Zav


Basic information
Interviewee ID: 990541
Name: Zav
Parent's name: Batsüh
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1927
Ethnicity: Dariganga

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired / messenger, negdel propagandist
Belief: Buddhist
Born in: Asgat sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
cultural campaigns
family
belief
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу, Зав гуай?

Зав -

Сайн, сайн байна уу?

Дэжид -

Сайхан зусч байна уу?

Зав -

Сайхаан, сайхан зусч байна уу?

Дэжид -

Сайхаан, сайхан. За өнөөдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын өндөр настан 83 настай тантай уулзаж байгаадаа баяртай байна. Юуны өмнө Монголын 20-р зууны аман түүхийн төсөлд өөрийнхөө түүх намтарыг ярихаар зөвшөөрсөн танд баярлалаа. Та энэ ярилцлага өгөхөд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Зав -

Байхгүй ээ.

Дэжид -

Та бид хоёрын энэ ярьж байгаа яриа, үүх түүхийг тодорхой хугацааны дараа эрдэмтэн, түүх судлаачид өөрийнхөө судалгаанд ашиглах, Кембрижийн их сургуулиас хэвлэл мэдээлэлд ишлэл болгон ашиглах зэргийг та зөвшөөрч байна уу?

Зав -

Зөвшөөрч байна.

Дэжид -

За баярлалаа, эмээ. Та аль нутаг усанд төрж өсөв, бага нас хэрхэн өнгөрсөн талаараа ярилцлагаа эхлэх үү?

Зав -

За би энэ Асгат сумын Их, Бага уул гэдэг газар төрсөн юм гэнэ лээ.

Дэжид -

Айлын хэд дэхь хүүхэд болж төрсөн бэ?

Зав -

Хоёр дахь нь. Манай ээж Банзрагч гэж хүн байсан. Аав маань Батсүх гэж хүн байсан юм. Яагаачгүй дээр насбарсан юм гэнэ лээ.

Дэжид -

Та хэдтэй үлдсэн юм бэ?

Зав -

Намайг өлгийтэй байхад л насбарсан юм гэнэ лээ. Ээж маань сүүлд жаран хэдэн онд өөд болсон.

Дэжид -

Ээж ааваас хэдүүлээ байсан бэ?

Зав -

Хоёулаа байсан юм аа. Ах маань 45 оны байлдааны үед яваад алга болсон. Сураггүй л болсон. Тэгээд би ээжтэйгээ л цуг амьдарч байсан. Болж л байсан. Малаа маллаад, оторт явбал яваад, сүүлдээ ч ёстой нөгөө тулганы галтайд л явсан даа.

Дэжид -

Та сургууль соёлоор явсан уу?

Зав -

Яваагүй ээ.

Дэжид -

Явах боломжгүй байсан юм уу? Эсвэл тэр үед сургууль соёл байдаггүй байв уу?

Зав -

Тэр үед сургууль соёл гэж нэг их юм байгаагүй. Би дөрөвдүгээр ангиа төгсөөд л сургуулиасаа гарсан. Тэгэхэд ээж маань ганцаараа, ах маань цэрэгт яваад өгсөн байсан. Энэ Халзан суманд тавдугаар анги байсан юм уу даа. Зарим нь Халзан суманд явсан. Намайг анагаахын сургуульд явуулах гэж байсан юм уу даа. Тэгэхэд манай ээж би ганцаараа хүүхнээ явуулахгүй гээд намайг явуулаагүй юм даа. Өөрөө ч сургууль соёл хэрэгтэй юм гэдгийг мэддэггүй байж. Тэгээд л дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Намайг сургуульд сурч байхад дэвтэр цаас ховор байлаа ш дээ. Бор цаасан дээр бичдэг байсан. Үзэг харандаа ч их ховор байсан. Лам нарын бэх гээд нэг юм байдаг. Тэрийг олж аваад бичихэд нөгөө цаас нь уучихаад л… тийм л үед бид чинь сургуульд байсан ш дээ, Асгат сумын сургуульд.

Дэжид -

Асгат сумын сургууль нь бага сургууль байж уу?

Зав -

Тийм. Бага сургууль байсан. Дөрөв төгсөөд л гарах нь гарч, цаашаа сурах нь сурдаг байсан юм шиг байгаа юм.

Дэжид -

Нэг ангид хэдэн хүүхэд байх вэ?

Зав -

20-иод хүүхэд байсан байлгүй дээ. Одоо манай ангийхнаас ч цөөхөн л хүн байна даа. Улаанбаатарт л байна.

Дэжид -

80 гарчихаар чинь одоо аргагүй дээ. Та харин 80 гарсан гэхэд ануухан сайхан байна аа. Тэр үед хүүхдүүд өөрсдийн сонирхолоор сурч байсан уу? Эсвэл албадлагаар сурч байсан уу?

Зав -

Албадлага ч гэх юм юу юм. Лав л 7, 8-тай орж байгаагүй. Ес, арван настай л орж байсан юм уу даа. Туурийн төв гэж нэг сүм байсан. Тэнд бид чинь байрладаг байлаа.

Дэжид -

Тэр үед байранд ямар байв? Дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Зав -

Байранд ч одоо болж л байсан даа. Хоол унд ч элбэг дэлбэг сайхан л байсан.

Дэжид -

Гэрээс чинь хэр хол байсан бэ?

Зав -

Гэрээс ойрхон л доо. Манайхан тэр Туурийн төвийг чинь тойроод л нутагладаг байсан юм.

Дэжид -

Хүүхдүүд дотуур байранд байхгүй юу?

Зав -

Хүүхдүүд дотуур байранд бий л дээ.

Дэжид -

Та байсан уу?

Зав -

Байсаан.

Дэжид -

Хэзээ гэртээ харих вэ, тэгээд?

Зав -

Тэр үед амралт энэ тэр гэж нэг их байгаагүй. Хагас бүтнээр л харьдаг байсан.

Дэжид -

Ямар хичээлүүд заадаг байсан бэ?

Зав -

Монгол хэл, тоо, байгаль дэлхий гэсэн тиймэрхүү л хичээл зааж байсан. Өөр олон төрлийн юм нэг их орж байгаагүй санагдана. Монгол бичиг зааж байгаагүй юм. Бид чинь одоо монгол бичгийн анхны мэдэгдэхүүн байхгүй л байсан даа.

Дэжид -

Дөрөвдүгээр анги төгссөн гэж үнэмлэх бичиг өгөх үү?

Зав -

Үгүй ээ, үгүй. Юугаа өгдөг юм. Тэгээд дөрвөө төгсөөд гарах нэг нь гардаг байсан.

Дэжид -

Танайх хэр их малтай байсан бэ?

Зав -

Дундын л байсан. Хонь үхэр нийлсэн таван хошуу малтай. Айхтар их малтай бол байгаагүй.

Дэжид -

Дундын айл гэхээр хэр малтай байхав?

Зав -

Одоо яахав дээ, хонь гэхэд 200-аад, 30, 40-өөд адуутай ч юм уу тиймэрхүү л байсан. Учиргүй нэг их болохоо байсан ядуу зүдүү хүн ч байгаагүй. Тэр үед болж л байсан юм.

Дэжид -

Малынхаа ашиг шимийг яаж авдаг байв, нэгдэлд хэдий үеэс яаж орж байсан бэ?

Зав -

Нэгдэл ч одоо хэдэн онд явагдлаа даа, тэрнийг одоо мартчихжээ.

Дэжид -

Та чинь тэгээд ээжтэйгээ хоёулханаа л байсан уу?

Зав -

Тийм ээ.

Дэжид -

Тэгээд тэр гэрийн бүх ажлыг хоёулханаа л амжуулж байсан уу? Бага байхад мал дээр ямар ямар ажлыг хийж байв?

Зав -

50-иад оны үед юмуу даа нэгдэл эхэлж байхад би суртал ухуулагч, багийн дарга зэрэг ажил хийж байлаа. Бид чинь өөрснөө уриалж нэгдэлд орж байсан юм. Багийн ахлах ухуулагч гэж багдаа бол хамгийн түрүүнд орж байсан даа.

Дэжид -

Нэгдэлд элсэхийг их дэмжиж байсан хүний нэг байж дээ?

Зав -

Харин тийм. Зарим нь бас орохгүй гээд л… бид чинь аль болох оруулах талаас нь суртал ухуулга хийгээд л явдаг байсан. Тийм учраас өөрснөө урьдаар орохгүй бол болохгүй ш дээ. Өөрснөө урдаар орж байж л ард түмэндээ ухуулга хийнэ. Нэгдэл ийм ийм ашигтай гэж хэлж ярьж ухуулж л байсан хэрэг л дээ.

Дэжид -

Та тэгээд юу гэж ярьж хэлдэг байв?

Зав -

Зарим нь малаа өгөхөөс дургүйцээд байдаг байсан байхгүй юу. Зарим нэг их малтай нь малаа цөөрүүлэх гээд ч орж л байсан. Зарим нь ч ойлгохгүй. Тэгээд нэгдэл бол ийм ашигтай гээд ашигийг нь л сайн ярьж байсан. Тэгээд багийнхаа хүмүүсийг оруулж л байсан.

Дэжид -

Багийн ухуулагч болоход та өөрөө болсон уу. Эсвэл нэгдэлээс танийг томилж байсан уу?

Зав -

Дээр үед чинь “… тэгсугай, ингэсүгэй” л гэвэл тэгээд буцахгүй шүү дээ. Ухаан нь багийн ахлах ухуулагч болсугай гэвэл тэгээд буцахгүй л болно шүү дээ. Багийн дарга чамаар багийн ахлах ухуулагч тавина аа л гэвэл тэгээд тэр л амаар нь болно.

Дэжид -

Та чинь бас дөрөвдүгээр анги төгссөн тэр үедээ боловсролтой байж л дээ?

Зав -

Одоо тийм л байж л дээ. Тэр үед багийн хооронд тэмцээн уралдаан их зохионо. Тэгээд очиход угтаж авч байгаа хүмүүс дээл хувцас аваад л тэр үед ямар ор мор гэж байх биш, дээл хувцасаа хураадаг бандан дээрээ авч тавина. Бас их хүндэтгэдэг байж дээ. Эмэгтэй хүн номтой судартай байх их сайхан юм гээд л өвгөцүүл энэ тэр чинь тэгдэг байсан ш дээ. Явах болоход хоол унд хийж өгнө. Тэгж хүндэлдэг байсан юм.

Дэжид -

Ухуулгын ажлаа айл амьтанд яаж хүрч хийдэг байв? Машин тэрэг байсан уу?

Зав -

Машин тэрэг байгаагүй ээ. Тэр үед “эх орон-52” гэж радио байсан юм. Тухайн үед одоогийн зурагт радиогийн үүрэг гүйцэтгэж байлаа. Бүх л юмыг түүгээр ярина. Гурав хоногийн семинар хүртэл хийнэ. Том залгадаг дөрвөлжин юмтай, дээрээ антин шиг юмтай. Тэр дөрвөлжин юм нь одоогийнхоор батерей байж л дээ. Тэгээд тэнд тийм сайхан ярьдаг юм ирж гэнэ. Түүнийг нь үзэж харах юмсан, сонсох юмсан, дуулах юмсан гээд л багийнхан чинь тэгнэ л дээ. Би чинь тэрнийгээ нэг тэмээн тэргэн дээр тавьчихаад л багийн айлуудаар очиж хоноод л өнөөхийг чинь сонсгоно. Хүмүүс мөн гоё эд байна гээд тэр үед чинь хачин л байсан даа. Ийм сайхан юм улс бас хийдэг байна аа гээд л… тэгж л явдаг байсан юм даа.

Дэжид -

Та тэр ухуулагч хийж байх үед хэд орчим настай байсан юм бэ?

Зав -

Залуу залуу, залуу байлгүй яахав.

Дэжид -

Тэр үед эвлэлийн байгууллага гэж байсан уу?

Зав -

Байгаагүй. Сүүлд л гарсан.

Дэжид -

Та ухуулагч хийж байхдаа ямар хэмжээний цалин авч байсан бэ?

Зав -

Тэр үед ахлах ухуулагч гээд 50 төгрөг авч байсан юм. Тэр ч одоо их мөнгө өө. Одоогийн 50 мянгатай тэнцэж байсан юм уу мэдэхгүй ээ. Тэр ажлыг дөрөв таван жил хийсэн.

Дэжид -

Тэр үедээ 50 төгрөг их байсан уу?

Зав -

Их их. Идэж бармааргүй л их санагддаг байсан. Тэгээд бид чинь суман дээрээс сонингоо аваад сонингоо тараана.

Дэжид -

Ямар сонин байсан бэ?

Зав -

“Сүхбаатар”, “Хөдөлмөр” сонингууд гарч байсан үе л дээ.

Дэжид -

Та бас их жанжин Сүхбаатартай удам судрын холбоотой гэж байсан тэр талаараа яриач?

Зав -

Цагаан дээлт Дамдин, манай ээжийн ээж хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд гэсэн.

Дэжид -

Аа, их ойрхоны төрөл юм байна. Үүх түүхийнх нь талаар дуулж мэдсэнээ ярь даа?

Зав -

Жанжин маань нутгаараа нэг ирсэн юм гэнэ лээ.

Дэжид -

Тэр талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

Зав -

22 оны үед юм уу даа. Нутгаараа нэг иржээ. Тэр үед би ч юугаа гарахав дээ, гараагүй. Тэгээд эгчээрээ орно гээд.. тэр үед чинь одоо нэг тулганы галтай, жоохон хар гэртэй тийм л юм байгаа биз дээ. Тэгээд манай ээжийн аав нь жинд явчихсан байсан гэсэн. Манай ээж бол тодорхой ярьдаг байсан юм. Манай ээжийн ээж цэргийн хүнээс их айдаг хүн байсан гэнэ ээ. Дээр үед чинь цагаантан энэ тэр гээд бас айхдаг улсууд ч их байсан юм уу. Тэгээд хүүхэд нь гараад цэргийн гурван хүн ирлээ гэсэн юм биз дээ. Тэгэнгүүт санд мэнд асуувал энэ хүн өвчтэй гээрэй гээд дээлээ нөмрөөд хэвтээд өгсөн юм гэнээ. Тэгээд гадаа ирээд бууж. Үүдийг нь хоёр хүн сөхөөд өгсөн гэнэ. Тэгсэн энд нь ирээд нэг сөхөрсөн гэнэ. Тулганых нь баруун талд нь ирээд нэг сөхөрсөн гэнэ. Хоёр хүн дагаж явж гэнэ. Бодвол бие хамгаалагчид нь байсан биз дээ. Тэд нь энэ хүн ээж чинь юм уу, яасан юм гэж байна гэнэ. Өвчтэй гээд л хэлж. Тэгсэн дагаж яваа хоёр хүн энэ хүн бол цагаан дээлт Дамдины хүү Сүхбаатар гэдэг хүн ажаа ах хоёртойгоо уулзана гээд ирсэн юм гэж танилцуулжээ. Тэгсэн нөгөө хэвтэж байсан хүн чинь босч ирээд, “.. хээ, тэгвэл дүүгээ үнсэхгүй яах юм” гээд сүйд болсон гэж ээж ярьдаг юм. Тэгээд тулганы галтай хүмүүс чинь нэг цай чанаад хоол хийсэн юм уу үгүй юм уу тэгсэн л байлгүй дээ. Манай ээж л их тодорхой ярьдаг байсан юм. Тэгээд явахдаа, “ уул нь ахтайгаа л уулзая гэж бодсон юм. Одоо эзгүй үеэр нь таарчихлаа. Болвол нэг Улаанбаатар луу жин тээгээд очихыг бодоорой” гээд хэлж байсан гэдэг. Тэгээд ээжид, эгч бид хоёрт ёншгойт гээд цагаан мөнгө өгч байсан юм гэж ээж маань ярьж байсан. Манай ээжийн эгчийг Лянхуа гэж хүн байсан юм. Тэгээд удахгүй Да хүрээ гэдэг нэрийг хүртэл өөрчилнө ш дээ гэж хэлсэн гэдэг. Тэгж явсан юм гэнэ лээ.

Дэжид -

Их сонин түүх байна.

Зав -

Их л ойрхоны хамаатан юм билээ л дээ. Тэр цагаан дээлт Дамдин гэдэг чинь зун бол нэг цагаан цамцтай тарвага алдаг юм уу, яадаг юм. Өвөл болохоор нэг нэхий дээлтэй, зээр агнадаг тийм хүн байсан гэдэг юм. Манай ээжийн ээж, миний эмээ болох тэр хүнийг Долгоржав гэдэг байсан юм. Тэр хүн Дамдин хоёр эгч дүүсийн хүүхэд байсан хэрэг.

Дэжид -

Та яс үндэс халх уу, дарьганга уу?

Зав -

Дарьганга.

Дэжид -

Дарьганга ястан ямар онцлогтой вэ? их уран дархцуултай гэж ярьдаг ш дээ? Зан заншил нь ямар онцлогтой юм.

Зав -

Дарьганга чинь их сайхан нутаг ш дээ. Нэгдэлд ажиллаж байхад бид чинь амралтанд нь очино. Их сайхан. Ногоо цагаа, байгаль нь их гоё.

Дэжид -

Тэр үед гоё гээд байгаа нь ямар байв? Одоо яаж өөрчлөгдсөн бэ? Ялангуяа нутаг ус, байгаль орчиныхоо талаар?

Зав -

Хол ойрын бүх хүн амьтан шүтдэг Алтан овоо гэж сайхан газар байна. Байгаль дэлхий нь гоё, олон сайхан нууртай. Байгалийн хувьд л их гоё газар даа.

Дэжид -

Таны бага залууд байсан байгаль орчин одоо өөрчлөгдөж үү?

Зав -

Одоо ч гадагшаа дотогшоо гарах нь бага болохоор сайн мэдэхгүй байна. Байгаль дэлхий яахав дээ нэг их өөрчлөгдөөгүй байх.

Дэжид -

Цаг агаар өөр болж уу?

Зав -

Цаг агаарын хувьд урдынхаас өөр л болсон байна. Нар их өөр болсон. тогоотой сүүн дээгүүр ингээд ирдэг байхгүй юу. Манай ээж бидний багад: - ээ, тогоотой сүүнд нар туслаа гаргая, гаргая гэж байдаг юм. Зуух байлаа гэхэд нар ингэж тусдаг байсан юм. Гэтэл одоо эндээгүүр явж байна. /зааж үзүүлж байгаа бололтой./ Тэрнээс харахад цаг агаар аргагүй л өөрчлөгдсөн байна даа гэж ярьдаг юм.

Дэжид -

Тэр үед цаг агаар гэж явдаг байсан уу? Яаж зуд, ган гачигаас урьдчилан сэргийлдэг байв?

Зав -

Зуд зурхан болвол оторт явдаг л байсан. Одоо хэдэн он юм бэ дээ, дөчин хэдэн он л байх. Манайхан чинь бүгд Захаа ширвээ гэдэг газар луу зүүн урагшаагаа нүүж байсан юм. Идэх юм юу ч байхгүй. Адууны ганц нэг хомоол таарвал үхэр малдаа өгнө. Тэгээд оторт явлаа. Тэр үед чинь тулганы галтай, тэмээн хөсгөөр л явна ш дээ. Хойно хойноосоо гяхтнаад л… тэмээн хөллөөд, тэр үед ямар ачаа бараа гэж нэг их юм байх биш тэргэн дээр нэг авдар тавьчихаад л, тэрэн дээрээ дээл хувцасаа ачина. Тэмээ гэдгийг чинь ёстой хэлхээтэй тооно тэгнээд л түүндээрээ ачаад л явдаг байсан. Захаа ширвээ гэж ёстой сайхан газар. Шуураагүй, хөвсөн их өвстэй газар очиж буулаа. Аргал байхгүй. Шорной түлж байлаа.

Дэжид -

Шорной гэж юу вэ?

Зав -

Том өвс байдаг юм даа. Одоо та нар мэдэхгүй л дээ. Өглөө бол нэг тэмээн тэрэгтэй явна. Тэгээд нөгөө шорной гэдгийг чинь хугалж, хадаж ирнэ.

Дэжид -

Өө, тийм өвс хэрнээ модорхог ургамал юм уу?

Зав -

Яахав дээ, тулганд хийгээд нэг хоол цай болгоно доо. Тэрнийг чинь өглөө нэг тэмээн тэрэгтэй яваад л сэгсийтэл ачаад ирнэ. Орой өнөөхийгөө тулганы галд түлж байгаад л цай хоолоо болгоод иднэ дээ. Тэр үед тулганы галд яаж ч болж байсан юм хөнжил энэ тэр гэж байхгүй ш дээ. Үстэй өмдөө хөлдөө угалчихаад л унтаад өгнө дөө. Дээр үеийн хүмүүс бээрэг даараггүй ч байсан юм уу. Тэгээд хонинд явахад чинь дэгдийний баас гээд жаахан хоргол шиг юм гарна. Тэрийг чинь аргал олсон гээд өвөртлөөд ирнэ ш дээ. Тиймэрхүү шүү л амьдралд явж ирлээ. Тэрнээс биш учиргүй хоол ундаар гачигдаад байгаагүй л юм даа. Тэгээд л тэр шорнойг чинь түлж хоол ундаа болгочихоод л хавар болгоод буцаад ирж байсан үе ш дээ.

Дэжид -

Та хэдий наснаасаа эхэлж ээждээ тусалж гэрийн ажил хийж байв?

Зав -

Дөнгөж арван хэдтэйгээсээ л…

Дэжид -

Өглөө хэдий алдад босох вэ? Дөнгөж үүр хаяарангуут босох уу? Юу юу хийхэв?

Зав -

Мал хуйтай улс чинь өглөө эрт босоод л үнээ малаа саагаад л… үнээгээ саана. Хонийг чинь холбоод л саачихна. Хонь холбоно гэдэг чинь арав хориор нь толгойг нь зөрүүлээд зөрүүлээд холбочихоод хоёр талд нь гараад саахыг хэлж байгаа юм.

Дэжид -

Үдийн халуунд саахад бас хэцүү биз?

Зав -

Үдийн халуунд бас саана ш дээ. Хонийг чинь өдөрт хоёр ч саана. Үнээгээ саана. Тэгэхээр чинь эрт босно ш дээ. Тэгээд цагаан идээгээ борлуулна. Махыг бол бага идэж байсан байх шүү. Бидэнд чинь оройд хоормог гээд нэрсэн цагааг модон саванд сүү хийж хутгаад л өгнө. Одоогийнх шиг аяга аяганд хоол хийж өгөхгүй. Урдын улс ер нь цагаан идээгээр л голцуу байсан. Хэдий хонь малтай байсан ч тэр болгон хонь хагалаад идэхгүй. Цагаан идээгээрээ л амьдарч байсан. Тийм ч учраас урдын улсын бие хаа их сайн байсан байх. Өвчин зовлон гэж ч байгаагүй юм уу гэж одоо л бид нар тэгж ярьдаг юм.

Дэжид -

Тэр үед юу өмсч байсан юм бол? Дээл хувцасаа яаж бэлдэж байв?

Зав -

Хөгшчүүл бол монгол гутал дотуур эсгий оймстой. Дээгүүрээ цагаан ямбуугаар цамц, тэгээд зун бол дан дээл хийж өмсөнө. Өвөл бол яахав үстэй дээлээ өмсдөг байж. Тийм л байсан. Тэр үед цагаан ямбуу л хэрэглэдэг байсан юм. Зун бол эрэгтэй эмэгтэй өөрцгүй цагаан ямбуу цамцтай л явна.

Дэжид -

Тэр цагаан ямбуу нь оросынх байх уу, хятадынх уу?

Зав -

За даа, сайн мэдэхгүй байна.

Дэжид -

Тэр үед голцуу орос, хятадын л юм хэрэглэж байсан уу?

Зав -

Тийм.

Дэжид -

Та хөдөө голдуу байсан уу? Хэзээ аймгийн төв рүү орж ирсэн юм?

Зав -

Хөдөө л голцуу байсан. Би чинь одоо нэгдэлийн үхэр маллаад хэдэн жил болсон юм бэ дээ, байз.

Дэжид -

Та бас үхэр маллаж байсан юм уу?

Зав -

Тийм ээ, нэгдэлд үхэр маллаж байсан.

Дэжид -

Тэр үед нэгдэл ямар байв? Та ялангуяа нэгдэлийн анхны гишүүдийн нэг байна ш дээ? Ямар нэгдэл анх байгуулагдаж байхад орсон юм, та?

Зав -

“Намын уриа” гэж байсан юм. Ээжийн маань бие нэг муудаад суман дээр ирж буусан юм. Манай өвгөний бие бас муудаад Улаанбаатарт хэдэн жил бас хэвтсэн юм. Би ер нь ээжтэйгээ л голдуу байсан. Тэгээд ээж минь ч ойчоод өглөө. Хоёр хүүхэдтэй.

Дэжид -

Та ганцаараа ээжтэйгээ байхдаа нэгдэлд орсон юм уу? Хүнтэй суугаад байхдаа орсон юм уу?

Зав -

Ганцаараа ээжтэйгээ байхдаа.

Дэжид -

Нэгдэлд ороод гэр бүл болсон юм уу? Яаж гэр бүл болж байв?

Зав -

Тэр үед ээж маань би ганцаараа галаа хараад үлдэхгүй гээд намайг хүнд өгдөггүй байсан юм аа. Тэгээд хүчиг хүргэн оруулна гээд байсан байхгүй юу. Одоо тэрийг нуугаад яахав дээ. 45 онд урдаас айлууд, хэсэг хүмүүс нүүж ирсэн ш дээ. Тэгсэн манайхны хотны Жүгдэр гээд өвгөн байсан. Тэр Халзан сумаар явжээ. Тэгсэн нэг гэрт Өвөр Монголоос хоёр гурван хүн иржээ. Тэдний нэгийг нь л хүчиг хүргэн оруулъя гэж…

Дэжид -

Хүчиг хүргэн гэдэг нь..?

Зав -

Тэр нь ухаандаа айлд ирж суусан хүнийг л хэлдэг юм байхгүй юу. Тэгээд би чинь үзэж хараачгүй юм чинь дургүй байхгүй юу. Залуу ч байсан даа, үгүй л гээд байсан. Ээж маань чи намайг ганцаараа галаа хараад үлдэг гэж бодохгүй л бол дураараа л бол гээд байдаг. Тэгээд манай хотны өвгөцүүл, хөгшчүүл намайг чинь ятгачихна аа. Чи ээжийгээ ганцааранг нь хаяад явж болохгүй. Ээж чинь ганцаараа хэцүү. Ах чинь сураггүй болчихоод байна. Ээж чинь ганцаараа үлдэхээр яах юм. /Нөгөө өвгөнийг Даах гэдэг байсан юм./ Тэгээд Даах чинь ямар ч байсан хүн олчихоод байна. Тэрнийг л одоо авчирна гэж байна гээд л ятгаж гарна. Би чинь зөвшөөрөхгүй. Юу гэж зөвшөөрөх вэ дээ. Үзэж хараа ч үгүй, аль Өвөр Монголоос ирсэн хүнийг чинь юу гэж зөвшөөрөх вэ дээ. Тэгээд үгүй л гээд байсан. Ямар сайндаа би нэг аргалд яваад ирсэн манай гэрт хэдэн хөгшчүүл ярьж байна аа. Тэгэхээр нь аргаа сэмээрхэн буулгачихаад чагнаад байлаа. Тэгсэн ээж маань та нар л хэл, намайг хэлэхээр халгаахгүй байна. Би чинь хүүхнээ гаргачихвал яах юм. Ямар ч л байсан тэр хүнийг л авчиръя гэж хэлж байна аа. Тэгсэн нэг хөгшин нь харъя гээд гарсан нь, - хүүе ээ өнөөх чинь гэрийн зүүнтээ сууж байна гээд сүйд болдог юм байна. Тэгээд л нөгөөдүүл чинь цөм ятгаад л, ээж маань чи намайг ганцаараа галаа хараад үлдэг гэж л бодож байвал хүн дагаад яв гээд л… Даах чинь тэр гурван хүүхдийн нэгийг нь авчирч суулгана гэж байна, их боломжийн гэж байна гээд л ятгасан. Би ч зөвшөөрөхгүй л байлаа. Дотроо ээжийгээ л их бодоод байна. Тэгсэн тэмээн тэрэгтэй нэг яваад ирсэн чинь нэг айл нүүлгээд ирдэг юм байна. Тэгсэн чинь тэр өвгөн гэртэйгээ нүүж ирж байгаа нь тэр байж л дээ. Надаас хэд ах л даа. Тэгээд ээжийгээ ганцааранг орхихгүйн тулд аргагүй л Өвөр Монгол хүнтэй суусан юм даа. /уйлав/

Дэжид -

Танаас хэд ах байсан уу?

Зав -

Ах байсаан. Тэгээд би чинь аяга өгөхөөрөө жирүү хараад өгдөг гэнэ ээ. Тэгээд ээж маань миний хүү битгий тэгж бай, нэгэнт ийм юм болсон юм. Миний хүү бишгүй л ээжийгээ бодлоо. Одоо битгий тэгж бай. Зүгээр хараад өгч бай л даа гээд л тэгнэ. Тэгээд л би аргагүйн эрхэнд ээжийгээ бодоод тэр Өвөр Монгол хүнтэй суучихсан юм даа. Тэгээд яахав дээ, эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэдтэй ч боллоо. Одоо эмэгтэй нь 11 хүүхэдтэй болчихоод байна, эрэгтэй нь 5 хүүхэдтэй. Дандаа чиг чигээ харцгаачихсан, айл гэр болцгоочихсоон. Сургууль соёлд явдаг нь яваад, одоо бол над хүүхдүүдийн төлөө санаа зовоод байх юм байхгүй. Хүүгийнхээ том хүүтэй хөдөө хэдэн малтайгаа байдаг юм. Манай бэр хүү хоёр анагаахын сургууль төгсөөд Онгонд эмчээр очоод арван хэдэн жил болсон. Анхныхаа хүүхдийг гаргахад нь өвгөн бид хоёр хөдөө хэдэн үхэртэй байсан. Тэгсэн өнөө хүүхдээ хоёулаа ажилладаг болохоороо шингэн алдуулаад бид хоёр дээр авчираад өлгийтэй нь хаячихсан юм. Тэгээд би чинь тэрнийгээ нэг юм бөмбөчүүлж байгаад өсгөчихөөд гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд нь хүргэсэн. Тэр маань цэрэгт явж ирээд эхнэр хүүхэдтэй болоод ноднин хүүхэд нь зургаан настай сургуульд орсон.

Дэжид -

Одоо та хэд дэхь үеэ үзэж байна? Дөрөв дэхь үеэ үзчихэж байгаа юм уу?

Зав -

Тэгж байна аа, одоо. Хүн чинь тэгээд өсчихдөг юм байна ш дээ. Гуч дөчөөд л болчих юм даа.

Дэжид -

Өвгөнтэйгөө та тэгээд хоёр хүүхэдтэй хэдэн жил ханилав?

Зав -

Арваад жил болсоон хөөрхий. Тэгээд өвгөн маань ч ойчоод өгсөн.

Дэжид -

Тэгээд та ганцаараа амьдралын ачааг ганцаараа үүрч, ажил төрлийн хажуугаар үр хүүхдээ өсгөж байж дээ?

Зав -

Тэгсээн. Тэгээд одоо болж л байна.

Дэжид -

Одоо та тэгээд Онгон суманд байгаа юм уу?

Зав -

Тийм, хүүхдүүд Онгон руу нүүчихсэн. Тэгээд нөгөө хүүгийнхээ хүүхдийг нэг хүүгийндээ захиад явж байна.

Дэжид -

За, тэгээд сум, төв хоёрын хооронд явж байдаг. Одоо жаахан амраад яриагаа үргэлжлүүлье. Та ядарч байгаа байх.

Та нэгдэлд мал маллахаас гадна өөр ямар ямар ажил хийж байв?

Зав -

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Асгатад Намын үүрийн товчооны гишүүн нэг хэсэг байлаа.

Дэжид -

Эмэгтэйчүүдийн дарга байхад гол нь юу хийдэг байв?

Зав -

Хурал болохоор илтгэл тогтоолоо бичээд сумын хүүхнүүдээ цуглуулаад яриа таниулга хийнэ. Бас эмэгтэйчүүдийн болох болохгүй юмыг хэлж ярьж ухамсарлуулдаг байсан.

Дэжид -

Өөр эмэгтэйчүүдийнхээ дунд ямар ажил зохиодог вэ?

Зав -

Мартын наймнаар дан эмэгтэйчүүдийн концерт бэлдүүлээд тоглуулна. Өөрөө ч бас зүгээр байхгүй гаргадагыг нь гаргаад, гарахдаа гарна. Тэгээд бас дуулдаг энэ тэрд нь үнэмлэхэрхүү юм өгчихдөг байсан юм.

Дэжид -

Тухайн үед таныг Өвөр Монгол хүнтэй гэр бүл болоход гадуурхдаг, илүү дутуу хардаг явдал гардаг байв уу?

Зав -

Үгүй шүү. Манай нутгийнханд тийм юм ёстой байгаагүй. Цуг л нижигнээд, нутгийнхантайгаа яаж л харьцдаг байна тэр л янзаараа байсан.

Дэжид -

Танай гэр бүлийн хүн голцуу ямар ажил хийж байв?

Зав -

Өвөр Монголд байхдаа нарийн боовонд ажиллаж байсан л гэдэг юм. Энд ирээд бас нарийн боовонд 2-3 жил болсон. Би хөдөө ээжтэйгээ ганцаараа малтайгаа. Манай хүн энд гэртэйгээ ганцаараа нарийн боовон дээр ажиллаж байсан. Тэгээд цугтаа мал маллаад явсан даа.

Дэжид -

Та хэдэн хүүхэдтэй гэлээ?

Зав -

Хоёр.

Дэжид -

Тэр үед эмэгтэйчүүдийн ажил хийж байхад эмэгтэйчүүд ажил амьдралаа яаж зохицуулж байв. Ажлын хажуугаар хүүхдээ яаж харж халамжилж байсан бэ?

Зав -

Ажлаа хийдгээрээ хийгээд, хүүхдээ бойжуулдагаараа бойжуулаад л явж байсан. Сумын эмнэлэгт ирээд төрөх нэг нь төрнө, хөдөө гэртээ төрөх нь ч төрж л байсан. Одооныхтой адилгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд чинь доороо хог хийчихээд, дээр нь шар эсгий тавьчихаад арагаа түшээд л хүүхдээ гаргадаг байсан ш дээ. Тэгээд 3 хоног унтуулахгүй. Унинаасаа сойчихно. Хөлийг чинь жийлгэхгүй. Атиграар нь байлгана. Жаахан зүйрмэглэнгүүт сэрээрэй, сэрээрэй гээд угзачаад унтуулахгүй.

Дэжид -

Яагаад унтуулдаггүй байсан юм бол?

Зав -

Яагаад тэгдэг байсан юм сайн мэдэхгүй. Ямар ч л байсан тэглээ гээд муу юм болоогүй. Биед нь муу л гэдэг байсан юм. Тэр үед чинь одоогийнх шиг цагаан даавуу энэ тэр гэж байхгүй. Тэгээд шар эсгий дээр л хүүхдээ гаргана. Тэглээ гээд муудаагүй. Өлгийн дээр нь дээлийн хуулга муулгахан тавьчихна. Живх гээд жаахан эсгийний өөдсөн дээр үнс дэвсчихээд дээр нь адууны дэл боож тавьчихаад дээр нь жаахан даавуу тавьчихна. Тийм л үед бид нар чинь өсч байсан байна ш дээ. Цагаан даавуу хэрэглэнэ гэсэн юм бол байхгүй байлаа. Орой тэгээд өлгийдчихнө. Өглөө мал хунараа янзалж ирж байж л өнөө хүүхдээ тайлна. Тайлахад чинь шээснийх нь уур нь баагж л байдаг. Тэрнээс болоод өвчин зовлон, алдаа эндэгдэл болдоггүй л байсан юм.

Дэжид -

Таныг ажиллаж байх үед томоохон кампант ажлууд явагдлаа ш дээ. Нэгдэлжүүлэх хөдөлгөөн гэж том юм явагдлаа. Тэрэнд та орж байж. Та нараас гадна улсаас нэгдэлийн тухай ухуулга, яриа ирж хийдэг байв уу?

Зав -

Хийдэг л байсан.

Дэжид -

Хүмүүс малаа нуудаг байсан гээд кинон дээр гардаг ш дээ. Тийм юм гарч байсан уу?

Зав -

Манай багт лав тийм нууж мууж байсан юм гарч байгаагүй. Багийн дарга нар чинь нилээн хариуцлагатай хүмүүс байсан юм ш дээ. Манайхны Галсан… гэж нэг өвгөн байсан юм. Тэр л харин малаа өгөхгүй гээд бид очиж яриа ухуулга хийж хамгийн сүүлд орж байсан юм.

Дэжид -

Нэгдэл тухайн үед хөгжиж байх үедээ сайн байсан уу? Яадаг байсан юм? Цалин ямар байв?

Зав -

Сайн байсаан. Цалин нь тааруухан байсан. Нэгдэлийн 100 үхэр хариулчихаад сарын 90 төгрөг авдаг байсан юм.

Дэжид -

Хоёулаа ажиллаад уу?

Зав -

Тийм. Эхлээд литр сүү 15 мөнгө байж байгаад сүүлдээ 20 мөнгө болсон юм. Сүүгээ саагаад заводад өгнө. Сүүгээ машиндаад цөцгий гаргана. Тэгээд сүүнийхээ мөнгийг сардаа авна. Тэгээд болж байсаан. Идэж уухаар дутаагүй.

Дэжид -

Хүнсэндээ гол хэрэглэж байсан зүйл нь юу байсан бэ?

Зав -

Гурил будаа, сахар, ёотон хэрэглэнэ. Үхэр адуугаа идэш бэлтгэж иднэ. Тийм л байсан даа. Бид чинь нэгдэлд цагаан идээ бэлдэж өгнө. Жилийн эцэст үйлдвэрийн даалгавар биелүүлсэн гээд мянган төгрөг авна. 1000 төгрөгийг чинь их л мөнгөнд бодож байсан ш дээ. Тэднийх үйлдвэрийн даалгавараа биелүүлээд 1000 төгрөг авч гэнэ ш дээ гээд л бие биетэйгээ харьцуулж ярина. Тэр үед мянган төгрөг гэдэг их мөнгө. Бас дээлийн торго, юухан хээхнээр шагнана.

Дэжид -

Та тэр шагналыг авч байв уу?

Зав -

Авч байсаан, авч байсан. Үхэр маллаад аваагүй юм байхгүй дээ. Бишгүй дээ л засгаас жоол жоолхон медаль, баярын бичиг, аваргын диплом гээд зөндөө л юм байгаа.

Дэжид -

Одоо тэдгээр зүйл чинь танд байгаа юу? Зургийг нь авч болох уу?

Зав -

Байгаа, бололгүй яахав. Гэхдээ одоо энд байхгүй байх аа. Гэртэй цуг Онгон руу явчихсан байх.

Дэжид -

Тэр үед соёлын довтолгоо гэж юм явж байв уу? Тэрийг дэлгэрүүлж ярьж өгөөч?

Зав -

Соёлын довтолгоо гэдэг чинь айл өрхийг соёлжуулах, хир хурнаас нь салгах, айл өрхийг шалгаруулах тийм ажил зохиож байсан юм. Жишээ нь үнээ саалаа гэхэд халадаа өмсч үү, үгүй юу, айлд ороод тогоо шанага, нүүр гарын алчуур нь хиртэй байна уу, цэвэр байна уу үзээд л хиртэй байвал энийгээ угаа, арч гэж зааж зөвлөнө. Цагаан даавуугүй байвал цагаан даавуутай бол гэж шаардана. Соёлын довтолгоо гэж хүнийг сайхан л болгох талаас нь ярьж хэлж өгч байсан юм ш дээ. Саалийнхаа дээлтэй байхад нь соёлын довтолгоо ирлээ гэвэл өнөөхөө тайлж хаячихаад л бас нэг өнгөтэй өөдтэй хувцасаа өмсдөг, аяга шанаганыхаа алчуурыг угаагаад л тийм л байсан. Тэгээд сайн муугаар нь жагсаагаад шалгаруулна. Тэднийх соёлч айл болж гэнээ л гэж байдаг байсан юм.

Дэжид -

Шалгалтын үеэр ямар зөрчил илэрдэг байсан юм? Ямар давуу тал байсан юм бол? Зөрчил илэрвэл арга хэмжээ авах уу?

Зав -

Үгүй л дээ. Тэр чинь хиртэй байна. Ингэж болохгүй угааж арчиж бай гэж зөвлөнө. Хоёр ээлжийн цагаан даавуутай бай, хоёр ээлжийн гар нүүрийн алчууртай бай. Хүн ирвэл та нар юугаа дэвсэж өгөх юм ганц хөнжилтэй бол хоёр хөнжилтэй бол, хоёр байвал гурав болго гэх мэтээр бага багаар сайжруулаад явах талаас нь ярьж хэлж зөвлөж, ажил хэрэг болгохыг даалгана. Тэгнэ үү гэхээс арга хэмжээ авахгүй.

Дэжид -

Ямар улсууд явж шалгаж үздэг байсан юм?

Зав -

Ямар ч хамаагүй, сумаас л явж байсан юм.

Дэжид -

Та тийм ажилд явж байв уу?

Зав -

Явж байлгүй яахав.

Дэжид -

Айлууд тулгатай байж байгаад л соёлын довтолгооны үеэр л зуух, пийшинтэй болсон юм аа даа?

Зав -

Тийм.

Дэжид -

Та хүмүүсийн амьдралд соёлын довтолгоо нөлөөлсөн гэж бодож байна уу?

Зав -

Байлгүй яахав. Нөлөөл нь зайлшгүй байсан. Хиртэй байсан бол хиргүй болно. Ганцхан хөнжилтэй бол хоёртой болно. Ганц ээлжийн даавуутай бол 2-3 даавуутай болно.

Дэжид -

Тэр үед угаадаг арчдаг юм, даавуу материал нь элбэг байсан юм уу? Хаанахын даавуу байхав?

Зав -

Оросынх л байсан. Тэр үед Хятадын юм гэж байгаагүй юм. Үйлдвэр гэж байлаа. Тэндээс чинь хөнжил, даавуугаа авдаг байсан.

Дэжид -

Таны бага байхад төв сууринд ямар үйлдвэр байв?

Зав -

Бага байхад бол үйлдвэр гэж байгаагүй.

Дэжид -

Хэдий үеэс аймагт үйлдвэр бий болж эхэлсэн юм бол? Та мэдэж байна уу?

Зав -

Тэрийг эмээ нь мартчихжээ. Өтлөхөөр толгой чинь ажиллахаар муу болчих юм даа.

Дэжид -

Таныг ажиллаж байх бага залуу үед сүсэг бишрэл ямар байв?

Зав -

Тэр үед шүтлэг гэж байгаагүй ш дээ. Бид чинь цайныхаа дээжийг ч өргөдөггүй нэг үе байсан юм. Шашин шүтлэг, бурхан тахил, зул гэж байхгүй ш дээ. Бид чинь бүр намын гишүүн. Тэгээд зул барьсан айлыг бараг л буруутгадаг байсан юм ш дээ. Бид чинь анхнаасаа шашин шүтэлгүй явж ирсэн болохоор одоо ч тэгж лам хувраг гээд гүйгээд байхгүй. Одоо л их багагүй шашин шүтлэг болж гүйдэг болж дээ. Би саяханаас л нэг эрх барьж, зул өргөж байна. Биднийг ажиллаж байх үед чинь цайныхаа дээжийг өргөсөн айлын бүрээс тос болчихсон байна. Танайх чинь юундаа өргөдөг юм гэж загнана ш дээ. Тийм байсан юм.

Дэжид -

Тэр үед гэрэл чийдэн юу хэрэглэдэг байсан юм?

Зав -

Лаа л хэрэглэнэ. Дээр үед биднийг бага байхад тарвага, адууны тосоор дэн барьдаг байлаа. Лаа гараагүй байсан үед тийм байсан юм. Одоо бол сайхан болчихоод байна аа.

Дэжид -

Дэнгээ өдөр болгон асаах уу?

Зав -

Орой унтахаараа л асаана ш дээ. Тэр үед чинь дэнгийн гэрэлд бас юм оёно ш дээ. Өдөр нь малаараа оролдож яваад амжихгүй болохоор шөнө нь л дэнгийнхээ гэрэлд үстэй дээл энэ тэрээ оёдог байсан юм.

Дэжид -

Тэр үед дээл хувцасаа өөрсдөө л хийх үү, хүнээр оёуулдаг байсан юм уу?

Зав -

Хөгшчүүл өөрснөө л оёдог байсан. Харин хүнд очих хүүхэнтэй хүмүүс зарим нь овоохон шиг оёчихдог хүн дээр очиж оёулдаг байсан юм.

Дэжид -

Тэр үед гэр бүл болох ёслол яаж явагддаг байсан юм?

Зав -

Урд чинь уулзаж, учирч энээ тэрээ бол байгаагүй. Заримдаа хаалга үүд тожигнуулдаг ч юм уу тийм юм болохоор хөгшчүүл чинь хүү минь ээ юун хаалга тожигнож байгаа юм гээд л тэгнэ ш дээ. Ер нь тэр үед бол аав ээжийнхээ л үгээр явж байсан юм. Нэг айлын охиныг гуйлаа гэхэд өөрт нь хэлэхгүй ш дээ. Аав ээж нь л ярьж тохирно. Тэрнээс биш өөрснөө тэгж уулзаж учирч байгаагүй юм. Тэгээд л дуртай ч дургүй ч аав ээжийн заавраар л өгөлцөж, авалцаж байсан байхгүй юу.

Дэжид -

Гэрлэхдээ ямар ёс жаягтай байсан юм бол? Ялангуяа Дарьганга ёсны онцлог гэж бий юу?

Зав -

Сүрхий бэлдээд, өгч аваад байсан юм байгаагүй байх аа. Гурав хоног дээр нь эргэж очдог байсан юм.

Дэжид -

Сүхбаатар нутаг чинь нэлээд ёс жаягтай нутаг ш дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа ямар байсан бэ? Эрэгтэйчүүдээ арай илүү хүндэлдэг байсан уу? Сүүлийн үед яаж өөрчлөгдөж байна?

Зав -

Тэр үед эмэгтэйчүүдэд мэддэг чаддаг юм ер нь байгаагүй байх шүү. Хадам ээж, нөхрийн заавраар л байна. Өөрсдөө мэдэх юм бараг байхгүй тийм л байсан. Сүүлийн үед эмэгтэйчүүдийг хүндлэх, эрх чөлөөтэй, адилхан л эрхтэй болж байна л даа. Дээр үед бол эмэгтэй хүнд эрх мэдэл бол байгаагүй л байхгүй юу. Айлд очсон хүн бол тэр айлынхаа л аяыг харна. Нөхөр л мэднэ. Хадмын дарамтанд шахуу тийм л байсан ш дээ.

Дэжид -

Та бол нэгдэлийн анхны гишүүн, бас багийн дарга хийж байсан хүн. Арай давуу эрхтэй байх уу? Жишээ нь хувьдаа нэг шөлний юм хэрэг боллоо гэхэд яадаг байсан бэ?

Зав -

Дураараа авахгүй ш дээ. Цохуулж байж л авна. Нэгдэлийн мал маллаж байгаа хүн чинь нэг хонь идлээ гэхэд нэгдэлийн дарга юм уу, нябогоор цохуулж байж л авна. Би одоо олон үхэр хариулж байгаа энэнээсээ тэрийг нь идчихнэ гээд дураараа авна гэж байхгүй л дээ.

Дэжид -

Нэгдэлийн малнаас гадна хувьдаа малтай байх уу?

Зав -

Бий л дээ. Олон нь олон, цөөн нь цөөн хувийн мал байлгүй яахав. Өөрийнхөөсөө идэхгүй гэвэл нэгдэлээс цохуулж авна. Өөрийнхөөсөө иднээ л гэвэл өөрийнхөөсөө иднэ. Тэр бол чөлөөтэй.

Дэжид -

Нэгдэлийн төлөвлөгөөг биелүүлээгүй хүмүүсийг яадаг байсан бэ?

Зав -

Яахчгүй л дээ. Хурал цуглаан дээр хэлэгдэж, илтгэл тогтоолд гарна уу гэхээс өөр шийтгэл байгаагүй. Тийм л байсан.

Дэжид -

Эмэгтэйчүүд хүүхдээ өөрсдөө өсгөөд ажлаа хийдэг байсан уу, ясли цэцэрлэг гэж байсан юм уу?

Зав -

Тэр үед ясли цэцэрлэг байгаагүй юм. Өөрсдөө л хүүхдээ ч маллаад, малаа ч маллаад л явсан. Хөдөөний хүмүүст ямар юмаа ясли цэцэрлэг байхав. Хөдөөний хүүхдүүд аяндаа л өсч байгаа юм даа, ер нь.

Дэжид -

Нэгдэлийн гишүүдийн хүүхэд сургуульд ороод дотуур байранд суулаа гэхэд идэш уушийг нь нэгдэлээс гаргаж өгөх үү, эсвэл хувь хүн гаргадаг байсан юм уу?

Зав -

Сүүлийн үед өөрсдөөс нь хоол авдаг байсан юм. Тэр бол саяханаас. Тэрнээс биш тэр үед сургуулийн хүүхдүүд байрнаас л хоол иддэг байсан. Тэр нь нэгдэлээс л гарна.

Дэжид -

Тэр үед “Намын уриа” нэгдэл хэр том нэгдэл байв?

Зав -

Яахав овоо. Нэг их жижигт ч орж байгаагүй. Ажил төрлөөрөө ч тийм ч доогуур ордоггүй байсан.

Дэжид -

Хувьчлал явагдаж, нэгдэл тарлаа ш дээ. Та тэр хувьчлалыг танай нэгдэлд шудрага явагдсан гэж үздэг үү? Яаж явагдсан бэ?

Зав -

Хэл ам гараагүй л юм даг. Таван хүүхэдтэй хүн байлаа гэхэд өөртэйгөө 6 хүний хувь авсан байхгүй юу. Тухайн үед хэдийг өгсөн нь хамаагүй одоо хэд байна түүнийгээ байгаа хүмүүс нь тэгшхэн хуваагаад авсан. Мал хувьчлахад бол тийм л байсан. Хүнийхээ ам бүлээр л өгсөн.

Дэжид -

Мал хувьчлахад эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай байсан уу, адилхан байсан уу?

Зав -

Адилхан л байсан байх. Лав л ялгаатай гэж байгаагүй.

Дэжид -

Та тэгээд хувьчлалаар хэр их юм авав?

Зав -

Би хоёр хүний юм авахад хэдэн хонь ямаа, 2, 3 үхэр ирж байсан юм.

Дэжид -

Та хотод анх хэдийд орж байсан бэ?

Зав -

60-аад оны үед нэг очиж байсан юм уу даа.

Дэжид -

Анх ямар ажлаар хот очиж үзэв?

Зав -

Ажлаар ч биш л дээ. Хувиараа л явж байсан.

Дэжид -

Хот ямар санагдаж байв?

Зав -

Анх намайг очиход сайхан л байсан. Ирж баймаар л газар байна ш дээ гэж бодогдож байсан. Одоо очиход чинь дэндүү ….

Дэжид -

Анх юугаар очиж байв, хот руу?

Зав -

Дөчин хэдэн онд анх очсон юм уу даа. Ахыгаа алга болоход нэг сураг дуулаад. Дундговь аймагт нэг хүн байна гэнэ ээ. Тэр Сүхбаатарын хүн гэнэ гэсэн нэг сураг гарахгүй юу. Хүн чинь амьд явахад элдэв өнгөөр явна. Үлгэр түүх шиг л явна. Тэгсэн ээж минь миний хүү ч уг нь ухаантайдаа тэгж хүний суманд баймааргүй юм. Ямар хачин юм гээд л… тэгээд би Улаанбаатар луу явдаг хүн боллоо.

Дэжид -

Та анх тэгвэл ахынхаа сургийг гаргах гэж Улаанбаатар орсон юм уу?

Зав -

Тийм. УБ-аас баруун хойшоо Дундговь аймаг гэж байдаг ш дээ. Тэндэхийн Цагаандэлгэр суманд нэг айлд орж суусан хүн байна гэнэ ээ гэж дуулдахгүй юу. Тэгээд сураглаад байсан Сүхбаатар аймгийн хүн юм гэнэ гээд. Яг үхсэн гэж мэдээ ирээгүй учраас горьдоод л. Миний хүү хаяагаар гараагүй хаалгаар гарсан юм чинь нэг л өдөр ээждээ ирэх байлгүй дээ гээд ээж маань дандаа тэгдэг байхгүй юу. Тэгээд тэр хүнийг сураглая гээд би УБ гарсан юм. Манайхны захиргаанд цоохор Гэндэн гээд нэг жолооч байсан юм. Тэр Гэндэн гуайтай УБ орлоо. УБ-т таних айл ч байхгүй Гэндэн гуайн очсон айлд очлоо. Тэгээд Гэндэн гуай нөгөө айлын хүмүүст та нар энэ охиныг Дундговь аймаг руу л нэг оруулж өгөөрэй гээд захиад тэр айл ч намайг унаанд суулгаж өгдөг юм байна. Тэгээд Дундговь аймаг орлоо. Тэгээд таних айл байхгүй дарга нартай нь уулзаад учираа хэлсэн. Тэгсэн танай аймгийн нэг тийм хүн Цагаандэлгэр суманд байгаа гэж хариу хэлсэн байхгүй юу. Шууданд суугаад явж байхад нэг өвгөн охинтойгоо явж байгаа таараад чи хаа хүрч яваа юм гэж байна. Тэгээд би хүнтэй уулзах гэж яваа юм танайхны дарга нартай л уулзана даа. Очих айл байхгүй гэсэн чинь бид нэг шууданд суугаад ирлээ Цагаандэлгэр суманд очвол манайхаар очихгүй юу даа гэж байна. Би ч шуудангаас буугаад л Намын үүрийнх нь даргатай уулзлаа. Тэгсэн дээр манай аймагт захиргаанд ажиллаж байсан дарга байсан. Тэгээд би учраа хэллээ. Би нэг ганцхан ахтай хүн. Тэрнээсээ салчихаад нэг сураг сонсоод биш байгаадаа гээд үзэхээр явж байгаа юм гэсэн дарга нар ч дорхноо тусалсан даа. Залуу байхад энд тэнд явахад сайхан л байдаг юм.

Дэжид -

Тэр үед зам явах авдаг байсан уу? Тэгж аймаг дамжаад явах бололцоотой байсан уу?

Зав -

Тийм юм авахгүй ээ, дураараа л явна.

Дэжид -

Тэгээд Цагаандэлгэр сумандаа очоод олж чадсан уу?

Зав -

Очоод дарга нартай нь уулзсан тийм хүн бий. Танай аймгийн Онгон сумынх л гэдэг юм ш дээ гэж байна. Та тэгээд Цагаандэлгэрт очоод хаана очих юм гэхээр нь замд танилцсан хүн манайд очоорой гэсэн юм гэлээ. Тэгсэн манай аймаг дээр Сүхбаатарын Асгатын нэг айл бий тэднийхийг таних уу, буцаад ирэхдээ тэнд очоорой гэж байна. Одоо нэрийг нь мартчихжээ. Танилгүй яахав, бид нар чинь нэг нутгийн улсууд байна ш дээ гээд сүйд болж байсан юм. Тэгээд аймгийн дарга нөгөө сумын дарга нарт бичиг хийгээд өгсөн. Ийм учиртай охин явж байна тэр хүнийг олж уулзуул гэсэн утгатай. Намайг шуудан хүлээж байсан тэгээд бичгээ аваад явлаа.

Дэжид -

Тэр үеийн шуудан чинь ямар машин байхав?

Зав -

Задгай 51 байсан юм. УБ-аас Дундговь руу хоноогүй өдөртөө очиж байсан юм. Тэгээд өнөө хоёрыгоо дагаад буулаа. Тэднийд нэг настай хөгшин байсан юм. Хүүтэйгээ, бэртэйгээ байдаг байж л дээ. Хөөрхий, хаанахын ямар хүний үр хаа байсан энд явж байгаа юм болдоо гээд дандаа тэгдэг байсан юм, тэр эмээ. Тэгэнгүүт бэр нь танд юуны хамаатай юм гээд тэгж л байдаг юм. Тэгээд өнөө бичгээ аваад дарга нар дээр нь орлоо. Сүхбаатар аймгийн Онгон сумын л гэдэг юм даа. Айлд орж суусан нэг хүн байдаг юм гэхээр нь ямар ч байсан надтай тэр хүнээ уулзуул би ахыгаа танина. Манай ах чинь хянгандуу хамартай, нээх том давхраатай нүдтэй, хар хөмсөгтэй хүн байсан юм аа.

Дэжид -

Та ахыгаа явахад хэдэн настай байсан юм?

Зав -

15, 16-тай байсан. Тэгээд за тэр хүнийг чинь авчируулаад ирэхээр нь таныг дуудуулая. Та тэр айлдаа байж бай л гэж байна. Тэгээд би чинь баруун хойшоо харчихнаа. Тэгсэн зарлага нь таныг хүрээд ир гэж байна гээд иржээ. Тэгээд тэрүүхэн хооронд ах минь мөн бол би чинь манарч сандаргахгүй байгаа даа биеэ л барина даа гээд бодчихлоо. Тэгээд очлоо. Тэгсэн танихгүй л болтой хүн сууж байна даа. Дарга нь дүү чинь хаа байсан Сүхбаатар аймгаас чамтай уулзах гэж ирсэн байна гэж өнөө хүнийг чинь тэгж байна. Хараад л байх юм. Тэгснээ над ийм дүү байхгүй дээ гэж байна. Тэгсэн дарга нь байгаад л ирж байна ш дээ гэлээ. Би бас танихгүй өнгөрчих вий гээд та намайг танихгүй байна уу гээд тулгаад байсан чинь үгүй ээ, над ийм дүү байхгүй дээ л гээд байсан. Би эрэгтэй хоёр дүүтэй л хүн дээ. Эмэгтэй ийм дүү байгаагүй биш л байна даа гээд өнөө хүн тэгээд байхгүй юу. Тэгэхээр нь та нутгаасаа гараад удчихаад андуураад байна. Нэг нь эмэгтэй байсан юм биш үү. Та танихгүй байна гээд тулгаад байсан. Тэгсэн дарга нар нь та хоёр чинь тэгээд яаж учираа олох гэж байна гараад нэг уулз даа гэж байна шүү. Тэгээд гадаа байшингийн гадаа сууж байгаад та намайг танихгүй л байна даа гэсэн чинь үгүй ээ, биш чи л андуураад байна гээд байна. Нүд ам нь ч адилгүй юм. Давхараа нь ч алга. Хамар нь гэж навсайчихсан. Гар хурууг нь ч үзлээ. Ах маань өндөр сайхан хуруутай хүн байсан юм. Тэр хүн богинохоон, погдойсон жоохон бор гартай юм. Тэгээд сүүлдээ нөгөө дарга нар чинь бид хоёрыг салгаад уулзах юм боллоо. Би ч үнэнээ л хэллээ. Миний ах ч биш л байна даа гэсэн. Тэгсэн нөгөө дарга нар чинь тагнуул биш байгаа ч гэх шиг өнөө хүнээ бас хардаж байна аа. Тэгсэнээ та хаа холоос ирсэн хүн хоёр биенээ танихгүй байж болно ш дээ. Маргааш бас нэг уулзаад үз гэж байна. Миний ах биш байна, миний ах ингэж ч явах хүн биш. Яахав сураг сонсоод мөн байж магадгүй гээд ирсэн. Тэр хүнтэйгээ уулзлаа учирлаа гэдгээ хэллээ. Тэгээд өнөө айлдаа очоод унтаж байсан маргааш нь бас нэг дууддаг юм байна. Таны ах үнэхээр биш үү л гэж байна. Биш байна аа л гэлээ. Ахыгаа мөн бол ээжийгээ амьдад нь уулзуулая гэж бодсон юм гэдгээ хэллээ. Дарга нар нь өнөөх хүнийг чамтай уулзах гэж хаа байсан хол газраас зориод ирсэн хүнийг чи буцах зардал мөнгийг нь гарга гэж хэлсэн юм байна аа. Тэгсэн өглөө унтаж байсан нэг хүн ороод ирлээ. Харахаас биш юм аа. Миний ах мөн байна гэх юм байхгүй. Заавал нэг сэтгэл зүрх нь өөр байна биз дээ. Тэгсэн энэ хүүхэд унтаж байгаа юм уу л гэж байна. Тийм ээ, чи юу гэсэн юм. Одоо дагаад явах гэж байна уу гээд л айлын хүүхэн тэгж л байна. Дарга нар намайг хаа байсан газраас эмэгтэй хүн ирүүлчихээд зардал мөнгийг нь өг гэсэн юм. Над мөнгө байхгүй юм чинь би юуг нь өгөх вэ дээ. Би өнөөдөр гэрээдээ явнаа л гэж байна. Би ч дугарсангүй. Одоо юу гэхэв дээ. Биш бол эндээ ингээд суугаад байлтай биш. Тэгээд буцах болсон л доо. Тэгсэн өнөө миний байсан айлын хөгшин тэгж байна аа. Бэр нь эвлэлийн сименарт сууж байсан юм. Тэгсэн хүү нь эхнэрээ гараад явахаар араас нь гараад л явна. Тэгсэн хөгшин манай хүү сүүлд нэг ийм зусаг ямаа шиг юм авсан юм. Өнөөхийгөө гараад явахаар л араас нь дагачихдаг юм. Тэгээд намайг оройд ингээд ганцааранг нь хаячихдаг юм ш дээ гээд л гомдоллож байсан юм. Би өдөртөө байхдаа сайхан цай чанана аа. Бэр нь нэг цийдэм шиг юм чаначихаад л алга болно. Тэгээд л хөгшин: хээ, аль нутгийн ямар амьтан ирж манайд ийм сайхан цай чанаж байгаа юм. Эмээ нь одоо хүүдээ юу өгөх вэ дээ, насаа л өгье, насаа л өгье гээд л тэгдэг байсан юм. Одоо хэн мэдэх вэ дээ тэр хөгшин надад насаа өгсөн ч юм билүү. Одоо элдэвийн л юм бодох юм байна даа. Хүн чинь амьд явж байсан цагт тэгж түүхтэй, намтартай л явдаг юм байна ш дээ. Сайн муу, сайхан муухай юмыг ч мөн ч их үзэх юм даа.

Дэжид -

Та бас хаа байсан тэр Дундговь аймагт очиж тэр хөгшинд цай хийж өгч байдаг бас сонин тавилан шүү?

Зав -

Тийм ээ, хачин юм шүү. Хаа газрын амьтаны үр ингэж надад ирж цай чанаж өгч байх гэж. Наад цайгаа асга асга гээд бэрийнхээ цайг тэгнэ. Би тэрийг нь асгачихаад л шинэ цай чанаж өгдөг байсан юм.

Дэжид -

Зусаг ямаа гэж ямар ямааг хэлдэг юм?

Зав -

Годгоносон, годгоноод алга болчихдог. Тэгээд бэрээ зүйрэлж хэлж байгаа юм.

Дэжид -

Дээр үеийн хүмүүсийн үг яриа их бэлэн цэцэн, амьдрал ахуйтайгаа уялдсан зүйр цэцэн үгийг их хэрэглэдэг байжээ. Танай ээж бас “хаяагаар гараагүй хаалгаар гарсан” гэж хэлсэн тэр нь ямар утгатай юм?

Зав -

Яахав дээр үед нас барсан хүнийг гэрийнхээ хаяагаар хаяагаа сөхөөд л гаргадаг байсан юм.

Дэжид -

Аан, зөв зөв. Тийм утгатай юм байх нь. Хөдөөлүүлэх ёс бас их өөр байж. Ямар зан заншилтай байсан юм бол? Хөдөөлүүлэхдээ яахав?

Зав -

Тэмээн тэргээр аваачаад л шалдан нүцгэн яадаг ч юм тэгдэг л байсан байлгүй дээ.

Дэжид -

Хүүхдийг бол тийм юманд оролцуулахгүй юу?

Зав -

Үгүй ээ, оролцуулахгүй. Урдын улс чинь бас их сэжигч. Ачиж явсан тэргээ тээр хол тавьчихаад л ирж байдаг юм. Тэмээн тэргээр л голцуу явна. Морин тэргээр ч явна. Тэгээд аваачаад ил тавина шүү дээ. Урдын улс чинь одоогийнхтой адилгүй үхэл нь ч ховор байсан юм байлгүй дээ.

Дэжид -

За тэгвэл “хаяагаар гараагүй, хаалгаар гарсан” гэдэг үг их учиртай үг байх нь. Та тэгээд ээжийгээ амьдад ахыгаа олж уулзуулъя гэж бодож тэр хол газар зоригтой явж байжээ. Тэгээд ер нь олж уулзаж чадаагүй юу?

Зав -

Тэгсэн. Явсан ш дээ. Тэгээд сураг нь гараагүй юм. 3-Р ХЭСЭГ:

Дэжид -

За, Та чинь хаа холоос ахыгаа эрж ирээд бас нэг хөгшинийг баярлуулж байсан хүн байна. Сонин түүх байна. Тэрнээс гадна та бага залуугаасаа янз бүрийн ажил хийж явжээ. Энийг хэн зааж өгч байв? Та яаж тэр болгоныг сурсан юм бэ?

Зав -

Хэн ч заагаагүй. Өөрөө өөрийнхөө биеийг дайчлаад л … Хүн ер нь аав ээжээс төрөхдөө юм сурч гарна гэж байхгүй ш дээ.

Дэжид -

Юм оёдог байсан уу, та?

Зав -

Оёдог байсаан. Дээл хувцасаан бол хийгээд л өмсчихнө. Хүн хийж байгааг хараад л, өөрөө өөрийнгөө даачлаад л сурна шүү дээ.

Дэжид -

Ажил хийж байх явцад хэцүү юм юу байв?

Зав -

Хэцүү юм байна гэх юм над ер нь таараагүй дээ.

Дэжид -

Одоо Та 83-тай гэхэд бие хаа хөнгөн шингэн, ухаан санаа саруулхан яаж ингэж биеэ авч явж байна аа гэх бодол төрж байна? Ажлыг чинь сонсохоор та ер нь зүгээр суугаагүй маш их хөдөлмөрлөж байсан хүн байх юм, тийм ээ?

Зав -

Хөдөлсөний гэм, ажил хийсний гэм гэж ер нь байхгүй. Хэдий чинь хөдөлж явж байна төдий чинээ л сайн байна. Ер нь жаахан суугаад ирэхээр бие хаа чинь хөшчихөөд хэцүү шүү дээ. Хөдөлж байсан цагтаа хөдөлж л байх хэрэгтэй. Хөдөлгөөн чинь л ер нь хүний биед сайн байгаа юм даа.

Дэжид -

Тэр үед та тэр олон ажлыг өөрийн дур хүслээр хийж байсан юм уу, эсвэл хэн нэгний зөвлөгөөгөөр ч юм уу, эсвэл хий гэснийг нь хийдэг байсан юм уу?

Зав -

Дээр үед чинь баг, сумаас зохион байгууллалттайгаар янз бүрийн ажлуудыг зохиодог байсан юм. Тэднийхээ л заавраар явж байсан даа. Хий гэсэн ажлыг нь хийгээд л явж байсан.

Дэжид -

Танаас зайлшгүй асуух ёстой хоёр асуулт байна. Таны амьдралд гүн гүнзгий өөрчлөлт оруулсан зүйл байна уу? Ер бусын онцгой гэх зүйл юу байна?

Зав -

Улс эх орны сайн сайхан, энх амгалан болгосон улсын баатар жанжины хамаатан болж төрсөндөө бахархаж явдаг. 100 жилийнх нь ойд очсон. Бунханаар нь орсон. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэгчлэн амьд явахад сайхан сайхан юм үздэг юм байна. Тэгж явахад нүдний нулимс ойчиж л байлаа даа. Тэр том жанжины хамаатан болж төрсөндөө л их бахархаж явдаг даа. Өөр онцгой юм юу байхав. Үүнийг л онцгой зүйл гэж бодож явдаг ш дээ.

Дэжид -

Жанжинтай ойрын хамаатан гэж энэ нутагт танаас өөр хүн одоо байна уу?

Зав -

Бий л дээ. Одоо 100 хүрч байгаа нэг хөгшин байгаа. Тэгээд энд тэнд байдаг л байх. Зуун жилийн ойгоор нь хэд хэдэн хүн явж л байсан.

Дэжид -

Таныг ид ажиллаж явах үед жанжины хамаатан гэж мэддэг байсан уу? Тусгай шагнал урамшуулал, харж үзэх юм байсан уу? Ер нь аймаг орон нутгийн удирдлагууд хэдийнээс мэдсэн юм?

Зав -

Саяханаас л мэддэг болсон. тэр зуун жилийн ойд явж ирсэнээс хойш л мэддэг болсон байх. Манай суманд бол мэддэг хүмүүс бий л дээ. Зарим дээдсүүл нь байхгүй л болж. Одоо энэ Асгат суманд. Хэд хэдэн судлаачид ирж байсан юм ш дээ. Жанжины хамаатан садан ямар ямар хүмүүс байна гэж судалж явсан юм. Пүрвээ ч гэж байсан, өөр хэн хэн ч билээ. Одоо нэрийг нь мартчихаад байна аа. Тэгээд би ээжийгээ ярьж байсан болохоор очиж байсан юм. Тэгээд ийм ийм учиртай юм гэнэ лээ гэж ярьж байсан юм. Тэгээд хэд хэдэн хүний нэрс аваад явсан. Тэрэнд нь би орж л дээ. Тэгээд 100 жилийн ойгоор нь урьсан хэрэг. Тэр судалгаанаас хойш л аймаг орон нутаг анхлан мэддэг болсон. Хэдэн онд билээ дээ манайх энэ говьд байхад жанжины ганц хүү Батсүх манайхаар ирсэн юм. Тэгэхэд тэр том хүн манайхыг тоогоод хүрээд ирсэнд бас их бахархаж л байлаа ш дээ. Тэр бас хүний сайхан чанар. Ямар ч айл байдаг юм билээ орохгүй явбал явна ш дээ.

Дэжид -

Таны үеийн хүмүүсийн энэ сайхан цэгцтэй, биеэ сайхан авч явж, урт насалдагийн нууц нь юу юм бол оо?

Зав -

Ноднин л анх удаа эмнэлэгт хэвтэж шинэ карт авсан даа. 82, 83 хүрчихээд… тэгэхэд эмч хачирхаж байсан. Та одоо картаа хаячихсан юм уу гээд. Манай хүү ч мэднэ дээ. Юу гэж эмээ нь худлаа хэлэхэв, хаячихсан бол хаячихсан юм аа л гэнэ биз дээ гэхэд хачин юм аа шинэ карттай гээд гайхаад байсан. Тэгж л ноднин анх эмнэлэгт хэвтэж байгаа нь тэр. Өвсөж зовох, энээ тэрээ юм ер нь байгаагүй. Ноднин л анх тэгж хөлөө өвдөхөд дандаа тан өгдөг сайн уламжлалт эмнэлэг гэнэ гэхээр нь очиж байгаа нь тэр. Картгүй хүн чинь шинэ карт аваад очсон чинь эмч нь тэгж хачирхаад байсан юм.

Дэжид -

82 хүрчихээд эмнэлэгт анх хэвтэж байгаа гэхээр хүн үнэмшихгүй гайхах нь аргагүй юм. Одоо чинь цаг өөр болчихоод байна ш дээ. Жоохон залуугаасаа л өвчин ярьдаг болсон. Би л гэхэд таны дэргэд яаж хөл өвдөж байна гэхэв гээд тэсч байна ш дээ. Энэ ч таны биеэ зөв авч явсаны нарийн нууц байна ш дээ, тийм ээ? Таны ээж хэд насалсан бэ?

Зав -

Манай ээж чинь 70 хүрсэн юм уу, үгүй юм уу. 61 онд л өөд болсон юм.

Дэжид -

Танай удмынхан ер нь ийм өндөр настай юу? Удам дагасан уу, та юу гэж боддог вэ?

Зав -

Одоо өндөр настай гэвэл манайхнаас хоёр л хөгшин байна даа. Бусад нь дандаа залуучууд, хүүхдийн хүүхдүүд.

Дэжид -

Өөрийнхөө хамаатан саднаас хамгийн өндөр настай нь одоо та л болж байна уу?

Зав -

Тийм.

Дэжид -

Тийм байх. Харахад хэдийгээр ная гарсан гэж хэлэхээргүй ч сайхан өндөр насалжээ. Тэгээд ой санамж хэвээрээ байна гэдэг сайхан байна. Таны бага залууд ямар урлаг соёлын арга хэмжээг сонирхдог, оролцдог байсан юм бол?

Зав -

Тэр үед кино л их гарч байсан юм даа.

Дэжид -

Хамгийн анх ямар кино үзэж байв?

Зав -

Тэр ч одоо дотор ухаанд байхгүй л байна. Концерт ч үздэг л байсан. Мартын 8 д л гэхэд суманд бид чинь цуглаад л бас их наригдаг байлаа ш дээ. Нэгдэл гэж байхад манайх жишээ нь 40 км –т байлаа гэхэд намайг чинь ганцааранг нь машинаар аваад л ирнэ. Нэгдэл чинь бас их сайхан байсан шүү. Хүүхнүүдийг чинь тэгээд л мартын наймнаар цуглуулаад л ирнэ ш дээ. Ганц нэг гэрээрээ байгаа тэр болгоныг чинь цуглуулаад л ирнэ. Тэгээд авчираад концерт тоглоод л, кино гаргаж өгөөд л, клубт бүжиг хийнэ. Одоо ч ганц нэг алхаад бүжиг хийвэл хийх санаатай шүү.

Дэжид -

Та чинь их сайн ажиллаж байсан, дээр нь бас сайн уран сайханч байсан байна. Одон медаль ч сайн авч байж, бас сайн малчин гэж ямар шагнал авч байсан гэнэ ээ?

Зав -

Баярын бичиг, дипломууд зөндөө байгаа. “Энх сүрэгтэн” гэж улаан даавуугаар оёчихсон цагаан бүрээс хоёр жил дараалан авсан. Тэрийгээ байнга гэртээ углана. Нэг жил аймгийн “энх сүрэгтэн” болох юм уу гэж байсан тэр жил нь ганцхан бяруу үхээд чадаагүй. “Энх сүрэгтэн” гэдгийг малын хорогдолгүй хүмүүст өгдөг байхгүй юу. 100 төгрөг, диплом, цагаан бүрээстэй өгдөг байсан юм. Тэр үеийн оросын цагаан бүрээс одоогийнхтой адилгүй гурван жил барина шүү дээ.

Дэжид -

Тэр үед оросын даавуу гэдэг нь их чанартай байсан уу?

Зав -

Тийм, чанартай. Тэр үеийн цагаан ямбуу гэдэг чинь зузаан байсан юм. Одоогийнх чинь маарал шиг л юм байна ш дээ. Тийм л байсан юм даа. Би муу муухай ажиллаж байгаагүй ээ. Сумын дипутат ч болж байсан.

Дэжид -

Сумын дипутат тэр болгон эмэгтэй болохгүй. Та ер нь их дайчин эмэгтэй байж дээ?

Зав -

Би чинь одоо болтол хүнтэй хэрэлдэнэ, муудна, уур унтуу гэж ер нь байхгүй дээ. Одоо харин нас жаахан дээр гараад ирэхээр хүүхэд шуухад буруу юм ярихаар жаахан гомдож байна гэх юм уу тиймэрхүү л болно уу гэхээс өөр юм байхгүй. Өдий болтол хүнтэй ам мурийж үзээгүй дээ, харин. Манайд чинь хүн ч их цугладаг айл байсан юм, хөөрхий. Тасаг дээр байхад хүртэл улсууд ирж л байдаг. Цайлж, хооллоод л явуулна. Манай өвгөнийг Довдон гэдэг байсан юм. Ямар сайндаа саалин дээр нэг хөгшин: - манай Довдонгийнхоор чинь нохой унасан ногоон дээлтэй ноён л нэг ирэхгүй юм. Тэрнээс биш юм л ирчих юм, ямар хачин юм гэж байхав дээ. Би тэгэхээр нь: - яахав ээ, морин толгой наашаа байхад айл сайн байдаг юм л гэж байсан юм.

Дэжид -

Унд устай, зочин ихтэй л айл байж дээ?

Зав -

Манай өвгөнийг байхад тийм л айл байсан. Хүн их цугладаг, хоноц их хонодог. Аймаг, сумаас дарга нар ирэхэд хүртэл цөөн хүнтэй, цэвэрхэн суудаг гээд манай руу л их явуулдаг байсан юм даа, хөөрхий.

Дэжид -

Тэр үед буудал ховор байсан уу?

Зав -

Байлгүй яахав. Аймаг суманд байсан. өвөл бол яахав дулаахан айл гээд хүрээд ирнэ.

Дэжид -

Та бол их ажилсаг байж дээ, яаж тэр их ажлыг амжуулж байв?

Зав -

Манай аймагт Жигжиддагва гэж захиргааны дарга байсан даа. Манай нэгдэлийн дарга Цэрэнжав гэж байсан юм. Тэр хоёр нэг удаа ирж хонож байсан юм. Бид чинь орой үнээ малаа хөхүүлнэ гээд гараад явчихна. Тэгээд би нэг тогоонд үхрийн мах чанаад будаа буцалгачихсан байсан юм. Тэгээд тэднийг цайлчихаад ямар хоол идэхэв гэсэн энэ болсон хоолноос чинь л иднэ биз дээ өөр ямар хоол хийх гэж байгаа юм чи чинь, энэ нь болно гэж тэр Жигжиддагва дарга хэлж байж билээ. Өглөө нь босоод сайхан дулаахан төвхөнүүхэн айл байна гээд явсан хөнжилөө мартчихаад хаанаас ч буцсан юм буцаж ирж хөнжлөө авч байж билээ.

Дэжид -

Таныг ажил хийж байх үед хэцүү зүйл юу байсан бэ?

Зав -

Хэцүү юм гэж над ер нь тохиолдоогүй дээ. Би ер нь энэ нь хэцүү юм, тэрийг нь хийж баршгүй юм, одоо энийг нь яадаг юм билээ гэх юм гарч байгаагүй. Залуу ч байж дээ.

Дэжид -

Жигшдэг юм юу байв?

Зав -

Тийм юм байгаагүй дээ. Төр түмнээ л бодож байсан уу гэхээс өөр юм байгаагүй. Бидний үед шашин шүтлэг гэж юм байгаагүй. Төрийн сүлдэндээ л залбирна шүү дээ.

Дэжид -

Тэр үед яг орьё гэсэн ажилдаа орж болж байсан юм уу? Таныг бол сум багын дарга нар ажилд тавьдаг байж. Өөр хүн ажилд ороё гэвэл яаж ордог байсан бэ?

Зав -

Тэрийг чинь дарга нар мэдээд авбал аваад, авахгүй бол авахгүй л байсан ш дээ.

Дэжид -

Хамт орны хурлаар орж, санал авдаг байсан уу? Дарга нар өөрөө мэдээд л авах уу?

Зав -

Дарга нар өөрөө мэдээд л авна. Ажлаас халлаа гэхэд “тэрнийг ажлаас халсугай” гэхэд л тэгээд л халагдана.

Дэжид -

Таныг ажиллаж байх үед хамт олон гэж ямар байв, хэр эвсэг байсан бэ?

Зав -

Ер нь манай дарьганга чигийнхэн чинь сайхан ш дээ. Ааш зан, ажил төрлөөр нь хүнийг хочилж, гоочлоод байх юм байхгүй. Ажил хийж байгаа хүнийг их л хүндэтгэдэг л байсан.

Дэжид -

Та манай удам угсаа ч гэдэг юм уу, дарьганга угсаатан ийм онцлогтой гэж юуг хэлж чадах вэ?

Зав -

Их л ажилсаг улс даа. Одоо доодсуул нь яаж байдаг юм, дээдсүүл нь ааш зангийн хувьд ч сайхан хүмүүс байсан. Учиргүй тийм хачин улс ч ер нь байгаагүй дээ.

Дэжид -

Уран дархчуул ихтэй гэж байсан. Тэр талаар та юм хэлж чадах уу?

Зав -

Би сайн мэдэхгүй юм. Дарьганга чинь мөнгөний дархан их л байсан даа.

Дэжид -

Танд эцэг эхээс чинь уламжилж ирсэн нарийн ур хийц харуулсан эд зүйл байгаа юу?

Зав -

Манай ээж уг нь нэг сайхан хавчаартай байсан. Нэг үе чинь хөөрөг, шүр сувдыг чинь хэрэглэхгүй хүүхэд гадаа хөдөө тоглож байдаг л эд болсон ш дээ. Манай ээж хоёр хавчаараа өгөөд мөнгө аяга хийлгэсэн нь нэг л аяга ирсэн. Илүү нь буцаж ирээгүй. Тэрийг авъя ч гэсэн хүн байхгүй. Одоо манай ээжийн тэр хавчаартай зураг байдаг юм. Хоёр хавчааранд чинь их л мөнгө орно шүү дээ. Би бага хүүхэд ч байж дээ.

Дэжид -

Таны тэр зураг, одон медаль цөм Онгонд гэрт чинь байна уу?

Зав -

Тийм. Баярын бичиг диплом цөм л гэрт бий. Би хүүхдүүддээ ээж минь ийм ажил төрөл хийж, ингэж явж гээд харахад та нарт л дурсгалтай ш дээ гэж хэлдэг юм.

Дэжид -

Бид тантай их завшаантай таарлаа. Онгон сумаас Асгатад хүү дээрээ ирчихээд байхад таарч сайхан ярилцлага авлаа.

Зав -

Би ч бас та нартай таарсандаа энэ насны бас нэг завшаантай үйл явдал гэж их баярлаж байна ш дээ.

Дэжид -

Бид ч бас жанжины удмын ийм өндөр сайхан насалсан сайхан хүнтэй таарсандаа баяртай байна. Хэдийгээр сургууль соёлоор яваагүй бага боловсролтой ч нийгмийн идэвхтэй янз бүрийн ажилд оролцож, үүрэг хүлээж явсан таны сайхан түүхийг өөрийн дуу хоолойгоор чинь бичиж авсандаа баяртай байна. Эмээдээ их баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

Зав -

Хүүхдүүд та нартай энд тааралдсан нь над бас нэг түүх шиг л байна. Гоё л байна.

Дэжид -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.