Bumuutsogzol

Basic information
Interviewee ID: 990538
Name: Bumuutsogzol
Parent's name: Luvsansamdan
Ovog: Zeerdnüüd
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / transport dispatcher
Belief: Buddhist
Born in: Asgat sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
belief
work
family
life in wartime
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Та сайн байна уу?
Бумууцогзол -
Сайн. Сайн байна уу?
Дэжид -
Сайхан зусаж байна уу?
Бумууцогзол -
Сайхан. Амархан сайн явж байна уу?
Дэжид -
Сайн явж байна. Өнөөдөр 2010 оны 6-н сарын 22. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод “Шарга” зочид буудлын хоёрдугаар люкс өрөөнд ярилцлага хийхээр Сүхбаатар аймагт төрж өссөн, энд социализмын үед ажиллаж байсан өндөр настантай уулзаад байна. Юуны өмнө Кембриджийн их сургуулийн Ази судлал антропологийн танхимаас явуулж байгаа Монголын 20- зууны аман түүхийн төсөлд өөрийн түүхийг ярьж ярилцлага өгөхөөр болсон таньд баярлалаа.
Бумууцогзол -
Баярлалаа.
Дэжид -
Ярилцлага эхлэхээс өмнө таниас асууж тодруулах ганц хоёр зүйл байна. Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Бумууцогзол -
Юуг нь нууцлахав дээ.
Дэжид -
Тодорхой хугацааны дараа арав, хорь ч юмуу хэдэн жилийн дараа түүх судлаачид, эрдэмтэд та бид хоёрын ярьсан зүйлийг судалгаандаа ашиглах, хэвлэл мэдээллийн ишлэл болгох зорилгоор ашиглах эрхийг та Кембриджийн их сургуульд зөвшөөрч байна уу?
Бумууцогзол -
Зөвшөөрч байна. Надад нууцлах шаардлага байхгүй.
Дэжид -
Хоёулаа таны бага нас, төрсөн нутаг ус, эцэг эхийн талаар яриагаа эхлэх үү?
Бумууцогзол -
Би одоогийн Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт төрсөн. Миний эцэг Сэрдамбын Самдан гэж хүн байсан. Ээж маань Далантайн Долгор гэж хүн байсан. Би тэр айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн. Би эцэг эхээс тавуулаа. Бага насандаа эцэг эхийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн.
Дэжид -
Та хэдэн онд төрсөн бэ?
Бумууцогзол -
1934 онд төрсөн. Миний бага нас дайны хэцүү үед өнгөрсөн. Миний аав, ээжид хэцүү л байсан байлгүй. Би бага байсан болохоор сайн мэддэггүй юм. Тийм л амьдралд өссөн хүн дээ. Тэр үеийн хөдөөний хүмүүс чинь эмэгтэй хүүхдээ сургуульд өгөхгүй гэдэг байлаа. Тэгээд дүүг маань өгсөн чинь жаахан юм чинь сурч чадахгүй. Тэгээд сүүлд би сум захиргааны шаардлагаар сургуульд орж Асгатын дөрөвдүгээр ангийг төгсч байлаа. Манай эцэг номхон дөлгөөн, мал малладаг, морь уядаг хүн байсан. Би уяа морь их унаж, гийнгоо гийнгоолдог хүүхэд байлаа.
Дэжид -
Одоо таны дуу хоолой их сайхан байна.
Бумууцогзол -
Хурдантай ч байлаа. Олон айраг түрүү авч байлаа.Тэр үед даага, уургатай өгдөг байлаа. Тэрнээс нилээдийг авч байсан. Таван нас хүртлээ унасан.
Дэжид -
Уралдааны морь унахад ямар онцлогтой байдаг байв? Тэр талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу? Мөн Асгатийн бага сургуульд хэрхэн сурч байв?
Бумууцогзол -
Уралдааны морь унахад их онцлогтой. Хүүхдийн авхаалж самбаа орно. Уясан уяачын эрдэм зүтгэл орно. Тэр хүний уясан морийг хүүхэд авхаалжтай унахгүй бол тэр хүний хөдөлмөрийг үрнэ шүү дээ. Ер нь тийм учиртай. Би муу унаач байгаагүй гэж өөрийгөө боддог.
Дэжид -
Тэр үед хүүхэд морь унаад наадамд уралдана гэдэг чинь том үйл явдал байх. Хүүхэд болгон мөрөөддөг байсан уу?
Бумууцогзол -
Тэгэлгүй дээ. Мөрөөддөг нэг нь байхад айдаг нэг нь байсан байх. Би бол морь унах их сонирхолтой. Одоо ч гэсэн энд тэнд уралдаан болвол очиж үзэх гээд байна.
Дэжид -
Уралдааны түрүү морь ирэхэд нулимс дуслуулдаггүй Монгол хүн гэж байхгүй. Өөрийн эрхгүй нулимс огшоод ирдэг ш дээ.
Бумууцогзол -
Морь эргээд тархины арван моринд гараад ирвэл сэтгэл их уужуухан явна шүү. Морины тоосонд орохгүй. Морины тоосонд орохгүй юмсан гэсэн зүтгэл их байдаг. Миний хувьд тийм байсан. Хүүхэд болгон тийм байдаг байлгүй дээ.
Дэжид -
Морины тоосонд орохгүй гэдэг чинь түрүүнд явж байна гэсэн үг үү?
Бумууцогзол -
Эргэхэд эхэнд морио авч гарвал хүүхдийн авхаалж. Тэгж өөрөө ч уужирна, морь ч уужирна.
Дэжид -
Хэр хол газар уралддаг юм бол?
Бумууцогзол -
Тэр үед азарга арван наймаас уралддаг, их нас арван дөрвөөс уралддаг байсан. Соёолон азарга хоёр чинь ижил хэмжээнд байсан. Одоо бол дандаа хорин хэдэн км-ээс уралддаг болоод байх шиг байна.
Дэжид -
Соёолон, их нас гэдэг чинь морины насыг нь зааж байгаа биз.
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Морь унах, хурдны морь үзэх монгол хүний бахархал. Морь унахыг их багаас нь зааж, сургах уу? Нарийн дэг журам байна биз?
Бумууцогзол -
Би их жаахнаасаа унасан. Эмээл дээрээ уяа утсаар даруулж байж унаж байсан. Манай эцэг моринд их дуртай хүн байсан. Өвгөн бас их морь уях дуртай, би ч их дуртай. Адуутай их харьцдаг байсан.
Дэжид -
Тухайн үед түрүүлээд ирсэн хүүхдэд юу өгдөг байсан бэ?
Бумууцогзол -
Тэр үед хүүхдийн бэлэг гэж байдаггүй байлаа. Тэр моринд уурга, нэг даага ирнэ. Одоо хүүхдийн бэлэг гэж өгдөг болсон байна. Тэр үед хүүхдийн бэлэг гэж байхгүй.
Дэжид -
Уралдахдаа тусгай хувцас өмсөх үү?
Бумууцогзол -
Өмсөнө. Уяа морины хувцас гэж даалимба даавуугаар хийсэн цамц, овоотой малгай гэж өмсөнө. Туухавч гэж элгэвчээр хийсэн гуятай хагас өмд өмдөн дээгүүрээ өмсдөг байлаа. Тэр үеийн өмд гэж даалимбан дан юм өмсдөг байсан. Тэр чинь дорхноо норчихно. Эмээлтэй уралдана. Одоо бол зайдан унадаг болсон.
Дэжид -
Та бид хоёрын яриаг ирээдүйд хүмүүс сонсож, мэдэх учраас та морины насыг хэлээд өгөөч. Эхлээд хязаалан нь байдаг юмуу, соёолон нь байдаг юмуу? Дэс дарааллуулаад хэлээд өгөөч.
Бумууцогзол -
Эхээс төрсөн нь унага байна. Хоёр нас хүрхээрээ даага болно. Гуравтайдаа үрээ болж байгаа юм. Тэгээд хязаалан, соёолон болж байгаа юм. Тэгээд их нас гээд зургаан нас болж байгаа юм.
Дэжид -
Тэрнээс гадна тэр үеийн эмэгтэй хүүхдүүд гэр орондоо яаж тусладаг байсан бэ?
Бумууцогзол -
Хонь хурганд их явна, аргал түлшээ түүнэ, усаа авна. Эсгий ноос хийж байхад их ус зөөнө. Дээр үед хөдөөнийхөн чинь эсгий их хийдэг байлаа.
Дэжид -
Эсгийг яаж хийх үү? Ямар үед эсгий хийх үү?
Бумууцогзол -
Намар хийнэ. Намар ахрын ноос, уртын ноосоо хяргаад. Уртын ноосоо авсны дараа богино хэмжээний ахрын ноос гарна. Хурганы ноос, ахрын ноос хоёроо хайчилна. Тэгээд уртын ноосон дээрээ ахрын ноосоо зулна.
Дэжид -
Зулна гэдэг чинь орчин үеийн хэллэгээр хавтгайлна гэсэн үг үү?
Бумууцогзол -
Тийм. Түүнд ус их орно.
Дэжид -
Нөгөөдхөө услах уу?
Бумууцогзол -
Тийм. Гараараа шавшаад усална. Тэгээд ширэнд ороогоод хоёр морьтой хүн татна. Голдуу азаргаар хоёр тийш нь татна.
Дэжид -
Тэр нь чангаруулж байна уу?
Бумууцогзол -
Тийм. Бодвол азарга арай хүчтэй байдаг юм байлгүй. Гүйдлээр нь хоёр хүн татаж явдаг.
Дэжид -
Зан үйлийн юм таниар их яриулах гээд байна. Тэгж эсгий хийдэг байж. Үндсэндээ Монгол гэрийнхээ тавилгыг өөрсдөө хийдэг байсан уу?
Бумууцогзол -
Тийм. Бүрээсийг өөрсдөө хийчихнэ. Дээр үеийн хүмүүс чинь авдар, ор гэж байх биш дээ. Жаахан авдартай шиг юмтай, адсаган дээрээ унтана. Жаахан чадалтай нэг нь нөгөө хийсэн эсгийнээсээ дэвсэнэ.
Дэжид -
Адсага гэж юу билээ?
Бумууцогзол -
Малын арьс ялангуяа адуу, үхрийн ширийг гоё дэвсгэр болгоод дэвсчихнэ.
Дэжид -
Өөрөөр хэлбэл боловсруулах уу?
Бумууцогзол -
Тийм. Тэр үедээ бол өөрсдөдөө тохирсон боловсруулалт хийгээд тавьдаг байсан. Чөдөр тушаагаа хийнэ. Малын бүтээгдэхүүнээр бүх юмаа хийнэ.
Дэжид -
Малын бүтээгдэхүүнээр бүх юмаа хийдэг байж. Та арав дөхүүлээд сургуульд оржээ.
Бумууцогзол -
Тийм л байх. Найман настайдаа сургуульд орж чадаагүй боловуу гэж бодож байна. Хөдөөнөөс хичээлдээ явна. Өглөө адуугаа хурааж ирээд, морь барьж унаад хичээлдээ ирнэ. Өвлийн хүйтэн болтол морьтой явдаг байлаа. Өвлийн хүйтэн болохоор ээж маань айлд суулганаа.
Дэжид -
Төв дээр. Сургуулиас гэр чинь хол байсан уу?
Бумууцогзол -
Асгатын урд “Бөөрөн хөндий” гэж байсан.Тэндээс явна даа.
Дэжид -
Мориор өглөө гарахад хичээлдээ амжиж очих уу?
Бумууцогзол -
Цагтаа очно.
Дэжид -
Хичээл тараад юу хийх вэ?
Бумууцогзол -
Хичээл тараад буцаад гэр лүүгээ явна. Нэг тиймэрхүү байдалтай дөрөв төгсөж байлаа. Гэрчилгээ өгч байсан.
Дэжид -
Тэр үед бага ангид ямар ямар хичээл үзэж байсан бэ?
Бумууцогзол -
Тооны хичээл орж байсан байх. Хэл бичгийн хичээл орж байсан байх. Өөр онцын хичээл орж байсан юмуу мэдэхгүй. Одооны хүүхдийг бодоход бид нар чинь Да Дэ гээд суучихна. Тэрийг ягштал цээжлэнэ. Олон төрлийн хичээл орж байсныг би санахгүй байна. Анхны мэдэгдэхүүн олгож байсан хэрэг байх.
Дэжид -
Та өөр сургуульд явсан уу?
Бумууцогзол -
Яваагүй.
Дэжид -
Та түрүүн дайны үе гэж ярихаар би хоёулаа дараа нь яръя гэсэн. Тэр үед ямар хүндрэл байсан бэ?
Бумууцогзол -
Би бага ч байсан. Хоёр ч дайны үе таарсан. Хүнс бүтээгдэхүүн, бараа материалын хувьд хомс байсан байх. Манайхны Дарьгангачууд зуны халуунд ихэвчлэн хөл нүцгэн явдаг байсан улсууд. Голдуу малынхаа бүтээгдэхүүнээр хооллож байсан байх. Хар гурил гэж нэг юм байдаг. Тэрийг нилээн шигшээд иднэ. Нилээн модтой юм байсан. Би зах зухаас нь санадаг юм.
Дэжид -
Малынхаа бүтээгдэхүүнийг идэхээс биш өөр олон төрлийн юм хомс байж.
Бумууцогзол -
Гурил будаа бол ховор.
Дэжид -
Тэр үед ямар тээврийн хэрэгслээр идэж уух юм ирж байсан бэ?
Бумууцогзол -
Жин тээнэ. Манай эцэг Дорнод аймаг луу жин тээдэг байлаа. Эцгийгээ жин тээхэд дагаад явдаг байсан санагдаж байна. Хэдэн тэмээн тэрэгтэй хүмүүс явж будаа, гурил олж ирдэг юм.
Дэжид -
Нутгаасаа юу авч яваад Дорнод луу аваачих уу?
Бумууцогзол -
Бодвол Асгат сумаас хоосон тэрэгтэй яваад юм авчирдаг байсан байлгүй. Би сайн мэдэхгүй байна. Жин тээхэд нь дагаад явж байсан гэдгээ л мэдэж байна.
Дэжид -
Асгатын бага сургуульд сурч байхад ямар онцлогтой байсан бэ? Ямар хувцас өмсдөг байсан бэ?
Бумууцогзол -
Формын дээл гээд эмэгтэй хүүхэд нь цэнхэр даалимбан дээлтэй, эрэгтэй хүүхэд нь ногоон даалимбан дээлтэй, даалимбан цүнхтэй. Зарим гайгүй аав, ээж нь модон цүнх хийгээд өгдөг юм шиг байна лээ. Таван хошуутай даалимбан цүнхтэй л байсан. Чернилийн сав гээд савтай, үзэгтэй.Хичээлийн хэрэгслийг нь сургуууль бэлдэж өгч байсан байх. Би тэр үеийн юмыг сайн санахгүй байна. Ямарч байсан цүнхтэй, номтой дөрөвдүгээр ангийг төгсөж байсан.
Дэжид -
Та гарал үүсэл Дарьганга хүн үү?
Бумууцогзол -
Үндсэн яс үндэс Дарьганга. Асгат сум гээд эндээс 45-н км-т байгаа.
Дэжид -
Өвөлдөө бол таньдаг айлдаа суух уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Хичээл номоо яаж давтах уу? Гэрийнхээ ажилд туслана биз дээ?
Бумууцогзол -
Яаж үзэж байсан юм бэ? үзэж л байсан. Гэрийн ажилд туслалгүй яахав. Очоод тугал хаана байна уу явна, хонь хаана байна уу явна, хурга хаана байна уу явна. Би адуундаа явна. Айлын том гээд дүү нар жаахан.
Дэжид -
Асгатын бага сургуулийг төгсөөд та шилжиж өөр сургуульд сураагүй юм байна.
Бумууцогзол -
Тийм. Тэгээд амьдаралын эрхээр аймгийн төв лүү орж ирсэн.
Дэжид -
Та хэдэн настай аймгийн төв лүү орж ирсэн бэ?
Бумууцогзол -
Арван хэдэн настай аймгийн төвд ажил хийхээр орж ирсэн.
Дэжид -
Та анх ямар ажил хийж байв?
Бумууцогзол -
Анх “Зам” сонины газар үсэг өрөгчөөр. Хоёр жил хиртэй хийсэн байх.
Дэжид -
Үсэг өрөгчийн ажил чинь ямар байсан бэ? Зам сонин гэж байсан юмуу? Тэр хэдэн оны үед үү?
Бумууцогзол -
1940-н хэдэн онд.
Дэжид -
Өөрөө сонирхлоороо орсон нь тэр үү? Ажил байна гэхээр нь орсон уу?
Бумууцогзол -
Эцэг маань өвчтэй, аймгийн төв лүү орж ирэхээр ажил хийх хэрэгтэй болсон. Хэдэн малаасаа холдчихоор чинь.
Дэжид -
Гэр бүлээрээ ирсэн юмуу? Та л ирсэн юмуу?
Бумууцогзол -
Гэрээрээ ирсэн. Амьдралаа залгуулах гэж л орсон.
Дэжид -
Тэр үед ажилд оръё гэхэд өргөдөл өгч ордог байсан уу?
Бумууцогзол -
Өргөдөл өгөөд, дарга нараас нь гуйгаад орсон байх. Сонины газар орсныг би тэгж л бодож байна. Бусдыг нь бол хайж байгаад олно.
Дэжид -
Үсэг өрөгч хоёр жил хийсэн байна.
Бумууцогзол -
Лхамсүрэн, Алтангэрэл гээд үсэг өрөгч хэдэн сайхан дадлага туршлагатай хүүхнүүд байсан. Би бага байсан юм чинь хүүхнүүд гэхгүй яахав дээ. Тэд нарын дагалдангаар яваад гайгүй үсэг өрөгч болоод үсгээ өрж сураад, гайгүй хэдэн төгрөг авсан.
Дэжид -
Анх хэдэн төгрөг авснаа санаж байна уу?
Бумууцогзол -
Санахгүй байна.
Дэжид -
Үсэг өрөгчөөс гараагаа эхэлсэн байна. Үсэг өрөгчийн дараагаар та ямар ажил хийсэн бэ?
Бумууцогзол -
Тэндээсээ эмнэлэгт асрагчаар орсон.
Дэжид -
Тэр үед сонины газар гэж байж. Хүн эмнэлэг гэж байж.
Бумууцогзол -
Асрагчаар нэг жил гаран байж байгаад дагалдан сувилагчаар ажилласан. Тэгээд сувилагч нэр зүүгээд, гэр бүлтэй болоод, хүүхэдтэй болсон. Эмнэлгийн ажил их хүнд. Жижүүр хийнэ. Нялх хүүхэдтэй, хүүхдээ тэврээд явна. Тэндээсээ гараад хоршоодын холбоо гэж байсан газар бичээч, бичиг хэргийн ажилтангаар орлоо.
Дэжид -
Та янз бүрийн ажил хийж байж. Тэгээд сайхан яриарай.
Бумууцогзол -
Тэндээсээ шүүхийн газар нарийн бичгийн даргаар орлоо.
Дэжид -
Дэвшээд. Тухайн үедээ шүүх чинь нилээн чамбай газар шүү дээ.
Бумууцогзол -
Тэнд бичээч хийж байхдаа ер нь тээврийн газар оръё гээд тэндээсээ гараад тээврийн газар орсон. Тэнд бас бичээч, бичиг хэргийн ажилтан хийж байгаад хот хоорондын диспетчер болсон. Диспетчер хийж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан даа.
Дэжид -
Та мэргэжил болгоныг эзэмшиж явсан хүн байна. Тэр үеийн хот хоорондын тээвэр ямар байсан бэ?
Бумууцогзол -
Манайх 12-р авто бааз гэж байсан. Сүүлд бүх авто баазыг харъяалсан тээврийн газар гэж байгуулагдсан. 12-р авто бааз хот хоорондын тээвэртэй, ачаа тээвэртэй, хөдөө аж ахуйн тээврээ тээчихдэг, ноос өвсөө татдаг. Хөдөө сумдуудад өвсийг аваачиж буулгаад фондлоно шүү дээ. Штаб гарч байгаад тээвэрлэнэ. Штаб дээр ч гарч, эцсийн өвс буулгаж байгаа цэгт ч гарч байлаа.
Дэжид -
Тухайн үеийн тээврийн байгууллага чинь аймгийн бүх тээврийг хйиж байж.
Бумууцогзол -
Тийм. 12-р бааз гэж байлаа. Тэр үедээ их том байсан. Одоо байхгүй болчихсон.
Дэжид -
Тэр үед хэдий орчим машинтай, хүн хүчтэй газар байсан бэ?
Бумууцогзол -
Зуу гаран авто машинтай, жар далаад хөнгөн тэрэгтэй байсан. Хөнгөн тэрэг хот, төвөөс ирсэн төлөөлөгчдөд үйлчилнэ. Төлөөлөгч онгоцноос буухад машин бэлэн байна. Жолоочид томилолт бичиж почёнки өгөөд хэд хоног тэр төлөөлөгчтэй яв гэж хэлнэ.
Дэжид -
Диспетчер ямар гол ажил гүйцэтгэх үү?
Бумууцогзол -
Диспетчер тээвэр машинаа зохицуулна. Тухайлбал Сүхбаатар аймгаас Дорнод луу хүн тээврийн машин хэрэг боллоо гэхэд диспетчер бэлдэж тийм жолооч гаргалаа гээд почёнки бичиж өгнө. Тэгээд тэр хүн ажил үүргээ хийнэ.
Дэжид -
Тэр почёнки гэдэг нь зөвшөөрлийн хуудас уу?
Бумууцогзол -
Тийм. Диспетчер почёнки өгөөд, контрольны механик баталж өгөөд тэр жолооч ажил үүргээ биелүүлэх гээд гарна.
Дэжид -
Тэр механик машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгах уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Их нарийн хяналттай байж.
Бумууцогзол -
Тийм. Контрольны механик машин, техникүүдээ шалгаад өнөөдөр тэдэн тэрэг явахад бэлэн байна гээд мэдээгээ өгнө. Ийм ийм жолооч бэлэн байна гээд өгнө. Тэрнийх нь дагуу тэрийг бичиж өгнө. Явна гэсэн болгоныг нь явуулахгүй.
Дэжид -
Зарим нэг нь ахиу цалин хөлстэй байх уу?
Бумууцогзол -
Жолооч нар даац сайтай ачаанд дурлана. Ноос, өвс хоёрт дургүй. Хөнгөн овор ихтэй. Сүүлд манай Цэвэлжав гэдэг засварчин ачаа чангалагч байгуулсан. Тэрүүгээр ачаа чангалахад ямар ч саадгүй болсон.
Дэжид -
Өндөр өвс ачихаар хэцүү байдаг биз.
Бумууцогзол -
Тэгэлгүй яахав. Овор ихтэй, даац багатай болохоор тонн километр бага гарна, цалин бага гарна.
Дэжид -
Даац, явсан километрээсээ шалтгаалж цалин авах уу?
Бумууцогзол -
Тийм. Тэдэн километр, тэдэн тонн ачаатай явлаа гэхэд тэрийг үржээд гаргахад нөгөө хүний хийсэн ажил, цалин бодогдож байна.
Дэжид -
Тухайн үеийн тээврийн байгууллагын онцлог. Одоо бол компьютерээр бодоод гаргачихна.
Бумууцогзол -
Тухайн үед Орос сампингаар бодно шүү дээ. Сүүлд хятад сампин, тооны машин гэж нэг юм орж ирсэн. Гэхдээ голдуу сампингаараа гаргана даа. Тэр үеийн тээврийн газрын диспетчер гэдэг бол зорчигч, тээврээ хариуцчихна. Улаанбаатар явж байгаа шуудан, хөдөө сумдад явж байгаа шуудан болгоны зорчигчдын литрийг бичнэ.
Дэжид -
Литр гэдэг нь зорчигчдын билет гэсэн үг үү?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Хүн болгонд билет бичнэ. Тэр үед явна гэсэн болгоныг явуулах уу? байгаа газраасаа “зам явах” гэж бичиг авах уу?
Бумууцогзол -
Амин хувиараа явж байгаа хүн бол зүгээр литр бичүүлээд явна. Албаны ажилтай хүн бол томилолттой явна.
Дэжид -
Жирийн хүн бол мөнгөө өгөөд билетээ бичүүлэх үү?
Бумууцогзол -
Өөрийнхөө иргэний үнэмлэхээ үзүүлээд. Тэрний дагуу бичээд өгнө. Паспорт үзэхгүй бол элдэв юм ярина.
Дэжид -
Тухайн үед ажилдаа хүмүүс яаж ханддаг байсан бэ? Ажилдаа хариуцлага алдсан жолоочийг тээврийн байгууллага яаж байв? Тэр үед ямар дэг журам үйлчилж байв?
Бумууцогзол -
Захиргааны арга хэмжээ авна. Сахилга алдаад энд тэнд архи уусан, зөрчил гаргасан байвал захиргааны арга хэмжээ авна. Цаашилбал цагдаа, сэргийлэхтэй холбоотой. Дотроо хянан шалгах групптэй. Диспетчер хүн гэдэг чинь орон тооны байцаагч гэсэн сэтэртэй. Автын хянан шалгагч байцаагч гэсэн үнэмлэхтэй. Хорин дөрвөн цагийн жижүүр хийчихээд маргааш нь буугаад зам дээгүүр хяналт шалгалт хийнэ. Ямар зөрчилтэй байна вэ? Хөлсгүй хүн тээсэн байна уу? Зөвшөөрөлгүй ачаа тээсэн байна уу? гээд бас нарийн.
Дэжид -
Хорин дөрвөн цаг гэдэг чинь өглөө оройгүй ажиллана гэсэн үг.
Бумууцогзол -
Тийм. Тэгээд маргааш нь буугаад орой болтол шалгалт хийнэ.
Дэжид -
Та хэдэн онд гэр бүл болсон бэ?
Бумууцогзол -
1956 онд гэр бүл болсон.
Дэжид -
Та хэдэн хүүхэдтэй вэ?
Бумууцогзол -
Долоон хүүхэдтэй.
Дэжид -
Тухайн үед хүүхдүүдээ яаж өсгөж байв?
Бумууцогзол -
Манай гэр бүлийн хүн нягтлан бодох. Одоо далан гуравтай хүн байна. Санхүүгийн техникумыг 1949 онд төгссөн. Тэр үеийн санхүүгийн хүн чинь баяр ёслолооор амрана гэж байхгүй. Данс тооцоогоо бодоод суучихна. Би бас жижүүртэй. Хүүхдүүдээ бага байхад чирээд ажилдаа явна.Хүүхдээ гаргаад дөчин тав хонуулаад яслид өгнө. Цагаар очиж хөхүүлнэ. Тэгээд яслиасаа цэцэрлэгт шилжинэ. Цэцэрлэг, яслиар л хүмүүжүүлсэн. Одоо долоон хүүхэд маань энх тунх амьдарч явна.
Дэжид -
Өгье гэсэн хүн болгон хүүхдээ яслид өгч байсан уу? Ясли цэцэрлэг хангалттай байсан уу?
Бумууцогзол -
Өгч байсан. Хангалттай байсан. Одоо ясли гэж байхаа больчихсон байна. Дөчин тав хонуулаад өлгийтэй хүүхдээ аваачаад өгчихөж байгаа юм. Яг дөчин тав хонуулахгүй, ажилдаа орохдоо дасгах гээд дөчин хоёр гурав хоногтой өгч байсан. Тэгээд шогшоогоороо очиж хөхүүлчихээд, өглөө аваачиж өгчөөд, орой ажлаа тарахдаа буцаагаад аваад явна.
Дэжид -
Хүүхэдтэй хүнд хөнгөлөлт байх уу?
Бумууцогзол -
Байхгүй ээ.Сонсголд суусан ч сууж байна. Лекц, дугуйланд суусан ч сууж байна. Ажилчин хүн ямар ажил хийнэ тэрийг би хийнэ. Тэрнээс хойш суухгүй, хойш суух ёс ч байхгүй. Цаг бүртгэнэ. Одоо бол цаг бүртгэхгүй болсон байна. Өглөө бол цаг яг бүртгэнэ.
Дэжид -
Тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ? таны бодлоор.
Бумууцогзол -
Ер нь идэвхтэй шүү. Дуулгавартай. Дарга юу гэж хэлнэ сайн биелүүлэхийг бодно чадаж байвал.
Дэжид -
Дарга ажилчин хоёрын ялгаа ямар байсан бэ? Хэр мэдэгдэх үү?
Бумууцогзол -
Нэг их мэдрэгдээд байх юм юу байхав. Гэхдээ дарга хүнээс эмээдэг байсан. Дарга юу хэлнэ гэдгийг сонсож байна.
Дэжид -
Хүндлэлтэй хандах уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Тээврийн байгууллагын талаар сонирхолтой юм байна. Голдуу эрэгтэйчүүд ажиллах уу?
Бумууцогзол -
Тийм. Дан эрэгтэйчүүд байна.
Дэжид -
Социализмын үед тээврийн байгууллагад ямар хөдөлгөөн, компанит ажил өрнөж байсан бэ?
Бумууцогзол -
Өвсний тээвэр компанит ажил байгуулаад гарч байсан. Бусад нь эндээ болж байсан. Манайх хоршоогоор очиж их өвс хаддаг байсан. Тэндээ фонд гээд гаргачихаж байгаа юм. Гэрээрээ орж, аймаг дайрахгүй. Дарьганга, Баяндэлгэр явна гэхэд аймаг орохгүй, аймгийн баруун доогуур явна. Аймаг ороод дамжаад явбал цаг алдана. Тэрийг чинь хэмнээд, тэндээ гуанзтай, бүх юм нь бэлтгэгдчихсэн.
Дэжид -
Тийм компанит ажлын үеэр тусдаа байртай юу?
Бумууцогзол -
Тийм. Зориуд тусдаа гарчихна.
Дэжид -
Ямар хугацаатай тэгж явах уу?
Бумууцогзол -
Сар гаран, хоёр сар дөхнө дөө.
Дэжид -
Намар өвсний үеэр тээврийн хүмүүс гэрийн бараа харахгүй л юм байна. Та нар тэр жолооч нар ямар байна гэж хяналт явуулах уу?
Бумууцогзол -
Явуулна. Ар гэр нь яаж байна гэнэ. Тэнд эмнэлгийн тусламж байна, үзвэр үйлчилгээ ч байна. Наргиж цэнгэвэл наргина, идэж уувал идэж ууна. Бүх болоцоогоор нь хангана.
Дэжид -
Тэр үед хамт олныг идэвхжүүлдэг ямар ажил байв? Хамт олноороо чөлөөт цагаа яаж өнгөрүүдэг байв? Та олон жил ажилласан туршлага дээрээ үндэслээд ярихгүй юу?
Бумууцогзол -
Манай тээврийн удирдах газар зугаалга хийнэ. Компанит ажил хийнэ. Шеф нэгдэлдээ очиж малын тэжээл бэлдэж өгнө. Таана, хүмүүл түүгээд, давсалж, даршлаад том саванд хийж өгдөг байсан.
Дэжид -
Цалин хөлс урамшуулал авах уу?
Бумууцогзол -
Авахгүй.
Дэжид -
Шеф гэдэг чинь ажил төрлийн уялдаатай газар уу?
Бумууцогзол -
Тийм. Эмэгтэйчүүд нь саалинд явна. “Мөнххаан”-д саалинд явж байлаа.
Дэжид -
Сум, сангийн аж ахуйд туслана, үндсэн ажлаа ч хийдэг байж. Төв суурингийн хүн болгон тэгэх үү?
Бумууцогзол -
Тийм. Албан газар болгон хуваарьтай явна.
Дэжид -
Хамт олноороо шинэ кино, үзвэр үйлчилгээг үзэх үү?
Бумууцогзол -
Үзчихнэ. Кино, үзвэр олон байсан.
Дэжид -
Та хамгийн анх ямар кино, үзвэр үзэж сэтгэлд чинь хоногшин үлдэж байв?
Бумууцогзол -
Бүжгэнд явах их дуртай байлаа. Миний үед эмнэлгийн улаан булан гэж байлаа, хэлтсийн улаан булан гэж байлаа. Манай аймгийн жижиг клубууд байсан. Тэд нараар явна. Шинэ жил болоход манай өвгөн надад нэг баг хийгээд өгчихнө. Баг өмсчихсөн багт наадамд их оролцож явлаа.
Дэжид -
Бүжиг нь төлбөртэй байх уу?
Бумууцогзол -
Төлбөргүй. Хүмүүсийн зугаа цэнгэлийн ажил. Өдөр нь ажлаа хийчихсэн, орой нь алжаалаа тайлах гэж.
Дэжид -
Тийм сургалт явагддаг байсан уу?
Бумууцогзол -
Сургалт явагдахгүй.
Дэжид -
Бие биенээсээ дамжиж сурах уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Тээврийн байгууллагад ажилчидыг бэлтгэдэг курс байсан уу? Ер нь тэр үед курс байсан уу?
Бумууцогзол -
Тээврийн байгууллага жолооч, слесариа бэлдэнэ.
Дэжид -
Ямар сургуулиар бэлдэх үү?
Бумууцогзол -
Хэнтий аймагт жолооны сургууль байсан. Улаанбаатарт “Металлист” гэж байсан. Тэнд засварчнаа бэлддэг байсан. Тэндээс төгсөж ирсэн хүүхдүүд машин засна. Агрегатын слесарь, моторын слесарь, цахилгаанчин, токарьчин бэлддэг “Металлист”-ийн сургууль гэж байсан.
Дэжид -
Тэр үеийн машин техник аль улсынх байсан бэ?
Бумууцогзол -
Оросынх. “Зил130”, “30”, “А69’ зэрэг машинууд байсан.
Дэжид -
Тэр техникээ дагаад Оросоос сургагч, зөвлөхүүд ирж байсан уу?
Бумууцогзол -
Үгүй. Миний мэдэхийн байгаагүй.
Дэжид -
Та тэр үед олон сайхан хамт олонтой янз янзын салбарт ажилласан байна. Таныг ажиллаж байх хугацаанд бахархмаар юм юу байв? Хэцүү юм юу байв? Жигшдэг зүйл юу байсан бэ?
Бумууцогзол -
Ажил хийж явахад бахархмаар зүйл гэвэл найз нөхөдтэйгээ эвтэй ажиллаж, хүний өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байгаа хүнд би дуртай. Цагийн юмыг цагт нь хийчихдэг. Би өөрөө цаг тасдаж, ажлаас хойш суух дургүй. Би хоршоодын холбоонд бичээч хийж байхдаа эвлэлийн үүрийн даргыг хийж байлаа. Тэр үед аймагт анхны “Социалист хөдөлмөрийн бригад”-ыг эхлүүлсэн. Хотод Самбуу гэдэг ахлагчтай бригад байгууллагдчихсан байсан. Тэрний дараагаар манай аймагт Норовбадам гэдэг ахлагчтай арван хэдэн оёдолчин эмэгтэй бригад боллоо. Эвлэлийн байгууллага тусалж, дэмждэг байсан. Аймгийн эвлэлийн хорооны дарга Намжил гэж хүн байсан. Бид түүн дээр очиж, үүрэг даалгавраа авч, бригадынхаа үйл ажиллагааг эхлэсэн. Тэд хамтарч норм төлөвлөгөөгөө давуулан биелүүлж Социалист хөдөлмөрийн анхны бригад болсон тийм сайхан ажил эхэлсэн.
Дэжид -
Их сайхан үйл явдал байна. Та үүгээрээ бахархдаг юм байна.
Бумууцогзол -
Жаахан ч гэсэн эвлэлийн үүрийн дарга нэрийн доор ийм хамт олон бүрдүүлсэндээ эгч нь бахархаж явдаг.
Дэжид -
Анхны “Социалист хөдөлмөрийн бригад” хамтарч ажиллана, бие биендээ туслана. Тэр үедээ томоохон хөдөлгөөн болж байсан уу?
Бумууцогзол -
Баяр ёслол, уй гашуу тэр бүхнийгээ тэр арван хэдэн гишүүн нийлээд даван туулна. Баярлаж байсан ч хамт баярладаг, зовж байсан ч хамт зовж байдаг, ажилласан ч хамт ажилллаад байсан.
Дэжид -
Та эвлэлийн даргын хувьд их үүрэг гүйцэтгэж байж.
Бумууцогзол -
Эвлэлийн байгууллага нэртэй хүндтэй байсан.
Дэжид -
Та их дайчин байж. Энэ голдуу эрэгтэйчүүдтэй ажилладаг байсны нөлөө юу? Тээврийн байгууллагад голдуу эрэгтэйчүүдтэй ажиллах уу?
Бумууцогзол -
Тэгнэ. Эрэгтэйчүүдтэй ажиллах их чанга шүү дээ. Зарим үед тэдэнтэй чинь муудна, зарим үед адил тэгш харьцах харьцаа гарна. Хөдөө гадаа явна. Манай жолооч нар хамт явж байхад түшигтэй. Ер нь эр хүн гэдэг чинь түшигтэй шүү дээ. Тэд нар чинь тэээвэр хийгээд явна. Ар талд нь эхнэр хүүхэд нь үлдэнэ.
Дэжид -
Таны ажилтай холбоотой ямар дурсамжтай үйл явдал тохиолдож байв?
Бумууцогзол -
Хамт олонтойгоо сайхан ажиллаж явсандаа бахархдаг. Би тээврийн байгууллагад ажиллаж байхад бүх машиныг мэддэг байсан. Нэг хүн ийш нь явуулаад өг гэхээр явуулаад өгдөг байсан. Үүнд хүн амьтан баярлаж байсан байх.
Дэжид -
Таньд зөндөө л гуйлт ирж байсан байх.
Бумууцогзол -
Тийм. Тээврийн байгууллагын дарга гээд өөрөө машинаа мэдээд явуулах эрх байхгүй. Диспетчер почёнкийг нь бичиж, тэр жолоочыг тийш нь явуулна гэж зүг чигийг нь зааж өгнө. Ашиглалтын хэлтэс гэж манайд нэг хэлтэс байдаг. Тэр суманд тийм тээвэр байна, тэр суманд тэдэн машин хэрэгтэй байна гэдгийг хэлнэ. Тэр бүрд нь бид нар машин гаргаж тэр бүгдийг зохицуулна.
Дэжид -
Та хүн хүргэж өгөөд баярлуулсан гэж ярьж байсан.
Бумууцогзол -
Дорнод аймгаас нэг настай хөгшин унаа олоод өг гэсэн.
Дэжид -
Төрлийн хүн үү?
Бумууцогзол -
Хамаатан. Тэнд нэг хөгшин байгаа тэрийг авч яваад, Дорнод аймагт гэрт нь буулгаад өгчихөөрэй гэсэн чинь манай нэг жолооч аваачаад өгсөн. Тэгсэн нөгөө хүн чинь аймагт манай ураг их том дарга хүн байна гэж яриад. Тэр нь юуных нь дарга байхав дээ. Миний сайных гэж юу байхав, хамт олонтойгоо сайхан ажиллаж байсан. Хүн бие биендээ аятайхан байвал туслах хүн зөндөө гарна. Тэр жолооч нартай аягүй харьцвал миний хүнийг юу гэж хүргэж өгөхөв.
Дэжид -
Шаардлага тавьбал тавьчихна.
Бумууцогзол -
Тийм. Тэр чинь миний хувийн юм гуйж байгаа юм чинь тушаахгүй, гуйлт маягаар явуулж байгаа юм.
Дэжид -
Ажлын хувьд бол ажил, найз нөхдийн хувьд найз.
Бумууцогзол -
Тийм. Албаны ажил бол тэр жолооч нартай арай өөр харьцана.
Дэжид -
Та тухайн үедээ нилээн шаардлагатай хүний тоонд орж байсан уу?
Бумууцогзол -
Манай жолооч нар намайг нилээн шаардлагатай гэдэг байсан. Элдэв бусын нэр өгнө.
Дэжид -
Та ямар нэртэй байв?
Бумууцогзол -
Хурандаа гээд нэр өгчихнө. Тэр улс шиг шаарддаг байсан юм байлгүй.
Дэжид -
Хурандаа хочтой. Тэр үед шаардлага тавьдаг, ажлыг ажил шиг хийдэг байж. Та жигшдэг зүйл юу гэлээ?
Бумууцогзол -
Би цагийг сайн барьна. Өглөө найман цагт ир гэсэн байвал хүний өмнө ирсэн байхыг бодно. Яагаад гэвэл хожигдож очвол улсууд нэр хийгээд хардаг байхгүй юу. Одоо ч гэсэн цагийг сайн барина. Тийм зарчмыг хүн сурчихдаг юм байна.
Дэжид -
Та өөрийнхөө энэ зан чанарыг өөрийнхөө үр хүүхдүүдэд хэр өвлүүлж чадаж байна?
Бумууцогзол -
Манай хүүхдүүд бол цаг барина шүү. Манай өвгөн бид хоёр юмны хойно суухгүй. Би одоо нэг юманд явах гэхээр өөрөө ганцаараа үлдэх байсан ч нөгөө цаг чинь боллоо шүү гээд байна.
Дэжид -
Танай гэр бүлд цаг их үнэ цэнэтэй юм байна. Та хэдэн онд гэр бүл болж байв? Анх яаж гэр бүл болж байсан бэ? Хаана танилцаж байв? Гэр бүлийн чинь хүн ямар мэргэжлийн хүн бэ? тэр талаар та ярьж өгөөч.
Бумууцогзол -
Манай гэр бүлийн хүнийг Ядамын Батмөнх гэдэг. Бид хоёр 1956 онд айл гэр болж байлаа. Би сүй тавьж, гуйлгуулж түүлгүүлээгүй өөрсдийнхөө сэтгэл санаагаар нийлсэн. Долоон сайхан хүүхэд өсгөж өндийлгөөд, гурван хүүтэй, дөрвөн охинтой. Ач зээ нилээн олон.
Дэжид -
Хаана анх гэр бүл болж байсан бэ?
Бумууцогзол -
Аймгийн төвд.
Дэжид -
Гэр бүлийн чинь хүн аймгийн төвд байсан уу?
Бумууцогзол -
Аймгийн төвд.
Дэжид -
Ямар мэргэжлийн хүн билээ?
Бумууцогзол -
Санхүүгийн мэргжилтэй. Санхүүгийн техникумыг 1949 онд төгсөж байлаа.
Дэжид -
Тэр үед гэр бүл болоход хоёр талаасаа нийлж гэрээ бэлддэг байсан уу? Өрхийн тэргүүн гэдэг утгаараа эр хүн бэлддэг байсан уу? Ах дүү амраг саднаа цайлдаг байсан уу? Ер нь ямар зан үйл хийж ёсолдог байсан бэ?
Бумууцогзол -
Нөхрийн тал гэрээ бэлдэнэ. Бүрэн гэрээ барьна. Би нөмрөх хөнжил, ор, айрагны савтай очсон байх. Тэр үед гурав хонуулаад хүүхнээ эргэдэг ёстой. Сар болоод гэр лүүгээ буцаад хэсдэг ёстой. Гэр бариад манай ах дүү нар ирж байсан. Хоньтой л ирдэг юм. Хорин боов,хонины махтай ирнэ гэж дээр үеийн үг байдаг. Гэхдээ манай ах нар нилээн хоньтой ирсэн байх. Тийм л найр хурим болж байлаа. Одооных шиг хуримын ордон, хурим найр гэж байх биш ёслол нь тэр.
Дэжид -
Таны талын хүмүүс ирээд цай уух уу?
Бумууцогзол -
Тийм. Зочлоно.
Дэжид -
Эргээд сар болоод гэртээ очихдоо нөхөртэйгээ очих уу?
Бумууцогзол -
Тийм. Бас нэг хонины мах, боовтой очно.
Дэжид -
Тэр үед байгууллагаас залуу гэр бүлийг дэмжиж ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ? Байр сууц өгдөг байсан уу? Мөнгөн туслалцаа үзүүлж байсан уу?
Бумууцогзол -
Тийм юм байгаагүй. Нийлж бие биенээрээ очдог чинь сүүлд гарсан. 1950-н хэдэн онд тийм юм байгаагүй.
Дэжид -
Та аймгийн төвд голдуу ажиллаж байсан уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Тэр үед хүмүүс гадагшаа явдаг байсан уу? Ялангуяа та тээврийн байгууллагын шагнал урамшууллааар гадагшаа явж байсан уу?
Бумууцогзол -
Би аймагт байхдаа бүх автомашины сэлбэгийг хариуцаж байсан. Бүх аймгийн баазын сэлбэгийн нярав, аймгийн сэлбэгийн нярав гээд хотод зөвлөгөөн болсон. Тэр зөвлөгөөнд очиж оролцож байлаа.
Дэжид -
Та тэр зөвлөгөөнд орохдоо анх хот орж байсан уу? Тэрнээс өмнө хот орж байсан уу?
Бумууцогзол -
Тэрнээс өмнө одоо дөчин хэдтэй хүүгээ хоёр настай байхад нь анхан хот аваад орж байсан. Хүү маань өвчтэй үзүүлэх гээд орж байсан.
Дэжид -
Тэр үед хүмүүс гадагшаа явдаг байсан уу?
Бумууцогзол -
Явдаг байсан. Үйлдвэрчний зөвлөлийн дарга Аюуш гэж хүн байсан. Орос явж байсан.
Дэжид -
Нийтлэг байгаагүй юм уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Та нилээн урлаг, соёлын авъяастай гэж байсан. Дуулаад нэг хэсэг түүгээрээ явж байсан тал бий юу?
Бумууцогзол -
Соёлын ордон анх “Атар” гээд клуб байсан. Тэр клубт уран сайханчаар явж байгаад сүүлд соёлын ордон гэж болоход соёлын ордны арван жүжигчний нэг нь байлаа.
Дэжид -
Арван жүжигчинтэй байсан юм уу?
Бумууцогзол -
Тийм. Анхны арав гээд.
Дэжид -
Та анхдагч олон түүхтэй хүн байна.
Бумууцогзол -
Соёлын ордонд нийтийн дуу дуулчихна. Хэд хэдэн жүжигт тоглосон. Манай эндхийн найруулагчийн найруулсан жүжигт.
Дэжид -
Урлагаараа бол яваагүй юм байна.
Бумууцогзол -
Урлаг их хэцүү. Хөдөө бригадаар их явна. Олон хүүхэдтэй болсон. Тэд нарыгаа аваад явна гэдэг хэцүү. Соёлын ордонд байхдаа зургаан аймгийн бүсийн тэмцээнд Өмнөгоьвд явсан. Хоёр том хүүхэд маань жижиг байсан. Тэрүүгээр манайх нэгдүгээр байранд орж явлаа. Би хөтөлж явсан.
Дэжид -
Хөтлөнө, дуулна, бүжиглэнэ. Та урлаг соёлоор их явж байсан хүн байна. Урлаг соёлоор хамт олныг их идэвхжүүлдэг байсан уу? Байгууллага хооронд уралдаан болох уу?
Бумууцогзол -
Байгууллагын хооронд байхгүй. Гайгүйхэн дуулдаг мөртлөө өөр газар ажилладаг байсан ч дуудаад юмандаа оруулна. Аймгийн арав хоногт жирэмсэн болоод явж чадаагүй.
Дэжид -
Аймгийн арав хоног гэж юу билээ?
Бумууцогзол -
Хотод очоод шалгуулдаг. Тэрүүгээр манай хөгжмийн багш Доржсүрэн гавъяат авч байсан. Түүнд явж чадаагүй маань харамсалтай байдаг.
Дэжид -
Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан ямар үйл явдал байна вэ? Хэрвээ тийм үйл явдал байгаа бол тэрийг та юу гэж үзэж байна?
Бумууцогзол -
Засаг төрийнхөө буянд өдий насыг наслаад явж байгаа минь их сайхан байна. Миний аав, ээж засгаас юм хүртдэггүй байсан. Төр засгаасаа нэг их юм хийсэн хүмүүс гээд тэтгэвэр аваад сайхан байна.
Дэжид -
Тэр үед эцэг эх чинь нэгдэлд байсан уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Тухайн үед нэгдэлд ороход мал өгч байсан уу?
Бумууцогзол -
Манай эцэг мал өгсөн гэсэн. Нэгдэл тарж бутрахаас өмнө нас барсан болохоор малаа эргүүлж авч чадаагүй. Хэдэн мал өгснийг нь би мэдэхгүй. Очиж уулзаагүй.
Дэжид -
Тэр үед “Соёлын довтолгоон” гэж явагдаж байлаа. Таныг хаана ажиллаж байхад явагдаж байв? “Соёлын довтолгоон”-ы ач холбогдол юу байв? Тухайн үедээ юу юу хийж байсан бэ?
Бумууцогзол -
“Соёлын довтолгоо” их сайхан хөдөлгөөн байсан. Хүнийг ариун цэвэрч, соёлч боловсон зан заншилтай болгодог. Тэр “соёлын довтолгоо”-ны үед гадуур явахад шил гэж байхгүй. Одоо бол эвгүй байна. Тогооны алчуур, аяганы алчуурыг нь муухай байвал соёлын ордонд аваачаад өлгөчихнө. Лекцэн дээр нөгөөдхийг чинь цоллоно. Тэрний тогооны алчуур энэ, гар нүүрний алчуур энэ гээд. Өглөө сонсгол дээр албан газрууд тэрнийг сонсчихоод та нар ийм байлаа гээд бас хэлнэ. Манайх “Соёлч өрх” гэрчилгээ авч байлаа. Хэдэн хүүхдээ өсгөж, ажлаа хийхийн хажуугаар бас гайгүй соёлтой байсан юм байлгүй.
Дэжид -
“Соёлч өрх” гэсэн гэрчилгээг ямар хүмүүс явж шалгаад өгөх үү?
Бумууцогзол -
Хотын захиргаа гэж байлаа. Тэндээс байцаагч нар явна. Гадуур хог хаяж байна уу, бие засаж байна у гэдгийг чинь олон нийтийн бригадын гишүүн, цагдаа нар явж шалгана. Тэр “соёлын довтолгоо”-ноор чинь сайхан цэгцэрсэн.
Дэжид -
Хувь хүн, албан байгууллагад их эрчимтэй ажил явагдаж байж.
Бумууцогзол -
Тийм. Тэр бол сайн ажил. Одоо тийм ажил явуулмаар харагдаж байх юм.
Дэжид -
“Соёлын довтолгоо” байгууллага дээр яаж явагдаж байв?
Бумууцогзол -
Манай байгууллагаас хоёр хүний нэр гарвал маргааш нь сонсгол дээр ярина. Албан байгууллагынх нь нэр гарч байгаа юм чинь. Тэр үед хөнжлийн даавуу гурван ээлжийнх, дотуур хувцас гурван ээлжийнх, хоноцын даавуу гэж хоёр ээлжийн даавуутай бай гээд шаардлага өгчихөж байгаа юм. Тэр болгоныг нь биелүүлнэ.
Дэжид -
Тэр үед цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэглэл гээд хангамж бололцоотой байсан уу?
Бумууцогзол -
Даалимба байсан. Үйлдвэр үйлдвэрлээд гаргачихаж байгаа юм. Тухайн үед юмны үнэ хямд байсан болохоор авчихна. 200-н төгрөгний цалинтай хүн овоо юм авчихна.
Дэжид -
Таны хийж байсан ажлуудаас хамгийн цалин өндөртэй нь аль нь байв? Та дунджаар хэдэн төгрөгний цалин авч байсан бэ? Таны гэр бүлийн орлого яаж хүрч байсан бэ?
Бумууцогзол -
Диспетчерийн үндсэн цалин 400 байна. Дээр нь жижүүр хийнэ. Хүн байхгүй бол 48, 72–оор ч хийнэ. Тэр тутамдаа илүү цагийн мөнгө гэж бодогддог. Давгүй цалин авчихна. Дунд мэргэжлийн хүний цалинг авчихна. Манай гэр бүлийн хүн чинь нягтлангийн цалин авна. Тэр үедээ бол их мөнгө.
Дэжид -
Тэр үед эмэгтэйчүүдийн талаар төрөөс ямар арга хэмжээ авч байсан бэ? Тэр авч байсан бодлого нь таны амьдралд яаж нөлөөлж байсан бэ?
Бумууцогзол -
Таван хүүхэдтэй эхэд хоёрдугаар зэргийн одон өгдөг байсан. Өөр илүү юм байхгүй.
Дэжид -
Одонг нь дагаж мөнгө ирэх үү?
Бумууцогзол -
Нэг зуун төгрөг ирж байсан. Тухайн цагийн зуун төгрөг чинь их мөнгө шүү дээ.
Дэжид -
Тэр нь жилдээ нэг ирэх үү?
Бумууцогзол -
Одонтойгоо цуг ирнэ.
Дэжид -
Байнга авахгүй юм уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Хүүхдүүдийнхээ сургуульд мөнгө өгдөггүй байсан. Тэр нөлөөлдөг байсан уу?
Бумууцогзол -
Тийм. 200-н төгрөгний цалин авдаг хүний хүүхдээс одооных шиг сургуулиас нь мөнгө авдаг байсан бол хэцүүднэ ш дээ.
Дэжид -
Социализмын үед сайн сайхан зүйл их байж. Социализмын үед сүсэг бишрэлийн асуудал ямар байсан бэ?
Бумууцогзол -
Нэг үе шашныг эсргүүцэж, лам нарыг барьж, бурхан тахилтай айлууд нэг хэсэг бурхан тахилаа хаях нэг нь хаяад, нэг хэсэг нь нуусан.
Дэжид -
Нэг хэсэг хаалттай байсан уу?
Бумууцогзол -
Тийм. Их айдаг, эмээдэг. Анхан айл болгон нэг ламтай байсан.
Дэжид -
Таныг бага байхад уу?
Бумууцогзол -
Тийм. Манайхан лам ах гэж ярьдаг байсан. Манай хадам ээж Алтангэрэл судраа, Арванхангал бурханын нэг Лхам бурханаа хаанаа авч үлдсэн юм бэ? тийм бурхан манайд бий. Нэг нь дүүгийнд байдаг. Манайд Лхам бурхан нь байдаг. Лхам бурхан хамгийн сайн бурхан. Тэр үед яаж авч үлдсэнийг нь би мэдэхгүй юм. Тахил дээжээ өргөхөд хүртэл шашин шүтлээ гэж загнадаг байсан гэсэн.
Дэжид -
Ажил төрөл дээр тийм юм ярих уу?
Бумууцогзол -
Ярина. Нэг үе цайныхаа дээжийг өргөхгүй байлаа. Одоо бол сайхан болжээ.
Дэжид -
Цаг үе янз янз байсан нь харагдаж байна.
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Та бага байхдаа сонсож мэдэж байж. Ажиллаж байхад чинь цагаан сар хийх гэдэг юмуу лам дээр очсон гэж мэдэгдвэл албан байгууллага дээр дуудах, ажил албанд нь нөлөөлөх юм мэдэгдэж байсан уу?
Бумууцогзол -
Тэрийг сайн дуулж мэдсэн юм байхгүй. Хүмүүсийн ярьж байгаа дам үгнээс сонсогдож байсан.
Дэжид -
Тогоо нэрэхийг зарим аймаг суманд хорьдог байсан. Танай аймагт яадаг байсан бэ?
Бумууцогзол -
Манай аймаг гайгүй нэрдэг аймаг. Нэг үе жаахан хоригдсон байх. Одоо нэрдэг хүн нь бараг байхгүй болж. Архи гэдэг үүднээс нь тэгдэг байсан байх.
Дэжид -
Монгол архи нэрэх нь тэр үед түгээмэл байсан уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Өөрсдөө боловсруулж гаргадаг байсан уу?
Бумууцогзол -
Тийм. Хийж чадвал монгол архи чинь сайхан гарна.
Дэжид -
Сайн архи гарвал ажил төрөлтэй нь холбож үзэх үү?
Бумууцогзол -
Идээ цагаа сайтай айл гэнэ. Идээ сайхан байвал тэр айлын тэр жилийн өнгө сайхан байна гэж үзнэ.
Дэжид -
Тэр үетэй харьцуулахад байгаль цаг уур яаж өөрчлөгдөв? Таныг бага байхад нутаг ус тань ямар байв? Одоо ямар байна вэ? Нэр нь өөрчлөгдсөн үү? Та энэ талаар ярьж өгөөч.
Бумууцогзол -
Биднийг бага байхад өвс ногоо ихтэй сайхан байсан. Морь уячихаад морины хоол олдохгүй байна гэж ярьж байсныг би сонсоогүй. Одоо морины хоол олдохгүй гээд тэжээгээд байдаг болсон байна. Энэ жил бол сайхан байна.
Дэжид -
Энэ жил зуншлага сайхан байна.
Бумууцогзол -
Тийм. Сайхан байна. Нэг үе цагаан хулгана байгалийг их сүйтгэсэн дээ. Онгоцоор хор цацаж байгаад гайгүй болгосон. Байгаль дэлхий юм болохоор тэгээд ургаж байна.
Дэжид -
Сүүл рүүгээ цаг уурын мэдээ явдаг байсан. Цаг уурын мэдээ явдаггүй үед малчид яаж цаг уурын байдлыг яаж урьдчилан мэддэг байсан бэ?
Бумууцогзол -
Малчид сар, нараараа тооцдог байх. Нарны өглөө гарч байгааг, сарны жаргаж байгааг хардаг. Сар тэгж гарсан цаг агаар тийм болох нь гэж ярьдаг байсан. Настангууд чинь анддаггүй юм байна лээ. Нар тэгж жаргалаа маргааш тийм өдөр болох нь гэж ярьдаг байсан.
Дэжид -
Гол горхи гэдэг ч юмуу байгалийн байдал таны бага наснаас өөр болж байна уу?
Бумууцогзол -
Өөр болж байна. Тэнгэр бурхан хилэгнэдэг юмуу. Газар дэлхийг чинь айхтар сэндийлж байна шүү дээ. Ухаж, төнхөж. Газрынхаа хэвлийд байгаа баялаг нөөцийг ухаж, төнхөөд болох болохгүй хүн авдаг л гэх юм. Бидний хүүхдийн хүүхэд, тэдний хүүхдийн хүүхэд юун дээр үлдэх гэж байгаа юм бэ? бүү мэд. Үүнд их сэтгэл эмзэглэж, зовж байх юм. Бид нар бол ингэж байгаад өөд болно.
Дэжид -
Сүхбаатар аймаг их онгон шүтээнтэй. Тэр овоо уулаа тахидаг ямар ёс байсан бэ? Эцэг эх, өвөг дээдэс чинь яаж шүтэж, тахидаг байсан бэ? Тэр зан үйлийн талаар мэдэж дуулснаа ярьж өгөөч.
Бумууцогзол -
Энэ Алтан овоо чинь их сайхан овоо. Дээр үеэсээ ноёдын тахилгатай овоо байсан гэсэн. Тэмээн тэрэг, үхэр тэрэгтэй ээж, аавууд маань очиж тахидаг овоо байсан гэж байгаа.Бид бодоход энэ овооныхоо ачаар энэ орон нутаг маань сайхан яваа гэж боддог. Баруун аймгууд чинь өвөл зунгүй хэцүү байгаа. Манай аймаг сайхан байгаа.
Дэжид -
Энэ жилийн өвөлжилт танай аймагт сайхан байсан уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Та Алтан овоогоо шүтсэнийх гэж сүсгэлж байдаг уу?
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Та Да байсан гэж ярьж байсан.. Тэр нь ямар утга учиртай үг вэ? Тэр талаар дэлгэрэнгүй яриад өгөөч.
Бумууцогзол -
Асгатаас зүүн урагш Их-Уул гээд уул байдаг. Ноёд гэхэд арай ноёд биш хүмүүс байсан. Тэр нэг Дад нь манай эцгийн талын хүн байсан. Манай өвгөний тал бас нэг Дад нь байж. Тэр есөн Да тэр уулаа шүүстэй очиж тахидаг.
Дэжид -
Шүүстэй гэсэн нь юу гэсэн үг вэ?
Бумууцогзол -
Хонины махтай. Тэгж очиж тахидаг. Одоо ч гэсэн тэр Да нарын үр удам тасалдуулахгүй очиж тахиж байгаа. Сая очиж тахисан. Да гэж нэг хэсэг айл өрхийг тэргүүлсэн хүн юмуу даа гэж би ойлгодог.
Дэжид -
Одоогоор бол хэсгийн ахлагч юм байна.
Бумууцогзол -
Тэр үедээ бол Да гэж том хүн байсан.
Дэжид -
Жилдээ очиж ажил төрлөө даатгадаг гэсэн үг үү?
Бумууцогзол -
Тийм. Ах дүү төрөл садан, морь мал гээд тэр ууландаа даатгахгүй юм гэж байхгүй.
Дэжид -
Уул овоогоо тахихад эмэгтэй хүн явах уу?
Бумууцогзол -
Эмэгтэй хүн уулын хормойгоор явна. Эрчүүд нь дээшээ гарна. Алтан Овоонд ч тэгнэ. Эмэгтэй хүн гардаг уул гардаггүй уул гэж бий. Бидний тахиж байгаа хоёр ууланд алинд нь ч эмэгтэй хүн гарахгүй.
Дэжид -
Да гэдэг нь Манжийн үетэй холбоотой нэр үү?
Бумууцогзол -
Би тэрийг нь сайн мэдэхгүй байна. Зүүн адуучин гарын Да, баруун адуучин гарын Да гэж байсан. Дээр үед баг байсан. Одоо бол бригадтай адил. Баг багаас нэг Да байсан байгаа юм.
Дэжид -
Та хүүхэд ахуй насанд дайны хүнд хэцүү үе байсан гэж ярьсан. Тэр үед хүмүүсийн амьдрал ямар байсан бэ? Голдуу эмэгтэйчүүд нь үлдэж байсан байх. Тэр үед танайхнаас цэргийн албанд явж байсан хүн байна уу?
Бумууцогзол -
Цэргийн албанд явж байсан хүн байхгүй байх. Би бага байсан болохоор машин дуугархад хүртэл айж цочдог байлаа. Хонин дээрээ явж байхад машинтай хүн ирээд даллахад нь зугтаагаад гэр лүү гээ гүйж ирдэг байлаа. Ээж, аав маань машинтай хүн ирвэл хурдан гэртээ ирээрэй гэж байсан. Тийм л даалгавартай.
Дэжид -
Асгат сум хилтэйгээ ойрхон уу?
Бумууцогзол -
Аймагтайгаа ойрхон. 45-хан км. Цаашаагаа Чоно гол, баруун урд руугаа Дарьгангатай хиллэж байгаа. Чоно гол гэдэг чинь Эрдэнэцагаан.
Дэжид -
Таны тахидаг Их-Уул, Чоно гол чинь таны багад байсан шиг байна уу? өөрчлөгдсөн үү?
Бумууцогзол -
Сайхнаараа байна лээ. Би уржнан очсон.
Дэжид -
Таныг бага байхад эцэг эх чинь байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах тал дээр юу гэж сургадаг байсан бэ?
Бумууцогзол -
Газар ухаж болохгүй, чулуу хөдөлгөж болохгүй, өвс ногоо хамаагүй битгий тасд байгальтай буруу харьцвал их хэцүү гэдгийг сануулж байсан байх. Би тийм юмыг дотроо их бодож явдаг. Хамаагүй элдэв юм ухаж болдоггүй гэж ярьдаг. Хүний нутагт ч тэр, өөрийн нутагт ч тэр.
Дэжид -
Тэр зан үйлийн юмыг хүүхэд байхад хэлдэг байсан уу?
Бумууцогзол -
Хэлнэ. Тэр хүмүүжлийг бид мэдэхээс биш хэн мэдэхэв дээ. Бид хоёр тэтгэвэртээ гараад хөдөө мал дээр гарсан. Хорь гаруй жил өвгөнтэйгээ хоёулаа хувийн аж ахуй эрхлээд, морио уяад, малаа маллаад. Дал гараад малаа маллаж чадахгүй болоод ирэхээрээ аймгийн төвд орж ирсэн. Өвгөн моринд дуртай, би ч моринд дуртай. Морь жаал уяж, манай өвгөн аймгийн алдарт уяач болсон.
Дэжид -
Морь уяна гэдэг хүнээс их тэвчээр, ажиллагаа шаарддаг байх?
Бумууцогзол -
Морь уях их ажиллагаатай. Өглөө эрт босож морио барьж авна.
Дэжид -
Морь уяна гэдэг чинь нэг ёсондоо тамирчин хүнийг бэлдэж байна гэсэн үг байх. Та морь уяхыг их сайхан дэлгэрэнгүй яриад өгөөч?
Бумууцогзол -
Уях гэж байгаа хүн морио сонгоно.
Дэжид -
Сүхбаатар аймаг чинь хурдны морины удамтай газар.
Бумууцогзол -
Тийм. Энэ маань уяхад дөнгүүр юм байна гэж барьж аваад, мориндоо ажил хийнэ дээ. Хөлслөнө, сунгана.
Дэжид -
Морь хөлслөнө гэдэг нь яах уу?
Бумууцогзол -
Морио нэмнээд хөлсийг нь гаргана. Муу хөлсийг нь гаргаж сайхан уяа оруулна.
Дэжид -
Юм өмсгөнө гэдэгтэй адил уу?
Бумууцогзол -
Тийм. Дээл өмсгөж байгаатай адил. Тэр хүн чинь цааш нь мориндоо ямар ажил хийгээд явах нь вэ? Тэрийгээ хийнэ.
Дэжид -
Хэдий хугацаанд тэрийгээ хийх үү?
Бумууцогзол -
Сарын өмнө шахуу барьж байгаа юм. Одоо бол жилийн дөрвөн улиралд уядаг болж. Урд бол наадмын өмнө барьж авна. Одоо олон наадамтай болсон болохоор нэгээс нөгөө лүү явахаар бүтэн жилээрээ байна.
Дэжид -
Тэгээд мориныхоо хоол, давхиулах цаг хугацааг тохируулах уу?
Бумууцогзол -
Тэгнэ.
Дэжид -
Тамирчин хүний бэлтгэл эхэлж байгаатай адил юм байна?
Бумууцогзол -
Бараг адил.
Дэжид -
Хурдан морь нилээн олныг уралдуулсан, хурдан морины удамтай, та ч өөрөө морь унадаг байсан болохоор та идэвхтэй туслагч юм байна.
Бумууцогзол -
Тийм.
Дэжид -
Тэгвэл хоёулаа морь хурдан давхих болтугай гэж ерөөгөөд яриагаа өндөрлье. Наадам удахгүй болох гэж байна.
Бумууцогзол -
Дасгалын тухай яръя. Би аймгийн төвд орж ирчихээд “Хөдөлгөөн эрүүл мэнд”
гэдэг уриатай хийн дасгалд дөрөв, таван жил явж байна. Манай дасгалын дарга өндөр настны дарга Ганбаатар гэж хүн бий. Тэр контортой. Конторынхоо хажууд бидэнд байр гаргаж өгсөн. Батсүх гэж их эмчтэй, сувилагчтай, ангийн даргатай. Бид дундаасаа фондтой. Бага ч гэсэн мөнгө болохоор тэрийг хариуцдаг хүнтэй. Должин хариуцдаг. Би ийм сайхан хамт олонтой. Нэг анги гэж явдаг. Нэгийгээ эмнэлэгт хэвтэхэд эргэж тойрдог, нэгийгээ баярлахад эргэж тойрдог. Манай ахмадын дарга, аймгийн ахмадын дарга бидэнд их туслана. Бид нарыг зугаалуулсан. Бид ноднин Дарьганга луу зугаалсан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл та төрийн бус байгууллагын ажилд оролцож яваа юм байна.
Бумууцогзол -
Тэнд янз бүрийн дасгал хийнэ. Өндөр настны хоёр баг маань их дэмжиж тусладаг. Одоо ийшээ тийшээ амралт зугаалгаар явна гээд төлөвлөгөө гаргачихсан байгаа.
Дэжид -
Хоёулаа 20-р зуунд ажиллаж амьдарч байсан тухайгаа ярилаа. Ярианы төгсгөлд Бумууцогзол гуай маань өндөр настай үедээ ч нийгмийн идэвхтэй байгаагаа товчхон дурдаж ярилаа. Таньд өөрийнхөө ажиллаж амьдарч байсан тухайгаа тодорхой ярьж өгсөнд баярлалаа.
Бумууцогзол -
Та бүхэнд ч баярлалаа. Энэ сайхан ярилцлагандаа оруулсанд баярлалаа. Цаашдын чинь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэжид -
Баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.