Osorjalam


Basic information
Interviewee ID: 990593
Name: Osorjalam
Parent's name: Nanzad
Ovog: Hügdüüd
Sex: f
Year of Birth: 1943
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist, shamanism
Born in: Tsagaan Ovoo sum, Dornod aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
family
work
belief


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу, Осоржалам гуай?

Осоржалам -

Сайн, сайн байна уу.

Дэжид -

Сайхан зуншиж байна уу?

Осоржалам -

Сайхаан, сайхан. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Дэжид -

Өнөөдөр 2010 оны 5 сарын 28-ны өдөр. Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт яг социализмын үед ажиллаж байсан хүнтэй уулзаад байна. Кембрижийн их сургуулийн Ази судлалын танхимаас явуулж байгаа 20-р зууны аман төсөлд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ярьж өгөхөөр бидний урилгыг хүлээн авч ирсэн танд талархал илэрхийлье. Ярилцлага өгөхийн өмнө таниас асууж тодруулах ганц хоёр зүйл байна. Танд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Осоржалам -

Нэрээ нууцлах шаардлага байхгүй ээ.

Дэжид -

За, баярлалаа. Та бид хоёрын ярьсан яриа болон фото зураг, өргөмжлөл, саашаалын үнэмлэх, одон медалиуд гээд холбогдох материалуудыг Кембрижийн их сургуулийн оюуны баазад сан болгож хадгалах юм. Тодорхой хугацааны дараа түүх эрдэмтэн судлаачид таны ярианаас тодорхой хэсгийг судалгааныхаа материалд ашиглах, хэвлэл мэдээлэлд ишлэл болгохыг зөвшөөрлийг та Кембрижийн их сургуульд олгож байна уу?

Осоржалам -

Олгож байна аа. Татгалзаад байх юм байхгүй л дээ.

Дэжид -

За баярлалаа, та бага нас, төрсөн нутаг ус, сургууль соёл, аав ээж, ах дүү төрөл садныхаа талаар яриагаа эхлэх үү?

Осоржалам -

Би 1943 оны 6 сарын 3-нд Дорнод аймгийн Цагаановоо сумын Чулуут гэдэг газар төрсөн. Эцэг эхийн гуравдугаар хүүхэд. Миний төрсөн газар бол их сайхан. Урд талдаа нууртай. Чулуут гэдэг маань нуур. Ар талаараа дов толгод, өвс ногоо халиурсан, цэцэг навч алагласан ийм сайхан нутаг. Ийм нутагт төрсөн гээд төрсөн нутгаараа очиход гоё харагддаг юм. За тэгээд 8 нас хүрч сургуульд ортолоо эцэг эхийн гар дээр хурга тугал хариулж өнгөрөөлөө. Тэгээд сумынхаа сургуульд орсон. Сургуульд орно гэдэг их гоё юм болдог байлаа. Аав ээж ч баярлаад хөл газар хүрэхгүй сүйд болно. Тэр үед сургуульд орсон хүүхдүүд үсээ тайраад их гоё харагддаг байлаа. Тэгээд би тэдэн шиг сургуульд орж үсээ тайраад тайрмал үстэй болж гоё болно гэж хөөрөөд л…. Тэгээд аав маань намайг сургуульд хүргэж өгсөн. Чулуут гэдэг газар маань сумын төвөөс 30-аад км зайтай. Бид тэрнийхээ эргэн тойрон нутагладаг байлаа.

Дэжид -

Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

Осоржалам -

Эцэг эхээс зургуулаа. Яг намайг сургуульд орох үед манай аав сумын сүү тосны заводын нягтлан бодогч байсан юм. Тэгээд эхний нэг хоёрдугаар ангид гэртээ байсан. Дараа нь аав маань хөдөө гарч мал маллана гээд нүүгээд хөдөө гарсан. Тэгээд бид хэд дотуур байранд үлдэж хичээл номондоо явдаг байлаа. Нэг сонин юм байсан юм. Намар хүүхдүүд инээж хөөрөхөөс өөр юмгүй л сургуульдаа ирнэ. Хавар болонгуут таяг тулсан хүүхдүүд харина. Хөдөөний малчин айлын хүүхдүүд хөдөөний агаарт үргэлж морин дэл дээр явдаг болоод ч тэгдэг юм уу бүгд чийгтчихнэ. Тэгээд сургуулийн эмч арга хэмжээ аваад нэгэнт хавар болсон болохоор гэртээ харьцгаана. Тэгээд намар болохоор зүв зүгээр эрүүл болчихсон ирнэ. Инээсэн хөөрсөн, гүйж харайсан хүүхдүүд цуглацгаадаг байлаа. Тухайн үед нутаг орны маань агаар ч сайхан, хүүхдүүд ч өөрснөө амархан эмчилгээ авна. Намайг нэгдүгээр ангид ороход биднийг Балжиндондог гэж багш хүлээж авсан юм. Их сайхан хичээл орсон л доо. Анхны хичээлийг ярьж байгаа юм. Миний найз Бодисмаа гэж нэг хүүхэд байсан. Сүүлд эмч болоод одоо нас барсан л даа. Тэр бид хоёр тараад нэг зүг рүү явна. Тэдний аав нь дэлгүүрт ажилтай. Манай аав тэр сүү тосны заводод ажилтай. Нутаглаж байгаа газар нь ойрхон. Хоёулаа явах замдаа үзсэн хичээлээ замд байж байгаа айлын өвсний хашаан дотор орж хэвтээд нөгөө хичээлээ үзээд даалгавараа хийчихээд гэртээ харьж байсан. Их идэвхитэй сурагчид байсан юм шиг байгаа юм. Тэгээд 4-р ангиа ингэж явсаар төгссөн. Биднийг Намжилмаа гэдэг багш төгсөгсөн юм байгаа юм. Нэг бахархалтай юм нь 24 хүүхэд бүгдээрээ янз бүрийн мэргэжил эзэмшсэн. Эмч, малын эмч, багш, зоотехникч, эдийн засагч гээд. Бид сүүлд уулзаж тэрүүгээрээ бахархаж ярьж байсан даа.

Дэжид -

Та чинь яс үндэс буриад уу?

Осоржалам -

Буриад.

Дэжид -

Ангид чинь буриад хүүхдүүд голлох уу, халх хүүхдүүд бас байсан уу?

Осоржалам -

Буриад хүүхдүүд голлоно, гэхдээ халх хүүхэд байна. Манай Цагаановоо сумын 2, 8-р баг гэж зүүн урагшаа Галын голруу нутагладаг ийм хоёр баг байсан юм. Сум нийтдээ 11 багтай байсан. Тэдний хоёр нь халх. Яг халх баг гэж нэрлэдэг байсан ч тэдэн дунд буриад бас байна л даа. Нэг багт 30, 40 айл байна. Манайх 4-р багт байсан. Тухайн үед Буриадууд чинь сургууль соёлд нэг их яваагүй, хойно урдаасаа дандаа нүүж ирсэн. Явсаар Халх голд ирээд халх голоосоо Цагаановоод нутагласан байгаа юм. Сургууль соёлд явдаг хүн ховордуу байсан. Харин манай 4-р багаас олон хүүхэд сургууль соёлд явж янз бүрийн мэргэжил эзэмшсэн. Тэрүүгээрээ бид одоо ч гэсэн бахархдаг. Тэрэн дундаасаа манайхныг Бумбайтан гэдэг юм. Манай өвөг эцэгийг Сэнгэжав гэдэг л дээ. Манай тэр өвөг эцэг биднийг хичээл зааж байгаа юм шиг суулгаад, - за чи хэний хүүхэд вэ? - Нанзадын - Нанзад чинь хэний хүүхэд вэ? - Сэнгэжавын - Сэнгэжав хэнийх вэ? - Цэнджав гээд ямар ч байсан 9 үе хүртэлээ цээжилж мэддэг байсан. Бүх хүүхдүүддээ тэгж зааж өгнө. Манай өвөг эцэг тийм хүн байсан. Үе удмаа хэзээд мартаж болохгүй гэдгийг сайн сургадаг байсан даа. Тэгэж 9 үе заахын зэрэгцээ манай өвөг эцгийн эцэг нь 9 хүүхэдтэй байсан юм. 9 хүүхдийн хамгийн том нь эмэгтэй, тэрний дараагийх нь манай аав. Тэгээд 5 хүүтэй, 4 охинтой ийм айл байжээ. Тухайн үед олон хүүхэдтэй айл гэж ховор байлаа. Янз бүрийн халдварт өвчинөөс болоод төрөлт цөөхөн, хүүхэд гаргах чадвар бага тийм байжээ. Тэгээд олон хүүхэдтэй айлыг их сонирхдог тийм байж. Тийм олон хүүхдийг зүгтэй өсгөхийн зэрэгцээ ач зээ болох бид нарыг тэгж сургаж, нэг бүрчлэн нэрлүүлж шалгалт авдаг байлаа. Одоо манай аавын дүү нараас гэхэд ганцхан өвгөн бий. Энэ жил 79-тэй. Бусад нь бүгд бурхан болсон л доо. Одоо манай аав гэхэд л өвөг дээдсээсээ уламжилж одоо ач зээ нартаа тэгж үе удмаа зааж сургаж байх жишээтэй. Буриадууд бол ерөөсөө тэгж явдаг. Би олон жил эмч хийж явлаа. Тийм болохоор буриадууд дунд цус ойртсон, янз бүрийн гаж буруу төрөлттэй хүүхэд ховордуу байдаг юм ш дээ. Энэний бас ач тус байдаг байх. Одоо бол бараг мартагдаж байна даа. Цааш цаашдаа удам судараа сайн мэдэж байх хэрэгтэй. Эцэсийн эцэст цус ойртох гэж нэг аюултай юм байна ш дээ. Амьдрал дээр тийм юм байна ш дээ. Би нэрийг нь хэлээд яахав. Эгч дүү хоёрын нэг нь манай энд байж. Тэгээд хүүхэд нь хот руу сургуульд явж. Дүү нь Сэлэнгэд байж. Тэгсэн хүүхдүүд нь хоорондоо суучихсан байгаа юм. Учирлаад яриад нэмэр болоогүй тэгээд суучихсан. Заяагаар харин янз бүрийн хүүхэд гараагүй. Гэхдээ хоёрдогч, гуравдагч үе дээрээ гажиг хүүхэд гарч мэднэ. Бидний анагаахад заалгасан номоор бол. Одоо ямар ч байсан тэдний төрсөн хүүхдүүд нь зүгээр гэсэн. Хоёр хүүхэдтэй болсон. Ийм мэтийн юмнаас л хамгаалах ач холбогдолтой.

Дэжид -

Та тэгээд бага сургуулиа төгсөөд аймагт орж ирсэн үү?

Осоржалам -

Цагаановоо, Баяндун, Дашбалбар, Баянуул гээд хойд хэдэн сумдыг буриад сумд гэдэг юм. Энэ хэдэн сумд чинь Баянуулдаа 10 жилтэй. Тэгээд тийшээгээ хуваарьлагдаж очдог байсан юм. Тэр ангиасаа 5, 6 хүүхэд нь аймагруу орж ирсэн юм. Яагаад гэхээр Баянуулд суух хамаатан садан айл байхгүй байсан юм. Харин аймагт аавын минь дүүгийнх гээд айл байдаг болохоор тэднийгээ түшээд би аймагт орж ирсэн байх жишээтэй. Тэгээд аймгийн 10 жилийн сургууль төгссөн юм. 10 ангиа бас 24-үүлээ төгссөн. Тэр үед чинь одоогийнх шиг аймагт нь ирээд сургууль соёлд авахыг нь аваад үлдэхийг нь үлдээдэггүй байсан юм. Бид чинь ямар нэг сургуульд орохын тулд УБ явна. Орж болох ч юм уу, үгүй ч юм уу машинд суугаад УБ руу явна. Очсон хойноо шалгалт өгнө. Надад бол эмчээр явна гэсэн бодол анхнаасаа байгаагүй юм. Англи хэлээр явна гэсэн юм яриад явдаг байсан юм. Тэгсэн нэг орой манай Базаррагчаа гэж хэл уран зохиолын нилээн чадвартай, хүүхдүүдтэйгээ их юм ярьдаг, зөвлөдөг багш байсан юм. Тэгээд бид дотуур байрандаа 4-үүлээ байсан тэдний гурав нь анагаахад орно гэнэ ээ. Би болохоор англи хэлний ангид орно гэлээ. Тэгсэн нөгөө багш маань ятгаж гарав аа. Эмэгтэй хүнд эмч болох шиг сайхан юм хаана байна. Суралгаараа тэнцэж байна. Эмч болох хэрэгтэй гээд олон юм ярьсаан. Тэгж байгаад намайг урвуулчихсан. Манай ангийн багш Намсрай гэж байсан. Тэгээд би маргааш нь багш дээрээ очоод хуваариа өөрчлүүлье, би ерөөсөө анагаахад оръё гэсэн чинь яав чи хэдэн жил орос англи хэл гэж ярьчихаад гэж байна. Тэгэхээр нь үгүй би ер нь анагаахад орохоор л шийдлээ. Намайг бүртгээж авч болно биз дээ гэсэн чинь болох байлгүй дээ гэж байна. Тэгээд удалгүй машинд суугаад УБ явлаа даа. Тэр үед чинь хөдөөний малчин айлын хүүхэд 600 гаруй км газар явж УБ-т сургуульд сурна гэдэг жаахан бэрхшээл байсан. Аав ээж хоёр маань намайг ямар ч байсан сурлага сайтай юм чинь лав дээд сургууль авна. Тэгэхээр замын зардалыг нь олно гээд тууврын мал туугаад аймаг руу гарсан байгаа юм. Тэр үед наашаа мах камбинатад тэгж мал тууж авчирчдаг байсан юм. Тэгээд шалгалтаа өгчихөөд аав ээжийгээ хүлээгээд байсан ирдэггүй ээ. Манай нэг жолооч ахынх байсан тэднийд байсан юм. Тэр ах маань өөрөө машинтай, Дорнод Бэрх хоёрын хооронд явдаг хүн байсан. Яагаад ч намайг хүргээд өгчихдөггүй байсан юм. Тэгээд хүлээгээд байсан ирдэггүй хамаг хүүхэд яваад өглөө. Тэгсэн чинь Чехэд силикатын чиглэлээр суралцах нэг хүүхэд, Улаанбаатарт Багшийн дээдэд орох сонирхолтой нэг хүүхэд гээд гурав дөрвөн л хүүхэд үлдлээ дээ. Тэгээд аав ээждээ захиа бичлээ. Хүлээж хүлээж явлаа. Ах эгч хоёр надад хүнээс мөнгө зээлдэж өгсөн. Тэрүүгээр нь хувцас хунараа хийх нэг чемодан, өмсөх нэг түрийтэй гутал авлаа. Гурван оймс авлаа. Охин нь ямар ч байсан сургуульд орж чадах байх аа. Хавар ирэхээрээ аав ээжтэйгээ уулзана гээд захиа бичээд явдаг юм байна. Сүүлд муу ээж минь ярьдагсан. Намайг тэгээд шууданд суугаад явсанаас цагийн дараа тэд маань ирсэн байгаа юм. Тэгээд нөгөө захиаг минь уншаад уйлаад, юу юу ч үгүй хүүхдийг замын машинд суулгаад явууллаа гэж ах эгч хоёрыг загнасан байгаа юм. Тэгээд яахав би ч очоод сургуульдаа бүртгүүлээд шалгалтуудаа өглөө. Тэгсэн надтай цуг явсан бас нэг хүүхэд бид хоёрын хувийн хэрэг ирдэггүй. Тэгсэн чинь нөгөө ангиа сольсоноос болоод их сургууль руу миний хувийн хэрэг явчихаж. Тэгж тэгж байгаад нэг юм шалгалтаа өгөөд тэнцлээ. Тэнцээгүй бол яах ч байсан юм. Ганцхан ирэх зардалтай. Манай аавын хамгийн бага дүү тэнд хятад хэлний ангид овоо сайн сурлагатай сурч байсан юм. Тэгсэн чинь хятад хэлний анги хаагдаад гудамжинд гарчихгүй юу.

Дэжид -

Тэр одоо Хятад Монголын харилцаанаас болсон уу?

Осоржалам -

Тавин хэдэн оны үед олон хятад монгол хүмүүс зодолдсон гэж ярьдаг юм. Тэрнээс эхлээд Хятад Монголын харилцаа муудаад тэр сургууль хаагдаж байсан юм. Тэгээд тэр ах маань 2-р курсээсээ сургуульгүй болоод мах камбинатад ажиллаж байсан юм. Тэр ах маань намайг анх Улаанбаатарт ирэхэд тээврийн товчоон дээр тоссон юм. Нэг том чемодантай очсон юутай ирээ бол гэж хараа л байлгүй. Адилхан хүүхэд юм чинь. Тэрэнд нь хэдэн хуучин хувцас угаагаад хийчихсэн л байсан. Тэгээд их орой ирсэн болохоор тээврийн товчооны буудалд хонохоор боллоо. Тэгээд тэндэхийн гуанзанд орж цай авсан чинь давстай цай байна. Тэрнийг нь ууж чаддаггүй ээ. Тэгээд яахав ангаж цангаж явсан болохоор уулаа. Тэгээд маргаашаас нь шалгалтаа өгөөд явж байгаа нь тэр. Тэр үед чинь тэгээд тэнцсэн хүүхдүүдийг нь маргааш өглөө нь за одоо Жаргалантын САА явна аа гээд л ачаад явдаг үе байсан даа. Тийм зүй тогтолтой гэмээр байсан. Сургуульдаа элсэнэ. Тэгээд заавал САА явна. Цэвээнсүрэн гэж найзтайгаа хамт явсан. Тэнд бид чинь их хүнд ажил хийсээн. Жаргалантын САА Зүүнхараа дээр очоод олон зоорь ухсан. Тэр олон зоорь нь одоо байдаг юм уу мэдэхгүй. Доошоогоо 4 м ухна, тэгээд цаашаагаа 30-аад метр явдаг л юм гэсэн. Цаашаагаа агааргүйднэ. Тийм ажил хийгээд бид хоёр дажгүй л байсан. Тэгээд гайгүй сайн ажилласан гээд цалин юм уу, шагнал юм уу хэдэн төгрөг аваад ирж байсан юм. Тэгээд сургуульдаа орсон доо. Хойтон жил нь дахиад САА-д явна. Тэгэхэд хонины хамуу угаах ажилд явав аа. Мөнхөө гэж гучин хэдтэй сургуульд орсон ахимаг хүн байсан. Дорнодод эмч хийж байгаад бурхан болсон доо. Тэр хүн бид хэдийг аваад явсан юм. Хачин сайн зохион байгуулна. Тэнд бид хэд хамгийн жаргалтай байж байгаад ирсэн дээ. Хонио ванн дотор тууж оруулна. Тэгээд хашаан дотор ороод цаашаа бэлчээртээ гарна. Тэр том хашаан дотор бөөн шавхай. Ар талд нь хоёр тогооч хүүхэд хоол ундаа хийнэ. Тэгээд ажлаа хийж ирээд хоол ундаа идчихээд нөгөө хашаан дотроо ороод амаараа аялаад бүжиглэчихнэ. Зарим нь өнөө шавхайн дотроо хальтарч унана. Тэрнийг тоох ч үгүй. Тэгж тэгж тоглож байгаад унтаад өгнө. Маргааш нь нөгөө ажил үргэлжилнэ. Хагас нь бас түр зуур хадлан дээр ажилласан. Тухайн үед хүүхдүүдийг тэгж ажилд сургаж байсан. Хотын хүүхдүүд их зутарна аа. Бид нар чинь хөдөө хар бор ажил зохих хэмжээгээр хийж байсан болохоор гайгүй. Бид чинь 7, 8 настайгаасаа л өглөө ээжтэйгээ хамт үнээ саахад нь босно. Тэгээд тугалыг нь ойртуулж, уяж өгнө. Өглөө 3, 4 цагт л босно ш дээ. Тэгээд тийм ажлаа хийж байгаад орой эрт унтаад өгнө. Тийм маягаар хар ажилд дадлагажсан болохоор тэрэнд түүртээгүй. Хотоос ирсэн хүүхдүүд чинь болохоор хамгийн түрүүн гарна сайртаад хагарчихна. Зарим нэг нь нүүр нь сайртаад хагарчихна. Тэгээд гэрээс нь эргэлт ирнэ дээ. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүд бид нар чинь бас атаархаж л байгаа юм. Пөөх гэртээ машинтай айл гэж бас байдаг юм аа гэж гайхдаг. Тэгээд их гоё гоё юм авчирна даа. Бидний бараг үзэж хараагүй юмыг авчирна. Бид хоёр тэднийг чинь дагуулаад ажил төрөл хийдэг болохоор тэд нар бидэнд тийм муугүй ээ. Тэр юмнаасаа хуваалцана. Бид хоёр хуваарьтай хоолоо л иднэ.

Дэжид -

Тэр үед чинь стипент гэж өгөх үү?

Осоржалам -

Өгнө өө. Гэхдээ анхны намрын ажил юм чинь ямар юмны стипент гэж байхав. Хоёр дахь жил дээрээсээ арай өөр болно оо. Тэгээд САА-д ажиллаад буухдаа бид хоёр 300-аад орчим төгрөг авч байгаа юм. Тэр чинь одоо тоймгүй их мөнгө байхгүй юу. Хоолны мөнгийг нь бодоод, хийсэн ажлыг нь үнэлээд мөнгө олгож байгаа юм. Сайртаад, өвдөөд гараагүй хүүхдүүд бараг хоолны өрөнд орно. Харин нэг ч таслахгүй шөнийн ээлжинд хамт ажиллаад явсан хүүхдүүд цалин авна. Бид хоёр бүр саашаалын үнэмлэхээр шагнуулж байсан юм. Тэр үеийн 300 төгрөг гэдэг чинь их мөнгө. Тэгээд бид хоёр эргэж ирээд дэрэвгэр хормойтой ягаан даашинз нэг нэгийг авлаа. Нэг нэг ботинка авлаа. Хөдөөний хүүхдүүд чинь бүдүүлэг юм чинь нэг их гялгар, үдээстэй ботинка аятайхан харагдахаар нь авчихсан. Тэгсэн чинь хүүхдийн гутал аваад өмсчихдөг юм байна аа хоёулаа. Гэхдээ яг хотод өссөн ганганууд нь гэхээс цаадуул нь ерөнхийдөө ижил, тоох ч үгүй л дээ. Тэгээд сургуулийн хэдэн жил сайхан өнгөрсөөн. Анагаахын дээд чинь нилээн олон орос багштай, монгол багш байлаа гэхэд дандаа оросоор лекцээ уншина. Тухайн үед бидний ашигладаг юм бол оросын л сурах бичигүүд байсан. Тэдний хүчээр орос сурах бичиг, номоо сайн ашиглана. Оросоор лекцээ сонсож байгаа хүмүүс чинь сурахгүй гээд яахав. Гэртээ очоод л словардаад л суучихна. Тэр бидэнд их хэрэгтэй байсан. Тэгээд 14 хоноод л колегум гээд хичээл дундуур байж байгаад л шалгалт авна. Тэр чинь хүүхдүүдийг их ажилтай болгодог. Номын санд их сууна. Дугуй зааланд ирж их сууна. Тэгээд орой гэртээ ирээд хичээлээ давтана. Номын санд суух чинь их ач холбогдолтой. Хэрэгцээтэй номоо авч товчилж авна. Дугуй зааланд суухад лекцээ авч ороод жаал уншиж байгаад нойр нь хүрэхээр гараад явна л биз дээ. Тухайн үед оюутан байхад соёл хүмүүжлийн ажил их зохиогдоно оо. Соёлч нөхөрлөлийн гишүүн гэсэн үнэмлэх одоо ч надад бий. Манай под группэд 14 хүүхэд байсаны 5, 6 нь бага эмч. Дундуур нь ярихад бид чинь ерөөсөө монгол бичгээ заалгаагүй явсан байхгүй юу. Биднийг яг 4-р ангид ордог жил программ өөрчлөгдөөд больчихсон юм. Уг нь 4-р ангид монгол бичиг заадаг байсан юм. Тэгээд оюутны соёлч нөхөрлөлийн гишүүн болоод бид чинь их юм хийнэ ээ. Хуучин гандангийн хүүхдийн эмнэлэг гэж байлаа. Тэрний ард 13 мод суулгасан юм. Одоо харагддаг юм. Байж байна лээ. Бид чинь 15-уулаа ороод 13 нь төгссөн юм л даа. Манай ангийн бага эмч байсан Сэнгэсүрэн, Рагчаасүрэн гуай хоёр монгол бичгээр лекцээ бичнэ. Оросоор багш ярьж байхад ойлгосноо монголоор бичээд авчихна. Маш хурдан бичнэ. Зураад зураад л явчихна. Бид хэднэ ингэсээр байгаад хоцорчихно. /крилл бичгээр бичихийг үзүүлж байгаа бололтой/ Тэгээд тэр хоёр маань монгол бичиг заагаад монгол хүн гэсэндээ овоо дөртэй болсон. соёлч нөхөрлөл гэдэг чинь тийм ач холбогдолтой байсан юм. Хэдүүлээ нийлээд юм хийчихнэ, үдэшлэгт очино, нийлээд дуу сурчихна. Сургууль дээр долоо хоног бүр бүжиг болно. Хагас бүтэн сайныг хүлээж байгаад л очино доо. Нэг удаа найз охинтойгоо хоёулаа үдэшлэгт очлоо. Сургуулийн заалны араас орсон чинь ордог хаалга нь гэрэлгүй таг харанхуй болчихож. Тэгсэн би нөгөө найзынхаа хөлний ар дээр нь гишгээд оймсыг нь ураад хөлийг нь урчихаж. Цус нь гараад. Тэгээд хоёулаа буцаж гэртээ очоод хөлөө угаагаад буцаад л үдэшлэгтээ явж байсан юм. Тэгэхэд биднийг оюутан байхад жаран хэдэн онд чинь Улаанбаатар чинь их сайхан тайван хот байлаа.

Дэжид -

Анх хөдөөнөөс хот руу орж ирж байхад том байсан уу?

Осоржалам -

Том санагдалгүй яахав. Баянзүрхийн товчоогоор ороод ирсэн чинь нэг машин хүн шүргэчихсэн тийм юм таарсан юм. Тэгээд л пөөх энэ хот чинь ямар аймаар юм, ерөөсөө замаас хол явах хэрэгтэй юм байна гэж хоорондоо ярьж явсан гэж байгаа. Тэгээд хотод ирээд маргааш нь гудамжинд гараад явсан бүгдээрээ гоё хувцастай. Торгон дээлтэй. Баяр болж байгаа юм болов уу гэсэн үгүй ээ. Тэгсэн хотынхон чинь өдөр болгон л гоё дээлээ өмсдөг. Тийм бүдүүлэг байсан байхгүй юу. Хөдөө чинь байнга ажил төрөлтэй. Сааль сүү гээд. Ер нь гоёлын дээл чинь авдарт л байна ш дээ. Тэрнийгээ хааяа л гаргаж өмсөнө ш дээ. Тэрнийг хараад гайхаж байснаа бодохоор инээд хүрдэг юм. Хотынхон чинь өдөр болгон л гоёоод явдаг юм байна гэж гайхдаг байж билээ. Тэгэхэд УБ чинь их л тайван байсан юм даа. Бид чинь их юм цээжилнэ ээ. Анатомийн хичээл дээр л зөвхөн толгой гэхэд 200-аад нэр цээжилнэ. Лаборант, багш нараасаа гуйж байгаад толгой, нурууны яс гэртээ аваад очино. Тэр үед би найз охиныхоо гэрт нь сууж байсан юм. Нэг удаа хоёулаа хоёр гавлын яс аваад гэртээ харьдаг юм байна. Тэгээд ер нь хоёулаа хүн айлгая гээд зориуд сэвсгэр торонд өнөөхөө хийгээд алхлаа. Тэгсэн тоож айж байгаа ч хүн байхгүй, байцаа бариад явж байна ч гэж бодсон юм уу. Тэгээд гэртээ ирсэн. Орой жоохон уншиж байгаад орон доогуураа хийчихээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь найз охины маань ээж нь босоод хог шороогоо шүүрдэнэ биз дээ. Хөөе хаая болоод бөөн хашгираан болж энэ хоёр солиотой юм ийм сургуульд ороод, орсон байлаа гэхэд ийм юм бариад явж байдаг гээд бөөн юм болж байсан юм. Манай гэрт хүний хохьмой толгой хоносон байна. Энийгээ аваад яв. Та нар хаанаа очдогсон. Байрандаа орно уу яана гээд загнаж гарсан. Тэгээд хоёулаа хөөгдөөд өнөөхөө аваачиж тавьчихаад буцаад ирсэн. Оруулахгүй хаачихав дээ. Тэгээд манай өвгөн аав намайг эргэж ирсэн юм. Манай найз охин нэг их сэжиглэхгүй. Би анхнаасаа анагаах гэж байгаагүй болохоор жаахан цэрвэнэ. Хүний яс чинь хэдий цэвэрлэж янзалсан ч гэсэн тос гараад байна. Тэгээд жаахан цаас урж аваад түүгээрээ барингууд багш уурлаад загнана. Бага багаар гайгүй болсон л доо. Сүүлд ахтайгаа таван шард байр хөлсөлж сууж байсан юм. Орой тараад ирэхэд аав маань тэр гэрт байсан. Нуруу, хүзүү гээд цээжлэхэд олон юмтай зарим нэг юм мэр сэр аваад очино. Аавынхаа өвөрт орж унтчихаад өглөө явахдаа өнөөхөө мартчихаад яваад өгчээ. Тэгсэн аав нөгөөх ясыг чинь олж үзчихээд ээжид очоод хэлсэн байгаа юм. Хөөрхий муу охин минь юмнаас их сэжиглэж цэрэвдэг юм байгаа юм. Тэр маань ч гайгүй. Охинтойгоо хоёулаа хүний яс дэрлэж унтчихаад ирлээ дээ гэж ярьж байсан гэж байгаа юм. Тэгж байж анагаахын хэдэн жил өнгөрсөн дөө.

Дэжид -

Найз нөхөд, багшийн зөвлөгөөнөөр л тэр мэргэжлийг сонгож байсан байна ш дээ, тийм ээ?

Осоржалам -

Тэгсээн, тэгсэн. Тэгээд муу явсангүй. Би бас ингэж бодож байсан ш дээ. Цуг ирсэн хүүхдүүдээс зарим нь их сургуулийн сэтгүүлчийн анги, англи хэлний ангид шалгалт өгөөд тэнцэхгүй унаж мунахаар нь ээ, мөн би энд нь орох юмсан гэж. Тэгээд юу гэж миний дураар болохов. Тэгж ингэж яваад өөрийн эрхгүй анагаахдаа орсон. Тэгж байтал 2-р курсээс хүүхдүүд хасагдаад эхэлдэг байхгүй юу. Хоёр гурван бага эмч байсан нь хичээлдээ 2, 3 унаад тэгээд хасагдчихдаг байхгүй юу. Тэгэхээр нь за одоо ер нь больё. Хасагдчихвал очоод юугаа хэлэхэв. Нэгэнт л ингээд орчихсон юм чинь энэ нь дээ л шамдая гээд шулуудсан. Тэгээд л төгссөн дөө. Одоогийн хүүхэд их зоргоороо байгаа нь өөрийгөө л дайчлахгүй байгаа юм. Нэг сургуульд орчихоод би сонирхолгүй гээд эцэг эхийнхээ өчнөөн төгрөгийг үрчихээд ирж байна ш дээ.

Дэжид -

Сургууль төгсөөд шууд томилогдоод ирсэн үү. Анх хаана ажиллаж эхэлсэн бэ?

Осоржалам -

66 онд төгслөө. Сайхан төгсөлт болсон. Бас нэг инээдтэй юм ярихад төгсөлтийн банкет хийлээ. Баруун хойшоогоо нэг ресторанд орсон юм. Тэгсэн том том крушкатай хар цай шиг юм тавьчихсан байх юм. Пиво мэдэхгүй байхгүй юу. Тэгсэн бага эмч байгаад орж төгссөн нэг авгай аваад уугаад л байх юм. Тэгэхээр нь бид хоёр аваад уусан чинь сэвс шиг муухай гашуун юм байж билээ. Одооны хүүхдүүд чинь бүр цэцэрлэгээсээ эхлээд л төрсөн өдөр тэмдэглэж эхлээд, дунд сургуульд нийллэг цайллаг хийж, 10 төгсөөд хөдөө зугаалж архи ууж эхэлж байна. Бид тэгэхэд пивоо танихгүй их сургууль төгсч байлаа ш дээ. Одоо энэ хүмүүсийн ярьж байгаа амьдрал тарчиг ядуу байна гэдэгтэй би санаа нийлдэггүй. Яагаад гэхээр хэзээ Монголд чинь айл 3 машинтай байсан юм. Хэзээ байталаа орой үдэш болгон баар саванд орж архидаж, наргиж цэнгэж, дуулж хуурдаж, гараад зодолдож нүдэлдэж байсан юм. Тийм юм чинь жилдээ ганц хоёр тохиолддог байсан ийм үе. Одоо хууль гаргаад л байдаг. Хэрэгждэг юм байдаггүй. Ийм юмнаас ч болдог байх гэж би боддог юм. Одоо хүүхдүүд чинь дээд сургуульд орлоо хөлчүүдүүхэн байж байгаад төгсөөд ирдэг болж. Тэр чинь надад их харамсмаар санагддаг.

Дэжид -

Тэр үед гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн асуудал ямар байсан бэ?

Осоржалам -

Бидний тэр үед үнэхээр ах захтай байсан. Би гэхэд одоо хоёрхон насаар ах хүмүүсийг Рагчаасүрэн гуай, Санжаасүрэн гуай гээд л ярьж байгаа биз дээ. Багш нараа их хүндэлдэг, үгий нь хардаг байсан. Сургуулийн дотоод дүрэм, дэг журам гэдгийг яг сахидаг байсан. Одоо хэтэрхий задгай, ерөөсөө залхуугаасаа л болоод ядуурч байгаа юм.

Дэжид -

Та сургуулиа төгсөөд шууд аймагтаа ирсэн үү? Тэр үед шууд томилдог байсан уу?

Осоржалам -

Аймагтаа ирж байсан. Эрүүлийг хамгаалах яам Дорнодоос ирсэн бол Дорнод нь л хуваарьлана. Өөр тийшээ яваад байх эрх байх ч үгүй. Тэгээд бага эмч байгаад ирсэн эм найруулагчийн анги төгссөн нэг хүн, нөгөөх нь шүдний ангийн нэг эмэгтэй, надтай хамт хүүхдийн эмчийн анги төгссөн бас нэг охин ингээд дөрвүүл тавуулаа, өөр бас бус хүмүүс суугаад машинаар буцаж байлаа. Төгсч байгаа хүүхдүүдэд машин гаргаж өгдөг байсан юм. Тэр үед эрүүл мэндийн газрын даргаар Пүрвээ гэж хүн байсан юм. Тэгээд биднийг хүлээж аваад хаана ажиллах вэ гэж санал асуугаад л бүгд аймгийн төвд ажиллана гэх ухааны юм яриад тэгж байсан юм. Тэгэхэд манай гэр бүлийн хүн аймгийн намын хороонд зохион байгуулагч хийж байсан юм.

Дэжид -

Та хэдэн онд гэр бүл болсон бэ?

Осоржалам -

1965 онд гэр бүл болж байсан юм.

Дэжид -

Ямар мэргэжлийн хүн билээ?

Осоржалам -

Аграном. Тэгээд би аймгийн төвд үлдлээ. Надтай хамт ирсэн хүүхэн маань Чойбалсан суманд хуваарьлагдсан. Нөгөө хоёр нь аймгийн төвд ажиллахаар болсон. Их сайхан зөвлөгөө өгөөд биднийг ажилд нь оруулж байлаа. Тэгээд л хүүхдийн больницийн эмчээр ажилласан даа. Тэгэхэд хүүхдийн амбулатор гэж байсан юм. Нэг эмч, нэг сувилагч, нэг цэвэрлэгчтэй. Байшингаа галлана. Аймгийн яг төвд тэр байшин маань байсан.

Дэжид -

Шинэ төгсч ирэхээр доод ажлаасаа явах уу, шууд эмчээ хийх үү?

Осоржалам -

5 жилээр төгсөөд л шууд эмчээрээ ажиллана. Намайг ирдэг жил хүүхдийн хөх ханиад гарчихдаг юм байна. 0-8 нас хүртэл толгой дараалан хүрсэн. Бүх хүүхэд ханиалгаад л.

Дэжид -

Тэр юунаас болсон бэ?

Осоржалам -

Халдварт өвчин. Тэр өвчний онцлог нь аятайхан эмчиллээ гэхэд 45 хоногооос нааш эдгэнэ гэж ерөөсөө байхгүй. Цаашаагаа хүндэрнэ. Хатгаа болно. Тэгээд надад нэрэлхдэггүй сайн тал байсан юм аа. Түргэн тусламжийн дуудлаганд явдаг бага эмч нар байна. Намжилмаа энэ тэр гээд хүүхдийн их эмч нар байсан л даа. Тэгээд бага эмч нараасаа асуунаа. Та нарыг явж байхад ямар эмэнд түргэн эдгэж байна гээд. Тэд нар аягүй дуртай. Миний хүү овоош дээ. Их эмчээр төгсч ирсэн гээд зарим нь буруу хараад яваад байдаг ш дээ. Тэгээд буруу юм хийнэ гээд л намайг хөөргөнө өө. Тэгээд тэдэнтэй зөвлөж байгаад эмчилгээ боловсруулна. Өдөрт 50, 60 хүүхэд үзнэ. Тэгэхээр хоёр чих чинь дүнгэнэнэ ш дээ. Одоо хөшөөт цогцолборын тэр хавьд бунхант гээд их олон байна аа. Тэнд нэг бага эмч байна. Тэгээд их эмч болж тэрэнд очиж зөвлөгөө өгөх юм гэнэ ээ. 7 хоногт 3 удаа очино. Тэнд бол гайгүй 20-иод хүүхэд үзээд буцаад ирнэ. Тэр үед тэр ханиаднаас гадна шар гээд л халдварт өвчин их байсан л даа. Одоо бол манайд тэр көкрүүш бүрэн устсан. Янз бүрийн вакцинууд гараад ирж дээ. Цагаан цэцэг гэж өвчин бүрэн устсан. Яг биднийг ажиллаж байх үед устсан байхгүй юу.

Дэжид -

Таныг ажиллаж байх тэр үед гаднаас мэргэжилтнүүд ажиллаж байсан уу?

Осоржалам -

Намайг төгсөх үеэр УБ-ын том эмнэлэгүүд, анагаах ухааны дээд сургуульд Оросын мэргэжилтнүүд ажилладаг байсан. Жаран хэдэн оноос хойш бол Орос мэргэжилтнүүд бараг ажиллаагүй юм ш дээ. 60-аад он хүртэл ажилласан. Бүх газар орос мэргэжилтэнтэй байсан. Сүрьеэгийн зөвлөх, халдвартын зөвлөх, дотрын зөвлөх гэж байсан юм билээ. Харин тэгээд сүүлд орос цэргийн анги орж ирсэнээр тэднийг дагаж эмнэлэг орж ирсэн. Бид тэдэнтэй хамтарч ажилладаг байсан. Сүүлд Халх голын САА ашиглалтанд ороход манай өвгөн тэнд ерөнхий аграномичоор очсон юм. Тэгэхэд оросын тусламжаар байгуулагдсан шинэ тутам САА байсан болохоор эдийн засагч, инженер, аграном, зоо техникч, малын эмч гээд бүх мэргэжилтнүүд байсан. Тэдгээр мэргэжилтнүүдийн гэр бүл нь ажилгүй. Тэгээд ямар нэгэн хэмжээгээр ажил хийх сонирхолтой. Тэгээд мэргэжилтэй нэгнийг нь мэргэжлээр нь аваад, мэргэжилгүй нэгнийг нь асрагч цэвэрлэгчээр ажилд аваад ажиллаж байлаа. Оросуудтай ажиллахад хачин үнэнч шүү дээ. Хэл усанд чи хэрэгтэй байсан. Анагаахад орос хэлээр дандаа лекцээ сонсож байсан болохоор тэдэнтэй ажиллахад дөхөм байсан.

Дэжид -

Танайх хэдэн хүүхэдтэй байсан бэ?

Осоржалам -

Манай өвгөн чинь айлын ганц хүүхэд. Аав нь 5-р ангид байхад нь нас барчихсан юм. Ээж нь ХААД-ийг төгсдөг жилийнх нь урд намар нь нас барчихсан. Ингээд гав ганцаараа үлдсэн. Тэгээд одоо ер нь ганцаараа байхад их гутралтай. Тийм болохоор нь ч юм уу би зоргонд нь хүүхэд гаргаж өгсөн юм уу хаашаа юм. Хүүхдэд энхрий дотно, хайртай ч гэж жигтэйхэн. Би өөрөө эмч хүн юм чинь хичнээн л бол хичнээн зохицуулж бололгүй л яахав. Гэхдээ би 6 хүүхэд төрүүлсэн. Одоо тэд маань бас ч гэж гайгүй ээ.

Дэжид -

Та хоёр энэ их хүнд, завгүй ажлын хажуугаар 6 хүүхдийг яаж өсгөж хүмүүжүүлсэн бэ?

Осоржалам -

Манай аав ээж хоёр байсан. Тэр хоёр маань л өсгөсөн дөө. Дөнгөж ойндоо хүрмэгц нь л аав ээжрүүгээ явуулаад л, арай жаахан гайгүй болоод бор хоолонд ороод ирэхээр нь авчирч яслид явуулаад л тэгж цэцэрлэг яслиар л хүмүүжсэн дээ. Тэр үед цэцэрлэг ясли чинь их юм хааж байсан юм ш дээ.

Дэжид -

Тэр үед сургууль, цэцэрлэг, эцэг эхийн холбоо ямар байсан бэ?

Осоржалам -

Тэр үед ясли чинь Эрүүлийг хамгаалах газрын харъяа байсан юм. Яслийн хүүхдийн эрүүл мэндийг маш их анхаардаг. Ясли дээр заавал хүүхдийн эмчийн хяналт байна. 68 оноос манайх хүүхдийн хэсгийн эмнэлэгүүдтэй болсон. Тэнд хүүхдийн эмч нар ажиллана. Яг одоогоор бол манайд 6 том өрхийн эмнэлэг байдаг юм. Дунд нь 10 хүүхдийн хэсэгтэй болж байсан юм. Анх хүүхдийн хэсэг гурав байгуулагдаж байсан юм. Тэрний нэгд нь би бас хүүхдийн эмчээр очиж байлаа. Нэг нь баруун талдаа, нэг нь төвдөө, нэг нь бунханд байсан юм. Хүүхдийн хэсэг чинь 0-1 насны, цаашлаад 0-3 насны хүүхдүүдийн эрүүл мэндийг янштал сахидаг байсан юм. Шүд нь яг ургах цагтаа ургаж байна уу, сууж чадаж байна уу, хөлд орох цагтаа орж байна уу гээд бүгдийг нь хянадаг. Нэг хэсэгт 100-аад 0-1 насны хүүхэд байна. Тэр бүгдийг эргэж тойрно. Вакцинжуулалт гэдэг чинь энэ үед идэвхитэй явж байсан. Нэг бахархалтай юм нь 60-80 оны эх хүртэлх хүүхдүүдийн дунд тэжээлийн доройтол, архит гэдэг юм их ховор байсан. Хүүхдийн эмчийн байнгын хяналт гэдэг чинь их ач холбогдолтой, хэрэгтэй байсан юм. Нэг хүүхдийн хэсэг нэг их эмч, нэг бага эмч, нэг сувилагчтай ажилладаг байсан. Одоо манайд хүүхдийн эмч байхгүй боллоо ш дээ. Сонин хэвлэлээр ч их бичигдээд байна. Яг хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, зүгээр нэг ерөнхий мэргэжлээр төгсөөд ирсэн эмч хоёрын нүдээр харахад тэс одоо өөр байдаг юм. Зарим нэг нь бид нар мэднэ дээ гэж бодож байж магадгүй. Мэргэшинэ, нарийн мэргэжлээр төгсөнө гэдэг чинь их өөр. Хүүхдийн эмчгүй болж байгаа талаар сонин хэвлэлээр бичиж ярихаар бидэнд их содон тусна л даа. Хувийн эмнэлэгүүд хүүхдийн эмчээр төгсгөх бодлого энэ жилээс явууллаа.

Дэжид -

Би таны зураг, дурсгалт зүйлсийг үзээд сууж байна л даа. Энд таван онцын эзэмшигч, номын сайн нөхөр гээд тэмдэгүүд байна. Энэ танай хүүхдүүдийнх үү? Энийг ямар журмаар өгч байсан юм бол? Хүүхдийн амжилт бүтээлийг тэр үед яаж дүгнэдэг байв? Танай гэрт бас олон спортын мастерууд байдаг бололтой. “Дорнод аймгийн алдартнууд” номонд танай гэр бүл орсон байна. Энэ талаар ярьж өгөөч?

Осоржалам -

Би түрүүнд аав ээжээрээ бахархаж ярьсан. Манай хүүхдүүдийг эхэлсэн юмаа дуусгадаг, дуулгавартай, хүмүүжилтэй, жаахан чадвартай, авъяасаа хөгжүүлэх чанарыг аав ээж маань эх суурийг нь тавьж өгсөн. Тэрнээс хойш цэцэрлэг яслиар хүмүүжсэн. Тэр үед чинь цэцэрлэг ясли тодорхой хэмжээгээр хүмүүжлийн ажил зохиодог байсан. Аав ээж, ясли, цэцэрлэг, сургуулийн тусламж дэмжлэгээр л хүүхдүүдээ хүн болгосон доо. Нөхөр болохоор тариан талбай гээд 20, 30 км хол яваад өгнө. Би чинь сум дундын ерөнхий эмчийн зэрэгцээгээр хүүхдийн эмчээ хийдэг байсан. Ханиад дэлгэрэх, зуны цагт суулгалт өвчин дэгдэх, хүүхэд хүндрэх юм зөндөө. Тийм болохоор бид хоёр чинь ажил дээрээ л голцуу байна. 6 хүүхэд л гэртээ байна. Бид багш нартай нь үе үе очиж уулзана. Хүүхэд маань яаж байна, юун дээр нь анхаармаар байна гэнэ. Багш нар ч ёстой яруу тодорхой гэгчээр хэлж өгнө ш дээ. Тэрнийг нь биелүүлж өгнө. Ямар ч байсан форм, хичээлийн хэрэгсэлээр нь хангаж өгнө. Гадуур хэсүүлэхгүйн тулд тус тусынх нь сонирхолын дагуу хичээлээс гадуур дугуйлан секценд хамруулдаг байсан. Биен тамиртаа их дуртай. Дорнодод төмөр замын нэг баяр болсон юм. Дөрвөн хүүтэйгээ, ахынхаа нэг хүүхэдтэй нэг баг болж тоглоод алтан медаль аваад ирж байсан юм. Тэр чинь манай гэр бүлд гоё бахархал байхгүй юу. Хүүхдүүд их урамтай байдаг юм. Бид чинь хүүхдүүдээ их магтана, өвөө эмээ, багш нар нь их урам хайралдаг байсан болохоор хүүхдүүд их мэрийнэ. Ах нь гайгүй яваад ирэхээр бусад нь дагадаг юм билээ. Хамгийн бага хүүхэд маань Сүмбэрээс аймагт шилжиж ирсэн хойно сургуульд орсон юм. Тэрнээс бусад 5 хүүхэд маань 5 онцын эзэн болж бид хоёрыг их баярлуулж байв аа. Сурлага, хөдөлмөр, сахилга бат, авъяас чадвараараа онцгой үлгэр дуурайлал үзүүлсэн тул “Таван онцын эзэн” үнэмлэх олгов гэж байгаа юм. Энэ чинь бас хөөрхөн тэмдэгтэй. Тэр үед Монгол орон чинь ирээдүйнхээ төлөө үнэхээр анхаарч байсан юм. Бүр нялхаас нь. Хүүхдийн төлөө төрөөс их бодлого явуулж байсан. Бүүр сүүлд наяад оны үед хүүхдийн эрүүл мэндийн талаар 21-р тогтоол гэж мундаг том тогтоол гарч хүүхдийн эмнэлэг, ясли цэцэрлэг хүртэл хүүхдийн эмчтэй болж байсан юм. Их эмч л байхгүй болохоос бага эмч гаргаж ажиллуулж байсан юм. Тэр үед хүүхдүүд уран зохиолын ном их уншдаг, хоорондоо тэрнийгээ ярьдаг, түүгээрээ мэтгэлцдэг байсан болохоор манай хүүхдүүд ном их унших дуртай байсан юм. “Номын сайн нөхөр” болзолыг биелүүлж дараагаар нь намын их хуралд рапорт өгөх болзол хангасан гээд бас нэг ийм юм өгдөг байсан юм. Эд нар чинь хүүхдэд их эрч хүч өгч урагш нь хөдөлгөж байсан юм. Одоо бол хүүхдэд өгдөг медалийн үнэ цэнэ их буурч л байна л даа. Ахмадын тэмцээн болоод нэг медаль аваад ирнэ, шагай харваад бас нэг медаль аваад ирнэ. Элбэгдорж ерөнхийлөгч болохдоо энэ одон медалийг цэгцтэй болгоно гэж ярьсан. Даан ч хэлсэндээ хүрэхгүй байгаа. Тэгж байгаад цэгцлэх юм байгаа биз дээ.

Дэжид -

Танайх чинь одоо гэр бүлээрээ урлаг спортоор хичээллэдэг айл байна ш дээ?

Осоржалам -

Манай өвгөн ХААДС төгссөн аграномич хүн. 59 оны Монголын оюутан залуучуудын анхдугаар их наадамд аймгийн волейболийн шигшээ багт оролцож байсан. Улсын аваргад удаа дараалж тэргүүн байранд шалгарч байсан. Тийм болохоор ХААДС-ийн самбарт бичигдэж энэ тэр байлаа. Тиймэрхүү юм чинь бас хүнийг урамшуулдаг юм байна ш дээ. Тэгээд хүүхдүүд нь аавыгаа дагаад бүгд волеболь тоглочихсон. Хамгийн том хүү маань Одесса хотод цэргийн сургуульд сурч байсан юм. Дараагийн хүү маань арваа төгсөөд саналаараа цэрэгт явсан юм. Тэгээд Алдар нийгэмлэгт тамирчин байгаад гадаад дотоодын олон тэмцээнд амжилттай оролцсон. Отгон хүү маань бас орост сургуульд сурч байхдаа лигт тоглож байсан юм. Одоо спортын мастер. Тэгээд аймаг орон нутаг мэдээд нэг ийм улсууд байдаг гээд ном хэвлэлд оруулсан нь бас бидний бахархал юм даа.

Дэжид -

Буриад ястаны онцлог зан заншил юу байсан бэ? Хоёрдугаарт хэлмэгдүүлэлтийн талаар юу хэлэх вэ? танай удамд хэлмэгдэлтэнд өртсөн хүн бий юу?

Осоржалам -

Буриадуудын хамгийн онцлог нь гэвэл айл бүр ургийн бичгээ хөтөлдөг, удам судраа мэднэ. Манайд ч бий. Манай аавын бага дүү 90 гарсан хөгшин байдаг юм. Тэр хүний хүү Багануурт байдаг хэл уран зохиолын багш хүн бий. Тэр хүн маань Бөмбөөтэний алтан ургийн товч түүх гэж брошюр бичсэн юм. Манайхныг Бөмбөөтэн гэдэг юм. Тэр номонд бүгдийг бичсэн байна. Тэндээс манайхныг харахад бүгд номын, томоотой, хүнтэй хэл үг гаргаж чаддаггүй, хэрэлдэж зодолддоггүй удмаараа тийм хүмүүс байжээ. Удам судраа үр удамдаа 9 үеэр нь мэдүүлэх нь буриадуудын гол онцлог юм даа. Тэр чинь олон талын ач холбогдолтой. Ураг удмаа мэднэ, хамаатан саднаа мэднэ. Шашин шүтлэгийн хувьд бөөгийн шашин шүтнэ. Гурван жилд нэг цуглаж уг гарвалаа дуудуулж ажил байдлаа засах, алдаатай яваа хүүхдээ сургах зорилгоор цуглана. Уржнан манайхан цуглахад Бөмбөөтэн гэдгээсээ эхлээд хоёр зуун дөчин хэдэн хүн байсан.

Дэжид -

Бөөгийн шашинтай байсан гэж хэллээ. Социализмын үед хэр хаалттай байсан, яаж өнөө үе хүртэл хадгалж авч ирсэн талаар яриач?

Осоржалам -

Социализмын үед шарын шашин, бөөгийн шашин бүгд хаалттай. Анкетан дээрээ шашингүй гэж бичихгүй бол болохгүй л үе байлаа ш дээ. Тэглээ гээд аав ээж нар минь ямар ч байсан шүтээнээ алдаагүй нууц байдлаар цөөн бүлээрээ уулзаад ном уншуулчихдаг, бөөгөөр дуудуулчихдаг байсан байгаа юм. Одоо бол чөлөөтэй болж дээ. Ялангуяа бөө чинь цан хэнгэрэг болоод сүртэй ш дээ. Ийм юмыг их нууцгай хийнэ л дээ. Нэг нь бараг харуулд гарна. Ганц гэрээрээ оторт гарч байгаа үедээ тиймэрхүү юмаа хийнэ. Лам бөө нар маань одоогийнх шиг хонуут өнжүүтээр хийхгүй. Товчхон товчхон хийнэ. Одоо бол хонуут өнжүүтээр хийнэ ш дээ. Хонь мал гаргана. Их тэнгэртээ өргөнө. Дараагаар нь жижигхэн цайллага маягийн юм болно. Идээ будаагаа идэж ууна. Одоо бол их сүртэй юм болсон ш дээ. Тухайн үед цаг үетэйгээ зохицоод багахан шиг хэмжээний болно. Ингэж явж ирсэн юм аа. Ямар ч байсан шарын шашин, бөөгийн шашин хоёртоо шүтлэгтэй. Бид чинь тухайн үеийн бүтээгдэхүүн болсон оюутан, сэхээтэн хүмүүс учраас аав ээжийнхээ шүтдэг бурхан шүтээнийг тэгтэлээ сайхан яг голд нь орж чадаагүй л дээ. Гэлээ гэхдээ одоо бол өвгөн ахынхаа тэр ёслолд очоод оролцчихно. Ядахдаа л ах дүүгээрээ танилцана. Хүүхэд шуухдаа танилцуулна. Тэгэхгүй бол энд тэнд байгаа хүүхдүүд чинь бие биенээ мэдэхгүй ш дээ. Хэлмэгдүүлэлтийн тал дээр бол өчнөөн юм ном хэвлэл дээр байгаа. Дамдинжав бодвол ярьсан байх гэж бодож байна. Уул нь малын эмч хүн л дээ. Буриад судалдаг хүн. Буриад шиг их хэлмэгдсэн омог байхгүй. Орост байж байгаад шахагдаж хавчигдаад наашаа орж ирсэн. Тэгэнгүүт Монголд арван хэд, хориод оны үед чинь ид хувьсгал гарах гэж байлаа. Тэр чигээрээ Халх гол руу ороод цаанаас нь харчин, хорчингууд үймүүлээд буцаж нүүж ирсэн түүхтэй. Ялангуяа миний төрсөн Цагаановоо сумыг буриад суман дундаа Халхынхан, Халхчуул гэж нэрлэдэг юм. Нарийн түүхийг нь бол сайн мэдэхгүй л дээ. Энэ дундаасаа зөндөө их хэлмэгдсэн. Яг манай өрх бүл, ойрын төрөл дотор яг хэлмэгдээд баригдаад явсан хүн байхгүй. Харин манай ээжийн талд лам, нилээн хөрөнгө чинээтэй хүмүүс байсан. Тэд нар нь баригдаж очсон гэж ярьдаг юм. Машин тэрэг дуугарахаар бэмбэгнэж, одоо юу болдог юм болдоо гэцгээдэг байсан гэж ярьдаг байсан. Бид бол нүдээр үзээгүй. Сонссоноо л хэлж байгаа ш дээ. Зөвхөн манай Цагаановоо сумаас л гэхэд хэлмэгдүүлж баригдаад буудуулсан хүн гэхэд 100 гаруй байдаг юм билээ. Тэгээд Цагаановоо суманд тэднийхээ дурсгалд зориулж наминчилсан дүрстэй хөшөө босгосон нь одоо ч байгаа. Тухайн үед буриадууд чинь зарим газраа эрчүүдгүй болох шахаж байсан юм гэдэг. Яг ид дунд насны эрчүүдийг нь баривчилж байсан байгаа юм. Хойноосоо оросод хавчигдана. Урдаасаа солом бараг янз бүрийн юмнуудад баахан …, тэгж байгаад Монголд орж ирээд бас ингэж хэлмэгдэж байсан их хэцүү тавилантай улс. Ер нь л юмны урд их гүйх дуртай улс юм уу даа. Ардчилал гарсан ч л хэдэн буриад ардчилалыг толгойллоо гээд 90 оны үед баахан ярив даа. Урд нь бас Элбэгдорж Ренчино гэж хувьсгалын үед Монголд их үр нөлөө үзүүлсэн хүмүүс ш дээ. Тэгж тэгж явж байгаад л буруутаад хэлмэгдэлтэд нилээн их өртсөн улс байхгүй юу. Тэгээд ч янз бүрийн дуу шүлэг гарч, кинонд ч их гардаг даа. Хадны оройгоор харахад Харанхуй манан дунд нар байна Ханилсан ганц нөхрөө бодоход Харагдахын аргагүй хол байна /Харилцахын аргагүй хол байна/ Уртхан Ононы дэнж дээгүүр Унагшаа давхидаг гоё байгаа гэдэг чинь Онон голынхоо эргээр чөлөөтэй давхиж явсан бол гоё байгаа гэсэн л үг ш дээ. Учирсан хайртай амрагтайгаа Уулзаад тарсан бол гоё байгаа гэсэн дуу байдаг юм. Тэр чинь ерөөсөө хонь, адуудаа явж байхад нь барьж хориод буудчихсан л байдаг байхгүй юу. Тэгээд их мэдрэмхий гэдэг юм уу, дуу хуур болгоод бишгүй л их үлдээж байсан байгаа юм. Зохилч Эрдэнэ зэрэг хүмүүсийн зохиолууд дээр зөндөө бий дээ. Эрдэнийн өвөг эцэг нь хэлмэгдсэн л юм гэнэ лээ. Ээж маань лам хүний охин юм. Төрсөн эх нь нас барчихсан. Тэгээд эцэг нь 20-иад настай залуу хүн байж л дээ. Тэгээд эхийг нь насбарчихаар эхийнх нь ах лам нь өргөж авсан байгаа юм. Тэгээд тэр ламын охин гэж явдаг юм. Хэлмэгдүүлэлтийн үед яг тухайн ажлыг хэрэгжүүлж байсан хүмүүсийн үзэл бодлоос юм их хамаардаг байсан байхгүй юу. Бодвол сайн гайгүй сайн хүн таарсан юм биз гэж боддог юм. Нутгийн хүмүүс уул хадаар явж бие биенээ тэр маань яаж байгаа бол гэж ажиг сураг тавьж явдаг байжээ. Тэрэн дунд нөгөө талд үйлчилсэн эсэргүүнүүд бас явна аа. Манай тэр өвөг эцэг болох лам хүн ганц гэрээрээ байсан гэж байгаа юм. Тэгээд харж байсан ламын гэрлүү машин давхиад очиж. За одоо Шарав /буриадаар Шийрав гэнэ/ лам гуай ч өнгөрсөн байхаа гэж ярьцгааж байж. Нэг их удаад л байсан гэж байгаа. Арай гэрт нь буудаад орхичихно гэж байхгүй биз гээд дэмий л холоос хараад байхаас өөр арга байхгүй. Очихоор нь өөрийг нь л бариад авна ш дээ. Тэгж тэгж нөгөө машин нь яваад өгч гэнэ. Тэгээд машин нилээн далд орсон хойно нь яваад очсон лам нь хоймортоо номоо уншаад сууж байна гэнээ. Та минь яаж гарав аа, сүйд болсон л гэж бодоцгоож байлаа гэцгээж гэнээ. Яахав дээ хөөрхий, адилхан л амьтаны үрс байна, хүн төрөлхтөн байна, адилхан л эхтэй эцэгтэй, авралтай шүтээнтэй ийм л улсууд явж байгаа ш дээ. Төрийн цааз биелүүлж явна гээд дунд нь энэ хүмүүс бас хэцүүдэж л явдаг байх гэж бодоод за хүүхдүүд минь аян замдаа ядарч яваа биз дээ. Тэнд нэг хонины гуя байна. Сайхан хоол өөрснөө хийгээд идчих. Амбаа нь хоол хийж өгч барахгүй ш дээ. Тэнд сүү байна. Сайхан сүүтэй цай чанаад уучих. Тэнд цөцгий талх байна. Сайхан хооллоод яв. Та нар бас ядарч л яваа байлгүй яахав. Та нарыг чинь би өөрийн эрхээр ийм юм хийж яваа хүмүүс гэж ерөөсөө бодохгүй байна. Ямар ч байсан зарлиг дагаж яваа хүмүүс гэдгийг ойлгож байна аа гээд тэгсэн гэнээ. Тэгэхээр нь нөгөөдүүл нь бөөн баяр болоод л цай хоол хийж идээд, цөцгийн талхы нь идэхий нь идээд, авахыг нь аваад яваад өгсөн гэнэ ээ. Тэгээд тэр лам өвөө маань сүүлд өндөр наслаад өөд болсон л доо. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг буу бариад ороод ирсэн хүний өмнөөс айж цэрвээд, урдаас нь тэмцээд л байхын оронд бас нэг ярьж хөөрвөл хүн ойлгодог л байх. Бас цаад талд нь огт ойлгохгүй хүн ч байгаа гэж ярьж байсан юм. Манай энд бага эмч Чүлтэм гэж хүн байсан юм. Одоо охин нь ТМС-д багшилж байгаад тэтгэвэртээ гарчихсан. Тэр өвгөн манай тэр өвгөн лам гуайн шавь байсан юм байна. Тэгээд намайг хэд дахин дуудаж байж чи чинь зүгээр нэг хүний удам биш шүү. Тийм ч болоод чи эмч болсон байх. Чамайг хүн чиглүүлж өгсөн байлаа ч гэсэн цаанаасаа ямар ч байсан эмч болох тавилантай байсан байх гээд энэ түүхийг ярьж өгсөн байхгүй юу.

Дэжид -

Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн юу байна ву? Хэрвээ тийм зүйл байгаа бол юу гэж бодож байна.

Осоржалам -

Мэргэжлээ зөв сонгосон нь зөв болсон байх. Азаар хань ижлээ зөв сонгож авсан нь зөв байсан байх. Би ч анхандаа их бүдүүлэг хүүхэд байж дээ. Өвгөн маань хөдөө гадаа томилолтоор явчихна. Ирэхээр нь хоолоо хийж идчихээд унтаад өгсөн байдаг юм. Тэгсэн манай аав үгүй ээ энэ чинь одоо нөхөртэй хүн чинь хөдөө явахтай нь зэрэг ямар ч байсан 3 хоног хоол цайныхаа дээжийг авч тавьсан байдаг юм шүү дээ. Ээж маань ямар байлаа ч гэсэн өрхийн тэргүүн гэдэг чинь эмэгтэй хүний, тэгээд цаашилбал үр хүүхдүүддээ ойлгуулах шүтээний нэг шүү дээ. Би аавыг чинь тэгж л явсан. Тийм ч болохоор манайх гайгүй явсан байх. Ямар ч байсан цайныхаа дээжийг заавал нөхөртөө өгч бай. Битгий аваад уучих гэх мэтчилэн захина. Ер нь тэгээд аав ээж, дуурайх хүмүүс, багш нарынхаа үгэнд орж явсан нь хэрэг болсон байх аа.

Дэжид -

Таны амьдралд ер бусын онцгой гэх зүйл байна уу?

Осоржалам -

Юу байхав дээ. Би бол зүгээр жирийн л нэг эмч. Манайх бол жирийн нэг сэхээтэн айл. Хэдэн хүүхдээ өсгөөд явж байгаа айл. Нэг их онцгойроод сүйд болоод байх юм байхгүй. Харин хүн ямар мэргэжилтэй, ямар ажилтай байнав түүнийгээ заавал гүйцээж хийдэг, түүнийхээ эзэн болох ёстой гэсэн эцэг эхийн сургаальд дагаж баримталж л явсан даа. Аав маань нэг сайн малчин болох, ээж маань сайн саальчин болох, бид нар ямар нэг хэмжээгээр төрийн хайр хишиг хүртэж шагнал урамшуулал авах ч юмуу энэ бүгдийг аав ээж, шүтдэг шүтээний маань л ач буян гэж бодож явдаг. Хүн заавал хэлэх ёстой юмаа хүлцэнгүй хүлээгээд явахгүй аль нь зөв бэ гэдгийг бодож явах ёстой байх л гэж боддог.

Дэжид -

Тэр үед буриадууд хүүхэддээ ямар зан үйлийг сургаж, тэр нь өвлөгдөж ирсэн байдаг юм бэ?

Осоржалам -

Нэг хэсэг буриадууд чинь хэн нь хэн гэх юм байхгүй, зан үйл гэх юм байхгүй болсон ш дээ. Хэл соёл, үндэсний хувцас гэдэг бүр мартагдсан. Буриадууд шарын шашин, бөөгийн шашин хоёрыг хоёуланг нь шүтдэг юм. Би бол тэгж нэвтэртэлээ орсон хүн биш. Буриад хэл соёлоо бүгдийг мартахгүйн тулд гэртээ заавал буриадаар ярина гэсэн зарчим байгаа юм. Одоо жишээлбэл Англид байгаа хүмүүсийн хүүхдүүд нь монгол хэл мэддэггүй гэж байна ш дээ. Энэ чинь миний бодлоор ер нь монгол үндэстэн мөхөх суурь болдоггүй юм гэхэд нөлөө болно гэж би боддог юм. Хоёрт нь омог ургаа заавал мэдүүлнэ. Бид хоёр ч гэсэн чадан ядсан бичсэн юм байгаа. Гуравт нь хувцас. Буриадад чинь охин байхдаа өмсдөг хувцас нэг өөр янз. Айлын эхнэр болоод өмсч зүүдэг юм нь бас өөр болно. Үүнийг заавал байх ёстой гэж үздэг. Одоо тэр бүр өмсөөд явах газар байхгүй ч гэсэн би гэхэд буриад эхнэр дээлээ хийгээд авчихсан байгаа. Одоо “Алтаргана”-д л өмсөнө дөө.

Дэжид -

Золгох ёс арай өөр үү?

Осоржалам -

Манай өвөг эцэг ламын бурхан шүтээндээ ихэд нэвтэрсэн хүн байсан. Үнэнхүү итгэдэг. Маш олон бурхантай. Цагаан сар болохоор өнөө олон бурханаа гэр дотроо өлгөнө. Хамгийн өндөр настай айлдаа эхлэж очино. Үр хүүхэд нь өвөг эцэг дээрээ очино. Тэгээд аав ээждээ золгоод ингээд цаашаагаа явна даа. Одоо ч хэвээрээ. Манай Цагаановоо суманд гэхэд хамгийн өндөр настай нь 92 настай өвгөн бий. Манай Цагаановоо сумынхан тэднийд хамгийн түрүүн очиж золгоно. Адис авч мөргөнө. Халхчууд малгай өмсч золгодог бол буриадуудын эрэгтэйчүүд нь малгайгаа авч золгодог. Айлд орж золгохдоо бүсэндээ хавчуулсан хутгаа заавал доош унжуулаад орж ирээд эхлээд бурханд нь мөргөөд, дараа нь өндөр настандаа золгоно. Ер нь хадаг л барьж золгоно доо. Ямар нэгэн юм заавал гар дээр нь тавьж золгодог. Халхчууд хадагтай золгоод хадгаа өөрсдөө аваад өвөртлөөд явдаг бол манайхны ялгаа нь хадагтай золгосон бол хадгаа гар дээр нь тавьж орхино. Эсвэл мөнгө, торго дурдантай золгоно. Бас нэг онцлог нь тэр жилдээ ах дүү төрөл садантайгаа уулзаагүй байсан бол уулзахаараа заавал золгодог. Дэндүү их хол байвал золгуут болгож хүнээр алчуур ч юм уу, дээлийн торго явуулна. Манай өвөг эцэг, эмээ хоёр хойно Агад амьдарч байсан байгаа юм л даа. Тэрнийгээ их бахархаж ярина. Манай эмээ ээж 87 хүрч бурхан болсон. Манай нутаг чинь их хүн зоноо хамгаалж явсан нутаг байгаа юм. Миний байдаг Цэрэг нарсны орчим тангад төвдүүд орж ирээд тэгээд тэрнээс болж олон түүдэг гал асаасан гэнээ. Тэгээд тэрүүгээрээ сүүтэгнэлдээд яваад байсан байна. Тэгсэн цэрэг нарсыг нь маш их олон цэрэг хуарагнасан газар байна гэж бодоод буцаж байсан юм. Тиймээс миний нутаг бол хүн зоноо хамгаалж байсан нутаг гэж ярих дуртай байсан юм. Тэгээд манай буриадууд өвөг дээдсээ дээдэлсэн, бурхан шүтээнээ дээдэлсэн, ах дүү төрөл саднаа эв эеийг хичээсэн тийм дуунуудыг заавал сур гэж захидаг юм. Тэр дуунд чинь тэр чигээрээ түүх домог байдаг байхгүй юу. Хичнээн хол байсан ч ээжтэйгээ заавал очиж золгож бай гэх мэтчилэн үгтэй дуунууд байна. Домботын голын дээжийг Домогт та нартаа баръя гэх мэт Охиноо айлд өгөх болохоор олон захиас захина.

Дэжид -

Эцэг эх санал тавьж сүй тавих уу?

Осоржалам -

Гол нь тийм байсан. Уг удмаа сайн харна. Аг 11 эцэг, хорь 21 эцэг гэж байдаг юм. Аль омог вэ гэхээр иймхэн жаахан хүүхэд бүгд мэднэ. Манай өвгөн Бодонгууд овогтой. Тэгэхээр манай хүүхдүүд бүгд дагаад Бодонгууд байх жишээтэй.

Дэжид -

Сүй тавиад ямар захиас захих вэ?

Осоржалам -

Хөхдүүдийг болохоор Бодонгуудтай суулгадаг ч юм уу, Сарайдыг болохоор Харгангуудтай суулгадаг ч юм уу тийм зорилготойгоор хоёр талын төрсөн эх эцэг нь хоорондоо яриад бүсээ сольдог юм. Тэр заншил биднийг хүүхэд байх үе хүртэл уламжилж ирсэн л дээ. Намайг ч гэсэн тэр заншилаар нэг айлтай аав маань бүсээ солилцож тохиролцсон байсан. Харамсалтай нь би тэрэнтэй нь суугаагүй. Тийм л байж байж удам судар эрүүл явна гэсэн онцлогтой. Тэгээд охиноо хадамд гарах болохоор нь ах дүү нараар нь бүгдээрэнгээр нь хэсүүлнэ. Энийг “охин зайх” гэдэг юм. Айл болгоноос сургааль хэлнэ. Ямар газраас морио услахав, ямар газар гэрээ барихав, нөхөр сүүдрээ яаж арчилж хамгаалж явахав, үр хүүхдээ яаж арчилж явахав гээд ах дүү нар нь бүгдийг захиж хэлж өгнө. Бэлэг сэлт өгвөл өгнө. Хүүгийн тал гэр орныг нь бэлдэнэ. Охиныхон гэр доторхыг нь дүүргэнэ. Тэр заншил одоо ч гэсэн хэрэгжиж л яваа. Манай хамгийн том эгч Баянуулд амьдарч байсан юм. Тэр эгч маань арван хүүхэдтэй. Өвгөн нь 51-тэй нас барчихсан юм. Манай тэр эгч их ухаантай. 7 хүүгээ гэр барьж өгөөд хөрөнгийг нь тасалж өгөөд гаргасан байгаа юм даа. Нэгэнд нь нэгийг нь хариуцуулна. Жишээ нь хамгийн томд нь дунд хүүгээ ч гэдэг юм уу. Манай эгчийн томыг нь Бадам гэдэг. Дунд хүүг нь Пүрэвээ гэнэ. Тэгээд за чи Пүрвээг хариуцаж авна шүү. Пүрвээ хазгай гишгэх ёсгүй гээд даалгаад өгчихнө.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.