Gaadan


Basic information
Interviewee ID: 990533
Name: Gaadan
Parent's name: Choidor
Ovog: Sayau Chültem
Sex: f
Year of Birth: 1924
Ethnicity: Dariganga

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / hairdresser
Belief: Buddhist
Born in: Dariganga sum, Örgön gol sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
collectivization
life in wartime
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

tradition
war issues


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу? Гаадан гуай

Гаадан -

Сайн. Сайн байна уу?

Дэжид -

Сайн. Та сайхан зусаж байна уу?

Гаадан -

Сайхан. Сайхан зусаж байна уу? Сайн явж ирцгээв үү?

Дэжид -

Сайн. Бид Английн Кембриджийн их сургуулийн Ази судлал антропологийн танхимаас Монголын 20-р зууны аман түүхийн төслийн ярилцлагаар явж байгаа юм. Энэ төсөлд бидний уррилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсон таньд юуны өмнө баяр хүргье.

Гаадан -

Би ч гэсэн баяртай байна.

Дэжид -

Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Гаадан -

Байхгүй ээ.

Дэжид -

Та бид хоёрын ярилцсан ярилцлага, зураг хөргийг тодорхой хугацааны дараа арав, хорь ч юм уу хэдэн жилийн дараа түүх судлаачид, эрдтэмтэд судалгааныхаа материалд ашиглах, хэвлэл мэдээлэлд нийтлэх эрхийг та Кембриджийн их сургуульд олгож байна уу?

Гаадан -

Олгож байна.

Дэжид -

Хоёулаа таны бага нас, эцэг эх, төрсөн газар усны талаар яриагаа эхлэх үү?

Гаадан -

Би Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт төрсөн. Овоотын зүүн урд “Өргөн гол” гэдэг газар төрсөн. Ээжийнхээ анхны хүүхэд. Миний ээж Мөнгөнцэцэг гэдэг хүн байсан.

Дэжид -

Та хэдэн онд төрсөн бэ?

Гаадан -

1924 онд.

Дэжид -

Нас сүүдэр наян зургаа хүрч яваа юм байна.

Гаадан -

Намрын сард найман сард төрсөн гэж ээж маань ярьдаг. Би малчин хүний хүүхэд байсан. Манай ээж малтай хөдөөний амьдралтай хүн байсан. Тэр орон нутагтаа ээжтэйгээ мал маллаж амьдраад арван хоёр хүрсэн. Тэгээд манай нэг ах Байшинтын цэргийн ангид очоод тийшээ явсан. Тэгээд арван долоо хүрээд өвгөнтэйгээ гэр бүл болсон.

Дэжид -

Хоёулаа таны бага насны талаар тодруулж яръя. Тэр үед таныг бага байхад хүүхдүүд сургуульд явдаг байсан уу?

Гаадан -

Байхгүй ээ. Суманд бага сургууль байгуулагдаад манай Дарьганга сумын дарга Шаравжамц гэж хүн намайг сургуульд авах гээд ирдэг юм байна. Манай хажуугийн айлд буусан чинь манай ээж намайг өгөхгүй гээд нуучихсан. Танайх одоо охиноо сургуульд өг өө, бага сургуульд хүүхэд авч байгаа гэхэд ээж минь манай охин одоо эзгүй байгаа гээд явуулчихдаг юм байна. Би ч сургуульд явах дуртай байлаа. Ээж маань хэдэн малаа яаж харахав. Том хүн байхгүй.

Дэжид -

Малдаа туслуулах гээд үү.

Гаадан -

Тийм. Ээж минь одоо хэдэн малаа харахгүй бол болохгүй гээд. Манай хажуу талын Гончиг гээд айлын миний үеийн хүү байсан. Тэр бид хоёрыг нууж байгаад сургуульд өгөхгүй авч хоцорч байсан. Тэгээд бид нар чинь сургуульгүй байлаа. Сургуульгүй харанхуй бүдүүлэг байсан. Нилээн хэдэн жилийн дараа сумын төв дээр бүлгэм гэж байгуулаад. Тэрэнд очиж суух гэсэн чинь бас л дургүйцдэг юм байна. Миний охин ингээд хэдэн малаа дагаад явж байвал болох байлгүй, хоёр дүү чинь жаахан байна. Тэр үед чинь юм их чанга байлаа. Манай хотны Гончиг гэж настай өвгөн байсан. Тэр хүний үгээр манай хотныхон явдаг байлаа. Тэр өвгөн хонио хаана хариул гэнэ түүгээр нь, тугалаа хаана хариул гэнэ түүгээр нь л явна.

Дэжид -

Одоогоор бол айлуудын ахлагч байж дээ?

Гаадан -

Тийм. Бид нар хургаа эсвэл хонио нийлүүлчихвэл бид нарыг шилбүүрдэнэ. Тэгээд өмнөө дуудаж ирээд чи яагаад өнөөдөр хурга нийлүүлсэн бэ? Яагаад тугал хөхүүлсэн бэ? Юу харж байдаг юм бэ? гээд шилбүүрдэнэ, эсвэл мод бариулаад хэсэг зогсооно. Тэгээд хэсэг байж байгаад гар дээр ааруулны хэлтэрхий юмуу жаахан ээзгий тавина.Тэрийг нь аваад бөөн баяр гарна даа. Нэг тэгсэн тохиолдолд дахиж хонь хургаа нийлүүлэхгүй.

Дэжид -

Тэглээ гээд эцэг эх хүүхдээ өмөөрөхгүй юу?

Гаадан -

Тэгэхгүй. Өмөөрөх ёс байхгүй. Өвгөн захирна. Гончиг гуай юу гэж хэлсэн манай ээж ч түүнд захирагдана. Тийм сайхан зарчимтай. Тэгээд аргалд явах болно. Тэр тэр аргалд яв. Тэнд аргал байна лээ. Хол бол үхэр тэргээ аваад явна, ойрхон бол аргаа үүрээд явна. Бидний үед бол тийм зарчимч байсан. Хотонд нь тийм ахлагч байна. Тэр хүний үгнээс зөрнө гэж байхгүй.

Дэжид -

Хүүхдүүд хэдий наснаасаа эхэлж тусад орох уу?

Гаадан -

Жаахнаасаа. Тав, зургаатайгаасаа эхлээд хонь малын урдуур хойгуур нь гүйнэ. Хичээл сургууль гэж байх биш. Тэгээд шан нь хоёр ээзгий, жаахан ааруул ирнэ. Гурилтай хоол хийвэл тэр өвгөн чинь савхаар хоёр гурван гурил өгнө дөө. Гэртээ бол гурилтай, сүүтэй хоол иднэ, хоормог ууна. Гурил ховор байсан болохоор гурилтай хоолыг тэр бүр идэхгүй. Хоормог гэдэг чинь аарцаа шүүгээд, таргаа шүүгээд, тэгээд сүүтэй холиод бүх ажлаа дуусчихаад унтахын өмнө ууна. Жаахан том болоод ирэхээр эрэгтэй хүүхдүүдийг хурга бооно гээд гадаа унтуулна. Хурга, ишгийг хөгнөнө.

Дэжид -

Хөгнөнө гэдэг нь яах уу?

Гаадан -

Хөгнөнө гэдэг чинь дээл татаад, тэрэндээ нэг нэг уядаг юмтай. Тэгээд өөд өөдөөс нь харуулаад хурга, ишгийг чинь хөгнөчихнө. Тэрийг чинь бооно гээд байнга эргэж харж байна.

Дэжид -

Өөрөөр хэлбэл хурга бооно гээд уяаг нь байнга шалгадаг юм уу?

Гаадан -

Тэгээд эргэж байгаад нөгөө хурга, ишиг чинь бооно. Тэрийг чинь тэгүүлэхгүй. Жаахнаас бол айл гэр болгоно, төвхнүүлнэ гэж ярихаас биш ном эрдэм гэж ярихгүй. Одоогоор бол эрт л айл болгоно гэж ярьдаг байсан.

Дэжид -

Та айлын том хүүхэд үү?

Гаадан -

Би айлын том нь.

Дэжид -

Эцэг эхээс хэдүүлээ вэ?

Гаадан -

Би дороо нэг дүүтэй гурвуулаа байсан. Сүүлд ээж төрөөд долуулаа болсон. Одоо зарим нэг нь хорвоог орхичихсон.

Дэжид -

Долоон хүүхэдтэй байсан юм уу?

Гаадан -

Одоо хоёр нь байна.

Дэжид -

Та ээжийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч.

Гаадан -

Миний ээж мал маллаж байгаад, Нарангийн цэргийн ангид ээжийг гүү саалгахаар аваачаад тэнд жил орчим байж байгаад, Онгоны цэргийн ангид ирээд тэргүүний саальчингаар шалгарч байсан.

Дэжид -

Ер нь хэд орчим гүү саадаг байсан бэ?

Гаадан -

Олон. Цэргийн анги дээр наадам дөхөөд ирэхээр гүү их барина. Хорь, гучаар нь. Би тэр цэргийн ангийн морийг унана.

Дэжид -

Одоогоор бол хурдан морины хүүхэд байж.

Гаадан -

Байшинтын цэргийн ангийн дарга нь Өлзийчимэд гэж хүн байсан, комиссар нь Лхамлхүндэв гэж хүн байсан. Би хурдан морийг нь унадаг, ээж минь гүүг нь саадаг ажилчид байлаа. Манай өвгөн Халх голд байж байгаад Байшинтад шилжиж ирсэн. Хөгжмийн жагсаалын дарга. Тэгээд түүнтэйгээ танилцсан.

Дэжид -

Та морь унаж байхдаа хэдтэй байсан бэ?

Гаадан -

Би арван тав, зургаатай байсан.

Дэжид -

Тийм эртнээс суулгах уу? Ер нь хэдтэй суулгах уу?

Гаадан -

Манай урд нутгийнхан чинь арван долоо хүрвэл эрт. Тийм эрт айл болдог байсан. Дарьгангын заншил нь тийм. Эрт л төвхнүүлнэ гэж ярина. Тэдний гайгүй охинтой хүүгээ нийлүүлчих юмсан гээд.

Дэжид -

Эцэг эхүүд ярьж байгаад нийлүүлэх үү?

Гаадан -

Тийм. Дандаа л эцэг эхчүүд ярьж байгаад нийлүүлнэ. Ээж аав дундаа яриад тохирвол гэр бүл болно. Миний үед ёс журам ийм байсан. Тэрнээс урд үед чанга байсан байлгүй дээ. Манай ээж хадам аав, ээжийнхээ дэргэд толгой нүцгэн суудаггүй гэдэг. Манай ээж бол гэрийн хоёр баганаас дээшээ гарах эрхгүй байсан гэсэн. Толгой дээрээ юм тавихгүй бол тэр аав, ээжийн дэргэд сууна гэж байхгүй.

Дэжид -

Тэр “Байшинтийн дивиз” гэж ямар газар байсан бэ? Хаана байрлаж байсан бэ?

Гаадан -

Одоогоор бол Онгон сум гэж байгаа.

Дэжид -

Хилтэйгээ ойрхон уу?

Гаадан -

Хилтэйгээ ойрхон. Нарангын застав, Онгоны застав, Дарьгангын застав гээд ойролцоо заставууд бий лдээ. Дээр үед застав гэж гараагүй цэргийн анги гэж байсан. Сүүлд застав гэж гарсан. Байшинтын цэргийн анги гэж нилээн том цэргийн анги байсан.

Дэжид -

Та тэр цэргийн ангид нилээн уджээ?

Гаадан -

Тийм.

Дэжид -

Таны эцэг ямар хүн байсан бэ?

Гаадан -

Миний эцэг Чойдог гэж хүн байсан. Миний ах л юм даа. Миний төрсөн эцэг гэж байгаагүй. Би мэдэхгүй.

Дэжид -

Та ах гэж дууддаг байсан юм уу?

Гаадан -

Тийм. Миний үеийн улсууд тийм хүмүүс байсан. Амьдрал маань тэндээс эхэлсэн. Би 1943 онд өвгөнтэйгээ танилцаад айл гэр болсон. Байшинтын цэргийн анги жижиг хүүхдүүдийг авч хөгжим сургаж байсан. Манай хүн хөгжмийн хүн байсан. 1945 онд Өвгөн маань Японы чөлөөлөх дайнд явсан. Тэгээд эсэн мэнд сайхан яваад ирсэн.

Дэжид -

Дайнд хэдэн жил явсан бэ?

Гаадан -

Дайн дуусахаар ирсэн. Тэгээд аймгийн удирдлага худалдаа бэлтгэлийн эрхлэгч хийдэг сургуульд манай өвгөнийг явуулаад, би энд аймгийнхаа төв дээр анх гуталчнаар орсон. Шаржавзан гэдэг хүний шавиар.

Дэжид -

Тэр үед аймагт ямар үйлдвэрүүд байсан бэ? Гар үйлдвэрүүд байсан уу?

Гаадан -

Гар үйлдвэр гэж байсан. Хими цэвэрлэгээ янз бүрийн юм байхгүй. Үсчин, оёдлынхон, артель гэж байсан. Аймгийн захиргаа намайг аймгийн үсчин бол гээд.

Дэжид -

Та гуталчин байснаа үсчин болсон юм уу?

Гаадан -

Би гуталчин байж байгаад Хятад үсчин дээр дагалдангаар очсон.

Дэжид -

Хятад хүн ажилладаг байсан юм уу?

Гаадан -

Тийм.

Дэжид -

Ер нь хэр их Хятад ажилчид байсан бэ?

Гаадан -

Энд хэд хэдэн барилга баригдаж байсан. Энэ дээр Хятад ажилчид байсан.

Дэжид -

Хэр суурьшсан бэ?

Гаадан -

Нэг их суурьшаагүй. Гэхдээ манайд монгол үсчин байхгүй, хятад үсчин байсан. Тэр хятад үсчин дээр нь дагалдангаар очоод, шилэн бөмбөгөр юмыг надаар самнуулаад зогсоочихно. Намайг гар хуруу нь том байна хөдөлгөөн нь удаан байна гээд голно. Хятадууд чинь шөмбийсөн гартай хайч нь таг таг хийгээд их хурдан. Би удаан. Хэлмэрчтэй. Хэлмэрч нь та их хурдан хөдөлж бай. Таныг тэгж байна гээд надад хэлнэ. Би тэгээд дарга дээрээ очоод намайг загнаад байна, би ерөөсөө чадахгүй юм байна гэлээ. Тэгэхэд чи чадна, чи л бол гэсэн. Тэгээд би хоёр сар гаран тэгж загнуулж байгаад үсчин болсон. Тэгээд хятадууд явчихсан. Тэгээд би аймгийн үсчин болсон.

Дэжид -

Та энэ мэргэжлээрээ ажилласан уу?

Гаадан -

Тийм.

Дэжид -

Таныг мэргэжлээ сонгоход чинь аймгийн дарга нар томилсон байна.

Гаадан -

Манай артелиас чамаас өөр сурах хүн байхгүй чи яв гээд. Тэгээд хоёр ч удаа улсын тэмцээнд орж байсан. Тусгай байранд орсон.

Дэжид -

Тэр үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ?

Гаадан -

Тэр үед ажиллах хүч чинь бараг хаалгадаж орно ш дээ. Ажилд дуртай хүн бол орохгүй. Малтай идээтэй, дээд тал нь захиргааны хүмүүс ажилд орно гэхээс биш, тэр болгон ажилд орохгүй. Намайг бага байхад шашин байсан. Манай ээж, эмээ үхэр тэрэгтэй хонон өнжин яваад овоо тахиад ирдэг байсан.

Дэжид -

Овоо тахина гэдэг чинь ямар үйл байсан бэ?

Гаадан -

Тэр үед чинь лам нар цөөхөн байсан. Хоёр лам тэр овоон дээрээ гараад ном уншдаг байсан байх. Бид нар үхэр тэргээ доор нь орхичихоод ээжийгээ дагаад овоогоо тойроод гүйдэг байсан.

Дэжид -

Тухайн орон нутагт байдаг овоогоо тахих уу?

Гаадан -

Тийм. Намар тахидаг байсан. Тэгж цугладаг байсан. Сургуульд нэг айлын хоёр хүүхдийг авахгүй байсан. Манай хамгийн том хүүхэн Орос хэлний сургуульд явлаа. Дараагийн хүүхэн төгсөөд анагаахын дундад явах гэсэн нэг хүүхэд чинь сургуульд байгаа юм байна гээд явуулаагүй. Тэгээд манай өвгөн хотоор явж, хүмүүстэй уулзаж байгаад охиноо оруулсан чинь бөөн хэл ам. Тэднийх яагаад хоёр хүүхдээ явуулдаг юм бэ? биднийх яагаад явдаггүй юм бэ? гээд ийм барьцаатай байсан.

Дэжид -

Та хэдэн хүүхэд гаргасан бэ?

Гаадан -

Би долоон хүүхэдтэй. Уг нь найман хүүхэд төрсөн. Бага нь хотод байгаа. Манай Орост төгссөн том охин мах комбинатад боловсон хүчин хийж байгаад одоо тэтгэвэртээ гарсан Дуламаа гэж хүүхэн байгаа. Тэрний дараах нь Дарьгангад эмч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэрний дараах Дашдулам гээд барилддаг хүү хотод байгаа. Тэрний дараагийн охин Солонгост ажиллаж байгаа. Тэрний дараагийн охин энд багшилж байгаа. Нэг хүү Багануурт жолооч. Одоо хамгийн бага охин нөхөр байхгүй, хүүхэдтэй. Одоо тэр хоёртойгоо гурвуулаа амьдарч байгаа. Тэр охин маань татварын албанд ажилладаг. Хөдөө гадаа их явна. Тэрнийхээ хүүхдийг хараад байж байна. Хэдэн хүүхдийн хүчинд сайхан амьдарч байна. Төр маань ч биднийг татаад авлаа. Дээр үеийнхээ амьдарлыг бодоход одоо бол жаргаж байна.

Дэжид -

Тэр үед та мэргэжилтэй, аймагтаа том хүн байж. Цалин хүрдэг байсан уу?

Гаадан -

Цалин зуун тавь. Орлогоороо болно. Хэдэн жил ажиллаж байгаад Хэнтий аймагт Зүүн бүсийн мэргэжил дээшлүүлэх зөвлөгөөн болоод би нэгдүгээр зэрэгтэй болсон. Тэгсэн ч бид нар орлогоороо цалинжина. Анхан зуун тавь заримдаа хоёрзуу. Хөдөө явж ажиллавал ор хоногийн мөнгө гээд хэдэн төгрөг нэмж авна.

Дэжид -

Хөдөө ажиллана гэж ямар учиртай вэ? Хол буусан бригад, нэгдлээр явах уу?

Гаадан -

Тийм. Айл айлын хотонд очиж үсийг нь засна, бас дуу хөгжим тоглоно. Тийм үйлчилгээнүүд нэгдэж явж байсан. Нэг том тэрэгтэй. Тэрэнд нь би үсчин гээд, дуулдаг нэг хүн, хөгжимддөг нэг хүн гээд гурав дөрвөн хүн явна. Гуйгаад гуйгаад хоёр гурван хүн аваад хөдөөгүүр явна. Малынх нь хороон дотор үсийг засаж, дуу хөгжмөө явуулна. Зун айлын гэр чинь халуун дүүгээд байна. Тэгэхээр зуны халуунд бол машиныхаа сүүдэрт, айлын гэрийн сүүдэрт дуу дуулж, хуур хуурдаж бригадаар явж байсан.

Дэжид -

Дуу дуулж, хөгжим тоглож, дээр нь үсийг нь засаад хоёр гурван давхар ажилтай байж.

Гаадан -

Тийм. Очсон айлдаа юм хийж өгнө. Малчид чинь гэрийн бараа харахгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нь бөөс хуурсандаа баригдчихсан, хачин юмнууд байгаа юм. Бид нар тэд нарыг усанд оруулж, үсийг нь самнаж хорхойг нь түүж өгнө.

Дэжид -

Таныг ид ажиллаж байх үед чинь “Соёлын довтолгоо” гэж байсан уу?

Гаадан -

Байлгүй яахав.

Дэжид -

Тэр ямар юм байв? Таны ажилтай яаж уялдаж байв?

Гаадан -

“Соёлын довтолгоо” гэж айхтар. Биднийг айлуудаар явуулна. Наана нь яриа зөвлөлгөөн хийнэ. Тэгээд айлуудаар орно. Айлууд чинь хийдэг юмаа хийчихсэн байна. Тэнд хоёр алчуур өлгөчихсөн. Орохоор хүүхдүүд чинь наадахаа битгий ав. Ээж соёлын довтолгооныхонд үзүүлнэ гэсэн гээд эхийнхээ нүүрийг улайлгана.

Дэжид -

Хөөрхий үзүүлдэг тусдаа алчууртай.

Гаадан -

Тийм. Үзүүлэх гэж тусдаа юм тавьчихгүй юу. Хөөрхий чинь тэгээд ичээд. Бид нартай хоёр эрэгтэй явдаг байсан. Тэгээд эрэгтэй хүмүүс чинь ор дэрийг нь үзээд, хувцсыг нь тайлж үзнэ ш дээ. Хөөрхий минь олон хүүхэдтэй айл үнэхээр хэцүү байсан. Хүүхдийнх нь үсийг нь засахаар хорхой байгаа юм чинь. Тэгээд хүүхдүүдийн нүүрийг нь улайлгаад хувцас, алчуурыг нь клубт өлгөчихнө. Клубт долоо хоногт хоёр удаа сонсгол,лекц гэж явна. Тэгээд нэр устай нь өлгөчихөөд, нэр усыг нь дуудаад хүмүүст үзүүлж харуулна. Манай ээж чинь Алтан-Овооны хүн байсан болохоор ийшээ ирж байгаарай гэнэ. Манай хэд чинь намайг ирүүлэхгүй. Тэгээд манай ээж намайг хөдөө гархаар заавал цайныхаа дээжийг өргөж байгаарай гэж захисан. Манай нөхөрт ч хойшоо хараад залбирчихаж байгаарай, хойшоо харж битгий шээж байгаарай гэж захина даа. Ээжийгээ захисан болохоор би чинь нуугаад өглөө эрт тахил өргөнө. Тэгээд гэр дээр үсэрдэг байж. Бид хэд мэдэхгүй. Манай өвгөн намын гишүүн байсан. Тэгсэн манай өвгөнийг дуудаж аваачаад намын хурал дээр загнажээ. Танай гэр бүлийн хүн шүтлэгтэй, тахил бурхан өргөдөг, овоо эргэдэг чи намын хүн байж хэлсэнгүй. Танай хүн эвлэлийн гишүүн тийм байж болох уу гээд өвгөнийг хэлэлцсэн. Бараг эрхээ хасуулах хүртлээ донгодуулсан.

Дэжид -

Тэр үед овоо уул тахих хориотой байсан уу?

Гаадан -

Хориотой. Тэр тахил өргөхөд гэрийн цагаан бүрээсэн дээр туссан юмыг явж байгаад харчихгүй юу. Тэгээд намайг эвлэлийн хурал дээр чи их шүтлэгтэй, тахил өргөдөг гээд. Би тахил өргөдөггүй гэсэн чинь чи одоо гэрийнхээ цагаан бүрээсийг хараад ир, цоохор байгаа гэж загнаж байсан. Тэгээд өвгөн минь ирээд ээж чинь хэлсэн юм чинь чи дотроо бодож явж бай, би арай донгодуулсангүй гэж байсан. Тэгээд тахил өргүүлэхийг хорьж байсан. Тэгээд би ээждээ хэлсэн. Манай ээж аймгийн төв дээр байсан. Тэгсэн ээж тэр тахил өргөх тэрэнд ямар хамаатай юм бэ? Тэр ямар задарсан амьтан бэ? Хөлөөрөө яваад тэр уулыг эргэх тэрэнд ямар хамаа байна? гээд овоогоо эргэсэнгүй гэж намайг загнаж байсан. Бид нар чинь тийм бэрхшээл зовлонтой, чанга үед байсан. Одоо бол сайхан байна. Би насны залууд ядарч явсан. Ээжтэйгээ ядуухан амьдралтай.

Дэжид -

Тэр үед айлууд хэр малтай байсан бэ?

Гаадан -

Цөөхөн. Нэг адуу, нэг тэмээ, хэдэн хоньтой байсан. Сүүлд нэгдэл байгууллагдаад нөгөө хэдийг нь авчихаж байгаа юм чинь.

Дэжид -

Танайх нэгдэлд хэдэн мал өгч байсан бэ?

Гаадан -

Хүн болгон байгаа байгаагаараа өгч байсан. Олон малтай нь олныг өгч байсан. Манайх бол цөөхөн юмтай байсан. Ээж минь арван хонь, хоёр ямаа, нэг тэмээгээ өгч байсан. Тэгж өгөөд ээж минь нэгдлийн гишүүн болж байсан. Доод талын ядуухан нэг нь эхлээд нэгдэлд орчихсон. Баячууд нь орохгүй гэж байгаад нэг жил гарны дараа нэгдэж орсон. Ядуухан нэгэнд нь нэгдэл ийм гээд ухуулаад танилцуулаад явна лдаа. Дараа нь тэтгэнэ, дэмжинэ гэхээр ядуухан цөөхөн малтай нэг нь малаа өгчихөж байгаа юм чинь. Тэгээд хэдэн жилийн дараа нэгдэл тарсан.

Дэжид -

Нэгдэлд ажиллаж байхад танай амьдрал хуучин байснаасаа дээрдсэн үү? Та юу гэж бодож байна вэ?

Гаадан -

Арай дээрдсэн. Хамтарч ажилладаг байсан. Жилд айл айлынхаа амьдарлыг бодоод ганц үхэр юмуу хонь өгч байсан. Өвлийн идшэнд. Тиймэрхүү дэмжлэг байсан. Тэрнээс өөр юм байгаагүй. Гэхдээ гурил, будаа өөрчлөгдсөн байсан. Тэр үед хоёрдугаар гурил иддэг болчихсон, нэгдүгээр гурил ч ирдэг болчихсон. Чадалтай нь нэгийгээ авч идээд, чадал муутай нь хоёрыгоо авч идээд. Малын тэжээл гээд биднийг бага байхад иддэг байсан хивэг ч ирдэг байсан.

Дэжид -

Багадаа хивэг иддэг байсан юм уу?

Гаадан -

Намайг жаахан байхад хивэг иддэг байсан. Тэрийг чинь нэг маарал дээр шигшээд өвс нь салахгүй. Маарал ховор байсан. Цоохор алчуур гэж байсан. Тэрийг арзайлгаж угаагаад, хоёр гурваараа татаж бариад юмаар маажаад байна. Тэгэхээр шигшигдээд арай дээр болно. Тэгээд хоол хийж иднэ дээ. Тэр сүүний хоол бол их ширүүн одоо бодоход их муухай байсан. Махтай хоолон дээр бол гайгүй. Нэгдэл байгууллагдаад тэрийн идэхээ больсон. Бидний идэж байсан юм чинь нэгдлийн үед малын тэжээл болчихож байгаа юм. Бид нар чинь бидний идэж байсан юм малын тэжээлд ирж байна гэж их шуугьж байсан. Ээж мал чинь их заяатай бидний идэж байсан юмыг идэж байна гэж байсан.

Дэжид -

Цалин хөлс гэж ямаршуухан юм өгч байсан бэ?

Гаадан -

Малчид сааль сүү, малынхаа ноосныхоо оногдлоор цалин авч байсан байх. Малын хөөвөр тэдийг өг, ноос тэдийг өг гээд оноочихно. Тэрнийгээ биелүүлж чадвал овоо авна. Биелүүлж чадахгүй бол тэрийгээ нөхөж төлнө. Тэрнээс өөр тусгай цалин хөлс гэж байгаагүй. Тэрийгээ өгч чадахгүй бол цагаан идээ өг гэж авдаггүй байсан. Таван хошуу малынхаа ноос, хялгас, хөөвөр гэж авдаг, арьс шир гэж авдаггүй байсан тэр үед.

Дэжид -

Таныг цэргийн анги дээр ажиллаж амьдрах, нэгдэлд ажиллаж амьдрах, аймагт ажиллаж амьдрахын аль нь илүү боломжтой байсан бэ?

Гаадан -

Цэрэгт байхад гайгүй байсан.

Дэжид -

Хангамж хэрэгсэл гээд ер нь цэргийн анги тэр үед ямар байсан бэ?

Гаадан -

Дайны үе байсан болохоор их хангалуун байж чадаагүй. Цайг бол хэд хувааж өгнө.

Дэжид -

Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хангамж тусдаа байсан уу?

Гаадан -

Тааруухан байсан. Шөнө унтаж байхад онгоц дуугарна. Төв дээрээ том оковтой. Нэг юм дуугарангуут тэрэндээ орно. Хөдөө нохойны ам чинь дутуу боолттой. Гэрэл гаргахгүй. 1945 онд тийм байсан. Хөдөөнийхөн үхэр тэргэн дээрээ хашаа бариад дотор нь ааруул идээгээ хийчихээд, бэлэн байдалд байна. Шөнө юм дуугарах юмуу дохио өгвөл нөгөө хүүхдүүдээ суулгаж аваад, элс лүү үхэр тэргээр явна.

Дэжид -

Байнгын бэлэн байдалд байж.

Гаадан -

Цэргийн газар нь бэлэн, хөдөөний малчид нь бэлэн. Үхэр тэрэг гээд дээрээ хашаатай тэрэггүй айл ч гэж байхгүй. Айл болгоны гадаа байна. Хувин саванд юу ч хамаагүй хийгээд, ааруул идээнээсээ аваад шөнө явна. Айл болгон нэг модны доор очдог байсан. Дэлгүүрийн юм ч хэмжээ, хугацаатай. Дугуй булантыг айлд бүхлээр нь өгөхгүй, хөрөөдөж өгнө. Гурилыг бага хэмжээгээр авна. Ам бүлийнхээ тоогоор авна. 1945 онд ийм байсан. Дайны үед чанга байсан. Дайнд явж ирээд тайван болсон. Гэхдээ нэг хэсэг картны бараа байсан.

Дэжид -

Та үсчин хийж байхдаа нэг хүнээс хэдэн төгрөг авах уу?

Гаадан -

Нэг хүнээс хоёр төгрөг авна. Пинтүү халимаг засвал хоёр төгрөг тавин мөнгө авна, зүгээр халимаг засвал хоёр төгрөг авна. Тэрнийхээ орлогоор цалинжина. Сард орж байгаа нь бага. Хүүхдийн үсийг нэг төгрөгөөр л машиндана. Сонсгол дээр чинь хүмүүсийн толгойг харж байгаад хүү минь ээ чи очиж үсээ засуулаач чиний үс их ургачихсан байна гээд. Хөдөө явбал албаар сандал дээр суулгаж байгаад хотонд нь үсийг нь авна. Цаад хүмүүстээ бол соёлжилт юм, наддаа бол олны олонд хэдэн төгрөг орох юм.

Дэжид -

Таныг удаан хугацаанд ажиллахад хүн дагалдуулж байв уу? Мэргэжил яаж дээшлүүлж байсан бэ? Гадаад луу явуулдаг байсан уу?

Гаадан -

Нилээд хаалгатай хүн явна. Гэхдээ би нэг удаа улсын тэмцээнд очиж байсан.

Дэжид -

Тэр нь хотод явагдах уу?

Гаадан -

Тийм. Намайг очиход бүх нэгдлүүдээс ганцхан үсчин ирсэн байсан. Тэр нь би байсан. Үйлдвэрчний төв зөвлөлөөс надад багаж өгөөд, тэмцээнд ороод ч бас тусгай шагнал авсан. Тэрнээс өмнө 1963 онд Хэнтий аймагт бүсийн зөвлөгөөнд сууж нэгдүгээр зэрэгтэй болж, зэргийн цалингаа нэмүүлж байсан. Гэхдээ шалихгүй. Тэр үед хүүхдүүдээ сургуульд явахад эрэгтэйд нь бакиал өмсүүлээд, эмэгтэйд нь 45-ын гутал өмсүүлээд явуулна. Хойноос нь нэг зуун төгрөг юмуу хоёр зуун төгрөг явуулна. Тэрнээс өөр яахав дээ. Манай өвгөн нэгдлийн хүн их бага цалинтай байсан.

Дэжид -

Ямарч байсан хангалттай хүрдэггүй байсан байна.

Гаадан -

Тийм. Тэгээд сурчихсан болохоор тэрийгээ бага байна гэж уурлаж уцаарлаад байх юмгүй болгоод байсан.

Дэжид -

Та яг Дарьганга нутгийн хүн. Дарьганга нутгийн уламжилж ирсэн онцлог, түүхээс таны мэдэж, дуулж байсан зүйл байна уу? Гэрлэх ёслол ч юмуу үр хүүхдээ хүмүүжүүлдэг байсан зан заншилаас та ярихгүй юу?

Гаадан -

Дарьгангын заншил их чанга байсан. Настан хүнийг хүндлэх, хүнийг хүн ёсоор хүндлэх, малыг хайрлах гээд зааж зөвлөж байсан юм их бий. Өвс ургачихсан байхад та нар түүн дээр гишгэхгүй тойроод явахгүй юу, нэг хорхой байсан ч та нар гишгээд явах нуу гэээд тиймэрхүү л юм сургадаг байсан.

Дэжид -

Таныг багад байгаль орчин ямар байсан бэ?

Гаадан -

Ургамлын хувьд сайн байсан. Хаана л бол устай. Хаана л бол сайхан ногоотой, цэцэг навчтай байсан. Байгалийн хувьд үнэхээр сайхан байсан. Сүүлд ийм болчихож байгаа болохоос биш хүн байгальтайгаа сайхан харьцдаг байсан. Навч, мод хугална гэж байгаагүй. Та нар нэг навч хугалвал өөрийнхөө толгойг авч байна гэсэн үг. Усанд юм угаахгүй тэрийг чинь ус гэхгүй рашаан гэдэг байсан. Тэрийгээ их хайрлана. Хаана худаг, шанд байна тэндээс ус авчихаад түүхийгээр нь залгилчихаад аргалаа түүхээр, хонио хариулахаар явна. Байгалийн юм цэвэрхэн сайхан байсан. Гэрээ гэдрэг хойш нь барьдаг. Хүний бэр гэдэг бол их дэгтэй, томоотой байдаг, хамаагүй ярьдаггүй, шалдан нүцгэн гүйдэггүй байсан.

Дэжид -

Бэр болоод очвол тэр айлын дэг журмын яг дагах нь байна.

Гаадан -

Тийм. Бэр буулгана гэдэг бол боломжтой айлын хувьд бөөн юм болно.

Дэжид -

Та тэр ёсноосоо ярьж өгөөч.

Гаадан -

Намайг бага байхад манай саахалт айлын хүүхэн хүнд очсон. Тэрийг яръя. Аль аль нь боломжтой айл байсан. Тэр нөхөр нь хэдэн дагуултай ирж байгаа юм. Бид нар хэрэгт дурлаад тэр айлд очсон. Бид нар гадаа тэргэн дээр хараад сууж байгаа юм. Тэр нөхрийнх нь ах, авга эгч хоёр нь бэр болох хүнээ дагуулаад гарч ирж байгаа юм. Тэгээд хөтлөөд гараад ирэнгүүтээ толгой дээгүүр нь юм нөмөргөчихөж байгаа юм. Тэгээд Дарьганга гоёл гээд баахан юм зүүчихсэн нөгөө бэр нь.

Дэжид -

Хэдий болтол тэр хувцасаа өмсөж байсан бэ?

Гаадан -

Тэр чинь намайг арван хэдтэй байхад гэрлэж байсан. Би хэдийд ийм сайхан юм зүүчихсэн байх бол гэж бодож байсан. Тэгээд моринд морьдуулаад давхичихаж байгаа юм. Тэгээд очиж байгаа айл нь манай хотонд ирж байгаа юм. Гэрийнхээ хатавчин дээгүүр цагаан эсгий унуулаад дэвсчихэж байгаа юм. Өмссөн хувцастай нь буулгаад нэг настай эмэгтэй хүн очоод дагуулаад оруулж байгаа юм. Нөгөөдөх чинь хөлөө өргөөд оронгуут эсгийг нь гадагш суга татаад авчихаж байгаа юм. Ойчуулах гэж байгаа юм гэнэ. Тэрэнд ойчихгүй бол их сайн хүн гэнэ. Тэр хүүхэн тэрэнд ойчихгүй байсан. Оронгуутаа галдаа мөргөөд, бурхандаа мөргөөд их хүнд юм зүүчихсэн. Тулганд задгай гал өрдчихсөн. Тэр үед тулга байсан. Тулга гэдэг чинь гурван цагирагтай, дөрвөн тотготой юм байсан. Тэрэнд гал түлнэ. Дээлтэй, ууж өмсчихсөн, толгой дээрээ баахан юм овоолчихсон тэр их л баян айлын хүүхэн байсан. Тэгээд зогсчихно. Ээждээ мөргө, аавдаа мөргө гээд тэрийг дуустал зогсоно. Шаант юутай ч юм бэ чанаад гурав хоносны дараа хоёулахнаа иддэг гэж ээж сүүлд хэлж байсан. Очингуутаа нөхөртэйгээ цуг нэг оронд унтдаггүй байсан гэсэн. Толгой дээрээ дандаа юмтай байна. Тэр аав, ээжийн дэргэд толгой нүцгэн байхгүй. Өглөө босоод толгой дээрээ юм тавиад, гараа угааж байж галаа ноцоодог. Унтаж байхдаа алчуураа авна. Тэр үед аав, ээжийнхээ урдуур хамаагүй явахгүй. Орж ирэхдээ дандаа амар байна уу гэж орж ирдэг байсан.

Дэжид -

Бас нарийн дэг журамтай. Эрэгтэй хүнийг их хүндэлдэг, дээдэлдэг байж.

Гаадан -

Нөхөр гэдэг бол хойморьтоо суучихсан. Цай ундаа эхлээд аавдаа, ээждээ хийгээд нөхөртөө хийгээд сүүлд нь өөртөө хийдэг байсан. Нөхрийн дээл хувцсыг хамаагүй эмэгтэй хүний дээлтэй холихгүй. Ор гээд нэг юм байдаг. Манайхны ортой адилгүй бандан юм байдаг. Тэрэн дээрээ эрэгтэй хүний дээлийг яг өмссөн юм шиг тавиад, дээр нь бүс, малгайг нь тавьдаг байсан. Эмэгтэй хүний дээл орны хөл талд нугалаад тавьсан байдаг.

Дэжид -

Та тэр үеийн юмыг их сайхан ярьж байна.

Гаадан -

Багын юм бол дотор байна. Одоо бол юм сонсоод ч ойлгохгүй болсон байна. Одоо зурагтаар юм дуулаад хүүхдэдээ очоод хэлье гэхээр байхгүй болчих юм. Дээл оёчихдог байсан. Одоо бол шилбээ оёх гэхээр чадахгүй байна.

Дэжид -

Тэр үеийн эмэгтэйчүүд дээл, хувцсаа өөрөө оёх уу?

Гаадан -

Тийм.

Дэжид -

Оёж хатгадаггүй эмэгтэйчүүд бараг байхгүй юу?

Гаадан -

Байхгүй ш дээ. Оёхгүй бол эмэгтэй хүний тоонд орохгүй. Айлын бэр болсон бол гутлаа, дээлээ, малгайгаа өөрөө хийж өмсөнө.

Дэжид -

Хийхгүй бол айлд очихгүй юу?

Гаадан -

Их муу бэр байна. Их хэл аманд орно. Гэхдээ салгана гэж байхгүй сургана. Хадам ээж сургаж юм хийдэг болгож авна. Гутлынхаа улыг наадаг болгоно, монгол гутлаа оёдог болгоно, хурган дээлнийхээ арьсыг татдаг болгоно. Малгай хийнэ. Дэлгүүрт ямар тийм малгай гэж байх биш. Монгол гутал хийнэ гэдэг чинь айхтар. Манай ээж Монгол гутал хийдэг байсан.

Дэжид -

Бараа материалаа яаж олдог байсан бэ?

Гаадан -

Бараа материал их ховор. Ам л гэж ярина, метр гэж ярихгүй. Ам даавуу, сатин, даалимба байна. Энэ гурван төрлийн бараа байна.

Дэжид -

Тэр нь Оросынх уу?

Гаадан -

Тэр бол Оросынх. Орос даалимба гэдэг чинь сайхан. Бид нар тэрүүгээр чинь наадмын дээл хийнэ. Өөр өнгийн юмаар эмжээд. Хар байвал шар юмаар эмжээд, цэнхэр байвал улаан юмаар эмжээд наадмын дээл хийж өмсөнө дөө. Торго гэдэг чинь 36-гын пүүсүү гээд хээгүй, 30-ын торго гээд том том дугуй хээтэй тийм л хоёр торго ирнэ. Бидний гоёо бол даалимба, сатин л байсан. Оросын бакиал өмссөн хүн бол гоё гуталтай хүн явна даа. Наадам дээр чинь бие биенийхээ дээлийг гуйж өмсөнө. Чи эхний наадамд өмсчихөөд дараа нь надад өгөөрэй гээд бие биенээсээ гуйгаад өмсөнө. Ээж надад хар даалимбаар шар юмаар эмжээд,наадмаар дээл хийж өгч байсан. Би эхний өдөр тэрийгээ өмсөөд, морин дээр болохоор ар нь үрчийчихээд илүүр гээд юмыг гал дээр тавьж халаагаад үрчлээг нь гаргаж байсан.

Дэжид -

Илүүр гэхээр индүү гэсэн үг үү?

Гаадан -

Жаахан шөвгөр, урт бариултай. Тэрийгээ тулганыхаа галд хийж байгаад үрчлээг нь гаргаад тавьчихсан. Тэгсэн манай хажуу айлын хүн манай Дулмаа маргааш наадамд явах гэсэн дээл байдаггүй чи охиныхоо дээл, гутал хоёрыг өгчихгүй юу гээд. Тэгээд айл саахалт хүмүүс чинь бие биендээ найрсаг байдаг болохоор ээж тэг тэг гээд миний хүү дээлээ гаргаад өгчих гэлээ. Би үрчгэрийг нь тэнийлгээд тавьчихсан байсан болохоор их дургүй, гэхдээ ээжийн үгнээс зөрж болохгүй. Тэгээд за за гээд наашаа харж инээж, цаашаа харж уйлж дуртай дургүй дээл, гутлаа өгч байсан. Гарсных нь дараа ээж намайг загнаж хүнд юм өгөхдөө өөдөөс нь хараад өгчихгүй яасан юм бэ? гэж загнаад. Маргааш нь наадам тарчихсан байхад чинь дээл авчирч өгөхгүй гээд нөгөө айл руу чинь хараад зогсоод байгаа юм. Ээждээ хэлвэл загнана гэж айгаад. Гадаа зогсож байсан чинь чи юугаа хараад зогсоод байгаа юм бэ? аргал оруулаад ир гээд. Би дээлээ хараад. Яавал гэж тэрийг чинь авчраад өгнө гэж ээж хэлээд. Тэгээд дээлийг минь авчирч өглөө. Би нөгөөдөхөө сэгсрээд, арчаад, илж илж эвхээд цааш нь хийж байгаа юм. Хөөрхий цаад улс нь ч гэсэн хайрлаж өмсөнө л дөө. Артельд улаан урт урт юм ирдэг байсан. Юу гэдэг ч байсан юм бэ? сайн мэдэхгүй. Ээж минь надад нэг дээл хийх гэсэн чинь гадар олдохгүй. “Тагнай даавуу” гээд цав цагаан зузаан даавуу бөөний дэлгүүрт байсан. Бөөний дэлгүүр гээд жаахан дэлгүүртэй. Тэнд иржээ гэж хүн хэлэхээр нь ээж намайг үзчихээд ир гээд явууллаа. Очоод харсан чинь урт зузаан цагаан юм байна. Тэр цагаан юмыг чинь эмжих эмжээр байхгүй. Тэгсэн нэг айлаас шар юм аваад ирлээ. Шаазанд ус хийчихлээ, тэрэндээ жаахан давс хийгээд уусгачихлаа. Тэгээд нөгөө шар юмаа хийчихсэн чинь шар юм болчихлоо. Хөөх ээж энэ яах гэж байгаа юм бэ? уух гэж байгаа юм уу гэхэд үгүй ээ гэлээ. Тэгээд яах гэж байгаа юм бэ гэхэд дуугүй л байлаа. Нөгөөдхөндөө нилээн их ус хийгээд нөгөөдхөө нилээн их болгочихлоо. Нөгөө цагаан юмаа хийчихлээ. Тэгээд тэр усандаа нилээн байлгаж байгаад мушгиад сэгсрээд авчихлаа. Тэгээд зүгээр шар болчихоор нь ээж маань хар даалимбаар эмжиж байсан.

Дэжид -

Бас мундаг байна.

Гаадан -

Тэр нэг л эм байсан. Тэр юунд хэрэглэдэг эм байсан юм бол бүү мэд. Манай ээж эм гэж байсан.

Дэжид -

Та Дарьгангын ёс заншлын талаар их сайхан ярьж байна. Гаадан гуай та хуримаа хийхдээ Дарьганга ёсоор хийж байсан уу?

Гаадан -

Тийм юм хийгээгүй ээ. Манай өвгөнд манай ээж, ах дүү нар дургүй байсан. Дарьгангачууд чинь хөдөөний малчин айлд хүнээ өгөх дуртай. Албан хаагч, цэргийн хүн гээд манай ээж дургүй. Хаяа шуулттай манай ээж чинь намайг ардаа хийгээд унтчихдаг байсан. Манай өвгөн бид хоёр чинь хаяагаар л ганц хоёр юм ярина. Тэгээд хааяа энд тэнд уулздаг байсан. Тэгээд манай нэг ах гэр бүл болгохгүй яасан юм бэ? гэж ээжийг загнаад. Манай Дарьгангачууд удам судар их харна. Үе удмаар нь хараад тэднийх бол тийм айл гэнэ. Жаахан ядуухан амьдралтай тэднийх чинь ах дүү муутай, тиймэрхүү айл гэж байх шиг. Тийм заншилтай. Албаны хүнтэй суулгах дургүй. Хол нутгийн хүнийг бол үзэхгүй. Би өвгөнөөсөө өмнө Архангай аймгийн хүний хүүхэдтэй танилцаж байсан. Тэрийг бол манай ээж үзэхгүй хол нутгийн хүн гээд. Шөнө намайг ардаа хийгээд, хаалга үүдээ цоожлоод унтаад өгнө. Миний тэр танилцаж байсан хүн цэргийн хүмүүстээ хаяанаас гэрийг өргөөд, хаяагаар орж ирээд, ээжид зодуулаад гарч байсан. Тэгээд тэрнээс хойш бид хоёр больж байсан. Чи хол нутгийн хүн болох гээд байна, энэ нутаг усныхаа хүнтэй суусангүй гээд намайг загнаад. Тэрийг хэд ташуурдаж гаргаад бид хоёрын харьцаа салж байгаа юм.Тэдний хүүхэн хотод нэг юмтай суусан гэнэ. Нэг юмтай л гэж ярина. Хол нутгийн хүнтэй суулаа гээд хүнтэй суусан гэж үзэхгүй, ээж аав нь ч үзэхгүй. Дарьганга дотроо л аль сум нь хамаагүй өгч байвал болно. Хүүхнийг чинь манайх хүүдээ юмуу дүүдээ авъя гээд бурхных нь өмнө хадаг тавина. Тэгээд дургүйлэхлээ гэж дуулддаггүй, өгчихдөг л байсан. Манай өвгөн бол Дарьганга нутгийн хүн байсан. Тэрүүнд бол манай ээж сайн байсан. Тэгээд энэ нутгийн хүнтэй суулгана гээд бид хоёрыг дор нь айл гэр болгосон. Өвгөний талынхан дүүгээ айлд орж суулгахгүй гээд.

Дэжид -

Эрэгтэй хүнийг айлд орж суулгахыг таашаахгүй юу?

Гаадан -

Тийм.Тун дургүй. Айлд орж суулгахгүй. 1945 онд өвгөн дайнд явж ирээд, аавынх нь бие 1947 онд муудаад айлд байлгахгүй гээд ээж, ах хоёр наашаа нүүж ирээд би Дарьгангад очоод Дарьгангын бэр болчихож байгаа юм. Намайг очиход ээж нь байгаагүй. Би олон сайхан хүмүүсийн дунд очоод, олон сайхан хүүхэд төрүүлээд сайхан гэр бүл явсан. Өвгөн минь жаахан харамсалтай нь тэтгэвэртээ гарч амжаагүй өөд болчихсон.

Дэжид -

Тэр үед гэр бүл болох асуудал нилээд дэгтэй байж. Тэр үед гэртээ байж байгаад хүнтэй суугаагүй мөртлөө хүүхэд гаргачихсан байвал яах уу?

Гаадан -

Тэр хүүхэнтэй чинь хүн суухгүй.

Дэжид -

Тийм тохиолдол байсан уу?

Гаадан -

Байна. Тэднийх хүүхнээ өгөхгүй байсаар байгаад гэртээ хүүхэд гаргасан байна лээ. Тэгээд явдал дундаа өөр шигээ хүнтэй таараад суувал сууна. Гэхдээ ховор л доо. Тэр хүүхнийг ч, тэр хүүхдийг ч үзэхгүй.

Дэжид -

Тэр хүн чинь насаараа ганц бие явах нь.

Гаадан -

Эцэггүй хүүхэд гаргасан хүнийг чинь бараг бузар гэнэ. Хүүхэд гаргаагүй эм хүнийг хурим найранд оруулахгүй.

Дэжид -

Гэртээ хүүхэд гаргасан хүнийг юманд оруулахгүй, айлын эхнэр болчихоод хүүхэд гаргаагүй бол бас юманд оруулахгүй юу?

Гаадан -

Тийм. Хүүхэд гаргаагүй эмэгтэй хүнийг чинь “Бүхэл хонины мах идэж Бүргэд суудлаар суугаагүй” гэж хэлнэ. Араг тавиад суулгаж байгаа чинь бүргэд суудал болж байна. Айлын хүүхэн төрөх гэж байна гээд заавал хонь гаргана. Баруун урдаа араг тавиад гурав хоног хөдөлгөөнгүй сууна. Нөхөр нь тэрний хоолноос идэхгүй, уулзахгүй бүр бузар хүн шиг байна. Гурав хоног оосорлоод унинаас нь уячихна. Хэвтэж унтахгүй.

Дэжид -

Тэр нь яаж байгаа юм бэ?

Гаадан -

Хэвтвэл хөл гард нь цус хурдаг гэнэ, тархи толгой нь өвддөг болно гэнэ. Хөл нь хуниастай тэрэн дээр чинь адсага юмуу жижиг гудас дэвсээд өгчихнө. Төрсөн хүн чинь гурав хоног манаастай. Гурав хоног унтуулахгүй. Жаахан нүд нь анилдвал хөөе гээд сэрээгээд байна. Нэг их мах чанаад өгнө, тэрийг шүдээрээ зулгаагаад иднэ. Тэрнээс нөхөр нь идэж болохгүй. Төрсөн хүн чинь баруун зүүн баганаас дээш гарна гэж байхгүй. Бурхан тахил өргөнө гэж байхгүй. Нэг хэсэг тийм байна. Галдаа гар хүрнэ гэж байхгүй. Эцэг нь хүүхдээ авна гэж байхгүй. Өөрөө л авч хуурайлна, хөхүүлнэ. Гурав хоногийн дараа ширдэг нугалж дэвсээд тэрүүхэндээ унтана. Сайн хадам ээж бол хүүхдийг нь хуурайлж өгнө, муухан бол өөрөө хуурайлна.

Дэжид -

Тэр үед голдуу гэртээ төрөх үү?

Гаадан -

Гэртээ төрнө. Хадам ээж бол тэрэнд хүрэхгүй. Хадам өөрийнхөө хүнийг явуулж хүүхдээ авуулна. Тэр хүн хүүг нь хайчилж хүүхдийг нь авна. Авсан ээжээ их хүндэлж очиж золгоно. Би тэрний авсан ээж гээд, тэр хүүхэд ч энэ миний авсан ээж гэж хүндэлнэ. Хадам бол тэр хүүхдийг нь эх барьж авна гэж байхгүй.

Дэжид -

Тэр үед яаж хүүхдээ хүмүүжүүлж, ажил төрлөө зохицуулж байсан бэ?

Гаадан -

Долоо хоноод сааль сүүндээ гарна. Манай ээж тэгж байсан гэсэн. Өөрсдөө юмаа зохицуулна. Намайг бага байхад Цоохор-Иш гэдэг айлынд манай ээж ах хоёр очсон юм байна л даа. Манай ах өглөө хониндоо явна, хонио хөөсөн мөрөөр аргалаа түүнэ. Манай ээж эсгий дээр үнс хийгээд гадуур нь том дээл тавиад боогоод хөхүүлээд орхино. Ах хонио туугаад гарна, ээж мөрөөр нь аргалаа түүхээр гарна. Тэгээд аргалаа түүгээд өдөр ирэхэд сэрвэл сэрээд, уйлвал уйлаад. Гэхдээ шээс нь нэвтрээгүй байдаг, шээсийг нь хатаачихсан байдаг. Тэгээд хүүхдээ хуурайлаад, нойтон байвал ээж минь дээлийнхээ дотор бүсэлчихээд гардаг байсан гэсэн. Тэгж хатаадаг байсан гэсэн. Орой ирэхэд юм хатчихна. Тэгээд орой ирээд хуурайлаад унтуулчихна. Өглөө нь тэгээд боогоод орхичихоод явна. Жаахан хүүхэдтэй хоёулаа тэгж явж байсан гэж ээж минь ярьдаг. Тэгээд хатаах ч юм байхгүй, өөртөө л хатааж явдаг байсан. Аргал түлш ч олдохгүй, хонины мөр хөөж явж олж байгаа юм чинь хоол ундаа л хийж байсан байлгүй.

Дэжид -

Тулга чинь хэдийд өөрчлөгдсөн бэ?

Гаадан -

1940-н хэдэн оноос зуухаа тавиад өөрчлөгдсөн. Гэхдээ анхандаа шилбэтэй, гурван хөлтэй зуух. Хархад үнс нь ил, дороо гурав юмуу дөрвөн хөлтэй. Галаа түлээд халуун нурам нь буугаад, тал тал тийш нь тараагаад түүндээ дулаацаад.

Дэжид -

Тэр үед чинь шал гэж байдаггүй байж.

Гаадан -

Ширдэг, адсагаа дэвсчихсэн байна. Үхэр малын арьс ширийг давстай ус, цагааны шар сүүгээр дэвтээж, арга саваар гуядаж байгаад зөөллөөд, тэр чинь их дэвсгэр болно ш дээ.

Дэжид -

Ахуйн хэрэглээний юмаа өөрсдөө хийж байж.

Гаадан -

Гэрийн тавилга гээд тавиуртай нэг юм байна. Тэрэн дээрээ бүх юмаа тавина. Гайгүй бол нэг авдартай. Сүүлд 1950-н хэдэн оноос Улаанбаатараас тэмээн тэргээр арслантай эрээн авдар гээд авдар их зөөдөг байсан. Тэрийг тавиагүй айл бол айл биш. Тэрнээс өмнө шүүгээ гэж байсан. Ор гэж ямар байх юм биш.

Дэжид -

Гэр бүл болоход нөхөр нь гэрээ бэлдэх ёстой юу? Хоёулаа нийлээд бэлддэг байсан уу?

Гаадан -

Эр хүн гадуур ажлаа хийхээс биш, гэр орны бүх ажлыг эмэгтэй хүн хийнэ. Хүүхдээ харах, сааль сүүгээ борлуулах, малаа маллах энэ бүгдийг хийнэ. Эрэгтэй хүн чинь уурга бариад адуунд давхисан, баян айлын хүүхэд бол морьдоод давхисан, айл хэссэн хүн байсан. Гадуур ажлаа хийнэ гэхээс биш эцэг хүн гэрийн ажилд хүрэхгүй. Хүүхдийг өсгөж мэдэхгүй. Манай өвгөн эхний хоёр жаалд авдаггүй байсан. Манай өвгөн чинь сургууль соёл төгсчихсөн хүн ш дээ. Заншил нь тийм байсан болохоор хоол унд хийнэ гэж байхгүй. Тэнд хүүхэд уйлаад, би энд гурил зуураад сууж байхад манай хүн сонин номоо уншаад сууж байна гэхээс биш авахгүй. Харин ойрхон гарсан хүүхдүүд бие биенийгээ чирээд өснө.

Дэжид -

Та тэр үед хүүхдүүдээ яаж хүмүүжүүлж байв?

Гаадан -

Сумын төв дээр чинь сургууль, ясли гэж байхгүй өөрөө хүмүүжүүлнэ. Нэгдлийн ажил гэдэг чинь бүх ажилд бид нарыг явуулна. Адуу хөөвөрлөнө гэхэд бид нар явж байна, малын хашаа барина гэхэд бид явж байна. Бидэнд явахгүй юм гэж байхгүй.

Дэжид -

Үсчнийхээ ажлын хажуугаар тэр ажлуудыг та хийх үү?

Гаадан -

Хийнэ.Үйлчилгээнийхэн гээд хөөгөөд явуулна.Очингуут чинь нөгөө адууг чинь барьж аваад боогоод боогоод хаячихна. Бид нар чинь хаврын хавсарганд хөөврийг нь авч байгаа гээд мулзална даа. Хүн болгон нормтой. Тэгээд хоёр гурвыг самнаж байж, орой нь шороонд дарагдсан бүрзийсэн юм жаахан хөөвөр бариад ирнэ. Ямаа самнана гээд хачиг, шалзанд баригдаад, нэгдлийн ажил гэдэг чинь биднийг очих үед их айхтар байсан. “Түлээ” бригадынхан гээд нэг юм байгуулчихсан. “Түлээ” бригад гэдэг чинь нэгдлийн хамаг ажлыг нугална. Үсчин, халуун ус, талхчин, ясли, цэцэрлэг гээд таван газар нэг бригад байгуулж байгаа юм. Юмны түрүүнд “Түлээ” бригад. Нэг айл хашаа барихад “Түлээ” бригадынхан очно. Ямаа саана, адуу хөөвөрлөнө.

Дэжид -

Тэрний цалин хөлс гэж байх уу?

Гаадан -

Байхгүй ээ.

Дэжид -

Та түрүүн үс засахад хоёр зуун төгрөг гээд байсан хоёр төгрөг биздээ?

Гаадан -

Тийм. Хоёр төгрөг. Үсийг нь засахад хоёр төгрөг, машиндахад нэг төгрөг байсан.

Дэжид -

Өөрөө үндсэн цалингаасаа гадна тэр ажлуудыг хийж байсан юм уу?

Гаадан -

Тийм. Цалин мөнгө гэж өгөхгүй. Харин тэр сайн явсан, тэр муу явсан гэж дүгнэнэ. Сайн явбал баярын бичиг, оймс эсвэл гар нүүрийн алчуур өгнө.

Дэжид -

Тэр урамшуулал үнэхээр том санагдах уу?

Гаадан -

Тэгнэ. Тэр олон баярын бичгүүдийг чинь гэртээ ярайтал өрнө. Муу ажиллавал нөхөөд тэдэн дээр очоод ажилла гэнэ. Нэгдэл дээр хаваржин хурга тэврээд явна. Тэрний нэмэгдэл цалин гэж байхгүй.

Дэжид -

Эмэгтэй хүмүүс хамгийн их ажлыг хийж байж. Тэр үед эмэгтэй эрэгтэй хүмүүсийн харьцаа өөр байж.

Гаадан -

Тийм. Дарьгангачуудад авгай нөхөр муудаж сална гэж байхгүй. Тэр нь их сайхан. Нөхрийгөө их хүндэлж сурсан, нөхрийнхөө үгээр. Одоогийнх шиг нөхөр нь ч гэсэн чанга орилоод, хөөж туух юм байхгүй. Авгай өөрийнхөө хийх ажлыг хийнэ, нөхөр өөрийнхөөө хийх ажлаа хийнэ гэхээс биш муудаад байх юмгүй сайхан амгалан амьдарч байсан.

Дэжид -

Салсан хүн дахиад өөр хүнтэй суух тохиолдол байх уу?

Гаадан -

Байдаг л даа. Гэхдээ тун дургүй. Нөхөр нь өнгөрсөн барьсан хүн сууна гэхээс биш гэр бүл болоогүй залуу ирээд суусан гэсэн юм байхгүй. Салсан ч гэж ярихгүй тэднийхээс хөөгдчихсөн юм байна лээ гэж ярина.

Дэжид -

Төрөөс эмэгтэйчүүдийн талаар ямар бодлого баримталж байсан бэ?

Гаадан -

Бид нарыг залуу үед олон хүүхэд төрүүлсэн эхэд эхийн нэг, хоёрдугаар одон өгч байлаа. Тэрнээс биш өөр юм байхгүй. Төрөхөд одооных шиг мөнгө өгөхгүй. Дөчин тав хоног амрана. Цалингийн дундаж хэмжээтэй адил мөнгө өгнө.

Дэжид -

Хүүхдийн мөнгө гэж хэдэн төгрөг өгөх үү?

Гаадан -

Хүүхдийн мөнгө гэж байхгүй.

Дэжид -

Одон авахад мөнгө дагалдах уу?

Гаадан -

Одон авахад мөнгө дагахгүй. Үйлдвэрчний эвлэлээс одоогынхоор бол дөрөв, таван мянган төгрөг өгч байсан. Хүүхдийнхээ өлгий сүүний мөнгийг авлаа гэж аав нь баяртай орж ирж байсан болохоос биш өөр тийм гавъяа шагнал байхгүй.

Дэжид -

Танай хүүхдүүд сумандаа сургуульд сурч байсан уу? Аймгийн төвд сурч байсан уу?

Гаадан -

Хоёр нь сумандаа сууж байсан. Бусад нь аймагт суусан.

Дэжид -

Хүүхдүүдээ аймгийн төвд суулгахад дотуур байранд байлгах уу?

Гаадан -

Дотуур байр олдохгүй. Үнэхээр очих айлгүй бол дотуур байранд оруулдаг байсан.

Дэжид -

Ийм ховор байсан юм уу?

Гаадан -

Ховор байсан. Тэгээд манай хүүхдүүд чинь ах дүү, таньдаг айлынд сууна. Манай хоёр хүүхэд сумын төв дээр найм төгсч ирээд, ээжийн дүүгийнд сууж байсан. Ер нь бол зовлон үзээгүй. Нэгдлийн малчдын хүүхдийг чинь их л харж үзэхээрээ тав, зургаан хүүхэд авна. Сайн саальчин, сайн малчин хүний хүүхдийг авахаас биш тэр болгон хүүхэд авахгүй.

Дэжид -

Нэгдлийн ажилчин, гишүүн хүмүүст цалингаас гадна урамшуулал байсан уу? Амралт гэж байсан уу? Ер нь юу байсан бэ?

Гаадан -

Сүүлдээ голынхоо захад амралт байгуулаад арав хоног амраадаг байсан. Малчдыг, сумын ажилчидыг.

Дэжид -

Нэгдэл зардлыг нь даадаг байсан уу?

Гаадан -

Нэгдэл даана. Мөнгө цаасыг бид нар өгөхгүй. Өөр хол газар явахгүй. Бүх сумдын малчид тэнд очиж амардаг болсон. Шагналын амралт гээд тэрийг чинь ховорхон авна. Би жилдээ нэг амарчихаад байсан.

Дэжид -

Та үсчин болж байхдаа Хятад хүнийг дагаж байсан гэсэн. Ер нь тэр үед Гадаадын мэргэжилтэнгүүд байсан уу?

Гаадан -

Байгаагүй.

Дэжид -

Гадагшаа явах хэр нээлттэй байсан бэ?

Гаадан -

Тийм юм байхгүй. Их том шагнал бол Улаанбаатар явах шүү дээ.

Дэжид -

Та анх хэдэн онд Улаанбаатар очиж үзэж байв?

Гаадан -

1950-н хэдэн онд, 1960-н хэдэн онд хэд хэд очиж амарч байсан.

Дэжид -

Та хамгийн анх хэдэн онд очиж байв?

Гаадан -

1955 онд Оргилд очиж амарч байсан.

Дэжид -

Шагналын амралт байсан уу?

Гаадан -

Шагналын амралт байсан.

Дэжид -

Таныг анх Улаанбаатарт очиж амархад ямар сэтгэгдэл төрж байв?

Гаадан -

Их гоё байсан. Амралтанд очсоныг хэлэх үү үнэхээр сайхан байсан. Тэр үеийн амралтууд сайхан байж дээ. Цөөхөн ч хүнтэй байж.

Дэжид -

Эндээс юунд сууж явах уу?

Гаадан -

Замын зардлаа өөрөө өгнө. Үйлдвэрчний зөвлөл, нэгдлийн захиргаанаас шийдэж байж нэг амрааж байгаа юм. Өөрөө унаа олоод замын тэргээр явна. Дарга нар хот орвол дайгдаад явна, тиймгүй бол өөрөө унаа олоод явна. Хот орох үнэхээр сайхан байсан. Залуу ч байлаа.

Дэжид -

Та хүүхдүүдээ тодорхой боловсрол эзэмшүүлж, сургууль соёлоор явуулсан байна. Тэр үеийн эцэг эх, сургуулийн хоорондын холбоо ямар байсан бэ?

Гаадан -

Би багштай нь уулзаж байгаагүй. Хүүхдүүд өөрсдөө биеэ даагаад яваад ирдэг байсан. 2000 төгрөг өвөртлүүлээд, 45-ын гутал өмсүүлээд аймаг явуулчихна. Хоёр гурав нь хотод төгссөн. Би багш нартай нь уулзаж байгаагүй. Одоо их анхаардаг болсон болохоос биш миний үед хүүхдүүд маань биеэ даагаад явдаг байсан. Амраад ирж л байдаг, явж л байдаг. Олон хүүхэд төрүүлсэн болохоор наана цаана гэх юмгүй өөрсдөө биеэ даагаад явдаг. Хажууд ээж, аав байхгүй байсан болохоор өсгөж, өндийлгөх гэж хэцүү байсан. Эмэгтэй хүний ажлаа хийгээд, үр хүүхдээ өсгөөд, эр нөхрөө хүндлээд хоол цайг нь хийж өгөөд явдаг байсан.

Дэжид -

Хүүхдийн хувцас худалдаж авах нь ховор уу?

Гаадан -

Ховор ш дээ. Дандаа хийж явуулна. Сүүлийн үед бакиал, 45-ын гутал гарчихсан тэд нарыг авч өгдөг байсан. Дандаа оёж явуулна.

Дэжид -

Цаг завгүй ажилладаг байж. Амралт гэж байхгүй.

Гаадан -

Өдөржин ажлаа хийчихээд, орой орж ирж хэдэн хүүхдэдээ хоолыг нь хийж өгч унтуулчихаад шөнө сууж юм оёдог байсан. Тэгээд хэдхэн цаг унтаад, өглөө эрт босно. Манай хоёр охин сургуульд явдаг байсан. Тэдний үс, гэзгийг нь самнаж өгнө. Бүгдийг нь бэлэн болгоод ажилдаа явна. Гэрийн эзэн унтаж байна. Босоод өөрөө идэж уугаад явдаг байсан.

Дэжид -

Таны ажиллаж, амьдарч байх үед унтах цаг бага байждээ.

Гаадан -

Тийм. Шөнө их юм оёно. Миний ээжийн заасан заалт байдаг. Шөнө хийсэн юм хүнд өглөө хүн хийгээд өгсөн юм шиг байдаг. Шөнө юм хийж бай гэж. Би шөнө юм оёхгүй бол юмаа угаана, бүх юмаа бэлэн болгоно. Өглөө эрт сэмээрхэн босоод цайгаа чанаад, аяга аяганд нь хоол цайг нь хийж өгөөд, тэр гэрийн ажлыг дуусгачихаад явахыг бодно. Хүүхдүүдээ цувуулж босгоод лентийг нь яндандаа индүүдээд үсийг нь боож өгнө. Индүү гэж байх биш яндандаа индүүднэ. Гоё индүүдлэгд орно.

Дэжид -

Тэр үед цаг гэж нарийн байсан.

Гаадан -

Тийм.

Дэжид -

Ажлын дараагаар сонсгол, лекцтэй биз.

Гаадан -

Байлгүй яахав. Долоо хоногийн нэг өдөр сонсголтой, нэг өдөр лекцтэй. Хожигдохгүй. Хожигдвол дараагийн лекцэн дээр нэр нь гарна. Сүүлд манай нөхрийн авга ах нь хэдэн хүүхдэдээ аяга тараг өгч бай гээд хоёр үнээ авчирч өгсөн. Тэрийг бас саана. Тараг болгож хүүхдүүддээ идүүлж, уулгах гээд. Үнээгээ саагаад байж байтал лекцийн цаг болчихоод төмөр дугарлаа. Тэгэхээр нь хувинтай сүүгээ оруулж тавьчихаад, пиджакаа өмсөөд гараад гүйсэн чинь ард явж байсан хүүхнүүд хөхрөлдөөд байх юм. Тэгсэн юбкагүй ганцхан пиджактай гүйж явсан. Хожигдох гээд сандарч байгаа нь тэр. Тэгээд буцаж гүйж өмсчихөөд очиж байгаа юм. Тэгээд хожигдлоо. Лекц эхлэснээс хойш хаалга үүд онголзууллаа гээд загнаж байгаа юм.

Дэжид -

Маш их шахуу ажиллаж байж. Их ажилласнаар их ядарсан баймаар. Гэтэл ийм сайхан насыг наслаад явж байна. Энэ ажил хөдөлмөрийнх байдаг юм болов уу? Та тэгж их ажиллаж байсан гэхэд тэнхлүүн байна.

Гаадан -

Болгож байсан. Улсын ч ажлыг, хувийн ч ажлыг болгож байсан. Манай Дарьгангачуудын зан хүний доор орохгүй. Оёх барихыг чинь биенээсээ нууж оёно. Нэг хүн сайхан дээл өмсчихсөн явж байвал би нөхөртөө энийг аваад дээл хийж өгье гээд шөнө нууж оёж байгаад дээл хийгээд өмсгөчихнө. Тийм атаа жөтөөтэй. Эмэгтэй хүний ажил чинь их хүнд байсан. Бид нар түүнийгээ хүнд байна гэхгүй. Хүүхдээ өсгөх нь, гэрийнхээ ажлыг хийх нь миний ажил, миний үүрэг.

Дэжид -

Залхуурна гэж байхгүй юу?

Гаадан -

Залхуурна гэж байхгүй. Эр хүнийг чи хөдөлсөнгүй гэж уурлаж уцаарлана гэж байхгүй. Хүүхдийнхээ хувцсыг хааяа эцэг нь өмсгөж байвал их баярлана. Энд хүүхдийнхээ үсийг самнаж байхад, тэнд миний хүү цэцэрлэгтээ явах гэж байгаа юмуу гээд хувцсыг нь өмсүүлвэл их баярлана.

Дэжид -

Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт үзүүлсэн юм байна уу? Хэрвээ байгаа бол та яагаад түүнийг таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан асуудал гэж үзэж байна вэ? Та өөрийнхөө бодож байгаагаар л ярь.

Гаадан -

Би бол их сайхан амьдарч байсан.

Дэжид -

Үсчин болсон чинь үү?

Гаадан -

Би бол сургууль соёл байхгүй. Намайг анх үсчин болгосон Шагдар ахдаа баярлаж байдаг. Би аймгийн анхны үсчин болж байсан. Үсчин гэдэг мэргэжил бол хамгийн сайхан мэргэжил, хоцрогдохгүй мэргэжил. Энэ хүний үсийг хаанаас нь засвал яаж сайхан харагдах бол гэж би боддог байсан. Эмэгтэй хүнд чамд ийм засалт зохино, чи очоорой гэж би хүнийг нааш нь татдаг байсан. Тэгээд ч надад татагддаг байсан. Би олон түмнийхээ хайр хүндэтгэлийг их авч байсан.Тиймдээ баярын бичгүүдийг их авч байсан. Баярын бичиг авна гэдэг чинь наддаа их том шагнал байсан. Ингэж амьдарлынхаа гарааг нээсэн. Миний ханийн ах дүү нар надад Дарьгангын чанга ёс журмыг тулгаагүй.

Дэжид -

Таны амьдралд бусдаас онцгой зүйлийг та тэрийг гэж бодож байна уу?

Гаадан -

Тийм. Хамгийн түрүүнд би үсчин болсон. Дараа нь би сайн хадмын гарт очсон. Түүнийгээ би их сайхан, өндрөөр бодож явдаг. Тэр хүмүүсийг өөрийнхөө аав, ээж шиг хүндэлж явдаг. Хүний бэр гэж гадуурхаж байгаагүй. Би бол тэднийд чөлөөтэй байсан. Тэр үеийн айлын бэр бид хоёрыг харьцуулахад өдөр шөнө шиг байсан. Тэр үеийн зарим бэрүүд их чанга орчинд, халуунд хөл нүцгэн араг үүрээд явна, эр нөхөр нь халамжгүй тийм байсан. Мэргэжилтэй байсан болоод тэр юмуу миний амьдрал гараанаасаа эхлээд сайхан байсан. Одоо ч гэсэн сайхан амьдарч байна гэж би боддог. Одоо хүүхдүүдээрээ хайрлуулаад, нам засаг хайрлаад.

Дэжид -

Тэр үед дэг жаяг хатуу байж.

Гаадан -

Хатуу байсан. Намайг айл гэр бүл болоод очих үед их чанга байсан. Миний найзууд надад чи ямар сайхан юм бэ? танай ах чинь чамайг дандаа миний дүү гэж байх юм, танай эгч чинь миний дүү гэх юм гэдэг байсан.

Дэжид -

Тэр ах, эгч нар чинь юу хийдэг байсан бэ?

Гаадан -

Хамгийн том ах нь панз Дүүдэн гээд хурдан морь, мотоцикл цуглуулсан хүн байсан. Тэрний дараагийнх нь ах мужаан, дах хийдэг хүн байсан. Нэг эгч нь малчин хүн байсан. Панз Дүүдэн гэдэг ахынх нь хүү нь дуучин, эхнэр нь дуучин байсан. Эхнэр нь улсад хүртэл очиж тэмцээнд орж байсан. Тэднийх тавуулаа хот айл. Манай өвгөн тавуулаа юм. Панз Дүүдэнгийнх гээд Дарьгангадаа их цуутай хот айл байсан. Бүр хол аймгуудаас панзчингууд ирнэ. Тэнд морь, мотоцикл хоёр цуглачихна. Манай ах чинь тэр хүмүүсийг ирэхээр хонь гаргана. Манай эгч цайгаа чанаж байхдаа “Хөөрхөн халиунууд” гээд дуулж байдаг, хүү нь тэнд хуур хуурдаад сууж байдаг Дарьгангад нэртэй хот айл байсан.

Дэжид -

Панз гэдэг нь юу хийдэг хүн байсан бэ?

Гаадан -

Мотоцикл, морь хоёрын наймаа хийдэг хүн байсан. Энд тэндээс наймаа хийх гэсэн хүмүүс цуглачихна. Дээр үеийн улаан мотоциклууд цуглачихна. Мотоциклоо бие биетэйгээ сольж байна, зарж байна. Манай ах хурдан морьтой. Хөдөө аймгуудаас очиж хурдан морь авна.

Дэжид -

Худалдаа наймаа хийдэг байж.

Гаадан -

Тэр ах бол өөрөө нягтлангын мэргэжилтэй сумын төвд нягтлан. Панз Дүүдэнгийнх гээд их сайхан цуутай хот айл байсан. Дуучин, хуурчин улсууд байна. Баруун аймгуудаас чинь морь хөтөлж очоод хонон өнжин байна. Тэгээд тоглохгүй, улсууд чинь гэрийн сүүдэр энэ тэнд тамхиа татаад морь, мотоциклоо яриад суучихна. Дуулна, хуурдана, монгол архи их ууна. Муудна гэж ямар байх биш. Сайхан мах чануулаад, дундаа нэг данхтай юм тавьчихаад сууна. Бид нарыг сайхан цай хийнэ шүү, хоол хийнэ шүү гэнэ. Бид нар чинь цагийн ажил гэж байх биш хөдөө гарчихсан хоол, цайг нь хийгээд байна. Тийм сайхан хот айл байсан. Тэгээд сүүлдээ өвгөн бид хоёр сумын төв дээр ирээд хөөрхий ах нар нь цуваад өөд болсон. Манай ах “Дүүдэнгийн хар азарга” гээд их хурдан азаргатай байсан. Манай хүүхдүүд, дүү нар түүнийг нь сэргээн сумандаа найман сард найр хийнэ гэж байгаа. Панз Дүүдэн гэж хүн байсан. Авгай нь дуучин Гүнсмаа гэж хүн байсан. Тэрийг нь манай хүүхдүүд сэргээнэ гэж ярьж байгаа. Хавар Дарьгангад овооны бага тахилга гэж болдог. Тэрүүнд манай хүүхдүүд ирээд би очсон.

Дэжид -

Тэр жил болгон болох уу?

Гаадан -

Тийм. Их тахилга нь дөрөв, таван жилийн дараа болдог.

Дэжид -

Дарьгангачууд уул ус, овоогоо тахидаг, өвөг дээдсээ их хүндэлдэг, ёс журмаа дээдэлдэг хүмүүс байна. Таны хадам талд дархан хүн байж. Дарьгангачууд уран дархан, ур хийцтэй юмаараа их алдартай.

Гаадан -

Манай нэг ахын өргөмөл хүү нь их цуутай дархан Дондов гэж хүн байсан. Тэр бол бидний үеийн их юм хийдэг хүн байсан. Миний энэ ээмгийг Онгон сумын Балдан-Осор гэж хүн хийсэн.

Дэжид -

Хэдэн оны үед хийж байсан бэ?

Гаадан -

Намайг арван хоёртой байхад ээж минь хургатай хонио тэр хүнд өгөөд шигтгээтэй үсний даруулга, энэ хоёрыг хийлгүүлж байсан. Би жаахан байсан болохоор ийм том ээмэг зүүхгүй гээд ээж минь ээмгийг нь зүүгээд би үсний даруулгыг нь зүүдэг байсан. Ээж минь сая ерэн хэд хүрээд өөд болоход нь би энийг авч зүүсэн.

Дэжид -

Их дурсгалтай юм байна.

Гаадан -

Балдан-Осор гэж цуутай дархан хүн байсан.

Дэжид -

Таны зургийг аваад, тусад нь ээмгийг нь авъя. Тэр уран дархан хүмүүсээс үлдсэн дурсгалтай юм таньд байдаг уу?

Гаадан -

Манайд ганц хоёр мөнгөн аяга байдаг. Манай ээж нэг хавчаартай байсан. Дарьгангын эхнэр хавчаар гээд. Би тэрийг нь эвдүүлээд хүүхэд хүүхэддээ нэг мөнгөн аяга хийлгэсэн. Одоо багад нь байдаг.

Дэжид -

Дарьгангын удам судар, зан заншил таньд туссан их сайхан амьдарч, ажиллаж байсан юм байна.

Гаадан -

Тийм. Манай Түвдэндаржаагын аав их сайхан хүн байсан. Ах, ээж нь их сайхан хүн байсан.

Дэжид -

Манай Түвдэндаржаа гэдэг хүн нь миний оюутан үеийн хамт сурч байсан хүн. Би энэ талаар Гаадан гуайгаас асуусан юм. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын жинхэнэ хүн, одоо нас наян хэд хүрсэн ч өөрийн амьдарлаа дөнгөж өчигдөр байсан мэтээр ингэж сайхан ярьж өгсөн таньд баярлалаа.

Гаадан -

Өөрт чинь ч баярлалаа.

Дэжид -

Тухайн үеийн зан заншил, нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж байсан үүрэг, ялангуяа эмэгтэй хүн ямар их ачаалалтай ажиллаж, бүхнийг амжуулж байсан юм бэ? гээд тэр үеийн сайхан зүйлүүдийг ярьж өгсөн таньд эрүүл энх сайн сайхныг хүсье.

Гаадан -

Та нарт ч гэсэн амжилт хүсье. Олон хүн дотроос намайг сонгож ирсэнд баярлалаа.

Дэжид -

Таниар яриулаад суувал ядраачихна. Таниар дахиж яриулвал та их олон чиглэлээр, их сайхан ярихаар байна. Дарьгангын ёс заншлын талаар их сайхан ярьлаа.

Гаадан -

Та нарт ч их баярлалаа. Эмээ шигээ урт наслаад, сайхан яваарай.

Дэжид -

Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.