Buhaa
![](../assets/images/interviewees/990532.jpg)
Basic information
Interviewee ID: 990532
Name: Buhaa
Parent's name: Jadamba
Ovog: Tsengelt
Sex: m
Year of Birth: 1927
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired / elementary school teacher
Belief: Buddhist
Born in: Halzan sum, Höh hudag sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: group leader (bagiin darga)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
urban issues
military
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Та сайн байна уу?
Бухаа -
Сайн. Сайн байна уу?
Дэжид -
Таныг аймгийн ахмадын холбоо, өөрсдийнхөө газарчинтай холбогдоод боловсролын салбарт олон жил ажилласан өндөр настан гэж таниас ярилцлага авахаар хүсэлт тавьсан юм. Бид нарын хүсэлтийг хүлээн авч Английн Кембриджийн их сургуулиас явуулж байгаа Монголын 20-р зууны аман түүхийн төсөл гэсэн ярилцлаганд өөрийнхөө түүх намтар, тухайн үед ажиллаж байсан ажлынхаа талаар ярихаар бидний урилгыг хүлээн авсан таньд баярласнаа илэрхийлье.
Бухаа -
За.
Дэжид -
Өнөөдөр 2010 оны 6-н сарын 25-ны өдөр бид хоёр Шарга зочид буудалд ярилцлагаа эхлэх гэж байна. Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байгаа юу?
Бухаа -
Байхгүй ээ.
Дэжид -
Та хэдэн онд төрсөн бэ? Ямар нутагт төрсөн бэ? Бага наснаасаа авахуулаад түүхээ ярьж эхлэх үү?
Бухаа -
За тэгье. 1927 онд Дорнод аймгийн харъяа Сүхбаатар аймаг байсан. Халзан сумын нутаг Хөххудаг гэдэг газар төрсөн. Ядам гэдэг хүний хамгийн том хүү болж төрсөн.
Дэжид -
Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
Бухаа -
Тавуулаа. Арван нас хүртлээ ээж аавынхаа гар дээр байж байгаад Халзан Шандын курст явсан. Манай Халзан сум бол Халзан Шанд гэдэг ууландаа байсан. Би тэнд хоёр сарын курст суралцсан.
Дэжид -
Тэр суманд байсан анхны сургууль нь тэр үү?
Бухаа -
Анхны курс. Тэгээд арван хэдэн хүүхэд Дорнод аймаг луу явсан. Өртөөгөөр явсан.
Дэжид -
Өртөөгөөр явна гэдэг нь яаж явахыг хэлэх үү?
Бухаа -
Гучин км газар явна. Одоогоор бол шуудан байсан юм уудаа. Сумын захиргаанаасаа хэд хэдэн айл өртөө гэж гаргадаг. Элч хүлээн аваад дараагийн өртөө газар буулгадаг. Өдөр шөнөгүй явсан. Тэмээн тэрэгтэй ч явж үзсэн, морин тэрэгтэй ч явж үзсэн. Тэгээд Дорнод аймагт очсон. Дорнод аймагт очооод хориод хоноод байтал орон тоо дууссан гээд буцаж хөөгдөж ирсэн.
Дэжид -
Дорнод аймгийн сургуульд нь очсон юм уу?
Бухаа -
Сургуульд нь очсон.
Дэжид -
Яагаад заавал тийшээ явсан юм бэ?
Бухаа -
Манай аймаг чинь тэр үед Дорнод аймаг байсан.
Дэжид -
Төв рүүгээ явж байна гэсэн үг үү?
Бухаа -
Тийм. Тэр нь орон тоогүй гээд буцаад явсан. Тэгээд манай Халзан сум чинь Халзаншандаасаа Асгатын сүм гэж сүм байсан газар нүүж очсон. Тэнд нүүж очоод Асгатынхаа сүм дээр сургууль байгуулагдлаа. Би тэнд жилийн дараа орж байлаа.
Дэжид -
Тэр сумын анхны сургууль байж.
Бухаа -
Тийм. Анхны нэгдүгээр ангийнх нь хүүхэд болж очиж байсан. Долдугаар анги хүртлээ тэр сургуульдаа байсан.
Дэжид -
Анхны сургууль байгууллагдахад хэдэн багштай байсан бэ? Сургууль нь гэрт байсан уу? байшинд байсан уу? Хичээлийн хэрэгсэл нь хэр байсан бэ? Та тэр үеийн сургуулийн тухай дэлгэрэнгүй ярьж өгөөрэй.
Бухаа -
Сургууль маань том сүмийн хүрээ байсан. Их урт байсан. Хамгийн урдаа хашааныхаа аман дээр нэг дугантай, голдоо нэг дугантай, хойнооо гурван дугантай.
Дэжид -
Тэр сүм хийдийг түшиглэж барьжээ.
Бухаа -
Тийм. Тэр сүмд орсон. Хойд талын дуганы баруун талд нь эмэгтэйчүүд, зүүн талд нь эрэгтэйчүүд байрлаж байсан. Дотуур байранд байсан. Баруун талынх нь дуганы урд хоолоо иддэг, хойно нь гал тогоо байсан. Зүүн талын дуганд нь хичээл ордог байсан. Тэр үед Жанчив гэж багш байсан.
Дэжид -
Юу заах уу?
Бухаа -
Тоо хэлбичиг заадаг байсан.
Дэжид -
Тэр үеийн хүүхдүүд ямар хувцастай байсан бэ?
Бухаа -
Дандаа Монгол дээл, Монгол гутал. Олигтой юм олдохгүй их ховор байсан. Боловсруулалт нь дандаа гараар байсан.
Дэжид -
Наар гэж юу вэ?
Бухаа -
Наар гэдэг нь банз тавьсан доогуураа зайтай, зэргэцээд унтдаг байсан.
Дэжид -
Үргэлжилсэн хавтгай банз байх нээ?
Бухаа -
Үргэлжилсэн хавтгай банз. Хүүхдүүд их хүнд байсан.
Дэжид -
Хоол ундаа яадаг байсан бэ?
Бухаа -
Баруун талын зүүн тийшээ харсан дуганы хойд талд Гаваан, Наваан гэж хоёр эрэгтэй тогооч байсан. Тэр хоёр хоолоо хийнэ.
Дэжид -
Хүнсийг нь хаанаас хангах уу?
Бухаа -
Мэдэхгүй. Гурил их ховор шүү дээ.
Дэжид -
Хүүхдүүдийн гэрээс хоолны юм авах уу?
Бухаа -
Авахгүй. Сүүлдээ авсан гэж бодож байна. Хичээлийн хувьд урд талынх нь ахмад анги, хойд талд нь нэг анги гээд хоёр анги байсан.
Дэжид -
Хэдий хугацаатай ажиллах уу? Зуны амралт, өвлийн амралт гэж байх уу?
Бухаа -
Амралт байна. Амралтаар унаа олдохгүй. Би бол гурван хүүхэдтэй нийлээд явган явчихдаг байсан. 1944 онд их зуд болж байсан. Түүнд айлууд малгүй болж байсан. Ер нь сум орон хүнд байсан. Тэр үед хүүхдүүд их чийгтдэг байсан. Сүүлдээ чийгтэнэ гээд том том саван дотор шилмүүст модны навчийг хийгээд хар цай шиг уулгадаг байсан.
Дэжид -
Чийгтэнэ гэдэг нь яадаг байсан бэ?
Бухаа -
Хоёр хөл нь татчихдаг. Улаан бурхан гээд бүх биеэр нь улаан юм туурдаг өвчин гарсан. Чийгтэнэ гэдэг нь хүүхдүүдийн хөл гар нь татаад эхлэнэ дээ. Сүүлдээ сургуулийнхаа барилгыг өөрчилсөн. “Асгатын” хийд гэж их дор газар байлаа. Одоо бол тэр сум нь дээшихнээ гарсан.
Дэжид -
Байгалийн тогтоц нь нам дор газар юм уу?
Бухаа -
Их нам дор газар. Одоо бол дээр гарсан.
Дэжид -
Тэр үед Дорнод аймагт харъяалагдаж байж. Одоо бол Сүхбаатар аймгийн Халзан сум уу?
Бухаа -
Нэг жил шахуу Дорнод аймгийн харъяа байсан. Тэгээд 1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдсан. Тэгээд Сүхбаатар аймгийн харъяа болж байгаа юм. 1943 байна уу, 1944 онд хүүхдүүд чийгтээд байна гээд баруун дэнж дээрээ урт цагаан байшин барьсан. Хоолны газар нь тэр баруун дэнж дээрээ, дотуур байр нь зүүн доороо хэвээрээ. Хоолондоо явахдаа км шахуу газар явна. Их хадтай хүмүүс дандаа дөрвөн хөллөж явдаг байсан. Их өөд.
Дэжид -
Км шахуу газар явж байж хоолоо иддэг байсан юм уу?
Бухаа -
Тийм. Сүүлдээ баруун дэнж дээрээ сургууль шилжиж очсон. Тэр байшин нь ямар байшин байсан бэ? гэвэл цонх нь хааш хаашаагаа дицметр шиллэчихсэн. Шил олдохгүй. Модон самбартай, мөн наартай. Нааран дээрээ унтана, хичээлээ хийнэ, юмаа хураана.Тэр үед захирал нь Авирзэд гэж хүн байсан. Нилээн олон жил ажилласан, сайн шаардлагатай хүн байсан. Баруун дээрээ гарчихаад тиймэрхүү байдалтай байсан. Хоол гэвэл хар гурил. Хар гурил гэж хивэг л өгнө. Хоолонд цагийн хуваарь гэж байхгүй. Цэргийн зохион байгуулалттай. Сумангын дарга гэж байна. Сахилгагүйтсэн хүүхдэд арга хэмжээ авна. Оройн хоол таван цагт ч орж мэднэ, есөн цагт ч орж мэднэ. Тийм замбараа муутай. Хичээл таслана гэж байхгүй. Хүүхдүүд их зарчимтай, томоотой байсан.
Дэжид -
Тэр үед хүмүүс хүүхдүүдээ сургуульд дуртай өгдөг байсан уу? Таныг яагаад сургуульд өгсөн бэ?
Бухаа -
Манай аав бол сургуульд дуртай өгдөг хүн байсан. Анх Халзаншандад хоёр сарын курст хоёр хүүхдээ өгч байсан.
Дэжид -
Зарим айлууд хүүхдээ өгөх дургүй юу?
Бухаа -
Ер нь бол хүүхдээ өгөх дургүй.1950-н хэдэн он, 1960-н хэдэн он хүртэл дургүй байсан. Юм мэдэхгүй хүмүүс их байсан.
Дэжид -
Та долдугаар ангиа төгсөөд яасан бэ?
Бухаа -
Долдугаар ангиа төгсөөд багшийн сургуульд явсан.
Дэжид -
Хүн болгон явдаг байсан уу?
Бухаа -
Нэг өдөр сум суурингаас дуудаад явсан.
Дэжид -
Тэр нь хаана байх уу?
Бухаа -
Улаанбаатарт.
Дэжид -
Аймагт багшийн сургууль байгаагүй юм уу?
Бухаа -
Байгаагүй. Тэнд би анхан очсон.
Дэжид -
Тэр чинь хэдэн он бэ?
Бухаа -
1947 он.
Дэжид -
Анх Улаанбаатарт очиход ямар байв?
Бухаа -
Усаа дайлуу тэргээр зөөдөг байсан. Голдуу Хятадууд явдаг байсан. Том тоомсог морь хөллөчихсөн, усаа зөөдөг байсан. Ганц хоёрхон том хөх цэнхэр автобус явдаг байсан. Одоогийн 120-н мянгатын хавьд төв зах нь байсан. Хамгийн анхны зах нь өндөр хоршооны баруун талд байсан. Сүүлдээ тийшээ очсон.
Дэжид -
Таныг анх хотод очиход тэр үеийн хот ямар санагдаж байсан бэ?
Бухаа -
Хүүхэд байсан болохоор их том газар ирсэн юм шиг бодож байсан. Цэргийн байрны хойд тал нилэнхийдээ хятадууд байсан. Хоолны газар, махны дэлгүүр, ногооны дэлгүүрт дан хятадууд байсан. Багшийн сургуульд би Раднаа багшийн ангид орж байсан. Авгай нь Даш гэж хүн байсан.
Дэжид -
Та нар багшийн сургуульд очихоороо дотуур байранд байх уу?
Бухаа -
Би дотуур байранд орж байсан. Багшийн сургуулийн зүүн талд дүнзэн байшин байсан.
Дэжид -
Тэр үед олон хүүхэд явдаг байсан уу?
Бухаа -
Цөөхөн хүүхэд явж байсан.
Дэжид -
Долдугаар ангиа төгсөхөд та хэдүүлээ төгсөж байсан бэ?
Бухаа -
Хорин хэд төгссөн байх.
Дэжид -
Тэгээд тал тал тийшээ явах уу?
Бухаа -
Их сургуульд явсан. Би багшийн сургуульд явсан.
Дэжид -
Таны саналыг авсан уу? Та багш болъё гэж бодож байсан уу?
Бухаа -
Намар манайх намаржаандаа буугаад байж байтал сумаас хүн ирээд чамайг багшийн сургуульд явуулахаар болсон гээд тушаал ирээд явж байсан.
Дэжид -
Өөрийн саналыг авахгүй юу?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Сургуульд явна гэдэг чинь тэр үед ховор тохиолдол байсан уу?
Бухаа -
Ховор тохиолдол байсан. Ер нь бол дуртай явахгүй шүү. Яв гэсэн бол явж л байдаг байсан.
Дэжид -
Тэр үед танайх ямар хувийн мал аж ахуйтай байсан бэ?
Бухаа -
Манай аав байхгүй, яваад өгсөн байсан.
Дэжид -
Нас барчихсан байсан юм уу?
Бухаа -
Тагнуулч юмуу гадаад хоёр, гурван удаа яваад алга болсон.
Дэжид -
Таны аав ямар хүн байсан бэ?
Бухаа -
Багын дарга байсан. Ядуу хүнд их сайн. Өглөө настай хүмүүсийн үсийг авна гээд төмөр билүүтэй гардаг. Шөл гаргаж өгөх хүн байвал шөл гаргаж өгнө гээд хутга аваад гардаг байсан. Архи олж уух гэж тэгдэг байсан юм уу бүү мэд их архичин хүн байсан. Тэр үедээ курс байгуулаад Пүрэвдорж, Агваан гэдэг хоёр хүн авчраад хүүхдүүдэд ном заалгадаг хүн байсан.
Дэжид -
Та багшийн сургуульд яваад гээд хоёулаа ярьж байлаа. Тэр талаараа үргэлжлүүлээд цааш нь яръя.
Бухаа -
Би 1947 онд багшийн сургуульд очоод 1950 онд төгссөн. Раднаа багшийн ангид байсан. Сургуульд байхдаа дотуур байранд байсан. Заримдаа хамаатныхаа ахынд очдог байсан. Багшийн сургууль намартаа нэг хөвөнтэй өмд, эсгий гутал тавьж өгдөг байсан. Хүүхдүүд голдуу монгол гутал, эсгий гуталтай явна.
Дэжид -
Тэр үед үү?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Хичээлдээ явахад нь зориулж өгч байсан юм уу?
Бухаа -
Хичээлдээ явахдаа өмсөнө. Тэр үед ахмад багш гэвэл Талаан гэж багш байсан.
Дэжид -
Тэр үеийн багшийн сургуулийн суралцах хугацаа нь гурван жил байж.
Бухаа -
Тийм.
Дэжид -
Тэгээд бага ангийн багшаар төгссөн үү?
Бухаа -
Тийм. Аттестат өгдөг байсан. Тийм үнэмлэхтэй төгсч байсан. Гурван жил болоод зургаан сард төгсөж байсан.
Дэжид -
Цалин авах уу?
Бухаа -
Авахгүй.
Дэжид -
Хоол ундныхаа зардлыг яах уу?
Бухаа -
Тэрийг өгөхгүй. Өөрсдөө хариуцна.
Дэжид -
Оюутан байхад таньд цалин өгч байсан уу?
Бухаа -
Өгөхгүй.
Дэжид -
Хоол ундаа яах уу?
Бухаа -
Гал зуухтай.
Дэжид -
Багшийн сургуульд оюутан байхад уу?
Бухаа -
Тийм. Орой зургаа, долоон цагийн үед байр хоолтой. Хонх цохиод л. Оройны давтлагатай. Хичээл маш сайн. Дандаа хөдөө байсан хүүхдүүд. Багшийн сургуулийн программ хатуу. Орой давтлага гээд зарим хүүхдүүд шөнийн гурав хүртэл сууна. Чойбалсангынн нэрэмжит цалинтай хоёр онц сурдаг хүүхэд байсан.
Дэжид -
Онц сурвал цалинтай байх уу?
Бухаа -
Онц сурвал Чойбалсангын нэрэмжит шагналтай байсан.
Дэжид -
Багшийн сургууль төгсөөд та өөрийн нутагтаа ирсэн үү?
Бухаа -
Би Хэнтий аймагт хуваарилагдсан. Тэгтэл гадны аймагт хуваарилагдсан эндээ багшил гэж боловсролын яам шийдсэн. Тэгээд байтал цэрэг татлага болоод гадны аймагт хуваарилагдсан гээд цэрэгт явсан.
Дэжид -
Та 1950 онд төгсөж ирээд багшийн ажлаа хийхгүй шууд цэрэгт явсан юм уу?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Тэр үед цэрэгт хэдэн жил явдаг байсан бэ?
Бухаа -
Гурван жил. Тусгай мэргэжлийн хорин таван цэргээ үлдээгээд, бусдыг нь явуулчихсан. Хотоос машин гарчихсан ирдэггүй.
Дэжид -
Тусгай мэргэжлийн цэрэг гэж ямар цэрэг вэ?
Бухаа -
Сургууль төгссөн ч юмуу боловсролтой цэргийг Улаанбаатарт авч байгаа юм. Улаанбаатар луу явах машин ирэхгүй оройхон ирсэн. Тэр оройноо яваад хөдөө хоноод, машин нь эвдрээд, хөлдөж үхэхээ шахсан. Мөнххааны ойрхон хоносон. Маргааш нь Мөнххаан дээр очиж машинаа засаад, Хэнтийн наана бас машин эвдэрсэн.
Дэжид -
Тэр үед зам муу байсан уу?
Бухаа -
Муу байсан. Машин олдохгүй. Ямар сайндаа сар болж хот орж байхав дээ. Тэгээд цэрэгт очсон. Хэнтийд сар байсан. Хэнтийд сар байхдаа тавь, жаран майханд байсан. Дөрвөн талдаа манаатай. Тэгээд комиссд орно доо.
Дэжид -
Комисслана гэхээр яах уу?
Бухаа -
Эрүүл мэндийг нь үзнэ. Жагсааж байгаад усанд оруулж байгаа юм. Хувцасыг нь хашаан дотроо овоолчихоод, шалдан жагсаагаад, халуун усанд оруулаад шинэ хувцас авч өгнө.
Дэжид -
Өөрийнх нь өмсөж байсан хуучин хувцасыг нь яах уу?
Бухаа -
Шатаачихдаг байсан биз.
Дэжид -
Та хуучин хувцасаа буцааж аваагүй юу?
Бухаа -
Аваагүй. Муу хувцаснууд байсан юм чинь. Хүмүүс чинь цэргийн газар хувцасыг нь шатаадаг гээд олигтой юм өмсөж очихгүй.
Дэжид -
Цэргээс нэгдсэн хувцас өгнө гээд муу юмаа өмсөж очих уу?
Бухаа -
Тийм. Тэгээд карентин гэдэг юманд орно. Тэр нь майхнаасаа гараад Улаанхуарангын олон байшингууд дотор ороод бие биеэ дараад зулаад унтчихна. Тэгээд гадаа жагсаагаад ангиудад хуваарилана. Би барилгын батлёнд хуваарьлагдсан. 1951 онд Хөдөө аж ахуйн дээдийг барьсан.
Дэжид -
Одоогийн хөдөө аж ахуйн их сургууль уу?
Бухаа -
Тийм. Туулын урд хөвөөн дээр очоод, орох байшин баригдаж дуусаагүй. Мянга гаран хүн авчихсан. Өчнөөн майхан туулын урд. Арван хоёр сар өнгөрч байж тэр байр дууссан. Тэр болтол дандаа майханд байсан. Цас орчихоод байж байхад цэнхэр даалимбан гадартай, өтгөн үстэй нэхий углаа тавьж өгч байсан. Тэнд байж байтал байр дуусаж, дахиад анги хуваарилсан. Намайг арын салаанд хуваариллаа. Арын салаа гэдэг нь гал тогоо, номын сан, клубууд байна. Цэргүүдийн захиаг нааш нь цааш нь дамжуулдаг, цэрэг дарга нарын захиалсан сонинг тарааж өгдөг байсан. Тийм ажилд очсон. Жинхэнэ дарга нь хурандаа Арнаажав гэж хүн байсан. Ахмад байсан, нэг цэрэг байсан, би клубын эрхлэгч гээд дөрвөн орон тоотой. Нэг морьтой.
Дэжид -
Хот дотор мориор явах уу?
Бухаа -
Зайсангийн амнаас төв шуудан хүртэл мориор явдаг байсан. Машин гэж байхгүй дандаа мориор явна. Зайсангийн баруун талд цэргүүдийн соёлжуулах материалыг хийдэг склад байна. Тиктофон гэж цэргүүдийг соёлжуулах юм байсан.
Дэжид -
Тиктофон гэж юу вэ?
Бухаа -
Дөрвөлжин хар хайрцагтай пянз тоглуулагч. Гитар, баян, дэвтэр гээд склад дүүрэн юм байна. Тэднийг сумангуудад хуваарилж өгнө. Баруун талд офицерын булантай. Тэрийг нь хариуцаж байсан. Тэндээ их сайн нэртэй, сайн ажиллаж байсан. Дарга нар нь сайн. Би сонингоо аваачиж өгөөд, ирсэн захиаг нь аваад төв шуудандаа аваачиж өгчихөөд, айлуудаар яваад гурван цаг гаран яваад ирэхэд Доржоо маань Арнаажав гуайг дотор нь байгааг нь мэдэхгүй цоожилчихож. Дотор Арнаажав хурандаа маань байна. Тэгээд яаж ийж байгаад цоожийг нь эвдлээд орсон чинь хурандаа маань хайран цоож минь гурван сэрвээтэй цоожгүй боллоо гэж хэлчихээд загнадаггүй тийм сайхан ноён нуруутай дарга нар байсан. Тэр үеийн дарга нар үнэхээр мэдлэгтэй хүмүүс байсан санагдаж байна. Дараа нь эмээл аваад оруулчих гэж байна. Тэгэхээр нь эмээлийг нь аваад конторт оруулчихлаа. Тэгсэн хоёр генерал ороод ирлээ. Тэгээд тэр хоёр гараад явчихлаа. Би буцаад ороод ирлээ. Тэгсэн нөхөөр Чи намайг яаж чадах гээд байна вэ? гэж байна шүү. Яасан бэ? Чи тэр эмээлийг юу гэж тэр дээр тавьчихсан юм бэ? тэрийг нь хар гэж байгаа юм шиг доогуур нь тавихгүй гэлээ. Би мэдсэнгүй тавьчихлаа Арнаажав гуай гэхэд за яахав тэрэнд битгий санаа зов гэж хэлж байсан. Тийм л сайхан дарга нар байсан. Муу хүн таараагүй.
Дэжид -
Цэргийн гурван жил сайхан байж.
Бухаа -
Сайхан байсан. Арми бол үнэхээр сайхан. Армийг магтана. Тэгээд нэг жилийн дараа армийн госпитальд ерөнхий эрдмийн багшаар авна гээд. Сангийнх нь дарга гавяат эмч Шаравжав гэж байсан.Одоо хүүхдүүд нь том том эмч нар бий. Би явахгүй эндээ байя гээд Арнаажав гуайгаас гуйгаад сонгууль өнгөрөөсөн. Анхны сонгууль 1951 онд болсон. Хамгийн түрүүний сонгуулийг явуулж байгаад манай хүн намайг тэндээ байлгаад байсан. Тэгээд 1951 онд ардын хувьсгалын гучин жилийн ой боллоо. Би мориор наадам үзье Арнаажав гуай гэлээ. Морио сольж машинаар наадам үзэж байлаа шүү дээ. Ерөнхий сургуулийн баригддаггүй хурдан морийг бариад уначихлаа шүү.Тийм сайхан энгийн байсан. Арнаажав гуай наадам үзэх гэж байгаа хүн байна даа би халуун усанд оръё миний морийг харж байгаарай гэлээ. Тэгээд хоёулаа Зайсангийн гүүрэн дээгүүр гараад явж байсан чинь чи ерөнхий сургуулийн хээрийг яагаад бариад авсан юм бэ? Энэ мөн шив дээ. Хоёулаа морио солих уу гэж байна. Би өөрөө мэддээ гэлээ. Бухаа маань явах гэж байгаа юм чинь наадахтайгааа наад сайхан морь шүү гэж байсан.
Дэжид -
Тэгээд наадам үзсэн үү?
Бухаа -
Наадмын дараагаар ажлаа хүлээлгэж өгсөн. Ахындаа хоёр хоносон. Ах маань хурандаа Дугаржав гэж хүн байсан. Манай ээжийн төрсөн дүү. Хошууч Цэдэндамба гэж буриад хүн байсан. Манай ахыг таньдаг байсан. Тэгээд ажлаа өгчихөөд би явах болсон.Доржоо бид хоёрт хорин тав, хорин таван төгрөг өгөөд гаргаж өгч байсан. Тэгээд госпитальд очсон. Госпиталийн дарга Шаравжамц гуай дээр яваад очсон. Би бага ангийн багш хүн дунд ангийн юм зааж чадахгүй гэсэн. Тэр хүн “Зориг байвал бүхнийг ялна” гэдэг байсан. Тэгээд нэг хаалга онгойлгоод ерөнхий эрдмийн багш чинь энэ шүү гээд явчихаж байгаа юм. Өөдөөс Шумер гэж хошууч гараад ирж байгаа юм. Тэгээд үг хэлүүлэхгүй за миний хүү халагдах цэргээс шалгалт авчих гэж байна.Тэр шалгалтан дээрээ есөн хүн уналаа.Есөн хүний үнэмлэхийг нь өгөөгүй. Тэгсэн бага дарга гээд нэг бүдүүн залуу орж ирээд загнаад. Тэгэхээр нь би өгөхгүй гэсэн. Тэгсэн улс төрийн орлогч дуудаж байна гэж байна. Нөгөөдөх чинь очоод ховлочихож. Тэгсэн Шумер дарга хөдөөнөө очоод зовно биздээ миний хүү өгчих гэж байна.Тэгээд би өгч байсан.
Дэжид -
Халагдсан цэргээс шалгалт авдаг байж.
Бухаа -
Ерөнхий эрдмийн шалгалт авдаг байсан.
Дэжид -
Та тэнд хэдэн жил ажилласан бэ?
Бухаа -
Сумангийн дарга намайг нэг өдөр загналаа. Би өөрт нь ном заахаар очиж байгаа юм. Тэгсэн дарга нь наад ажлаа шалгуул гэж намайг загнаж байхгүй юу. Чамд хичээл зааж, чамд ажлаа шалгуулах толгой нь эргэсэн хүн байхгүй, би хэрэггүй газраа ирлээ хуучин ангидаа очъё гэлээ. Тэгсэн хоёр том дарга амралтанд явсан байсан. Сүүлдээ тэр очоод ойлгосон.
Дэжид -
Та намд орсон уу?
Бухаа -
Тэнд намд орсон.
Дэжид -
Өөрөө оръё гэж орсон уу?
Бухаа -
Өөрөө оръё гэж орсон.
Дэжид -
Тэр үед намд орох нь ямар ач холбогдолтой байсан бэ?
Бухаа -
Хэлж ярьж байгаа юмыг хүлээн авах нь арай дээр юмуу гээд намын гишүүн болж байсан. Өнөө улсууд чинь хичээлдээ орж ирлээ. Хичээл ч сайхан заалаа. Сувилагч нар голдуу эмэгтэй хүмүүс байна. Би танай тасагт ямар хүн хэвтэв? Сайн зураач байна уу? Юм мэддэг хүн байна уу? гээд судалчихна. Уран Дамдин байна. Тэр үед усан будаг, тосон будаг, гуаш, алт мөнгөн боронз, ватум цаасаар үзүүлэнгүүдээ хийнэ. Алгебр, геометр, хими, физикийн томъёонуудыг бичээд, дээр нь эрдэмтнийх нь зургийг нь зураад, үзүүлэнгүүдээ хийнэ. Багшийн сургуулийн физикийн багш Насанбуян гэж хүн байсан. Химийг Балдан багшаараа, Алгебрыг Раднаа багшаараа шалгуулна. 1952 онд сайн ажилласан гээд хоёр сарын чөлөөгөөр шагнуулсан. Тэгээд хөдөө ирээд авгай авсан. Нилээд хожигдоод очсон.
Дэжид -
Та хоёр сарынхаа чөлөөнд авгай аваад, бас хоцроод очиж байж.
Бухаа -
Тийм. Тэгсэн загнахгүй байсан. Шагналын бичиг өгсөн.
Дэжид -
Та хэдэн жил тэнд ажиллаж байгаад энд ирсэн бэ?
Бухаа -
Сайн дарга нар байсан. Ажил сайн бол тэгээд нэр төр авдаг юм байна лээ. Тэндээ ажиллаж байтал Ленинградад явуулна гэдэг юм.
Дэжид -
Таныг уу?
Бухаа -
Тийм. Тэгэхэд би аав байхгүй, ээж минь ганцаараа гэсэн. Дотроо бол халагдах юм бодоод байдаг. Тэгээд Цэдэндамба гуайгаас аав байхгүй, ээж минь ганцаараа байгаа, бас эхнэр авсан гээд би халагдмаар байна гэж гуйлаа. Бичиг гаргуулаад ирдээ гэсэн. Тав, зургаан сар гуйж байж халагдсан. Тэгээд хөдөө гарч ирсэн.
Дэжид -
Та хэдэн онд ирж байсан бэ?
Бухаа -
1953 онд. Тэгээд Уулбаян сумандаа бага ангийн багшаар очсон.
Дэжид -
Одоо хоёулаа бага ангийн багш тэр үед ямар байсан талаар яръя.
Бухаа -
Бага ангийн багшаар Уулбаянд очсон. Их хүнд байдалд орсон. Армид их сайхан байсан. Хангамж сайхан, дарга нар сайхан харьцаатай байсан. Харуул түлээгээ түлнэ. Хүүхдүүд нэхий дээлтэй, маш бүдүүлэг, шал өөр орчинд орсон. Сургууль сайн ажиллаж байна гэсэн. Бага ангийн багш гэсэн үнэмлэх олгохоор яамнаас хүмүүс ирсэн. Би нэг цагаан хурган малгайтай явж байсан. Миний ажлыг шалгачихаад өвчний актыг цээжээр шалгачихдаг юм байна гэж намайг дүгнэж байсан.
Дэжид -
Тэр үед галлахыг нь галчин галлах уу?
Бухаа -
Галчин галлана.
Дэжид -
Хэмжээтэй галлах уу?
Бухаа -
Багш нарт нэг тампуу аргалын норм өгнө.
Дэжид -
Тампуу гэдэг нь шуудай юу?
Бухаа -
Тийм. Гурван цагт цуглаад нэг шуудай аргал өгнө. Их хүнд байсан.
Дэжид -
Багш нарт гэдэг чинь багш нь тусдаа гэрт байх уу?
Бухаа -
Заримд нь гэр тавьж өгсөн. Ламын барьж байсан жижиг гэр.
Дэжид -
Та хаана байдаг байсан бэ?
Бухаа -
Би эхний жил айлд сууж байсан.
Дэжид -
Айлд сууж байж ажил хийх юм уу?
Бухаа -
Айлд сууж байж ажил хийнэ. Сүүлийн гурав, дөрвөн жил гэр өгсөн. Гэхдээ цалин бага. Хоёр зуу хүрэхгүй байх. Амьдрал маш хүнд. Аргал түүж байгаа юм. Тэр орон гэр нь их хүйтэн. Дан бүрээстэй, нэг тампуу аргалын нормтой. Намар нэг хүү маань тэнд төрсөн. Тэр хүү маань тэндээ хатгаа аваад нас барсан. Тийм хүнд үед ажиллаж байсан.
Дэжид -
Хүүхдүүдийг сургуульд сургахад багш нар ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ? Өөрсдөө хүрээд ирдэг байсан уу? Хүүхдүүдээ олох уу?
Бухаа -
Захиргаан дээгүүр явж байгаад хүүхдүүдээ цуглуулна.
Дэжид -
Тэгж цуглуулахад багш нар хамт явах уу?
Бухаа -
Намар цуглуулахаар явна. Шөнөжин явж байгаад өглөө ирээд хичээлдээ орно. Хүүхдээ өг гээд шөнө айлуудаар явна. Тэгээд хичээлээ заана. Цалин бага, амьдрал хүнд байсан.
Дэжид -
1950-н хэдэн онд амьдрал хүнд байсан юм байна.
Бухаа -
Тийм. Цалин гэж ярьдаггүй байсан. Залуу байсан болохоор цалин энэ тэр гэж ярихгүй. Заримдаа аргагүй эрхэнд ярих гэхээр ааруул өгсөн. Гэр орон өгсөн гэнэ.
Дэжид -
Таны амьдалын явцад хүүхдүүд сургуулиас гадуур яаж боловсрол олж авдаг байсан бэ?
Бухаа -
Бүлэг, дугуйлангуудад нэг их яваад байдаггүй. Ямарч хүн өөрийхөө хийсэн ажилд эзэн болдог юм. Хүний хийсэн үзүүлэнгээр хүн ажилладаггүй юм. Ямарч сайхан үзүүлэн хэвлэгдээд ирэхэд ашиглахгүй, өөрийнхөө толгойгоор өөрөө хийсэн юмыг ашиглана. Тэр үед таар гээд зузаан бүдүүн ширхэгтэй хөх тампуу байсан.
Дэжид -
Тампуу гэдэг чинь шуудай шүү дээ.
Бухаа -
Тийм. Тэрийг гурилаар жанхуудаад, дээр нь цаас наагаад, зураг наагаад индүүдээд ирэхээр товойгоод гараад ирдэг юм. Тампууны хээ нөгөө зурган дээр товойгоод гараад ирдэг байсан. Тийм үзүүлэн хийдэг байсан. Багш нарыг бүх хичээлийн конспектээ хийгээд, хүүхдүүдийн хоёр ээлжийн бүх дэвтрийг засаад, үзүүлэнгээ хийгээд шөнийн нэг цаг хүртэл суулгадаг байсан.
Дэжид -
Тогтмол тэгэх үү?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Хагас бүтэн сайнд амарна гэж байх уу?
Бухаа -
Хагас сайнд амарна. Тийм үзүүлэн хийж жаазлаад хаддаг. Сүүлдээ хүлээн авагчтай болсон. Цалин мөнгөний хувьд ярих юм байхгүй. Гэртээ хоёр жижиг тампуу ямааны мах, үхрийн мах хөлдөөгөөд хийчихнэ. Сав суулга байхгүй. Тэглээ гээд муу юм болдоггүй болчихдог л юм байна. Би тэнд гурван жил ажиллаад, сүүлдээ аймгийн төвд ирж ажилласан. Эндээ хоёр жил багшилчихаад Баянтүмэн суманд очсон.
Дэжид -
Нааш цааш явахыг чинь өөрөө хүсэж явах уу? Хаанаас томилох уу?
Бухаа -
Боловсролын хэлтэс.
Дэжид -
Аймгаас уу?
Бухаа -
Тийм. Намар семинар хийгээд хуваарилчихна.
Дэжид -
Зун хүүхдүүд амрахаар багш амрах уу?
Бухаа -
Амарна.
Дэжид -
Намар семинар хийдэг байсан уу?
Бухаа -
Сар гаран хийдэг байсан. Семинар хийсний дараагаар хурлаа хийнэ.
Дэжид -
Тэр семинар нь ямар чиглэлээр юу явагддаг байсан бэ?
Бухаа -
Заах арга гэж байсан.
Дэжид -
Та тэгээд Түмэн лүү явсан юм уу?
Бухаа -
Түмэн биш Баянтүмэн. Баянтүмэндээ хоёр жил болсон. Манай ээж Мөрөнд байсан. Тэгээд ээж дүү хоёроо аваад Бүрэнцогтын уурхайд очсон. Тэгээд байж байтал машин ирээд аж ахуй хий гэсэн. Бас аж ахуйн талын юм хийчихнэ гэж бодсон байлгүй. Тэгээд би аж ахуйн ажил хийсэн.
Дэжид -
Тэр нь хэдэн он бэ?
Бухаа -
1964 он.
Дэжид -
Тэр үеийн багш нарт мэргэжлээ дээшлүүлэх нэмэлт юм зохион байгууллагддаг байсан уу? Багшийн сургууль төгссөнөөс хойш та юманд явсан уу?
Бухаа -
Багшийн сургууль төгссөнөөс хойш би юманд явж үзээгүй. Харин шинэ системээр хичээллэнэ гээд сургалтанд сууж байсан.
Дэжид -
Тэр үед залуу багш нарын дэмжинэ гээд аймаг орон нутгаас нь хөнгөлөлт үзүүлж, дэмждэг байсан уу?
Бухаа -
Байхгүй.
Дэжид -
Намын гишүүн хүн хийх ёстой гэх үү?
Бухаа -
Ёстой гэх юм байхгүй. Хийгээд сурчихсан байна. Амралтаараа бол хаа дуртай газраа амарна. Намар хичээлээ заана даа. Тэгээд би арван жилд аж ахуйн захирлаар ирсэн. Их хүнд ажил байсан. Энэ арван жил чинь ягаан байшинд байсан. Дандаа аргал түлдэг.
Дэжид -
1964 онд аргал түлдэг байсан юм уу?
Бухаа -
Тийм. Уурын зуух манай мэдэлд байсан. Ажилчидаа аргалд явуулна. Багш нартаа аргал өгнө. Хоёр зуун машин аргал татна. Ер нь их хэцүү байсан.
Дэжид -
Та аж ахуйн нярав хийж байгаад тэтгэвэртээ гарсан уу? Өөр ажил хийж байсан уу?
Бухаа -
Аж ахуйн захирал хийж байсан. Захирал хийж байгааад багшийнхаа ажил руу орсон.
Дэжид -
Буцаад уу?
Бухаа -
Тийм. Төвдөө багшилсан.
Дэжид -
Та хэдэн жил багшилсан бэ?
Бухаа -
Ер нь 1953-н оноос багшилж эхэлсэн. 1964 оноос 1986 он хүртэл багшийн ажлаас салаагүй дээ. Аж ахуйн захирал дөрөв таван жил хийгээд дан багшийн ажлаа хийсэн. Сургуулиудын уралдаан тэмцээнд тоо, монгол хэлээрээ шалгарч байсан.
Дэжид -
Таны хөдөө орон нутагт багшилж байснаас төвд багшлах нь давуу байсан уу?
Бухаа -
Давуу байсан.
Дэжид -
Юугаараа?
Бухаа -
Адил шаардлага өндөр байсан. Сургуулиудын хооронд, багш нарын хооронд хүүхдийнхээ сурлагыг ахиулахын тулд уралдаан, тэмцээн их зохиодог байсан.
Дэжид -
Ажиллах нөхцөл сайн байсан уу?
Бухаа -
Гайгүй байсан. Орчин ч арай дээрдсэн. Яамны үзлэг 1975 онд болсон байх. Би тэрүүгээр “ардын тэргүүний ажилтан” авсан. Одоотой адилгүй ажил шалгаж, яг гардаж шалгадаг байсан. Миний шагналд тодорхойлолтын шагнал ганц ч байхгүй. Дандаа биечилж авсан. Сайд “ардын тэргүүн”-ийг өгсөн.
Дэжид -
Тэр үед намын гишүүдийг тодорхойлдог байсан юм биш үү?
Бухаа -
Тодорхойлохгүй, яамны үзлэгээр шууд шагнаад явчихдаг байсан. Гомбосүрэн сайдаас би улсын тэргүүний багш авч байсан. Тэгээд байж байгаад манай арван жилд улсын нэг том шалгалт ирсэн. Чойбалсанд зочид буудалд очоорой гэж надад хэлсэн.
Дэжид -
Тэр үед шалгалт, шүүлэг боловсролын салбарт их ирэх үү?
Бухаа -
Их ирнэ.Тэгээд очсон чинь хоёр гурван хүн сууж байна. Таны ажил их сайн байна. Таньд төрийн нэг том шагнал өгнө. Бид нар “Алтангадас” өгөхөөр ярилцаж байна гэж байна. Тодорхойлолтгүй “Алтангадас” өгч болдог юм уу? гэхэд сүүлд Батболд гэж боловсролын яаманд ажиллаж байсан манай аймгийн хүн нөгөө “Алтангадас”-ыг чинь аваад ирж.
Дэжид -
Та орон нутагтаа байж байгаад “Алтангадас” авсан юм уу?
Бухаа -
Авсан. Тодорхойлолт надаас аваагүй. Дарга нар үзлэгээр надад өгсөн. Орон нутгаас авсан шагнал гэвэл багш нарын дунд хоёр том тэмцээнд болсон. Нэгэнд нь түрүүлээд 6000 төгрөг авсан. 6000-н төгрөг чинь мотоциклийн үнэ. Нэгдэл дунд гэрээ хийсэн юм байна. Манай нэгдлийн дарга Дашзэвэг гэж хүн байсан. Орон нутгаасаа тэр тэмцээнд шалгараад 6000 төгрөгөөр шагнуулсан. Комисс гараад хоёр, гурван удаа шалгаруулж байсан. Бас нэг тэмцээнд түрүүлээд Хиагт орчмын амралтанд хорин хэдэн хоног амарсан.
Дэжид -
Таны ажлын онцлог, арга барил тухайн үедээ ямар байсан бэ? Та яаж сайн ажилладаг байсан бэ?
Бухаа -
Хүүхэдтэйгээ тойрч ажилладаг байсан. Миний ангийг хүн авсан тулж ажилладаггүй. Би өөрөө тулж ажилладаг байсан. Бүх хичээл дээр сэдэв сэдвээр нь үзүүлэн хийж байсан. Тараах материалтай. Ажилдаа дуртай бол цаг хурдан өнгөрдөг. Цаг бол чамлагдаад бага байдаг. Дургүй байвал цаг явахгүй байх гэж би боддог.
Дэжид -
Тэр үеийн багш нарын ажилдаа хандах хандлага нь ямар байсан бэ?
Бухаа -
Сайн. Цөмөөрөө зүтгэцгээнэ. Шагнал авч байсан багш нар бий.
Дэжид -
Төрөөс яаж боловсролыг анхаарч байсан бэ?
Бухаа -
Тийм гээд хэлэх айхтар юм байхгүй.
Дэжид -
Ер нь хүн болгоныг боловсролтой болгоно, сургана гэж байсан уу?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Социализмын үед материаллаг бааз, нөхцөл байдал нь яаж дээшилж байсан бэ?
Бухаа -
Материаллаг баазын хувьд хэвлэмэл үзүүлэн ирж байсан. Тэрийг нь хүн хэрэглэх гэхээр муу. Тэгээд өөрийнхөө гараар хийнэ. Манайд нэг гарын дүйтэй багш байсан. Тэр бид хоёр кабинет байгуулсан.
Дэжид -
Таныг кабинет байгууллахад хэн тэр зардлыг нь гаргадаг байсан бэ?
Бухаа -
Эцэг эх өгч байсан.
Дэжид -
Эцэг эхийнхээ хүчээр гаргах уу?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Та өөрөө санаачлаад өөрөө хийдэг байсан уу?
Бухаа -
Тийм. Өөрөө санаачлаад өөрөө бүтээдэг байсан.
Дэжид -
Сургууль тань мөнгө гаргаж өгөх үү?
Бухаа -
Өгөхгүй. Их өрсөлдөөнтэй байсан.
Дэжид -
Таны гол бахархдаг зүйл юу вэ?
Бухаа -
Түмэн олноороо сайхан амьдралтай, түмэн олноорооо ажлын бүтээмжтэй энх амгалан байгаасай гэж дотроо залбирч явдаг.
Дэжид -
Тухайн үед ажиллаж байсан ажлаараа бахардаг уу?
Бухаа -
Бахархдаг.
Дэжид -
Олон шавьтай юу?
Бухаа -
Олон шавьтай.
Дэжид -
Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу? Байгаа бол тэрийг та юу гэж үзэж байна вэ?
Бухаа -
Амьдрал дороо, өвчин зовлонтой нэгнээ өнгөөр дүгнэдэг, хөрөнгөөр дүгнэдэг.
Дэжид -
Тэр үед тийм юм байсан уу?
Бухаа -
Тийм муу тал байсан. Би армид сайхан хүмүүстэй ажиллаж байсан. Олны олонд тийм муухай хүмүүс байдаг юм байна лээ.
Дэжид -
Тэр таныг эмзэглүүлдэг үү?
Бухаа -
Эмзэглүүлдэг.
Дэжид -
Таны амьдралд бусдаас онцгой гэх юм байна уу? Хэрвээ байгаа бол та юу гэж үзэж байна вэ?
Бухаа -
Ер бусын зүйл гэж юу байхав дээ.Түмэн олонтойгоо өдий насыг наслаад өдий хүртэл явж байна.Үүндээ баярлаж байдаг. Буруу зөрүү яваагүй, хүн дээрэлхэж яваагүй, юмны үнэнийг олохын тулд явж байсных минь гэж боддог.
Дэжид -
Та хэдэн хүүхэдтэй вэ?
Бухаа -
Долоон хүүхэдтэй. Наймаас нэг нь үрэгдсэн.
Дэжид -
Та цэрэгт байхдаа эхнэр авч байсан гэсэн. Гэр бүлийн чинь хүн ямар ажил хийж байсан бэ?
Бухаа -
Ямарч ажил хийгээгүй.
Дэжид -
Яагаад ажил хийдэггүй байсан юм бол?
Бухаа -
Бие муутай.
Дэжид -
Та бага ангийн багш хийгээд хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
Бухаа -
Хоёр зуу, гурван зуу гаруйг авч байсан. Гарахынхаа өмнө таван зууг авч байсан.
Дэжид -
Та тэр цалингаараа ам бүлээ тэжээж чадаж байсан уу?
Бухаа -
Хүргээд байсан. Ухаанаараа болдог юм байна лээ. Би өөрийгөө ухаантай хүн гэхгүй. Би хоногийн хоол хүнээс гуйж яваагүй, хүний өмсдгийг өмсөөд явж байсан. Тэгж явахад их хар ухаан ордог байх.
Дэжид -
Хүүхдүүдээ цэцэрлэг, яслиар явуулах уу?
Бухаа -
Би явуулж үзээгүй.
Дэжид -
Ээж нь гэртээ харах уу?
Бухаа -
Ээж нь харна. Хамгийн эхний охин их сургууль төгссөн. Одоо Эрдэнэцагаанд холбооны инженер хүн. Бадам гэж одоо их хуралд байгаа хүний ангид байсан. Гурван зуу гаруй хүүхдээс эхний тоонд жагсаж байсан.
Дэжид -
Том охин холбооны инженер юм байна.
Бухаа -
Хамгийн бага хүүгээ гарын дүйтэй болгох гэж хүн дагуулж сургаж байсан. Дамбарэнцэн гэж нэгдэл дундын шинийг санаачлагч хүнд цалингүй арван хаалга хийлгэх гэж аваачиж өгч байсан. Тэр хүү одоо юм хийж байгаа.
Дэжид -
Зах зээлд нэг хүүгээ сургаж.
Бухаа -
Хоёулаа сурсан.
Дэжид -
Та хэдэн охин, хэдэн хүүтэй вэ?
Бухаа -
Хоёр хүү, таван охинтой.Одоо санааа зовж байгаа юм энэ бие муутай хоёр охиныхоо төлөө санаа зовж байна.
Дэжид -
Хоёр охин чинь бие муутай юм уу?
Бухаа -
Бие муутай.
Дэжид -
Гэр бүлийн чинь хүн өвчтэй, танайх нэг хүний орлогоор амьдарч байж. Гэр бүлийн хүн нь өвчтэй байхад боловсролын салбараас таньд ямар дэмжлэг үзүүлж байв?
Бухаа -
Дэмжлэг үзүүлээгүй.
Дэжид -
Таны гэр бүлийн хүн ямар өвчтэй хүн байсан бэ?
Бухаа -
Мэдрэлийн.
Дэжид -
Тэгээд улсад ажиллаж байгаагүй юм байна. Байнгын эмчилгээтэй байх уу?
Бухаа -
Байнгын эмчилгээтэй байна.
Дэжид -
Та ажил төрлөө яаж зохицуулдаг байсан бэ?
Бухаа -
Би өөрийнхөө ажлыг хаях гээд байдаг хүн байсан. Айлд хэдэн малаа тавьдаг байсан. Одоо тэр хэдэн мал маань байгаа.
Дэжид -
Тэр үед сайн ажилласан хүмүүст мөнгөн урамшуулал өгч байж. Та бас Хиагт явж байж.
Бухаа -
Нэгдэл дундаас мөнгөн урамшууллыг өгч байсан.
Дэжид -
Та нэгдэл байхад ид ажиллаж байсан байна.
Бухаа -
Тийм.
Дэжид -
Нэгдлийн үед сургуулийн багш нар нэгдэлтэй ямар холбоотой ажиллаж байв? Нэгдлийн ажилд туслах уу? Нэгдэл багш нарыг урамшуулах уу? Танай суманд ямар нэгдэл байсан бэ?
Бухаа -
1950-н хэдэн онд нэгдэл байгууллагдаж байсан. Тэр бол их өрсөлдөөнтэй байсан. Дарга нар нэгдлээ булаацалдаад. Газрууд дураараа нэгдэл байгуулах гээд тийм үе байсан. Бид нар нэгдэлд туслахаараа ямаа самнах, хашаа барих ажил байна. Худаг гаргах ажил байвал хааяа оролцоно. Ийм ажилд тусалж байсан. Нэгдлээс май гээд хонь өгч байгаагүй.
Дэжид -
Та цэргийн албанд явж байхад таны ар гэр нэгдэлд орж байсан уу? Ээж, эхнэр чинь орж байсан уу?
Бухаа -
Тэр үед нэгдэл байгуулагдаагүй.
Дэжид -
Хувийн аж ахуйтай байсан уу?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Та 1950-н хэдэн онд цэргээс ирээд төв суурин бараадсан уу?
Бухаа -
Бараг 1953 оноос эхлээд малыг нийгэмчилж эхэлсэн. Өгнө өгөхгүй гээд л.
Дэжид -
Нийгэмчилд танай мал орсон уу?
Бухаа -
Манайд мал гэхээр юм байгаагүй. Харин сүүлд миний цуглуулсан хэдэн малыг авч байсан. Халзан сумын зүүн талд аваачиж үнэгүй өгч байсан.
Дэжид -
Танай аав, ээжээс дамжсан мал байхгүй юм байна?
Бухаа -
Байхгүй. Багш нарт юм оногдоогүй.
Дэжид -
Та хэлмэгдүүлэлтийн талаар юу сонсож мэдэж байв? Таны ойр дотны хүмүүсээс хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан хүн байна уу?
Бухаа -
Нэг лам байж байгаад аваад явсан гэсэн. Өөр лам манайханд байгаагүй. 1936, 1937 оны үед айлд лам нар ном уншдаг байсан. Айлд гүрэм уншдаг байсан. Цаг цагаараа юм болохоор өвчнийг гайгүй болгодог юм болов уу гэж боддог. Лам нар тэр үед баригдаж байсан.
Дэжид -
Танай суманд их том хийд байж.
Бухаа -
“Хатавчин” хийд гэж байсан. Дорнод аймгийн харъяа байсан байх.
Дэжид -
Тухайн үед нээлттэй шүүх хуралд орж үзэж байсан уу?
Бухаа -
Үгүй.Тийм хурал хийж байсан. Би орж үзээгүй.
Дэжид -
Баригдаад явж байна гэдэг байсан уу?
Бухаа -
Баригдаад явж байна гэдэг. Миний найз Банди гэж хүн байсан. Хоёр хүн морин дээр зайдан унуулчихсан хөтлөөд явж байсан. Би хониндоо явж байгаад давхиад очсон чинь манайхны нэг том ламыг аваад явж байсан. Намайг ямар хэрэгт дуртай юм бэ? яв гэсэн чинь миний морь хорогдоод явахгүй байсан. Тэгээд гэрээр нь оруулав уу гүй юу аваад явж байсан. Чанга барьж байсан үе. Би унааг нь харж байсан. Дээр нь эсгий тавьсан булуу тэрэг байсан.
Дэжид -
Булуу тэрэг гэж ямар тэрэг байх уу?
Бухаа -
Булуу тэрэг гэж анх “Шар 51” гэж гарч байсан тиймэрхүү тэрэг байсан. Жижиг ачааны тэрэг. Түүнд чихээд аваад явсан.
Дэжид -
Тэр талаар нийт мэдэхгүй ам дамжиж ярьдаг байсан уу? Нээлттэй шүүх хуралд та сууж байгаагүй юу?
Бухаа -
Чимээгүй аваад яваад өгнө.
Дэжид -
Та эцгийгээ нэг юманд явсан гэж байсан. Тэгээд сураггүй болсон юм уу?
Бухаа -
Сураггүй болсон.
Дэжид -
Таныг хэдтэй байхад?
Бухаа -
1943 оны үед гэж бодож байна.1942 онд гараад ирээгүй гэж надад хариу ирсэн. Би нэг гомдол бичсэн. Надад худлаа хариу хэлж байсан. 1943 онд аавтайгаа наадам үзэж байсан.
Дэжид -
Та ямар яс үндэстэн бэ?
Бухаа -
Дарьганга.
Дэжид -
Эцэг чинь бас Дарьганга хүн байсан, багын дарга хүн байсан гэсэн.
Бухаа -
Тийм. Багын дарга хүн байсан.
Дэжид -
Тухайн үед Дарьгангын ёс заншил хэр хадгалагдаж байсан бэ? Үндэстний ямар онцлог зан үйлтэй байв?
Бухаа -
Тэр үеийн засаг захиргааны зохион байгуулалт баг, сум гэж байлаа. Багын дарга гол үүрэг гүйцэтгэнэ. Шагнал урамшуулал гэж задгайрч байгаагүй. Сумаас ийм урлагын юм хийж байна гэсэн юм байхгүй.
Дэжид -
Ястныхаа хувьд?
Бухаа -
Ястныхаа хувьд дархан хүмүүс байсан байх.
Дэжид -
Дарьганга хүн Дарьганга хүнтэйгээ суух уу? Эцэг эхийн хэлсэн хүнтэй суух уу? Өөрөө мэдэж хүнтэй суух уу?
Бухаа -
Эцэг эх мэдэж байсан.
Дэжид -
Таныг гэр бүл болоход эцэг эх чинь мэдээд суулгаж байсан уу?
Бухаа -
Ээж, аав ороогүй байх. Аав байхгүй байсан. Ээж нэг их ороогүй байх. Аавын ах очиж гуйсан юм байна.
Дэжид -
Тэр үед эцэг эх голдуу мэдэж байсан уу?
Бухаа -
Гуйж байж, гуйлгуулж байж өгнө.
Дэжид -
Дарьганга хүн Дарьганга хүнтэйгээ сууж байсан уу?
Бухаа -
Хамаагүй.
Дэжид -
Тэр үед бага ангийн хүүхдүүдийг идэвхжүүлдэг юу байв? Та үзүүлэн хийж хүүхдүүтэйгээ их тулж ажилладаг байсан уу? Эцэг эхтэй нь яаж холбоотой ажиллаж байв?
Бухаа -
Би өөрөө 30, 40-н дэвтэр багтах хайрцаг хийдэг байсан. Гурав, дөрвийг хийнэ. Тэгээд дэвтрээ хийгээд тагаар нь таглаад орхино. Алтан хайрцаг нээнэ гээд шар жижигхэн хайрцаг нээдэг байсан. Дотор нь ном дэвтэр хийчихээд хүүхдийг идэвхжүүлдэг байсан.
Дэжид -
Таны өөрийн санаачилж хийсэн зүйл үү?
Бухаа -
Тийм. Миний өөрийн санааачилсан ажил.
Дэжид -
Тэр үед ямар кино гарч байсан бэ?
Бухаа -
Голдуу хагас бүтэн сайнаар монгол киногоо гаргана. Яам анхаарал муу шүү. 1995 онд тэтгэвэрт гарсан багш нарт нөхөн олговор олгоно гэж ярьсан. Тэгээд өгөөгүй. Миний хийж байгаа ажил ийм байсан.
Дэжид -
Тухайн үед багшийн хувьд мэргэжлийн ямар давуу байдал байсан бэ?
Бухаа -
Багшийн ажил нэр хүндтэй ажил байсан. Гэхдээ багш болъё гээд байсан хүн байгаагүй.
Дэжид -
Ер нь бол нэр хүндтэй ажил. Та олон жил багшилж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байна.
Бухаа -
Тэгсэн.
Дэжид -
Тухайн үед таныг ажил хийж байхад хамгийн их жигшдэг зүйл юу байв? Ажил хийхэд хэцүү зүйл юу байв?
Бухаа -
Загнаад зогсоод байдаг хүнд дургүй байдаг. Би армид тийм юм үзээгүй болохоор дургүй байдаг. Хүн чинь өөрийнхөө төлөө байр сууринд сайн байдаг юм билээ. Сайн хүн удах тусмаа тодроод байна. Муу хүн удах тусмаа шигшигдээд байна.
Дэжид -
Тэр үед намын гишүүдийг үндсэн ажлаас нь гадна ямар үзүүлэлтээр дүгнэж байсан бэ? Тэр үед магтах гэж юм байлаа. Тийм юм намын гишүүдийн дунд байсан уу? Та намын гишүүн байсан хүний хувьд юугаараа давуу байв? Шагнал гэхэд намын гишүүн түлхүү авах уу?
Бухаа -
Авахгүй ээ. Намын хурал тасалвал хурал тасаллаа гэж жаахан зэмлэнэ. Хамаагүй загнавал хөдөөний өвгөчүүд гарчихдаг юм байна лээ. Намын гишүүн байж намын хурлыг хоёр удаа тасаллаа, чамайг намаас чинь хөөлөө гэж нэг намын үүрийн дарга нэг намын гишүүнээ хөөхгүй юу. Тэгсэн би энийг чинь хадгалж чадахгүй юм байна гээд намын батлахаа өгсөн чинь чи байж бай лдаа. Үгүй ээ би энийг чинь хадгалж чадахгүй юм байна гэж сандаргаж байсан наргиантай.
Дэжид -
Зарим хүн нь хүлцэнгүй, зарим хүн нь хурц хүн байсан уу?
Бухаа -
Хурц хүн байсан. Би явлаа энийгээ ав ашгүй гэж хэлж байсан хүмүүс байсан. Тэгээд ирээгүй байх.
Дэжид -
Та авдаг цалингааа авахаас гадна олон жил ажилласан гээд нэмэгдэл авдаггүй байсан юм уу?
Бухаа -
Намар би радио сонсоод байж байтал тэтгэврээ буруу тогтоолгосон хүн байвал аймгийн халамжийн хэлтэст очоорой гэсэн. Миний 37 жилийг 34 жил гээд биччихсэн байсан.
Дэжид -
Энэ бол сүүлд болсон үйл явдал юм уу?
Бухаа -
Тийм. Тэгээд би засуулаад 7000 төгрөг нэмүүлж байсан.
Дэжид -
Та 37 жил улсад ажилласан юм байна. Тэр үед жирийн багш нар гадаад явах асуудал байсан уу?
Бухаа -
Тийм юм байхгүй. “Төлөөлөн удирдах ёс” гэж байсан.
Дэжид -
“Төлөөлөн удирдах ёс” гэдэг нь ямар учиртай вэ?
Бухаа -
Төвөөс удирдана, нэг заавраар явна.
Дэжид -
Боловсролын газар боловсролын яамны журмаар явах уу?
Бухаа -
Тэр шугамаа бариад явна.
Дэжид -
Тэр үед багш нар чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?
Бухаа -
Бөмбөг тоглоно.
Дэжид -
Багш нарын хамтардаг бригад гэж байсан уу?
Бухаа -
Байхгүй.
Дэжид -
Хүүхдийг зуны амралтаар нь ажил хийлгэдэг зуслан байсан уу?
Бухаа -
Тэр үед зуслан байгаагүй. Зуслан сүүлд байгуулагдсан.
Дэжид -
Бага ангийн хүүхэд тийм юманд орохгүй дунд ангиасаа орох уу?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Таныг яг хаана ажиллаж байхад бичиг үсэгтэй болгох хөдөлгөөн ид өрнөж байв?
Бухаа -
Зуны амралтаар бичиг үсэг заалгана гээд багш нарыг бас хуваарилчихдаг. Амарч байгаа үеэрээ бичиг үсэг заана шүү гээд.
Дэжид -
Тэр чинь хэдэн оны үед вэ?
Бухаа -
1960-аад оны үед. Би бичиг үсэг заана гээд Бүрэнд очиж байсан.
Дэжид -
Тэгэхэд та хаана ажиллаж байсан бэ?
Бухаа -
Би энэ аймагт ажиллаж байсан.
Дэжид -
Аймагт ажиллаж байхад зуны амралтаараа Бүрэнд ажиллаж байж.
Бухаа -
Тийм.
Дэжид -
Хэдэн төрөгний цалин авч байсан бэ?
Бухаа -
Цалин байхгүй. Намын даалгавар.
Дэжид -
Хэдэн сар ажиллаж байсан бэ? Малчдад зааж байсан уу?
Бухаа -
Уурхайн ажилчидад.
Дэжид -
“Соёлын довтолгоон”-ы үеэр та яг ажиллаж байсан уу?
Бухаа -
Баянтүмэн суманд бригад байгуулна гээд их явж байсан. Үнээний бригад энэ тэр гээд.
Дэжид -
Сум сум онцлогтой байсан уу?
Бухаа -
Онцлогтой.
Дэжид -
Таны ажиллаж байсан сумдаас аль нь ажлаараа сайн байсан бэ?
Бухаа -
Манай Халзан бол зүгээр болов уу гэж бодож байгаа юм. Халх хойшоо бол арай чангахан. Миний бодлоор нилээн хуучны ёс заншлаа баримталдаг хүмүүс.
Дэжид -
Тэр үед албан тушаалын ялгаа хэр их байв? Багш, дарга, цэрэг гээд.
Бухаа -
Ер нь тушаалтай хүний ялгаа бий шүү.
Дэжид -
Өмссөн зүүснээрээ ялгагдах уу? Үг яриагаараа ялгагдах уу?
Бухаа -
Хөшигний ар дахь яриа элбэг байсан. Саяхан ч байсан. Одоо ч байгаа байх. Үнэн юм энэ хорвоод байдаггүй юм гэж би боддог.
Дэжид -
Социализмын үед та ажиллаж байхдаа дутуу үнэлэгдсэн гэж боддог юм таны хувьд байдаг уу?
Бухаа -
Өөрөө ч эвийг нь олдоггүй юм уу. Би ер нь үнэлэгдэх, дүгнэгдэх тал дээр нилээн хаягдсан хүн гэж одоо өөрийгөө боддог.
Дэжид -
Одоо яахав. Социализмын үед ямар байсан бэ?
Бухаа -
Тэр үед гайгүй байсан.
Дэжид -
Бухаа гуай таньтай ярилцаж байхад та ер нь гэр бүлийн их хүнд нөхцөлд ажиллаж байж.
Бухаа -
Тийм ээ.
Дэжид -
Та тэр бүхнийг яаж зохицуулж байсан бэ? Гэр орныхоо ажлыг ажилтайгаа яаж зохицуулж байсан бэ?
Бухаа -
Гол нь өөрөө ажлаа сайн тооцоолж боддог байсан. Бэрхшээлийн өмнө сөгдөхгүй. Сууж амьдрахгүй явж амьдарна гэж бодно. Хүүхдүүдээ хөгшинийхөө ах дүүгээр тарааж өгдөг байсан. Байнгын морьтой байна. Яагаад морьтой байдаг вэ? гэвэл манай хөгшин хүнд эм уудаг, эмийнх нь хорыг тайлахад сүү, цагаан идээ их шаарддаг байсан. Түүнд нь явахын тулд би морьтой байсан. Сүүлдээ морьтой гэдэг нэр авч байсан.
Дэжид -
Тэр үед ажлын цаг нарийн байсан уу?
Бухаа -
Нарийн байсан. Ажлаа таслахгүй.
Дэжид -
Тэр бүгдийг яаж амжуулах уу?
Бухаа -
Өдөртөө гэртээ ирээд гэрийнхээ ажлыг амжуулаад, мориор явах ажлаа ч амжуулдаг байсан. Тэгээд үнэнээр явахаар бүтэхгүй юм гэж байхгүй юм байна лээ гэж ойлгосон. Тэгээд хөгшинөө байхгүйд хүүхдүүдээ айлаар тараагаад, сүүлдээ мотоциклтой болсон. Мотоциклоороо ажлаа бүтээдэг болсон. Хөгшин маань бие муутай байсан болохоор ажил хийж байгаагүй. Тэтгэвэр ч авч үзээгүй, группт ч орж үзээгүй, таван цаас төр засгаас авч үзээгүй. Шархаданд хэвтэж байсан. Харин эмнэлгийнх нь мөнгийг засаг гаргаж байсан.
Дэжид -
Өөрийгөө боловсруулах тал дээр.
Бухаа -
Тэр тал дээр бол өөрөө тусгай дэвтэртэй байсан. Тэр тэмдэглэл аавын оронд аав, ээжийн оронд ээж болно. Яагаад гэвэл тэмдэглэл бол амьдрал. Тэр чинь амьдарлыг зааж байгаа эд шүү дээ. Тйим учраас тэмдэглэл их хэрэгтэй гэж би ойлгодог. Ажлаа хийхдээ мэдэхгүй юмаа тэмдэглэл дээрээсээ хардаг. Ингэж явж байсан. Ер нь гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан. Тэгээд болгоод явсан. Сарын тэтгэвэр 108000 төгрөг тогтоогдсон.1986 оноос хойш. Моринд өшиглүүлээд хөлөө хугалчихсан байхад намайг тэтгэвэрт гаргасан.
Дэжид -
Та их олон суманд ажиллаж байж. Таныг ажиллаж байхад, хүүхэд байхад ер нь байгаль орчин ямар байв?
Бухаа -
Байгаль сайхан байсан.
Дэжид -
Яаж өөрчлөгдөв?
Бухаа -
Өвс ногоо нь халиурсан, зээрийн сүрэг нь бэлчсэн, өвс нь ургах хэмжээндээ ургадаг, бороо нь хугацаандаа ордог байсан. Байгальдаа их дуртай. Би алсын уулыг харах их дуртай. Би машинд суухдаа дандаа уул харж явдаг. Уул харахад дандаа сэтгэл сэргэж явдаг. Би одоо ч гэсэн уулын орой харж хэвтэхийн тулд уулын оройг харж гэрээ барьдаг.
Дэжид -
Тэр үеийнхээс яаж байгаль өөрчлөгдөв?
Бухаа -
Өвс ургамал нь тачир болж байна. Бороо хур нь бага орж байна. Шороо тоос их босож байна. Өвөлдөө цас их унаж байна. Гэнэтийн их шуурга болж байна. 2008 онд манай аймагт их мал хорогдсон.
Дэжид -
Таныг бага байхад зуд хэр байсан бэ? Малчид түүнийг хэрхэн давж байсан бэ? Цаг агаар сайхан байсан уу?
Бухаа -
Намайг Уулбаянд ажиллаж байхад цаг агаар сайхан байсан. Отор гээд ийшээ тийшээ нүүгээд байдаг улс байгаагүй. Отор хийнэ гэдэг чинь өвсгүй болоод явж байгаа юм.
Дэжид -
Отор хийнэ гэдэг чинь сайхан өвс хайж явж байгаа гэсэн үг үү?
Бухаа -
Тийм.
Дэжид -
Та хүүхдүүддээ байгаль орчиноо хамгаалах талаар юу гэж зааж сургадаг байсан бэ?
Бухаа -
Өөрийнхөө эх дэлхийд хүйн холбоотой байх хэрэгтэй. Алсын уул хардаг гэж ярьдаг байсан.
Дэжид -
Тэр үед хүүхдүүдэд байгаль орчиноо хамгаалах тал дээр хичээл ордог байсан уу?
Бухаа -
Байгаагүй.
Дэжид -
Эцэг эх нь хэлдэг байсан уу?
Бухаа -
Тийм. Байгаль дэндүү сайхан байсан. Өвс эрэлт байхгүй. Хаа л бол өвс халиурсан сайхан байсан. Одоо бол цөлжилт явагдаад байна.
Дэжид -
Тэр үеийн таны багад байсан булаг шандын нэр өөрчлөгдсөн үү?
Бухаа -
Энэ баруун урд байсан гол ширгээд байна. Энэ их урсаж байсан. Эрдэнэцагаанд булаг шандгүй болж байгаа. Айлууд нь худаг гаргъя гээд байгаа. Эрдэнэцагаан бол худаг байхгүй дандаа задгай булаг, шанд шүү дээ. Өнөө булаг шанд нь ширгээд худаг гаргах хэрэгтэй болчихсон.
Дэжид -
Баярлалаа Бухаа багшаа. Тухайн үеийн өөрийн боловсролын салбарт ажиллаж байсан, байгаль орчин, социализмын үеийн боловсролын талаар өөрийн мэдэх зүйлээ ярьж бидний ярилцлаганд оролцсон таньд баярлалаа.
Бухаа -
Баярлалаа
Дэжид -
Баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.