Sahiya


Basic information
Interviewee ID: 990574
Name: Sahiya
Parent's name: Luvsan
Ovog: Altan uul
Sex: m
Year of Birth: 1943
Ethnicity: Halh

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Tümendelger sum, Dornod aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: housewife
Father's profession: worked in negdel


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
privatization
environment
funerals
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

belief
privatization
funeral rituals
democracy
children's upbringing


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

Та эхлээд өөрийхөө тухай ярьж өгөхгүй юу?

Сахийя -

За би яахав 1943 оны 8 сард гэдэг юм даа, Дорнод аймгийн Түмэндэлгэр суманд Дөрөө гэдэг газар төрсөн хүн дээ. Тэгээд тэрнээс хойш 7 нас хүрээд энэ... мөн Дорнод аймгийн Хөлөн буйр сумын Баргын хийд гэж нэг хийд байсан юм... тэр хийдэд 7 настай очиж одоо шавилан сууж ламын ажил 9 нас хүртлээ гүйцэтгэж байсан байгаа юм. Тэгээд 9 нас хүрээд байж байтал сургуульд ч орох болсон. Тэгээд энэ Хэнтий аймгийн Норовлин сумын бага сургуульд анх ирсэн хүн байгаа юм даа. Тэгээд яахав тэр 7 наснаас авхуулаад 9 насны хоорондоо яахав хийд номын газар шавилан суусан гэж хэлсэн. Тэгээд тэр хийд маань яахав 1957, 58, 59 он хүртэл байж байгаад одоогийн энэ Гандантэгчлэн хийдэд хураагдсан байгаа юм. Тэгээд тэр үеийн одоо надтай цуг байсан өвгөн лам нар бол зах зух нь одоо энд байж л байгаа юм. Одоо ер нь бараг алга болчоод байна, за ийм л байна. Тэгээд тэрнээс хойш одоо сургуулийн хүүхэд байж байгаад , 4 хүртэл сургуульд сууж байгаад гараад... тэгээд гарсанаасаа хойш малчин болсон доо. Тэгээд малчин болоод янз бүрийн ажил хийгээд, заводын мастер гэж ажил байлаа, тэрний бас нэг дарга энэ тэр ч хийж үзэж байсан. Мастерыг нь ч нь хийж үзэж байсан. Тэгээд нэг хэсэг тэгж байгаад, тэгээд сүүлдээ 1968 онд ардын цэрэгт татагдсаан. Тэгээд 1971 онд цэргийн албанаас одоо халагдаж ирсэн дээ. Тэгээд тэр ирсэн цагаасаа хойш би яахав одоо тэр үед баг, бригад нэгдэл гэж байсан учраас баг бригадын... хааяа юу... багийн одоо тийм ахлах ухуулагч мөн одоо тоо бүртгэгчийн ажил, мөн тэгээд цаашлах юм бол бас намын даргын үүрэг ажил ч бас хийж байсан өдөр бий. Ингээд хөгшин маань бол яахав саальчин байсан. Тэгээд сүүлдээ хөгшийхөө ар гэрий ажлыг хийдэг болсон доо. Тэгээд байж байтал тэгээд сүүлдээ улс нийгэм маань ардчилал гарч ирээд 90 оноос хойш одоо шашин юм маань сэргэж эргээд одоо би бас шашныхаа үйл ажиллагаанд.. одоо энэ Хэнтий аймгийн Батноров сумын Дашинчойнхорлон хийд гэдэгт одоо эргэж орхимж юмаа нөмөрч лүн бангаа авч суудалдаа суусан хүн дээ. Тэгээд би яахав Дашинчойнхорлон хийдийн одоо дэд лам гээд өнөө явж байдаг юм. Тэгээд одоо ирээд байгаа миний явсан түүх бол ийм л түүхтэй хүн шүү дээ . Яаж одоо шавилаж, яаж одоо лам болсон юм бэ та гэвэл ийм л учиртай.

Цэцэгжаргал -

Таныг 7 насандаа хийдэд шавилан суух шийдвэрийг хэн гаргасан бэ? Та өөрөө хүсэл сонирхолтой байв уу?

Сахийя -

Аа за, тэр тухайн үеийн одоо... дээр үеийн одоо настай улсууд, настай лам нар бас юм мэддэг хардаг улсууд тэднийд тийм хүүхэд байна, тэрнийг бас нэг хурал номонд шавилан суулгавал лам болох хүн гэдэг үндсэн дээр намайг бас сургуульд аваачиж номын эрдэм жаахан үзүүлсэн болов уу гэж сандаг юм би. Тэгэхэд чинь би одоо нээх одоо энэ бурхан номын ажлыг мэдэхгүй л гүйж явсан хүүхэд шүү дээ. Тэгж л яваад ном үзсэн дээ.

Цэцэгжаргал -

Та анх шавилан сууж байсан хийдийхээ талаар дурсаж ярихгүй юу? Тэр үеийн лам багш нар тань яаж ном зааж байв?

Сахийя -

За тэгэхлээр намайг тэр анх очобайхад бол дандаа настай өвгөн лам нар байсан даа. Тэр Баргын хийд гэдэг чинь Одоо Хөлөн буйриас ургаш ердөө тэр сумынхаа урьдхан завсар, тийм нэг жижигхэн модон дотор, уулан дотор хийд байсан байхгүй юу. Тийм жижигхэн тийм хийд. Аа тэр хийд бас нэг онцлогтой. Тэр хийд ямар онцлогтой байсан бэ гэвэл тэр одоо айхтар эсэргүү, бариа тавианы үед одоо тэр хийд юмыг сүйтгэж, устгаж үгүй болгож байсан байхгүй юу. Тэгэхэд тэр хийдийн гол дуган үлдсэн. За тэр гол дуган яагаад үлдэв ээ гэвэл тэр нурааж чадаагүй. Тийм, ямар ч одоо багаж хэрэгсэл юм хэрэглээд тэрийг нурааж бараагүй гэж байгаа юм. Тэгээд тэр нь яагаад нурахгүй тийм одоо юмаар хийгдсэн байна вэ гэвэл дандаа өнөө оньсон техникээр тэгж одоо тэр дуганыг барьсан. Хаанаасаа яаж угсарсан нь мэдэгдэхгүй. Тийм учраас түүнийг задалж болоогүй, тэгээд үлдсэн гэж ярьдаг юм билээ. Одоо тэгээд тэр миний сууж байсан хийдийн байр одоо Хөлөн буйр суман дээр одоо нөгөө скалад тийм юм болоод, нэг бөмбөгөр оройтой юм авчирсан байж л байсан даа. Тэгээд тэр хийдийн гадаа дуганы хувьд тийм байгаа юм. Миний хувьд бол яахав дээ Дугар, Гэндэн гээд хоёр сайн лам байсан. Одоо дээр үед их сайн улс байсан гэж л ярьдаг байсан даа. Тэр чинь намайг тэгж байхад настай улсууд байсан шүү дээ. Хамгийн сүүлд одоо... тэр үеийн дараа Гандан дээр зарим лам нар нь ном бурхантайгаа очсон юм гэж. Тэгээд тэр Гандантэгчилэн хийдэд сууж байгаад нэг нь одоо гавж хүн байсан юм гэнэ лээ. Тэгээд сүүлдээ тэр Бурханы одоо...нэг... тэр Гэндэн гэдэг нь бол... одоо та нарт юу гэж хэлдэг юм дээ Гэсгүй хийж байгаад, тэгээд гэсгүй хийж байгаад таалал төгссөн дөө. Нэг нь Дамбийням гэдэг хүн байсан. За ном судар дээрээс та нар бол олон удаа дуулсан байх даа. Олон улсын хэлмэрчин Дамбийням гэдэг Дорнод аймгийн Түмэндэлгэр сумын гаралтай. Хэзээ хойно бас л энэ Ганданд зурхайч болж байгаад тэгээд таалал төгссөн. Тэр хүн бас надад зурхайн талын юм бас хэр хэмжээгээр нилээд хэлж өгсөн дөө. Тэгээд би тэр үед хүүхэд байсан юм чинь хэр хэмжээгээр ойлгосон юм мэдэхгүй. Тэгээд тэрний жаахан юм... яахуу бас зарим нь тухайн үед надад хэрэг болдог доо. Тэгэхдээ би бас учиргүй... одоо би бол яахуу түм мэдэж байгаа юм чинь өчнөөн төчнөөн одоо амьтан ирж очиж байдаг. Тэгээд тэрүүндээ бас яахав 100-ны 30 хувийг нь ч болов үнэ хэлчих юмсан гэж боддог доо. Тэрнээс биш 100 хувь хүнд одоо юмыг бүрэн төгс зөв хариулж чадахгүй л дээ. Ийм л юм байгаа юм. Тэгээд зурхайн талд жаахан надад арай тийм илүү түлхүү байсан, юм хэлж өгч байсан болов уу одоо бодоод байхад. Тэгж бодоод байгаа юм. Тийм яахав, одоо яахав ном мом уншивал уншина л даа. Тэр хамаагүй хүн бүгд л төвд ном уншдаг болчихсон байгаа юм чинь. Тэгээд одоо харахаа болиод бас жаахан муудаж л байна, тийм л байсан.

Цэцэгжаргал -

1950- иад оны үед хүүхдийг банди болгоод лам болгоно гэхэд тэр үеийн хүмүүс юу гэж хүлээж авч байсан бэ? Эцэг, эхчүүд дуртай байдаг байсан уу?

Сахийя -

За даа, тэр үед ч одоо өнөө цаг хатуу байсан болохоор дуртай хүн байхгүй дээ. Ер нь хэцүү байсан. Ер нь цөөхөн л хүүхэд байсан байх. Тэгж одоо 10, 20-иор нь тэгж нийтлэг чанартай тэгж юм үзэхгүй шүү дээ, үзэж болохгүй тэр чинь. Миний төрсөн аав бол өөрөө бол... би чинь одоо тэдэн дотроосоо ганцаараа л лам, одоо энэ лам шашныг шүтсэн хүн байхгүй юу. Бусад нь дандаа төрийн ажил хийж байсан юм. Төрийн л одоо цэргийн дарга марга, тэгээд удирдлагын ажлууд хийж байсан. Тийм л хүн байхгүй юу. Өөрөө бас хажууд нь яахав сонирхол байсан юм байгаа биз дээ.,

Цэцэгжаргал -

Та 9 настайдаа сургуульд сурсан гэсэн, шашин номыхоо үйл хэргийг үргэлжлүүлэлгүй яагаад төрийн сургуульд орох болсон юм бэ?

Сахийя -

Тэр үед чинь үргэлжлүүлээд шашин номын ажил яаж үргэлжлүүлж сурах вэ дээ. тэр чинь одоо тийм ил тод цаг үе байгаагүй юм чинь тэгээд нууцаар бараг шахуу байсан юм чинь. Тэгээд л тасарчиж байгаа байхгүй юу.

Цэцэгжаргал -

Сургуульд яваад л...

Сахийя -

Тийм тэгээд сургуульд яваад.

Цэцэгжаргал -

Социализмын үед бурхан шашны талаар төрийн бодлого ямар байсан юм бэ? Социализмын үед монголчууд хэрхэн шүтэж бишрэх эрхээ эдэлдэж байсан юм бэ?

Сахийя -

За тэр, Социалист нийгмийн үед чинь одоо бурхан шашин гэдэг чинь гал ус шиг харш байсан цаг үе шүү дээ. Тэгэхээр чинь шашин шүтэж болохгүй, бурхан шүтэж болохгүй тийм цаг үе байсан юм чинь. Тэр чинь маш нууц тийм байсан даа. Тэгээд одоо сүүлдээ яахав, миний өөрийн хувьд бол яахав янз бүрийн хэл ам... одоо юм үздэг хардаг энэ тэр гээд одоо тийм намайг хэлмэгдүүлж байсан юм миний сум орон, нутаг орон, удирдлагууд намайг тэгж гомдоож тэгж байсан юм бол байхгүй. Харин тэрэн дээр энэ дашрамд хэлэхэд харин тэр үеийн тэдүүгээ үеийн удирдлагын хүмүүст би их баярлаж явдаг. Ганцхан намайг олж харахгүй дээ биш л дээ. Намайг цаанаа бас хайрлаж байсан байх, бодож байсан байх гэж боддог юм. Тэгээд тэр байтугай надаас одоо ахмад настай өвөгчүүд энэ тэрийг одоо орон шоронд хориод, пайз майз зүүгээд сайн муугаар нь яриад ингэж нэр хүндийн нь алдуулж байсан тал их бий л дээ. Тэгэхэд намайг тэгээгүй юм. Тэгээд би тэнд бас их баярладаг байхгүй юу. Тэгээд одоо энэ цаг үетэйгээ золгоод, та бүгдтэйгээ золгоод одоо айх юм байхгүй. Тэгээд энэ олон түмнээс л болсон, түүнээс миний сайн юм ердөө байхгүй. ых биш л дээ. Мэдэх юмаар муу хүн, ёстой мэдэх юм одоо ховордож байна даа.

Цэцэгжаргал -

Тэр үед лам нарыг ямар шалтгаанаар хорьж байсан бэ? Пайз зүүнэ гэж юу вэ?

Сахийя -

Яахав дээ нэр сүрийг нь одоо ... энэ одоо шашин шүтэж байна, амьтан түмнийг мунхруулж байна тиймээ... мухар сүсэг бишрэл одоо хүний сүсэг бишрэлийг одоо алдагдуулж байна гэсэн тийм л ойлголтоор л одоо тэгдэг байсан байгаа биз дээ.

Цэцэгжаргал -

Та тийм пайз зүүсэн сүсэгтнүүдтэй таарч байсан уу?

Сахийя -

Тааралгүй яахав, одоо Самбын Лувсандаржаа гэж одоо мундаг одоо гүртэм... чойжин хүн байлаа манай нутгийн. Одоо бүр алдаршсан дээр үеийн Хувилгаан Чойжин нэртэй хүн байсан. Аа тэгээд өшөө баазын Содном гэж баазын дарга байсан лам өвгөн байсан. Одоо энэ одон орны зурхай судалдаг, их тийм зурхайч хүн байсан. Одоо бодоход бол тийм юм төсөөлөх хүн манайд ховор санагддаг юм. Тийм мэтийн өвөгчүүлийг чинь одоо ингээд дөрвөлжин пайз өлгөчихсөн /энгэрт нь зүүлгээд/ бүхэл бүтэн сум бригад, хөдөөгүүр ингээд аваад явдаг байсан шүү дээ. Тийм.

Цэцэгжаргал -

Ямар хүмүүс авч явах уу?

Сахийя -

Одоо тэр үеийн, тухайн үеийн удирдлагын хүмүүс л авч явна шүү дээ. Хариуцлагатай намын улсууд ч байдаг юм уу, баг бригадын удирдлагын улсууд л тэгж олон түмэнд жигшүүлж одоо энэ хүн ингэж, тэгж тэгж байна, тийм юм хийсэн байна гээд одоо ард түмнийг мунхруулж байна гэсэн утгаар л одоо таниулж байсан байгаа юм л даа.

Цэцэгжаргал -

Социализмын үед хүмүүс бурхан тахилаа яаж авч үлдсэн бэ?

Сахийя -

Бурхан тахилтай дээр үеийн хуучуул одоо лам нар, настай улсууд бас нилээд их хэмжээгээр өвөгчүүл байсан л даа. Тэгээд тэр айлд ороод очиход бол одоо тэр бурхан шүтээнтэй холбоотой юм бол айлд ер нь... хааяа нэг айлд л нэг цөгц харагдана уу гэхээс өөр юм харагдахгүй л дээ. Тэгээд тэр байгаа нэгийгээ гадуур нууж хавчиж л, далд л сүсэглэж бишэрч л авч явсан байхдаа.

Цэцэгжаргал -

Хийдэд шавилан сууж байсан хүмүүсийг хүчээр хар болгосон гэсэн. Ямар нэгэн зохион байгуулалтайгаар тэднийг сургасан ч юм уу, ажилд оруулсан юм байдаг уу?

Сахийя -

За шашин, тэр улсуудыг шашин юунаас нь буулгасан цаг үеийг... би хожигдож сүүл үед төрсөн хүн болохоор бас тэр урд талын юмыг нь сайн мэдэхгүй байна даа. Тэгээд сүүлд намайг мэдэх үед бол тэр улсууд дандаа л тийм ажилчин анги, ажилчин болчихсон янз бүрийн ажил хийдэг, үйлдвэрийн ажил хийдэг, тийм дарга маргын ч ажил хийдэг юм уу тийм л улсууд болсон байсан даа .

Цэцэгжаргал -

Ер нь бурхны шашинд монголын төр засгаас яаж нөлөөлсөн бэ? 1940, 50-иад оноос хойш төр шашинд яаж, ямар нөлөө үзүүлсэн гэж та боддог вэ?

Сахийя -

Төр одоо шашинд бол ер нь одоо их л тийм дарангуйллын нөлөө үзүүлж байсан байх гэж бодоод байгаа даа. Маш л дарангуйллын дор байсан. За шашин бол сэргэх л одоо ёстой байгаад л сэргэж байгаа байх. Сэргэхгүй тэгээд одоо тасрах...тийм хувьсгал тийм юм байсан бол өдийд үр үндэсгүй, сэргэж чадахгүй болох ёстой байсан. Тэгэхээр шашин гэдэг маш их хүчтэй юм байсан учраас л эргэж л одоо ингэж тасарч ирээд сэргэнэ гэдэг чинь их хүчтэй л одоо шашин юм байх гэж боддог шүү дээ.

Цэцэгжаргал -

Таны шавилан сууж байсан хийдийн бурхан тахил, судар номыг төв Гандан уруу залсан гэсэн. Энэ ямар үйл явдал болсон талаар дурсаж ярихгүй юу?

Сахийя -

За яахав, одоо тэгээд хийд хураагдахад л тэр өвгөн лам нартайгаа л одоо энэ хийдэд л, тэр үед Гандангаас өөр хийд байгаагүй юм чинь. Тэгээд тэнд л аваачиж залсан юм л даа. Тэгээд одоо тэр бурхан шүтээн бол одоо тэндээ залагдсан хэвээрээ одоо байж л байна.

Цэцэгжаргал -

1990-ээд оны хувьчлал зарласан тэр үед таньд ямар сэтгэгдэл төрж байв?

Сахийя -

Гүй ээ, надад тэр гэнэтхэн хувьчлал зарлагдаад, улс нийгэм өөрчлөгдөөд ирэхэд чинь одоо... бас тэр үед жаахан юм л хомс дуу, хомсдоод л ирсэн л дээ. Зах зээл болоод ирэхэд ер нь нилээн юм хомсодсон шүү дээ. Бид чинь улаан буудайгаа хүртэл нунтаглаж одоо идэж ууж, гурилынхаа оронд хэрэглэж байсан даа. Юм л их жаахан дутмаг санагдаад, тийм л... ядуурал ч гэдэг юм уу тийм хэмжээнд очиж байгаад тэгээд эргээд одоо сэргэчихлээ л дээ. Тэгээд тэр үед бол миний хувьд бол нээх айхтар тэрүүнд одоо ингээд өнгөрөх гэж байгаа юм байна ядууралд ороод, одоо ингээд хоосрох гэж байгаа юм байна гэж ердөө бодоогүй. Ямар нийгэм, юу гарч ирэх гэж байгааг нь ч сайн ойлгоогүй явсаар байгаад л энэ хүрч байгаа шүү дээ.

Цэцэгжаргал -

Анх хувьчлалыг танай нутагт яаж зарлаж байсан бэ ?

Сахийя -

Одоо мэдэхгүй ээ.

Цэцэгжаргал -

Мал, төрийн өмчийг хувьчлах юм гэж байна гэсэн мэдээг хүмүүс анх хаанаас сонссон бэ?

Сахийя -

Тэр үед одоо сонин мэдээ л тийм л, ухуулга тийм л юмнаас сонсоно уу гэхээс биш одоотой адил зурагт, телевизор гэх зэрэг нээлттэй юм ховор байлаа шүү дээ. Одоо хүлээн авагч тийм юмнаас л анх дуулж л мэдэж авсан л байх даа.

Цэцэгжаргал -

Та өмч хувьчлалын үед ямар ажил хийж явсан бэ?

Сахийя -

За даа би 1990 оны үед чинь одоо ажилгүй болчихсон байсан даа, малчин байсан.

Цэцэгжаргал -

Танай нутагт мал хавьчлал, нэгдлийн өмчийг хувьчлах хувьчлал яаж явагдсан бэ?

Сахийя -

За даа, тэр үеийн юмыг ч одоо надаа яриад байхад муухан л байна л даа.

Цэцэгжаргал -

Яаж тэр нэгдэл нийгэм тараад хувьчлагдсан бэ ?

Сахийя -

Тэр талаар ч айхтар яриад байх юм муухан л байна л даа. Яахав тэр нийгмийн мал сүргийг ард олонд одоо хувийн болж ингэж хувааж... нэг л өдөр хурал хийгээд тэгээд л тасалбараар л өгсөн юм шүү дээ.

Цэцэгжаргал -

Тасалбараа?

Сахийя -

Тийм, нэг тасалбар тараагаад. Нэг өдөр тараасан даа, тэгээд л хувийн малтай болж л хувийн өмчтэй болж л эхэлсэн дээ.

Цэцэгжаргал -

Тэр тасалбараар яаж малыг тараасан бэ? Та тэндээс хувь хүртсэн үү?

Сахийя -

Аа тэр чинь одоо нэгдлийн зөвлөлийн хурал хийгээд л, тэгээд дарга нар сууж байгаад л нягтлан мягтлан бүх юм нь сууж байгаад л ... тэгээд урьд нь хуваарь хийчихсэн байсан юм байгаа биз дээ. Мал харж байсан хүндээ арай түлхүүц, тэгээд мал нийгмийн мал харж байгаагүй улсдаа арай бага тоогоор хуваарь оногдож байсан уу, яасан. Тэгж л өгч байсан.

Цэцэгжаргал -

Малыг хуваарилахад малчид маллаж байсан малаасаа авчихлаа. Харин сумын төв дээр албан ажил хийдгүй ч юм уу, сумын төвийн албан ажилтнууд нэгдлийн өмч хувьчлалаас хувь хүртэж чадсан уу?

Сахийя -

За яахав хувь хэмжээгий нь бас өгсөн л дөө. Тэр өргөдөл мөргөдөл гаргаад, энд тэнд явж байсан... тэр үед нийгэмдээ ажил хийж байгаагүй тэр нутаг орон доо, газар газар явж байсан хүмүүс тэр үед эргэж ирээд нутаг орноосоо одоо тэр мал хувь, хувьчилгааныхаа юмыг авна гээд өргөдөл мөргөдөл бичээд нэгдлийн зөвлөлийн хурал, мурал хийгээд олон дахин. Тэгж ингэж байгаад хувь хэмжээнийхээ юмыг авсан улсууд бий, ихэнхид нь л хувь хүртээсэн байх.

Цэцэгжаргал -

Дунджаар ямар хувь хүртэж байсан бол оо?

Сахийя -

За одоо ч мартчаад байна даа. Яахав дээ тэгэхдээ ер нь нэг өрх айлд гэхэд одоо бас нэг малаар бодох юм бол нэг 60, 70-аад толгой мал, 50-иад мал энэ тэр суурин байсан улсад бол оногдож байсан байхаа. Тийм, жаахан малтай хунартай байсан малчдад арай ахиу л байсан даа.

Цэцэгжаргал -

Өмч хувьчлалын дараа хүмүүсийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ? Хувьчлал ер нь танай нутгийн малчдын амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?

Сахийя -

Яахав, одоо харж байхад бол би бол алдаагүй гэж санадаг. Тийм одоо тэр мал, нийгмээ хувьчилаад тэгээд өөртөө хувийн болгоод тиймээ. Одоо ингээд явж байгааг харахад бол ер нь ихэнх хүмүүс ер нь гайгүй л тэр үеээс гайгүй сайн тэргүүний малчин, мал хунараа өсгөсөн хэдэн мянгат болчихсон, тэгээд үйлдвэрлэл хоршоолол эрхэлчихсэн тиймээ, компани зампани байгуулчихсан. Ер нь одоо яг хувилаад үзэх юм бол мэдэхгүй, давгүй байгаа юм биш үү.

Цэцэгжаргал -

Хувьчлал танай нутгийн хүмүүст сайнаар нөлөөлсөн юм уу?

Сахийя -

Би бол сайн талдаа л байгаа байх гэж боддог юм. Миний хувийн асуудал шүү дээ, бодсон хувийн бодол.

Цэцэгжаргал -

Хувьчлалын үед их, бага мал оногдох ч юм уу, их бага хөрөнгө оногдох тийм ялгаа ер нь байсан болов уу?

Сахийя -

Айхтар тийм их ялгаварлаж хийсэн юм байгаагүй л байх даа. Нээх айхтар хэл ам яриа одоо тэр нь тийм байна, энэ нь ийм байна гэсэн юм одоо манай нутагт л гайгүй л байсан ш дээ.

Цэцэгжаргал -

Өөрөөр хэлбэл ялгаатай хувьчлал болоогүй гэсэн үг үү?

Сахийя -

Өө тийм ялгаатай хувьчлал болсон энээ тэрээ тиймээ, энэ тэр гээд нээх айхтар юм яриад байх юм гайгүй л байсан.

Цэцэгжаргал -

Таны харж байсанаар нэгдлийн мал хуйг тэгшхэн хуваагаад өгчихсөн гэсэн үг үү?

Сахийя -

Яахав тэр өгөх зохистой хүнд нь өгсөн байх гэж санадаг шүү дээ. Тэр нэг ягаан тасалбар гэсэн үү, ямар тасалбар ч билээ тэр нэг тасалбар дээр нэг янз бүрийн яриа бас яригдаад л байдаг байсан. Зарим хүнд нь өгөөгүй, зарим хүнд айлд нь өгсөн гээд. Тэр нь ямар учиртай байсан юм бүү мэд. Мал дээрээ бол гайгүй байсан байх аа .

Цэцэгжаргал -

Таны бодож байгаагаар өмч хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай байсан уу?

Сахийя -

Тийм юм байгаагүй байлгүй дээ, үгүй байх аа.

Цэцэгжаргал -

Та тэр үед сумын төвд амьдарч байсан уу, хөдөө байсан уу?

Сахийя -

Хөдөө

Цэцэгжаргал -

Хөдөө байсан болохоор малчдын мал хувьчлалыг сайн яриад байгаа юм байна.

Сахийя -

Ай одоо тэрийг л яриад байсан шүү дээ. Тэр төв суурингийнхийг болохоор айхтар сайн хэлэхгүй л байна л даа. Яахав хурал номонд нь сууж л байсан л даа.

Цэцэгжаргал -

Тэр үеийн хурлаар нь юуг голчлон хэлж ухуулж байсан бэ

Сахийя -

Одоо тэр үеийн юмыг нарийн хэлж мэдэхгүй байна даа. Тухайн үедээ тэр мал хувьчлах талынхаа юмыг л үнэн зөвийн ялгааг нь ойлгуулж л байсан байх даа бидэнд.

Цэцэгжаргал -

Мал хувьчлал боллоо гээд хурал хийгээд эхлэхээр нутгийн олон яаж хүлээж авч байсан бэ?

Сахийя -

Тэр анх одоо шинээр юм одоо эхэлж гарч байгаа юм болохоор жаахан эмзэг нэг нь эмзэглэж байсан даа энэ юу болох гэж байна уу, яах гэж байна, сайн юм болж байна уу муу юм болж байна уу гээд. Өөрсдөө хувийн өмч хөрөнгөтэй болох нь үнэн юм уу, ямар зорилготой, ямар гээч юм болж байгаа юм гээд янз бүрийн жиг жуг ярьсан яриа бас ард түмний дунд гарч байсан байх л даа. За нийгэм өөрчлөгдөхөд заавал тийм яриа хөөрөө тийм юм гардаг юм билээ. Тэр байтугай сум орон тарахад хүртэл янз бүрийн яриа хөөрөө гарч байдаг л даа. Тэрнээс өөр ноцтой юм байгаагүй байх аа.

Цэцэгжаргал -

Ямар яриа гарч байсныг санаж байна уу?

Сахийя -

За мэдэхгүй ээ, муу байна.

Цэцэгжаргал -

Малаа хувьчилаад авсны дараа хүмүүсийн санаа бодол яаж өөрчлөгдсөн бэ?

Сахийя -

Гүй яахав, өөрсдөө хувийн малтай болчихсон. Малгүй байсан хүн малжчихсан тиймээ, тэгээд бүгдээрээ бас нэг дов довондоо шөлний хоньтой болихсон хүний сэтгэл зүйн асуудал бол нэг үе бас малынхаа талд аятайхан байсан байх. Сэтгэл зүйн асуудал зүгээр л байсан байх. Гэхдээ яахав дээ нэг үе нийгэмд юм ховордох нь хамаа юу даа. Зах зээлийн нийгийн асуудал юм чинь тэр. Хажуугаар нь юм жаахан ховордсон л доо тийм ээ. Тэгээд нэг их удаан ховордоогүй л дээ. Тэгээд дараа нь тэгээд дээрдсэн юм чинь.

Цэцэгжаргал -

Малаа хувьдаа авсан малчид малаа яаж захиран зарцуулж байсан бэ?

Сахийя -

За яахав одоо тэр үед чинь гэнэт их малтай болчиж байгаа юм. Тэгээд тэр үеийн улсууд зарим нь бол тэрнийгээ зөв сайхан өвч, одоо болтол авч яваад малчин залчин болоод одоо малаа өсгөөд өчнөөн төчнөөн толгойд хүргээд байж л байгаа. Зарим нэг нь ч одоо тэгээд авсныхаа даруй тэгээд яаж авч явахаа мэдэхгүй, яаж арчилж авахаа мэдэхгүй тэгээд нэг хэдэн мал... ер нь тэгээд одоо өөрийн болсон гэдэг юугаар зараад дууссан газрууд байдаг байх л даа.

Цэцэгжаргал -

Мал хувьчлагдаад эхлэнгүүт малчин болох хандлага их байсан уу? Суурин хүмүүст малчин болъё гэсэн сэтгэлгээ төрж байсан бол уу?

Сахийя -

Яахав тэр нутаг орны энд тэнд явж байсан улсууд нэг хэдэн малтай болоод хувьчилгаагаа аваад тиймээ, малтай болоод хөдөө гарчья гэсэн бодлууд бол их л байсан байх. Ердөө таних танихгүй дээр үед гараад явчихсан улсууд хүртэл одоо хүрч ирээд л одоо манайх одоо тэр нэгдэл нийгэм болоход мал хунараа өгч байсан, энээ тэрээ хувь юм олдох ёстой гэсэн улсууд гараад ирж л байсан даа. Тэгэхээр тэр бас хэдэн малтай болоод хөдөө гаръя гэсэн бодолтой улсууд байсан байхаа.

Цэцэгжаргал -

Жишээлбэл танай сум, багт малчдын тоо нэмэгдсэн үү?

Сахийя -

Аа одоо манайх чинь Онон баг гэж байсан даа. Тэгээд нэг ч их айхтар нэмэгдээгүй дээ.

Цэцэгжаргал -

Малын бэлчээр, малын хашаа саравчыг хувьчлалын үед яаж хүмүүс ашиглаж байсан бэ?

Сахийя -

Тэр яахав өөр өөртөө байсан хашаа хороо, саравч тэр юмнуудыг нь тэр эзэмшиж байсан хүнд нь өөр өөрсдөд нь цохоод л өгсөн шүү дээ.

Цэцэгжаргал -

Үнэгүй юу?

Сахийя -

Тийм, тэгсэн юм даа

Цэцэгжаргал -

Хувийн малтай хүмүүс газар бэлчээрээ яаж хуваарилж байсан бэ?

Сахийя -

За яахав одоо, тэр тухайн үед одоо энэ манай нутаглаж байгаа газар, энэ танай нутаглаж байгаа газар гээд айхтар өмчлөөд, хоорондоо ийм юм болоод наана цаана болоод маргалдаад байсан юм байгаагүй л дээ. Яахав анхнаасаа хэдэн хүний дунд тэгээд тэрний энүүний гэхгүй мал нь орж гараад тэгээд дундаа байсан болохоор тэр заншлаараа л байгаад байсан юм биз дээ. Одоо бол харин, одоо нутаг бэлчээрийн асуудал бол жаахан тийм миний, чиний гэх асуудал гарч байна уу үгүй юу. Магадгүй л байх. Тэр үед бол байгаагүй ээ.

Цэцэгжаргал -

Нэгдлийн үеийн нутагтаа л малчид нутаглаж байсан гэсэн үг үү?

Сахийя -

Аа тэгсэн, тэр байгаа байгаа газартаа л.

Цэцэгжаргал -

Хувьчлал бүх хүнд тэгш шударга явагдсан гэж бодож байна уу?

Сахийя -

За даа тэрийг ч би ганцаараа дүгнэлт хийхгүй байхаа, мэдэхгүй. Зарим нь бол хувьчлал тийм аштайхан хуваарьтай тэнцүү болоогүй гээд л ярьж л байдаг юм. Зарим нь ч одоо давгүй болсон л гэдэг юм. Одоо мэдэхгүй, тэрнийг бол. Миний хувьд бол гайгүй юм шиг санагддаг шүү дээ.

Цэцэгжаргал -

Малчдын хувьд гайгүй, яагаан тасалбараараа малаа хувьчилсан гэсэн үг үү?

Сахийя -

Малаа л хувьчилсан, өгөх юм аа л өгсөн байх аа. Тэгээд яахав буруу зөрүү юм бага саг тийм юм хавчуулагдсан юм байсан биз.

Цэцэгжаргал -

Малчдад малаа өгөхдөө хүнд нь өгч байсан юм уу, өрхөд нь өгч байсан юм уу?

Сахийя -

За тэр чинь өрхөд нь л өгч байсан юм даа. Тэр ам бүл харгалзаж байсан байх даа. Тийм, тэгээд өрхөд нь тэдэн мал гэж өгч байсан юм.

Цэцэгжаргал -

Нэг өрхөд хэдэн орчим толгой мал оногдож байсан бэ? Бог, бод гэж ялгавар байсан нь уу?

Сахийя -

Аа тийм, бог бод өгөлгүй яахав. Тийм бүгдийг нь зохицуулаад л өгч байсан байх, тэнцүүлээд л өгч байсан. Ер нь тэгээд доод тал нь гэж бодоход яахуу энэ хөдөө гадаанаас ирсэн хот хороо суурин газраас ирсэн хүмүүст нь үгүй нэг 50 толгой мал энэ тэр өгчиж байсан байхаа доод тал нь.

Цэцэгжаргал -

Яг малаа маллаж байсан хүнд хэд орчим мал оногдож байсан бэ?

Сахийя -

Аа давгүй давгүй малтай байсан байх шүү. 100 гаран ч байсан байх, 300 гаран ч байсан. Тэгээд янз бүрийн л байсан байх. Тийн хонин бригад бол сайн оноогдож байсан юм гэнэ лээ. Манайх чинь өнөө үхэр бригад байсан юм.

Цэцэгжаргал -

Тэр үед сумын төвийн эд хөрөнгө, малаас бусад нэгдлийн эд хөрөнгө хувьчлалд орсон уу?

Сахийя -

За одоо мэдэхгүй ээ, одоо тэгээд сумын төвийн тэр эд хөрөнгө хувьчлал тэрэнд бол хөдөөний малчдад бол харин тийм юм мэдэгдээгүй, мэдээлэл өгөөгүй. Тэр төв суурин газрынхаа хүмүүст л хувьчилгаа явагдсан юм уу. Тэрнээс хөдөөнийхөнд бол тийм юм ёстой дуулдаагүй дээ.

Цэцэгжаргал -

Танай нутгийн байгаль орчин ер нь яаж хувьсаж өөрчлөгдөж байна аа?

Сахийя -

За байгаль ч одоо яахав дээ. Би бол одоо юу гэдэг юм дээ... хангай талын хүн шүү дээ. Хангайн бүсийн хүн. Хойшоогоо, нутгаасаа хойш Норовлин гэдэг газраас хойш байдаг. Бидний залуу байх үед бол одоо энэ ногоон ой мод гэдэг чинь ёстой амьд юм шиг сайхан байгаль дэлхий нь хэвээрээ, мод чулуу нь хэвээрээ тийм байсан даа. Тэгээд тэрнээс хойш л одоо тэр маш их өөрчлөгдөөд байна л даа. Нэг үе ч одоо тэр үйлдвэрт эр зориулагдаад л мод чулууг нь огтлоод одоо янз бүр болгоод. Одоо энэ мод чулуутай газар гэж ховордоод байна шүү дээ. Тэгээд гал түймэр ороод ингээд байгаль бол их хувиралт үүссэн. Тэгэхдээ мөхөх талдаа хувиралт үүсээд байна шүү дээ. Тэр үед ёстой онгон байгаль гэж ярьдаг л тийм л байсан. Гар хүрдгүй барагтай л бол. Хүрсэн ч гэсэн зөв харьцаж авах юм аа авдаг, орхих юм аа тэнд нь орхидог тийм л байлаа шүү дээ.

Цэцэгжаргал -

Танай нутаг орны байгаль орчинд гарсан нааштай өөрчлөлт гэж байгаа юу?

Сахийя -

Хай, мэдэхгүй. Тэрний тэр, одоо тийм нааштай сайхан өөрчлөлт гараад одоо тэр байгаль орчиноо хамгаалаад тийм юм хийсэн, тийм юм бүтээсэн, одоо хамгаалж байгаа гэсэн юм бол би хэлж мэдэхгүй л юм байна даа.

Цэцэгжаргал -

Байгаль орчинд гарч байгаа муу сөрөг өөрчлөлтүүд юу байна?

Сахийя -

Одоо мод, чулуу л их огтолдог байхдаа. Өөр ч айхтар сөрөг зүйл гэж юу байхав дээ. Одоо байгаль мод чулуугаа хамаагүй авдаг тиймээ, хамаагүй ханддаг тийм л юм байна шүү дээ.

Цэцэгжаргал -

Цаг агаарын өөрчлөлт байна уу, усны хүрэлцээ хангамж ямар байна?

Сахийя -

За тэр чинь одоо, тэр цаг агаарын ... усны хангамж бол ер нь дээр үеэсээ одоо бол ус гэдэг маань маш ховордоод байна шүү дээ тийм ээ. Тэгээд ус гэдэг чинь нь 10 жил доошилдог, 10 жил болоод дээшилдэг гэдэг л юм даа. Одоо тэгээд доошилдог нь болчоод байгаа юм уу, ус ер нь хаа газар маш их ховор байгаа шүү дээ. Усны хангамж бол их муудсан. Гол ус гэдэг чинь, булаг шанд гэдэг чинь ширгэчихсэн. Одоо бол энэ гол ус, булаг шанд маш ховор...нэрлэхэд ер нь ховор болсон байна шүү дээ. Хаа газар явж байхад ер нь булаг шанд, гол ус цөөрөм одоо тийм юм ер нь харагдахаа болиод байгаа шүү ээ. Дээр үед чинь одоо 41 усны шувуу гэдэг чинь ээ ганганаж гунганасан , хавар, намар, зуны цагт ямар сайхан байсан. Одоо усны шувуу тийм юм харагдахаа байсан шүү дээ. Тэр байгаль гэдэг чинь гол ус нь харагдахаа байсан болохоор чинь нуур муур энэ тэр чинь алга болсон шүү дээ. Тэгээд энэ, одоо энэ уурхай муурхай гэдэг чинь энэ газар шороог маш их гэмтээж, сонин болгож байна л даа. Бас тэр их нөлөө байдаг байх. Тэгээд одоо тэр алга болсон, ширгэнсэн, мөхсөн гол ус , уул хангай юу... аа тэр одоо яахуу ганц нэг хэлбэл хэлэх л юм байна. Цагаан нуур гээд том нуур байлаа. Хустай нуур гээд... одоо нутаг орныхоо л юмыг хэлж байгаа шүү дээ. Цагаан нуур гэж байлаа. Хустай нуур гэж байлаа. Аа тэр Ангиртын нуур гэж байлаа, Цэгээний нуур гэж байлаа. Одоо нуурууд бол том том нуурууд байлаа. Одоо ердөө алга байна шүү дээ. Аа тэгээд уул хангай гэвэл одоо яахав дээ тэгээд Бүрэнхаан гэж их тахилгатай, модтой их уул байлаа. Тэр мод чулуу гэж юм байхгүй нүцгэн л болсон доо. Тэгээд байхгүй. Одоо тэгээд манай Хэнтий аймагт бол Батхаан, Норовхаан энэ тэр гээд том хайрханууд маань урьдхаа бодвол төсөөлөхөд муудаад байгаа шүү дээ.

Цэцэгжаргал -

Газар усны нэрнүүд өөрчлөгдөв үү, өөрчлөгдсөн жишээ байна уу?

Сахийя -

За, газар усны нэр... дээр үеэсээ нэрлэгдэж ирсэн газар усны нэр, хаяг ч одоо ер нь бараг л байгаагаараа нэрлэгдээд явдаг юм биш үү ер нь. Яахав дээ шинэ нэр одоо энэ тэр хаягтай болсон газар байдаг л байх даа. Тэгэхдээ л ер нь миний мэдэхийн нэрлэгдэж байсан уул хангай ч бай ус мөрөн ч бай гол горхи ч бай тэр л нэрлэгдсэнээрээ л яваад байгаа юм шиг л байдаг шүү дээ.

Цэцэгжаргал -

Өөрчлөгдсөн нэр санагдахгүй байна уу?

Сахийя -

Одоо ер нь айхтар тэгж шинээр одоо өөрөөр нэрлэгдэж байгаа, шинээр тахигдаж байгаа гарч ирж байгаа тийм юм мэдрэгдэхгүй л байна надад.

Цэцэгжаргал -

Таныг залуу байхад байгаль онгон дагшин байсан гэсэн. Тэр байдлыг яаж хадгалж байсан юм бол?

Сахийя -

За одоо тэр үед... одоо ёстой мэдэхгүй. Би өөрөө өнөө шашны талын хүн болохоор... ер нь энэ шашны талын улс бол бас их нөлөөлж байсан байх гэж боддог юм. Тэр одоо тэр ууланд хүрч болохгүй, үгүй бол одоо газар, лус савдаг хилэгнэнэ тиймээ, уул онгод нь дургүйцнэ, тэр уулнаас тийм ийм юм огтолж болохгүй, хөндөж болохгүй гэсэн ийм юм байсан учраас л одоо улсууд тэр уул хангайгаа аегүй их шүтдэг, бишэрдэг гар хүрдэггүй, мөрөө ч дээр нь гаргадаггүй шахуу ийм байсан байх даа. Тийм, тэгээд одоо юм байхгүй болоод ирэхээр тэгээд сүүлдээ ч сүйтгээд байгаа болов уу гэж санаад байгаа ш дээ.

Цэцэгжаргал -

Өөрөөр хэлэх юм бол социализмын үеэс байгаль орчиноо хүмүүс их ашиглах болсон гэж байна уу?

Сахийя -

Одоо ер нь маш ихээр ашиглах болсон. Тийм, дээр үед чинь одоо тэгж байгаль орчиноо нэг их айхтар хамаагүй сүйтгэж ашиглаж яваагүй юм шиг байгаа юм. Тэгээд дээрээсээ чинь социалист нийгэм чинь одоо яахуу мод чулуу огтлох барих одоо ... засгийн газар одоо удирдлагын даалгавраар тэгээд улсууд бас мод чулуу огтолж, их л сүйтгэж... сүйтгэх ч юу байхав авч хэрэглэж л байсан байх.

Цэцэгжаргал -

Голдуу барилга байшинд уу?

Сахийя -

За одоо тийм, голдуу л барилга байшин тийм юманд л хэрэглэж байсан байх. Яахав тэгээд галын түлээ мүлээ янз бүрийн юманд явж байсан байх даа.

Цэцэгжаргал -

Монголчуудын оршуулгын зан үйлд ямар өөрчлөлт гарав? Таныг бага байхад нас барсан хүмүүсээ яаж хөдөөлүүлдэг байсан бэ?

Сахийя -

За одоо дээр үеийн одоо энэ өнгөрсөн хүнээ одоо оршуулах одоо холын замд гаргах, тэгээд одоо энэ байгаль орчиндоо шингээх энэ тал чинь одоогийн үеийн тухайн байдлаар... яахав зарим нэг хэсэг нь явж л байна л даа. Тэгээд тэр үед бол хүн одоо өнгөрсөн хүнийг олноороо, нийтлэг чанараараа одоо ингэж үдэж гаргадаг юм байгаагүй шүү дээ. Харин тэгэхээр одоо бол олноороо, нийтлэг чанараараа нэгийгээ байхгүй болоход бүгдээрээ одоо ингээд нийтлэг чанараар гаргадаг их сайхан ёс юм гэж санадаг юм. Хуучны цагт бол одоо ингээд нэг хүн, хэдэн гэр байж байгаад нэг хүн өнгөрчихлөө гэхэд бол тэр хүнийг гаран гартал дэргэд нь байгаа айлын хүүхэд багачууд, өөрсдөө тэр гэрээс цухуйхгүй, халуун мөрөөр нь гарахгүй тиймээ. Одоо тэр л юмыг яван явтал цээрлэдэг. Аа тэгээд тэр өнгөрч байгаа хүнээ одоо гаргаж аваачиж тавьдаг хүн нь тусдаа “яс барьдаг хүн” нь тусдаа байсан. Тийм, хошуу нутагт яс барьдаг хүн тусдаа. Өөр хүн, ямар ч хүн өнгөрсөн юманд гар хүрэхгүй. Тэр яс барьдаг хүн л ирж тэр ёслолыг шөнө дөл цагаар одоо ёсыг гүйцэтгэж аваачиж гаргадаг, тавьдаг тийм уламжлалтай байсан даа.

Цэцэгжаргал -

Яс барьдаг хүмүүс гэж өөрсдөө сайн дураараа болдог байсан юм уу?

Сахийя -

Яахав тэр одоо шашин гэдэг чинь одоо... одоо яс барьдаг хүн гэдэг чинь одоогоор бол энэ “зодыхон” гээд одоо хураад байна шүү дээ том дамартай улсууд тиймээ, энэ лүүжин тавьдаг улсууд. Аа энэ лүүжин тавьдаг улсууд чинь одоо тэр өнгөрсөн барьсан тийм хүмүүсийг номын хүчээр гэж хэлэх үү дээ та нарт, одоо хойд насны буян хийж ийш нь тийш нь болгож одоо ингэж, ялгадаг тавьдаг ийм цэгцтэй байсан даа. Тэгэхээр лам нар гээд одоо энэ хурлын лам нар гээд, лам захтай хүн гээд л одоо энэ өнгөрсөн хүнийг аваад явж байдаг, өнгөрсөн хүний толгой дээр хонх дугаргаад тэр болгон оршуулган дээр очсон тэгээд байх уг нь тийм юм биш. Дандаа тус тусдаа ялгаатай. Энэ чинь хоорондоо тийм ялгаатай байхгүй юу. Зод, лүүжингийн хүмүүс гэдэг нь одоо тэр өнгөрсөн хүнээ одоо тэр гарах газар уруу нь гаргаж, одоо тэр хойдох урдахыг нь хийдэг даадаг. Аа энэ лам нар нь болохоор хойд насны буян, төрлийг нь сууж байж хурал номынхоо газар уншдаг. Иймэрхүү ялгаатай байдаг байхгүй юу.

Цэцэгжаргал -

Таныг хүүхэд байхад яаж оршуулгын ямар зан үйл үйлддэг байсан бэ?

Сахийя -

Яахав дээ, тэр үед чинь одоотой адилхан одоо энэ хайрцаг майрцаганд хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд бас эвхдэг, өнгөрсөн хүний эвхэж тавьдаг ёс гэж бий л дээ. Эвхэж тавиад, эвхдэг. Эвхээд цагаан даавуунд одоо хучаад, тэгээд одоо хар эрээн дээсээр ороогоод ингээд авч явдаг. За тэгэхээр одоо монголчууд чинь одоо энэ хар эрээн дээс мээсэн доогуур, дээгүүр гарахгүй гэж их цээрэлдэг чинь гол нь тэрэндээ байхгүй юу. Хар эрээн юмны доогуур ер нь гарах дургүй. Хар, улаан юмыг их цээрлэдэг. Тэр одоо өнгөрсөн хүний үйл ажиллагаанд оролцдог, муу юманд оролцдог учраас тэрнийг чинь цээрлэдэг байхгүй юу. Тийм, тэгж эвхэж гаргадаг тийм л байсан.

Цэцэгжаргал -

Эвхэж давуунд ороогоод ил тавьдаг байсан ёс хэдийнээс өөрчлөгдсөн бэ?

Сахийя -

За тэр чинь одоо мөн л одоо нэг 1950 хэдэн он энэ тэрд бол хэвээрээ, одоо тэр ил тавьдаг заншилаараа л тавьж байсан шүү дээ. Ер нь 1960 хэдэн оноос л хойш арай өөр болж эхэлсэн шүү дээ. Тийн, арай л тэр цэвэр, одоо бас тэгж л гаргадаг, оршуулдаг... байгаль дэлхийдээ арай л дээр үеийнхийг бодвол арай л цэгцтэй тавьдаг болсон байх хайрцаг саванд хийгээд.

Цэцэгжаргал -

Социализмын үед баримталж байсан оршуулгын зан үйл шашин ном дэлгэрсэн 1990-ээд оноос хойш өөрчлөгдсөн үү?

Сахийя -

За яахав, тэр хооронд ялгаа байгаагүй. Тэгэхдээ яахав тэр хүн өнгөрөхөд чинь зайлшгүй л цагтай минуттай одоо тэр цаг заасан барьсан ёс нь байх л даа. Тэгээд тэр үед тэр ёсыг дагаж чадаагүй байх л даа социализмын нийгмийн үед. Яахав нууцаар яахав мэддэг хүмүүс нь мэддэг хүнээс нь асууж барьж байгаад тэгээд л болгодог л байсан байх.

Цэцэгжаргал -

Шашин ном дэлгэрсэнээс хойш шашны дэг жаяг нилээн орсон уу ?

Сахийя -

Одоо орж эхэлж байгаа байх л даа. Одоо бол хүнээс асуудаг, сурдаг. Одоо тэгэхгүйгээр одоо аваачаад шингээчихдэг, газар дэлхийдээ орхидогоо больсон байх аа.

Цэцэгжаргал -

Та ер нь ардчиллын талаар ямар бодолтой байдаг вэ, ардчиллын үед ямар ажил хийж явсан бэ?

Сахийя -

За одоо ардчилал... би чинь одоо...энэ ардчилал чинь 1990- оноос хойш гараа биз дээ. Тэрнээс хойш бол тэтгэвэр, пенсэндээ гарчихсан өвгөн, ёстой ажилгүй болсон байсан даа. Малтайгаа л байдаг байлаа.

Цэцэгжаргал -

Ардчиллын үйл явцыг танай нутгийн хүмүүс, та ер нь юу гэж хүлээж авч байсан бэ?

Сахийя -

За яахав дээ тэгээд, одоо нийгэм өөрчлөгдөх юм байна л гэж бодож байсан даа. Тэгэхдээ одоо тэгээд сайн мууг нь үнэндээ ялгахгүй л. Миний хувьд бол, бидний хувьд бол сайн муугийн ялгааг нь мэдэхгүй байсан байхаа даа. Ойлголт муутай л байсан байх.

Цэцэгжаргал -

Ардчиллын үйл явцад та оролцсон уу?

Сахийя -

Тэрэнд, аль аль талд нь ороод байсан юм байхгүй дээ.

Цэцэгжаргал -

Ардчилал эхлэж байх үеийн таны амьдрал ямархуу байсан бэ?

Сахийя -

Тэр тухайн үед үү? Яахав дээ тэр үед чинь одоо нийгмийхээ дагуу байсан хэмжээндээ бол яахав, хувийнхаа хэмжээнд бол яахав дээ өөртөө бол болж л байсан даа.

Цэцэгжаргал -

Таны хувийн амьдралд ардчиллын үйл явц ямар нөлөө үзүүлсэн бэ, ардчиллаас хойш таны амьдрал яаж өөрчлөгдөв?

Сахийя -

Яаж өөрчлөгдсөн гэж үү. Яахав, би тэр үед яахав дээ одоо социализмын, хуучин нийгэмд байхдаа бол би өөрөө толгойгоо дааж үр хүүхдээ өсгөж, одоо би өөрөө л амьдархын төлөө гол зүтгэж байсан болохоор тэр нийгэм бол надаа бол тэгээд болоод л өнгөрсөн. Аа одоо энэ нийгэм, одоо ардчилал гарснаас хойш чинь дараагын үе шатыг одоо манай хүүхдүүд хүлээж авсан л даа. Тэгээд хүлээж аваад одоо ингээд харж байхад бол мөн л одоо яахав хоногийн хоолтой, нээх айхтар дээшээ гараад юм бүтсэн юм байхгүй. Аа гэхдээ бол мөн л одоо амьдрах, энэ нийгэмд бол залуу хүмүүс та нар шиг хүмүүс бол учир зүйгээ олоод, ухаанаа олоод сэтгэж чадаж байх юм бол амьдарч болноо энэ. Хамгийн болох нийгэм гэж бодож байгаа. Даан ч одоо настай болчихлоо. Энэ нийгэм бол сайхан нийгэм. Дээр үед бол одоо гаднаа ингээд хувийн дэлгүүр, хоршоотой ингээд хувь хүн дуртай юмаа хийгээд ингээд байж байх цаг үе бас тэр үед байгаагүй шүү дээ. Тэр үед, хийх юмаа хийгээд, гишгэ гэсэн газар нь гишгэж хий гэсэн газар нь хийгээд л тэгээд л явж байсан. Харин тэгэхдээ бол мөнгө төгрөг, цалин хөлс бол... ажилгүйдэл гэж байгаагүй л дээ. Одоо өргөжсөн л дөө. Одоо өргөжөөд байна л даа. Дээр үед яалаа гэж ингэж, ингээд хүмүүс хүлээгээд ингээд байж байхгүй шүү дээ. тэр чинь нууцаар л уулзаж, учирдаг л байсан. Тэгэхдээ яахав би өөрийнхөө л одоо... сонирходог юм л даа өөрийгөө бодоод. Тэр бодлоо хэлэхэд бол одоо энэ ардчилсан нийгэм, одоо энэ шашин гарахын арай түрүүхэнтэй одоо хэдэн жилийн өмнөөс бол одоо энэ ард түмний сэтгэл санааны асуудал тиймээ, энэ шашныхаа урсгал уруу аягүй их хүчтэй одоо гарч ирсэн. Ер нь дийлдэхээргүй, ерөөсөө ямар ч одоо ухуулга, дээрээсээ шашны ухуулга тийм юм байгаагүй байгаагүй тийм байхад энэ хүмүүс одоо дээрээсээ, доороосоо юмыг асуудаг сурдаг, ердөө ном уншуулах барих гэдэг одоо нэг иймэрхүү болсон байсан даа. Тийм, надад бол тэгж мэдрэгдэж байсан. Ерөөсөө сүүлдээ дийлдэхээ больсон хүн гэдэг чинь ерөөсөө яаж ч нууж хавчаад одоо дийлдэхээ байсан. Тэгээд сүүлдээ одоо нөгөө хээгээ барна гэдэг болоод байсан шүү дээ. Тэгээд одоо манай, миний нэг сайхан ухаалаг сайхан хадам ээж байсан юм л даа. Тэгээд намайг тэгж байсан юм “за манай хүргэн, за чи энэ хэтэрхий айхтар ил тод болчихлоо шүү. Чи ч нэг өдөр нэг шоронд явнаа” гэж тэгж надад хэлж байсан байхгүй юу. Тэгээд би чинь өөрөө мэдэж л байсан даа “болохгүй нийгэмд болохгүй юм хийж байна” гэж би өөрөө айхтар мэдээд байгаа байхгүй юу. Тэгэхдээр хүн одоо тэр үед хэдийгээр мэдсэн ч гэсэн хүн одоо намайг дийлдэхгүйгээр намайг ингэж ирж цуглаж байсан л даа. Тийм л үе байсан. Тэгээд яахав, одоо бол яахав тэр чинь шашин юм өргөн хүрээтэй болчихлоо л доо, тийм ээ.

Цэцэгжаргал -

Социализмын төгсгөл, 1980-аад оны сүүл үеээр л хүмүүс шашны зан үйл хийдэг, хүн амьтнаас асуудаг болж эхэлсэн юм уу?

Сахийя -

Ай, аягүй асуудаг болсон. Тийм, тэр чинь шашины сурталчилгаа, шашины үйл ажиллагаа энэ тэр чинь нэвтрээгүй яригдаагүй байсан үе шүү дээ. Тийм, тэгэхэд л гэнэтхэн л ерөөсөө дийлдэхээ байсан юм шүү дээ.

Цэцэгжаргал -

Яагаад тэгэх болсон юм бол?

Сахийя -

Одоо мэдэхгүй, тэр цаанаасаа бас ямар учиртай байдаг юм дээ. Тэрнийг л би их сонирходог байхгүй юу. Хаа газар явж байхад тийм л болсон байсан юм.

Цэцэгжаргал -

Сонин юм тийм ээ?

Сахийя -

Тийм, сонин байсан.

Цэцэгжаргал -

Тэр үед үздэг хардаг, ном уншдаг хүмүүс нилээд нууцлагдмал байсан гэсэн. Тэр хүмүүстэй яаж уулздаг байсан юм?

Сахийя -

Яахав дээ, нэг нууцгайхан газар, одоо тэгээд шөнө мөнө одоо тэгж нууцаар л очдог байлаа. Тэгээд сүүлдээ одоо яахав нэг нэгнээсээ... та хоёр /жишээ нь/ надад хэрэгтэй хүн байхад өдөр ирээд суучихна. Нэг нэгнээсээ эмээгээд өдөржин суучихна ш дээ. Тэгээд баахан улсууд байж л байна. Суугаад л байна хэрэг нь бол яахав нэг л хэрэгтэй /юм асуух гэж л ирсэн/. Тэгээд нэгнээсээ айгаад л өдөржин сууна. Тэгсээр байтал шөнө болно, тэгээд уул хаданд аваачина, одоо тэгээд л ажлаа бүтээдэг л байсан даа, тийм л байсан.

Цэцэгжаргал -

Тиймэрүү нууцлагдмал байсан зүйл маань 90-ээд оноос хойш өөрчлөгдсөн юм байна тийм үү?

Сахийя -

Ай тэгэлгүй яахав, өөрчлөгдөлгүй яахав. Одоо чөлөөтэй болоод байна ш дээ. Тэгээд тэр үед бол яахав юм үздэг хардаг, одоо тэгж яадаг хүн маань тодорсон хүн маань, ил гарсан хүн нь цөөхөн байлаа ш дээ. Цөөхөн, маш ховор. Мань мэтийн жаахан тэнэгдүү ухаантай нь хамаагүй явж байсан болохоос биш. Одоо бол яахав юм мэдэхгүй хүн ч гэж байхаа байж, мэргэн түргэн хүн гэдэг нь ч замгүй болж. Бөө, зайран нь ч олон болж, лам нар ч яахав шашин хөгжөөд байхад байлгүй яахав хөөрхий. Тийм л болчоод байна шүү дээ.

Цэцэгжаргал -

Ардчилал монголчуудын амьдралд ямар үр нөлөө үзүүлсэн юм бэ ?

Сахийя -

За даа мэдэхгүй юм, Яахав амьдралын түвшин бол энэ ардчилал гараад одоо ч гэсэн, одоогоос хойш ч гэсэн нээх айхтар доройтохгүй байх гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхлээр амьдралд бол бас сэргээх нөлөөтэй л нийгэм гараад байгаа болов уу гэж боддог юм.

Цэцэгжаргал -

Ардчилал гарч байх үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс ардчилалын үйл явцад ялгаатай оролцож байсан уу?

Сахийя -

Үгүй ээ, тэр тийм юм байгаагүй байхаа. Үгүй үгүй.

Цэцэгжаргал -

Ардчилал эхлэх үед таны амьдарч байсан сумыхан хэрхэн хүлээж авсан бэ?

Сахийя -

За одоо дотроо яаж байсан юм. Тэр бол надад мэдэгдээгүй дээ. Одоо энэ нийгэм өөрчлөгдөх нь яахав билээ ийх билээ, одоо ч өнгөрсөн барьсан гэсэн доош нь татах юм бол миний чихээр ороогүй. Тийм, тэгээд дотороо хувь улсууд юу гэж бодолтой байсан юм.

Цэцэгжаргал -

Та өөрийхөө бага насны талаар ярихгүй юу?

Сахийя -

За одоо хүүхэд насны талаар юу хэлэх вэ дээ, юу ярьдаг юм дээ одоо.

Цэцэгжаргал -

Таны хүүхэд нас бусад хүүхдүүдээс юугаараа ялгаатай байсан юм бэ?

Сахийя -

Хэхэ бусад хүүхдээс ялгаатай юм надад юу байхав дээ. Адилхан л хүний хүүхдүүдтэй адилхан л хүүхэд байсан байх л даа. Тэгэхдээ яахав, надад яахав... настай улсуудын ярьж байснаар бол би нэг багадаа нэг их үстэй л хүүхэд байсан юм. Учиргүй их үстэй, тэгээд одоо би сургуульд орсон хойноо үсээ тариулсан л даа. Тийм, нутгийн ард түмэн одоо ч мэднэ, ярьдаг. Тэгээд нэг гурав салаалаад гөрчинө. Миний үс нэг гутлыхаа өлмий хүрээд байдаг тийм үстэй, тиймэрхүү л хүүхэд байсан юм үс нь. Аа тэгээд тэр үс яахав тийм урт ургасан үс байж болно. Тэрэн дотор нэг тийм одоо тийм бөөрөнхий одоо үрэл шиг тийм үснүүд ургасан юм. Тийм үрэл, одоо ийм бөөрөнхий хатуу үрэл шиг ийм. Тэгээд тэр нь урт их шилбэтэй ингээд үсэн дотор ингээд унжаад байдаг. Учиргүй үсэн дотор замгүй тийм үрэл шиг урт иштэй тийм юм ургачихсан юм. Тийм байсан. Хүүхэд чинь эрхлэнэ тоглоно, оочино босно, юм хуман доогуур гарна тйимээ орно. Тэгэхэд бол тэр ердөө тээглэх барих гэж тийм юм байдаггүй, түүртдэггүй. Тийм их үсэй тийм нэг хүүхэд байсан юм л даа. Тэгээд тэрнийг нь улсууд их... одоо ч гэсэн... настангууд их сонирходог байлаа. Тийм үстэй хүүхэд байсан гээд ярьдаг байсан юм. Тийм онцлог нь бол үсээр бол арай илүү онцлогтой хүү хүүхэд дотороо, тийм байсан. Тэгээд тэр үсийг бол яахав, сүүлд одоо яахав бүрлээч маань, багш маань одоо А заасан багш маань “сургуулийн хүүхэд одоо ийм их том, их үстэй байж болохгүй. Одоо үсийг чинь авна” гээд нэг очиход багш маань, бүрлээч маань хайчлаад авсан даа. Тийн, тэгээд харин тэр багш бол сайн багш байсан байх. Тэгээд аваачаад хая гээд хаяуулаагүй. Эжийдээ аваачиж өг гээд цаасанд цуглуулаад, тэгээд би үсээ бариад л ээждээ барьж очиж байсан юм “үсийг маань авчихлаа” гээд. Тэгээд тэр үсийг маань өнөө нутаг оронд хүмүүс үсний залгаа хийе гээд байдаг л байсан. Одоо байхгүй болсон уу яасан. Тийм үсээр бол тийм л онцлог, ялгаа байсан даа.

Цэцэгжаргал -

Та дотуур байртай сургуульд байсан уу, гэрээсээ явдаг байсан уу?

Сахийя -

Гэрээсээ явдаг байсан

Цэцэгжаргал -

Таны үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ ямар зарчим баримталж хүмүүжүүлдэг байсан бэ? Таны ээж аав хоёр таныг ямар зарчмаар хүмүүжүүлсэн бэ?

Сахийя -

За би ч одоо гэр дотроо... бас тэр үед хүүхэд гэдэг маань цөөвтөр байлаа айлд. Айлд ер цөөвтөр байсан шүү дээ. Ганц нэгэн айлд олон хүүхэд байдаг. Тэгээд манайх чинь бас хүүхэдтэй л айлын тоонд орж байсан юм шиг байгаа юм. Тэгээд би ч яахав бас ах нар, эгч нар намайг бол хүн болгосон юм шиг байгаа юм. Хээгүйхэн тэгээд явж өнгөрсөн дөө. Манай аав ээж хоёр бол... би ер нь аав ээж хоёрыг зодож байсныг мэддэггүй юм байна. Тийм, нэг их айхтар зоддоггүй хүүхдээ. Тийм хүн байсан байх гэж боддог юм. Тэгж байгаад л ирсэн дээ. Тэгээд дээр үеийн улсууд... одооны хүүхэд ч бас... тэр үеийн багш нар энэ тэр ч бас хүүхдийг загнадаг барьдаг тиймээ. Янз бүрээр тэгэхгүй, ингэхгүй гэдэг тийм юмнууд байсан даа. Тийм одоо бол тоохоо больж. Бид бол багш нартаа загнуулж л байсан, зодуулж л байсан. Янз бүрээр л явж байгаад ном үсгийг сурсан байх. Тэгээд өнөө болоод явж л байна л даа.

Цэцэгжаргал -

Тэр үед эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харьцаа ямар байсан? Эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаад ямар өөрчлөлт гарав аа?

Сахийя -

За тэр үед ч яах вэ, ээж аав үр хүүхдийн хооронд ёс жудаг гэж бас нэг юм байсан л даа энэ нь аав юм байна, энэ нь ээж юм байна гэсэн. Тийм ээж ааваасаа нуудаг ч юм байсан. Би бол, бидний үеийхэн бараг тийм юм байгаа байх. Ер нь орой болтлоо бол ээж ааваасаа нуудаг, одоо нуух гэж ухаан алдчихдаг. Барагтай л юм аа нуудаг тийм л байсан. Ээж аав ч гэсэн тэр хүүхэд багачуудынхаа дэргэд янз бүрийн юм ярихгүй. Гаднаас ирсэн настангууд ч гэсэн одоо тэр биднийг чинь хөөж гаргаж байгаад л өөрсдийхөө юмыг ярьдаг байсан тийм цаг үе байсан ш дээ. Одоо бол тэгээд ээж нь ч ээж, аав нь ч аав, хүүхэд нь ч хүүхэд ердөө тэгээд дундаа л байгаа. Тэр аав, ээжийн ёс байдаг, тэгээд эгч дүү ах дүүгийн хоорондын ялгаа энэ тэр гээд. Зарим сайхан улс ч байна л даа дэгтэй дэглэмтэй өсөж байгаа, ёс жудагтай. Тэгээд зарим нь бол одоо ихэнх нь тэр бол, ёс зан заншил бол алдагдчихаад байгаа юм даа. Тийм, нуух хаах юм байхгүй болсон, нууж хаагаад ч яах юм. Нэгт одоо кино, зурагт телевизор бүх юм нь чинь бүх юмны сайн муу бүх юм нь ил тод ингээд харагдаад байгаа болохоор тэрнийхээ дагуу тийм юм болчихдог ч юм уу. Зарим нь ч бас эх эцэг, үр хүүхдүүдийхээ дунд харьцмааргүй юм, хиймээргүй юм, хэлмээргүй юм бас харагдаж л байдаг шүү. Түүгээрээ бол хамаагүй зөрөөтэй л дөө. Дээр үеийн ёс заншил гэдэг чинь их нарийн байсан юм чинь. Настай хүний дэргэд хүүхэд суугаад байвал хөөгөөд гаргачихдаг, урдуур хойгуур гүйх байтугай тийм байсан юм шүү дээ. Одоотой тэр 2... дээр үеийн хуучны заншил одоогийн ахуй заншил бол шал өөр болсон шүү дээ.

Цэцэгжаргал -

Таныг бодлоор монгол хүүхдүүдийн амьдрал яаж өөрчлөгдөв, хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

Сахийя -

Хүүхдүүдийн амьдрал яахав, одоо хүүхдүүдийн амьдрал, оюун сэтгэхүй бол аягүй их хөгжсөн байгаа юм даа. Тийм, одоо энэ багаасаа хүүхдийн сэтгэхүй хөгжсөн. Одоо бидний ер нь 10-аад насны ном суръя гэж ядаж байсан юмыг одоо 5, 6-тай хүүхдүүд төвөггүй сурдаг болсон байна шүү дээ. Тийм, оюуны сэтгэхүйн хувьд бол хамаагүй өөрчлөлт орчихсон юм шиг байгаа юм , тийм. Тийм л юм байх юм байна шүү дээ. Би бол тэрнийг л гайхдаг. 5, 6 настай цэцэрлэгийн хүүдүүдэд мэдэхгүй юм гэж байхгүй болсон байсан шүү дээ. Дээхэн үед чинь бид бол 5, 6 настай хүүхэд чинь юм мэдээхээсээ, ээж ааваасаа гараагүй юмнууд байж байгаа шүү дээ. Яахав дээ тэгээд хүүхдүүдтэй харьцааны хувьд нээх өөрчлөлт гараад байх юм ч юу байхав дээ. Байдаг юм байдгаараа л байдаг л юм байгаа биз дээ. Тэгээд зарим хүүхдэд бол яахав, одоо уг нь энэ хүүхэд ...зөв л харьцаж, хүнтэй зөв л харьцаж байх хэрэгтэй байгаа юм. Тийм сайхан харьцаатай хүүхдүүд ч байна. Тэгээд цэцэрлэгээр дамжсан, сургууль соёлоор дамжчихсан одоо ингэж байгаа хүүхдүүд бол ер нь одоо харьцааны соёл бол зөв л байх хэрэгтэй байх л даа тээ. Тийм, тэрэн дээр бол арай хүрэхгүй байдаг байх. Бидний үед тэгж олон юм дамжиж юм байхгүй. Цэцэрлэг гэж байсан биш, ясли гэж байхгүй. Гэнэтхэн л одоо за нас чинь болсон гээд л аваачаад сургуульд оруулчихаж байгаа юм чинь. Тэгээд том том болсон 8, 9 хүрсэн зантайсан юмнууд л ном заалгах гээд л суудаг байсан шүү дээ. Тийм, тийм л байгаа юм ш дээ.

Цэцэгжаргал -

За, хүүхэд насны талаар, итгэл бишрэлийн талаар, байгаль орчны өөрчлалтийн талаар сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Сахийя -

За, зүгээр зүгээр.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.