байж шүү дээ. Манжийн дарлалд байхдаа феодалын төрийн засаглалтай л байсан. Тэр нь 45 оны чөлөөлөх дайнаар төгсгөл болсон. Тэр үед манай зүүн Үзэмчин хошууны ноён бид үндсэн Монгол оронд очиж амьдарна гэж анхлан шийджээ. Чөлөөлөх дайны дараа бидэнд сурталчилгаа хийсэн. Дэлхийн II дайны төгсгөл ингэж ингэж төгсч байна, одоо ингээд монгол орон чөлөөтэй боллоо, та бүхэн Монгол туургатантайгаа нэгдэж амьдрах юм бол бололцоотой боллоо гэсэн санааг тэр үед сурталчилж байсан. Тэгсэн манай зарим хүмүүс монгол улсынхаа хилийг манай үзэмчиний хилээр татчихая, бүр өшөө Харчин, Хорчины хилээр тавиад аль гэж гуйхгүй юу. Тэгэхлээр тэр одоохондоо боломжгүй байна. Тэр чинь тэгээд хамаагүй нэг, хоёр жилд тогтоочихдог юм биш ээ гэх маягаар тайлбарлаж байсан. Тэгэхээр нь манай хошууны ноён би тэгтэл Халх нутагт очиж амьдарна гээд гурван хүн дагуулж ирээд тэр үеийн нам төрийн удирдлага маршил Чойбалсан, Бумцэнд гуай нартай биеэр уулзаж, бараалхаж мөн тэр үгээ хэлсэн байгаа юм. Миний эзэмшил нутгийг Монголынхоо хилд оруулаад авч болохгүй юу гэж. Нөгөөдүүл үгүй тэр бас их хэцүү асуудал. Улсын хил тогтооно, өөрчилнө гэдэг бол олон улсын чанартай асуудал аа. Нэг хоёр улсын зөвшөөрөлгүйгээр шийдэж болохгүй асуудал гэж хэлсэн болтой юм. Тэгэхээр нь би тэгвэл ард түмэнтэйгээ ар Монголд ирж амьдаръя болох уу гэж л дээ. Тэгсэн тэрийг нь бол зөвшөөрье гэж. Ингээд 45 оны зун, тэр чөлөөлөх дайн гэдэг чинь манай нутгаар нэг их юм мэдэгдээгүй юм. Манай хошуугаар зам дайрч өнгөрдөг л байсан. Японууд байрлаж байсан хятадын нутгуудад жоохон бага сага байлдаан хийгээд тэгээд дуусаад л эргэчихсэн. Тэр үед нэг их завсарын үе бий болчихжээ. Хуучин харъяалд байсан феодалын засаглал байхгүй болсон. Тэртээ тэргүй тэр чөлөөлөх дайнаар чөлөөлөгдчихлөө гэсэн үг ухаандаа. Тэгэхлээр шинэ ардын засаг тогтооно гэдэг тийм ч амаргүй, хууль ёсноос эхлээд л нэг нийгмээс нөгөө нийгэмд орж байгаа болохоор бүх юм шинэчлэгдэх учиртай байдаг байх нь л дээ. Тэр хийгдээгүй байсан. Тийм үед бид ардын засаг тогтсон Монгол улсдаа очиж нэгдээд, 400 гаруй өрх айл, гучин хэдэн мянган малтай, ноёд лам нартайгаа 1000 гаруй хүн ард Монголд нэгдэе, Монголдоо амьдаръя гэсэн өргөдөл хүсэлтээ гаргаж, гарын үсгээ зурсан. За тэгээд тэр үндсэн дээр маршил Чойбалсан, Засгийн газар, Улсын бага хурал зөвшөөрч монголд нүүж ирэх хугацаа өгчээ. Төдөөс төд хоногийн дотор, улсын хил бол дайны дараа ингэж олон хоног онгойлгоож байж болохгүй сар гарны дотор нүүж орж ирвэл сайн байнаа гэсэн. Ийм л шийд өгч л дээ дээд газар. Тэгээд манайх чинь хилийн цаах нь байдаг болохоор амжсан, шууд л нүүцгээсэн. Тэр үеийн бидний амьдрал нүүдлийн л амьдрал байсан. Одоогийн малчид хашаа саравч гээд өвөл бол суурьшилын газар байдаг ш дээ. Манайханд бол тийм юм байхгүй, өвөл зунгүй л нүүнэ. Ийм байдаг байсан. Тийм байсан болохоор нүүгээд ороод ирсэн. Тэр үед бид хүүхэд байсан болохоор тэр бүр ухааныг нь мэдэхгүй. Сүүлд нь судлаад ирэхээр зарим нь ар монголд ирж ардын ёсонд орон дуртай байж, зарим нь бас гурав, дөрвөн зуун жил болсон энэ нутагтаа амьдарна, хоёрдугаарт бид тэр ардын засаг гэгчийг мэдэх ч үгүй, сайн ойлгох ч үгүй байна. Яах ч юм билээ. Бид явахгүй гэж зарим нь тэгжээ. Нэг хэсэг нь бид ноёдоо дагана, явна гэсэн шийд гаргаж. Ингээд 300 гаран өрх нь үзэмчин хошуундаа үлдчихсэн. Ингээд 400 гаран нь нүүгээд ороод ирсэн. Тэдний дотор миний бие багтаж иржээ. Үзэмчинүүдийн уугуул нутаг гэвэл баруун Монгол юм. Урианхай, Ховдын чигээр бүр хилийн цаана ч байсан юм уу. Ер нь бол баруун Монголын гаралтай юм байна лээ, Үзэмчин. Тэгээд 300 гаран жилийн тэртээ нүүгээд наашлаад, сүүлдээ төр засгийн зохион байгуулалтын үед Баянмөнх даян хааны харъяат Мандухайн хоёр хүү Төрболд, Улсболд хоёрын Төрболд нь манай үзэмчиний ноён байсан юм билээ. Тэр үеэс бичсэн түүхийг бид бас үзэж харж байлаа. За тэгээд урдаас нүүж ирэхэд бол их амархан. Бид өвөл ирсэн. Цастай, зудтай өвөл байсан. Наашаа нүүхэд гурав хоног нүүгээд л Монголын хилд ороод ирчихсэн. Монголын хилд биднийг ирэхэд нэг их нарийн нандин шалгадаг, шаарддаг юм байгаагүй. Хүнийг нь тоолоод, малынх нь тоог эзний нь хэлснээр бичиж аваад, төдөн өрх айл, төдөн малтай, тийм тийм хүн гэж нэр, нас, хүйсийг нь бичиж өгөөд оруулсан. Баянцагааны отряд гэж энүүхэн манай Халх голын ойр орчим байдаг юм. Тэнд бичүүлээд л ороод ирчихсэн. Тэгээд тэр өвөл зудтай байсан. Айл нутагладаггүй хилийн орчмын нутгаар явсан. Түлээ түлшээр жаахан дутаж ядарч байсан. Халхын голын Сүргийн манх гэдэг газар ирээд их бургас, жаахан модтой, их дулаахан газар, ургац өндөртэй, атар газар орж ирээд хүн малтайгаа сайхан жаргаж өвөлжсөн. Манайхыг нүүж ирсэний 20-иод хоногийн дараа цагаан сар болсон. 46 оны цагаан сар ирж байгаа нь тэр. Тэр цагаан сарыг анх удаа Монгол нутагт өнгөрөөлөө. Тэр үед монголын зүүн урд Халхын гол сум, Хунт сум гэж хоёр сум байсан. Бид яг Хунт сумын нутагт орж ирсэн. Тэгээд Хунт сумын ард иргэдтэй уулзаж, халх нутгийн аж амьдрал ямар байдаг юм гэдгийг үзэж сайхан өвөлжиж, хавар нь төл малаа хүлээж авсан. Манайхны хувьд бол тэндээ үлдсэн хамаатан садан ах дүү гэж байгаагүй, санаа нэгдэж цөм ирцгээсэн болохоор наашаа цаашаа гэж санаа зовох юм байхгүй. Харин тэр дотор элдэв салсан барьсан, аав ээж нь урдаа үлдсэн, тэр ч байтугай авааль эхнэр нь үлдчихсэн улсууд байсан. Яагаад гэхээр тэр үеийн феодалын нийгэм чинь баян ядуу хоёр хуваагдчихсан, нэг хэсэг нь Итгэлт баян шиг, нэг хэсэг нь тэдэнд зарцлагддаг байж. Ийм учраас айлд зарцлагдаж байсан хүн айл нь нүүгээд ирэхээр өөрөө ирчихсэн, гэр орон нь тэндээ хөсөг унаагүй ч байдаг юм уу, хүн бүлгүй ч байдаг юм уу нүүж чадахгүй үлдчихсэн. Тэгээд олон дахин наашаа цаашаа явах аргагүй хил хаагдаад салсан хагацсан хүмүүс манай үзэмчний түүхэнд байсан. Ингээд засгийн газрын зөвшөөрөлтэй ирсэн болохоор хавар нь Хэрлэнбаян гэдэг цоо шинэ сум үзэмчингүүдэд улсаас байгуулж өгсөн. Бүх зардалыг нь гаргаад. Тэр үеийн сумд голцуу л гэр байсан, байшин барилга гэж бараг байгаагүй. Сумын контор ч гэр, сумын клуб, сумын хүн, малын эмнэлэг ч гэр, сургууль нь ч гэр. Арван хэдэн гэр улсаас барьж бүх юмыг байгуулж өгсөн. Жинхэнэ үзэмчний суурь болсон Хэрлэнбаян сум гэж 8 багтай ингэж байгуулагдсан. Энэ бол бидний хувьд Ардын засагт харъяалагдаж байгаа анхны алхам байсан. Би тэр үед яг 12 настай орж ирсэн. Тэр үед нарийн ухааныг нь сайн мэдэхгүй ч гэсэн хүүхдийн ухаанаар заримыг нь ойлгож байсан. Биднийг гадаадаас ирсэн гадны хүн гэж хардаж сэрдэж, гадуурхаж хавчиж байсан юм бол байхгүй. Тэр үед намын байгууллага голлож байсан. Манай намын үүрийн дарга, эвлэлийн үүрийн дарга бүгд халх хүн байсан. Яагаад гэвэл тэр ёс дүрмийг нь мэддэг хүн тэр үзэмчинд байхгүй шүү дээ. Ардын ёс журмыг тогтоохын тулд тийм улсуудыг тавьж байсан юм. Тэр ч байтугай сургуулийн захирал, хоршооны дарга, малын эмч гээд бүх мэргэжлийн хүмүүсийг суманд өгсөн. Тэгээд биднийгээ хүмүүжүүлнэ биз дээ. Энэ ардын засаг гэдэг ийм учиртай, хунт сум гэдэг чинь ийм, та нар халхын адил ажиллаж амьдрах ёстой гээд бүгдийг тайлбарлаж ухуулна. Тэр нь бидэнд их сонирхож ойлгож байсан. Тэгээд өөрснөө ч нам эвлэлд элссэн. Хүүхэд байсан нь нас биенд ч хүрч, эхнэр хүүхэд ч авлаа.
Тэр хошуунд бол сургууль байсан. 40-50 хүүхдийн охидын сургууль гэж байсан, мөн 60-аад хүүхэд сургадаг хошууны сургууль ч байсан. Тэр орж ирэхэд олон хүүхдүүд орж ирсэн. Тэгээд суманд 4 жилийн бага сургуулийг байгуулсан. Тэр сургуулийн хэмжээнд багтахгүй хүүхэд байсан. 8-13 нас хүртэлх хүүхдийг л авна. Тэрнээс дээш 14 хүрсэнд нь багтаамжгүй хүрэлцэхгүй болчихсон. Би 12-той орж ирээд цагаан сар болоход 13 хүрчихэж байгаа юм. Тэгээд тэр сургуульд орж суралцаж чадаагүй. Тэгэхээр биднийг яадаг вэ гэхээр, тэр үед чинь шинэ үсэг сургадаг багийн бүлгэм, сумын түр сургууль гэх мэт олон сургууль байсан. Шинэ бичиг үсэг шинэ гарсан үе ч байлаа. Тэр бүлгэм сургуулиар бид бичигтэн болов оо.
Дэжид -
Хүлээж аваад засгаас нилээн арга хэмжээ авсан юм байна тийм ээ?
Санжаасүрэн -
Өө, их их. Их арга хэмжээ авсан. Бүх юмыг шинэчилсэн. Феодалын үеийн засаглалын ямар ч хэлбэр байхгүй. Багийн дарга, сумын даргаа сонгодог, сум орны тэргүүлэгчид гэж эрэгтэй ч бий, эмэгтэй ч бий, лам ч бий, хар ч бий тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтуудаар бид чинь эрхээ эдэлж эхэлсэн. Ингээд бид чинь бичигтэн болсон. Бичигтэн болоод ирэхтэй зэрэг чинь сум багтаа жоохон жоохон ажил хийнэ. Жишээ нь би гэхэд багийнхаа бичиг үсгийн багш хийж байлаа.Өөрөө бичиг үсэг сурчихаад багийнхаа хүмүүст зааж өгнө. Тэгээд нэг хүний бичиг сургаад нэг үнэмлэх өгнө. Цээж бичгээр 120 үг бичихэд гурваас илүүгүй алдсан байвал “Бичигтэн” гэсэн үнэмлэх тэр үед өгдөг байсан.
Дэжид -
Бас их чанга байжээ?
Санжаасүрэн -
Чанга, чанга. 120 үгийг цээжээр алдалгүй бичиж байгаа хүн чинь уншиж барихад ямар ч саадгүй гэсэн үг. Дөрвөн аргын тоо мэднэ. Бичигтэн л гэсэн үг. Ингээд бид чинь баг сумандаа ажил алба хашлаа. Жишээ нь би хоёр жил хэртэй бичиг үсгийн багш хийж байгаад 15-тайдаа МХЗЭ-ийн гишүүнээр элслээ. Тэр над маш их юм өгсөн. Тэр үеийн залуучуудыг сургаж хүмүүжүүлэхэд эвлэлийн байгууллага бол онцгой гавъяа байгуулсан. Жишээ нь улирал болгон “Малчин залуучуудын 10 хоногийн семинар” –ийг сумын төв дээрээ цуглаад хийнэ. Тэрэнд чинь одооны энэ ерөнхий боловсролын сургуулийн үзэж байгаа хичээлүүд орно. Газарзүй, тоо физик зэргийг товч товч үзнэ. Ухаандаа ерөнхий боловсролыг олгох зорилготой байж. Тэрэнд чинь бид улирал болгон алгасалгүй ирж хамрагдана. Тэгсээр байгаад би зохих боловсрол эзэмшжээ.
Дэжид -
Танай гэр бүлээс ах дүү, хамаатан садан хэдэн айл өрх, хүн орж ирсэн бэ?
Санжаасүрэн -
Би айлд өргөгдсөн хүн байгаа юм. Миний төрсөн ээж, ах маань нийлээд 20-иод хүн ирсэн. Эгч маань айлын бэр болсон байсан. Бас ирсэн. Хүргэн ах маань ирсэн. Тэр худынхан бас ирсэн. Би өргөсөн ээжийнхээ гар дээр өссөн айлын ганц өргөмөл хүү. Аав маань бүр багад өнгөрчихсөн юм. Ингээд бид бүгд ирсэн. Миний төрөл садан гэвэл ийм байсан.
Би тэгээд сүүлдээ эвлэлийн ухуулагч хийж байлаа. Эвлэлийн ухуулагч хүн бол төр засгийн бодлогыг залуучуудад хүргэдэг. Сүүлдээ намын ухуулагч ч хийж байсан. Одоо чинь боловсрол олж авлаа гээд хүнд юм хэлж өгдөг нь ховордчихсон. Хагас хугас юм хэлж өгөөд л бусдыг нь өөрөө сурна биз гээд хаячихдаг. Бидний үед бол тэгдэггүй, маш өргөн ухуулга хийдэг байсан. Өө, ингээд хавар боллоо гэхэд малчид чинь олон зуун жилийн турш малаа төлүүлээд ирсэн улс тэрийгээ бол мэддэг л байх. Гэхдээ нам засаг ямар бодлого тавьж байгаа юм, ийм ийм бодлого, зорилт тавьж байгаа шүү та нар түүнийг нь биелүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж ойлгуулна. Үнэхээр тэр үеийн малчид, хөдөлмөрчид чинь нам засаг ямар бодлого тавьж байна тэрийг нь яг биелүүлнэ. Ийм сайхан уламжлал миний багад байсан юм. Энэ бол надад өндөр хүмүүжил олгосон, миний амьдралын нэг том сургууль болсон гэж би боддог. Хамтын хөдөлмөрийн хэлбэр гэдгийг бүгдийг тэндээс эхэлсэн л дээ. Жишээлбэл манай хошуунд хуучин лам байсан, лам бол хуучин хааяагүй их элбэг байсан юм байна ш дээ. Эрэгтэйчүүдийн бараг тал шахуу хувь нь лам нар байж. Тэр лам нар нутагтаа хуучин сүм хийдээ орхиод энд ирчихсэн. Ирээд суурьшаад суугаад байхаар сүм дугана гэх ч юмгүй байж. Гэхдээ 40, 50-иад лам нар гэр дуганатай хурал номоо хураад амьдарч байсан юм. Бусад нь болохоор хувийн мал хуй ч гэж байхгүй. Тэднийг чинь артель гэж юманд гар урлал хийлгэдэг байсан. Гутал оёно, барилга барина, шохой гаргаж шатаана.
Дэжид -
Тэгж анхны артель үүссэн үү?
Санжаасүрэн -
Тийм. Тэгж үүссэн юм.
Дэжид -
Тэр чинь хэдэн он билээ?
Санжаасүрэн -
50-иад онд. Тэгж анх артель үүсч хамтын хөдөлмөрийн эхлэл тавигдаж байсан юм. Тэнд улсууд маш олноор орсон. Ялангуяа малгүй ядуу хүмүүс айлд зарцлагдаж байснаас илүү үр дүнтэй байж. Ингэж эхэлсэн юм шүү. Би бас тэрүүгээр дамжаад, миний өргөсөн ээж маань олон малгүй, хоёр гурван саалийн үнээтэй, 10, 20-иод хонь ямаатай, гурав дөрвөн унааны морьтой аминдаа зөв ийм л айл байлаа. Хүнээс юм гуйхгүй өөрөө өөрийгөө болгочихдог ийм айлын хүүхэд байлаа. Тэгээд ер нь тэр артельд ороё, юм хийж суръя гэж шийдсэн. Бидний үед, миний хувьд л бол юм суръя гэж их хүсдэг, хүний хийсэн юмыг хараад хүн хийчихсэн байхад би энийг чадахгүй юм уу гэж дандаа өөрөөсөө асуулт тавина. Тэгвэл хэнээс сурах вэ, яаж сурах вэ, хэнээр заалгах вэ гэж туж өөртөө асууж, тэрнийхээ төлөө явдаг байсан. Тийм учраас би амьдралын сургуулиа төгссөн хүн гэж хэлдэг дээ. Амьдралын их сургууль биш юм гэхэд, ер нь бол дунд сургууль лав төгссөн байх аа. /инээв/ ингэж өөртөө дүгнэлт тавьдаг. За яахав сүүл хэрд бол би удирдах ажил хийдэг болсон юм. Тэр үед Намын дээд сургуулийн дэргэд нам улсын хариуцлагатны нэг жилийн сургууль гэж байсан. Намайг тэр сургуульд суралцахыг зөвшөөрч, миний төгссөн сургууль бол тэр. Том том эрдэмтэн багш нар хичээл заадаг тэр сургуульд мэдэхгүй ч юм их байсан, хэцүү ч юм их байсан, гэвч би тэр сургуульд сурсан. Гэхдээ бусдаас доргүй суралцсан. Тэгээд төгсч нутагтаа ирээд эрх ч үгүй номыг нь үзсэн болохоор сумандаа зургаа, долоон жил намын дарга, орлогч хийж явсан.
Дэжид -
Хэрлэнбаяндаа юу?
Санжаасүрэн -
Тийм ээ, Хэрлэнбаян сумандаа. Би тэр суманд байхдаа өмнө нь артельд явж, бүр хүүхэд байхын урлаг уран сайханд явах дуртай уран сайханч хүүхэд байсан. Тэгээд намайг клубын эрхлэгч болгочихдог юм байна аа. Тэгээд уран сайханч хүн чинь клубын эрхлэгч болчихоор хөгжимчин хүнд ч хөгжим заах болно, өөрөө сурч байж л заана, бүжигчин хүнд бүжиг заах хэрэгтэй болно, бас л өөрөө сурч байж бүжиглэнэ. Ингэж яваад урлагтаа илүү сонирхолтой болов оо. Сүүлд би намын ажилтан болсон хойноо, ер нь би урлагийн ажилтанаараа явбал зүгээр юмсан гэж боддог болсон юм. Тэгээд би намын хороондоо хүсэлт өргөдөлөө гаргасан. Тэр үед хүний сонирхолыг бичиж авдаг байсан юм. Чи ямар ажил хийх сонирхолтой хүн бэ, цаашдаа яах вэ гэж… Жил болгон ингэж анкет бөглөнө.
Дэжид -
Тэгвэл та яг өөрийнхөө дагуу л ажлаа сольжээ дээ?
Санжаасүрэн -
Тэгээд би тэр анкетан дээрээ соёл урлагийн ажилд сонирхолтой гэж бичдэг байсан юм. Ингээд 1967 онд /би тэр үед 31, 32-той л байсан/ намайг театрын Намын үүрийн даргаар тавьлаа. Энэ аймгийн театрын. Тэр үед Намын үүрийн дарга гэдэг орон тооны биш, театрынхаа орон тоонд хамаарагдаад намын даргаа хийнэ. Тэгээд намайг нэг жүжигчний орон тоон дээр ажиллуулдаг. Би жүжигчний орон тоон дээр орчихоод бас жүжигчнээ хийхгүй бол боломгүй санагдаад даргаа хийдэг л юм байгаа биз бас хажуугаар нь жүжигчнээ хийе гэж багш нартайгаа ярилцаад драм ангийн жүжигчин байлаа. 7, 8 жил бас жүжигт тоглолоо. 30 гаран жүжгийн гол ба туслах дүрүүдэд тоглосон.
Дэжид -
Жүжигчнээр өөрийн сонирхолоороо болсон уу, сургууль төгссөн юм уу?
Санжаасүрэн -
Цэвэр сонирхолоороо. Сургууль төгсөөгүй. Яахав мэргэжлийн улсуудтай ажиллаж байгаа болохоор тэд над туслана. Би ч уйгагүй сурна. Тэгээд л жүжигчин хийчихсэн. Ингээд 40 шахаад ирсэн чинь залуучуудыг бодвол урлагийн ажилд хоцрогдох шинж байна аа. Би чинь намын хорооны мэдлийн хүн. Тэгээд намайг чинь хаана л хэрэг болно дуудаж аваачаад тавьчихна. Тэрнийг үгүй гэж сөргөдөггүй. Бид бол ном ёсоор нь л явна. Тэгээд намайг аймгийн кино театрын даргаар тавьдаг юм байна. Аймгийн кино театр гэж тэр үед нүүдлийн 20 гаран кинотой тийм том киноны газар байлаа. Тэгээд тэнд 13 жил аймгийн кино театрын даргын албыг хашиж явлаа. Тэгээд дараа нь намайг музейн захиралаар ажиллуулах санал тавилаа. Болмоор ч юм шиг санагдаад музейн захиралаар 5, 6 жил ажиллаад тэтгэвэртээ суусан даа. Ингээд би ухаандаа үзэл суртал, соёлоор сурч амьдарч яваад 30 жил улсдаа ажиллаж 90 онд чөлөөндөө гарсан. Одоо 20 жил болж байна даа. Иймэрхүү алба хашч явлаа. Энэ хугацаанд Дорнод аймагтаа л ажиллаж амьдарч байсан. Өөр аймаг улсаар яваагүй. Эндээ л насаа элээж байгаа ийм л хүн.
За тэгээд миний энэ насны хугацаанд авч үзэх юм бол би гурван төрийн нүүр үзсэн хүн юм аа гэж өөрийгөө боддог. 12 нас хүртэл Өвөрмонголд феодалын ёсонд байлаа. Феодал гэдгийг би бол та нараас арай илүү мэднэ. Яагаад вэ гэхээр би тэр нийгэмд амьдарч байсан. Ноён хүн гэж ямар байсан юм, буруу хэрэг хийхээр феодалын төр яаж шийтэгдэг юм гэдгийг би мэднэ ш дээ. Тэрүүгээрээ нэг сонин. Хоёрдугаарт гэвэл Социализмын үед яг гардан байгуулалцаж явсан хүний хувьд социализмаа бас ч гэж газарт ортол муулахгүй шүү. Алдаа байсан л биз, буруу зөрүү засч сайжруулах юм их байсан, гэвч би тэрэнд харамсдаггүй. Социализмд амьдарсандаа би харамсдаггүй ийм хүн. Сүүлд нь одоо жаргалтай насаа ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгэмдээ би одоо юунд нь дургүйцэх вэ дээ. Сайхан л байна. За нэг иймэрхүү гурван төрийн нүүр үзсэн, 77 насыг хүрсэн өвгөн байна даа.
Дэжид -
Феодалын төрийн үед хүмүүсийн эрх ямар байв, таны үзсэн гурван төрөөс юугаараа онцлог ялгаатай байсан бэ? Ямар эрх нь хязгаарлагдмал байсан юм? Та ер нь юу гэж боддог юм, үзсэн харсан аа ярихгүй юу?
Санжаасүрэн -
Феодалын төр гэдэг чинь их олон жил үргэлжилсэн юм болохоор ард иргэд нь би бол тэртээ тэргүй ард хүн учраас ноёд дээдэс ямар шийд өгнө би тэрийг ёсчлон биелүүлэх учиртай гэсэн тийм л ойлгоцоор бүр хүүхэд ахуй цагаасаа хүмүүжчихдэг юм шиг байна. Сүүлд том болсон хойноо харьцуулж бодоод ирэхэд… Тийм учраас тэнд эрх чөлөөний тэмцэл хийгээд байгааг би сайн мэдэхгүй юм. Эрх тарх гэж одооны манай үндсэн хуулиар олгогдчихсон шиг тийм юм байгаагүй байх. Ард, тайж гэсэн нийгмийн дээд доод хоёр давхаргад хуваагдчихсан, тэгээд ард хэсэг нь дотроо баян, ядуу хоёр хэсэгт хуваагдана. Баян гэдэг нь хөрөнгө чинээтэй, ядуу нь хүч хөдөлмөрөө үнэлж л айлын мал хунар харж, зарцлагдан амьдралаа залгуулдаг ийм л байсан байх. Тэр феодалын төр газар газар өөр байсан байх аа. Ямар нэг хүн удирдах биш, хошуу нутаг бүрийг олон ноёд удирддаг байсан болохоор сайн ч хүн байсан биз, муу ч хүн байсан биз. Би нэг зүйлийг жишээ болгож ярья. Миний амьдралд тохиолдсон нэг цухас зүйлийг… манай төрсөн эцэг минь намайг 8 настай байхад өөд болсон юм. Тэр үед аав минь 37-той байжээ. Ээж минь 33 настай залуухан охин байж ш дээ, одоогийнхоор бол. Гэхдээ 6 хүүхэдтэй. Намайг л айлд өргүүлсэн. Гэхдээ би төрсөн гэрийнхээ дэргэд л явж байдаг байсан. Цуг мал ахуйдаа явна. Гэрээсээ нэг их холдож яваагүй. Өргөсөн ээжтэйгээ хотны нэг хажууд л байж байдаг. Тэр үед хошуу гэж нэрлэдэг. Хошуу нь дотроо 8 сумтай. Одоогоор бол баг юм. Багийг бол багийн дарга удирдаг байсан бол тэр үед сумыг сумын занги хүн удирддаг байж. Тэр зангийн орлогч нь гүнд гэж байж. Миний аав бол тэр гүнд гэж албан тушаалтай жинс зэрэгтэй хүн байсан. Тэгээд манайх сан жасын их адуу хардаг айл байж. Аав маань тэр 500, 600-гаад ч адуу байдаг юм уу, тэр суурийн дарга гэсэн үг. Гэхдээ адуу малыг нь хардаг тусдаа хүмүүс байна. Аав бол ерөнхийд нь хариуцаж ахалдаг гэсэн үг. Ийм айл байжээ. Тэгээд аав минь өөд болоод бид хүүхдүүд нь өсөөгүй олон өвгөд хөгшидтэй ээж минь дөнгөж гучин хэдхэн настай байж. Ийм үед тэр малыг үргэлжлүүлэх харах боломжгүй болсон байна л даа. Тэгээд өөрийнхөө адуу малыг үлдээгээд сан жасын малыг өөр айлд өөр хүнд шилжүүллээ. Ингэж байх үед манай аавтай адуу маллаж байсан нэг хүн манай аавын нэг үрээг ашиглажээ. Өгөл авал байсан ч юм уу, худалдсан ч юм уу, хүнд өгсөн байна. Тэгэхэд нэг нутаг усанд амьдарч байгаа хүмүүс гэдэг чинь бие биенээ анддаггүй. Тэгээд өвгөний минь үрээг өнгөрснийг нь далимдуулж тэнд өгсөн байна гээд нөгөө сумын зангид нь мэдүүлчихжээ. Олон өнчин хүүхэдтэй нэг муу навсайсан авгайг хэлмэгдүүллээ гэж мэдүүлж л дээ. Тэгсэн нэг өдөр манай гадаа сумын майхан ирлээ гээд нэг их том эрээн майхан буугаад /нилээн зайтай, аргамжааны хэрийн зайтай/ морьны уяа босгоод л, баахан морьтой улс холхилдоод л байна. Юу болох гэж байгаа юм, юу болох гэж байгаа юм л гэсэн, мэдэхгүй мэдэхгүй л гэлцээд байсан. Тэгж байсан ээжийг минь сумын занги дуудаж байна гэнэ ээ. За тэгээд ээж минь сандраад л, би яачихсан юм бол, юу гэж очих вэ гээд л… тэгсэн чинь миний ах малдаа явчихсан, би ээжийг дагаад өнөө юманд нь очлоо. Үзэмчин авгайд төрийн таван зүүсгэл гэж өмсгөл байдаг юм. Ээж минь тэр юу л байдаг юм бүгдийг зүүгээд хүүгээ дагуулаад очлоо. Би тэр үед 8, 9-тэй л хүүхэд байсан. Гэхдээ юм мэднэ. Тэгээд өнөө майханд очсон сумын занги майхны голд олбогоо дэвсээд, өмнөө ширээ тавьж идээ засаад, отго жинсээ өмссөн сууж байна. За тэгээд занги таны амрыг айлтгая гээд мэнд амар мэдээд, намайг ир гэжээ тэгээд би ирлээ л гэлээ. Тэгсэн тэр хүн их албаны царайгаар ярьж байна. Их олон үг хэлэхгүй. Албаны ажлаа явуулахаар дуудсан юм байна гэдэг нь ойлгомжтой боллоо.
- За танай айлд адуу малны өгөл авал бий юу? Танайх Намчин гэдэг хүнд адуу малын өгөлтэй юу?гэх мэтээр л юм асуулаа даа. Тэхээр нь ээж маань мэддэгээ л хариулж байна.
- Танайх ер нь хэр олон адуутай айл вэ?л гэж байна.
- Үгүй одоо гуравхан азарга адуутай л гэдэг. Үнэндээ бол бүсгүй бид гадаанаа нэг унадаг, ирдэг морьтой гэдгээ мэддэгээс биш манайх сүргийн адуутай байсан болохоор адуу малтай нэг их ойртдоггүй, мэддэггүй ээ, харцуулынхаа унаж ирдэг ганц нэг морийг мэднэ үү гэхээс үрээ шүдлэн жижгийг нь бол юугаа мэдэх вэ, тоо моог нь бол мэдэхгүй гэж байна аа, ээж маань.
- За Намчин гэж тийм хүнд өгөл авал байхгүй юу?гэж байна. Тэгсэн ээж маань:
- Бидэнд нөхөр минь сэрүүн байхдаа хэлсэн барьсан юм байхгүй, мэдэхгүй гэж байна.
- Намчин танай тийм азарганы, тийм гүүний шүдлэн үрээг хүнд авч өгсөн байна. Энэ та нараас зөвшөөрөл авсан уу гэж асууж байна. Тэгсэн ээж:
- Үгүй, үгүй. Би мэдэхгүй, над хэлээгүй гэлээ. /Намчин гэдэг нь манай ээжээс ах хүн байжээ./ Намчин аажий бол манай нөхөртэй адуу мал малладаг хүн байсан. Нөхрийг минь байх үеэс олон жил адуу малласан. Нэг адууг минь мэдээд хэрэглэж гэхэд бидэнд одоо нэхэл гомдол болоод байх юм байхгүй гэсэн ухаантай юм хэллээ. Тэгсэн нөгөө занги чинь уурласан. Яана гэнээ чи хэдийгээр хорвоогийн мөнх бусыг үзсэн ч гэсэн чи энэ айлын үр хүүхэд, эд хөрөнгийг хариуцах ёстой юм биш үү. Чи энэ айлд албан ёсоор ирсэн бэр хүн биз дээ. Энэ айлын хөгшидийг чи асарч үхүүлэх ёстой, чи энэ айлын хөрөнгийг удирдаж зарцуулах ёстой, чи яасан унхиагүй амьтан юм гэсэн ухаантай загнаваа ээжийг минь. Тэгээд ээж минь:
- Миний буруу занги аажий минь өршөөж хайрла гэх маягтай хэллээ. Тэгсэн занги:
- За би одоо хэрэг шийднэ. Та нар харж бай гэлээ. Уяаны тэнд нэг хүн сууж байсан юм. Тэгсэн бүсийг нь тайлаад гарыг нь хүлчихсэн өнөө хүнийг аваад ирлээ. Тэгээд майханд ороод ирсэн сөгд! Гэсэн сөгдөж байна өнөө хүн. Хоёр хуяг хоёр талд нь зогч байна.
- За чи энэ айлын тийм тийм юмыг эзнээс нь асуухгүй авсан үнэн үү?
- Үнэн. /За хөөрхий өнөөх нь айчихжээ./
- Чи яагаад тэгсэн юм. Хэдийгээр эр нөхөр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч гэсэн энэ айлын эзэн нь энэ хүн, хүүхдүүд нь байсаар байхад эзний нь зөвшөөрөлгүй юмыг нь авч хүнд өгсөн чинь үнэн юм бол чи хулгай хийсэн чинь үнэн байна гэлээ. Тэгсэн өнөө хүн:
- Тийм юм болчихжээ. Хэдийгээр би санаатайгаар тэгээгүй ч гэсэн эзэнд нь хэлэлгүй юмыг нь авсан нь хулгай хийсэн боллоо. Хэргээ хүлээе гэж байна аа. Тэгсэн занги:
- 40 ч гэнэ үү, 60 ч гэнэ үү шаахайд гэж байна шүү. Тэгээд ердөө майхны өмнө суулгаж байгаад, өнөө хоёр хиа шаахайгаа авчирч байгаад л нэг нь ард нь гарч гарыг нь барьж байгаад л шаахайдаж гарлаа. Шаахай гэдэг нь гутлын ул шиг юм аа. Их зузаан ширээр хийгээд үдчихсэн их хатуу. Тийм юмаар хацар дээр нь улаан нялга болтол нь цохино. Ганц хоёрхон цохиод өнгөрөхгүй, бүр тоог нь гүйцтэл цохино. Хүн харахын эцэсгүй л юм боллоо. Бид чинь тэр өвгөнийг танина. Аавтай минь цуг ажиллаж байсан болохоор. Яг өөрийн хүн шиг болчихсон байсан. Их сүрдмээр нөгөө хүн миний буруу гээд л хашгираад л, хэзээ ч дахиж ийм юм хийхгүй гээд ам тангарагаа өгч л байна. Занги тэгсэн цохь цохиод бай, ингэж өнчирч хорвоод дарлагдсан хүмүүсийг та нар бас дээрээс нь дарлах уу гээд л загнана. Тэгээд шийдгэсэн ээж минь гуйлаа.
- Занги аажийд би айлтгал байна аа. Дээдсийн минь хураасан хөрөнгө бидэндээ одоохондоо бололцоотой байна. Энэ Намчин аажий бол олон жил малыг минь маллалцаж, өөрийн хүн шиг ажиллаж амьдарч байсан. Тийм учраас би энэ талаар гомдол нэхэхгүй, ял шийтгэлийг нь хэлтэрүүлж өгнө үү гэсэн санаатай үг хэллээ. Тэгсэн нөгөө занги чинь зангинаж байна.
- Яана гэнээ чи, хулгайчийг өмөөрнө гэнэ ээ, чи ямар эрх мэдэлтэй гэж ингэж хулгай хийсэн хүнийг өмгөөлж байдаг билээ гээд л учиргүй загнаж гарлаа. Тэгсэн би одоо ээжий минь ийм болгох юм болов уу гээд ухаангүй айлаа. Тэгсэн ээж минь би буруу үг хэлсэн бол өршөөж хайрла гээд мөргөж байна аа. Тэгсэн ээжийг минь зодсон ч үгүй ээ, ер нь их буруутгаж байна шүү. Хулгайчийг өмгөөллөө гэж… Тэгээд ээж минь уйлж унжаад сүйд болж байна. Өнөө өвгөнийг чинь харахын аргагүй болгоод хаячихлаа. Тэгээд за, чи төлж чадах уу гэсэн чадна л гэж байна өнөө хүн. Бүр хоёроор гурваар нь төлж чадна л гэж байна. Тэгсэн за тэгвэл чи төл, чи бас ингэж баярхаж энэ айлын юмыг хулгайчид алдаад сууж байдаг юм биш гэж ээжийг минь загнаад, нөгөө хүнд төлсөн тухайгаа эргэж сумын зангид мэдэгдээрэй гээд тэр ажил дуусдаг юм байна. Ингэж манай хулгайн хэргийг шийдэхээр ирсэн занги, майхан юм байжээ тэр. Тэгээд тэр хүнийг аваад явсан сая занги малгайгаа авч, за Ургамал миний дүү наашаа суу, чи жаахан айчих вуу даа. Энэ бол төрийн алба шүү. Төрийн юм ийм л төрийнхөө ёсоор л байх ёстой юм. Миний дүү тэгээд настай өвгөд хөгшидийн чинь бие гайгүй юу? Та нар хүүхдүүдтэйгээ сайн амьдарч байна уу гэж сая нэг нутгийн ахын ярианд орж эхэлж байна. Ингэж би тэрийг хараад аргагүй л төрийн улс гэж ийм л төрийнхөө юманд төмөр нүүрээ гаргадаг, бусад энгийн үедээ энгийн л хүн шиг ах дүү садан шиг ярьдаг юм байна даа гэж ойлгож авсан юм. Би тэгээд энийг их ярих дуртай. Энд тэнд их ярьж өгдөг. Тийм их шударга ёсыг феодлын нийгэмд үзсэн. Хүн их дарладаг, хүний эрх байдаггүй нийгэмд төрийн алба тийм шударга явж байна гэдгийг би нүдээрээ үзсэн. Ийм сонин. Тэр занги энд ар Монголд ирсэн. Ирэхдээ настай хүн байсан. Ажил төрөл хийгээгүй байсан. Намайг намын сургууль төгсөөд ирэхэд намын хороонд зааварлагчаар түр албанд томилсон юм. Тэгээд ажиллаж байгаад намар Баянтүмэн суманд тариа хураалтын үеэр алба ажлаар очсон. Тэгсэн тэнд тэр өвгөн занги тэнд байсан. Намайг ирж уулзахгүй юу гэж хэлүүлсэн байна. Тэгээд би очсон. Тэрсэн тэр өвгөн, за хүү минь чамайг сургууль төгсөөд ирлээ, аймгийн намын хороонд ажиллаж байна гэж сонслоо. За хүү минь төрийн алба гэдэг чинь ёстой төмөр нүүртэй байдаг юм шүү. Танил тал, наана цаана гэж хоёр гурван үзүүрээр явдаггүй юм ш дээ. Өөрөөр хэлбэл ар өврийн хаалга гэж байх ёсгүй гэх ухааны юм тэр өвгөн над яриад, за чиний өвөг эцэг чинь занги байсан хүн гэж байна. Занги гэдгийг чинь ноён томилдог боловч ардын дотроос томилдог алба байхгүй юу. Тэгээд чиний өвөг дээдэс чинь сум багандаа алба хашиж явсан хүмүүс. Чи бас тэгэх юм байна, төгссөн сургуулиас чинь харвал. Тийм учраас би чамд шудрага ёсыг л сайн барьж яв гэж захих байна гэж над захисан. Би маш их зөв гэж өөрөө хүлээж авсан. Тэгээд ч би шударга байхыг эрхэмлэдэг хүн байсан, алба хашиж явахдаа. Тэгж тэр өвгөн над сүүлд захиж байсан юм. Феодалын төрд тийм шударга ёс байсан гэдгийг би одоо элдэв ном түүхээс олж харахгүй юм. Хүнээ мөлжсөн, ноёдоо зусардсан ийм л байдаг гэж бичигдсэн байдаг. Ардаа мөлжих нь мөлжинө. Яг амьдрал дээр бол тийм байгаагүй. Тэр өвгөн над өөрийнхөө тухай сүүлд ярьсан юм. Ар халхад ирэхэд ноён явсан, тэр жинс зэрэгтэй явсан улсууд баригдсан юм, манай энэ үзэмчиний. Ард түмнээ дагуулж ирсэн ноён нь хүртэл баригдсан юм. Тэгээд бүгдийг байцаажээ. Чи ямар алба хашиж байсан, ард түмнийг дарлаж мөлжиж байсан уу энэ тэр гэж байцаадаг юм биз дээ. Тэхээр нь зарим нь үгүй би тэгж дарлаж, доромжилж байгаагүй гэдэг юм биз. Харин надтай уулздаг өнөөх занги /Баяр гэдэг хүн байсан/ би тэгсээн, тэгсэн л гэж. Чи айлын адуу малыг шууд шүүлгүйгээр албаар барьдаг байсан чинь үнэн үү, айлын гадаах сүйх тэргийг чингэлэгий нь буулгаж хаяад тэргийг нь албанд шууд авчихдаг байсан гэж үнэн үү л гэж, үнээн л гэж. Авахгүй гэсэн хүнийг зодож цохидог чинь үнэн үү, чи яагаад тэгдэг байсан юм гэж асуужээ. Тэгсэн занги би ямар хувьдаа авсан биш, хошууныхаа сумын албанд авсан. Намайг хошуунаас 10 хоногийн дотор 20 агт бэлэн болго гэж хошуунаас үүрэг даалгавар ирвэл би тэр даалгаварыг л биелүүлэх ёстой. Биелүүлэхгүй бол би шийтгүүлнэ. Хошуунд хэрэг болсон 20 агтыг би гаргуулах үүрэгтэй. Би үүргээ л биелүүлсэн. Ингэж хэлдэг гэнэ ээ. Зарим нь үгүй би тэгдэггүй гээд л 10 жилийн ял аваад л явчихаж. Манай тэр занги шударгаар хэлдэг байж. Чи хүн зоддог гэсэн үнэн үү гэхэд нь хууль нь тийм юм чинь, би ямар хууль зохиох юм уу, хулгайчийг зод гэж хуулинд тийм байвал би тэгнэ гэж хэлээд суугаад байж. Тэгээд хүү минь энэ хуулийг тун нарийн барьж явах ёстой шүү гэж над захисан юм. Тэрийг мартдаггүй юм. Тэр хүний ухаан миний хүмүүжил төлөвшилд над их дэм болсон гэж би боддог.
Тэгээд би дараа нь сициалист төрдөө ирээд их шударгаар ажилладаг байсан. Тэр зангийн хэлдэгээр ёстой хууль журамд юу гэж байна тэрийг шударгаар биелүүлэх гэж албан байгууллагадаа ч тэр, хамт олондоо ч тэр, өөртөө ч тэр хичээж ирсэн хүний нэг дээ. Тийм шударга хүн бол социализмын үед хоёр өөр байсан. Дэндүү шударга хүнд хүмүүс нүүрэн дээрээ магтах боловч цаагуураа зайлуулах бодол байдаг юм байна гэдэг нь ажиглагдсан. Одоонийх шиг хээл хахууль тийм юм байгаагүй. Социализмын үед аль зусарч хүн дээшээ явдаг юм шиг ойлгоц одоогийн хүмүүст байдаг. Тийм биш, үнэхээр чадлаараа ажлаад дээшээ гарсан, чадлаараа ажлаад мэдлэг олсон тийм хүн олон байсан юм. Яг үнэнийг хэлэхэд намайг идэрхэн ажиллаж байхад дээд боловсролтой хүн тийм олон байхгүй ш дээ. Хэдхэн хүн л дээд сургууль төгссөн байдаг байсан. Бусад нь бол над шиг багийн бүлгэм төгссөн. Оройн сургууль, намын сургууль төгссөн тийм л хүмүүс байсан. Тэр нь ч ажил үүргээ гүйцэтгэж л байсан.
Дэжид -
Үзэмчин зан үйл, ялангуяа гэрлэх, хөдөөлүүлэх зан үйл зэрэг онцлог ямар зан үйл байсан бэ? Халхаас ялгарах үндэсний онцлогийн талаар хэлж өгөөч?
Санжаасүрэн -
Байна аа, байна. Бүр Өвөрмонгол дотороо ч өөр. Ухаандаа баргаас, харчин, хорчиноос ч өөр. Монгол угсаатан. Тэгсэн мөртлөө дотроо өөр. Хуримлах ёс бол маш их нарийн нандин байсан. Тэр тухай ярих юм бол их домог яриа болно доо. Манай үзэмчинд 14-ээс дээш насанд гэрэлчихдэг. Бүр 13-тай ч гэрлэнэ. Ÿагаад гэвэл тэр үед хайр сэтгэлээр гэрлэнэ гэж байхгүй. Феодалын ёсонд тийм юм байхгүй. Аав ээж шийдээд л гэрлүүлнэ. Жишээлбэл миний төрсөн ах 13 настайдаа 17-той охинтой гэрлэсэн. Тэгээд тэр хоёр хүүхэд цаашдаа бие биендээ хайртай болсоор насаа бартал амьдраад хэдхэн жилийн урд хоёулаа өөд болсон. Тэгж багад нь нилүүлэхэд бас нэг ач холбогдол байсан юм шиг сүүлд бодоход санагддаг юм. Одоо бодоход 13 хүүхэд гэрлэнэ гэдэг инээдтэй юм шиг боловч болж л байсан юм. Манай тэр бэргэн ч ёс бус юм боллоо гэж боддоггүй. Миний заяа буян ийм л юм байна гэж бодно. Манай бэргэний төрхөм гэр нь баян айл байсан. Их ч малтай, хөрөнгөтэй ирсэн манайд. Хүүгийн тал гэрээ бэлддэг, хүүхний тал дотор тавилгыг нь бэлддэг. Хүүгийн тал тулгаа, бурханаа гүнгэрваатай нь оруулж тавина. Ор дэвсгэр, шүүгээ сав, тогооны бариулыг хүртэл бүгдийг охины тал бэлдэж ирдэг. Гэхдээ хөөрхий чадлаасаа л болно ш дээ. Манай тэр бэргэн таван сайхан данхайсан шар хөллөсөн таван тэрэгтэй ачаа бараа, сүйх тэрэг, мухлай тэрэг, аргал усаа хийдэг хашаа хавчиг зэрэг юмаа ачаад хүрч ирсэн. Манай аавын гэрийн хойно ахын гэрийг барьчихсан байсан.
Дэжид -
Тэр хэдэн он бэ? Энд ирчихсэн байсан уу?
Санжаасүрэн -
Үгүй үгүй, урдаа. 43 он юм уу даа. Ирэхийн өмнөхөн. Тэгээд гэрлэчихсэн. Гэхдээ эхлээд ингэнэ ээ. Хүүтэй айл нутгийнхаа охидыг хардаг байна. Энэ айл ийм насны, ийм жилтэй ийм ийм охидтой юм байна гэж. Тэгээд мэргэч ламаас асуудаг. Би ийм гурван охины аль нэгийг хүүдээ авч өгөхийг хүсч байна. Та аль нь ивээл, аль нь манай заяаны бэр болохыг хэлж айлд гэж хадаг барьж очдог. Лам нас, жил, мэнгэ элдэв юмыг нь сайн хардаг юм байлгүй тэгээд энэ нь танай бэр болох заяа буянтай юм байна гэж зааж өгдөг. Тэхээр нь очиж аав ээжид нь хадаг тавьдаг байж. Тэгэж хадаг тавьж гуйж очих ёс тийм дээр үеэс байсан байна. Тэгээд хадгыг нь тэр айл тогтоож авсанаас хойш, тогтоож авбал зөвшөөрч байна гэсэн үг. Тогтоож авахгүй байна гэж бас байна. Ухаана дургүй байвал шууд авахгүй дургүй байна гэж хэлэхгүй. Манайд өөр хүн хадаг тавьчихсан гэдэг ч юм уу, эсвэл хадаг тавихаар тохирсон ч гэдэг юм уу, сүй тавьчихсан ч гэдэг юм уу тэгж хэлнэ. Сүй тавина гэдэг нь бүр бага өлгийтэйгээс нь аав ээжүүд нь тохирчихсон байдаг гэж байгаа юм ш дээ. Тэрийг өндгөн сүй гэнэ. Тэгж хэлээд дургүй хүндээ өгөхгүй. Хоёр гурван удаа гуйлгадаг ч байна. Тэгж байгаад хадгийг нь тогтоолгож авдаг ч ёс бий. Тэрний дараагаар мал хэлэлцэх гэж байдаг юм. Зарим номонд тэр хүүхнийг малаар худалдаж авсан гэх маягтай бичсэн байдаг. Тэр тийм биш. Манай үзэмчиний хувьд бол инжийг нь өгч байгаа юм. Манай тэр бэргэн гэхэд л таван тэрэгтэй ирлээ гэж байна ш дээ. Үхэр мал бүгдийг өгнө ш дээ. Хонь, эмээлтэй морь гээд тэр инжинд маш их юм ирж байгаа юм. Тэр юмыг нь бэлдэх гэж өөрөөр хэлбэл идэх хоол, өмсөх хувцастай нь өмчийг нь таслаж өгөөд явуулдаг. Манай тэр хоёр бол үнэхээр тэгж нэртэй сүртэй ирсэн болоод тэрүү, тэгж сайн ижилдэн дасаад тэр үү, насандаа завсар гараагүй сайхан ханилсан. Тэгж феодалын ёсоор гэрэлсэн ч жинхэнэ сайхан бие биедээ хайртай байсаар 70 гараад хоёул өнгөрсөн дөө. Одоогийн хүүхдүүдэд ярьвал ёстой сонин.
Дэжид -
Та яаж гэрлэж байв? Өөрөө сонголт хийв үү?
Санжаасүрэн -
Өөрөө сонголт хийсэн. Би чинь 18 нас хүрч байж гэрлэхгүй бол болохгүй шүү дээ. 19 хүрч байж гэрэлсэн. Нутгийнхаа үзэмчин охинтой суусан. Өнөөг хүртэл амьдарч байна. Амьд байгаа муу хөгшин минь.
Дэжид -
Үр хүүхэд ач гуч хэд болж байна?
Санжаасүрэн -
За даа одоо олон болж байна даа. Бид хоёр бол бараг арваад хүүхэд төрүүлсэн. Ихэнх нь бүтээгүй юм. Хоёр хүү, нэг охин бид хоёрт үлдсэн юм. Хоёр хүү нь гэрэлсэн. Охин маань айлын хүн болсон. Тэдний маань үр хүүхэд 10 гаран, зээ зээнцэртэйгээ нийлэх юм бол 20 гарчихсан. Өнөр өтгөн, дөрөвдөх үеэ үзэж байна. Ингэж амьдарч байна даа. Сайхан амьдарч байна.
Дэжид -
Тэр үед хөдөөлүүлэхэд бол халхад ил тавьдаг байлаа ш дээ?
Санжаасүрэн -
Адилхан. Яг адилхан. Нэг эвгүй юм байдаг байсан. Бузар айл, бузар юм гээд насбарсан хүнтэй айлд ойртохгүй. Одоо бол нэг хүн өнгөрчихлөө гэхэд өө тэр маань өнгөрчихөж гээд очоод бүгдээрээ туслаад л явдаг шүү дээ. Тэгвэл үгүй, тийм байгаагүй. Нэг айлд хүн өнгөрлөө гэхэд бүүр холуур, бараг хөдөө хээрээр шахуу ирээд яаж байна, туслах юм юу байна, юу хэрэгтэй байна, биднээс тус дэм авах уу гэх ухаантай юм хөдөө хээрээр ярина уу гэхээс тийм юм байхгүй. Өөрийн хамаатан садан гардаж орж хийнэ. Гэхдээ одоогийнх шиг авс хайрцаг байхгүй, хөдөө хээр ил тавина. Өвсөөр дэр хийгээд нэг лам явдаг юм, өөрийнх нь хүүхэд ч юм уу, нэг ойр дотных нь хүн явна. Би бол өөрийнхөө өргөж авсан ээжээ яг тэгж оршуулсан. Монголд ирээд хоёр жил болоод оршуулсан даа. Би 15-тай байсан. Тэгэхэд би нэг ламтай хоёулахнаа яваад ээжээ оршуулчихаад ирээд нэг их цайллага дайллага ч болсон юм байхгүй. 7 хоног үүдэндээ цээр татчихна. Гашуудалтай айл гэж тэмдэглэж байгаа хэрэг. Харин гашуудна гэж байна. Эх эцэгээ нас барахад малгайныхаа залааг авах, хөөрөг даалин, хэт хутгаа аваад ингээд явж байгаа хүнийг хараад аа энэ хүн гашуудалтай эх эцэг нь нас барсан юм байна гэж мэдээд мэндлэхгүй. Тийм учир ёс байсан. Юуны нь бузар байхав тэр нас барсан хүнд, тэр үед бузар гээд ойртдоггүй нь одоо эргээд бодоход их эвгүй ёс байсан юм болов уу гэж боддог. Ноён, ард, эр эм ялгаа байхгүй. Нас барлаа гэхэд тэр ноёны ах дүү хамаатан садан нь л ухаанаа олно уу гэхээс тэгж ард нийтээр оролцох, эмгэнэл илэрхийлэх ч гэж байхгүй, мэнд ус ч гэж байхгүй тийм байсан юм. Оршуулах ёс нь бол яг халхтай адилхан байх аа. Ердөө л задгай л тавьчихна ш дээ. Нэг усанд гэхэд нэг л оршуулгын газар байна. Тэнд нь аваачаад л тавьчихна. Тэр орчимд нь тэгээд хоёр гуравхан хоногийн дотор үзэгдэхгүй болгочихдог чоно амьтан байдаг болтой юм аа. Тэгээд гурав хоног дээрээ эргэдэг. Тэгээд очиход нь юу ч байхгүй байвал бурханы орондоо очиж боллоо гэж үздэг. Би ээжийгээ оршуулаад гурав хоног дээр нь рашаан ус аваад нөгөө ламтайгаа очсон. Юу ч л байхгүй болчихсон байсан. Тэгсэн тэр лам чиний ээж их буянтай хүн байна. Баруун хойшоо чирээд явсан ногооны мөр байсан. Зун цаг байсан юм. Тэгээд хойноос нь орж явахгүй. Энд л байхгүй болсон бол тэгээд боллоо гэж тэр лам над тайлбарлаж хэлж байсан. Тэгээд нас барсан хүнд буян үйлдэж хийд хүрээгээр явж лам хүнд хадаг барьж, өргөл барьц өгч маанийн ерөөл айлдуулна. Бадарчин лам ч явж байсан маанийн ерөөл айлдуулна. Ингэж л буян үйлдэж байгаа нь тэр. За тэгээд ядуу зүдүү хүмүүсийг хооллоно. Өглөг өгнө. Ийм л ёс журмаар оршуулгын байдал өнгөрдөг байсан. Энэ хайрцаг сав чинь уг гарвал нь орос чигийн л юм байх аа. Тэгээд сүүлд нь жишээлбэл Улаанбаатар хотод хаанаа ил тавь гэлтээ биш хайрцаг саванд хийхээс өөр аргагүй болсон байлгүй дээ.
Дэжид -
Тэр үед ар монголд орж ирэхэд танай нутагтай харьцуулахад цаг агаар ямар байсан бэ? Ойролцоо юу? Тэр үеийнхээ байдалд зохицуулж малчин ард түмэн яаж малаа малладаг байв?
Санжаасүрэн -
Хуучин нутгаас энд орж ирээд өөрчлөгдөв үү гэвэл үгүй. Ойрхон байсан. Багцаа нь бол ерөө 50 км яваад урд үзэмчинд очлоо. 50 км яваад л халхад ороод ирлээ гэсэн үг. Цаг уурын байдлын хувьд Матад, Баянтүмэн хоёр л гэж ойлгоно. Харин тэр үеийнхээс цаг уур өөрчлөгдсөн юм бий. Өвөл нь бол арай богино, зун нь нилээн тавиухан байсан шиг санана. Одоо бол өвөл арай удаан үргэлжлээд байдаг болчихжээ. Ялангуяа өнгөрсөн өвлийг бодоод үзэхэд айхтар урт өвөл болдог болж. Зун нь богино, намар, хавар нь их хурдан өнгөрч байна. Хууччуул ч ярьж байна. Ерөөсөө дан Монгол ч биш дундад ази тэр чигээрээ л цаг уур өөр болж байх шиг. Мал малладаг арга туршлага бол их нарийн, өвөрмөц аргаар малаа малладаг байсан. Бид сурталчилж, сургаж л явлаа. Хашаа хороо гэж бэлдээд байдаг юм нэг их байдаггүй. Тэгсэн мөртлөө тэнд очоод өвөлжчихөд миний малыг үхүүлчихгүй онд оруулчих нөмөр нөлөөтэй газар бий, билчээр ус нь ч хүрэлцэнэ гэдгээ өөрснөө андахгүй мэддэг юм шиг байна. Тэр туршлагаараа л явдаг юм шиг байна. Хэцүү хэцүү зудад малаа барсан хэцүү үе тохиолдож л байсан юм билээ. Гэхдээ олонх айл малаа зохих хэмжээгээр аваад үлдчихдэг байж.
Дэжид -
Тэгэхээр цаг уурын байдал хуучин үеийнхээс нилээд өөрчлөгдсөн байна уу?
Санжаасүрэн -
Өөрчлөгдсөн. Бид байгалиа сүйтгэснээс ийм болчихлоо гэх юм манай энд бол байхгүй. Урд нь ч тал байсан. Одоо ч тал хэвээрээ л байна. Манай хуучин нутаг ч тал нутаг. Зудтай өвөл болно гэвэл Хянганы нуруугаа дагсан хангайруугаа нүүгээд оччихдог байсан. Хавар эртээ гарч ирээд тал нутагтаа малаа төллүүлчихдэг байсан. Бэлчээрийн хувьд бол жинхэнэ бэлчээрийн л арга байсан юм. Өөхөн тарга, усан тарга гэх мэтчилэнгээр мал маллагааны маш нарийн арга байсан. Тэрийг бид сайн мэдэхгүй. Гэхдээ тэр аргаар маллаж байгаа малчин хүнийг мэднэ. Уулзаж байсан, үг сургуулийг нь сонсож байсан. Жишээлбэл би Хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Очир гуай манай энд ирж ард түмэнтэй уулзалт хийгээд ярьж байсан яриаг нь санадаг юм. Тэр манай урд үзэмчний хөгшчүүлийн ярьдаг яриатай тун таарч байсан. Тэгэхлээр монголчуудын бэлчээрээр мал малладаг арга одоо их мартагдаж их хөнгөвчлөгдөж байх шиг. Тэгж өдөржин мал дагаж биеэ зовоохгүйгээр одоо ойлгогддог болж л дээ. Одоо нэг дуран бариад л уулын орой дээр сууж байх жишээтэй. Тийм биш юм билээ. Очир гуай хэлж байна ш дээ, жишээ нь машинтай хүн ирээд малыг нь үргээх гэхээр морьтой амдаж очоод зогс зогс гээд юм асуух юм уу, надтай уулзах гээ юу гээд өөрөө очиж уулздаг. Хонио үргээлгэхгүй гэж тэр шүү дээ. Үргээнэ, хөөнө, тууна, цочооно гэдэг бүгд малын ашиг шим, тарга тэвээргэнд нь таардаггүй юм байна. Тэрийг манай үзэмчний өвгөцүүл ч ярьдаг. Бид чинь багадаа хонь малд явдаг л байсан. Загнуулдаг л байсан. Чи юу гэж морио хөлөргөсөн, яагаад тэр хонь тоос манаргатал хөөж байна вэ гээд л … Одоо тэр яриа алдартай хүмүүсийн яриатай таарч л байгаа юм. Нэгдэлд ороод ард түмний мал маллагааны арга бүр өөрчлөгдсөн.
Дэжид -
Үзэмчин ястаны хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа ямар байв, таны амьдралын явцад яаж өөрчлөгдсөн юм, энэ талаар ярьж өгөөч?
Санжаасүрэн -
Феодалын нийгэмд бүсгүй хүн эрх мэдэлгүй байсан гэдэг нь үнэн. Айлд богтлогдож өгдөг байсан нь ч нийтлэг. Айлд богтлогдож очсон охин нь ч би эрх хэмжээгүй, хүнд богтлогдчихлоо гэж бодох юм байхгүй. Аав ээж нь ч миний охиныг дарлаад хүнд өгчихлөө ч гэж бодох юм байхгүй. Ийм ёс журамтай, хүн бүхэн энэ жамаар явах ёстой юм байна л гэж ойлгогдож байсан ийм үе байж. За тэгээд эмэгтэй хүн ном сурах нь бараг байхгүй. Харин сүүлд манай Үзэмчинд охидын сургууль гэж нээгдэж, монгол бичиг заана. Дээр нь сааль сүү саана, цагаан идээ боловсруулахыг заана, юм оёно ухаан нь айлын бэр болоход бэлдэж байгаа юм. Дандаа айлын бэр болоогүй охидыг сургадаг тийм сургууль манай зүүн үзэмчин хошуунд байсан юм. Багш нар нь гэхэд дандаа бичиг үсэгтэн байхгүй. Монгол бичиг заадаг багш нь л монгол бичиг мэднэ. Тэрнээс биш юм оёохыг заадаг багш нь зүгээр нэг уран гартан эмэгтэй байна. Сааль сүүний ажлыг ч гэсэн сааль сүү сайн хийдэг нэг авгай л заана. Феодалын засгийн үед ардын эрх үүрэг гэж бичсэн юм байдаг ч юм уу, үгүй ч юм уу, байсан ч бид олж үзээгүй ч юм уу олон нийтэд хүртээмжтэй юм байгаагүй. Бүсгүй хүнийг ер нь их гадуурхаж дорд үздэг, зодож цохиж байхад хээ ч байхгүй. Хэн ч л байсан зодож л байдаг. Хоёр гурван эхнэртэй хүн ч байсан.
Дэжид -
45 он хүртэл байсан уу?
Санжаасүрэн -
Байсан. 45 онд манайхыг нүүж ирэхэд хоёр гурван эхнэртэй хүн байсан. Ирээд харин салцгаасан. Хоёр эхнэртэй хүн хэд хэд байсан. Ирэхээр нь та нар өөрийн дураар, хүслээрээ явж болно, салъя гэвэл салж болно манай хууль ийм гэж сайн тайлбарлаж ойлгуулсан. Тэгэхээр нь зарим нь би явъя, өөр хүнд сэтгэлтэй хүн тэрэнтэйгээ амьдрая гэх мэтээр юм гарч байсан юм шүү. Урд бол тийм биш. Залуу байна уу, хөгшин байна уу, сохор байна уу, доглон байна уу эх эцэг л ямар хүнд тушааж өгнө тэр хүн үг дуугүй л тэр хүнтэйгээ амьдрах ёстой байсан.
Дэжид -
Нилээн хаалттай эрхтэй байж дээ?
Санжаасүрэн -
Тийм. Ёстой эрх чөлөөгүй гэдэг чинь тэр мөн байсан. Ямар сайндаа ирээд хурлын тэргүүлэгчээр сонгогдсон эмэгтэй хүн юу хийхээ мэдэхгүй би яаж энэ харцуул эрчүүлтэй цуг ширээний цаана гарч сууж байхав гээд явахгүй.
Дэжид -
Ер нь дээшээ суух эрхгүй байсан уу?
Санжаасүрэн -
Суулгах ч үгүй, тийм эрх байхгүй байсан юм чинь. Эмэгтэйн байгууллага гэж тэнд ерөөсөө байхгүй байсан юм. Өвөрмонгол 45 оноос хойш японы харъяалалд байлаа. Япон гэдэг чинь соёлтой орон. Японы мэдэлд ороод байхдаа тэр охидын сургууль, хөвгүүдийн сургууль гээд сургуулиудыг байгуулсан байхгүй юу. Урд нь бол юу ч байхгүй, харин монгол бичиг мэддэг нэг хүнд Сүхбаатар Жамъян багшид шавь орлоо гэдэг шиг тэгж шавь ордог байсан.
Дэжид -
Тэгж шавь ороход харц ардын хүүхэд шавь орно гэж байх уу? Эсвэл баяд ноёдын эрх мэдэлтэй хүүхдүүд орох уу?
Санжаасүрэн -
Орно орно. Ардын хүүхэд орно. Ямар ч сургуульд яваагүй мөртлөө тав зургаан хэл мэддэг, олон хэлээр ном уншдаг тийм эрдэмтэй хүн намайг багад манай нутагт байсан. Тэр хүн биеэ даагаад л тэр их эрдэмийг сурсан байгаа юм ш дээ. Төвд, манж, хятад, монгол ийм олон бичиг үсэг мэддэг Мээрэн тайж гэж хохь тайж өвгөн байсан. Хохь тайж гэдэг нь албатгүй тайж гэсэн үг. Үнэхээр зөв мэргэлдэг мэргэч, төлгөч тийм хүн байсан. Бид очиж юм асууж, лавлаж, өвгөний үг сургаалийг сонсож байсан. Тэгэхлээр оролдлого гэдэг юм шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдгийг тэрнээс олж мэдсэн юм.
Дэжид -
Та социализмын үед театрын намын дарга, жүжигчин, музейн дарга, кино театрын дарга, бас намын ажил гээд олон ажил хийж байж. Та энэ бүх ажилд өөрийн хүсэлтээр шилжиж байв уу, эсвэл намын томилгоо байсан уу? Таны ямар чанар нөлөөлж энэ олон хариуцлагатай ажилд томилогдож байв?
Санжаасүрэн -
Би бол угаасаа дэвсгэр боловсрол муутай хүн байсан. Түрүүн ярьсан. Бичиг үсэгтэн болоод багтаа ажиллаж байлаа. Тэгээд 1958 онд намд элссэн. Намайг намд элсэхэд хоёр жилийн орлогчоор хугацаа дамждаг, хоёр хүн даадаг их том шалгууртайгаар намд ордог байсан юм. Би тэр бүх шалгуурыг давж намын гишүүн болсон. Тэгээд намын гишүүн болсоноос хойш 1960 онд намайг Намын дээд сургуулийн улс төрийн курст суралцуулахаар намын хорооноос явуулсан. Тэгээд би тэндээ амжилттай ч суралцсан. Тэнд ямар боловсрол олгох вэ гэхээр ерөөсөө улс төрийн боловсрол олгож байгаа юм. Нийгмийн ухаан, гүн ухаан, эдийн засгийн чиглэлийн хичээлүүд дандаа заана. Эрдэмтэн, доктор, профессор гээд дандаа томчуул хичээл заана. Тэр сургууль бол миний ертөнцийн цонхийг нээж өгсөн. Тэндээс би үнэхээр юмыг ойлгож мэдэж авах юмсан гэсэн эрмэлзлэлтэй болж, сайхан муухайгын ялгааг тэндээс олж харсан. Гэхдээ би бол социализмын онолыг л заалгасан хүн шүү дээ. Тэгээд тэрийгээ ёсчлон биелүүлэх гэж өөртөө хатуу шаардлагатайгаар ажилладаг байсан. Ийм учраас намайг нам төр маань бас их дэмжиж, ирээдүйтэй боловсон хүчний нэг гэж үздэг байсан. Тийм ч учраас чухал шаардлагатай газраа намайг тавьдаг байсан. Жишээ нь театрын намын дарга болгоно гэхэд аймгийн Намын хорооны товчоогоор хэлэлцэгдэж байж томилогдож байсан. Мөн кино театрын намын дарга боллоо гэхэд аймгийн намын хорооны товчооны хурлаар хэлэлцэгдэж байсан. Намайг зогсоогоод л чи энийг хийж чадах уу, урд өмнө байсан алдаа дутагдал байвал тэрийг нь гаргаж чи урд тэгж байсан гэсэн одоо тэгэхгүй юм байгаа биз дээ гэж байж тэр албанд тохооно. Миний ажиллаж байсан бүхий л алба аймгийн намын хорооны товчоогоор энэ мэт хэлэлцэгдэж байж л шийдэгдсэн асуудал. Тэгээд даалгавар сайн биелүүлж байвал дэвшүүлээд л байна. Муу ажиллаж байвал өөрчилчихнө. Тэр үед бол ар өврийн хаалга энэ тэр юм гэж байхгүй. Харин тэгэхдээ хүсэлт авдаг байсан. Чи ямар ажил хийвэл одоогийнхоосоо илүү үр дүнтэй ажиллаж чадах вэ гэж дандаа асууна. Тэр их чухал юм шүү. Одоо ч тэрийг ашиглаж байвал юу нь муу байх вэ дээ. Одоо ухаан нь төрийн албан хаагчидаас чи хууль цаазын ажлыг нь хийвэл чадах уу, худалдаа наймааны ажлыг нь хийвэл илүү үр дүнтэй юу гэвэл тэр хүн бас нэг юм бодно шүү дээ. Хувьсгалт намын үзэл бодлоор хүмүүжсэн болоод тэгдэг юм уу би социализмын үед амьдарч байсанаа нэг их мууд боддоггүй, муучилдаггүй, тухайн үедээ тухайн хэмжээндээ ажиллаж байсан гэж боддог. Одоо ингээд бодоход доод хүмүүсийн нам төрдөө итгэх итгэл, дээд албан тушаалтан хүний нам төрийн нэрийн өмнөөс өгч байгаа үүрэг даалгавар энэ хоёрын авцалдаа үнэхээр өндөр байсан. Одоо их сонин болж дээ. Хүний эрхийн асуудал. Дээд удирдлагаа ч удирдлага гэж үзэхээ байчихсан. Удирдаж байгаа хүмүүс нь ч доод хүмүүстээ хүчтэй шаардлага тавьж, халамжлах үедээ халамжилж, халах үедээ халж чадахаа байчихсан. Бидний үед, социализмын гол зарчим нь чи ард түмнийхээ төлөө үнэнч шударга, сайхан ажиллаж чадвал, чиний амьдрал тэр хэмжээгээрээ сайхан байна гэсэн зарчим. Энэ санааг яс маханд минь ортол шингээсэн. Тэр үед суртал ухуулгын ажил их хүчтэй байсан. Одоо хүнд юм хэлж өгдөг, сайн муугийн ялгааг хэлж ойлгуулж өгдөг ийм газар гэж бараг байхгүй болж. Хэрэг хийсэн хүнийг шүүх цагдаа барьж аваад шийтгэчихдэг, ойлгосон ч шийтгээд, ойлгоогүй ч шийтгээд хаячихаж байна. Бидний үед ойлгуулах, ой тойнд нь оруулах гэж их ажил байдаг байсан. Тэрүүгээр би их бахархдаг. Би өөрөө эвлэлийн гишүүнээс намын гишүүн, албан хаагч болтолоо хууль журам гэгчийг хатуу баримталж ирсэн. Ар өврийн хаалга, найз нөхөд, ах дүү, амраг садан гэж үзэх ёсгүй. Миний үр хүүхэд ч болохгүй юм хийсэн байвал би шийтгэж л орхино. Ийм л шударга ажилладаг байсан. Одоо өнгөрсөн хойно нь л хэлж байгаа шүү дээ. Тэр үед хэлсэн бол биеэ магтсан болно. Тэгж шударга ажиллахын тулд өөртөө их юм сурах, өөрийнхөө ажилд тал талаас нь янз янзын анализ шинжилгээ хийх хэрэгтэй байдаг гэж боддог юм даа. Тэгсэнээр ч миний ажил буруудаж байгаагүй. Би түрүүн хэлсэн улаан булангийн эрхлэгчээс театрын дарга хүртэл боловсролгүй сургуульд яваагүй нэг муу өвгөн тэр урт замыг туулна гэдэг тийм ч амар юм биш. Ийм учраас би ажилтайгаа холбогдсон эрэл хайгуул их хийдэг байсан. Туршлага их судалдаг байсан. Үүний үр дүнд миний ажилд багагүй амжилт гарч байсан. Би театрын дарга, жүжигчин байхдаа, манай театр бол их онцлог театр байсан. Аймагтаа төдийгүй улсдаа онцлог, дөрвөн анги, олон гавъяаттай. Хөдөөгийн театруудаас манай театр хамгийн анхны гавъяатуудыг авч байсан. Намайг ирэхэд 4 байсан, сүүлд нь 2 нэмэгдсэн. Жүжиг анги, хор дууны анги, бүжиг анги, хөгжим анги гэсэн бүтэцтэй.
Дэжид -
Театр тэр үед хэдэн хүнтэй байсан бэ?
Санжаасүрэн -
Тэр үед далан хэдэн орон тоотой, багш, найруулагч, туслах найруулагч, бусад туслах ажилчидтайгаа зуу гардаг байсан.
Дэжид -
Ажилчдын эрэгтэй хүн нь давуу байсан уу? Эмэгтэй нь давуу байсан уу?
Санжаасүрэн -
Манайд бол эмэгтэй нь илүү байсан. 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байсан. Тэр үед урлагийн сургууль манай улсад дөнгөж байгуулагдаад байсан. Гадаад суралцсан урлагийн мэргэжилтнүүд ямар манай хөдөөд ирэх биш. Тэр үед боловсон хүчнээ яаж сэлбэдэг байсан юм гэхээр аймаг орон нутгийн, улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг их зохион байгуулдаг байсан. Тэрэн дотроосоо авъяастануудаа олж илрүүлж театртаа авдаг байлаа. Сүүлд нь яахав урлагийн сургууль төгсөөд хүүхдүүд ирсэн. Гэлээ ч гэсэн урлагийн ажил их хэцүү. Бүр багаасаа оролдсон хүн л зовлонг нь ойлгоно. Сургууль төгссөн хүүхэд шууд ирээд жүжиглэж, хөгжим тоглож чадахгүй. Хоёр гурван жил шинэ хүн гэгдэж дагалдан багштай байлгана. Тэгээд цаашдаа бие дааж гоцлол тоглодог болоод ирэхээр нь гаргадаг. Ийм байлаа. Тэр нь бас нэг хариуцлагын сайн шалгуур байсан. Уран бүтээлч хүний өсөлтөнд ч нилээн нөлөөлдөг байсан байх. Тэр үедээ манай театр хөдөөгийн театрууд дотроосоо тэргүүн зэрэгт байсан. Би театрын намын дарга байхдаа МАХН-ын анхан шатны үүр хороодын улсын зөвлөгөөнд шалгаран оролцож, туршлага мэдээллээ хийж байлаа. Тэгээд намын төв хорооны шагнал хүртэж байсан. Сүүлд намайг кино театрын даргаа тавихад би киноны талаар мэдлэг муутай байсан.
Дэжид -
Та өөрөө хүссэн юм уу?
Санжаасүрэн -
Үгүй. Чамайг аймгийн кино театрын дарга болгомоор байна, чамд ямар санал байна гэж асуусан. Тэгэхэд нь би киноны талаар бол мэдлэг муутай, тиймээс улсын хэмжээнд аль аймгийн кино театр тэргүүлдэг юм тэр хүнтэй намайг уулзуулж өгөөч гэж би гуйсан юм. Тэр үед улсын кино үзвэрийн газар гэж байлаа.
Дэжид -
Таныг ажил сайжруулахаар тавьсан хэрэг үү? Нэг газар сайн ажиллуулаа гэхэд өөр газар хүссэн хүсээгүй тавих уу?
Санжаасүрэн -
Тэгнэ. Үүргээ сайн биелүүлдэг хүнийг нэг газар хадчихсан юм шиг байлгаад байхгүй. Тэр боловсон хүчний чадал чансааг шавхаж байгаа юм. Намайг 13 жил кино театрын ажлыг хийхэд за чи энийгээ хийгээд яв гэхгүй, одоо үүнийг өөр хүн хийгээ. Чи музей дээр очино. Манай аймаг онцгой сайн музейтэй байх ёстой. Яагаад гэвэл халхын голын өлгий нутаг. Халхын голын музей гэж шинэ музей байгуулна. Чи тэр шинэ музейг байгуулалцаж, удирд. Намын хороон дээр дуудаад шууд ингэж хэлсэн. Тэгээд л би шууд аймгийнхаа музейг удирдах ажилд орсон. Намайг очиход зүгээр нэг гарын уртай өвгөн л ажилладаг байсан. Чи үүнийг жинхэнэ музей болго гэсэн. Тэгэхээр нь би улсын музейн удирдах газар гэж тэр үед байсан. Тэндээр очиж би Дорнодоос ирлээ. Би музейн талаар мэдлэг муутай. Намайг бүх музейнүүдээр явуулаад аль, над эрх олгоод өг гэсэн. Тэгээд тэр үеийн музейн удирдах газрын дарга Даваасамбуу гэж хүн надад бичиг хийж өгөөд би Улаанбаатарын бүх музейгээр явж хаана ямар юмыг яаж хийсэн байна, байгалийнхыг нь яаж хийж вэ, ан амьтаныг нь яаж хийж вэ, түүхийн музейнүүд нь ямар байна тэр бүхнийг үзсэн, асуусан. Тэгээд ирээд өөрийнхөө музейг тэр хэмжээгээр сайжруулах гэж оролдсон. Ингэж л явсан даа. Хүний ажил гэдэг заавал туршлаган дээр байх ёстой. Над нэг онцлог байгаа юм. Би бол сургуулиар боловсрол олоогүй учраас дандаа өөрийгөө чамалдаг хүн. Би юу хийсэн юм бэ, би юу сурсан юм бэ, яагаад над нам ийм том итгэл хүлээлгээд байна вэ, би үүнийг нь хөсөрдүүлэхгүйн тулд яах ёстой вэ гээд өөрлүүгээ асуудаг, өөртөйгөө ярьдаг. Тэгээд хүн яаж тэр юмаа хийсэн байна, тэрийг нь судал, тэрний адилаар ажилаа сайжруул гэж өөрөө өөртөө үүрэг өгдөг ийм л хүн. Тэр маань ч миний ажлын арга барилд гол арга болсон гэж би боддог. Гэхдээ би мундаг улсын хэмжээний хүн биш. Яахав үүргээ биелүүлсэн. МУ-ын СТА гэдгийн 220 дахь хүнд нь багтаж орсон. Одоо 5000 гаруй СТА байдаг гэнэ. Би 220 дахь СТА гэсэн үнэмлэхтэй.
Дэжид -
СТА гэдэг бол тухайн үед их том шалгуураар олгодог байсан уу?
Санжаасүрэн -
Энэ чинь гавъяатын дараа орно. Энийг авч байж гавъяат авна шүү дээ. Би бол яахав уран сайханчаас жүжигчин хүртэл, улаан булангийн эрхлэгчээс театрын дарга хүртэл соёл урлагт зүтгэж явахдаа туршлаган дээр тулгуурласан гэхэд болно оо. Ер нь хүн гэдэг чинь бие биенээсээ л сурч явахгүй бол болохгүй. Би болчихлоо гэж биеэ хаяж, одоо би яадаг юм, энэ соёл урлагт 30 жил ажиллачихсан юм чинь намайг хэн хэлдэг юм гэж үзэж болдоггүй юм байна лээ.
Дэжид -
Тэр үеийн дарга цэрэг, энгийн хүмүүсийн харьцаа ямар байсан юм бол? Ялгаатай байсан уу, та дандаа удирдах ажил хашиж байсан юм байна. Ямар ялгаатай байсан бэ?
Санжаасүрэн -
Тэрийг одоо сүүлийн үед захиргаадалтын алба гэж хэлдэг болсон. Би яг тэр захиргаадалтынх нь захиргааддаг хүн нь байж шүү дээ. Удирдлага байсан болохоор тийм ээ. Тэр үед чинь үүргээ биелүүлэхийг ажилчин хариуцдаг, биелүүлүүлэхийг нь би хариуцдаг байж. Тэр хоёрын хооронд ноцтой зөрчил миний ажил амьдралд ер нь тохиолдож байгаагүй. Энийг зайлуулаадахвал бид нэг тайван амьсгалах юм гэсэн бодол яриатай хүн миний амьдралд ер нь байгаагүй.
Дэжид -
Гадаад байдлаараа дарга, ажилчин хүмүүс ялгарч байсан уу?
Санжаасүрэн -
Хятад, Орос хоёр 45 оноос хойш 90-иэд он хүртэл харилцаа жаахан муу байсан. Тэрнийгээ татаад тэгдэг юм уу Хятад, Монгол хоёр нэг үе харьцаа муутай байлаа. Тэр үед өвөрлөгч гаралтай улсуудыг битүүхэндээ нам төрийн байгууллагаас хянадаг байсан. Ил тод хэлэхгүй ч ер нь энэ Санжаасүрэн чинь урдаас ирсэн хүн шүү гэж. Тэрэнд нь бид заримдаа дотроо гомддог байсан. Зарим үед би бас зөв ч юм болов уу гэж боддог байсан. Яагаад гэвэл Хятадаас ирсэн тагнуулууд ямар хүнийг ашиглахав гэхээр урд байсан өвөрлөгч хүнийг юм уу, өвөрлөгч амьдралыг сайн мэддэг хүнийг ашиглах нь ойлгомжтой.
Дэжид -
Өвөрлөгч гэдэг нь өвөрмонгол хүнийг хэлж байна уу?
Санжаасүрэн -
Өвөрмонгол ч байж болно, бүр Хятад ч байж болно. Манай энд хятад хүмүүс ч байсан юм ш дээ. Бүр ирээд суурьшчихсан, монгол эхнэртэй, хүүхэдтэй хүмүүс байсан. Надад нэг удаа ийм юм тохиолдсон юм. Би шинэ жилээр улсуудаа шагнадаг байхгүй юу. Тэгээд шагнасан. Манай уурын зуухны галч хийдэг хятад өвгөн байсан. Үнэхээр ажлаа хариуцлагатай сайн хийнэ. Тийм учраас би тэр өвгөнийг шинэ жилийн үдэшлэг дээр нэг цамц, баярын бичгээр шагначих ваа. Тэр үеийн шагнал нэг тиймэрхүү байсан юм. Тэгсэн чинь чи хятад хүн шагнасан гэв үү гэлээ. Шагнасан л гэлээ. Чи яагаад тэгж байгаа юм гэж байна. Үгүй яахав дээ шинэ жилээр тэр жилдээ сайн ажиллаж үүргээ сайн биелүүлсэн тэргүүний хүмүүсээ л шагнадаг. Тэр журмаараа л шагнасан гэлээ. Тэгсэн тэр хүн гадаадын харъяат байсан юм байна аа. Монголд ирээд 20, 30 жил болчихсон ч гэсэн монголын харъяат болоогүй байж. Тэр нэг их ч юм болоогүй л дээ. Гэхдээ цаад хүн чинь ямар ч хүн байсан юм билээ. Ямар нэг юманд орооцолдчих ч юм билүү чи ер нь бодолтой, хянуур бай гэж нэг дарга надад сануулж байсан юм шүү. Тэгэхлээр битүүхэндээ мань мэтийг хардаг, хянадаг байж л дээ. Энэ Өвөрмонголоос ирсэн учраас өвөрлөгч хүнд талтай байна ч гэсэн юм уу тийм юм байсан юм шүү. Тэр тэгээд сүүлдээ цагаадсан. Нэг сүйдтэй ч юм болоогүй, элдэв юм бодоо ч үгүй.
Дэжид -
Тэр үед шашин шүтэх явдал хаалттай байсан уу?
Санжаасүрэн -
Шашин шүтэх явдалыг ерөөсөө социализмын үед хааж байсан юм. Нам, эвлэлийн гишүүн хүн гэртээ бурхан тахиж болохгүй, маань, мэгзэм тоолж сүжгэлж болохгүй гэж шууд хааж байсан. Тэгээд би өөрийн аавынхаа шүтэж байсан бурханыг тэр хэвээр нь нэг хийдэд аваачиж өргөж байсан. Би ч ганцаараа биш, олон хүн тэгж өргөсөн. Энгийн хүмүүс, настай хүмүүс нэг эрх бариад, хийдэд очоод нэг маанийн ерөөл авчихад нэг их хориод байхгүй, үндсэн хуулинд шашин шүтэх эрхтэй гэж заасан байна. Тэр эрхээ эдлэж байна. Харин нам, эвлэлийн гишүүдийн хувьд бол тэр дүрмэнд нь шашин шүтэхгүй гэж заачихсан байдаг.
Дэжид -
Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байгаа вэ? хэрвээ тийм явдал байгаа бол та тэрнийг юу гэж үздэг вэ?
Санжаасүрэн -
Байгаа. Би Өвөрмонголоос ирээд нас хэтэрчихсэн гээд сургуульд орж чадаагүй гэдгээ түрүүн хэлсэн. Би ер нь гол ноён нуруугаа ХЗЭ гэдэг байгууллагаас өөрийнхөө хүмүүжил боловсролын эхийг олж авсан. 15 настай байхдаа эвлэлийн гишүүнд элссэн. Тэр үед улирал болгон эвлэлийн байгууллагаас сургууль хийлгэдэг байсан. Тэр нь одоо энэ ерөнхий боловсролын заадаг хичээлүүд орно. Тэдгээрийг товч товч заагаад дараагийн арав хоног гэхэд ийм ийм номыг уншиж судлаад ир гэж даалгавар өгөөд явуулдаг байсан. Ингэж би ерөнхий боловсролыг эзэмшсэн. Хүнд чинь боловсролоос гадна хүмүүжил гэж нэг чухал юм байна. Би тэр эвлэлийн гишүүн байх үеэсээ л эх орон гэж юуг хэлдэг юм, нам төр, хууль засаг гэж юуг хэлдэг юм гэдэг энэ бүхнийг ухаарч, нийгмийн сэтгэхүй маань хөгжсөн. Тэгээд дээр нь Намын дээд сургуульд жинхэнэ онол, мэдлэгийг нь заалгаж эхэлсэн. Энэ бол одоо миний хувьд бүтэн эргэлт болсон. Яг одоо геометрын бодлого бодуулаадахвал нойль авчихаж магадгүй. Ерөнхий улс төрийн боловсрол гэж ярьвал дээд боловсрол олсон гэсэн үг. Энэ бол миний амьдралыг авч явсан. Удирдах ажил хийнэ гэдэг доод хүмүүстээ дандаа би дарга гэсэн байдлаар харьцаад байж болохгүй, олон янзын ааш авиртай хүний эвийг олж харьцах арга барил, туршлагыг надад нам, эвлэлийн байгууллага л олгосон. Бас хүнээс маш их юм сурна. Жишээлбэл би Завхан аймгийн киноны даргаас та архи уугаад байдаг хүнтэй яаж харьцдаг вэ гэж асууж байсан. Тэр хүн надад бүр ажил болгож ярьж өгч байсан. Ингэж нарийн юмаа ойлголцож байж хамт олны итгэлийг олж авна. Хамт олны итгэлийг олж аваагүй дарга бол дарга биш. Дээрээс ямар ч тушаалтай, шийдвэртэй байлаа ч тэр бол дарга болж чадахгүй. Зөв шударга юмыг бол дээд удирдлага дарга нар ч, доод ажилчид ч хүлээн зөвшөөрнө.
Дэжид -
Та хамт олныг яаж бүрдүүлдэг байв, ажилдаа хөтлөх олон арга байв уу?
Санжаасүрэн -
Хамгийн гол нь хүнээ судлах. Энэ хүний боловсрол нь ямар юм, хүмүүжил нь хэр юм, ямар талаараа хүмүүжлийн доголдолтой юм гэдгийг судлана. Тэгээд тэр талаас нь түшиж, гарцаагүй байдалд оруулж байж л хүнийг өөрийнхөө мэдэлд авна шүү дээ. Тэрнээс биш чи архи уулаа гээд хичнээн загинаад архи уухгүй болчихдог юм гэж байхгүй. Тэр үед одооныхыг бодвол архичин хүн гэж байгаагүй дээ. Гэхдээ ажлын цагаар үнэртүүлсэн хүн гуравдахь удаагаа ирвэл шууд халдаг ийм дүрэм заавар байсан. Тэгээд халаад яахав дээ тэр хүнийг халлаа гээд ямар монгол газраас хөөгөөд явуулчих биш, нэг л газар амьдрана биз дээ. Тэр үеийн нэг онцлог бүх хүнийг ажилтай байлгаж байсан юм. Энэ бол социализмын үеийн сайн чанар. Шөнө эргүүл яваад айлуудыг унтаж байхад нь сэрээгээд чи ямар ажилтай, паспорт чинь аль вэ, ажлын промпуск чинь хаана байна гээд шалгаад явдаг байсан. Тэгээд промпускгүй ажилгүй хүн байх юм бол чи маргааш хотын захиргаан дээр яваад оч гээд тэгээд ажилд өгнө. Ингэж тэр хүнийг ажилтай болгоно гэдэг чинь амьдралд нь ч хэрэгтэй, хүмүүжил боловсролд нь ч хэрэгтэй. Энэ хулгай зэлгий, архи дарс, муу юм чинь их л завтай хүний хийдэг юм болохоос биш, өдөржин ажилтай, өдөр заваараа хүйтэн хоол идчихээд гүйгээд гардаг мань мэт шиг хүмүүст тийм муу юм хийгээд явах зав ч байгаагүй юм шүү дээ.
Дэжид -
Таны амьдралд бусдаас онцгой гэх юм байна уу?
Санжаасүрэн -
Би тийм юмаараа онцгой гэж хэлэх юм юу байх вэ. Над нэг их бусдаас илүү гэхээр юм үгүй. Гэхдээ бусдаас дор гэж хэлэгдэж байгаагүй. Тухайн үедээ л ажил үүргээ биелүүлж явсан болохоор болж л байсан юм байлгүй гэж боддог. Миний ажилдаа амжилт гаргадаг гол юм бол хүнтэй ажилладаг, хүнийг их судалдаг, энэ хүний сайн тал нь аль вэ, надад хэрэгтэй тал нь аль нь вэ гэж их судалдаг. Энэ хүнд би яаж туслах вэ гэдгээ бас өөрөө боддог, тэр хүнд зүгээр мөнгө өгөөд байж болохгүй, бас би байгууллагын дарга хүн байна зовлон жаргал болоход туслаж чадна ш дээ. Үгүй дээ хагацал зовлон боллоо гэхэд хамт олонтойгоо ярилцаж байгаад тусалж чадна ш дээ. Энэ мэтчилэн бие биенээ туслаж дэмжиж байж бие биенийхээ итгэлийг олж сайн дарга, сайн цэрэг болдог юм байна гэдгийг туршлагаас олж мэдсэн юм. Одоо захиргаадалт гэдэг нэрийн дор социализмын үеэс хүн судлалыг авч орхигдуулсан нь буруу гэж боддог. Энэ бол их хэрэгтэй юм. Нэг тэргэнд зүтгэдэг 10 үхэр байлаа гэж бодоход арвуулаа л зүтгэж байж тэргээ урагшаа явуулна. 3 нь зүтгээд 7 нь хойшоо ухарчих юм бол тэр тэрэг явахгүй. Тэрэнтэй адилхан бүх хүнийг нэг чигт хошууруулахын тулд тэр олон ааш араншинтай улсуудтай ажиллаж, ярьж, ухуулах арга, хүнд итгүүлж ойлгуулах арга, хүнд биетээр үнэмшүүлэх гэх мэт олон аргыг хэрэглэж байж би тэр ажилчинаа буруу явсан бол хүмүүжүүлж, над итгэхгүй явсан бол би итгэлийг нь олно. Ийм л байсан юм даа. Энэ миний онцлог байгаа биз. Өөр түмнээс онцгой гээд байх юм юу байхав. Ер нь тэр үеийн удирдах хүмүүс тийм л арга барилтай байсан. Ажил дээрээ бол яг л яс, гэртээ хариад хөзөр даалуугаа тоглоод, хүзүү сээрээ тэврэлдээд явж байх бол өөр хэрэг. Ийм зарчимч байсан. Тэр одоо жаахан дутагдаад байна. Үгүй бол гэртээ ч, ажил дээр ч найз болчихоод байдаг, үгүй бол дарга цэрэг гээд яльтай, ялихгүй юмаар бие биенээ гоочлоод өөчлөөд байдаг. Ингэхгүй байх нь л чухал. Өөрөөр хэлбэл хойч үе маань Хувьсгалт намын боловсон хүчинтэй ажилладаг арга барилаас судлаасай, тэр судалгаан дотроос юм олно шүү гэж би хэлэх гээд байгаа юм.
Дэжид -
Та олон сонин түүх, зан заншилын талаар тодорхой ярьлаа. Дээр үед тэргүүлэгчдийн ширээнд суухаас эмээж байсан үзэмчин эмэгтэй социализмын үед өндөр албан тушаалд хүрсэн, одоо алдар гавъяанд хүрсэн эмэгтэй олон бий юу?
Санжаасүрэн -
Олон бий. Тэр үед идэр залуу байсан улс одоо миний л үеийн 70, 80 шахчихсан хүмүүс байгаа. Тэднүүдээс нэг их алдар гавъяа олсон юм байхгүй. Харин орж ирээд эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй тэгш эрхтэй юм гэдгийг ойлгож үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу сургууль соёлд явдаг эмэгтэй хүн олон болсон. Тэр ч байтугай эрдэмийн цол зэрэг хамгаалсан эмэгтэйчүүд ч олон болсон. Албан газрын дарга орсон гарсан эмэгтэйчүүд ч олон. Одоо манай үзэмчин, халх гэж ялгаад байх юм байхгүй болчихсон. Уг нь хэл аялгуу өөр байсан юм ш дээ. Одоо энэ буриад шиг аялгатай байсан юм. Тэр нь ч арилчихсан, зан заншил нь ч арилчихсан. Аргагүй юм энэ чинь 45 оноос хойш 60-аад жил боллоо шүү дээ. Эмэгтэй хүний эрх хэмжээний хувьд бол аргагүй тэр феодалын нийгэм гэдэг үнэхээр бурангуй нийгэм байсан нь үнэн юм. Юм бүхэн дээр харагддаг.
Дэжид -
Социализмын үед 90-ээд оноос өмнө урд үлдсэн ах дүү хамаатан садантайгаа холбоотой байсан уу?
Санжаасүрэн -
Социализмын үед холбоогүй шахуу байсан. 90 оноос хойш Хятад, Монгол хоёр сая нааш цааш явалцдаг болсон.
Дэжид -
Тэрнээс өмнө бол уулздаггүй байсан уу?
Санжаасүрэн -
Уулздаггүй байсан. Захиа ирлээ гэхэд гурав, дөрвөн сар болж байж ирнэ. Хаагуур хаагуур явж хянуулдаг ч юм уу тэгж байж нэг юм ирдэг байсан. Надад бол захиа ирэх хамаатан садан байгаагүй. Бусад хүмүүст ирж байхыг нь би олж харсан. 90 он гарч энэ хоёр орны найрамдал улам бүр зузаарсан. Ингээд би хамаатан садан, эхнэр хүүхэдтэйгээ төрсөн нутаг, аав ээж, өвөг дээдсийнхээ олон жил аж төрсөн үзэмчин нутгаар хоёр ч удаа аялсан. Нутаг усаа үзсэн, шүлэг найргаа бичсэн.
Дэжид -
Та ардчилалыг яаж хүлээж авч байв?
Санжаасүрэн -
Миний ойлгосноор ард түмэн хэд хэдэн хэсэг байсан. Зарим нь шууд эсэргүүцэж байсан. Танхай хэдэн хүүхдүүдэд засаг төрийг өгч, монгол орныг минь баллах гэж байгаа юм биш биз гэж ойлгож байсан. Өөрөөр хэлбэл Батмөнх даргыг улс төрийн зөвлөлөө тарааж байх үед. Тэгж шүүмжилж байсан улс олон байсан. Зарим нь бол зүй ёсны юм, юм бүр нэг суурин дээр байдаггүй гэж. Юм бүр нэг суурин дээр байдаггүй гэдгийг социализмын номонд ч зааж байсан. Өдрөөс өдөрт хөгжил дэвшил, өнөөдрийн арга барил маргааш хоцрогдоно гэж л хэлдэг байсан юм. Тэр онолын үүднээс ханддаг нэг хэсэг улс байсан. Би бол тэрэнд багтдаг. Харин эрх хэмжээ гэдгийг хэтрүүлэн ойлгодог зарим хүмүүс энийг буруугаар ойлгож байсан юм. Ардчилал гэж аав ээжийнхээ дэргэд ч болох болохгүй юм хийж байхад би эрхтэй боллоо гэж. Тэр биш. Би бол юм хөгжих ёстой. Үүний жамаар явж байна уу даа гэж хүлээж авсан хүний нэг. Тэгээд сүүлдээ улам улмаар баталгаажлаа. үнэхээр бид дэндүү захиргаадалтын үед явж байжээ гэж алдаагаа улам ойлгодог болсон.
Дэжид -
Ардчиллаас өмнө хүн болгон хүссэнээрээ гадаадад зорчих зэрэг асуудал байсан уу?
Санжаасүрэн -
Тийм юм байхгүй ш дээ. Тэргүүний сайн хүмүүс гээд нэг явуулвал явуулна. Гэхдээ социализмт орнуудад.
Дэжид -
Та социализмын үед гадагшаа явж байв уу?
Санжаасүрэн -
Хойшоо Зөвлөлт рүү л хаа нэг явж байсан. Уран сайханч байхдаа тоглолтоор нэг явсан, киноны дарга байхдаа туршлага судлана гэж бас нэг явсан. Харин социализмын үеийн ард иргэдийн амьдрал гэж ярьвал социализмыг муушаадаг хүмүүсийнхээр бол гэрийн коммунизм гэж ярьдаг даа нэг хэвийн жигд байсан. Ард нь хэдэн саяар хөрөнгө хураасан юм байхгүй, тэгсэн мөртлөө өнөө маргаашийн хоол хэрэглэлээр дутагдана гачигдана гэж байхгүй нэгэн жигд амьдралтай байсан. Тэрийг нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжихэд хятадууд илүү ашигласан. Бид арай дутуу ашиглачих вуу даа гэж би боддог. Юм бол байсан юм ш дээ. Байсан юмаа бушуухан үрэн таран хийсэн. Сайхан байгуулж, олон жил бүтээсэн юмаа хувьчлал нэрээр үрэн таран хийсэн дээ.
Дэжид -
Хувьчлал яаж явагдсан бэ?
Санжаасүрэн -
Хувьчлал бол манайд их тааруухан явагдсан. Ёстой нөгөө захиргаадалтын үед байгуулсан юмыг захиргаадалтын хэлбэрээр устгасан. Тэгэхгүй байсан юм байна. Энэ хятадуудыг харж байхад шал өөрөөр шийдсэн. Тэр улсынх нь мэдэлд бүх юмыг нь байлгаж байгаад тэгээд хувьсах эрхийг ард түмэндээ олгож байгаад хувьчилсан.
Дэжид -
Хувьчлалаар зарим хүмүүс арай давуу юм олж авсан юм байна уу?
Санжаасүрэн -
Зальтай, шуналтай нэг нь учиргүй их юм аваад, зарим нь их номчирхсон. Би бол малаа нэгдэлд нийгэмчилж албан хаагч болсон хүн байхгүй юу.
Дэжид -
Хичнээн мал өгсөн бэ?
Санжаасүрэн -
Цөөвтөр юм аа. Гэхдээ нэг 30 гаруй толгой мал нийгэмчилсэн. Тэгээд өнөө нийгэмчилсэн бичиг сачигаа ч хаа ч байсан юм үрчихэж. Тэгээд би хөөцөлдөөгүй. Хөөцөлдсөн бол тэр үед би авах л байсан байх. Хүргэж өгсөн хүн нь ч, хүлээж авсан хүн нь ч байсан. Хөөцөлдсөн хүмүүс юм авсан. Нэгдэлээс ч, албан байгууллагаас ч юм аваагүй. Намайг кино театрын даргаас буухад манай нягтлан та дурсгал болгож юу авах вэ театраасаа нэг юм ав. Таны авъя гэсэн юмыг өгье гэсэн юм. Кино театрт хүмүүс суудаг үзвэрийн сандал нь олон хүн орж гардаг болохоор эвдэрчихдэг, хүн болгон хариуцсан сандалтай байсан юм. Би хүртэл арван хэдэн сандал хариуцдаг. Миний сандалаас эвдэрвэл шөнө сууж байгаад сандалаа засдаг байсан юм. Маргаашийн үзвэрээс өмнө засна. Хүн бүрт бахь, сүх, алх, хадаас байна. Над нэг сайхан иртэй сүх байсан юм. Би бас мод чулуу хийдэг хүн байлаа. Тэгээд би тэр багажаа хүлээлгэж өгч байхад манай нягтлан тэгж хэлэхгүй юу. Тэгээд би тэр сүхээ авъя, миний сүх 9 төгрөгийн үнэтэй. Би үнэгүй авахгүй, мөнгийг нь тушаанаа сүхээ дурсгал болгож авъя. Болох уу гэсэн өө, ав мөнгө ч авахгүй. Та энэ айлд арван хэдэн жил ажилласан. Үгүй ядаж таны сандал зассаны чинь хөлс болог. Би өгье гэж манай нягтлан наргиан болгож байсан юм. Би тэгээд зүгээр нэг мод цавчдаг иртэй сүх аваад гарч байсан юм. Харин намайг кино театрын дарга байхад 3 өрөө байр улсаас өгсөн юм. Гайгүй ажилтайд нь л дарга нар ярьж байгаад өгнө. Тэр болгон хүнд олдохгүй ш дээ. Тэгж л надад гурван өрөө байр олгогдож одоо хүртэл би тэндээ ач зээ нартайгаа багтаж ядан амьдарсаар л байна. Энийгээ л би ардчилсан нийгмийн үед надад хувьчилж өгсөн том олз гэж боддог. Өөр юм аваагүй. Авахыг ч хүсэхгүй. Болж байна.
Би тэтгэвэрт 60-тай ануухан гарсан юм чинь нэг хэсэг хөгшинтэйгөө хоёулаа модны ажил хийсэн. Сүйх, зуух хийдэг байсан.
Дэжид -
Сүйх гэдэг нь юу вэ?
Санжаасүрэн -
Мухлаг тэрэг, чингэлэг гэсэн үг. Хоол хүнс, хувцас бараа, хүнс цагаан идээгээ хадгалдаг тийм сав байдаг юм. Тэрийг би хийгээд нэгийг нь нэг үхрээс өгнө. Нэг төмөр зуух хийгээд нэг хонь авна. Тэгээд малтай болоод хөгшинтэйгөө хоёулаа хөдөө гарсан. Гурван хүүхэд цөм айл болсон. Муусайн хүүхэддээ ядаж махыг нь залгуулаад байя гэж бодсон. Ингээд хөгшинтэйгээ хоёул 10-аад жил хөдөө болсон. 100 гаруй хонь ямаатай, 30, 40 үхэртэй, 10-аад үнээ туглуулчихдаг. Өө сүү цагаа бялхуулсан ач зээгээ аваачиж сүү цагаан идээ идүүлдэг ийм байсан юм. Тэгээд сүүлдээ хоёулаа ядарлаа. Өвлийн цагт ажиллаж барахгүй боллоо. Хөдөөний ажил их хэцүү. Тэгээд хүүхдүүддээ өнөө хэдээ тарааж өгөөд, хоёулаа байрандаа ирсэн дээ.
Дэжид -
Та одоо олон нийтийн ажил хийж байна уу?
Санжаасүрэн -
Бидний нэг хэдэн өвгөцүүл санаачлан “Үзэмчин судлалыг дэмжих нийгэмлэг” гэж байгуулсан юм. Тэр нийгэмлэгийнхээ шугамаар бага сага ном хэвлэл гаргах, уралдаан тэмцээн явуулах, үгүй дээ би одоо үзэмчиний зүүтгэл чимэглэлийг уралж байна. Хэрэгтэй үед нь тоглолтонд ч болтугай хэрэглэ гээд хүүхдүүддээ өвлүүлэх журмаар малгай хэрэглэл өөрийнхөө чадлын хэрээр хийж байна. Хийж байгаа хүнд тусалж байна. Өөрөөр хэлбэл судалгааны ажлынхаа үр дүнг гаргаж байна гэсэн үг. Ер нь өөрийгөө үзэмчин судлалын талаар юм асуувал хариулна л гэж боддог. Яагаад вэ гэвэл тэр нөхцөлд арав гаран жил амьдарсан хүний хувьд гэж боддог юм.
Дэжид -
Үзэмчиний зүүсгэл хувцас хэрэглэлийг манай үзэмчингүүд одоо хэр хэрэглэдэг вэ?
Санжаасүрэн -
Одоо хэрэглэхгүй болсон. Тэр хувцасаа 45 онд яг өмсөөд орж ирж байсан улс чинь 50 он гээд үндсэндээ халхжчихсан. Тэр орчин ахуйдаа нөлөөлөгдөж дагадаг юм байна. Тэрнээс биш та нар үзэмчин хувцасаа өмсөж болохгүй гэж хэлсэн хүн байхгүй. Харин одоо сэргээж байна. Үзэмчиний зүүсгэл өмсгөлийг тухайн үед музейд олж тавьсан маань одоо онож байна. Би жинхэнэ оргиналь алтаар чимэглэж хийсэн зүүтгэл чимэглэл, хувцас дээлийг музейдээ тавьсан юм. Тэр маань одоо их хэрэг болж байна. Үндэсний хувцасны уралдаанд би үзэмчин хувцасаар орж зарим зүтгэл чимэглэлийг хийж, хүнд хэлж өгч хийлгэсэн юм. Тийм учраас Санжаасүрэн гуайн урласан үзэмчин хувцасны загваруудаар уралдаанд оролцож байр эзлэн дурсамж бичиг авч хойч үедээ өвлүүлж үлдээж байгаа юм.
Дэжид -
20-р зууны аман хууч төсөлд оролцож үзэмчиний түүх, ёс заншил, өөрийн амьдрал, амьдарч ажиллаж байсан нийгмийн талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.