Tserenbaltav
![](../assets/images/interviewees/990540.jpg)
Basic information
Interviewee ID: 990540
Name: Tserenbaltav
Parent's name: Sereetgeer
Ovog: Pagnir
Sex: m
Year of Birth: 1933
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / herder
Belief: Buddhist
Born in: Halzan sum, Sühbaatar aimag
Lives in: Halzan sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
military
collectivization
herding / livestock
environment
belief
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу? Цэрэнбалтав гуай?
Цэрэнбалтав -
Сайн сайн байна уу?
Дэжид -
Сайхан зусч байна уу, Та?
Цэрэнбалтав -
Сайхан зусч байна. Сайхан зусч байна уу?
Дэжид -
Өнөөдөр 2010 оны 6-р сарын 23. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд энэ аймгийн унаган, энд өсч төрсөн малчин Цэрэнбалтав гуайтай уулзаад байна. Кембрижийн их сургуулиас Монголын 20-р зуунд ажиллаж амьдарч байсан хүмүүсийн талаар түүхийн судалгаа явж байгаа юм. Энд таныг олон жил мал малласан энэ аймгийн унаган хүн учраас уулзаж ярилцлага авахаар урилга өгсөнийг хүлээж авсанд их баярлаж байна.
Цэрэнбалтав -
За баярлалаа.
Дэжид -
Та энэ ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Цэрэнбалтав -
Юуг нь нууцлах вэ дээ.
Дэжид -
Тухайн үед малчин хүн яаж ажиллаж амьдарч байсан тухай төлөөлөл болгож таныг яриулж байгаа юм. Тодорхой хугацааны дараа түүх эрдэмтэн судлаачид та бид хоёрын ярьсан ярианаас тодорхой хэсгийг судалгааныхаа материалд ашиглах, хэвлэл мэдээлэлд ишлэл болгон ашиглахыг та Кембрижийн их сургуульд зөвшөөрч байна уу?
Цэрэнбалтав -
Ирээдүйд миний ярьсан зүйлийг цааш цаашид нь хүүхэд багачуулд танилцуулж, хэлж өгөх л зорилготой байна ш дээ. Тийм болохоор татгалзахгүй байна аа. Тэр болно оо.
Дэжид -
За, Та хэдэн онд, ямар нутаг усанд төрөв? Бага насаа яаж өнгөрөөсөн юм? Эцэг эхийнхээ талаар, өөрийнхөө түүх намтараас дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
Цэрэнбалтав -
Би 1933 онд Халзан сумын нутаг Жижигтийн хөндий гэдэг газар төрсөн хүн. Тэгээд аав ээжийн асрамжаар бойжин өсч байгаад 18 нас хүрч хувийн аж ахуйтанаар ажиллаж аав ээжтэйгээ малаа маллаж байгаад нас 20 хүрч эх орноо хамгаалахаар ардын цэргийн албанд 53 онд татагдан цэргийн албыг 3 жил хааж, 56 онд цэргийн албанаас халагдаж ирээд аав ээжтэйгээ мөн адил мал малаа маллаж цуг амьдарч байгаад 58 онд гэр бүлээрээ бөөндөө элссэн.
Дэжид -
Хоёулаа жаахан задалж ярина аа. Тэр үед цэрэгт албан хүчээр татдаг байсан юм уу? саналаараа явдаг байсан юм уу?
Цэрэнбалтав -
Саналаараа явна. Албан журмаар авахгүй.
Дэжид -
Хаана цэргийн алба хаав. Цэргийн алба гэдэг нь ямар ямар юм зааж сургадаг, ямар үр ашигтай юм байсан юм бэ?
Цэрэнбалтав -
Анх Дорнод аймагт татагдаж очсон. Цэргийн алба бол яахав эх орноо хамгаалах зорилготой улсууд шүү дээ. Тэгээд цэргийн эрдмийг сурч эх орноо хамгаалах ажил үйлсэд гар бие, амь насаа хайрлахгүй гэсэн сэтгэлээр зүтгэж байсан. Цэргийн газар яахав хичээл ном заана. Хээрийн сургууль гэж янз бүрийн юмаар цэргүүдээ сургана даа.
Дэжид -
Та ер нь цэрэгт явахаасаа өмнө сургуульд явж байсан уу?
Цэрэнбалтав -
Үгүй. Сургуульд яваагүй.
Дэжид -
Тэр үед сургууль байсан юм уу?
Цэрэнбалтав -
Байсаан, байсан. Дээрийний байсан юм. Намайг аав ээж гар дээрээ байлгаж байгаад л сургуульд оруулаагүй юм.
Дэжид -
Эцэг эхээс та хэдүүлээ вэ?
Цэрэнбалтав -
Би эхээсээ ганцаараа.
Дэжид -
Айлын ганц хүү юм уу?
Цэрэнбалтав -
Тийм.
Дэжид -
Доороо дүү, дээрээ ах эгч гэж байхгүй юу?
Цэрэнбалтав -
Надаас өмнө аав ээж маань эгч өргөж авсан. Нэг эгч байдаг юм. Доороо бол дүү байхгүй.
Дэжид -
Айлын ганц хүү байж. Тэгээд сургуульд ч явуулж чадахгүй, дэрэгдээ байлгах гэдэг байсан юм аа даа. Тийм ээ?
Цэрэнбалтав -
Тийм.
Дэжид -
За тэгээд арми танд үр ашигаа өгсөн үү?
Цэрэнбалтав -
Арми бишгүй үр ашигаа өгсөн. Тэсвэр тэвчээр, хатуужлыг бол арми үнэхээрийн бидэнд өгсөн гэж бодож явдаг. Юм хараад шантарч, айж ичсэн биш, тулж ирсэн юманд эрэмгий зоримгий, эх орноо хамгаална гэж тангараг өргөсөний хувьд өөрийнхөө биеэр шударга тэмцэх тийм хүмүүжлийг манай арми эх орноо хамгаалж байгаа цэргүүддээ олгодог байсан.
Дэжид -
Нэгдэлд анх ороход ямар байв? Яаж хүн элсүүлдэг байсан юм?
Цэрэнбалтав -
Яахав амины хэдэн малаа нийгэмчлээд нэгдэлийн гишүүн болж байсан юм.
Дэжид -
Та цэргээс ирээд тусдаа бие дааж амьдарсан уу? Эцэг эхтэйгээ байсан уу?
Цэрэнбалтав -
Эцэг эхтэйгээ цуг байж байгаад нэгдэлд ороод нэгдлийн мал малласан.
Дэжид -
Та тэгээд цэргээс ирээд мал малласнаасаа хойш л малчин хийсэн үү?
Цэрэнбалтав -
Тийм.
Дэжид -
Танайх тухайн үедээ нэгдэлд хичнээн толгой малаа өгч байсан юм?
Цэрэнбалтав -
Онцолж сайн хэлж мэдэхгүй л байна. Үхэр л ихтэй байсан юм даа. Хонь ямаа бол яахав хоёр, гурван зуугаас нэг их өнгөрөөгүй байх. Үхэр 100 гарныг ч өгч байл уу. Адуу гэвэл унага даага нийлүүлээд 20, 30-ийг өгч байсан байх. Тэмээ бол өгөөгүй. Өөрөө тэмээ муутай байсан айл байсан.
2-р хэсэг:
Дэжид -
Нэгдэлд танайх бүлээрээ орж, тийм малууд нийгэмчилж байж. Цэрэнбалтав гуай тэр үед ер нь яагаад нэгдэлд орох болсон юм? Айлууд бүгд орж байв уу, танайхан эхэнд нь орж байв уу?
Цэрэнбалтав -
Манайхан эхэнд нь ч ороогүй ээ. Манайханд хэдэн улс нэгдээд "Хөдөлмөр" нэгдэл гэж байгуулж байсан юм. Тэгээд улсууд цуглаад л ороод л байсан. Зарим хүмүүс нь орохгүй жаахан удаж л байсан. Бид яахав тэгээд улс амьтан орж байна, ордог ч юмуу гэж хоорондоо ярьж байсан.
Дэжид -
Танайх бол нэлээд малтай айл байсан байна ш дээ. Үхэр голдуу байсан юм уу?
Цэрэнбалтав -
Малтай. Үхэр голдуу. Хувийн аж ахуйтан байхад албан татвар, хойтон гэхэд малаа төд хүргэсэн бай гээд тэгдэг байсан юм. Тэгээд тэрэнд нь хүргэх гээд зүтгэнэ. Хүргэж яадахгүй бол бас хэцүү. Хурал дээр шүүмжлэлд ордог байлаа л даа.
Дэжид -
Дээр үед хувийн аж ахуйтай айлуудад төлөвлөгөө өгдөг байж. Тэгэж ойлгож болох уу?
Цэрэнбалтав -
Тийм ээ, тийм. Ер нь ухаандаа нэгдэлд ороогүй удсан нь албан журмынхаа юмыг дийлэхгүй болж байгаа юм уу даа. Бид бол тийм юманд арай хүрээгүй эрт орчихсон юм.
3-р хэсэг:
Дэжид -
Аа зөв зөв. Ерөнхийдөө хувийн татвараа дийлэхээ болиод нэгдэлд орох сонирхол бол төрсөн юм байна тийм үү?
Цэрэнбалтав -
Ер нь ард түмэн сүүлрүүгээ тийм хүндрэлтэй болсон шалтгааны улмаас нэгдэлд бөөн бөөнөөрөө орлоо гэж ойлгосон.
Дэжид -
За тэгээд та нэгдэлд ороод юу хийж эхлэв?
Цэрэнбалтав -
Адуу хариулж байсан. Тэгээд дандаа нэг юманд байгаад байхгүй ш дээ. Нэгдэл тэрийг тийм мал дээр тавина, тэрийг тийш нь өгнө, тэрийг тэр айлын талд өгнө гээд зохион байгууллалт хийнэ.
Дэжид -
Та хэдэн жил адуу хариулсан бэ?
Цэрэнбалтав -
Би нэг жил гаран л хариулсан. Тэгээд биеийн байдал тааруухан болоод адуунаасаа гарсан. Тэгээд дандаа хойшоогоо хонь, ямаагаа маллаад л байсан.
Дэжид -
Хэдэн жил малчин хийсэн бэ? "Хөдөлмөр" нэгдэлд 58 онд орсон юм байна тийм ээ?
Цэрэнбалтав -
58 оноос хойш 99 он хүртэл дандаа л хонь ямаа маллаад 30 гаран жил болж дээ.
Дэжид -
Өөрөөр хэлбэл нэгдэл тартал л ажилласан юмаа даа?
Цэрэнбалтав -
Тийм. Ер нь л нэгдэл талаад хувьд нь тараалаа ш дээ. Тэр болтол нь би хариулж байгаад л нэг тамгатай бичиг барьсан хүн ирэхээр нь төдөн хонь, төдөн ишигтэй ямаа өглөө гээд тараагаад л тэгээд хувийн аж ахуйтан болж эхэллээ ш дээ.
Дэжид -
Нэгдэлд ороод адуучин байхад ямар онцлогтой байв?
Цэрэнбалтав -
Адуу хариулж байхад өглөө эрт мордож хураах шаардлагатай. Орой адуу мал их тардаггүй. Олон адуутай баян айлын адуу маллаж байсан өвгөцүүлийн үгийг их сонсоно. Тийм учраас өглөө эрт харуй бүрийгээр л адуундаа явна. Татдаг худгаас адуугаа услана. Тэгэхлээр хөдөлмөр нэлээд орно. Хөлсөө байгуулаад л ховоо татаад л явна.
Дэжид -
Ховоо татна гэдэг чинь худгаас ус татахыг хэлж байна уу? Ховоо гэдэг нь орчин үеэр бол хувин юм аа даа?
Цэрэнбалтав -
Тийм.
Дэжид -
Ховоо нь хэдэн литрийн багтаамжтай байхав? Өдөрт хэд орчимийг татах вэ?
Цэрэнбалтав -
Ховоо бол яахав дээ төд өд гэсэн юм бол байхгүй. Багцаагаар адуу нэг удаа 15 литр орчим ууж байгаа юм. Яагаад тэгж багцаалж байгаа юм гэхээр унаж яваад морио услахад юучгүй хоосон онгоцонд энэ нэг төдөн литрийн ховоо байна даа гээд багцаалаад хийгээд байхад тэгж гарч байгаа юм. Онгоц гэдэг нь мал усладаг уртаа тийм сав байна. Бөөрөнхий модыг голыг нь ухаад онгоцоо хийдэг юм. Зуны цагт ганцхан уславал адуу мал их тарна. Ус эрж явчих гээд ч байх шиг. Би бол орой өглөөгүй л услаж байсан юм.
Дэжид -
Адуу чинь их тараад явчихвал ажиллагаа их орох уу?
Цэрэнбалтав -
Тэгнэ. Өнөөхийгөө эрж сурна. Орой услаад бэлчээрт нь гаргаад яахав настангуудын сургуулиар л явж байгаа юм. Орой харуй бүрий болохоос өмнө явж очиж адуугаа бясгаж тавина. Тэр нь юуг хэлж байгаа юм гэхээр азарга азаргаараа тал тал тийшээ тарчихсан адууг бөөгнүүлээд тогтоогоод нэг чигт нь болгоно. Өөрөөр хэлбэл өөр чигт явчихсан адууг яарамгүй тогтуухан толгойг нь хойноос нь дарж өгөөд адуугаа сайхан тогтоож идүүлээд орхичихсоноо адуугаа сайхан бясгачихлаа гээд ирээд амарна даа. тэгээд өглөө мөн л эрт мордож адуугаа хураана.
Дэжид -
Өдөрт хэд орчим цаг унтдаг байсан бол?
Цэрэнбалтав -
Өдөр бол нэг их унтаад байхгүй дээ. Шөнө бол яахав дээ адуугаа бясгачихсан гээд унтаад өгнө. Залуу байхад сэргэг айл амьтан хэсээд тоглоод явна. Өдөр бол унтахгүй, адуу малаа услана. Ийш тийшээгээ тараад явчих вий гээд харж хандана.
Дэжид -
Та хэд орчим адуу хариулдаг байв?
Цэрэнбалтав -
500-аад адуутай байсан.
Дэжид -
Нэг хүн л хариулах уу?
Цэрэнбалтав -
Хоёр хүн хариулж байсан юм. Хоёулаа л тэгээд өглөө эрт л мордоно доо. Тэгээд ховоо гэдэг юмыг чинь угзарч өгнө.
Дэжид -
Адуу маллахад зун нь хэцүү байх уу, өвөл нь хэцүү байх уу? аль улиралд нь хүндрэлтэй байсан бэ?
Цэрэнбалтав -
Өвлийн цагт л их хүндрэлтэй дээ. Хүйтэнд уруудаж их явна. Зуны цагт их шумуултай цагт бол их мал чинь захаасаа салхидаж явчих гээд бас хэцүү л байдаг юм. Хотонд байдаггүй хээрийн бэлчээрт байдаг мал болохоор бас хэцүү шүү.
Дэжид -
Та адуу маллаж байхдаа ямар цалин авч байв?
Цэрэнбалтав -
Цалин яахав дээ 70, 80 төгрөг л авна даа.
Дэжид -
Тэгэхэд та аав ээжтэйгээ байсан уу?
Цэрэнбалтав -
Өө, тийм. аав ээжтэйгээ цуг л байсан.
Дэжид -
Аав ээж чинь ямар мал маллаж байсан бэ?
Цэрэнбалтав -
Аав ээж маань өндөр нас хүрсэн байсан болохоор гэрт л надад туслаад байж байсан.
4-р хэсэг:
Дэжид -
70, 80 төгрөг ам бүлээ тэжээхэд бололцооны байсан уу?
Цэрэнбалтав -
Яахав тэгээд нэгдэл хувьд үлдээх малын тоо тогтоогоод өгчихсөн. Тэгээд хэдэн малтай болохоор амьжиргаа бол болоод л байсан.
Дэжид -
За, та тэгээд хэдэн онд гэр бүл болов?
Цэрэнбалтав -
Би чинь гэр бүл болохдоо эрт болсон хүн. Бүр цэрэгт явахаасаа өмнө гэр бүлтэй болсон хүн. Тэгээд намайг цэрэгт яваад гурван жил болоод ирэхэд миний авсан хань маань аав ээжийг минь асарч тэтгээд, байгаа малаа өсгөж үржүүлээд, 3 жил хүлээгээд байж байсан.
Дэжид -
Тэр үед гэр бүлийн чинь хүн ямар ажил хийж байсан бэ?
Цэрэнбалтав -
Адуу маллаж байхад адууны хөөвөр авахад энэ тэр хөөвөрлөж өгөх зэрэг ажил хийнэ дээ.
Дэжид -
Саальчин хийж байсан уу?
Цэрэнбалтав -
Саалчин чинь үхэр фермд л хийнэ.
Дэжид -
Аа, зөв зөв. Өөрөө л ямар мал маллаж байна тэрнийхээ л туслах ажлыг хийж байж тийм ээ?
Цэрэнбалтав -
Тийм, тийм. Өрхийн тэргүүлэгч л хаана ямар ажил хийнэ. Тэрний л туслах болж байсан юм даа.
Дэжид -
Адуучин хийхэд залуу насны эр зориг, цовоо байдал шаардсан ажил гэж ярьдаг. Тийм байсан уу?
Цэрэнбалтав -
Тэгнэ шүү.
Дэжид -
Адуугаа өглөө цуглуулна гэж ярьлаа. Адуу дандаа хээр хонох уу?
Цэрэнбалтав -
Хээр хононо. Оройхон шиг тэнгэр бороошихоор байвал хоёулаа цув, дулаан хувцасаа аваад адуугаа бараадаад манах маягтайгаар явна. Ээлжилж нүдний хор гаргачихаад л явна. Тэнгэрийн сайханд бол оройдоо нэг усалчихаад, адуугаа сайхан бясгачихаад л ирээд унтаад өгнө.
Дэжид -
Тэр үед цаг агаарын мэдээ гэж явдаг байсан юм уу?
Цэрэнбалтав -
За даа, ер нь онц гойд явахгүй дээ. Явах нь явдаг л байсан байх. Сонсдог юм нь байхгүй. Одоогийнх шиг радио, телевиз гэж байхгүй. Харин "Эх орон-52" гэж том модон хүрээтэй радио байсан юм. Тэр нь ховор. Аймаг, сумын төв дээр л ганц нэгийг дуугаргаж үзүүлнэ үү гэхээс хөдөө малчдад бол байгаагүй.
Дэжид -
Тэгээд малчид цаг агаарын өөрчлөлтийг яаж мэддэг байсан бэ?
Цэрэнбалтав -
Залуухан шиг нь сайн мэдэхгүй. Оройхон шиг салхилж, орох янз орвол мэднэ үү гэхээс... Харин настайчуул бол нар шингэлтээр хүртэл цаг агаарыг мэдэж л байсан юм билээ. Бидэнд бол тийм мэдлэг бага.
Дэжид -
За та адуу жил хэртэй маллаад хонь ямаа авсан гэж байна. Хэчнээн хонь ямаа маллаж байсан бэ?
Цэрэнбалтав -
Нэгдэл байгуулагдаад дотроо бригад гэж хуваагдсан юм. Би 2-р бригадад голцуу байсан. Тэр бригад хэдий хэр малтай байна тэрнээсээ шалтгаалаад маллах малын тоо тогтоогдож байсан юм. Олон байвал нэг суурьт их л болно. Цөөхөн малтай байвал айл өрхдөө цөөхөн л байна. Нэг суурь дээр хоёр айл байна. Нэг нь суурийн ахлагч, нэг нь туслах малчин гэж ажиллана. Тэгээд сүүлдээ нэгдэл маань ч хөгжөөд, мал нь ч өсөөд ирэхтэй зэрэг нэг суурьт гэхэд хонь ямаа нийлсэн 800-900 мал төллүүлэхээр өгнө. Би уг нь суурийн ахлагч байсан юм. Сүүлдээ туслах малчингүй болсон. Яагаад гэхээр нэгдэлийн мал өсөхөөр нөгөө туслах малчинг чинь аваад мал малуулчихна.
Дэжид -
Нэг суурь гэдэг чинь хэсэг малыг аваад 1000-аар нь ч юм уу таслаад хариулуулахыг хэлж байна уу?
Цэрэнбалтав -
Тэгнэ. Тэгээд жилийн дөрвөн улиралд маллана.
Дэжид -
Тэгээд туслах малчингүй болчихоор ганцаараа л нэг өрх айл 1000 гаруй мал маллах уу?
Цэрэнбалтав -
Тэгнэ. Гэр бүлтэйгээ л тэгээд зүтгэнэ дээ.
Дэжид -
За тэгээд малаа өсгөхөөр ямар шагнал урамшуулал авдаг байсан юм? Урд адуучин хийж байснаас хонь ямаа маллаад цалин өссөн үү? Ер нь тэр үед нэгдэлийн мал малласан малчин хүн ямар байсан. Амралт сувилал гэж байсан уу? Та ерөөсөө 30 гаруй жил малчин байж байгаад тэтгэвэрт гарсан хүн байна ш дээ, тийм ээ?
Цэрэнбалтав -
Би хонь ямаа маллаад тоо толгой олноор юм уу цалин хөлс нэмэгдсэн. Малаа сайн маллаж, төлөө сайн бойжуулна. Засаг надаас хэдэн хувиар төлөө бойжуулах вэ гэж асууна. 100 хувь ч гээг юм уу, 80 хувь ч гэдэг юм уу тэгж нэгдэлдээ амлалт өгнө. Тэгээд авсан амлалтаасаа илүү төл бойжуулвал илүү төлийг нь нэгдэл маань урамшуулал болгоод малчиддаа зүгээр өгнө.
Дэжид -
Хонинд чинь эр эм гэж байна биз дээ, эсвэл ялгачихдаг байсан юм уу?
Цэрэнбалтав -
Ялгана. Эрийг нь тусгай суурьт өгнө.
Дэжид -
За тэгвэл та дандаа төллөх эм хонь авчээ. Жишээлбэл 1000 хонь гэдэг чинь та 80 хувиар төлөө өсгөнө өө гэвэл 800 хурга авах ёстой гэсэн үг үү?
Цэрэнбалтав -
Тийм ээ. Тэгнэ гэсэн үг.
Дэжид -
Тэгтэл та 800 биш, 850 хургатай болчихож. Тэгвэл та 50 хурганы шагналтай болчих нь байна ш дээ. Зөв үү?
Цэрэнбалтав -
Тэгнэ. Нэгдэл за энэ 850 хурганаасаа өөрөө дуртайгаа сонгоод ав. Дандаа эрийг авна уу, охиныг авна уу, холиод авна уу тэр эрхийг нь малчин хүнд олгоно. Ямаа ч өөрцгүй. Төдөн ямаа байсан төдөн хувиар бойжуулна гээд үүрэг авна. Тэрнээсээ давсан л байх юм бол тэрийг нь өөрт нь өгнө. Хэрэв муу байх юм бол... унтаж нойрмоглоод... шөнөдөө бүр жижүүрлэнэ. Төлийн үед чинь унтахгүй ш дээ. Нэг хүн байнга хотонд байнга байна. Зарим нь төллөхгүй удна. Тэрийг өөрөө чадвал гаргаж авна. Чадахгүй бол настангуудыг сэрээж энэ хонь хургалах гээд хэдэн цаг дүлээд хургалж чадахгүй байна. Энийг гаргалцаад өг гээд арга хэмжээ авахуулна. Жижүүрийн хүн бол тэр шөнөө маш хариуцлагатай байна.
Дэжид -
Гэр бүл дотроо л жижүүр гаргана биз дээ?
Цэрэнбалтав -
Тэгнэ. Манайх ганц гэрээрээ байвал гэр бүлд байгаа хүмүүсээрээ жижүүр гаргана. Туслах малчин гээд хажууд айл нүүгээд ирвэл тэр айлтайгаа ээлжлээд жижүүр гаргаад л төлөө төлүүлнэ. Төлөө муу бойжуулвал урамшуулал авах нь бүү хэл хурлын бай болно. Муу муухайгаа дуудуулна.
Дэжид -
Төлөө муу авбал арга хэмжээнд орох уу?
Цэрэнбалтав -
Нэгдэл хөөрхий харин төлөө муу авлаа төл гэж бол хэлдэггүй юм аа. Хурал болгонд л нөхөр Цэрэнбалтав үүрэг амлалтаа биелүүлээгүй төлийг төдөн хувиар тасалдуулсан гээд л нүүр улайгаад л, хөлс гойжоод л тэгж л байдаг юм.
Дэжид -
Тийм учраас төлөө таслахгүйн тулд нойр хоолгүй л зүтгэх үү?
Цэрэнбалтав -
Амласан үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Сайн л ажиллаж чадвал нэгдэл олон малтай болно. Бидэнд чинь тэр малаа зүгээр л өгчихнө ш дээ. Тэгэхээр хүн бүр л сайн ажиллахын төлөө л хичээнэ шүү дээ.
Дэжид -
Та тэгээд адуу маллаж байсанаасаа илүү цалин авч байсан гэл үү?
Цэрэнбалтав -
Илүү байлгүй яахав. Шөнө өдөргүй дэргэд нь байгаа учраас амьдрал маань заавал дээр болж байгаа юм. Адуу байлаа гэхэд хонь ямаатай мөн адил төдөн унага бойжуулна гээд илүү унага бойжуулвал нэгдэл мөн л өгнө л дөө. Гэхдээ дандаа хээр хонодог учраас тэрнийг бүрэн бүтэн бойжуулж авна гэдэг бас хүнд. Дандаа л манаад л байдаггүй юм бол олон адуунд чинь бага насны гүү энэ тэр чинь унагалаж чадахгүй чирч явсаар байгаад амийг нь тасарсан хойно гаргах зэргээр тийм шагналд хүрэхээр бойжуулж чадахгүй байхгүй юу.
Дэжид -
Аа, за. Том мал бол бас хэцүү байдаг юм байна. Ялангуяа адуу бол?
Цэрэнбалтав -
Хээрийнх болохоор тэгж байгаа юм. Яг хотны мал бол хамаагүй өөр байхгүй юу. байнга нүд хараад өөр л дөө.
Дэжид -
Ер нь төлийн үеэр малынхаа хашаанд л хонодог байсан байна шүү дээ, тийм ээ?
Цэрэнбалтав -
Тэгнэ. Аа, хонь хотолчихсон гээд гэртээ ороод унтаад өгөхгүй ш дээ. байнга л эргэж тойроод нүд хараатай байна.
Дэжид -
За хавар нь тийм байж, зуны цагт жоохон амс хийх үү?
Цэрэнбалтав -
Зуны цагт бол амсхийнэ л дээ. Яахав манай энд чинь гол горхи багатай болохоор малаа услах гэж ховоо татна даа. Жаахан хур бороотой жил бол энд тэнд тогтоол ус тогтоод жаахан гар амарлаа гэж байдаг юм.
Дэжид -
Тэр үед худаг яаж гаргаж байв? Өөрсдөө гаргаж байв уу? Нэгдэлээс хийж байв уу? Тусгай улсууд байсан юм уу?
Цэрэнбалтав -
Нэгдэлээс ч бас худаг гаргаж өгч л байсан. Зарим улс хувиараа голдуу өөрсдөө ухаад худаг гаргана. Нэгдэл худаг гаргасан хөлсийг нь өгнө. Жишээ нь би нэг худаг ухаад гаргачихлаа гэхэд ганцхан манай хэдэн мал уухгүй, нэгдэлийн бусад мал ч ундаалдаг учраас нэгдэл урамшуулна.
Дэжид -
Цэрэгт яваад ирсэн улсууд янз бүрийн мэргэжил эзэмшсэн байдаг. Та ямар чиглэлийн мэргэжил эзэмшсэн бэ?
Цэрэнбалтав -
Би онцын мэргэжил эзэмшээгүй юм. Тийм юм байхгүй.
Дэжид -
Та ер нь яагаад малчин болсон юм. Хүн зөвлөсөн юм уу, өөрөө хувийн малтай байсан болохоороо малчин хийе гэж бодсон юм уу?
Цэрэнбалтав -
Өөрөө ч хэдэн малтай байсан. Ер нь дээдсүүлийн хэлснээр "мал дагасан хүн уруул тосдоно" гэдгийн дагуу л явсан. Ер нь над шиг мэргэжилгүй хүн малаас салаад юу хийхэв, малаа маллаад л учраа ольё гэж бодсон хэрэг. Ер нь яахав цэргээс ирсэний дараа янз бүрийн ажилд авъя л гэж байсан л даа. Арми ч ажилд авъя л гэж байсан. Бидэндтэй цуг ирсэн цэргүүдээс зарим нь орж л байсан. Аль зэрэг явааг нь мэдэхгүй. Харин манай сумаас ирсэн хүмүүс бол ороогүй. Бүгд ирээд малчин л болцгоосон.
Дэжид -
Тэр үед төлөөс өөр ямар төлөвлөгөө өгөх вэ? Сүүний төлөвлөгөө гэж байх уу?
Цэрэнбалтав -
Сүүний төлөвлөгөө гэж нэг их өгөөд байхгүй ээ. Харин өвөл болохоор төдий хонь ямаанаас нэг тэрэг хөрзөн гэсэн тийм даалгавар өгнө.
Дэжид -
Тэр нь юу юм бол?
Цэрэнбалтав -
100 хонь байлаа гэхэд 10 хониноос 1 тэрэг аргал авна.
Дэжид -
Хөрзөн гэдэг нь аргал байх нь. Тэгээд тэр аргалаа хаана өгдөг байсан бэ?
Цэрэнбалтав -
Нэгдэлдээ өгнө. Одоогийнх шиг нүүрс, цахилгаан гэж байхгүй тэрүүгээр л нэгдэл контор, сургууль зэргийг халаана. Сургууль чинь нэг албан байгууллага. Нэгдэлийн хөрзөнгөөс түлчихээд тэрнийхээ хөлсийг нэгдэлд тушаана. Албан байгууллага бүр тэгнэ. Тэгээд бэлдчихсэн хөрзөнг нэгдэл өөрөө очоод авна. Сургууль хөрзөн авъя гэвэл тэдний хороон дээрээс очоод ав гэх жишээтэй.
Дэжид -
Хаваржаандаа нүүнэ гэдэг нь ямар учиртай юм. Ер нь малчин хүн жилд хэдэн удаа нүүдэг юм бэ?
Цэрэнбалтав -
Хаваржаанд буудаг нь төлөө төллүүлэх гэж бууж байгаа ажил. Төлөө төллүүлчихээд, чангарсан хойно нь битүү хашаанд байгаад байхгүй хашаанаасаа гараад зусландаа бууна. Тэгээд хонь малаа ноосолчихоод таргалуулах талаар л хаана соргог байна, хаана задгай нуур ус тогтож вэ гээд урин дулаан цагийн отор хийж л малаа таргалуулах шаардлагатай болно.
Дэжид -
Отор гэдэг нь мал таргалуулна гэсэн үг үү?
Цэрэнбалтав -
Малаа таргалуулна л гэсэн үг.
Дэжид -
Өвөлжөөнд бууна гэдэг нь битүү газар ирнэ гэсэн үг үү?
Цэрэнбалтав -
Битүү газар ирнэ гэсэн үг биш л дээ. Хаана сайхан газар байна тэнд явж очоод л банзан хашаагаа босгоод хонио хашаад л хэд хоносоны дараа хонины чинь баас шээс шалхайгаад хөрзөн болно. Тэрийг хүрзээр гишгээд тойруулаад ам гаргаад хороо гэж нэрлэнэ. Тэгээд тэрэндээ хонио хийгээд өвлийн цагт маллана даа.
Дэжид -
Хавар нь арай тэрнээсээ задгайдуу газар гарах уу?
Цэрэнбалтав -
Хавар яахав дээ нялх төл гарч байгаа учраас заавал пүнзтэй дулаан хашаанд бууж хаваржина.
Дэжид -
Хаваржаанд суурь сууриар нь тусгай газар зааж өгөх үү? Эсвэл та дуртай газраа буучих уу?
Цэрэнбалтав -
Тусгай тусгай өөрийн гэсэн хаваржаануудтай. Төл бойжуулах хашааг нэгдэл бариад өгчихдөг юм.
Дэжид -
Отор гэдгийг та сайн тайлбарлаад өгөөч?
Цэрэнбалтав -
Отор гэдэг чинь малаа л таргалуулахын нэг хэлбэр юм. Жилийн дөрвөн улиралд малаа тарган цадгалан байлгахын хэлбэр. Зуны цагт таргалуулна. Өвлийн цагт бол зуныхаа авсан тарга хүчийг тогтоохын тулд идэш хоолтой, хаа сайхан газар л нүүж очиж идээшлүүлэхийг хэлж байгаа юм.
Дэжид -
Аа, отор гэдэг нь нүүхийн л нэр байх нь. Нүүхдээ заавал гэрийнхээ бүх эд хогшилыг аваад нүүх үү?
Цэрэнбалтав -
Бөөндөө л явна даа. Ганцхан хаваржаа маань л үлдэнэ. Банзан хашаануудаа тээгээд тээгээд л явна. Дандаа л тэмээн тэргээр л явна.
Дэжид -
За, та тэгээд хэдэн онд тусдаа гарч гэр барьж байв?
Цэрэнбалтав -
Би яахав дээ цэргээс явахаас өмнө гэр бүл болчихсон хүн чинь цэргээс ирээд аав ээжтэйгээ цуг байж байгаад дөрвөн ханатыг барихаа больчихсон, хүн бүгд л таван ханат бариад. Тэгэхээр нь бас хүн дуурайгаад нэг таван ханат барьсан юм.
Дэжид -
Тэр үед нэгдэлийн гишүүд гэр бүл болоход нэгдэлээс гэр өгөх үү? Эсвэл өөрсдөө л гэрээ барих уу?
Цэрэнбалтав -
Өөрснөө л барина л даа.
Дэжид -
Тэр үеийн таван ханатай гэр ямар үнэтэй байв? Та хэдэн жил ажиллаж байж тийм гэр барих чадвартай болов?
Цэрэнбалтав -
Засгийн мал маллаад хэдэн төгрөг авч байна, өөрсдийн хэдэн малаа бас зарж үрээд хөдөөний хүмүүс чинь дуртай цагтаа л гэрээ барьчихна ш дээ. манай сууж байгаа гэр муудчихлаа сольёдоо л гэвэл тэр гэр бүлийн улсын л ажил.
Дэжид -
Та 30 гаруй жил малчин хийжээ. Мал маллахын хажуугаар гэр орондоо өөр ажил хийх цаг зав гарах уу? Ганцхан малынхаа хойноос хөөцөлдсөөр байгаад таарах уу?
Цэрэнбалтав -
Зав чөлөө гарах нь гаралгүй яахав ээ. Дандаа малын хойноос яваад гэр орноо цэгцэлж янзлахгүй байна гэж бол байхгүй. Эд хогшил чинь эвдэрч хамхарна, хана унь нь хугарна, үдээр нь тасарна. Тэр бүгдийг чинь зав чөлөөгөөрөө өөрснөө л хийгээд байна ш дээ. Завдуулаад л байна.
Дэжид -
Та бол яс үндэс Дарьганга хүн, тийм ээ?
Цэрэнбалтав -
Тийм.
Дэжид -
Дарьгангачуудын уламжилж ирсэн зан үйлийн талаар, манай дарьгангачууд ийм л зүйлийг эрхэмлэдэг, дарьганга өрхийн тэргүүн ийм л үүрэгтэй гэх мэтээр ярих зүйл танд юу байна?
Цэрэнбалтав -
За дээр үеийн тийм юмыг сайн мэдэхгүй л байна даа.
Дэжид -
Эцэг эхээс уламжилж ирсэн сургааль үг юу байна? юу гэж сургадаг байв?
Цэрэнбалтав -
Манай аав ээж "Нэг нь нийтийн төлөө байдаг юм. Нийт нь нэгийн төлөө байдаг юм шүү хүү минь" гэж л их сургадаг байсан. Тэгээд би өөрөө бодож явсан. Хувиа бодож явж болохгүй юм байна. Олон нийтэд л сайн туслаж яв гэсэн захиас өгч байна. Эргээд тэр нь надад ирдэг юм байна. Нийт нь нэгийн төлөө гэдэг нь ийм л учиртай юм байна л гэж аав ээжийн захисан үгийг ойлгож байсан.
Дэжид -
Та малчины ажлыг нэгдэлд орохоосоо ч өмнө хийж явж. Нэгдэлд орсоны давуу тал нь юу байсан бэ?
Цэрэнбалтав -
Албан татвараас чөлөөлөгдсөн юм. Тэр л давуу чанар нь.
Дэжид -
Өөрөөр хэлбэл дарамтнаас л салсан юм байна даа. Албан татвар гэж авахгүй, малаа сайн өсгөвөл өөрсдөө авчихна. Тийм ээ?
Цэрэнбалтав -
Тийм л байсан.
Дэжид -
Яаж нэгдэлийнхээ гишүүдийг харж үздэг байв? Цалингаас гадна амралт гэж байсан уу? Хэд хоногийн амралт авдаг байв?
Цэрэнбалтав -
Алтан овооноос урагшаагаа сайхан амралт байдаг юм. Манай аймгийнхан, сум нэгдэлийнхэн тэнд л очиж амардаг байсан.
Дэжид -
Та чинь тэгээд жилийн дөрвөн улиралд мал харж байгаа хүн чинь хэдийд нь амралтаа авах вэ? Тэр хооронд малыг чинь хэн харах вэ?
Цэрэнбалтав -
Өөрөө л зохицуулна. Айл хотныхоо улсад захина. Айл хотол явсан улсууд осол эндэл гаргахгүй. Бие биенийхээ малыг хараад хэд хоногт нь зохицуулна. Цааш нь нааш нь эргүүлээд бие биендээ туслаад л байна.
Дэжид -
Та нарт мэргэжлээ дээшлүүлэх, бичиг ном заах ажил явагдаж байв уу?
Цэрэнбалтав -
Үгүй, үгүй. Тийм юм бол явагдаагүй.
Дэжид -
Тэр үеийн дарга нар, эрх мэдэлтэй хүмүүс арай өөр байсан уу? Нэгдэлийн дарга малчинаасаа ялгагдах уу? Ямар давуу эрхтэй байх вэ?
Цэрэнбалтав -
Конторт сууна. Нэг няботой. бригад гэж байна. Бригадын дарга, тоо бүртгэгч гэж байна. Бас намын хэсэг гэж нэг хүн байна. Нэгдэлийн дарга сумаасаа бригаддаа үүрэг өгнө. Бригадын хариуцлагатангууд чинь малчиддаа үүрэг өгнө.
Дэжид -
Гаднаас нь харахад энэ малчин хүн байна, энэ дарга хүн байна гэж ялгагдах уу?
Цэрэнбалтав -
Костюмыг хүмүүс аваад өмсдөг л байсан. Харин дарга нар нэг ялгаа нь тэрэг л унадаг байсан юм даа.
Дэжид -
Ямар тэрэг унах вэ?
Цэрэнбалтав -
69 унана. Дээд талын тэрэг л 69 дөө. Тэрнээс өөр юм барина.
Дэжид -
Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
Цэрэнбалтав -
7
Дэжид -
7 хүүхдийг сургууль соёлоор явуулах, хүмүүжүүлэх гээд малын хажуугаар бас их л ажил байсан байх. Тэр болгоныг сумын төв дээр сургадаг байсан юм уу? Ер нь нэгдэлийн гишүүдийн хүүхдүүдэд нэгдэлээс ямар тусламж дэмжлэг үзүүлдэг байсан бэ?
Цэрэнбалтав -
Нэгдэлээс нэг их дэмжлэг үзүүлэхгүй дээ. Өөрснөө л сургууль соёлд явна даа.
Дэжид -
Нэгдэлийн дэргэд хүүхдийн дотуур байр гэж байх уу?
Цэрэнбалтав -
Ер нь бол байсан. манайх бол үйлчлүүлж байгаагүй. Сумын төв дээр аав ээжийгээ нэг гэртэй буулгачихаад хүүхдүүдээ харуулж байсан. Гэр бүлийн хүн бид хоёр бол нэгдэлийнхээ малыг маллаад л ингэж л амьдарч ирсэн дээ. Манайх дээшихнийг нь их сургууль энэ тэрд явуулаагүй. Дорнодын ТМС, техниккум гэсэн сургуулиудаар явуулаад л тэгээд шууд малчин болгоод л байсан.
Дэжид -
Танай хүүхдүүдээс таны ажлыг залгасан малчин байна уу?
Цэрэнбалтав -
Ер нь л дандаа малчин даа.
Дэжид -
Мал маллагааны талаар их туршлагатай хүн учраас тэрийгээ үе дамжуулан зааж сургаад л ...?
Цэрэнбалтав -
Тэгсэн.
Дэжид -
Нэгдэлийн үед өөр ямар ажил хийдэг байв? Нэгдэлийн гишүүдийг чөлөөт цагаар нь амруулдаг сувилал, амралт байсан уу?
Цэрэнбалтав -
Байсан байсан. Зуны цагт чинь ноосоо тушаачихсан, ноолуураа тушаачихсан, давуулчихсан. Ямар нэгэн төлөө давуулж авчихсан. Шагнал урамшуулал нэгдэлээс авчихсан ийм хүнийг нэгдэл өөрийнхөө унаагаар хамгийн түрүүнд амралтанд хүргэнэ. Өөрийнхөө унаагаар авчирна.
Дэжид -
Амралтанд хэд хоног амраах вэ?
Цэрэнбалтав -
15 хоног амраана.
Дэжид -
Өөр яах вэ?
Цэрэнбалтав -
Яахав, өвчтэй зовлонтой болоод ийш тийшээ явах болоход нэгдэл тэрэг гаргаж өгч энэ тэр тусладаг л байсан.
Дэжид -
Таныг ажил хийж байхад бахархмаар юм юу байв? Хүнд хэцүү зүйл юу байв? Бас жигшдэг зүйл юу байв?
Цэрэнбалтав -
Малаа л муу маллана гэдэг чинь хамгийн шившигтэй эд. Малаа л сайн маллаад хүний авдаг шагналыг аваад ингэж л явбал хүн чинь баярлаж л явна.
Дэжид -
Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт авчирсан ямар нэгэн үйл явдал байгаа юу?
Цэрэнбалтав -
Бидний амьдралд айхтар гүн гүнзгий өөрчлөлт оруулсан гээд байхаар юм байхгүй. Гэхдээ малаас хүнээс дутуугүй маллаж, нэгдэлээс өгсөн урамшуулал, тэр мал зэрэг бидний амьдралд их л нэмэр болсон гэж боддог. Илүү өсгөсөн малыг тэр чигээр нь бидэнд өгөхөөр чинь амьдрал их л дээшлэнэ биз дээ. Ганцхан малаа муу малласнаас л малчин хүнд гутарч гуних ажил гарна. Тэрнээс өөр муу юм байхгүй. Нэгдэл чинь тэжээлийг нь бэлдээд өгнө. Хаврын цагт өвс бэлдээд өгнө.
Дэжид -
Тэрийгээ нэгдэл өөрийнхөө хүчээр бөөнд нь бэлдчихээд малчиддаа өгдөг юм уу? Малчид өөрөө өөрсдөө тэжээл бэлдэж, өвс хадахгүй юу?
Цэрэнбалтав -
Бараг л хадахгүй дээ. Суурь малтай малчид чинь малаа маллая юу, өвсөө хадюу, тийм юм бол байхгүй. Нэгдэл өөрийнхөө хөрөнгөөр л бэлдэнэ. Сайн санхүүтэй нэгдэл бол трактор тоног төхөөрөмж өөрийнхөө хөрөнгөөр аваад, нэгдэлийнхээ гишүүдээс трактор, жолооны курст явуулаад, төгсөөд ирэхээр нь өнөөдүүлдээ нэг нэг трактор өгөөд хадлан бордооны хэрэгсэл худалдаад авчихсан юм чинь хаанаас юу гуйхав, хадландаа гараад л хадсан өвсөө хамж боогоод малчиддаа цагийн хатууд хавар болонгуут өгнө. Бас нэгдэлийн тэжээлийн цэг гэж байна. Суурь болгоны унага, ботго, тугал, хурга ишиг гээд бага малуудыг мэргэжлийн хүмүүс үзээд энэ сууриас энийг тэжээе гээд тэжээлийн цэг дээр тэжээлгэнэ.
Дэжид -
Малын эмч айлуудаар явах уу? Дуудлага өгөх үү?
Цэрэнбалтав -
Явна. Бригадын малын эмч айлуудаараа тойроод л шогшоод явна.
Дэжид -
Хадлан тэжээл бэлтгээд малчиндаа өгчихөөд тэрний үнэ хөлс гэж авах уу?
Цэрэнбалтав -
Авахгүй. Нэгдэл өөрөө даана. Тэрний хариуд суурийн эзэн хүн малаа онд бүрэн оруулаад, төлөө сайн бойжуулаад бүх л төлөвлөгөө, үүрэг даалгавараа биелүүлж чадаж байвал нэгдэлд тэр өгсөн өвсний чинь хариу очино. Нийтээрээ малаа сайн маллаж байж тэр хариу нь нэгдэлд очино. Мал нь сайн өснө. Тэрнээс биш танайд төдөн боодол өвс өгсөн шүү, тэрний мөнгө гэж нэгдэл нэхдэггүй.
Дэжид -
Та тэр үед мал малладаг хүн жинхэнэ байгальтай харьцаж байсаан. Тэгэхээр энэ хүрээлэн буй орчин мал маллахад тухайн үед ямар байв? Одоо ямар болов?
Цэрэнбалтав -
Маний мал маллаж байхад байгаль дэлхий ингэж ган гачиг болж, ингэж элсэн цөл болж байгаагүй. Ер нь л улс даяар, хаа хаагүй л хур бороо элбэгтэй, өвс ногоо сайтай, ийш тийшээ отор хийгээд нэг их явж байгаагүй. Нэгдэлийн мал маллаж байхад бол ийм юм байгаагүй. Намайг гавъяаны амралтаа авсанаас хойш байгаль дэлхий чинь цөлжилт болоод л, дээрээс хур ус муудаж ган гачиг болж одоо тэгээд ийм л болчихоод байна даа. Дээр үед яахав отор нүүдэл хийх нь хийнэ. Гэхдээ хийхдээ одоогийнх шиг алс хол явахгүй. Манай хүүгийнх өвс гарахгүй байна гээд бид чинь Дорнод аймгийн Хөлөнбөөр хүртэл явж байлаа ш дээ. Хүний нутагт чинь буулаа барьлаа гээд их л ажилтай юм байна лээ.
Дэжид -
Тэгвэл их хол явжээ. Тэр үед бол яахав ойрхон буйр сэлгээд л явж байсан уу?
Цэрэнбалтав -
Тийм. Өвс нь байгаа болохоор чинь тийм алс хол нүүх шаардлага байхгүй. Нэг хоёр олон хоновол талхлагдчихна л даа. Тэгэнгүүт нь нүүгээд л өөр газар бууна.
Дэжид -
Гол горхи, газар орон ямар байсан юм? Бодитойгоор ямар гол горхи ширгэж үгүй болов? Тийм ямар газар байна?
Цэрэнбалтав -
Манай нутагт томоохон гол ер нь байхгүй. Харин газар орон хуурайшиж өвс ургамал ургахгүй цөлжиж байна. Худгийн ус доош татагдаж ширгээд байх болсон.
Дэжид -
Нэгдэлийн үед байсан худгууд хэвээрээ байгаа юу? Эсвэл нэгдэл тарахад байхгүй болсон уу?
Цэрэнбалтав -
Байгаа байгаа. Харин зарим нь нэгдэл тарсанаас хойш он жилийн уртад элэгдэж хөвөө, хашлага нь нурсан байна лээ. Нэгдэл засдаг байсан. Одоо хувь хүмүүс өөрсдөө засаж сэлбээд болж л байна.
Дэжид -
Та нэгдэлд мал маллаж байхдаа нутаглаж байсан нутагтаа одоо нутаглаж байгаа юу?
Цэрэнбалтав -
Би анх хувийн аж ахуйтан байхдаа ч нэг л нутагт байсан, нэгдэлд ороод ч, төр солигдож, нэгдэл тарж эргээд хувьд мал ирсэн би ямар нутагт байсан тэндээ л байгаа.
Дэжид -
Тэр чинь ямар нэртэй газар байсан бэ?
Цэрэнбалтав -
Будар бумбат гэдэг газар.
Дэжид -
Сүхбаатар аймгийн Халзан сумын Будар бумбат гэдэг газар байх нь, тийм үү? Тэр нутаг усныхаа хувьд ямар онцлогтой газар байсан юм. Үүх түүхийг нь та мэдэж байна уу?
Цэрэнбалтав -
Будар гэж баруун тийшээ харсан их ганга байгаа юм. Тэрэнд дээр үед Будар гэж сайн эр орогнож, амьдарч байсан гэж байгаа юм. Энийг бол настайчууд хоорондоо ингэж ярьж байсныг тогтоож хэлж байгаа юм. Тэрнээс биш бид юугаа мэдэх вэ.
Дэжид -
Сайн эр гэдэг чинь баяд ноёдын адуу малыг аваад ядуу ардад өгдөг одоогоор бол нэг талын сайн санаатай, ард олонд бол буянтай сайн хүн байж, тийм ээ? Тийм сайн эрсийн нутаг гэж Дарьганга, Сүхбаатарыг чинь тэгж ярьдаг шүү дээ? Тэдний нэг гэж ойлгож болох уу?
Цэрэнбалтав -
Тийм. Ер нь нутаг усны байдал бол баруун талдаа хуу хужиртай. Урагшаагаа, ер нь эргэн тойрон шүүтэй. Зүүн хойд талаараа бол хужир шүүгүй, өвс ургамал ургадаг ийм л байгаль дэлхий байгаа юм.
Дэжид -
Таны багад байсан дов толгод, нутаг усны нэр өөрчлөгдсөн үү?
Цэрэнбалтав -
Үгүй ээ. Яг л хуучны хэвээрээ л байгаа.
Дэжид -
Их устай газар нь татарсан, булаг горхитой газар нь байхаа больсон тийм юм байгаа юу?
Цэрэнбалтав -
Гайгүй ээ, онгон хэвээрээ л байгаа. Харин энэ жилээс яадаг юм энд тэндгүй л шороо нүх ухаад ажил болоод байгаа. Энэ зурагт радиогоор ярьж байгаагаар бол баруун аймгуудад уурхай гаргаж газар орныг ухаж сэндийчиж байгаагаас булаг шанд, гол горхи хатлаа гэж ярьж байх юм. Манай энд бол тийм юм байхгүй л байна. Одоо л энэ зүүнтэйгүүр ухаж байна.
Дэжид -
Дарьганга ястангууд хэр их шашин шүтлэгтэй вэ? Бас их өөрийн жаяг, тусгай ёстой байх аа?
Цэрэнбалтав -
Дарьганга ястангууд бол шарын шашин, лам хуврагаа л шүтэж байлаа.
Дэжид -
Нэгдэлийн гишүүн байсан тэр үед шүтлэг шүтэхийг зөвшөөрдөг байсан уу?
Цэрэнбалтав -
Яахав уул усандаа сөхөрч мөргөхийг бол нэгдэл хорихгүй л дээ. Харин одооныхтой адилхан олон олноороо нийлээд уул овоо тахьдаггүй байсан. Тэрнээс биш бол яахав бид ч залуу байлаа, аав ээж бол Халзан овоо гэж байдаг юм. Тэрүүндээ бишгүйдээ л цай сүүнийхээ дээжийг авч очоод өргөөд л сөхөрч мөргөөд ирж л байсан. Тэглээ гээд нэгдэлийн дарга нар тэглээ ингэлээ гэж байгаагүй л юм.
Дэжид -
Халзан суманд Халзан овоо гэж байдаг юм уу?
Цэрэнбалтав -
Тийм. Тэрүүгээрээ л манай сум нэрлэгдсэн хэрэг. Яахав залуу байхад шашин шүтлэг гэх ухааны ухуулга бол явагдаж байсан л даа. Настай улс бол майнаа ч уншиж л байдаг, орой үдэш сөхөрч мөргөж л байдаг. Тэглээ гээд бурууддаггүй л байсан.
Дэжид -
Танай удамд лам хувраг, янз бүрийн хэлмэгдэж байсан хүмүүс бий юу?
Цэрэнбалтав -
Байхгүй.
Дэжид -
Та хэлмэгдэлийн талаар сонсож мэдэж байсан, тийм шүүх хуралд сууж байсан тохиолдол байгаа юу?
Цэрэнбалтав -
Үгүй. Тийм юм бол үзэж байгаагүй.
Дэжид -
Аав ээж чинь бол малчин хүмүүс үү?
Цэрэнбалтав -
Малчин. Бид ч жоохон байсан даа. Аав ээжийн ярьж байгаагаар тэр баригдаж гэнэ, энэ баригдаж гэнэ гэж л сонсож байсан уу гэхээс манайхнаас бол тийм юм байхгүй.
Дэжид -
Таны амьдралд бусдаас онцгой, ер бусын гэх тийм зүйл байна уу?
Цэрэнбалтав -
Миний амьдралд бусдаас онцгой юм юу байхав. Хүний л ижил ууж иддэгээ ууж идээд амьдардагаа амьдарч л байна. Би тэрүүгээрээ бусдаас онцгой гэх юм бол байхгүй.
Дэжид -
"Хөдөлмөр" нэгдэл анхныхаа тэр нэрээр байж байгаад л тарсан уу?
Цэрэнбалтав -
Тэгсэн. Нэрээ өөрчлөөгүй.
Дэжид -
Та "Хөдөлмөр" нэгдэлд ажиллаж байхдаа ямар шагнал урамшуулал авч байв?
Цэрэнбалтав -
За яахав ноос ноолуур биелүүлсэн гээд мөнгөн шагнал өгч л байсан. Төлөө сайн бойжуулсан гээд хурга ишгээр шагнуулж л байсан. Ийм л урамшуулал нэгдэл өгч байсан даа.
Дэжид -
Тухайн үед төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн, төлөө сайн бойжуулсан гээд олны өмнө шагнал урамшуулал авах сайхан л байсан байх даа?
Цэрэнбалтав -
Тэгэлгүй яахав. Хурал дээр чинь Сэрээтэрийн Цэрэнбалтав төдий эм хоньтой, төдий хувиар төл бойжуулна гэж амлалт авсан. Төдий хувиар төлөө бойжуулаад төдөн хургаар шагнуулж байна гээд л олны өмнө тийм хүмүүсээр чинь нэг туг өргүүлнэ. Тэгээд би чинь хурлын индэр дээр туг өргөөд зогсож байна. Тэгээд дарга нар амжилтыг нь танилцуулаад л олны нүд харж байна. Тэгэхэд чинь нүүр цагаараад л, сэтгэл хөөрөөд л, улам л илүү ажиллана гэж бодож л байсан. Тэгээд хавар болонгуут ямаагаа самнана. Эм ямаанаас төдөн гр, ишиг борлонгоос төдөн гр, эр ямаанаас төд гээд ингээд оноогоод бичээд өгчихнө.
Дэжид -
Ямаагаа хэдүүлээ самнах вэ?
Цэрэнбалтав -
Суурийн бүлээрээ л самнана.
Дэжид -
Хэдий үед самнадаг юм?
Цэрэнбалтав -
Хавар эрт самнана даа. Тэр үед чинь 3 сарын 15-наас өмнө самнасан ямааны ноолуурыг нэгдүгээр зэргээр хамгийн өндөр үнээр авдаг юм. 3 сарын 15-наас хойш очиж байгаа ноолуурыг сумын түүхий эдийн эрхлэгч үзэж харж, шалгаж дугаарлаж авна. Өгч байгаа ноолуурын ихэнх хувь нь доод дэсээр гарвал нэгдэлийг хохирооно. Хэдий чинээ дээгүүр дугаартай ноолуур тушаана төдий их мөнгө нэгдэлд орно.
Дэжид -
Тэрнээс танд урамшуулал өгөх үү?
Цэрэнбалтав -
Түрүүн би ярьсандаа ноос ноолуураа түрүүлж тушаасан нь амралтанд явдаг ч юм уу тиймэрхүү урамшуулалтай. Иж бүрнээр нь төлөвлөгөө нормоо биелүүлсэн шилдэг хүмүүс л явна даа.
Дэжид -
Тэр үед эмнэлэг үйлчилгээ ямар байсан юм бэ?
Цэрэнбалтав -
Сумын эмнэлэгээрээ үйлчлүүлнэ. Сум нэг 69-тэй. Дуудлаганд явна.
Дэжид -
Танай гэр бүлийн хүн 7 хүүхэд гаргасан гэж байна. Тэгээд төрөх болохоор та чинь мал дагачихна. Ээж аав гээд хөгшчүүл тусалдаг л байх. Төрөх эмнэлэгт аваачиж өгөхөд нэгдэлээс машин тэрэг гаргах уу? Суман дээрээ төрөх үү?
Цэрэнбалтав -
Суман дээрээ л төрнө л дөө. Зарим үед яахав аймагт ирээд төрчихөж л байсан.
Дэжид -
Гэр бүл нь төрлөө гээд тэр үеийн залуучуудад чөлөө мөлөө өгч, ажилд нь хүн гаргаж туслалцуулах уу?
Цэрэнбалтав -
Өгнө. Гэр бүлийн хүн төрөх боллоо гэвэл, эмнэлэг нь ч мэдэж байгаа. Эмнэлэг нь цааш нь хэлнэ. Тэдний авгай одоо төрөх болж байгаа тэр суурийг харж үзэлгүй болохгүй гэнэ. Би ч очиж хэлнэ. Тэгээд хүн өгнө. Төрөөд бие нь чангараад ажлаа хийх болоод ирэхээр буцаагаад хүнээ авчихна.
Дэжид -
Тэр үед танд юу анх сонин байв? Трактор ч байдаг юм уу? машин техник ч юм уу? Онгоц ч юм уу? Юуг хараад та сайхан юм даа, сонин юмдаа гэж бахархаж байв?
Цэрэнбалтав -
нэгдэл гэж байгуулаад өөрийн хүчээр техник юмаа худалдаж аваад ...
Дэжид -
Анх ямар техник ирж байсан бэ?
Цэрэнбалтав -
Нэгдэлийн дарга нар унадаг 69 гэж тэрэг анх ирж байсан юм.
Дэжид -
Ерөөсөө таны анхны харсан тэрэг бол 69 юм уу?
Цэрэнбалтав -
Тийм. Тэгээд нэгдэл чинь өөрийнхөө байдалд зохицуулаад "гуч" машин худалдаж авч байсан. Миний хувьд нэгдэл гэдэг айл чинь ингэж хөгжөөд ийм сайхан техниктэй болоод малчиддаа ингэж их туслаж байгаа нь сайхан юм байна л гэж бодож байсан.
Дэжид -
Та хот орж байсан уу?
Цэрэнбалтав -
Нэгдэл байхад бол хот орж үзээгүй.
Дэжид -
Анх хэдэн онд хот орж байв?
Цэрэнбалтав -
56 онд хотоос цэргээс халагдаж байсан юм.
Дэжид -
Та чинь Дорнодод байж байгаад хотод ирсэн юм уу?
Цэрэнбалтав -
Цэргийн хүн цагаан зээр хоёрыг чинь нутаггүй гэдэг шүү дээ. Дорнодоос төдөн цэрэг хэрэгтэй гээд тасалж аваад хотод авчирч байсан юм. Тэгээд хотод байж байтал нисэх анги хэдэн цэрэг хэрэгтэй байна гээд тийшээ татагдаад л, эргээд ХАА төв сургууль байгуулна, нисэхээс төдөн цэрэг авнаа л гээд тэгээд тэнд татагдаад ХАА төв сургууль гээд дөрвөлжин байшинг барьж байсан юм. Дуусгаагүй 56 онд халагдсан юм.
Дэжид -
Тэр үед хот сонин байв уу?
Цэрэнбалтав -
Тэр үед хот үзээгүй надад сайхан сонихон л байлаа. Их л сийрэгхэн. Хол хол, одоогийх шиг чигжижхээгүй.
Дэжид -
Хотод ороод танд юу нь сонин содон байв?.
Цэрэнбалтав -
Цэрэгт байхад яахав тэр ХАА-н сургуулийн барилгыг барьж байхад чөлөө аваад хаа байсан хот руу явна. Гүүрэн дээгүүр гараад хойд руугаа явангуут энэ талд нь Чойжин ламын сүм гэж хийд байгаа юм. Тэрийг их сонирхож үзнэ. Тэгээд тэрнээсээ хойш явж явж зүүн талд нь Улсын номын сан гэж баруунчаа харсан хаалгатай номын сан байсан. Тэгээд тэрнээсээ хойш яваад Засгийн газар хүрч байгаа юм. Тэгээд чөлөө авсан юм чинь нутгийн ганц нэг таньдаг айл байвал орчихоод л буцаад гүйгээд ирнэ.
Дэжид -
Тэр үед автобус унаагаар явах уу? Явган гүйгээд хот ороод ирэх үү?
Цэрэнбалтав -
Автобус унаа, такси байхгүй. Явган л явна. Харин сүүлд намайг халагдахын үед байгаагүй ч биш байсан юм байна аа. Тун цөөхөн л явж байсан юм. Автобусанд сууна гээд улсууд хүлээгээд л зогсчихно. Их л удаж байж нэг пөмбийсөн том тэрэг ирж байсан юм аа. Цэргийн хүн чинь хаа ганц л орж байгаа юм даа. Хаа байсан тэр уулын амнаас чөлөө аваад л явна. Чөлөөгүй бол явахгүй. Бас хамаагүй өгөхгүй. Хэрэг төвөгт орчихно энээ тэрээ гээд.
Дэжид -
Тэгээд цэргүүдийг халаад татаж ирсэн орон нутагт нь буцаадаг байсан уу?
Цэрэнбалтав -
Тэгнэ.
Дэжид -
Халагдаад явахад тусдаа машинд суулгаж өгдөг байсан уу? Эсвэл хувиараа өөрөө машинд сууж буцах уу?
Цэрэнбалтав -
УБ-ын цэргийн анги чинь Сүхбаатар аймагт төдөн цэрэг байна гуч машин төд орно, жижиг тэрэг бол төд орно гээд хуваарилчихна. Тэгээд л төдөн сарын төдний өдөр гээд жагсаагаад л за Сүхбаатар аймгийн цэргүүд төд төд дөхь номерийн машинд суугаарай гэж суулгаад овог нэрийг нь дуудаад явж байгаа жолооч нараар чинь осол гэмтэл гаргахгүй явна гэсэн гарын үсэг зуруулаад явуулна.
Дэжид -
Тухайн үед цэргийн алба хаагаад ирэхэд нутагтаа бол их нэр хүндтэй ирнэ биз?
Цэрэнбалтав -
Тэгнэ ээ. Их нэр хүндтэй. Гурван жил болоод хэрэг төвөгт орж, орон шоронд оролгүй буцаад ирэхээр чинь аймгийн цэргийн хэлтэс хүртэл баяр хүргэж угтаж авна ш дээ.
Дэжид -
Танай гэрийн хүн чинь гурван жил хүлээж байгаад сууна гэдэг чинь танд ч гэсэн их дөхөм сайхан байж дээ?
Эхнэр чинь Дарьгангийн хүн үү?
Цэрэнбалтав -
Энэ Халзан сумын нэг нутгийн л хүн. Гурван жил гэдэг чинь их хугацаа шүү дээ. 1080 хоног. Миний аав ээжийг асраад намайг иртэл малаа өсгөөд байж байна гэдэг чинь миний ханийн л гавъяа шүү дээ, ер нь.
Дэжид -
Та хоёр цэргээс ирээд анхны хүүхдээ гаргасан уу?
Цэрэнбалтав -
Тэгсэн. Тэрнээс өмнө хүүхэд олоогүй.
Дэжид -
За та чинь тэгвэл цэргээс ирээд л Халзан сумандаа. Өсөхөөс эхлээд 70, 80 жил энэ л нутаг усандаа байгаа хүн байна ш дээ?
Цэрэнбалтав -
Тийм ээ. Хаашаа ч яваагүй.
5-р хэсэг:
Дэжид -
Нэгдэл дараад хувьчлал явагдлаа. Танай нэгдэлд хувьчлал яаж явагдав, та мал авсан уу?
Цэрэнбалтав -
Мал авсаан. Олон ам бүлтэй айл бол их л мал авч байсан. Хүнийхээ тоогоор мал оногдож байсан юм.
Дэжид -
Та тэр үед хөдөө малаа маллаж байсан уу?
Цэрэнбалтав -
Маллаж байсан.
Дэжид -
Шударга явагдаж чадсан уу?
Цэрэнбалтав -
Тэглээ, ингэлээ гэсэн хэл ам гараагүй. Тийм болохоор шударга явагджээ гэж л бодож байгаа.
Дэжид -
Тэрийг яаж харгалзаж өгч байсан юм бол? Нэгдэлд ажилласан жилийг нь харгалзаж байв уу, тухайн үед их мал өгсөнөөр нь болдог юм уу?
Цэрэнбалтав -
Би бол хурал хуйд сууж байгаагүй. Би бодохдоо нэгдэл нэг хүнд төгрөгөөр бодоход хэдэн төгрөг оногдох юм тэрийг нь гаргаад тэр төгрөгөндөө тэр хүн ямар мал авах нь хувь хүний эрх байсан юм байна л гэж боддог.
Дэжид -
Өө, тэгж сонгож авч байсан юм уу?
Цэрэнбалтав -
Тэр хүний эрх. Ухаандаа над нэг сая төгрөг нэгдлийн санхүүгээс ногдлоо гэхэд тэрэндээ дан адуу авна аа л гэвэл адуугаа авна. Тэр миний эрх. Тийм байсан юм. Харин үхэр цөөхөн байсан учраас хүний зоргоор олдоогүй.
Дэжид -
За за, та тэгвэл хэдийгээр өндөр насандаа суусан ч гэсэн мал аж ахуйгаа эрхэлээд л явж байгаа юм байна, тийм ээ?
Цэрэнбалтав -
Одоо ч гэсэн малаа маллаад л явж байна.
Дэжид -
Нутаг орчины хувьд цаг агаар гайгүй юу?
Цэрэнбалтав -
Гайгүй. Энэ жил бороо хуртай гайгүй аятайхан байна лээ. Манай нутагт тэр Будрын ганганаас тусдаа нэг жижиг овоо байдаг юм. Тэрийг тахина.
Дэжид -
Газар орны хувьд ер нь сайхан уу?
Цэрэнбалтав -
Өө, сайхан, сайхан. Хаашаа л харна тойрон бүрд нь сүртэй.
Дэжид -
Шүү, хужир ихтэй гэдэг чинь малд сайн уу?
Цэрэнбалтав -
Малын хүч тамир, тарга тэвээрэгт их л нэмэр болно. 2008 онд манайханд өвс ургаагүй гандсан юм. Тэгээд хойшоогоо хэдэн хүүхдээ аваад тэмээн тэргэнд ачаад аймгийн төв дээр нэг очихоод малаа хөөгөөд Хөлөнбөөр сумын наах нь очиж өвөлжсөн юм. Өвс гэдэг нь ч хачин, цастай ч байсан. Очоод одоо ийм газар ирсэн мал чинь яахав дээ л гэж бодож байсан. Тэгсэн зүгээр байж байгаад л үхчихээд байсан. Тийм өвсөнд бол өлдөөгүй дээ, шим муутай л юм уу гэж бодсон. Ачаалаад явах чадалгүй айл бас байна ш дээ. Тэр улс эндээ үлдээд өвөлжсөн, мал нь яагаа ч үгүй байсан. Ганц нэгэн борлон, төлөг, хэнз бяруу энэ тэр л үхсэн гэж байгаа юм.
Дэжид -
Тэгвэл бас хэдийгээр өвстэй ч гэсэн шим тэжээл бас нөлөөлдөг байх нь, тийм ээ?
Цэрэнбалтав -
Тийм. Эндээ давс, шүү, хужир их иддэг байсан юм байна гэж би бодож байгаа юм. Яагаад гэхээр ямар нэгэн халдварт өвчин гараагүй хэрнээсээ үхэр мал их үрэгдсэн. Манай энэ Уулбаянгийн нэг айл 7, 8 үхэртэй байж байгаад 6 үнээ нь үхээд, 6 өнчин тугалтай үлдэж байсан юм.
Дэжид -
Аа, зөв зөв. Тэгэхээр ерөөсөө мал маллагаанд нутаг усны бэлчээр, тухайн газрын өвс тэжээлийн онцлог нөлөөлдөг байх нь ээ?
Цэрэнбалтав -
Байна л гэж бодож байгаа юм. Тиймээс тэр нутаг усаа л тахиж шүтэж явах юм даа. Том жижиггүй малаа үхүүлчихээд нутагтаа эргээд ирж байхдаа мал нутаг нутагтаа дасан зохицсан байдаг юм байна л гэж бодсон.
Дэжид -
За хоёулаа нэгдэлд ажиллаж байсан тухай, өөрийнхөө амьдралын талаар, мал маллагааныхаа арга туршлагаас дэлгэрэнгүй сайхан ярилцлаа. Танд баярласанаа илэрхийлье.
Цэрэнбалтав -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.