Baasanjav

Basic information
Interviewee ID: 990531
Name: Baasanjav
Parent's name: Genden
Ovog: Hardal
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / sum administrator
Belief: [blank]
Born in: Tüvshin Shiree sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
work
herding / livestock
collectivization
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу, та?
Баасанжав -
Сайн, сайн байн уу?
Дэжид -
Сайхан зусч байна уу?
Баасанжав -
Сайхаан, сайхан.
Дэжид -
Би Английн Кембрижийн их сургуулийн Ази судлал, антроплогиин танхимаас явуулж байгаа Монголын 20-р зууны аман түүхийн төсөл, судалгааны ажлаар явж байгаа юм. Өнөөдөр 2010 оны 6-р сарын 24-ний өдөр. Тухайн орон нутагт өсч төрсөн, социализмын үед хариуцлагатай ажил алба хашиж явсан ийм хүний нэг гэж аймаг орон нутгийн нөхдөөс сонсоод зориуд ярилцлага авахаар хүсэлт тавьсан юм аа. Энэ хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсон танд баярласанаа илэрхийлье. Ярилцлага эхлэхийн өмнө тодруулах ганц хоёр асуулт байна. Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Баасанжав -
Байхгүй дээ.
Дэжид -
Та бид хоёрын ярьсан үүх түүх, холбогдох материалыг тодорхой хугацааны дараа түүх судлаачид судалгааныхаа материалд ашиглах, хэвлэл мэдээлэлд ишлэл болгон ашиглахыг та Кембрижийн их сургуульд олгож байна уу?
Баасанжав -
Олгож байна аа.
Дэжид -
За баярлалаа. Хоёулаа таны төрсөн нутаг ус, бага насны талаар яриагаа эхлэе дээ. Намтар түүхээсээ ярих уу?
Баасанжав -
Би 1930 онд хуучин Хэнтий аймгийн Өлзийт сум гэж байсан юм. Тэнд төрсөн хүн. 1940 онд тэр суманд анхны бага сургууль байгуулагдсан. Тэнд элсэн орж 1944 онд бага сургууль төгссөн.
Дэжид -
Тэр үед айл болгон хүүхдээ оруулж байв уу? Хүсэлтээрээ орж байсан уу, албан хүчээр орж байсан уу?
Баасанжав -
Бараг нь хүсэлтээрээ орсон доо. Би айлын дөрвөн хүүхдийн хоёрдох нь. Тэгээд бага сургуулиа гайгүй дүнтэй төгсөөд тэндээ багш болсон.
Дэжид -
Бага сургуулийнхаа тухай дэлгэрүүлж ярьж өгөөч. Юу юу заадаг байв? Байшин барилга нь ямар байв?
Баасанжав -
Анхан гэрт байсан. Зун хичээллэж байсан. Хоёрдугаар ангиас эхлээд өвөл хичээллэх болсон. Хэнтийгээс хоёр буриад багш ирж багшаар ажиллаж байсан юм. Нэг хоёрдугаар ангитай.
Дэжид -
Танай анги хэдэн хүүхэд байсан бэ?
Баасанжав -
1970-1980 хүүхэд байсан. Сар хиртэй хичээллээд шалгалт аваад хоёр анги болгож хувааж байсан юм. Тэгээд нэг, хоёрдугаар анги болгосон. Хүүхдүүдийнхээ түвшингээс шалтгаалаад арай дээрийг нь хоёрдугаар ангид оруулсан. Би хоёрдугаар ангид нь орж байсан.
Дэжид -
Ямар нэртэй сургууль байсан бэ?
Баасанжав -
Өлзийт сумын бага сургууль л гэж байсан. Тэгээд бага сургуулиа төгсөөд 3 жил багш хийсэн.
Дэжид -
Багш хийж байх хугацаандаа хүүхдүүдээ яаж элсүүлж байв? Багш хийхэд ямар хүндрэлтэй юм гарч байв?
Баасанжав -
Эцэг эхтэй нь уулзаж байгаад л хүүхдээ авдаг байсан. Манай тэнд тийм хүндрэлтэй юм гарч байгаагүй. 1945, 1946 онд анги танхимтай нилээд бэхжсэн үе байсан.
Дэжид -
Нэг жил гэрт хичээллээд байртай болсон юм уу?
Баасанжав -
Тэгсэн. Тэгээд 1950 онд цэрэгт явсан. Олон цэрэг байсан учраас хуваарьлалт хийсэн. Заримыг нь Дорнодод, заримыг нь хязгаарт, заримыг нь хотод хуваарьласан. 25 хүүхдийг нь Цэргийн ерөнхий сургуульд хуваарьласан юм. Дандаа багш, эмч байсан тэр үедээ арай чадалтай хүүхдүүдийг нь тэгж байгаа юм. Тэгээд тэрэнд багтаад хот орлоо.
Дэжид -
Багшилж байсан тухайгаа жаахан дэлгэрүүлж яриач. Байр танхим ямар байв, хичээлийн хэрэгсэл ямар байсан юм?
Баасанжав -
Эхлээд гэрт хичээллэсэн. Тэр үед цаас ховор доо. Бор цаасыг багцалж үдэж байгаад дэвтэр хийнэ. Бэх, янтай гэж байсан. Тэрүүгээр бичнэ. Тоо, хэл бичиг хоёрыг гол үздэг байсан.
Дэжид -
Тэр үед галлагаагаа яаж зохицуулах вэ? Өөрснөө хийх үү?
Баасанжав -
Үгүй ээ, галчтай, тогоочтой нэлээн боловсронгуй байсан шүү. Зарим нь байранд сууна. Тэдэнд чинь хоол цай өгнө.
Дэжид -
Тэр үед нэгдэл байгуулагдсан байсан уу?
Баасанжав -
Байгуулагдаагүй байсан. Зөвхөн сумандаа.
Дэжид -
Анхны цалин ямар цалин авч байв?
Баасанжав -
70-80 орчим л авч байсан байх. Өөрөө тоогоо ч заагаад л, хэл бичгээ ч заагаад л, анги даах гээд бүх юм аа л хийнэ.
Дэжид -
Бага сургууль хэдэн багштай байхав?
Баасанжав -
Захирал гэж нэг хүн байна, сүүлдээ 4 ангитай болоод 4 багштай болсон. Нэг анги 30 хүүхэдтэй. Би дөрвөө төгсөөд аймгийн төвд хуваарьлагдаад тэгээд гэрээ санана гээд явахгүй байхгүй юу. Тэгээд сургуульд ирээгүй юм. Ирэхгүй байж байгаад тэндээ 2, 3 жил болж байгаад багшилсан юм. Тэгээд 50 онд цэрэгт явж байгаа нь тэр. Тэгээд Цэргийн ерөнхийд хуваарьлагдаад тэрэндээ яваагүй юм. Хүмүүс 45 хүртэл нь халдаггүй юм, тэгээд цэргийн хүн болно гээд яриад байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө 25 хүүхэд бүгд ороогүй. Ерөнхий сургуулиас багш ирж шалгалт авахаар нь бүгд мэдэхгүй дүр эсгээд …
Дэжид -
Тэр шалгалтаа хаана өгсөн юм?
Баасанжав -
Улаанбаатарт. 45 нас хүртэл нь цэргээс халдаггүй гэхээр нь бүгдээрээ ярьж байгаад мэддэг тоогоо мэдэхгүй, мэддэг үсгээ мэдэхгүй болоод бүгдээрээ хасагдахгүй юу. Тэгээд Сүхбаатарын 25 цэргээс сургуульд орсон хүн байхгүй бүгдээрээ ангиудад хуваарьлагдсан. Тэгээд би офицерийн сургуулийн үлгэр жишээ хөгжимийн ангид хуваарилагдсан. Үлгэр жишээ хөгжмийн ангийн дарга Бирваа гэж хүн шалгаж авсан. Яахав дээ нэг ритм сонсгол шалгасан юм. Тэндээ очоод олигтой ч сурсан юмгүй дээ. Цэргийн дарга нарын хүүхнүүд тэр үед бас боловсрол муутай. Тэд нарт ном заана. Цэргийн хөгжимд голцуу хүүхдүүд. Хамгийн ахмад нь би. Тэднийгээ захирна. Салаан даргархуу юм болоод хувцас хунар олгоно, энд тэндээс ирсэн юм түгээдэг тийм ажил хийнэ. Тэгээд 51 онд намд элссэн.
Дэжид -
Цэргээс намд элсэх тохиолдол хэр их байсан бэ?
Баасанжав -
Бага л байсан. Бараг байхгүй. Элсэхдээ бас сонин түүхтэй, хоёр хүнээр батлан даалгана. Нэг нь хөгжмийн ангийн дарга Бирваа сүүлд гавъяат болсон, нөгөө нь офицерийн сургуулийн биеийн тамирын багш Даш бас сүүлдээ гавъяат болсон. Цэргийн ахмадын чуулгын дарга байсан гавъяат Ёндон намын үүрийн дарга байсан. Ингээд намайг гурван гавъяат намд дааж элсүүлж байлаа.
Дэжид -
Тэр үед таныг анх Улаанбаатар хотод орж байхад хот ямар байв? Ямар унаагаар хот орж байв?
Баасанжав -
Бидний 25 хүүхэд намаржин аймгийн төв дээр навсайсан хэдэн юм л байсан. Бумбын хэдэн хүүхэд нэртэй. Бумба гэж цэргийн хэлтэсийн дарга байсан юм. Тэгж тэгж бүүр намар орой нэг тэрэгтэй ирж авч явж байсан юм. Тэгээд 4 хоноод хот орж байсан. 53-аас арай бага тийм тэрэг байсан. Эндээс гараад хээр нэг хоноод, Хэнтийд хоёр хоноод, Хэрлэн буудал дээр нэг хоноод тэгээд 4 хоноод УБ-т ирсэн юм. Очоод Улаанхуаранд карантинд орсон.
Дэжид -
Тэр үед карантин гэдэг нь ямар юм байсан бэ? Тэрийг тодруулж ярьж өгөөч.
Баасанжав -
Аймгуудын цэргүүдийг хуваарилдаг газар. Дамжин маягийн юм. Тэндээс л анги ангид аваачина. Тэгэхэд хөгжмийн цэргийн ангиас Бирваа гуай ирж хэд хэдэн хүүхэд авсан юм. Тэнд сүүлд хөгжмийн зохиолч болсон Дорнод аймгийн Цэндийн Сүхбаатар, манайхаас Дамдинсүрэн гэсэн хүмүүс байсан. Тэгээд би цэрэг ч биш, арын албаны ухааны ч юм уу түгээгчирхүү юм хийж байгаад 1953 онд халагдаад нутагтаа ирсэн. Тэгээд иртэл намайг сумын нарийн бичгийн дарга болголоо. Тэгээд хувийн аж ахуйтны сумын дарга болоод 1 жил болж байтал аймгийн захиргаанаас дуудаад …
Дэжид -
За, тухайн үед цэрэгт яваад ирсэн хүн боловсрол ямар байдаг юм, анхны ажил ямар байв, сумын нарийн бичгийн дарга, сумын дарга хүн тухайн үед ямар үүрэг хүлээдэг байв?
Баасанжав -
Тухайн үед боловсон хүчин муу байсан учраас цэргийн алба дүүргээд ирсэн хүн ер нь л дарга болно шүү дээ. Тийм л байсан. Сумын дарга хүн улсын төлөвлөгөөт ажил хийнэ. Мал өсгөх гэсэн гол төлөвлөгөө байна. Тэгээд түүхий эд, ноос бэлтгэлийн төлөвлөгөө гээд улсаас төлөвлөгөө өгнө. Тэрийг биелүүлэхийн төлөө л бүх хүч дайчлагдана.
Дэжид -
Суманд байгаа бүх хувийн хэвшил хамрагдах уу?
Баасанжав -
Хувийн хэвшил гэж байхгүй. Бүгд сумын захиргаанд харъяалагдана. Сум тэр үед мал эмнэлэгтэй, холбооны салбартай, сургуультай, клубтэй бүх л юм байна. Тэгээд аймгийн захиргаанд ирсэн. 1956 онд анх аймгийн захиргаанд Зохион байгуулах хэлтэс гэж байгуулагдахад анхны зааварлагчаар ажилласан. Тэгээд аймгийн захиргаанд 1956-1962 он хүртэл ажиллаад Зохион байгуулах хэлтэсийн зааварлагч байж байгаад 1963 онд Баяндэлгэр суманд Намын хорооны даргаар явсан даа.
Дэжид -
Та аймагт ажиллаж байсан тухайгаа тодруулж ярихгүй юу. Зааварлагч байхдаа юу хийдэг байв? Тэр үед аймаг орон нутаг яаж хөгжиж байв?
Баасанжав -
1959 онд нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн юм. Тэр үед зохион байгуулагч бол дотоод ажил хариуцна. Сумдын чуулган, хурал зэргийг гол хариуцдаг алба л даа. Хөдөө аж ахуй гэдгийг бол тусдаа хэлтэс хариуцна. Захиргааны ажил гэсэн үг. Гэхдээ яахав сумдыг хариуцна. Зохион байгуулах хэлтэсийг нарийн бичиг гэдэг хүн даргалана. Нэгдэл байгуулах тухай яриа зөвлөгөөн хийнэ, зааварчилгаа өгнө. Тийм л байсан.
Дэжид -
Нэгдэлжих хөдөлгөөн ид явагдаж байхад та аймагт байсан уу?
Баасанжав -
Аймагт байсан.
Дэжид -
Тэр үед төрөөс ямар арга хэмжээ авч байв, аймаг орон нутаг яаж оролцож байв?
Баасанжав -
Анх нэг суманд хэд хэдэн нэгдэл үүсч байгаад 1959 онд нэгдсэн юм. Тэгээд сум нэгдэл болсон. тэрнээс өмнө суман дотроо нэгдэл гэж байсан юм. Жишээ нь нэг сум дотроо 4 нэгдэлтэй, 3 нэгдэлтэй байсан. Тэгээд сум нэгдэл болоод сумын дарга, нэгдэлийн дарга хоёр нэгдээд нэг болсон юм. Энэ үед төр засгаас их арга хэмжээ авч байсан. Голцуу дарга нарыг ….? Төвөөс төрөхгүй бол аймгийн хэлтэсийн дарга нараас шилж сонгоод сум, нэгдэлийн дарга нарыг тавьдаг байсан.
Дэжид -
Тухайн үед ажилд томилоход өөрөө очихгүй барихгүй гэх эрх байх уу?
Баасанжав -
Байхгүй. Намын хорооны товчооны хурлаар оруулаад л томилоно. Болох, болохгүй тухай ярихгүй шүү дээ.
Дэжид -
Тухайн үед ямар хүмүүс намд элсдэг байв. Намын гишүүн хүн бусад хүмүүсээс ямар ялгаатай байх вэ?
Баасанжав -
Ер нь голцуу ажилчин, малчиныг л намд элсүүлдэг байсан юм ш дээ. Тэгээд жирийн хүмүүсийг бол оруулахгүй. Сэхээтэнд бол ер нь их дургүй. Тийм байсан үе. Сэхээтнээс бол их сонгоно. Олон жил ажилсан байна, идэвхтэнээр хоёр гурван жил явна. Тэгж байгаад идэвхтэний шалгалт, даалгавар авна. Тэрийг биелүүлж давж байж намд элсэнэ. Ажлын үзүүлэлт, хувийн зан чанар бүгдийг харна. Тэгээд Баяндэлгэр суманд 63 Намын хороон даргаар очсон. Нэгдэлийн даргаар нь Пүрэвжав гэж хүн ирсэн. Тэгээд бид хоёр 1968 он хүртэл цуг ажилласан. Тэгээд 1968 онд Намын дээдийн хоёр жилийн сургуульд явсан.
Дэжид -
Баяндэлгэрт ажиллаж байсан тухайгаа дэлгэрүүлж ярих уу?
Баасанжав -
100 гаруй гишүүнтэй анхан шатны хороо байсан. Захиргааны ажил ч хийнэ, төрийн ажил ч хийнэ. Муу байсан ч, сайн байсан ч нам дээр л бууна. Тэр үед зуд таарч байлаа, малын шүлхий таарч байлаа. Малыг хашаатай болгоно гэж байлаа, улсын төлөвлөгөө даалгавар гэж хатуу байлаа. Ноос ноолуур, сүү тос, худаг ус, малын материаллаг баазыг биелүүлэх гэж гол анхаарч байсан даа.
Дэжид -
Тэр үед ХАА, нэгдэлийн материаллаг бааз нэлээд бэхжсэн үү, юу юутай болж байсан юм бэ?
Баасанжав -
Бэхжиж л байсан үе л дээ. Мал нь саравчтай хашаатай, худаг устай… нэгдэл тийм л болж байсан үе. Нэгдэлд элсээгүй хүн байхгүй, хувийн аж ахуйтай хүмүүс цөм л элссэн байсан. Тэгээд дунд сургуультай, холбоотой ер нь юм юмтай л болсон.
Дэжид -
Тэр сургууль, холбоо зэргийг нэгдэл өөрөө даадаг байсан юм уу, улсынх уу?
Баасанжав -
Улсынх л даа. Гэхдээ бас нэгдэлээс хөрөнгө орно оо. Хоол унд, хангамж гээд зөндөө л дөө. Сүү цагаан идээ гээд нэгдэл л бүгдийг нь хангана. Нэгдэлд төрөхийн өмнөх байр гэж байна. Жирэмсэн эхчүүд асруулна. Бүх юмыг нь нэгдэл өөрөө даана. Гэх мэтчилэн нэгдэл хариуцдаг юмнууд байна аа.
Дэжид -
Сайн ажилласан хүмүүсийг тухайн үед яаж урамшуулж байсан юм бэ?
Баасанжав -
Уралдаантай ш дээ. Мал аж ахуйн материаллаг бааз барих, хашаа хороо барих, ноос ноолуурын төлөвлөгөө биелүүлэх, төл гэхэд л долоо хоног тутам уралдаан зарлаад л төлийн хорогдолгүй л бол шагнуулна. Мөнгөн шагнал, дарцаг, дурсамж гээд л жоохон жоохон юмаар идэвхжүүлж урамшуулна. Тэр үед нэгдэлийн гишүүдийг голцуу уралдаанаар л авч явж байсан юм ш дээ. Социалист уралдаан гээд богино, удаан хугацааны уралдаан байна. Богино хугацааных нь 7 хоногоор байна. Тэгээд хашаа хороо барих, худаг ус гаргах даалгавар өгнө дөө. Сууриудыг даалгаж өгнө. Танайх тэр суурийг даа, танай холбоо тэр суурийг даа гээд даалгана. Хүн эмнэлэг гэхэд гурван суурьтай. Тэр гурван суурийн сайн мууг хүн эмнэлэгтэй ярина. Нүүлгэнэ, суулгана тийм байсан.
Дэжид -
Таныг ид ажиллаж байх тэр үед хүрээлэн буй орчин ямар байв, ялангуяа танай сум орон нутагт…?
Баасанжав -
Одоо цаг уурын хуурайшилтай холбоотой байдаг юм уу цөлжилт явагдлаа л гэж байна. Тэр үед гайгүй л байсан юм. Отор нүүдэл нэг их хийдэггүй байсан. Намайг ажиллаж байхад 1966 онд нэг зуд болсон тэр үед л нэг отор хийсэн.
Дэжид -
Тэр үед хадлан тэжээлийг нэгдэлийн хүчээр бэлдэх үү, өөрсдөө бэлдэх үү?
Баасанжав -
Нэгдэлийн хүчээр л бэлдэнэ. Өөрсдөө тэжээл гэж ганц тийм юм л хийж авна.
Дэжид -
Тэр нь яадаг юм?
Баасанжав -
Зоодой, таана, хөмүүл түүнэ. Хадланг бол нэгдэлийн хүчээр авч өгнө. Баяндэлгэр бол хадлан муутай учир улсын фондноос өвс авч сууриуддаа тарааж өгнө.
Дэжид -
Баяндэлгэр байгалийн тогтоцын хувьд ямар нутаг вэ?
Баасанжав -
Дорноговийн залгаа сум шүү дээ. Говирхуу талдаа. Бог мал олонтой тийм газар байсан.
Дэжид -
Тухайн үеийн нэгдэлийн гишүүдийн цалин урамшуулал ямар байсан бэ? Тэр нь амьдралд нь хүрэлцээтэй байсан уу?
Баасанжав -
Бага л байсан. Гэхдээ амьдралд нь хүрээд л байсан. Онц ядуу хүн гэж байсангүй, онц баян хүн гэж байсангүй. Жигд амьдралтай. Нэгдэлийн үед ажилгүй хүн гэж байсангүй. Бүх хүн ажилтай. Олны олонд дургүй хүн гэж байна. Тэрнийгээ хүчээр шахаж шаардана. Тийм учраас ажил хийсэн хүн ам тосдоод л болоод л байна.
Дэжид -
Тэр үед сумын орлогч, намын орлогч тус тусдаа байх уу?
Баасанжав -
Байна. Сумын орлогч, нэгдэлийн орлогч, нам хариуцсан орлогч байна. Тэгээд үйлдвэрчний байгууллагууд байна.
Дэжид -
Бусад ХАА-н мэргэжилтнүүдийг яаж бэлтгэдэг байсан бэ?
Баасанжав -
Сургууль төгсөөд хуваарьлагдаад ирнэ. Зоотехникч, малын эмч, бага эмч гээд л… Дээд сургууль төгссөн хүмүүс хотоос ирнэ, манай аймагт бол голцуу Дорнодын ХАА-н техниккум төгссөн дунд мэргэжлийн хүмүүс ирж байсан. Гадны хүмүүс их ирнэ. Малын бага эмч л гэхэд Архангайн хүн байсан.
Дэжид -
Тийм шинээр ирсэн залуу боловсон хүчнээ нэгдэл яаж тусалж дэмжих вэ?
Баасанжав -
Орон байр өгнө. Тэгээд тийм хүмүүс 2-3 жил ажиллаад яваад өгнө.
Дэжид -
Зарим нь суурьших уу?
Баасанжав -
Гол нь л явдаг юм даа.
Дэжид -
Тэр үед сургууль төгсөөд ямар хугацаатай томилж ажиллуулдаг байсан юм бол?
Баасанжав -
Хугацаа заахгүй дээ. Зарим нь гачигдал зовлон гээд л нутаг буцна. Тэгээд дараа дараагийн төгсөлтөөс хүн ирээд солигдоод л тэгж л ажилладаг байсан.
Дэжид -
1968 онд Намын сургуульд явахад та өөрөө явъя гээд явсан уу, таныг сургая гаад явуулсан уу?
Баасанжав -
Сургая гээд ч санал тавина, өөрөө ч явъя гэж хүсэлт гаргана. Тэр хоёр нийлээд л тэгээд явуулна л даа.
Дэжид -
Тэр үеийн намын сургууль ямар сургалттай, хэр үр ашигтай сургууль байсан бэ? Намын сургууль төгсөхөд ямар шалгуур байсан юм?
Баасанжав -
10-р анги төгссөн байна. Бас боловсрол мэдлэг шалгана.
Дэжид -
Намын сургуульд шууд 10-р анги төгссөн хүүхэд авах уу?
Баасанжав -
Голцуу л ажиллаж байсан хүн авна.
Дэжид -
Намын удирдах ажилтан бэлтгэдэг курс уу?
Баасанжав -
Тийм. Намын удирдах ажилтан бэлтгэх курс. Бас цалинтай. Байртай, хангамж сайтай байсан.
Дэжид -
Ямар цалинтай байсан бэ?
Баасанжав -
550 төгрөг байсан.
Дэжид -
Та Баяндэлгэрт ажиллаж байхдаа ямар цалин авч байсан бэ?
Баасанжав -
600 төгрөг. Тэгээд намын сургуулиа төгсч ирээд Тээврийн удирдах газрын орлогч даргаар ажилласан. Тэгээд удалгүй 2 жил хийгээд Баянтэрэм гэдэг суманд Намын хороон даргаар томилогдсон. Тэгээд 3 жил ажиллаж байтал Баянтэрэм сум маань татан буугдаж Мөнххаан сумтай нийлсэн. Тэгээд тэр нийлсэн сумын Намын хороон даргаар томилогдсон. Ингээд Мөнххаанд 7 жил болсон. Намын бодлогыг хэрэгжүүлэхээс гадна аж ахуйн бүхий л ажилд оролцоно. Гол хариуцах юм нь боловсон хүчний асуудал. Сумын захиргаа, улсын байгууллагуудын боловсон хүчний асуудлыг хариуцна. Хүн эмнэлэг, мал эмнэлэ, сургууль гээд л… Нэгдэл бол тусдаа шүү дээ. Нэгдэлийн дарга нь сумаа ч хариуцна, нэгдэлээ ч хариуцна. Тэгэхдээ орлогчуудтай. Ингээд Мөнххаанд 10 жил ажиллаад 1980 оны шуурга болсон. 4 сард цастай шуурга болсон юм. Тэрэнд их хохирол учирсан.
Дэжид -
Тэр нь аймгийн бүх нутгаар болсон юм уу, зөвхөн танай сум хавиар болсон юм уу?
Баасанжав -
Манай сум, Сүхбаатар, Түмэнцогт сум, тэгээд аймгийн төвийг хамарсан. Би уг нь аймгийн хүндэт самбарт зураг хөргөө тавиулчихсан тэргүүний намын үүрийн дарга гэгдэж сайшаагдаж байсан юм. Тэгээд шуурганы дараа аймгийн намын хорооноос хоёр гишүүн очиж шалгалаа. Тэгээд намын хорооны ажил хэвийн явагдаж байна, байгалийн аюул байна гэж тогтоосон. Тэгсэн хэр нь малынхаа тал хувийг үхүүлчихсэн намын хороон дарга байгаад байх ёс зүй байхгүй гээд /Сүхбаатар сумын намын хороон дарга Халзан гэж их сайн хүн байсан юм/ тэр бид хоёрыг аймгийн Намын хорооны товчоогоор оруулдаг юм байна. Тэгээд та хоёрт бол буруу байхгүй, гэхдээ малынхаа талыг үхүүлчихсэн намын хороон дарга байж байж ёс зүйд таарахгүй, та хоёрт ч эвгүй. Тиймээс та хоёр аж ахуйн ажилд шилж гээд Халзанг ахуй үйлчилгээний даргаар, намайг Нефть баазын даргаар томилсон.
Дэжид -
За та тэгээд 1980 оноос Нефть баазын дарга болжээ. Тэр нь ямар байгууллага байв?
Баасанжав -
Нефть бааз нь аймгийн бүх машин тоног төхөөрөмжийг шатахуун, туслах материалаар хангах үүрэгтэй.
Дэжид -
Нефть бааз ямар газар харъяалагдах вэ?
Баасанжав -
Тээврийн яаманд. Тэр үед аймагт ганцхан нефть баазтай. Аймгийн бүх л машиныг хангана. Нефть бааз нэг талаар дуслыг хураавал тонныг хэмнэнэ гэсэн хатуу уриатай шатахуун хэмнэнэ. Нөгөө талаас борлуулалт хийж байж орлого олж ашигтай ажиллана. Ийм хоёр тийшээ татагдсан жаахан ярвигтай л байсан. Эхлээд 20-иод тонныг татаад 17-18- ыг нь борлуулчихдаг, дэд станцтай байсан. 1980 онд шинэ станц бариулсан.
Дэжид -
Та намын сургууль төгсч ирээд хэдэн төгрөгний цалин авч байсан бэ?
Баасанжав -
700 төгрөг.
Дэжид -
Нефть баазын даргаар ирээд цалин буурсан уу?
Баасанжав -
700 л байсан. Тэгээд яахав нефть баазад муугүй л ажилласан. Манай нефть бааз улсад ажлаараа 1-5-р байранд тогтмол орж байсан. Нефть, тээврийн системийн нэгдүгээр шагналуудыг бүгдийг нь авсан. Тэгээд тэндээсээ тэтгэвэртээ гарсан. Одоо 80 нас хүрч байна даа.
Дэжид -
Та энэ аймаг орон нутагт яг социализмын үед салбар бүрд л бараг ажиллаж байсан хүн байна. Намын хороо, товчоонд ажиллана гэдэг чинь тухайн үеийн үйлдвэр аж ахуйн газрын үзүүлэлтүүдийг бүгдийг л мэдэж байсан байх?
Баасанжав -
Сумдын намын үүрийн даргыг 17 жил, орон тооны бус Тээврийн удирдах газарт намын үүрийн даргыг 3 жил гээд 20 жил намын үүрийн дарга хийжээ. Намд 60 жил болж байна.
Дэжид -
Тухайн үед нефть бааз, тээврийг удирдах газар гэдэг чухал салбар байсан байх. Тэр салбарынхаа онцлогоос яриач?
Баасанжав -
Бүх машиныг хангана, эрчим хүчээ хангана, САА-н дэд станц, сумдын шатахуун над дээр ирдэг байсан. Бүх сумдад шинээр клонк барьсан. Эхлээд гучин хэдэн хүний орон тоотой байсан юм. Намайг ажлаа өгөхөд 150-иад хүнтэй болсон.
Дэжид -
Нефть хангамжийн газар ажиллаж байгаа хүмүүс бусад салбарт ажиллаж байгаа хүмүүсээс хариуцлагын хувьд өөр байх уу?
Баасанжав -
Юу байхав дээ, шилж сонгоод авна. Мэргэжлийн сургалтын төвүүдэд түр хугацаагаар бэлтгэнэ. Нягтлан мягтлан тийм хүмүүс нь төвөөс ирнэ. Тэгээд 2003 оны үед хувьчлагдсан даа. 2007 онд Дорноговийн харъяа болоод энэ жилээс дахиад салбар болж сэргээгдэж байх шив дээ.
Дэжид -
Тэр үед социализмын үед хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?
Баасанжав -
Сайн даа. Дуслыг хураавал, тонныг хэмнэнэ гэсэн уриатай ажиллаж байсан. Хөдөлмөр хамгааллын журмыг ягштал баримтлана.
Дэжид -
Үзүүлэх сургууль гэж ямар юм хийгддэг байсан юм бэ?
Баасанжав -
Аймгуудын нефть баазын дарга нар ирж үзнэ. Хэн нефть баазыг зөв ашиглаж байна гэсэн санаагаар “Шинэ нефть баазын ашиглалт” гэсэн сэдвээр өрсөлдөнө. Технологи, харуул хамгаалалт, тохижилт үйлчилгээ гээд бүх л юм орно л доо.
Дэжид -
Тэр үед залуу боловсон хүчнийг төрөөс яаж дэмждэг байв, та удирдах ажил хийж байсан хүний хувьд өөрөө залуу боловсон хүчнийг дэмжих ямар бодлого явуулж байв?
Баасанжав -
Бололцоогоороо л дэмжинэ. Гэхдээ дээрээсээ шийддэггүй учраас овоож оцойтол хийсэн юм байдаггүй л байсан. Гол нь дээрээс л шийддэг байлаа ш дээ. Дээрээс яа л гэвэл яана. Тэр үед яахав 4 айлын нэг орон сууц бариулсан. Нефтьчидын байр гэж байртай болгосон.
Дэжид -
Тухайн үед танай нефть хангамжийн газрын цалин бусад газраас арай давуу байсан уу, адил байсан уу?
Баасанжав -
Адил шахуу.
Дэжид -
Илүү урамшуулал үзүүлдэг ямар ямар үзүүлэлтүүд байх вэ?
Баасанжав -
Төлөвлөгөө биелүүлэх, галын аюулгүй байдалыг харна. Манайх чинь миний ажиллаж байх хугацаанд хуулийн байгууллагуудаас галын аюулгүй болоод, хууль дүрмийн зөрчилгүй хамт олон гэсэн гэрчилгээг авч байсан. Банк санхүүгийн тэргүүний ажилтан гэрчилгээг ч авч байсан.
Дэжид -
Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан зүйл бий юу? Хэрвээ байгаа бол юу вэ?
Баасанжав -
Юу ч байхав дээ. Хэвийн л яваад байсан. Онцын өндөр дээд гавъяа ч байсангүй. Дутагдал зэмлэл ч нэг их авч байсангүй. Ажлаа мөрдөөд л яваад байсан. Яахав Намын удирдах ажилтаны улсын зөвлөгөөнд орсон, Улсын тэргүүний тээвэрчдийн хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон. Гадаадад хоёр, гурван удаа сургууль семинари хийсэн.
Дэжид -
Тэр үед гадаад дотоодод явах асуудал хэр байв?
Баасанжав -
Барагтайд явдаггүй байсан. Читэд намын ажлын дадлагаар нэг явсан. Нефтийн дадлагаар Улаан-Үүд, Эрхүүд явсан.
Дэжид -
Таны амьдралд бусдаас онцгой гэх зүйл байгаа юу? Хэрвээ байгаа бол юу вэ?
Баасанжав -
Байхгүй дээ, тийм юм гээд хэлээд байх юм байхгүй л байна ш дээ. Би ер нь архи уухгүй, тамхи татахгүй, ан хийхгүй, уурлаж ерөөсөө бараг мэдэхгүй үүгээрээ л онцгой юм уу даа.
Дэжид -
Та тэр олон хүнтэй харьцдаг удирдах ажил хийж байхад хүндрэлтэй юм байсан л байх даа?
Баасанжав -
Байсан. Өгсөн даалгавар биелүүлэхгүй ганц нэг гарна. Төлөвлөгөө норм биелүүлэхгүй, цаг зудын бэрхшээлтэй үе гээд тийм юм байлгүй яахав. Тэр 1980 оны шуурга гэдэг 2 өдөр, 2 шөнө нүдгүй шуурсан юм.
Дэжид -
Явах боломжгүй байсан уу? Ямар хэмжээний газар харагдахгүй байх вэ?
Баасанжав -
Ердөө юу ч харагдахгүй. Ямар ч явах боломжгүй. Цас л шуураад байна.
Дэжид -
Та хэдэн онд гэр бүл болсон бэ?
Баасанжав -
1960 онд.
Дэжид -
Хэдэн хүүхэдтэй вэ?
Баасанжав -
Гурав.
Дэжид -
Тэр үед та ажил амьдралаа зохицуулах, ар гэртээ туслах тийм юм байв уу?
Баасанжав -
Бараг л байхгүй. Ажлын мөр хөөгөөд л явдаг байсан. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, сургууль соёлд явуулах ажлыг эхнэр л хийнэ дээ. Эхнэр маань худалдаанд ажилладаг байсан. Тэгээд болж л байсан даа.
Дэжид -
Тэр үед ажлын цагийн хуваарь гэж ямар горимтой байсан юм бэ?
Баасанжав -
Өглөө 8 цагт цуглаад 12 цагт тараад, өдөр 1 цагт цуглаад орой 6 цагт тарна.
Дэжид -
Яг цагтаа тарж байсан тохиолдол танд байх уу?
Баасанжав -
Бараг л байхгүй дээ. Хөдөө бол цаг наргүй л ажиллана ш дээ. Шөнө орой, хагас бүтэн сайнгүй л хөдөө гадаа явна. Бусад цагт нь конторт сууж бичиг цаасны ажил хийнэ. Жаахан чөлөө гарвал хөдөө малчидаар явна. Малчдын дунд ажилласан өдөр гэж дүгнэдэг байлаа ш дээ. Хэдэн хоног хөдөө ажиллаж вэ гэж. Зөвхөн ажлын найман цагаар дүгнэхгүй. Тийм байсан үе.
Дэжид -
Та олон жил намын ажил хийсэн хүн байна. Таныг намын дарга хийж байх үед намын дотоод амьдрал ямар байсан юм. Яг юу юу хийж, яаж ажил удирдаж байсан юм. Одооны намын ажлаас тухайн үед ямар онцлогтой байв. Тэрийг хэлж өгөөч?
Баасанжав -
Одооны хэлж байгаагаар төржсөн нам гэдэг чинь л байж л дээ. Намын ажлыг ч хийдэг, төрийн ажлыг ч хийдэг тийм л байж. Гэхдээ гишүүнчлэлтэй. Сар бүрийн 25-нд намын гишүүдийн хурал яг цагтаа 9 цагт эхэлнэ. Тэрэнд нэг ч гишүүн алгасахгүй ирэх ёстой. Ирэхгүй бол сүүлд нь банга хүртэнэ. Ямар ч цасан шуурга, хэцүү үе байсан ч намын гишүүд бол ирдэгтээ л ирнэ. Тэгээд ирээд хуралдана. Болж бүтэхгүй ямар асуудал байна. Тэрийгээ ярилцана. Намын хурал өөрөө орлогч даргатай. Бригад бүр намын үүртэй. За тэгээд гол хүмүүсэээ, бригадын дарга бүрийг намын гишүүн байлгахыг бодно шүү дээ. Намын үгнээс гарахгүй. Намын гишүүн хүн л бригадыг удирдана.
Дэжид -
Бригад дотроо хэдий хэмжээний өрх айл байх вэ?
Баасанжав -
70-80 айл, 30-40 суурь байна. Бүх л ажилд намын үүр оролцоно. Гэхдээ боловсон хүчнийг бол голцуу намын байгууллага сонгож тавина. Хэнийг хаана тавихав… Намын байршил гэж байна. Намын даалгавар өгнө. Хоёр төрлийн даалгавар байна. Ажил төрлийн даалгавар гэж өгнө. Ажлаа тэг, төлөө тэг, малаа тэг, ноосоо тэг гэх мэтчилэн. Хүмүүжлийн даалгавар гэж өгнө. Тийм ном унш гэнэ.
Дэжид -
Тухайн үед намын гишүүд намын гишүүний татвар гэж төлдөг байсан уу?
Баасанжав -
Төлнө өө.
Дэжид -
Тэр нь ямар хувь хэмжээтэй юм байсан юм бэ?
Баасанжав -
Нэг хувь хэртэй л юм авна. Яльгүй ээ, 10 мөнгө билүү, 20 мөнгө билүү тийм л юм авна. Гэхдээ заавал өгнө. Тэр нь намын гишүүн гэдгээ мэдэгдэж байгаа нэг хэлбэр байсан.
Дэжид -
Бүгд намын гишүүн гэсэн батлахтай байх уу?
Баасанжав -
Батлахтай. Батлах дээрээ сар бүр тэмдэг тавиулна. Тэр нь татварын их бага гэхээсээ илүүтэй сар бүр намын гишүүнээс үүрийн даргатайгаа харьцах нэг ажил болж байгаа юм. Тэгээд хоёр төрлийн даалгавараа шалгуулна. Даалгавар биелүүлээгүй байвал сануулга, донго, арга хэмжээ авахуулна. Намын гишүүн хүн бол бүхний манлайлагч байх ёстой гээд бүхний түрүүнд л тавина. Нэг суурийн ажлыг сайжруул гээд л нэг намын гишүүнийг бүр ба түр хугацаагаар томилох жишээтэй.
Дэжид -
Та энэ олон жил намын ажил хийхэд таны ажлын үзүүлэлт сайн байсан нь таны ямар ажлын арга барил байсан юм. Та яаж ажилладаг байв?
Баасанжав -
Хамт олонтойгоо дотор нь орж ажиллаж байж л дээ. Би дарга гээд л конторт суугаад л байсангүй.
Дэжид -
Танд таны доор тусладаг ямар хүн байв?
Баасанжав -
Хүн бүгд туслана. Намын дарга хэн дуртай хүнээ дуудаж авчираад л тэрийг хий, тэнд оч, тийм ажил зохион байгуул гээд л үүрэг өгнө ш дээ. Тэрнийг үгүй гэх хүн ер нь байхгүй дээ.
Дэжид -
Намын дарга зөвхөн намын гишүүн хүнийг дуудаж үүрэг өгөх үү, намын гишүүн бус хүнийг ч дуудаж үүрэг өгөх үү?
Баасанжав -
Зөвхөн намын гишүүн гэсэн юм байхгүй. Бүх л хүмүүсийг удирдана. Намын хурал, дотоод амьдралын асуудлаа л гишүүдтэйгээ ярина. Намд элсүүлэх хүнийг бол хэдэн жилийн өмнөөс бэлтгэж, харж сонгоно. Ямар хүнийг элсүүлэх вэ гэдгээ намын товчоогоор орж байж шийднэ.
Дэжид -
Товчоо гэдэгт нь ямар улс байх вэ?
Баасанжав -
Сумын даргаас эхлээд л доод талын хүмүүс байна даа. Тэр бригадын тэрийг намд элсүүлвэл ямар вэ гээд л хэлэлцэнэ. Болно оо тэр сайн, мал төлөө сайн бойжуулдаг сайн хүн гэхэд зарим нь өө, тэр муу гэр бүлийн талаар тогтворгүй нэг удаа хойшлуулая ч гэдэг юм уу тэгж сонгож сонгож л намын үүрийн даргатаа чиглэлээ өгнө дөө. За манайхаас тэрийг сайн хүн гэж байна. Тэрийг намынхаа гишүүнд элсүүлэхийг бод гэнэ. Тэгээд намын үүрийн дарга тэр хүнтэй ярина. Зарим нь зөвшөөрнө, зарим нь дургүйлхэнэ. Тэгээд яаж ийж байгаад л элсүүлээд авна даа.
Дэжид -
Хичнээн ажилдаа сайн байсан ч гэр бүлийн талаар тогтворгүй байвал яах вэ? Гишүүнээр авах уу?
Баасанжав -
Авахгүй л байсан юм. Авахгүй.
Дэжид -
Намын гишүүн байж байгаад гэр бүлийн талаар дутагдал гаргавал яах вэ?
Баасанжав -
Арга хэмжээ авна.
Дэжид -
Нам ямар ямар арга хэмжээ авах вэ?
Баасанжав -
Сануулна, донгодоно. Хатуу донгодно. Хөөнө. Гэхдээ хүмүүс тэгж их арга хэмжээ авагдаад байхгүй дээ. Нэгэнт орсон хүн намын бодлогодоо үнэнч байсан үе. Одооны намын гишүүд бол хуурамч байна ш дээ. Сонгууль болохын өмнө нэг их гүйлддэг.
Дэжид -
Тэр үед батлахаа гээвэл том асуудалд орох уу?
Баасанжав -
Батлах гээвэл ярих юм байхгүй донгодно.
Дэжид -
Намын гишүүний манлайлал гэж юу байв?
Баасанжав -
Төлөө 100% бойжуулсан байх ёстой, ноосны даалгаварыг 100% биелүүлсэн байх ёстой ч гэдэг юм уу бүх л талаараа бусад хүмүүсийн тэргүүнд явдаг байхыг л хэлнэ.
Дэжид -
Таныг ажиллаж байх үед шашин шүтлэг, сүсэг бишрэл ямар байв, яаж авч үзэж байсан бэ?
Баасанжав -
Дургүй байсан даа. Настай хүнд бол арай өөр. Залуу хүнд бол хавьтуулахгүй санаатай. Настайчуул бурхан тахилаа нууна. Тийм л байсан үе.
Дэжид -
Намын гишүүн дээр тэр асуудлыг бүр онцгойлон авч үзэх үү?
Баасанжав -
Намын гишүүн бол тийм юмнаас ангид байна. Сумын настайчуулыг яахав битүү хатуухан шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг байсан.
Дэжид -
Та хэлмэгдүүлэлтийн талаар мэдэж байгаа юм байна уу? Таны ойр дотны хүмүүсээс хэлмэгдэж байсан уу?
Баасанжав -
Байхгүй. Намайг оюутан байхад Лоохууз, Нямбуу нарын эсэргүү бүлэг гээд гарч байсан. Тухайн үед буруу байна гээд намын хурлаар хэлэлцэгдэж л байсан.
Дэжид -
Тухайн үед одоо ийм юм гарлаа гээд аймгийн намын хороонд УБ-аас заавар зөвлөмж ирэх үү?
Баасанжав -
Ирнэ ээ, ирэлгүй яахав. Тухайн үед аймгийн намын хорооны бүгд хурлын гишүүн байлаа.
Дэжид -
Аймгийн намын хорооны бүгд хурлын гишүүн гэдэг чинь хичнээн хүн байхав? Бүгд хурлын гишүүнийг ямар шалгуураар сонгодог байв?
Баасанжав -
44 хүн байна. Аймгийн намын гишүүд дотроос шилж сонгоод л сонгоно.
Дэжид -
Бүгд хурлын гишүүн ямар хугацаатай сонгогдох вэ?
Баасанжав -
Хоёр жил, 4 жил ч байл уу.
Дэжид -
Бүгд хурлын гишүүн гээд давуу эрх байх уу?
Баасанжав -
Байхгүй дээ. Хурлаар намын дотоод асуудлыг хэлэлцэнэ. Намын боловсон хүчний асуудал зэргийг ярина.
Дэжид -
Таныг ажиллаж байх үед ХАА-д, нэгдэл, САА-д ямар шинэ техник технологи нэвтэрч байсан бэ?
Баасанжав -
Малын төлийг хөрвийн аргаар бойжуулна гэж байлаа. Малыг эрт төллүүлнэ.
Дэжид -
Малыг эрт төллүүлсэний ач тус нь ямар байсан юм бол?
Баасанжав -
Төл мал эрт бойжино, сэнсрэхгүй, том тэврүүн болно. Хөнгөлдөг бойголцооны арга гэж байлаа. Ингэснээр мал мах сайн болно. Манай Асгатаар эрлийзжүүлээд байсан юм бол бараг байхгүй. Ганц нэг ...? цагаан толгойт үхэр мал байсан. Хөрвийн арга гэдэг чинь төлийг сэрүүн аргаар бойжуулахыг хэлж байгаа юм. сэрүүнд тэсвэртэй, хатуужилтай болгож байсан.
Дэжид -
Үнээ хайдагшуулна гэдэг нь яадаг юм бэ?
Баасанжав -
Тугалаас нь салгаад, тэгээд их сүү авна. Тэгээд яахав дээ улсаас трактор, машин техник нийлүүлж л байсан. Гол нь малыг хашаажуулах, усжуулах ажлыг их анхаарч байсан даа.
Дэжид -
Усжуулахыг улсын хөрөнгөөр хийж байсан уу?
Баасанжав -
Улсын хөрөнгөөр хийнэ. Энгийн уурхайн худаг гэдгийг малчид өөрсдөө ухаж гаргана. Мөн өрмийн худаг гэж байшинтай мотортой худгийг улсаас хөрөнгө гаргаж худаг усны бригад хийж гүйцэтгэнэ. Малын дулаан хашаа, нүхэн хашаа гэж байлаа. Шуурга, бороо цаснаас хамгаална. Урд хүйтэн бороо гэж сүйд хийж байсан юм. Хүйтэн бороонд нүхэн хашаанд хийнэ. Зарим газраа бол дулаан байр барьж байсан юм даа. Баяндэлгэрт сувай малын зоон гээд бэлчээрээрээ хуваарьлаад ажиллаж байсан. Тэндээс тэр хүртэл сувай мал, тэндээс тэр хүртэл төллөх мал гэж бэлчээрээр нь хувааж зохицуулдаг байсан юм. Манай нэгдэлийн дарга гайгүй боловсролтой, шинийг санаачилдаг хүн байсан.
Дэжид -
Ер нь тухайн намын ажил сайн байна гэдэг сум, нэгдэлийн даргын үзүүлэлттэй хамаарах уу?
Баасанжав -
Хамаатай байлгүй яахав. Намын ажил сайн байвал сумын ажилд нөлөөтэй. Боловсон хүчний намын хороо л томилно.
Дэжид -
Намын хянан шалгах гэж ямар байгууллага байсан юм. Тэрийг яаж сонгодог байв?
Баасанжав -
Мөн томилогдоно. Намын хянан шалгах гэж байгаад сүүлдээ Ардын хянан шалгах болсон юм.
Дэжид -
Тэр нь аймагтаа байдаг юм уу, суманд байх уу?
Баасанжав -
Суманд байна.
Дэжид -
Сумынхыг аймаг томилох уу?
Баасанжав -
Тэгнэ. Аймагт Ардын хянан шалгах хороо гэж байсан юм. Тэр томилно.
Дэжид -
Тэр тухайн үедээ ямар үүрэгтэй байгууллага байв?
Баасанжав -
Болж бүтэхгүй юмыг шалгана. Дутагдал илрүүлнэ. Тэгээд арга хэмжээ авдаг, авахуулдаг. Мөн төлөөлөгч маягаар бригад сууриар явдаг. Тийм л байсан юм.
Дэжид -
Нэг хүн байх уу?
Баасанжав -
Нэг л хүн байна. Бас тухайн үедээ боловсролтой, шаардлагатай тийм хүн байна.
Дэжид -
Хянан шалгах гэдэг утгаар нь хүмүүс болгоомжилдог, эмээдэг юм байсан уу?
Баасанжав -
Байна аа, байна.
Дэжид -
Намын бодлого шийдвэрийг намын гишүүдэд намын үүр хороодын дарга хүргэхээс гадна баг хороодод өөр ямар хүмүүсийг тавьдаг байв? Ухуулагч энэ тэр гэж байх уу?
Баасанжав -
Байлгүй яахав.
Дэжид -
Тэр хүнийг сайн дураар нь тавих уу, бас томилох уу?
Баасанжав -
Томилно оо. Ухуулга хийж чадах, бичиг үсэгтэй, идэвхитэй, намын гишүүн ийм хүн л голцуу тавигдана даа. Сүүлдээ бас ухуулагч суларсан. Эхний үед ахлах ухуулагч, ухуулагч гэж байсан. Сүүлдээ суурийн хүмүүжлийн ажил гэж юм гарч ирсэн. Суурь болгонд самбартай, дэвтэртэй, хайрцагтай. Тэрүүнд нь бүх материалыг нь хийчихнэ. Тэгээд аймаг сумаас ирсэн хүн яваад ухуулга, таниулга хийгээд дэвтэрт нь бичээд орхичихно. Тийм тийм ухуулга хийлээ, ийм ийм даалгавар өглөө гээд бичнэ. Долоо хоногийн дараа та очоод тэрийг нь авч үзээд энийг яаж биелүүлж вэ гээд шалгана.
Дэжид -
Ухуулагч хүн давхар ажилтай хүн байх уу?
Баасанжав -
Давхар ажлаа хийнгээ л хийнэ. Биеэ даасан ухуулагч.
Дэжид -
Тэр хүнд ямар урамшуулал байхав?
Баасанжав -
Байхгүй ээ. Намынхаа гишүүний үүргээр л явна. Сүүлд Намын үүрийн дарга нар хариуцдаг болсон. Бригадынхаа айл бүрээр явж ухуулга хийнэ. Гэхдээ дэвтэртэй. Суурийн дэвтэр, ухуулгын дэвтэр гэж байна л даа. Очсон хүн ухуулгын дэвтэрийг нь үзээд л хэн ирж вэ, хэд хоногт ирж вэ, юу хэлж вэ, юу таниулж вэ гэдгийг мэднэ. Намын үүрийн дарга Баасанжав төдөн сарын төдөнд ирлээ, Намын Бүгд хурлын талаар ийм ийм яриа хийлээ гэж биччихээд дараа нь ийм ийм дутагдал байна дараа ирэхэд ийм ийм даалгавар биелүүлсэн байх гээд бичээд орхичихно. Дараагийн хүн 7 хоногийн дараа ч юм уу ирээд Намын дарга төдөн ирээд ийм ийм даалгавар өгсөн байна гээд л явна шүү дээ.
Дэжид -
Соёлын довтолгоо яаж явагдаж байв, тухайн намын гишүүний үүрэгтэй холбож үзэж байсан уу?
Баасанжав -
Холбож үзнэ ээ. Соёлын довтолгоо гэж голцуу төвөөс явж байсан юм. Соёлын яам, улсаас үздэг байсан юм. Хүмүүсийн, айлын соёлыг үзнэ шүү дээ. Халбага шанаганы угаалга арчилгаанаас эхлээд хувь хүний усанд орсоныг хүртэл тэмдэглэсэн байна. Тэгээд шалгаруулж соёлч өрх, соёлч суурь гэсэн гэрчилгээ олгоно. Мууг нь намын үүрийн даргад үүрэг өгнө. Танай тэр суурь муу байна сайжруул гэсэн үүрэг даалгавар өгнө. Тэгэхдээ нь зэрэг эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, эмч зэрэг хүмүүстээ үүрэг өгөөд явуулна. Тэд маань очоод усанд оруулна. Юмыг нь угааж өгнө. Бололцоотой юм байвал бас авч өгнө. Алчуур, аяга тавагнаас эхлээд авч өгнө.
Дэжид -
Ер нь соёлын довтолгоо тухайн үед үр дүнгээ өгсөн үү?
Баасанжав -
Өгсөөн, өгөлгүй яахав. Хөнжилийн даавуу зэргийг нь сөхөөд л харна шүү дээ. Тэгээд муу байвал муу байна гээд л шаардлага тавина шүү дээ.
Дэжид -
Намын хороо, үүр зэрэг албан ёсны цалинтай байгууллага байж ээ. Өөр олон нийтийн байгууллага байсан юм уу?
Баасанжав -
Эвлэлийн үүр.
Дэжид -
Намын хороондоо захирагдах уу?
Баасанжав -
Ер нь намын хороо үүртээ захирагдахгүй байгууллага гэж байхгүй.
Дэжид -
Тухайн үед эмэгтэйчүүдийн байгууллага гэж байсан уу?
Баасанжав -
Байсан. Тэр нь багш юм уу, номын санч юм уу, хүний эмч нэг эмэгтэй байна. Цалин байхгүй.
Дэжид -
Эвлэлийнх нь хэдий үед ажиллаж байсан юм. Бас цалинтай юу, байхгүй юу?
Баасанжав -
Эвлэлийнх цалинтай, үйлдвэрчнийх цалингүй. Нам, эвлэлийнх нь цалинтай, орон тооны байна. Үйлдвэрчин бусад олон нийтийн байгууллага нь хавсарч хийдэг байсан юм. Ардын хянан шалгах хороо цалинтай.
Дэжид -
Тухайн үед сумын намын хороо сум нэгдэлийн хүмүүсээ өөрсдөө мэдээд шагнах эрх мэдэл байна биз дээ. Заавал аймгийн Намын хорооноос зөвшөөрөл авах уу?
Баасанжав -
Нэгдэлээс гаргуулна. Тэр баг дээр өдөрлөг хийх гэж байна, төдөн төгрөгөөр шагнана, туг дарцаг, баярын бичиг өгнө гээд л гаргуулна. дангаараа ч өгсөн болно, сум нэгдэлтэйгээ хавсарч өгсөн ч болно. Сумын соёлын фонд гэж байна. Тэр соёлын фондыг Намын үүр мэднэ. Нэгдэл дотоод журмаар олон фонд гаргана ш дээ. Нийгэм соёлын фонд гээд орлогын 1-2 хувиар бүрдүүлнэ. Тэрнийгээ Намын үүр мэднэ. Тэрнээс хэтрэх юм байвал Нэгдэлийн даргаас зөвшөөрөл авч авна даа.
Дэжид -
Тухайн үед цалингүй олон нийтийн байгууллагын даргын ажлыг хүмүүс хийх үү?
Баасанжав -
Хийнэ. Тэдгээр хүмүүсийн ажлыг үе үе ажил дүгнээд онцгой сайн ажилласан байвал нөгөө соёлын фондноосоо шагнаж урамшуулна. Нэг баярын бичиг, халуун сав мэтээр... тэр үед тийм л байсан л даа.
Дэжид -
Намын хурлуудын талаар яриач?
Баасанжав -
Намын бүгд хурлыг жилд нэг удаа хийнэ. Намын бага хурлыг хоёр жилд нэг удаа хийнэ. Дөрвөн жил болоод их хурлын гишүүдээ сонгоно. Их хурлын гишүүдийг анхан шатнаасаа сонгоно. Бага хурлаасаа бүгд хуралдаа, бүгд хурлаасаа их хуралдаа сонгоно.
Дэжид -
Тухайн үед намын гишүүнчлэлийн асуудлаар Намын хорооны ажлыг дүгнэдэг байсан уу? Дотоод ажил, зохион байгуулалтаар нь дүгнэдэг байсан юм уу?
Баасанжав -
Гишүүнчлэлээр нэг их дүгнэхгүй дээ. Яахав төдөөс доошгүй гишүүн элсүүлэх нь зүйтэй гэсэн баримжаа хэлнэ ээ. Элсүүлэхэд ч амархан л даа. Хүн бүгд л элсэе гэж байгаа юм чинь.
Дэжид -
Элсэх сонирхолтой хүн бол тухайн үедээ их байсан уу?
Баасанжав -
Байсаан. Гэхдээ барагтайд авдаггүй байлаа. Тэр үед авагдаагүй хүмүүс л одоо гомдчихоод намын эсрэг яваад байх шиг байгаа юм шүү.
Дэжид -
Тухайн үед намын гишүүн илүү давуу эрхтэй байсан юм болов уу? Яагаад тэгж их намд элсэе гэдэг байсан юм бол?
Баасанжав -
Яахав ажилд орох, дэвших зэрэгт ганцхан намтай байсан учраас дээр л гэж үзэж байсан л даа. Намын гишүүн, намын гишүүн биш хоёр хүнийг ажилд шалгаруулахад намын гишүүн хүнийг нь л авна. Мэдээжийн хэрэг. Хоёр хүн үг хэлэхэд намын гишүүний үгийг түрүүлж хүлээж авна. Тийм ялгаа байсан.
Дэжид -
Тухайн үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бас ялгаатай үзэх асуудал байсан уу?
Баасанжав -
Заавал эмэгтэй хүн байх албан тушаал энэ тэр гэж байсан ш дээ. Тэрнийг нь харгалзана. Тэрнээс гадна депутат сонголоо гэхэд эмэгтэйчүүд төдөн хувь гэж хувь заана. 22%-д нь заавал эмэгтэйчүүд оруулна гэх жишээтэй. Бүгд хурлын гишүүд ч өөрцгүй. Эмэгтэйчүүдийг одоогоос бараг илүү албан тушаалд авч байсан шүү. Бүгд хурлын гишүүнээр чухам эмэгтэйчүүд нь ажилчин, малчин голдуу байсан болохоос биш сэхээтэн эмэгтэйчүүд нь нэг их орохгүй. Гэхдээ ажилчин, малчин эмэгтэйчүүд нь их орно. Тэдний зарим нь ёс төдий л байсан биз гэж бодож байгаа юм. Намын гишүүний байршилт хуваарилалт гэж байна. Зургаан хүн гишүүнээр элсүүллээ гэхэд 3 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй байна. Бүр 4 нь ч эмэгтэй байж магадгүй. Намын гишүүдийн хуваарилалтанд эмэгтэйчүүд цөөнтэй намын үүр байлаа гэхэд гишүүн элсүүлэхдээ эмэгтэйчүүдийг л түлхүү элсүүлнэ. Эмэгтэйчүүд олонтой газар эрэгтэйчүүдийг элсүүлнэ. Одоо тийм тэгшитгэл хийдэг юм уу, үгүй юм уу мэдэхгүй.
Дэжид -
Таныг энэ олон жил хариуцлагатай ажил хийж байхад хүндрэлтэй юм юу байв? Бахархамаар юм юу байв? Танд жигшдэг зүйл юу байв?
Баасанжав -
Хүнд худал хэлэх, худлаа ярих, муу юм хийхийг л жигшинэ дээ. Ажлаа сайн хийвэл бахархалтай л байлгүй яахав. Намайг байхад Баяндэлгэрт төлийн баяр хийж байсан, Улсын аварга малчид жил бүр төрж байсан. Сайхан л байсан.
Дэжид -
Тэр үед эмэгтэйчүүдийг дэмжих өөр ямар бодлого намаас тавигдаж байсан бэ?
Баасанжав -
Эмэгтэйчүүдийн үзлэг явж байсан, ер нь эмэгтэйчүүдийн талаар их л бодлого явуулж байсан. Эмэгтэйчүүдийг сургууль соёлд явуулна. Одоо эмэгтэйчүүдийн жендерийн асуудал бага байна гэж яриад байгаа. Тэр үед бол их байсан. Харин хэл амтай, боловсролтой сэхээтэн нь орохгүй голцуу малчин, ажилчин эмэгтэйчүүд нь ороод байсан учраас жаахан дутагдал байсан байж болно. Тэрнээс биш хүйсийн ялгаа бол байгаагүй.
Дэжид -
Хэл амтай тийм хүмүүс намд элсэхэд тэр үедээ жаахан хүндрэлтэй байсан байх тийм ээ?
Баасанжав -
Тийм. Гэхдээ зөв ярьдаг, зөв дуугардаг тэр үедээ ирж үзэж байгаа хүнд бол зүгээр л байна. Шүүмжлэлийг бол их хүлээж авдаг л байсан. Ялангуяа зарчимч, үнэн шүүмжлэлд бол дургүйцэж байгаагүй юм ш дээ. Бүр Цэдэнбал даргын статъя байна ш дээ. "Зулын цэцэг шүүмжлэлд сэргэдэг. Зусрын баячууд шүүмжлэлд урвалздаг" гээд. Шүүмжлэлд дуртай. Ганцхан үнэн байх ёстой. Худал үнэн юм ярьж хүн гүтгэх юм бол бараг гарахгүй. Хаяа тийм юм гарвал тэрийг үзэж чадахгүй.
Дэжид -
Намын байгууллагуудаас тэргүүний хүмүүс тодорлоо гэхэд тэдэнд ямар туслалцаа, дэмжлэг, хөнгөлттэй нөхцөл өгдөг юм байсан уу?
Баасанжав -
Онц гойд юм байхгүй дээ. Аливаа нэг юманд байгууллага харж үзнэ дээ. Жишээ нь тээвэрт бол ашигтай тээвэр өгөх ч юм уу, замыг нь сонгох ч юм уу, шагнал урамшуулалын хувьд бол тухайн үед социалист хөдөлмөрийн бригадын гишүүн, социалист уралдаанд тэргүүлэгч тэр л шагналаа авна. Тэгээд намд элсүүлнэ.
Дэжид -
Тухайн үед ямар ямар хөдөлгөөнүүд гарч байсан бэ? Социалист хөдөлмөрийн бригад гэж том хөдөлгөөн гарч байсан уу?
Баасанжав -
Тээвэр дээр бол саятаны хөдөлгөөн гэж гарч байсан юм.
Дэжид -
Тэр хөдөлгөөнүүд намын бодлогыг хэрэгжүүлэх, хамт олныг идэвхжүүлэхэд тэр хөдөлгөөнүүд үүрэг гүйцэтгэж байсан уу?
Баасанжав -
Гүйцэтгэж байсан. Гүйцэтгэж байсан.
Дэжид -
Та хувьчлалын үед тэтгэвэртээ суусан байжээ. Ер нь хувьчлал танай аймаг орон нутагт хэр шударга явагдсан юм? тухайн үед ажиллаж байсан нэгдэлээсээ хувьчлал явагдахад юм хүртсэн үү?
Баасанжав -
Үгүй. Нэгдэл чинь гишүүддээ хуваарьлаад улсын албан хаагчдад ганц даалингийн юм ч хуваарьлаагүй юм ш дээ.
Дэжид -
Тухайн сумын намын хороон дарга улсын албан хаагчид орох уу?
Баасанжав -
Нэгт улсын албан хаагчид орно, хоёрт аль 10, 20 жилийн өмнө байсан хүнд бүр байхгүй. Би чинь нефть баазаас тэтгэвэрт гарч байгаа хүн юм чинь. Ер нь нэгдэл улсын албан хаагчиддаа хувьчлалын үеэр юм олгогдоогүй юм.
Дэжид -
Нефть бааз хувьчлагдахад яасан бэ?
Баасанжав -
Нефть бааз юм өгөөгүй.
Дэжид -
Ер нь хувьчлал танай орон нутагт хэр үнэнч шударга явагдсан гэж бодож байна?
Баасанжав -
Мэдэхгүй. Гайгүй биз дээ. Малаа хувьчилсан, орон сууцаа хувьчилсан.
Дэжид -
Та ажиллаж байх үедээ орон сууцанд орсон байсан уу? Сүүлд хувьчилж авсан уу?
Баасанжав -
Ажиллаж байх үедээ орон сууцтай байсан. Орон сууцаа хувьчилж авсан.
Дэжид -
Та ажиллаж байх үедээ ажилчдын орон сууц барьсан гэж байсан. Тэр орон сууцанд сууж байсан хүмүүс орон сууцаа хувьчилж авсан уу?
Баасанжав -
Авсаан. Нефть баазад би гайгүй сайн л ажиллаж байсан. Тээврийн яам онц тээвэрчин, ахмад тээвэрчин, ойн медалиуд бүх юмаа л өгсөн. Газрын тосны тэргүүний ажилтан, нефтийн тэргүүний ажилтан, хүндэт гээд бүх л юмаа өгсөн.
Дэжид -
Онц тээвэрчин, тэргүүний ажилтан зэрэг одоо ямар эрхтэй байх вэ? Танд тээврийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй зорчих эрх хадгалагдах уу?
Баасанжав -
Ахмад тээвэрчин гэдэгт нэг тийм юм байгаа юм. Хоёр жилдээ нэг үнэгүй амралтанд явах, эмнэлэг, сувилалд очергүйгээр үйлчилнэ гэсэн юм бий.
Дэжид -
Одоо танд үйлчилж байна уу?
Баасанжав -
Үйлчлэх л ёстой. Үйлчлүүлээгүй байна. Явах ч гүй юм даа. Тэгээд тэр үйлчилдэг газар маань муу болж байна ш дээ. Нефть ч байхгүй болсон. Тээвэр ч байхгүй болсон. тухайн үед нефть хангамж гэдэг чинь том байгууллага байлаа. 140-өөд хүнтэй. Тээврийн удирдах газар ч тэр үедээ аймагт бол томоохон байгууллага байлаа. 300-аад хүнтэй. Одоо байхгүй болсон. Худалдааны трест гэж нэг том газар байсан байхгүй.
Дэжид -
Хэд орчим хүнтэй байсан бол?
Баасанжав -
Мэдэхгүй ээ, учиргүй олон л хүнтэй байсан. Аймгийг тэр чигээр нь худалдаагаар хангана. Худаг ус гэж байлаа, тэжээлийн аж ахуй гэж байлаа. Барилга контор гэж байлаа, Ахуйн үйлчилгээ гэж байлаа. Цөм байхгүй болсон. Энэ жаахан хэцүү л байгаа юм.
Дэжид -
Тэр хувьчлалаас өмнө байхгүй болсон юм уу, хэдийд байхгүй болсон юм?
Баасанжав -
Хувьчлаад л. Харин тэдний оронд бага байсан газрууд нэлээд дээшээ гарч ирээд байна. Нисэх буудал, аптек гэж байна. Хариугүй жоохон газрууд байсан юм ш дээ.
Дэжид -
За Баасанжав гуайдаа баярлалаа. Ялангуяа социализмын үеийн объектуудад даргаар ажиллаж байсан үеийнхээ дотоод амьдрал, сум, аймаг орон нутгийн талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн танд баярласнаа илэрхийлье. Танд эрүүл энхийг хүсье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.