Ulaan
![](../assets/images/interviewees/990539.jpg)
Basic information
Interviewee ID: 990539
Name: Ulaan
Parent's name: Tangad
Ovog: Janjin gün
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Halh
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / worker
Belief: Buddhist
Born in: Ölziit sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
funerals
work
herding / livestock
relations between men and women
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Бид Улаан гуай таны ээж 100 гаран нас насалсан өндөр настантай уулзаж түүхийг нь авмаар байдаг. Гэтэл цаг гучин минут, хоёр цагын ярилцлага өгөх боломжгүй юм байна. Ингээд бид Чимэдлхам гуайн гурав дахь охин Улаан гуайтай ярилцаж байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, ярилцлага өгөх болсонд таньд баярласнаа илэрхийлье.
Улаан -
За баярлалаа.
Дэжид -
Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Улаан -
Үгүй ээ.
Дэжид -
Тодорхой хугацааны дараа арав, хорин жилийн дараа энэ ярилцлагыг түүх судлаачид судалгааны материалд ашиглах ч юмуу, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх ч юм уу, аливаа үйл ажиллагаанд ашиглах эрхийг та Кембриджийн их сургуульд зөвшөөрч байна уу?
Улаан -
Зөвшөөрье.
Дэжид -
Хувь хүний л түүх.
Улаан -
Хүний амьдрал юм чинь.
Дэжид -
Та өөрийнхөө бага нас, сайхан буянтай буурлын тухай, нутаг усныхаа тухай яриагаа эхлэх үү?
Улаан -
За тэгье.
Дэжид -
Та хэдэн онд төрсөн бэ?
Улаан -
Би 1940 онд төрсөн. Ээж анх нэгдэлд орход долоон айл орж байсан. Зун нь үхэр мал саагаад зуншина. Өвөл нь ямаа хариулаад. Би арван хэдтэй жаахан байсан. Дүү найман нас хүрээд сургуульд суух болоод, тэгээд сургуульд суусан. Бүрэн гэж байсан. Бид нар хуучин Өлзийт гэж суманд байсан айлууд.
Дэжид -
Сүхбаатар аймгийн Өлзийт сумын уугуул юм байна.
Улаан -
Тийм.
Дэжид -
Таны төрсөн нутаг орон Өлзийт сум юм байна.
Улаан -
Тийм. Тэгээд Бүрэнд байхдаа би зарлага хийгээд нэг жил тойрон болчихдог юм байна.
Дэжид -
Та бага насаа хаана өнгөрөөсөн бэ? Эцэг эхийнхээ гар дээр байсан уу?
Улаан -
Багаасаа ээжийнхээ л гар дээр байсан. Ааваасаа би арван гуравтайдаа үлдсэн. Ихэнх насаа ээжийнхээ гар дээр өнгөрөөсөн.
Дэжид -
Та тэр үедээ юу хийж байв? Сургуульд явж байсан уу?
Улаан -
Сургуульд явж байгаагүй ээ.
Дэжид -
Тэр үед сургууль байгаагүй юм уу? Эцэг эх тань оруулаагүй юм уу?
Улаан -
Оруулаагүй.Сургууль бол байсан.
Дэжид -
Яагаад оруулаагүй юм бол?
Улаан -
Ээж аав чинь өөд болчихсон ганцаарааа гээд.
Дэжид -
Гэрийн ажилд.
Улаан -
Тийм.Малаа маллаад, сүү саалиа бэлтгээд. Тэгээд төв лүү орсон. Дандаа төвд амьдарсан.
Дэжид -
Төв гэдэг нь аймгийн төв үү?
Улаан -
Үгүй ээ.Ер нь төв газар.
Дэжид -
Сумын төв үү?
Улаан -
Тийм сумын төв. Тэгээд 1960 онд би Түмэнд очсон.
Дэжид -
Түмэнд очихоосооо өмнөх амьдралаа хоёулаа жаахан дэлгэрэнгүй ярих уу? Ээж, аавынхаа түүхээс ярихгүй юу? Зуун настай Чимэдлхам гуай аавтай чинь яаж танилцаж байсан бэ? Чимэдлхам гуай өмнө нь ярьж байсан. Тэр талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу? Яагаад гэвэл түрүүний яриа хугацаа хүрээгүй учраас орж чадаагүй. Энэ хүний хэд дэхь хүүхэд юм бэ? энэ талаар тодруулж яриад дараа нь Түмэнцогтынхоо тухай дэлгэрэнгүй ярих уу?
Улаан -
За тэгье. Ээж таван настай хүүхэдтэйгээ ирсэн гэсэн. Тэгээд ирснээс нь хойш дүү бид хоёр гарсан.
Дэжид -
Таван настай хүүхэд чинь өөрийнх нь хүүхэд юм уу эцгийн чинь хүүхэд юм уу? Ээж чинь хоёр хүүхэдтэй байж байгаад нийлсэн юм уу?
Улаан -
Эцгийн хүүхэд. Ээж хоёр хүүхдээ төрсөн эх дээрээ орхичихоод ирсэн гэсэн. Тэгээд ирсэн хойно нь дүү бид хоёр гарсан.
Дэжид -
Өөрөөр хэлбэл Та эхээс дөрвүүлээ юм байна. Эцэг өөр, эх нэгтэй юм байна.
Улаан -
Манай эж анх нэгдэл бий болж байхад орсон. Мал дээр байж байгаад дүүг найман нас хүрэнгүүт төв лүү орсон. Бүрэн дээр байсан. Бүрэн дээр зарлага хийсэн.
Дэжид -
Зарлага гэдэг нь яадаг ажил юм бэ?
Улаан -
Одоогоор бол хүн дуудаад. Сумын тэр дуудаж байна, энэ дуудаж байна гээд л. Сумын бас цэвэрлэгч хийчихнэ. Жижигхэн цагаан байшинд. Тэр үед сум чинь жаахан байсан.
Дэжид -
Хэдэн хүнтэй байсан. Ямар ямар ажил хийдэг хүмүүс байв?
Улаан -
Цөөхөн. Сумын дарга, нярав, ноос авдаг хүн гээд. Бага байсан болоод тэрийгээ сайн мэддэггүй юм. Сумдаа бол манайх нэгдүгээр баг гээд зүүн урагшаа нутагладаг байсан. Сүүлд сумынхаа төв лүү орж ирсэн. Сумын төв маань Бүрэн дээр ирчихээд. Тэгээд зарлага хийж байгаад Түмэн лүү шилжсэн.
Дэжид -
Та тэр зарлагын ажилд яаж орсон бэ? Хүн хэлсэн үү? Өөрөө л орсон уу?
Улаан -
Өөрөө л ажил хийе гээд. Тэр үед наян төгрөгний цалин авч байсан.
Дэжид -
Эх чинь зуу наслаад байж байна. Эцэг чинь таныг арван гуравтайд нас барсан юм байна. Та тэгээд би хөдөлмөрлөхгүй юм бол болохгүй юм байна гээд ажил хийж. Зарлага гэдэг чинь нааш цаашаа хэл дуулгаж, сумын захиргаа айл гэрийг холбодог байж. Одоогоор бол холбоорхуу ажил хийж байж.
Улаан -
Тийм. Холбоо гэдэг чинь сүүлд нь гарсан. Тэр үед холбоо гэж байгаагүй.
Дэжид -
Сарын наян төгрөг авдаг байсан гэсэн. Тэр үедээ наян төгрөг ямар мөнгө байв?
Улаан -
Учиргүй их мөнгө байсан. Хамгийн анх цалин авчихаад их хөөрч байсан. Яаж үрэхээ мэдэхгүй барагдахгүй юм шиг санаж байсан. Тэгээд 1960 онд бүрлэгч ах маань сангийн аж ахуй явна гээд.
Дэжид -
Өөрөөр хэлбэл эх нэгтэй, эцэг өөр ах чинь үү?
Улаан -
Хамгийн том ах. Том ахыгаа дагаад сангийн аж ахуй руу очсон. Энд 1970 онд нүүж ирсэн.
Дэжид -
Хаана?
Улаан -
Аймгийн төвд.
Дэжид -
Сум гэж байгаад хоёулаа яриагаа тасалдуулчихлаа. Суманд ямар ямар албан хаагч байсан бэ? Сумын захиргаа ямар ажил хийдэг байсан бэ? Тэр талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Улаан -
Цөөн хүнтэй байсан. Тэрийг дуудаад ир гэхээр нь дууддаг байсан. Тэгээд тэр байшиндаа цэвэрлэгээ хийдэг байсан.
Дэжид -
Дан байшин байсан уу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Сумын төвийн захиргаа гэхээр арав тоон дотор л хүмүүс байсан уу?
Улаан -
Тийм. Арав хүрэхтэй үгүйтэй л хүн байсан. Нарийн бичгийн дарга, аж ахуй гэж байсан. Бас тусдаа ноос авдаг хүн байсан шиг санагдаж байна. Одоогоор бол нярав байсан юм уу? сайн мэдэхгүй байна.
Дэжид -
Сангийн аж ахуй шинэ байгуулагдсан байсан уу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Хэдэн онд байгуулагдсан бэ?
Улаан -
1961 онд байгууллагдсан байх. Манайх 1961 оны зургаан сард нүүж очиж байсан.
Дэжид -
Ах чинь тэнд ямар ажил хийдэг байсан бэ?
Улаан -
Малын эмч. Тэр жил шүлхий гарчихаад тэд нар ажил ихтэй байсан. Энэ сангийн аж ахуй Дорнодын Матадаас нүүж ирсэн.
Дэжид -
Түмэнцогтын гарал үүсэл Матад сумаас гаралтай юм байна.
Улаан -
Тийм. Тэндээс нүүж ирсэн.
Дэжид -
Шинээр байгуулагдсан сангийн аж ахуй биш юм уу?
Улаан -
Дорнодоос нүүж ирээд манай аймаг дааж авсан.
Дэжид -
Тасарч ирсэн юм байна.
Улаан -
Тийм.Тасарч ирсэн гэж ярьдаг.
Дэжид -
Сангийн аж ахуйд та юу хийж байв?
Улаан -
Сангийн аж ахуйд нэг хэсэг барилга дээр ажиллаад, дараа нь бригадын төвд гараад үтрэм дээр будаа хийж байсан.
Дэжид -
Тэр үед яаж ажилд ордог байсан бэ?
Улаан -
Өөрөө л оръё гэдэг байсан. Барилгын хариуцаж байгаа хүн дээр очоод хэлнэ.
Дэжид -
Та барилга дээр юу хийж байсан бэ?
Улаан -
Шавар зөөж байсан.
Дэжид -
Шаврыг юугаар зөөх үү?
Улаан -
Нацилка гээд хоёр модтой юм байсан.
Дэжид -
Тэр чинь нилээд хүнд ажил уу?
Улаан -
Хүнд ажил.
Дэжид -
Хэдэн цагаар ажиллах уу? Хичнээн килограмм орчим байх уу?
Улаан -
Тэр чинь овоо жинтэй. Хоёр хүн дамнаад явна.
Дэжид -
Та бага залуу байсан болохоор.
Улаан -
Тийм.Тэрийг чинь тоохгүй л өргөөд явна.
Дэжид -
Төлөвлөгөө норм гэж байсан уу? Та яаж ажиллаж байв?
Улаан -
За яахав дажгүй л ажиллаж байсан байх. Шагнал авч байсан. Тэгээд сүүлдээ сангийн аж ахуйн мал дээр гарсан.
Дэжид -
Та барилга дээр хэр удаан ажилласан бэ?
Улаан -
Жил тойрон ажилласан. Тэгээд мал дээр гарсан.
Дэжид -
Аль сангийн аж ахуйн малыг маллаж байсан бэ?
Улаан -
Түмэнгийн сангийн аж ахуйн.
Дэжид -
Тэр сангийн аж ахуй чинь газар тариалангийн сангийн аж ахуй байсан уу?
Улаан -
Тийм. Одоо бол мал аж ахуй болчихсон байна лээ. Дүү арав төгсөөд худаг усанд ороод.
Дэжид -
Худаг ус гэдэг нь юу вэ?
Улаан -
Хөдөө худаг гаргана.
Дэжид -
Өөрөөр хэлбэл худаг усны ажилтай.
Улаан -
Тийм. Тэгээд сүүлдээ миний дүү худаг усны мастер болсон.
Дэжид -
Ийм өндөр настай ээжтэйгээ та зэрэг өтлөж байна. Зуутай гэхэд их ануухан хөгшин байна. Ингэж өндөр наслахад нь юу нөлөөлсөн бэ? Ээжийнхээ залуу насыг санахад таньд ямар сэтгэгдэл бууж байна вэ? Ээж чинь яаж ажиллаж амьдарч байсан бэ?
Улаан -
Миний ээж чинь малчин хүн байсан. Хөөрхий хонио холбож сааж байсан гэдэг. Дээр үед модон хашаа гэж байсан биш. Дандаа хөрзөнгөөрөө хашаа бариад. Өвөл бол малаа тэгж хашиж байсан. Намайг жаахан байхад тийм байсан. Сүүлд сангийн аж ахуй хашаа, саравч гээд сайхан юм барьж өгсөн. Сүүлдээ сангийн аж ахуй сайхан хөгжсөн. Гуравдугаар бригад дээр ирэхэд дандаа сайхан шинэ барилгуудтай болчихсон байсан. Хуучин төв нь цаана дандаа жижигхэн Эрээнийн модон байшингууд байсан. Сүүлд Оросын барилгууд баригдаад сайхан болчихсон байна лээ.
Дэжид -
Манай эмээ нилээн эртнээс өрх толгойлоод гэр гадаа бүх ажлыг зохицуулж байж.
Улаан -
Манай бүрлэгч Загд гэдэг хүн байсан. Манай нөхөр. Манайх тусдаа гэртэй. Хоёр гэрийн хооронд айл болчихож байгаа юм чинь. Ээж маань айл л яваад байсан.
Дэжид -
Хэдэн онд та гэр болсон бэ?
Улаан -
Би нилээн оройхон болсон шүү. 1960-н хэдэн онд.
Дэжид -
Таны гэр бүлийн хүн хаанахын хүн байсан бэ?
Улаан -
Загд гээд Дорнодын хүн.
Дэжид -
Ямар мэргэжлийн хүн бэ?
Улаан -
Бас барилга дээр ажиллаж байсан. Сүүлд энд ирээд няравын ажил нилээн олон жил хийсэн.
Дэжид -
Та сангийн аж ахуй дээр ирээд нилээн орой гэр бүл болж байж.
Улаан -
Тийм.
Дэжид -
Та хэдэн хүүхэдтэй вэ?
Улаан -
Нэг л хүүхэдтэй. Миний хүүхэд өргөмөл.
Дэжид -
Охин уу? Хүү юу?
Улаан -
Охин. Охины чинь хүү сая орж ирээд гарч байна.Энэ жил арван нэг төгсч байгаа.
Дэжид -
Нэг зээтэй л юм уу? Охин чинь нэг хүүхэдтэй юм уу?
Улаан -
Тийм
Дэжид -
Та сургууль соёлоор явах бололцоо байгаагүй юм байна. Тэр үед албан хүчээр сургаж байсан уу?
Улаан -
Албан хүчээр шинэ үсэг гээд явж байсан. Шинэ үсэг заахаар нь сайн сурч чадаагүй. Цагт нь очихгүй байсаар байгаад. Суманд байхад л анхан тэр шинэ үсэг чинь эхэлсэн юмдаа. 1950-н хэдэн онд юм уудаа. Өнөө нэг кинон дээр гардаг шиг.
Дэжид -
Яаж шинэ үсэгт хүмүүсийг хамруулдаг байсан бэ?
Улаан -
Сургуулийн багш нар тэдэн цагаар ирж заана шүү дээ. Тэр үед бага ангийн багш нар л гэж байсан. Багш нараас ирж заана. Хоёр цагаар юмуу, гурван цагаар л заана. Түүнээс илүү байхгүй. Түүнд нь очихгүй байсаар байгаад юм сураагүй.
Дэжид -
Тэр үед та ямар байгууллагад хамрагддаг байв?
Улаан -
Эвлэлийн гишүүн гэж байсан.Өөрөө бүрэг болохоор зугтаагаад ямарч юманд оролцож чадахгүй байгаа юм чинь. Юм мэдэхгүйдээ хамаг юмнаас хоцорчихож байгаа юм. Тэр үед эвлэлийн гишүүн хүн дагаад явсан бол хамаагүй өөр болно ш дээ. Тэгж мэдэхгүй. Өөрөө юм мэдэхгүйдээ хойшоо суусаар байгаад юмнаас хоцорчихсон.
Дэжид -
Тэр нэгдэлжих хөдөлгөөний үед айлууд яаж нэгдэлд ордог байсан бэ? Ер нь нэгдлийг ашигтай гэж үздэг байсан уу?
Улаан -
Зарим нь ашигтай гэж үзэж байсан. Зарим нь ашиггүй гэж үзэж байсан юм шиг байгаа юм. Тэр үедээ бас сайн мэдэхгүй. Нэг хэсэг манайх гайгүй малтай байсан гэсэн. Бичин жилийн зуднаар байхгүй болчихсон гэсэн. Тэгээд амьдрал жаахан ядуухан. Тэгээд нэгдэлд ороод үхэр мал саагаад, мал хариулаад амьдарч байсан.
Дэжид -
Сайхан тэрийгээ яриарай. Тэр үед нутаг орны чинь цаг уур ямар байсан бэ?
Улаан -
Цаг уур сайхан байсан. Ногоо цагаа, ус элбэгтэй аягүй сайхан байсан. Одооны улсууд өөр болсон гэж байна. Өөрийн ах дүүгийн хүүхдүүд ярьж байгааг сонсоход. Ургамал энэ тэр шал өөр болсон. Байгаль бол харсаар байтал өөр болчихоод байгаа юм чинь. Өглөө дулаахан байсан бол тэр өдөртөө дулаахан байдаг шдээ. Одоо бол тиймгүй. Харсаар байтал салхилаад, нэг бол нар гарч байснаа сэрүүсээд л. Өглөө үүлтэй бол тэр чигтээ л солигдохгүй. Миний багад бол тийм л байсан.
Дэжид -
Сургуулиас гадна та ямар мэргэжил, боловсрол эзэмшиж байв? Барилгын мэргэжил та ажиллаад мэдэж байж.
Улаан -
Одоо бол практик гэхээс биш яг номоор нь заасан юм байхгүй. Барилга дээр ажиллаж л байсан.
Дэжид -
Та барилга дээр ажиллаж байсан, зарлага хийж байсан. Өөр юу хийж байсан билээ?
Улаан -
Мал дээр байсан.
Дэжид -
Та ямар мал малладаг байсан бэ?
Улаан -
Ямаа хариулж байсан. Үхэр хариулж байсан.
Дэжид -
Тэр үед мал маллахад юуг анхаардаг байсан бэ? Цаг зав юу байсан бэ?
Улаан -
Ямаа бол тэнгэрийн муухайд буцаад л гэрийнхээ гадаа хүрээд ирнэ. Цаашаа явахгүй. Халуун бол үхэрт их хэцүү. Тэгээд аймагт ирээд тэжээлийн гуанзанд нилээн олон жил болсон.
Дэжид -
Тэжээлийн гуанз гэж байгууллагынх уу?
Улаан -
Тийм. Гуанзанд угаагч хийж байсан. Оросууд барьсан том дамжуургатай юманд хар сав суулгаа угаана.
Дэжид -
Хар сав гэдэг нь юу вэ?
Улаан -
Яахав ухаандаа саваа л хэлж байхгүй юу. Хоол хийдэг сав, аяга шанагаа л угаана.
Дэжид -
Та угаагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан уу? Өөр ажил хийж байсан уу?
Улаан -
Угаагч хийж байсан. “12”-р дэлгүүрт цэвэрлэгч хийж байсан. Тэгээд жаахан хордоод сахиул хийж байгаад гарсан. Тэгээд тавьтайдаа гарсан. Хүүхэдтэй хүүхэдгүй тавьтай тэтгэвэрт гаргана гээд тэгээд л гарчихсан. Хүүхэд цөөнтэй бол тавьтай гаргахгүй тавин тав хүргэдэг байсан.
Дэжид -
Социализмын үед таны хийж байсан энэ олон ажлаас хамгийн цалин өндөртэй нь аль ажил байв?
Улаан -
Мал дээр л илүү авч байсан.
Дэжид -
Ямар хэмжээний цалин авч байсан бэ? Урамшуулал авч байсан уу?
Улаан -
Урамшуулал байгаагүй. Цэвэрлэгчид зуун наяаас хэтрэхгүй. Мал маллахаар гурван зуутай.
Дэжид -
Тэгэхээр малчин байсан үеийн чинь цалин хамгийн их нь байж.
Улаан -
Тийм.
Дэжид -
Мөнгө төгрөг чинь амьдралд хүрдэг байсан уу?
Улаан -
Тэгээд болгоод л байсан.
Дэжид -
Тэр үед хамт олон яаж бүрдэж байв? Ажил хийхэд таньд хамгийн хэцүү зүйл юу байв?
Улаан -
Хамт олонтойгоо л ажиллаж байсан. Тиймээ иймээ байхгүй сайхан байсан.
Дэжид -
Тэр үед хамт олныг идэвхжүүлж байсан ямар юм зохиогдож байсан бэ?
Улаан -
Байгаа байгаа орчноороо л сайхан болж байсан. Тэгж хийхгүй гэх юм байхгүй. Одоо бол дасгал дээр олуулаа сайхан байна.
Дэжид -
Таныг залуу байхад шинэ сангийн аж ахуй байгуулагдаж байсан. Тэр үед хамт олны дунд юу зохиогдож байсан бэ? Бүжиг болдог байсан уу?
Улаан -
Бүжиг болноо.
Дэжид -
Өөр ямар юмнууд явагдаж байв? Сонсгол, лекц явагдаж байв уу?
Улаан -
Сонсгол, лекц явагддаг байсан.
Дэжид -
Тэр үед шашин шүтлэг ямар байсан бэ?
Улаан -
Байхгүй. Ёстой юу ч мэддэггүй байсан.
Дэжид -
Суманд ч адилхан уу?
Улаан -
Адилхан. Ёстой юу ч мэдэхгүй.
Дэжид -
Манай эмээ одоо хэр шашин шүтэх үү?
Улаан -
Одоо шүтнээ.
Дэжид -
Тэр үед шүтдэг байсан уу?
Улаан -
Үгүй. Юу ч мэддэггүй байсан. Ямар сайндаа хоёр гуулин бурхан байсан ах түүнийг хүнд өгчихөж байсан.
Дэжид -
Тэр хаанаас дамжиж ирсэн гуулин бурхан байсан бэ?
Улаан -
Манай эцгийн өөрсдийнх нь гал голомтынх.
Дэжид -
Бурхантай байвал болдоггүй байсан уу?
Улаан -
Болдог байсан. Намайг жаахан байхад нэг Цагаан сар гаргахгүй гэж үзэж байсан. Ээж идээгээ авдран дотроо өрчихсөн. Бурхныхаа идээг.
Дэжид -
Цагаан сар болохгүй гэхээр нууж уу?
Улаан -
Нууж байгаад гаргасан юм уудаа одоо бодоход. Би бага байсан. Тэр үед идэхийг бодож байсан болооос биш тийм ийм байна гэж мэддэггүй байсан байх.
Дэжид -
Танай удмын хүмүүсээс хэлмэгдүүлэлтэнд орж байсан хүн байгаа юу?
Улаан -
Байхгүй. Манай эцэг ёстой төрийн хар хүн байсан гэсэн.
Дэжид -
Тэр талаар танай ойр төрөл саданд мэдэж дуулсан хүн байхгүй юу? Хүүхэд байхад тэр тэгж гэнэ, энэ ингэж гэнэ гэж ярьдаг байсан уу?
Улаан -
Үгүй.
Дэжид -
Тэгэхээр айлын хүүхдүүдийн нэг хоёр нь гэрийнхээ ажилд тусалдаг, нэг хоёр нь сургуульд явдаг үе байж дээ таныг бага байхад.
Улаан -
Тийм. Мал ихтэй айл үр хүүхдээ суулгадаггүй л байсан. Манайх мал гэхээр юм байхгүй. Одоо бодоход эцгийг байхгүй болохоор жаахан ганцаардаад байсан байх гэж санадаг юм. Ах чинь биеэ дагаад явчихсан. Мээм чинь ганцаардаад.
Дэжид -
Мээм гэж ээжийгээ хэлэх үү?
Улаан -
Тийм.
Дэжид -
Тэгж авгайлдаг юм уу?
Улаан -
Бид нар дандаа сурснаараа хэлж байхгүй юу.
Дэжид -
Хүүхдүүд нь бүгд тэгэх үү?
Улаан -
Бүгд тэгнэ. Хүүхэд гэлтгүй таньдаг хүмүүс нь дандаа тэгнэ. Сумын хүмүүс ч тэгж хэлсээр сайн уу гэсээр орж ирнэ.
Дэжид -
Ээж чинь залуудаа мал малладаг л хүн байсан уу?
Улаан -
Тийм. Малчин хүн.
Дэжид -
Тухайн үедээ анхны нэгдэлд орж байсан айл гэж байна.Тухайн үедээ нэгдэлд хичнээн хэмжээний мал өгч байсан бэ?
Улаан -
Манайд нийлүүлэхээр мал байгаагүй байхаа. Биеэрээ л очиж ажил хийж байсан. Одоогоор бол амьдрал ядуу долоон айл нийлж очиж байсан юм шиг байна лээ.
Дэжид -
Тэр нэгдэл ямар нэртэй байсан бэ?
Улаан -
Би “Мөнхманлай’ гэж байсан шиг санадаг.
Дэжид -
Нэгдэл тараад өмч хувьчлал болоход нэгдлийн анхны айл гээд танайх мал авч байсан уу?
Улаан -
Үгүй.
Дэжид -
Нэгдэлд нийлүүлээгүй гээд аваагүй юм уу?
Улаан -
Тийм.Төвд байгаа хүмүүст өгөхгүй гээд. Яг мал дээрээ байгаагүй болохоор.
Дэжид -
Өөрөө ер нь үйлдвэрт орж мэргэжилтэй болъё гэж ажил хийж байгаагүй зүгээр янз бүрийн ажил хийж байж.
Улаан -
Тийм.
Дэжид -
Өөрөөр хэлбэл амьдрахын эрхээр.
Улаан -
Тийм.
Дэжид -
Гэр бүлийнхээ хүнтэй та анх яаж танилцаж байсан бэ?
Улаан -
Гэр бүлийнхээ хүнтэй Түмэнгийн сангийн аж ахуйд очоод танилцсан.
Дэжид -
Тэндхийн айл юм уу?
Улаан -
Тийм. Тэнд танилцсан.
Дэжид -
Хэдэн онд хөгшин чинь өөд болсон юм бэ?
Улаан -
2006 онд. Өвгөнөөс хойш жил тойроод энд орсон юмдаа.
Дэжид -
Тэгэхээр 2006 оны хавьцаа юм байна.
Улаан -
Тийм.
Дэжид -
Хоёулаа л энд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан юм байна.
Улаан -
Хоёулаа л аймгийн төвд байсан.
Дэжид -
Таныг аймгийн төвд байхад ямар үйлдвэрүүд шинээр байгуулагдаж байв? Та аймгийн түүхийг сайн мэдэх юм байна.
Улаан -
Тэжээлийн аж ахуй гэж сайхан үйлдвэр байсан.
Дэжид -
Тэр нь юу хийдэг байв?
Улаан -
Тэр нь тэжээлийг ачиж ирээд буулгадаг байсан. Сангийн аж ахуйгаасаа будаагаа авчраад, малынхаа тэжээлийг хийдэг байсан. Сайхан үйлдвэр байсан. Одоо бол яасан юм бэ? бүү мэд. Хөдөө аж ахуйн граш гээд сайхан газар бий болсон.
Дэжид -
Яг таныг ажиллаж байхад ямар ямар шинэ газрууд танай аймагт бий болж байв?
Улаан -
Энд нэг том зоорь бий болсон. Сайхан том зоорь.
Дэжид -
Өөр?
Улаан -
Уртцагаан бий болсон. Тэнд зурагчинтай бас кино гардаг байсан. Тэжээлийн орон сууц, худаг усны орон сууц гээд сайхан барилганууд баригдсан. Мөн сургуулиуд баригдсан.
Дэжид -
Таныг залуу байхад “Соёлын довтолгоо” гэж явагдаж байсан. Тэр талаар таньд мэдэж байгаа зүйл байна уу? Таныг хаана байхад тэр явагдаж байсан бэ?
Улаан -
Тэр Түмэнд байхад явагдаж байсан байхаа. Би хөдөө байсан болохоор сайн мэдэхгүй байсан юм уу? Энд ирсэн хойно л “Соёлын довтолгоо”-ны хүн төвөөс иржээ гэж ярьцгаадаг байсан.
Дэжид -
Төвөөс очдог байсан уу?
Улаан -
Тийм. Аймгийн төвд гуанзанд байхад энүүгээр ирнэ гэнээ гэж байсан. Суманд байхад “Соёлын довтолгоо” гэж ярьдаг байсан шүү.
Дэжид -
Тэр үед “Соёлын довтолгоо” юу хийдэг байсан бэ?
Улаан -
Намайг жаахан байхад угааж арчиж мэддэггүй байсан. “Соёлын довтолгоо” гарснаас хойш надаас арай том эгч нар хөвөнтэй дээл угаана гээд л инээлдэж байсан. Угаадаг гээд аймгаас очсон хүмүүс ярьдаг байсан байх. Аймгийн төв дээр ирснээс хойш 1970-н хэдэн оноос тэгж яриагүй байх. Тэгээд л дууссан байх.
Дэжид -
Та төрөл бүрийн ажил хийж байх үедээ юуг гол болгож ажил хийж байв?
Улаан -
Өөрөө юу?
Дэжид -
Тийм.
Улаан -
Тэр үед “Соёлын довтолгоо” гэж байсан болохоор ариун цэврээ л сайн сахиж байсан. Ажлаа сайн, идэвхтэй л хийдэг байсан. Ажлаа идэвхтэй хийсний хүчинд л төр засгынхаа хишгийг хүртэж байна гэж бодож байна.
Дэжид -
Та ардчиллын үед тавьтай тэтгэвэрт гарсан уу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Тэр үед та ардчилал гэдэг юмыг юу гэж хүлээн авч, ойлгож байв?
Улаан -
Анхан мэдэхгүй л явлаа. Одоо харж байхад хөөрхий хийх юмаа хийж л байна. Ардчилалаас гарсан манай аймгийн дарга чинь жил тойрч байна.
Дэжид -
Ардчилсан намын хүн юм уу?
Улаан -
Тийм. Аймгийн дарга чинь ардчилсан намын дарга.
Дэжид -
Ардчилсан хүчний төлөөлөгч юм байна.
Улаан -
Тийм. Хийж л байна. Манай өвгөн чинь хувьсгалт намын гишүүн байсан. Хувьсгалт намаа бас орхидоггүй юмаа. Хувьсгалт намын гишүүн биш.
Дэжид -
Та өөрөө хувьсгалт намын гишүүн биш юм байна?
Улаан -
Тийм. Биш.
Дэжид -
Танай өвгөн бол хувьсгалт намын гишүүн байж.
Улаан -
Тийм.
Дэжид -
Аль нь зөв зүйтэй бодлого явуулж байна, түүнийг нь дэмжээд байдаг юм байна.
Улаан -
Тийм.
Дэжид -
Улаан гуайтай хэсэг завсарласны дараа яриагаа үргэлжлүүлж байна. Та социализмын үед төрөл бүрийн ажил хийж байж. Голдуу хүний удирдлаган доор ажиллаж байж. Тухайн үеийн удирдах ажилтан, ажилчины хооронд ялгаа байсан уу? Ер нь ямар ялгаа байсан бэ?
Улаан -
Ялгаа байх лдаа.Дарга ингэж хэлсэн гээд даргынхаа хэлсэн үгийг биелүүлж л таараа. Юу хий гэх үү тэрийг нь хийдэг л байсан.
Дэжид -
Ер нь хүмүүсийг гаднаас нь хараад энэ ч дарга юм байна, энэ ч ажилчин хүн байна гэж өмссөн хувцсаараа ялгагдах уу?
Улаан -
Ялгагдана.
Дэжид -
Өмсөж зүүсэн нь өөр байх уу?
Улаан -
Дарга нар боловсон хувцас өмсчихнө. Бид нар тэр үед дээлтэй л явдаг байсан. Барилга дээр ажиллаж байхад ажлын норм гэж өгнө. Тэрийгээ л өмсөж байсан.
Дэжид -
Барилгын ажлын норм гээд ямар хувцас өгөх үү?
Улаан -
Комбинзон гээд юм өгдөг байсан.
Дэжид -
Өвөл, зуных гэж тусдаа байдаг уу?
Улаан -
Зуных л. Өвлийнхөө хувцасыг өмсчихөөр элбэг таардаг байсан.
Дэжид -
Тэгвэл нормын хувцас гэж өгч байж. Комбинзоноос гадна тэрэнд юу байдаг байсан бэ?
Улаан -
Багажнууд л байдаг байсан.
Дэжид -
Гутал өгөх үү?
Улаан -
Өгнө.
Дэжид -
Хүнд ажилтай хүмүүст сүү юмуу өдрийн хоол өгдөг байсан уу?
Улаан -
Үгүй. Тийм юм байдаггүй байсан.
Дэжид -
Тэр ажлын хувцсыг нь ямар хугацаатай өгөх үү?
Улаан -
Тэрийгээ улирлаар өгнө.
Дэжид -
Улиралд л нэг комбинзонтой. Гутал нь ямар хугацаатай байх уу?
Улаан -
Гутал нь нэг жилдээ л хүрдэг байсан.
Дэжид -
Жилийн л нормтой байсан байна.
Улаан -
Өвөл зуных гээд тусдаа.
Дэжид -
Гутал нь уу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Таны үед бол эрх мэдэлтэй хүмүүс зан харьцаагаар ялгагдахгүй өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлдэг байж. Дарга гээд арай өөр харьцаад, өндөр дугарахгүй юу?
Улаан -
Тийм. Тэрийгээ тэгээд хийчихээрээ гэнэ тэгэхээр нь хийчихнэ.
Дэжид -
Тэр үед та гадаадын мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан уу?
Улаан -
Гадаадын хүмүүстэй ажиллаагүй ээ. Зүгээр л өөрсдийнхөө мэргэжилтэнгүүдтэй ажиллаж байсан.
Дэжид -
Би таниас нилээд эртний юм асууж байгаа. Яагаад гэвэл таны ээж амьд сэрүүн өндөр нас наслаад байж байна. Аймагт танай ээж шиг зуу насласан хүн цөөхөн байдаг уу?
Улаан -
Тав байдаг.
Дэжид -
Аан. Тав байдаг уу. Бие гайгүй үедээ их хуучтай сайхан хүн байна. Тэгээд би таниас өнө эртний юм асууж лавлаад байгаа юм. Тэгэхээр та ээжээсээ дуулсан байх.Ер нь тэр үеийн зан заншил ямар байсан бэ? Хүмүүсийг залууд нь яаж гэрлүүлдэг байсан бэ? Хувьсгалын өмнө амьдал ямар байсан бэ? та өөрийнхөө сонсож мэдсэн зүйлээс ярихгүй юу? Таны амьдралын туршид гэрлэх асуудал яаж хувирав? Эмэгтэйчүүд ямар эрхтэй байв?
Улаан -
Ээжийн үед бол бариад өгчихдөг үе байсан байна лээ.
Дэжид -
Бариад өгнө гэхээр яах уу?
Улаан -
Одоо тэдний хүүтэй нийлүүл хүүхнээ гэж хоёр талаасаа яриад.
Дэжид -
Өөрөөр хэлбэл ээж аавынх нь саналаар.
Улаан -
Тийм.
Дэжид -
Өөрсдийнх нь хүсэлтээр биш.
Улаан -
Тийм. Бидний үед бол өөрсдийнхөө хүсэлтээр л байсан.
Дэжид -
Таныг бага байхад хуримаа хийж байсан хүн байна уу? Яаж ёслол үйлддэг байсан бэ?
Улаан -
Тэр үед бол өөрсдийн талаас тийм юм их байгаагүй.
Дэжид -
Ер нь ээжээс чинь уламжлагдаж ирсэн юу байдаг вэ? Бурхан байсан байхгүй болсон гэж байна. Өөр дурсгалтай юм байна уу?
Улаан -
Өөр нэг их юм байхгүй ээ. Манай эцэг төрийн хар хүн байсан.
Дэжид -
Тийм учраас ном судар, бурхан гэж байгаагүй юм байна.
Улаан -
Тийм.
Дэжид -
Хөдөөлүүлэх ёс яаж явагдаж байсан бэ?
Улаан -
Нэг цагаан даавуунд боогоод л, авч явсан морин тэрэг ч бай үхэр тэрэг ч бай хажуугаар нь харуулаад гурав хоног авахгүй хотны захад тавьчихдаг байсан. Тэгээд гурав хонуулаад тэргээ авна. Явж ирээд хотныхоо хүүхдүүдэд будаа чанаж өгнө. Цагаалга.
Дэжид -
Хөдөөлүүлэхэд тусдаа хүн явах уу? Хамаатан садан нь явах уу?
Улаан -
Манай эцэг дээр дүү нар нь л явсан. Ээжийн үед бол тусдаа өндөр өргөдөг хүн гэж байсан гэсэн.
Дэжид -
Өндөр өргөдөг хүн гэхээр ямар хүн байх уу?
Улаан -
Хүн хаядаг, аваачиж нутаглуулдаг. Даавуунд боогоод нутаглуулдаг.
Дэжид -
Тийм хүн тусдаа байсан юм уу?
Улаан -
Байсан гэсэн.
Дэжид -
Тэр бол нилээд эрт хувьсгалын үед байж. Тэр үед хөдөөлүүлхэд нь хүүхэд явдаг байсан уу?
Улаан -
Явдаггүй байсан. Олон хүн цуглахгүй, гаднаас хүн ирдэггүй байсан.
Дэжид -
Эмээгийн ярьж байснаас таньд үлдсэн энэ нутгийн зан заншилтай холбоотой өөр ямар юм байна вэ? Өөрийн чинь амьдарч байх үед бас ямар зан заншил байв? Өөрийнхөө ажил амьдралтай холбоотой юмнаасаа л ярина ш дээ. Нутаг усныха өөрчлөлтийн талаар ярьж болно. Таны нутаг усанд ямар нэртэй сайхан газар байв? Сангинй аж ахуй нэгдэл гээд. Уул усныхаа тухай ярьж болно. Таны бага байхаас байгаль орчин яаж өөрчлөгдөв?
Улаан -
Ээж хань үр хүүхдээ сайн халамжилж бай гэж хэлдэг. Нөхөртөө цайныхаа дээжийг аягалж өгнө.
Дэжид -
Тэгж сургадаг байсан уу?
Улаан -
Тийм. Ээж тэгж сургадаг байсан.
Дэжид -
Ер нь Сүхбаатар аймаг чинь эрэгтэй хүнийг хүндэлж, дээдэлдэг ёстой.
Улаан -
Тийм.
Дэжид -
Тэр зан заншил нутаг болгонд мөрдөгдөж байсан уу?
Улаан -
Мөрдөгдөж байсан.
Дэжид -
Таны аавыг ч гэсэн ээж чинь хүндэлдэг байж. Тэр нь таньд уламжилж ирсэн үү?
Улаан -
Тийм.
Дэжид -
Цайныхаа дээжийг хийж өгнө. Өшөө яах уу? Аяга нь тусдаа байх уу?
Улаан -
Тийм. Хамгийн түрүүнд дээжийг нь хийж өгч аягална.
Дэжид -
Хамгийн анх таны үзэж харж байснаас юу сонин байв? Хамгийн анх кино үзэх сонин байв уу? Машин трактор сонин байв уу?
Улаан -
Анх сангийн аж ахуй дээр ирээд трактор сонирхож байлаа.
Дэжид -
Их сонин байв уу?
Улаан -
Их сонин байлаа. Машин гэж байсан лдаа. “69”-ийг үзсэн байсан лдаа. Гэхдээ анх тракторыг хараад их сонин санагдаж байсан. Гинжтэй гинжгүй трактор гээд их сонирхож байлаа. Сүүлдээ шинэ шинэ сайхан машинууд гарч ирсэн. “ЗИЛ ЗУУН 30”, 51 гээд.
Дэжид -
Та хот хэдийд анх орж үзэв?
Улаан -
Би хот их орой орсон.
Дэжид -
Хэдэн онд?
Улаан -
1966 онд.
Дэжид -
Ямар ажлаар анх явж байв?
Улаан -
Барилгынхаа юмыг ачиж ирнэ гэхээр ажлынхаа хүмүүсийг дагаж яваад.
Дэжид -
Барилгынхаа юуг?
Улаан -
Барилгынхаа материалыг ачиж ирнэ гээд. Тэгээд цуг явж үзнэ гээд.
Дэжид -
Тэр үед чөлөө өгч байсан уу?
Улаан -
Тэдэнтэй цуг барилгынхаа материалыг авчирдаг хүн болоод ачигчаар нь явсан.
Дэжид -
Анх хот орход юу нь гоё байв? Юу нь содон байв? Хотыг анх хархад сэтгэлд яаж бууж байснаа яриач?
Улаан -
Олон байшин барилгатай, аягүй гоё гэрэл гэгээтэй сайхан газар байдаг юм байна.
Дэжид -
Ямар машинаар анх та хот орж байв?
Улаан -
Тэгэхэд “51” байсан байх. “30” арай гарч ирээгүй байсан.
Дэжид -
Задгай машин. Хэд хонож орох уу?
Улаан -
Түмэнгээс гайгүй нэг хоноод л орчихдог.
Дэжид -
Хотод хаагуур явав? Юу нь их сонин байв?
Улаан -
Гоё оо. Их дэлгүүрээр ороод, толинд ийшээ ч харвал харагдаад, тийшээ ч харвал харагдаад. Их гоё харагдаж байсан даа.
Дэжид -
Та хотод хэд хоносон бэ?
Улаан -
Нэг унтаад л ирж байгаа юм чинь. Барилгынхаа материалыг авчихаад орой нь эргэж байгаа юм. Нэг унтаад маргааш орой нь эргэж байгаа юм. Өдөр тэрүүгээр жаахан явж байгаад.
Дэжид -
Тэгээд их дэлгүүрэр орж үзэж. Гудамж нь цэлгэр машин тэрэг ихтэй.
Улаан -
Тийм. Цэцэг нь их гоё, засчихсан. Тэр нь их сонин. Энэ чинь одоо тарьчихсан юм уу? яачихсан юм бэ? гээд. Ургасныг нь сайхан засчихсан байгаа юм чинь.
Дэжид -
Таримал ч юм шиг байв уу?
Улаан -
Тийм. Тэрийг чинь бид хэд гайхаад их харж байгаа юм чинь.
Дэжид -
Ер нь хотын амьдрал таны аймаг, сум, суурингийнхаас өөр санагдсан уу?
Улаан -
Хамаагүй өөр.
Дэжид -
Хүмүүсийн хувцаслалт нь өөр байсан уу?
Улаан -
Шал өөр.
Дэжид -
Тэр үед та хотод юу өмсөж орсон байсан бэ?
Улаан -
Би тэр үед дээлтэй орсон. Дээлнээс салдаггүй байсан. Аймгийн төв дээр ирж дээлнээс салсан. Тэгэхээс бол дандаа л дээлтэй.
Дэжид -
Дээлээ өөрөө оёх уу?
Улаан -
Өөрөө оёно.
Дэжид -
Хэн таньд зааж сургасан бэ?
Улаан -
Ээж л
Дэжид -
Ер нь ээжээс сурсан юм их олон байна.
Улаан -
Байлгүй яахав.
Дэжид -
Мал маллагааны арга, оёдол гээд л. Та юу юу оёх уу? Үндэсний хувцсаа бүрэн оёчих уу?
Улаан -
Дээлнээс өөр нэг их юм оёхгүй ээ.
Дэжид -
Та өөрийнхөө дээлийг өөрөө оёод өмсдөг үү?
Улаан -
Тийм.
Дэжид -
Таныг амьдарч байх үед бэрхшээлтэй юм юу байсан бэ? Хэцүү юм юу байв?
Улаан -
Бэрхшээлтэй юм анхан гардаг л байсан лдаа. Олон
түмэнтэйгээ болохоор бэрхшээлийг давчихаж байгаа юм чинь.
Дэжид -
Тэр үед хамт олны дунд ямар ажил зохиогдож байв?
Улаан -
Тэр үед хамт олноороо ажлаа л хийхээс өөр ийшээ тийшээ явж байгаагүй ээ.
Дэжид -
Чөлөөт цагааараа юу хийх үү?
Улаан -
Чөлөөт цагаараа өөр өөрсдийнхөө гэрт угаалга, арчилгаагаа хийгээд. Долоо хоногийн оройны бүжгэнд явдаг нэг нь явна.Би явахгүй ээ.
Дэжид -
Та гэр ажил хоёрын хооронд явдаг байж.
Улаан -
Би гэр ажил хоёрын хооронд л. Лекц, дугуйланд явнаа.
Дэжид -
Таны амьдралд бусдаас онцгой зүйл байна уу?
Улаан -
Онцгой тийм зүйл байхгүй ээ.
Дэжид -
Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан тийм зүйл байгаа юу?
Улаан -
Байхгүй ээ.
Дэжид -
Ямар нэг үйл явдлаас болоод тийм юм болсон гэх юм байна уу?
Улаан -
Хоёр ахыгаа нас бархад л.
Дэжид -
Таныг хэр бага байх үед нас барсан билээ?
Улаан -
Томорсон хойно.
Дэжид -
Тэр үед л их харамсаж байж.
Улаан -
Тийм.
Дэжид -
Тухайн үед төрөл бүрийн ажлуудыг та сайн хийж байсан байна. Та голдуу практикаар хийж байж. Тухайн үед шагнал урамшуулал аливаа юманд яаж тодорхойлдог байсан бэ? Ийм хүнд гадаад явдаг асуудал чөлөөтэй байсан уу? Гадаад явдаг байсан уу?
Улаан -
Явдаггүй байсан.
Дэжид -
Ажилчин явах нь цөөхөн байсан уу?
Улаан -
Ховор. Нэг их явж байгаа дуулдаагүй ээ.
Дэжид -
Тэр үед ямар хүмүүс явдаг байсан бэ? Их явдаг байсан уу?
Улаан -
Явдаггүй байсан байх. Сүүлдээ л 1970-н оноос хойш явдаг болсон байх.
Дэжид -
1970 юмуу 1990 юмуу? Та ардчилал гарснаас хойш гэж хэлэх гэж байна уу?
Улаан -
Үгүй ээ.Ардчиллаас өмнө явж байсан. 1970 оноос өмнө юм дуулдаагүй ээ. Ардчилал гараад замбараагүй явж байгаа юм чинь. Хүүхэд нь ч яваад, залуу нь яваад, хөгшин нь ч яваад гэж дуулдаад байгаа юм чинь.
Дэжид -
Охиноо та сургууль соёлыг нь энд төгсгөсөн үү?
Улаан -
Тийм. Энд арван жил төгсөөд, их сургууль төгсөөд.
Дэжид -
Ямар мэргэжлийн хүн билээ?
Улаан -
Нябо-эдийн засаг.
Дэжид -
Одоо энд ажиллаж байна уу?
Улаан -
Дарга хийж байгаа.Хувьдаа Моност ажиллаж байгаа.
Дэжид -
Нягтлан бодох мэргэжилтэй хүн юм байна.
Улаан -
Тийм.
Дэжид -
Тэгээд нэг зээтэй. Одоо эмээг хараад их том ажил хийж байгаа юм байна. Энэ бол их том асуудал. Зуун нас гэдэг чинь аргагүй өндөр нас. Гэхдээ ой санамж бол сайн байна.
Улаан -
Тийм. Надаас л дээр ярьчих гээд байдаг.
Дэжид -
Жирийн хүний амьдралд төрийн бодлого яаж нөлөөлж байв? Төрөөс ажилчин хүнийг дэмжсэн ямар арга хэмжээ явагддаг байсан бэ? Таньд мэдэгддэг байсан уу?
Улаан -
Ажилчинаа юу?
Дэжид -
Тийм. Ажилчин хүнийг дэмжих талаар улсаас ямар бодлого явуулж байсан бол? Шинэ залуу ажилчидыг бэлтгэж байсан болов уу? Сургууль курсэд явуулдаг байсан уу?
Улаан -
1970 онд бол явуулдаг байсан. Тогоочын курсэд явууллаа гэдэг байсан. Би бол сургуульд суугаагүй болохоор чинь явж чадахгүй байгаа юм чинь.
Дэжид -
Боловсролоос нь шалтгаалаад явуулдаг байж.Өөр социализмын үед яаж ажиллаж байв?
Улаан -
Суманд тракторын мэргэжил олгож байсан. Манай ах тэнд суугаад трактор, комбайн барьдаг байсан.
Дэжид -
Трактор комбайны курс явагдаж байж.
Улаан -
Тийм.
Дэжид -
Та өөрөө сургууль соёлоор яваагүй болохоор хашраад ганц охиноо сургуультай болгоё гээд дээд сургуульд явуулжээ?
Улаан -
Тийм.Өөрөө хаширчихаад.
Дэжид -
Амьдралдаа таньд бахархдаг юм юу байна вэ? Ямар юмыг та муухай гэж боддог уу?
Улаан -
Жигших юм юу байхав. Одоо ардчилал гараад архи чинь л айхтар. Архийг л жигшиж дийлэхгүй юм. Хүүхдүүд чинь их уудаг болчихсон байна ш дээ.
Дэжид -
Тэр үед тийм зүйл бага байсан уу?
Улаан -
Бага байсан. Архи уудаг эрэгтэй хүн ховор байсан. Одоо бол эр эмгүй л уугаад байна.
Дэжид -
Таны үед бол эмэгтэй хүн архи уух нь байхгүй, эрэгтэй хүн цөөхөн байж.
Улаан -
Тийм.
Дэжид -
Ажил дээр архи уухад социализмын үед яадаг байсан бэ?
Улаан -
Архи уудаггүй байсан. Хэрвээ уувал ажилчины арга хэмжээ авна даа. Ер нь уудаг хүн бага.
Дэжид -
Тухайн үед олон жил ажилласан хүнд нэмэгдэл байх уу? Ямар шагнал, урамшуулал байсан бэ? Ажлын хэдэн өдөр амардаг байв?
Улаан -
Долоо хоногтоо амардгаараа амраад. Гуанзанд ажилдаг байхад давшилт гэж өгдөг байсан. Илүү цаг ажилласаны хөлс.
Дэжид -
Илүү цаг ажилласны хөлс өгдөг байсан уу?
Улаан -
Өгдөг байсан.
Дэжид -
Ээлжийн амралт хэд хоног байсан бэ?
Улаан -
Арван дөрөв хоног амардаг байсан.
Дэжид -
Та тэр амралтаа гэртээ амраад өнгөрөөдөг байсан уу? Улсын амралтанд очдог байсан уу?
Улаан -
“Гурван нуур”-т гурван жил явсан.
Дэжид -
“Гурван нуур” нь улсын амралт юм уу? Байгууллагаас мөнгийг нь даах уу?
Улаан -
Байгууллагаас даана.
Дэжид -
Байгууллагын зардлаар гурван жил явсан юм байна. Хэд хоног амраах уу?
Улаан -
Арван дөрвөн хоног амраана.
Дэжид -
Хуучин амралтанд арван дөрөв хоног амардаг байсан юм уу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Тэр үед амархад ямар байсан бэ?
Улаан -
Сайхан байсан.
Дэжид -
Тэр сайхныгаа та ярьдаа.
Улаан -
“Гурван нуур”-ын амралт чинь аягүй гоё газар байсан.
Дэжид -
Аль нутаг усанд байдаг юм бэ?
Улаан -
Хэнтий аймгийн Дадал суманд байдаг.
Дэжид -
Та “Гурван нуур”-ыг харагдтал сайхан яриадах.Социализмын үеийн амралт ер нь ямар байсан юм бэ? Юу зохион байгууллагддаг байсан бэ? Хоол унд нь ямар байв?
Улаан -
Орой бүхэн бүжиг зохионо.Сайхан л байсан.
Дэжид -
Амралтанд та юу сурч байв?
Улаан -
Амралтанд бүжиг сурах л санаатай. Өөрөө бүрэг болохоор цуг явсан хүмүүс л явъя, явъя гээд л.
Дэжид -
Та хийх биш харагч болсон юм байна. Хараад сууна гэдэг чинь тэгээд сурна лдаа. “Гурван нуур”-ын амралтын тэр үеийн онцлог.
Улаан -
Рашаан, шавар энэ тэр тавигддаг байсан.Зүү тавьна.
Дэжид -
Очингуут эмч үзэх үү? Та сайхан ярь даа.
Улаан -
Ногоон онгоцоороо буугаад.
Дэжид -
Онгоцоор явдаг байсан юм уу?
Улаан -
Тийм. Ногоон онгоц үйлчилдэг байсан.
Дэжид -
Онгоц нь эндээс хэдэн цаг явах уу?
Улаан -
Гайгүй явдаг байсан байх. Цагаа сайн мэдэхгүй байна.
Дэжид -
Онгоцны үнийг байгууллага даах уу? Хувь хүн даах уу?
Улаан -
Байгууллага даана.
Дэжид -
Онгоцных нь мөнгийг даагаад, тэнд очих мөнгийг нь даагаад. Ер нь хэдэн төгрөг байсан бэ? та мэдэж байна уу?
Улаан -
За даа. Бас сайн мэдэхгүй л байна.
Дэжид -
Та байгууллагын зардлаар амарч байсан гэдэг чинь их сайн ажиллаж байж. “Гурван нуур”-ын амралт чинь байгалийн ямар онцлоготой амралт юм бэ?
Улаан -
Их сайхан модтой. Нууртай. Нүдний нуур гээд.
Дэжид -
Одоо тэр сайхан газар та дахиж очсон үү?
Улаан -
Үзээгүй.
Дэжид -
Социализмын үед л очиж байснаас хойш очоогүй юм уу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Та сая завсарлах хооронд бахархмаар зүйл байсан тэрийгээ ярихаа мартчихаж гэж байсан. Тэрнийхээ талаар та ярьдаа.
Улаан -
Бахархах юм байлгүй яахав. Ээж маань өдий өндөр насалсан хүнд бахархах юм байлгүй яахав дээ. Ээж маань өнөө жил Цагаан сарын шинийн гурванд зуун насныхаа ойг хийлээ. Миний ээж дайнд явж байсан гэж байгаа.
Дэжид -
Хэдэн онд вэ?
Улаан -
Оноо бол одоо сайн мэдэхгүй. Бүр дээр үед.
Дэжид -
1910-н хэдэн оны үед гэхээр чинь Барон Унгернийг дархад явж байсан юм уу?
Улаан -
Ээж л хуучилж байсан. Би юугаа мэдхэв дээ.
Дэжид -
Улсынхаа тусгаар тогтнолын төлөө явж байж. Эмээгийн зуун нас насалсны ойн өргөмжлөлийн зургийг авсан. Лхам гуай таньд гээд өргөмжлөл олгосон байна лээ. Та хоёрын зургийг сая авлаа. Та ээжийгээ сайхан асарч байсны гавъяа энд байгаа лдаа. Тухайн үед та өөрийнхөө л чадлаар мэргэжил мэдлэгээ дээшлүүлж явсан. Социализмын үед хүн болгон ажилтай байсан уу?
Улаан -
Яг ч хүн болгон байгаагүй. Гэхдээ ажилтай байсан.
Дэжид -
Баталдаг байсан уу?
Улаан -
Тийм. Олон хүүхэдтэйн 1, 2-р одон өгч байсан.
Дэжид -
Таны амьдралд төрийн бодлогоор ийм явж дээ гэсэн юм байна уу?
Улаан -
Хүүхнээ их сургуульд явуулсан даа их бахархдаг.
Дэжид -
Тэр үед хүүхдээ сургуульд төгсхөд та мөнгө өгч байсан уу?
Улаан -
Үгүй. Үнэгүй байсан. Сүүлийн нэг жил үнэтэй болсон. Тэрийг нь өөрөө гарч ирээд ажил хийгээд эргүүлж төлсөн.
Дэжид -
Та тэгвэл төрийн хайр хишгийг тэгж хүртэж байж гэж үздэг юм байна. Тухайн үед та байгууллагынхаа журмаар амралтанд явж байж. Танай гэр бүлийн хүн ямар ажил хийж байсан билээ?
Улаан -
Гэр бүлийн хүн барилга дээр ажиллаж байсан. Бас худалдаанд аж ахуй хийж байсан.
Дэжид -
Залуу гэр бүлийг дэмжээд гэр, орон байр өгч байсан уу? Эсвэл өөрсдөө бэлдэж байсан уу?
Улаан -
Өөрсдөө бэлдэнэ. Гэхдээ хамт олон ирж найр хуриманд дэмжлэг үзүүлж байсан.
Дэжид -
Та гэр бүлтэй болсон гээд найр хурим хийж байсан уу?
Улаан -
Сангийн аж ахуйд гэр бүл болж байсан учраас тал талаас тусалсан.
Дэжид -
Сангийн аж ахуйн хүмүүс чинь таньд дурсгалтай юу өгч байсан бэ?
Улаан -
Хамт олноороо мөнгө өгдөг байсан.
Дэжид -
Гэрийг яаж бэлдсэн бэ?
Улаан -
Өөрсдөө л бэлдэнэ.
Дэжид -
Та өвгөнтэйгээ нийлж бэлдсэн үү? Өвгөн чинь дангаараан бэлдсэн үү?
Улаан -
Хоёр талаасаа нийлээд л.
Дэжид -
Гэрийг чинь худалдаж авах уу? Хийх үү?
Улаан -
Худалдаж авсан.
Дэжид -
Тэр үед гэрийн гол тавилга чинь юу байсан бэ?
Улаан -
Төмөр пүрштэй цагаан толгойтой ор, чемодан, толь.
Дэжид -
Тэр үед ямар толь байсан бэ?
Улаан -
Нугастай толь ховор байсан. Зүгээр л толь. Нугастай толь чинь их ховор байсан.
Дэжид -
Тэгээд авдар байх уу?
Улаан -
Авдар байна.
Дэжид -
Хамт олон чинь бие биендээ мөнгө өгч, баяр хүргэж байж.
Улаан -
1960-н хэдэн онд тэр чинь явагдаж байсан.
Дэжид -
Зан үйлийг багйууллагаас нь хийдэг байсан уу? Найз нөхөд нь хийдэг байсан уу? Өөрсдөө хийдэг байсан уу?
Улаан -
Өөрсдөө л хийдэг байсан.
Дэжид -
Тэгээд хамт олноо урих уу?
Улаан -
Хамт олон нь тэгээд ирдэг байсан.
Дэжид -
Өөр таньд дурсгалтай, сайхан үйл явдал юу байна вэ? Мэдээж шинэ гэр бүл болоод батлуулаад. найз нөхдөө уриад сайхан байж.
Улаан -
Өөр ч юу байхав дээ. Ярьж мэдэхгүй байна.
Дэжид -
Таны хамгийн сайхан мөчүүдээ өнгөрөөсөн газар бол Түмэнцогтын сангийн аж ахуй юу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Тэр үед сангийн аж ахуйд гадны мэргэжилтнүүд ажиллаж байсан уу?
Улаан -
Үгүй ээ. Сүүлдээ л гадны мэргэжилтэнгүүд ирсэн.
Дэжид -
Ер нь тал талаас хүмүүс ирэх үү?
Улаан -
Тийм.Хөдөө аж ахуйн техникүүдийг Орос мэргэжилтэнгүүд зааж байсан.
Дэжид -
Таны хамгийн дурсгалтай үе сангийн аж ахуйд өнгөрч байж. Социализмын үед та хэдийгээр боловсрол бага ч гэсэн бүхий л салбарт хүчээ үзэж байж. Нийтийн хоолонд ч ажиллаж байж, сангийн аж ахуйд ч ажиллаж байж. Сангийн аж ахуйд та юу хийж байлаа?
Улаан -
Сангийн аж ахуйд мал дээр ч байсан, барилга дээр ч байсан.Үтрэм дээр байсан.
Дэжид -
Үтрэм дээр юу хийх үү?
Улаан -
Будаагаа хураана.
Дэжид -
Хэзээ хийх үү?
Улаан -
Намар будаагаа хураахаар.
Дэжид -
Будааг уул шиг овоолчихдог юмуу?
Улаан -
Тийм. Тэгээд ялгана.
Дэжид -
Юуг нь ялгах уу?
Улаан -
“ОП 20” гэдэг машин луугаа ойртуулна. Тэрийг нь дээш нь нуруулдаж хураана.
Дэжид -
Тэгэхэд хэдэн цагаар ажиллах уу?
Улаан -
Ээлж ээлжээр. Найман цагаар ажиллана.
Дэжид -
Үтрэм дээр ажиллахаар нүүр ам битүү тоос болох уу?
Улаан -
Тийм. Маск хийнэ.
Дэжид -
Голдуу хүүхнүүд ажилладаг юм уу? Эрчүүд ажилладаг уу?
Улаан -
Ганц хоёр эрчүүд ажиллана. Машин тэргээ ажиллуулна.
Дэжид -
Тэр үед үтрэм дээр ажиллаж байсан хүмүүсээс өөр хүмүүс ирж туслах уу? Аймгийн төв зэргээс туслах ажилтнууд очих уу? Зөвхөн сангийн аж ахуйн хүчээр хийх үү?
Улаан -
Яг тариа хураалтын үед оюутнууд ирдэг байсан.
Дэжид -
Тэр үтрэмийн ажлын юу нь таньд сайхан байв?
Улаан -
Сайхан байсан.
Дэжид -
Ээлжээр ажиллах уу?
Улаан -
Нэг гарахдаа дөрөв юмуу тавуулаа гарна.
Дэжид -
Будаагаа тал талаасаа хамдаг байсан уу?
Улаан -
Тийм.Тэгээд дээш нь нуруулдана. Тэгээд машиндаа ойртуулж өгнө. Тэр машин нь будаагаа цэвэрлэнэ.
Дэжид -
Машинаас гараад ирэхээр нь тэрийг нь дээш нь болгож байсан юм уу?
Улаан -
Тийм.
Дэжид -
Тэр цаг үеийн ажил чинь бас цалин хөлс нь өөр байх уу?
Улаан -
Өөр байна.
Дэжид -
Ямар цагийн горимтой байсан бэ?
Улаан -
Үдэд амарчихаад очно. Яг хураалтын үеэр ээлжээр ажиллана.
Дэжид -
Тэр оюутнуудад хэлж зааж өгөх үү?
Улаан -
Багш нар бас цуг ирнэ.
Дэжид -
Яг ажил дээр та нар зааж өгөх үү?
Улаан -
Тийм. Тусдаа ч биеэ даагаад хийнэ.
Дэжид -
Тэр үед яаж цалинждаг байв?
Улаан -
Тэр үеийн цалин дажгүй шүү. Хийснээрээ л болно лдоо. Зарим сард 300 хүрч байсан.
Дэжид -
Таны хувьд социализмын үед би тэгэхэд л их цалин авч билээ гэсэн юм санагдаж байна уу?
Улаан -
Мал дээр л ажиллаж байхад их цалин авч байсан.
Дэжид -
Нөхөр чинь барилга дээр нормын ажил хийх үү? Эсвэл удирдах ажил хийж байсан уу?
Улаан -
Удирдах ажил хийж байсан.
Дэжид -
Юу хийх үү?
Улаан -
Ингэж юмаа хий, тэгж юмаа хий гэдэг бригадын дарга байсан.
Дэжид -
Цалин таниас их авах уу?
Улаан -
Тийм. Гэхдээ бараг төстэй.
Дэжид -
Та хоёрын цалин амьдралдаа хүрдэг байсан уу?
Улаан -
Хүрдэг байсан.
Дэжид -
Тэр үед та Монгол үндэсний хувцаснаас гадна ямар юм өмсөж байв?
Улаан -
Өмсөж байгаагүй ээ. Аймгийн төвд л орж ирээд янз бүрийн юм өмсөж байсан.
Дэжид -
Тэр үед үндэсний хувцас хийж байсан даавуунууд нь хаанаас орж ирдэг байсан бол?
Улаан -
Голдуу Оросоос л. Хятадаас ч ирдэг байсан.
Дэжид -
Ямар ямар даавуунууд нь дээл хийхэд сайн байсан гэдгийг та одоо санаж байна уу?
Улаан -
Хятадын “Үйтэн хуар”, “18”-ын торго, “36”-ын торго нь их сайн байсан. Оросынх ч байсан, Хятадынх нь ч байсан.
Дэжид -
“18”-ын торго гэдэг чинь нэг метр нь 18-н төгрөг, “36”-гийнх гэдэг чинь нэг метр нь 36-н төгрөг гэсэн үг үү?
Улаан -
Тийм. Тэрүүгээр нь тэгээд нэрлэчихнэ.
Дэжид -
“18” юмуу “36”-гийн торгон дээлтэй хүн бол ганганд л орж байсан уу?
Улаан -
“36”-гынх бол сайханд л орж байсан.”18”-ийх нь яахав жирийн л байсан.Гэхдээ давгүй ээ.
Дэжид -
Ер нь хөдөө орон нутагт дандаа дээл өмсдөг байсан уу?
Улаан -
Дээл л өмсөнө.
Дэжид -
Хэдэн оноос та европ хувцас өмсөж эхэлсэн бэ?
Улаан -
1971 онд манайх энд нүүж ирсэн дээ.
Дэжид -
Тэгээд та 1972, 73-н оноос үндэсний хувцасаа өөрчилсөн байна?
Улаан -
Тийм.
Дэжид -
Одоо эргээд үндэсний хувцас их өмсөж байна ш дээ.
Улаан -
Тийм. Баяраар бол их өмсөж байгаа.
Дэжид -
Улаан гуайтай зөндөө олон асуудлын талаар ярьлаа.
Улаан -
Би сайн ярьж мэдэхгүй юмаа.
Дэжид -
Та сургууль соёлоор яваагүй хүн гэхэд энэ зэрэгтэй ярихаас яахав. Үүнд бол чамлалт байхгүй. Ингээд хоёулаа яриагаа өндөрлье.Таньд баярлалаа.
Улаан -
Баярлалаа.
Дэжид -
Таны ээжийг Мээм хөгшин гэж авгайлдаг юм байна. Ийм сайхан өндөр настан Лхам гуай таньд баярлалаа.
Улаан -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.