Chadraabal


Basic information
Interviewee ID: 990534
Name: Chadraabal
Parent's name: Lham
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Dariganga

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / negdel deputy accountant
Belief: Buddhist
Born in: Dariganga sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
collectivization
environment
cultural campaigns
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу, Чадраабал гуай?

Чадраабал -

Сайн, сайн явж байна уу?

Дэжид -

Сайн сайн. Бид Англи улсын Кембрижийн их сургуулиас хэрэгжүүлж буй Монголын 20-р зууны аман түүхийн төсөл гэсэн судалгааны ажлаар явж байгаа юм. Юуны өмнө нэгдэлжих хөдөлгөөний тухай ярьж өгнө үү гэсэн бидний хүсэлтийн дагуу ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд талархсанаа илэрхийлье. Ярилцлага эхлэхээс өмнө таниас асууж тодруулах хоёр зүйл байна. Нэгд, та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Чадраабал -

Байхгүй ээ.

Дэжид -

Хоёрт, тодорхой хугацааны дараа түүх эрдэмтэн судлаачид та бид хоёрын ярьсан ярианаас судалгааныхаа материалд ашиглах, хэвлэл мэдээлэлд ишлэл болгох зэргээр тодорхой зорилгоор ашиглахыг Та Кембрижийн их сургуульд зөвшөөрч байна уу?

Чадраабал -

Зөвшөөрч байна.

Дэжид -

За хоёулаа таны төрж өссөн нутаг ус, бага нас, түүх намтраас яриагаа эхлэе?

Чадраабал -

За. Би 1929 онд Дарьгангын Алтан овооны зүүхэн талд төрсөн хүн. Одоо 82 настай. Тэнд өсч төрж, жоохон байхаасаа шилбүүр унаж тоглож өссөн нутаг минь тэр. Тэрнээс хойш 49 онд цэрэгт явж ирээд, 52 оноос эхлэн өөрийнхөө төрсөн нутаг Дарьгангадаа төрөл бүрийн ажил хийж байсан хүн дээ.

Дэжид -

Та бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн үү, тэр үед сургууль соёл гэж байсан юм уу?

Чадраабал -

Миний багад сургууль гээд байх юм байгаагүй. Бага сургууль гэж манай суманд байсан юм гэнэ лээ. Би ер нь сургуульд ороогүй хүн. Намайг 8, 9, 10 хүрч байхад сургуульд авна гээд ээж аав маань хүний ганц хүү гээд өгөхгүй байсан юм. Тэр үед манай аав ээж хоёр хувийн аж ахуйтай тийм хүмүүс байсан л даа. Тэгээд ганц хүүгээ өгөхгүй гээд өгөөгүй юм. Тэгээд 45 онд олон улсын тогтворгүй байдлын улмаас манай сум наашаа хөөгдөж Шаргын ууланд нүүж ирсэн юм.

Дэжид -

Танай сум хил орчмын сум байсан юм уу?

Чадраабал -

Тийм ээ, Дарьганга чинь хилийн сум ш дээ. 40-өөдхөн км. Манай сумын төв дээр, Алтан овооны энгэрт 2-р хороо гэдэг цэрэг байгуулаад цэргийн мал хариулж байгаа хэдхэн хүн үлдсэн юм. Бусад нь энэ Сүхбаатар сумын нутаг Шаргын уул, …? зэргээр нутаглаж 48 оныг хүртэл байсан юм. Ийм учраас би сургуульд сурч чадаагүй. Хөдөө багийн бүлгэм гэж байсан. Тэр нь сургуульд ороогүй хүүхдүүдийг гэртээ цуглуулаад өдөрт нэг дөрвөн цаг А, Б заадаг байсан юм. Тэрэнд би цэрэгт явдаг жилээ 20 настай хориод хоног явсан даа. Мориор тэр айлд очиж А, Б заалгадаг байлаа. Тэгээд би цэрэгт очоод гайгүй юм сураад ирсэн хүн.

Дэжид -

Танайх тэр үед хэдий орчим малтай айл байсан бэ?

Чадраабал -

Манайх ядуувтар айл байсан. 60, 70 хониноос нэг их дээшлээгүй дээ. 10-аад үхэртэй, 10-аад адуутай. Тэмээ, ямаа байдаггүй тийм өвгөн хөгшин хоёрын ганц хүү байсан. Хүнд оччихсон ганц хүүхэнтэй ийм л байсан айл. Тэгээд намайг цэрэгт яваад ирэхэд хоёулаа мал нь нилээн өсчихсөн байсан.

Дэжид -

Та 20-тойдоо цэрэгт явсан юм уу?

Чадраабал -

Яг 20 настай цэрэгт явсан.

Дэжид -

Тэр үед цэрэгт хүсэлтээрээ явдаг байсан уу? Албан хүчээр явах уу?

Чадраабал -

Хүсэлтээрээ бишээ, албан тушаалаар явдаг байсан. Намайг Дорнодод цэрэгт очиход цэргийн хугацаа 4 жил байсан. Намайг очсоны дараа дэлхийн дайны байдал арай суларч цэргийн хугацаа 3 жил болсон. Тэгээд би Дорнодод 3 жилээд болоод 52 онд нутагтаа халагдаж ирсэн дээ. Ирээд элдэв өнгийн ажил хийсэн дээ.

Дэжид -

Цэргээс ирээд та тэгээд юу хийж байв даа?

Чадраабал -

Мал эмнэлэгт санаторчин хийж байсан.

Дэжид -

Тэр үед цэргээс ирсэн хүнийг шууд ажилд авдаг байсан юм уу, хүсэлтээр нь авдаг байсан юм уу?

Чадраабал -

Шууд авна. Тэр үед цэргээс ирсэн хүнийг их боловсролтой гэж ойлгодог байсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг шууд л мал эмнэлэгийн санаторчин хий гэсэн.

Дэжид -

Санатор гэдэг нь юу хийх вэ?

Чадраабал -

Малын эмчийн доор хүн эмнэлэгээр бол сувилагч л гэсэн үг. Энийг тарь гэвэл тарина.

Дэжид -

Цэрэгт байхдаа юу сурав, ямар юм заадаг юм?

Чадраабал -

Ерөнхий эрдэм, улс төр заана. Тэр хоёр хичээлд би идэвхитэй суудаг байсан. Сүүлдээ Уулбаян суманд нарийн бичгийн дарга байж байгаад өнгөрчихсөн шинэ хуучин үсэгт хоёуланд нь гаргуун байсан тэр бид хоёр цэрэгт их кампани байсан юм. Тэр над их тус болдог байсан. Захиаг минь надаар бичүүлж, өөрөө шалгана. Тэрнээс их юм сурсан. Би бас хуучин үсэг ч жаахан мэддэг болсон. Сүүлдээ би бүр салаан дарга, жагсаалын дарга хүртэл болоод ахлагч цолтой халагдсан шүү.

Дэжид -

Цэргийн 4 жил танд тэгвэл нэлээд боловсрол олгож тийм ээ?

Чадраабал -

Их юм олгосон. Тэгээд мал эмнэлэгт 3 жил ажилласан. Дараа нь 56 оноос Эвлэлийн үүрийн даргыг 6 жил хийсэн.

Дэжид -

Та яагаад ажлаа солисон юм бэ?

Чадраабал -

Дэвшиж байгаа юм. Малын санатор байхад 140 төгрөгний цалинтай. Эвлэлийн үүрийн дарга бол 400 төгрөгний цалинтай. Манай Эвлэлийн үүрийн дарга Рэнчиндондов гэж сайхан залуу байж байгаад Уулбаянд Намын үүрийн даргаар Намын хорооноос томилогдож явахаар нь намайг Намын хорооноос дуудаж аваачаад энэ Эвлэлийн үүрийн ажлыг хүлээж ав гэсэн. Тэгээд би 6 жил хийсэн дээ.

Дэжид -

Тэр үеийн залуучууд ямар байв, юу хийж байв, яаж идэвхжүүлж байв?

Чадраабал -

Залуучууд мал маллана. Тэр үеийн залуучууд мал аж ахуйдаа үнэхээр идэвхитэй, сайн малладаг байсан. Одоогийнтой адилгүй. Хонь хариуллаа гэхэд байнга дагана. Өглөө аваад гарлаа гэхэд орой хоньтойгоо л ирдэг. Тийм зарчим бол манайд дэлгэрсэн байсан. Ялангуяа өвлийн үед бол хувийн аж ахуйтай байхад олон гэр нэг айл байна. Нэг жимээр малаа гаргадаг, нэг жимээр ирдэг тэгж бэлчээрээ гамнадаг байсан даа. Сар бүрийн 25-нд Эвлэлийн үүрийн хурал хийнэ. Тэндээрээ эвлэлийнхээ ажлыг ярина, гишүүддээ мал маллах, малаа өсгөх, сурч боловсрох гээд элдэв янзын даалгавар өгнө. Эвлэлийн үүрийн дарга тийм л юм хийдэг байсан даа.

Дэжид -

Эвлэлийн үүрийн дарга суман дээрээ суугаад байх уу? Бригад багаар айлуудаар явах уу?

Чадраабал -

Суман дээрээ сууна. Айлуудаар явна. Сумын төлөөлөгч гэж семинар хийгээд тэрнийгээ багт очиж танилцуулаад явна. Мал аж ахуйн албан татвар, малын ноос хялгас авах гээд төлөвлөгөөт ажил биелүүлэх зорилгоор сумын төлөөлөгчөөр явна даа. Эвлэлийн үүрийн дарга, малын санаторчин ч явж байсан.

Дэжид -

Тэр үед малын санаторчин малыг эрүүлжүүлэх их үүрэгтэй байсан уу?

Чадраабал -

Намайг ажиллаж байсан 53, 54 оны үед манай мал эмнэлгийн их эмч Луузангийн Иш гэж хүн байсан юм. Тэр өвгөн улсад ажлаараа түрүүлж оросын шаахайтаар шагнуулж байсан. Тэр үед тийм шаахайт хөдөө битгий хэл, аймагт ч байхгүй байхад анхны шаахайтаар тэр өвгөн шагнуулж байсан юм. Манай гурван эмч байсан юм. Төвийн эмч нь Арилдын Бор гэж хүн байсан. Тэр Иш гэдэг нь хөдөө багийн эмч. Дашдорж гэдэг нь сумын нөгөө талыг хариуцсан эмч байсан. Ухаан нь сумын хоёр талд эмч байсан хэрэг.

Дэжид -

Тэр үед нэгдэл байгуулагдаж байсан уу?

Чадраабал -

Байгуулагдаагүй. Хувийн аж ахуйтан байсан.

Дэжид -

Хувийн аж ахуйтан байхад нь малыг явж үздэг байсан юм уу?

Чадраабал -

Дандаа явж үзнэ. Мориор явна. Дуудлагаар ч явна. Мал төллөх үеэр санатороо дагуулаад л явна. Тэгээд манай мал эмнэлэг ерөнхийдөө бүгдээрээ шагнагдаж байсан юм аа.

Дэжид -

Малын эмч нар яг юу хийх вэ?

Чадраабал -

Хүн эм авна гээд ирвэл би өгнө. Хөдөө явахаараа мал үзнэ. Энд нэг хурга чацга алдаж байна гэвэл эм өгнө.

Дэжид -

Тэр үед малын эмийг хаанаас оруулж ирж байсан бэ?

Чадраабал -

Оросынх. Аймгийн мал эмнэлэгээс хуваарилж өгнө. Дандаа оросынх. Учиргүй их ирнэ. Урьдчилан сэргийлэх тариа хийнэ. Тэр үед чинь учиргүй ийм тийм өвчин гарлаа гээд байдаггүй л байсан юм. Одоо л тийм болсон байна.

Дэжид -

Таныг ямар ажил хийж байхад нэгдэл байгуулагдаж эхлэсэн бэ?

Чадраабал -

Намайг Эвлэлийн үүрийн дарга байхад нэгдэл байгуулагдаж эхэлсэн. 59 онд юм даа. Аймгаас баахан төлөөлөгчид ирж яриа хийгээд биднийг багт томилсон. Би 4-р баг гэдгийг хариуцсан. Аймгийн худалдаа бэлтгэлийн газрын дарга нэг хүн очсон юм. Тэр бид хоёрыг 4-р багийг хариуцаж бүгдийг нь нэгдэлд оруул гэсэн. Малыг нь бүр жагсаагаад бичээд өгчихсөн. Өөрт нь 50 толгой мал үлдээнэ. Үхэр 13, үлдсэн нь бог мал. 50-иас илүү мал үлдээхгүй.

Дэжид -

Аа, тэгж тоо тогтоож байсан юм уу?

Чадраабал -

Тоо тогтоож байсан юм. Урд нь нэг тооллого явуулсан юм. Тэгээд тэрний үндсэн дээр айлуудын малын тоог гаргаж хүснэгтлээд тавьчихсан байсан. Сумаасаа бол би даргаар явж байгаа. Тэгээд би эхлээд залуучуудыг нь цуглуулаад эвлэлийн үүрийн хурал хийлгэсэн. Нөгөө аймгийн төлөөлөгч бусад томцуулыг нь цуглуулаад гадаа хурал хийсэн. Зуны сайхан цаг байсан юм. Би залуучууддаа гарын авлага гээд бичмэл юм өгсөн л дөө. Тэрийгээ уншиж өгсөн. Нэгдэл гэж ийм сайхан юм болно. Хамтарч ажилладаг. Хамтын хүчээр бүхнийг шийднэ. Тийм учраас хувь хувиа хичээдэг асуудал үгүй болно оо. Нэг хүн таван хошуу малаа бүгдийг малладаг байсан бол. Тэгэхгүй, нэг хүн нэг төрлийн мал л маллана гээд л ухуулсан. Тэгээд зөвшөөрсөнийг нь чи яваад аав ээждээ хэлээд малаа бэлдэж бай гээд явуулаад байсан. Зөвшөөрөөгүй нь байж бай гээд л. Тэгээд оройхон шиг манай эвлэлийн залуучууд бүгд зөвшөөрөөд тарсан л даа. Тэгээд нөгөө хурал дээрээ шөнө болтол суусан. Их дургүй. Тэгж байгаад зарим нь 50-иас илүү мал үлдээж аль гээд гуйна. Үгүй нэгэнт тогтоосон журмаараа л үлдээнэ гээд байсан.

Дэжид -

Тэгэхэд нэг баг хэдэн өрхтэй байсан бэ?

Чадраабал -

80, 90-иэд өрх байсан байлгүй дээ. Сүүлдээ 100-аад, зуугаад өрхтэй багууд байсан юм даг. Тэгээд оройхон шуу бүгд зөвшөөрсөн л дөө. Тэгээд бид өдөр, цагаар нь хуваарь гаргаж өгсөн. Маргааш төдөн цагт тэднийхээс эхлээд, нөгөөдөр тэднийд очино малаа бэлэн байлга гээд л. Тэгээд багийнх нь даргад хонь тэмдэглэх будаг, тамга ав гээд… хувийнхийг нь будаад тэмдэглээд өгнө. Нэгдэлийнх нь болохоор чихэн дээр нь “Х” үсэг тавина.

Дэжид -

Мал болгоныг тэгнэ гэдэг бас хэцүү ажлаа..?

Чадраабал -

Очиход чинь холбочихоод байна. Түрүүлээд бэлдүүлэх хүн явна. Биднийг морьтой шогшоод очиход чинь хонио холбочихсон улсууд арзайтал зогсож байна. Тэгээд за амины чинь хэд алив гэхээр энэ гээд ялгачихсан байна. Тэр үед хоёр хөдөлгөөнтэй баг байсан юм. Биднийг тэгээд айлаар явж байхад сумаас нэг хүн давхиад ирсэн. Яасан гэсэн. Зүүн урд 5, 7-р багийн өвгөцүүл нэгдэл нийгэмд орохгүй гээд эсэргүүцэл тавиад, аймгаас ахиад хүч ирж байгаа танай баг яаж байнав гэж байна. Манайх ингээд яг бэлэн болж байна гээд танилцуулсан бидэнд баяр хүргээд за та нар ингээд малаа тамгалаад байж бай, бид тийшээгээ явахгүй бол болохгүй нь гээд явж байсан юм. Тэгээд тэнд Гучийн Шарав гэж нэг хүн ороогүй бусад нь нэг юм орсон боллоо гэцгээж байсан. Тэгээд ер нь тэр багийг бараг л албаар шахуу авчихаж байсан юм даа.

Дэжид -

Таных дээр бол албадлага ороогүй юу?

Чадраабал -

Бараг албадлага ороогүй. Ганц нэг хүн тооллогоноос хойш манайд төдөн мал хорсон. Тэрнийг хасч аль гэсэн. Тэгээд аймгийн төлөөлөгч бид хоёр тэгээгүй. Үнэн мөнийг нь тогтоосны дараа үхсэн малыг чинь хасч аминд чинь мал өгнө л гэсэн. Тэгээд тэр нэг сүйдтэй юм болоогүй. Тэгж л манайд 59 оны 6, 7 сард анх нэгдэл байгуулагдаж байсан юм.

Дэжид -

Ямар нэртэй нэгдэл байсан бэ?

Чадраабал -

Эхлээд манайхан чинь баг багаар нь олон жижиг нэгдэл болгочихгүй юу. Ухаан нь бид 5 багтай байсан. 5 нэгдэл байгуулчихгүй юу. Заримыг нь багийн даргыг нь нэгдэлийн даргаар нь тавиад, заримыг нь сумын төвд багшаар ажиллаж байсан мэтийн хүмүүсээр дарга тавьж байсан. Тэгэнгүүтээ нэг их удаагүй нөгөөдүүлийг чинь нийлүүлээд “Ганга” нэгдэл болсон юм. Би нэг юм мартсан байна. Тэрнээс өмнө 17 хүн хувийнхаа саналаар нэгж байгуулна гэсэн юм бий. 59 онд нэгдэл байгуулахад тэр их хэрэг болсон. Тэр нь Жамаа, Санзай гэж өвгөд, Загдсүрэн гэж нэлээд боловсролтой хүн байсан. Арилтгүй, Цэнд гэх мэтийн олон хүн байсан юм. Анхны 17 гэж тийм хүмүүс байсан юм шүү. Одоо номон дээр хүртэл байдаг юм аа. Тэгээд л нэгдэл хөгжсөн дөө. Адуучин, тэмээчин суурь гээд л байгуулагдсан. За хонин дээр бол өчнөөн. Хониноо хүчирэхгүй. Улсууд хонинд очих дургүй. Адуу тэмээнд бол дуртай.

Дэжид -

Яагаад тэгдэг юм бол?

Чадраабал -

Хүнд гээд тэгдэг биз дээ. Бог мал бол ажиллагаа ихтэй. Хороо хотоос эхлээд ажилтай. Бод мал бол бэлчээрээр явдаг, хороо хот гэдэггүй тийм л байх л даа. Тэгээд л нэгдэл байгуулаад малаа бөөгнүүлээд авсан даа. Цалин хөлс гэвэл тэр үед хийснээрээ авна гэдэг зарчим баримталж байсан л даа. Хөлсөнд нь хонь мал, мах өгнө.

Дэжид -

Нэгдэл анх ямар орон тоотой байсан юм?

Чадраабал -

Сум нэгдэлийн дарга гээд нэг хүн, дараа нь сумын орлогч, нэгдэлийн орлогч гэж хоёр орлогч, ерөнхий ня-бо, туслах ня-бо, үйлдэхүүний нярав

Дэжид -

Тэр нь ямар хүн байхав?

Чадраабал -

Нядалгаа хийгээд л сургууль, хүн эмнэлэгийн хоол бэлдэнэ. Үйлдэхүүний нярав нь мал нядалгааны дараа төдийг нь сургуульд, төдийг нь хүн эмнэлэгт, төдийг нь нэгдэлийн буудлын хэрэгцээнд гээд тооцоолоод тэрнийгээ складанд хийгээд гаргаж өгдөг. За тэгээд бичээч байна. Тийм л орон тоотой байсан даа. Тэгээд сургуультай, эмнэлэгтэй, худалдаа бэлтгэлийн анги гэж хоршоог хэлж байгаа юм. Ийм л байсан даа. Тэгээд манай нэгдэл нэгдэлийн 80-аад мянган малтай, хувийнхтайгаа нийлээд 90 хэдэн мянгад л хэлбэлздэг байсан юм. Тэгээд саяханы хувьчлал хүртэл явж ирлээ дээ. Тэгээд би Эвлэлийн үүрийн дарга байхдаа ингэж нэгдэл байгуулалцаад Сумын нарийн бичгийн даргыг 2-3 жил хийсэн. Тэгээд орлогч болсон.

Дэжид -

Сумын орлогч хүн ямар үүрэг хариуцлага хүлээдэг байв. Тэр үед нэгдэл ямар байсан бэ?

Чадраабал -

Тэр үед нэгдэл хэтэрхий олон малтай, хүн хүч хүрэлцэх тал муутай болсон. Хүмүүс хүүхэд шуухдаа бараадаад төв суурин газар луу ер нь л явчих гээд л байна. Явуулахгүй талаас нь сум ч их хорьж байсан, нэгдэл ч их хорьж байсан юм. Тэгээд заримыг нь авч хоцорч л байсан, заримыг нь алдаж л байсан. Бог малыг 1200-аар суурилдаг байсан л даа.

Дэжид -

Суурилна гэдэг нь яахыг хэлж байгаа юм?

Чадраабал -

1200 төллөх хонь байрлана гэсэн үг. Тэгээд хоёр айл буулгачихаж байгаа юм. Тэр нь дөрөв юм уу, таван хүнтэй байна. Тэгээд 1000 гаруй мал төллөчихөөр чинь тэр үед хашаа хороо байхгүй. Дэгжээгүй үе. Манай сум чинь алслагдсан модноос хол сум шүү дээ. Хөвч ой байхгүй, мод их үнэтэй. Тийм учраас хашаа хороо муутай, ажил нь их хүнд байсан. Улсууд ч сайн ажиллаж байсан. Сүүлдээ яахавдээ жилээс жилд засарсаар байгаад сайхан саравчтай хашаатай болж хөгжиж ирсэн л дээ. Малынхаа тэжээлийг бэлдээд авдаг, хадлан их авдаг байлаа.

Дэжид -

Хадланг ямар хүчээр авдаг байв?

Чадраабал -

Хадланг трактораар хаддаг байсан, мориор хаддаг байсан. Таршилик гэж оросын нэг юм өгч байсан юм. Гэхдээ трактор нь их ховор, олдохгүй. Манай нэгдэлд 2-3 трактор л байсан.

Дэжид -

Тэрийг дээрээс өгдөг байсан юм уу, өөрсдийн хөрөнгөөр авах уу?

Чадраабал -

Нэгдэл өөрийн хөрөнгөөр авна. Ямар хөрөнгөөр авах вэ гэхээр хавартаа улсад мал тушааж байгаа юм. Тэгээд малынхаа мөнгөөр л аж ахуйгаа хөгжүүлэх материаллаг баазаа авна даа. Тэр нь юу вэ гэхээр хадлангийн багаж хэрэгсэл, малын тэжээл. Тийм л юм авна. Тэгээд сүүлдээ хөгжөөд төлөө ч овоо авдаг болсон. Мал нь ч гайгүй онд ордог болсон. Манайх чинь сайн нэгдэл байсаан, аймагтаа эхний 5-д ордог нэгдэл байсан. Эрдэнэцагаан, Дарьганга, Баяндэлгэр гэсэн энэ гурван сумын нэгдэл бол аймагтаа дандаа тэргүүн байрт явдаг байсан даа. Хөрөнгө гэхээр мал голдуу л байсан байх. Мөнгөн хөрөнгө ч яахав байсан л байх. Тэр нь одоо хэдэн сая ч хүрч байсан юм. Тийм тоо над алга байна. Тэр үедээн бол мэдэж л байсан. Ня-бо нар нэлээн солигдож л байсан. Дунд үеэс Сүхээ ня-бо гэж Онгон сумаас ирсэн юм. Тэрнийг манайхыг сүрхий мөнгөжүүлж өгсөн гэдэг юм.

Дэжид -

Нэгдэл сүүлдээ хөгжөөд юу юу байгуулж байсан бэ? Та сая хүн эмнэлэг зэрэг газар мах нийлүүлдэг байсан гэж ярьлаа. Тэр ямар учиртай байсан юм. Тэрний мөнгийг хаанаас гаргадаг байсан юм?

Чадраабал -

Нэгдэл л гаргана ш дээ. Нэгдэлийн гишүүдийг л эрүүлжүүлэх эмнэлэг байхгүй юу. Манай сум гэдэг чинь дандаа л нэгдэлийн гишүүд байхгүй юу. Сургууль нь манай нэгдэлийн гишүүдийн хүүхдийг сургаж байна. Тэд чинь цөм манай төлөө л ажиллаж байгаа байгууллагууд байхгүй юу. Худалдааны байгууллага нь болохоор нэгдэлийн гишүүдийг хүнс, бараа таваараар хангаж байдаг. Тэр байгууллагууд юу л хэрэглэнэ, нэгдэлээс л хэрэглэнэ шүү дээ.

Дэжид -

Нэгдэлийн гишүүд сүүлдээ хөдөлмөр хөлс гэж авдаг болсон уу, цалин хөлс нь ямар байсан юм? Амьдрал ахуй нь ямар болж ирсэн бэ?

Чадраабал -

Эхэндээ бол муухан байсан юм аа. Сүүлдээ мал нь өсөөд, мөнгөжөөд ирэхээр нэгдэлийн гишүүд сайжирсан. Ер нь нэлээн сайжирсан. Хувийнх нь мал ч өсдөг байсан. Хувийнхаа малыг өсгөөд илүү гарсанаа нэгдэлдээ ахин нийгэмчилж байсан. Ухаан нь нөгөө 50 толгой мал гэж байсан ш дээ. Тэр 50-иасаа илүү гарсанаа өгөөд л байна. Тэрэндээ дургүйлдэг хүн ч байгаагүй юм. Тэгээд амьдрал ахуй нь ч гайгүй сайжирч, нэгдэлээсээ цалин авна, мөнгөн шагнал авна. Тэтгэвэр тэтгэмж, ядуу нэгэндээ хоол унд, хонь мал өгдөг болсон. Хөгшин, онд орохгүй эцэнхий, тарга тэвээрэг аваагүй малаа заазлаад тэр заазалсан малаа гишүүддээ хямд үнээр өгнө. 1000 хониноос чинь хөгшин хонь, хөгшин ямаа их гарна ш дээ. Тэрийг чинь ангилаад заазлаад гишүүддээ 20, 30 төгрөгөөр өгнө.

Дэжид -

Тэр үед нэг хонь ямар үнэтэй байсан бэ?

Чадраабал -

Дээд тал нь 40, 50 төгрөг л байна.

Дэжид -

Гишүүдийн цалин ямар байхав?

Чадраабал -

Гишүүдийн цалин нэг үе 50, 60-аас хэтрээгүй шүү дээ. Тэр үеийн мөнгө чинь их юм аа. Тэр үед чинь 100 төгрөг гэдэг чинь нэг тампуу гурил, тампуу будаатай аваад цаана нь нэлээн үлдэнэ. Гурил 1 төгрөг, будаа 80 мөнгө байлаа. Цалин гэж 70, 80 төгрөг аваад дээр нь үйлдэхүй авна л даа. Ухаан нь заазын мал авчихна. Нийлүүлээд үзвэл хоёр гурван зуун төгрөгний цалинтай байсан юм биз дээ.

Дэжид -

Тэр үед нэгдэл боловсон хүчнээ яаж бэлддэг байсан юм бэ?

Чадраабал -

Боловсон хүчин гэж юу байхав дээ. Цэргээс ирж байгаа хүмүүс байна. Бас 4, 6, 7-р ангиас гарч байгаа хүүхдүүдийг мал дээр илгээлтээр гаргаж байсан юм. Тэр нь голцуу малчдын хүүхэд, ээж аавынх нь саналаар мал дээр авчихдаг байсан л даа. Тэр үед нярав, малын эмч, хүний эмч зэрэг хүмүүс их боловсролтой хүмүүст орно. Сүүлд далан хэдэн оноос эдийн засагч, нярав гээд жинхэнэ мэргэжлийн хүмүүс ирж байсан юм. Манайд анхны эдийн засагчаар Түвдэн гэж хүн очиж байсан юм. Манайд очсон их сургууль төгссөн анхны хүн тэр хүн болж байсан. Өөр дээд сургууль төгссөн хүн ганц ч байгаагүй. Малын эмч гэдэг нь дандаа бага эмч нар байсан юм. Нябо нар нь дандаа практигийн нябо нар байсан. Нэг, хоёр сарын курст яваад ирсэн хүмүүс л байсан. Бид мэтийн орлогч морлогч хүмүүс бол практикийн хүмүүс л байсан. Нэгдэлд ер нь боловсон хүчин их муу байсан л даа. Бүр байхгүй. Сургууль төгсөөд ирж байгаа хүн бүр байдаггүй. Тийм л байсан.

Дэжид -

Нэгдэлээс гэр бүл болж байгаа залуусыг дэмждэг байсан уу?

Чадраабал -

Дэмждэг байсан. Мал өгч байсан. 50 толгой мал хүрэхгүй малтай хүмүүс зөндөө байна ш дээ. Хувийнхаа малыг хоргодуулаад үхүүлчихсэн хүмүүс ч байна. Зарж үрээд барчихсан хүн ч байна. Тэдэнд чинь мал өгнө. Нэгдэлийн гишүүний хүүхэд гэрлэлээ гэхэд нэгдэлээс нь идээ будаа ч аваад очиж байх шиг. Тиймэрхүү л байсан.

Дэжид -

Та түрүүн бог мал маллах дургүй байсан гэлээ. Бог мал, бод хоёрын хооронд цалин хөлсний ялгаа байсан уу?

Чадраабал -

Цалин хөлсний ялгаа байхгүй. Адилхан. Бод нь арай илүү байсан байх. Төлбөр мөлбөр гэж бас гарна ш дээ. Ухаан нь тооллогоор мал дутвал шууд төлүүлнэ. Хариуцаж байсан хүнээр нь. Тийм юм болвол хэл амгүй л төлнө л дөө. Өөрийнхөө хувийн малнаас төлнө.

Дэжид -

Шалтгааныг нь тодруулж байж төлбөр тавих уу?

Чадраабал -

Тэгнэ. Алдчихсан юм уу, зарчихсан юм уу шалтгааныг нь шалгаж тогтооно. Зарчихдаг ч хүн байгаагүй ээ. Алдчихаад үхсэн байхыг нь олоогүй зэрэг явдал гардаг юм.

Дэжид -

Өнөөдөр 6 сарын 23-ны өдөр. Шарга зочид буудалд Чадраабал гуайтайгаа ярилцлага хийж байна. Хэсэг завсарлаад ярилцлагаа үргэлжлүүлэх гэж байна. Нэгдэл тухайн үед жилийн дөрвөн улиралд ямар ажил хийдэг байв, ямар компанит ажил зохион байгуулдаг байсан бэ?

Чадраабал -

Хаврын 13 ажил гэж хийдэг байсан. Тэр нь төл бойжилт, хаврын бусад ажлууд, барилга барих, малын хашаа хороо барих, өвс хадлан авах зэрэг 13 ажил хийдэг байсан. Тэр үед төлийн болзол гэж юм нэгдэл гаргадаг байсан. Жишээ нь 80 хувиас дээш авсан хүн бол тийм аварга болно ч гэдэг юм уу, тэрнээс доошоо бол муу л байна. Төдөн төгрөгний шагналтай гэсэн тийм болзол гаргадаг байсан юм. Төлийн үеэр тэгж байгаа юм. Отрын үеэр бас болзол гаргана. Оторт наадам өнгөрөөгөөд л гаргана. Оторт хамгийн сайхан газар л гарна. Эрдэнэцагааны наад биеэр оторлодог байсан юм. Оторт гарахад нь малын жингийн хэмжээ зааж өгнө. Төд хүргэ гэсэн. Тэгээд намар өнөөхийг чинь хиллээд шалгаруулна. Тэгээд болзолтой. Одоо хэдэн төгрөгний шагнал өгч байсаныг нь санахгүй байна. Төд хүргэвэл тийм шагнал авна гээд өөрт бичээд өгчихдөг байсан. Жил болгон тийм ажил зохионо. Манай нутаг бол Ганга нуур, Хөдөө нуур, Холбоо нуур гээд нууруудаа тойрсон их задгайвтар. Түүгээр нь улсууд их цугладаг учраас тэрүүгээрээ өвс муудаад ирдэг. Тийм учраас соргог өвстэй Шилийн богдын араар гараад Эрдэнэцагааны наад биеэр оторлодог юм.

Дэжид -

Тэр үед байгаль орчин, цаг уур ямар байсан бэ?

Чадраабал -

Их сайхан байсан юм. Улирал улирлаараа таараад явдаг байсан. Одоо чинь намар нь их урт болчихсон ч юм шиг. Өвөл нь зарим үед их дулаахан ч юм шиг. Энэ өвөл бол их хүйтэн боллоо. Тэр үед өвөл нь хасах 30 хэмээс илүү гарахгүй. Одоо чинь хүйтэрвэл хамаагүй их хүйтэрчихдэг, дулаарвал хамаагүй их дулаарчихдаг болж. 66 онд айхтар зуд болсон юм. 10 сарын 26-нд эрт цас ороод тэр жил манай нэгдэлийн 40-өөд мянган мал хорогдсон юм. Нэгдэлд асар их хэмжээний хохирол учирч байсан юм.

Дэжид -

Тэр нөгөө мичин жилийн зуд нь уу?

Чадраабал -

Тийм. Мичин жилийн зуд. Энэ нэгдэлийг байх үед тийм нэг зуд ирж байсан юм. Тэрнээс өөр аюултай зуданд манай нэгдэл өртөөгүй юм. Сүүлд тэгээд мал нь ерэн хэдэн мянга хүрээд тарсан байх даа. Дээр дурдсан кампант ажлын үеэр өөр сумдын нэгдлүүдтэй хоорондоо уралдаан зарлана. Социалист уралдаан гэж. Манай нэгдэл Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлтэй социалист уралдаантай. Жилд хоёр дүгнэнэ. Зун нэг дүгнэнэ. Өвөл цагаан сарын дараа нэг дүгнэнэ. Тэрэндээ их мэрийнэ. Хоорондоо төлөөлөгч яваад солилцоно. Малын эмч, эдийн засагч, дарга нараас ороод бүр сууриудаар явж шалгана. Тэгээд хурал хийж ажлаа дүгнээд түрүүлсэнд нь дарцаг, туг өгнө. Малаа өсгөх гэж тэгж л улайж байсан даа. Хөдөлмөрийн баатар, аварга болох болзол жил бүр гаргана. Манайд анх Шарбанди гэдэг хүн улсын аварга малчин болж байсан юм. Дараа нь Хөдөлмөрийн баатар болсон. тэрийг 10 жилийн ажлаар дүгнэдэг байсан юм. Төлөө сайн бойжуулсан, малын хорогдолгүй тийм л хүн баатар болж байсан юм. Шагналын хувьд ойн медалиудаар тодорхойлоод шагнадаг байсан. Нэгдэлд бол одон медаль байхгүй. Нэгдэлээс манай тэр гэдэг хүн тийм тийм амжилт гаргасан тул тийм одон медалиар шагнаж өгнө үү гээд тодорхойлолт явуулна. Тодорхойлсон болгоноор шагнаад байхгүй. Нэг доошлоод л ирнэ. Одон гэсэн бол медалиар шагнана. Тэр маягаар Шарбанди хөдөлмөрийн баатар болж, өөр хэд хэдэн хүн аварга болж байсан. Мөн дээрх 13 ажилд ногоо тарих ажил орж байсан. Нэгдэлийн ногоо тарина. Баянгол гэдэгт ногоо тарьдаг. Дээр үед цэргийн ногооны газар байсан юм. Хөрс нь ногоо тариалахад сайн. Сайн ч ургаж байсан юм. 90-ээд оны үед нэгдэл тараад л бас байчихлаа л даа.

Дэжид -

Тэр ногоогоо яахав?

Чадраабал -

Нэгдэлийнхээ гишүүдийн хэрэгцээг хангана. Тэр үед чинь бас ногоотой хоолонд дургүй ээ. Зарим айл нэг их ногоо албаар өгөх гэлээ гээд загнана шүү дээ.

Дэжид -

Нэгдэл хэдэн оны үед материаллаг баазын хувьд бэхжиж байсан юм бол?

Чадраабал -

70-аад оны үед л гайгүй хөгжчихсөн шүү. 59 онд байгуулагдчихаад жаахан тааруухан, улсууд нь сонирхол муутайхан шиг 2-3 жил болсон л доо. Тэгээд гэнэтхэн л хамтын хөдөлмөрийн давуу тал ойлгогдоод ирсэн л дээ. Нээрээн ч адилхан амьдралтай боллоо. Баян хоосны ялгаа ариллаа гэж ойлгоод улсууд идэвхижиж ирсэн. Тэгээд 70-аад оны үед ер нь аятайхан болоод ирсэн ш дээ. Нэгдэл чинь хадлангаа өөрөө авчихдаг, малаа тарга хүчийг нь сайхан авахуулчихдаг болсон. 80 онд улсын өмчийн үзлэг гэдэг юм болсон юм. Би тэгэхэд 1-р баг дээр бараг нэг жил болсон. Ер нь 9 сар болсон юм. Тэр бригадийн даргаар Гомбожав гэж хүн байсан. Ер нь багаас эхлээд 30 жил ажиллачихсан хүн юм. Тэгээд тэр хүн би 30 жил морин дээр хайргадаж, дөрөөн дээр явлаа, нас ч өтөлчихлөө энэ өмчийн үзлэгээс өмнө халагдана гэж загнажээ. Дарьганга чинь нэгдэлийн гишүүдээ амраадаг амралттай байсан юм. Тэрэнд би тэр үед нябо хийж байсан юм.

Дэжид -

Амралтыг нэгдэл өөрсдөө бэлдсэн үү?

Чадраабал -

Нэгдэл өөрийн хөрөнгөөр бэлдсэн юм. Манай нэгдэлийн амралтанд улсаас хүртэл ирж амарч байсан юм ш дээ.

Дэжид -

Нэгдэлд улсаас хөрөнгө оруулалт хийдэг байсан уу?

Чадраабал -

Аймаг хааяа нэг дэмждэг л байсан. Орон байр барих мод материал, сайхан эрээн гэр зэргийг өгдөг байсан.

Дэжид -

Тэр үед нэгдэлд гадны мэргэжилтнүүд ирдэг байв уу?

Чадраабал -

Байсан. Хэнтий аймгаас ирж байсан.

Дэжид -

Үгүй ээ, бүр гадаад орноос, орос, хятадаас ирж байсан уу?

Чадраабал -

Үгүй. Гадаадын хүмүүс ирж байгаагүй. Зүгээр гадны албан хаагчид ирж амарна. Нэгдэлийн гишүүд ирж амарна. Манай аймгийн нэгдэлүүдээс хүмүүс ирж амарна.

Дэжид -

Ер нь тэгвэл танай нэгдэлийн амралт томоохон амралт байж тийм ээ?

Чадраабал -

Их аятайхан амралт байсан юм. Машинаар л тээгээд ирнэ ш дээ. Тэр үед чинь Зил гээд хар тэрэг байсан даа. Тэрэнд нэг 20-иод хүн тээгээд ирнэ.

Дэжид -

Хэд хоног амрах вэ? Үнэ нь ямар байсан юм?

Чадраабал -

Хэд хоногий нь тэр амрааж байгаа нэгдэл нь л мэднэ.

Дэжид -

10 хоног амрахад ямар үнэтэй байхав?

Чадраабал -

Өдрийн 8 төгрөг байсан юм. Голцуу 10, 15 хоногоор ирнэ. Баяндэлгэр зэрэг сумд бүр 15 хоногоор амрааж байсан. Нэгдэл нь л төлнө. Ухаан нь манайх амралт байгуулчихаад бусад нэгдэлүүдийг амрааж мөнгийг нь авдаг байхгүй юу. Тэнд л нябо хийж байсан хэрэг. Тэгэхэд манай нэг дарга намайг 1-р баг руу даргаар тавичихаад 9 сар ажиллаад жаахан дурамжхан байсан чинь харин намайг энд дуудаад аваачсан юм. Тэгээд эндэхийн хүн болсон. Тэрнээс би Дарьгангадаа л байж байх ёстой хүн. Тэр амралт маань одоо байхгүй болчихсон байна аа.

Дэжид -

Та дээр жин нэмэгдүүлэх талаар ярьлаа. Оторт гарна гэдэг нь ямар газар гарах вэ?

Чадраабал -

Өвс ногоо, хужир шүү ихтэй, малын тарга авах тийм л газар очино ш дээ. Эрдэнэцагаан манай хоёрын хооронд хэсэг сайхан нутаг байдаг юм.

Дэжид -

Одоо тэр нутаг сайханаараа бий юу?

Чадраабал -

Сайхнаараа бий. Сая ойрын хоёр гурван жилд хаа хаагүй айхдар гандуу байсан. Тэрүүнд л жаахан муудсан гэнэ лээ. Ноднингоос эхлээд сэргэсэн байна лээ. Сүүлийн хэдэн жилд хаа хаагүй гандуу байсан ноднингоос л манай аймаг сайхан болчихоод байгаа юм. Өнөө жил их ургаж байгаа гэсэн. Одоо бол дандаа хувийн аж ахуй л даа. 3-Р ХЭСЭГ:

Дэжид -

Чадраабал гуай нэгдэлийн үед гишүүдийн амьдрал дээшилсэн үү? Дээшилсэн бол яаж дээшилсэн бэ?

Чадраабал -

Манай гишүүдийн хувьд нэгдэлд орсоноосоо хойш амьдрал ахуй нь жигдэрч, ядуу хоосны ялгаа арилж сайхан болсон. Ядуувтар байсан хүмүүс баян тарган байсан хүмүүсийнхээ жишигт хүрч жигд сайхан амьдралтай болсон. нэгдэлээс тэднийхээ амьдралыг сайжруулахын тулд урамшуулал, шагнал, болзол гаргаж тусладаг байсан. Тэрний хэрээр хүмүүсийн амьдрал жигд сайжирсан гэж үзэж байгаа. За тэгээд гишүүдээ амраана, сайн ажилласан хүмүүсээ улсад тодорхойлж шагнадаг энэ чанараараа хүмүүсийн урам сэргэж, ажил амьдрал нь сайжирсан гэж би боддог.

Дэжид -

Нэгдэлд ороогүй айл ер нь үлдээгүй юм байна, тийм ээ?

Чадраабал -

Үлдээгүй ээ. Эхний нэг жил хоёрхон айл үлдэж байсан юм. Бүр ороогүй хүн бол байхгүй.

Дэжид -

Танаас зайлшгүй асуух хоёр асуулт байна. Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт өгсөн үйл явдал бий юу? Хэрвээ тийм үйл явдал байгаа бол та юу гэж үзэж байна вэ?

Чадраабал -

Гүн гүнзгий өөрчлөлт гэх юм юу байхав дээ. Ямар ч боловсрол гэх юмгүй намайг дэвшүүлж цалин мөнгөтэй сайхан ажилд тавиад улсаас 40, 50, 60 жилийн ойн медалиуд, засгийн газрын жуух бичгүүдээр шагнагдаж байсан. Манай нэгдэл улсад байр эзэлж сарын цалин хөлс нэмэгдэж байсан тийм явдалууд бол бий. Өөр нэг их юм байхгүй ээ.

Дэжид -

Социализмын үед нэгдэлийн гишүүдийн ажилд хандах хандлага ямар байсан юм. Ажил хийхэд танд бахархахмаар юм юу байв?

Чадраабал -

Манай Дарьгангын нэгдэлийн хүмүүс сүүлдээ амьдрал нь дээшлээд, хамтын хөдөлмөрийн давуу талыг ойлгоод ирэхээрээ ажил нь сайжираад ирсэн. Олон сайн малчин малаа өсгөж сайн нэртэй тэгж л ажиллаж байсан даа. Сүүлийн үед нэгдэлийн гишүүдийн ажил их идэвхжсэн гэж би боддог.

Дэжид -

Та энэ олон ажлыг сольж хийж байсан нь удирдлагаас томилж байсан хэрэг үү, та өөрийн саналаар болж байсан уу?

Чадраабал -

Дандаа л томилогдож байсан. Харин би сумын орлогч хийж байхдаа аймгийн даргад өргөдөл өгөөд 78 онд халагдсан юм. … ? …тоо бүртгэлийн ажил их чангарч байна. Намайг жоохон хөнгөн ажилд шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн юм. Сумын орлогчийн ажил тоо бүртгэл хариуцсан, социалист уралдааныг хариуцдаг том үүрэг байжээ. Тэгээд намайг халж амралтын нябо болгосон юм. Тэгээд ажил хөнгөрөөд сайхан болсон. Тэндээ ч идэвхтэй 4 жил ажилласан л даа.

Дэжид -

За та одоо тухайн үед ажиллаж байсан хамт олныхоо тухай ярихгүй юу? Тухайн үед хамт олныг идэвхижүүлэх талаар ямар ажил зохиож байсан юм? Төрөөс бас ямар дэмжлэг туслалцаа үзүүлж байсан юм?

Чадраабал -

Төр засгаас дэмжлэг туслалцаа үзүүлж байсаан. Нэгдэлийг хөгжүүлж бэхжүүлэхийн тулд аймгаас удирдана, арга барилыг нь зааж өгнө. Нэгдэлүүдийг хооронд нь уралдуулж байр эзлүүлж зоригжуулж байсан. Би түрүүн хэлсэн Баяндэлгэр, Эрдэнэцагаан, Дарьганга л гэдэг байсан даа. Энэ гурван нэгдэл байнга дээгүүр ордог. Тэр чанараараа манай малчдын урам зориг хөгжиж их сайн ажиллаж байсан ш дээ. Бүгдээрээ л сайхан айл болоод л… Тэр үед модон хүрээтэй радио гараад айл бүгд тийм радиотай сайхан байлаа. Тэгээд улсаас зохиож байгаа ажлыг өөрснөө сонсдог болсон. Соёлжиж эхэлсэн дээ. Дээр үеийн сөхдөг үүдтэй, тулгатай айл байсан нь бүр устаад дандаа сайхан пийшин барьдаг болж эхэлсэн. Пийшинтэй, яндантай болж гэр орон нь хүртэл сайхан байдаг болсон. Улсаас Эрээний үйлдвэрээс монгол ор, сайхан хар тэрэг авчирч худалддаг байсан юм.

Дэжид -

Эрээний модон тэрэг юм уу?

Чадраабал -

Гадуураа төмөр хүрээтэй модон тэрэг. Дээр үеийн хуучин модон тэрэг устаж тэмээн тэргээр нүүдэг болж эхэлсэн. Сүүлдээ трактор, машинаар нүүдэг болсон.

Дэжид -

Трактор машиныг цаанаас нийлүүлдэг байсан юм уу, нэгдэл өөрийн хөрөнгөөр авдаг байсан юм уу?

Чадраабал -

ХААЯ-нд аймаг захиалаад аваад ирдэг. Тэгээд аймгаасаа хөрөнгөнийхөө хэмжээгээр авна. Тэрүүгээрээ нүүнэ, малынхаа тэжээлийг зөөлгөнө.

Дэжид -

Малын тэжээлээ бэлтгэх, байгалийн бэрхшээлийг давах ажлыг нэгдэл өөрийн хүчээр хийдэг байсан уу?

Чадраабал -

Өөрсдөө бэлдэж, давж байсан.

Дэжид -

Аймаг орон нутгаас туслах уу?

Чадраабал -

Тусална аа. Төл бойжоод хүн хүч хүрэлцэхгүй байхад аймаг албан газруудаас хүн аваад төлчнөөр тусална. 1000 мал төллүүлж байгаа хоёрхон айл дээр авчирч тавьчихаад төл бойжуулалцана. Төлийг чинь одоо гурван үе шаттай бойжуулж байсан юм. Бага хөрөв, дунд хөрөв, их хөрөв гэж байна. 1-7 хонож байгаа төлийг бага хөрөв гэж тусдаа хашаанд байна. 7-15 хонож байгааг нь дунд хөрөв гээд бас тусдаа хашаанд байна. Тэрнээс дээшхид нь болохоор ус, шүү, өвс тавиад өгчихнө. Дундахад нь болохоор нэмэлт тэжээлтэй, багад нь болохоор уургийг нь хөхүүлнэ. Тэгж ялгаснаар мал их өсч байсан юм. Хувьд байхад чинь тэгэхгүй ш дээ. Зүгээр холилдоод л багыгаа дараад алдаг тийм л байсан. Нэгдэл сүүлийн үед сайжраад хичнээн тасалгаатай хашаа хороотой болсон. Тийм байсан юм.

Дэжид -

Төлөвлөгөө өгөөд тэрнийгээ биелүүлэхгүй бол төлдөг байсан уу?

Чадраабал -

Тийм юм бараг байхгүй ээ. Тэрнийг байнга шалгана.

Дэжид -

Мах сүүний төлөвлөгөө гэж ямар юм байсан юм бэ?

Чадраабал -

Танай нэгдэл хонины мах улсад төдийг тушаана, үхэр төдийг тушаана, ямаа төдийг тушаана гээд төлөвлөгөө өгчихнө. Адуу тэмээг бол тэгэхгүй. Тэгээд хоёр гурван суурь үхэр улсад хүргэж өгнө ш дээ. Манайх жилдээ 13 бог малын суурь улсад явдаг байсан юм. 1350-иар суурьлана. Их мал шүү.

Дэжид -

Тэр нь Улаанбаатар луу явах уу?

Чадраабал -

Үгүй ээ. Дорнодоор дамжаад Орос руу гараад явчихна. Тэр төлөвлөгөөгөө сайн биелүүлдэг байсан. Мөнгө их ирнэ. Нэгдэлийн мөнгөн санхүүгийн эх үүсвэр нь тэр.

Дэжид -

Маш их мах экспортолдог байжээ?

Чадраабал -

Тийм, тийм. Хавар мал бэлтгэлийн үеэр эрүүл мэндийг нь үзээд, тушаахыг нь тушаагаад суурьлаад нэгдэлийнхээ гишүүдэд морь өгөөд, нэг хүнд 3-4 морь өгнө. Тэгээд нэг суурийг гурван хүн аваад явдаг байсан. Үхрийг ч мөн гурван хүн аваад л явна. Тэгээд хөөгөөд Орос руу Эрээнцаваар хөлөөр нь гаргаж байсан юм. Тэгж нэгдэлийн мөнгөн хөрөнгөний эх үүсвэр орж ирж байсан юм. Тэгж их гаргаад байхад өсөөд л байсан. Гэхдээ улсын хэмжээгээр 25-д байгаад байсан л даа.

Дэжид -

Сүүлд нэгдэлд ажиллаж байсан багш, эмч зэргээр улсаас хангаж байсан уу?

Чадраабал -

Тэднийг бол улсаас. Нэгдэлд ажиллаж байгаа улсыг нэгдэл өөрөө хариуцна. Улсын байгууллагууд бол дандаа улсаас цалинжина ш дээ. Нэгдэлээс бол хоол ундны асуудлаар нь хангаад л байна. Нэг багш 1 адуу, 2 үхэр, 10 хонь иднэ ээ л гэвэл тэр малыг нь өгнө. Үнээрээ л өгнө. Гэхдээ нэг их өндөр үнээр өгөхгүй. Нэгдэлийн гишүүдэд өгдөг үнээрээ л өгнө.

Дэжид -

Нэгдэлээс аграномич, зоотехникч гэсэн хүмүүсээ өөрсдөө бэлдэх үү, бэлтгэсэн боловсон хүчин авах уу?

Чадраабал -

Үгүй. Сургууль төгссөн хүүхдүүд их сургуульд сурна гээд яваад өгнө. Юу болдог юм бүү мэд. Сүүлд л манайд дээд боловсролтой хүмүүс ирж байсан болохоос ерөөсөө ирдэггүй байсан юм. 80-аад оноос л ганц дээд мэргэжлийн эдийн засагч ирж, тэрний дараагаар хүний их эмч, малын их эмчтэй болж байсан юм. Зарим нь манай нутгийн хүн ирж л байсан, зарим нь бүр танихгүй баруун хойд аймгийн хүн ч л ирж байсан. Боловсон хүчинг улсаас бэлдээд одоо Дарьгангийн нэгдэлд хүний их эмч шаардлагатай байна тэрийг тавья гээд л нэг хүнийг тавина. Тийм журмаар л боловсон хүчин ирж байсан л даа.

Дэжид -

Таны амьдралд бусдаас онцгой ер бусын гэх зүйл байна уу?

Чадраабал -

Онцгой гэж сайн хэлж мэдэхгүй л байна. Би 52 онд гэр бүлж аав ээжтэйгээ цуг байж байгаад 59 оноос тусдаа гарч эхэлсэн л дээ.

Дэжид -

Та нутаг уснаасаа гэрэлсэн үү?

Чадраабал -

Тэгсээн. Гэрлээд одоо 60 гаруй жил болж байна даа.

Дэжид -

Хэдэн хүүхэдтэй вэ, та?

Чадраабал -

11 хүүхэдтэй.

Дэжид -

Хүүхдүүдээ цэцэрлэг яслиар явуулж байсан уу?

Чадраабал -

Тэр үед сургуульд чинь төлбөргүй явж байсан юм. Тэр үед ер нь төлбөртэй юм байгаагүй юм ш дээ. Бид чинь эмнүүлнээ төлбөргүй эмнүүлнэ. Би нэг их эмчлүүлж байгаагүй л дээ. Хүүхэд шуухад өвдөхөд чинь ямар ч төлбөргүй л эмчилнэ. Сургууль соёлд төлбөргүй л явна. Одоо надад дээд сургууль төгссөн багш хүүхэн нэг байна, техникум төгссөн 2-3 хүү байна. Голцуу нь техникум төгссөн дөө.

Дэжид -

Нэгдэлийн гишүүдийнхээ хүүхдийн цэцэрлэг яслиар хангаж байсан уу?

Чадраабал -

Нэгдэлийн гишүүдийн хүүхэд чинь сургуулиа төгсөөд шалгалт өгөөд дээд сургуульд явчихна. За дээшээ явчихсан уу л гэнэ. Явчихлаа л гэнэ. Бид чинь мэдэхгүй ш дээ. Тэгээд өөрсдөө биеэ даагаад л яваад өгнө. Одоо л төлбөртэй болчихоод байна.

Дэжид -

Таны ажиллаж байх хугацаанд цалин мөнгө чинь хүрч байв уу?

Чадраабал -

Хүрч байсаан.

Дэжид -

Гэр бүлийн чинь хүн ямар ажил хийж байв?

Чадраабал -

Нэгдэлд жаахан ажилласан. Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан. Тэр маань 200-300 төгрөгийн цалин авна. Би 550 төгрөгийн цалин авна. Миний цалин голдуу л тийм байсан.

Дэжид -

Тэр үеийн 550 чинь гайгүй цалинд орж байсан байх, тийм ээ?

Чадраабал -

Өндөр цалин.

Дэжид -

Нэгдэлийн гишүүдээ яаж цалинжуулж байв, соёл урлагийн ямар арга хэмжээ явуулж байв?

Чадраабал -

Нэгдэл сайхан улаан булан, клуб барьж өгсөн л дөө. Клубын эрхлэгчтэй. Нэгдэлийн гишүүдээс уран сайханчид, багш эмч нараас хамаад концерт тоглочихно. Нэг номтой малчинд даалгавар өгөөд багийн бичиг үсгийн бүлгэм байгуулаад сургууль номоос хоцрогдсон хүүхдүүдэд бичиг үсэг заалгана. Нэг хүнд 10 хүүхэд сургах даалгавар өгнө. Ямар төлбөр авах биш. Нөгөө хүүхэд чинь хонио хариулангаа давхиж очиод л цагаан толгой заалгачихаад л явна шүү дээ. Холбож бичдэг болохоор нь нэг үнэмлэх шүү юм өгчихнө. Суман дээр ч бичиг үсгийн бүлгэм гэж байгуулагдаж байсан. Тэгж л соёлжуулж байсан даа. Нэг үе бүгдийг бичиг үсэгтэн болгох ажил өрнөж байсан юм. Нэгдэлд орсон хүмүүс чинь өөрсдөө ч шаарддаг байсан. Нөгөө их 1000 малтай хүмүүс чинь хурга ишгээс авахуулаад тэмдэглэхгүй бол болохгүй болно л доо. Төдөн хурга, төдөн ишиг бий, төд нь ихэр гэх мэтээр тавих шаардлага гарна ш дээ. Өөрөө мэддэг байхгүй бол 1000 малыг чинь хэцүү ш дээ. Тийм учраас өөрснөө ч их улайдаг байсан. Тэгж л бичиг үсэгтэн болж соёлжиж байсан юм даа.

Дэжид -

Таныг ажиллаж байхад соёлын довтолгоо гэж юм явж байв уу?

Чадраабал -

Яг явагдаж байсан ш дээ. Нэгдэл байгуулагдаж байхад айлууд ил галтай ямбуу цаваггүй хонины арьсан цавагтай айлууд чинь пад хар, гадуураа цагаан ямбуу бүрээсгүй байсан юм ш дээ. Соёлын довтолгоо гэж айхтар явсан шүү. Нилээн чанга. Гэрийг нь буулгаад та цавгаа угаа, харж байхад буулга, угаа гээд л угаалгана. Радио авч тавь гээд шаарддаг байсан. Даллага, модон хувин, сав суулгыг чинь сумаас ирсэн хүмүүс янзлаад ингээд ингээд цэвэрлэ, эргээд ирэхэд та цавгаа угаагаад гоё болгочихоод байгаарай гэнэ. Будаагүй айл байвал будуулна. Будгийг нь өгнө. Тэндээс очоод ав гээд л ингэж л соёлжуулж байсан юм даа. Тэр соёлын довтолгоо явснаар үр дүнд нь их сайхан болсоон. Хүмүүс чинь нэг нэгнийгээ үзчихээд тэднийх мөн гоё болчихож гээд л дагаад аяндаа гоё болоод ирдэг юм байна лээ л дээ. Энийг хамтын хүчийн давуу тал байна гэж би ойлгож байгаа ш дээ. Хуучнаараа тэнд ч нэг ганц гэр, энд ч нэг ганц гэрээрээ яваад байсан бол малаа ч өсгөж чадахгүй, тэр ажлаа ч хийж чадахгүй болно л доо. Хувийн байхад эсгийгээ хийдэг л байсан л даа. Нэгдэлд байхад харин хийхгүй л байсан ш дээ. Хүн хүч хүрдэггүй байсан байх л даа. Нэгдэлүүд чинь аймаг хотоор яваад ухаандаа манай сумын харъяат тэдний хүн тэр тэнд байх ёстой албан хаагч биш тааруухан ажил хийж байвал нэгдэлдээ авчирна гээд явж байсан. Би хүртэл Дорнодоос 10-аад айл хүн аваачиж байсан. Дандаа хүүхэд залуучууд аваачиж байсан. Улаанбаатараас манай нэгдлийн орлогч яваад авчирч байсан юм. Манайд хүн их дутагдаж Өвөрхангай аймгаас 18 айл шилжүүлж авчирч байсан. Сүүлийн үед мал нь их өсөөд, хүн нь цөөдөөд ирсэн юм. Их ядруу айлууд ирж байсан юм. Нэгдэлээс сайхан гэр барьж өгөөд, хувцас муутайг нь хувцаслаад л тэгээд мал өгч байсан юм даа. Хөлсөнд нь өмсөж зүүх, идэж уухыг нь өгнө. Сүүлдээ мөн адил нэгдэлийн гишүүдийнхээ авдагыг аваад баяжаад л буцаж байсан юм даа.

Дэжид -

Тэд нар нь тийм хугацаатай ирж байсан юм уу?

Чадраабал -

Хугацаатай ирж байсан юм. Явах нь яваад үлдэх нь үлдэж байсан юм. Одоо хүртэл тэр 18-аас яваагүй манай энд Дарьгангад байгаа хүмүүс ч бий. Сайн ажилтай зарим нь баяжчихаад л яваад өгдөг л юм байна лээ л дээ. Энэ бүгдээс харахад нэгдэлийн давуу тал аргагүй л харагдаж байгаа юм.

Дэжид -

За та нэгдэлийг байгуулж байсан, хөгжүүлж байсан хүн байна. Нэгдэл буух үед хаана ажиллаж байв?

Чадраабал -

Энд. Намайг энэ адууны хоршоололд байхад нэгдэл маань тараад над бас хувь өгч байсан.

Дэжид -

Хувьчлал яаж явагдав?

Чадраабал -

Хувь өгсөн шүү. Би чинь бас аав ээжийнхээ хэдтэй хувь нийлүүлж л байсан юм чинь. Эргүүлээд эзэнд нь өгнө гэхээр ямар ч юм гарсан юм. Би ч мэдэхгүй. Хачин түргэн л шийдчихсэн ш дээ. Гэнэтхэн л нэгдэлүүдийг тараана гээд тэр үеэр их эвгүй л юм болсон байна лээ л дээ. Нөгөө сайхан өрмийн худаг мудаг энэ тэрийг чинь нураагаад л, хашаа хороог чинь нураагаад л, улсын их хөрөнгө үрэгдсэн ш дээ. Яахав малыг нь бол хувьд нь эргүүлж өгсөн л дөө. Бид мэтийн гараад явсанд нь цөөхөн цөөхөн. Би 11 хүүхэдтэй 50-ийг л авсан. Манай хүүхдүүдэд өгөөгүй. Хувьцаа гээд хэдэн юм өгсөн. Тэр нь алдагдалтай албан газрууд нь юу ч өгөхгүй тэгээд өнгөрсөн. Бид хоёр хэдэн мал аваад л өнгөрсөн. Тарахдаа бол тийм л болсон байна лээ. Улсын хөрөнгө их шүү сүйдсэн. Хашаа хороо цөм задраад өөрснөө авдаг юм уу, хулгай ч авдаг юм уу юу ч үгүй сүйтгэсэн байна лээ. Одоо хүрээнүүд нь л үлдсэн байсан.

Дэжид -

Арай жаахан овсгоотой нь илүү юм авсан уу?

Чадраабал -

Тэгсэн л дээ. 90 онд чинь ер нь жаахан овсгоотой хүн бол чадна.

Дэжид -

Танайд тэгвэл хувьчлал жаахан тааруухан явагдаж дээ, тийм ээ?

Чадраабал -

Тэгээд дууссан юм аа, хөөрхий.

Дэжид -

За нэгдэл нэг иймэрхүү байж. Та түрүүн “Адуу” нийгэмлэг гэж ярьлаа. Сүхбаатар суманд бас тэжээлийн цехэд ажиллаж байсан юм аа даа?

Чадраабал -

Сум намайг энэ адууны хоршоолол дээр ажлуулсан юм. Тэр нь тэжээлийн цехтэй. Тэр Гүн булагт дээр үед Сүхбаатар сум гэж байсан юм. Тэрний эвдэрхий байшин гээд байсан юм.

Дэжид -

Гүн булаг гэдэг нь тийм булагтай газар юм уу?

Чадраабал -

Тийм булагтай. Сумын төв байсан байхгүй юу. Тэр байшингуудыг засаад… Тэр Өлзийбаяр гэдэг дарга чинь их ажилсаг хүн л дээ. Тэр байшингуудыг бүгдийг засаад, хүн эмнэлэгтэй, мал эмнэлэгтэй, контортой, худалдаа бэлтгэлийн газартай бүх л сумын төвийн дайтай болгоод аймгуудын баахан адуу цуглуулаад 13 суурь адуу энд байсан юм. Бас үнээний нэг суурь, сувай хонины нэг суурьтай байсан. Намайг ирэхэд тэр шүү дээ. Орон тоо гэвэл Хоршооллын дарга Өлзийбаяр гэж байсан.

Дэжид -

Өөрөөр хэлбэл хоршооллын анхны хэлбэр болж байж уу?

Чадраабал -

Тийм, мөн анхны хэлбэр. Нэгдэлийн л адуунууд л даа. Адууг яагаад бөөгнүүлэх болов гэхээр адуу бог малынхаа бэлчээрийг идээд байна гэсэн манай аймгийн удирдлагуудын л санал юм гэнэ лээ. Ер нь энэ сайхан газар адууг нь аваад ирье. Бэлчээрийн даац томдоод байгаа газрын адууг бөөгнүүлье. Тэгээд адууны орлогыг үзье гэж тооцоолжээ. Адууны ямар орлого орох вэ гэхээр хээлтэй гүүний цусыг нь их өндөр үнээр гадаадад гаргаж байсан юм. Тэгээд төл бойжуулна. Адуугаа өсгөнө. Айраг исгэнэ. Айргийг нь цехэд аваачина. Улсаас өгсөн цахилгаанаар бүлдэг юмтай. Тэгээд олон гүү барьж тэгж байсан юм даа.

Дэжид -

Айргаа савалдаг байсан юм уу?

Чадраабал -

Аа, тийм. Айргийг чинь ер нь манай аймаг ууж мэддэггүй газар шүү дээ. Тэгээд сургана гээд аймагт цистернээр зөөж үнэгүй уулгаж байсан юм. Сүүлдээ нэг литрийн шанагаар 80 мөнгөөр, 1 төгрөгөөр өгдөг болсон. Тэгээд ирэхийн алдад манай Гомбожав дарга л дургүй байсан юм даа. Ерөөсөө энэ бол дэмий гээд тэгээд тараасан юм. Орлого орохгүй байна гээд. Ер нь бол орлого их л орсон юм байна лээ. Манай нярав гэр нь аймаг дээр байдаг болохоор гэрлүүгээ явах гээд тэгдэг юм уу, цалингаа ч тавьж чадахгүй байна гэсэн юм билээ. Тэр нь бол худлаа. Манайх хөрөнгөтэй байсан юм. Түвдэндаржаа гэж ХАА-н нябо ирж тараасан юм. Бид Улаанбаатараас машины запас авчихсан юм. Нэг складаар дүүрэн төрөл бүрийн запас. Тэрийг үзээд энэ их мөнгө хөрөнгө байна аа, хөрөнгө нийлүүлсэн нэгдэлүүдэд нь адууг нь дагуулаад өгөх юм уу, энийг нь яах юм гээд эргээд утсаар яриад байсан л даа. Тэгэхээр Гомбожав дарга уурлаж байсан юм. Энэ одоо ямар юм болж байна аа. Юу ч байхгүй гээд байсан одоо энэ их юм байдаг гээд ядаад ХАА авч байсан юм. Тэгээд тарчихсан хойно нь намар нь нэг их мөнгө ирсэн. Тэрийг чинь би мэдэж байсан л даа. Нэг их мөнгө миний нэр дээр хүрээд ирсэн байхгүй юу. Тэгээд аймгийн ХАА авсан ш дээ.

Дэжид -

Уг нь тарахааргүй л газар байж тийм ээ?

Чадраабал -

Тарахааргүй байсан юм. Тэр нь юуны мөнгө юм гэхээр хээлтэй гүүний цус гадаадад гаргасан мөнгө байсан. Тэрийг гадаадад яах гэж авдаг байсан юм мэдэхгүй. Улсаас машин ирээд савлаад савлаад аваад явдаг юм. Тэр нь гашилдаг юм уу, гашилдаггүй юм уу ямар ухаантай юм мэдэхгүй. 13 суурь адууны чинь хээлтэй гүү олон байлгүй яахав дээ.

Дэжид -

Нэг гүүнээс хэдий орчим цус авах вэ?

Чадраабал -

Нэлээн их авна шүү. Литр гаран авч байсан байх. Тэр их л үнэтэй л юм байна лээ. За тэгээд тараачихсан юм даа. Тэгээд тарахлаар би үлдчихдэг, бусад нь яваад өгдөг. Би одоо ийм өндөр настан болчихсон, нутаг яваад яахав гэсэн чинь та тэгвэл Сүхбаатар суманд үлд гээд манай авгайг Гүн булагт агент болгоод намайг тэр тэжээлийн цехэд ажиллуулаад Сүхбаатар сумын дарга надад материалыг нь өгнөө гээд хивэг, давс, овъёос гурав буулгаж өгч байсан юм. Тэрүүгээр нь би нэг жил хийсэн юм даа.

Дэжид -

Тэгээд адууны хоршоолол тарахад буцаагаад нэгдэлүүдэд нь адууг нь өгчихсөн үү?

Чадраабал -

Тэгсэн. Буцаагаад өгчихсөн. Харин Сүхбаатар сум адуу цөөнтэй учраас өсөөд илүү гарсан нэг суурь адууг Сүхбаатар суманд өгч байсан юм.

Дэжид -

Тарахад тэгээд ажиллаж байсан хүмүүстээ юу өгсөн бэ?

Чадраабал -

Юу ч өгөөгүй ш дээ. Тараад нэгдэл нэгдэлрүүгээ явчихаж байгаа юм чинь. Бидний хувийн юм бол байхгүй юм чинь.

Дэжид -

Та ер нь нэгдэл тойрсон бүхий л ажлуудыг хийж байж дээ?

Чадраабал -

Би нийтдээ 36 жил ажилласан. Энэ хугацаанд хийгээгүй ажил байхгүй дээ.

Дэжид -

За Чадраабал гуайтайгаа нутаг усных нь талаар, ялангуяа нэгдэлийн талаар сайхан ярилцлаа. Нэгдэлийг анх яаж байгуулж байсан, нийгэмчилж байсан тухай, яаж нэгдэлийг хөгжүүлж байсан тухай түүх намтараасаа тодорхой ярьж өгсөнд баярлалаа. Сайхан яриа боллоо. Танд эрүүл энхийг хүсье.

Чадраабал -

За, ажилд нь амжилт хүсье ээ, хүү минь.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.