Dorj
![](../assets/images/interviewees/990536.jpg)
Basic information
Interviewee ID: 990536
Name: Dorj
Parent's name: Gonchig
Ovog: Jalav
Sex: m
Year of Birth: 1932
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / accountant, economist
Belief: [blank]
Born in: Hongor sum, Dund Bulag sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: official
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
belief
repressions
work
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу? Дорж гуай?
Дорж -
Сайн сайн байна уу?
Дэжид -
Английн Кембрижийн их сургуулийн антропологи Ази судлалын салбараас Монголын 20-р зууны аман түүхийн төслийн ярилцлага авч байгаа юм. Энэ ярилцлаганд бидний урилгыг хүлээн авч 20-р зуунд ажиллаж амьдарч байгаа тухайгаа ярихаар ирсэн энэ нутаг усанд төрж, өсч, ажиллаж амьдарч байсан тантай уулзаж байгаадаа баяртай байна.
Дорж -
За баярлалаа.
Дэжид -
Ярилцлага эхлэхээс өмнө таниас асууж тодруулах ганц хоёр зүйл байна. Нэгдүгээрт та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Дорж -
За даа нэрээ нууцлаад байх шаардлага ч байхгүй дээ.
Дэжид -
Тодорхой хугацааны дараа түүх эрдэмтэн судлаачид та бид хоёрын ярьсан ярианаас тодорхой хэсгийг судалгааныхаа материалд ашиглах, хэвлэл мэдээлэлд ишлэл болгон ашиглахыг та Кембрижийн их сургуульд зөвшөөрч байна уу?
Дорж -
Зөвшөөрч байна.
Дэжид -
За, хоёулаа яриагаа таны бага нас, төрсөн нутаг ус, үүх түүхээс эхлэх үү?
Дорж -
Би бол Сүхбаатар аймгийн Хонгор сумын хүн. 1932 онд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад, бага сургууль, дунд сургуулиар яваад, их сургууль төгссөн ийм намтар түүхтэй хүн.
Дэжид -
Тэр үед сумын бага сургууль, дунд сургууль ямар байдалтай байв. Хүн болгон хүүхдээ сургуульд хамруулж чадаж байсан уу гээд дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
Дорж -
1940-өөд оны үед хүүхдүүд яг найман настайгаасаа орж чадаж байгаагүй юм. Нэлээд өнгөрч байж 10-12 настай сургуульд орж байсан үе юм. Яагаад гэвэл эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулах сонирхол байгаагүй. Мал маллуулж, өөрийнхөө залгамжыг бэлтгэн сайн малчин болгох л зорилготой байсан. Нөгөө тал нь ном сурснаар онц байхгүй байсан даа гэж үзэж байсан. Тэр үед залуучууд, хүүхдүүд эх эцгийнхээ үгэнд ордог ч байсан. Жаахан ядуухан айлын хүүхдүүд л эхэндээ сургуульд явдаг, жаахан юмтай айлын хүүхдүүд бол ер нь сургуульд явдаггүй тийм үе байсан юм.
Дэжид -
Та айлын хэд дэхь хүүхэд вэ?
Дорж -
Нэг дэх хүүхэд.
Дэжид -
Эцэг эхээс хэдүүлээ вэ?
Дорж -
Манай ээж ааваас хоёр хүүхэд гарсан юм. Нэг эмэгтэй хүүхэд гарсан нь бүтээгүй юм. Бүр хожуу надаас хориод насаар дүү нэг эрэгтэй хүүхэд гарсан юм. Бараг миний хүүхэд шахуу. Ээжээс маань их хожуу л хүүхэд гарч л дээ.
Дэжид -
Тэр чинь сумын бага сургууль уу? Ойролцоогоор хичнээн хүүхэд сурах вэ?
Дорж -
Сумын бага сургууль. Ойролцоогоор сумын бага сургуульд бол 30-40 хүүхэд байдаг байсан. Гал тогоо гэж нэг шавар гэр л байсан юм. Байшин барилга бол байгаагүй. Одоо ингээд бодож байхад тэр шавар гэрийн унийг яаж тогтоож байсан юм мэдэхгүй. Дотор нь хоол иднэ. Хоол муугүй. Адууны мах голдуутай. Цагаан нэхий дээлтэй. Гадар даавуу гэж олдохгүй. Дайны үе байсан. Ер нь ядуухан. хувцас хунар олдохгүй. Өнөө кинон дээр гардаг шиг, "малынх нь арьс гадагшаа, хүнийх нь арьс дотогшоо" гэдэг шиг гол нь л цагаан нэхий дээлтэй байна. Тэр үед булгаран цүнх гэж байгаагүй, даавуу гадартай цүнх барина. Ногоон даалимбаар улаан таван хошуутай номын цүнх хийнэ. Багшийн заасан хичээлийг балын харандаагаар бичнэ. Тэр нь тийм амар олдохгүй. Тугалгаар шахуу бичдэг тийм үе байсан. Тэр үеийн хичээл зааж байсан багш нар бол боловсрол бага. Дөрвөн аргын тоо, цагаан толгой зааж байсан. Эхлээд хуучин монгол бичгээр хичээл хийдэг байсан юм. 1942, 1943 оноос л крилл үсгээр заадаг болсон. Эмэгтэй хүүхэд их цөөхөн. Эрэгтэй хүүхэд голдуухан. Зарим нь сургуулиас оргож гарна. Хүүхдүүд бөөсдөнө. Үзэл бодлын хувьд эсрэг тэсрэг бодолтой байсан. Зарим хэсэг нь сургуульд явах сайн, зарим нь хэрэггүй сургуулиа хая, сургууль хэрэггүй гэж байсан юм.
Дэжид -
Сургуулийн үнэлэмж их муу байж дээ?
Дорж -
Муу байсан. Хүмүүс ойлгохгүй байхгүй юу даа. Тэр үеийн хүмүүсийн буруу биш. Нийгэм нь тийм байсан юм. Хэдэн мал өсгөхөөс өөр сайн юм байхгүй. Бурхан шашныг ил, далд хэлбэрээр шүтдэг л байсан. Ил шүтэхээсээ далд шүтэх нь илүүтэй.
Дэжид -
40-өөд оны үед таныг бага сургуульд сурч байх үед шашин шүтлэг хориотой байсан уу?
Дорж -
Хориотой байсан. 37, 38 оны баривчилгааны үед хүн зулаа авдрандаа асааж байгаад мартаад гал алдчихдаг хүртэл байсан юм. Хориотой байсан шүү. Тэр үед баривчилдаг, хянадаг, шалгадаг, ер нь хүний алхам бүрийг хянаж байсан цаг. 30-иад оны үе бол тийм байсан. Бид хүүхэд байсан. Хүмүүс, ээж аав нар тэгж ярьдаг юм. Хүнд үг хэлэх тоймтой. Өвөг эцэг маань "гишгэчихээд би яаж гишгэв гэж эргэж харах ёстой шүү дээ" гэж хэлж байсан юм. Их болгоомжтой, бие биенээсээ айсан, эмээсэн тийм л үе байсан шүү дээ.
Дэжид -
Таны ойр дотноос хэлмэгдэж байсан хүн бий юу?
Дорж -
64 оны Лоохуузын хэрэгт хэлмэгдэж байсан Гунгаажав гэж хүн байна. Тэр хүн манай аавын төрсөн дүү. Бас Дашнамжил гэж манай хамаатан байсан. Тэр хэлмэгдэж байх үед чинь хамаатан гэж хэлж болохгүй байлаа. Дуугүй байхаас өөр домгүй. Ер нь эцэг эх бол "дуугүй явахаас өөр сайхан юм байхгүй" гэж захидаг байсан. Дуугарсан хүн л элдэв төрлийн хэрэг төвөгт орчих гээд байдаг. Тэгээд хүмүүсийн ам дуугүй л байлаа шүү дээ. Тийм л гэвэл тийм, ийм л гэвэл ийм байсан үе.
Дэжид -
Тэр үед танайхныг хамаатан садан гэж мэдээгүй юу?
Дорж -
Мэдээгүй.
Дэжид -
Ерөөсөө тас нуучих уу?
Дорж -
Нууна. Дуугүй л байсан. Хэрэв мэдвэл хэцүү. Нэг домог яриа байдаг юм. Бүр Лениний үеэс эхлэсэн юм аа гэж. Бүр дээрээс, гаднаас. Тэр үед хаант засгийн том генерал, томчуулын хүүхдүүдийг бүгдийг хэлмэгдүүлсэн юм гэнэ лээ. Тэр хэлмэгдэл Монгол оронд ирсэн юм аа гэж ярьдаг юм. Тэгээд дуугүй байгаа нь тэр. Орост авах ч юм бий, авахгүй ч юм бий. Авахгүй юмыг нь авч тийм юм хийсэн хэрэг. Тэгж л ярьдаг юм байна лээ. Тийм түүхтэй л юм билээ. Тэгээд ах дүү, төрөл саднаар нь хэлмэгдүүлдэг явдлыг Ленинээс эхтэй, Монгол хүний бодож олсон бодол санаа ч биш, бүр дээрээс эхтэй, цаанаас нь зааварлаж байсан гэдэг. Тэгээд төрөл садангаар нь үр үндэсгүй устгаж байсан. Тийм муухай. Ингэж л хөгшчүүл ярьдаг байсан.
Дэжид -
Та тэгээд бага сургуулиа Хонгор сумандаа төгссөн үү?
Дорж -
Тэгсэн. Хонгор сумандаа төгссөн. Бага сургуульдаа даага унана. Тэгээд бага сургуулиа төгсөөд дунд сургуульд ирсэн.
Дэжид -
Дунд сургуулийг Хонгор сумандаа сурсан уу?
Дорж -
Үгүй. Аймгийн төвд ирж сурна. суманд бол дунд сургууль байхгүй.
Дэжид -
Сум чинь аймгаасаа хэр хол зайтай вэ?
Дорж -
112 км.
Дэжид -
Аймагт дунд сургуульд байхдаа дотуур байранд байсан уу?
Дорж -
Дотуур байранд байсан. Янз бүр л байсан.
Дэжид -
Аймгийн сургууль нь сумын сургуулиас арай дээр байх уу? Нөхцөл байдал ямар байх вэ?
Дорж -
Арай л дээр дээ. Гэхдээ багш нар нь боловсролтой. Хөдөөгийн бага сургуулийг бодвол дунд сургуулийн багш нарын боловсрол хамаагүй өөр. Өргөн хүрээтэй мэдлэг өгнө. Бага сургуулийн багшийг цэргээс халагдсан юм уу, бичиг үсэгт тайлагдсан хагас дутуу гадарладаг тийм хүмүүс хийж байсан юм. Гэхдээ бидэнд муу юм болоогүй. Тэгээд их сургуульд 61 онд ороод 66 онд төгссөн.
Дэжид -
10 жилээ төгсөөд их сургуульд яаж орж байв? Төгссөн хүүхэд болгон орж байсан юм уу?
Дорж -
Аа, орохгүй. Арай олигтой хүүхдийг нь авч байсан. Би бол өөрөө Анагаахын дээдэд ороосой гэж бодож байсан. Миний бодлоор болохгүй, сурлагын оноогоор болно. Сурлага сайтай бол өндөр оноо авна. Тэр хэрээрээ гайгүй сургуулиас сонголт хийнэ. Доогуурхан оноотой нь шилэгдэж үлдсэн сургуулиас нь л авна.
Дэжид -
Шууд хуваариа аваад л Улаанбаатар явах уу? Дахиж шалгалт авахгүй юу?
Дорж -
Авахгүй.
Дэжид -
Та хэдэн онд УБ явсан гэнэ ээ?
Дорж -
61 онд.
Дэжид -
Ямар мэргэжлээр сурахаар явсан бэ?
Дорж -
МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуульд явсан юм.
Дэжид -
Таныг төгсөөд ирж байхад боловсон хүчин хэр байсан бэ?
Дорж -
Цөөхөн байсан. Их цөөхөн байсан.
Дэжид -
Та тухайн үед сурахаар явж байхдаа эдийн засаг гэдэг юм аа ойлгож байв уу?
Дорж -
Санхүүгийн чиглэлийн хүн болох юм байна л гэж бодож байсан. Дээшээ ангид орж ирээд юманд их шүүмжлэлтэй л хандаж байсан даа. Анхан бол багшийн заавраар л явна. Сүүлдээ өөрийн бодолтой, үзэл баримтлал сууж эхлэж байгаа юм. Энэ нь тийм биш, ийм байх ёстой гэж дотроо их боддог байлаа. Ямар бодсон болгоныг хэлж болох биш дээ.
Дэжид -
Анх удаа оюутан болоод хотод орж ирж байхад хот ямар санагдаж байв?
Дорж -
Жижиг, бага байсан юм. Арслантай гүүрийн урд 20-р дэлгүүр гэж хүнс барааны дэлгүүр байсан юм. Хил мах 5 төгрөг байсан. Юм бол хямдхан, хотын хүн цөөхөн байсан. Нэг онигоо бйдаг юм. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Их сургуулийн нэг оюутан багшаасаа "Хотод хэдий хэр хүн амьдардаг юм бэ" гэж асуужээ. Тэгсэн тэр багшийн санаанд орохгүй ч байсан юм уу "за яахав дээ, 200 мянган хулгайч л амьдарч байна даа" гэж хэлээд багшаасаа хөөгдсөн гэж байгаа юм. Очоод хүн матчихдаг байна ш дээ. Тийм айхтар байсан байгаа юм.
Дэжид -
Тэр үед тэгж ам цуурах хэргээр хүнийг бас шийтгэж байсан байх нь ээ?
Дорж -
Шийтгэнэ. Цуурсан хэргээр шийтгэж байсан юм. 200 мянган хулгайч нь юу байхав, тэр чинь бас сайн ч хүн бий, муу нь ч байсан л байхгүй юу. Тэр үед хот бол тийм авсаархан, цөөхөн хүнтэй байсан юм. Гэр хороолол хойшоогоо байх нь байсан. Ноднин жил хот яваад ирсэн танигдахааргүй болсон байна лээ. Таньдаг байшин ерөөсөө байхгүй. Өндөр байшингууд барьчихсан. Машин, хүн хоёр зүйрлэхийн арга байхгүй.
Дэжид -
Тэр үеийн оюутан цалинтай байх уу?
Дорж -
250 төгрөгийн цалин авна. Бид чинь эдийн засгийн чиглэлээр сурч байгаа болохоор хямгатай зарна. Тэр үеийн багш нар мундаг багш нар байсан юм. Ганц ширхэг байхад кармайлаад ирж байсан юм. Монгол улс ол хадаас хийж чадахгүй шүү. Энэ ганц ширхэг хадаасыг өөрийн хөрөнгөөр гаднаас л авна гэж хэлнэ. Гэрэл өдөр асаалттай байвал загнана. Тэгж л хүмүүжүүлж байсан юм. Арвич, хямгач, юмыг хайрлаж гамнадаг болгож хүмүүжүүлж байсан. Тэр хүмүүжлийн дагуу явсан нь одоо ач тусаа өгч л байна. Гэрэл өдөр асаалттай байвал унтраана шүү дээ. Бид юм бүхнийг гаднаас авч байна. Юмаа хайрлаж гамнах хэрэгтэй л гэж захидаг байсан. Тэр үеийн багш нар биднийг тэгж л хүмүүжүүлж байсан. Зөв байж дээ л гэж одоо боддог.
Дэжид -
Тэр үеийн оюутнууд сурахаас гадна янз бүрийн кампант ажилд дайчлагддаг байсан уу?
Дорж -
Намар сангийн аж ахуйд явна гэж бөөн ажил болно шүү дээ. Намрын намар явна. Би эхлээд Цагаан толгойн САА-д хадлан дээр гарч байлаа. Хадлан орой болтол үргэлжилдэг байсан. Малын тэжээл их бэлддэг байсан. Өмссөн хувцас урагдчихна. Түрүүчийн цаснаар газар хөлдүү, хөлийн хуруу гарчихсан л байна ш дээ. Тийм хүнд байсан. Дараа нь Зүүн хараагийн САА-д төмс хурааж байлаа.
Дэжид -
Зун нь орон нутагтаа амарна биз дээ?
Дорж -
Амарна аа, амарна. Амарчихаад ирэхтэй зэрэг нь л САА-д явуулдаг байсан юм.
Дэжид -
Хичээл хэдэнд эхэлдэг байсан юм бэ?
Дорж -
Ер нь орой эхэлнэ шүү. 10 сар нэлээд гаргана. САА-н ажлыг гүйцээх гэж их уддаг байлаа.
Дэжид -
Тэр үед САА-д ажиллаад ямар цалин хөлс авах вэ?
Дорж -
Цөөхөн төгрөг өгдөг байсан. Би овоо ч ажиллаж байсан. Тэрний үнэмлэх байж л байсан. Олон жил хадгалсан, одоо байх л ёстой. Намын хороо, үйлдвэрчний хорооноос сайн ажилласанд нь тийм үнэмлэх олгож байсан юм. Ном сурахын хажуугаар тэгж ажил их хийдэг байлаа. Даарч хөрч ч явлаа. Ер нь их юманд сургасан даа. Багш нар маань юмаа хайрлаж гамна л гэж их сургадаг байсан даа. Бид чинь гадны эрхшээлд байгаа улс, бүх юмаа гаднаас мөнгөөр авч байна гэж их ярина. Манай ангид Гэлэгжамц гэж Архангайн онц сурдаг хүүхэд байсан юм. Тэр манайх ер нь оросоос шаазан авах хэрэг байна уу, хуучнаараа модоо ухаад л аягаа хийнэ биз гэсэн чинь тэгвэл чи хуучин нийгэм рүүгээ л буцаад орно биз дээ гээд бөөн асуудал болж байсан юм. Тийм ялгүй юмнаас болж сургуулиас хөөгдөж байлаа.
Дэжид -
Оюутнууд их сууж хичээллэж байсан уу?
Дорж -
Их сууна. Номын санд их суудаг байлаа. Тэр үед чинь Сталин номын сан гэж байлаа. Одоо чинь Ренчин Бямбаев гуайн хөшөөг босгож дээ. Айхтар шахуу ч сурдаг байлаа. Ажил ч их хийдэг байлаа. Халууныг халуун гэхгүй, хүйтнийг хүйтэн гэхгүй бие ч сайн байж. Тэр чанараараа одоо 80 шүргэж явна.
Дэжид -
Та 80 дөхөж яваа гэхэд их хөнгөн шингэн байна шүү. Сургууль төгсөөд тэр боловсон хүчнээ тухайн орон нутагт нь хуваарилах уу, яам томилох уу, эсвэл өөрөө буцаад явчихдаг байсан юм уу?
Дорж -
Яам л голдуу өөрийнх нь нутагт л хуваарилана даа. Гэхдээ заримыг нь ажлын шаардлагаас болоод өөр аймгуудад ч хуваарилана.
Дэжид -
Та хуваариа авч өөрийнхөө нутагт ирсэн үү?
Дорж -
Тэгсэн.
Дэжид -
Ажлын гараагаа хаанаас эхлэв?
Дорж -
Аймгийн гүйцэтгэх захиргааны мал аж ахуйн хэлтэсээс эхэлсэн. Байцаагч, нягтлан бодох байсан. Нэгдэл зарим нэг нь болсон, зарим нэг нь болоогүй үе байсан. Тэгээд тэр их мэдээ, тоог нэгтгэж гаргана даа. Аймгийн хэмжээнд гаргадаг байсан. Малын тоо толгойг гаргана. Ер нь бол малын тэр их данс бичгийг нэгдэлжих хөдөлгөөн явсанаас хойш устгачихсан юм байна лээ. Тэр их бичиг баримтыг юу гэж устагасан юм мэдэхгүй. Улсын бодлого байсан байх л даа. Хүн хожим мал хөрөнгөө нэхнэ гэж бодсон юм уу юу гэж бодсон юм. Устгахгүй юмаа л устгачихсан юм байна лээ.
Дэжид -
Нэгдэлжих хөдөлгөөний үед авсан малын данс одоо байдаггүй юм уу?
Дорж -
Байхгүй.
Дэжид -
Тэр үед та сургууль төгсч ирээд нэгдэлжих хөдөлгөөн эхлэх үеэр бүх сумдын малын тоог нарийн гаргадаг байсан уу?
Дорж -
Нарийн гаргадаг байсан. Бүх сумдыг бүр нэгтгэж гаргадаг байсан.
Дэжид -
Сумдад бас нягтлан гэж байх уу?
Дорж -
Тэрийг сумын нарийн бичгийн дарга л хийнэ дээ. Нарийн бичгийн даргаас аймагт ирж нэгтгээд, аймгаасаа улсад тоо бүртгэлийн товчоонд явуулж нэгтгэнэ.
Дэжид -
Та тэгэхээр сумдыг нэгтгэдэг аймгийн нягтлан хүн байж, тийм ээ?
Дорж -
Тийм.
Дэжид -
Тэр ажлыг хэр удаан хийсэн бэ?
Дорж -
Тэнд овоо хэдэн жил ажилласан шүү. Тэгээд тэндээсээ барилгын нягтлан бодохоор ажилласан.
Дэжид -
Тэр үед чинь өөрөө сонирхоод барилгад орох уу, эсвэл цаанаас нь томилох уу?
Дорж -
Томилно. Жаахан ажил явдал буруудсан ч юм уу, энээ тэрээ юмнаас өөр ажил дээр тавина. Албан тушаал бууруулдаг ч юмуу, цалин бууруулдаг ч юм уу. Би бол тэгсэн л хүн байгаа юм.
Дэжид -
Тэгээд цалин буурч байсан юм уу? Сургууль төгсч ирээд хэдэн төгрөгний цалин авч байв?
Дорж -
Сургууль төгсч ирээд 550 авч байсан. Тэрнээсээ барилгын нягтлангаар очоод 500 болж байсан.
Дэжид -
Яагаад цалин буурах болсон юм?
Дорж -
Малын тоог нэгтгэж байхдаа жаахан алдаа гаргасан байдаг юм. 1100 байхыг санамсаргүй тоо алдаад 1000 гээд ч гаргачихсан юм уу, цохисон бичээчийнхээ алдааг хянаагүй гаргачихсан ч юм уу тийм юмнаас болсон юм. Хяналт муу байснаас л болсон юм. Надад ноорогоор нь гаргаад тулгаж үзүүлж байсан юм. Та 1100 байх юмыг 1000 гээд гарын үсэг зураад явуулчихсан байна гээд. Тэгээд тэрэнд буруутахгүй юу. Тэрнээс биш өөрөө зориуд аваад тэгчихсэн юм биш, тэгэх шаардлага ч байхгүй. Хайхрамжгүй байна гэдэг тийм байдаг байна ш дээ. Тэр үед ажил их хүнд байсан. Хүндэдсэн юм байлгүй дээ. Тийм юман дээрээс тэгж өөр ажилд шилжиж байсан юм.
Дэжид -
Тэр үед та гэр бүлтэй байсан уу?
Дорж -
Гэр бүлтэй байсан.
Дэжид -
Хэдэн онд гэр бүл болсон юм, та?
Дорж -
1960 онд.
Дэжид -
Сургуульд явахаасаа өмнө болж таарч байна уу?
Дорж -
Тийм.
Дэжид -
Тэр үед заавал нутаг уснаасаа гэр бүл болох уу, эцэг эхийн зөвлөсөнөөр болох уу, өөрөө сонгох уу? Тэр үед ер нь ямар байсан бэ?
Дорж -
Өөрөө л сонгоно доо. Гол нь л нутгаасаа даа. Гаднаас авъя гэвэл болох л байлгүй. Тэр чинь хүний хувийн сайн дурын асуудал.
Дэжид -
Дарьгангачууд өөрийнхөө яс үндэсний чиглэлээр сууна гэсэн юм байх уу, гайгүй юу?
Дорж -
Биднийг бүр бага байхад бол ийм үзэл бодол байсан юм. Баян айлын хүү бол баян айлын охинтой сууна гэсэн. Ядуу айлын охиныг авах юм бол үүрд ядуу явна гэсэн тийм үзэл бодолтой байсан. Дээр үедээ бол тийм л үзэл бодолтой байсан юм. Ядуу хүний хүүхэд бол ядуу л явна. Яагаад гэвэл ухаан богино байхгүй юу. Баян хүн бол заавал ухаантай байж байж баяжина шүү дээ. Тийм үзэл бодолтой байсан. Сүүлийн үед социализмын үед бол хамаагүй болсон. Баян хүн ч гэж байгаагүй, ядуу хүн ч гэж байгаагүй. Бүх юм жигд, нийтийн байсан юм. Баян ядуугийн ялгаа байгаагүй. Бүр дээхэн үедээ бол ялгаа их байсан юм.
Дэжид -
Социализмын үед баян хоосны ялгаа байхгүй болсон юм байна, тийм ээ?
Дорж -
Байхгүй болсон. Бүх хүн адилхан ажилтай, цалинтай. Ажилгүй хүн гэж ер нь байгаагүй юм.
Дэжид -
Гэр бүлийн чинь хүн ямар ажил хийж байсан бэ?
Дорж -
Дунд сургуулийн тогоочоор ажиллаж байлаа.
Дэжид -
Тэр үед төрөөс залуу гэр бүлийг дэмжих ямар бодлого явуулдаг байсан бэ? Орон нутаг ч гэсэн залуу гэр бүлийг яаж хүлээж авч, яаж дэмжиж байв? Гэр бүлийн талаар ямар бодлого явуулж байв?
Дорж -
Гэр бүлийн талаар явуулж байсан бодлого нэг их байхгүй. Гэр бүл боллоо гэхэд батлаад авч байсан. Хожим салаад явлаа гэхэд хүүхдийн мөнгө төлүүлэх эрх үүрэг бий болж байгаа юм. Өөр гавьтай юм байхгүй. Гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болоод саллаа гэхэд хуулийн газар аваачаад чи хоёр хүүхдээ тэжээх үүрэгтэй. Тиймээс төлбөр төлнө. Гарын үсэг зурсан баталгаа чинь энэ байна гээд л төлүүлнэ шүү дээ. Өөр юм бол байхгүй. Энэ чинь ухаандаа эмэгтэй хүнийг хохироохгүй, хүүхдээ бодсон нэг бодлого л доо. Тийм явдал дээр тийм хатуу хуультай байсан болохоос биш тийм сайхан орон байр бэлдэж өглөө, дэмжлэг туслалцаа өглөө гэсэн юм бол байгаагүй.
Дэжид -
Орон сууц, гэр орноо өөрсдөө бэлдэх үү?
Дорж -
Өөрсдөө л бэлдэнэ.
Дэжид -
Та өөрөө гэрээ бэлдэж эхнэрээ авсан уу, эсвэл та хоёр дундаасаа гэр бараагаа авсан уу?
Дорж -
Голцуу өөрийнхөө л бололцоогоор бэлдсэн дээ. Авгайн тал ядуувтар учраас бэлдэж чадахгүй л байсан. Сүүлд цалин аваад өөр болоо биз дээ.
Дэжид -
Ер нь дарьганга ёсонд заавал эрэгтэй нь гэрээ бэлдэх үү? Гэрлэх ёслолын хувьд ямар зан үйлтэй байсан бэ?
Дорж -
Ер нь гол нь л эрэгтэй хүн нь орон гэрээ бэлтгэдэг байсан даа. Гэхдээ эмэгтэй хүн хагас хугас байлгүй л яахав. Дээр үедээ бол баян хүний хүүхэд баян хүний охинтой л суух ёстой гэж үздэг байсан. Нэгд хүүхдээ бодож байгаа хэрэг. Хоёрт баян хүний хүүхэд баян л явна, ядуу хүний хүүхэд мөнхөд ядуу л явна гэсэн үзэл бодол ноёрхож байсан. Социализмын үед бол хамаагүй л болсон.
Дэжид -
Танайх хэдэн хүүхэдтэй байсан бэ?
Дорж -
Манайх 6 хүүхэдтэй.
Дэжид -
Тэр үед хүүхдүүдээ яаж өсгөдөг байв, яаж ажил хийдэг байв?
Дорж -
Цэцэрлэг, яслид өгчихнө. Тэр нь хүртээмжтэй, эцэг эхээс нэг их мөнгө төгрөг гээд аваад байх юм байхгүй. Хангамж сайтай байсан юм. Эмэгтэй хүүхдэд копрон гэж үсэнд зүүдэг юм авна. Индүү гэж байхгүй. гэрэлтэй гэрэлгүй л байна. Халуун янданд индүүдчихээд л явдаг байлаа.
Дэжид -
Дарьганга ясанд эмэгтэй хүн гэрийн бүхий л ажил төрлөө хийдэг, эрэгтэй хүн гадуурх ажлаа зохицуулдаг ийм журам нэлээд мөрдөгддөг байсан юм шиг байгаа юм?
Дорж -
Дээр үед бол тийм байсан.
Дэжид -
Таны үед ямар байв?
Дорж -
Бидний үед эрэгтэй эмэгтэйгүй л ажлаа цуг хийнэ дээ, ер нь. Бараг л адилхан шахуу байсан. Одоо бол их өөр болсон байна. Одоо бараг манай Дарьганга ясны эмэгтэйчүүд үнээ саахаа больсон байна шүү дээ. Тэр уламжлалаа авч чадахгүй л юм шиг харагдаж байна.
Дэжид -
Өөрөөр хэлбэл Дарьганга ёсны уламжлал алдагдаж л байгаа юм байна даа?
Дорж -
Их алдагдсан. Тэр үнээ саадаг, цагаан идээ борлуулдаг тэр сайхан уламжлал алдагдсан. Цаг уур ч их өөр болж.
Дэжид -
Цаг уур гэснээс хүрээлж байгаа орчин таныг бага байхад ямар байв? Ид ажиллаж байхад ямар байсан? Одоо ямар болж вэ? Энэ юунаас болж байна, сайн муу юм нь юу байна?
Дорж -
Бүх юм хүнээс хамааралтай л болж байна даа. Бидний багад бороо хур цагтаа ордог, цагтаа татардаг байсан. Өвс ургамлын гарц сайн, шимтэй юм ургаж байсан. Мал одоо шимгүй юм идэж байна.
Дэжид -
Шимтэй гэдэг нь ...?
Дорж -
Одоо байдаг сайхан шимтэй ургамлууд ургахгүй болсон байна. Таана, хөмүүл бол говь газрын гол ургамал. Энэ их тачир ургаж байна. Энэнээсээ болж мал давжаарч байна. Мал давжаарсанаас болж хүний бие дагаад муудаж байна. Гадаадаас хүнсний юм их авч байна. Гадаадын юм бол гадаад хүндээ л тохирдого юм байгаа биз. Монгол хүнд бол тохирох ч юм байна, тохирохгүй юм ч байна гэж би дотроо бодож явдаг. Цагаан будааг дандаа идэж л байна. Хятад, солонгос, япон, вьетнам хүмүүс дандаа цагаан будаагаа идэж байна. Тэр хүнс чинь монгол хүнд тохирохоосоо тохирохгүй нь их. Тэр үед манай Дарьганга үндэстэн бол оросын шар будаа их иддэг байлаа. Шар будаа бол уураг сайтай байдаг юм. Ясны сийрэгжилт цагаан будаанаас их болж байна гэж би дотроо боддож явдаг.
Дэжид -
Таныг ид ажиллаж байх үед хаанаас гол юмаа татаж байсан юм бол? Гадаад дотоодын мэргэжилтнүүд байсан уу? дэлгүүр хоршоо байсан юм уу? Хаанаас голдуу бараа ирдэг байсан бэ?
Дорж -
Оросоос голдуу бараа ирнэ дээ. Оросын юм чанарлаг ч юм. Одоо бол оростой нэг их худалдаа хийхгүй байна. Хятадаас л бүх юм орж ирж байна. Тэр үед оросоос л бүх юм хангагдаж байсан юм. Тэр үеийн хүмүүсийн бие сайн байна гэдэг чинь чанарлаг юм идэж байсан, цаг уур сайхан байсантай холбоотой. Тиймээс тэр үеийн хүмүүс арай илүү урт насалдаг, ухаан мэдрэл сайн, өвчин бага тусдаг, бие сайтай байдаг юм болов уу гэж л боддог ш дээ. Манай хүүхдүүд одоо их бие муутай, толгой өвдлөө л гэж байна. Бидний үеийнхэн тэдний насан дээр толгой өвдөх битгий хэл, одоо ч толгой өвдөхгүй. Тийм л байлаа. Цаг уур их өөр болж байна даа.
Дэжид -
Социализмын үед хүмүүс ажилдаа яаж ханддаг байсан бэ? Таны ажилдаа баримталдаг, бахархдаг юм чинь юу байв? Тэр үед хамт олноороо яаж хамтарч, ажиллаж, хөгжиж байсан юм бэ?
Дорж -
Цаг их баримталдаг байсан. 8 цагт ажил эхэлдэг бол 8 цагтаа л эхэлнэ. Ер нь цаг таслах хүн бол цөөхөн. Цалинтай ярина. Хатуу зарчимтай. Социализмын сайн тал нь гэвэл тэр. Цагийн юмыг цагт нь хийнэ. Одоо бол цаг баримтлахгүй байна шүү дээ. Одоо чинь чөлөөтэй гэчихээд өөрийнхөө биед чөлөө өгчихөөд дуртай цагтаа 8.30-д ирж байна, 9.00 цагт ч ирж л байх жишээтэй. Цагтаа цугларч жигд ажил эхлэхгүй байна. Дэлгүүр хаалттай л байна. Унтлага нь ихдэж байна. Архи нь ихдэж байна. Одоо ийм л болж
Дэжид -
Тэр үед хүмүүсийг яаж идэвхжүүлдэг байсан бэ?
Дорж -
Социализмын үед чинь уралдаан гэж их юм байлаа даа. Миний бодлоор уралдаан гэдэг муу талдаа болов уу. Юмыг чанаргүй болгодог. Юмыг сайн ч бай, муу ч бай олон л хийвэл болж байдаг. Нэг их бүтээгдэхүүн илүү хийчихээд, тэр нь үхмэл хөрөнгө болдог. Илжирдэг, ялзардаг, тэгээд хэрэггүй болно. Гэхдээ тэр нь хүнийг ажил хийлгэх хөшүүрэг нь болж байсан байх.
Дэжид -
Таны ажил гол нь санхүүгийн ажил. Тэр үед санхүүгийн ажилд гол тавигддаг бодлого нь юу байсан бэ? Шалгуур нь юу байв?
Дорж -
Гол нь хийсэн ажлын үр дүнгээр л хардаг байсан. Юмны чанар харахгүй, тоо их хардаг байсан. Тэр юмны чанарыг их муутгадаг муу талтай. Миний бодлоор бол тоо чухал биш, чанар л хэрэгтэй. Чанаргүй юм гэдэг чинь дэмий л хүний хөдөлмөр, цаг барсан, үр дүнгүй, алдагдал их гардаг, хор хохирол ихтэй. Тийм л юм шиг харагдаад байгаа юм даа. Тэр үед лекц дугуйлан гэж их хийдэг байлаа. Чадвар муутай улсууд нь чадвартай хүндээ хичээл зааж байлаа шүү дээ. Сонин дээр хэвлэчихсэн юмыг л тавын дэвтэрт нэг их хуулдаг байлаа. Сонин дээр хэвлэчихсэн юмыг дэвтэр дээр хуулаад яах вэ дээ. Сонингоо уншчихаад шалгалтаа л өгдөг юм байгаа биз. Дэвтэр дээр бичээд яах вэ дээ, илүү л ажил байна даа гэж дотроо бодож л явдаг байсан. Хэлэх эрх байхгүй. Тэгж хэлвэл буруутна. Ажлаасаа ч хөөгдөж мэднэ.
Дэжид -
Та намын гишүүн байсан уу?
Дорж -
Намын гишүүн байгаагүй.
Дэжид -
Тэр үед чинь гол албан тушаалтангууд намд орж байсан юм биш үү?
Дорж -
Яг үнэн. Намын гишүүн хүн арай дөнгүүр цалинтай ажилд орно. Намын гишүүн биш хүн бол доогуур л явна шүү дээ. Хаалганы цаана л байна гэсэн үг.
Дэжид -
Та яагаад тэгээд намд ороогүй юм? Авдаггүй байсан юм уу, эсвэл өөрөө хүсдэггүй байсан юм уу?
Дорж -
Авалгүй яахав. Авна. Гэхдээ өөрөө намын ажлыг тийм ч сайхан оновчтой, цэцэн мэргэн ч эд биш юм байна гэж дотроо үзэхгүй юу даа. Намайг намд битгий элс гэсэн хүн ч байхгүй, орлоо гэхэд харшлах юм ч байхгүй. Яахав өөрийн үзэл бодлоос болж ороогүй юм. Намын гишүүн болвол цалин ахина гэдгээ бол мэдэж байгаа. Гэхдээ яшиг яшиг хэдэн хүүхэд болох л байлгүй гэж бодож байсан.
Дэжид -
Таныг алдаатай тооноос болж 50 төгрөгөөр цалин буулгаж барилгын нягтлангаар тавьж байсан гэлээ. Тэр нь хэдэн сараар түр тавьдаг юм уу, эргүүлээд хуучин ажилд нь тавих уу?
Дорж -
Эргүүлээд авдаг тал ч бий, авдаггүй тал ч бий. Тэр үеийн халж сольж байсан хүн нь шилжээд явчихвал, дараагийн хүн нь мэдэхгүй авахгүй ш дээ.
Дэжид -
Та тэгээд хэр удаан тийм цалинтай явж байгаад, дараа нь ямар ажил хийсэн бэ?
Дорж -
Тэнд нэлээд удсаан. Цалин нэмэгдүүлье, амьдралаа сайжруулъя гэж нэг ч их бодохгүй байлаа.
Дэжид -
Тэр үед хоёр залуу хүний амьдралд цалин чинь хүрч байсан уу? Гэр бүлийн хүн чинь хэдэн төгрөгний цалин авч байсан юм?
Дорж -
Гэр бүлийн хүн 400 төгрөг гаргаж авдаг байсан. Би 500 төгрөгийн цалинтай. 900 төгрөг гэдэг тэр үед их төгрөг байлгүй яахав дээ. Тэгээд болж л байсан. Өөр ажилд очьё гэж нэг сонирхоочгүй, яршиг яршиг гээд барилгадаа л байя гэж бодож байлаа.
Дэжид -
Таныг яг ажиллаж байх үед аймаг дээр ямар ямар үйлдвэр, аж ахуйн газар байв?
Дорж -
Өө, зөндөө байсан. Барилгын үйлдвэр байлаа. Тэжээлийн үйлдвэр, Үйлдвэр хоршоолол, Худалдаа трест гэж байлаа. Одоо бүгд байхгүй ш дээ. Бүх худалдаа хувийн болоод гадаад дотоодоос их юм авчирч байна. Өнөөдөр ашиг олохыг л урьдал болгоно уу гэхээс хүнийг нэг их бодохгүй байна. Сайхан юм байлгүй л яахав.
Дэжид -
Та барилгын нягтлан хийж байсан гэлээ. Тэнд юу юу хийж байв? Тэр байгууллагад үр ашиг өгөх ёстой хүн байсан юм бэ?
Дорж -
Энэ барилгыг барихад төдөн сая тоосго орно. Төдөн тн цемент орно. Төдөн кг шохой орно, төдий тн ус орно гээд бүгдийг төсвөлдөг байсан юм. Төдөн хүн ажиллах ёстой гэсэн тэр төлөвлөгөөг гаргана. Тэгж байж тэр барилгыг барина. Ямар зураг төслөөр хийгдэх юм, тэрийгээ хотод очиж батлуулна. Төдөн сая төгрөгөөр энэ зочид буудал босно гэсэн төсөв, зардал, төлөвлөгөөг гаргана. Ажил бол айхтар нарийн юм хийдэг байсан юм.
Дэжид -
Тэр чинь одоо барилгын инженерийн мэргэжил давхар шаардах нь байна ш дээ. Тоосго байлаа гэхэд хаана нь хоёр давхараар өрөх юм, хаана нь гурван давхараар өрөх юм гэдгээ тооцоолж байж л бүх юм аа гаргах болно ш дээ?
Дорж -
Тэгнэ. Барилгын зургийг бараг хавсарч хийж байсан юм. Инженертэй ярилцах, бараг инженерийг давах юм эдийн засгийн хувьд гарна шүү. Барилгын инженер бол тэгж барина, тэгж хоолой тавина гэж ярина уу гэхээс хэдий хэр юм орохыг бол мэдэхгүй.
Дэжид -
Та мэргэжлийнхээ чиглэлээр мэргэжлээ дээшлүүлж байсан уу?
Дорж -
Дээшилдэггүй л байсан даа. Өөрөө тэгээд мэдээд хийчихдэг байсан болохоор дээшлүүл ч гэдэггүй байсан юм байлгүй дээ. Өөрөө ч дээшлүүлье гэж боддоггүй байсан. Барилгын төсөв гаргахад чинь кавдратаар нь бодож гаргана. Айхтар нарийн.
Дэжид -
Төсвийн нягтлан бодох гэдэг албан тушаал юм уу?
Дорж -
Тийм.
Дэжид -
Тэрний сайн болвол юугаар үнэлэгдэх вэ?
Дорж -
Сайн болвол тэр барилга онц дүнтэйгээр ашиглалтанд хүлээлгэж өгнө дөө. Материал хэмнэсэн гэж жаахан шагнал өгнө. Одооныхоор бол цэцэрлэгийн хүүхдийн кармайны мөнгө шахуу юм өгнө. Мэдэхгүй хүн бол худлаа хэлж байна л гэх байх. Юу өгч байсан баримтууд нь байж л байгаа.
Дэжид -
Тухайн үе барилгын салбар нэлээн эрчтэй хөгжиж байсан үе нь мөн үү?
Дорж -
Цемент гэхэд л дандаа эх орны шороо л байсан.
Дэжид -
Барилгын салбарт гадны мэргэжилтэн байсан уу?
Дорж -
Гадны мэргэжилтэн гэж барилга дээр оросууд бараг байхгүй байсан. Харин 60-аад оны үед хятадтай харилцаа сайн байхад цөөн хятад авгай хүүхэдтэйгээ ирж барилга дээр ажиллаж байсан юм. Тэд чинь мах гэж бараг хэрэглэхгүй. Мантуу голдуу хоол идчихээд л болчихно.
Дэжид -
Аа, бас тийм хятадууд ирж байсан юм уу?
Дорж -
Ирж байсан, ирж байсан. Манай аймгийн үйлдвэр хоршоодын барилгыг барьж байсан, эмнэлэгийг барьж байсан. Одоо тэд нар нь элэгдээд татан буугдаад оронд нь өндөр барилга баригдсан.
Дэжид -
Тодорхой хугацаатай, томилолт маягаар ирээд буцах уу?
Дорж -
Тийм. Хугацаатай ирж байсан. Тэгээд нэг хэсэг Монгол, Хятадын харьцаа муудлаа ш дээ. Тэгээд хятадууд гарчихсан юм. Тэгээд Дорнодоор вагоноор гараад гараад явсан. Ер нь их эвгүй болж байсан юм. Бараг байлдаан болохоо шахсан ш дээ. Одоо бол өөр болсон л доо.
Дэжид -
Дорж гуай танаас зайлшгүй асуух ёстой асуултынхаа нэгийг асууя. Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан үйл явдал байгаа юу? Хэрвээ тийм үйл явдал байгаа бол тэр нь юу вэ?
Дорж -
Гүн гүнзгий өөрчлөлт оруулсан зүйл гэвэл сайн муу хоёр талтай. Сайн тал нь гэвэл социализмын үед цалингаараа амьдарч байсан. Миний боловсрол амьдралд их юм өгсөн дөө. Оюуны их хөрөнгө оруулалт өгсөн. Барагтай эд хогшилоос илүү юм өгсөн. Тиймээс багш нараа хайрлаж явдаг, сургуулиа хайрлаж явдаг. Энэ бол мөнгө өгсөнөөс илүү юм. Мөнгө яахав дээ үрээд л дуусна. Хүний оюун ухаанд мэдлэг өгнө гэдэг бол мөнхийн юм байхгүй юу. Тэр хүнийг амьд л байсан цагт хэрэгтэй, үр хүүхдэд ч гэсэн нөлөөлнө. Аавын чинь өмсөж байсан хувцас гээд хүүхдэд өгчихвөл тухайн үедээ тохирч байвал өмсөнө биз, тохирохгүй бол хаячихна биз дээ. Хүний оюун ухаан, мэдлэгээс өөр сайхан юм байхгүй. Тэрийг их дээдэлж үздэг. Хүний боловсрол гэдэг хачин сайхан юм байдаг юм байна, тэрэн шиг хөрөнгө оруулалт гэж байдаггүй юм байна. Хүний яаж явахыг боловсрол л мэднэ шүү дээ. Багш, эрдэмтэй, ухаантай хүмүүсийн үг мөнхийн байдаг юм байна, зайлшгүй үнэн байдаг юм байна л гэж боддог. Тэр л миний амьдралд нөлөөлсөн дөө. Боловсрол, мэдлэгийг хүн хулгай хийхгүй. Байж л байна. Их сургуульд сурсан маань миний залуу насанд өгсөн их хөрөнгө оруулалт. Одоо хөгшин болсон хойно хүртэл ингээд надтай хамт явж л байна ш дээ.
Дэжид -
Таны амьдралд бусдаас онцгой ер бусын гэх зүйл байна уу?
Дорж -
Онцгойроод байх юм ч нэг их байхгүй дээ. Одоо яахав овоо урт наслаж байна. Хүмүүсийн өгсөн мэдлэг, сайхан цаг уур надад сайн юм өгч дээ. Миний үеийн өвгөцүүл бол цөөхөн ш дээ. Хөгшчүүл бол байдаг л байх. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс хэд дахин илүү насладаг юм байна. Ер нь дэлхий нийтийн дундаж наслалтыг харж байхад тэгж ажиглагддаг. Миний насын үеийн өвгөцүүл манай нутагт бол жилээс жилд хорогдсоор их л цөөхөн болж байна даа.
Дэжид -
Эрэгтэй хүн арай богино наслаж байна уу?
Дорж -
Тийм. Ер нь дэлхий нийтээр тийм байна шүү. Японд гэхэд л эрэгтэй хүн дундаж наслалт 75, эмэгтэй хүн 85 байна. Хааяа номноос харж байхад тийм байна. Би одоо 80 дөхөж байгаа хүн гэхэд холын хараа арай муудсан болохоос ойрын хараа бол сайн. Ном хэвлэл уншина. Зарим хүн худлаа гээд үнэмшдэггүй юм. Тэгэхээр нь би ном аваад ир уншаад өгье гэнэ. Тэгээд үзчихээд нээрээ тийм байна. Сайхан хараатай юм л гэдэг юм. Аль бага залуугаасаа бичиг цаас шагай, тоотой ноцолдсон хүн гэхэд нөлөөлдөггүй л юм байна. Тэгээд би хүүхдүүддээ эрдэм ном үзэж, ухаантай хүний үгийг сонсож бай л гэж захидаг юм. Авах нь ч бий, авахгүй нь ч бий л байх. Хүн хүний бодол өөр юм даа. Надад гэрт сонин хэвлэл дээр гарсан янз бүрийн ухаант мэргэдийн хэлсэн үг үдээтэйгээ байдаг юм. Би одоо хүртэл хэрэглээд ирсэн. Надаас хойш хүүхдүүд ойшоож үзэх юм уу, үгүй юм уу бүү мэд.
Дэжид -
Тэр үед сургууль төгсөөд ирсэн боловсон хүчнүүд өөрсдийнхөө мэдлэгийг дээшлүүлэхийн тулд бие дааж л их юм үзэх үү?
Дорж -
Тэгнэ. Тэр үед чинь телевиз гэж байхгүй, радиогоор л их юм ярина. Хүний үгний учрыг ойлгоно гэдэг их гоё. Тэр хүн ер нь юу гэж хэлж байнав, хэрэгтэй үг ярьж байна уу, замхраад алга болох үг хэлж байна уу гэж тунгааж бодно. Хэсэг хугацааны дараа тэр хүн тэгж хэлж байсан нь мөн ч үнэн байна шүү, тэр нь ч дээ тааруухан л үг байж гэх юм бодогдоно.
Дэжид -
Та түрүүн тэр үед бас хэлж ярих хязгаартай байсан, уг нь шүүмжлэлтэй, хэлж ярьмаар юм байдаг л байсан гэж ярьлаа. Одоогоор бодоход танд дэвшилтэй үзэл бас байжээ. Ойр дотны чинь хүмүүсээс ч хэлмэгдэж байж. Тийм талаасаа болоод намд ордоггүй байв уу, яагаад намын гишүүнээр элсдэггүй байсан юм бэ?
Дорж -
Хэлмэгдсэн улсуудын талаас намд ороогүй юм биш. Залуу насанд бие тоох асуудал байж дээ. Намтай намгүй би ер нь амьдарч чадна л гэж бодож байсан. Залуу насны солио юм даа. Намд орсон бол олигтойхон л амьдралтай явна шүү дээ. Тэрийг би ойлгож, мэдэж байсан. Хэлмэгдсэн улсууд бол хамаагүй. Жичдээ хэлмэгдсэн улсууд. Тэрний талаар бол юм ярьдаггүй дуугүй л байсан.
Дэжид -
Ер нь намд нэлээд шалгаж авах уу, урд хойд юмыг нь судлах уу?
Дорж -
Өө, шалгана. Ноён хүний хүүхэд үү, тайж хүний хүүхэд үү гэж заавал анкет авч асуудаг байсан. Тэрийг нэлээд дээрээс гаргасан, монгол төр бол гаргаагүй эд байх гэж дотроо боддог байсан. Дотроо л тэгж бодохоос гадагшаа хүнд ярихгүй ш дээ. Чөлөөтэй биш байхгүй юу даа. Одоо сайн тал нь хэлж ярих чөлөөтэй болж дээ. Хүн алгадсанаас хэрэгт орно уу гэхээс хэлж ярьсанаас болж шоронд орохгүй цаг болж. Тэр нь их сайхан юм даа. Социализмын үед бол ганц үгнээс болж л хэрэгт орно ш дээ. Намд элсээгүй шалтгаан бол залуу насны омголон, бие даасан байдлаас болсон юм.
Дэжид -
Санхүүгийн ажлыг хийж байхад танд хэцүү юм юу байв?
Дорж -
Шөнө орой их сууна. Өнөө их баримтыг чинь цэгцэлнэ, нэгтгэнэ, төсөвлөнө. Тэрийг хийх гэж өөрийнхөө цаг, амралтаас их авдаг байлаа. Гэхдээ эрүүл мэндээ ерөөсөө хаяагүй давхар бодож байсан. Эрүүл мэндийн сэтгүүлүүд надад ийм зузаанаараа байгаа. Бүх дугаар нь байгаа. Тэрний хүчинд бас өдий зэрэгтэй явж байгаа байх.
Дэжид -
Та их суудаг хүн. Яаж тэр үед эрүүл мэндээ хамгаалдаг байв?
Дорж -
Цагтаа хооллодог байсан. Хэмжээтэй хоол иднэ. хоол их бага иддэг байсан. Мах хэрэглэхгүй. Дээр үед нэг лам багшийн сургааль байсан юм. Нэг лам хүн жилдээ ганцхан л хонь идэх хэрэгтэй. Хоёр хонь идвэл нүгэл болно гэж. Нэгийг идэхдээ сайн эр хонь шилж иддэг байсан. Ухаан нь чанар сайтай юм идэхгүй юу. Чанар сайтай жоохон юм иднэ. Чанаргүй нээх их юм идээд хүнд ямар ч ашиг өгөхгүй. Тэгж л залуугаасаа бодож явсан даа. Гүйнэ. Гүйх их сайн.
Дэжид -
Та ажил дээрээ амжилт бүтээл яаж гаргаж байв?
Дорж -
Цагийн юмыг цагт нь хийнэ гэсэн хатуу зарчимтай байлаа. Тэр л дүрмээр явсан. Эрүүл мэндээ давхар бодож явсан. Эрүүл мэндээ хаях юм бол их тусгүй л дээ. Ингэж л амьдарч явж ирлээ дээ.
Дэжид -
Тухайн үед төрөөс авч байсан арга хэмжээ жирийн сэхээтэн хүний амьдралд яаж тусч байв? Гэр бүлийн талаар, боловсролын талаар ямар томоохон арга хэмжээ авч байсан юм? Тэр нь хувь хүнд хэр хүртээлтэй байсан бэ?
Дорж -
Боловсролын хувьд гадаадад явж туршлага судлах ганц нэг юм байсан. Гэр бүлийн талаар тусгай юм байхгүй дээ. Өөрийнхөө ухаанаар, өөрийнхөө цалингаар, өөрийнхөө толгойгоор л амьдардаг л байсан даа. Санхүүгийн талын ажил бол хэцүү. Матас ихтэй. Ширхэг банз аваачаад хадаас хадаад амбаар хийчихсэн ч л очоод ховолчихдог.
Дэжид -
Тэр матаас гэдэг юм чинь яаж явагддаг байв?
Дорж -
Хянан шалгах гэдэг газар бий болсоноос матаас бий болсон юм.
Дэжид -
Хянан шалгах гэдэг чинь ямар байгууллага байх вэ?
Дорж -
Ардын хянан шалгах, Намын хянан шалгах гэж байсан юм. Нэг банз аваачаад амбаар хийчихлээ гэхэд нөгөөдөр нь юм уу, тэрний цаад өдөр нь дуудагдана. Чи хаанаас мод олж амбаар хийсэн юм гээд асууна ш дээ. Барилгынхаа юмнаас аваачаад хийчихсэн бол улсын хөрөнгийг хувьдаа ашиглалаа гэсэн хэрэгт унана. Тийм ялгүй юмнаас... Ямар машинаар нь аваачаад байшин сав хувьдаа хийчихсэн юм биш шүү дээ. Ганцхан банз аваачаад хадахад л матаас ирдэг байлаа ш дээ. Тийм аймшигтай.
Дэжид -
Тэр үед хардах, сэрдэх тийм юм байсан юм уу, тийм ээ?
Дорж -
Байлгүй яахав. Ер нь хүн их айж л амьдарч байсан юм ш дээ, тэр үед. Гучин хэдэн оноос эхлээд л хүнийг ер нь айлгаж сургасан юм байна л даа. Тэр жил хамтрал, комун гэж байхад хороонд нь хорьж байгаад л хамтралд элсүүлж байсан юм байна лээ ш дээ. Өөрийнх нь сайн дураар биш, айлгаж байгаад л оруулж байсан юм билээ. Социализмын үед ч тэр ажлаас нь хална гэх зэргээр айлгаж байгаад л ажлуулж байсан. Ажилгүй болохоос айна биз дээ, ажилгүй бол хоолгүй, талхгүй, амьдралгүй болно. Ялангуяа ногоон цэрэг малгайтай хүмүүсээс их айдаг гэж ээж аав ярьж байсан юм. Бидний үед учиргүй тийм ч байгаагүй ээ. Нягтлан бодох хүний хувьд бол өмч хөрөнгө их хамгаална. Тэрийг өөрөө идсэн байвал хамгийн түрүүнд хатуухан л хэрэгт орно шүү дээ. Зүгээр энгийн хүнтэй адилгүй.
Дэжид -
Тэр үед жирийн ажилчин, дунд тушаалын дарга, томоохон мэдлийн дарга хүмүүсийн хооронд ялгаа байсан уу?
Дорж -
Ялгаа байлгүй яахав дээ. Дарга дээд тушаалын мэдлийн хүний хэлсэн үгийг ёсчилон биелүүлж байсан юм. Тэрнийг биелүүлээгүй хүн хэцүү, зовлонтой, ажил хийх арга байхгүй. Зөв ч бай, буруу ч бай, тэр л хүний үгээр юм бүгдийг хийнэ шүү дээ. Зарим юм бол үр дүнгүй юм шиг санагддаг байсан. Хийгээд хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэж над л тэгж санагддаг байсан. Бусад хүнд яадаг байсан байгаа юм мэдэхгүй. Үр дүнгүй юм аа гээд хаячихалтай биш, байчихалтай биш. Тийм эрх байх ч үгүй.
Дэжид -
Та ажилдаа хэр дур сонирхолтой байсан бэ?
Дорж -
Яахав дээ сонирхолтой. Уул нь эмч болох гэж байсан хүн. Тэр нь яагаад тэгсэн юм гэхээр үе тэнгийн найзууд эмч хүн сайхан гэж хэлэхгүй юу. Тэдний амаар л тэгж байгаа юм. Ер нь тэгээд эмч болоод ирсэн үеийн залуучууд сайхан харагддаг байлаа. Тэд янз бүрийн юм ярина л даа.
Дэжид -
Аймаг дээр тогтмол цалинтай ажиллаж байгаа нягтлан бодохууд хөдөө орон нутагт явж ажиллах уу?
Дорж -
Ажиллана, ажиллана. Социализмын үед малын хашаа хороо, ер нь хийхгүй ажил байхгүй. Тэр хашаа нь хэдэн жилийн дараа нураад унаж байгаа юм. Ирээдүйгүй, үр дүнгүй юм бол хэрэггүй ш дээ. Тэрийг мэдэж байгаа ч хүн байхгүй. Мэдсэн хэр нь хэлдэггүй ч юм уу.
Дэжид -
Тэр үед соёлын довтолгоо гэж юм явагдаж байлаа. Тэр яаж явагдав?
Дорж -
Хүмүүс ариун цэвэрт сурсан. Юмаа сайхан угаадаг болсон.
Дэжид -
Тэр хэдэн оны үед явагдсан бэ?
Дорж -
Таван хэдэн оны үед явагдсан юм. 55, 56 онд юм уу даа. Хиртэйгээ байвал сайхан буян хишиг тогтдог гэж үздэг хүн байсан юм. Угаагаад хаячихаар буян хишиг нь угаагдчихдаг гэсэн үзэл бодол байсан. Соёлын довтолгооны үед өвчинөөсөө ч салсан. Яг үнэндээ бол Монгол оронд хувьсгалаас өмнө өвчтэй хүмүүс их байсан юм билээ. 700 гаруй мянган хүн амтай байсан юм уу даа. Орос бол монголыг эрүүлжүүлж өгсөн улс шүү. Сайн тал нь тэр. Хамаргүй улс олон байсан юм ш дээ. Та нар тэрийг мэдэхгүй. Булгааран хамар тавьчихсан явдаг хүмүүс байсан юм. Хамар нь яранд идэгдээд уначихсан. Орос л тэрнээс чинь салгаж өгсөн ш дээ. Тэгээд тэр өвчинийг устгаснаас хойш монгол орон чинь олон хүүхэдтэй болсон юм шүү дээ. Тэгж л оросууд өвчинөөс нь салгаж өгсөн юм. Бас оросуудад муу тал ч бий.
Дэжид -
Тэр үед бичиг үсэгт бас сургасан уу?
Дорж -
Соёлын довтолгооны үед бичиг үсэгт нэлээд сургасан шүү. нэрээ тавьж чаддаггүй улс зөндөө байсан юм. Соёлын довтолгоогоор ер нь овоо юм зохицуулсан, хийсэн гэж боддог юм. Тэрнээс хойш бол урсгалаараа л явсан. Уралдаан, төлөвлөгөө гэсэн голтойхоншуу, нэг хүний захиргаанд явсан шүү дээ. Сайн тал ч бий, муу тал ч бий. Муу тал нь илүү юм шиг санагддаг.
Дэжид -
Тухайн үеийн нэгдэлийн гишүүдийн хөдөлмөр өдрийн хөлс, социализмын үед төв суурин газар ажиллаж байсан хүмүүсийн цалин хөлс хэр зөрөөтэй байсан бэ?
Дорж -
Зөрөөтэй байсан. Албан хаагчдын цалин арай өндөр, ажилчин хүний цалин жоохон. Хийж байгаа ажил нь мэргэжил шаардах ч бий, шаардахгүй ч бий. Зүгээр нэг худаг ус гаргачих ажилд бол мэргэжил шаардахгүй ш дээ. Хүнд олигтойхон хөлс өгөөд ирээдүйтэй ажил хийлгэчие гэсэн юм ердөө байхгүй. Биенээ хуурсан, нүд хуурсан ажил дийлэнх нь хийдэг байсан юм даа.
Дэжид -
Таны мэргэжилээр, нягтлан бодохоор сургууль төгсөөгүй хүмүүсийг авдаг байсан юм уу?
Дорж -
Үйлдвэр бол нягтлан бодохоор сургууль төгссөнийг нь голдуу авна. Авхаалжтай, ой сайтай улсууд сургууль төгсөөгүй хэр нь нягтлан болчихсон байдаг юм. Сургууль төгссөнөөсөө бараг илүү хүн байна. Ярьж байгаа үг нь өөр, хийж байгаа ажил нь ч өөр. Тийм хүн цөөхөн байдаг юм даа. Сургууль төгссөн хүн бол онолын талыг нь сайн мэдэж байгаа юм.
Дэжид -
Та хэдэн онд тэтгэвэрт гарсан бэ?
Дорж -
92 онд.
Дэжид -
Тэтгэвэр чинь хэдэн төгрөгөөр тогтоогдсон бэ?
Дорж -
Анх гурван зуу гаруй төгрөгөөр тогтоогдсон. Одоо бол тиймгүй л дээ, 130.000-ийг авч байна.
Дэжид -
Тэтгэвэр авч байгаа хүмүүс дотроо арай гайгүйд орж байна уу?
Дорж -
Гайгүйд орно.
Дэжид -
Та аль байгууллагаас тэтгэвэрт гарсан юм бэ?
Дорж -
Барилгаасаа.
Дэжид -
Та маш их хэмнэлттэй төсөвлөөд гаргадаг байж. Тэрийг зарцуулж байгаа улсад яаж хяналт тавьдаг байсан юм бэ? Таны гаргасан төсвийг хүрэхгүй байна гээд ирвэл яах вэ?
Дорж -
Хүрэхгүй байна гэж байхгүй. Илүү гарна. Тэрийг нь аваад складанд аваад хэмнэсэн гээд овоо сайшаадаг юм.
Дэжид -
Зарцуулалтанд нь ямар хүн хяналт тавих вэ?
Дорж -
Инженер хянана, би өөрөө бас үзэж харна. Цементийг яаж хийж байна, будгаа яаж найруулж байна, нэг хайрцагтайг нь гэрээдээ аваад явчихаж байна уу гээд ер нь айхтар харна.
Дэжид -
Тэр танд ажил байдлын онцлогоос суусан чанар юм байна, тийм ээ?
Дорж -
Тэгэлгүй яахав.
Дэжид -
Танай байгууллагад хувьчлал яаж явагдсан бэ?
Дорж -
Хувьчлал муу явагдсан. 91, 92 онд хоёр нам хоёулаа засгийг барьж байсан. Хоёр нам хоёулаа хувьчлалыг муу явуулсан гэж би боддог. Буруу явуулсан. Ажилтай төрөлтэй нь складаар нь хөрөнгөө авчихсан.
Дэжид -
Тийм давуу эрх бий юу?
Дорж -
Давуу эрх байсан. Захирлууд, дарга нар өөрийнхөө албан тушаалаа ашиглаад машин техник хүртэл авсан. Би яг тэр үед нягтлан бодохоосоо гарчихсан байсан. Манай хүүхдүүд аав нэг, хоёр жил ажиллаж байсан бол, бүх юм чинь нэг хүний гарт оччихсон ш дээ гэдэг юм.
Дэжид -
Тэгвэл хувьчлал нэлээн шударга биш явагдсан юм байна, тийм ээ?
Дорж -
Шударга биш, биш. нэгдэлд байсан хүмүүс бол малаа авсан. Төв орон нутагт байсан нь орон сууцаа авсан.
Дэжид -
Та хэзээ орон сууцаа авсан бэ?
Дорж -
Би аваагүй.
Дэжид -
Яагаад барилгат ажилладаг хүн чинь орон сууцгүй байсан юм уу? Тэр үед барилга ажилчдын орон сууц гэж барьдаггүй байсан юм уу?
Дорж -
Орон сууцгүй байсан. Барилга барьдаг байсан хэрнээ тэрийг нь дарга даамлууд л авчихдаг байсан байхгүй юу. Авъя гэж хөөцөлдсөн бол авах л байсан байх. Би өөрөө ч байшин барина л даа. Би тэтгэвэртээ гараад гурван ч байшин барьсан. Ногоо тарьсан, худаг ус гаргаж байлаа. Тэтгэвэрт гараад 3 байшин барьсан гэвэл хүн ер нь итгэхгүй. Харж байсан хүмүүс бол мэдэж л байгаа. 1 га газар ногоо тарьж байлаа. Овоо ч ургаж байсан. Хүн их ажил хийснээрээ ядардаггүй юм байна. Ер нь бага ажил хийж, их унтсанаараа ядардаг юм биш үү. Одоо ч эмэгтэйчүүд голдуу нь ядаргаа гэж их ярих болж, залуучууд нь пязда гэж их хараах болж дээ.
Дэжид -
Тухайн үед тийм муухай үг хэллэг зуршил болоогүй байсан уу?
Дорж -
Байдаггүй байсан. Сүүлийн үед тийм болж л дээ.
Дэжид -
Тэгээд та бие даагаад л явчихсан уу?
Дорж -
Хүн намайг 60 хүрээд 3 байшин барьсан гэхээр итгэдэггүй юм. Жоохон байшин л дээ. Хөдөө гараад байшингаа бариад, ногоо тариад, мал үржүүлээд өөрийнхөө хөдөлмөрөөр амьдарна л гэж бодож байлаа. Гэхдээ бас тэгж санаагаар болдоггүй юм байна. Мал нь цаг уурын хувьслаар үхэх нь үхээд, нар хүчтэй шараад ногоо ч олигтой ургахаа байсан. Гэр бүлийн хүн ч өвчтэй гэх болсон. Хажуудах хүн тэгэхээр нэг хүн чинь яаж ч чаддаггүй юм байна. Гэрээр бол хос багана өргөж байдаг, ганц болоод ирэхээр болдоггүй юм байна ш дээ. Хүн чинь залуу насандаа их гоё юм бодож байдаг юм байна. Нас өгсөөд ирэхээр одоо ч би хэд наслаа аж гэж бодогдох үе гарах юм. Ер нь хүн залуу байхдаа юм дандаа хэвээрээ байх юм шиг боддог. Нас ахих тусам улам л доройтож ухаан ч мууддаг юм байна. Хүний бодсон санасанаар юм болдоггүй юм байна. Хүний тавилангаар болдог юм байна гэдэг тиймэрхүү бодол төрөх болсон.
Дэжид -
Социализмын үед ногоо тарихад ургац нь одоотой харьцуулахад өөр байсан уу?
Дорж -
Өөр байсан.
Дэжид -
Социализмын үед туслах аж ахуй хэр хөгжиж байв?
Дорж -
Бага зэрэг явж байсан. Ардчилалын үед хувьчилж байгаа нь энэ гээд социализмын үед хийж байсан сайхан сайхан юмаа буулгаад модон юм нь айлын хашаа болж, төмөр юм нь хятад руу гарах шив дээ. Би дотроо хятадад хууртаж их юмаа алдах юм даа гэж бодох юм. Төмөр гаргаж авна гэж ямар их ажил болохов. Харин бэлэн төмөр хайлах чинь амархан ш дээ. Тэхээр бэлэн юмаа хятадад хууртаад өгөөд байгаа биз дээ.
Дэжид -
Та ямар шагнал урамшуулал авч байв?
Дорж -
Намын гишүүн биш хүн чинь олигтой шагнал авдаггүй юм байна ш дээ. Одон медаль тэгж аваад байя ч гэж боддоггүй.
Дэжид -
Тэр үед намд сэхээтэн хүнийг бага авъя, ажилчин малчин хүнийг түлхүү авъя гэсэн бодлого байсан уу, үгүй юу?
Дорж -
Ажилчин, малчиныг түлхүү авч байсан. Тэр нь ямар учиртай юм гэхээр сэхээтэн хүн бол мэдлэг илүү. Юмны зөв бурууг ялгана. Нөгөөдүүл бол намын их хурлын шийдвэр гарлаа гэхэд гар өргөөд л шууд баталчихна. Сэхээтэн хүн бол өөр. Мэдлэгтэй хүн чинь айхтар зөрчил их гардаг байхгүй юу.
Дэжид -
Таныг ажиллаж байхад намын гишүүн гээд даргаар ирчихсэн, тэгээд мэдлэгээрээ гологддог хүн байв уу?
Дорж -
Байлгүй яахав. Өө, тэрийг ингэж хийгээд байхдаа яахав дээ, тэгж л хиймээр юм байна даа гэж дотор бодогдож л байна.
Дэжид -
Даргатаа хэлэхгүй юу?
Дорж -
Хэлэхгүй. Хэлвэл буруутна. Доод хүнээ хааш нь яавал ч яана ш дээ. Чи заадаг юу юм л гэнэ. Цэвэрлэгч хүн намын гишүүн байлаа гэхэд зүгээр нэг дунд тушаалын намын гишүүн биш хүн бол доод талд нь л байна шүү дээ. Намын гишүүн хүнээ л нэгдүгээрт авч үзнэ.
Дэжид -
Эрэгтэй эмэгтэй хүнийг ялгаатай хандах юм байх уу?
Дорж -
Тэр нь гайгүй ээ. Мэдлэгтэй, сайн сайн хүүхнүүд бол бий л дээ. Ажилд авлаа гэхэд эрэгтэй эмэгтэйг нь нэг их харгалзахгүй, намын гишүүнийг нь л эхэлж ажилд авна. Хичнээн чадалтай, мэдлэгтэй байлаа гээд намын гишүүнийг нь л нэгдүгээрт тавина.
Дэжид -
Тэр үед гадагшаа дотогшоо чөлөөтэй явдаг, найзлаж нөхөрлөдөг юм хэр байсан бэ?
Дорж -
Байгаагүй. Хааяа нэг орос луу явбал явдаг байсан. Тэр нь тэгж дураараа явахгүй. Нэлээн шалгуураар явна. Намын гишүүн, дарга хийж байсан тиймэрхүү хүмүүс л голдуу явна. Нэг аймаг зөв ч бай, буруу ч бай нэг л хүний амаар явна шүү дээ. Тэр нь аймгийн дарга. Аймгийн дарга нь дээрээсээ тушаал шийдвэрээ авдаг л биз. Гэхдээ аймгийн дарга нар дотор мэдлэгтэй нь ч байна, мэдлэг багатай нь ч байна, харгис дээрэнгүй хүн ч байна. Ухаандаа албан тушаалаараа далайлгаж хүнийг дайрч доромжилсон, загнаж зандарсан ч хүн байна.
Дэжид -
За баярлалаа, Дорж гуай. Тухайн үеийн ажил амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн танд баярлалаа.
Дорж -
За, баярлалаа.
4-р ХЭСЭГ:
Дэжид -
Хоёулаа яриагаа төгсгөж байтал таны цуглуулгыг үзээд асуух юм гарлаа. Энэ ямар учиртай юм бэ? Цуглуулгынхаа талаар, сонин хэвлэлд бичсэн зүйлийнхээ талаар ярьж өгөхгүй юу?
Дорж -
Энэ миний сургуульд байхдаа Москвагийн радиотой харьцаж байсан харилцаа.
Дэжид -
Хэдэн оноос тэгж харьцаж байв?
Дорж -
56 оноос харьцаж байсан харьцаа. Сталинградын тулалдааны тухай асуусан асуултанд нь би хариулт өгсөн юм. Тэгээд намайг сайн хариулсан гээд дипломоор шагнаж байсан юм.
Дэжид -
Энэ ямар учиртай рубль вэ? 5 рубль гэж байна.
Дорж -
Шагналд ирсэн юм.
Дэжид -
Хэдэн оны эд юм?
Дорж -
47 оных.
Дэжид -
Энэ бас яагаад та шагнуулж байсан юм бэ?
Дорж -
Зөвлөлтийн радиогоос явуулсан уралдаанд оролцоод л авсан юм. Энэ олон захидал чинь дандаа тэр радиотой харилцаж байсан захидалууд.
Дэжид -
та орос хэлийг хаана сурсан юм бэ?
Дорж -
Дорнодод. Айхтар сурсан ч юм биш. Гэхдээ яахав бага саг ойлгоно.
Дэжид -
Дорнодод юу хийж байсан юм бэ?
Дорж -
Оросын мэргэжилтнүүдтэй ажиллаж байсан юм.
Дэжид -
Дорнодод салбар нь байсан юм уу?
Дорж -
Үгүй, 50-иад оны үед тэнд "Монгол металл" гэж байсан юм.
Дэжид -
Дорнодод барилгын салбарын мэргэжилтнүүдтэй хэдэн жил ажилласан юм бэ?
Дорж -
Ганцхан жил. Орос багштай байсан юм. Рина гээд узбек хүүхэн байсан юм. 19-тэй байлуу даа. Бага л байсан юм. Эхлэл нь тэндээс л эхэлсэн юм. Одоо хүртэл би Москвагийн радиотой харьцаж байгаа ш дээ.
Дэжид -
Энэ одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Дорж танаа Монгол хэлний нэвтрүүлгийн редакциас гээд Оросоос ирж байсан захидалууд байна ш дээ.
Дорж -
Одоо над шиг настай хүн ер нь байдаггүй юм ш дээ. Дархан, Эрдэнэтэд нэг нэг байна уу, үгүй юу. Насбарчихсан байхаа даа. Хамгийн ахмад нь одоо би болж байгаа байх.
Дэжид -
Та хэдэн онд Дорнодод зөвлөлтийн мэргэжилтнүүдтэй ажиллаж байсан гэнэ ээ?
Дорж -
Тавин хэдэн онд.
Дэжид -
Тэгээд бие дааж орос хэл сурсан. Одоо ямар ч байсан оросоор бичээд ойлголцчихно?
Дорж -
Одоо бараг мартаж байна даа. Орос зургийн багш байсан. Главный инженер нь еврей хүн байсан юм. Одоо бол израйль гэсэн үг ш дээ. Нэг тийм ширүүн харцтай нэг их үг дуугараад байдаггүй хүн байсан юм. Зургийн багш нь бол залуухан хүүхэн байсан юм.
Дэжид -
Ер бусын юм чинь энэ байсан байна шүү дээ. Одоо 80 шахаж байгаа хүн өөрийнхөө бие дааж сурсан орос хэлээр оросын радиотой өнөөг хүртэл холбоотой байж өчнөөн олон шагнал авч, хариу захидал бичсэн байна гэдэг чинь гайхалтай юм шүү дээ. Энд бүр "Москвагийн радиотой хагас зуун жил найзалсан буурал" гээд 2006 онд таны тухай сонин дээр бичиж байсан материал байна.
Дорж -
Би бас жинхэнэ зудыг хэрхэн туулж гарсан тухай дурсамжаа сонин дээр бичиж байсан юм.
Дэжид -
Та чинь бас хэвлэн нийтэлдэг чөлөөт уран бүтээлч хүн байна ш дээ. Энийгээ нуучихсан байна ш дээ. Москвагийн радио монгол хэлээр нэвтрүүлгээ цацаж эхэлсэний 50 жилийн ойн бүх л асуулт уралдаанд амжилттай оролцсон дурсгалын диплом маш олон бий гэж энд бичсэн байна. Энэ бол хувь хүний хувьд гайхалтай, бахархалтай зүйл байна. Өөр энэ дээр нэмж тодруулж хэлэх юм юу байна?
Дорж -
Юу байхав дээ.
Дэжид -
Энд нэг ийм ил захидал байна. Эрхэм нөхөр Дорж оо, таныг сансарын сэдэвт асуулт хариултын уралдаанд оролцсонд Москвагийн радио халуун баяр хүргэж байна. Сансарын уудмыг судлах талаар та хичнээн их сонирхдог болон сансарыг милтарчлахгүй байх асуудлын талаар таны мэдлэг хичнээн гүн гүнзгий болохыг хариулт чинь харууллаа. Танд аз жаргал, эрүүл энх, ажлын амжилт хүсье. Москвагийн радиогоос явуулах дараачийн уралдаан таныг оролцоно гэдэгт бид итгэж байна. Монгол нэвтрүүлгийн хэлтэс гэсэн ил захидал Москвагаас ирж байсан байна. Тэгэхээр Дорж гуай та үндсэн ажлаасаа гадна урлаг уран зохиол, бусад олон талын мэдлэгтэй ийм хүн байсан байна. Техник технологи, сансар судлалын талаар... Тэгж байж л тэр хариултанд оролцсон байж таарна даа?
Дорж -
Тэгнэ, тэгнэ. Мэдлэгтэй байж байж оролцоно уу гэхээс мэдлэггүй хүн юу гэж тэрэнд оролцох вэ дээ.
Дэжид -
Та бас эрүүл мэнд сэтгүүлийг бүрэн ашигладаг гэж ярьсан. Өөр ямар сэтгүүл үзэх вэ? Шинжлэх ухаан амьдрал энэ тэр гээд гардаг байсан тэрийг бас үзэх үү?
Дорж -
Үзнэ, үзнэ. Элдэв өнгийн ном сэтгүүл их бий. Гагариныг сансарт нисэхээс өмнө нохойгоор туршиж байсан шүү дээ. Тэр нохойны зураг хүртэл бий.
Дэжид -
Та тэгвэл бүх л юмыг уншиж сонирхдог байж дээ. Ой тогтоолт бас их сайн байна аа? нэг уншсан юмаа мартахгүй л байх уу?
Дорж -
Мартахгүй ээ.
Дэжид -
За баярлалаа. Танаас бас нэмэлт асуулт асууж, холбогдох материал үлдээж байгаадаа би бас баяртай байна. Өөр танд хэлэх юм байна уу? Тухайн үед ажлаасаа гадна өөрийгөө хөгжүүлж байсан энэ талаараа...?
Дорж -
Хэвлэл их сайн ашиглаж, сайн үзэх юм даа. Телевизор харах юм.
Дэжид -
Тэр үед яадаг байсан юм? Телевиз байхгүй шүү дээ?
Дорж -
Сонин хэвлэл их уншина. Радио сонсоно. Бас дотроо их шүүмжлэлтэйгээр ханддаг байлаа. Янз бүрийн айхтар асуултууд их ирнэ. Улс хоорондын харилцаа, найрамдалыг яаж үздэг вэ? гэх зэргийн нарийн нарийн асуултууд ирнэ. тэр болгонд өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд хариулт өгнө. Анх уралдаануудад их оролцдог байсан юм. Тэрэнд хариулахад их бэрх. Заримдаа орос дээр хүртэл захидал ирнэ. Тэгээд яахав чадах ядахаараа л хариулна даа.
Дэжид -
Оросыг нь орос дээр, монголыг нь монголоор хариулаад явуулах уу?
Дорж -
Тэгнэ.
Дэжид -
Ер нь тэгээд тухайн үеийн олон улсын харилцааны асуудлыг хөндсөн, тухайн үеийн нийгмийн хурц хурц асуудлыг хөндсөн олон асуултууд ирдэг байсан уу?
Дорж -
Ирнэ ирнэ.
Дэжид -
Тэрэнд хариулахын тулд ажлын хажуугаар нэмэлт ном хэвлэл судлах ажил гардаг байсан уу?
Дорж -
Зөндөө гарна. Надад нэг ийм асуулт ирж байсан юм. Араб, хар арьстан, бага ястангуудын талаар зөрчил тэмцэл ихтэй энэ ер нь байх эд үү, байхгүй болох эд үү гэсэн асуулт ирсэн юм. Өөрийнхөө мэдлэгээр л хариулна. Шашин шашин бол өөр шүү дээ. Өөр шүтлэгтэй, өөр үзэл бодолтой. Америк бол үзэл бодлоо айхтар тулгаж байж л дээ. Хүний газар нутгийн эзэмшиж, хүний дотоод асуудалд оролцоно гэдэг дээрэнгүй үзэл юм.
Дэжид -
Та тэгээд өөрийнхөө үзэл бодлоор л хариулаад явуулах уу?
Дорж -
Ер нь тэгдэг юм. Үнэн зөв, өөрийнхөө үзэл бодлоор хариулна гэсэн байдаг юм. Цааш нь ашигладаг юм байлгүй дээ мэдэхгүй.
Дэжид -
Таны энэ төрөл бүрийн нэвтрүүлэг сонсож, өөрийнхөө оюун бодлыг хурцалж цэнэглэдэг чинь танд улам л мэдлэг нэмж, тэрний дагуу өөрийгөө хөгжүүлдэг ийм хүн байсан байна ш дээ, ер нь. Одоо ч гэсэн тэр нь таны ярианы явцад харагдаж байна. За баярлалаа танд.
Дорж -
Ийм л хэмжээний өвгөн дөө. Ном их уншина. Өглөө маш эрт босно.
Дэжид -
Өглөө эрт гэдэг нь хэдэд босох вэ?
Дорж -
Ер нь эрт босно. Багаасаа их эрт босно. Эцэг эхийн сургааль ч тийм байсан. Номноос л их юм авч байна даа. оросуудтай 50-иад оны үед хамт байсан. Оросууд бол инженер ч байсан, багш ч байсан архийг бол зуухан грамм ууна, хоолтой цуг. Архи их уудаггүй байсан юм. Одоо чинь мал, хүн хоёр нь мэдэгдэхгүй ууж байна ш дээ. Архи их уух юм бол монгол орон хөгжихгүй. Зохицуулж уух хэрэгтэй.
Дэжид -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.