Tarvajav


Basic information
Interviewee ID: 990580
Name: Tarvajav
Parent's name: Ayush
Ovog: Borjigin
Sex: f
Year of Birth: 1932
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / teacher at a ten-year school
Belief: Buddhist
Born in: Idermeg sum, Hentii aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Hentii aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
privatization
education / cultural production
childhood
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

democracy
privatization
childhood
schoolchildren's life
secondary school
intelligentsia
teacher
movies
plays
children's upbringing
nature and environment


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Цэцэгжаргал -

За та өөрийгөө танилцуулахгүй юу? Хэн гэдэг билээ? Хаана төрж өсөв? Ямар ажил хийж явсан бэ?

Тарважав -

За миний нэрийг Таравжав гэдэг юм. Би Хэнтий аймгийн Идэрмэг суманд 1932 онд төрсөн. Ээжээсээ тавуулаа байсан, одоо ч 2-уулхнаа болоод байна. Би өөрөө 10 хүүхэд төрүүлсэн, ингээд 9 нь амьд аж төрж сайхан байнаа, тийм. За тэгээд 1948 оноос 1993 он хүртэл багш, зөвхөн энэ Өндөрхааны 10 жилийн сургуульд гэхэд би 30 жил хичээл хүмүүжлийн эрхлэгч хийсэн. Тийм, нийтдээ 45 жил боловсролын салбарт ажилласан, тийм. За товчхон танилцуулахад ийм байна.

Цэцэгжаргал -

Та ардчилал гарч байх үед ямар ажил хийж байсан бэ?

Тарважав -

Ардчилал гэдэг маань одоо 1990 онуу? 1990 онд би энэ сургуульд хичээлийн эрхлэгч хийж байжээ, тийм.

Цэцэгжаргал -

Тухайн үед та ардчилалын үйл явцад оролцож байв уу?

Тарважав -

Одоо нөгөө туг далбаа ч барьж, дуу хуур болж оролцоогүй л дээ. Ер нь ардчилал гэдэг чинь жинхэнэ утгаараа бол сайхан л юм даа, тийм. Одоо шудрага ёс, эрх чөлөөт амьдралыг тогтоох зөв шудрага сайхан л нийгэм. Гэхдээ гарч ирсэн шигээ одоо явж чадсангүй харамсалтай л байна, тийм.

Цэцэгжаргал -

Тухайн үед ардчилалын талаархи мэдээллийг хүмүүс анх хаанаас олж авч байсан бэ? Тэр үед юу бодож байсан бэ?

Тарважав -

Хаанаас авч байваа?

Цэцэгжаргал -

Аанхаа

Тарважав -

Тийм, яахав радио телевизээр л ярихыг сонсож байсан даа. Тийм, тэгээд ардчилал ч гэж уг нь байсан юм шүү дээ уг нь урьд нь бол, тийм. Ардчиллыг одоо...жинхэнэ утгаараа явбал зүйтэй л юм гэж бодож байсан л даа, тийм.

Цэцэгжаргал -

Тухайн үед ардчилал гарч байхад таны амьдрал ямар байсан бэ?

Тарважав -

Яг ардчилал тогтлоо гэнгүүт чинь хачин болсон шүү дээ нийгэм чинь тийм. Одоо хөгшид, хүүхдүүд ёстой л социализмийн довон дээр үлдээд. Хүмүүсийн амьдрал бол тун хэцүү болсон шүү, тийм. Барууны...Ганболд энэ тэр чинь одоо... энэ Ганболд манай депутат байсан шүү дээ, тийм. Тэгээд бүсээ чангалахгүй бол хөгшчүүлийг элгээр чинь хэвтүүлнэ шүү гэж айлгаж байсан ш дээ. Тэгээд ер нь идэж уух юм ховор, дэлгүүр хоосон хүмүүсийн амьдрал санаа сэтгэлд бол бас л нилээн айдас түгшүүр авчирсан цаг бий шүү дээ, тийм.

Цэцэгжаргал -

Тэр үеийн үйл явдал, ардчилалын үр нөлөө таны амьдралд яаж нөлөөлсөн гэж бодож байна?

Тарважав -

Ямар нөлөө? Аан мэдэхгүй ер нь жаахан түгшүүртэй, ядуу зүдүү амьдрал явж байсан ш дээ, тйим. Нийтээрээ л ядуурсан, хамгийн түрүүн хүүхдийн байгууллага байхгүй болсон. Хүүхдийн эрх, эрх чөлөө гэдэг юм хумигдсан, хүүхдийн нэртэй болгон алга болсон. Тийм, тоглоомын талбайгаас эхлээд пионерийн байгууллага гэж хүүхдийн оюун санааны амьдралыг тэтгэж хөгжүүлж байдаг, авьяас билгийг нь хөгжүүлж байдаг тэр байгууллага хамгийн түрүүнд байхгүй болсон, тийм. Тэгээд залуучуудын байгууллага гэж байхгүй болсон, тийм. Оюун санааны хувьд бол ер нь хүмүүс гандаж гундсан тал бий шүү, тийм.

Цэцэгжаргал -

Ардчилал гарч байх үед таньд юу авчирна гэж бодож байв?

Тарважав -

Энэ чинь одоо социализмын юунаас сэтгэлгээнээс салж чадахгүй. Ер нь нэг сайхан юм авч ирэх болов уу гэж... ер нь би нээх айхтар яаж чадаагүй л дээ ер нь. Айхтар гоё юм болох ч байх гэж бодож чадаагүй л байна ер нь, нуугаад ч яах вэ дээ. Тийм, олон хүн ажилгүй болсон. Манай энэ сайхан олон үйлдвэрүүд эзэнгүй болсон, хаагдсан. Хүмүүс залуугаараа ажилгүй болсон эмэгтэйчүүд гэхэд л. За тэгээд юу... залуугаараа тэтгэвэрт гараад, ажилгүй болоод. Хамгийн түрүүн хяналтын байгууллагыг устгасан ш дээ ардчилал гарч ирэнгүүтээ. Тэр чинь одоо хуучин ажлаа мэддэг...бодит үнэнийг дарж барихад их л юу болсон байх гэж боддог. Ардчилал...аа хяналтын байгууллагыг үгүй хийнэ гэдэг чинь их ноцтой санагдаж байсан анх.

Цэцэгжаргал -

Одоо ингээд 20 жилийн хойно харж байхад ардчиллын үр нөлөө юу байна?

Тарважав -

Одоо хүмүүс ярьж л байдаг л даа “чөлөөтэй их, ярьж хэлэхэд чөлөөтэй болсон” гэж. Ер нь ардчиллын үр нөлөө гэж одоо мэдэхгүй ээ. Боловсролд бол нэг их юм алга, эрүүл мэндэд яасан юм алга, тийм. Энэ чинь одоо давуу талыг нь нэг сайн олж харахгүй л байна шүү ер нь. Одоо ёстой ардчилал нэрээр анархизм гэдэг чинь л болоод байгаа яг үнэнийг хэлэхэд бол, тийм. Социализм ер нь хүний боловсрол, эрүүл мэндэд асар их анхаарал тавьж байсан шүү дээ. Нийгмийн талыг их анхаарч байсан. Тэгээд одоо боловсрол, эрүүл мэнд цөм мөнгөнд, мөнгө л мэднэ гэдэг болчоод байна шүү дээ.

Цэцэгжаргал -

Ардчилал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлсөн үү?

Тарважав -

Эрэгтэй эмэгтэй хүмүүст үү? За энэ чинь юу гэсэн үг билээ байз. Ардчилал гарснаас одоо эмэгтэйчүүд л яах шив дээ... айл гэрийн, хүүхэд асарч байх гол хүн болж. Эрэгтэйчүүд нь архины мухлаг руу их хошуурлаа ш дээ айн. Энэ оюуны хоосролын орон зай ихэссэн яриа байхгүй. Тэгээд экологийн сүйрэл болсоон, эдийн засгийн уналт болсоон. Тэрний үр дагавар бидэнд ер нь чанга л тусч байна даа ер нь.

Цэцэгжаргал -

Ардчилалын үйл явц өрнөж байх үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан оролцож байсан уу? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоонд ялгаа байсан уу?

Тарважав -

Урьд бол ажилгүй хүн ч байсангүй шүү дээ. Цөм л ажилтай байлаа. Авдаг цалинтай, хийдэг ажилтай. Ажилгүй хүн ер нь үндсэндээ байхгүй байсан шүү дээ. Сургуульгүй хүүхэд ч байхгүй, ажилгүй хүн ч байхгүй ийм л байсан. Тэгээд одоо эрэгтэйчүүд үндсэндээ нээрээ ажилгүй болчоод байна ш дээ. Ер нь ажилтай хүн ч ховор болоод байна шүү дээ айн. Нурууны өндөр, царайны сайхнаар авна гэсэн зар хааяа явдаг биз. Тийм. Одоо яг ардчилалыг гарах үед үү? Эрэгтэйчүүд нь арай гол байсан юмуу даа. Би чинь яг нээх дунд нь хутгалдаж ч явсан хүн биш л дээ, тийм.

Цэцэгжаргал -

Хэнтий аймагт анх өмч хувьчлалыг яаж зарласан бэ?

Тарважав -

Өмч хувьчлал гэдгийг чинь одоо харин ёстой юу ч хүртээгүй хүн л дээ. Өмч хувьчлал гэдгийг...одоо боловсролынхон ч яахав дээ ямар ширээ сандлаа авахгүй бол юу ч байхгүй юм чинь, тиймээ. Эмч нар, багш нар бол өмч хувьчлал гэдэгт чинь ямар ч рольгүй үлдсэн ш дээ. Энэ мал хөрөнгөтэй, байшин барилгатай хөрөнгөтэй хогшилтой улсууд нь бол юмаа хувааж авсан л биз, тийм. Одоо жишээ нь би бол өмч хувьчлал гэдэгт юу ч аваагүй хүн одоо. Өнөө нэг бичиг өгсөн шүү, харин тийм. Тэр бичгээрээ юу ч аваагүй. Анхан тэр Эрдэнэтийн ГОК гэнэ үү. Тэрэнд өгнө гэсэн, дараа нь тэр нь хувьчлахаа байлаа гэсэн. Тэгээд ноднин одоо энэ нь хэрэгтэй байна уу, хэрэггүй байна уу гэж барьж явьж байгаад энэ их дэлгүүрт... нэг юунд орууллаа гэсэн. Тэгээд нэг төгрөг ч аваагүй л дээ тэрэнд. Тэр талаар бол маньд ямар ч хүртээлгүй ингээд байж байгаа.

Цэцэгжаргал -

Анх хувьчлалын талаарх мэдээллийг хаанаас өгсөн бэ, хүмүүс яаж хүлээж авсан?

Тарважав -

За энэнийг чинь одоо...

Цэцэгжаргал -

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмч хувьчлал болох гэж байна гэж зар сурталчилгаа, сургалтууд явагдаж байсан уу?

Тарважав -

Одоо мэдэхгүй ээ. Сургалт энэ тэр эрх биш яваа л байх л даа тэр дээд талаараа бол. Би тэр талд нээх сууж барьж, яаж байсан хүн биш л дээ.

Цэцэгжаргал -

Танай нутагт үйлдвэр аж ахуйн газруудыг яаж хувьчилж байсан бэ?

Тарважав -

Одоо тэр эзэмшиж байсан улсууд нь хувааж авсан юм байгаа биз дээ. Одоо юу ч байхгүй болсон ш дээ ер нь. Усны аж ахуй гэж байсан байхгүй. Нийтийн аж ахуй гэж байсан байхгүй. Нэгдэл дунд гэж байсан байхгүй. Барилга гэж байсан байхгүй. Гурилын үйлдвэр гэж одоо маш сайхан газар байсан одоо тэгээд эрээвэр хураавар боллоо ингээд. Ер нь тэр хариуцаж байсан улсууд нь авсан юмуу гэхээс бол мань мэтэд бол мэдэх юм алгаа.

Цэцэгжаргал -

Хувьчлал хүмүүсийн өдөр тутмын амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Тарважав -

Тэр ёстой нөлөөлсөн юм байхгүй, мэдэхгүй. Одоо өнөө хүртэл би тэр хэдэн цаасыг нь хоосон хадгалж байгаагаас биш мэдэх юм алга. Юу ч, нэг төгрөг ч аваагүй, тийм.

Цэцэгжаргал -

Хүмүүс хувьчлалаас их бага ялгаатай хүртсэн юм байна. Ямар хэлбэрээр, яагаад зарим хүмүүс бусдаасаа илүү өмч эзэмших болсон юм бол?

Тарважав -

Аа тэр... зарим нь ямар аргаар ингэж баяжсан юм ёстой мэдэхгүй юмаа. Би тэр арга ухааныг нь мэдэхгүй юм л даа хүүхээ. Тэгээд тэр одоо овсгоотой нь л хождог байхдаа. Мэдэхгүй юм. Би тэр талын юмыг үнэндээ мэдэхгүй юмаа, хариулж мэдэхгүй байна, тийм.

Цэцэгжаргал -

Таны бодлоор хувьчлал эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаатай туссан уу?

Тарважав -

Ялгаатай?

Цэцэгжаргал -

Аанхан

Тарважав -

Жишээ нь өөрийн дээрээ л ярихад албан хаагч гээд... энэ юунд бол бидэнд... тэр хөдөөний суманд малаа нийгэмчилчихсэн ш дээ бид нар дээр үед. Тэгээд малаа нийгэмчилчихсэн хүмүүст хувь хүртээхгүй гэсэн, албан журмын... үгүй ээ албан ажил хийж байгаа улсуудад тэр хувь хүртээх хамаагүй ээ гээд ингээд юу ч өгөөгүй байгаа, тийм. Энэ чинь дэндүү шудрага биш юм санагддаг юм.

Цэцэгжаргал -

Хараад байхад хувьчлалаас хэн илүү авж чадсан бэ, хэн юу ч авч чадаагүй вэ?

Тарважав -

Одоо шудрага шулуунаар явсан хүмүүс юу ч авч чадсангүй гэж би бодож байнаа. Одоо ёстой улсын ажлыг бодоод л ажиллаж байсан хүмүүс... манай багш нар гэхэд л юу ч авсан юм байхгүй ш дээ нээрээ. Тэгээд яахав хөдөө малтай, залтай байсан улсууд авсан л байх л даа хөдөөтэй улсууд бол. Тэрнээс жинхэнэ одоо багшийнхаа мөрийг хөөгөөд явж байгаа ийм хүмүүс бол юу ч хүртээгүй л байх гэж бодож байна. Одоо тэр хөрөнгө дээр эзэмшиж байсан, эрхэлж байсан улсууд авдаг юм уу гэхээс мэдэхгүй юм даа.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад хүүхдүүд яаж боловсролтой болдог байсан бэ?

Тарважав -

Би чинь одоо 1948 он... би өөрөө яахав дээ 1942 онд сургуульд орж байсан хүн дээ. Тэр үед сургуульд хүүхдээ өгөх дургүй үеэ. Би ч яахав, ээжий минь намайг боловсролтой болгох гэж тэмцсэн хүн. Зүгээр багш болчихсон хойноо хүүхдээ олж ирэх гэж айл одоо хөдөөгүүр сумдаар явж байж, нэг айлд хэд дахин очиж байж хүүхдээ олж ирдэг тийм л байлаа. Сургууль боловсролын үнэ цэнийг аргагүй ойлгохгүй л байсан байх л даа тэр үед. За яахав энэ чинь сүүл сүүлрүүгээ ч одоо бас ойлгодог, сургадаг л болсон л доо. Тэгээд завсардалт энэ тэр чинь их л байсан яахав. Тэгээд багш нарын, сургууль багш нарын хөөцөлдөө, анхаарал халамж, тэр ажлын төлөөх тэмцэл эрмэлзэл сайн байвал сум орныхоо хүүхдийг сургаж, сургалтанд хамруулах ажил сайн л хэрэгжиж байсан л даа. Тэгээд саяхан болтол нээрээ сургуулийн ач тусыг ойлгохгүй завсардуулж аваачаад хөдөө хэлгүй дүлий ч юм болгоод явж байсан юм бий л дээ, тийм.

Цэцэгжаргал -

Та өөрийнхөө сурагч байсан талаар ярихгүй юу?

Тарважав -

Идэрмэг сумын бага сургуульд би ээжээрээ... 9 настай байсан байхгүй юу, хөгшин болтлоо мээмээ хөхөж байгаад. Тэгээд намайг 1-р ангид ороход, манай сургууль тэгэхэд талдаа 16 цонхтой их гоё сайхан, урт байшинд хичээлд орж байсан. Ёстой л нэг сургууль гэж ийм гоё байдаг юм байх л гэж бодож байсан. Тэгээд Дамбасүрэнгийн Гонгор гэдэг багш миний анх 1-р ангийн багш. 2-р ангийн багш Далхсүрэн гэж одоо ч эртэй бяртай эрдэм чадал нь хэвээрээ явж байгаа нэг сайхан багш байгаа 80 гарчихсан. За бага сургуульд байхад чинь, яахав багш нар юу заадаг монгол хэлээ заана, үг хөгжил гэж нэг их гоё хичээл орно. Аа тэгэд түүхээ заана, аан монгол хэл, түүх, уран зохиол матеаматик, зураг, биеийн тамир, дуу хөгжим гэх энэ хичээлүүд орно доо. Тэгээд тэр үед онц сурсан хүн... би нэг онц сурлаа л даа яахав 1-р ангид. Тэгээд нэг аягатай мойль, аяганд дүүргэсэн мойль, аа юу нэг цагаан алчуур. Одоо нэг цоохор цагаан алчуур одоо бол нэг шалны алчуур болоод байх шив дээ энэнийг нэг 50 см-тэй өгч байсан юм. Миний анхны шагнал тэр, тэгээд их л гоё шагнал авлаа гэж хөөрч байсан юм. Надад урам зориг өгч байсан. Тэгээд манай багш нар бол “Зовлонгийн цаана жаргал байдаг юм, бэрхшээлийн цаана хөгжил байдаг юм” гэдгийг бидэнд бага наснаас сайн ойлгуулж байсан. Тэгээд миний сурч байх үед бол мичин жилийн зуд болсон. Дэлхийн 2-р дайн болсон. Дайн зудын үед биднүүс... бидэнд дэвтэр харандаа байхгүй. За харандаа ч яахав байсан л даа. Дэвтэр байхгүй, тэгэд нэг барааны ороолт бор цаас гэдэг юм байсан. Тэрнийг үдээд бичнэ. За тэгээд юу... тосон лаа, тарваганы...үгүй ээ лаа гэнэ адууны тос, тарваганы тосоор хийсэн дэнтэй. Гэрэл, гэгээ байхгүй ш дээ. Лаа ч байхгүй тийм орчинд биднүүс тэгээд багшийнхаа заасныг сураад, даалгавраа бүтэн гүйцэд хийгээд, сурах мэдэхийн төлөө тэмцэл, эрмэлзлэлээ дайчлаад ингээд одоо сурч байсан юм байгаа л даа. Нээрээ бэрхшээл гэдэг чинь хүнийг бас ухаажуулдаг, хатууцуулдаг. Тийм, сурч мэдэх эрмэлзэл тэмүүллийг өдөөж хөгжүүлж өгөхөд их нөлөөтэй л юм даа. Жаргал дунд умбаад ч хүн сайн сурдаггүй юм шиг байна лээ, тийм. За тэгээд зуд аюултай л даа, тийм. Манай, зүгээр сонин болгож хэлэхэд манай айлын Чимэдлхамынх гэж 100 гаран сайхан бидэртэй хүрэн үхэртэй айл байсан. Тэгээд зудад яваад ирэхдээ ганцхан бяруутай болоод ирсэн юм байгаа л даа. Тийм айхтар зуд болсон. Тэгэхэд би дотуур байр, майранд байхгүй ш дээ. Мориор ирдэг, тэгээд л орой харьдаг тийм л байсан юм чинь. Өөр юу асуулаа...Пионерийн дарга гэдэг тушаалтай би бас болоогүй, тийм. Тэгээд эвлэл, пионерийн ажилд... пионерийн ажил чинь хүнд их юм өгнө ш дээ. Баатарчууд, пионерийн ажил тэрүүгээрээ... одоо ёстой ертөнцийг таньж мэдэх их юм олгож байсан байгууллага бол одоо пионерийн байгууллага, баатарчуудын байгууллага байгаа юм ш дээ. Тийм, янз бүрийн сайхан, хөөрхөн ажлууд зохион байгуулна. За тэгээд тэр үеийн, дээр үеийн хүмүүс чинь үлгэр, шүлгээ ярина даа. Өө яахав үг хөгжлийн хичээл гэж нэг хүүхдийг хөгжүүлэх үлгэр, шүлэг, түүх домог тийм л юм сайхан ярьдаг. Оюун санааг хөгжүүлэх, хэл яриаг хөгжүүлэх, ухаан бодлыг тэгшитгэж өгөх тийм сайхан хичээл байсан юм даа. Намайг бага сургууль төгсөхлээр шууд багш болгосон юм байгаа юмаа. Өө бага сургууль төгсүүтээ ч биш л дээ. Төгсүүтээ...намайг ер нь...би ер нь яасан хүн шүү дээ...Хувьсгал залуучуудын эвлэлд 40 жил сонгууль хүлээгээд. МАХН-д 50 жил сонгууль хүлээгээд. 20 жилд нь намын үүрийн дарга хийгээд энэ сургуульд. Аа энэ төрийн захиргаа одоо засаг захиргааны байгууллага гэж байсан ш дээ. Тэрэнд би 60 жил... тэр одоо сургууль, 4 төгсөөд 10 гэрийн ухуулагч гэж хийсэн. Тэгээд сумын бичээч, Данзанжамц гэдэг нарийн бичгийн дарга намайг сургуульд байхад завсарлагаанаар аваачиж, хичээлийн дараа аваачаад юм хордуулж бичүүлээд багт тараадаг юмыг. Бичээч, гар бичээч хийлгэж байсан. Тэгээд цалин мөнгө гэж байхгүй л дээ, тэгээд ер нь хордуулж бичих бичээч л болгож байсан байгаа юм л даа. Тэгж л би төрийн ажилд эхэлсэн хүн шүү хүүхэд байхаасаа бараг, тийм. Тэгээд 1948 онд, тийм бага ангийн багш сумандаа. Сумандаа бас 10 жил багшилсан гэж байгаа яахав /инээв/. Хичээл зааж, хүүхдэд юм ойлгуулж л байсан байх л даа. Одоо тэр нэг 10 жил сургуульд... за тэр үед яахав, миний үед чинь 225 төгрөгний цалинтай багын багш. Гэхдээ яахав ээ, тэр үед чинь дэвтэр харандаагаар сургууль хангачихна. Түлээний мөнгө гээд...лаа гэрэл лаа өгчихнө. Толгой лаа сард өгчихнө. Тийм одоо бас нийгмийн асуудлыг нь шийдэж байгаа нь тэр биз дээ. Тийм, тиймэрхүү туслалцаатай байсан. Одоо тэгэхэд чинь хөдөө явна. Тэгээд явдаг гэж хэлсэн ш дээ түрүүн, тийм. Нилээн ажил болж байж орж ирнэ дээ. Тэгээд ирсэн хойноо... тэгээд завсардалт байдаг ч гэсэн... манай Идэрмэг ч бас аймагт явуулж сургадаггүйгээрээ алдартай сургууль байсан. Хүүхдээ явуулдаггүй, аймаг явуулж сургахгүй тэгээд 4-р анги төгсгөвөл их юм болно л доо. Тэгээд үлддэг, тийм.

Цэцэгжаргал -

Тэр үед бага сургууль төгсөгчөөд багш болгодог байсан юмуу?

Тарважав -

Тэгдэг л, одоо би лав тэгсэн юм байгаа юм, тийм. 17- той билүү, тийм. Үгүй яахав дээ наана нь одоо бичиг үсгийн багш магш хийж, 10 гэрийн ухуулагч энэ тэр гэж завсарт нь. Өнөө дайн зуд чинь сургууль, энэ тэрийг хаалгаж байсан ш дээ, тийм. Дайны жил... зудын жил манай сургууль хаагдсан байхгүй юу, тийм. Одоо юу хаагдаад одоо зам харгуй хаагдаад. Машин тэрэг ч явахаа больсон. Хөдөө гадаатайгаа ч холбоо тасарсан, тийм. Цас дарчихсан тэгээд одоо холбоо байхгүй, сургууль хаагдсан жилдээ. Идэрмэг сумын бага сургуульд би 1948 оноос 1958 он хүртэл ажиллаа. Тэгж байтал аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болгоно гээд нэг машин давхиж очоод манайхыг ачаад ирсэн юм байгаа юм. Тэгээд энэ аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар... 6-хан сар ажилласан байхаа даа. Тэгээд би өөрөө багшаа хийнээ, би энэ даргын ажлыг чинь хийхгүй гэж байгаад тэр аймгийн дарга Жамц гэдэг хүнд үг дуугай байсаар байгаад тэгээд сургуульдаа, энэ сургуульд хүрээд ирсэн байхгүй юу. Тэгээд энэ сургуульд 1958 оны...1959 онд. За одоо энэ чинь 1958 оны 3 сард энчээ дарга болно гэж ирээд тэгээд 12 сар дуустал хийгээд. Тэгээд 1959 оны 1 сард энэ 10 жилийн сургуульдаа багшаар орсон, тийм. Багшаар орж багшилж байгаад нэг анги 10-ийг нь төгсгөчихөөд тэгээд багшийн сургуульд явлаа. Улаанбаатар хотын багшийн сургуульд 2 жил яваад төгсөөд. Тэгээд эргэж ирээд л энд хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч хийгээд суучихсан хүн дээ.

Цэцэгжаргал -

Таныг аймгийн 10 жилд багшлахаар ирж байхад энэ сургуулийн сургалт хүмүүжлийн ажил хичээл яаж явагдаж байсан бэ? Тэр үеийн сургуулийн талаар дурсахгүй юу?

Тарважав -

За намайг чинь одоо чинь 1959 онд багшаар ирж байхад Юндэнжамц гэж сайхан захирал, Санжаадаш гэж сайхан эрхлэгч 2 “за чамд шилдэг ангиа өглөө шүү” гээд алтан цагтай, алтан заяатай их гоё анги. Тэгээд олон хүүхдүүд, сайхан хүүхдүүдтэй ангиа өгсөн юм л даа. Би тэрийг нь 3 төгсгөчөөд тэгээд багшийн сургуульдаа явж байгаа юм. Манай сургууль чинь одоо аймгийн хамгийн ууган сургууль, тийм. Эдэм соёлын агуу их авъяастан билэгтнүүдийг тодруулж хүмүүжүүлдэг үүр уурхай нь байсан юм болохлоор сайхан сургууль байсан даа. Энэ сургуульд ирэхэд...аа Багшийн сургууль төгсөж ирэнгүүтээ би “хичээлийн эрхлэгч хий” гээд намайг болгосон л доо. Тэгээд хичээлийн эрхлэгч гэдэг чинь одоо бага ангийн сургалт л сайн байвал сургуулийн сургалт одоо дунд сургуулийн ажил сайн байх үндэс тавигддаг хойно. Тэгээд бага сургуулийн хичээл сургалтын ажлыг сайжруулах талаар одоо... Долгор гэж миний дунд ангийн эрхлэгч хүн байсан. Тэр хүний команданд дагалдаад л... одоо хөдөөний нээрээ юу ч мэдэхгүй хүн том 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгч болно гэдэг чинь сэтгэлд багтахгүй л байсан л даа. Тэгээд яахав сайн хамт олон, сайн удирдлагуудын зааж зөвлөснөөр явсаар байгаад манай бага ангийн сургалт бол аймагт төдийгүй улсад зартай л сургууль болсон л доо манай бага анги бол. Манай бага ангиас 2 гавъяат төрсөн энэ коридорт зураг нь байж байгаа Пунцагнамжилын Дуламсүрэн, Эрдэнэбаатарын Гантөмөр гээд. Далхжавын Оюунчмэг энэ тэр гээд мундаг олон багш нар. Тэгээд өдрийн хичээлийг өдөрт нь сургана гэсэн. Нэгж хугацаанд хүүхдийн бодох сэтгэх бичих хурд хүчийг нэмэгдүүлэх талаар гайхалтай сайхан ажилдаг олон сайхан багш нар манай сургуульд байсан. Тэрний хүчинд одоо манай сургуулийн бага ангийн сургалт бол их л сайн болж байсан, болсоон. Тэгээд Долгор багшийг дурьдалгүй болохгүй л дээ. Хичээлийн эрхлэгчид чинь одоо сургуулийн голт зүрх гэгдэж байгаа шүү дээ. Сургалт, хүмүүжлийн, багш нараа хүмүүжүүлж боловсруулах, багшынхаа ур чадвар заах аргыг дээшлүүлэх, сурагчиддаа зохих хариуцлаганд сургах, сурья мэдье гэсэн эрмэлзлэл, тэмүүлэлийг хөгжүүлэх, эцэг эхүүдийг одоо идэвхтэй туслагч болгох талд л их анхаарч ажиллаж байсан санагдах юм байна.

Цэцэгжаргал -

Таны мэдэж байгаагаар төр засгаас яаж сургуулийг удирдан зохион байгуулж ирсэн бэ?

Тарважав -

Өө харин төр бол одоо их анхаарал тавьдаг байсан ш дээ. Сайхан ой, заах аргын нэгдэл... үгүй ээ сурган хүмүүжүүлэх сургалтын кабинетууд ажиллуулж байсан юм аймгуудад. Боловсролын хэлтэс бол одон одоо сургалтыг дагнаж хариуцсан, заах аргач мэргэжилтнүүдийг ажиллуулж байсан, тийм. Сургуулийн удирдлагыг бэхжүүлэх чадваржуулах, материаллаг баазыг бэхжүүлэх энэ талд бол их анхаарч байсан шүү дээ төр. Юу багш нарын мэргэжилийг дээшлүүлэх системтэй сургалтууд явдаг байсан, тийм. Тодорхой хугацаатай, 3 жил 5 жил гээд. Аа тэгээд багш нарыг богино хугацаатай давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх ийм тогтмол сургалтууд явдаг байсан шүү дээ үнэ хөлс нэхэхгүй. Тэгээд одоо бол үнээр хахаад зарим нь сурч чаддаггүй болсон байх л даа. Сайхан хангана ш дээ. Ном дэвтэр сурах бичгээр бүрэн хангана. Сурах бичгийн хангалт бол одоо сайн байсан гэж хэлэлгүй болохгүй. Улсын нэгдсэн программ байна, нэг стандартаар хүүхдийг сургана. Тэгээд яахав дээ практик дадлага олгох нь муу л байх л даа. Онол талд голлосон л юм байсан байх л даа. Одоо тэгж л шүүмжилж байна ү дээ. Зөвхөн яаж байсан гэж, мэдлэг олгох талаа яагаад, дадлага практик чадвар олгох энэ талд нь арай дутагдалтай байсан гэж үзэх гэдэг байхаа даа. За сургуулийн материалаг бааз ч яахав байшин сав гээд. Сургалтын материалаг бааз гэж одоо олон сайхан кабинетууд байгуулагдаж. Энэ чинь л одоо сургалтыг амьдралтай холбох, мэдлэг дадлагыг нь чадваржуулахад нөлөө бүхий газар байх л даа кабинетууд нь. Анх одоо Улаанбаатар хотын 14-р сургууль, Хүүхээ багштай тэргүүний багш нар ирж манайд анхны кабинет байгуулж өгч байсан. За тэгээд бага ангийн кабинет, тэгээд бүх л кабинетуудыг манай багш нар байгуулдаг болсон л доо одоо 10 жилийн сургууль энэ тэр. Тэгээд өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж л голдуу хийж байсан байх даа манай багш нар. За тэгээд кабинет байгуул гэж яахав дээ нөгөө том том материалуудыг ч өгөлгүй л яахав. Багш нар өөрснөө сурагчдынхаа, хичээлийнхээ чанарыг сайжруулахын тулд янз бүрийн таниулах материал, үзүүлэн, сэдвийн боловсруулалт энэ тэрийг бол өөрснөө л одоо санаачилж хийж... уралдаан зарлаж багш нарынхаа дунд тийм хичээлийн үр дүнг дээшлүүлэх, сурагчдын идэвхи сонирхолыг, хэрэгцээ сонирхолыг хөгжүүлэх талаар юу хийхүү, яаж ажиллах вэ гэдэг талаар уралдаан муралдаан зарлаж ингэж ажиллаж байсан санагдаж байна.

Цэцэгжаргал -

Таныг оюутан байх үед багшийн сургууль ямар байсан талаар ярьж өгөхгүй юу?

Тарважав -

/Инээв/ Багшийн сургууль... Багшийн сургуульд манай Балжир, Улсын гавъяат багш Балжир гэж манай анги удирдсан багш байсан. За тэгээд гавъяат багш Гаадаан Цэвэгжав, Дэжээхүү, Гомбо, Нацагдорж гээд мундагчууд бидэнд хичээл ордог байсан. Одоо тэр багш нарыгаа санахад бараг, үнэхээр сайхан байнаа. Ихэнхи нь бурхны оронд явчиж л дээ хөөрхий. Бид нарыг сурч байхад оюутанд степенд гэж өгий ш дээ, тийм. Байранд байлгана. Байрандаа байлгана, цалин пүнлүү гэдэг юм степенд гэж л ярьдаг. Тэр чинь яахав дээ бидэндээ их юм тэр чинь. Тэр үед юмны чинь үнэ хямдхан байж. Бидэнд хүрэлцээтэй л, сурах боловсрох боломж боломжийг нь одоо хангахад хүртэл бүрдүүлсэн л юм анхаарч тусалж байж л дээ. Яахав янз бүрийн л хичээл орно л доо. Бага ангийн заах арга гэж орно. Монгол хэл маань орно, бүх хичээлүүдийн заах арга орно их орно. Тийм, ер нь тэгээд бүгд орноо. Төгсөөд багшаа л хийнэ ш дээ. Тэр үед бол төлөвлөгөөтэй сургадаг байсан тэр аймагт тийм хичээлийн багш хэрэгтэй гэдэг. Тэр үед чинь одоогийнх шиг тэгээд хамаагүй дайралдсан хүн сурахгүй ш дээ. Захиалгаар, одоо аймгийн тэнд тийм боловсон хүчин тэнд тийм газар хэрэгтэй байна гэсэн судалгаа тооцоо, төлөвлөгөөн дээр үндэслээд хүнээ сургадаг. Тэгээд ирээд тэр хүн нь ирээд ажилгүй байхгүй ш дээ. Одоо байгууллага, сургуулийн захиалгаар бэлтгэгдсэн учраас тэр тэр газраа л очиж ажиллана. Нэг тийм манай юу чинь одоо, бага сургууль 4, 7, 8, 10-р ангийн боловсрол олгодог. Тийм бүтэцтэй байсан ш дээ нэг 10 жилийн сургууль гэхэд. 1953 онд манай сургууль 10 жилийн сургууль болсон ш дээ. 1923 онд байгуулагдсан сургууль 1953 онд 10 жилийн сургууль, одоо анхны 10-аа төгсгөсөн байгаа юм. Тэрний наана яахав дээ 4, 7- р ангиуд л төгсөж байсан юм байна даа.

Цэцэгжаргал -

Таны мэдэж байгаагаар төр боловсролын салбарт яаж нөлөөлсөн бэ?

Тарважав -

Боловсролын салбарт уу... миний хүүхэд мэдэж байгаагаар миний хүүхэд байхаас эхлээд ажиллаж байх үед чинь төр боловсролд их л анхаарал тавьдаг байсан үе шүү дээ ёстой. Сургуулиудыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр хангах. Одоо яахав юу л гэдэг л дээ... зөвлөлтийг хуулж дуурайж байна л гэдэг байсан байх. Тэгэхдээ л одоо тухайн цаг үедээ олгох ёстой боловсролоо олгоод, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах боловсон хүчнүүдийг бэлтгээд л байсан байх гэж бодож байна.

Цэцэгжаргал -

Танай сургууль 10 жилийн сургууль болсны дараа сумдуудаас сурагчдыг сургах дотуур байр байсан уу?

Тарважав -

Байсан. Манай сургууль чинь одоо ганцаараа юм болохлоор тойргийн бүх сумдууд ирдэг, ирж суудаг байсан. Манайх бол дотуур байртай. Энэчээ байгаа биз дээ энэ зүүнтээ. Одоогийн ТЕМС байгаад манай сургууль байсан юм. Тэгээд дотуур байртай. Эндээ ч одоо яах вэ дотуур байртай л даа. Одоо нэгэнт хүрээд ирсэн хүүхдүүдийг тусгай байранд, тусгай багш байрын багш гэж ажиллана л даа, тийм. Тэгээд байранд янз бүрийн ажил зохионо ш дээ хичээлээс гадуур, оройн цагаар. Давтлага сургуулийг нь хийлгэх, давтлагыг нь хийлгэх тэгээд бусад хүмүүжлийн ажил, олон талтай ажлуудыг зохионоо. Манай сургуульд, манай сургуулийн байр тийм тэргүүний байр байсан ш дээ. Өнөө албан газрууд шефлээд, тэгээд тасаг тасгуудыг тохижуулчихдаг. Тэгээд гэрийн нөхцөлд ойртуулна гэж, гэртээ байгаа юм шиг сайхан юмнуудыг нь хангаж тохь тухтай байлгаж өгөх талаар албан газрууд шефлээд бүх тасгуудыг гоё болгож байсан юм байгаа юм даа. Тийм, одоо ч өнөөдрийн байрыг ч би мэдэхгүй л дээ. Зүгээр 1940 хэд, 1950 хэд, 1960 хэд 70-аад оны байрыг л мэдэж байна.

Цэцэгжаргал -

Та багшийн сургууль төгссөнөөс хойш сургуульд сурсан уу?

Тарважав -

За яахав дээ өнөө дээд курс мурс гээд багшийн дээд энэ тэрээр явж байгаад тэгээд жаахан ахиж дэвшсэн гэх үү дээ, тийм.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад кино театр, жүжиг тоглодог байсан уу?

Тарважав -

Аан сурагч байхад сумын клюб, Улаанбулан гэж жүжиг тоглодог байсан, тийм. За тэгээд янз бүрийн...манай суманд чинь авъяастай ахмадууд их байсан. Янз бүрийн жүжигнүүд их тоглоно шүү. Аа тэгээд Улаанбуландаа олон нийт гэж явуулна. Тийм, бүжиг наадмаа заана. Хөгжим байхгүй л дээ зүгээр, хэнгэрэг цангаа цохиод тэгээд тэндээ бүжиглээд. Олон лаа асаачихаж байгаад тэгээд улаанбуландаа орой бүхэн зугаа цэнгэлтэй ажил хийдэг л байсан. Одоо сайхан үлгэр, шүлэг ярихаас эхлээд дуу, хуур зааж өгнө. Тоглоом наадам зааж өгнө. Тэр чинь одоо бөөн... сум орны дарга, удирдлага тэдний овсгоо санаачлагаас болж байсан байх л даа. Манай багш нар чинь авъяастай багш нар байж. Тийм, Азарбаатар гээд миний 4-р ангийн багш байгаа юм. Тэр үед багш маань настай ч хүн байсын. Тэгээд намайг завсарлагаанаар, завсарлагаанаар биш ээ хичээл тарангуут гэртээ оруулж ирээд, тэгээд нээх ногоон чихэр энэ тэр тавьж өгөөд тэгээд конспектээ надаар бичүүлдэг байсан. Тэгээд тэр нь одоо миний багш болох сонирхолыг улам хөгжөөгөөд. Тэгээд конспектоо би 4-р ангийн сурагч байхдаа тэгэхэд сурсан хүн гэж одоо бараг хэлмээр байхгүй юу. Тэгээд тийм сайн багш намайг одоо авъяас, сонхирхолыг минь багаас нь судлаад тэгээд конспектоо, өөрөө хэлж өгнө л дөө. Тэгээд би сүүлдээ сурчихалгүй яахав дээ энэ чинь одоо хичээлийн сэдэв, гэрийн даалгавар шалгах, бататгах давтлага гэнэ тэгээд юу байдгийн. Хичээлийн конспект хийнэ гэдэг чинь хичээлийн бүтэц мүтцийг бүгдийг нь сураад мэдээд авна ш дээ, тийм. 17-той багш болчоод, сургуульдаа багшилж байхад аймгийн боловсролын хэлтэсийн дарга Равжаа гэдэг хүн очсон. Одоо айх гэж сүйд, тэр чинь хүүхэд байтугай багш нар бүгдээрээ айдаг тийм л хүн байсан. Тэгээд миний хичээлд суугаад. Одоо тэгээд юу заасан юм тэр үедээ. Би одоо бол санах юм алга л даа. Тэгээд хөөрхий намайг сайн багш болох юм байна даа гээд толгойг минь илээд, духыг минь үнэрлээд за ингээд сайн багш болоорой гээд. Тэр бол надад энэ насанд мартагдашгүй тийм урам зориг хайрласан том шагнал. Тийм том хүнээс, тийм үг сонсоно гэдэг бол миний багшлах ажлын хурд хүч бүх юмыг хөглөж найруулж хөтөлж, хөгжүүлж өгсөн хүн дээ. Үнэхээр сайхан, за тэгээд энэ сургуульд бол аль сайхан хүнийг хэлж барах вэ, тоочиж барахгүй ш дээ.

Цэцэгжаргал -

Таныг бага сургуульд байхад ямар ямар жүжиг тоглож байсан бэ?

Тарважав -

Аан тэр чинь, Хурц гэж жүжиг тоглодог байсан. За тэгээд Учиртай гурван толгойг тоглоно манай тэр Улаанбулангийнхан чинь айхтар улсууд байсан юм ш дээ. Тийн, манай сумын Улаанбулан гэж байсан ш дээ. Тэрний уран сайханчид айхтар, за тэгээд би хүртэл өнөө юунд тоглоно. “Цагаан хүзүүт, майга бор” гэдэг жүжиг байлаа хүүхдийн. Тэрэнд тоглож байлаа. Эрдэнийн Дорж гэж том жүжиг байлаа. Тэрэнд намын үүрийн даргаар тоглож байлаа. Тэр ч яахав ээ бага сургууль дөнгөж төгсүүтээ л хийж байгаа ажил байх л даа. Арай ч сурагч байхад тэгж бид нарыг ажиллуулахгүй. За сумынхан бол олон жүжигнүүд тоглодог байсаан, тийм.

Цэцэгжаргал -

Тэр үеийн кино, жүжиг...

Тарважав -

Кино ч яахав гарна шүү дээ. 50 мөнгөөр үзүүлнэ.

Цэцэгжаргал -

Тухайлбал ямар кино гардаг байсан бэ?

Тарважав -

Их сайхан, өнөө дээр үеийн өнөө тэр юу...өө Цогт тайж, тийм.

Цэцэгжаргал -

Таныг бага байхад гарч байсан кино, жүжгүүд таньд яаж нөлөөлсөн бэ?

Тарважав -

Манай тэр үеийн кинонууд бол агуу шүү дээ. Ер нь дандаа л тэр чинь одоо мундаг бүтээл байсан ш дээ. Амьдрахын ухаан, аж төрөхийн соёл, тийм хүн байхын утга учир, буруу зөвийг одоо ялгаж салгаж таних энэ бүгдийг л одоо хүмүүст, бидэнд ойлгуулж өгч байсан гэж ингэж санагдах юм байна, тийм.

Цэцэгжаргал -

Таныг бага сургуульд байхад хичээлээс гадуур сургалт хүмүүжлийн ямар ажлууд зохиогдож байсан бэ?

Тарважав -

Одоо пионерийн олон талтай ажлууд явна шүү дээ. Бүлгэм, дугуйлангууд явна. Тийм, дуу хөгжмийн дугуйлан явна. Тэр багш нараасаа л болж байгаа ш дээ ер нь. Юу ч хийхгүй байдаг бол юу ч хийхгүй л байх. За тэгээд дуу хөгжмийн дугуйлан, аа энэ чинь одоо яаж...биеийн тамир одоо спорт гэдэг юмуу юу гэдэг юм одоо уралдах барилдахаас эхлээд , тийм.

Цэцэгжаргал -

Бага сургуульд сурч байхад сурагчдын нас ямар байсан бэ?

Тарважав -

Өө хөгшин, хөгшин. Би 9-тэй орёон гэж хэлээ биз дээ тиймээ. Ер нь 8-тай ч бараг сургуульд орохгүй дээ. Тэгээд манай ангийн Ишжамц гээд жишээ нь өнөө улирна. Хөөрхий минь одоо 18-тай цэрэгт явтлаа л 4-р ангид сууж байгаад л явж байсан энэ тэр юм бол бий л дээ зайлуул. Ер нь л нас нь ахиу болж байж орж байсан шүү дээ, төгссөн байхаа даа.

Цэцэгжаргал -

Ер нь 13, 14 настай бага сургууль төгсдөг байсан юм уу?

Тарважав -

Тийм л байх. Хожуухан ордог болохоор. 8, 9-тэй янз бүр л ордог.

Цэцэгжаргал -

Таныг бага сургууль төгссөн хүүхдүүд цаашаа яаж үргэлжлүүлж сурдаг байсан бэ?

Тарважав -

Яахав дээ, эцэг эх нь юу улсууд бол аймгийн сургуульд авчирч өгнө л дөө. Тэгэхгүй бол тэгээд л малчин болно ш дээ, тийм.

Цэцэгжаргал -

Та яагаад аймгийнхаа сургуульд сураагүй юм бэ?

Тарважав -

Намайг аймгийн сургуульд... сумын нарийн бичгийн дарга Данзанжамц гээд би түрүүн хэллээ ш дээ. Намайг завсарлагаанаар аваачиж бичгээ хувьлуулдаг байсан хүн “энэ одоо яахгүй ээ, энэчээ сумын ажилд яая” гээд манай ижийд итгүүлчихсэн байгаа юм даа. Энэ их юутай хүн, бичээч мичээч хийхэд сайн. Сумын ажилд нөлөөтэй хүн байна. Энийг одоо жоохон ажиллууьая гэж хэлсэн юм гэнэ лээ. Тэгээд яахав дээ, миний муу ижий минь сумын дарга нэг мэдлийн хүн хэлж байгаа юм болохлоор зөвшсөн л юм байгаа биз. Тэгээд явуулаагүй. Тэгээд л 10 гэрийн ухуулагч хачин хачин л юм хийж байлаа. Үгүй ээ яахав, тэгээд амьдралд суралцаж... би чинь жаахнаасаа морины нуруун дээр өссөн хүн л дээ. Охидтой бараг тоглохгүй хөвгүүдтэй л нажигнуулаад байна. Тэгээд голын эргэн дээр уурга суурга хийгээд л, морьтой л давхиад байна шүү дээ.

Цэцэгжаргал -

Та өөрийнхөө хүүхэд насны тухай ярихгүй юу?

Тарважав -

Би хүүхэд насандаа нээрээ айхтар эршүүд хүүхэд байсан гэж байгаа юм дээ. Тийм, хормой хотоо ярсан, уурга шилбүүр барьсан. Орон гэртээ... бараг морины хурдаар явж ирээд л, гараад л ингэж явдаг. Тэгээд Өвөрхангайгаар л морь унаад давхиж явдаг ийм нэг өвөрмөц сонин, эмэгтэй намбагүй тийм хүн байсан гэж байгаа юм /инээв/. Хүний өөрийн адуун сүргийг хураагаад л, үүр шөнөөр босоод л. Миний ах Чүлтэм гэж сайхан усчин хүн байсан. Тэгээд надад ус, өнөө их гүнзгий усаар морь давсан усаар гарахыг зааж өгнө. Тийм, хөдөө дагуулж явж тарвага боож идэж уухыг зааж өгнө. Миний муу тийм сайхан ах байсан юм. Тэр үеийн хүүхдүүд, тэр үед ямар телевиз мелевиз гэж элдэвийн юм байсан биш. Аав ээжийнхээ сургаалиар л хүмүүжинэ ш дээ. Тийм, аав ээж нь амьдрахын арга ухааныг, өнөө монгол зан заншлынхаа дагуу ер нь хүүхдийг одоо барьж чадмагц баруун гарыг нь сурга, хэлж чадмагц эрхэлж янгуучлах дууг бүү сонсого гээд ардын сайхан юу байна хойно. Тэгээд 3, 4, 5 настайгаас нь эхлээд одоо малаа маллах, гэр малын ажилдаа сургаж дагуулж хүмүүжүүлдэг ийм л уламжлалаар бид өсөж хүмүүжсэн байгаа юм.

Цэцэгжаргал -

Таны бага нас бусад хүүхдүүдийнхээс юугаараа онцлогтой вэ?

Тарважав -

Тэр үеийн хүүхдүүдээс үү? Миний бага нас ч одоо тэгээд жирийн нэг ядуу малчны гэрт өнгөрсөн байгаа юм л даа. Гэхдээ өөдрөг үзэл, сайхан төлөвшлөөр миний ижии намайг хүмүүжүүлсэн байгаа юм. Тийм, ер нь мэдье суръя, хийе бүтээе, ахъя давшъя гэсэн ийм ер нь цоглог сэтгэлгээгээр намайг хүмүүжүүлсэнд би их талархаж явдаг юм даа. Тэгээд намайг жоохон байхад миний 2 ах, хамт амьдарч байсан 2 ах маань тайж гаралтай гээд баригдаад, цаазлуулчихсан юм байгаа юм. Тэгээд би өшөө нэг ахтайгаа ижийтэйгээ ингээд л явлаа л даа.

Цэцэгжаргал -

Таны амьдралын туршид хүүхдүүдийн амьдрал ямар ямар өөрчлалтүүд гарав?

Тарважав -

За яахав тэр мэдээллийн эрин зуун яаж байгаа юм болохлоор тэр талаасаа их л сонирхдог мэддэг юмтай болсон байх. Гэхдээ хүмүүжлийн хувьд, оюун санааны амьдралын хувьд язгуур, одоо цадиг гэдэг юмуу юу гэдийн... энэ хүн хүнээ хайрлах хүндлэх, ахлах захлах энэ талд бол язгуургүй л болж байгаа гэж ойлгож байгаа. Бидний үед бол харин дэгтэй, ёстой сурч байжээ. Миний энэ сургуульд ажиллаж байх үед ч гэсэн, 1990-ээд он хүртэл аятай л байсан гэж боддог. Одоо дэндүү задгайрсан хүний эрх гэдгээр бас дэндүү цадиггүй болж байгаа тал байгаа даа сүүлийн үед. Тийм, эцэг эх нь ч... ер нь одоо хүүхдийн хүмүүжилд юугаар ч сольшгүй үнэтэй юм эцэг эхийн үлгэр нөлөө гэж байгаа ш дээ. Тэгээд эцэг, эхийн үлгэр нөлөө бол одоо сүүл рүүгээ их л муудаж байна гэж бодож байгаа. Тийм учраас хүүхдүүд задгайрч байнаа. Суръя мэдье гэсэн, хариуцлага хүлээх, биеэ дайчлах, өөрийгөө хүмүүжүүлэх, хөгжье боловсорьё гэсэн тэр их юуг бол их суларч муудаж байна л гэж би боддог. За би буруу харж буруу дүгнэж болно л доо, тийм.

Цэцэгжаргал -

Эцэг эх, хүүхдүүдийн харилцаанд ер нь ямар өөрчлөлт гарсан бэ?

Тарважав -

Одоо бидний үед бол аав ээжийн л үгээр явна шүү дээ ер нь. Тийм, тэдний заасан сургаснаар л явна. Социализмын үед бас хамаагүй нялхамсч байгаагүй шүү. Тийм, эцэг эхийн үлгэр нөлөө бол зохих хэмжээгээр дээшилсэн л гэж үзэж байна. Хүүхдүүдээ зааж сургах, харж халамжлах, хүмүүжүүлж боловсруулахдаа санаа тавих , миний бодлоор социализмын үед муугүй байсан. Тийм, муугүй байсан. Одоо хүүхдүүдийг жишээ нь эцэг, эхүүдтэй бол их ажилладаг байсан л даа сургууль. Хүмүүжүүлэх талаар эцэг эхийн сургууль гэж зохион байгуулдаг байсан. Тийм, янз бүрийн хүүхдийг хүмүүжүүлэх арга барилыг заадаг. Тэр ч байтугай манай сургууль бол хүүхдийг уншуулж бичүүлж сургах, гэр оронд нь хичээлийг нь давтуулах тэр аргачлалуудыг, харилцаа хандлага ямар ёстойг заадаг тийм сургууль байсан. Тийм, зүгээр одоо уншиж давт гээд байхгүй ш дээ. Хүүхдүүдэд, ийм насны хүүхдийг уншуулж сургахад ийм аргачлалыг хийгээрэй гэсэн төрөлжсөн сайхан хичээлүүд ордог байсан шүү.

Цэцэгжаргал -

Хөдөө орон нутагт бага насны хүүхдүүдийг дотуур байртай сургуульд явуулах ямар байсан бэ? Хэцүү хүндрэлтэй зүйл юу байсан бэ?

Тарважав -

Одоо яахав дээ хүүхэд гэр орноо санах юм байлгүй л яахав дээ. Тэгээд гэрийн нөхцөлд ойртуулаад, санаа сэтгэлийг нь аятайхан авч явахад одоо тэр сургуулийн байрын багш, сургуулийн захиргаа багш хүний л үйл ажиллагаа мэднэ ш дээ уг нь.

Цэцэгжаргал -

Танай нутгийн байгаль орчин яаж өөрчлөгдөж байна вэ?

Тарважав -

Байгаль ч одоо хэлэх юмгүй болж байна ш дээ нээрээ. Сайхан ус мөрнүүд... одоо Хэрлэн голоороо л үзье дээ тиймээ. Хэрлэн минь одоо урд хойд хаялгадаа тулсан, мориор гарахад чинь одоо ташаан толгой тамга энэ тэр хүрдэг байсан. Одоо бүүр морины адууны өвдгөвчөөр татах, явган ч л одоо хойшоо урагшаа хүмүүс гараад байх ийм л болчихсон байна. Ус маань, Хэрлэнгийн маань ус ингэж багасч байна. За тэгээд хөдөөгүүр байдаг энэ булаг шанднууд байхгүй болж байна. Модыг нь одоо ингээд хөрөөдөөд аваад дуусч байна ш дээ. Байгаль экологи гэдэг чинь одоо ердөө байхгүй л болоод байна. Ингээд л энэ .... Бат-Отгон гэдэг хүний лекцэнд суулаа би. Гайхалтай юмаа нээрээ. Тэгээд энэ бүх юм юунаас болсон бэ гэхээр орчлон ертөнцийн оршихуйн жам ёсыг зөрчиж амьдарсны хар гайг л ингэж эдэлж байгаа юм байна даа бид нар. Байгалиа хамгаалах, ан амьтанаа хайрлаж хамгаалах, өсгөж үржүүлэх энэ бүх юмнаас одоо эргээд дайсан нь болсон юм байна ш дээ, тийм.

Цэцэгжаргал -

Танай нутгийн байгаль орчны хувьд нааштай сайн ямар өөрчлөлт байна?

Тарважав -

Манай энэ байгальд уу? Аа мэдэхгүй ёстой. Ердөө сайн сайхан гэж хэлэх юм ч одоо юу байгаа юм. Мэдэхгүй юмаа

Цэцэгжаргал -

Тэгвэл байгальд гарч байгаа муу өөрчлөлтүүд нь юу байна?

Тарважав -

Муу өөрчлөлтүүд байлгүй яахав. Энэ чинь одоо ан амьтан байхгүй боллоо. Тарвага гэж нэг сайхан амьтан байсан байхгүй ээ. Өвс ургамал нь муудаж байна. Өвс ургамал муудахаар газрын шим хөрс байхгүй. Тэгэээд жинхэнэ монгол өвс энэ тэр байхгүй боллоо ш дээ. Үмхий үарилж ургачихсан. Ан амьтан нь дайжаад, одоо гөрөөс гэж сайхан амьтан байсан байхгүй болж байна хүйгээр нь хөнөөсөөр байгаад. Ус тэгж байна, ургамал тийм болж байна, ан амьтан тийм болж байна.

Цэцэгжаргал -

Танай нутгийн газар усны нэрнүүд ер нь өөрчлөгдөж байна уу?

Тарважав -

Газар усны нэрээ? Газар усныхаа нэрийг жинхэнэ мэдэхээ...мартчихсан л явдал их болж байгаа байх. Тийм, харин манай шавь Саруулбуян тэр нутаг усныхаа нэр усыг бичиж өгөөрэй гээд хүмүүсээс, ахмад үеэс бичүүлж барьж, сургалж судалж л яваа юм байна лээ. Тийм, одоо ч уул усны нэр ч үндсэндээ мартагдаж байна шүү дээ нээрээ. Байгаль, орон нутгаа судлах сурталчлах энэ ажил чинь байхгүй болж байна. Тэгээд тэрүүгээрээ хамгаалж хайрлах, янз бүрийн ажил байхгүй болохлоор тэр нэр ус нь ч мартагддаг юм болов уу даа. Одоо ингээд зэлүүд хоосон болохоор нэр ус мартагддаг юм болов уу даа гэж бодох юм.

Цэцэгжаргал -

Таны амьдралд ямар нэгэн гүн нөлөө үзүүлсэн үйл явдал байдаг уу?

Тарважав -

Би ч аминдаа энэ багш мэргэжил сонгосноороо бахархаж явдаг л даа. Энүүний хүчинд одоо 40 хэдэн жил улсдаа сайхан ажиллаад, олон сайхан шавьтай боллоо. Сэтгэлээр хамгийн баян хүн гэж би өөрийгөө бодож явдаг юм, тиймээ. Тэр хөрөнгө хөгшил яах вээ. Тэгээд одоо жаахан шамдууштай боддог юм гэвэл тэр хувьчлал байна. Тийм, хувьчлал гэж одоо юу ч хүртээсэнгүй. Тэр малаа нийгэмчлээд надад огт хувь хүртээж, юу ч өгөөгүй нь дэндүү шудрага биш юм санагддаг юм л даа. Тийм, тэгээд улсын ажлыг бодсоор яваад хувийн...миний амьдралын чанар гэдэг бол доошоо буусан л даа, тийм. Тэгээд 2 сайхан ахыгаа хэлмэгдүүллээ. Миний өвгөн гэж нэг 80 хэдтэй хүн байгаа. Тэр минь бүр 9 настай байхдаа хэлмэгдээд. Аав нь нас...ээж нь нас барчихсан байсан, аавыг нь авч яваад тэгээд цаазаар хороочихсон байгаа юм л даа. Тэгээд бүх юмаа хураагдаад, тэгээд тэр хүн их өрөвдөлтэй хүн л дээ. Тийм хүн тэгээд одоо энэ улсад яг тооцоод гэргээд ирэх юи бол 2 байдаг юм болов уу гэхээс 3 байдаггүй л байх гэж боддог. Ингээд хүүхэд насандаа... энэ аймгийн захиргаа гэж одоо энэ дэлгүүр байгаа нэг байшин байгаа л даа. Хуучин одоо аймгийн яам гэж байсан. Аймгийн яамны 2 давхарт аавтайгаа 2-уулаа ажил хийж байхад нь аавыг нь бариад тэгээд л аваад явчихсан байгаа юм л даа. Тэгээд ганцаараа хоцроод. Эргэж ирж хөрөнгө мөнгө, хамаг юмыг нь хуу татаж аваад...ингээд жаахан энэрэлгүй хандсан юм байгаа юм л даа. Тийм зовлон үзсэн хүн. Яах вээ тэгээд төр засгийн буянд хэдэн хүүхэдтэй тэгээд зовж яваа ч юу байх вэ болж л явна даа. Төрийн алба хааж байгаа, албан хаагчидад бол төр өгөхгүй ээ, төрийн хувьчлал өгөхгүй, хувь хүртээхгүй гэж ингэсэн байгаа юм. Баянхутаг суманд одоо лав л нэг азрага адуу байсан. Би ч одоо яахав дээ аймгийн төвд ороод ирсэн, малыг минь ах минь харж байсан ш дээ, тийм. 10 хэдэн үхэр байсан байх. Баян ч байгаагүй л дээ. Нэг 60 хэдэн адуу байсан байх. Тэднийг минь бүгдийг нь өгсөн. Тэгээд одоо юу ч авдаггүй нь дэндүү харамсалтай л байгаа юм л даа. Тэгээд би тэр жил нэг очсон л доо Баянхутаг суманд. Ингээд ингээд малаа нийгэмчилсэн. Нэг ганц үхэр ч гэсэн өгөх үү гээд ингээд, идэшний үхэр өгөх үү гэсэн тэр өгч болохгүй. Одоо нэгэнт албан хаагчид өгөхгүй. Албан хаагч, одоо бид нарыг албан хаагч гэлгүй яахав дээ...тийм ажиллаж байгаа учраас өгөхгүй ээ. Харин яахав таньд 750 төгрөгөөр хязаалан үхрийн мах өгье гэж ингэж байсан юм даа.

Цэцэгжаргал -

Таны амьдралын бусдаас ялгагдах онцлог юу вэ?

Тарважав -

Ялгагдах онцлог оо. Ялгагдах онцлог, онцлоод ч байх юу байх уу. Ер нь тэгээд тарчиг ядуу талдаа л байгаа даа. Хувийн...нэг орон сууц гэхээр тэгээд олддоггүй юм байгаа юм. Тийм. Бахархах юм ч бас байлгүй яахав дээ хө айн. Энэ сайхан багш мэргэжлээр бахархдаг гэж хэлчихсэн тээ. Энэ бол миний нээрээ... ер нь одоо хүн болж төрсний гавъяа л даа. Багшийн мэргэжил эзэмшиж, энэ 40, 50-иад жил ингэж сайхан ажиллаж хүүхдийн төлөө. Ёстой хариу горьддоггүй, хариу нэхдэггүй өглөгч нар байсан үе л дээ бидний ажиллаж байсан үе чинь бол, тийм. За тэгээд сайхан олон хүүхэдтэй боллоо. Энэ хөөрхий синь миний бахархал шүү дээ. 10 сайхан хүүхэд төрүүллээ. Аа гэр бүлийн хувьд бол бас сайхан ханьтай, сайхан жаргалтай явж элэгдэж байна тиймээ. Тийм, би бол нэг тийм өөдрөг үзэлтэй хүн дээ. Өөрөө бол би тэрүүгээрээ л бахархаж байна. Энэ ялихгүй, шалихгүй юманд гутраад, гуниад байхыг хүсдэггүй. Тийм, бодлооро хүслээрээ ингээд одоо тэр муу юмнаас өөрийгөө авч өвөрч гарах. Хөгширсөн ч гэсэн залуу хүн шиг, мэдэхгүй ч гэсэн мэддэг хүн шиг, чадахгүй ч гэсэн чаддаг хүн шиг өөдрөг үзэлдээ өөрөө их бахархаж явдаг аа. Одоо би чинь унших, судлах тийм их хоббитой гэдэг юмуу юу гэдэг юм. Тиймээ дуртай. Өөр бахархах юм бол би хүмүүсийн сайн талыг...өөрөөр хэлбэл багш нарынхаа тэргүүн туршлагыг бичих гэж... ер нь хүний сайн сайхныг л аль болох дэлгэрүүлэх гэж хөөрхөн чармайсаан. Тийм, 20... одоо 20 гаран багшийн туршлагыг бичсэн. Тийм. За Дуламсүрэн багшийн туршлагыг бичиж би улсад 3-р байранд орж байсан. Одоо хүний сайн сайхныг л судалж, дэлгэрүүлж олон түмний хүртээл болгох гэж одоо их мэрийдэг гэх үү дээ. Тийм, тэрнийхээ хирээр бас өөрөө өсөж хөгжинө ш дээ тэрнийг чинь судлахын тулд, мэдэхийн тулд. За туршлага бичих ч хаашаа юм. За тэгээд үнэн зөв, сайхан юмыг хүмүүст хүргэх тийм юу гэдэг юм бэ дээ одоо ярих хэлэх, дуулгах тийм их сонирхолтой. Тэр талаараа бас өөрөө хэвлэл радиогийн тэргүүний суртал нэвтрүүлэгч, идэвхтэн бичигч энэ тэр гээд юмнууд бий надад. Багш нарын сэтгүүл гэж гардаг байсан ш дээ. Багш нарын сэтгүүл, багш нарын сэтгүүлд би багш нарын туршлагыг л бичнэ ш дээ, сайн багш нарынхаа туршлагыг л бичнэ. Тэрнийгээ одоо их чухал л юм гэж бодоод байгаа юм. Тэр үедээ бол хэрэгтэй л юм байгаа юм. Хүүхдийг сургаж хүмүүжүүлж байгаа нарийн арга технологиудыг нь судалж бичдэг. Ренчингийн туршлага, Баярмагнайн туршлага, Даваажавын туршлага, Долгоржавын Гантөмрийн гээд олон хүний одоо 20, 30-аад хүнийхийг бичсэн байхаа. Тусад нь жоохон хэвлэмэл юм болгоод гаргадаг л байсан. Сонин хэвлэлд ч бичдэг л байсан, Урагшаа сониндоо гол бичнэ дээ. Аа тэр түрүүний хэлдэг Багш нарын сэтгүүлд бичиж байсан байх. За тэгээд радиод хүүхдийн тухай янз бүрийн мэдээнүүд явуулна. Тэгээд идэвхтэн бичигчдийн улсын зөвлөгөөн гэж болсон юм. Хэдэн онд ч боллоо байз тэр үед. Тэрэнд төлөөлөгчөөр ороод эх орон 52 радиогоор шагнуулаад. Их л урамтай зоригтой л хүн ирж байсан юм даа. Тийм.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.