Tömörpürev


Basic information
Interviewee ID: 990575
Name: Tömörpürev
Parent's name: Sanjaa
Ovog: Örgön
Sex: m
Year of Birth: 1942
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: rural economy production advisor
Belief: Buddhist
Born in: Ih uul sum, Hövsgöl aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
herding / livestock
education / cultural production
travel
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу? Төмөрпүрэв гуай

Төмөрпүрэв -

Сайн.Сайхан хаваржиж байна уу?

Дэжид -

Сайхан. Өнөөдөр 2010 оны 5-н сарын 27-ний өдөр Хөдөө аж ахуйн салбарт нилээн удаан хугацаагаар ажилласан Төмөрпүрэв гуайг “Кембриджийн их сургуул”-ийн Ази судлал антропологийн танхимаас явуулж байгаа Монголын 20-р зууны түүхийн аман төсөлд өөрийн ажил амьдрал,түүх намтраас ярьж өгнө үү гэж урьсан урилгыг минь хүлээн авч ирсэн таньд баярлалаа. Ярилцлага эхлэхээс өмнө таниас тодруулах ганц хоёр асуулт байна. Нэгдүгээрт Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Төмөрпүрэв -

Шаардлага байхгүй.

Дэжид -

Бид хоёрын ярилцлага,тухайн үеийн түүх намтрыг түүх судлаачид, эрдэмтэд арав, хорин жилийн дараа өөрийн судалгаа шинжилгэээний материалд ашиглах, хэвлэл мэдээлллийн хэрэгсэлд ишлэл болгох ч юмуу, өөр байдлаар ашиглах эрхийг та Кембриджийн их сургуульд олгож байна уу?

Төмөрпүрэв -

Болноо.

Дэжид -

Таны бага нас, төрсөн нутаг ус, эцэг эх, ах дүү ямар хүмүүс байсан, бага насаа хэрхэн яаж өнгөөрсөн, хэдэн онд сургуульд орсон гээд өөрийнхөө түүхээс ярьж өгнө үү?

Төмөрпүрэв -

Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул хүн. 1942 онд Их-Уул сумын тухайн үеийн нэгдүгээр багын нутагт “Дэрхийн ам” гэдэг газар төрсөн. 1954 он хүртэл төрсөн нутагтаа аав ээж дээрээ мал маллан өссөн. 1950 онд бага сургуульд анх орсон. Найман настай оруулдаг байсан. Манай аав Хөвсгөл аймгийн төв Мөрөнгийн хийдэд лам хүн байсан. Төр засгийн бодлого шийдвэр өөрчлөгдсөн учраас аав гучин хэдэн настайдаа хөдөө гарч ирээд, ээжтэй гэр бүл болон мал маллаж амьдарсан. Би хамгийн ууган хүү нь байсан.

Дэжид -

Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

Төмөрпүрэв -

Тауулаа. Доороо дөрвөн дүүтэй. Багын даргаар дамжуулаад намайг сургуульд гэнэт дуудсан байсан. Тухайн үеийн багын дарга хэн байсныг би одоо хэлж мэдэхгүй байна. Тэр үеийн төр засгийн бодлого байсан учраас найман настай хүүхдийг сургуульд авч байсан юм билээ. Аав маань лам хүн байсан учраас эрдэм боловсролыг эрхэмлэдэг хүн байсан. Манайх мал ихтэй, хүн бүл цөөнтэй айл байсан. Тэгээд аав минь намайг явуулсан. Өнөө үед цэвэрлэгч юмдаа тэр үед сургуулийн галч айлынд суулгасан.

Дэжид -

Гэрээсээ зайтай юу?

Төмөрпүрэв -

Зайтай.

Дэжид -

Хэдэн км орчим бэ?

Төмөрпүрэв -

Хориод орчим км. Найман настай байсан болоод тэр үү гэрээ их санана. Аавыг морь авчраагүй байхад явганаараа ч гэсэн гэрлүүгээ оччихдог байсан. Голдуу намар юмуу хаврын цагт. Өвөл хүйтэнд явах аргагүй. Тэгээд нэгдүгээр ангид зарим үед малаа маллаад, заримдаа сургуульдаа яваад өнгөрөөсөн. Уг нь тэгэх ёсгүй байсан байхлдаа. Гэхдээ тэр үеийн малчны амьдрал тийм байсан. Сургууль бас үүнийг нь ойлгодог байсан юмуу араас нь нэг их хөөж туугаад байдаггүй байсан.Гучин таван үсгийг мэдээд бас бага зэрэг тоо хооронд нь нэмж хасаад нэгдүгээр ангийг төгсч байсан юм. Хоёрдугаар ангид нэгдүгээр ангийг бодоход хоног сараар илүү хичээлдээ суусан.Хөдөө мал руугаа гүйх нь арай багассан. Хоёрдугаар ангид “Чи тоон дээрээ жаахан хоцорсон байна. Монгол хэл дээрээ давгүй” гэж манай багш намайг үнэлж байсан. Тэгээд хоёрдугаар ангиа гайгүй дүнтэй төгссөн. Тэгээд гуравдугаар ангид орсон. Айлд биш дотуур байранд суусан. Тэр үеийн дотуур байр хоёр хар гэр байсан. Цагаан бүрээс байхгүй, хар эсгий гэр байсан. Дотор нь хэдэн модон ортой, цагаан хэрэглэл энэ тэр байсан байх гэж бодогдож байна. Баг багийн цөөхөн хүүхэд дотуур байранд байдаг байсан. Гэрээсээ хол байсан болоод ч тэр үү зарим үед өлсөх, зарим үед хүүхдүүдтэй маргалдах, тэгээд дөрөвдүгээр ангийнхан нь арай том байх гээд олон бэрхшээлтэй зүйлүүд тулгарч байсан. Тэгээд гуравдугаар ангийг гэр орондоо очихдоо очоод хоёрдугаар ангитай харьцуулахад арай дөнгүүр сурсан. Гуравдугаар ангийг онц төгссөн. Намайг төгсөхөд Хятадын их удирдагч “Мао Зидун’ гэсэн номоор шагнаж байсан.

Дэжид -

Тэр үед Хятадтай харьцаа сайхан байжээ.

Төмөрпүрэв -

Сайхан байсан. Би тэгээд маш их баярлаж байсан. Аав морь хөтлөөд ирэхэд би номоо үзүүлээд аав бид хоёр харьж байсан. Зуны амралтаар бол шувт малаа хариулаад л өнжинө. Хонь, үхэр, адуу гээд өөрийнхөө чадах хэмжээнд л явна.

Дэжид -

Танайх нилээн малтай байсан уу?

Төмөрпүрэв -

Малтай байсан. Гэхдээ өнөө үеийн баячуудыг бодоход юмгүй. Гэхдээ тэр үед 300, 400-н толгой малтай байсан.Таван хошуугаараа байсан болохор нэг айлд их ажил байсан. Бид нар багаасаа мал дээр өссөн болохоор сургуулиасаа мал дээрээ яваад оччихдог байсан.Өглөө нар тусангуут аав ээж дуудаад босгочихдог байсан. Одоо бодвол таван цаг байсан байх.Эрт л босдог байсан. Хүүхэд гээд их нойр хүрнэ. Хэд хэд дуудагдаад тэрнээс цааш өөрөө босоод ирдэг байсан. Ялангуяа хонь их хариулна. Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гээд уул уулаа дамжаад нүүгээд явчихдаг байсан.

Дэжид -

Өвөлжөө хаваржаа гэж өвөл хавартаа буухыг хэлж байна уу?

Төмөрпүрэв -

Тийм. Зун гучаад км газар очоод бууна. Нэг өртөө газар лдаа. Үхэр тэргээр нүүнэ. Заримдаа морин тэргээр нүүнэ. Жижиг хүүхдүүдээ тэр тэргэн дээрээ аав ээж хоёр суулгачихна. Би айлын том хүүхэд болохоор малаа тууна. Тэгээд зусландаа гарчихна. Зунжин хөл нүцгэн явна. Гутал хэрэглэхгүй. Өсгий сайхан зузаарна шүү дээ. Газар нь ч гэсэн сайхан ногоотой. Байгаль дэлхий өнөөгийнх шиг ийм халцархай улайдсан юм байдаггүй.

Дэжид -

Тэр үеийнхээс цаг агаарын байдал одоо өөрчлөгдсөн үү?

Төмөрпүрэв -

Хамаагүй өөрчлөгдсөн. Тэр үед хөдөө халцархай, улаадсан газар гэж байдаггүй байлаа. Хаа л бол ногоон. Хангай газар болоод ч тэр юм уу. Голын дов, булаг шандны довд зусдаг байсан. Тэнд зунжин хөл нүцгэн явчихдаг. Дээр үеэс тэгж ирсэн юм билээ.Бидний үеэс арай багссан юм биздээ. Намар намаг луу хөлөө хийхэд хөл даарна. Өглөө малын хэвтэж байсан газар очиж хөлөө дулаацуулдаг байсан. Мал хэвтээд хоносон газар их сайхан дулаахан. Өвдөгнөөс доогуур өвс ургадаг байсан. Байгаль дэлхий тийм сайхан байсан. Манай тэнд хангай газар байсан болохоор нэрс гэдэг хөх цэнхэр жимс, хад, гүзээлзгэнэ гээд жимснүүд ургана. Энэ жимснүүд зургаан сараас эхлээд долоо, найман сар гээд өөрийнхөө ургамлын үе шатаар болно. Тэрийг түүж идэх их дуртай. Малд явахынхаа чөлөөгөөр түүж иддэг байсан. Зуны амралтаар их зав чөлөөгүй өнгөрдөг байсан. Одоогынхоор бол их ажилтай байж хүүхэд байхдаа гэж би сүүлд боддог. Таван сард харина, есөн сард орж ирнэ. Тэр хооронд завгүй малаа харсаар байгаад, хөл нүцгэн гүйсээр байгаад л таарна. Мориор явна лдаа. Хангай газар уул хадан дундуур мориор явахад их хэцүү. Тэгээд би морио уулын бэлд чөдөрлөөд орхичихдог байсан. Хонь мал руугаа хад өөд гарчихдаг байсан. Хонинд явахад нэг гэцүү нь ямаа л хамгийн түрүүнд хадны дээр гарчихдаг байсан. Гэхдээ ямаа их сэргэлэн. Надад тэгж бодогддог. Нэг хашгираад дахиад нэг хүчтэй хашгирхад буугаад ирдэг. Би насаараа мал малласан биш. Бага насанд мал маллаж байсан болохоор миний малд явж байсан сэтгэл одоо болтол санаанаас гардаггүй юм.

Дэжид -

Та тэр үеийг яг зураг шиг л ярьж байна.

Төмөрпүрэв -

Хүн хүүхдээ хүмүүжилдэг шиг малд яаж хандана мал бас үг дуулдаг юм байна лээ.”Хааая” гээд гурав, дөрөв хашгирахад нөгөө дээшээ гараад байсан ямаанууд чинь доошоо гялалзаад л бууна. Мал маань тэгээд сүүлдээ надад дассан. Би сүүлдээ янз бүрээр хашгирч бас нэг аятай болсон. Тэр дотроос хурга байхаас нь дуудаад нэр өгчихлөөр дуудахад яг нохой шиг цойлоод гараад ирнэ.

Дэжид -

Бүгд нэртэй байх уу?

Төмөрпүрэв -

Цөөн хэд нэртэй. Тэр яагаад нэртэй байсан бэ? гэвэл хавар мал төллөхөөр аав ээж намайг мал дээр дуудаж гаргана. Хамгийн хүнд үе лдээ. Үнэндээ мал дийлддэггүй байсан. Эх нь гаргаад хөхүүлэхээ больчихсон юм уу, эх нь голоод хаячихсан өөр эх хөхөж өссөн, эсвэл бүр эхгүй болчихсон хурга, ишиг байна л даа. Тэднийг багаас нь угжиж хөхүүлээд нэр өгчихдөг байсан. Тэгээд том болсон хойно нь тэр нэрээр нь дуудахад хонин дотроос гараад ирдэг. Тэгээд болоогүй би тэдэнд мангир гээд малын хамгийн дуртай өвсийг зулгаагаад өгхөд тэд нар жигтэйхэн баярлаад гартай минь бараг идэх гээд дайрна. Би газар тавиад өгөхөөр үндсийг нь хүртэл иднэ. Тийм хайртай хурга, ишиг, төлөг манайд байлаа. Тэр хурга, ишигний зүс нь одоо хүртэл миний ой тоонд байдаг. Энэ бол би багаасаа малд их хайртай байсных юмуудаа.

Дэжид -

Тийм хүүхдийг чинь тэр үеийн хөгшид малд нүдтэй хүүхэд гэдэг байсан.

Төмөрпүрэв -

Тийм. Тэгээд их сонин. Айлын хонинд нийлсэн хонио би сайн олно. Майлахад манай хонины дуу надад мэдэгддэг байсан. Заримыг нь бүр нүдэлчихсэн. Энэ манай “хүрэн толгойт” байна гэхэд яг л байдаг. Жинхэнэ Монгол хүүхдийн хөдөөний дурсамж юмдаа. Манай аавын аав гэж бүх л бүтэн голыг эзлэн төрсөн нэртэй хүн байсан юм байна лээ намайг бага байхад. Тэднийх есөн хүүхэдтэй. Манай аав хамгийн том нь. Манай аавыг хамгийн том хүүгээ эрдэмтэй хүн болгоно гээд зургаан настай байхад нь хүрээн дээр суулгасан юм байна лээ. Жижигхэн гэрт зургаан настайгаас нь гучин хэдэн нас хүртэл нь суулгасан юм байна лээ. Аавын аав бол өнөөгийн жамаар л явж байсан хүн байна лээ. Шар юмуу морь хөллөөд жин тээчихдэг. Эндээсээ арьс шир авчихаад цаанаасаа бараа бүтээгдэхүүн олж ирдэг. Эсвэл хужир, давс, тамхи, даавуу, өмсөх хувцасны материал авчирдаг. Манай нутгийнхан цайг хужир, давстай уудаг. Их жин тээдэг хүн байсан юм байна лээ.

Дэжид -

Одоогоор бол том бизнесмэн хүн байж.

Төмөрпүрэв -

Тийм хүн байсан. Манайх 300,400 гаран малтай байсан. Тэгэхэд тэднийх 2000 гаран малтай байсан. Өвөлжөө хаваржаа нь дээд, дунд, доод гэсэн тийм гоё хашаанууд байсан намайг хүүхэд байхад. Мал төллөх болохоороо дээд хашаан дээрээ очдог, өвөл дундахдаа байдаг, намар хамгийн доод хашаандаа байдаг. Зун болохоор урд талдаа зуслан гэсэн газартай. Ингээд дөрвөн хашаатай их айхтар хүн байсан. Таван хошуу малтай. Манай тэнд тэмээ ховор. Тэднийх тэмээ, ямаа, үхэр, адуу, хонь гээд таван хошуу малтай байсан. Тэр нутагладаг газрыг нь “Жавар” гэдэг байж. ”Жаврын Ёндон” гуай гэдэг баян хүн байсан. Тэр хүний үр сад есөн хүүхэд нь бүгд сайн явсандаа. Манай аав лам байж байгаад сүүлд мал дээр гарсан учраас хар ажилд эв дүй муутай хүн байсан. Номоо л голлодог байсан. Ардын засгийн үед удирдагч Чойбалсан гуайгаас шагнал өгүүлж байсан. Улсдаа ч их нэртэй хүн байсан юм байна лээ.

Дэжид -

Өвөөд үү?

Төмөрпүрэв -

Тийм.

Дэжид -

Их ажилсаг хүн байж.

Төмөрпүрэв -

Тийм.

Дэжид -

Тэр их малыг маллаж үр шимийг нь хүртэнэ гэдэг их л ажилсаг хүн байж. Туслах малчинтай байсан болов уу?

Төмөрпүрэв -

Өөрсдийнх нь ах дүү, төрөл садангууд тусладаг байсан. Найм,есөн хүүхэдтэй байсан болохоор хүүхдүүдээ томрохоор ажиллуулж байсан юм байна лээ. Тэр хүн мал маллаж, наймааа хийхээс гадна тариа тарьдаг байсан юм байна лээ. Ер нь их элдэвтэй хүн. Миний төрсөн нутагт “Шимийн” гол гэж байсан. Манай аав лам хүн байсан ч тэр жишгээр жаахан газар улаанбуудай,арвай тарьсан. Би тав, зургаан настай байсан байх аавыгаа дагаад тэр тариагаа багц багцаар нь хатааж тавьдаг байсан. Тэгээд гэрийн буурь шиг газар шар үхрээрээ эргүүлээд нэг ёсондоо цайруулж байгаа юм.

Дэжид -

Одоо тээрэм гэсэн үг үү?

Төмөрпүрэв -

Тийм. Шууд малын хөлөөр. Үтрэм нь толь шиг цэвэрхэн байсан болохоор хамаад авхад болдог юм байна лээ. Тэгээд гараараа барьж байгаад салхинд хийсгээд будааг нь ялгаж авдаг. Тэр хүнийг маш их ажилсаг хүн байж гэж би сүүлд нь бодож явдаг. Тарьсан будаагаараа гурил тээрэмддэг байсан. Тэгээд цагаан сарын гурил хийдэг.

Дэжид -

Тэр үед гурил маш ховор байсан уу?

Төмөрпүрэв -

Тэгэлгүй яахав. Тэр гурилнууд нь бас янз янзын нэртэй байсан. Би тэрийг нь тогтоож чадаагүй. Аав ярьдаг байсан. Чулуун тээрмээр морины хүчээр эргүүлж гурил гаргадаг байсан. Тэр хүн тариа тарьдаг, гурил гаргадаг, худалдаа наймаанд явдаг, малаа малладаг хүн байсан. Би үүнд бахархаж явдаг. Намайг бага байхад аав ажилд сургаж байсан. Багадаа ээж аавдаа тусалж байсан учраас хэдийгээр би сургуульд байсан ч сүүлд мал дээр гархад түгдэрдэггүй. Бас хадлан хадна. Ийм ажлууд зун нь хийчихээд дөрөвдүгээр ангид орж байсан. Тэгэхэд хүүхдүүдийн нас нь янз бүр байсан. Зарим нь надаас том 14,15-тай ч байсан. Тухайн үед бүгдийг нь хамруулаад боловсрол эзэмшүүлж байсан байх. Дөрөвдүгээр ангид гэрээсээ ч явж байсан, байранд ч байсан, айлд ч байсан. Ер нь хичээл таслахгүйг хичээсэн. Заасан хичээлд их зүтгэлтэй байсан болохоор багш надад сайн байсан. Багш төгсөхөд Төмөрпүрэв шиг мэдэж байвал яах вэ? Гэж хэлж байсан. Тэр үед дөрөвдүгээр ангид тав,зургаан хичээл ордог байсан юмуудаа. Монгол хэл, Математик, Түүх гурваас багш асууж байсан. Би тэрэн дээр нь түгдрэхгүй хариулж байсан юм байлгүй дээ намайг чи үнэхээр ингэж сайн мэдээд байгаа юм уу гээд нилээн хэдэн сэдэв угсруулаад асуусан. Би тэгэхэд асуусанд нь хариулж чадсан. Тэр үеийн багш нарын шаардлага өндөр байсан. Багш өдөр болгон л асууна. Урд өдөр заасан хичээлийг дараа өдөр хүүхдийг алгасахгүй л асууна. Яаж хичээлийн цаг нь амждаг байсан юм бэ? Багш маш өндөр шаардлага тавьдаг байсны илрэл тэр байх. Бид нар чадлаараа хичээдэг байсан. Гадуур дотуур гүйж дэлгүүр хоршоогоор орох, кино үзэж байгаагүй. Кино ч ховор байлаа. Хааяа нэг ирж гаргана. Тэр нь хар кино л байсан.

Дэжид -

Явуулын кино гарах уу?

Төмөрпүрэв -

Тийм. Их ховороо. Сардаа нэг ирж байсан юм уу. Над шиг хөдөө төв хоёрын хооронд гүйж байдаг хүүхдэд тааралдахгүй. Сургууль дээрээ хичээлээ,хөдөө бол мал гэдэг л байсан. Зарим хичээл нь хүнд байсан юмуу би цээжилдэг байсан. Маш их зүтгэж байсан. Үнэхээрийн суръя, мэдье гэсэн зорилго байж. Аав ээж хоёр багш нь яаж байна, чи ямар авав гээд ирэхэд байнга асуудаг байсан.Онц авлаа гэхэд ээдээ сайн байна. Юуны тулд чи тэр төв лүү мал хаяж явлаа гэдэг байсан. Аав ээжийн шахалт, багш нарын шаардлага, өөрсдийн хичээл зүтгэл бий болсон байх. Ийшэээ тийшээ явах, хүүхдүүдтэй тоглох бидэнд бага байсан. Хааяа резинин бөмбөг өшиглөнө. Үндсэн хичээлээс гадна багшийн давтлага гэж байна. Багш өөрөө санаачлагаараа хийнэ. Захирал тэг гэлээ гэж надад дуулддаггүй байсан. Та нар улс орондоо мэргэжлийн хүмүүс болно. Ийм юм мэдэхгүй бол энд байгаад ч хэрэггүй гэж бидэнд сайн ойлгуулдаг байсан. Аав ээжийн чинь итгэлийг хүлээж бид энд та нарт юм заах гэж сууж байгаа. Чадахгүй хүүхдүүд дээр өөр шаардлага тавьдаг байсан. Овоо сурлагатай хүүхдэд хоёр,гурван хүүхэд багш даалгаж өгнө. Давтлаганы дараа бид нарт хичээлдээ тааруу хүүхдүүдийг хуваагаад өгчихдөг байсан. Би байрандаа ирээд нөгөө хүүхдэдээ чи яг ингээд бич гэж заана. Тэгээд маргааш нь багшдаа энэ хүүхэд ингэж юмаа хийсэн гэж хэлнэ. Наад хүүхдийн чинь энэ бас болохгүй байгаа. Чи үүнийг нь хэлж өг. Би чиний дүнтэй ярина шүү гэж байсан.

Дэжид -

Туслах багшийн ажил хийж байж.

Төмөрпүрэв -

Тийм. Тэрүүндээ би бас урамшина. Ийм байдлаар бид нар бага сургуулийг төгсөхөд нилээд юм сурч төгсдөг байсан юм боловуу даа гэж сүүлд боддог. Арван хэдэн хүүхэд төгсхөд хоёрхон хүүхэд онц төгсч байсан. Сумандаа дөрөвдүгээр ангиа төгсчихөөд Хөвсгөлийн Тариалангийн сангийн аж ахуй дөнгөж байгуулагдаад байхад нь тэнд тавдугаар ангид орж байсан. Гэрээс жараад км. Яаж ч ирэх аргагүй болсондоо. Дотуур байранд орсон. Тэр хавийн тав, зургаан сумаас хүүхдүүд ирдэг байсан. Эхлээд багш нар солигдсон учраас эхэндээ хүнд л байсан. Учир нь нэг багш биш олон багш нар ордог байсан. Нөгөө ганц багшийн минь заасан юм зарим нь болохгүй, заримыг нь мэдэхгүй барьц алдаж байсан. Нэг,хоёрдугаар улиралдаа тиймхэн байж байгаад, дөрөвдүгээр улирлын шалгалтаа би онц өгч байсан. Монгол хэл, Математик гээд хэдэн гол хичээлээр авдаг байсан. Зургадугаар ангийг ч гайгүй төгсчихлөө. Сангийн аж ахуйд учраас долдугаар ангидаа аргагүй тарианд дайчлагдлаа.14,15-л хүрч байгаа хүүхэд шдээ.

Дэжид -

Тэр үед сурагчдыг тэгж дайчлах уу?

Төмөрпүрэв -

Дайчлана. Сангийн аж ахуйд хүмүүс хүрэлцэхгүй. Ялангуяа газар тариалангийн ажил гэдэг чинь хавар намар байгаа ажилчид нь хүрэлцдэггүй байсан. Одоо ч гэсэн хүрэхгүй байгаа. Дээр үеийн техник байсан болохоор их бүдүүн тойм байсан юм байлгүй дээ. Трактор нь тусдаа, хураадаг комбайн нь тусдаа. Тусдаа ч юу байхав. Тракторын араас комбайныг нь чирдэг, комбайн дээр нь хоёр хүн зогсдог. Одоо бол ганцхан жолооч л яваад хураачихна. Тэгэхэд тэр үед чинь тракторын жолооч, комбайны жолооч, тэгээд комбайны ард бухалдагч хоёр хүүхэд гээд дөрвөн хүн явдаг. Тэгээд намаржин явдаг. Намрын гучаас дөч хоногт хураачихна лдаа.

Дэжид -

Тэгэхээр сар гаран хичээлээс чөлөөлөгдөхнө.

Төмөрпүрэв -

Тийм. Бид нар сар гаран явдаг байсан. Хүүхэд байхад балчирддаг юм байна лээ. Тэр чинь бөөн шороон дотор явна. Эхлээд хадаад, комбайн газраас түүнийг нь цайруулна. Ингэхэд бөөн шороо эргээд л. Орой нэг, үд дээр нэг хоол ундны цагаар бууна. Хоол ундыг нь талбай дээр тусдаа хүмүүс авчирч өгөөд идүүлчихнэ. Тэгж л хөдөлмөрийн зах зухыг би мэдсэн. Нөгөө шороо болчихсон нүүр чинь хорсоод угааж болдоггүй. Нэгэнт л шороондоо бэхэжсэн нүүрээрээ явна даа.

Дэжид -

Тэр үед хамгаалах хэрэгсэл гэж байсан уу?

Төмөрпүрэв -

Хамгаалах хэрэгсэл байхгүй. Нүдний шил л байна. Комбинзон энэ тэр гээд хувцас байсан байхаа. Газар тариалангийн ажил ямар байдгийг хүүхэд байхаасаа мэдсэн. Тэрнээс хойш 7, 8-р ангиуддаа явсан. Тэр үед цаашаа ахих тусам байдал арай өөр болж байсан. Нөгөө трактор маань ч комбайнаа чирэхээ больсон. Сүүлдээ комбайны ард биш машин дээр явж будаа буулгах эсвэл үтрэм дээр будаа тээрэмдэх ч юмуу арай өөр ажил хийдэг болсон. Манай газар тариалан 1960-аад оны эхээр гайгүй болсон.Арван жилийн сургуулийг Тариалан суманд дүүргэсэн. Арван жилийн сургуулийг гайгүй сайн төгссөн учраас манай сургуулиас дөрөв,таван хүүхдийг Оросын холбооны улсад зориуд хувиарлаж, боловсролын яамнаас хүн ирж шалгаж авсан. Аймгийн төвөөс улсын шалгалтын комиссын хүн гэж ирдэг байсан.

Дэжид -

Та хэдэн онд аравдугаар ангиа төгслөө?

Төмөрпүрэв -

Дунд нь миний бие нэг муудаад 1961 онд аравдугаар анги төгссөн. Тэр үед тусгай хүн ирээд бид нарыг шалгаруулж авч байсан. Хүүхдүүдийн шалгалт өгч байгаа байдал, журналын дүн,сурлагын чанарыг л судалж үзэж байсан байх. Тэгээд бид хэдийг шалгаруулаад та нар тэдэнд очно шүү, тэнд очоод өөр холбогдох яам нь шалгана гэсэн. Тэгээд гэртээ хариад аав эээждээ намайг Орос яв гэж байна, багш болгон баяр хүргээд наадах чинь ховор боломж гэсэн гээд хэллээ. Гэхдээ тэнд нэг ч хүүхэд сургуульгүй үлдэж байгаагүй. Тухайн үеийн гурав, дөрвөн сургуульд бүгд хувиартай. Сурлагынхаа дүнгээр зарим нь техникумд хувиартай. Тэгээд бүх хүүхдүүдийг хуваарьлчихдаг. Аав ээж хоёрт хэлсэн чинь өөрөө лам байсан, ном эрдэмд ухаангүй болохоор аав бол дэмжиж байна. Аав бол тухайн үеийн лам нарыг хэлмэгдүүлсэн явдалд би их харамсдаг гэхдээ өнөө үеийн нам засаг чинь тэр Богдтай л адил. Чи тэр яв гэсэн юманд нь явчих, наадах чинь ялгаагүй Бурхан багшаас өгсөн зарлиг байгаа явалгүй яахав. Ээж дургүй. Тэр хол чи бүтэхгүй ээ. Бид энэ мал сүргээ яах юм бэ? Чи чинь арав төгсчихөөд гэр орондоо ч нэмэр болохгүй бүр цаашаа явах нь гээд ээж уйлдаг, аав уурладаг. Тэгээд аав дийлээд сургуульд явахаар болсон. Сургууль төгсөж байна гээд бид чинь ёсолж тэмдэглэнэ.

Дэжид -

Одоо бол хонхны баяр гээд том юм болж байна.

Төмөрпүрэв -

Тийм. Сургуулийн төгсөлт дээр нэг ч эцэг эх ирээгүй. Захирал, ангийн багш, хичээлийн эрхлэгч, ганц нэг багш ирээд дотуур байрны гал тогоонд сайхан хоол хийлгээд бид нарт Монгол архи гэдэг юмны барааг анх харуулсан. Энийг та нарт Монгол ёс болгож амсуулж байна. Тэгэхээс биш архийг уух нас болоогүй ээ гэж байсан. Бид нар тэгээд юу гэж уух вэ дээ. Сайн онц төгссөн хүүхдүүдийг хэлээд сургуулийн захиргаанаас сайшаалын үнэмлэх өгч байсан. Тэгээд нийтийн өмнө сургуулийнх нь хуваарийг хэлж өгдөг байсан. Та нөхдийн оюутны амьдрал энэ цагаас эхлэж байна.Сургууль, багш нартайгаа үргэлж харьцаатай байгаарай гээд бөөнөөрөө зогсоод зургыг нь авдаг байсан. Одоотой адил монтаж гэж байгаагүй. Багш нар гарын үсгээ зураад, бид нар гарын үсгээ зураад ингээд аравдугаар ангиа төгссөн. Аав зүтгэснээрээ Орос явах гэж байгаа юм чинь Монгол дээлтэй явж болохгүй гээд хүүгээ хувцаслана гэсэн.

Дэжид -

Тэр үед гадаадад явна гэдэг чинь их ховор тохиолдол байсан уу?

Төмөрпүрэв -

Их ховор байсан. Бид нар чинь Монгол хөх дээл өмсчихсөн, бакальтай. Хэдэн малаа зараад аймаг луу хүнд захиад намайг европ хувцстай болгоод. Тэрийгээ хайрцаганд хийж байсан. Тэгээд бүхээггүй 51 дээр суугаад Улаанбаатар орж ирсэн. Бороо орох энэ тэр бол хамаагүй юм нөмрөөд ороод ирнэ.

Дэжид -

Хэд хонож орж ирэх үү?

Төмөрпүрэв -

Хоёр дахь хоног дээрээ орж ирж байсан. Замдаа 240 км.ийн нормтой.

Дэжид -

Тэр үед шуудагнгийн машинд сууж байгаа хүн чинь “Зам явах” авч байсан уу?

Төмөрпүрэв -

”Зам явах” гэж тусдаа юм өгөхгүй байсан. Явж байгаа хүмүүс суманд бүртгүүлж гарч байсан. Бид нар томилолтоо үзүүлээд явж байсан. Таньдаг хүн муутай.

Дэжид -

Хотод анх орж ирэхэд ямар санагдаж байв?

Төмөрпүрэв -

Мэдэх юм байхгүй байсан болохоор бэрх санагдаж байсан. Их дэлгүүрийн 50-н мянгатууд яг баригдчихсан цоо шинэ байсан. Тэд л сүртэй барилганууд харагдаж байсан. Хамгийн сүртэй нь “Улсын их дэлгүүр”. Дөнгөж ашиглалтанд ороод байж байсан. Нутгийн нэг хүнийг түшиж орж ирсэн. Одоо бодоход “Улаанхуаран” хавиар тэр хүнээ дагаж айлд буугаад тэндээ арав, хориод хоносон. Орос луу хамт явах ангийн маань хүүхэд ахындаа байсан. Тэр маань нэг өдөр хоёулаа нэг газраа байя гэсэн. Тэгээд би л очъё гээд түүнтэй хамт тэднийд байлаа. Тэднийх бас Улаанхуарантай ойрхон байсан. Заримдаа бид хоёр мах комбинат орно. Одоогийн хөдөө аж ахуйн яам чинь тэнд л байсан. Хөдөө малд явж байсан хүн чинь заримдаа автобуснаасаа буугаад явган явна. Тэр чинь харин замаар байгаа барилгыг хараад их аятайхан. Гэхдээ хажуу тийшээ хазайж болохгүй гэдгээ санаад байгаа. Тэгээд явж байгаад Улаанхуаран ирчлээ гэдэгтээ итгэхгүй байлаа. Хөдөө хээр яваа биш замаараа байшин барилга харж байгаа хүн чинь хэдий хугацаанд явсан гэдгээ мэддэггүй юм байна. Тэгээд айлдаа хэлсэн чинь хотод байгаа хүн чинь явган алхдаг юм уу гэж байсан. Хотод сар гаран болоход овоо сайн мэддэг болсон. Төв замаараа бол төөрөхгүй, урагшаа хойшоо бол айгаад байгаа юмаа. Тэгэхэд толгойт орлоо гэхэд дөрвөн зам өнгөрөөд юу ч байхгүй байсан. Улаанхуаран ороход замд болсон болоогүй юмтай. Хуучин “Оросын консул”,”Офицоруудын ордон”,”14-р сургууль” тэр үед байсан. Улаанбаатар надад их том санагдаж байсан. Аав ээж хоёр төөрчихвөө гэж захиж байсан. Тэгээд хотод сар гаран болоод 8-н сарын 25-н гээд Орос явах болсон. Яаман дээр найман сарын эхээр Орос хэл, Химийн шалгалт авсан. Тэр хоёрыгоо гайгүй өгчихсөн. Аймгуудаас шалгарч ирсэн хүүхдүүд болохоор тэр хэмжээнд нь байдаг юм шиг байна лээ. Хувцасны мөнгө өгч байсан. Тэрүүгээр гутал, костюм, цамц гээд бүх л хувцасаа бэлдэж байгаа юм. Тэр хувцасаа их дэлгүүрээс орж авсан.

Дэжид -

Гэрээс бас мөнгөтэй ирэх үү?

Төмөрпүрэв -

Аав бас жаахан мөнгөтэй явуулсан. Тэрүүнтэйгээ нийлээд би бол под гээд явчихдаг юм. Их хаширлаад тэр мөнгийг үрэхгүй байгаа юм чинь. Гуанзанд л орно. Өөр юманд зарцуулахгүй. Гадаад яамаар ороод гадаад үнэмлэх гээд улаан үнэмлэхээ авсан. Тэр үед бид нарт иргэний үнэмлэх гэж байгаагүй. Цэргийн үнэмлэхтэй л байсан.

Дэжид -

Аль хотод очиж байсан?

Төмөрпүрэв -

Москвад очсон. Анх удаа вагонд сууж байгаа нь тэр. Алтанбулгаар гараад Улаан-Үд дээр очиж шилжиж суудаг байсан. Тэнд очоод 2 хоносон. Дараачийн вагон нь тэгж саатдаг юм байна. Манай хуучин архаг оюутнууд явсан. Цонхон дээрээ савхин куртка энэ тэр дэлгэчихсэн байсан. Эд нар чинь юу хийж байгаа юм бол гэсэн наймаа хийгээд яваад байдаг юм байна. Манай савхи үнэтэй байж. Тэрийг нөхдүүд зараад явдаг байж. Бид нар савхин курткатай явахын хувьд явсан. Гэхдээ өмсөж явж байгаа хувцасаа зарж ч мэдэхгүй, тийм сонирхолчгүй. Тэгээд Улаан-Үд дээр хоёр хоночихоод Оросын 3-н буудлын “Ярословскийн” буудал дээр очиж буусан. Элчингийнхэн тосоод авчихдаг юм байна лээ. Элчингийнхэн элчин дээрээ нэг бүртгээд сургууль сургууль дээр нь аваачаад өгчихөж байсан. 1865 онд байгуулагдсан бараг 100 гаран жил болчихооод байсан “Хөдөө аж ахуйн акедеми” байсан. Киевийн акедами, Ленинградын акедами гэж бий лдээ. Гэхдээ тэр нь гол сургууль юм байна лээ. Их бааз сайтай, багш эрдэмтэд ихтэй. Сургууль дээр дээд курсын хоёр монгол оюутантай. Өөрөө том сургууль болохоор гадаад оюутны деканы газартай. Гадаадаас ирсэн оюутнуудыг гадаад декан нь хүлээж аваад өөрийнх нь факультет руу хувиарлачихаж байгаа юм. Том сургууль болохоор газар тариалан нь дотроо олон юм. Нэг нь л нэг факультет. Агрономи гэдэг чинь дөрөв, тав хуваагдчихаж байгаа юм. Хөрс судлал химийн агрономийн факультет нь ургамал хөрсөнд ургадаг гэдгээс чиглүүлээд хөрсөнд дангаар нь гаргачихдаг. Жимсний агрономичид гэж тустай. Ногооныхон, үрийн аж ахуйн агрономичид гээд олон хуваагдана.

Дэжид -

Бид нар чинь агрономи гэхээр нэг л юмыг ойлгодог.

Төмөрпүрэв -

Агро-инженер гэж бас бий. Дотроо ингээд хуваагдаад явчихна. Ингээд газар тариалангийн хэд хэдэн факультетуудад бид хуваагдчихдаг юм байна. Хөдөө аж ахуйд засгийн газраас анхаарал тавьж байсан юм байлгүй дээ. Ялангуяа 1960-аад оны эхээр атрын 1,2-р аян эхэлж байсан үе юм байна лээ. Долоо, найман хүүхэд очсон байх. 9-н сарын 1-нд хичээл эхэлсэн. Улаанбаатарт бид нарыг шалгаад хэлний бэлтгэлгүй суух боломжтой гэж үзсэн юм байлгүй хэлний бэлтгэлгүй орсон. Өмнөх жил орсон хүүхдүүд нэг жил хэлний бэлтгэл хийгээд бид нартай хамт орж байсан. Тэд нар зургаан жилээр төгсөнө, бид нар таван жилээр төгсөнө. Эхний үед лекц ёстой мэдэгдэхгүй байсан. Орос багш нар шууд Оросуудтай адилхан уншаад явчихаар нилээн хүндэвтэр байсан. Эхний хэдэн сар ерөөсөө ойлгохгүй байсан. Би ч дотроо бодож байсан. Аав ээжийн захиас бий. Хөдөө аж ахуйн яам, засгийн газрын давхар үүрэг өгсөн. Монгол улсын нэр гарна даа. Өдөр шөнөгүй үзэхгүй бол болохгүй юм байна даа гээд номын санд суулаа. Сайхан ч номын сантай. Эхний заасан хичээлүүдийг ойлгох гэж хагас жил их ноцолдсон. Словардаад л. Сүүлдээ тэгж байгаад ямарч л байсан нэг дөртэй болж байна. Хичээлийнхээ тавь, жаран хувийг нь ойлгоод бүтэн ойлгохгүй байна. Яг тулаад ирэхээр гадаад хэл гэдэг их хэцүү.

Дэжид -

Аргагүй лдээ. Тэгээд бас бэлтгэлгүй очсон болохоор.

Төмөрпүрэв -

Тийм. Бэлтгэлгүй шууд очсон. Нөгөөдүүл чинь бүтэн жил бүтэн жил бэлтгэл хийсэн. Гадаад хэлний факультет гэж тусдаа. Тэнд Орос, Англи, Немци хэл байдаг юм байна. Биднийг Орос хэлд хуваарьлалгүй яахавдээ. Тэрүүнд бас давхар сурсан. Өглөө есөөс хичээл орно. Өдөр хоёр цагт тарна. Дөрвөөс Орос хэлний хичээлд хоёр цаг сууна. Дахиад хоолоо идчихээд зургаагаас номын санд сууна. Ямарч зав байхгүй. Хоолоо л арайхийж идэхээс өөр завгүй байсан. Монгол дээрээ чармайж байсан улс чинь өөр оронд ирээд сүйд болдог юм байна лдаа. Үзээд байхаас өөр арга байхгүй. Сэтгэл зовоод болдоггүй. Тэгээд хагас жилийн шалгалт өгдөг юм байна. Хамгийн түрүүнд Математик өгдөг юм байна. Хэл нэг их орохгүй болохоор гайгүй байсан. Интеграл дээр жаахан түгжирсэн. Тэрийг ч яахав тэгээд давсан. Дараа нь физик дээр орсон. Физик дээр их хатуу багш байна. Гурван билет сугалуулна. Хоёр нь ч болоод байна. Нэгийг нь мэддэггүй. Уншсан ч юм шиг уншаагүй ч юм шиг. Багшид багшаа би хоёрыг нь хийсэн. Энэ нэгийг нь уг нь би уншсан гэхдээ хийж чадахгүй байна гээд хэлчихлээ. Багш за яахав та “-4” авах юм хийж гэхэд нь баярлаад. Бусад нь хэцүү хэцүү юмнууд орсон. Орос хэл дээр бас шалгалт авлаа. Орос хэл дээр онц авсан. Багш намайг сайжирсан байна гэсэн. Энэ бол сайн давтаж байсных лдаа. Багш газар тариалан гээд мэргэжлийн талаар Орос хэлээ заана лдаа.

Дэжид -

Та газар тариаландаа ямар чиглэлээр явсан бэ?

Төмөрпүрэв -

Хими хөрс судлалаар явсан. Хагас жилийнхээ шалгалтыг энэ хэмжээнд өгчихсөн. Түүх мэтийн хичээл дээр дунд авчихаж байгаа юм. Зун хоёр сар амруулдаг байсан.Зундаа малаа маллаад.

Дэжид -

1-р курс төгсөөд ирж байсан уу?

Төмөрпүрэв -

Ирж байсан.Ер нь бол хоёроо төгсөөд буцах ёстой. Дараа нь төгсөхдөө нэг хүрээд ирнэ. Бусдад нь тэндээ байх ёстой. Миний хичээл гайгүй байсан ч юмуу намайг жил болгон явуулдаг байсан. Тэнд байхад гуанзнаас хоол авч идэхэд хэцүү. Хоолны нэрийг нь мэдэхгүй болохоор кассанд хоолоо бичүүлэх нь хэцүү. Жилийн эцсээр өөрөө хоолоо хэлж бичүүлээд, кассны хүнтэй мөнгө төгрөгөө тооцоод үнэхээр давгүй болсон. Хэлний хүндрэлээс болж хоол ундан дээр, түүх мэтийн хичээл дээр их хүнд байсан. Орос оюутнуудтай аж ахуй дээр очиж практик хийсэн.

Дэжид -

Тэгээд сургуулиа төгссөн үү?

Төмөрпүрэв -

Ер нь тэгээд явсаар байгаад төгссөн.

Дэжид -

Төгсөж ирээд та шууд орон нутагтаа ирсэн үү?

Төмөрпүрэв -

Төгсөөд хотод хөдөө аж ахуйн яаманд ажиллаад, тэнд оросын мэргэжилтнүүд ажиллаж байсан. Би газар тариалангийн хөрс судлаач агрохимич гэсэн мэргэжлээр төгссөн. Оросууд манайд газар тариалангийн талбайн хөрсийг сонгох судалгаа гэж хийж байсан. Үндэсний мэргэжилтэн гэж байхгүй Оросыг урьж хийлгэж байсан. Тэдэнтэй хамт ажилласан. Тэр үед Уланбаатарт их үер болж байсан. 7-н сарын баяр үзээд,7-н сарын 20-ноос тэд нартай хамт хөрсний зураг хийхээр Сэлэнгэ аймаг луу гарсан.

Дэжид -

Та тэд нартай хэдэн жил ажилласан бэ?

Төмөрпүрэв -

Би тэнд жил гаран ажилласан. Сэлэнгэ аймгийн Цагаантолгой, Дарханы сангийн аж ахуй, Дарханы хөдөө аж ахуйн нэгдлүүдийн тариалангийн талбай, бэлчээрийн хөрсний зургийг Оросын мэргэжилтнүүдтэй хамт гаргасан. Нэг жил ажиллахад тэр аж ахуйнуудын анхны зураг болсон. Тэдэнд талбайг нь сонгож өгөөд, зургийг нь гаргаж өгөөд Оросын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаад. Би 1966 онд төгсч ирсэн. 1967 онд яам мэргэжилтнүүдийг шинээр томилохгүй бол болохгүй боллоо гээд. Яагаад гэвэл Дорнод аймгийн Халх голд эрдэм шинжилгээний туршлага станц ажиллаж байсан юм байна лээ. Хөдөө аж ахуйн таримлуудыг туршиж тогтоогоод, ямар таримал ашигтайг нь илрүүлээд сонгож тариалдаг.

Дэжид -

Цөөхөн эрдэм шинжилгээний станцын нэг байх.

Төмөрпүрэв -

Тийм. 1960 онд байгуулагдсан юм. Туршлага гэдэг нь хөдөө аж ахуйн таримлуудыг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэх. 1966 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор сайн ажилласан гээд өргөтгөсөн юм байна лээ. ”Дорнод бүсийн хөдөө аж ахуйн нэгдсэн станц” гэж өргөтгөөд орон тооны мэргэжилтнээр хангах сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан юм байна лээ. Эрдэм шинжилгээний байгууллага учраас хүрээлэнгийн хэмжээнд ажиллахаар өргөжсөн юм байна лээ. Тэнд агро талын химийн мэргэжилтэн дутсан юм байна лээ. Хөдөө аж ахуйн яамнаас намайг үг хэлүүлэлгүй томилсон. Дорнод аймгийн Халх гол суманд эрдэм шинжилгээний станцадд 1967 оноос эхэлж ажилласан. Хаашаа ч харсан тал. Би чинь Хангайд төрсөн хүн жинхэнэ төөрнө гэдэг чинь энд гарсан даа. Аймгийн төвөөсөө 340км. Машинаар явахад бүтэн өдөр явна. Анх 51 шуудангаар бүтэн өдөр явж байж очсон. Одоогийн Сүмбэр сумын нутагт дайн болж байсан “Хамар Даваа” гэдэг газар байрласан байгаа юм. 1966 онд анх тэр эрдэм шинжилгээний станц нүүж очоод 1967 он гэхэд барилга байгууламж нь сайн баригдаж дуусаагүй цайны газрын ганц модон байшин барьсан өөр юу ч үгүй тийм газар байсан. Намайг очонгуут 4-н ханатай хар гэр барьж өглөө.Тэнд хоёул гурвуулаа байсан.Эхлээд гуанзнаас хоол өгдөг байсан.Сүүлдээ өөрсдөө хийнэ л дээ. Сайхан байгаль нэг байх тэрэнд сөрөг юмнууд тохиолддог юм байна лээ. Шумуул маш ихтэй байсан. Олон шумуул чинь дугархаараа хөгжим шиг болдог юм байна лээ.Аажуухан хүнгэнээд л байна. Тэр шумуул чинь хазна. Шинэ ирсэн хүнийг гайхалтай шавна. Арьс нь арай өөр байдаг юм байлгүй. Хүн чинь сайхан нөхцөлд хурдан дасчихдаг юм байна лээ. Москвад гадаад оюутан гээд сайхан байсан. Цагааан цамц, гастикаа 3 хоног өмсөхөд миний цагаан цамц тун бага хиртэнэ шүү. Долоо хоногт үсээ засуулна, усанд орно. Ер нь их цэмцгэр байсан. Тэгж байгаад гэнэт хөдөө газар очихоор нөгөө хүн чинь ахуй нөхцөл талаасаа хүндхэн санагддаг юм байна лээ. Би яахав гайгүй хөдөө газар өссөн болохоор. Ганц миний зовж байсан зүйл бол шумуул байсан. Тооноо битүү мааралдаад, хаалгаа битүү маралдаад, хаяагааа битүү мааралдаад, ороо битүү мааралдаж байгаа юм. Тэгтэл нөгөө муу шумуул чинь ямар нэг газраар орж ирнэ. Хаалга онгойлгохгүй ч гэж юу байхав. Шумуул чинь дүнгэнэж, шунгинаад энд тэнд хатгана. За нэ ч бүтэхгүй юм байна даа гэж бодсон. 7,14,21 хоноод ирсэн нөгөө шумуул чинь гайгүй болдог юм байна шүү. Тэгсэн яагаад гайгүй болдог юм бол гэсэн шумуул ч гайгүй болоогүй хүний арьс дасдаг юм байна. Ингэж хувцастай байх аргагүй, болж өгвөл хот газар байдаг шиг нимгэн талдаа байх нь аятайхан халууун дулаанд. Тэгээд сүүлдээ мактай явахад ч гайгүй боллоо. Нөгөө шумуул байх нь байна лдаа, харин шаваад байдаг нь больчихсон. Би амьтны зохицоо гэж байдаг юм гэж боддог. Зэрлэг амьтад чинь тэнд нь өөр амьтан орж ирэхэд байгальдаа өөрийнхөө зохицлоор аялдан зохицдог юм болов уу. Шумуулын аюул яахав тэгээд дассан. Дараачинй нэг хэцүү юм бол тэнд их завгүй. Очсоны дараа өөрөө хоол ундаа хийнэ, өөрөө мах шөлөө авна, барилга байшин барилцана. Юун нөгөө эрдэм номын ажил. Контор, оффисоо өөрсдөө барихгүй бол бэлэн юм юу ч алга. Тэгээд шавар зуурлаа,дранк хадлаа,модон байшингуудыг угсарлаа. Дорнод аймгийн “Эрээний” модны үйлдвэр гэж Баян-Уулд байсан. Тэндээс жижиг угсарсан модон байшингуудыг аваачсан. Тэд нарыг газар дээр нь бид өөрсдөө барьж угсарлаа,пийшинг нь барьлаа.Ер нь үзээгүй юмаа үзэж байна. Хажуугаар нь тариа ногоогоо хураана, дараа жилийн эрдэм шинжилгээний ажилдаа бэлтгэх юм байна. Тэр намар нилээд хүнд болж байна.

Дэжид -

Толгой өндийх завгүй байж.

Төмөрпүрэв -

Тийм. Бужигнасаар байгаад өнгөрсөн. Тэгээд 11-н сар гэхэд бид нар байртай болсон. Одоогоор бол оффистой болсон. Өөрсдөө барьсан. ”Октябр”-ын баяраар зуухаа галлачихаад дээшээ харсан чинь таазнаас цас орж байна. Бид нар дээд талынхаа хар цаасыг арай гүйцэд хийж чадаагүй юм байна. Таазныхаа хэдэн банзыг өрчихсөн байсан чинь завсраар нь тэнгэр харагдаж, цас орж байх юм. Тэгээд баяр болохоор хээв нэг сууж байсан. Тэртээ тэргүй гадаа ажиллаад нилээд чийрэгжчихсэн байсан. Анх тэгж суух контортоо орж, дараа нь залуучууд байсан болохоор тэрний хажуу талд улаан булан барьсан байсан. Улаан булан бол тэр үедээ л том. Уртаашаа 10,20-иод метр,өргөөшөө 7,8-н метр байсан. Тэрэндээ ороод “Октябр”-ын баярыг тэмдэглэж дуулж, бүжиглэж, хэн чаддаг нь хөгжимдөж, хэн чаддаг нь дуулж байлаа.

Дэжид -

Тэр бол тухайн үеийн залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөж байсан том хэлбэр байсан уу?

Төмөрпүрэв -

Тийм. Хүн бидэнд тэр байшинг барьж өгөөгүй. Бидэнд ганц, хоёр сайн мужаан байсан. Биднийг залдаг. Байгууллагын дарга, орлогч байсан. Тэд нар ч гэсэн зааж, захираад байхгүй бид нар шиг ажиллаж байсан. Тэр үеийн сэхээтнүүд би дарга, би цэрэг, би эрдэмтэн гэж зогсож байгаагүй.

Дэжид -

Одоогоор бол эрх мэдэлтэй хүн, ажилчин хоёрын хооронд ялгаа байгаагүй гэж үү?

Төмөрпүрэв -

Ялгагдах юм байхгүй. Харин ажил дээрээ албан тушаалын хувьд ажил үүрэг өгөх, ажил үүрэг зохион байгуулах нь даргын үүрэг. Дарга хэдэн цагт ир гэнэ бид яг тэр цагт ирнэ.

Дэжид -

Ажлын зарчим барьхад ялгаагүй.

Төмөрпүрэв -

Ялгаагүй.Тэнд хонх шиг том төмөр өлгөчихсөн байдаг байсан. Тэр төмрийг өглөө ажлын цаг болоход цохино. Дан дан хийтэл цохино. Төмөр цохьсноос хойш ирэх ёсгүй. Төмөр цохихын өмнө ирсэн байх ёстой.

Дэжид -

Улаанбаатарын үйлдвэрийн төмөр яндан гэдэг шиг байж.

Төмөрпүрэв -

Тийм. Яг тэгэхэд л ирнэ. Цаг айхтар бүртгэнэ. Тэгж ажиллаж байгаа хэрнээ их дэгтэй. Тэр чинь өглөө цуглаад тав, зургаагэж тарах юм байхгүй. Өглөө ажил цуглаад, тодорхой хэмжээнд бичиг цаасаа цэгцэлчихээд, нөгөө барилга байгууламж гээд юмаа тохижуулах ажилдаа л гарна. Үүнийг хэн ч зөрөх ёсгүй.

Дэжид -

Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний ажил, тохижилтын ажил зэрэг явагдаж байж.

Төмөрпүрэв -

Тийм. Бид чинь тэрний хажуугаар тарьсан тариа будаагаа хураана, ногоогоо хураана, түлээ модоо бэлтгэнэ. Тэнд чинь бүх юмаа хийнэ. Ядаж л гэртээ хариад гэрээ цэвэрлэнэ. Авгай гэж байхгүй. Цайгаа чанана.

Дэжид -

Гэр бүл болох завгүй байж.

Төмөрпүрэв -

Мань хэд шиг очсон хүмүүс байх. Бид чинь хоёр, гурваараа нэг гэрт. Амьдрахаас хойш амжуулна даа. Улаанбаатраас 1100 км-т очсон бид хаашаа хөдлөхөв дээ. Тэгж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Яаман дээр ажилласан нэг жил сайхан хэвийн өнгөрч байсан. Тэгж бор зүрхээрээ ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 3 дахь бэрхшээл бол түймэр байсан. Тал газрын түймэр гэдэг хэцүү юм байна лээ. Хичнээн км-ийн цаана гарах нь хамаагүй. Нэг л салхи гарахад хэдэн км алгасаж агаараар яваад, дуртай газраа салхи намдсан газар л дуусаж байдаг. Очсон даруйдаа тэр намар түймэрт долоо хоног явсан. Би юу байхав манайхан бүгдээрээ. Одооныхоор бол иргэний хамгаалалт гээд сумаас дайчилдаг байсан. Хэн ч ар талд үлдэх ёсгүй. Зөвхөн эмэгтэйчүүд, хүүхэд ар талд үлдэнэ. Байгууллагаа харна, орон гэрээ харна. Тэр эмэгтэйчүүд зүгээр үлдэхгүй, түймэрт явсан хүмүүсийн ар талыг хангана. Хувцас хунар, хоол ундтай холбоотой юмнуудыг хангаж байна. Эмэгтэйчүүд цагтаа цуглаж байна. Бид өдөр шөнөгүй нөгөө түймрийнхээ хойноос явна. Тэр долоо хоног буцаж ч болохгүй, түймэр чинь барагдахгүй байгаа юм чинь. Бидэнд хүчрэгдэхгүй байгаа юм. Зарим нь Халх голыг даваад Хятадын хэл дээр оччихдог. Зарим нь дотор талд хадлан бэлчээрийн талбай, мод шатаагаад баллаад болохгүй. Тэр бүхнийг л цохиж унтрааж, цурманд оруулах гэж тойруулж түймэр шатааж цурманд оруулна. Цаашаа явуулахгүй гэж диаметрээрээ арав, хориод км түймэр гаргана. Өөрөөр хэлбэл бүслэлтэнд оруулна. Тэгсээр явтал долоо хоночихдог юм байна. Зам гэж байхгүй хэцүү байсан. Зарим үед тэрэгтэйгээ явж байгаад хажуулдах ч байсан. Нэг довон дээгүүр гарахад 51 чинь хэцүү лдээ. Гэхдээ бид нар бэртэж байгаагүй. Хөхрөлдөөөд л босож ирдэг байсан. Үхлээ барьлаа гэсэн юм байхгүй. Азтай ч байсан юм байлгүй. Тэр намар тийм гурван хүндрэл бэрхшээл эхний ээлжинд тохиолдож байсан. Аймаг сум, хилийн цэргийн байгууллага бидэнд түймэрт сайн явлаа гээд сайшаалтай л байсан. Тусдаа байгууллага гэж хойш суудаггүй, юм болгонд орж байдаг сайн байгууллага гэж. Тэнд хилийн цэргийнхнээс өөр хүн байгаагүй. Хилийн цэргийн застав л байсан. Тэгээд манай байгууллага. Өөр юм байхгүй.

Дэжид -

Тэгэхээр хилтэй их ойрхон гэсэн үг үү?

Төмөрпүрэв -

Тийм. Хилийн цэргийн отряд, тэгээд тэдний заставууд. Өөр юм байхгүй. Монгол улсын баатар Төмөрбаатар гуай чинь тэнд 6-р заставын дарга гээд тэнд байсан. Настай хүн лдээ. Тэд нар чинь бидэнтэй уулзана, түүх дурсгалын юм ярьна, наргина, хөөрнө. Бид чинь заставуудаа шипилж авна. Би эвлэлийн үүрийн дарга болж байлаа. Баяраар застав дээр байгаа байлдагчдыг баярлуулна. Октябраар, шинэ жилээр. Очиж тэдэнтэй бүжиг хийнэ. Цэргүүд, байлдагчид их баярлана. Тэд чинь хүний мөрөөсөл болсон хүмүүс. Бид дандаа нас ойролцоо байсан. Тийм учрас бид гутарсан ч, баярласан ч үргэлж хамтдаа байсан учраас сэтгэлээр унаж байгаагүй. Яагаад гэвэл ачааллаа даагаад байсан. Хоёрт нь яваад ч хаашаа явхав. Тэр үеийн засаг төрийн өгсөн даалгавар л бол даалгавар байсан. Чи буцаж ирэх ёсгүй. Үүрэг даалгаврыг биелүүлнэ. Гурав юмуу 5таван жил явуулна. Учир нь нам улс чамайг бэлтгэсэн, бүх зардлыг даасан. Ингэж явсан хүмүүс эвлэлийн гишүүд. Эвлэлийн гишүүд 1921 оноос манлайлж явсан. Тэр хязгаар газар дандаа залуучууд байгаа. Та нар очоод ижилхэн ажиллах хэрэгтэй. Цэргүүд байгаа. Танай байгууллагынхан дандаа залуухан хүмүүс очиж байгаа. Энэ бол даалгавар. Бидний хаана төгссөн нь хамаагүй. Тэгээд бид явсан. Тэгээд очоод эхний намар ийм хүндрэл тохиолдсон. Манайхан идэш хоолоо бэлтгэнэ гэж ярьдагшдээ. Тэрийгээ өөрсдөө гараараа бэлтгэнэ. Тэрийг тусгай нядлаад байдаг хүн байхгүй. Өөрсдөө бэлдэнэ дээ. Субботник маягтай гардаг юм байна. Өөрийнхөө махыг ч бэлдэнэ биздээ. Миний мал нядлана гэж юу байхав дээ. Үнэхээр барахгүй. Нөгөөдүүл маань ч бардаг хүн цөөхөн. Бид гурвын дунд нэг үхэр нядлах үүрэг өгдөг юм байна. Та гурав идшээ бэлтгэ. Гурвуулаа бэлдэлгүй яахав. Нэг хүн гуйгаад нядлуулаад. Нөгөө хүн амийг нь хороож өгчихөөд та нар өвчиж, махаа ав гэлээ. Тэгэхэд өвлийн хүйтэн 12 сар гарах гэж байгаа юм чинь. Бид гурав даарахнээ. Манай нэг хүн чи Орост сурсан спиртийн төрлийн чанга юм ууж сурсан биз дээ. Тэр чинь сураад байх юм юу байхав. Нөхдүүдийнхээ цугларалтан дээр амсах юм байж л байсан. Тэгээд залуу хүмүүс байсан болохоор тэгье гээд жаахан жаахан амслаа. Гар хөл хөлдчих гээд хөдөлж болохгүй нээ. Сурсан хүмүүс бол гарны даарна гэж байхгүй байгаа. Би хөдөө байхдаа мал нядлах юманд оролцдоггүй байсан. Би мал өвчихийг чадна гэж бодоод байдаг, бусад нь харин хэцүү. Тэгээд гурвуулаа орчихсон үзэж тараад байдаг явдаггүймаа. Улсууд чинь гялс гялс гээд нэг үхрийг өвчих чинь хэдхэн минутанд болчихдог юм байна. Бид хэдийнх хагас цаг болсон байдаггүй ээ. Түрүүчээсээ үхрийн мөч хөлдөөд эхэлдэг юм байна. Юун өвчих байхав нөгөө хөл нь хөлдөөд эхэллээ. Гурвуулаа тэвдлээ дээ. За салгах өнгөрлөө, мах авах ч өнгөрлөө. Ашгүй ахмад хүмүүст учраа хэлж хурдан салгалаа. Тэд нар одоог болтол та гурав мөн хэцүү байсан гэж инээлддэг.Бид хэд байгаагүй бол та гурав үхэртэйгээ хөлдөх байсан гэж. Нээрээ бид гурав үхэртэйгээ хөлдөх байсан. Иймэрхүү улсууд анх хоолоо бэлдэж байлаа. Тэгээд бас болоогүй гэдсээ цэвэрлэх болдог юм байна. Эмэгтэй хүн цөөхөн газар ч байсан. Бид гурвын нэг нь, би ч бас гэдэс шувтрах гэж үзнэ. Тэгээд хоёулаа хөхрөлдөөд үзээд байсан. Тэгсэн гургалдай, цагаан мах нь байхгүй байна. Нөгөөдөх маань ямар хачин юм бэ? гээд үсрээд гарлаа. Чи юу яриад байгаа юм бэ? байхгүй бол байхгүй л биз гэж би хэллээ. Тэгсэн манай нөгөөх чинь манай үхрийн цагаан мах байхгүй байна гээд айлуудын дунд хашгираад тууж явах юм. Тэр маань их хөнгөн сэтгэлтэй хүн. Цаадуул нь инээлдээ биз. Чи юу гэж ингэж яваа юм бэ гээд. Үнэхээр байхгүй гээд. Тэгсэн цэвэрлэхдээ хоёулаа зүсээд хаячихсан байж. Тэгж хоёулаа гэдэс дотроо цэвэрлэж дуусаж байв. Тийм хөгжилтэй. Өглөө босох гэж хөглөнө.Бид гурвын галлах гэж юу байхав дээ. Орой ирээд нэг цай чанаж, хоол хийж иддэг байхгүй юу. Тэр жил тийм хүйтэн жил байсан юм уу (-44) хүрч байсан.

Дэжид -

Хуучин өвөл нь хүйтэн,зун нь халуун байсан уу?

Төмөрпүрэв -

Тийм үе байсан. (-44) хүрэхээр чинь манан татаад байхаас биш салхи энэ тэр мэдэгдэхээ больчихдог юм байна лээ. Тийм үед чинь бидний хийгээд тавьсан хоол цай, данхтай бол данхтайгаа, тогоотойгоо бол тогоотойгоо бүгд шөнө тэс хөлддөг. Өглөө сэрэхэд энд тэнд юм тан тан хийгээд дугарч байсан. Орой идээд үлдсэн хоол маань саван дотроо товойж хөлдөөд сав нь дугардаг юм байна. Өглөө босоход их хүйтэн. Орон сууцанд байгаа хүмүүс чинь тайван босдогшдээ. Бид яаж босдог байсан бэ? гэхээр тоолноо. 1,2,3 гээд хөгнжлөө шидэнгүүт дэвхрээд босно. Тэгж хүйтэнд босож байгаа юм. Тэрний хойно бол гялалзаад хувцсаа өмсөөд. Цаг дөхсөн бол цайгаа ууж амжихгүй. Цаг болоогүй бол хөлдсөн юмнуудаа гэсгээж гал түлнэ. Хүн эх орныхоо байгаль дээр хүн ажиллаж хөдөлмөрлье гэвэл энэ бүхнийг туулж байж ажил, мэргэжилтэй болдог юм байна лээ. Ингээд тэнд хоринн жил ажилласан. Ажиллахдаа өөрийнхөө мэргэжлээр голлосон. Сүүлдээ намайг албан тушаал дэвшүүлсэн. Би тэндхийн эрдэм шинжилгээний байгууллагын байрны зургийг гаргаж,өөрөө удирдаж хийлээ. Өөрөө өрөлцлөө. Би пийшингээ өөрөө барьна гэж байгаад жаахан далийдуу болсон. Өөрийн гараараа тэдгээрийг бариад харахад сүүлд нь их сайхан байсан.

Дэжид -

Амьдралын маш том сургууль байж.

Төмөрпүрэв -

Тийм. Тэрийг чинь нөгөө халуун нарандаа, нөгөө шумуулан дотроо барьж байгаашдээ. Анхны очсон жилийн дараа зун барьж байгаа юм. Лабортори гэдэг чинь тийм амар эд биш. Нарийн нөхцөл, нарийн судалгаа шаарддаг. Сав аппарат, тоног төхөөрөмж, шил сав гээд их нарийн. Аль ч салбарт ижилхэн. Уул уурхай, эмнэлэг гээд бүгд нарийн. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн аргатай болохоос биш. Яамны надад томилсон том зүйл бол тэр. Мэргэжлийн өөр хүн байхгүй гэж. Тэгээд барилгыг нь барьчихаад дараа нь лаборторыг гурван жилийн дотор босгосон доо. Барилаа барьчихаад Улаанбаатраас мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан дахь ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, мөн улсын төв лаборторийн үйл ажиллагатай өөрөө явж танилцаж, тэдгээрийн тоног төхөөрөмжүүдээс боломжтойг нь сонгож авч, Дархан Улаанбаатарт нэг тээврийн машинтай явж, бүх юмыг нь хоёр, гурав зөөж байж лабортори босгосон. Босгоход их хүндрэлтэй байсан. Хөдөө шугам сүлжээ, сантехник гэж байхгүй. Лаборторийн юм чинь гараар болдоггүй. Заавал урсгал юмтай байж,автоматаар гарч байж тэр шинжилгээнүүд хийгдэнэ гэхээс нэг бүрчлэн гараар хийнэ гэж байхгүй. Тэр бүхнийг хийж ноцолдсоор байгаад гурав дахь жилдээ би лабортори болгосон. Манай захирал орж ирээд ямар сонин юм бэ? Чи бас болгочихдог юмаа гэж байсан. Төвд ийм лабортори байхаас хөдөө ийм лабортори босно гэж би эргэлзэж байсан. Тэндхийн бүх ажилчидад үзүүлээд, үүрэг биеллээ. Тэгээд би явбал яасан юм бэ? гэсэн явуулдаггүй юм байна. Тэгээд сунгагдлаа.

Дэжид -

Тэгээд буцаж татаж аваагүй юу?

Төмөрпүрэв -

Тийм. Ямарч байсан үүргээ биелүүлчихээд гурван жилийн дараа сунгагдаж байгаа юм. Би тэнд эрдэм шинжилгээний ажил хийе гэж бодоогүй байсан. Би лаборторийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тэгээд намайг давхар судалгааны туршилт хий гэсэн. Би туршлага судалгааны ажил гээд лабортори дээрээ үндэслээд агрономын талын хөрс судалганы ажлыг аргазүй төлөвлөгөө батлуулаад хийдэг юм. Тэр чинь батлагдахаараа гурваас таван жилээр батлагдахаас биш бага хугацаагаар батлагддаггүй. Тэгээд төвийн хүрээлэнгүүдээр явж, эрдэмтэдтэй уулзаад бас нэг хөтөлбөр боловсруулаад ,нөгөөдхөө батлуулаад ажил хийдэг юм байна. Тэгээд гурван жил хийчихлээ. Төвийн хүрээлэнгүүдэд тайлан тавьлаа. Наадхаа үргэлжлүүлээд асуудал дэвшүүл гэсэн. Дахиад судалгааныхаа ажлыг үргэлжлүүлээд таван жилийн дараа тавьлаа. Энэ нь ямар юм хийгээд байсан бэ? гэвэл хөдөө аж ахуйн таримал ургамал тэр дотроо үр тарианы ургамал улаанбуудай, арвай гэх мэтийн ургацыг нь яаж нэмэгдүүлэх вэ? Гэсэн зүйл. Тийм том бүтэн комплекс судалгааны химийн талыг нь би хариуцаж байгаа юм. Би салж юм олчихвол тэдэнд нөлөөтэй. Би лаборторид судалгаа хийхээс гадна талбай дээр очиж нэг га ч юмуу нэг хэсэг талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх вэ? Гэдгийг шийдэх хэрэгтэй. Сорт,ургамлын төрлийг нөгөө нөхдүүд судлаад байгаа юм. Нэг нөхдүүд нь хөрс шороог яаж боловсруулах уу? Ямар техник хэрэглэх үү? гээд судлаад байгаа юм. Энэ нөхдүүдтэйгээ хамтарч ажиллахын тулд тэр үед өөрийнхөө ажлыг хийгээд эрдэс бордооны туршлага хийлээ. Эрдэс бордоо, шим бордоог хэрэглэж ургамлын ургацыг нэмэгдүүлдэг. Эрдэс бордооны туршлага гэдэг бол тухайн үед азотын бордоо, фосфорын бордоо, калийн бордоо гэж хөдөө аж ахуйн гол хэрэглэдэг гурван бордоо байсан. Энэ гурван бордоог тодорхой тун хэмжээгээр хооронд нэгээр нь, хоёроор нь, гурваар нь гээд хоршоод судалгааны хувилбарууд гаргаж авдаг.

Дэжид -

Аль нь илүү үр дүнтэй вэ? Гэдгийг сонгохоор.

Төмөрпүрэв -

Тийм. Ийм том туршлага тавив .Энэ туршлагын эхнийхийг гурван жил би багтааж хийх ёстой. Энэ олон хувилбартай туршлагаа хийгээд давгүй боллоо. Манай Дорнод аймгийн хувьд азот, фосфор, калийн гурвалсан бордоо мөн түүнчлэн азот фосфорийн хосолсон бордоо гэсэн энэ хоёр шалгарч гаалийн ургацыг 2-3 центнерээр нэмэгдүүлсэн дүн гардаг юм.

Дэжид -

Нөгөө олон жилийн хөдөлмөрийн үр дүн.

Төмөрпүрэв -

Тийм. Үр дүн гардаг юм..

Дэжид -

Та үр дүнгээ харсаар байтал хугацаа сунаад байсан уу?

Төмөрпүрэв -

Тийм.

Дэжид -

Та энд хэдэн жил ажилласан бэ?

Төмөрпүрэв -

Хорин жил ажилласан. Амжилттай ажилласан учраас улсаас “Оновчтой саналын гэрчилгээ” надад олгож байсан.

Дэжид -

Тэр үед “Оновчтой саналын гэрчилгээ” гэдэг чинь дээд сургууль төгссөн дипломтой адил биз.

Төмөрпүрэв -

Тийм. Бас нэг үүргээ биелүүлчихлээ.

Дэжид -

Та хэдэн онд гэр бүл болсон бэ?

Төмөрпүрэв -

1974 онд.

Дэжид -

Их л олон жил хөдөлмөрийн төлөө явсаар байгаад тааржээ.

Төмөрпүрэв -

Тэгсэн. Тэрнээс өмнө 1971,1972 оны үед бид хоёр танилцчихсан байсан. Тэр маань хотод ажилладаг байсан болохоор явж очиход дуртай биш. Аль аль талын даалгавар их үр дүнтэй болсон. Тэгж байгаад 1975,1976 онд хүрээлэнгийн орлогч захирлаар намайг томилсон. Би их дургүй байсан. Наад юмаа хийж байх нь дээр. Тэр чинь захиргааны талын ажил болоод явчихна. Тэгтэл давхар судалгааныхаа юмыг хий гэсэн. Том байгууллага учраас хоёр орлогчтой. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн буюу нэгдүгээр орлогч, нөгөөдөх нь аж ахуй,туслах аж ахуйг эрхэлсэн орлогч.

Дэжид -

Та эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч байсан уу?

Төмөрпүрэв -

Тийм.

Дэжид -

Үйлдвэрээр бол ерөнхий инженер үү?

Төмөрпүрэв -

Тийм. Тэр чинь ёстой гүйцэгддэггүй юм байна. Хорин хэдэн эрдэм шинжилгээний ажилтан тэдний сэдвүүд дэд сэдвүүд, арав гаран туслах ажилтанууд, дунд шатны хүмүүс тэдний туслахууд гээд сургууль төгсөөд ирсэн хүмүүс байна. Тэгээд эрдэм шинжилгээн дээрээ дөч,тавин хүнтэй. Тэгээд эрдэм шинжилгээ нь аж ахуйтайгаа холбогддог учраас аж ахуйн зарим юм нь над дээр давхар орж ирдэг. Тэгээд тэр байгууллага чинь бүхлээрээ над дээр орж ирдэг юм байна. Ингээд давшгүй юмтай нүүр учирдаг юм байна. Яамнаас томилчихож байгаа юм. Явна гээд байсан минь чөдөрлөгдөөд ингээд үгүй болдог юм байна. Найм,есөн жил өөрийн эрдэм шинжилгээний ажлаа хийгээд, орлогч захирлаар зургаан жил ажиллачихаад, за одоо боллоо гэж бодож байтал гэнэт захирал өөрчлөгдөх болдог юм байна. Захирал өөрчлөгдсөн дээр яваад өгнө дөө гэсэн захирал бол гэлээ. Яаман дээрээс л тэгээд байгаа юм. Бид нар олон жил ажилласан хүнийг тавина, шинэ хүн тавихгүй гэж байна. Тэгэхэд намд элссэн байсан. Яагаад гэвэл байгууллагын удирдах ажилтануудыг аймгийн намын хороо намдаа элсүүлчихдэг байсан. Намын даалгавар, яамны даалгавар та тайлбар тавих хэрэг байхгүй. Үг хэлээд ч хэрэг байхгүй. Бид мэдэж байна. Таньд үүрэг өгч байхад та юун тайлбар тавиад байгаа юм бэ? гээд томилогдсон. Таван жил захирал хийсэн. Тэгээд хорин жил болоод 1988 онд энд орж ирсэн. Эндхийн намын хороо, захиргаа нэгэнт ороод ирснээс хойш манайд ажил гэсэн. Би төр захиргааны ажил мэдэхгүй, би чинь өөр эрдэм шинжилгээний ажил хийж байсан гэлээ. Энд нэгдүгээр зарга дуудаад нам энэ тэр яриад дуудлаа. Би тэгээд очлоо доо. Би энэ ажлыг ерөөсөө мэдэхгүй та нарын ажилд садаа болно гэхэд чамайг бид мэднээ гэв. Намын хороонд гурван жил, аймгийн захиргаанд арван нэгэн жил ажиллаад 14, 15–н жил төвд ажиллачихдаг юмаа.Эхний 1, 2 жил хүнээс суралцаад бичиг баримт боловсруулах, аж ахуй нэгж байгууллагуудын ажлыг хянах, зөвлөгөө өгөх, хурал цуглаан бэлтгэх, хөдөө сум аж ахуй нэгжүүдээр явж зөвлөгөө өгөх, ажлыг нь хянах гээд аймгийн газар тариаланг би хариуцаж байсан. Энэ талын бодлого чиглэлийг боловсруулах, нам төр засгийн гаргасан бодлогыг аймгийн хэмжээний болгож шинээр боловсруулж, мөрдөх гээд зах зээл эхэлснээс хойш энэ ажлуудыг уялдуулж хийлээ.

Дэжид -

Та хэдэн он хүртэл энэ ажлыг хийсэн бэ? Үндсэндээ та 21-р зууныг үзсэн юм байна.

Төмөрпүрэв -

1995 он хүртэл ажилласан. Зах зээлд шилжээд бичиг баримт өөр юмнуудад маань өөрчлөлт орсон лдоо. Хэдийгээр нас дөч гарч тавь хүрсэн хэдий ч Халх голд ч хамт олны хүч,энэ аймагт ч хамт олны хүчинд би хаана ч сайхан явсан.Эндээ ч би их баярлаж явдаг.

Дэжид -

Үндсэндээ тэр үеийн сэхээтэнд гарч байсан зовлон жаргал, ололт амжилт, залуу хүн яаж хөдөлмөрлөж байсан бэ? социализмын үед сургууль соёлд яаж явж байсан бэ? оюутан ахуйн дурсамжын талаар тодорхой ярьлаа. Итгэл найдварыг амьдарлын чиг шугам болгож байсан гээд сайхан ярилцлага өглөө. Баярлалаа таньд. Би гол асуух 2 асуултандаа оръё. Нэгдүгээрт таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн ямар үйл явдал байгаа вэ? Хэрвээ байгаа бол тэрийг юу гэж үзэж байгаа вэ?

Төмөрпүрэв -

Хэн ч гэсэн олон арван жил ажиллаж амьдрахад сонин ч гэдэг юмуу санаж явууштай зүйл үлддэг юм шиг байгаа юм. Миний хувьд сургууль соёлоос ажил амьдрал дээр гарч ирсэн дөч,тавиад жил зарим зүйлийг тойрсонгүй ажиллаж амьдарч ирлээ. Улс орны,аймгийн газар тариаланг хөгжүүлэхэд миний хувь нэмэр байлаа. Үүндээ ч би бахдаж явдаг. Надад хүнд хүнд үеүд тохиолдож байсан. Ялангуяа Халх голд хорин жил ажиллаж байхад амжилт бүтээл, итгэл найдвар биелж байсны зэрэгцээ бэрхшээл байсан. Байгалийн бэрхшээл юмуу, байгаль орчинтойгоо дасан зохицох эсвэл боломжоороо сөрж өөрийгөө болон хамт олон, албан байгууллагаа хамгаалж явах нь хэцүү асуудал юм байна лээ. 1980-аад онд Халх голд их түймэр гарсан. Манай байгууллага 2000 гаран малтай байсан. Эрдэм шинжилгээний байгууллага болохоор манай мал сайхан ч мал. Намайг Халх голын эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байхад манай байгууллага хэд хэдэн сайхан зүйл бүтээсэн. Манай мал аж ахуйн салбарынхан Халх голын махны чиглэлийн “Мухар үхэр” гэж гаргасан. Зүүн бүсэд төдийгүй улсдаа нэртэй сайхан сүрэг бий болсон. Хэдийгэр би өөрөө бүтээгээгүй ч миний хамт олон бүтээсэн учраас надад маш сайхан байдаг. Хоёрдугаарт Манай хамт олон Дорнод байтугай Монголд байгаагүй зөгийн аж ахуйг анх Халх голд эрхэлсэн. Зуу гаруй зөгийн бүл бий болсон. Жилдээ зургаа, долоон тонн бал хурааж авдаг болсон. Энэ бол сүүлдээ явсаар байгаад манай аймгийн брэнд болсон. Энэ байгууллагын уг суурийг авч яваа цөөн хэдэн хүмүүс бий.Энэ нөхдүүд маань залгамжлаад зах зээлийн хүнд нөхцөлд хувьчлал ч юмуу элдэв бэрхшээлээр тараачаагүй авч яваад би их баярлаж явдаг. Эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн төв гэж байдаг. Миний өмнө байсан дарга Халх голд анх удаа дөчин га жимсний цэцэрлэг байгуулсан. Тэнд алим, жимс жимсгэний гуч гаруй сортыг туршиж, нутаглуулсан.

Дэжид -

Туршаад Монгол оронд ургаж болноо гэж.

Төмөрпүрэв -

Тийм. 1967-гоос1976 он хүртэл жилдээ хорь,гучин тонн алим Чойбалсан хотын хэргэцээнд нийлүүлж байсан.

Дэжид -

Энэ бол үнэхээрийн гайхалтай.

Төмөрпүрэв -

Энэ бол манай хамт олны төдийгүй Дорнод аймгийн бахархал байх ёстой гэж боддог. Бидний үлдээсэн зүйлүүд ийм юмнууд байна. Энэ аймгийн болон Сүхбаатар аймгийн мөн түүнчлэн Хэнтий аймгийн наад хэсэгт ордог манай хамт олон бол Дорнод бүсэд мөрдөх газар тариалангын технологи гэж боловсруулсан. Үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийг яаж тариалах уу? Яаж арчлах уу? Яаж ургацыг нь хураах уу? Ямар сорт байх уу? гээд энэ бүхнийг тогтоож өгсөн. Тэрүүгээр өнөөг хүртэл явж байгаа. Энэ бол үлдэцтэй ажил болсон. Энэ бол зөвхөн минийх биш манай хамт олны бүтээл .Би тэнд хамт ажиллаж тэр хамт олныг толгойлж байсны хувьд надад сайхан дурсамж болж үлдсэн байдаг.

Дэжид -

Тэрнээс гадна таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байна уу? Хэрвээ тийм зүйл байгаа бол тэр юу вэ?

Төмөрпүрэв -

Гайгүй дээ. Би бусдын л адил ажиллаж амьдарч явсан. Тасарч цоройсон зүйл надад санагддаггүй юм. Би ч өөрийгөө ийм тийм байлаа гэж товойлгож ярих дургүй хүн. Нэг үгээр хэлхэд үгүй дээ.

Дэжид -

Бид хоёр үнэхээрийн олон сайхан сэдвээр ярилцлаа. Тэр үед ийм олон сайхан ажлуудыг хийж байхад таныг шагнаж урамшуулж байсан биз. Та ямар шагнал төрөөс авч байв?

Төмөрпүрэв -

Төр засаг намайг үнэлж шагнал өгсөн. Алтангадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, жаран жилээс авхуулаад наян жилийг дуусталх ойн медалиудаар шагнуулсан. Монголын хувьсгалч залуучуудын эвлэлийн төв хорооны тэргүүний тариаланч гэж алтан медалиар шагнуулж байсан. Хилчдэд сайн тусалж байсан гээд хил хамгаалах газрын тэргүүний гишүүн, онц хилчин гэсэн тэмдгээр шагнуулж байлаа. Аймаг орон нутгийнхаа засаг даргын шагналуудаар удаа дараа шагнуулж явсан. Сүүлд Чингисийн 800-н жилийн ойн медалиар шагнуулсан.

Дэжид -

Таны түүх намтрыг харж байхад өвөг дээдсийн зан үйлээс өвлөж авсан юм болов уу, тэгээд та ингэж эрч хүчтэй ажиллаж байсан юм боловуу? гэж санаанд орж байна. Таны алтангадас одон, зарим чухал зургийн цомгоос тодорхой нэг хэсгийг татаж авч болох уу?

Төмөрпүрэв -

Зарим хэсгээс татаж авч болно лдоо.

Дэжид -

Сайшаал урамшуулал, ажлын хамт олонтойгоо авхуулж байсан зураг гээд тодорхой зарим нэг зүйлүүдийн зургийг татаж авах шаардлага байгаа. Тэрнээс гадна таньд дурсгалтай хадгалагдаж үлдсэн ямар эд зүйл байдаг вэ?

Төмөрпүрэв -

Тусгай эд зүйл байхгүй дээ.

Дэжид -

Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ном судар, түүхэн баримт бичиг байдаг уу?

Төмөрпүрэв -

Ном судрууд байдаг. Аавын хэрэглэж байсан ном, бурхан, хөөрөг бол надад байдаг. Хөвсгөл аймагт миний дүү дээр байж байдаг. Барьж байсан хонх, өмсөж байсан малгай бий лдээ.

Дэжид -

За Төмөрпүрэв гуай маш их баярлалаа. Маш урт хугацаанд өөрийнхөө түүх,амьдрал ахуйн талаар тодорхой ярьж өгсөнд баярлалаа. Таньд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Төмөрпүрэв -

Би ч бас баярлалаа. Надад цаг зав гаргаж, илэн далангүй ярилцаж миний ярилцлагыг сайхан нөхөрсөг, дотно боломжоороо хүлээн авсанд миний бие бас их баяртай байна. Таньд цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.