Dorjjügder


Basic information
Interviewee ID: 990594
Name: Dorjjügder
Parent's name: Togoo
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: aimag Senior's Association head
Belief: [blank]
Born in: Bulgan sum, Dornod aimag
Lives in: Herlen sum (or part of UB), Dornod aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
herding / livestock
privatization
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу, та

Доржжүгдэр -

Сайн сайн байна уу?

Дэжид -

Сайхан зусч байна уу?

Доржжүгдэр -

Сайхан зусч байна аа. Сайхан жил болж байна даа.

Дэжид -

Доржжүгдэр гуай бидний урилгыг хүлээн авч Монголын 20-р зууны аман түүхэнд өөрийнхөө туулж ирсэн амьдралын талаар тодорхой ярилцлага өгч байгаа танд талархал илэрхийлье.

Доржжүгдэр -

За баярлалаа.

Дэжид -

Ярилцлага эхлэхийн өмнө таниас асууж тодруулах хоёр зүйл байна. Нэгдүгээрт та ярилцлага өгөхдөө нэрээ нууцлах шаардлага байгаа юу?

Доржжүгдэр -

Байхгүй ээ. Юуг нь нуухав дээ.

Дэжид -

Хоёрдугаарт Кембрижийн их сургуулиас Монголын 20-р зууны аман түүхийн төсөл гэсэн энэ ярилцлагыг явуулж байгаа нь тодорхой хугацааны дараа та бид хоёрын ярилцлагаас телевиз, хэвлэл мэдээллийн материалд ишлэл болох ч юм уу, эсвэл тодорхой нэг бүлэг асуудлыг ч юм уу авч ашиглахыг та зөвшөөрч байна уу?

Доржжүгдэр -

Зөвшөөрөлгүй яахав. Хүн төрөлхтөн маань уламжлалаараа л явна шүү дээ. Тухайн урд өнгөрсөн үеээ хойч үе маань мэдэж байх хэрэгтэй ш дээ.

Дэжид -

За би таниас зөвшөөрөл авлаа. Одоо хоёулаа ярилцлагаа эхлэе. Өнөөдөр 2010 оны 5-р сарын 24-ны өдөр. Чойбалсан хот. Одоо Хэрлэн сум гэж явж байна уу?

Доржжүгдэр -

Тийм ээ. Хэрлэн сум.

Дэжид -

Аймгийн төв болох Хэрлэн суманд 50 гаруй жил ажилласан ялангуяа энэ аймгийн үүх түүхийг сайн мэдэх, Ахмадын хорооны дарга Доржжүгдэр гуайтай анхныхаа ярилцлагыг хийж байна. Юуны өмнө Та өөрийнхөө бага нас хэрхэн өнгөрсөн гээд л өөрийнхөө түүх намтараас эхэлж ярихгүй юу

Доржжүгдэр -

За би 1940 онд төрсөн хүн. Дорнод аймгийн Булган сумын уугуул иргэн дээ. Манай аав Дэндэвийн Тогоо гэж хүн байсан. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул иргэн байгаа юм. Манай ээж Насангийн Аюурзана гэж хүн байсан юм. Одоо энэ Дорнод аймгийн уугуул хүн дээ. Би чинь 45 оны үед дайн болж байхыг муухан мэддэг юм. Манайх энэ Ухаа хушуу гэдэг газар аймгийн төвөөс баруун урагшхан байлаа. Нэг өдөр олон онгоцнууд дээгүүр нисээд явахлаар жоохон хүүхэд хөөрөөд л нөгөө онгоцыг чинь харах гээд дагаад гүйж байсан юм. Тэгээд би чинь 48 онд анх сургуульд орсон доо. Сумын төв энэ тэр гэж тэр үед байгаагүй. Зун болохоор Хэрлэн голынхоо урд хөвөөнд нүүгээд ирдэг. Гурван гэр л байдаг. Сумын дарга гээд ганцхан хүн байна шүү дээ. Харин их олон багтай. Тэр үед 10 баг байсан. Багын дарга гээд нэг хүн байна. Дандаа морьтой явна. Өвөл болохоор Өвөр Урт гээд урагшаагаа 30 гаран км газарт очиж өвөлждөг байлаа. Тэр Өвөр уртад хамгийн анх сургуулийн байшин гэж 4 ангитай байшин барьж тэр сургуульд анх орж байлаа. Сургуульд ороод Дамдин гэж багшаар хичээл заалгаж эхэлсэн. Тэнд би 4-р ангиа төгссөн л дөө. Сурлага сайтай хүүхэд байсан. Тэгээд цанын аялалд яваад… Спортын мастер Даржаа гэж хүн Сүхбаатар аймгаас наашаа Дорнод орж ирж байсан юм. Тэргүүний хүүхдийг пиранигаар шагнана гээд. Тэр үед олддоггүй ховор эд байхгүй юу. Тэрийг аваад маш их баярлана. Тэр үед өвөл дотуур байранд байсан. Хавар, намар, зундаа бол сургуульдаа мориор ирж очино. Сургуулийнхаа хажуугийн дэрсэнд морио чөдөрлөөд орхичихно. Өглөө ирээд, орой буцахдаа өнөөхөө унаад л явна шүү даа

Дэжид -

Хэр их хол байхав?

Доржжүгдэр -

За даа нэг дөрөв таван км газар л байна даа. Сумын төвөөсөө. Тэр үед чинь сумын төв гээд байх юм байхгүй. Ганцхан сургуулийн барилгатай. Тэгээд сумын даргын гэр гээд 2 гэр авчираад барьчихна. Тэгээд нэг улаач яваад багуудад ажил төрлөө зарладаг байсан байх. 52 онд юм даа би чинь 4-р ангид байсан. Цагаан сар болоод ах бид хоёрыг авахаар аав морьтой ирж байсан юм. Тэр үед манайх сумын төвөөс баруун тийш 20-иод км зайтай байлаа. Тэгээд гэртээ ирээд морь малаа тавьчихаад орой нь бууз банш хийж жигнэж иднэ шүү дээ. Цагаан сарын орой чинь битүүлэг хийнэ. Тэгтэл багийн дарга орж ирлээ. Тэгсэн чинь гэнэтхэн л идээ тавгаа хураагаад л сүүд болдог юм байна. Хоол унд ч идэхгүй юм болоод явчихлаа. Тэгсэн харин маршил Чойболсан насбарсан юм байна лээ л дээ. Яг 52 оны цагаан сараар таарсан юм.Тэр үед хүүхэд учир мэдэхгүй яагаад ингэж байгаа юм болдоо гээд гайхаад л өнгөрсөн. Тэр орой ч юм идсэнгүй унтацгаасан. Тэгээд маргааш нь ээжийн араар нуугдаж тавиур дээрээс боов боорцогхон авч гарч иднэ. Тэр үед чинь айлд түмпүүшиг сав гэж байхгүй шүү дээ. Задгай тавиур дээр л юм аа тавьчихна. Амьдрал тийм л байлаа. Тэгээд 52 оны намар нь аймгийн төв явж сургуульд орсон. Тэр үед айлууд их тархай бутархай байлаа. Суурьшил байсангүй. Дан мал аж ахуйгаар амьдарч байлаа. Гэхдээ тэр үеийн өвс ногооны ургац гэж их сайн байсан даа. Одооныхтой зүйрлэх юм биш. Одоо мал ч их болж, байгаль дэлхийн уур амьсгал ч их өөр болчихлоо шүү дээ. Бидний жаахан байхад өвөл их хүйтэрдэг. Зундаа их дулаардаг тийм л байсан. Өвс ургамал чинь дөрөө шүргэм л ургана шүү дээ. Их газартаа бол морьтой хүн ч харагдахгүй. Энэ Халх гол хавиар тийм л байсан.

Дэжид -

Мундаг ургацтай байжээ.

Доржжүгдэр -

Тийм их ургацтай байсан.

Дэжид -

Өвс ургамал ихтэй байна гэдэг чинь мал нь хүртэл тарган байна биз?

Доржжүгдэр -

Өө тарган. Тэр үед чинь мал ердөө задгай л байна шүү дээ. Бүр хожуу нэгдэлжих хөдөлгөөний үед л малыг хашдаг болсон юм. Мал их л тарган байсан үе дээ. Тэгээд яахав би аймгийн сургуулийг 7-р анги төгсөөд Багшийн техниккумд орсон юм. Багшийн техниккумаа 1961 онд төгсөөд Төв аймгийн Алтанбулаг сумаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тэр сургуульд багшилсанаас хойш одоо яг 50 жил ажиллаж байна. Багш мэргэжилтэй. Тэгээд дундуур нь ажил ч их өөр болсон доо. 10 жил ажиллаад эвлэлийн ажилтан болсон.

Дэжид -

Тэр үед сургуульд яаж ордог байсан бэ?

Доржжүгдэр -

Би бол сайн дураараа л ирж байсан. Сургууль нээгдлээ хүүхэд авна гэсэн зарлал явдаг байсан. Тэр хүүхэд авна гэсэн зарыг сонсоод л манай аав морьтой намайг дагуулаад сургуульд авчирч байлаа. Зарим хүүхдүүд бол ирж өгөхгүй хичээлээ таслаад алга болчихдог. Сумын захиргаанаас дуудаж авчирлаа энэ тэр гэдэг л байсан. Тэр үед чинь бүх нийтээр сургана гээд зарим талаар албаддаг зүйл байсан л байх. Миний хувьд бол сайн дураараа л ирж байсан. Сургууль чинь их л сайхан, үеийнхэнтэйгээ тоглож наадаад сургуульд явах их л сайхан санагддаг байсан. Тэр үед чинь одоогийнхтой харьцуулахад их л хүндхэн нөхцөлд сурч байсан болох гээд байгаа юм. Өвлийн цагт өнгө цагаан дээлтэй, цагаан өмдтэй. Үстэй өмдтэй л байна шүү дээ. Одоогийнх шиг ийм хувцас өмсөхгүй шүү дээ. Цагаан дээл, цагаан өмд, арьсан гуталтай байна даа. Хичээлийн хэрэглэл их ховор, харандаа дэвтэр олдохгүй. Дайны дараа болоод тэр байсан юм болов уу. Боодлын даалимбаны гадна талд эрээн цаас байдаг байсан. дотор талдаа бичиггүй гадна талдаа эрээн цаас …

Дэжид -

Одоо өөрөөр хэлбэл барааны таних тэмдэг, шошго байх нь дээ?

Доржжүгдэр -

Өө тийм. Тэр чинь их гоё гаднаа эрээн, дотроо цулгуй цагаан цаас байдаг байсан юм. Түүн дээр чинь л хортой харандаагаар бичдэг байлаа. Би чинь 3-р ангид орж байж л чернелиэр бичиж үзэж байлаа. Тэр нь их ховор. Хортой харандааны голыг авч үүрүүлээд усанд уусгаж чернель болгож бичдэг байсан. Нэг үе тийм л байлаа. За тэгээд дунд сургуульд ороод ирэхийн үед юм элбэгшээд өөр болсон л доо. Тэгээд өсөөд дэвжээд, хөгжөөд л яваад байсан. Дунд сургууль төгсөхийн алдад нэг үеэ бодвол их л өөр болсон л доо.

Дэжид -

Танд тэр үеийн ил захидал ч юм уу дурсгалтай юм байдаг уу?

Доржжүгдэр -

Тийм юм ч ер нь бараг байхгүй дээ. Зураг хөрөг авна гэсэн юм энэ тэр ер нь байхгүй шүү дээ. Сүүлд Багшийн техниккумд орсон хойноо л зураг хөрөг авахуулж үзэж байлаа. Манай Дорнодод чинь Багшийн техниккум байлаа шүү дээ. Тэр үед… 1959 онд татан буугдсан юм. Тэгээд хотод очиж төгссөн л дөө. Одоо энэ Улаанбаатарт. Тэгэхэд л анх зураг авахуулж үзэж байсан. Тэрнээс өмнө зураг авахуулна энэ тэр гэсэн юм байхгүй байсан даа.

Дэжид -

Аав ээжийнхээ тухай жаахан тодруулж яриач?

Доржжүгдэр -

Манай аав ээж ерөөсөө л малчин улс байсан. Манай аав бол цагдаа цэрэг гэдэгт алба хааж байсан. Сүүлд тэр баруун хилд цэргийн албанд явж байсан. Нанзад баатрын цэрэгт явж байсан хүн юм билээ. Тэрийг бид их сүүлд мэдсэн. Уг нь партизан болох хүн юм билээ. Бидэнд нэг хадгалж байсан бууны сум байсан. Нэг ийм гэртэй. Тэр Нанзад баатар гэдэг хүн бууны сумыг гэрэнд хийгээд бүх цэргийнхээ хүзүүнд зүүдэг байж. Тэгээд тэр нь үлдсэн. Бүр сүүлд жаран зургаа, долоон оны үед юм уу даа манайх энэ Дорнодод Хулстай гэдэг газар байхад цэргийн хувцастай гурав дөрвөн хүн сураглаад ирсэн байгаа юм. Манай ээж гэртээ байсан, аав юманд явсан байж л дээ. Тэгээд ийм хүн байх ёстой гээд сураглаад ирсэн байгаа юм. Тэр үед чинь гучин хэдэн оны хэлмэгдүүлэлт гээч нь болсон байсан болохоор ээж айгаад тийм хүн байхгүй ээ гээд явуулчихсан байгаа юм. Тэгсэн уг нь партизан болгох гэж байсан юм билээ.

Дэжид -

Тухай үед бас хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр арилаагүй хүмүүсийн сэтгэлд байсаны бас нэг гэрч болж дээ?

Доржжүгдэр -

Тэр үеийг сайн мэддэг, олон лам нар баригдаад явчихсаныг сайн мэддэг болохоор тэр үед тийм цэрэг байсан тийм хүн гээд сураад ирэхээр одоо бас бариад явчих гэж байгаа юм болов уу гэж бодоо юм байлгүй дээ тийм хүн байхгүй ээ гэж хэлээд явуулчихсан юм билээ л дээ. Сүүлд 63, 64 оны үед дээ зохиолч Дашдэндэв гуай ирээд манайд 7 хоноод явсан. Тэр хүн “Улаан наран” гэдэг зохиол бичсэн дээ. Тэр номонд манай аавыг Хүрлээ гэж адуучнаар бичсэн байдаг юм.

Дэжид -

Тухайн үедээ бас их эх орныхоо төлөө явж байсан хүн байж дээ?

Доржжүгдэр -

Тухайн үед баян Нансран гэдэг хүний адууг харж маллаж байсан хүн юм билээ. Тэр үед бид бага байсан мэдэхгүй. Аав маань 66 онд өөд болсон. Аав ямар ярих биш, бид ч бага байсан болохоор тэр үеийн юмыг мэдэхгүй үлдсэн байдаг юм. Аавыгаа л нас барсаны дараа сураглаад явахлээр.. би бүр Хэнтий орж аавынхаа ах дүүтэй уулзаж үзсэн л дээ. Аав ээж нь ч байгаагүй, хоёр ахынх нь нэг нь өөд болчихсон, лам байсан ах нь 10 жил шоронд яваад ирсэн байж байгаад 67, 8 оны үед нас барсан даа. Тийм л юм билээ. Уг нь бол манай аав партизан болчихоор л хүн байсан юм билээ. 37 оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр бүх хүний зүрхэнд орсон айж эмээж байсан тийм л үе байж дээ. Манай ээжийн ах лам нь бас хэлмэгдсэн гэнэ лээ. Бид бол мэдэхгүй л дээ. 37 оны үед биднийг төрөө ч үгүй байхад баригдаж яваад л ирээчгүй л юм гэдэг. Ээж маань 69 онд бурхан болсон доо. Бид ч тэр ах ламын нэрийг нь ч мэдэхгүй, хэлмэгдэгсдийн ном энэ тэрт байдаг ч юм уу, үгүй ч юм уу бид тэр тухай огт хөөцөлдөөгүй.

Дэжид -

Та эцэг эхээс хэдүүлээ билээ?

Доржжүгдэр -

Бид эцэг эхээс тавуул. Одоо нэг ах маань бий. Уурхайд насаараа ажилласан. Хоёр эмэгтэй дүү маань бий. Нэг дүү маань бурхан болсон. Одоо ингээд дөрвүүлээ байна даа.

Дэжид -

За та тэгээд багш мэргэжилтэй болсон юм байна. Багшаар хэдэн жил ажиллав? Оюутан үе ямар байв? Хотыг анх яаж үзэв? Тэр үед хот ямархуу байв?

Доржжүгдэр -

Одоо бодоход хот чинь их жаахан байж дээ. Американ дэнжээс Энхтайвны гүүр гээд л хот чинь бараг л тийм байсан шүү дээ. Биднийг 59 онд очиж байхад. Анх би чинь эндээс шуудангийн 53 гэдэг машинаар хонуутаар явж байж очсон доо. Улаанбаатар хотод нутгийн өөрөөсөө нилээд хэд ах Бадрахын Дамдин гэдэг хүнтэй очсон. Тэр үед чинь дөчин хэдтэй хүн хүртэл Багшийн сургуульд байсан шүү дээ. Ухаан нь цэргээс ирээд хөдөө багийн дарга энэ тэр хийж байгаад багш болох гээд явдаг. Тэгээд айлд очиж суусан даа. Тэгээд оюутан болсон. Хоёр жил сураад төгссөн. Тэр үед чинь нутаг руу нь явуулна энэ тэр гэж байхгүй шүү дээ. Хаана л багш хэрэгтэй байна тийш нь л явуулна. Би гэхдээ Багшийн техниккумын 4-р ангид байхдаа тоо физикийн зургаан сарын курс гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр нээгдсэн юм. Тэгээд сурлага сайтай хүүхдүүдийг аваад тийш нь оруулсан юм. Тэгээд тэнд чинь зургаан сар сураад дунд ангийн багшаар төгссөн юм. Ухаандаа багшийн техниккум, курс хоёрыг нэг дор төгсөөд Төв аймгийн Алтанбулаг суманд анх очсон доо. Тэгээд тэнд би дөрвөн жил гаран багшлаад аавын бие муудаад нутагтаа ирсэн. Би багшийн ажлыг 10 жил, сургуулийн захирлыг 7 жил, ингээд мэргэжлээрээ 17 жил ажилласан хүн дээ.

Дэжид -

Та аль сургуулийн захирлыг хийж байв?

Доржжүгдэр -

Сэргэлэн сумын сургуулийн захирал байсан, Чойбалсан суманд байсан. Мөн одоо энэ аймгийн төвийн 10 жилийн орос 3-р сургуулиас 96 онд захиралын ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Тэрнээс хойш Ахмадын хорооны дарга хийж байна.

Дэжид -

Олон нийтийн байгууллагад ажиллаж эхлэж дээ?

Доржжүгдэр -

13 жил эвлэлийн байгууллагад ажилласан, ер нь 30-аад жил олон нийтийн ажил хийж байгаа байх шүү. Хөдөө сумын намын дарга, эвлэлийн дарга гээд л... тийм л ажлыг хийж явсан даа.

Дэжид -

Тэр үеийн боловсролыг төрөөс яаж дэмждэг байв, боловсролын систем ер нь ямар байсан юм?

Доржжүгдэр -

Тэр үе чинь төр бүгдийг даадаг үе шүү дээ. Дунд сургууль төгсөөд дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуульд орлоо гэхэд стипенттэй байлаа. Тухайлбал Багшийн сургууль гэхэд сардаа өөрөөр хэлбэл 85 төгрөгийн цалин авдаг л байхгүй юу. Улсаас бүх юмыг нь даагаад сургадаг. Бид сурах л үүрэгтэй, сурсанаа эх орондоо зориулах л үүрэгтэй. Тэр үеийн боловсролын тогтолцоо тийм л байсан. 10 жилийн сургуультай, 7 жилийн сургуультай, бага сургууль нь 4 жил, дээд сургуулийг 5 жил сураад төгсчихдөг байв.

Дэжид -

Хүүхэд бүрийг боловсрол эзэмшүүлэх зорилготой...?

Доржжүгдэр -

Хүүхэд бүрийг, Монголын бүх хүнийг бичиг үсэгтэн болгосон шүү, тэр үед. Бидний үед бичиг мэдэхгүй хүн ер нь байгаагүй шүү. Бүх хүн бичиг үсэгтэй болж байсан. Намайг 4-р анги төгдөг жил суман дээр байж байхад сүүний тасаг дээр очиж багшилж байлаа шүү дээ. Ээждээ хүртэл бичиг зааж байсан. Сүүний тасаг гээд зун нэг дор 10, 20 айл буучихна шүү дээ. Сүүгээ саагаад дууссаны дараа сүүгээ тушаана л даа. Тэгээд тасаг дээр үнээ саасны хойно бичиг үсэг заадаг кампанит ажил явагдаг байв. Соёлын довтолгооны үеийн том ажил. Соёлын довтолгоон гэдэг чинь нэг үе манайд болсон ш дээ. Тэр чинь юу юм гэхлээр ерөөсөө соёлжуулах л талын ажил. Тухайлбал бүх айл цагаан бүрээстэй болж байлаа. Бүх айл ор хөнжлийн даавуутай болж байлаа. Бүх айл жижиг ширээтэй, сандалтай болж байлаа. Манай аав ээж хоёрын 57 онд авч байсан жижиг ширээ одоо надад байж байдаг. Тэр үеийн жижигхээн дөрвөлжин ширээ.

Дэжид -

Танайхаар орж зургийг нь авч болох уу? Их дурсгалтай эд байх нь ...

Доржжүгдэр -

Тэгэлгүй яахав, их дурсгалтай. Аав ээжээс үлдсэн хадгалж байгаа юм гэвэл тэр. Аавын нэг хөөрөг ахад маань байдаг. Манай гэрт биднийг гэр бүл болсон үеэс ирсэн тэр ширээ одоо болтол байж л байгаа. Тэр үед чинь соёлын довтолгооныг их нарийн зохион байгуулж байсан шиг санагддаг юм аа. Эмч нар чинь долоо хоногийн гуравдахь өдөр бүр айлуудаар явна. Ирээд үзэж харна, орны даавуу хэдэн ээлж байна, аяганы алчуур нь ямар байна гээд бүх юмыг шалгаад явдаг байсан шүү дээ. Тэрнээс өмнө хөдөөний айлд чинь ор мор гэж юм байгаагүй. Би л жаахан байхдаа адууны арьсыг хоёр хуваагаад дэвсгэр хийдэг. Тэгээд тэр дэвсгэр дээр монгол дээлээ нөмрөөд л унтана шүү дээ. Сүүлд тавин хэдэн оны үеэс л соёлын довтолгоо явж байж л их өөрчлөлт гарсан юм шүү дээ. Хүмүүсийн сэтгэлгээнд ч тэр, айл гэрийн амьдралд ч их өөрчлөлт гарсан л даа. Тэрнээс хойш хүмүүс нэгэнт тийм юманд хэвшээд ирэхээр залуу үе нь хойшоогоо хэвшүүлсээр яваад одоогийн амьдралтай залгуулж байгаа байхгүй юу. Өмнө хөдсөн дээрээ л дээлээ нөмрөөд л унтана шүү дээ. Зун ч өвөл ч хэдийд ч хучлага болно, ер нь дээл бол юу л бол юу болно, нарийн ярьвал их олон зориулалттай л даа.

Дэжид -

Соёлын довтолгоог хүний ажил амьдралтай нь холбож, муу сайн гэх үзүүлэлтүүд байсан уу?

Доржжүгдэр -

За даа тийм юм байсан л байх, гэхдээ хөдөөгийн малчидад бол мэдэгддэггүй байсан. Дандаа хувийн мал аж ахуй эрхэлдэг хөдөөгийнхөнд тийм юм мэдэгддэггүй байсан даа. Ер тэр үеийн эмч нар чинь морьтой явна шүү дээ. Хамгийн цуглардаг үе нь саалийн үе. Зуны цагт саалийн тасаг буухаар айлууд ирээд буучихна. Тэгээд тэр үед чинь гэр бүлээрээ 4 хүүхэдтэй айл байлаа гэхэд аав нь нэг хүүхэдтэйгээ малтайгаа хөдөө, ээж нь саалийн тасаг дээр хоёр багатайгаа ч юм уу буугаад саалиа саагаад сүүгээ тушаана. Төлөвлөгөө өгчихсөн байна. Тэр төлөвлөгөөгөө л биелүүлнэ ш дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үе чинь бас их ажил урагштай явж байсан санагддаг шүү. Тэр үед чинь би бас таван жилийн гавшгайч болж байлаа. Тэр үед бүх юм төлөвлөгөөгөөр явагдана ш дээ. Тэгээд тэрийг бүгдийг биелүүлнэ. Улсдаа тушаагаад үйлдвэрээ дэмжээд явчихна. Улс эргүүлээд малчиддаа хөлс цалинг нь өгөөд малчидаа дэмжээд явчихдаг. Ийм л байсан юм шүү дээ. Шал өөр байсан даа. Одоогийнхтой ярих ч юм байхгүй.

Дэжид -

Та бол социализмын үед 20-р зуунд ялангуяа боловсролын салбарт захиралын албыг хашиж байсан хүн. Тэр үед яаж албан тушаал ахиулдаг байв? Боловсон хүчнийг ямар бодолгоор дэмждэг байсан бэ?

Доржжүгдэр -

Их судалдаг байсан.

Дэжид -

Ямар шалгуураар болдог юм, саналаараа болдог юм уу?

Доржжүгдэр -

Үгүй ээ, тэр үед саналаар болно гэсэн юм байхгүй. Олон дахин шалгана, ер нь их л шалгана даа. Тэр үед би багш байсан. Тэгээд байж байгаад л боловсролын хэлтэстийн шалгалт, нам хорооны шалгалт, захиргааны шалгалт очино. Ажлыг нь шалгана, эцэг эхтэй уулзана, энэ ернь ямар хүн юм, та нартай яаж харьцдаг юм, ямар боловсролтой хүн юм гээд л асууж сураглана. Тэр үеийн хувьсгалт намын боловсон хүчин судалдаг арга их нарийн байсан юм шиг санагдаад байгаа юм. Би ч бас намын ажил хийж байсан хүн л дээ. Тэгэхэд чинь яахав гэхээр хамт олны үнэлгээ гэдгийг их авч үздэг байсан. Хувь хүний өөрийнх нь мэдлэг боловсролын түвшин, ажил хэрэгч чанар байна, тэрнийг нь шалгахаас гадна, хөдөлмөрийн хамт олон яаж үнэлж байна вэ, хөдөлмөрийн хамт олонтой энэ хүн яаж харьцаж чадаж байна гэдгийг л гол шалгуур болгодог байсан байгаа юм. Тэгээд нэг мэдэхэд л ерөөсөө би чинь багш байж байгаад захиралаар тавигдахад Аймгийн намын хороон дээр авчираад боловсролын хэлтэсийн дарга танилцуулна. Манай энэ багш ийм ийм ажилтай, ийм ийм санаачлага гаргасан, олон түмэнд нэр хүндтэй ийм сурган хүмүүжүүлэгч хүн, сургууль удирдаад явах чадвартай гэж ингэж л танилцуулж байсан. Тэгээд тэр намын хорооны товчооны гишүүд чинь баахан юм шалгаадаг байлаа шүү дээ тэр үед чинь. Тэгэж л тавьдаг байлаа шүү дээ ажилд. Би 71 онд Хэрлэнгийн САА-н Эвлэлийн хороон даргаар намайг томилсон. Би яг 9 сарын 1-нд анхны хичээлээ орчихоод хичээлээ зааж байхад сумын намын хороон дарга, сургуулийн захирал хоёр орж ирээд аймгийн намын хороо дуудлаа гэж хэлсэн. Тэгээд би намын хороон даргийн машинд суугаад ирсэн Намын хорооны товчоо хуралдаж байна. Оруулж ирээд намын хорооны боловсон хүчин хүртэл танилцуулаад, эвлэлийн хороон дарга хүртэл орж ирчихсэн сууж байдаг юм байна. Тэгээд баахан миний түүх намтарыг танилцууллаа. Намын хорооны гишүүд ч учиргүй их асууж, шалгаана. Тэр үед чинь хүний гарал үүсэл, аль нутаг усных, эцэг эх нь ямар ажилтай, ямар хүмүүс байсан, нутаг усандаа ямар нэр хүндтэй гээд л бүгдийг нарийн судалдаг байсан юм билээ. Тэрийг бол бидэнд мэдэгддэггүй л судалдаг байсан байна лээ. Тэгээд л дэвшүүлдэг байсан. Их нарийн судалдаг байж дээ. Одоо ч бол харж байхад зүгээр л нэг хэдэн хүн сууж байгаад л сонгочихдог болсон байна ш дээ. Ерөөсөө ах дүү хэдэн хүн сууж байгаад л.. Одоо чинь сум, баг гэхэд их хэцүү болж байна ш дээ. Баг гэдэг чинь нэг нутаг усанд насаараа амьдарчихсан улсууд байна. Тэгээд ах дүү төрөл садангууд нь бүгд хажууд нь байж байдаг. Тэгээд нэр дэвших болохоор хэдэн хүн сууж байгаад нэгийгээ дэвшүүлчихдэг. Ёстой л нөгөө тойрон хүрээлдэг хүмүүс нэгийгээ сонгодог болчихоод байна ш дээ. Тийм шалгуур энэ тэр бол байхгүй болж дээ.

Дэжид -

Ажил албан тушаал дээр бол их өндөр шалгуураар тавьдаг байж дээ?

Доржжүгдэр -

Их өндөр шалгуураар тавина. Тэгээд тэр ажлыг их сайн хийнэ гэж итгэл хүлээлгэж тавьдаг, цаад хүн ч итгэлийг хүлээж чаддаг. Тийм л хэмжээнд байсан л даа.

Дэжид -

Тэр үеийн багш нарын цалин ямар хэмжээнд байв, нийгмийн асуудлыг нь яаж шийддэг байв? Та ялангуяа захирал хүн байж..

Доржжүгдэр -

Тэр үед багш нар 450 төгрөгийн цалинтай.

Дэжид -

Захирал ямар цалин авах вэ?

Доржжүгдэр -

Захирал 550-аас 600 төгрөгийн цалин авна. Би чинь сүүлд багшийн дээд төгсч байж захирал болсон л доо. Тэгээд нэг 600, 700 төгрөгийн цалинтай. Нийгмийн асуудал гэдгийг яг л цалингаараа өөрснөө шийднэ. Тэрнээс биш улс тусгайд нь шийдээд байсан юм байхгүй. Тийм л байсан даа. Одоогийнх шиг бүх юмыг улсаас шаардана гэж байхгүй байлаа ш дээ. Тухайн үеийн цалин амьдралд хүрч байсан, хүрдэг байсан. Нэгдүгээрт юмны үнэ хямд байлаа. Тухай үеийн цалин хөлс аваад амьдралд нь бүрэн хүрэлцээтэй. Бүх хүн ажилтай. Гэр бүлийн хоёр байлаа гэхэд авгай нь нэг газар, нөхөр нь нэг газар гээд бүгд ажилтай. Тэр үед чинь хөдөлмөрийн үзлэг гэж хийнэ. Шөнө айлаар яваад ажилгүй хүнийг маргааш нь ажилд оруулж байсан шүү дээ.

Дэжид -

Тийм үзлэг бүр явагддаг байсан юм уу?

Доржжүгдэр -

Явагдалгүй яахав, жилд бүр гурав, дөрвөн удаа явагдана. Ажилгүй дэмий сэлгүүцэж яваа хүн байх юм бол шууд авчираад ажилд оруулна. Тэр үед чинь манай аймагт үйлдвэрүүд ашиглалтанд орчихсон, нэгдэлжчихсэн байлаа. 70 хэдэн оны үед бол хөдөлмөрийн үзлэг маш их хийгдэж байсан. Тэгээд шууд ажилд оруулна. Ажилгүй хүн гэж ер нь байгаагүй. Нэг өрхийн 2-3 хүн ажилтай байхад амьдрал хүрэлцээтэй. Тийм байсан. Би сүүлд Намын дарга болчихоод байхад 900 цаасны цалинтай манай гэр бүлийн хүн эмч байсан 500 цаасны цалинтай нийлээд мянга гаран цаасны цалинтай. Манайх 7 хүүхэдтэй айл л даа. Хэдэн хүүхэд сургуульд, бүр амьдралд хүрэлцээтэй. Илүү дутуу юм ер нь байдаггүй байлаа шүү дээ. Ажиллаа л сайн хийнэ. Амьдралд бол бүрэн хүрэлцээтэй байсан. Юмны үнэ маш хямдхан. Тампуу 1-р гурил 110 төгрөг, тампуу 2-р гурал 70 төгрөг.

Дэжид -

Тампуу /шуудай/ нь хэдэн хил байхав?

Доржжүгдэр -

70 хил. Сахар гэхэд 2 цаас 50 мөнгө. Шар будааны үнэ 80 мөнгө. Одоо тэгсэн юу вэ 2000 гаран байна шүү дээ. Тэгэхээр ер нь тэр үеийн мөнгөний үнэ их өндөр, юмны үнэ хямдхан, амьдрал их хүрэлцээтэй байсан. Одоогийн энэ зах зээлтэй харилцуулашгүй. Тийм л байсан даа. Зах зээлийн өнөө үед юмны үнэ жолоодлогогүй өсч байна ш дээ. Жолоодлого байхгүй, хязгаарлалт байхгүй хэцүү байна л даа.

Дэжид -

Тэр үеийн хүмүүс махныхаа асуудлыг өөрсдөө л бүрэн шийдчихдэг байсан байх даа?

Доржжүгдэр -

Шийднэ, бүрэн шийднэ. Өвөл борцоо хийгээд авчихна. Ер нь дээр үеийн хүмүүс зунд нь мах идэж байгаагүй, дан цагаан идээгээ л иднэ. Одоо сүүлийн үед суурьшсанаас хойш л зуны цагт мах идэж байна. Байнга мах идэж байна шүү дээ. Гэтэл нүүдлийн мал аж ахуйтай, тархай бутархай байх үед бол зун дан цагаан идээгээ л хэрэглэдэг. Зуны цагт мал иднэ гэсэн ойлголт намайг бага байхад л лав байгаагүй.

Дэжид -

Энэ их толгой малтай мал аж ахуйн орон гэхэд махны үнэ одоо хязгааргүй өсч байна ш дээ. Гадагшаа мах экспортолдог байсан бол, гаднаас мах импортлох болоод байна ш дээ. Хуучин мах комбинатууд чинь махаа өөрсдөө бэлтгэдэг, гадагшаа гаргадаг байлаа шүү дээ. Хуучин удмын зан заншилтай холбогдуулаад асуухад манай жинхэнэ малчин удамтай монгол хүний зан заншил хэр их өвлөгдөж ирсэн юм бол? Та ер нь юу гэж бодож байна. Таныг бага байхад ахмад хүмүүсийн зааж сургаж, ярьж хэлж байсан зүйл ямар янзтай байв?

Доржжүгдэр -

Малчин удам бол уг нь яг уламжлалаараа явагдаж байсан. Энэ нэгдэл болоод … 59 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөөд анхны нэгдэл нээгдэж байсан. Үүнд чинь нэг хэсэг нь хүчээр нэгдэж байсан. Нэг хэсэг нь саналаараа нэгдэлд орж байсан юм. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь богино хугацаанд хувьсгалт намын шийдвэрээр ажил хэрэг болж байсан юм. Нэгдэлд орсноор малчид хохироогүй. Нэгдэл бол маш их үр дүнтэй байсан. Тэр тухайн үед малын чанар их сайн байсан. Мал их сайн таргалдаг. Одоо сүүлийн үед манайх чинь 40 гаран сая малтай болчихлоо гээд байна ш дээ. Тэр үед малын чанар их сайн байсан.

Дэжид -

Тэр үед яагаад малын чанар сайн байсан юм бол?

Доржжүгдэр -

Тэр үед малыг учиргүй олон болгохыг хичээдэг байгаагүй. Төрийн бодолгоор явна. Мах комбинатат малаа тушаадаг байлаа. Өгөхдөө хурга хүртэл өгнө, төлөг, жаахан тарга тэвээрэг муу авдаг, төл муу өгдөг, таарууханыгаа шилж өгөөд сайн малаа авч үлддэг байлаа. Сүүлийн үед малын чанар яагаад муудсан гэхээр ямаа их гарсантай холбоотой. Улсын 40 гаруй сая малын чинь 17 сая нь ямаа байж байгаа ш дээ. Ямаа их өсөөд ирэхээр, ер нь ямааг чинь дээр үеэсээ манай малчин ардууд юу гэдэг байсан гэхээр сайн ч тал олон байна. Гэхдээ муу тал сүрэгт байхад их. Их шээрэг амьтан байхгүй юу. Хот их хөлдөөдөг. Өөрөө их хэврэг. Махны чанар нь бусад малдаа хүрдэггүй. Хүйтэн чанарын махтай гэж. Ингэж дээрээ үеэсээ малчид үздэг байлаа. Энэ ноолуурын үнэ өндөр байгаатай холбоотой ямааг ихээр өсгөж байна. Газрын ургацанд ч ямааг их хор нөлөөтэй гэдэг шүү дээ. Ямаа ерөөсөө бүх ургамлыг ёзоороор нь иддэг амьтан гэж үздэг. Сүүлийн үед мал олон болж байгаа боловч, малчин уламжлал алдагдлаа ш дээ одоо. Дээр үед манай аав ээжийг байх үед жоохондоо мал маллаж л байсан. Бэлчээрийг хувиартай ашигладаг. Өвөл нь аль нутгаа ашиглахав, зун нь хаанахаа эзэмшихэв, хавар нь хаанаа байхав, намар нь хаанаа байхав гэдгийг малчид өөрснөө өөрснөө зохицуулдаг байсан. Өвөлжөөндөө бууна, хаваржаандаа гарна, зусландаа зусна, намаржаандаа бууна гэдэг чинь тийм учиртай. Бүр нэг хоёр айлаараа биш, бүр сумаараа зохицож нүүдэг байсан. Одоо манай Булган сум гэхэд зун нь зусландаа гарахаараа Хэрлэн гол дээрээ хүрээд ирдэг байсан. Хавар таван сард ирнэ. Хавар их усалж байж малын усан бадайг авахуулна. Тарга хүч гэдэг чинь 9 сараас сууна шүү дээ. Тэрнээс өмнө тарга хүч авна гэж байхгүй. 9 сард ялаа шумуул байхгүй болоод, өвс ургамалын ургац гүйцээд ирнэ биз дээ. Хүйтрээд ирэхээр өвсний шим нь өвсөн дотроо ороод хатаж эхлэнэ. Яг тэр үедээ мал таргална. 9-11 сард. Энэ үед малчид аль л шимтэй сайхан газартаа малчид явдаг байлаа шүү дээ. Өвлийн бэлчээрийг маш их хадгалдаг байсан даа. Багадаа аав ээжийг харж байхад цаг гайгүй байхад зүүн баруун, урд талаа иднэ. Их хүйтрээд ирэхээр хойд талаа иднэ. Шуурга муурга шуурахад шуудхан яваад гэр өөдөө аваад ирэхэд амархан. Гэрийнхээ ойролцоо тэгэж бэлчээрээ хувиарлана. Өнөөдөр гарсан бэлчээрлүүгээ маргааш явахгүй. Дөрвөн зүг найман зовхис гэж ярьдаг даа манайхан. Тэр чинь найман тийш нь малаа бэлчээ гэсэн үг байхгүй юу. Ухаан нь өнөөдөр зүүн урагш малаа бэлчээсэн бол маргааш урагш нь, нөгөөдөр баруун урагш нь гэх мэтээр. Тэгэхээр 8 хоноод ирэхэд нөгөө өвс сэргэсэн байна. Тэгэж малчид чинь дээр үеэсээ малаа маллаж ирсэн уламжлалтай.

Дэжид -

Өөрөөр хэлбэл бэлчээрийг талахлахгүй байх гэсэн ухаан байх нь ээ дээ?

Доржжүгдэр -

Өө тэгэлгүй яахав. Нэг өдөр гарсан бэлчээрлүүгээ дандаа гараад байвал бэлчээрийг талахлана шүү дээ.

Дэжид -

Тэр үеийн байгальтайгаа зохицож амьдарч байсан байгалийн зохилдолгоо өнөөдөр хадгалагдаж үлдээгүй л байна даа, тийм ээ?

Доржжүгдэр -

Тэр уламжлал алдагдаж байна, тэгээд ч малын тоо ихэслээ, цаг агаарын байдал өөрчлөгдөж байна. Байгальтайгаа буруу харьцаад байгаа юм уу даа гэмээр байх юм.

Дэжид -

Таны бага байхаас их өөр болсон уу?

Доржжүгдэр -

Шал өөр болсон. Миний багад овоо ууландаа өглөө бүр монголчууд чинь цайныхаа дээжийг өргөдөг байлаа. Тэр үе чинь овоо уулыг шүтэж бишрэхийг нуудаг байсан үе. Овоон дээр гарлаа гэхэд өглөө эртээ харуй бүрийгээр очоод сангаа тавиад морио сэтэрлэчихээд ирдэг тийм л байлаа. Хориотой байсан. Сүүлд 90 оноос хойш ардчилал хөгжөөд чөлөөтэй болчихлоо. Одоо хүмүүс байгаль руугаа эргээд хандаж эхлэж байна даа. Ер нь байгалиа буруу эзэмшвэл болохгүй нь байна шүү гэдгийг ойлгож, тариа ногоо тарьсан ч нэг учиртай тарья, мод бут таръя гэдэг хөдөлгөөнүүд хаа сайгүй өрнөж эхэллээ дээ. Энэ бол их зөв зүйтэй. Юм дандаа нэг янзаар байхгүй шүү дээ. Нэг эргээд болиод эргээд давтагддаг тэр жамаар л явж байна даа. Бидний багад энэ гол ус чинь их устай байсан. Одоо манай Хэрлэн гол гэхэд зундаа тасарахад хүрээд байна. 66, 67 оны үед юмуудаа хойд урд хоёр өрөндөө хүрч байсан юм шүү дээ. Энэ хоёр чинь хоорондоо 4 км гаран өргөн ус байсан. Одоо гэтэл юу вэ Хэрлэн голыг чинь явган гаталдаг болчихоод байна. Тийм гол байгаагүй юм. Морьтой хүн ч гардаггүй тийм их устай гол байлаа. Одоо дуртай газраараа явган морьтой гарах болж дээ. Байгаль өөрчлөгдөнө гэдэг нь энэ юм даа.

Дэжид -

Одоо уул овооны нэр өөрчлөгдсөн үү?

Доржжүгдэр -

Уул овооны нэр бол өөрчлөгдөөгүй. Ер нь хуучнаараа л, дээр үеийн уламжлалаараа л яваад байгаа. Миний л мэдэхийн би чинь одоо 70-тай хүн гэхэд миний багад ямар байсан тэр нэрээрээ л байгаа.

Дэжид -

Та олон жил боловсролын байгууллагад ажилсан хүн. Тэр үеийн хүүхдүүдийг багш эцэг эхтэй яаж холбож байв, тэр үеийн хүүхдүүдийг яаж уриалан дуудаж, идэвхжүүлэн арга хэмжээ зохион байгуулж байв. Ямар компанит ажил зохиож байв?

Доржжүгдэр -

Намайг багшилж байх үед, ер нь намайг сурч байх үед пионерийн байгууллага гэж том байгууллага байлаа. Одоо хүүхдийн байгууллага нэртэй байна. Гэхдээ тэр үеийн бидний хийж байсан ажил, одоогийн ажил хоёр өөр л дөө. Одоо бол мэдээлэл хөгжчихсөн. Суурьшилын байдалд шилжчихсэн, төвлөрчихсөн үе шүү дээ. Бидний сурч байсан үед пионерийн байгууллага гэдэг маш идэвхтэй байгууллага байсан. Биднийг сурч байхад бүрээ, бөмбөр, мандолин гурав гол зэвсэг байлаа. Тэгээд бүрээгээ хангинуулаад, бөмбөрөө нижигнүүлээд айлуудаар явна шүү дээ. Тэгээд дуулна, бүжиглэнэ. Сумын төвд өвөл болохоор 30, 40 айл буучихна шүү дээ. Тэдний баруун юмуу зүүн захын айлд очоод дуу хөгжим болоход том жижиггүй бүгд л цуглана шүү дээ. Тэгээд сургуулиа сурталчилдаг. Тэгээд пионерийн байгууллага хүүхдийг их сурталчилдаг байсан юм. Одоо манай энэ хүүхэд сайхан дуулдаг ч гэдэг юм уу, энэ хүүхэд нь сайхан бүжиглэдэг ч гэдэг юм уу, онц сурдаг ч гэдэг юм уу. Тэр бие биед нь их нөлөө үзүүлдэг. Тухайлбал та бид хоёрын нэгийг нь магтаад байвал нөгөөх нь дотроо ер нь би энэ нь шиг сурч чадахгүй байхдаа яадаг юм гэх зэргээр нэг юм бодноо доо. Тэгээд бид нар чинь зохион байгуулалттай ажилд их оролцдог байсан. Тэр үед 4-р ангийн хүүхэд гэдэг чинь хонь хяргаж чадна. Ямаа сааж чадна.

Дэжид -

Хөдөлмөрийн хүмүүжил олгодог?

Доржжүгдэр -

Тэгэлгүй яахав, дан хөдөлмөрөөр. Хужир хамаж чадна, хот хороо хамаж чадна. Яг таарсан хөдөлмөрийг нь ингэж хүүхдүүдээр хийлгэдэг байсан байгаа юм.

Дэжид -

Зуны амралтаар хийлгэх үү?

Доржжүгдэр -

Зуны амралтаар ч хийнэ. Хавар, намар хийнэ. Өвөл амрахад бас тэрэгтэй яваад хужир шүүгээд аваад ирнэ шүү дээ. Өвөл хариад хот малтана. Одоо ч сүүлдээ малчид болчихсон юм байна даа. Саравч байхгүй учираас хотыг хөлдөөхгүй гээд дунд нь нүх ухчихдаг. Өглөө хонь гарангуут хүүхдүүд очоод бууцыг нь малтаад нөгөө нүхэндээ хийчихнэ. Энэ чинь өвлийн хүйтэнд дээд тал нь хөлдөөд, доод тал нь учиргүй халуун байна. Тэгээд орой хонь хотлохын алдад нөгөөхөө гаргаад хотондоо дэлгэчихнэ. Хонь ирээд хэвтэхэд хот нь дулаахан. Тийм л байлаа шүү дээ.

Дэжид -

Амьдралын ухаан гэж их өндөр байж дээ?

Доржжүгдэр -

Өө, их өндөр. Хүн чинь амьдрахын тулд ухаанаа их олж байна ш дээ. Нэгдэл байх үед ч тийм л байсан. Одоо сүүлийн үед тийм малчин байхгүй болж дээ.

Дэжид -

Нэгдэлд хүмүүс ер нь хэр идэвхтэй орж байсан юм бэ?

Доржжүгдэр -

Анхандаа нэг хэсэг нь их идэвхтэй оролцож байсан. Жоохон харзная гэсэн бодолтой хүмүүс ч их байсан. Нэгдэлд орсон хойноо улсууд их идэвхжсэн. Яагаад гэвэл мал нь төрөлжөөд, нэг чиглэлийн юм хардаг болчихгүй юу. Тархай бутархай байхад чинь нэг гэр бүлийн хоёр байлаа гэхэд авгай нь ч л тийшээ үхэртэй яваад, нөхөр нь ч л тийшээгээ адуундаа яваад хүн хүч хүрэлцэхгүй тийм л байхгүй юу. Нэгдэл болчихсоноос хойш хоньтой айл бол нөхөр нь хониндоо явлаа гэхэд авгай нь гэрийнхээ ажлыг амжуулаад байх жишээтэй. Их чөлөөтэй, юмаа амжуулаад байх бололцоотой болсон. Тэр талаасаа улсууд сүүл рүүгээ их дуртай болсон. Тэгээд нэгдэл чинь анх байгуулагдахдаа хөдөлмөр өдрийн хөлс гэж өгч байлаа. Ямар хувийн мал маллахад чинь хөлс гэж байхгүй ш дээ.

Дэжид -

Тэр нь ямар хэмжээний байсан бэ?

Доржжүгдэр -

Анхны өдөр янз бүр байсан даа. Тариа ногоо ч өгч л байсан, гурил будаа ч өгч л байсан, янз бүрийн л юм өгч байсан. Сүүлдээ мөнгөтэй болоод ирэхээр мөнгө өгдөг болсон. Тэгээд үнэлгээтэй болчихсон. 70-аад оны үеэр айлд дунджаар хөдөлмөр өдрийн хөлс гэж гурав дөрвөн зуугаад төгрөг авчихдаг байсан. Малынхаа тооноос шалтгаална. Хөдөлмөр өдрийн хөлс аваад ирэхтэй зэрэг тэр үеийн дөрөв таван зуун төгрөг чинь одоогийн дөрөв таван зуун мянгатай л тэнцэнэ. Тэрнээс илүү ч байж магадгүй. Тийм ханштай байлаа. Хөдөөний айл чинь яахав гэхээр нэг тампуу гурил, 10 жил шар, цагаан будаа аваад тавьчихна. Хөдөөгийнхний өргөн хэрэглээ нь тэр гурав шүү дээ. Тэгээд хүнсний ногоо байвал жаахан авчихна. Тэрэндээ үсрээд л зуу гаранг нь зарна биз дээ. Бусад нь тэгээд үлдэнэ. Түүгээрээ хувцас хунараа авна. Мал худалдаж авах нь авна. Зарах нь зарна. Амьдрал ахуй хүрэлцээтэй л байсан даа.

Дэжид -

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаа ямар байсан юм, эрэгтэй хүн илүү албан тушаалд томилогдох ч гэдэг юм уу, давуу тал байсан уу?

Доржжүгдэр -

Миний үед тийм давуу тал гэх юм байгаагүй. Шалгуур өндөртэй. Эмэгтэй хүн чиг л албан тушаалд дэвшдэг л байсан. Олон шалгууруудыг давж л гарч байж албан тушаалд дэвшинэ. Гэхдээ одоогийнх шиг би дарга хийе гэдэг хүн байхгүй. Дандаа томилогдож хүчээр тавигддаг байсан юм ш дээ. Багш байж байхад аваачаад захиралаар тавих, багш байхад аваачаад эвлэлийн хорооны даргаар тавих гээд л дандаа л хүчээр тавьж байсан. Сургуулийн захирал байж байгаад л намын даргаар тавигдаж байсан. Тэгэж дур хүсэл асуухгүй.

Дэжид -

Тэр үед төрөөс эмэгтэйчүүдийн талаар ямар бодлого тавигдаж байсан бэ?

Доржжүгдэр -

Эмэгтэйчүүдийн байгууллага гээд их сайн ажилладаг байгууллага байсан юм шүү. Хөдөө суманд сургуулийн багш юм уу, хүний их эмч хариуцана. Эмэгтэйчүүдийн байгууллага их идэвхтэй ажилладаг. Олон нийтийн ажилд оролцдог байлаа. Ер нь тэр үед хэдхэн байгууллагал гол байлаа ш дээ. Эмэгтэйчүүдийн байгууллага, залуучуудын эвлэлийн байгууллага, хүүхдийн байгууллага нь пионерийн байгууллага, үйлдвэрчний байгууллага. Энэ дөрвөн байгууллага бүх юмыг нугалж байсан байхгүй юу. Эмэгтэйчүүдийн ажлыг эмэгтэйчүүдийн байгууллага нь, залуучуудын ажлыг залуучуудын байгууллага нь, хүүхдийн дунд зохиогдох ажлыг хүүхдийн байгууллага нь хариуцчихдаг. Энэ их зөв систем явж байсан. Тухайн үед тэр дөрвөн байгууллага хариуцдаг байсан учраас тэр дөрвөн байгууллагын сонгуультан их эрх мэдэлтэй байсан. Би САА-н эвлэлийн хороон дарга байсан. САА-н эвлэлийн хороон дарга гэдэг бол ерөөсөө САА-г даргын дараа л эрх мэдэлтэй. Тийм л байсан. Намайг Хэрлэнгийн САА-н эвлэлийн хороон дарга байхад за нэг залуучуудын хадлангийн бригад гарганаа гэхэд л би биеэ даагаад л гаргана. 20 залуу гарна уу, 10 залуу гарна уу, тийм тийм машин, троктартай гарнаа гэхэд л САА тэрийг л гаргаж өгнө. Тийм гэр өг, тийм хоол өг гэхэд яг тэгээд л явна. Ухаан нь аж ахуйн ажлыг ч хийсэн биеэ даасан тийм л хэмжээнд байсан. Сумын дөрвөн дарга гээд эвлэл, үйлдвэрчин, нам, захиргааны дөрвөн дарга л байна. Тэр дөрвөн даргын хэлсэн үг бол хууль. Тэр үеийн залуучуудад бол эвлэлийн даргын хэлсэн үг бол хууль.

Дэжид -

Нийгмийн томоохон хөдөлгөх хүч болж байж дээ?

Доржжүгдэр -

Үнэхээр томоохон хөдөлгөх хүч байсан. Одоо чинь зах зээлийн үед шилжлээ. Их олон хууль л батлаад байна ш дээ. Тэгээд амьдралд хэрэгждэг ч юм байхгүй. Бидний үед чинь Үндсэн хууль, Гэр бүлийн хууль, Ойн хууль, Хөдөлмөрийн хууль гээд хэдхэн хуультай. Сонин гэхэд ерөөсөө 5 сонин л байсан юм. Үнэн сонин, Хөдөлмөр сонин, Залуучуудын сонин, Пионерийн үнэн сонин гээд л хэдхэн сонин байсан.

Дэжид -

Танаас зайлшгүй асуух хоёр асуулт байна. Таны амьдралд ямар нэгэн байдлаар гүн гүнзгий нөлөөлсөн зүйл байгаа юу? Хэрвээ тийм үйл явдал байгаа бол тэр нь юу вэ?

Доржжүгдэр -

Гүнзгий амьдралд нөлөөлсөн явдал гэж байхгүй дээ. Жирийн л монголын нэг сэхээтэн ямаршуу амьдралтай явсан, ямар замыг туулсан тэр л жишгээр явсан хүн л дээ. Тэрнээс биш санаа сэтгэлд нөлөөлсөн ч юм уу, бусдаас ялгарах зүйл байсангүй. Эх орондоо хөдөлмөрлөдөг жирийн хүний жишгээр яваад хөдөлмөрөө үнэлүүлээд ингээд л явж ирсэн.

Дэжид -

Таны амьдралд бусдаас ер бусын онцгой гэх зүйл байна уу?

Доржжүгдэр -

Онцгой гэх зүйл байхгүй дээ.

Дэжид -

Та хамт олныхоо тухай дурсахгүй юу? Тэр үед яаж ажиллаж байв? Чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байв? Багш болоод эвлэлийн ажил хийж байхдаа та нийтийг хамарсан ямар зохион байгуулалтын ажил хийж байсан бэ? Та голцуу удирдах ажилтан хийж байсан хүн. Тэр үеийн энгийн ажилчин, удирдах ажилтан хоёрын хоорондын харьцаа ямар байсан юм? Ямар эрх мэдэлтэй байсан юм? Тэр талаар дэлгэрүүлж ярьж өгөөч.

Доржжүгдэр -

Миний ажиллаж байх үед хамт олны дундаас олон шалгуураар сонгож байж удирдах ажилд тавьдаг байсан л даа. Нэгэнт тэгж итгэл хүлээгээд гараад ирсэн хүний хувьд бодохтой зэрэг би ямар ч байсан энэ хамт олныг сайн ажиллуулах хэрэгтэй, сайн байлгах үүрэгтэй гэж л боддог байсан. Тэр үед алдаж, онолоо гэхэд хамт олон их түшиг болдог. Ер нь алдаа гаргачихвал захирлыг чинь шүүмжилж өгнө шүү дээ. Сайн байвал манай захирал та ийм зөв юм хийж байна, энэ чинь болохгүй байна гэж хамт олон хэлнэ.

Дэжид -

Өөрөөр хэлбэл их нээлттэй байдаг байсан уу?

Доржжүгдэр -

Нээлттэй байлгүй яахав. Хүнийхээ шүүмжлэлийг хүлээж аваад ажил хэрэг болгоод байвал хүн их хэлэх дуртай хэлнэ. Дүлий дүмбэ оргиод нэг санасан юмаа хэрэгжүүлэхгүй байвал нэг хоёр хэлээд тэгээд больчихдог. Энэ бол хүний хэлсэнийг биелүүлэхгүй амьтан байна гээд хаячихна. Хэдий сайн шүүмжлүүлээд, хэдий сайн тэрийг нь биелүүлж чадвал хамт олон төдий чинээ сайн болдог. Шүүмжилж байгаа хүн ч, шүүмжлүүлж байгаа хүн ч сайн болдог. Хүнийг шүүмжилчихсэн хүн чинь өөрөө дор байж болохгүй ш дээ. Миний ажиллаж байсан багш нар, хамт олон бол ухамсартай тийм л байсан. Би ч өөрөө бас хэлэх юмаа шуудхан хэлдэг байсан. Чамд ийм дутагдал байна шүү, чи одоо энийгээ засах хэрэгтэй гэж. Тэр уур амьсгал ажилчиддаа ч тэр, удирдлагадаа ч тэр хүрээлэх сайн тал өгдөг. Нөгөө талаар би хамт олныг удирдаж байхдаа амьдралыг нь их сайн судалдаг харж үздэг байсан. Гэр бүлийн хоёр багш байлаа гэхэд ар гэрт нь нэг хөгшин үлдлээ гэхэд хүүхдүүдийг нь ажилтай байхад ороод гарахад нэг юм ярьдаг л байхгүй юу. Амьдрал чинь ямар байна, хүүхдүүд чинь ямар байна, орой үдэш их сууж байна таньд ямар байна, хоол ундтай юу сураглахад гэрт үлдэж байгаа тэр хөгшин бол их баярлаж байдаг. Манай хүүгийн ажлын дарга нь ирлээ. Миний биеийг асуугаад надтай ингэж ярьж хөөрч байна гээд баярлана. Тэгээд дэмжлэг хүсээд хүрээд ирэх юм бол болж л өгвөл биелүүлэхийг бодож байсан. Удирдлагадаа итгэл өгсөн үедээ бол бүр болохгүй туйлдаа хүрсэн үедээ л ирдэг юм. Тэрнээс биш илүү дутуу хараад би нэг ингээд дэмжлэг авчихъя гэсэн хүн бол ирэхгүй. Хамт олон гэдэг бол тийм л байдаг юм. Тийм учраас хүний амьдрал руу илүү харж, амьдралыг нь сайн мэдэрч ажиллаж чадвал хамт олны итгэлийг сайн авдаг. Хүүхэд ч гэсэн тийм. Өнөөдөр нэг сахилгуйтсан хүүхдийг загначихаад маргааш нь нэг гүйж явахад нь толгойг нь илээд "өө, миний хүү чинь сайн байна шүү их сахилгатай болчихсон байна ш дээ" гэж хэлэхэд л хүүхэд урамшиж байдаг. Багш хүний сэтгэхүй их өөр байдаг юм даа. Жишээ нь та бид хоёр багш байлаа гэхэд та над ирээд танай ангийн тэр хүүхэд сурлага муу байна, сахилгуйтлаа гэд хэлэхэд би дотроо дуртай байхгүй. Ангийнхаа хүүхдийг муу хэлүүлэх би дургүй байдаг байхгүй юу. Тэгээд нөгөөдөхөө засарчихсан хойно нь их баярлаж явдаг. Хамт олон гэдэг бол хүнийг хүмүүжүүлдэг, удирдлага гэдэг бас хамт олноо хүмүүжүүлдэг тийм л харьцаанд байвал их сайхан даа. Би олон хамт олонтой таарсан тэгэхэд над дандаа сайхан хамт олон тохиосонд их баярлаж явдаг. Хамт олон гэдэг бол их урам өгдөг, хүний ажлыг урагшлуулдаг тийм юм байгаа юм. Том хүн ч бай, хүүхэд ч бай зөв л харьцаж чадах юм бол хүмүүждэггүй хүн ч гэж байдаггүй, буруу боддог хүн ч гэж байдаггүй юм.

Дэжид -

Тэр үеийн удирдах хүн, энгийн ажилчин багшийн хоорондын харьцаа яаж илэрхийлэгддэг байсан бэ? ялгаа байсан уу?

Доржжүгдэр -

Ялгаа ер нь бараг байхгүй. Ерөөсөө намайг ажиллаж байх үед тийм ялгаа байгаагүй. Багш нь ч байсан хэлэх гэсэн юмаа босч ирээд л хэлнэ шүү дээ. Захирал ч хэлэх гэснээ хэлнэ. Бие биендээ адилхан л хяналт тавьдагаараа тавина. Тэрнээс биш манай захирал тийм байна гээд цаагуур нь муулаад явдаг хүн бол надад таараагүй. Хамт олонтойгоо үнэхээр сайхан харьцаж чадаад, бие биенээ ойлгож чадах юм бол хүн гэдэг чинь хүнийг цаагуураа муу хэлээд явдаггүй юм. Хамт олонтойгоо сайхан харьцаж чадахгүй, эвийг нь олж чаддаггүй хүнийг бол наад талд нь нүүрэн дээр нь долигноод, цаад талд нь муу хэлээд явдаг. Тухайн хүнийхээ харьцаанаас л шалтгаална.

Дэжид -

Тэр үед хамт олныг идэвхжүүлэх ямар ажил зохион байгуулж байсан бэ?

Доржжүгдэр -

Янз бүрийн л ажлууд байна даа. Ер нь хүн чинь олныхоо дунд орж байж сайхан хүмүүжил авдаг. Зохион байгуулалттай хөдөлмөрт маш их дуртай байдаг. Хүүхэд ч тэр, том хүн ч тэр. Нэгдэл, САА, суманд ажиллаж байлаа. Зохион байгуулаад адуу дэлий нь хөөвөрлөнө ч гэдэг юм уу, худаг гаргана, хадлан бордоо авна ч гэдэг юм уу, хашаа хороо барина гээд бөөнөөрөө яваад ажиллахад маш их дуртай байдаг. Нөгөө талаар энэ урлаг спорт гэдэг юм чинь хүнийг их ойртуулдаг. Урлагийн их олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг байлаа. Багш нарынхаа дунд, хүүхдүүдийнхээ дунд янз бүрийн тэмцээнүүд зохионо. Жижиг гэлтгүй нэг өдөр дууны баяр, нэг өдөр шүлгийн баяр ч гэдэг юм уу сар сардаа төлөвлөгөөгөөр явдаг байсан. Тэрэнд хүмүүс маш их идэвхтэй, бие биеэ дайчилж их оролцдог байсан. Тэгээд хүний ажлыг их сайн дүгнэдэг байх хэрэгтэй. Шалгууруудаа ил тод. Энэ сард ийм юмаар та нарын ажлыг дүгнэнэ. Энэ сард 1-4 ангиудын дунд захирлын нэрэмжит монгол бичгийн тэмцээн болно, хүүхдүүдээ бэлдээрэй гэх жишээтэй. Тэгээд удирдамж гаргаад өгчихнө. Хэний хүүхэд олон сайн оноо авна тэрүүгээрээ багшийн оноог өгнө. Тэгээд дүгнэсэн бүхнээ нэг дүгнээд л хаячихаж болохгүй. Энэ жил манай сургуулийн хэмжээнд 16 ажил захирлын зүгээс зохион байгуулсан. Үүнд Дорж гэдэг багш 10 үзүүлэлтээр тэргүүлсэн байна, Дулмаа гэдэг багш 9 үзүүлэлтээр хоёрт орсон байна гээд байр эзлүүлээд дүгнээд өгдөг. Тэгж ажил дүгнэх ажил урагшилахад их том хөшүүрэг болдог. Тэгээд алдаагүй хүн гэж байдаггүй ш дээ. Бас алдаж онох, зарим үед дутагдал гарах юм байна. Тэрнийг бол байнгын л муулаад, яншаад байж болохгүй. Нэг удаа сануулж хэлээд, нэг удаа дутагдалыг нь ойлгож өгөөд орхиход л болдог. Тиймэрхүү л арга барилаар ажиллаж байсан даа. Бидний үеийн захирлууд ер нь тийм. Бид чинь хоорондоо цуглаад бие биенээсээ асуудаг, санаа оноо авдаг, өөрийнхөө ажил амьдралд хэрэгжүүлдэг байлаа. Туршлага гэдэг чинь тэгж л явна шүү дээ. Тэгээд нийтээрээ яваад үзвэр үзэх энэ тэр чинь их сайхан шүү дээ. Бидний үед чинь одоогийнх шиг ингээд баар, саванд очоод суучихгүй шүү дээ. Ийм юмыг бид сонирхдоггүй, байгаа ч үгүй. Дандаа л хөдөлмөрийн төлөө л байсан. Ер нь аль ч газарт дандаа хөдөлмөрөөр нь алдаршуулдаг байсан. Улс эх орныхоо төлөө хөдөлмөрлөж, бүтээгээд тэрнийгээ үнэлүүлээд байна гэдэг чинь тэрнээсээ урам зориг аваад тэгээд яваад байдаг юм.

Дэжид -

Тэр үеийн энэ олон уралдаан тэмцээн, ажил хөдөлмөрт оролцоод ямар цалин урамшуулал авдаг байв? Тийм юм байх уу?

Доржжүгдэр -

Юу ч байхгүй.

Дэжид -

Илүү цагийн цалин хөлс гэж байх уу?

Доржжүгдэр -

Тийм юм бол байхгүй. Үндсэн цалингаа л авна. Сургуулиас зохиож байгаа тэмцээн уралдаан байр эзлэх юм бол жаахан жаахан шагнал урамшуулал өгнө. Тэр үед баярын бичиг, сайшаалын үнэмлэх гэдэг чинь их том шагнал. Ерөөсөө тэр үед моралын шагнал л маш их өгдөг байсан. Тэрийг чинь бүр дэвхийтэл хадгалчихсан байдаг ш дээ. Миний ч гэсэн төр засаг, түмэн олноос авсан юмнууд одоо ч над хавтастайгаа байж л байна. Тэгээд яахав мөнгөн урамшуулал өгвөл 5 төг, 10 төгрөгийн урамшуулал өгнө. Одоо хэлэхэд ичмээр л дээ. Гэхдээ тэр үедээ том шагнал. 10 төгрөг шагналд өгөх юм бол одоогийн 100 мянгыг авсан юм шиг л болно.

Дэжид -

Тэр үед гадаадад зорчих асуудал хэр дэлгэрмэл байсан бэ? Ер нь байсан уу?

Доржжүгдэр -

Би эвлэлийн ажилтан болсон хойноо л гадаадад явж байсан. Тэрнээс өмнө зүгээр эвлэлийн гишүүн хүн ч юм уу, багш нар бол үнэхээр хөдөлмөрөөрөө аймагтаа сайнаараа онцгойрч гарч ирж байж л явна ш дээ. Тэрнээс биш одоогийнх шиг паспорт аваад маргааш явна гэдэг юм бол байгаагүй. Үнэхээр сайн ажилласан хүн л явна. Гэхдээ тэрийг олон шалгуураар шалгаж байж, боловсролын саналаа гаргаж байж, аймгийн намын хороо тэрийг нь үзэж байж баталж явуулна. Багш нар тэрийг нь үнэхээр энэ аргагүй ээ, аргагүй гэж хүлээн зөвшөөрнө. Тэгж олон түмний үнэлгээ авч байж явна шүү. Жилдээ хоёр гурван хүн л явдаг байсан. 1990 он хүртэл бол шалгуур их өндөр, шаардлага өндөртэй тийм л байсан. 1990 оноос хойш бол тэгээд хавтгайрч эхэлсэн дээ.

Дэжид -

Ардчилал анх танай нутагт яаж гарч байв? Та анхнаас нь дэмжиж байсан уу?

Доржжүгдэр -

Ардчилал яг гарч байхад би Намын үүрийн дарга байлаа. Матад сумын Намын үүрийн дарга байсан. Ардчилалыг анхнаасаа улсууд их дэмжиж байсан юм. Эхлээд жагсаал цуглаан хийгээд гарч ирэхэд нь хүмүүс их аятайхан дуртай, ер нь л зөв шүү гэсэн аястай байсан юм. Өлсгөлөн зарлахтай зэрэг улсууд их дургүйцсэн. Ам хэлээрээ яриад болдог юмыг заавал өлсөж байхдаа яадаг юм. Хөлдөж үхвэл яах юм хөлдчихвөл төр хөлдөөчихсөн болох юм уу, өөрөө хөлдчихсөн болох юм уу гээд ялангуяа хөдөөгийн малчид бол их дургүй байсан. Тэгээд сүүл сүүлдээ бол ардчилалыг хүмүүс нийтээрээ ойлгож дэмжсэн л дээ. Би ч яахав Намын дарга байсан ч дэмжээд үзэл бодлоо чөлөөтэй яриад явж байсан. Гэхдээ хаалттай л байсан л даа. Улсууд бол тэгж хамаагүй ярихаасаа айдаг байсан. Сүүлдээ бие биенээ ойлголцоод ирэхээр хүмүүс ч чөлөөтэй ярьдаг л болдог юм билээ л дээ.

Дэжид -

Ардчилалд эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай оролцож байсан болов уу?

Доржжүгдэр -

Үгүй ээ, тэгж байгаагүй. Ерөөсөө өөр өөрсдийнхөө үзэл бодлоор л явдаг байсан ш дээ. 1990 онд ардчилал гарч ирээд анхны сонгууль болоод 1992 онд хоёр дохь сонгууль нь болов уу даа. Тэгээд сүүл сүүлдээ ардчилалаа бол бүрэн ойлгоод ардчилалыг буруу явж байна гэж нэг хэсэг нь үздэг, зөв явж байна гэж нэг хэсэг нь үздэг энэ байдлаас л жаахан хоёр хэсэгт хуваагдаад байгаа юм. Нэлээд боловсролтой хүмүүс бол эхнээсээ аятайхан гарч ирээд зөв явсангүй дээ гэх хандлагыг нэлээд гаргах болсон. Тийм л ойлголтоор яваад байгаа юм л даа.

Дэжид -

Хувьчлал танай орон нутагт яаж явагдсан бэ? Та хувьчлалд оролцсон уу?

Доржжүгдэр -

1990 онд бидэнд бүгдэнд нь нэг хуудас тараасан юм ш дээ. Улаан ягаан тасалбар гээд. Тэгэхэд би Цагаан-Уул сумын Намын үүрийн дарга байсан юм. 1992 онд малчдад малыг нь хувьчилсан юм. Манай аав ээж Цагаан-Уул сумын нэгдэлд 486 мал нэгдэлд өгсөн айл байсан. Тэр үед чинь Ардчилал гэсэн нэг хэсэг, Хувьсгалт намаа дагсан нэг хэсэг гээд хоёр хэсэг болчихоод байлаа. Тэгээд хувьчлал явагдсан. Намын хурал, нэгдэлийн хурлаар их олон удаа хэлэлцэж байж хувьчлалыг хийсэн дээ. Тэгээд орон нутагт байгаа бүх хүндээ л малаа хуваасан. 10 гаруй мянган мал үлдээд хуучин нэгдлийнхээ суурин дээр нэг компани байгуулаад үлдээсэн. Цагаан-Уул суманд бол хувьчлал хэвийн л явагдсан.

Дэжид -

Танайх 400 гаруй мал нэгдэлд нийгэмчилж байсан айл гэхэд ямар хэмжээний мал авах вэ?

Доржжүгдэр -

Тэнд манай хоёр дүү байсан юм. Хоёр дүүгийн хүүхдүүд гээд 11 айл байсан. За тэгээд дээрээс нь би оччихсон байсан. Над бол мал өгөхгүй гэсэн. Намын дарга хамаагүй өгөхгүй ээ гэсэн. Тэгсэн манайхыг нэгдэлд ороход нэгдэлийн дарга байсан нэг өвгөн босч загнаад наадах чинь бол аав ээж нь малаа нийгэмчлээд манай нэгдэлд орсон, өөрөө ч энд ажиллаж байсан хүн. Яагаад та нар мал өгдөггүй юм гэж загнасан. Тэр үеийнх нь бичиг над байсан юм. Төдөн тэмээ, төдөн хонь гээд... Тэгээд надад 30 хонь, 1 унагатай гүү өгсөн. Манай дүү нарын хүүхдүүдэд яг л тийм хэмжээгээр оногдсон. 30 хонь, 1 унагатай гүү, 1 тугалтай үнээ. Тэгээд дүү нарынхаа хүүхдүүдтэй нийлээд 300 гаран мал авсаан. Ер нь тэгээд дандаа л үр хүүхдүүд нь л болдог юм билээ. Настайнууд нь нас барчихсан ч байдаг юм уу. Ер нь гомдол гаргаж байгаа юм бол гараагүй. Хувьчлал ... боллоо гээд тус тусдаа малаа аваад гарцгаасан. Цагаан-Уул сум тэр үедээ хамгийн их малтай нэгдэл байсан юм. 140 гаруй мянган малтай байсан юм уу даа. Хамгийн олон малтай таван нэгдэлийн нэг байсан юм. 1980 оны шуурганаар 25 мянган малаа алдаад эргэж нөхөгдөөд л байсан. Бусад суманд хувьчлал явагдсан, зарим сумд нь арван хэдэн мал оногдсон, аймгийн төвд ирчихсэн хүмүүс малгүй хоцорсон зэрэг юм бол зөндөө бий л дээ. Миний ажиллаж байсан тэр суманд хувьчлал боломжтой явагдлаа л гэж үздэг. Тэгээд яахав улсууд малтай болсон. Хамгийн харамсалтай нь нэгдэл гэж байхад байсан хашаанууд л бүгд байхгүй болсон. Даанч харамсалтай юм болсон. Нэгдэл гэж байхад 30 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй 1000 хонь багтдаг тийм сайхан хашаанууд байлаа ш дээ. Хажуудаа худагтай. Тэгээд хувьчлаад авчихаар чинь олон мал байхгүй болчихно биз дээ. Айл айл 100 гаран юм уу, 200-аад малтай болчихтой зэрэг хашаа нь томддог. Тэгээд хэдэн гэрээрээ хуваагаад авчихдаг.

Дэжид -

Өөрөөр хэлбэл нөгөө нийтээрээ байгуулсан сайхан байгууламжууд устаж дээ?

Доржжүгдэр -

Тэгсэн. Бүгд устсан.

Дэжид -

Аль нэг нь өмч хувьчлалаар давуу эрх эдэлсэн юм байх уу?

Доржжүгдэр -

Бүгдийг нь үнэгүй өгчихсөн юм чинь. Жишээ нь ах дүү 6 хүн 600-аад мал авлаа гэхэд та хэд тэр хашааг ав гээд заагаад өгчихсөн. Давуу эрх эдэлсэн юм бол байхгүй. Давуу эрх гэж байгаагүй. Нэгдэлдээ байсан нэгдэлийн гишүүн хүмүүст бүгдэнд нь л өгсөн. Харин гадна дотноос ирсэн, өөр аймаг сумаас ирээд ажил хийж байсан мэргэжлийн хүмүүс хоосон хоцорсон. Нэгдэлийн гишүүн биш л бол хоосон хоцорсон.

Дэжид -

Тэр үеийн намын дарга, албан хаагчид нэгдэлээсээ л цалин авна биз дээ?

Доржжүгдэр -

Үгүй, үгүй. Нэгдэлээс авахгүй. Улсын төсвөөс авна. Төрийн захиргааны ажилчид, багш, эмч нар зөв улсын төсөвт ажилчин гэж явна.

Дэжид -

нэгдэл өөрөө боловсон хүчин бэлтгэдэг байсан юм уу?

Доржжүгдэр -

Үгүй. Нэгдэлийн хөрөнгөөр боловсон хүчин бэлтгэнэ гэж байхгүй. Улсын зардлаар бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчинүүд ирээд нэгдэлд ажиллана. Нэгдэлийн дарга, нэгдлийн тоо бүртгэгч, бригадын дарга байдаг ч юм уу тэд нар нь бол нэгдэлээсээ л цалингаа аваад явна. Харин нэгдэлийн намын үүр гэж байхгүй ш дээ, сумын намын үүр гэж л байна. Тэд нь улсаасаа цалинжина. Нэгдэлд ирсэн мэргэжлийн боловсон хүчин жишээ нь аграномич гэхэд нэгдлээсээ л цалингаа аваад явна.

Дэжид -

Нэгдэлийн гишүүдийн нийгмийн асуудлыг хангасан нийтийн амралт, сувилал гэж байсан уу?

Доржжүгдэр -

Байсан, байсан. Манайх "Гүн цэн" гээд амралтын газартай байсан. Тэр нь компанидаа үлдсэн. Нэгдэл чинь анх тарахдаа нэг жижигхэн хэсэг үлдсэн юм ш дээ. Сум бүхэнд. Тэр нь цөөн тооны малтай, цөөн тооны айлтай, айлууд нь түрээсийн гэрээгээр ажилладаг. Тэгээд тэр үндсэн хөрөнгө болох байшин барилга, тэр амралт сувилал цөм тэр компаний зохион байгуулалтад орж тэндээ хэвээр үлдсэн юм. Одоо ч байна. Хуучин тэр кампаниас одоо манай аймагт хоёрхон л кампани байх шив дээ. Булган сумын "Туг" компани, Цагаан-Овоогийн "Галуут" компани хоёр л байна. Бусад нь тарчихсан. Тэр хоёр компани одоо хөл дээрээ босоод хуучин нэгдэлийнхээ суурийг аваад хэвээрээ явж байгаа.

Дэжид -

Өөр салбарт өмч хувьчлал яаж явагдсан гэж боддог вэ?

Доржжүгдэр -

Би боловсролын салбарт ажиллаж байсан хүн. Боловсролын салбарт бол хувьчлал гэж явагдаагүй юм. Цагаан-Уулаасаа аймгийн төвд орж ирээд сургуулийн захирал хийсэн. Өмч хувьчлал гэж юу байхав. Ерөөсөө хоосон хоцорсон нь төрийн захиргааны байгууллагын ажилтнууд, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байсан юм. Тэрнээс биш нэгдэл, САА-д ажиллаж байсан улсууд нь бол өмчтэй үлдсэн. САА-д ажиллаж байсан хүн бол ядаж нэг трактортой үлдсэн байхгүй юу. Төрийн байгууллагынхан л хоосон хоцорсон юм.

Дэжид -

За тэгвэл хувьчлал эрэгтэй эмэгтэй нэг их ялгаагүй л байсан юм байна тийм ээ?

Доржжүгдэр -

Ялгаа байгаагүй, хүүхэд хөгшид, эр эмгүй жигдхэн л оролцсон. Нэг гэр бүлийн 8 хүн байлаа гэхэд нэг хүнд хэдий юм оногдох вэ тэрүүгээрээ л болно. Өрхөөр нь биш хүнийх нь тоогоор өгсөн юм.

Дэжид -

Таныг ажиллаж амьдарч, сурч байх үед ер нь энэ мэргэжил гэдэг юмыг яаж сонгож байсан юм? Зааж зааварлаж байв уу? Та жишээлбэл багшийн мэргэжлийг өөрөө сонгож байв уу?

Доржжүгдэр -

Өөрөө л сонгосон. Тэр үед мэргэжлийг өөрөө л сонгодог байсан.

Дэжид -

Танд юу нөлөөлж та багшийн мэргэжилтэй больё гэж шийдсэн бэ?

Доржжүгдэр -

Аав маань хэлсэн юм. Манай ах лам гэж их номтой лам байсан юм. Манай хүүхдүүд дотор миний хүү л арай сурлагатай хүүхэд нь. Яваандаа багш юм уу, эмч л болоорой гэж аав минь хэлдэг байсан юм. Тэгээд би ч аавыгаа байхад багшийн мэргэжил сонгосон л доо. 7-р анги төгсөхөд Багшийн сургуулийн хоёр хуваарь ирдэг юм байна. /Багшийн техникумын/ Тэр үед чинь конкурс гэж авдаггүй байсан юм. Миний 7-р анги төгсөж байх үед, 1957 онд гэсэн үг. Багшийн техникум чинь сурлага сайтай хүүхдийг л авна гэдэг. Тэгсэн хаанаасаа ч ирсэн юм нэг хүн ирээд надаас жаахан юм асууж байгаад, багш болох сонирхолтой юу л гэж байна. Багш болно л гэсэн. Тэгсэн за өглөө л гэсэн. Тэгээд л багшийн сургуульд явсан юм.

Дэжид -

Төвөөс хүн ирж тэгж авдаг байж ээ?

Доржжүгдэр -

Төвөөс ч юм уу, манай багшийн сургуулиас ч юм уу тэр үедээ хүүхэд байсан болохоор тэрийг нь сайн мэдээгүй. Ямар ч л байсан манай сургуулийн багш л лав биш байсан.

Дэжид -

Тэр үед хүүхдүүдийг сурлагаар нь жагсаадаг байсан юм уу?

Доржжүгдэр -

Жагсаадаг ч байгаагүй ээ. Сурлагаар нь шилж байгаад л... багш нар бол 8-р ангид оруулах сонирхолтой л байсан. Саналыг нь асууж байгаа нь л тэр. Санал асуухтай нь зэрэг "би багш болно" гэж хэлнэ биз дээ. Тэгээд л би 7-р ангиасаа Багшийн техниккумд орчихсон юм.

Дэжид -

Анх таныг хотод орж байхад хот ямар санагдаж байв? Та түрүүн багахан байсан гэж хэлсэн. Юу нь сонин байв?

Доржжүгдэр -

Манай аймгийн төв чинь жоохоон байсан. Улаанбаатар чинь аймгийн төвтэй ярих юмгүй том байсан л даа. Одоогийнхтой нь харьцуулж багахан байсан гэж түрүүн хэлж байгаа юм. Тэгээд очиход их л олон хүнтэй, их олон машинтай, гоё гоё байшингуудтай газар л байна гэж анх бодогдож байсан. Тэгээд Багшийн техникум чинь одоо Багшийн дээдийн зүүн талынх шүү дээ. Намхан ягаан байшин. Бидний үед ягаан байсан юм. Одоо цагаан болчихсон байна лээ. Тэр байшин. Тэнд очиход чинь төв гудмаар яваад, хар замтай их л гоё санагдаж байсан.

Дэжид -

Тэр үед оюутнууд дотуур байранд байх уу? Таньдаг айлдаа байх уу?

Доржжүгдэр -

Айлд л байсан.

Дэжид -

Дотуур байр гэж ер нь тэр үед байсан уу?

Доржжүгдэр -

Дотуур байр гэж байгаагүй байх аа. Ердөө би л мэдэхгүй юм. Багшийн сургуулийн дотуур байр гэж ердөө дуулаагүй. Айлуудаар л очдог байсан. Би ч 2 жил л оюутан байсан даа.

Дэжид -

Тэр үед 85 төгрөг авдаг байсан гэж түрүүн хэлсэн. Оюутнуудад хүрэх үү?

Доржжүгдэр -

Цалин байхгүй юу. Элбэг хүрнэ.

Дэжид -

Оюутан болгон 85 төгрөг авах уу? Бас сурлагаараа сайн оюутан авах уу?

Доржжүгдэр -

Оюутан болгон авна. Сурлагаараа бас нэмэгдэлтэй. 15 төгрөгийн нэмэгдэлтэй.

Дэжид -

85 нь үндсэн цалин, 15 нь нэмэгдэл. Бараг 100 болгож авах нь байна ш дээ?

Доржжүгдэр -

Тэр үеийн 100 төгрөг гэдэг чинь учиргүй их мөнгө. Би тэр Дамдин гуайндаа 50 төгрөгөө өгчихдөг.

Дэжид -

Тэгээд тэр 50 төгрөгөндөө яахав?

Доржжүгдэр -

Үгүй яахав хоол ундаа авна. Дамдин гуай маань гэр бүлтэй хүн байхгүй юу. Тэд нар л хоол ундаа зохицуулна. Би бол номоо авна, хувцасаа өөрөө авна. Өөр юм байхгүй. Тэр үед одоо энэ костюм пиджак өмсдөггүй байлаа ш дээ. Монгол дээлтэйгээ, зүгээр л бакалтай л байсан л даа. Юмны үнэ хямдхан болохоор хүрдэг л байсан.

Дэжид -

Одоо та 100 төгрөгнийхөө 50-ийг нь өгчихөөд, 50-ийг нь өөртөө зарцуулахад хүрэх үү?

Доржжүгдэр -

Хүрнэ. Элбэг хүрнэ.

Дэжид -

тэр үед оюутан хүнд ямар үзвэр их чухал байв? Юу үздэг байв? Хамгийн анх та ямар кино үзэж таны ой тойнд бууж байв?

Доржжүгдэр -

Цагааны Цэгмэд гуайн тоглодог "Цогт хун тайж" анх гарч байсан. Хамгийн гоё кино чинь тэр л байлаа шүү дээ. Тэрнээс хойш л өөр кинонууд гарсан даа. Тэгээд "Морьтой ч болоосой" гардаг билүү дээ. Дараа нь "Толбот хивс". Тэд нарыг л үздэг байлаа.

Дэжид -

Кино л үзэх үү?

Доржжүгдэр -

Кино л их үзнэ дээ. Орос кинонууд үзнэ. Кино театрт л их очно доо. Одоо энэ олон шоу моу чинь тэр үед бол гарахгүй ш дээ. Багшийн техниккум дээр чинь үдэшлэг гэж нэг сайхан юм болно ш дээ. Анги ангиараа үдэшлэг хийдэг. Бас л тэгээд анги ангиараа их юм зохиодог байсан даа.

Дэжид -

Үдэшлэг гэдэг нь ямар арга хэмжээ зохион байгуулагддаг байсан юм бэ?

Доржжүгдэр -

Бүжиг байна, тэгээд тэндээр чинь дуулна, шүлэг хэлнэ, хөгжимдөнө. Янз бүрийн л юм болно шүү дээ. Алчуур хүртэл шиднэ шүү дээ. Тоглоом явуулна.

Дэжид -

Анги анги дааж зохион байгуулах уу? Сургуулиас зохион байгуулах уу?

Доржжүгдэр -

Анги анги зохион байгуулна. Янз бүрээр л хийнэ. Нэгдсэн журмаар сургуулиас ч л зохион байгуулна. Ангиуд ч зохион байгуулаад хийнэ. Тэр үед чинь 8, 9 бүлэг бай луу даа. Нэгдүгээр анги 4 бүлэг, 2-р анги 4 бүлэг, 3, 4-р анги гээд тэр чинь 10 гаран, бараг 20-иод анги байдаг байсан юм байна аа.

Дэжид -

Тэгээд газар газраас ирсэн хүүхдүүд тийм ээ?

Доржжүгдэр -

Тийм. Газар газраас ирсэн хүүхдүүд. Тэгээд хагас бүтэн сайн өдөр спортын ордонууд дээр очиж бөх үзнэ дээ. Энэ Баянмөнх бид нар чинь яг нэг үеийнхэн. Одоо энэ аварга Баянмөнх, Мөнхбат эд нар чинь. Мөнхбатын ах бид хоёр нэг ангийнх. Багшийн техникумын. Энэ Мөнхбат чинь Санхүүгийн техникумд байсан. Энэ аваргууд болсон том бөхчүүд чинь яг тэр үеийн улсууд л даа. Эднийг чинь дагаад явна шүү дээ. Тэгээд бөх үзнэ. Бөх үзээд бид нар чинь шагнал авна.

Дэжид -

Их л багаасаа биеэ дааж байж дээ, Та?

Доржжүгдэр -

Өө, ер нь тэр үеийн хүүхдүүд багаасаа биеэ дааж байсан. Ер нь л багаасаа биеэ даана.

Дэжид -

Өөрсдөө л тэгээд нэг машинд суугаад л сургуульдаа явчих уу?

Доржжүгдэр -

Явчихна. Тэгэхгүй одоо хэн хүргэх вэ дээ. Тэр үед чинь мал аж ахуй, ер нь хөдөөгийн хүүхдүүд чинь багаасаа бие даачихдаг байсан шиг байгаа юм, одоо бодоход. Эцэг эхээ дагуулаад сургуульд явж байсан удаа ер нь байхгүй шүү. Бид нар чинь шуудангийн машинд суугаад л өөрснөө очоод л тэгээд чиг чигээ олдог байсан ш дээ. Би нэг нутгийн ахыг дагаж явж байсан юм.

Дэжид -

Төвийн арван жил дотуур байртай байсан уу? Хол сумын хүүхдүүд дотуур байранд байсан уу?

Доржжүгдэр -

Байсан байсан. Тэр үед чинь Баян-Уулын 10 жил, энэ төвийн 10 жил хоёр л гол 10 жилийн сургууль нь байсан юм. Бусад нь тойргийн сургууль. Хойд талын сумдын хүүхдүүд Баян-Уулд очдог. Урд талын сумдын хүүхдүүд нь энэ төвийн 10 жилд ирдэг. Энэ хоёр арван жил л байлаа ш дээ.

Дэжид -

Тэр үеийн сургуулийн дотуур байрны зохион байгуулалт ямар байсан бэ?

Доржжүгдэр -

За даа, би тэрийг сайн мэдэхгүй юм. Дотуур байртай гэж л мэдэхээс би тэнд сууж байгаагүй.

Дэжид -

Таныг ажиллаж байх үед ч гэсэн сурагчдын дотуур байр гэж байхгүй байсан уу?

Доржжүгдэр -

Хөдөө сумандаа байхад бол дотуур байр байсан. Тэгээд яахав дээ хоёр өрөөтэй, 20 гаран хүүхдээс 10-аад эмэгтэй хүүхэд, 10 гаран эрэгтэй хүүхэд байсан даа. Эрэгтэй эмэгтэйгээрээ арван хэдүүлээ нэг өрөөнд байна. Манайхны нэг хөгшин хоол хийж өгдөг. Бид чинь аргал тушаана. Айл бүхэн 10 тэрэг аргал авчирч өгнө. Сургуулийн өвлийн түлш.

Дэжид -

Өө, за. Нэг сурагч тэгж бэлдэх үү?

Доржжүгдэр -

Нэг сурагч ухаан нь 10 тэрэг аргал авчирна.

Дэжид -

Тэрийгээ зундаа бэлдчих үү?

Доржжүгдэр -

Намар. Намар сургууль цуглахаар авчирч өгнө. Сургууль цуглангуут л авчираад буулгачихна. Ингээд далагнуулаад. 4-5 далан аргал асгачихна. Тэр сургуулийн өвлийн түлээ. Бид чинь ердийн зуухаар л сургуулиа халаана ш дээ. Тэр үед чинь уурын зуух муух гэж байх биш дээ ердийн зуухаар л халаана. За тэгээд хоол өгнө. Хоолныхоо махыг авчирна. Гурил будаа гэж авдаг байсан үгүйг мэддэггүй юм. Ах бид хоёр л лав 2 жил байранд суусан юм. Тэгэхэд манай аав 20 тэрэг аргал авчирч өгч байсан. Тэгээд за нэг үхрийн тал мах авчирсан болов уу. Тэгээд жаахан адууны мах авчирч байсан юм. Бид нар тэгээд сургууль ямар хоол өгнө тэрнийгээ идчихээд л байж байна. Тийм л байсан. Намайг бага сургуульд байхад чинь харин ном байхгүй дээ. Ном их ховор. Манай анги 17-18 хүүхэдтэй. За 2 ном юм уу, 3 ном л байна. Тэгээд тэрүүгээрээ л үзнэ шүү дээ.

Дэжид -

Ээлжилж тавьж үзэх үү?

Доржжүгдэр -

Ээлжилж үзнэ. Тэгээд тэр үеийн манай багш одоо бодоход их няхуур хүн байсан байгаа юм. Бидэнд чинь тэгээд тэр 3 номоор л бүгдийг сургаж л байсан даа. Сайн л сургадаг байсан. Багш их уйгагүй ажилладаг байсан байна аа. Одоо бодоход. Одоо чинь энэ сургуулийн багш нар бага анги нь бол өглөө ирээд 4 цаг хичээл заачихаад, дунд ангийн багш нар бол 6 цагийн хичээл л зааж байна ш дээ. Тэгээд нэг хэсэг завсарлаж байгаад сургууль дээгүүрээ ажилтай бол нэг ирдэг тэгээд л тарчихаж байна ш дээ. Тэгэхэд хөдөөний бага сургуулийн багш бол 4 цагийн хичээлээ хийчихээд тарчихаад бодвол нэг цай майгаа уучихаад ирдэг байсан юм байгаа биз дээ. Үдээс хойшжингоо л бид нартай чинь л байж байдаг байсан.

Дэжид -

Дотуур байранд гэсэн үг үү?

Доржжүгдэр -

Тийм. Дотуур байранд. Бид нартай хамт л хичээл хийх нь хийгээд л бид нартай хамт тоглоно. Бидний тоглодог тоглоом чинь шагайгаар тоглоно. Тэгээд гадаа гарвал чулуу өрж тоглоно. Лото тоглоно гэж жижигхэн хар бөмбөг модоор цохиж, бараг л биен тамрын дасгал хийж байгаа юм даа. Багш нар ер нь байнга л хүүхдүүдтэйгээ л хамт байсан даа. Одоо тэгээд эцэг эх нь хөдөө малтайгаа явчихдаг болоод тэр юм уу.

Дэжид -

Тэр үеийн багш нар эцэг эхчүүдтэйгээ яаж ажилладаг байсан юм болоо?

Доржжүгдэр -

Хүүхдүүдтэйгээ л ажиллана. Би зүгээр багш болсоноос хойш бол эцэг эхтэйгээ ажиллалгүй яахав. Намайг багш болоход чинь бол бидний сурч байснаас шал өөр орчин болчихсон байсан. Сумын төвд айл олонтой болчихсон. Аймгийн төвд бол бүр олон айлтай. Тэгээд багш нар 14 хоногт 1 удаа заавал гэрээр нь орно.

Дэжид -

Хүүхэд нэг бүрийн үү?

Доржжүгдэр -

Хүүхэд нэг бүрийн. Хүүхэд нэг бүрийн гэрээр заавал орно. Өдөрт 1 юмуу 2 айлаар л орно гэсэн үг ш дээ. Гэрээр нь очно. Амьдрал ахуйг нь үзнэ. Хүүхдийнх нь сурлагыг нь хэлнэ. Хүүхэдтэйгээ ингэж ажилла гэж эцэг эхэд нь зөвлөгөө өгнө. Тэгээд бидний үед чинь эцэг эхийн дугуйлан гэж байсан юм. Одоо сурган хүмүүжүүлэх хичээл заадаг байлаа ш дээ.

Дэжид -

Эцэг эхэд нь үү?

Доржжүгдэр -

Эцэг эхдээ. Тэр нь сард 2 удаа багш нар заана. Хүүхэдтэй ингэж ажиллах ёстой. Цаг үе ийм болж байна. Мэдээлэл ингэж хөгжиж байна. Мэдээлэл ингэж авах ёстой гээд л хүүхдийн хүмүүжлийн талын юмыг л ярьдаг байсан.

Дэжид -

Эцэг эхийн хамрах хүрээ хэр байсан бэ, тэр үед? Эцэг эхүүд идэвхтэй ирэх үү?

Доржжүгдэр -

Идэвхтэй ирнэ. Одоо сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдээ зүгээр л сургуульд даатгачихдаг болж байна. Бидний үед чинь бол тийм байгаагүй. Бид нарын үед эцэг эхтэйгээ байнга очиж уулзаж багш нь явдаг учраас эцэг эх өөрийн эрхгүй ирдэг болдог. Багшийг дандаа гүйлгээд байхгүй харилцан хариуцлага хүлээх ёстой. Та үр хүүхдийнхээ төлөө явах ёстой, би таны хүүхдийн төлөө явах ёстой гээд хоёр талаасаа байнга явдаг байсан. Одоо үед бол тийм холбоо жаахан муу л болж байна л даа. Тэрнээс биш тэр үед бол эцэг эхтэйгээ их холбогддог, эцэг эхчүүд ч их уулздаг тийм л байсан даа.

Дэжид -

Хүүхдүүдийг сайн байлгах, тэргүүний эцэг эхчүүдийг урамшуулах ямар урамшууллын хэлбэр байсан бэ? Самбарт тавьдаг юм уу?

Доржжүгдэр -

Тэрийг бол ангийн багш л зохион байгуулна. Ангийн багш л хариуцна. Багш нар эцэг эхийн хурал гэж улирал тутам хийнэ. Тэрийг чинь бүр боловсролын хуулиар заачихсан байна. Улирал тутам хурал хийхдээ тэр эцэг эх сайн уулзлаа, тэр хүүхэд тэглээ ингэлээ гэдгээ тэр хурал дээрээ хэлж ярина. Тэгээд бас тэр чинь хүүхэд нь шаарддаг болдог. Нэг хүүхдийн эцэг эхийг сайн гээд магтахад, эцэг эхийнх нь тухай яриагүй хүүхэд чинь очиж тэдний аав ээжийг сайн гээд магтчихлаа та одоо ингээд хурал зөвлөгөөнд нь очихгүй таслаад таны нэр гарсангүй гэж аав ээжийгээ очиж шахдаг. Тэгж л байвал эцэг эх, багш, сургуулийн харилцаа холбоо сайжирна. Тиймэрхүү юмыг бид нар бас ярьдаг, хэлдэг ийм л байсан даа.

Дэжид -

За тэгвэл тэр үед ерөнхийдөө хөдөөгийн хүүхдийн бага нас, хүүхэд багачуудын амьдралд ямар хүндрэл бэрхшээл байсан юм? Тэр үед боловсролын системийг төр яаж удирдаж байсан юм гээд бид хоёр нэлээд олон асуудлаар ярьлаа. Тэр үеийн сүсэг бишрэл ямар байсан бэ? Хүүхдүүдэд нөлөөлж байсан уу? Таныг бага байхад шашин шүтэх асуудал ямар байсан юм? Ажил хийх явцад яаж өөрчлөгдсөн бэ?

Доржжүгдэр -

Манай аав бол ёстой төрийн хар хүн байсан. Төрийн хар хүн чинь ар дээрээ тав гэзэгтэй байсан юм. Манай аав чинь ар дээрээ тав гэзэгтэй уртаа гэзэг унжуулаад явдаг байсан. Сүшиг бишрэлийн хувьд бид бол ерөөсөө бурхан шашин шүтэж байгаагүй. Тэгэхдээ жилдээ 2 удаа уул овоон дээрээ гардаг байсан. Одоо миний төрсөн нутгийн уул овоо. Одоо ч би очиж гардаг. Ээж бол цайныхаа дээжийг өглөө бүр өргөдөг. Шинэ цай л чанавал өргөдөг шүү дээ. Хөдөөгийн малчид бол. Ер нь тийм л хэмжээний сүсэг бишрэлтэй айл байсан, манайх. Бурхан шүтээн гэж бол манайд ерөөсөө байгаагүй. Нэг тулга л байсан. Хойноо тулгаа тавьчихдаг. Тэгээд тэндээрээ цагаан сараар юм тавьдаг тийм тулга л байнга байж байдаг. Галлах цагтаа галладаг. Ажил хийж байх үед бол, миний яг тэр намын ажил, багшийн ажил хийж байх үед бол сүшиг бишрэл хаалттай байсан. Уул овоо тахих, мөргөх чинь хүнээс нууц л хийдэг байсан тийм үе. Би 1986 онд Матад сумын намын даргаар очсон юм. Сүсэгтэй байна, боль барь гэж нэг их хорьдоггүй байсан. Гэхдээ тэр ер нь юутай ч холбоотой байсан юм тэр хэлмэгдүүлэлттэй ч холбоотой байсан юм уу улс амьтан ер нь л их айдаг байсан. 1988 онд юм уу даа намрын нэг өглөө Халх гол сум орох гэж яваад Буян-Өндөрийн овоо гэж одоо энэ газрын тосны тэнд нэг уул байдаг юм л даа. Тэгээд жолоочтойгоо хоёулаа уулан дээр яваад гараад ирсэн бүтэн хонины мах тавиатай байсан. Бүтэн хонины мах дөнгөж тавиад л явсан байсан. Тэр чинь 9 сарын дундуур л байсан болов уу. Бүтэн хонины мах, цагаан идээ тавьчихсан, сан нь уугиж байсан. Тэгээд хүн байгаагүй. Тэгэхээр тэр их л өглөө эрт ирж тэр уулыг тахьдаг байна л даа. Нутгийн улсууд.

Дэжид -

Аа, бүр тэгж хонины мах хүртэл тавьж тахьдаг байсан юм уу?

Доржжүгдэр -

Тийм л ёстой л байж л дээ. Тэгж уул овоо тахьдаг дээр үеийн уламжлал, ёс л байж л дээ. Тэгээд яахав би өөрөө сүсэг бишрэлгүй хүн чинь махнаас нь идчихээд, цагаан идээнээс нь идчихээд л яваад өгсөн. Над муу л юм болоогүй дэг. Тэр яахав байгалиа шүтэж, овоо уулаа шүтэж, ард түмэн байгаль ээжээ их л хүндэлж байдагийн нэг илрэл л дээ. Тэрнээс биш тэр уулыг шүтлээ гээд ч нэг их шүтлэгтэй болчих нь юу юм. Бишрэлтэй болчихлоо ч гэж үзэх нь юу юм.

Дэжид -

Ер нь байгаль дэлхийгээ хайрлах тийм үзэл сайн байж тийм ээ?

Доржжүгдэр -

Тийм. Ер нь ач холбогдолтой.

Дэжид -

Голын усанд бохир юм хийж болохгүй. Уул мод хяргаж болохгүй гээд л их олон зан үйлийг багаас нь сургаж байсан уламжлал байдаг тийм ээ?

Доржжүгдэр -

Тэр байтугай биднийг чинь мод чулуу хөдөлгөж болохгүй гэдэг байлаа ш дээ. Бага байхад аав ээж... Газарт гадас шааж орхиж болохгүй, мод чулуу газарт хатгаж орхиж болохгүй гэж сургадаг байсан. Хөдөөний малчин айл чинь морио аргамждаг ш дээ. Тэгээд аргамжааныхаа гадсыг заавал авна. Тэгээд нүхийг нь заавал шороогоор булж бай гэж аав ээж бидний багад сургадаг байсан. Тэр чинь бол байгалиа хамгаалж байгаа ардын уламжлалт ухаан л байхгүй юу. Тэрнээс биш нэг их сүсэг бишрэлтэйдээ, айж эмээсэндээ ч биш шүү дээ. Тэр уулан дээрээ мах шөл, цагаан идээгээ аваачиж тавиад, сан тавиад орхино гэдэг чинь байгалиа хүндэлж байгаа хэрэг. Тэгээд ганц өөртөө ч биш бороо хур орвол өргөн түмэндээ л хэрэгтэй болно ш дээ. Тэр талаас нь л монгол ухаанаар боддог л байсан юм байна гэж ойлгодог.

Дэжид -

За ингээд Кембрижийн их сургуулиас явагдаж байгаа 20-р зууны Монголын аман түүхийн төсөлд өөрийнхөө материалыг нэмэрлэж тодорхой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Хийж байгаа ажилд чинь амжилт хүсье. Монгол зан үйл, монгол ухааныг эзэмшиж өдий хүртэл хүн ардынхаа төлөө, ялангуяа боловсролын системийн төлөө ихээхэн ажил хийсэн одоо ч гэсэн төрийн байгууллагын ажил, олон нийтийн байгууллагын ажлыг идэвхтэй хийж байгаа таны эрч хүч улам баяжиж байх болтугай гэж ерөөе. Баярлалаа.

Доржжүгдэр -

За их баярлалаа. Танд их баярлалаа. Таны ажил үйлс амжилттай сайн байх болтугай. Энэ удаа бидний сэтгэгдэлийг авч байгаа энэ их сургууль маань Монгол зан заншлыг улам сайхан дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэж сайхан юм гаргана гэдэгт бат итгэж байна.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.