Ishgen


Basic information
Interviewee ID: 990523
Name: Ishgen
Parent's name: Tseveendoo
Ovog: Hargana
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Barga

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dalai Nuur sum, Inner Mongolia aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
work
industrialization
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу?

Ишгэн -

Сайн сайн байна уу?

Дэжид -

Соцализмын үед ажиллаж амьдарч байсан Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн бас нэгэн төлөөлөл болох Ишгэн гуайтай уулзаж байна. Өнөөдөр 2010 оны 5-р сарын 28-ны өдөр. Английн Кембрижийн их сургуулийн антропологи Ази судлалын салбараас Монголын 20-р зууны аман түүхийн төслийн ярилцлагад бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөх болсонд юуны өмнө талархал илэрхийлье. Ярилцлага өгөхийн өмнө таниас асууж тодруулах ганц хоёр зүйл байна. Нэгдүгээрт та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Ишгэн -

Байхгүй ээ.

Дэжид -

Тодорхой хугацааны дараа түүх эрдэмтэн судлаачид та бид хоёрын ярьсан ярианаас тодорхой хэсгийг судалгааныхаа материалд ашиглах зөвшөөрлийг та Кембрижийн их сургуульд олгож байна уу?

Ишгэн -

Олгож байна.

Дэжид -

Таны бага нас, төрсөн нутаг ус, өөрийн аав ээж, ах дүү төрөл садны талаар яриагаа эхлэх үү?

Ишгэн -

Манай ээж аав БНХАУ-ын ӨвөрМонголд амьдарч байсан барга ясны хүмүүс. 1945 онд Ар Халхад нүүж ирсэн. Тэгээд Дорнод аймагт Хөлөнбөөр анх байгуулагдаад одоо хүртэл оршин тогтнож байгаа ийм сумын иргэн хүн, би ер нь. Би өөрөө 45 оны нүүдлээр хилийн цаана Баргийн далайн хойно Холбоо гэдэг газар замдаа төрсөн юм гэнэ лээ. Тэгээд энд ирээд Хөлөнбөөр суманд бүх албан байгууллага байгуулагдаад Хөлөнбөөр сумын бага сургуульд 54 онд орсон. Тэгээд 4-р ангиа төгсөөд бусад хүүхдүүдийн адилаар /тэр үед Чойбалсан аймаг гэдэг байсан/ аймгийн сургуульд суралцаж 10-р ангиа төгссөн. Хичээлдээ ч гайгүй байсан. Ангиасаа гурвуулаа орост сургуульд явсан. Би Одиссийн технологийн дээд сургуулийг гурилын үйлдвэрийн инженер технологич мэргэжлээр төгссөн. Тэр үед яам боловчин хүчнээ хаа хэрэгтэй газар нь хуваарилдаг байсан болохоор Дорнодынхоо гурилын үйлдвэрт ирсэн. /тэр үед гурил тэжээлийн үйлдвэр гэдэг байсан. / Тэгээд нэг сар тээрэмдэгч машинист хийсэн. Тэр үед боловсон хүчнүүдийг доод ажлаас нь эхлэж сургаж дадлагажуулдаг байсан. Тэр үед Хөнгөн Хүнсний яамны сайд Паавангийн Дамдин гэж хүн байсан. Үйлдвэрийн ажилтай ирж танилцаад чи инжинер хийвэл чадна биз дээ гэсэн. Тэхээр нь сайн мэдэхгүй л байна ирээд сар л болж байна даа. Сайн дадлагажиж сураагүй л байна гэлээ. За за, чи санаа зоволтгүй. Чи энд инженер хийх болно. Танай даргыг чинь ноосны үйлдвэрийн даргаар томилж байгаа юм. Танай инженер үйлдвэрийн дарга болно. Чи ерөнхий инженерээр ажиллах болно доо гээд явсан.

Дэжид -

За ажил амьдралын зам ингэж эхлэжээ. Та бага насныхаа тэр нүүж орж ирж байсан үеийнхээ талаар жаахан тодруулж ярих хэрэгтэй байна?

Ишгэн -

Би хамгийн гол нь ээж аавынхаа ярианаас л сонссон юм байна уу гэхээс тэр үед дөнгөж төрсөн амьтан юм мэдэхгүй л дээ. Одоо ч яахав зохих хэмжээний түүх элдвийн юмнуудад бичиж гаргасан юмнаас эргэж судалж байгаа юм байна л даа. Манайх бол нүүдэлчин ард түмэн дандаа л нүүж явдаг байсан. Өвөл чиг л нүүнэ, биднийг бага байхад. Хонь малаа аваад л нүүнэ. Тэгээд хөлдүү газрын цасыг этээд гэрээ бариад л нэг дэвсгэр тавиад шажигнуулаад л дээр нь нэг төмөр зуухтай. Тэрэндээ хониныхоо хөлдүү хорголыг түлээд дээр нь хоол цайгаа пур хийлгэж идээд л явдаг тийм үе байсан. Тэгэхдээ биднийг жоохон байхад тэр нүүдэл их гоё санагддаг байсан. Манай гэрийн тавилга гэхэд тэр нүүдэлдээ зохицсон ор мор гэж тийм том юм байхгүй. Хоёр хөндлөн хөлтэй модтой. Дээр нь банз тавиад хөнжил гудасаа дээр нь тавина. Шүүгээ гэж битүү тийм юм байхгүй. Манай баргууд шад гэж нэрлэдэг юм. Дээгүүрээ хоёр тогоо суурилуулах тавиуртай, доогуур нь хувин саваа тавьчихдаг. Аягаа болохоор эсгий уутанд хийнэ. Тэр нь одоогийнхоор бол бөөрөнхий спорт цүнхийг хажуугаар нь харуулаад тавьчихсан юм шиг. Дугуй ёроолтой, дээгүүрээ задгай амсартай, тэрийг нь модоор чагтлаад таглачихдаг дээсээр зээглэчихсэн тийм эсгий уут. Тэгээд түүндээ аягаа хийгээд ханын толгойноос өлгөчихдөг. Би одоо хийвэл чадна л даа. Сэтгэлд байгаа. Малгай гэхэд тусгай хийгээд тавьчихдаг хайрцагтай. Илүү дутуу малгайгаа бүгдийг нь хийгээд тавьчихдаг тийм жижигхэн авдар. Их гоё хээ хуартай. Аяганы ширээ болгоод шууд гаргаад тавьчихдаг. Сандал дээр суухгүй. Газар мазар дээгүүр догуур суугаад л идэж уугаад явна. Тийм л нөхцөлтэй нүүдлийн хүмүүс байсан даа. Сүүлдээ бид ч сургууль соёлд яваад суурьшмал байдалд ороод байнга нүүдэл суудал хийх нь ч багассан. Отрын нүүдэл гэж тусдаа хийхээс биш айлууд бүгдээрээ тэгж нүүж явдаг нь зогссон л доо.

Дэжид -

Хуучин бол тэгээд бүтнээрээ л нүүгээд явдаг байсан?

Ишгэн -

Өө тийм бүтнээрээ л нүүнэ. Нүүдэл суудал хийгээд л нутаг сэлгээд л явна. Тэр үед тэгж хашаа хороо ч гэж байгаагүй юм. Сүүлдээ л нэгдэлийн боловсон аж ахуй байгуулж л тийм боловсон болсон болохоос тийм юм байгаагүй. Зөндөө эрт харанхуй шахуу, харуй бүрийгээр л нүүнэ. Манайхан мухлаг гэж ярьдаг юм. Сүйх тэрэг шиг юм. Хүүхэд эмэгтэйчүүд суудаг. Үхэр хөллөөд л нүүнэ… 45 онд орж ирэхэд тэмээ гэж ерөөсөө байгаагүй, тэмээтэй ч ирээгүй гэдэг юм. Сүүлд энэ хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгаас алт мөнгөн эдлэлээр голдуу тэмээ худалдаж авсан гэж ярьдаг юм. Манайхан чинь тухайн үедээ мал ихтэй нүүж ирсэн. Тэгээд ч баян Барга гэж Халхуудад нэрлэгдсэн. Одоо ч баян Барга гэдгээрээ дуу шүлгэлдэг юм байдаг л даа. Алт мөнгө ихтэй. Тухайн үед ялангуяа эмэгтэйчүүд маш их алт мөнгөн эдлэл эдэлдэг байсан. Тийм ганц нэг зураг хэрэг болж магадгүй гээд авчирсан. Ээжийнхээ хэрэглэж байсан уужны нэг томоо мөнгөн товчийг авчирч үзүүлье гэсэн манай дүү цоожилж явчихаад авчирч чадсангүй. Тэмээний хорголон чинээ хоёр талдаа сэлгэж хийдэг тийм том товч хэрэглэдэг. Толгойндоо углаад хийчихдэг том мөнгөн өмсгөлтэй. Гадуураа шүр оюун гоёлтой. Хоёр талдаа хавчиг гэж юмтай. Манайхан хавчиг гэдэг. Халхууд юу гэж нэрлэдгийг мэдэхгүй. Үзүүртээ бас мөнгөн унжуургатай. Ерөөсөө маш их мөнгөн эдлэл эдэлдэг тийм л хүмүүс байсан даа. Ирээд тэгээд энд нөгөө 5 жилийн төлөвлөгөө гарчихсан, ноосны төлөвлөгөө гээд янз бүрийн юм гарсан. Хатуу хуультай. Тэр ноосны төлөвлөгөөг тасалж болдоггүй. Тийм учраас голдуу Сүхбаатар аймгаас илүү дутуу ноос моос худалдаж авч байсан гэж ярьдаг юм. Анхаасаа урдаа байхдаа хонь малаа ноослох тийм юманд нэг их сураагүй. Хятадуудад хэрэгтэй үед нь өгдөг байсан болохоос тийм төлөвлөгөөтэйгээр тушаадаг юм байгаагүй юм байна л даа. Тэгээд хурдан түргэн өөр байдалд орсон. Тэгээд алт мөнгөө их худалдаалсан гэдэг.

Дэжид -

Орж ирж байхдаа хэдий орчим айл өрх орж ирж байсан юм бол, яагаад ер нь орж ирж нутагших болсон юм бол?

Ишгэн -

Надад тэр талаар жижигхэн товхимол болгоод гаргачихсан юм байгаа л даа. Тэр байтугай манай хадам аавын бичсэн юм хадгалагдаж үлдсэн. Манайхан овогоо хал гэдэг юм. /баргаар/ Би бол Харгана омогийн хүн. Яг ямар омогийн хичнээн айл өрх нүүж ирэв, хэдэн ам бүлтэй, хэдэн малтай орж ирэв гэдгийг /манай хадам аав хүний бага эмч хүн байсан, нас бараад 7 жил болж байна./ бүгдийг гараар бичээд үлдээсэн юм бий. Тэрнээс сэдэвлээд /МУИС-ийн багш Шаарийбуу гэж байсан өнгөрсөн жил 100 насныхаа ойн дээр өнгөрсөн/, Тэр Шаарийбуу багш анх ирээд Хөлөнбөөр сумын дарга хийсэн хүн. Тэр хүний гаргасан дурсамж бичсэн зүйл байдаг. Бидэнд байгаа л даа. Яг төчнөөн өрх энэ тэр гэдгийг би одоо хэлэх боломжгүй байна. Ер нь бол тоо баримт байгаа. Тухайн үед юм их хаалттай байж. Одоо бид нар ярьдаг юм. Их боловсролтой хүмүүс олон байсан байна. Хятад, япон, орос хэлтэй гэх мэт. Тэр үед Хятадад япон сургууль байсан байж. Түүнд сурч байсан их боловсролтой хүн ч байсан байна. Бид ахмадуудаа мэдэхгүй явж өнгөрсөн юм байна гэж одоо л дурсаж сууна. Тэр үед гаргаж чадалгүй өнгөрсөн юм билээ. Сүүлийн үе гэж яахав дээ. Манай ах нар энэ тэр… би олуулаа. Эхээс наймуулаа. Манай өвгөн ч наймуулаа. Тэгээд олуулаа байсан болохоор сургууль соёлд явах нь яваад, янз бүрийн мэргэжил эзэмшээд үгүй нэг нь хөдөөгөө бага сургууль төгсөөд мал хунар дээрээ ажиллаад ингээд энх тунх бүгдээрээ л амьдарч байна. Миний дээд талын ах Улаанбаатарт Барга судлалын төвийн тэргүүнээр ажиллаж байгаа. Англи хэлний мэргэжлийн хүн. СУИС-д багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо цагаар ажиллаж байж ч магадгүй. 70 настай хүн байгаа. Тэд нар бол юм хөөцөлдсөн хүмүүс учраас бас нилээн юм гаргаж ирдэг. Би бол судлаач хүн биш, жирийн л харж үзсэн юмаа л санаанд буусныг ярьж чадахаас биш нарийн тоо моо хэлж чадахгүй. Ер нь манай дээдсүүд их өндөр 90 шахаад наслацгаасан. Саявтархан гэх юм даа 80-аад он гаргаад өөд болцгоосоно. Тэндээс ажиглаж байхад манай өвгөний хөгшин ижий гэхэд ямар ч боловсролгүй, сургуульд сууж байгаагүй мөртлөө маш их ой сайтай. Жишээлбэл нэг орой бид хүүхдийн хичээл хийлгээд сууж байхад зүгээр л суудал дээрээ 62 оньсого нэгийг ч давталгүйгээр хэлж байсан юм. Би сонин байж магадгүй гээд харуулах гээд 62 оньсогийг нь аваад ирсэн л дээ. Түүх болж магадгүй. Бид хүүхдүүдийнхээ хэлд орохоос нь эхлээд бичиж тэмдэглэж явдаг юм. Бид чинь бас сэхээтэн улс юм чинь. Манай өвгөн багш хүн. Тоо физикийн. Насаараа л багш, сургуулийн эрхлэгч, захирал гээд янз бүрийн юм хийж явсан хүн. Одоо тэтгэвэртээ гарсан. Тэгээд бид тийм юм хум тэмдэглэж авдаг дэвтэрээ бас аваад ирсэн юм. Тухайн үед бид сэхээтэн улс учраас бичиж тэмдэглэж хожмийнхоо юмыг сөхөж үзэж харна. Тэр настай боловсролгүй бидний аав ээж ой ухаанаараа л бидэнд юм хэлж үлдээхээс биш бид тэр үед бичиж тэмдэглэж авааргүй бол тэгээд өнгөрөө.

Дэжид -

Бас гайхалтай. 62 оньсогийг нэг дор хэлнэ гэдэг?

Ишгэн -

За болноо хөгшин ижий, одоо болно гээд манай өвгөн болиулсан байгаа юм. Тэгээд л зүгээр хэлээд байсан байгаа юм. Нэгийг ч давтаагүй. Одоо энд бичээстэй байна. Тэгж л оюунаараа хүүхдээ сургаж хүмүүжүүлдэг байж дээ. Дууны үг хэллэг энэ тэрийг гайхалтай мэднэ шүү дээ. Манай ээж 93-тайдаа саяхан гурван жилийн өмнө өөд болсон юм. Манай ээж Хятадад төрөөд 30 хүрээд 30-тайдаа нүүж ирсэн байгаа юм. Тэр үед Хятадад амьдрал ямар байсан тухайгаа ярина аа. Хятадууд ногоогоо тарина, малчид чинь малаа л маллана. Ногоо тарьж мэдэхгүй. Тэр ногоо нь их гоё бид бага залуу байхдаа үхэр тэрэгтэй усанд явахдаа хятадуудын тэр ногооноос нь сэмхэн хулгайлж иддэг байлаа ш дээ. Их сайхан эд байдаг байлаа. Манайхан даанч тийм юм хийдэггэй байлаа гэж ярьдаг байсан юм. Тухай үед Монголоос хятадууд, тэнд амьдарч байсан манайхан илүү их хөгжилтэй байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл би ярианаас нь мэддэг байхгүй юу. Хайлаар Манжуураар явж байгаад ууран ваннанд ордог байсан гэж. Юмаар гуядаад, илээд л ямар сайхан, хир бөмбөрүүлээд л жигтэйхэн сайхан болгодог байсан ш дээ. Бид нар тэрэнд нь орж үзэж байсан гэж ярьдаг байсан. Тэгээд ар монголд нүүгээд ирсэн чинь удирдлагууд гэж хүмүүсийг сонгоод, санаачлагаараа дагуулж ирсэн хүмүүсийг нийлүүлээд орон нутагт албан газар, захиргааны нэгж байгуулах ажлаар аймгаас төлөөлөгч энэ тэр очоод аймаг дээр юм үзүүлж гэнэ ээ. Та нар галт тэргэнд сууж үзсэн үү, галт тэрэг гэж ийм унаа байдаг юм гэж үзүүлж байхад нь бид нар бүр инээд хүрдэг байлаа. Бид чинь үргэлж тэр галт тэргээр явдаг байсан улс байхгүй юу гэж ярьж байсан юм. Мэдээж Хятад чинь том гүрэн юм чинь тийм боломж зөндөө л олдож байсан биз дээ. Тийм юмнууд ярьдаг байсан юм. Манай аав ээж бол голдуу боловсролгүй л хүмүүс байсан. Манай хадам аав бол боловсролтой хүн байсан. Бага эмч, цэрэгт байсан. Би тэр цэргийнх нь ухааныг сайн мэддэггүй юм. Манжийн цэрэгт ч байсан юм уу, японы цэрэгт ч байсан юм уу, тэр үеийн цэргийн хувцастай зураг байдаг юм. Энд бол яахав дайны хөлөөс дайжиж энх цагийн сайхан ах дүүтэйгээ л амьдрах гэж тэрний төлөө л бүгдээрээ санаа нэгдэж ирсэн л дээ. Тэрнээс биш тэнд амьдрал муудаад, хятадуудтай байхгүй гэсэн дээ ч биш. Ерөөсөө л ах дүү ах монголыг дагая гэсэн сэтгэлээрээ, амар тайван амьдрах ийм сайхан газар байдаг гэнэ ээ явъя гэж л ирцгээсэн гэдэг юм. Тэнд чинь Оросууд бас их байдаг гэнэ ээ. Япончууд ч бас их байдаг байж. Тэгээд орсуудын хонь мал хардаг, ажил төрлийг нь хийдэг улс их байсан гэж ярьдаг л даа. Аав маань эрт нас барсан, ээж маань олон хүүхдээ ганцаараа өсгөсөн тийм хөгшин байсан даа. Иймэрхүү л амьдралтай байсан даа.

Дэжид -

Тэр үед ястаны хувьд тусгай хичээл мичээл гэрээр заадаг хүмүүс байсан болов уу?

Ишгэн -

Ер нь бол 8 нас хүрсэн, 8-аас дээш 12, 13 хүрсэн хүүхдүүдийг ч сургууль байгуулаад шууд сургуульд оруулж байсан юм гэнэ лээ. Манай нэг нагац эгч намайг арав дугаар анги төгсч байхад 23-тай 10-р ангиа төгсч байсан юм. Бас сургуулиас гадна хийд бас байгуулсан. Урдаас лам нар бас бурхан тахилтайгаа ирсэн юм гэнэ лээ. Манай нэг аавын дүү лам хүн байсан. Урдаас залуу банди орж ирж байсан гэдэг. Манай бас нэг ах хийдэд лам болж байсан. Хийдэд бас нэг хэсэг хүүхэд сургуульд суралгүй хийдэд шавилж сууж байсныг заавал сургуульд сурч орчин цагийн бичиг үсэг сурах ёстой юм гэнэ ээ гээд арван хоёр гуравтайд нь ч хамаагүй сургуульд оруулж байсан юм гэдэг. Хэлтэй устай хүмүүс бол сайхан үүх түүх ярьдаг, гэрийн голдуу багштай ашиглаж чадвал их л боловсролтой хүмүүс байсан гэдэг. Манай энэ нөхөр хүртэл японоор арав хүртэл тоолоод гимнастик хүртэл хийчихдэг байсан гэдэг. Тэндээ хүүхдүүд хийдэг байж л дээ. Томоохон хүүхдүүд нь тэндээ сургуульд сурдаг байж л дээ. Эмэгтэйчүүд нь гараар хамаг юмаа хийнэ. Оёдол үйлээ цөмийг гараар хийнэ. Би багаасаа ээжийгээ дагаж юм оёж сурсан л даа. Сургуульд ороогүй байхаасаа л цагаан цамц, турсинк зэргийг эсгүүлээд гараараа оёдог байсан. Бас халх монголчууд сампин гэдэг, манайхан зүгээр шилбэ товч гэдэг тэрийг бас авга ламаараа заалгаад зангиддаг байсан. Хамгийн анх 4- ангид байхдаа хамгийн том ахдаа дээл оёж байсан юм. 5-р ангид байхдаа ногоон дээр цэнхэр имжээртэй фором тэр үед сургуулийн хүүхдүүд өмсдөг байсан юм. Нэг эгчийгээ надад эсгээд өгчих л дөө гэсэн эсгэж өгөхгүй жаахан удаад байсан юм. Тэгэхээр нь оёмоор санагдаад байхгүй хойгуур нь өөрөө эсгээд хамгийн анх өөртөө дээл оёж байлаа. Тэр үед сургуульд байхад гарын дүйтэй хүүхдүүдийг хатгамал наамлын дугуйланд оруулдаг байсан. Би тэгээд зээгт наамлын дугуйланд явж байсан. Бурхан нааж байсан Гонгор гээд багш /тэр үед орон нутгийн судлах музейн эрхлэгч байсан байхаа/ зээгт наамал анх зааж байсан. Тэр үеийн зээгт наамлын юмыг сургуульд байхдаа яг сурсан. Жунхуугаа яаж зуурдаг, яаж жунхуугаа наадаг, хулсыг яаж үзүүрлэж ирлэдэг, зургаа хаанаас нь наадаг гээд л… Зургаадугаар ангид байна уу зуныхаа амралтаар бас зээгт наамлын дугуйланд явсан. Тэгээд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, боловсролын яамнаас зарласан уралдаанд 6-р ангид байхдаа орсон юм. Тэр үед залуухан байсан одоо манай Дорнод аймгийн СГЗ Батмөнх гэж зураач бий. Тэр хүн надад Чойбалсан хотын нэг зураг зурж өгсөн юм. Би тэрийг нь хавтгай хатгамалаар оёоод тэр уралдаанд явуулсан юм. Тэгсэн надад уран гартан гэсэн тэмдэг, мандалин хөгжим, хавтгай толиор шагнасан юм. Тэр надад юм оёх урам зоргийг бадрааж өгсөн дөө. Тэгээд дараа нь яахав дээ 10 төгсөөд сургууль соёл гээд, тэгээд үйлдвэрийн ерөнхий инженер, дарга, дараа нь намын дээд сургууль төгсөөд эндэх тэндэхийн САА –нуудад намын дарга гээд тэр үеийнхээр бол дан эрэгтэй хүний ажил хийж явсан. Тухайн үед үйлдвэрийн дарга хийж байхад ч гэсэн гурилын үйлдвэр 9 дарга солиход нэг л эмэгтэй даргатай байсан нь би. Тийм завгүй явсан учраас тэр оёдол моёдол гэдэг хаягдсан. Гэхдээ би Эрээнцавын САА-н намын даргаар 86-90 онд ажилласан. Тэр үед дандаа орой сууж юм оёно. Хужиртад амарч байхдаа хүний нэг дээл харсан юм. Юм хатгаад оёчихсон дээл их гоё харагдаад. Тэгээд ногоон даалимба аваад 27 ширхэг цэцэг зураад өнгө өнгийн торго худалдаж аваад утасыг нь цуулж аваад, нөгөөхөө оёоод хоргойгоор эмжээд хурал цуглаанд өмсчихөөд очихоор чи минь ямар гоё юм өсчихөө вэ, хэзээ хаанаас авсан эд вэ гээд манай найзууд гайхаж байсан юм. Юм оёх их сонирхолтой. Тэгээд завгүй явсаар байгаад 3 жилийн өмнө тэтгэвэртэй суусан. Одоо би 65-тай. Үйлдвэрчний эвлэлд зохицуулагч, нарийн бичгийн дарга хийж байгаад тэтгэвэрт гарсан л даа. Одоо тэгээд зүгээр суухаар юм оёмоор ч юм шиг, бичмээр ч юм шиг, уншмаар ч юм шиг янз бүрийн юм болно л доо. Тэгээд би хөөргөний даалин оёмоор санагдаад даалин оёж эхэлсэн. Манай нэг хүү уран дархан юм л даа. Тэгээд хүүдээ явуулсан. Ээж их сайхан болсон байна. Хөөрөгний даалин гэдэг нусны алчуур шиг ганц хэрэглээд өнгөрөх эд биш, үе дамжиж хадгалагдаж ирдэг эд. Тэгэхээр та бүр сайн материал дээр оёх хэрэгтэй, таны оёдол бол хэдэн үе дамжсан ч хуучрахгүй гэсэн. Тэгээд би одоо 5 ийм хөөрөгний даалин оёоод байгаа. Хүүрүүгээ явуулж зардаг юм. Саяхан Хөлөнбөөр сумыг сурталчлах өдөрлөг боллоо л доо. Түүн дээр би нэг даалин тавин юм. Тэгсэн Оюунбилэг гэж нэг хүн 120 мянган төгрөгөөр аваад явсан. Энд хоёр хөөрөг байгаа. Нэг нь манай өвгөнийх, нэг нь миний өөрийнх. Хүү маань толгойг нь хийж, мөрлөж янзалж өгсөн юм. Үе дамжсан л эд. Хэдэн үе дамжсаныг нь сайн мэдэхгүй. Бас даллаганы сум гэж нэг юм бий. Айл болгон жилдээ нэг даллага авахуулдаг. Энэ хэдийгээр шашны үйл заншил боловч тэр айлын хийморь лундааг сэргээж, элбэг дэлбэг, эрүүл энх, сайн сайхан явахыг бэлэгдэн хийдэг зүйл. Энэ нэг жоохон ууттай юмыг нь задлаад үзэхээр огтоны савар ч байх шиг, элдэв төрлийн л юм байдаг юм. Бид жоохон байхдаа болдог ч юм уу үгүй ч юм уу айгаад хүрдэг ч үгүй байлаа. Яахав нас яваад ирэхээр ээж ааваас хойш үлдсэн болохоор нь дэлгэж үзэж, цагаан сар болохоор гаргаад тавьчихдаг юм. Одоо бодоод байхад лав л таван үе дамжиж манайд ирсэн эд. Даллаганы сум гэдэг юм. Энэ манай өвгөний баривч. Одоо 62-той хүн шүү дээ. Манайхан эмэгтэй хүн нь ууж гэж юм өмсдөг юм. Тэр хуучин өөдсөөр хийсэн эд байгаа юм.

Дэжид -

Барга эмэгтэйчүүд их уран байсан уу?

Ишгэн -

Уран уран. Барга эмэгтэйчүүд дээлийнхээ гадуур ууж гэж юм заавал өмсдөг. Тэрнийхээ хажууд унждаг гоёлыг хүртэл гараар хатгаж оёно. Маш гоё оёдог байсан байгаа юм. Гутлаа хүртэл оёж өмсөнө. Бүгдийг гараар хийдэг байсан. Одоо их шагай тоголдог боллоо. Манай үндэсний гол тоглоом бол ердөө шагай шүү дээ. Шагайг ширмэл ширдгэн дээрээ тоглодог байсан. Ширдэгээ өөрсдөө ширнэ. Намайг жаахан байхад эсгий хийгээд, эсгий дээрээ яаж мөрөө гаргадаг байсныг би санаж байна. Тэгээд тэрийгээ тэмээний ноосоор ширнэ.

Дэжид -

Мөрлөнө гэдэг нь яахыг хэлэх вэ?

Ишгэн -

Мөрлөнө гэдэг нь зургаа зурахыг хэлж байгаа юм. Тэрийгээ улаан өнгөтэй усанд дүрээд түүгээрээ яг татаж зурдаг байсан. Утасаа тэмээний ноосоор хийнэ. Тэгээд тэрүүгээрээ ширдэгээ ширнэ. Захыг нь болохоор хялгасан дээсийг хоёр тийш нь хоёр эрчилээд нийлүүлэхээр их гоё шүлжчихсэн юм шиг болдог юм. Тэрүүгээрээ эмжиж оёно. Тэр чинь их амар гадаа гаргаад шороог нь гөвөөд оруулаад тавьчина. Хивсийг бол бид тэгж гөвөөд тавина гэж байхгүй шүү дээ. Одоо би боддог юм. Тэр хөлөөрөө явдаг хивсэн дээрээ биш, шагай тоглохоороо 6 хүн тойроод суучихаар дугуй хээтэй ширмэл ширдэг хийчих юмсан гэж дотроо төлөвлөчихөөд бодоод явдаг юм. Одоохондоо барьж авч чадахгүй л байна. Яагаад гэхээр одоо би тэтгэвэртээ гараад байшиндаа суулгүй хашаад очиж ногоо тарьдаг юм. Тэгэхээр дулаан цагтаа их зав муутай. Ногоогоо тарина. Намар хурааж аваад, чанаад даршилаад өвөлжин хаваржин идээд сууна. Одоо ч дуусаагүй. Олуулаа бие биендээ юм хийж дусалдаг, өөрсдийнхөө юмаар юм хийдэг тийм амьдралд өссөн болохоор зүгээр сууж чадахгүй юм.

Дэжид -

Та социализмын үед эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөл болж байсан юм байна. Тэр үед гадаадад тэр болгон явдаг байсан юм уу? Ямар шалгуураар явдаг байсан бэ? Оюутан үеэ жаахан тодруулж ярьж өгөөч. Ялангуяа социализмын үед томоохон албан тушаалд эмэгтэй хүний хувьд хашдаг байж, тэр үед эрэгтэй эмэгтэйчүүдийн харьцаа ямар байв, эмэгтэйчүүдийг төрөөс дэмжих ямар бодлого явуулж байсан юм бэ? Энэ албан тушаалууд дээр яаж томилогдож байсан бэ?

Ишгэн -

Анх гурилын үйлдвэрийн даргаар ажиллаж байхад тэр үед эмэгтэй хүн гайгүй албан тушаалд ховорхон ажиллаж байжээ, одоо бодоход. Тэр үед аймагт үйлдвэрийн дарга эмэгтэй байсангүй ээ. Үйлдвэрийн ерөнхий инженер, үйлдвэрийн дарга эмэгтэй байгаагүй юм. Боловсон хүчний бодлого дээрээсээ төлөвлөгөөтэй явдаг байсан. Намын төв хороо, захиргаа, тэр байтугай байгууллага дээр хүртэл би орныхоо хүнийг бэлддэг тийм системтэй байсан. Би ерөнхий инженерээ болилоо гэхэд миний оронд хэн байж болох вэ? Гэж хоёроос доошгүй хүнийг би өөрөө судалж бүртгэсэн байх ёстой. Би ерөнхий инженер байж байгаад үйлдвэрийн дарга болоход хэн хийж болохов гээд судалчихсан тэрнийгээ бэлдчихсэн байдаг. Тэгээд би тэр боловсон хүчний судалгаанд орсон бололтой юм. Хамгийн эхлээд гайгүй албан тушаал дээр юунд дуудагдсан гэхээр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга намын сургуульд явах болсон таныг аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар тавихаар шийдлээ. Та зөвшөөрөх үү гэж намайг анх дуудсан. Үгүй би нарийн мэргэжлийн хүн би энийгээ л хиймээр байна. Яамтайгаа ярьж асуумаар байна гэсэн. Тэгээд ярьсан өө юу гэсэн үгэв, бид нар нарийн мэргэжлийн хүмүүсээ явуулахгүй, бид одоо бичиг явуулна гэдэг юм байна. Тэр үед мартын 8 дөхчихсөн байсан. Аймаг ерөөсөө авах гээд байдаг. Аймгийн намын хорооны товчоогоор ордог байлаа л даа тэр үед. Товчоогоор орох гээд дуудагдаж очоод бүр аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болох гээд байдаг. Тэр үед чинь тийм эрх чөлөөтэй би болохгүй гэдгээр болохгүй. Бодлогоор явдаг байсан болохоор болгоно л гэсэн бол болгоно. Яг тэгээд товчоогоор ордогийн даваан дээр аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ядамсүрэнгийн Тойвгоо гэж хүн байсан юм. Тэр хүн дуудаж оруулаад за хө Ишгэн чи их сонин хүн юм. өөрийнхөө мэргэжлээр тийм их хэрэгтэй хүн байх. Танай яамнаас бичиг явуулаад чамайг өгөхгүй юм гэнэ ээ. За ингээд Аймгийн эмэгтэйчүүдлийн зөвлөл даргагүй мартын 8-р эрэгтэй хүнээр дарга тавьж баяр хийх юм байх аа гэдэг юм байна. Ингэж тэр эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаас мултараад үйлдвэрийн даргаар 4 жил ажилласан даа. Тэгээд намын дээдийн хуваарь ирээд шалгалт өгөөд 1980 онд явсан. Тэр үед нэг сонин тогтоол гаргасан байсан. Орос хэлтэй хүн болгоныг сурга, оросоор л чөлөөтэй ярьдаг хүнийг намын дээдэд сургана гэсэн.

Дэжид -

За хоёулаа намын дээдийн талаар яриагаа дараа үргэлжлүүлье. Социлизмын үед төрөл бүрийн үйлдвэрүүд яаж хөгжиж байсан юм бэ? Үйлдвэрийн ажилтан, дарга цэргийн хооронд ямар ялгаа байсан юм. Эмэгтэйчүүд бодлогоор дэвшигдэж байсан ийм үе юм байна. Танд ямар бэрхшээл, сайн сайхан зүйл байв, тэр хамт олон, үйлдвэрийн талаар, ямар шинэ тоног төхөөрөмжүүд нэвтрэрч байв? Тэр талаар дэлгэрэнгүй тодруулж ярьж өгөөч?

Ишгэн -

Би 70 онд сургууль төгсөөд ирэхэд байгуулагдаад 10 жил болсон 10 жилийнхээ ойг хийсэн ийм үйлдвэр байсан. Би 10 жил ажиллаад 20 жилийнх нь ойг хийж өгөөд явсан хүн. Тэгэхэд гурил тэжээлийн үйлдвэр гэж аймагтаа нэртэй төртэй, сайхан хамт олон төлөвшиж байсан. Тэр үеийн социалист хөдөлмөрийн бригад гэж анх үүсч тэндээс эхлэж байсан ийм сайхан үйлдвэр байлаа. 100 гаруй ажиллагсадтай, инженер техникийн ажилчид их цөөхөн. Миний өмнөх дарга Одиссед сургууль төгссөн инженер хүн байсан, тэгээд би, тэгээд механик гэж москвад төгссөн залуухан хүн байсан. Бусад нь тэгээд л ажилчид, цехийн дарга нар, мастерууд. Тэд дандаа өөрсөд дээрээ бэлтгэгдэж гарсан хүмүүс байсан. Тусгай сургууль төгсөөгүй. Багсармал тэжээлийн үйлдвэр гэж тухайн үед дөнгөж ашиглалтанд орсон шинэ үйлдвэр байсан. Мөн оросын тусламжаар баригдсан хорголжин багсармал тэжээл үйлдвэрлэдэг шинэ үйлдвэр ашиглалтанд орсон байсан. Гурилын үйлдвэр, багсармал хоёр дээр нэг нэг орос мэргэжилтэн байсан.

Дэжид -

Гадны мэргэжилтэн гэхээр орос мэргэжилтэн л байдаг байсан уу?

Ишгэн -

Өө тийм, оросын техник тусламжаар байгуулагдсан учраас орос мэргэжилтэн л байдаг байсан. Тэгээд бид тэдний зөвлөмжтэйгээр өөрсдөө ажлаа явуулдаг байсан. Социалист хөдөлмөрийн бригадууд хоорондоо уралдаантай ажиллана. Тэр үед чинь 4, 5-р таван жилийн гавшгайчид төрж гарч байсан үе байх аа. Бид нар өөрсдөө орж шалгарна даа. Үйлдвэрээрээ социалист хөдөлмөрийн гавшгайч болоод яамандаа 2-р байранд ч шалгарч байсан юм. Ер нь их сайн үйлдвэр байсан. Миний ерөнхий инженер байхад их хүндхэн байсан. Яагаад гэхээр дөнгөж сургууль төгсөөд ирсэн залуухан байсан. Хоёр хүүхэд төрүүлсөн, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлнэ. үйлдвэр дээр янз бүрийн асуудал гарахад өөрөө дуудагдаж очино, тэгээд тэр том тоног төхөөрөмжүүдийн чинь дээгүүр доогуур шагайж үзнэ. Маш их хүндрэлтэй, айх үе гарна, мэдэхгүй юм гарна. Тэгээд бишгүй сайхан хамт олонтой байсан учраас даваад л цаана нь гараад сайхан л ажилласан. Сайн ажиллаж байсан нэрээр би анх МАХН-ын 17-р хуралд төлөөлөгчөөр гучин хэдэн настайдаа оролцож байсан. Тэрнээс хойш олон том хурал цуглаанд оролцож байсан ч гэсэн тэрэн шиг том дурсамж, сэтгэгдэл үлдээсэн нь байгаагүй. Яагаад гэхээр хамгийн анх залуухан инженер.. надаас өөр тийм залуухан хүн яваагүй. Их нэр төртэй үдүүлээд, ирэхдээ цэцэг навч барьж угтуулаад, аймгийн удирдлагууд тусгай хүлээн авч уулзаад, үйлдвэр дээр хүлээж авч байсан. Олон л хуралд явж байсан тийм сэтгэгдэл, тийм хүндтэй явдал тохиолдож байгаагүй. Ерөнхий инженер гэдэг үйлдвэрийн даргын техникийн талын орлогч гэсэн үг. Түүнээс гадна ойр зуурын бүх л юмыг хариуцна даа. Үйлдвэрийн зуслангийн байр барьсан юм. Түүн дээр зун ажилчидаа амраана даа. Тэгээд бөх барилдуулна. Тэгэхэд л үйлдвэрийн дарга хөөе Ишгээн бөхөө гаргаарай гэнэ. Тэгээд би чинь гаргана ш дээ. Үйлдвэрт янз бүрийн эвдрэл гарна аа. Тэр үед нарийн мэргэжлийн газар ховор байлаа ш дээ. Авто засварын газар л байсан. Дарга тэгэхээр чи одоо консул руу утасдаад машинаа засуулаад будгийг нь жаахан сэргээмээр байна гэхэд л би ярина. Тийм том газар луу үйлдвэрийн инженер хүн утасдаж болдог болдоггүй ч мэдэхгүй шууд утасдана. Тэгтэл та тэдэн цагт боломж байвал хүрээд ирээ л гэнэ. Тэгээд би ч очино. Тусгай өрөөнд консул өөрөө хүлээж авна. Тэгээд би залуухан эмэгтэй хүн өөрөө утасдаж хэлсэн болохоор их элэгсэг угтаж авдаг бололтой юм. Тэгээд чихэр тавиад цай уух уу, кофе уухуу гэнэ. Би ч орос сургууль төгссөн болохоор чөлөөтэй ярина л даа. Та ямар ажлаар явна, би тантай уулзаж байгаадаа баяртай байна, ажлаа танилцуул даа гэнэ. Тэгээд би ч манай машин эвдрээд тэрийг засуулах хэрэг гараад, будуулах гэсэн юм гэнгүүт өө, зөв тэгэлгүй яахав туслалгүй яахав тэгье л гэнэ. Тэгээд засуулахад, будуулахад хараад зогсч байна шүү дээ. Одоо бол эрэгтэй хүн явуул гэж даргатаа хэлнэ дээ. Тэр үед тийм хүлцэнгүй. Удирдлага юу гэнэ яс л биелүүлнэ. Доод хүмүүстээ үүрэг өгнө. Хэрвээ биелүүлэхгүй бол гомдоно. Ямар сонин юм, ингэвэл бидний ажил бүтэхгүй ш дээ, яаж чадаж байна аа л гэж бодно. Өөрөө би хүн дагуулаад намар /тэр үед уураар халдаг байсан. Их аюултай./ тэр хийг шалгаад явна шүү дээ. Өөрөө л бүгдийг хариуцна. Тэгээд сурдаг юм даа. Тэнд их ч юм сурсан даа. Гурилын үйлдвэрийн тухай хоёр дахь ном гарч байгаа юм. Тэнд би “Миний амьдралын их сургууль гурилын үйлдвэр” гэж дурсамжаа бичиж өгсөн. Тэрүүн дээр нарийн ширийн тоо баримт бий. Ингэж л ажиллаж байсан. Эмэгтэй хүний хувьд нэг их ялгаатай юм мэдэгддэггүй байсан. Дэвшүүлвэл дэвшүүлж, хурал цуглаанд явуулвал явуулж яг л эрэгтэй хүмүүстэй адилхан л байсан. САА-н намын дарга байхдаа ч ганцаараа л эрэгтэй хүмүүстэй явдаг байсан. Эрэгтэй хүмүүс орой цуглаж тоглосон ч л цуг сууж харж байгаад л тардаг байсан.

Дэжид -

Үйлдвэрээс эмэгтэйчүүдийг яаж дэмждэг байсан, ямар бодлого явуулдаг байсан юм бэ?

Ишгэн -

Миний үед жендерийн асуудал ер нь яригддаггүй байсан юм. Яг тэр намайг 70-80 оны хооронд гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байхад Монголд жендерийн асуудал тавигдаж байна гэж яригдаж байгаагүй юм. Би эмэгтэй хүн ийм байх ёстой, би доорд үзэгдэж байна гэсэн бодолд автаж яваагүй. Зарим үед хурал цуглаан энэ тэр дээр эрэгтэй хүнийг та дээшээ суу гэх, гэртээ нөхөртөө цай хоолныхоо дээжийг барихдаа бид нар эн тэнцүү, би тэгэх ёстой гэсэн бодол ер толгойд орж ирж байгаагүй. Би эмэгтэй хүн харин гэр орныхоо ажлыг амжуулах ёстой, үр хүүхдээ хүмүүжүүлэх ёстой л гэж зүтгэж явсан.

Дэжид -

Та хэдэн хүүхэдтэй вэ?

Ишгэн -

Би 3 хүүхэдтэй. Харин надад хувь заяагаар сайн хань учирч, хүүхдүүдээ хүмүүжүүлэх, салхи наранд гарах, хоол ундаа хийсэн ч хамжилцдаг байсан. Ер түүртэх юм надад байгаагүй. Ер нь бол эмэгтэй хүн заавал дээшээ явах ёстой гэсэн үзэл байгаагүй юм. Одоо ч байдаггүй. Хүн өөрөө л хичээвэл, өөрөө чадаж л байвал дээшээ явна.

Дэжид -

Та үйлдвэрийн удирдах ажил хийж явсан хүн, залуусын, ажилчидын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ямар ажил явагддаг байсан бэ?

Ишгэн -

Тэр бол ёстой явагддаг байсан. Ялангуяа манай гурил тэжээлийн үйлдвэр. Би түрүүн дурдаад өнгөрсөн дөө. Зун ажилчдын зуслан гаргадаг байсан гэж. Голын эрэг дээр хэдэн гэр зун болохоор барьчихдаг байсан юм. Тэгээд үнээ саана. Тэгээд ажилчидаа гурав гурав хоногоор ээлжээр амраана. Инээж хөхөрч, тоглож наадна. Орос мэргэжилтнүүд загас яаж шарах, яаж шөл хийх гээд олон юм зааж сургана. Идэвхтэй амралт хийж байгаа хэрэг. Гурилынхаа үйлдвэрийн хойд талд гурлын үйлдвэрийн хороолол гээд ажилчид байдаг байр байсан юм. Тэнд бид дунд нь нэг байшин барьсан юм. Тэндээ соёл хүмүүжлийн ажлаа явуулна. Бүжиг зохиох, тэргүүний ажилчдын самбар гаргах гээд л. Ажилчидаа шагнаж урамшуулна. Тэгэхдээ хадгаламжийн дэвтэр нээж мөнгөтэй гардуулна. Тийм юм би урд нь хаана ч сонсоогүй. Манай үйлдвэрчний хорооны дарга их олон жил хийсэн Жамбалсүрэн гэж хүн байсан. Бид хамтаараа тэрийг санаачилж хамтаараа шийдэж байсан. Би өөрөө ч тэр хадгаламжийн дэвтэр гардаж авч байсан юм.

Дэжид -

Тэр үед үйлдвэрчний байгууллага гэж ажилчдынхаа төлөө байгууллага байсан уу?

Ишгэн -

Байсан. Тэр үед удирдах 4 байгууллага гэж байсан. Нам, захиргаа, үйлдвэрчин, эвлэл гэж. Тэр байгууллагууд л энэ байгууллагын амин сүнс нь, залуусыг хааш нь хөдөлгөх, ямар байх, яаж авч явах, ажиллах нөхцөлөөр яаж хангах гээд бүгдийг авч явж байсан. Тухайн үедээ том байгууллага байсан.

Дэжид -

Тухайн үед гадаадад явна гэдэг том хэрэг биз?

Ишгэн -

Өө тийм. Тэр болгон хүн явахгүй. Би хүртэл үйлдвэрт ажиллаж байхдаа нэг удаа л курст явж байсан. Гурван жил ажилласан инженерийг курст явуулдаг байсан юм. Би харин 2 жил ажиллаад ганц эмэгтэй инженер гээд Москва явж байсан.

Дэжид -

Тэр үед голцуу үйлдвэрийн сайн ажиллаж байсан дарга, инженерүүдийг нарыг цааш нь намын байгууллагад дэвшүүлж байсан уу?

Ишгэн -

Дэвшүүлдэг нь намын байгууллага л дээш нь татаж боловсон хүчнээр авч байсан.

Дэжид -

Хувь хүмүүс өөрийн саналаар томилогдох тохиолдол байх уу?

Ишгэн -

Тийм юм ер нь байхгүй. Бодлогоор л зохицуулагдана. Явахгүй гэсэн ч л явуулна.

Дэжид -

Сүүлд хувьчлалд та байсан уу? Хувьчлалд ер нь яаж оров?

Ишгэн -

Би хувьчлалын үед ажиллаж байгаагүй. Сайхан хүмүүс хувьчилж авсан. Одоогийн ажиллаж байгаа Болорчулуун дарга хувьчилж авсан юм. Их сайн ажиллуулж байгаа. Социализмын үед ажиллаж байсан 7, 8 үйлдвэрээс одоо манай Дорнодын гурлын үйлдвэр шиг сайхан ажиллаж байгаа үйлдвэр байхгүй. Сайн ч хүн хувьчилж авсан, ерөөсөө суурь сайтай нягтарсан хамт олон байсан учраас энэ үйлдвэрийг тараагаагүй.

Дэжид -

Ерөөсөө социализмын үед ажиллаж байсан үйлдвэрээс одоо зах зээлийн нийгэмд ажиллаж байгаа ганц үйлдвэр танайх гэж ойлгож болох уу?

Ишгэн -

Би 20 жилийнх нь ойг тэмдэглэж өгөөд намын даргын ажил хийгээд явахад намайг Эрээнцавын намын дарга байхад 30 жилийн ой нь болсон юм. Би урилгаар ирж орсон. Хувьчлагдаад дөнгөж хоёр жил болж байлуу даа. 40 жилийнхээ ойг хийхэд нь би аймгийн эвлэлийн үүрийн дарга хийж байсан. Бас урилгаар оролцсон. Сая 2009 онд 50 жилийн ой болсон. Их сайхан хүлээж авсан. Надаас дээш хоёр дарга одоо амьд сэрүүн байгаа.

Дэжид -

Таныг ажиллаж байхад энэ үйлдвэрт ямар шинэ техник технологи нэвтэрч байв?

Ишгэн -

Намайг үйлдвэрт 10 жил ажиллах хугацаанд яг шинэ техник гэвэл будаагаа угаах шугам байгаагүй юм. Чулуугаа угаадаг шугам тавьсан. Аймгийн гурлын үйлдвэрүүд 1, 2-р гурил гаргана. Улаанбаатарын гурлын үйлдвэр л дээд сорт, 1, 2-р сорт гэж гаргана. Гурван сорттой гурлын үйлдвэр хүүхдийн будаа гаргана. Харин хоёр сорттой нь тэгдэггүй, хивэг гарна. Тэгэхдээ угаах шугам байгаагүй үед будаатай ижил хэмжээтэй чулуу ялгагдахгүй үлдэх юм гарна. Угаах шугам тавьсанаар өшөө сайн цэвэрлэгдэнэ гэсэн үг. Одоо тэр сайн ажиллаж байгаа. Намайг явснаас хойш шигших машиныг шинчилж, тээрэмдэх машиныг 3 байсныг 4 болгож нэмэгдүүлсэн байна лээ. Ер нь бол их сайхан болсон байна лээ.

Дэжид -

Таныг анх оюутны ширээнээс үйлдвэрт ирэхэд үйлдвэрийн ямар техник нь их сонин байв? Анх удаа харж байв уу? Оюутан байхдаа том үйлдвэрүүд дээр дадлага хийж байв уу?

Ишгэн -

Би оюутан байхдаа хоёр газар дадлага хийсэн. Үйлдвэрлэлийн дадлагаа Беларуст, дипломын ажлаа Грузинд хийж байсан. Грузины Сухим хотын том гурлын үйлдвэрт өвөл нэгдүгээр сард сар гаран нэг орос охинтой хамт дадлага хийсэн. Грузинд чинь эмэгтэй хүмүүс үйлдвэр ер ажиллахгүй. Ерөөсөө дан эрэгтэйчүүд. Жаахан нахаалны. Тэгэхэд жоохон охин байсан учраас их айна. Их тогтвор муутай хүмүүс. Хар далайн эрэг дээр тэр үйлдвэр байсан юм. Тэгээд өдөр ажиллаж байснаа гэнэтхэн л гараад усанд сэлчихээд наранд биеэ шарж байгаад ирээд л ажлаа хийх жишээтэй. Тийм учраас тэнд нээх сайн налж ажиллаж чадаагүй. Ерөнхийд нь үйлдвэртэй танилцсан. Яахав авах юмаа аваад дипломоо хамгаалаад, сургуулиа амжилттай төгссөн. Үйлдвэрийн хувьд бол манай эндхийн үйлдвэртэй харьцуулахад хамаагүй том үйлдвэр. Энд үйлдвэрт анх гарахад намайг шөнийн 12 цагт ээлжинд тээрэмдэх машин дээр гаргасан.

Дэжид -

Ээлжээр ажиллах уу?

Ишгэн -

Тэгнэ. Гурван ээлжээр тасралтгүй 24 цагаар ажиллана.

Дэжид -

Цалин хангамж ямар байсан бэ?

Ишгэн -

Тухайн үед бид цалингаа голдоггүй л байсан. Социализмын үед өгсөнийг нь аваад болж байна л гэж боддог байсан юм байлгүй. Тэр үед залуухан байсан. Гэрийн хогшил, эд юмны хойноос ер хөөцөлдөхгүй. Хамгийн гол нь би цэвэрхэн хувцаслах дуртай. Тухайн үед Ишгэн инженер өдөрт нэг хувцас өмсдөг гэж хэлэгддэг байсан юм гэнэлээ. Би жаахан ганган байсан. Үйлдвэр дээрээ ажлын хувцасаа өмсөнө. Хувцас хунар авахад мөнгө маань хүрдэг л байсан. Нөхөр маань багш. Тэр үед 4-р курст оюутан байхдаа гаргаж ээж аав дээр өсгөж байсан нэг л том хүүхэд байсан. Өөр хүүхэд эхэн үедээ байгаагүй. Сүүлд хоёр хүүхэд гаргасан. Цалин малингаа ерөөсөө голж шилж яваагүй. Болж байна л гэж бодож байсан.

Дэжид -

Тэр үед хэдий хэмжээний цалин авдаг байсан?

Ишгэн -

Ерөнхий инженер байхдаа зургаа долоон зуун төгрөгнийн цалин л авдаг байсан. Дарга бол 800, ажилчид бол тэрнээс доош 300, 400 орчим авна. 500-аас дээш гардаггүй байсан. Сайхан л амьдардаг байсан. Болдог л байсан юм байлгүй. Цалингийн асуудал ерөөсөө гардаггүй байсан. Бид нар шагнаж урамшуулахдаа дандаа л мөнгөн шагнал өгнө.

Дэжид -

Ажилчидаа бол дотооддоо л бэлддэг байсан байх нь ээ?

Ишгэн -

Тэр үед Дарханы полтехниккум байсан. Тэнд голцуу мастер төгсч ирдэг. Манайд сүүлд гурван хүүхэд илгээлтээр төгсч ирсэн юм. Тэд нар мастер, лабораторын лаборант хийж байсан. Багсармал тэжээлийн ажилчдыг иркутсикт ажилчдаасаа хэдэн хүн явуулж бэлтгэсэн юм гэнэ лээ. Надаас өмнө. Тэгээд тэр орос мэргэжилтэн дагалдаад л бэлтгэгддэг байсан даа.

Дэжид -

Та Барга ястаны хуримлах ёс заншил гээд янз бүрийн зан заншилаас ярьж өгөөч?

Ишгэн -

Миний багад, басган байх үед хурим найрыг хуучны ёс заншилаар хийдэг байсан юм шиг байгаа юм. Одоо бол өөр болж дээ. Орчин үетэйгээ зохицоод…. Манай аав ээжийг бага байхад сүй тавьдаг байсан гэнэ лээ. Одоогийнхоор бол хоёр талаасаа зурхай зуруулж, үзүүлж харуулаад жил, нар сар, суудал мэнгээр нь хоёр хүүхдээ тохируулна. Насны ялгааг нэг их харгалзахгүй. Заримдаа бага залуу эрэгтэй хүүхдэд нас бие хүрсэн эмэгтэйг ч өгдөг үе байсан гэнэ лээ. Яагаад гэхлээр тэр үед манайхан их бага хоёр гурван ч эхнэртэй байсан юм гэнэ лээ.

Дэжид -

Хувьсгалын өмнөх үед гэсэн үг үү?

Ишгэн -

Өө тийм, хувьсгалын эхэн үед, бүр биднээс өмнөх үе, бидний ээж аавын залуу бага байх үед л дээ. Харин ч бурханы авралаар манай аав ээж зурхайн зурлагаар үе тэнгийн хүмүүс таарч, хожимоо нийлж амьдрах амьдралынх нь үүд хаалга нээгдсэн хүмүүс таарсан гэж ярьдаг. Үнэхээр ч тэгээд таарч тохироод олон хүүхэд гаргаад амьдраад явах нь одоо орчин үед их яригдаж байгаа зам мөр, мэнгэ суудлыг нь харж гэрлүүлдэг байсан нь зөв ч байсан байж магадгүй гэж одоо бид ярьдаг юм. Тэгээд тэр сүйгээ жилийн өмнө тавьдаг байж л дээ. Цагаан сар болоход хүүгээ аваачид хадмынх нь бурханд мөргүүлдэг байж. Гэхдээ охиныг дэргэд нь байлгаж царайг нь харуулдаггүй юм гэнэ лээ. Хоёр хүүхдээ уулзуулдаггүй, хэлдэггүй байж. Тэгээд арван зургаа, долоотойд нь хоёр хүүхдээ гэрлүүлдэг байж дээ. Гэрлүүлэхдээ эмэгтэй хүнийг айлд өгөхдөө тугалтай үнээ, эмээл хазаартай морь, ачаа бараатай, гэрийн тавилга, хувцас хунартай нь өгдөг байсан гэнэ лээ. Би ч хожим социализмын үед халх ёсоор гэрлэсэн хүн. 1967 оны зун бид хоёр айл болж гэрэлсэн юм. Нэг их айхтар хурим болоогүй ч гэсэн ойр зуураа хоёр талынхаа ах дүү нараа уриад гэрэлсэн. Хөдөө суманд байлаа л даа. Тэгэхэд манайх намайг ч гэсэн инжтэй явуулж байсан. Мөнгөн хазаартай, эмээлтэй морьтой, тугалтай үнээтэй, алтан бөгжтэй, сайхан дээлтэй айлд өгч байлаа. Тэгээд өдий болтол сайхан л амьдарч байна. Би сургуулийн жоохон хүүхэд байхдаа хөдөөний нэг хуриманд сонирхож гүйж очиж үзсэн юм. Одооныхоор сүүний ферм, тэр үед тасаг гэж нэрлэдэг байсан даа. Тэнд болсон юм. Манайхны сайн таньдаг айлын залуухан хүүхэн хадамд гарсан юм. Тэгээд тэр дүү охин нь, хэдэн хүүхнүүд хамт байж байгаад бүрий барай болж байсан гэнэтхэн гаднаас хэдэн хар хүн /нэг нь малгай барьсан/ пир пар хийтэл орж ирээд, нөгөө хүүхэнд чинь малгайгаа өмсгөчихөөд пир пар хийгээд л гараад явчихдаг юм байна. Тэр нь яаж байгаа юм гэхээр нөгөө хүүхнээ айлын хүн болгох гэж тэр айлын малгайг өмсгөж байгаа нь тэр юм байж. Тэгээд тэр малгайг өмсөөд нөгөө хүүхэн чинь учиргүй уйлаад… уйлах ёстой болоод уйлсан юм уу, үнэн санаанаасаа уйлсан юм уу учирыг нь сайн ойлгоогүй. Нөгөө олон охидууд хажуунаас нь нусны алчуур авч өгөөд нулимсыг нь арчаад л, нөгөө нь учиргүй уйлаад л байсан. Тэгээд жаахан тайвчираад хүүхнийдээ найрлана, дараа нь хадмынх руу нь хүүхнээ аваад олон хүн дагаад явах юм билээ. Хол бол морь малтай явна, ойрхон бол олон хүн дагалдаад явганаар явна. Хүүгийнд өглөө эрт үүр цүүрээд очоод үргэлжлүүлж хуримлаад, хүмүүс бэлэг сэлт энд тэндээсээ өгөөд тэгээд л тэр айлын хүн болно. Дагаж ирсэн хүүхний талынхан явахдаа, гэхдээ ээж нь үлдэнэ, 3 хонодог юм гэнэ лээ. Тэгэхдээ хүүхнээ сандал дээр суулгаж байгаад дээлийнх нь хормойг татаад хормойн дээр нь нэг алх ч юм уу, сүх тавина. Ингээд энэ айлын хүн боллоо, хадагдлаа гэсэн утгатай тэгээд л гараад явах юм билээ. Хүүхэн ч гэрээсээ гарч айлын хүн болж байгаа болохоор уйлаад үлдэнэ. Ингээд ээж нь үлдэж гурав хононо. Аав нь хадамд гарахад нь ирдэггүй. Ээж нь гурав хоноод харьсаны дараа ирдэг болтой юм билээ. Тийм нэг хурим үзсэн. Ямар ч байсан тийм нэг ёс байдаг юм билээ. Сүүлд манай нэг нагац цэргээс ирээд хурим хийхэд нь ээжтэйгээ очсон. Тэгэхэд нэг хурим үзсэн л дээ. Бэрийн талд юу болсон юм мэдэхгүй л дээ. Хүргэний талын хүн болохоор сууж л байсан. Холоос ирсэн болохоор морьтой ирж байсан юм. Бэр ирлээ л гэсэн. Тэгсэн нүүрийг нь улаан юмаар бүтээчихсэн, дээр нь өмсгөл зүүлт гээд олон мөнгөн юмаар гоёчихсон, ардаа ганц сүлжсэн гэзэгтэй хүүхнээ олон морьтой хүн авчирсан юм. Тэгсэн жил нь таарсан нэг хүн тэр хүүхний үсийг нь самнах ёстой юм гэнэ. Эхнэр болоход нь хүний үсийг хоёр сүлжих ёстой юм гэнэ. Тэгэх ёстой юм уу, тухайн үед орлуулсан юм уу тэрийг нь сайн мэдэхгүй хонь хашдаг банзан хашааг дээд талыг нь нийлүүлж майхан шиг босгоод тэр хүүхнээ дотор нь суулгаад улсууд тойрч суугаад үсийг нь жил нь таарсан хүн самнасан юм. Үсийг нь хоёр хэсэг болгож сүлжээд, хавчиг гэж толгойдоо зүүдэг мөнгөн гоёлын завсараар үсийг нь оруулаад самнаж байсан юм. Тэгээд ууж хувцасыг нь өмсгөж, улаан юмаар нүүрийг нь хучаад гэрт оруулаад бурханд нь мөргүүлнэ. Тэр үед зууханд гал түлдэг байсан ч гэсэн задгай тулга тавиад тогоо дээр нь тавьж тулганд өвчүү, өөх тосны юм хийж галдаа өргүүлсний дараа бурханд нь мөргүүлнэ. Тэгээд тооноор мах гаргаж чулууддаг юм билээ. Тэр нь гэр дээгүүр бөмбөрөөд ирэхээр хэдэн хүүхэд гадуур гүйлдэж байсан тосч аваад, тэр үед бид жоохон зургаатай байсан санадаг юм. Тэгээд хүүхэн тэр айлын хүн болно доо. Бас хажууд нь тэр бэр болж очиж байгаа айлын ахынх байна. Тэднийд бас оруулж мөргүүлнэ. Хэдэн хүүхэн дагаж явж тэднийд оруулж мөргүүлээд гараад ирэх юм билээ. Тийм нэг хурим үзсэн дээ. Халхад тийм ёс байдаг гэж сонсоогүй, үзээ ч үгүй. Тэр бол Баргын л ёс. Бага хүүхэд байсан болохоор үзэж харсанаа нэг иймэрхүү л юм санаж байна. Барга ёсны хуримын ёс гэж яг бичиж үлдээсэн юм байдаг л даа. Хамгийн гол нь нүдээр үзсэнээ л ярьлаа.

Дэжид -

Тухайн үед хөдөөлүүлэх ёс ямар байсан юм бол?

Ишгэн -

Хөдөөлүүлэх ёсыг ёстой мэдэхгүй юм. Хүүхэд байхад биднийг тийм юманд явуулдаг ч үгүй байж дээ. Сүүлд яахав ээж аавынхаа оршуулганд явахад Халх ёсонд тэр бүр байдаггүй байж магадгүй нэг юм хэлэхэд манайхан ялангуяа настай хүнийг гаргаталаа гэрээ суллаад хоёр гурав хоног гэртээ байлгадаг. Тэгээд тэндээ ном уншаад эргэж тойроод, мөргөөд гаргана. Сумын төвд бол морогт хийнэ, хөдөө ч байсан сумын төв дээр аваачиж морогт хийдэг шүү дээ. Манайхан бол харин тэгдэггүй. Голдуу хийдэггүй дээ. Эмнэлэгт нас барсан ч гэртээ авчирна. Тэгээд хажууд нь гэр барих ч юм уу, өөр гэрт амьдарна. Тэгээд дэргэд нь ном унших, гал түлж тоглох ч юм уу, ойр дотных нь хүмүүс тэгж хэд хоног хажууд нь байна. Тэгээд тэнд нь хүмүүст цай оруулж өгнө. Тэгээд хөдөөлүүлэх өглөөгөө бүгдээрээ мөргөж бариад хайрцаг дотор нь өөрт нь хэрэгтэй юмы нь, дуртай юмы нь, эдлэж хэрэглэдэг байсан юмнаас нь хийгээд ёслол үйлдээд тэгээд гаргадаг байсан даа.

Дэжид -

Дээр үед хайрцаг сав хэрэглэдэг байсан уу?

Ишгэн -

Хайрцаг саванд ёстой хийдэггүй байсан гэсэн. Сүүлийн үед л хийдэг болсон байх. Ер нь бол хөндөж барихгүй ил тавьдаг байсан гэж ээж ярьдаг юм. Тэднийг хүүхэд байхад том таар саванд хийгээд ил тавьдаг байсан гэнэ лээ. Хөдөө шарилын газрын ойролцоо аргал түүгээд явж байхадаа очиж хармаар санагдаад харж байсан гэж ярьдаг. 10-аад настай байж л дээ. Хумс нь ургачихсан байдаг юм билээ гэж ярьж байхыг нь би сонсож байсан юм. Халуунд бол хэвтүүлээд тавьчихсан хүн босоод суучихсан байдаг гэнэ. Хүүхэд байхдаа айж мэддэггүй байж л дээ. Яг нэг газар тавьдаг байсан юм уу, хэрэгтэй гэсэн газартаа тавьдаг байсан юм уу. Ямар ч байсан тэгээд нохой шувуу сандаагаад алга болдог байсан юм шиг байгаа юм. Тэгж л ярьж байсан даа.

Дэжид -

Таны амьдралд гүнээр нөлөөлсөн ямар нэг үйл явдал юу вэ?

Ишгэн -

За даа, яг юуг хэлэх ёстой юм бол сайн мэдэхгүй байна. Хамгийн анх төгсч ирээд үйлдвэр дээр ирээд анх уулзсан хүн, бараг зогсож байсан газар, цагаа ердөө мөртдөггүй юм. Тийм ажил хийж үзээгүй хүн чинь би чаддаг болов уу, яах бол энэ тэр гээд их л санаа зовж байсан болоод тэр байх л даа. Миний анхны ажил болохоор… Би шөнийн 12 цагт ээлжинд анх гарсан юм. Тэр үйлдвэрийн ордог гардаг хаалгыг ч мэдэхгүй л байлаа. Байрлахдаа гурлын үйлдвэрийн хажууд хоёр давхар байшинд /одоо ч байгаа/ байрлаж байсан. Манай гэр бүлийн хүн хөдөө багш байсан. Би төгсч очоод хөдөө гэртээ хоёр хоноод л ирж байсан юм. Тэгээд шөнийн 12 цагт ажлын хувцастай тээрэмдэх машин дээр гараад зогсч байсан гаднаас нэг сахалтай хар хүн орж ирсэн. /ажлын хувцастай/ Тэр хүн ташаа тулж зогсоод намайг дээрээс минь хөл хүртэл, хөлөөс толгой хүртэл нэг их харсан. Ямар хүн ингэж их хардаг юм болдоо гэсэн тэр нь ээлжийн цахилгаанчин юм билээ. Тухайн үед гадаадад сургууль төгсөөд ирсэн их содон сонин санагдсан байх л даа. Нөгөө шинэ инженер гэдэг нь энэ юм байх л гэж бодсон байх л даа. Одоо хүртэл тэр хүн минь байгаа. Лутбаатар гэж. Би яриад инээлгэдэг юм. Чамаас күй мөн их айж билээ гэж. Ширвээ хар сахалтай, өндөр хар хүн мөн их айхтар харж билээ. Тэгж би анх ээлжинд гарч байсан. Миний мастер болохоор Краснодарскт гурилын сургууль төгссөн Лувсанцэрэн гэж инженер хүн байсан юм байна шүү. Одоо бүрлээч болчихсон л доо. Тэгээд хоёулаа маш сайн гурил гаргахгүй бол болохгүй бид хоёр хоёулаа инженер хүн. Өөр нэг ээлжинд гардаг Саарал гэж хүн хамгийн сайн гурил гаргадаг хүн гэнэ ээ. Энэ хүний гурилын дээж болгоноос хоёулаа ээлжинд гарч байх үедээ авъя гээд баахан цаасан уут хийж авсан. Тэгээд гурил олон дамжлага дамжиж байж гарна л даа. Тэр болгоноос хоёулаа хийж авсан. Дараа нь өөрснийхөө дээжээс аваад харьцуулж үзсэн. Тэгээд хоёулаа Саарал гуайнхаас дутуу биш илүү л гурил гаргах ёстой анх гурилаа гаргаж байсан. Тэгээд би сар л тээрэмдэгч. Нэг их айхтар ч юм гаргаагүй, гэхдээ гологдол гаргаагүй шаардлагын хэмжээнд дөхүүлсэн. Энэ л миний одоо хүртэл нүдэнд харагдахаар тод дурсамж болж үлдсэн дээ. Миний анхны ажилд гарсан энэ үе ингэж үлдсэн байдаг. Тэгээд Лувсанцэрэн мастер маань сүүлд лабраторын эрхлэгч болж дэвшсэн. Ийм байдлаар анх үйлдвэрийн ажилд гарч байлаа. Залуухан жоохон байсан болохоор миний ардын цэвэрлэх машин дээр Цэрэннадмид гэж жоохон хүүхэн гарч байсан. Тэрэнтэй танилцаад, хоёулаа хааяа нэг үүдэн дээр гараад ноцолдчихно оо. Тэгсэн нэг өдөр намайг элеваторын мастер дуудаж байна гэнэ ээ. Начиндавга гэж улсын тэргүүний мастер хүн байсан. Орлоо. - Сайн байна уу л гэлээ. - За миний хүү инженер хүн шүү дээ л гэлээ. - Тийм ээ л гэлээ. - Чи чинь хойно төгсөөд ирсэн биз дээ л гэж байна. - Тийм ээ л гэсэн. - Амьдрал ямар байна гэж байна. - Зүгээрээ л гэлээ. - Ажил яаж байна гэлээ - Гайгүй ээ, дасч л байна гэлээ. - За чи чинь насаараа л тээрэмдэх машин дээр ажиллахгүй шүү дээ. Чи чинь инженер хүн. Жоохон бодолтой л байдаг юм шүү дээ. Ажилчидтай гадаа гараад ноцолдоод байх чинь хүмүүст нэг их сайхан л харагдахгүй байх, сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй шүү дээ. Цалин цагаа чинь ч өөр болно. Тийм учираас бодолтой ажиллаарай гэж захих гэсэн юм аа гэлээ. Тэрнээс хойш би бас жаахан болдоггүй байх нь ээ гэж бодсон л доо. Тэр өдрөөс хойш сар хэрийн болсон Яамны сайд ирлээ гэнээ. Тэр үед сайд майд гэж яадагийг ч сайн мэдэхгүй ээ. Тэгсэн сайд дуудаж байна аа. Тэр сургууль төгсч ирсэн тээрэмдэгч машинистыг дуудаж байна л гэлээ. Тэгсэн миний машин сагаад гоождоггүй газраараа гоожоод сандаргав аа. Юун сайдтай манатай би энийгээ янзална гэсэн үгүй очихгүй бол болохгүй, сайд дуудаж байхад гэдэг юм байна. Тэгээд тэр машинаа хальт янзалчихаад нэг савлагчид энийг харж байгаарай гэчихээд явлаа. Дүүрэн гурилтай хувцастай ороод очсон Дамдин сайд: За тэгээд амьдрал ахуй гайгүй биз дээ, танай үйлдвэрийн даргыг сольж байгаа чи чинь ерөнхий инженер болж таарах байх. Сайн ажиллаарай гэж хэлээд явж байсан. Тэгээд би маргаашнаас нь ерөнхий инженер болж байсан юм.

Дэжид -

Таны амьдралд бусдаас нөлөөлсөн онцгой үйл явдал байдаг уу?

Ишгэн -

Тийм бусдаас нөлөөлсөн онцгой, ер бусын юм юм гэвэл одоо сэтгэлд буух юм алга байна даа. Өөртөө оногдсон ажлуудаа өөрийнхөө боломжоор хичээл мэриймжтэй хийгээд ирсэн. Яахав бусдаас дуурайх, харах юм байлгүй л яахав гэхдээ бусдын нөлөөллөөр миний амьдралд ингэлээ гэсэн юм нэг их байхгүй байх аа.

Дэжид -

Та гурлын үйлдвэрээс гадна САА-д ажиллаж байсан гэлээ. Тэр үед САА-н ажил яаж явагдаж байв, эмэгтэй хүн голчлон юу хийж байсан юм тэр тэлээр ярихгүй юу?

Ишгэн -

Би Намын дээд сургуулийг 80 онд төгсөөд Ононгийн САА-д Намын төв хорооны товчоогоор орж томилогдож байсан юм. Яг тэр тухайн үед САА-н Намын дарга эмэгтэй хүн надаас өөр байдаггүй байсан. Сүүлд сонсохноо ганц хоёр Сангийн аж ахуйд байсан юм гэнэ лээ. Миний хувьд бол хүнд ажил байсан. Би хөдөө аж ахуйн биш үйлдвэрийн хүн, шинэ мэргэжил шинэ ажил дээр очлоо. Нөхөр хүүхдүүдээ аваад явсан. Хүүхдүүд бага нь нэгдүгээр ангид, нөхөр Баян-Уулын сургуульд захирлаар очиж байсан. Баян-Уул тэгэхэд 10 жилтэй байсан. Өөр сумд ер нь арван жилтэй байгаагүй дээ. Тэгээд хоёулаа нэлээд хүнд ажилтай газар л очсон доо. Зун очсон болохоор хадлан бордоо авч эхлээд, Ононгийн САА –н нэг онцлог нь, ер нь манай буриад сумдын нэг онцлог нь хадлан өвсийг яг хугацаанд нь ямар цаг үед нь авах вэ гэдгээ маш сайн мэддэг, их санаачлагатай бэлтгэдэг. Тэрчбайтугай манайхан бол механикжсан аргаар хаддаг, морин хадуур, тарактор машин ашиглана. Харин буриадууд болохоор гараараа хадна. Яг чийг ус, болц нь тохирсон үед нь хадаад сурчихсан ажилсаг хүмүүс л дээ. Улсын тэргүүний хадланч хүмүүс байсан. За тэгээд би чинь тэр намаржингаа хадлан өвс авдаг газруудаад явж харж үзэж зохих хэмжээний мэдлэгтэй боллоо.

Дэжид -

САА-н намын дарга бүхий л ажилд оролцох уу?

Ишгэн -

САА-н 4 удирдлага, ман ялгаагүй САА-н дарга, намын дарга, үйлдвэрчин, эвлэл гэсэн дөрвөн удирдах байгууллагатай том САА байлаа л даа. Тэгээд өвөл болохоор өвөлжилтийн бэлтгэл гээд тэр үед чинь их журамтай, хатуу, өвөлжилтийн бэлтгэлийг аймгаас ирж хүлээж авна, улсаас шалгана. Тэр жил цаг хүндэрсээн. Төл үхэж эхэлсэн. Төл үхээд ирэхээр би чинь урд нь тийм юм үзээгүй хүн чинь төл юунаас болоод үхэв, дахиад үхэх үү гээд л САА-н даргаасаа асууна. Бүүр айлуудаараа явна. Ялангуяа хониороо айл бүрээр явна. Хонины фермүүд Ононгийн урдуур байх. Өдөржин явна. Юунаас болж байна, төл нь яаж байна, чацага алдаж байна уу, эх нь цатгахгүй байна уу, та нар тэжээл өгөхгүй байна уу, хужир долоолгож байна уу, өвс тавихгүй байна уу, юу болоод байна гээд л.

Дэжид -

Намын дарга контортоо суугаад удирдаад суухгүй байх нь ээ?

Ишгэн -

Тэр конторт чинь хурал цуглаанаа хийж, бодлогоо гаргаж өгчихөөд л адилхан шалгаад л явна. САА-н даргын хажуугаар ер нь цугтаа явна гэж байхгүй дээ. Хоёр тусдаа явна. Нэг хоёр хүн зоо техникч юм уу хүн аваад л явна. Харин тэр үед САА-нуудад орос мэргэжилтэн ажилладаг байсан. Тэгээд хөдөөгүүр их л явна даа. САА-н дарга одоо хоёулаа болоогүй хавар их төл үхдэг юм ш дээ. Энэ хоёр гурван зуу чинь юу ч биш, хоёулаа 1000 л хүргэнэ дээ. Ингээд үхдэг юм даа гэнэ. Тэр хавар тэгээд төл жаахан муухан авсан. Би ч учир начирыг нь сайн мэдэж авсан. Миний жолооч нутгийн хүн байсан. Жолоочоосоо туж асууж явна. Хэний гэдэг айл вэ, аав ээж нь бий юу, ямар хүмүүс байна. Настай хүн бол үр хүүхдүүд нь хаагуур байдаг юм гээд л их асууж явна. Тэгсээр яваад тэнд хоёрхон жил ажиллахад ялангуяа хонин фермийн айлуудын эхнэр хүүхэд, үр хүүхдүүдийн талаар их сайн мэддэг болсон байсан. Энэ тэрнээс салаад тэрэнтэй суусан юм гээд л. Шөнө дөлөөр ч хамаагүй яваад л орно. Хүүхдээ алив миний хүү бос, даргад ороо тавьж өг гэнэ. Хүүхэд нь босоод ээж аавынхаа хажуугаар ч юм уу, ах дүүгийнхээ өвөрт ороод унтаад өгнө. Би ч тэр оронд нь ороод л унтана. Тэд нар та ер нь юмнаас сэжиглэж, сэрвэхгүй юм аа, хоол унд ч бидэнтэй адил идээд л явах юм гэнэ. Би ч өөрөө олуулаа өссөн болохоор тэгж сэжиглэж, сэрвэхгүй. Хүүхдүүдийнх нь идэж ууж байсан хоол унднаас нь адилхан суугаад л идэж уугаад л явна. Яах ч үгүй. Тэгэж тэр Ононгийн САА-д хоёр жил ажиллаад хоёр хоёр улирал өнгөрөөсөн хүн чинь нилээн дөртэй болсон л доо. Тэр үед чинь САА-н дарга нарыг Москвагийн ч билүү, Ленинградын намын дээд сургуульд явуулна гээд орос хэлнийх нь шалгалтанд бэлтгэж туслана гээд олон л юм болж байсан. Тэгээд САА-н дарга маань хойшоо сургуульд явсан. Их л гар нийлж ажиллаж байсан даа. Ганцхан САА-н малын хойноос явахгүй ш дээ. Тэнд чинь том 10 жилийн сургууль байна. Цаг агаар хүндрээд ирэхээр тэр сургууль чинь уурын зуухаар хална. Өвгөн гадаа гараад зогсчихно. Уурын зуух хөлдвөл сургууль сүйрнэ ш дээ. Би малчид руугаа явна. Тэгээд л цаг агаар муудахаар хоёр тийшээ гараад явна. Хурал хийж хүмүүсээ удирдлагуудтайгаа нийлж хувиарлаад тэгээд л гараад өгнө дөө.

Дэжид -

Ажлын цаг, амралт гэж хамаагүй л ажиллах уу?

Ишгэн -

Хагас бүтэн сайнгүй л ажиллана. Тэгэж амрах ёстой энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ эмэгтэй хүн үр хүүхэддээ санаа тавина, орой үдшийн цагаар юмаа оёно, угаана. Би өөрөө их гоёх дуртай, үс гэзгээ янзална, будна. Тэгээд амжуулдаг л байсан. Чи САА-д очоод лойчихож гэж хэзээ ч хэлүүлж байгаагүй. Та цэвэрхэн байна, гоё байна л гэдэг байсан. Үеийнхэнтэйгээ уулзахад сайхан л байдаг байсан.

Дэжид -

Таныг одоо ч харахад гайхалтай сайхан байна ш дээ?

Ишгэн -

Баярлалаа. Тэгэж би Ононгийн САА-д хоёр жил ажиллаад яахав би өөрөө больё гэж санал тавиагүй эмнэлэгээс магадлагаа гарсан. Хүнд ажлаас жаахан буух хэрэгтэй байна аа гэсэн. Тэгээд би Ононгийн САА-гаас больсон юм. Дараа нь Намын хороонд ирж хоёр жил ажиллаад дахиад эргээд Эрээнцавын САА-д очиж ажилласан. Эрээнцавын САА-д Намын даргаар очиж ажиллахад Эрээнцавын САА нарийн ноост хоньтой байсан. Тэр нь их нарийн нандин тэр хивсний нарийн утасыг гаргадаг ноостой. Гадаад үйлдэрийн тийм хоньтой САА байсан. Хойгуураа дан орсуудтай хил залгадаг хил дээр байдаг САА. Манай нэг САА-н фермээс л ойрхон ерөөсөө гараад л давхихад хил давна. Тэгээд хилийн цаана гарч тэд нартай хамтарч ажиллана, баяр наадамд нь харилцан оролцож сум орон нутгаа сурталчилна. Хадлан тариа, ногоо тарина. Харилцан солилцоно. Хоёр гурван өдрөөр зочилж туршлага солилцоно. Тэдний орос эмэгтэйчүүдийн ачаар манай бүсгүйчүүд ногоо даршилж сурсан. Айлууд нарийн ногоо тарина, тэрнийгээ сайхан янзалж даршилж жилийнхээ хэрэгцээг хангана. Одоо ч Эрээнцавынханд тэр нь заншил болсон сайхан газар байдаг. Эрээнцавт байхдаа мөн л ялгаагүй Ононд байсан шигээ л айлуудаар, ногооныхоо талбай, ажилчидаар, хадлан тарианыхаа газраар бүгдээрэнгээр нь явдаг байсан. Өнөө жил улсад Атар хөгжсөний 50 жилийн ой тэмдэглэхэд Эрээнцавын САА бас хуучин тариалан эрхэлдэг газар байсан. Би ойн арга хэмжээнд урилгаар оролцож зураг хөргөө авахуулж их сайхан байсан. Аймаг ном гаргаж, САА, гурлын үйлдвэрт ажиллаж байсан үеийнхээ дурсамжийг бичиж оруулсан даа.

Дэжид -

Социализмын 20-р зуун ид бүтээн байгуулалт явагдаж байсан үе. Тэр үеийн Дорнод аймгийн САА, гурлын үйлдвэр таны амьдралтай салшгүй холбоотой.

Ишгэн -

Ялангуяа атарын 50 жилийн ид ажил өрнөж байсан эхний 20, 30 жилд нь би ажиллаж байсан.

Дэжид -

Одоо ч та тэр ажил үйлсээ үргэлжлүүлж, олон нийтийн байгууллагад ажилласаар л байгаа юм уу?

Ишгэн -

Миний төрийн болоод төрийн бус байгууллагуудад олон жил ажилласныг минь аймаг орон нутаг үнэлж үздэг. Тийм учраас боломжоороо сонгууль ажилд оролцож залуучуудад үг хэлэх, тэгээд бас бид нар нийлээд төрийн бус байгууллагад ажилладаг юм. Зохих хэмжээний удирдах ажил хийж явсан, миний үеийн тэтгэвэртээ гарцгаасан арван хэдэн хүн нийлээд “Хөгжлийн төлөөх бүтээлч санаачлага” гэсэн төрийн бус байгууллага 2007 оны сүүлчээр байгуулсан юм. Тэргүүнээр нь шаталсан сургалттай техник технологийн сургуулийн захирлаар ажиллаж байсан Цэгмид гэж хүн ажилладаг юм. Бид аймаг орон нутгийнхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулж болох талаар мөрийн хөтөлбөр, хийх гэж байгаа ажил, төлөвлөгөөнд нь саналаа хэлж оруулна. Бидний санал сэдлээр хийгдсэн нэг том ажил бол “Бүтээлийн ундрага”, “Оюуны ундрага” гэсэн хоёр шагнал бий болгосон. Тэр шагналынхаа заавар журмыг боловсруулаад, бараг Сүхбаатарын одон шиг тэмдэгтэй. Тэр загвар юмаа гаргаад аймгийнхаа ИТХ-д оруулаад батлуулаад, 2 жилд нэг удаа нэг хүнд олгож байхаар болсон. Нэг сая төгрөг дагалдуулдаг юм. Одоогоор хоёр хүнд олгоод байгаа. “Оюуны ундрага” шагналын анхныхыг Дамдинсүрэн гуайн мэндэлсний ойгоор нэг багшид олгосон. “Бүтээлийн ундарга” шагналыг нь “Нийтийн аж ахуйн үйлчилгээ” ХК-ны захирал Гантөмөр гэж хүнд олгосон. Их өндөр шалгуураар олгодог. Бидний хийсэн хамгийн том ажил бол энэ.

Дэжид -

Хувь хүний хувьд та аймгийн хэмжээнд удирдах ажил хийж байсан цөөхөн эмэгтэй хүний төлөөлөл. Шагнал урамшуулал хэр авч байв?

Ишгэн -

Шагнал бол олон байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой нь 6-р ангид байхдаа авч байсан “Уран гартан” гэдэг шагнал. Түрүүн би яриандаа хэлсэндээ МҮЭ-ийн төв зөвлөл, Боловсролын яамтай хамтран зохион байгуулсан уралдаанаас авсан тэр шагнал. Саяхан гурван жилийн өмнө ҮЭ-ээс намайг тодорхойлж алтан гадас одонгоор тэтгэвэртээ гарсан хойноо шагнагдсан. Ийм шагналаар төгссөнд их билэгшээлтэй санагддаг. Дунд нь бол яахавдээ би олон газар ажиллаж байсан болохоор ойн медалиуд, бүх л олон нийтийн байгууллагын хүндэт тэмдэг, тэргүүний, жуух бичгүүд гээд олон шагналууд байгаа. Үйлдвэрчний эвлэлд 16 жил шахуу ажиллахдаа таван их хуралд нь орсон байх жишээтэй. Сайхан том арга хэмжээнүүдэд цөмд нь л оролцож байж дээ.

Дэжид -

Тухайн үед ажил үйлсээрээ шалгарсан, онцолж аймаг төлөөлж байсан учраас нилээн өндөр шалгуураар орж байж их хурлуудад оролцдог байсан байх тийм ээ?

Ишгэн -

Тэгэлгүй яахав. Үзэмжээр явдаг байгаагүй, мөнгө төгрөгний холбогдол энээ тэрээ юм хэзээ ч байгаагүй. Үнэнч шударга хөдөлмөрөөрөө л зай завсаргүй ажиллаж байсан ч орох болжээ л гэвэл орно. Ялангуяа намын их хуралд маш их шалгана. Төвөөс хүн ирж шалгаж байж би анхны намын их хуралд явж байсан юм.

Дэжид -

Удирдах ажилтан хүн заавал намын гишүүн хүн байх уу?

Ишгэн -

Тухайн үед бол Хувьсгалт намд элсэж байсан. Би бол тэр үеийн нийгмийн бүтээгдэхүүн. Олны дотор орж ажилласан, нийгэмд зохих байр сууриа эзэлсэн нь энэ намын л хүчээр явж ирсэн учраас би одоо хүртэл энэ намдаа л явдаг. Гэхдээ би улс төржөөд би хувьсгалт нам дээр байдаг гэсэн байр сууриар ханддаггүй. Ер нь бол зөв чиг барьж яваа тэр баримтлалыг барьж явдаг. Улсын хөгжилд энэ нь зөв ш дээ гэсэн юмаа бол харж л явдаг. Тэрнээс биш өө юу ярьж байгаа юм хувьсгалт намын хүн гарах ёстой гэх юм байхгүй.

Дэжид -

Та ардчилалыг анх гарч ирж байхад яаж хүлээж авч байв?

Ишгэн -

Анх ардчиллыг хүлээж авч байсан үед би яг Эрээнцавын Намын дарга байх үе. 89, 90 онд ардчилал гарч ирсэн ш дээ. За тэгээд намын дарга байхад Ардчилсан холбоо гэж байгуулагдаад төлөөлөгч хоёр хүн Хувьсгалт намын дарга дээр орж ирж байсан. Яг тэр 89 оны өвөл талбай дээр өлсгөлөн зарлаж яг юм эхлэж байх тэр үед би хотод Намын дээд дээр курст суугаад САА-даа ирсэн чинь манайд бас энд тэндгүй эрээн цаас наагаад бүх юм эхэлсэн. Тэгээд тэр үед надад шинэ соргог юм учраас их сонин санагдаж үнэндээ их хүндээр тусч байсан л даа. Ямар гээч юм болоод байгааг тухайн үедээ ойлгоогүй. Тэгээд хоёр хүн орж ирж байсан юм. Одоо ч амьд Дорнод дээд сургуульд багшилж байгаа Шагдаржав гэж багш бий. Бид сайхан үерхдэг юм. Тэгээд нэг багштай хоёулаа орж ирээд Ардчилсан холбоо гэж байгууллаа. Бид тэдний төлөөлөл болж орон нутгийнхаа намын байгууллагад мэдэгдэж явна зөвшөөрөл авч байгаа юм биш зүгээр л мэдэгдэж явна гэж… Тэгээд бид тэр бичгийг нь аваад зэрэгцээд л ажиллаж байсан даа. Сая ардчилсан холбооны 20 жил болоход ном энэ тэр хийх болоод Шагдаржав маань тэр үед өгч байсан бичгийг архиваас олддоггүй ээ, чи мэдэж байна уу, яг юу гэж байсан бэ гэж над дээр ирж байсан л даа. Би сайн санахгүй байсан. Тэгээд тэр бичгээ олсон байх аа. Одоо ч бид санал бодлоо солилцдог л доо.

Дэжид -

Хөдөө орон нутагт хэр дэмжиж хүлээж авч байсан бэ?

Ишгэн -

Эрээнцав гэдэг бол газар газрын илгээлтийн эздийн хүмүүс нэгдэж байгуулагдсан ийм САА байсан. Ялангуяа Завхан аймгийн илгээлтийн эзэд тэр чигээрээ байсан, Увсаас байсан. Дашбалбарын буриадууд их байсан. Ер нь бол манай хойд чигийн буриадууд их хурдан хүлээж авсан. Яг үнэнийг хэлэхэд. Халх талын хүмүүс тийм хурдан хүлээж аваагүй юм. Зөрчилтэй байсан. Зөрчилдөх юм дээрээ зөрчилдөөд, дагалдах юм дээрээ дагалдаад, ер бол зөрчил нь илүү байсан. Бидэнд бол нилээн хүндхэн байсан. Тэгээд ардчиллаас хүмүүс очоод хурал цуглаан хийгээд хүмүүс ерөнхийдөө хоёр хуваагдаж байсан. Гэхдээ бидэнд бол халтай балтай, өлсгөлөн зарлаж марласан тийм юм бол манай тэнд болоогүй. Бид дэмждэг юмаа дэмжээд, зөв юмыг нь хүлээж аваад, хүлээж авамгүй юмыг нь авахгүй өөрийнхөө байр суурийг хэлээд ингэж яваад тэндээсээ халагдаад ирсэн дээ. Өөрөө ажлаа өгье гэж хэлээд ирсэн. Тэгээд ирээд Чойбалсан хотын орлогч даргын сонгуульт ажил хүлээсэн. Тэгээд л ажилласан.

Дэжид -

Өнөөдөр Ишгэн гуайтайгаа 20-р зуунд эмэгтэйчүүд яаж ажиллаж амьдарч байсан юм, сургуулиас гадна ямар боловсрол олж авч байсан юм гээд олон талаар тодорхой ярьж өгсөн явдалд баярлалаа. Цаашдын чинь олон нийтийн ажилд амжилт, амьдралд тань сайн сайхныг хүсье.

Ишгэн -

За баярлалаа, миний ярьсан юм бол амьдралд байсан, санаанд үлдсэн юмаа ярьсан. Хожмын хойно манай улсын нийгмийн янз бүрийн салбарт судалгаа хийх юм уу, 20-р зууны үеийн бодит амьдралд янз бүрийн байдлаар дүгнэлт хийхэд хэрэг болох бол их баярлах байна. Би хотын захиргаанд ирээд бас их хүнд үед ажилласан ш дээ. Толоны бараатай үе таараад ёстой тархиа бариад хоёр жил хүрэхтэй үгүйтэй болсон. Ер нь би барахгүй юм байна гээд больсон. Хот чинь даргатай, 2 орлогчтой. Би нэгдүгээр гарын үсэг зурдаг. Тэр үед чинь орон сууцны хувьчлал эхэлсэн яг тэр үе таарсан юм. Тэрийг хариуцдаг нэг орлогчтой ажиллаж байсан юм.

Дэжид -

Та ер нь салбар бүрийн хүнд үед ажиллаж байж дээ?

Ишгэн -

Тэгсэн.

Дэжид -

Картын бараа гэхээр яахав?

Ишгэн -

Тэр үед лангуун дээр давс, будаа гурил багахан хэмжээний, ер нь давс, гоймон л байлаа. Тэр үед айлуудад 2 кг гурил, 3 кг будаа, архи гээд толоноор өгч байсан юм. Хотын захиргаа толон хэвлүүлж айлуудад хуваарилдаг байлаа. Өмч хувьчлалаар ядуу амьжиргааны түвшин доогуур айлуудад үнэгүй тараана. Тэр бүгдийг нэгдүгээр орлогч хариуцана. Хот гэдэг юмыг тэгэхэд би ухаарч авсан. Хөдөө чинь тэр үед ядуу хүн гэж байдаггүй байлаа ш дээ. Хөдөөний ядуу хүн гэдэг чинь айлын гадаа байна, тэгээд аргалаа түлчихнэ, айлдаа ороод хоол идчихнэ эсвэл айл амьтан илүү дутуу юмаа өгнө. Тэр бол ядуу биш. Хотын ядуу хүн гэдэг чинь нэг дөрвөлжин хашаан дотор байна. Хэн ч мэдэхгүй. Төрнө, хүүхдээ гаргаад боож авах даавуу байхгүй, үхнэ, тэрийг авслаад гаргаад хаях мөнгө байхгүй, унаа байхгүй, үхэр байхгүй. Хамгийн ядуу хүмүүс чинь хот дотор нуугдмал байдаг юм байна лээ ш дээ. Гадаа тараншейгаар явж байгаа хүмүүс бол өөр. Ил харагдана. Ирээд он гэдэг чинь өмч хувьчлал эхлээд яг зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн эхэн үе. Үнэхээр ядуу хүн байдаг юм байна. Эднийг харж үзэхгүй бол болохгүй юм байна гэдэг чинь яг гарч ирсэн үе шүү дээ. Социализмын үед байгаагүй биш байсан. Хамгийн гол нь тэр үед чинь ядуу хүн байна гэвэл нэрээ боддог байсан юм уу яасан юм ил гаргадаггүй байж ш дээ. Хаалттай, далд байсан байхгүй юу. Бүгд ил гарч ирсэн. Ардчиллын гол юм бол ил гаргасандаа байгаа юм. Ил гаргасан хойноо авсан арга хэмжээ нь зөвдсөн буруудсан юм их бий л дээ. Хувьчлалын үед хичнээн сайхан үйлдвэрүүд тас зогссон ш дээ. Болсон болоогүй бүгдийг хувьчлаад хаячихсан. Силикат тоосгоны үйлдвэр, ноос угаах үйлдвэр, Болгорын тусламжтай баригдсан мах комбинат гээд сайхан сайхан том үйлдвэрүүд байлаа. Одоо байхгүй ш дээ. Үйлдвэрчний байгууллага бол яах вэ хэзээд хүний төлөө болохоор хэзээч устахгүй байж л байна.

Дэжид -

Та хотын захиргаанд төрөл бүрийн ажлууд хийж байсан тухайгаа сонин содон юм ярьлаа. Бууны бүртгэл гэж ямар юм байсан юм бэ?

Ишгэн -

Тэр үед хотын нэг их өөр байсан. Одоогийнх шиг хотын засаг даргын тамгийн газар гэхгүй. Чойбалсан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байлаа. Захиргааны алба гэдэг их цөөхөн бүрэлдэхүүнтэй байлаа ш дээ. Захиргааны дарга хоёр орлогч, нарийн бичгийн дарга байна. Доошоогоо хурлын гээд олон дарга нар байхгүй. Хэлтэсүүдтэй. Хэлтэсүүдээ хариуцсан хүмүүс байна. Тийм л байлаа. Ганц л машинтай. Тэрийгээ дайчилж унаад хөлсийг нь төлнө. Одоогийн хэлтэсүүд, тус бүрийн агентлагуудыг 1-р орлогч дарга хариуцана. Өмч хувьчлалын юмнууд, талоны бараа, бууны бүртгэл, хүчний байгууллага дээр хураагдсан юмнуудын үнэ тогтоох зэрэг 1-р орлогч дээр байдаг байсан юм. Бууны бүртгэлийг би өөрөө бүртгэдэг байсан юм. Хэдэн онд ашиглалтанд орсон юм, хэн гэдэг хүн энэ бууг эзэмшиж байна, татвараа төлсөн үү гээд Чойбалсан хотын хэмжээнд хариуцана. Өөрөөр хэлбэл нэгдүгээр орлогч дарга дээр энэ ажил байна. Би өөрөө бүртгээд суудаг байсан. Амьжиргааны түвшингээс доогуур орлого бүхий хүмүүс өмч хувьчлалын үеэр юмаа үнэгүй хувьчилж авч байсан учраас бүртгэлийг нь бүгдийг нь хийгээд долоо хоногт нэг удаа хуралдаж хувьчилж өгдөг байсан юм. Талоны барааг мөн ялгаагүй хэвлүүлээд хэний гэдэг айлд хэдэн шил архи өгөх юм энэ сард, нэгийг өгөх үү, хоёрыг уу гээд л… гурил будаа бүгдийг хувиарлаж талоноор очиж дэлгүүрээс авдаг байлаа. Ийм хүнд үе над дээр таарч байсан юм. Би ер нь бараг үдэлдэг ч үгүй, ажил дээрээ үдэлдэг байлаа. Жаахан халаадаг буцалгадаг савтай. За би нэг үдлээд цайгаа уугаадахъя гэхээр 10-хан минут гээд л хүмүүс хаалга үүд онголзуулна. За би одоохоон гээд л цайгаа уудаг байлаа. Тэгээд орой л тарж харина даа. Ийм л үе надад таарсан юм. Яахав тэгээд хоёр жил ажиллаад үнэнийг хэлэхэд би мэргэжлийн ч хүн биш юм, эмэгтэй хүнд хүнд ч ажил юм тэгээд арай хөнгөн ажилд очмоор санагдаад өөрийн хүсэлтээрээ намайг чөлөөлж өгөхгүй юу гээд Насандэлгэр гэдэг хүнд ажлаа өгч байсан юм.

Дэжид -

Та бол ерөөсөө цаг завгүй л ажиллаж байсан хүн байна даа?

Ишгэн -

Өө тийм, цаг завгүй л ажиллаж байсан. Тэглээ гээд надад муу юм болоогүй л дээ. Одоо бодоход хүнд байж дээ. Заримдаа хотын удирдлагууд хүлээн авч уулзахад цөөхөн орон тоотой хүнд үед ажиллаж байлаа гэж ярьдаг юм. Одооны хүмүүс бараг ойлгохгүй ш дээ. Тэр үед одоогийнх шиг сайхан аажуу тайван байсангүй л дээ.

Дэжид -

Тэр үед бүртгэл юм их нарийн байж дээ. Хүний гэрт байгаа бууг хүртэл бүртгэх үү?

Ишгэн -

Тэгэлгүй яахав бүгд буугаа дэвтэртэйгээ барьж ирээд бүртгүүлдэг байхгүй юу. Бүртгээд л явуулаад байна. Одоо ямар болсон юм мэдэхгүй. Тэр үед цөөн байсан байхаа л гэж боддог юм. Ангийн зөвшөөрөлтэй, ан агнадаг хүмүүс буу эзэмшдэг болохоос биш хамаагүй буу эзэмшдэг хүн гэж байгаагүй байх шүү.

Дэжид -

Эзэмших зөвшөөрлийг хаанаас олгох вэ?

Ишгэн -

Тэрийг сайн мэдэхгүй. Цагдаагийн газар энэ тэрээр орж худалдаж авдаг байсан байх. Эзэмшээд авсан бууг заавал хотын захиргаагаар орж бүртгүүлдэг байсан юм.

Дэжид -

Тэгээд бодоход их л олон асуудал хариуцаж байсан байх нь дээ? тийм ээ? Тэгээд дээр нь та их уран хүн юм. Ингээд ярилцлага хийгээд сууж байхад таны өмссөн дээлний нарийн хийц, оёдол, имжээр зэрэг аргагүй л нарийн чамбай хүний хийсэн эд харагдаад байна. Энэ их ажлын завсраар та бас айлын эзэгтэй хүн хүүхэд, хань ижлийнхээ хувцас хунарыг оёх гээд л энэ бүгдийг амжуулж байсан гэж бодохоор…?

Ишгэн -

Би хүүхдүүдээ хэлдэг юм. Миний энэ хамаг хувцас дандаа шөнө оёсон юм шүү дээ гэж. Дандаа л шөнө оёдог байлаа. Тэгээд энэ үйлдвэрчинд ирээд найман цагаар ажиллана. Тэгэж цаг наргүй ажиллахгүй, хөдөө гадаа их явахгүй, ялангуяа нарийн бичигийн дарга, зохион байгуулагч хийж байхдаа их сайхан байлаа. Дан бичиг цаасны боловсруулалт, хурал цуглааных нь бүх юмыг хийгээд суудаг байхдаа завтай болсон байхгүй юу.

Дэжид -

Хэдэн оноос та үйлдвэрчинд орсон бэ?

Ишгэн -

Хотын орлогч даргаас болиод 1992 онд энэ үйлдвэрчинд ирсэн. Тэгээд ч нас ахиад нүдний хараа муудаад ирсэн. Шөнө орой сууж юм оёохоо болиод завтай ч болсон хагас бүтэн сайндаа, ажлын өдөр таван цагаас хойш юмаа оёчихдог боллоо ш дээ. Нөгөө найзууд бас баяраар дээл хувцас хэрэгтэй болвол ганц нэг юм оёулчихдаг болсон. Одоо өөрийнхөө л юмыг оёно. Хүнд бол юм оёхгүй. Хүүхдүүддээ хэрэг болвол ганц нэг юм оёоод өгчихно. Их л дотны найз биш бол хүнд юм оёж өгөхгүй болсон.

Дэжид -

Бид яриагаа дуусгачихаад цай ууж суутал та их сонин юм ярьлаа. Барга ястаны цагаан сарын золголтын ёс журам, зан үйл өөр байсан байна.Бас ярианы ямар үг хэллэг хэвшил болсон юм, явцын дунд ямар үг хэллэг яаж өөрчлөгдсөн юм тэр талаараа дэлгэрүүлж яриач?

Ишгэн -

Манай Баргууд өөрийн гэсэн хэл аялгатай. Баргуудын хай, хэй аялгатайгаар ярина. Ер нь Буриад, Баргын гарлыг нэг гэж түүхэнд үздэг. Сүүлийн үед судлаачид буриадаас барга үүссэн гэж үздэг юм билээ. Манайхан судалсан материал дээрээ ярихаараа баргуудаас буриад үүссэн гэдэг. Тэгээд бид цагаан сар болохоор найз нөхдийн дунд ярихдаа бид нагац нь шүү манайд ирж золгох ёстой гэж найзан дундаа хэн хэнээсээ өрсөж тэгж ярьдаг байхгүй юу. Тэгээд ямар ч байсан гарал үүсэл нэгтэй гэдэг нь батлагддаг нэг зүйл нь омогийн гарвал дээр байдаг. Жишээ нь би Харгана овгийн хүн. Ухаан нь миний ургийн омог. Манай баргад Хал гэж байдаг. Буриадад Харгана гэнэ. Энэ мэтээр барга буриадын олон омог ижил байдаг юм. Манай баргууд хэн ямар омогийн хүн бэ гэдгээ бүгдээрээ мэднэ. Манай өвгөн гэхэд Жаран гэж ургийн омогтой хүн. Мөн бидний хэл бас их төстэй. Тэгсэн мөртлөө ижил биш. Жишээлбэл буриадууд уган, саган, мөлгөн гээд ус, цас, мөс гэсэн үгийг хэлдэг бол манай баргууд ух, сах, мөх, хайн, хайхан гэж ярина. Гэхдээ буриадуудын хайн, хайхан бүгд ижил. Яг төгсгөл дээрээ болохоор буриадууд арай өөр. Дуу нь гэхэд л аялга нь арай өөр. Баргын дуу бас ахай өөр. Одоо буриад барга нь мэдэгдэхгүй халхад хүртэл дуулагдаж байгаа “Хөөрхөн халиун” гээд дуу байна. Халхад их дуулагддаг энэ дуу уг нь манай барга дуул даа. Сүүл рүүгээ үг нь их халхжаад явчихсан. Баргажин наадам гэж 2007 онд Хөлөнбөөрт хийхэд тэр үеэр нэг онол практикийн хурал хийгдсэн юм. Тэрэнд олон илтгэлүүд тавигдсан дотор манай нөхөр нэг жижиг илтгэл тавьсан юм. “Баргын зарим дууны тухай” гэж. Тэрэн дээр хэд хэдэн “Оршуун гол”, “Хөөрхөн халиун” зэрэг дууг яаж анх зохиогдсон, хэдий үед дуулагдаж байсан. Энд хэлэгдэж байгаа зарим үгнүүд одоо юу гэсэн үг болох энэ барга дуу учраас барга хэлээр хэлж байгаа юм шүү гэдгийг тайлбарласан юм. Энэ нь Баргажин наадмын үеэр хэвлэгдсэн номонд орсон байгаа. Тийм хэлний онцлог бол байдаг. Бид гэртээ баргаар ярина. Одоо хэлэгдэхээ больсон үгнүүдийн түүвэр хийх зэргээр бид нар барга үндэс ясаа хамгаалах талаар санаа тавьж, хойч үедээ үйлдээх бодлоготой явдаг улс. За тэгээд цагаан сар болоход хүндлэх мэндлэх, золгох ёс ёсолгоо арай өөр. Жишээлбэл гэрт гаднаас золгох гэж орж ирж байгаа эрэгтэй хүн насаар бага бол босго давангуутаа суун тусч, /манайхан хөл авна, өвдөг авна гэж хэлдэг/ хормойгоо барьж амрыг эрж “амар уу” гэж мэндэлнэ. Тэгээд мэндэлчихээд тэр айлд байгаа хамгийн настай аав байна уу, ээж байна уу, ах байна уу тэр улсууддаа хадагтай гараараа хормойгоо хоёр талаас нь дэлгэж бариад хормойгоо дэвсэж мэндлэнэ. Хадагаа гар дээр нь тавьж орхихгүй. Тэр хадгаа өөрөө барьж үлдэнэ. Алд алд хадаг ч барихгүй. Дандаа үе дамжиж золгосон нилээд хуучирсан багахан хадаг барьж золгоно. Одоогийнх шиг урт урт хадаг барьж явахгүй. Мөнгө барьж золгодог ёс манай баргынханд хэзээ ч байгаагүй. Хормойгоо дэлгэж мэндлээд гарыг нь өргөж золгон хацараа өгч үнсүүлдэг. Ийм л заншилтай. Малгайтай бол малгайтайгаа, алчууртай бол алчууртай. Заавал толгой дээрээ юм тавина. Толгой нүцгэн золгодоггүй. Харин Буриадууд малгайгаа авч сугандаа хавчуулж байгаад толгой нүцгэн золгодог. Үндэстэн ястан гэдэг чинь өөр өөрийн заавал нэг онцлог байдаг. Одоогийн том хэллэгээр нөгөө Даяаршил гэж юм явагдаад бие биендээ уусаад, орчин цагийн юманд ороод, одоо энэ хэл ус гэдэг их өөр болж байна. Бид нараас хойш ер нь нэг л монгол хэлтэй үлдэх нь шиг байна. Монгол ч биш, юу ч биш хэлтэй болох нь… Барга ястан үндэстэн гэдэг бид нараар дуусдаг юм гэхэд ийм байсан гэх юмаа авч үлдэх их сонирхолтой байдаг улсууд даа. Биднээс настай хүн ч одоо их цөөхөн болжээ.

Дэжид -

Хуучин хэлэгдэж байсан, одоо хэлэгдэхээ больсон тийм үгнүүдийг түүвэрлэж байна уу?

Ишгэн -

Тийм? одоо ерөөсөө хэлэгдэхээ байсан үгийг л түүж байна л даа. Одоо бас санаанд орж ирэхгүй байна.

Дэжид -

Барга ястанын зан заншил, өв уламжлалыг сэргээх, тэр ёс заншилыг хойч үедээ үлдээхээр судалгааны ихээхэн ажилд та бас гэр бүлийнхээ хамт зүтгэж байгаа юм байна ш дээ?

Ишгэн -

Одоо яахав. Чадах ядахаараа л ямар ч байсан үлдэх юмтай болгоё гэж л зүтгэж байна. Би түрүүн хэлсэн сур харваанууд байна. Буриад сур, байт сур, монгол харваанууд байна. Тэрний хажуугаар манай Баргын “Түнх” гэж харваа байна. Сум нь бол ижил. Харавдаг юм нь түнх гэж олон дугуй юмнууд байдаг. Суга суга харваад унагаад явдаг. Тусгай зайнд өлгөөд харвадаг түнх гэж юм байдаг. Тэрийгээ дэлгэрүүлэх гэж “Спорт” гэж сонин гардаг байхад заавар юмыг нь манай өвгөн бичсэн юм билээ. Манай хадам аав амьд сэрүүн байхдаа бичиж үлдээсэн юм. Манай өвгөнд тэр барга харвааны журам нь байдаг. Өөрийнхөө Хөлөнбөөр суманд ч янз бүрийн наадам болоход журам дүрмийг нь хэлж өгөөд харвуулж эхэлж л байна. Аймгийн сурын харвааны холбоонд албан ёсоор оруулсан. Дарга нар дэмжиж зөвшөөрсөн. Өөдтэй дэлгэрээгүй л байна. Сая сум сурталчилах өдөрлөгөөр харвасан. Болох нь болоод л байна. Ядахнаа хүүхдүүд сум тавьж үзэж, ийм юм байдаг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тэр түнх гэдэг юмыг нь хийж болох байхаа. Гар аргаар л хийнэ.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.