Adiya

Basic information
Interviewee ID: 990530
Name: Adiya
Parent's name: Zagd
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / Head of Seniors (ahmadyn darga)
Belief: Buddhist
Born in: Tüvshin Shiree sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
new technologies
cultural campaigns
education / cultural production
environment
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Та сайн байна уу?
Адъяа -
Сайн.
Дэжид -
Сайхан зусаж байна уу?
Адъяа -
Сайхан зусаж байна.
Дэжид -
Юуны өмнө Кембриджийн их сургуулийн Ази судлал антропологийн танхимаас явуулж байгаа Монголын 20-р зууны аман түүхийн төсөлд ярилцлага өгөхөөр бидний урилгыг хүлээн авсан таньд баярлалаа.
Адъяа -
Баярлалаа.
Дэжид -
Ярилцлага эхлэхээс өмнө таниас асууж тодруулах хоёр зүйл байна. Нэгдүгээрт та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Адъяа -
Байхгүй.
Дэжид -
Тодорхой хугацааны дараа арав, хорь ч юмуу хэдэн жилийн дараа түүх судлаачид, эрдэмтэд бид хоёрын ярилцлага, холбогдох баримтыг судалгааны материалдаа ашиглах, хэвлэлд ишлэл болгох зэргээр ашиглахыг Кембриджийн их сургуульд та олгож байна уу?
Адъяа -
Олгож байна.
Дэжид -
Хоёулаа таны бага нас, төрсөн нутаг ус, эцэг эхийн тань талаар яриагаа эхлэх үү?
Адъяа -
Сүхбаатар аймгийн Өлзийт сум гэж байсан. Тэр сум маань тараад Түвшинширээ сум, Мөнххайрхан сум гэж хоёр хуваагдсан. Намайг бага байхад манайх Түвшинширээ суманд харъяалагдаж байсан. Намайг бага байхад Зэгзсүрэн гэж байсан. Сүм хийдийн туурь байсан. Сүм хийдийн том барилга дотор сургууль, худалдаа бэлтгэлийн складтай сум байсан. Тэр складан дотор ороход нь сүмийн хуучин цагийн эрээн баганатай.
Дэжид -
Та хэдэн онд төрсөн бэ?
Адъяа -
1947 онд
Дэжид -
Тэр сүмийн туурь балгас хэдий хүртэл байсан бэ?
Адъяа -
Би найман настай бараг есөн настай сургуульд ороход байж байсан. Бас урд талд сүмийн туурь байсан. Тэрний хоёр талд чулуугаар сийлсэн цагаан, ногоон хоёр Дарь-Эх байсан. Ээж, аав түүн дээр алхаж, гишгэж болохгүй гэж захьдаг байсан болохоор идэж уух юмнаасааа тавиад, хажууд нь тоглодог, хажуугаар нь сургуульдаа явдаг байсан. Сүүлд устаад, ногоон Дарь-Эхийг нь одоогийн сүм дээр тавьсан байна лээ.
Дэжид -
Том сүм хийдтэй сум байсан юм уу?
Адъяа -
Тийм.
Дэжид -
Ямар нэртэй сүм байсан бэ?
Адъяа -
“Наплин” сүм байсан болов уу гэж санаж байна.
Дэжид -
Тg есөн настай сургуульд орсон уу?
Адъяа -
Тэрнээс өмнө би хөгшин ээж дээрээ байсан. Манай ээжийн ээж айхтар юм ярихгүй. Бид нараас нууж хүнээр мэргэлүүлдэг байсан. Бид нар хаалганы завсраар хархад мэргэлүүлж байдаг. Өөрийнх нь нөхөр хэлмэгдүүлсэн хүн юм гэсэн. Ээжийн маань том охин сүүлд ярьж байсан. Цагаан-Усны хийдэд жасын нярав байсан юм байна лээ.Тэгээд их ял аваад явчихсан юм гээд. Тэрийг бол би мэдэхгүй л дээ. Тэр хөгшин ээж тэгээд юу ч ярихгүй. Яривал хүүхдэд алдаа болно гэдэг юм байлгүй. Тэр үеийн нутгийн өвгөчүүдийнд очно. Хойноос нь дагахаар хойноос дагах гэлээ гээд загнана. Ээжийн аав ямар хүн байсан юм бэ? гэхээр хэлэхгүй. Бид нар сониуч зан хөдлөөд асуухаар хэлдэггүй байсан. Сүүлд нутгийн өвгөчүүдээс дуулхад сүм хийдийн жасын нярав хүн байсан гэсэн.
Дэжид -
Тэгээд эргэж ирээгүй юм байна.
Адъяа -
Эргэж ирээгүй. Хойноос нь хөгшин эх маань нэг явсан. Тэгээд байхгүй гэж сонссон юм байлгүй эргэж яваагүй. Хөгшин ээж маань цөөн хэдэн малтай. Гэхдээ зуу гаран малтай байсан. Нөхрийг нь хэлмэгдэхэд малыг нь авсан гэсэн. Бид ч гэсэн олигтой сураг ажиг тавьж чадаагүй. Хөгшин ээж минь ганцаараа байсан болохоор би айлын том болохоор очиж тусладаг. Хэдэн малтай тэрийгээ хариулаад, бурхан тахилаа юмаар бүтээгээд, орой болохоор зул өргөөд, бурхандаа мөргөөд, бид нар түүнийг нь дагаж мөргөөд, хааяа бидэнд тарни зааж өгнө. Хаяа нэг сумын төв дээр ирнэ. Манай аав агент байсан.
Дэжид -
Агент гэдэг хүн юу хийх үү?
Адъяа -
Агент гэдэг хүн чинь сумын худалдаа бэлтгэлийн агуулахаас тэмээн тэргэн дээр гурил, будаа, чихэр боов, бараа таваар, даалимба, цай торго тавиад айлуудаар тойроод наймаа хийнэ. Ирээд илүү гэртээ үлдсэнийг нь хийчихээр хүмүүс ирж авдаг байсан. Ээж, аавтайгаа цуг байхад анх радио гарлаа гэсэн. Манайх ч аваагүй. Багын дарга Гомбосүрэнгийнх гэдэг айл байсан. Өвөл чарган дээр дөрвөлжин жаахан боолттой юм аваад ирлээ. Тэр нь дуулаад, яриад л. Би тэгэхэд жаахан байсан. Дүүтэйгээ хоёулаа тэрийг нь хараад зогсоод, энэ хүн нь хаана байдаг юм бол хойгуур нь очоод харчих юмсан гээд. Тэгээд айлд ороод хойморьт нь гарах эрх байхгүй юм чинь жаахан байж байгаад орно. Манайх агент хийж байсан болохоор удсангүй авлаа. Араар нь очиж шагайлаа. Нэг их олон гэрлүүдээс өөр юм харагдахгүй байлаа. Жаахан хүн дотор нь байгаа байх гэж бодож байсан. Задлаад ширдэг дээр тэр хүнийг нь гаргаад ирэх юмсан гэж бодож байсан. Сүүлдээ тэр эвдэрлээ. Тэгээд засуулсан чинь дотор нь хүн гэж байхгүй утас, жаахан жаахан бөөрөнхий юм байна. Хүн байдаггүй мөртлөө энэ яаж дугардаг юм бол гэж шохоорхож харж байсан. Сүүлдээ “Эх Орон 52” гэж том гурван зайтай, хоёр хавтгай юм, нэг дөрвөлжин эх байсан. Сүүлдээ энэ зай тэжээл гэдгийг нь мэдлээ. Сүүлдээ зай нь багассаар багассаар жижиг зайтай болсон. Сүүлдээ тоохоо ч больсон. Бага байхад энэ утасны модноос айдаг байлаа. Шун шун гэж дугараад, түүнээс нь айгаад эхэндээ малдаа ч явж чаддаггүй байсан. Манай дүү энэ утасны мод шун шун гээд явуулахгүй байна гээд малаасаа уйлж орж ирж байсан. Холбооны хүнийг холбооны хүн гэхгүй төмөр утасны хүн гэдэг байсан. Машиныг тичан гэдэг байсан. Тэгээд сургуульд орсон.
Дэжид -
Сумын бага сургууль гэж байх уу?
Адъяа -
Өлзийт сумын бага сургууль гэж хийдийн туурин дээр байгууллагдсан сургууль байсан. 1959 онд хоёрдугаар ангид ордог жил сум тараад Бүрэнцогтын уурхайд ирж хоёрдугаар ангид суусан. Тэгэхэд сумаас арай хөгжилтэй байсан.
Дэжид -
Тэр үед хүүхдүүд дотуур байранд байх уу? Гэрээсээ явах уу?
Адъяа -
Бид нар гэрээсээ явж байсан. Манайх сум тарахад Бүрэнгийн уурхай луу нүүж ирээд аав маань Өлзийт сум гэж байхад агентаа хийхээ болиод сумын нярав хийж байгаад Бүрэнгийн уурхайд нярав хийсэн. Сургуульд ороод хөгшин ээжээсээ холдоод, зундаа бол ирж очдог байсан. Сургуулиа тарчихаад хөгшин ээж дээрээ мориор хүрээд ирдэг байсан. Өвөл нь гэрээсээ явдаггүй байсан. Бүрэнцогтын уурхай анх хөдөөнөөс ирсэн хүүхдүүдэд сонин байлаа. Олон ястантай. Оростой, Казактай, Буриадтай, Халхтай, Увс, Ховдын сонин сонин ярьдаг хүмүүс ч байсан.
Дэжид -
Юу эрхэлдэг аж ахуй байсан бэ?
Адъяа -
Тэр чинь гянтболдын уурхай байсан. Их олон байшинтай, хөдөөнөөс ирж байгаа хүнд их сонин. Анхан гэдэсний өвчин тусаад хэвтэж хэвтэж сургуульд орлоо. Тэгсэн эхний орсон өдрөө гэрээсээ төөрчихлөө. Сургуулиас урдуур гараад баруун дэнж явах байсан чинь хойгуур гараад олон хүмүүстай газраар яваад байдаг. Урт гэгч юм өмссөн авгай нар, жаахан хөлтэй хужаа нар тааралдаад л.
Дэжид -
Тийм олон үндэстэн байсан юм уу?
Адъяа -
Тийм. Тэр дотроо яваад байлаа. Дотроо айж байгаа. Орос авгай нар, айхтар шар үстэй Оросууд яваад байгаа. Тэгээд ирсэн замаараа буцлаа. Ирсэн замаа алдсангүй буцаад сургууль дээрээ ирээд баруун дэнж рүүгээ гарч гэрээ олж байсан. Манай аав нэг жижигхэн дэлгүүр ажиллуулж байсан. Долдугаар анги хүртлээ Бүрэнцогтын дунд сургуульд сурч байгаад техникум яваад нябо болсон.
Дэжид -
Тэр үед хүүхдүүд долдугаар ангиа төгсөөд яаж сургуулиа сонгож байсан бэ?
Адъяа -
Сурлагаараа хуваарийн дагуу.
Дэжид -
Хүн ирж шалгалт авах уу?
Адъяа -
Шалгалт авна. Хуваарь нь ирчихнэ. Сурлагаар нь эхнээс нь дуудаад.
Дэжид -
Өөрөө яагаад нябогын мэргэжил сонгосон бэ? Ээж, аав чинь зөвлөсөн үү?
Адъяа -
Манай аав агент хийгээд, данс тооцооны ажил хийгээд, дэлгүүр ажиллуулж байсан. Тэр нь нөлөөлсөн байх. Их сампинддаг байсан. Тэгээд хотод очиж суралцсан.
Дэжид -
Тэр үед таныг санхүүгийн техникумд байхад хэдэн жил сурдаг байсан бэ?
Адъяа -
Хоёр жил.
Дэжид -
Та оюутан болоод хот очиход ямар байв? Оюутан болоход ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байв?
Адъяа -
Тэнд манай нэг эгч байсан. Эгч дээрээ байсан болохоор надад ямар нэг хүндрэл байгаагүй. Эгч маань намайг долоо төгсөхөд ирээд аваад явсан.
Дэжид -
Төрлийн эгч үү?
Адъяа -
Ээжийн дүү. Тэнд өөрийнхөө гэр шиг сургуульдаа яваад амьдарч байсан. Нэг хэсэг хүнтэй суугаад ажилгүй байсан. Бүрэнцогтын артельд оёдолчиноор ороод, нормын ажилчин хийгээд, нормын ажил хоёр ээлж болсон. Ээлжийн ажил чинь орой үдэш явна. Орой үдэш явахаасаа айгаад, тэр үед нохой их галзуурдаг байсан. Тэгээд ажлаасааа гараад худалдагч хийгээд. Гэр маань Түвшинширээ сум луу шилжээд тэнд тодорхой ажилгүй байсан. Нэгдэлд чулуу гуперлэх энэ тэр гээд янз бүрийн юм хийж явлаа.
Дэжид -
Чулуу гуперлэнэ гэж яадаг байсан юм бэ?
Адъяа -
Барилга барина гээд ажилгүй залуучууд чулууг нь татаж аваад нэг газар хураана. Нэгдэл тэрийг нь авч барилга барина.
Дэжид -
Тэр чинь эмэгтэй хүнд нилээд хүнд ажил биш үү?
Адъяа -
Гайгүй ээ. Жижигхэн, өөрийнхөө даах хэмжээгээр чулуу гуперлэхэд нь оролцоно. Олон хүмүүс байгаа болохоор элбэлцээд, залуу байсан болохоор хүнд байна гэж бодохгүй. Манай өвгөн илгээлтээр Бүрнэцогтын нүүрсний уурхайд ирсэн.
Дэжид -
Та Бүрэнцогтод гэр бүл болсон уу?
Адъяа -
Тийм. Цэргээс хүмүүсийг уурхайд илгээлтээр явуулчихдаг байсан. Тэгээд өвгөнтэйгээ суугаад хүүхдүүдтэй болсон. Сум тарахад геологийн хүмүүс яваад байдаг байсан. Тэгээд сум тарахад Өлзийтийн нүүрсний уурхай гэж байгуулагдсан. Бид нар 1968 онд Өлзийтийн нүүрсний уурхайд ирээд би няраваар ороод нилээн хэдэн жил ажилласан. 1975 онд Өлзийтийн нүүрсний уурхай урантай, хэрэглэгчид багатай гээд тараад, Талбулагын нүүрсний уурхайд 1980 онд ирсэн. 1980 онд мэргэжил дээшлүүлэх курст дахиж яваад, ирээд Талбулагийн нүүрсний уурхайд тооцооны нярав хийсэн. Цэвээн-Ойдов гэж дарга намайг Өлзийтийн нүүрсний уурхайгаас татаад, курст явуулаад, ажил олж өгсөн.
Дэжид -
Таны ярьж байгаа уурхайнууд чинь тэр үед ямар байсан бэ? Техник технологи хэр хөгжсөн байсан бэ?
Адъяа -
Машин тэрэгнүүд байсан.
Дэжид -
Хаанахын тусламжаар байгууллагдсан сангийн аж ахуй байсан бэ?
Адъяа -
Сангийн аж ахуй биш лдээ. Бүрэнцогтын уурхай.
Дэжид -
Тиймээ. Түмэнцогт чинь сангийн аж ахуй байсан тиймээ?
Адъяа -
Тийм.Түмэнцогтод би байгаагүй. Бүрэнцогтын уурхайд байсан. Хоёрдугаар ангиасаа эхлээд долдугаар анги хүртлээ Бүрэнцогтын уурхайд байсан. Тэгээд айл гэр болоод 1968 он хүртэл Бүрэнцогтын уурхайд ажиллаж, амьдарч байсан. Манай өвгөн нэг хэсэг фабрикт байлаа, цахилгаан станцад байлаа, ууланд гүн өрөмдлөгт байсан.
Дэжид -
Тухайн үед уурхайд ажиллахад цалин хөлс ямар байсан бэ? Амьдрал ямар байсан бэ? Хангамж ямар байсан бэ?
Адъяа -
Бусад газраас хамаагүй илүү. Дундаж амьдраад болоод байдаг байсан. Гурил будаагаа авчихна, хувцсаа авчихна. Одоотой адил дэлгүүрт юм болгон байгаагүй. Ховор бараа ирэхэд дөрвөн цагт босоод очерлэдэг байсан. Юмны үнэ доогуур байсан. Будаа наян мөнгө гэхэд одоо хүүхдүүд инээнэ. Наян мөнгөний будаа гэж хаана байхав дээ. Тампуу гурил авахад зуун арван зургаан төгрөг байлаа.
Дэжид -
Шуудай гурил гэсэн үг үү? Тэр нь хэдэн килограмм байх уу?
Адъяа -
Далан килограмм. Эрээн даавуу гэхэд дөрвөн төгрөг, эхлээд төгрөг наян мөнгө байсан. Цалин бол дөрвөн зуу, гурван зуу байсан. Гурилаа авчихна, хажуугаар нь будаа, хувцасаа аваад болчихдог байсан. Сүүлдээ нилээн олон хүүхэдтэй болсон. Хүүхдийн мөнгө гэж овоо авдаг байсан.
Дэжид -
Та хэдэн хүүхэдтэй байсан бэ? Хүүхдийн мөнгө яаж олгогддог байсан бэ?
Адъяа -
Би есөн хүүхэдтэй. Эхлээд дөрвөн хүүхэдтэй байхад захиргаандаа бичгээ бүрдүүлээд, өгч хүүхдийн мөнгөнд ороод эхлээд дөрвөн зуун төгрөг авдаг байсан. Дөрвөн хүүхэдтэй айл дөрвөн зуун төгрөг авдаг байсан.
Дэжид -
Тэр дөрвөн зуун төгрөг чинь жилдээ юм уу?
Адъяа -
Жилдээ.Таван хүүхэдтэй айл долоон зуун тавь. Тэгээд зургаа гээд дээшлээд мянга хоёр зуу, есөн хүүхэдтэй айл гурван мянга хоёр зууг авч байлаа.
Дэжид -
Тэр үеийн гурван мянга хоёр зуу их мөнгө байсан уу?
Адъяа -
Их мөнгө байлгүй яахав. Мотоциклийн тал мөнгө. Мотоцикл авахад зургаан мянга хоёр зуу байсан. Олон хүүхэдтэй айл бол жилдээ мөнгөө авчихаад гайгүй байсан.
Дэжид -
Төр засгаас эмэгтэйчүүдийн талаар явуулж байсан бодлогын нэг хэлбэр байна.
Адъяа -
Тийм. Социализмын үед амьдрал тийм доогуур байгаагүй. Боломжийн байсан. Сүүлд зах зээл гарч, картны бараанд ороход кг будаа авахад бага оногдож байсан. Тэглээ гээд доогуур ороогүй, болоод байсан.
Дэжид -
Та есөн хүүхэд өсгөж, хүмүүжүүлж, хажуугаар нь тооцооны ажил хийж байж. Энэ бүхнийг яаж зохицуулж байв? Тухайн үед хүүхдүүд чинь цэцэрлэг яслид явдаг байсан уу?
Адъяа -
Хоёр бага цэцэрлэгт хамрагдаж байсан. Талбулагийн нүүрсний уурхай байхад бага сургууль байсан. Өлзийтийн нүүрсний уурхай гэж байхад Түвшинширээ лүү сургуулийн байраанд өгдөг байсан. Амралтаар нь авчраад, хүүхэд хүргэж өгдөг машинтай. Тэр машинаараа хүргэж өгчихөөд долоо хоногтоо нэг авчирна. Хувцасыг нь сольж өгөөд хүүхдүүдээ эргэж тойроод болоод байдаг байсан.
Дэжид -
Уурхай ажилчидынхаа хүүхдийг тусад нь харж үздэг байсан уу?
Адъяа -
Уурхай өөрийнхөө ажилчидын хүүхдийг зөөдөг унаатай.Сургуульд нь хүргэж өгнө, сургуулиас нь долоо хоногт нэг удаа авна. Эргүүлээд хүргэж өгнө. Уурхайн хангамж бол арай өөр. Эцэг эх нь ажлынхаа далимаар очоод уулзчихна. Талбулагт ирсэн хойно хүүхдүүдийг авах тусгай байртай, тэднийг эргэж тойрч байх багштай байсан. Хүргэж өгнө, авна гээд зардал хүүхдүүдэд зориулдаг байсан. Манайх голдуу хүүхдүүдээ байраар сургасан.
Дэжид -
Тэр үед дотуур байрны хангамж ямар байсан бэ? Эцэг эхээс юм авдаг байсан уу? Эсвэл зуун хувь улсын зардалтай байсан уу?
Адъяа -
Зуун хувь улсын зардалтай байсан. Эцэг эхээс нэмж юм шаардахгүй. Хүүхдүүдээ аваачаад өгчихнө, хааяа эцэг эх нь эргэнэ. Тэр хүүхдүүд чинь дотроо халуун устай, ор дэр нь бэлэн, хоол ундтай бэлэн хангамжтай байсан. Одоо ч тийм байгаа байх.
Дэжид -
Таныг бага байхад, ажиллаж байхад ямар томоохон компанит ажлууд явагдаж байв? “ Нэгдэлжих хөдөлгөөн”, “Соёлын довтолгоон” гэдэг юмуу эдгээр зүйл ажилд чинь яаж нөлөөлж байв?
Адъяа -
Намайг Өлзийт суманд нэгдүгээр ангид байхад “Соёлын довтолгоон” гэж гарлаа. Айлуудаар долоо хоногт нэг удаа явж шалгадаг. Хүмүүсийг гэртээ байхад нь хагас, бүтэнсайнаар гэнэт шалгадаг. Хоёр ээлжийн ор дэрний хэрэгсэлтэй байх ёстой, аяга шанаганы алчуур байх ёстой, хувцас хунар хоёр ээлжийнх байх ёстой гээд хэд хэдэн болзол тавьчихсан тэгээд хүрч ирээд шалгадаг байсан. “Соёлын довтолгоон”-ы паян чинь их шүү дээ. Зарим айлын аяга шанаганы алчуурыг улаан буланд аваачаад зүүчихнэ. Тэрнээс айна гэж ухаан байхгүй. Хар юм байвал цааш нь хийчихээд өнгөтэй өөдтэйгээ гаргадаг байсан. Зарим улсаас хүзүүгээ угаахгүй яасан юм бэ? усанд ордог уу? гэж асууна. Зарим нь ордог гээд, зарим нь би ордоггүй, орж үзээгүй гэсэн гээд бөөн яриа байдаг байсан. Тэгээд бие биенийгээ шоолоод, тэднийх тэгж гэнэ, эднийх ингэж гэнэ гээд их яриа болж байсан. Манай аав нэгдэлд нярав байсан болохоор манайх доогуур байгаагүй, дундаж байсан. Тэр айлын тогооны алчуур улаан буланд өлгөөтэй байна лээ гээд хүүхнүүд чинь ярина. Сүүлдээ “Соёлын довтолгоо” яригдахаа больсон. Хүн болгон цэвэрч болсон, хүн болгон усанд ордог болсон өөрчлөлтүүд гарсан. Намайг жаахан байхад арьс өнгөний үзлэг гэж ирдэг байсан. Оросууд ирдэг байсан. Хөдөөнөөс морьтой, тэрэгтэй хүмүүс сум дээрээ ирээд, бөөн шалдан хүмүүс урдаа хүүхдээ барьчихсан арьс өнгөний үзлэгт орж байсан. Бүгдийг нь нүцгэлж байсан. Тэр арай хэтэрхий. Ядаж хувцастай нь ор гэж хэлж болоогүй юм байх даа. Бүгд хүүхдээ өмнөө барьсан их нүцгэн хүн байсан санагддаг юм. Яаж үзсэн билээ гэхэд нь би ангай гэж хэлдэг байсан. Тэгээд тэрний нөлөөгөөр монгол арьс өнгөний өвчнөөс салсан. Өвчтэй байсан нэг нь эмчилгээ хийлгэсэн. Тэр бол сайн юм болж байгаа. Тусгаарлаад, улаан тариагаар тарьдаг байсан гэж ярьдаг. Тэрийг чинь тусгай эмчилдэг байсан юм билээ. Хүүхэд байсан болохоор наян учрыг нь мэдэхгүй. Тэр их байж байгаад устсан юм шиг байна лээ.
Дэжид -
“Соёлын довтолгоо” тухайн үедээ нийгэмдээ ач холбогдол өгч байж.
Адъяа -
Ач холбогдол өгөлгүй яахав. Гэр орноо цэвэрлэхгүй, усанд орохгүй, аяга шанаганых нь алчуур халтар байсан бол маш их өөрчлөлт өгсөн. Тэгээд хүмүүс чинь усанд ордог, “Соёлын довтолгоон”-оос айгаад тоос шороогоо гөвдөг тийм цэвэр цэмцгэр болсон. Тэр чинь тухайн үедээ хүмүүсийг айлгаж их өөрчлөлт бий болголгүй яахав дээ.
Дэжид -
Манай боловсролын систем ямар байсан бэ? Боловсролын талаар төрөөс ямар арга хэмжээ авч байсан бэ? Тэр үеийн багш ажилчидын шаардлага ямар байсан бэ?
Адъяа -
Тэр үеийн багш нарын заах арга сайн. Хүүхдүүд ч гэсэн ой сайтай. Боловсролгүй хүн оройгоор дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшээд нябо хийж байсан. Манай аав эхлээд агент хийсэн, дараа нь барааны нярав хийсэн, сүүлдээ дэлгүүрт худалдагч хийсэн. Бригадын тоо бүртгэгч хийж байсан. Тэгэхэд дөнгөж оройгоор дөрөв төгссөн хүн байсан. Тэгэхээр би дээр үеийн хүмүүсийн сурах чадвар өндөр байсан гэж үздэг.
Дэжид -
Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?
Адъяа -
Цагийг сайн баримталдаг, хийх юмсан гэдэг идэвхтэй. Тэрнээс гадна бид нарыг их амраадаггүй байсан.Одоо бол ажлын таван өдөртэй. Нэгдахиас эхлээд хагас сайн хүртэл ажиллана.Хагас сайнд хагас ажиллаад, бүтэнсайнд гэр орныхоо ажлыг хийнэ. Боорцог хийнэ, юмаа угаана, хүүхдүүдийнхээ хир тоосыг цэвэрлэнэ, гэр орны ажлаа хийнэ. Энэ ажлуудыг чинь бүтэн хагас сайнд хийнэ. Нэгдахиас нь эхлээд ажилдаа явна. Ажлынхаа чөлөө заваар хийнэ. Зарим үед хагас бүтэнсайнд амрахгүй. Субботник гэж их ажил байлаа. Тэр субботникаар байшин барилга дээр ажиллана, албан газрынхаа хог шороог цэвэрлэнэ. Их цэвэрлэгээ гээд ажил мундахгүй. Одоо бол субботник бага хийх юм. Ажлын цаг ч богино юм.
Дэжид -
Тэр үед хамт олныг идэвхжүүлэх ямар ажил зохион байгууллагдаж байсан бэ?
Адъяа -
Нэг дахь болгод сонсгол, тав дахь болгонд лекц гэж хийнэ. Тэрэн дээр уралдаан тэмцээн, хамтын ажил, хүмүүсийг идэвхжүүлэх юмыг зохиож байсан.
Дэжид -
Хамт олноороо чөлөөт цагаа яаж өнгөрөөх үү?
Адъяа -
Кино үзнэ, бүжиг явагдана, үдэшлэг гэж бас байлаа. Тэгээд урлаг уран сайханд явна. Би Талбулагийн уурхайд концертонд орж байлаа. Соёл урлагийн арав хоног, гурав хоног, спарткад гээд тэмцэн уралдаан их явна. Ажлынхаа хажуугаар тэрэнд бас орж байсан.
Дэжид -
Урлаг спортын тал бүрийн авъяастай, дээр нь тэр есөн хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн гэхээр хөгшчүүд тусалдаг байсан уу?
Адъяа -
Тусалдаг байсан. Манай хүүхдүүд чинь манай аав, ээж хоёр дээр байсан. Курст явахдаа ээж дээрээ ихэнхийг нь орхичихоод, ар талдаа бас гэр бүлийн хүн маань харж байгаа. Төрөх гээд явахад ээж хүүхдүүдийг минь хараад үлдэнэ.
Дэжид -
Танай гэр бүлийн хүн чинь ямар мэргэжлийн хүн бэ?
Адъяа -
Уурхайд мастер байсан. Өлзийтөд нүүрсний уурхай байхад нэг хэсэг дарга хийж явсан. Хоёулаа элбээд, цалингаа зарцуулаад, хүүхдүүдээ хүмүүжүүлээд, эргэж тойроод болдог байсан. Заримдаа хэцүү үе байсан. Гэхдээ одоо бүгдээрээ тусдаа гараад амьдарч байна. Миний хүүхдүүд есүүлээ байгаа. Бага охин айлд гараад явчихсан. Тэрний дээд талын хүү, бэр хүүхдүүдтэй нь хамт амьдарч байна.
Дэжид -
Зээ нартайгаа. Тэр үед та мэргэжил боловсролтой хүн байж. Тэгээд томилолтоор явдаг байсан уу? Өөрөө би явъя гээд явдаг байсан уу?
Адъяа -
Өөрийн хүсэлтээр орой үдэш явахаас айгаад оёдлоосоо гарч, өөрийн хүсэлтээрээ худалдагч хийж байгаад Талбулагийн нүүрсний уурхайд нягтлангаар очоод сүүлд ерөнхий нягтлан болсон.
Дэжид -
Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?
Адъяа -
Мэргэжил мэдлэгтэй нь бол томилолтоор. Яаман дээрээ бүртгүүлээд. Зарим нь хуваарийг нь авахгүй, өөрийнхөө таньдаг хүний газар орчихно. Зарим албан газар нь зардлыг нь дааж сургуульд явуулдаг байсан. Сүүлд намайг мэргэжил дээшлүүлэх курст явахад уурхай зардлыг даагаад, санхүүгийн техникумд мэргэжил дээшлүүлсэн. Ирээд тэр явуулсан албан газраа ажилласан. Тэгээд өөрсдөө тэтгэвэрт гарсан.
Дэжид -
Тэр үед таныг уурхайд ажиллаж байхад ямар техник, технологи ирж байв? Ер нь юу нь их шинэ содон байв? Та түрүүн “Эх орон 52”-ыг их сайхан ярьсан. Түүн шиг юу таныг тэгж гайхшруулж байв?
Адъяа -
Уурхайн техник бол их онцлог.Том том машинууд. “Караз” гэж байж байгаад “Билаз” гэж ирэхэд бид нар чинь дугуйнаас нь намхан шүү дээ. Тэр дотор чинь хүүхнүүд сонирхоод ороод суучихна. Тэгэхээр бусад албан газрын хүмүүс, жирийн хүмүүс хүүхнүүд нь ороод суучих юм гээд гайхдаг байсан. Хүнээс өндөр дугуйтай болохоор чинь гайхалгүй яахав дээ. Тийм техник орж ирэхэд сонин байдаг. “Зил 130”, “Сонсмоол”-ууд байсан. Тэгж байгаад арван хоёр тонны даацтай “Караз”-ууд орж ирсэн. “Сонсмол”-ууд чинь таван тонны даацтай. Арван хоёр тонны даацтай “Камаз”ууд ороод ирэхэд их сонин байлаа. Энэ одоо ямар даацтай юм бэ? гээд тойрч хараад. “Билаз”-ыг орж ирэхэд бүр тойрч хараад, энэ хэдэн тонны даацтай вэ? Гэхэд хорин дөрөв гэж байдаг. Сүүлд Америктай хамтарсан үйлдвэрт “Трэкс” гэж машин ороод ирсэн.
Дэжид -
Тэр бол 2000 оноос хойш байх.
Адъяа -
Тийм. Намайг тэтгэвэрт гарснаас хойш. Би Улаанбаатар ороод буцахдаа тэр машинд сууж байсан. Уурхайнхаа ажилчидыг таньдаг болохоор суугаад явсан.
Дэжид -
Социализмын үед орж ирж байсан техникүүд голдуу Оросоос орж ирэх үү?
Адъяа -
Дандаа Оросын техникүүд байсан.
Дэжид -
Орос мэргэжилтнүүд хэдий болтол уурхайд ажиллаж байсан бэ?
Адъяа -
Уурхайд нэг их Орос мэргэжилтэн байгаагүй. Дандаа өөрсдөө.
Дэжид -
Орос, Хятадууд гэдэг чинь дандаа орон нутагт амьдарч байсан хүмүүс үү?
Адъяа -
Бүрэнцогтын уурхайд томилолтоор ирсэн хүмүүс байсан. Тэгээд хугацаа нь болохоор шилжээд явна.. Бүрэнцогтын уурхайд шилжчихсэн байхад Германууд ирсэн. Германууд ирээд тусгай байшин бариад, зуны цагт хажууд нь гэр бариад. Гэр барьсан чинь нөгөө германууд чинь өрхөө татаж мэддэггүй юм байна. Өрх нь бүтээлттэй, хаяг нь маначихсан. Яагаад хаяагаа маначихсан бэ? гэвэл хаяагаа сөхөж мэдэхгүй. Зун уулын хажуу дээр ягаан хийлдэг гудас дэвсчихээд, нүцгэн тэмээ хэвтэж байгаа юм шиг биеэ наранд шардаг байсан. Хамгийн сүүлд Германууд байж байгаад, Бүрэнцогтын уурхай тарсан. Бүрэнцогтын уурхайд ажиллаж байсан хүмүүс чинь тал тал тийшээгээ тарсан.
Дэжид -
Та уурхайд ажиллаж байхад хувьчлал болоход уурхайгаас хүртсэн юм байгаа юу?
Адъяа -
Бүрэнцогтын уурхайгаас бол яахав шилжээд яваад өгсөн. Талбулагийн уурхайд бол их айхтар хувьчилсан юм байхгүй. Цэнхэр, ногоон тасалбар гэж байсан. Тэрүүгээр байшин аваад, буцаагаад зарчихсан. Би хувьчлалд их хамрагдаж байгаагүй.
Дэжид -
Уурхайнууд хувьчлагдаад тухайн үедээ тарсан юмуу?
Адъяа -
Талбулагийн уурхай хувьчлагдаад, хуучин байсан дарга нь авсан. Тэр одоо болтол ажиллаж байгаа. Бид нар ахмадууд болсон. Ахмадуудаа харж үзнэ.
Дэжид -
Таныг ажиллаж байхад удирдах ажилтан, ажилтан хоёрын хооронд ямар зөрүү байсан бэ? Ямар ялгаатай байсан бэ?
Адъяа -
Албан тушаалтан, ажилтан хоёр чинь захирах, захирагдах, дээд тушаалтан хүнийхээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг байсан. Албан тушаал ахиу болохоор цалин нэмэгдэнэ. Зарим цэвэрлэгч нар хоёр зуун хорин төгрөг авч байлаа. Мэргэжилтэй, албан тушаал дээгүүр хүн дөрвөн зуун далан тав, таван зуун төгрөгний цалин авч байсан. Амьдрал ахуйн ч гэсэн сайн байсан. Нормын ажилчид долоо, найман зуун төгрөгний цалинтай байсан. Социализмын үед амьдарч байсан болохоор цалинтай байсан. Юмны үнэ бага болохоор цалиндаа тохирсон боломжийн байсан.
Дэжид -
Үндсэн ажил хийхээс гадна олон нийтийн ажил хийж байсан уу?
Адъяа -
Их хийж байсан. Намын, үйлдвэрчний эвлэлийн олон нийтийн ажил хйиж байсан.
Дэжид -
Тэр ажлууд чинь цалинтай байх уу?
Адъяа -
Цалингүй.
Дэжид -
Бүх нийтээрээ хийх тохижилтын ажил, нэгдлийн ажил, уурхайд хийх ажил цалин хөлс байхгүй юу?
Адъяа -
Байхгүй. Улсын ажил, компанит ажил хийвэл цалин, нэмэгдэл байхгүй. Үр дүнгийн шагнал гээд түүнд харгалзаж үзэх юмнууд бий. Субботник тасалсан гэвэл түүнээс нь хасна, төлөвлөгөө норм сайн биелүүлсэн гэвэл үр дүнгийн шагнал цалин дээр нь нэмэгдэнэ. Олон жил ажилласны нэмэгдэл гээд гарна.
Дэжид -
Тэр үед ямар хүн гадаад явдаг байсан бэ? Хүн болгон чөлөөтэй явдаг байсан уу?
Адъяа -
Тийм юм байгаагүй. Хааяа нэгдэл сайн ажилласан илгээлтийн эзэд гээд явуулдаг байсан юм билээ. Манай дүү Орос нэг сар яваад ирсэн. Уурхай сайн ажилтнаа Орос, Чехд амраадаг байсан. Тэр бол их ховор. Чөлөөтэй явдаггүй байсан. Дарга нар ч чөлөөтэй явж байгаагүй.
Дэжид -
Таньд гадаад найз нөхөд байсан уу?
Адъяа -
Байхгүй.
Дэжид -
Бусад аймгуудаас хангамжийн тал дээр давуу талтай байсан уу?
Адъяа -
Онцлох гойд юм байхгүй. Гэхдээ бусад уурхай сум суурингуудаас арай өөр шүү. Ахмадууддаа өгч байгаа тусламж, янз бүрийн юмнууд бол нэгдлүүдээс арай өөр.
Дэжид -
Танай хөгшин ээж нэгдэлд малаа өгч нийгэмчилж байсан. Нийгэмчилнэ гэдэг чинь малаа өгөхийг хэлж байна уу?
Адъяа -
Энгийн ажилчид арван зургаа, хангайн бүсэд тавин толгой, говийн бүсэд далан таван толгой мал авч үлдээд үлдсэнийг нь нэгдэлд олгодог байсан. Тэрийг нийгэмчлэх гэж байгаа юм. Намайг юм мэдэхгүй бага байхад нилээн олон мал нийгэмчилж байсан гэдэг. Нэгдлийн өмч нийтийн өмч, нэгдлийн мал сүрэг нийтийн өмч. Нэгдлийн малыг маллахад хүн авна, хүн аваад малаа маллуулна, цалин хөлсийг нь өгнө. Нэг толгой хонь хорин мөнгө сард, нэг бод дөчин мөнгө гэдэг ч юмуу. Мянган хоньтой нэг суурь гурван хүндээ хуваагаад, хорин мөнгөөр бодоод цалин өгнө. Манай аав тоо бүртгэгч хүн байсан болохоор, түүнийг нь харж байхад нэг хүнд зуун наян төгрөг, тэгээд доошлоод ная, тавь, хорин хэдэн төгрөгний цалин бодогдож өгдөг. Би тэрийг хүүхэд байхдаа харж байсан. Эмэгтэйчүүд нь сүү саана. Эмэгтэйчүүд нь сүүнийхээ норм төлөвлөгөөг биелүүлнэ. Би үнээ эвэлгэнэ. Ээж намайг үнээ сайн эвэлгэсэн гээд хүүхэндээ гутал авч өгнө гээд нэг бакиал авч өгөөд тэгээд бөөн баяр. Гутлаа байн байн хараад.
Дэжид -
Тэр нь хэдэн төгрөг орчим байсан бэ?
Адъяа -
Арван зургаан төгрөг байсан. Бүр том болсон хойноо ботинки гэж мэдэхгүй бакиал өмсдөг байсан. Арван зургаа, долоотой байхад түрийтэй хар ботинки өмсдөг байсан. Тэр хорь, гучин төгрөг байсан.
Дэжид -
Тэр үедээ их гоё байсан уу?
Адъяа -
Тийм. Бакиал өмсөж байгаад, сүүлд хүрэн ултай гутал өмсөхөд бас их сонин байсан. Дүү бид хоёрт нэг нэг бакиал авч өгөөд, ногоон торгон дээлтэйгээ наадмаар өмсөж байлаа.
Дэжид -
Тэр үед хүүхдийн хувцсыг өөрсдөө хийдэг байсан уу, худалдаж авдаг байсан уу?
Адъяа -
Намайг бага байхад худалдаанд гоё юм ирдэггүй байсан. Зун цагаан өмд цамц өмсөөд, хөл нүцгэн гүйдэг байсан. Сүүлдээ эрээн давуугаар платье хийгээд өмсдөг байсан. Би арван хэдтэйдээ өөрөө платье хийж өмсдөг байсан. Голдуу өөрсдөө хийж өмсөнө. Сүүлдээ янз бүрийн бэлэн хувцаснууд ирсэн. Сургуульд байхад формын хувцсыг ээж оёж өгсөн. Монгол гутлаа өөрсдөө хийж өмсдөг байсан. Эхлээд бакиал гараад, тэрнээсээ дээш хүрэн ултай гутал гараад сүүлдээ янз янзын гутал гарсан. Одоо тийм гутлуудыг хүмүүс тоохгүй.
Дэжид -
1990 онд ардчилал гарсан. Та ардчиллыг яаж хүлээж авав? Ардчиллыг танай орон нутагт яаж хүлээн авч байсан бэ?
Адъяа -
Би өөрөө хувьсгалт намын хүн. Би нэг их сайхан хүлээж аваагүй. Элбэгдоржыг хүн зодсон, шоронд орж байсан гээд намын шугамаар ярьж байсан. Төрдөө итгэх итгэл, хэвлэл олон нийтийн хэрэгсэлд итгэх итгэл их өндөр байсан. Худлаа хэлнэ, худлаа ярина гэдэггүй байсан. Тэрийг үнэн байх гэж бодсон. Тиймдээ ч намын явуулж байгаа үйл ажиллагааг би зөв гэж боддог. Одоо ч гэсэн би тэгж боддог. Манай өвгөн ардчиллыг дэмждэг хүн байлаа. Тэгээд бид хоёр гэр дотроо ардчилал, хувьсгал гэж хуваагдсан. Хааяа ардчиллын зарим нь зөв, зарим нь буруу юм гэж ялгаж салгаж боддог. Хүмүүс гэр орондоо, үр хүүхдүүдтэйгэээ хоёр хуваагдаастай явж байна. Ардчиллыг анх гарч ирэхэд бүтэлгүй хүмүүс гарч ирлээ гээд айж байсан. Сүүлдээ огцруулах нь зөв гээд намын төв хороо огцорлоо. Би төрийн эргэлт гарлаа гээд зөв ч юмуу буруу ч юмуу гэж итгэж өгөхгүй байсан. Хорьдугаар тогтоолоор мөнгөний ханш нэмэгдээд, картын бараанд ороод ардчилал гархад энэ зөв ч юмуу буруу ч юмуу гэж бодож байсан. Манай өвгөн ч зөв гээд хүүхдүүдийн зарим нь аавыгаа дагаад тийм юм болж байсан. Би өөрөө уурхайн ерөнхий нягтлан байсан. Манай захирал Гомбо гэж хүн байсан. Тухайн үед ажилчид цаас барьчихсан нормын сүүг өг, нормын хувцасыг өг гээд барьчихсан сууж байсан. Дарга бид хоёр бушуухан ороод сүүг нь өгөөд, хүмүүсийн шаардлагыг хүлээж авдаг л болчихсон байсан.
Дэжид -
Ер нь уурхайчдад нормын сүү, хувцас өгнө биз дээ?
Адъяа -
Өгнө. Тэр үед нормын сүү жаахан тасарсан юм байлгүй. Хэдэн хүн гадаа сууж байсан.
Дэжид -
Та бол нилээн ачлалтай хүн байна. Тэр үед шаардлагыг хүлээж аваад.
Адъяа -
Дарга маань өгөлгүй болохгүй гээд шаардлагыг хүлээж авч байсан.
Дэжид -
Та боловсролтой, мэргэжилтэй, албан газрын нягтлан хүн гэдэг чинь тухайн үедээ том албан тушаал. Та хотоос гадна гадагшаа явж байсан уу?
Адъяа -
Зүүн талын аймгуудаар их явж байсан. Уурхайн машин унаад албан газруудаас өрөө нэхээд, тооцоо дансаа тохируулна гээд их явж байлаа. Тэгээд явж байхад зарим үед саад бэрхшээлтэй таарна, зарим үед сайхан яваад ирнэ.
Дэжид -
Нягтлан хүний гол ажил албан газрыг өр авлагагүй байлгах, айлтай зүйрлэвэл айлыг мөнгөтэй байлгана гэсэн үг үү?
Адъяа -
Янз бүрийн хомсдолд оруулахгүй, орлого зарлагыг нь сайн хийж байх үүрэгтэй. Бүх тайлан тооцоог нь хийнэ, яаманд аваачиж тушаана.Үзүүлэлтээ сайн гаргах талаас нь мэрийж ажиллана. Өр авлагаа багасгах гээд санхүүгийнн тайлан чинь тэр газрын толь гэсэн үг. Хөрөнгөтэй байна уу, хөрөнгөгүй байна уу гээд. Хөрөнгөгүй албан газар чинь шинэ юм авч чадахгүй.
Дэжид -
Ажилчидын ахуй амьдрал бүх юм таньтай холбоотой байсан байна.
Адъяа -
Цалин хөлсийг бодно, нэг ёсондоо албан газрын лавлах. Санхүүгийн баланс гэдэг чинь албан газрын бүх юмын харуулдаг. Бичиг баримтгүй гэж юм байхгүй. Техник бүртгэлтэй, албан газар дэвссэн дрож, аяга шанага бүх юм бүртгэлтэй. Тэр бүртгэлээр “30” машины сэлбэг манайд хэд байна уу? гээд тэд байгаа юм байна гэдэг.
Дэжид -
Социализмын үед хугацаанаас нь өмнө тоног төхөөрөмжөө эвдэлж янз бүрийн юм болвол анх авсан үнээс нь нугалж төлөх үү?
Адъяа -
Гурав нугалж төлүүлнэ. Түлш, тос дутаавал цалингаас нь суутгаад, сэлбэг эвдчихвэл цалингаас нь суутгаад хатуу байсан. Техникээ нормоос нь өмнө эвдчихвэл төлүүлнэ.
Дэжид -
Уурхай тухайн үедээ нилээн бололцоотой байгууллага байсан гэж байна. Залуу гэр бүлийг яаж дэмждэг байсан бэ? Тухайн үед ажилчидынхаа ар гэрийг харж үздэг байсан уу?
Адъяа -
Өвлийн идшэнд нь нэмэр гээд нэг хонь ч юмуу хоёр хонь өгдөг байсан.
Дэжид -
Туслах аж ахуйтай байсан уу?
Адъяа -
Байсан.
Дэжид -
Танайхаас залуу гэр бүл боллоо гэхэд байр өгч байсан уу?
Адъяа -
Өгнө. Гэр оронгүй хоёр залуу нийллээ гэхэд уурхайгаасаа байр юмуу гэр өгнө. Тэгээд айл болгоод, тэр улсууд амьдралаа аваад явж байгаа юм. Сангийн гэрийг бүр өгөхгүй данслаад авна.Удаан хугацаагаар ажиллавал элэгдлээ тооцоод багахан үнэтэй болвол актлаад өгчихнө.
Дэжид -
Танайхаас гарлаа гэхэд буцаагаад юмаа өгөх үү?
Адъяа -
Манайхаас гарвал илүүдлээр аваагүй байсан бол буцааж тушаана. Нилээн олон улсуудад актлаад гэр өгчихөж байсан. Хоёр гурван жил ажиллаад акталж аваад үлдсэнг нь цалин дээрээсээ өгдөг байсан.
Дэжид -
Гурав, дөрвөн жилийн дараа гэр өөрийн болдог юм байна.
Адъяа -
Тийм. Нилээн олон хүмүүс гэртэй болсон.
Дэжид -
Та хөдөөнөөс сум суурин газар ирэхэд сонин санагдаж байсан гэсэн. Эндээс анх хот ороход ямар санагдаж байсан бэ?
Адъяа -
Эндээс Улаанбаатарыг их сайхан гэж төсөөлж орсон. Модонд нь гоё жимс ургачихсан, сайхан сайхан гялалзсан байшингууд байдаг гэж бодож орсон чинь өндөр өндөр байшингаас өөр юм харагдахгүй, модонд нь жимс харагдахгүй жаахан голонгуу. Сүүлд нь албан газраар нь явахад их гоё. Автобусанд суугаад, буугаад явахад амарч юм шиг. Хөдөө аймгуудад тийм юм байхгүй юм чинь. Буудал дээр төөрчих гээд, бас хэцүү ч юм шиг. Дотор нь ороод явахаар төөрчих гээд хэцүү байсан. Албан газраар яваад буцаж гарахаа мэдэхгүй будилж явсан. Тэгээд хэд хоноод дасаад ирдэг юм байна лээ.
Дэжид -
Тэр үед ямар тээврийн хэрэгсэл хот руу явж байсан бэ?
Адъяа -
Намайг хотруу явж байхад онгоц ч байсан, машин ч байсан. Манай аймгийнхан голдуу онгоцоор явдаг байсан. Онгоцноос буугаад таксинд сууна. Төмр зам чинь их сүртэй, вагон явж байгаа чинь их сүртэй. Онгоцонд сууж байхад гэнэт дээшээ эрчээ авахад их сонин байсан. Улаанбаатар ресторан, Баянгол зочид буудлын өмнүүр явахад усан оргилууртай, ногоо ургачихсан сонин сайхан юм байна лээ.
Дэжид -
Анх оюутан болж очоод тэгж байж. Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан ямар зүйл байгаа вэ?
Адъяа -
Нэг хэсэг ажилгүй байж байгаад уурхайд ажилд ороход сайхан байсан. Уурхайд ороод техникийн юмнуудыг цээжлэнэ гэдэг их хэцүү. Дандаа Орос нэртэй. Сүүлдээ дугуй, сэлбэг, эд анги гээд техникийн бүх юмыг нэрлэж чаддаг хүн чинь сайхан юм байна лээ. Одоо бол онол заахаас биш дээр үеийн дотоод эд ангийг заана гэж байдаггүй юм байна лээ. Энэ хагас бол байна, энэ обуд нь байна, энэ карбинатр байна гэхэд зарим жолооч нар гайхдаг. Уурхайд орж, ажиллаж янз бүрийн техникийн нэрийг мэдэж авснаараа онцлог юм. Наклад, дугуй, моторны зарим юмыг хараад нэрлэнэ. Няраваар ороод улсад ажил хийх чинь сайхан байдаг юм. Цалин аваад өөрийнхөө дуртай юмаа аваад, хүүхдүүддээ хувцас аваад ирэхээр өөр болдог юм байна лээ. Уурхайн ерөнхий нягтлан байсан болохоор олон хүмүүстэй уулзаж, хүнийг хүндэлж сурсан. Тийм юм байна уу ийм юм байна уу гээд олон хүн орж ирнэ. Энэ чинь их том эргэлт юм. Жирийн нэг ажилчин, үйлчлэгчээс өөр болдог юм байна лээ. Албан тушаал гэдэг чинь хүнийг өргөж явдаг сайхан зүйл. Яамнаас янз бүрийн шалгалт ирэхэд уурхайн нягтлан шалгуулна. Бүх бичиг баримтаа шалгуулна, тэдэнтэй танилцана. Албан тушаал өсөх тусмаа хүний байр суурь өндөрсдөг юм байна лээ.
Дэжид -
Та үүнийгээ миний амьдралд онцгой содон өөрчлөлт оруулсан зүйл гэж боддог юм байна. Таны амьдралд бусдаас онцгой содон зүйл байгаа юу?
Адъяа -
Тийм юм нэг их байхгүй. Жирийн сэхээтэн хүний амьдарлаар амьдарч байсан болохоор онцлоод байх юм юу байхав дээ. Намайг бага байхад их сонин улсууд байжээ. Илбийн аргатай гээд нэг өвгөн байлаа. Манай өвгөн нууцаар тэр хүн дээр очиж өргөл барьц өгдөг байлаа. Тэр бол маш нууц байсан. Хойноос нь дагахаар загнаад явуулахгүй. Тэр хүний домог их л дээ. Манай Түвшинширээ сумын Өлзийт нутгийн хүн. Цэрэгт бүртгүүлэхэд хошного нь их унжчихаад цэрэгт тэнцдэггүй байсан гэсэн. Орос эмч нар гар гар гээд. Харахад намхан бор, цүдийсэн юм өвөртөлчихсөн юм шиг хүн байсан. Одоо бодоход их номтой хүн байж. Тэдний үр хүүхдүүд бас их номтой хүмүүс. Одоо шашин дэлгэрчихсэн болохоор үздэг хардаг хүмүүс нь дэлгэрсэн.
Дэжид -
Тэр үед хориотой байсан уу?
Адъяа -
Хориотой байсан. Тэр Дугаржав гэж өвгөн байсан. Цэрэгт тэнцэхгүй. Тэр өвгөнийг багадаа их хардаг байсан. Аяга тойруулаад идчихдэг, ёроолыг нь үлдээчихдэг байсан.
Дэжид -
Шаазан аягыг уу?
Адъяа -
Тийм. Тийм илбэтэй хүн байсан. Гаансны соруулыг нь идээд, арыг нь үлдээчихдэг байсан. Бас нэг сонин хүүхэд намайг бага байхад манай нутагт байсан. Тэр хүүхэд хүн орхоор янз бүрийн юм хэлээд байдаг гэнэ л дээ. Чулуун гэдэг хүн тэднийд оржээ. Тэр хүнд харагдаагүй гэнэ. Аавыг нь Базар гэж хүн байсан. Аавтай нь юм яриад хойморьт нь сууж байсан гэсэн. Ард нь нэг юм хөдлөх шиг болсон гэнэ. Тэгээд харсан чинь сэгсийсэн нэг жаахан хүүхэд байна гэнэ. Тэгээд дотроо энэ чинь яасан шулам шиг хүүхэд вэ? гэж боджээ. Тэгсэн нөгөө хүүхэд ээжээ ээжээ энэ намайг шулам гээд байна гэж. Ээж нь тэгсэн чи яагаад миний хүүг шулам гэж байгаа юм бэ? гээд тэр хүнийг загнажээ. Ах нь яасан гэж дүүгээ шулам гэх вэ? гээд уучлалт гуйгаад таван төгрөг өгч гэнэ. Тэр үед таван төгрөг бол их мөнгө. Тэгээд тэр хүү энэ чинь их олон айлын дарга болох юм байна мөд үхэхгүй юм байна гэж байсан гэсэн. Би хэдэн адуу эрж яваа юм гээд буцаад адууныхаа мөрөөр яваад ирсэн адуу нь байсан гэсэн. Энэ яриаг нутгийн өвгөчүүд яриад би чагнадаг байжээ. Одоо болтол санаанаас гардаггүй юм. Дугаржав гэдэг өвгөнийг илбийн аргатай гээд нутгийн хүмүүс их ярьдаг байсан. Дүүжин тавьдаг их номтой хүн байсан.Үр хүүхдүүд нь залгамжлаад дүүжин тавиад, нилээн номтой. Урьдын хөгшчүүд нийлэхээрээ элдэв юм ярина. Энд тийм чөтгөр байж, тэнд тийм чөтгөр байж гэж ярина. Тэрийг их сонирхож сонсоно.
Дэжид -
Тэр болгоныг тогтооно.
Адъяа -
Тогтоочихно. Бага байхдаа “Хүрэн морь” найраглалыг тогтоодог байсан. Дууг радионы энд тэнд сууж байгаад тогтоочихдог байсан. Хүүхдийн оюун ухаанаар тогтоодог байсан юм байна лээ.
Дэжид -
Нутаг усны онцлог, зан заншил хадгалагдаж үлдсэн байна. Сүхбаатар аймаг, Дарьганга нутгийн өөр сонин сайхан түүх, дурсгал байна уу?
Адъяа -
Тэр талаар сайн мэдэхгүй ээ. Дугаржав өвгөний талаар улсуудын ярьж байсныг сонсож байсан. “Уулбаян”-аас сүүлд нэг авгай авсан. Сүүлийн авгай бол их олон хүүхэдтэй. Тэмээн тэрэгтэй эхнэр хүүхдүүдээ аваад наадамд очиж лдээ. Авгай нь энэ айлуудаас хол буугаасай гэж ичиж. Тэгсэн яг олон хүмүүсийн голд очоод тэмээн тэргээ буулгачихаад, нөгөө улсуудыг чинь ухандаж хөөгөөд. Авгай нь ичсэн гэж ухаан байхгүй. Тэгээд наадам дуусаад буцаад явж. Хүмүүсийн яриагаар бол тэр хүн явган явж байж. Тэгээд хүүхнүүдийг уралдах уу? гэж өджээ. Нөгөө хүүхнүүд нь явган мөртлөө энэ бид хоёрын уралдах гэж юу байхав тэгье гээд инээлджээ. Буцахдаа нөгөөдүүл чинь морио унаад пижгэнтэл давхичихжээ. Тэгсэн газрын дунд орохын алдад хоёр сугандаа гутлаа хавчуулчихсан морь шиг ялаархаад, үүрсээд зогсч байна гэнэ.
Дэжид -
Нөгөө хүмүүс морьтой, өөрөө явган байгаа биз дээ?
Адъяа -
Тийм. Тэгээд энэ ямар хачин юм бэ? бидний хажууд байхгүй байсан даа гээд очих газар луугаа давхилдаад явжээ. Давхилдаад явсана чинь хоцроод үлдсэн гэнэ.Тэгээд очих газраа ирсэн чинь аль хэдийнээ ирчихсэн байсан гэсэн. Тэр өвгөний тухай улсуудын ярианаас би их сонирхож сонсож байсан. Өөр айхтар юм сайн мэдэхгүй.
Дэжид -
Та ямар кино анх үзэж сэтгэлд чинь хонгшиж үлдэж байсан бэ?
Адъяа -
Сэрэлт кино.
Дэжид -
Анх үзэж байсан уу?
Адъяа -
Анх үзэж байсан. Дараа нь “Морьтой ч болоосой” гэдэг кино үзсэн. Манайх Бүрэнцогтод байхад тусгай сум гээд баруун дэнж дээр нь байсан. Тэнд улаан булантай. Тэнд нь их кино гардаг. Хүүхдүүдийг тэр болгон үзүүлэхгүй ээ.
Дэжид -
Тэр үед кино нүүдлийн маягтай гарах уу?
Адъяа -
Тийм. Тэмээн тэрэгтэй ирж тавьчихаад яваад өгнө. Урлагийнхан машинтай явж бригадаар тоглодог байлаа. Тэрэнд орж явлаа.”Дөлгөөн Дон” гэдэг кино гардаг. Одооч гэсэн үзээгүй. Тэрийг хүүхдүүдэд үзүүлдэггүй байсан. Том хүнийх, хүүхдийнх гээд ялгачихна.
Дэжид -
Та бага залуу байхдаа нээлттэй шүүх хурал гэж сонсож байсан уу? Тийм юм аймаг орон нутагт болж байсан уу?
Адъяа -
Сонсож, мэдэж байсан. Хүн амьтан дээр орж байгаагүй. Сүүлд харин шүүх хуралд орж байсан.
Дэжид -
Хүүхэд байхдаа тийм юманд орж үзээгүй юу?
Адъяа -
Үзээгүй. Яриа болдог байсан. Өнөөдөр хурал хийх гэнэ тэр таслагдана гэнээ гэж сонсож байсан.
Дэжид -
Ямар хүмүүсийг голдуу тэгж шүүж байсан бэ?
Адъяа -
Хэрэг хийсэн хүмүүсийг шүүх хуралд оруулж байсан юм. Сүүлд 1990-н хэдэн он, 1980-н хэдэн онд орж байсан.
Дэжид -
Нээлттэй шүүх хуралд хэрэг хийсэн, эд хөрөнгө шамшигдуулсан хүмүүс орох уу?
Адъяа -
Орно.
Дэжид -
Хамт олон, нийтийн дунд нээлттэй хийх үү?
Адъяа -
Суух улсууд нь суугаад, нээлттэй хийдэг байсан. Улаан буланд тусгай газар суулгачихаад шүүгч, прокурор, өмгөөлөгч ирээд хэлэлцэд ял оноодог байсан.
Дэжид -
Хоёулаа нилээн олон асуудлыг хөндөж ярьлаа. Хоёулаа байгаль цаг уурын талаар яриад яриагаа өндөрлье. Таныг хүүхэд байхад байгаль цаг уур ямар байсан бэ? Одоо яаж өөрчлөгдөж байна вэ?
Адъяа -
Бага байхдаа ээж, аавтайгаа тэмээн тэргээр явж байсан.Тэгэхэд өндөр ургасан өвснүүд чинь тэрэгний дугуйны тэх дундуур татаад сайхан байсан. Одоо бол тийм өвстэй газар бараг байхгүй. Гол, нуур ширгэчихсэн байна. Өвсний ургалт маш багасаж байна. Сүүлд 1975 онд Талбулагийн уурхайд ирж субботникоор ажиллахад хачин сайхан өндөр өвстэй, хүн хэвтэхэд харагдахгүй байсан. Тэгэхэд Талбулагийн уурхай гэж байгаагүй, айл нутаглах нь цөөхөн, хүн амьтан ч байгаагүй. Уурхай нээгдээд, улс амьтан нутагладаг болсноос хойш өвс нь тачирхан. Намайг бага байхад би тэмээн тэргэн дээрээс өвсний толгой шүүрдэг байсан. Түвшинширээтийн хойд талаас хадлан бэлтгэдэг байсан. Хадлан хадаад, их өвс бухалддаг байсан. Одоо бол тэнд өвс ургахгүй байгаа. Талбулагт ч гэсэн хүн амьтан нутагшаад яваад ирхээр өвсний ургац мууддаг юм байна.
Дэжид -
Дов толгод, уул ус овооны нэр өөрчлөгдсөн үү? Цаг уурын өөрчлөлтийн байдал ямар байна?
Адъяа -
1960-н хэдэн онд 3-н сарын 8-нд төрөхдөө ботинкитой явдаг байсан. Одоо бол 3-н сарын 8-нд хөлдөж үхнэ. Майн баяраар хүүхдүүд чинь туг бариад жагсдаг байлаа. 5-н сарын 1-нд гар хийцний жижиг шорт, майктай талбай дээр уралддаг байсан. Одоо бол 5-н сарын 1-нд гадаа тэгж гүйхгүй байхаа. Одоо бол салхитай, цаг агаар хүйтэн байгаа. Зуны улирал багассан. Яагаачгүй ногоо ургачихсан байдаг. Одоо бол 5-н сарын 1-нд ногоо үзэгдэхгүй байгаа. 5-н сарын 1-н гэхэд би Өлзийт сумын бага сургуульд нэгдүгээр ангид байсан. Тэр үед уран Яримпил гэж хүн байлаа. Машиныг өнгийж очоод үздэг хүн байсан гэсэн. Би бол харж байгаагүй. Хайрцган дотор нэг хүн бүжиглээд өнгөрхөд, дараагаар нь онгоц нисээд, машин яваад тийм оньсон тоглоом хийсэн байсан. Тэр чинь 1959 он. Би тэрийг нь харах гээд. Одоо бодвол тэгээд нас барсан байлгүй.
Дэжид -
Тийм том юм хийж байсан уу?
Адъяа -
Тийм. Одоо хүмүүс тоглоомны пүрш ашиглаад хийчихдэг байсан гэж ярьдаг. Тэр хүн нэг ямаа хийжээ. Алтанбулагийн хийдийн хажуугийн голоос тэр ямаа уснаас нь уучихаад буцаад гадаах усны саванд юүлээд шалчииигаад унаад өгдөг байсан гэсэн. Тийм юм хийдэг хүн байсан гэж ам дамжин ярьдаг. Ганц охин Лхамсүрэнд нь хөхөөтэй цаг байсан 1960-н хэдэн онд. Цагийн зүү арван хоёр дээр ирэхээр донгоддог цаг хийж байсан юм билээ. Тэр хүн нэг айлд хаалга хийж өгчээ. Тэр хаалга хийлгэсэн эзэн хөлсийг нь бага өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд хүн орхоор Уран Яримпилийн хийсэн хаалга гэ дугардаг, гарахаар нь хөлс нь багадсан хаалга гэж дугардаг. Тэгсэн хийлгэсэн хүн хаалгаа засаж өгөөч, хөлсийг нь нэмж өгье гэж нэмж байсан гэдэг.Дом хийсэн чинь хүн цай хийж авсан чинь боль боль гэсэн гэж байгаа. Тийм уран хүн манай нутагт байсан юм байна лээ. Юм хийж байгаад хүн орохоор нуучихдаг хүн байсан гэсэн. Тэр хайрцаг нь саяхан аймгийн музейд байсан. Музей орвол тэр хайрцгийг нь хараарай.
Дэжид -
Та тухайн үед амьдарч байсан түүхэн хүмүүсийн амьдрал, тэд нарын аж байдлын тухай сонин содон зүйлийг сонсож, тогтоож байж. Их ой тогтоолттой байж.
Адъяа -
Хүүхэд байхад амнаас ам дамжин ярьдаг байсан.
Дэжид -
Бидний ойлголтоор бол Дарьганга хийц их гоё гэж ярьдаг. Мод, төмрөөр их мундаг юм хийдэг хүмүүс байж.
Адъяа -
Манай өвгөн бас уран хүн байсан. Манай өвгөн сийлбэртэй жааз, ор хийж байсан. Хүүхдүүдэд тараагаад өгчихсөн. Гэрт юм үлдээгүй ээ. Сийлбэртэй ор хийсэн байсныг ноднин охинд өгөөд явуулчихсан. Хаалгаы нугас энэ тэрийг дээр үеийг дарханы загвараар өөрөө хийчихдэг байсан. Манай хүн уран хүн байсан.
Дэжид -
Амьдралд их дэмтэй байж.
Адъяа -
Сийлбэртэй багана хийгээд хүнд зараад хэдэн төгрөг авах жишээтэй.
Дэжид -
Өөрөө хийж байгаа болохоос биш уран дарханы дамжаанд явж байгаагүй биз дээ?
Адъяа -
Тийм.Өөрийнх нь авъяас. Манай өвгөн Баянхонгор аймгийн хүн. Хадхүү гэж хүн байсан. Нэг хөгшиний ганц хүү байж байгаад элэгний өвчнөөр нас барсан. Их уран хүн байсан. Одоо хүүхдүүд нь айхтар дуурайсаан юм алга. Залуудаа бол залхуураад улсын ажил гэж яваад юм хийдэггүй байсан. Өвгөн болсон хойноо авъяасаа гаргаад юм хийдэг байсан. Гэртээ диван ор гээд янз бүрийн юм хийсэн. Сүүлд зах дээр зарж байгаа орыг хойноос нь хараад явна. Хүмүүс энэ хүн авах гэж байна гэж боддог юмуу та урдаас нь хар, хойноос нь сайн харагдахгүй гэдэг байсан. Араас нь харж л яаж хийх үү гэдгийг нь судалж байгаа юм.
Дэжид -
Технологийг нь судалж байна.
Адъяа -
Тийм. Хүнд өвчтэй байхдаа дээр үеийн дархчуудын ухаанаар хусуур, шанага гээд юмнууд хийдэг байсан. Хүүхдүүдэд тараагаад өгчихсөн.
Дэжид -
Таньд бол одоо байхгүй юм байна.
Адъяа -
Тийм .Гэхдээ зураг хөрөг байгаа.
Дэжид -
Боломжтой бол зургийг нь авна аа. Ер нь социализмын үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ажилд дэвшүүлэхэд ялгавартай ханддаг байсан уу?
Адъяа -
Байхгүй. Чадалтай бол. Надад тийм ялгавартай хандсан юм мэдэгддэггүй байсан. Чадвартай бол дэвшүүлдэг байсан. Чадвартай бол дэвшээд гараад ирнэ. Чадвар муутай бол үлдэнэ. Тэр чинь хараад мэдэгддэг байсан. Сургууль соёлд яваагүй ч механик хийчихмээр юм байна, механикаар тавьчихъя гэдэг байсан. Зөвлөлийнхөө хурлаар хэлэлцээд тавьчихдаг байсан. Намайг тооцоо, баланс гаргаж чадаж байна гээд дэвшүүлээд ерөнхий нябогоор тавьчихаж байсан.
Дэжид -
Чадвараас нь шалтгаалахаас биш хүйсийн ялгаа байгаагүй юм байна.
Адъяа -
Тийм.
Дэжид -
Таньд өөрт чинь үлдсэн хөгтэй, бахархдаг, дурсгалтай үйл явдал, сонин содон юм байна уу?
Адъяа -
Бараг бүгдийг нь ярьчихлаа даа. Санахгүй үлдсэн юм байгаа байх. Манай Өлзийт сум шооч гэж нэртэй байлаа. Бас хариуцлага чанга байсан байна. Аймгаас ирсэн төлөөлөгчид адууны мах чанаж өгсөн гээд ажлаас нь халчихдаг байсан. Манай сумынхан чинь их шооч байж. Хүн ирхээр нэр хоч өгөөд. Аймгаас том хамартай нэг төлөөлөгч ирсэн юм байна л даа. Тэгсэн буудлынх нь үйлчлэгч сумынхаа зарлагад тэр хамрын цаадах төлөөлөгчид хоол хийгээд өг гэхэд нөгөө зарлага нь хоолыг нь бариад морьдох гэж байсан гэсэн. Тэгсэн үгүй ээ тэр хойд гэрт байгаа, гээд орсон чинь нэг их том хамартай хүн сууж байсан гэсэн.
Дэжид -
Шооч гэдэг чинь их гярхай хүмүүс байж. Зөв хэлдэг байж.
Адъяа -
Шооч тиймэрхүү зан заншил бий.
Дэжид -
Хүнд оноод нэр өгдөг байж.
Адъяа -
Нутгийн нэг тийм хөөрүүдүү зан заншил байсан. Их нийтэч, наргианч улсууд байлаа.
Дэжид -
Түвшинширээ чинь Халх сум уу? Дарьганга сум уу?
Адъяа -
Урд талаараа Дарьгангачууд, хойд талаараа Халхчууд. Урд нилээн хэцүү ноён байсан юм гэнэ лээ. Түний удам угсаа, үр хүүхдүүд одоо байдаг биз. “Хэцүү заса”г гэж айхтар ноён байсан юм байна лээ. Тэр “Хэцүү засаг” зарц нараа их тамладаг байж. Тэгээд зарц нартаа сохор хорхой түүж ир гэж зарлиг буулгаж. Тэгээд хормойлж түүж ир гэж. Тэгээд хормойлоод түүсэн чинь дээшээ доошоо яваад их хэцүү байж. Хорхойноос айгаад чарлалдан барин түүж иржээ.Тэгээд нэг их том вааранд хийсэн юм байна. Вааранд хйичихээд нэг сар болоод үзсэн гэж байгаа. Тэгсэн сохор хорхой биш ганцхан том хорхой байсан гэсэн. Түүнийг нь гадаа авч гараад чулуун дээр хагалсан чинь ганцхан том хорхой гарч ирээд нисээд явчихсан гэсэн. Тэрнээсээ айгаад нөгөө ноён нас барсан гэсэн. Тэгээд зарц нар нь ноёныг нас бархаар баярлаад малаа авч байсан гэсэн домог байдаг. ”Хэцүү Засаг” гэж ноёны түүх.
Дэжид -
Та нутаг усандаа амьдарч байсан алдар суутай хүмүүсийн талаар их мэдээ баримттай хүн байна. Бид нар Сүхбаатар аймагт төрж өссөн, энд сургуульд сурч боловсрол эзэмшиж, ажиллаж амьдарч явсан одоо ч энэ нийгмийн идэвхээ алдаагүй ахмадын хороонд ажиллаж байгаа хүнтэй уулзлаа. 20-р зууны эхэн үеийн түүх, түүхэн хүмүүс, нутаг орны талаар нилээд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн таньд баярласнаа дахин илэрхийлье.
Адъяа -
За баярлалаа.Та нарын цаашдын ажилд амжилт хүсье. Надаас ярилцлага авсанд баярлаа.
Дэжид -
Баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.