Tsend
![](../assets/images/interviewees/990529.jpg)
Basic information
Interviewee ID: 990529
Name: Tsend
Parent's name: Tseveg
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1934
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dariganga sum, Sühbaatar aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
herding / livestock
work
education / cultural production
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу? Та сайхан зуншиж байна уу?
Цэнд -
Сайн.
Дэжид -
Английн Кембриджийн их сургуулийн Ази судлалын салбарын антропологийн танхимаас Монголын 20-р зууны аман түүхийн төсөл гэсэн ярилцлага явуулж байна. Аливаа орны түүх бол хувь хүний түүхтэй салшгүй холбоотой байдаг. Ингээд таныг 20-р зууны аман түүхийн төсөлд ярилцлага өгөч гэж урьсны дагуу бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөх болсонд баярлаж байна. Ярилцлага эхлэхээс өмнө таниас тодруулах ганц хоёр асуулт байна. Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Цэнд -
Байхгүй ээ. Мэдэх юмаа хэлж өгнө өө.
Дэжид -
Энэ ярилцлагыг тодорхой хугацааны дараа арав, хорин жилийн дараа түүх судлаачид судалгаандаа хэрэглэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ишлэл болгон хэрэглэх эрхийг та Кембриджийн их сургуульд өгч байна уу?
Цэнд -
Өгч байна.
Дэжид -
За баярлалаа. Та аль нутаг усны хүн бэ? Бага насаа яаж өнгөрөөсөн бэ? Эцэг эх чинь ямар хүн байв? Ах дүү нутаг усныхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Цэнд -
Сүхбаатар аймгийн урд талын дөрөв, таван сум нь Дарьганга хошуу гэж нэрлэгддэг, харин Манжийн дарлалын үед Армонгол, Өвөрмонгол гэж нэрээр нэрлэгдсэн Сүхбаатар аймгийн Дарьганга хошууны хэдэн сум Дорнод аймгийн харъяанд 1921-н оноос хойш байж байгаад 1942 оноос эхлээд Сүхбаатар аймаг байгууллагдаж харъяалагдах болсон юм. Сүхбаатар аймаг 13, 14-н сум, Хэнтий аймаг, Дорнод аймаг нь биеэ даагаад тус тусдаа байгууллагдсанаар Зүүн бүсийн 3-н аймаг бий болсон түүхтэй. Манай дээдсийн удам бол урд хошууны сүргийн малчид голдуу байсан юм билээ. Баруун зүүн сүрэг, хоньчин сүрэг, үхэр сүрэг, адуун сүрэг гээд сүргээрээ амьдаран хөгжиж 20-р зуунд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр, зохион байгуулалт нь өөрчлөгдсөн. Би 1934 онд төрсөн хүн. Ээж аав бол яс үндэс Дарьганга гаралтай хүн. Нутаг уснаасаа мал аж ахуйгаар л амьдарсаар байгаад үр ач нь өнөөдрийг хүртэл малчин хүмүүс үе залгамжлаад амьдарч байна. 1958 оноос Нэгдэлжих хөдөлгөөн Монгол улс даяар явагдсан. Энэ хөдөлгөөнд бүх нийтээрээ хамрагдаж, нэгдэлжих хөдөлгөөнд орж нэг хэсэг явлаа. Ингэж явснаар ард түмний аж амьдрал доройтоогүй. Зуд болсон ч бэрхшээлийг хамтын хүчээр туулдаг. Нэг хэсэг нь удирдаад явдаг байсан.
Дэжид -
Та бага насаа эцэг эхийнхээ гар дээр өнгөрөөсөн үү?
Цэнд -
Би аав ээжийнхээ гар дээр хөдөө мал дээр өссөн. 1954 оноос Дорнод аймагт ирж цэргийн алба хаасан. Тэр үед 3-н жил хаадаг байсан. Энэ аймаг тэр үед их жижиг байсан. Олон давхар байшин, барилга байгаагүй.
Дэжид -
Цэрэгт явахынхаа өмнө сумын бага сургуульд явах уу?
Цэнд -
Сургууль соёлоор явж чадаагүй ээ. Мал маллаад л.
Дэжид -
Эцэг эхээс хэдүүлээ вэ?
Цэнд -
Эцэг эхээс 10-уулаа. Дандаа л мал маллаж байсан. Манайхнаас сургууль соёл төгсөөд томорчихсон хүн байхгүй. Эмч болсон хүн бий. Ер нь мал аж ахуй эрхлэн, ажилчин ангиар л өнөөдрийг хүртэл явж байна.
Дэжид -
Та айлын хэд дахь хүүхэд вэ?
Цэнд -
Би айлын 7 дахь хүүхэд. Миний дээд талд 4 эгч, 2 эмэгтэй дүү, 1 ах бий. Нийтдээ 10-уулаа байсан. Бидний үед сургууль соёлоор яваагүй болохоор цэргийн 3-н жил одоогоор их сургуууль төгсөөд очиж байгаагийн дайтай байсан. Биеэ их дайчилдаг байсан. Одооны залуучуудыг харж байхад Их сургууль төгсчихөөд худалдагч ч олдохгүй байх юм. Бид чинь цэргийн албыг 3 жил хаагаад түүгээрээ 30,40-н жилийн ажил хийгээд нийгэмдээ бүтээн байгуулсаар байгаад 1990 оноос тэтгэвэртээ гараад 20-оод шахуу жил гавъяаныхаа шагналыг аваад явж байна. Энэ бол тэр үеийн улсын үйл ажиллагаа ийм хэмжээнд байсныг харуулж байна.
Дэжид -
Та тэр үеийнхээ нутаг усны онцлогоос, ямар зан заншилтай байсан бэ? Эцэг эх чинь таньд юуг зааж сургадаг байсан? Ахуйн зан үйлийн талаар ярьж өгөөч?
Цэнд -
Мал аж ахуйгаар амьдардаг байсан. Манай Дарьганга хошуу бол 10-н хэдэн багтай байсан.
Дэжид -
Нэг багт хичнээн айл байсан бэ?
Цэнд -
Нэг багт 100,200 гаруй айл хамрагддаг байсан. Нүүдэлчин гэдэг онцлогоороо их тархай бутархай. Өвөл зун нутаг бэлчээрээ тааруулаад явчихдаг. Өөрөө л өөрийгөө даадаг зохион байгуулалттай байсан. 1958 оноос нэгдэлжих хөдөлгөөн бий болсноос хойш нэгдлийн зохион байгуулалтанд орсон.
Дэжид -
Та нэгдэлд ажиллаж байсан уу?
Цэнд -
Би 1958 онд эхнэртэйгээ хамт өөрийн мал хөрөнгөө нийгэмчлээд, нэгдлээс хонь авч маллаж үзсэн. Тэгээд эх орны илгээлтээр Дорнод аймгийн харъяа Партизан Содномдаржаагийн нэрэмжит Эрээний тэрэгний үйлдвэр гэж анх 1945 оны дайны үед байгуулагдсан үйлдвэр байсан. Тэр үйлдвэр зүүн гурван аймгийг модон эдлэлээр хангах ажилтай үйлдвэр болон өргөжсөн. Урд талын сумаас нэмэгдэл хүч аваад, илгээлтээр явуулахад нь би явъя гэж гэр бүлтэйгээ очиж, 30 гаруй жил Эрээний тэрэгний үйлдвэрт очиж, өөрийнхөө амьдарлын гарааг эхэлсэн. Өөрийнхөө хөгшинтэй нийлээд 53 жил амьдарч байна.Энэ хооронд ажилчин ангид ороод таван хүүхэд төрүүлсэн. Таван хүүхэд маань хүний дайтай явна. Зарим нь цэргийн газар, зарим нь уурхайд ажиллаж байна. Ажил хийвэл ам тосдоно гэдгээр бүгдээрээ л айл өрх болчихсон халуун ам бүлээрээ амьдарч байна. Партизан Содномдаржаа гэдэг хүн бол их явуулгатай партизан хүн байсан. Тэр хүний түүх дурсгалыг бид хүндэтгээд Чойбалсан аймагт өөрийнх нь нэрэмжит гудамжыг, түүх дурсгалыг босгохоор хөөцөлдөж байгаа. Аймаг, орон дэмжээд бензин колонкоос энэ хүртэл зам түүний нэрэмжит болж байгаа. Энэ хүнийхээ үйл ажиллагааг мөнхрүүлье.1921 оны үед ч Партизан хийгээд, гадаад дотоодын Барон, Цагаантнуудыг устгахад их үүрэгтэй байсан. Ард түмнээсээ Партизан гэдэг цол авсан. Нийгэмдээ хийсэн ажилтай. 1945 оны дайнд хар тэрэг гэдэг юмыг хийж, яг амьдралд нэвтрүүлээд энэ нь Дорноговь, Бээжингээр аялал жуулчлалд үүрэг гүйцэтгэж байсан тийм түүхтэй Партизан хүн юм. Тэр үеийн хүмүүс их ажилсаг. Субботник тасалчихгүй, нийтийн зохион байгуулалттай ажлаас хожигдчихгүй, өглөөний сонин уншлага, мэргэжлийн дугуйланд хүн бүр идэвхтэй оролцдог, биеэ дайчилдаг байсан. Одооны хүмүүс тэр үеийн хүмүүс өдөр шөнө шиг ялгаатай байна. Энэ залуучууд нэг л их унтахыг бодох, залхуу болчихсон их алдаатай юмнууд их байна.
Дэжид -
Тэр үед яаж ажилладаг байв? Ажил амьдарлаа яаж хослуудаг байв? Үр хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байв? Цэцэрлэг сургууль юу байсан бэ? Энэ талаар ярихгүй юу?
Цэнд -
1945 онд Содномдаржаагийн нэрэмжит үйлдвэр байгуулагдаад, өнөөдрийг хүртэл цэцэрлэг нь хэвийн ажиллаж байна.Үйлдвэр нь 1953 онд улсын үйлдвэр болсон. Улсын үйлдвэр болоод 1990 оноос өмнөх өөрчлөн байгуулалтаар татан буугдсан. Үйлдвэр татан буугдаад ажиллаж байсан ахмад настангууд нь чөлөөндөө гараад, одоо Баян-Уул сумын нэг баг болчихоод байна. Ажилчдын хүүхдүүд явдаг үйлдвэрийн цэцэрлэг байсан. Тэр үед бид чинь сүүний ганц үнээтэй. Үнээгээ маллаад, үйлдвэрийнхээ ажлыг хийгээд, хувийнхаа ажилл зав чөлөө бараг гаргадаггүй байсан.
Дэжид -
Та хэдэн төгрөгний цалин авч байсан бэ? Гэр бүлийн чинь хүн хэдэн төгрөгний цалин авч байсан?
Цэнд -
Тэр үеийн цалин бага байсан. Зуун тавин төгрөгний цалин үйлчилгээний хүмүүс авдаг байсан. Зуун тавин мянга биш зуун тавин төгрөгний цалин авч байсан. Түүгэрээ л хүргэж байсан. Сайн норм хийдэг байсан хүмүүс 200,300-г авдаг байсан. Тэр үед гурил будааны үнэ хямдхан байсан. Тэр 200,300 гаран төгрөгөндөө тааруулаад зутраагүй л амьдарсан.Одоо бол 500,600 мянган төгрөгний цалин авчихаад амьдрал дээр хүрэхгүй тал байна.Тэр үеийн улсын ухамсар гэдэг бол их өөр.
Дэжид -
Яаж ахмад настнаа хүндэлдэг байсан бэ? Ямар зан заншил байв?
Цэнд -
Хөдөө байлаа. Их тархай бутархай байсан учраас Цагаан сараараа хамгийн өндөр настангуудаа их хүндэлнэ. Айлыг алгасна гэж байхгүй, дугаарлана гэж байхгүй.
Дэжид -
Цагаан сар хийхийг зөвшөөрдөг байсан уу?
Цэнд -
Нэг хэсэг Цагаан сар, шашин ном хориотой байсан. 1930-н хэдэн оноос нам хорьсон. Цагаан сарыг хөнгөн маягаар тэмдэглэж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан. 1940-н хэдэн онд Чойбалсан гуай бөөрний ракаар өвчилж, яг Цагаан сарын битүүнд нас барахад, морин өртөөгөөр хэл хүргэн битүүлгэ , цагаалга явуулахыг хойшлуулж, хориж байсан. Шашин ном, лам нарыг ил тод явахыг хориглодог байсан. Барьчихна, хорьчихно гэдэг. Нэг хэсэг нь хилс хэргээр баригдаж яваад ирж байсан хүмүүс ч бий. Манайханд одоо бас цагаатгалаа авч чадахгүй яваа улс бий.
Дэжид -
Тэр үед хилс хэрэгт ороод цагаатгалаа авч чадаагүй хүмүүс байсан байна. Тэгэхээр таны төрөл садангаас хэлмэгдэж байсан хүн байна уу?
Цэнд -
Байна.
Дэжид -
Яаж хэлмэгдэж байсан талаар яриач?
Цэнд -
Ээжийн маань төрсөн ах. Зүгээр л сүм дээр сууж ном уншиж байсан хүн. 1933,1934 он юмуу даа. Ихбулагииийн сүм, Овоон сүм гээд их олон сүм нээлттэй байсан байна. Тэгээд сүм дээр сууж байснаасаа л болж. Тэр сүмийн дээд удирдлагууд гадаадын хүмүүсийн гар хөл болж явсан гэсэн хэргээр хилс хэрэгт баригдаад, арай гайгүй нь10-н жил эдэлж байсан. Арай хүндийг нь өчиг авахгүйгээр дор нь цаазалж байсан. Манай хөгшины ээжийнх нь ах болох нэг өвгөн тэр хэрэгт холбогдчихоод Мутарын сүм дээр байж байсан байна. Маарамба цолтой сүм дээр сууж байгаад баригдаад, өчиг өгч, ам бүл хэдүүлээ вэ? гэхэд нь би ганцаараа гэж хэлээд хэлмэгдчихсэн. Цагаатгалаа авч чадаагүй. Бид хөөцөлдөөд байгаа. Хөөцөлдөөд хөөцөлдөөд тийм хүн байна гэдэг нь батлагдсан. Тэгээд одоо тэрнийхээ талаар бичиг олж авчихсан. Одоо тэрнийг маань тодорхойлолж өгдөг хүн нь байхгүй байна. 1938 онд тэр хүн баригдаад төрийн дээд авсан байна. 47 настай хүн байсан. Улсын архивийн газраас удаан хугацаагаар хөөцөлдсөний эцэст тийм хүн байсан байна гэдгийг олж авсан.
Дэжид -
Сүм дээр сууж байсан хүн чинь таны ямар хамаатан билээ?
Цэнд -
Ээжийн маань төрсөн ах. Тэр бол 10-н жилээ эдлээд, мал аж ахуйг нь хариулаад хий гэсэн юмыг нь хийгээд суллагдаж ирээд орон нутагтаа байж байгаад өөрөө тааваараа мөнх бусыг үзсэн. Хадам ээжийн төрсөн ах нь хэлмэгдчихээд одоо бичгийг нь хөөцөлдөж байна. Түүндээ тодорхойлолт хийлгэхгүй л яваад байгаа.
Дэжид -
Тэр үед хэлмэгдүүлэлтийн талаар хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлдэг байсан уу?
Цэнд -
Мэдээлдэггүй байсан. Одоо 1990-н хэдэн оноос Цагаатгал гэж гараад ах дүү нар нь хөөцөлдөөд олж авсан нь бий. Олж аваагүй нь олон байдаг юм билээ.
Дэжид -
Та тэр үед нээлттэй шүүх хурал гэж сонсож байсан уу? Тийм шүүх хуралд сууж байсан уу?
Цэнд -
Үзээгүй.1950-аад онд суманд хэсгийн шүүх гэж байсан. Тэр шүүх бол орон нутагтаа болж байгаа зөрчилтэй юмнуудыг шийдвэрлэж өгдөг. Тэр үед улсууд их дэгтэй журамтай, хулгай худал гэж байхгүй, ахмад настнаа хүндэтгэнэ, айл аймгийнхан бие биенийгээ дэмжинэ.Ядуу зүдүү хүнд амьдралтай хүн их байсан. Тэгээд бие биенийгээ дэмжээд явчихдаг нөхөрсөг л улсууд байсан. Газар газрын онцлог байсан. Манай зарим хошууны ёс горим тэрүүхэндээ онцлогтой.
Дэжид -
Та тэрнээсээ тодорхой ярьж өгөөч.
Цэнд -
Айлууд их олон хүүхэдтэй.Үе уламжилчихсан.Яг тэр үед хурим найр гэж өргөн хүрээтэй хийхгүй. Тэгээд шөнө оргуулж авна гэдэг маягаар авдаг өгдөг байсан.
Дэжид -
Тэр оргуулдаг чинь өөрийнхөө хайртай хүнийг оргуулж байгаа гэсэн үг үү? Яаж оргуулах уу?
Цэнд -
Орой үдэш болгоод хоёулаа ойлголцож байгаад л тэдийд очно гэж хэлээд, нөгөө нь хувцасаа авч байгаад, ээж ааваасаа нуугаад гараад ирдэг. Бүслүүрт нь хадаг уячаад явчихдаг тал ч бий. Тэгээд 3 хоногийн дотор хүүгийн талын аав нь цаадуулдаа очиж, манай хүү танай охиныг аваад иржээ гээд бэрээ гуйдаг. Тэгээд зөвшөөрвөл эргэж тойрдог байсан. Хурим найрыг баячууд хийдэг байсан. Хийхдээ их журамтай, горимтой. Эхлээд хадагаа барьж зөвшөөрөл авдаг. Жишээлбэл мэнд усаа мэдэлцээд, цаад айлтайгаа ярилцаад:
“Эрж байгаа эрдэнэ энд байна
Буга намнаач нь манайд байна
Булга зүүгээч нь танайд байна
Буурлаас үг дуул
Буцалсанаас амсаж
Бурханд чинь зул хүжийг өргөж
Хоёр хүүхдийнхээ хойшдын үйл амьдарлыг ярьж хөөрье” гэж хүүгийн талын эцэг гуйдаг. Тэгэхээр охины талынхан зөвшөөрвөл дор нь зулаа өргөөд, цай идээгээ бариад, ёс хуримаа 2 талаасаа тэмдэглэж байсан байна. Тэрэн дээрээ ёс горим ихтэй. Бие биентэйгээ үг яриа, цэцэн мэргэнээрээ тэмцэлддэг. Нар булаалцана гэж урдуур хойгуур нь тойрч хүү давхина. Морины сайныг хүү унах жишлэнтэй. Охины талынхан нарыг нь хааж байна гэж хүүг хаана. Тэрүүхэндээ өвөрмөц. Буриад тал болоод ирэхлээрээ бие биетэйгээ тэмцээн явуулаад, үхрийн баасаар шавар чулуудах гээд газар газрын заншил өөр байсан. Одоо бол энэ их өргөн хүрээтэй болчихож.
Дэжид -
Хүүхэд ахуй байхад эцэг эх тань юу гэж сургадаг байсан? Ялангуяа байгаль орчиноо хамгаалах, тэр үед цаг уур ямар байсан бэ?
Цэнд -
Ер нь
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа гэж дээр үеэсээ захьдаг байсан. Тэр үед чинь чи сайн хүн бол гэж шууд хэлэхгүй ч болж байгаа процесс дээрээ үр ачаа хүмүүжүүлж байсан. Жишээлбэл ахмад хүний урдуур ирэхгүй, ахмад настай хүн ирээд буусан ч морийг нь аваад уячихдаг, орж ирэхэд нь үүд хаалгаа онгойлгоод өгч байх жишлэнтэй. Настай хүн ирэхэд хүний урдуур хойгуур орж дэггүйтэхгүй, гудас ширдгээ байгаа хэмжээндээ дэлгээд тавиад өгдөг, эрэгтэй хүн орж ирвэл айлын хаана нь яаж суух уу, эмэгтэй хүн орж ирвэл аль өвдгөө нугалаад яаж суух уу гэдэг чинь бүгд журам, дэгтэй байсан байна. Малын мах идсэн ч хаанаас нь барьж идэх үү, ямар махыг нь эрэгтэй хүн барьж идэх үү? Хэний дэргэд ямар махыг идэхгүй байх уу? гэдэг дэгтэй журамтай байсан. Их усаар нүүр гараа угаавал нүгэл гэдэг ч юмуу. Нүгэл гэдэг зүйлийг хүмүүс их ойлгож байсан байна. Багаасаа янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан байна.
Нуглуур идвэл нутагтаа үлдэнэ.
Амтай хэлтэй гээд бахираад байвал нөхөртөө хаягдана гэдэг ч юмуу амьдрал дээр болж байсан зүйлээсээ сургамж хүүхдүүддээ их өгдөг. Хүүхдүүд нь ч тэр хэмжээгээр хүмүүждэг байсан. Тэр үеийн хүүхдүүд шагайгаар шагай няслаж, харвадаг байсан. Тэр үед Баясгалан гэж хятадын гаралтай тоглоом байсан. Өглөө эрт босно. Орой эрт унтана. Тэр үеийн хүмүүсийн хүмүүжил ажлын төлөө амьдарч байсан. Өөр хоорондоо 2 хот айл буучихаад, саах гэдэг юмаар хонь, хургаа нийлүүлээд тэднийхний хургыг манайхан хоньдоо нийлүүлээд, манайхны хургыг тэднийхэн хоньдоо нийлүүлээд, өдөр нь хонио саачихаад, орой нь тэднийхэн манай хургыг ялгаад өгчихнө.Манайхан ч тэдний хургыг ялгаад өгчихнө. Малаа тэнхрүүлэх, хүн хүчээ хэмнэж, хөдөлмөрөө нэгтгэж байгаа хэлбэр юмдаа. Муу юм бол их байхгүй. Тиймэрхүү л сайхан амьдралтай байсан байна. Одоо бол их л хэцүү нийгэм болчихоод байна.
Дэжид -
Тэр үеийн 3-н жилийн цэргийн амьдрал ямар байв? Яаж хүмүүжүүлж байв? Ямар боловсролтой хүмүүс цэрэгт эрдэм ном заадаг байсан бэ?
Цэнд -
1954 он байсан. Тэр үед энэ аймагт 5-р девиз гэж байсан. Суман гэхээрээ нэг өөр. Девиз гэхээрээ арай томроод ирнэ. Девиз байхад би энд алба хаах гэж ирж байсан. Нэг сумаас л гэхэд сургуульд яваагүй, мал аж ахуй дээр байсан 100 гаруй цэргийн хүн ирдэг байсан. Сүхбаатар аймгийн 10-н хэдэн сумдаас 700,800-н гаруй хүн татагдаж, тэдгээрээс 100 гаран хүн шилэгдэж ирдэг байсан.
Дэжид -
Хүмүүс цэрэгт явах сонирхол байсан уу? Албан хүчээр явдаг байсан уу?
Цэнд -
Албан хүчээр шахуу. Авъя гэснээ л авдаг байсан. Авна л гэсэн бол би мултаръя гэж хэлж чаддаггүй байсан. Тэр үеийн хүмүүс чинь ном сонин гэсэн мэдлэг байхгүй. Ирсэн хойноо хөдөөний бүдүүлэг хүмүүс байсан. Надтай хамт 150-аад цэрэг ирсэн. Ирээд л карентилаад бүгдийнх нь үсийг хусаад, цэрэг хувцас өмсгөөд л.
Дэжид -
Карентиль нь гэдэг нь яах уу?
Цэнд -
Карентиль нь гэдэг нь цэргийнхээ зохион байгуулалт луу авч байгаа юм уудаа. Монгол дээлтэй ачигдаад ирж байгаа 100 гаран цэргүүдээс өөрсдийг өөрсдөөр нь хүмүүжүүлэх 20-оод цэргийг шилж авна. Тэр 20-д нь би багтаад сар хиртээ нилээн сайн дэглүүлж, сургууль хийсэн. Хүн хүмүүжүүлж удирдана гэдэг чинь ингэж удирддаг юм, ингэж хүнд юм заадаг, ингэж ойлгуулдаг юм, буу буудна гэж ингэж бууддаг юм, биеийн тамир гэж ингэж хийдэг гэж биет амьдрал дээр бидэнд зааж хүмүүжүүлсэн. Нөгөө цэргүүддээ бас тусгай зохион байгуулалттай болгоод, ерөнхийд нь цэргийн хүн ийм ийм дэг зохион байгулалтан дээр ажиллана гэдгийг нь хэлж өгч байсан. Одоогоор бол ирсэн хүмүүсээсээ 20-ыг сонгоод мэргэжлийн курс ажиллуулж байсан юмуу даа. Тэр хүмүүс маань салаа, суман, тасгаараа цэргүүдээ хувааж аваад тэднийгээ удирдана.
Дэжид -
Дороо хэдэн хүн удирдаж ахлах уу?
Цэнд -
Хөдөөнөөс ирсэн бид нар модон морин дээгүүр харайж чадахгүй. Биеийн тамир мэдэхгүй дутагдлууд их байсан. Тэгээд хүн чинь биеэ их дайчилдаг юм байна лээ. Амьдарлынхаа бүх гарааг цэргийн амьдарлаас олж авсан. Хүнд юм заана гэдэг чинь өөрийнхөө биеийг их дайчлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож, өөрийнхөө биеийг дайчилснаараа хүнд заах юмтай, хүнд хэлэх үгтэй, хүнийг биеэрээ үлгэрлэх, тэгж байж л хүнийг удирдана.
Жишээлбэл: Турникан дээр суниаж чадахгүй хүн байлаа гэхэд өөрөө очиж заагаад, модон морин дээр очоод ингэж харай гэж биеэрээ зааж өгөхгүй бол цэргийн хүний үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй байна л гэсэн үг.
Дэжид -
Цэрэг аймаг орон нутагт байдаг. Хот луу явдаг байсан уу?
Цэнд -
Эндээс хот луу зарим нь явна. Гэхдээ аймаг олон цэрэгтэй байсандаа. Одоо ч олон цэрэгтэй байна. 32-р анги, барилгын цэргийн анги гэж байсан. Тэр үед 3-н жил байсан. Бидний үед бие биенээ дээрэлхэх, наана цаана гэх юм байхгүй. Жигддээ сайхан байсан. Биднээс хойш л бие биенийгээ захирах, дээрэлхэх юм гарч байсан.
Дэжид -
Та цэрэгт явахаасаа өмнө гэрлэсэнүү? Ирээд гэрлэсэн үү?
Цэнд -
Явхынхаа өмнө гэрлэсэн. Хөгшинтэйгээ айл болоод 50-н хэдэн жил болж байна.
Дэжид -
Цэрэгт явж ирээд шууд модны үйлдвэрт орсон уу?
Цэнд -
Тийм. Саналаараа явсан. Явах ч хүн олдохгүй байсан. Цэрэгт яваад оччихсон хүн чинь хүнтэй танилцаад, газар орон жаахан мэддэг.Тэгээд би явъя гээд л.
Дэжид -
Цэрэгт явж ирээд ажилд ороход жирийн байж байгаад ажилд орхоос давуу талтай байсан уу?
Цэнд -
Тийм. Мэдлэгтэй хүн ирсэн гээд багын даргаас эхлүүлээд элдэв бусын үүрэгт ажлуудыг хийлгэх гэдэг. Тэр үедээ бас мэргэжлийн хүн л болж байсан байгаа юм л даа.
Дэжид -
Та цэрэгт байхдаа модоор юм хийж сурсан уу? Үйлдвэртээ ирээд сурсан уу?
Цэнд -
Үйлдвэртээ ирээд л сурсан. Үйлдвэрт мэргэжлийн хичээлүүд явагдана. Сонин уншлага, секц, дугуйлангууд явагдана. Бид чинь нэрээ л муухан бичдэг болж байсан үе шүү дээ. Биеэ дайчилхаар нэрээ бичдэг болчихно, хүн удирддаг болчихно, цалин биччихдэг болчихно. 4-н аргын тоотой, нэрээ биччихдэг хүн бол өөрийгөө аваад явчих чадвартай хүн болчихно гэсэн үг.
Дэжид -
Та үйлдвэрт ямар ямар ажил хийж байв?
Цэнд -
Би үйлдвэрт эд шалгагч хийж байлаа. Мастер хийж байлаа. Урлаг соёлын ажилд их явж байлаа. Клуб удирдаж байсан.
Дэжид -
Ажлын хажуугаар урлаг уран сайханд явж байсан байна. Хамт олныг яаж идэвхжүүлж байсан бэ?
Цэнд -
Ахмадын даргаар 10 гаруй жил ажиллалаа. Одооч тийм ажилтайгаа явж байна. Тэгээд бас юм юманд та тэг гэхэд нь тайлбар хэлж үзээгүй болохоор юм юманд нь явдаг.
Дэжид -
Та жирийн ажилчин байсан. Тэр үед дарга, эрх мэдэлтэй хүмүүс ажилчдын хоорондын харьцаа ямар байсан бэ?
Цэнд -
Сайхан байсан. Дарга нь дарга шүү, ажилчин нь ажилчин шүү. 5-н жилийн төлөвлөгөө биелүүлэх гавшгай, алдар биелүүлэх гээл бид өмнөө тавьсан зорилтыг нэгд тавьж байсан. Хувийнхаа ажлыг сүүлд нь тавьж нийгмийнхээ төлөө явж байсан.
Дэжид -
Төлөвлөгөө биелүүлвэл нэмэгдэл цалин хөлс авах уу?
Цэнд -
Би бол бэлтгэл тасаг гэдгийг удирдаж байсан хүн. 70-аад ажилчинтай. Тэр үед албан хаагчид эмч, багш нарт 500-н төгрөгний тогтмол цалин өгч байсан. Төлөвлөгөө нормоо биелүүлээд сайн ажиллавал 50-н төгрөг өгдөг байсан. 50 төгрөг өгөх гэж их хэлэлцэнэ. Секц дугуйлан тасалсан, ажлаа тасалсан гээд л нэг жаахан юм байвал нөгөө 50 төгрөг нь хасагдчих гээд л байна.
Дэжид -
Өөрөөр хэлбэл таны удирдаж байсан 20-н хүний ажлын үзүүлэлт таньд нөлөөлнө.
Цэнд -
Тийм. Нэг хүн архи уусан ч, нэг хүн гэр бүлээсээ салах болсон ч, гэр бүлийн талаар тогтворгүй байсан ч бүх л зүйл удирдаж байгаа хүнтэй нь холбоотой.
“Муу олон түмэн гэж байдаггүй
Муу удирдагч гэж байдаг” гэдгээр л. Тэр үеийн хүмүүсийн ухамсар ч гайгүй байсан юмуу даргадаа загнуулчихгүй, удирдаж байгаа хүндээ гай болчихгүй гэж их ойлгодог байсан. Биеэ их дайчилдаг. Нэгнийхээ алдааг ганц хүн хэлэхгүй тал талаас нь10-н хүн хэлнэ. Олон хүн хэлэхээр бүгдэнтэй нь муудаж болдоггүй юм байна лээ. Одооны эрин үетэй харьцуулахад энэ эрин үед дутагдалтай зүйл их байх юм.
Дэжид -
Тэр үед хамт олныг яаж идэвхжүүлж байсан бэ?
Цэнд -
Нийгмийнхээ төлөө гэсэн ойлголтон дээр 1-р 5-н жил гээд 5,5-н жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төлөвлөгөөт эдийн засаг гэдэг чинь ямарч байгууллага өөрт оногдсон төлөвлөгөөтэй байсан. Тэр төлөвлөгөөгөө тэр байгууллага, хамт олон нийгмийнхээ өмнө хүлээх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байсан. Хүмүүс их шүтлэгтэй байсан. Байгаль орчноо хүндэтгэж байсан. Ой луу ороод ганц мод огтлохдоо ч араг толгойдоо үүрээд, юм өргөөд гуйж авах жишлэнтэй. Араг толгойдоо үүрдэг нь сүүлд тэр хүнийг лус байгальтай буруу харьцаж байна гэж үзэх юм бол арзайсан байсан хүнийг танихгүй болдог. Одоо байгальтайгаа хэрцгий харьцах юм. Би байгальтайгаа 20-оод жил ажилласан учраас дандаа гуйж, юм өргөж байж ажилчиддаа эндээс энийг огтол гээд удирдаж өгдөг байсан.
Дэжид -
Та ямар ажил хийж байсан бэ?
Цэнд -
Бэлтгэлийн мастерийг нь хийж байсан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл үндсэн түүхий эдийг нь бэлтгэж байсан юм байна.
Цэнд -
Тийм. Үндсэн түүхий эдийг нь ажилчдаараа бэлдүүлэх, бэлтгэгдээд гарсан модыг нь үйлдвэрт ачаад нарийн банз мод болгоод, банз модоороо байшин, торх , тосны пошик хүртэл хийж байсан.
Дэжид -
Бэлтгэлийн үед модны юуг голчлон анхаарч байсан бэ?
Цэнд -
Байгальтай буруу харьцаж болохгүй гэж зааж байсан. Ой хамгаалагч нар үүргээ сайн биелүүлдэг байсан. Шинэ залуу модыг огтлохгүй. Модыг хэдэн см-ээс дээгүүр огтлохгүй яг тогтоосон хэмжээтэй. Байгальдаа унагасан модоо цэвэрлэнэ. Дараа нь шатааж устгана. Одоо бол алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг л болоод байгаа юм.
Дэжид -
Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?
Цэнд -
Тэр үед төлөвлөгөөт эдийн засагтай байсан ч нам тэрэн дээр жаахан алдаж байсан юм бий. Намын гишүүн хүн бүхнээс онцгой, гишүүн бус бол тааруу хүн. Хоёр хүн ярилцаж байгаад хооронд нь асуудал гарахад намын гишүүн хүний хэлсэн үг хүчинтэй, нөгөөгийнх нь үг буруу байх жишээтэй.
Дэжид -
Намын гишүүн давуу эрхтэй байсан байна.
Цэнд -
Тийм алдаа байсан. Гэхдээ Монгол ардын хувьсгалт нам 80-н хэдэн жил нийгмийг толгойлж байна. Бас рам бол байна л даа.Зарим нь их муулах юм. Орос орныг бол би муулж чаддаггүй. Биднийг хамгаалсан ч үе бий, дэмжсэн ч үе бий. Бид ч 1945 онд чадах ядахаараа тусалсан. 1939 онд Орос байхгүй бол бид арчуулчих байсан гэж боддог.
Дэжид -
Эх орны тусгаар тогтнолыг хамгаалахад Дорнод аймгийн хүн болгон хөдөлж байсан байх. Тэр дайны үед та хаана юу хийж байсан?
Цэнд -
1939 онд хөдөө малтай байсан. 1939 оны ойг сүртэй тэмдэглэж, надад орон нутгаас одон медаль өгсөн. Таны зүтгэл бүтээл нийгэмдээ тэр хэмжээгээрээ орсон байлгүй гээд.
Дэжид -
Та ажилчин хүн гэлтгүй нийгмийн идэвхтэй. Цэргийн 3-н жилээр олж авсан мэргэжлээрээ нийгэмдээ их зүйл хийж байж. Тэр үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа ямар байсан бэ? Эрэгтэй хүн ажилд түлхүү ордог байсан уу? Эмэгтэй хүн ордог байсан уу?
Цэнд -
Эмэгтэй хүн арай дутмаг байсан. Аймагт хүнсний үйлдвэрүүд, хүнсний дэлгүүрүүд хөгжөөд ирэхэд эмэгтэйчүүд ажилтай болж эхэлсэн. Эрэгтэйчүүд нь юм хийж, эмэгтэйчүүд нь дутмаг байсан. Одоо энэ улсын их хурлыг харж байхад эмэгтэйчүүд нь цөөхөн, эрэгтэйчүүд нь илүү байна.
Дэжид -
Та социализмын үед хийж байсан ажилдаа дур сонирхолтой байсан уу?
Цэнд -
Сонирхолтой байсан. Шөнө ажлаа зүүдэлнэ. Хамт олон их хүндэтгэдэг байсан. Хамт олондоо хүндлүүлнэ гэдэг чинь би тэдэнтэй үнэн сэтгэлээсээ ажиллаж байсан л гэсэн үг гэж өөрийгөө боддог.Үргэлж тэдэнтэйгээ ажиллаж байснаа бодож явдаг.
Дэжид -
Хүмүүсийг яаж ажилд нь ахиж дэвшүүлдэг байсан бэ?
Цэнд -
Шалгуур их байсан. Тэр шалгуурт тэнцэхийн тулд л цаг ямагт өөрийгөө бэлддэг. Хүнд хүмүүжил, харьцаа юунаас илүү гэж би бодож, өөрийнхөө хүүхдүүд ч захьдаг. Харьцаа муутай хүн бол ямар ч хүн байгаад нэмэргүй. Зөв харьцаж л анхныхаа суурийг олж авахгүй бол нийгэмд үүрэг гүйцэтгэнэ гэдэг хол хөндий л болно.
Дэжид -
Та сургууль соёлоор яваагүй зөвхөн цэрэгт явж байсан гэсэн. Ер нь та өөр ямар боловсрол эзэмшиж байсан?
Цэнд -
Эзэмшиж чадаагүй. Цэрэгт карантина дээр 20-н хэдэн хоног мэргэжлийн улсаар юм заалгаад түүн дээрээсээ өөрийгөө хөгжүүлсэн.
Дэжид -
Үйлдвэрт ажиллаж байхад ямар шинэ техник нэвтэрч байсан бэ?
Цэнд -
Тэр үеийн хүмүүс их ухамсартай. Субботник их хийдэг байсан. Партизан Содномдаржаа гуай зүүн 3-н аймгийг модон эдлэлээр хангаж байсан. Хөдөлмөрийн баатар Батаа гэдэг хүн төрсөн. Бас Агар гэдэг хүн төрсөн. Дандаа өөрийнхөө онол арга, практикаар модон голтой тэрэг хийлээ гэгчээр оньсон техник ашиглан шинэ санаачлага хийдэг байсан. Дээр үеийн хүмүүс их махруу байж. Шинэ санаачлага, тэргүүн төсөл хийгээд тэрийг нь байр эзлүүлээд, тэр нь үр дүнтэй. Гар ажиллагаа хөнгөвчилсөн. Тийм юмаар л хөгжиж байсан.
Дэжид -
Тэр үед таныг ажил хийхэд юу нь хэцүү байв? Юуг жигшиж байв?
Цэнд -
Залуу байсан болоод тэрүү ямар нэг юманд тайлбар тавьж үзээгүй. Юм хий л гэсэн бол ямар нэг аргаар хийдэг байлаа. Цэргийн газар бид хувцсаа алдчихвал ол л гэдэг тушаал өгдөг. Хулгай хийгээд ир гэж хэлдэггүй. Тэгээд олдог л байсан. Тэрний ижлээр үйлдвэрийн газар ийм төлөвлөгөө өгч байна, үүнийг биелүүл гэнэ. Тэгэхээр шөнө хийгээд биелүүлнэ үү, илүү цагаар ажиллаж хийнэ үү яаж биелүүлэх нь миний үүрэг. Төр надад итгэж байсан итгэл байсан байна. Тэр итгэлийг биелүүлж чадсанаараа миний ажил өөдрөг явж байсан гэж боддог.
Дэжид -
Үйлдвэрт хичнээн хүн ажиллаж байсан бэ?
Цэнд -
300 гаруй хүн ажиллаж байсан. Дотроо хэдэн цехтэй. Би хөдөө талын цехээ аваад модоо бэлддэг, тээдэг, ачиж тэдэндээ өгдөг. Өгсөн юмаар нь тэд орой нь ирэнгүүт зүсээд хатаадаг. Шинэ санаачлага гэж тэр үед нийгэмд их зүйл хийж байсан. Одоо тэгж шинийг санаачилж, илүү ажилладаг хүн их ховор болж.
Дэжид -
Тэр үед цаг зав харгалзахгүй ажилладаг байж?
Цэнд -
Цаг зав харгалзахгүй юм л хийе гэж боддог. Хийсэн юмных нь үр дүн гараад ирвэл урам ордог.
Дэжид -
Нэгдэлд ажиллаж байсан гэлүү?
Цэнд -
1958 оноос эх орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн юм. Баг гэдэг чинь их нүсэр л дээ. 200,300 гаруй өрх айлтай. Тэрийг дуудаад ирээ гэхэд тайлбар хийдэг хүн байхгүй. Чонын аванд мордоно гэхэд эмэгтэй ч байсан явна. Бүр явж чадахгүй бол унаагүй хүнд унаа морио өгөх жишлэнтэй. Тийм л журамтай байсан.
Дэжид -
Удирдлагынхаа үгийг сайн сонсдог байж ээ, тийм үү?
Цэнд -
Нэг нь удирдах ёстой. Нөгөө нь удирдуулах ёстой гэдгээ сайн ойлгож байсан. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь өглөө, өдөр хуралдаад л оруулах хүмүүсээ та тэдэнд ирээрэй гэнэ. Тэгээд орно гэж хэлээгүйг нь шөнөжин суулгана. Тэгээд хүн чинь нэг өдөр, шөнө суугаад л элсэхээс өөр аргагүй л дээ.
Дэжид -
Анх ямар нэртэй нэгдэл байгуулагдаж байв?
Цэнд -
Анх Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөдөлмөр нэгдэл гэж байгуулж байсан. Тэгээд өөрсдөө 50-н толгой малтай үлдэнэ. Малын тоог тогтоочихсон. Үхэр 10, хонь 10-ч гэдэг ч юмуу 50-н толгой малаа өөрөө авч үлдэнэ. Өөрт 100-н мал байсан ч 1000-н мал байсан ч нийгэмчилнэ.
Дэжид -
Та хичнээн толгой мал өгч байв?
Цэнд -
Би 200 гаран толгой мал өгч байсан. 250 гаран мал байсан юм байлгүйдээ. Тэгээд 50-ыг нь авч үлдсэн. Тал тал руугаа тэмээндээ, хониндоо, үхрэндээ явна гэж байхгүй хонь л авсандаа. Нэг чиглэлийн ажил болж байгаа юмуу даа. Хонио аваад нэг жил гаран маллаж байхад Зүүн гурван аймгийг модон эдлэлээр хангах Партизан Содномдаржаагын Эрээний модны үйлдвэр байгуулагдаад ажилчин авна гэхэд нь явсан. Буриадууд гэдэг чинь бүдүүн хадуун улс, гал түймэр их гардаг, болохгүй бол хутгалчихдаг л гэсэн. Би өөрөө урд нутгийн хүн л дээ. Тэгэхэд явах хүн олдохгүй байхаар нь би явъя гэсэн. Тэнд очсон минь зөвдсөн. Авгайтайгаа хоёулахнаа тэнд очсон. Хамт олон сайхан дэмжсэн. Дарга даамлуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээн авсан. Би ч урамтай, зоригтой 30 гаран жил ажиллаад 1990 онд чөлөөнд гарсан.
Дэжид -
Тэр үед та үйлдвэрт томилолтоор очиж байж. Залуу ажиллагсдад гэр орон өгч байсан уу?
Цэнд -
Орон байраар хангаж байсан. Манай үйлдвэр баруун аймгаас олон хүн элсүүлж байсан. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас их авч байсан. Илгээлт нэртэй авсан. Хөвсгөлийн Цагаан-Уул сумаас олон хүмүүс ирсэн. Казак, Дөрвөдүүд ч ирсэн. Зарим нь 2,3-н жилийн хугацаатай ирдэг байсан. Зарим нь хугацаагаа дуусахаар буцна. Зарим нь ч худ ураг болоод тэндээ суурьшаад явахын ч аргагүй болдог байсан. Тэр үйлдвэрийнхээ 60-н жилийн ойг сайн дураараа цуглаад тэмдэглэсэн. Одоо 65 жилийн ой нь энэ 6-н сарын 25-нд болно. Бас сайн дураараа тэмдэглэнэ гээд явж байгаа.
Дэжид -
Үйлдвэр чинь хэдийд хувьчлагдсан бэ?
Цэнд -
1953 онд улсын үйлдвэр болсон.
Дэжид -
Өмч хувьчлалаар хувь хүмүүст үйлдвэр чинь шилжсэнүү? Одоог хүртэл ажиллаж байгаа юу?
Цэнд -
Тэр үеийн настангуудын хийж бүтээж байсан зүйлийг одоо 2 компани авчихаад үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг нь Шинэтогтох захиралтай Өвөр-Эрээн гэж компани бий. Нөгөө нь модны цех гэж бий.
Дэжид -
Ахмадууд өмч хувьчлалын үед үйлдвэрээсээ юм аваагүй юм аа даа?
Цэнд -
Авч чадаагүй ээ. Авах нь битгий хэл тэр их хувьцаагаа авчихаад, одоог хүртэл харж үзэх газарчгүй байна.
Дэжид -
Та дандаа орон нутагтаа байсан уу? Хот хүрээ орж байв уу?
Цэнд -
Хувийн журмаар л очиж байсан.
Дэжид -
Анх хотод очиж байхад таньд ямар санагдаж байв?
Цэнд -
Хот үнэхээр сайхан байсан. 1963 онд Сонгинохайрханд 6-н сард Клубын ажилчдын мэргэжлийн курст 6-н сар суулаа.
Дэжид -
Анх очиж байгаа нь тэр үү?
Цэнд -
Тийм. Тэнд Сонгины амралт гэж сайхан амралт байлаа. Тавиад хүнтэй, өвөл зуны байртай. Хотынхон хагас, бүтэнсайнд нээлттэй очиж уулзалт хийнэ.
Дэжид -
Та уран сайханд явдаг байсан юмуу? Ямар урлагийн номер үзүүлж байв?
Цэнд -
Дуулчихна, хөгжимдчихнө. Баяаан, аман хуур тоглоно. Өөрөө том бүтээл гаргахгүй ч хүмүүсийг удирдана.
Дэжид -
За дараа нэг сайхан дуу дуулж өгөөрэй.
Цэнд -
Би 6-н сарын хугацаанд тэнд хөгжмийн зохиолч Гончигсумлаа, Мөрдорж, Лувсаншарав, дээдчүүл гэвэл Лхагвацэрэн гээд гээд ах дүү шиг хүмүүстэй цуг байлаа. Ойн яамны амралтанд очиж хэд хэдэн удаа уулзалт хийлээ. Жигжид, Жамбал, Далийжанцан, Гомбожав сайдын үед туршлага их солилцдог байлаа. Тэр үеийн хүмүүс их туршлага солилцдог, мэргэжлээрээ уралдаан зохиодог байлаа. Тэр уралдаанд би ажилчидтайгаа очиж, багаараа байр эзэлж байсан.
Дэжид -
Тэр зүйл ажилчидыг идэвхжүүлэх, мэргэжлээ дээшлүүлэхэд хөшүүрэг болж байсан уу?
Цэнд -
Шарын голын модны үйлдвэр, Хялгантын модны үйлдвэр, Ерөөгийн модны үйлдвэр, Бүрэнхааны, Эрээний модны үйлдвэр гээд олон үйлдвэр байсан. Эдгээр үйлдвэрүүд 3-н жил юмуу 5-н жил болоод нэг удаа туршлага солилцдог байсан. Би тэр сайд нарын үед байгууллагаа төлөөлж их явж байсан.
Дэжид -
Таныг ажиллаж байх үед Орос мэргэжилтэн, зөвлөх их байсан. Танай үйлдвэрт орос мэргэжилтэн, зөвлөх ажиллаж байсан уу?
Цэнд -
Манайд байгаагүй. Сүмбэрийн цэргийн ангид байсан. Сүндэр дарга гэж байсан. Сүндэр чинь Орос мэргэжилтнүүдтэйгээ манайхаар ч ирж хоол цай идээд явж байсан.
Дэжид -
Та Социализмын үед их сайн ажиллаж байжээ. Тэр үед жирийн ажилчин хүн гадагшаа явж байв уу?
Цэнд -
Гадагшаа явахгүй. Дотооддоо л уулзалт гэж том юм болдог байсан. Тэргүүн туршлага, шинэ санаачлага гэдэг чинь хот оронд их явагддаг байлаа. Ойн яамныхан чиглэл чиглэлийнхээ мэргэжлээр тракторын мэргэжил, хөрөөний мэргэжил, уулын мод унагаадаг мэргэжил гээд олон мэргэжлийн дагуу жинхэнэ үйлдвэрийнхээ цех талбай дээр бүрэлдэхүүнээрээ очно.
Дэжид -
Модыг унагаахад тусгай төхөөрөмж байх уу?
Цэнд -
Дөрвөлжин хөрөө байсан. Оросоос хөрөөг нь авдаг. Тэр хөрөөгөөрөө л модыг дүрэмтэй, журамтай унагаана. Гадас шааж байгаад хүртэл гадсан дээрээ тааруулж унагаахаас авхуулаад хүний ур чадвар гэж байна. Тэгээд байр эзлүүлдэг байсан.
Дэжид -
Таныг ид ажиллаж байх үед чинь соёлын довтолгоо гэж явагддаг байлаа. Тэр жирийн ажилчин айлд яаж хэрэгжиж байв? Үйлдвэрт яаж хэрэгжиж байв?
Цэнд -
Соёлын довтолгоо гэдэг чинь бичиг үсэггүй, бурангуй нийгмийг хөл дээр нь босгоход 1940-н хэдэн оноос явагдаж эхэлсэн. Сургууль соёлоор явдаг хүүхдүүд нь бичиг үсэгтэй байсан. Хөдөөний малчид, сургуулиас завсардсан хүмүүс бичиг үсгээр хоцрогдож байсан. Үүнтэй уялдуулан соёлын довтолгоо, улаан гэрийн үйл ажиллагаа сум, баг, бригадуудаар 1940-н хэдэн оноос явагдаж эхэлсэн. Би тэр үед улаан гэрийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Улаан гэр гэдэг нь ухуулга сурталчилгааны байр байсан. Тэр гэр бол одоогоор соёлын төв юм. Бичиг үсэг мэддэггүй хүмүүсийг багаар нь, хэсэг хэсгээр нь бүлгэм байгуулан суралцуулж байсан. Явуулын багш хичээл заадаг байлаа. Бидэн дотроосоо морь унаад хэсэг хэсэг газар нь өнөөдөр тэр хотонд цуглана, маргааш тэр хотонд цуглана, тийм хичээл заана гэж хэл хүргэнэ. Цагаан толгойн 35-н үсгийг зааж байлаа. Янз бүрийн самбар ажиллуулдаг байлаа. Тэр үед цаас, бал харандаа их ховор байлаа. Тэр үед харандаа 30-н төгрөгний үнэтэй байлаа. Тэр үеийн 30-н төгрөг бол одоогийн зуун мянган төгрөг. Тийм үнэтэй ховор байж. Тэгээд самбар, хүснэгтээ ажиллуулаад тэрэн дээрээ онгоц, машин, морь зураад гахай юмуу үхэр тэрэг зурна. Хүснэгтэндээ овог нэрийг нь биччихдэг байлаа. Тэрнээсээ болоод хүмүүс биеэ их дайчилдаг байлаа. Аль болохоор онгоц, машинд суугаасай гэж бодно доо. 10 хоног сурах байсан бол 5 хоног сурдаг. Шөнө унтаад өгөх байсан бол жаахан дэнгийн тос олоод нөгөхөө нүдлээд багшаасаа дүн авахын төлөө явж байсан. Тэр үед чинь өөрийнхөө нэрийг биччихдэг, цагаан толгойнхоо 35-н үсгийг мэддэг, дээрээс нь 4-н аргын тоог мэддэг л бол номтой эрдэмтэй хүн байсан. Улаан гэр бол сум багаас зохиож байгаа ажлыг таниулах, нам нийгмийн явуулж байгаа сонгуулыг хөгжөөн дэмждэг, ухуулдаг гэр байлаа. Тэндээ тэр баг орон нутгийн айл өрхүүдийн эрэгтэй эмэгтэй хүүхэд залуучууд сайн дурын уран сайханч гэж идэвхээрэ цуглаж тэндээ ший тоглож, элдэв концерт тоглож, шог гараа хэлбэрээр жүжиг тоглож байсан. Эх орон 52 гэж тэр үед дөнгөж гарч ирж байсан. Тэр бол хамгийн дээд талын үзэл суртлын ажил байсан. Тэрийг боломжтой нэг нь авдаг,түүнийгээ чагнадаг.Тэрэн дээрээсээ гарч байгаа шийдвэрийг бие биендээ дуулган сонин болгодог байсан.Ийм маягаар бие биендээ мэдсэн,дуулснаа дуулгах гэж явж байсан.Дээр үеийн улс бол бие биендээ их нөхөрсөг.Нэг айл өрх нь нүүсэн ч хотоороо бие биенээ орхидоггүй.Өвс бэлчээр,уул усаа хуваарьтай зохион байгуулалттай идэж ууж хэрэглэдэг.
Хаяа багтвал бууна
Ханшаар багтвал иднэ гэдэг ойлголттой.Бололцоотой нэг нь бололцоогүй нэгнээ дэмжиж авч явдаг уламжлалтай байсан.Хамтын хүчээр хонио хяргаж,эсгийгээ хийдэг.Ноосоо хамжаад саваад,зарим нэг нь өөрсдийнхөө бүрээсээ дэвсээд адуу малынхаа ширээр хучиж байгаад сайхан эсгий хийгээд гэрээ хучдаг байлаа. Эсгий хийхдээ жижигхэн найр наадам хийдэг.Эсгийгээ хийж байхдаа магтаал ерөөл хэлнэ.Жишээ нь:
“Төлгүй хонины ноосоор
Төө зузаан хийсэн
Хурган хонины ноосыг
Хуруу зузаан зулсан
Цавын хонь харгүй
Цагаан эсгий гамгүй
Цаана наанаа цоорхойгүй
Хурдан мориороо татахын байна
Хурынхаа усаар услахын байна.
Эрэгтэй эмэгтэйгүй хамжихын байна
Элбэж хамжаад бүтээсэн юм байна” гэж ерөөл магтаалаа хэлдэг.За энэ ерөөл бат орших болтугай гээд бүгдээрээ уухайлан дэмждэг.Эсгий хийлгэж байгаа хүмүүс нь цай гүнцэг гаргаж,хонь гаргадаг.Эсгий татсан хүнд өвчүү,цоройг нь чанаж өгдөг.Энэ нь хүндэтгэлийн шинжтэй.Одоогоор бол шагнал өгч байгаатай адил.Бусдыг нь эсгий хийхэд оролцсон хүн болгонд тараан өгдөг уламжлалтай байсан.Мөн айл ах дүү нь түрүүлээд нүүхэд идээ,унд бэлдээд сайн яваарай гэж ерөөдөг.Цаадуул нь ч сайхнаар хүлээн авдаг.Нэг айл шинэ нутагт буугаад,гэрээ барьж байхад нь хажуугаар нь явж байсан морьтой хүн ч гэсэн зүгээр өнгөрч чадахгүй хана уньнаас нь барьж өгдөг байсан. Усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр хүн албадаагүй байхад өөр өөрийн гэсэн тогтсон зан заншилтай байсан.Нэг онцлог бол 1940-өөд оны үед нэг айлын хүн нас баржээ гэхэд түүнд бүгдээрээ явдаггүй,зөвхөн айлын хүмүүс л оролцдог.Соёл,хөгжил нэвтрээгүй байсан учраас ил голдуу тавьдаг.Шарил тавьдаг нэр өгчихсөн баталгаатай газартай.Өвөл ч байсан,зун байсан тэндээ цагаан даавуугаар бүтээгээд тавьчихдаг байсан.Тэр нь сүүлдээ хөгжсөөр байгаад хайрцаганд хийж газар оршуулдаг болсон.Тэмээн хөсөгнийхээ тэргээ эргүүлээд 3 хоног тавьчихдаг.Энэ нь цээр л юм даа.Хот луу хүн ирсэн ч 3 хоног орохгүй ийм л ёстой байсан.Эмэгтэй хүн гэртээ төрдөг байсан.Төрөхөд араг,хонины хуучин хөх бууц 2-л хэрэг болдог байсан.Гэрийнхээ баруун урд юмуу зүүн урд хатавчаа суллаад хайрцаг хийгээд,хайрцагандаа хогоо хийгээд хогон дээрээ төрөх хүнээ дээлийг нь нөмрүүлээд аргыг нь хажууд нь тавиад суулгачихдаг.Эх барьдаг хүн настай хүн байсан.Төрсний дараа тэр эхийг 3 хоног бараг унтуулахгүй.Тэр хүний гараас хүмүүс юм авахгүй.Тийм бүдүүлэг үе байсан юмуу даа.3 хоногийн дараа цээрийг нь тайлж хүүхдэд нь нэр өгч,бүгдээрээ ярьж хөөрч,тэр хүнийхээ гараас юм авч,тэр хүн унтах эрхтэй болж байсан.Цагаан сар их ёстой,горимтой.
“Хүн хирээрээ
Тэмээ тэнгээрээ” гэгчээр айл болгон цагаан сарын үйл ажиллагаанд бэлтгэнэ.Битүүнийхээ орой өвлийн идсэн малынхаа үнхэлцэг гээд бүх юмаа бэлдэж тавина.Битүүнийхээ орой битүүлнэ гээд хэдэн ч айл байсан бие биенийхээ идээ,тавагнаас амсана.Хүүхдүүддээ битүүний хувь өгдөг байсан.Маргааш өглөө нь нарнаар ойролцоох толгой,довцог дээр гараад тэнгэр бурхандаа мөргөнө.Тэр хотын айлууд цуглаад идээ цайныхаа дээжийг өргөөд,ёс заншилаа гүйцэтгээд цайлна.5-н айл байлаа гэхэд 5-уулаа ээлжээр хонио хариулдаг байсан.Цагаан сарын шинийн нэгний өглөө идээ тавагтай хоньныхоо хашаа луу бүгдээрээ ордог байсан.Тэгээд өөр өөрийн хуцаа барьж аваад 2-ч бай 1-ч бай хүүхдээр унуулна.Идээгээ тэнгэр бурхандаа өргөөд хуцныхаа эврийг мялаагаад 2 хүүхдээ хоёр тийш нь унуулах жишээтэй.Энэ нь тэр хаврын төл ихэрлэж олон болох гэсэн утгатай.Тэр 5-н айлын идээг тэр өдрийн хонины ээлжтэй айл авдаг.Бичигдээгүй хууль гэгчээр тийм ёс горимтой байсан.Эхнэр нөхөр 2 золгодоггүй,жирэмсэн хүн золгодоггүй ёс байсан.Тэгээд бусад нь золгодог.Өөр өөрийнхөө таньдаг айлаар орно.Айлыг дугаарладаггүй байсан.5-н айл байлаа гэхэд 4-т нь хөнгөн маягаар ордог.Цаад айл нь мөсөн чихэр,ёотон эсвэл хавсай боорцогыг өөрийнхөө байгаа хэмжээнд хүний гар дээр тавьдаг байсан.Тэрийг нь их гэж бодохгүй,бага гэж чамлахгүй өвөртлөөд гардаг байсан.Тусгай цайлах айлдаа бол хүндлүүлээд гардаг.Тэр үед өнгөтэй өөдтэйгээ өмсөж,хэрэглэдэг байсан.Айлд ороод насны эрэмбээр суудаг байсан.Эрэгтэй эмэгтэйгээрээ тохирч суудаг байсан.Архангай,Өвөрхангайд чинь тогоо их нэрдэг байсан.Тэр үед цагаан архи гэж байгаагүй.Тэр архиа айл болгон гаргах ёстой.Гаргасан юмаараа зочид гийчдээ хүндтэтгэнэ.Гаргалаа гээд бүгдийг нь уухгүй.20-иод хүн нэг айлд орлоо гэхэд дээрээсээ авхуулаад амсаад ч гардаг тал байсан.Бүгдээрээ ч цайлаад гардаг байсан.Ороход архигүй байвал үнээ нь гусарсан,анхиагүй ,авгай хүүхдийг чинь тойглоно гээд их үйлийг нь бардаг байсан.Тэр бол тэр айлд их хатуу шийтгэл болж байсан байгаа юм. Үеийнхээ айлын хүнд чи яасан анхиагүй юмбэ? Яагаад үнээ чинь гусарсан юм бэ?Архигүй айлын ууцыг нь хөндөнө гэж айлгана.Ууцаа хөндүүлчихсэн айлын хүн их ичиж зовдог байсан.Тэр үедээ л бичигдээгүй ёс горим байсан байна.Тийм болохоор архи бэлдэж,түүнийгээ хадгалдаг байсан.Цагаан сарын шинийн гурванд ойр хавийнхаа сум багаар урилгатай том уралдаан болдог байсан.Тэр уралдаанд эр хүн бүр морио унаж уралддаг байсан.Тэрэнд морь уяж очоогүй хүмүүсээ их тамладаг байсан.Гутлыг нь тайлж хөл нүцгэн болгочихоод дээлийнх нь хормойг ард нь боочихоод,халимагтай хүн байсан бол үсийг нь боочихоод уралдуулж байна гээд хөлөөр нь ороолгоод гуяддаг байсан.Тэрнээсээ болоод Дарьганга хошууны хэдэн сум чинь морь их уядаг болсон.Морь уяагүй бол үеийнхээ хүмүүст шоглуулна гээд л.Хүүхдүүд нь хүүхдүүд дотроо,залуучууд нь далуучууд дотроо тийм ёс горимтой байсан.Би хойд талын Буриад сумдаар очиж байсан.Буриудууд чинь хоёр морь уралдсан ч нэг нь түрүүлсэн,нөгөө нь аман хүзүүдсэн гэнэ.Энэ нь наадмыг хөгжөөж өргөн дэлгэр болгодог юм байна.Ард түмний дотроос гарсан санаачлага туршлага.
Дэжид -
Цагаан сарыг социализмын үед өргөн тэмдэглүүлэхгүй байсан уу?
Цэнд -
Нэг хэсэг ерөөсөө тэмдэглэхгүй байсан.
Дэжид -
Хэдэн оны үед вэ?
Цэнд -
1960-н хэдэн оноос.Шинэ жилээ л тэмдэглээд,цаган сараа хэдэн жил тэмдэглэхгүй байсан.Чойбалсанг нас бархад цагаалгаа хийхээ больж байсан үе бий.Лам,бөө нар хориотой байлаа.Өвөрмонголчуудын зарим нь1945 онд Дэлхийн дайн дуусахад наашаа орж ирсэн.Зарим нь Эрдэнэцагааны нутгаар,Сүхбаатар аймгийн Дарьгангын хошуу Нарангийн хил хязгаараар зарим нь орж ирлээ.Ах дүү орны хүмүүс Армонголоо гээд зориод ирж байгаа гээд замд нь андаад авч байлаа. Тэд тэмээн хөсөг,үхэр хөсгөөр л орж ирж байлаа.Болсон будаа гэдгийг чинь анх Өвөрмонголчуудаас л авч амсаж үзэж байлаа.Тэр үед Өвөрмонголын хил байсан.Манай нутагт чоно их аюултай байсан.Чоно наанаас нь хөөхөөр хил дээр оччихдог байсан.1940-н хэдэн онд 2 талаасаа өдөр гарган малын дайсан чонотой тэмцэж байсан.
Дэжид -
Дарьгангыг сайн эрийн өлгий нутаг гэж ард түмэн ярьдаг.Дарьганга нутгийн талаар мөн 20-р зууны эхэн үед байсан сайн эр гэж ямар хүн байсан бэ?тэр талаар та мэддэг зүйлээ ярьж өгнө үү?
Цэнд -
Сайн эрийн нутаг гэдэг чинь болсон түүх явдалтай газар орон байдаг юм байна.1921 оны хувьсгал мандаж байхад Армонгол,Өвөрмонгол гэж хил хязгаар баталгаатай биш байсан үед Монголд баруун зүүн хошуу,баруун зүүн сүрэгнүүд гэж байсан.Энэ үед төр нийгэмд хэлбэлзэл их байсан байна.Тэр үеэс эхлээд Монголын урд талын нутагт сэргэлэн,цогтой тэмцэгчид байсан.Ганц хүний жишээ яръя.Торой банди гэж жинхэнэ Сүхбаатар аймгийн Дарьганга хошуунд төрсөн цогтой хүү байж.Энэ хүү эрийн цээнд хүрэхэд урд хошууны ноёдын үйл ажиллагаа өөрт нь тохирохгүй болсон байна.Тэгээд тэдний эсрэг ганцаараа ч ганцаардахгй тэмцэж байсан байна.Энэ хүний талаар түүх домог ч их гарсан.
“Торой бандийг байхад
Торгоны сайхныг эдлэж явлаа.
Торой бандиас хойш
Тостой даавуунд хуурагдлаа.
Галба шанхийн говьд нь
Гандаж яваагүй торой
Халхын найман хошуунд
Баригдаж яваагүй торой
Цахар цантын ууланд нь
Цантаж яваагүй торой
Цахрын хэдэн ноёдыг сүрдүүлж явсан торой” гэж энэ хүний домог түүх байдаг.Энэ хүн Монголын ноёдыг хавчаад байхаар нь урд хошуу луу гараад урд хошууны пүүс,данжаадуудын торго,бөс бараа,алт мөнгийг нь эрийн сайн ухаанаар аваад өөрийн нутаг усныхаа ядуу амьдралтай хүмүүст тарааж өгч байсан.Өөрийг нь барих гээд өөртэй нь тэмцээд байгаа ноёдыг айлгадаг байсан.Тэр үед 15-ны цагдаа гэж байсан.Одоогоор бол төрийн цагдаа шиг л тэр үедээ орон нутгаас нь томилж байсан хүн юм.Танай Торой манай хамаг юмыг авчихлаа,адуу малыг туугаад явчихлаа,торго дурданг авчихлаа тэрийг барьж өгөө гэж сандаргадаг байж.15-ны цагдаа нар барих гэж их хөөж туудаг байж.Тэгээд тэр 15-ны цагдаа нар цуглаж байгаад түүнийг отоод байж.Тэрийг нь Торой банди мэдээд овоон дээрээ гарсан гэж байгаа.Овооны урд тал руу буух ямарч аргагүй байж.
Дэжид -
Овоо нь алтан овоо гэдэг нэртэй байсан уу?
Цэнд -
Дарьгангын овоо гэдэг нэртэй байсан.Ар талд нь гараад энэ ч одоо хаачихав гээд бүслээд байж.Торой бас лам шиг чадалтай хүн байлаа.Ном уншвал уншчихдаг,тэнгэр бурхандаа юм өргөвөл өргөчихдөг олон түмний хувь тавилан их байгаагүй тэр хүний хувь тавилан их байсан юм байлгүй.Овоон дээрээ хойшоо бол буух газар байхгүй одоо би баригдах боллоо.Тэгээд бодоход агтны сайныг унадаг байсан юм байлгүй. Овоон дээрээ сан тавьсан. Тэнгэр бурхан харсан ч юм байлгүй манан будан татаж.Тэгэхээр нь тэр чигтээ морин дээрээ морьдоод урдуур нь буусан гэж байгаа.Овооны урдуур буухад Торой бандийн зам гэж домогтой зам байдаг.Морьтой хүн бууж байсан түүхгүй газар.Түүхчид түүүнийг морьтойгоо буусан гэж ярьдаг л юм.Тэгээд баригдаагүй гэж байгаа.Ард талаас нь одоо Торой банди ирнэ гэж байгаад хоосон үлдэж байсан.Торой бандийг барьж авч чадаагүй гэдэг.Өөрийнхөө эрийн сайнд явж байгаад өнгөрсөн гэж ярьдаг.Торой бандиас дутахгүй Дарьганга хошууны Богиночалаа,Өндөрчалаа,Лхагийн Дамба гэдэг олон сайн эр гарч өөрийн эрийн сайнаараа хошуунаас торго дурдан,элдэв юм авчирдаг байж.Торой банди болон бусад сайн эрсийг нутаг орных нь сайн хамгаалж байж.Ирэхээр нь хамгаалаад эргэ гуу жалганд хийгээд,хамхуулаар дээрээс нь бүтээгээд хэд хоног тэнд нь тайван байлгаад морь малыг нь тавьчихаад,тэр хүн чинь ганцхан хэвтэх л үүрэгтэй.Хоол цайг нь тал талаас нь зөөгөөд байдаг.Тэгээд сүүлдээ дандаа тэгээд амьдрах нь гэцүү болоод ирэхээр бадар бариад Сүхбаатар аймаг дамжаад Дорнод аймгийн хойд талын сум Дашбалбар,Цагаан овоо,Норовлин,Батноров сумдаар явж ирээд айл болоод амьдарч байгаа тэдний үр хүүхдүүд бий.Хууль нь зөөлрөөд,тэр хүмүүсийн хэргийг нэхээд олдохгүй,тэр улс нь байхгүй болсон гэдэг ч юмуу тэр хэрэг тэгээд өнгөрсөн.Үүнийг дуулсаны хувьд энд амьдарч байгаа хүмүүсийг мэдэхийн тулд үүнийг ярьж байгаа юм.Шог яриа болгоод хүмүүс Дарьгангын сайран хөлтөнгүүд гэдэг.Энэ нь сайран хөлтөн биш сайн эрийн хөл нутаг гэсэн түүх домгийн үгнээс гарсан байдаг.Дарьганга хошууны овоо тахилганд Улаанбаатар хотын дөрвөн район,21 аймгаас хүмүүс цуглаж байдаг.Би хэд хэдэн удаагийн тахилганд нь орж харлаа.Газар газрын сайн эрс ирдэг байсан их тарсан нутаг гэж би ойлгодог.1921 оноос өмнө 1910-н хэдэн оны Ард Аюушийн хөдөлгөөний үед Бяруугийн дайн гэж болж байсан.Энэ үед газар газрын сайн эрс цэргүүдийг татаад хил хязгаараа хамгаалж байж.Хамгаалж байгаад 1918,1919 оны үед тэр үйл ажиллагаа нь гайгүй болоод ирэхэд тэр үеийн залуу улс тэр орон нутагт айл өрх болоод газар газрын улс Дарьгангаар тарчихсан.Олон газрын сайн эрс цугласан сайн эрийн хөл нутаг гэдэг юм билээ.Энэ бол түүхтэй холбоотой.Маамын газар шороо гэдэг номон дээр энэ талаар цухас байдаг юм.
Дэжид -
Дарьганга уран дархан ихтэй.Дарьганга хийц гэж байдаг.Энэ талаар та ярихгүй юу?
Цэнд -
Дарьганга хошууны Балдан-Осор гэж байлаа.Тэр Маршалын үед гадагшаа явахад түүх дурсгалын юм их хийсэн. Өөрсдийнхөө хийсэн зүйлээр Дарьганга хошууны ойгоор үзэсгэлэн гаргаж, охин нь хийсэн зүйлийг нь сэргээж байсан. Дарьганга авгай нарын хэрэглэл гэж цалин цагаан мөнгөөр, урд өвөрмонголчуудтайгаа холбоотой байсан болохоор шүр,сувд нь элбэг байсан биз.Дархчууд нь элбэг байсан учраас тийм зүйлийг их хийж байсан.Түүх дурсгалыг нь харуулах юм үр хүүхдүүдэд нь их байдаг юм билээ.Уран Яримпил гэж хөгшин байсан.Янз бүрийн ур ухаантай хүмүүс манай хөгшчүүлд их байж.
Дэжид -
Дарьгангачуудын үүсэл гарал,зан үйлийн тухай манай Цэнд гуай их сайхан ярьлаа.
Цэнд -
Би өөрийнхөө мэдсэн,дуулсан юмыг ярьлааИнгээд юмаа судлаад,сэргээгээд баяжуулаад,уламжлаад явъя гэсэн зөв бодолтой улсууд ч их байдаг юм байна.Ингээд явбал түүхэнд үлдэх талтай юмлдаа. Эрин эрин үе дээрээ цуутай улсууд нь нас богинотой байдаг юм байна.Дашбалбар ч газар шороо гээд хэрэгтэй юм ярьж байсан.Түүнтэй нь тэмцэх хүмүүс ч олон байдаг юмуу,гай болох хүн нь ч олон байдаг юмуу шударга гэсэн хүмүүс нь ганц нэгээрэ шударга байж болдоггүй юм байлгүй.
Дэжид -
Бидний урилгыг хүлээн авч 20-р зуунд амьдарч байсан өөрийнхөө ажил амьдрал мөн Дарьганга ястны онцлог,үүсэл гарлын тухай өөрийн мэдэж,дуулсан,туулж байсан бүхнээ дэлгэрэнгүй ярьж өгсөн Цэнд гуай таньд баярлалаа.Таньд эрүүл энх,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Урт насалж,удаан жарга гэж ерөөе.
Цэнд -
Миний ярьсан зүйл нийгэмд хэрэг болвол баярлахаас өөр татгалзах юу байхав.Та нар нийгмийнхээ төлөө явж байгаа хүмүүс байна.Ганцхан энэ чиглэлээрээ биш нийгэмд үр өгөөж болчих,хэрэг болчих,дуулсныгаа цааш нь дараа дараачынхаа үед дамжуулах сурвалжлагч ирж байх хэрэгтэй байна.Өргөн хүрээтэй газар болгон сурталчилвал олны дотор наашаа гэсэн үзэлтэй хүмүүс бий л дээ.
Дэжид -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.