Ganbaatar
![](../assets/images/interviewees/990595.jpg)
Basic information
Interviewee ID: 990595
Name: Ganbaatar
Parent's name: Choi
Ovog: Buuraluud
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Senior Association head
Belief: Buddhist
Born in: Baruun Urt sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: Can't read
Father's profession: Government worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
military
belief
environment
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
Сайн байна уу, Ганбаатар гуай?
Ганбаатар -
Сайн сайн байна уу?
Дэжид -
Сайхан зусч байна уу, Та?
Ганбаатар -
Сайхаан, сайхан зусч байна уу?
Дэжид -
За бид Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ирчихээд байна. Шарга зочид буудалд ахмадын холбооны дарга Ганбаатар гуайтай уулзаж байна. Тэгэхээр Кембрижийн их сургуулиас явуулж байгаа Монголын 20-р зууны аман түүхийн төсөлд өөрийн түүх намтараас ярьж өгөхөөр бидний урилгыг хүлээж авсан танд баярласанаа илэрхийлье.
Ганбаатар -
За баярлалаа.
Дэжид -
Ярилцлага эхлэхээс өмнө таниас асууж тодруулах ганц хоёр зүйл байна. Нэгдүгээрт та ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?
Ганбаатар -
Шаардлагагүй биз дээ.
Дэжид -
Тодорхой хугацааны дараа та бид хоёрын энэ ярилцлага болон холбогдох материалаас эрдэмтэн судлаачид тодорхой бүлэг хэсгийг нь ч юм уу судалгааныхаа материалд ашиглах, аль эсвэл хэвлэл мэдээлэлд ишлэл болгох зорилгоор таны энэ ярилцлагаас хэвлэн нийтлэх, ашиглах зөвшөөрлийг Кембрижийн их сургуульд олгож байна уу?
Ганбаатар -
Олгож байна аа.
Дэжид -
За баярлалаа. Хоёулаа яриагаа таны бага наснаас эхлэе. Мөн төрсөн нутаг ус, аав ээжийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
Ганбаатар -
Би 1947 онд энэ Сүхбаатар аймгийн төв дээр төрсөн хүн. Миний эцэг эх бол Чойравжаа, Жав гэж хүн байсан байна. Тэгээд би дэгэж дэрвэж байсан 8-9 сартайдаа айлд өргөгдсөн хүн юм. Намайг өргөж авсан эцэг эх бол аймгийн намын хорооны үзэл суртал эрхэлсэн аймгийн нэлээд томоохон сэхээтэн айл байжээ. Миний тэр эцэг маань нэг үе эсэргүү гэгдэж байсан Лоохууз нартай хамт намын шинэ хүчиний сургууль төгссөн хүн байж. Миний төрсөн ээж бол мөн тухай үедээ нэлээд боловсролтой, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Намайг өргүүлэхэд эцэг маань их дургүй, харин ээж маань үргүй хүнийг үртэй болгоё доо гээд өгчихсөн юм гэнэ лээ. Миний ээж ааваас өгсөн нэр нь Чулуунбаатар гэдэг нэртэй байсан юм гэдэг. Өргөж авсан айл хүүхэд үрчилж авсаны найр хийх болоод тэр найранд сууж байсан Д.Маамын "Газар шороо" романд гардаг юм даа Нядаа гээд хэлэмгий тийм өвгөн байсан. Тэр өвгөн намайг хараад нэрийг нь асуугаад Чулуунбаатар гэдэг гэхээр нь харваас сайхан хүү байна энэ горьгүй нэрийг нь солино гээд олон баатартай нэр бичээд олон чихэртэй өгсөн чинь тэр Ганбаатар гэсэн нэр бичсэн цаасыг нь атгаад авсан юм гэнэ лээ. Тэгээд би тэр найрнаас хойш Ганбаатар гэдэг нэрээр нэршиж яваа ийм учиртай юм. Миний төрсөн эцэг бол Дарьгангын хошууны Ду ноёны удмын хүн. Ду ноёнтой эгч дүүсийн хүүхдүүд юм гэнэлээ. Эцэг маань тэр Ду ноёныхруу очиж байсан тухайгаа хуучилж байсан. Ээж нь чи тэр Дугарынх руу яваад ир гээд анх арван хэдтэй Ду ноёныд очсон тухайгаа ярьж байсан. Тэгээд очиход нь том зочин ирж байгаа аятай угтаж морь малыг нь амраагаад ээжийнх нь биеийг асууж, ээждээ өгөөрэй гээд буцахад нь том баадантай юм өгдөг байж. Хуучиндаа хуучин, хуучин гэхгүй бол миний дүү миний нэг дээлийг өмсөөд яв гээд дээл өгдөг байсан. Тэр нь тэр үедээ их үнэтэй торгоор хийсэн дөнгөж л ханцуйных нь нугалаасаар өлөн хир болсон байдаг байж. Тэгээд тэр дээлээ цагаан сараар өмсөх гэхээр үе тэнгийнхэн нь тийм үнэтэй юм өмсдөггүй байсан учраас их санаа зовж өмсөхөөсөө эмээдэг байсан гэж эцэг маань хуучилдаг байсан. Яахав дээ миний бага насанд өнчрөл хагацал их явагдсан. Намайг гурван настай байхад анхны өргөж авсан эцэг маань нас барсан байна. Тэгээд манай ээжтэй ахиад аймгийн санхүүгийн хэлтэст ажиллаж байсан Содвоо гэдэг хүн суужээ. Тэгээд би эхлээд Чойравдангийн Чулуунбаатар байсан бол, Данзандаржаагийн Ганбаатар гэдэг нэр аваад, дараа нь Содвоогийн Ганбаатар гэдэг нэр аваад хэсэг хугацаанд хоёр гурван янз болжээ. Тэгээд өргөж авсан ээж аавын минь гэр бусинаад би эргэж 1960 онд төрсөн гэртээ очсон байдаг. Ингэж хэсэг хугацаанд Монголын хүн амын бүртгэлийг хэсэг хугацаанд бусинуулсан байх шүү гэж одоо би хүүхдүүддээ хошигнодог юм. Ер нь бол миний өссөн төрсөн нутаг бол Сүхбаатар аймаг. Одоо энэ төв стадион байгаагийн энд тэр үед аймаг дөнгөж байгуулагдаад удаагүй байсан Дамдинжав гэж бага эмч гэрт төрөхөд ирж эх барьж авсан байдаг юм. Гэхдээ би өсөхдөө бол сэхээтэн гэр бүлд өссөн. Өөрийнхөө төрсөн ах дүү нартай адилгүй 3-4 настайгаасаа л цэцэрлэгээр явсан. Миний өргөж авсан тэр ээж маань цэцэрлэгийн эрхлэгч байсан. Тэгээд ээжийнхээ цэцэрлэгээр яваад дунд сургуульдаа ороод, дунд сургуулиасаа буцаж явсан нь тэр. Эр хүнийг туг ч барьдаг, тугал ч хариулдаг гэгчээр ХАА-н техниккумд суралцаад Түмэнцогтын САА-д механикжуулагч хийж байсан.
Дэжид -
Техник мэргэжлийн сургууль чинь тухайн үед ямар байв, яаж ордог байсан юм бэ? Юу голчилж заах вэ?
Ганбаатар -
ХАА-н техниккум. 7-р ангиа төгсч яваад л очоод мэргэжлээ сонгоод орчихдог. Тэгээд би тэр ХАА-н техниккумд орж байсан юм. Яахав ХАА-н механик, малын эмч, зоотехникч, агротехникч гээд ХАА-н мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг тийм сургууль Дорнод аймагт байсан юм.
Дэжид -
Та ямар мэргэжлээр төгссөн бэ?
Ганбаатар -
Би ХАА-н механикаар төгссөн. Тэгээд Түмэнцогтын САА-д трактор комбайнч хийж байгаад 1969 онд цэргийн албанд явсан.
Дэжид -
Тухайн үед цэргийн албанд өөрийн сонирхолоор явж байсан уу?
Ганбаатар -
Тэр үеийн хүмүүс сайн дураараа л явж байсан. Гэхдээ зарим салбарын шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг Сайд нарын зөвлөлийн тогтоолоор чөлөөлдөг байсан. Тэр үед манай оронд чинь ХАА, нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн, газар тариалан ид өсч өрнөж байсан тийм үе учраас ХАА-н чиглэлийн малын эмч, зоотехникч, ХАА-н механик, трактор комбайнч тийм хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлдөг байсан юм билээ. Тэгээд намайг тэр цэрэг татлага дээр мэргэжлээр чөлөөлчихсөн. Тэгээд би УБ хотоос ирсэн цэрэг татлагын хүнийг одоо энэ Шарга зочид буудалд байрлаж байхад нь очиж уулзаад би өөрөө цэрэгт явах сонирхолтой гээд учир явдлаа хэлсэн чинь за яахав би ярьж өгье гэлээ. Би Түмэнцогтоос ирэхдээ цэрэг татлагын машинд нь замаас нь гараа өргөөд суугаад хүрээд ирсэн байхгүй юу. Маргааш нь очоод уулзсан мөн л намайг чөлөөлчихсөн байсан. Тэгээд маргааш цэрэг ачина гэж байхад нь нөгөө хүнтэйгээ эргээд уулзсан чинь за яахав чи юу ч гэсэн тэр цэрэг татлагын машин дээр гараад суучихаарай гэсэн. Тэгээд суугаад явж байтал 10-аад км яваад цэргүүдийг нэг нэгээр нь дуудаад буулгасан чинь би ганцаараа үлдчихсэн. Эргээд өнөө УБ-аас ирсэн хүн дээрээ очсон. Аймгаас хариуцаж явсан Ядмаа гэж нэг хүн байсан. Тэрэнд гуйгаад, энэ нэг хүн ингээд авч яваач гээд гуйгаад байна, цэрэгт их сонирхолтой юм шиг байна энийг явуулчих арга байна уу гэдэг юм байна. Тэгтэл ч ашгүй Ядмаа дарга за тэр машин дээр гар гар гээд ашгүй нэг юм цэрэгт явах болдог юм байна. Тэгээд цэрэгт очсон. Өөрөө явагч их буу гээд танкийн мэргэжлээр суралцсан. Тэгээд тэндээ батльоныхоо бага дарга, жагсаалын дарга болоод яахав дээ тэр бүр хүнд байдаггүй юм даа шилдэг тэргүүний бага дарга байсан гээд ахлагч цол зүүж байсан юм. Тийм цол авахаараа хугацааны цэргийн нэг давуу тал нь халимаг тавьдаг. Тэгээд би бусад цэргүүдээсээ онцлогтой халимагтай байсан юм. Тэгээд намайг шууд цэргийн албанд улираагаад улирсан ахлагчаар нэлээд хариуцлагатай ажилд томилогдсон доо.
Дэжид -
Улирна гэдэг нь...?
Ганбаатар -
Албан ёсны цалинтай, формтой, цэргийн дарга болж байгаа юм. Нэлээд хариуцлагатай, тэр анги нэгтгэлийн нууц бичиг баримтыг хөтөлдөг, хадгалдаг, зохицуулдаг тийм нууцын дарга гэдэг албан тушаалд дэвшсэн юм. Тэгээд тэрнийгээ 3,4 жил хийж байгаад ахиад дэвшээд таван хошуутай бага дэслэгч цолоор шагнуулсан. Одоо бол бага дэслэгч гэж цол байхгүй. Одооны цэргүүд бол мэдэхгүй шууд дэслэгч, ахлах дэслэгч болж байгаа. Тэгээд би бага дэслэгчээсээ шууд хошууч цолтой цэргийн албанаас тэтгэвэрт гарсан. Миний цэргийн алба хаасан 20 хэдэн жил бол ийм түүхтэй. Цэргийн ямар нэгэн мэргэжил сургууль байхгүй, зүгээр л өөрийн идэвх санаачлагаараа дарга захирагчийнхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэг, тэгээд бие даан суралцаж ингэж цэргийн хүн болсон юм байгаа юм. Тэгээд яахав энэ цэргийн албаныхаа төрөл бүрийн ажлыг хийсэн дээ. Манай цэргийнхэн бол артлер бол артлераараа л дуусдаг. Аж ахуйн хүн бол тэрүүгээрээ л дуусдаг. Ерөнхий цэрэг бол ерөнхий цэргээрээ л дуусдаг. Би бол олон мэргэжлээр ажилласан. Эхлээд тэр штабт нууцын даргаар, дараагаар нь бага дэслэгч аваад ерөнхий цэргийн салааны захирагч, тэгээд гэнэтхэн томилгоогоор улс төрийн ажилтан болсон. Одоо энэ аймгийн зүүн цэргийн ангид шүү дээ. Улс төрийн ажилтан гэдэг бол ерөнхийдөө цэргүүдийн бол ээж нь юм даа. Тэднийг сургах, хүмүүжүүлэх, нам эвлэлийн ажлыг зохион байгуулах, төрийн бус байгууллагыг зохицуулах ийм ажил нэлээд хэдэн жил хийсэн. Тэгээд болиод эргээд штабын ажилтан болж дайчилгааны цэргийг халдаг, сольдог, хангалт мангалт хийдэг одоогоор бол хүний нөөцийн гэгдэх болж дээ, тиймэрхүү төрлийн ажил үүргийг гүйцэтгэсэн дээ. Тэгээд яахав амьдралынхаа ханиар надтай яг нэг дор нэг ширээнд тохой залган сууж байсан ангийнхаа охинтой гэр бүл болсон. Тэр маань Багшийн их сургууль төгссөн орос хэл, утга зохиолын багш мэргэжилтэй. Тэгээд 6 хүүхдийн эцэг эх болсон. Хань маань 20 орчим жил хамтдаа амьдарч байгаад намайг 50 орчимтой байхад өвчний улмаас өөд болсон доо. Манай гэр бүлд нэг онцлог байна. Хүүхдүүдээс маань 3 нь офицер. Миний том охин жанжин штабт хошууч цолтой. Дараагийн хүү Дорнодын цэргийн ангид ахлах дэслэгч цолтой. Нэг хүү энэ жил батлан хамгаалахын их сургууль төгсөнө. Ингээд надтай нийлээд 4 хүн энэ гэр бүлд цэргийн хүн байна даа. Үүгээрээ бусад гэр бүлээс онцлогтой. Тэгээд яахав дээ багаасаа өнчрөл хагацал үзлээ. Би боддог юм. Хүний амьдралын нэг үечлэл байна даа. Тэрүүн дээрээ л хүний амьдралын таагүй зүйлүүд тохиолддог юм уу даа гэж. 25-ны, 37-ны, 49-ний гээд л.. Ухаандаа би 49-ний жил дээрээ ханиасаа хагацсан даа. Зургаан сарын дараа хорин хэдтэй охин маань гэнэт нас барсан. Гэх мэтчилэн амьдралын хүнд хүнд үеүүд таарч л байлаа. Иймэрхүү л аж амьдралыг туулаад 1990 онд тэтгэвэрт гараад, 1992 онд аймгийн Ахмадын хорооны даргаар сонгогдоод тэрнээс хойш 18, 19 жил тасралтгүй төрийн бус байгууллагын ахмадын ажлыг хийж явна даа.
Дэжид -
Тэр үеийн цэргийн байгууллагын зохион байгуулалт, хүмүүжил, сургалт одоогийнхоос өөр үү? Та тэр үед юуг гол болгодог байсан? Та тэндээс амьдралынхаа ямар гол зарчим, чиг шугамыг олж авсан гэж боддог вэ?
Ганбаатар -
Ер нь тэр үеийн цэрэг армийн үйл ажиллагаа хурц байсан үе. Яагаад гэхээр манай урд хөрш Хятад, нөгөө хоёр системийн халуун хүйтэн зэвсэгээр ид хөөцөлдөж байсан үе. Дэлхий социалист, капиталист хоёр системд хуваагдсан, тэгээд цөмийн дайн, халуун хүйтэн дайн, тэр дундаа хөрш Хятадтайгаа муудалцсан, эвдрэлцсэн байсан цаг үе л дээ. Жишээ нь цэргээс таний дайсан хэн бэ гэвэл Хятад гэж хариулсан цэрэгт шууд онц тавьдаг өөрийнхөө өөрсөлдөгчийг ойлгож байна, үүргээ биелүүлэх чадвартай юм байна аа гэж үзээд цэргүүдэд ерөөсөө бидний дайсан бол нэг номерт Хятад гэж ойлгуулдаг байлаа. Хятадын цэргийн зохион байгуулалт юмыг их үзэж судалдаг байсан. Тэр үеийн цэрэг бол одоогийнхтой адилгүй, 3 жилээр алба хаана. Дадлага сургууль их хийнэ, буудлага, хээрийн сургууль, үечилсэн тасаг, салаа, хороо, анги нэгтгэлийн шат дараалсан хээрийн сургуулиуд хийдэг. Буудлагыг бол өдөр шөнийн буудлага гэж хийнэ. Цэрэг армиа маш их бэлтгэж байсан даа. Цэргүүдийн сэтгэхүйд дайснаа ялах, үзэн ядах үзэл суулгах, ялан дийлэх итгэл найдвар төрүүлэх, эх орноо хайрлан хамгаалах үзэл бодлоор хүмүүжүүлэхэд улс төрийн ажлыг чиглүүлдэг, зохион байгуулдаг, холбогдох хичээлтэй нь холбогдуулсан уралдаан тэмцээн зохион байгуулах гэх мэтчилэнгийн ажлуудыг явуулж байсан. Тэр үеийн цэргийн байдал бол ийм л байсан даа.
Дэжид -
Тэр үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа ямар байв? Эмэгтэйчүүдийн талаар төрөөс ямар бодлого авч хэрэгжүүлж байв?
Ганбаатар -
Ер нь бол би эмэгтэйчүүдийн асуудал, жендерийн талаар ойлгоц бага байна. Яагаад вэ гэхээр би өөрөө харьцангуй цэргийн газар эрэгтэйчүүдтэй их ажиллаж байсан учраас тийм байх. Эмэгтэй цэргийн албан хаагч гэхээр их эмч, аптекийн эрхлэгч, бага эмч, санхүүгийн албаны дарга гэх мэтийн хүмүүс л байсан. Бусад нь дан эрэгтэйчүүд. За яахав ангид үйлчилж байгаа тогооч, үйлчлэгч зэрэг нь бол цөөн тооны эмэгтэйчүүд байсан.
Дэжид -
Та ажилдаа дур сонирхолтой байсан уу?
Ганбаатар -
Үнэхээр дур сонирхолтой байсан. Миний эрхэлж байсан ажил өндөр үзүүлэлт авч байсан. Хамгийн захын жишээ дурдахад шилдэг тэргүүний анги салбар шалгаруулах болзолт уралдаан гэж Монгол улсын хэмжээнд анх удаа явагдсан. Эвлэлийн төв хороо, Армийн улс төрийн газар, Батлан хамгаалах яамны хамтарсан бүх Армийн хэмжээний тэргүүний анги салбар шалгаруулах уралдааны болзол зарлаад нэг жилийн дараа дүгнэсэн. Тэр үед их өргөтгөж зохион байгуулагдсан ийм хүчтэй том армийн тэр олон анги салбаруудаас миний хариуцсан ангийн салбар армийн хэмжээнд гуравдугаар байранд шалгарч байсан. Ингэж би Эвлэлийн төв хорооны алтан медаль, хагас сарын цалингаар шагнуулж байлаа.
Дэжид -
Цалин ямар байв, ер нь хангамж ямар байсан бэ?
Ганбаатар -
Хангамж сайн байсан. Тэр үед бид цол, янз бүрийн юмтайгаа нийлээд 1000 гаран төгрөг авдаг. 1000 гаран төгрөг гэдэг тухайн үедээ орон нутгийн захиргааны, намын хорооны удирдах газар ажилладаг хэлтэс тасгийн даргын цалин юм. Ийм цалинг зүгээр орон нутгийн жижиг анги салбарын офицерууд авч байсан юм.
Дэжид -
Цолны нэмэгдэл гэж ямар учиртай юм байх вэ?
Ганбаатар -
Цол чинь нэмэгдэлтэй байдаг юм. Цол ахих тусам нэмэгдэнэ. Бага дэслэгч гэхэд сар бүр үндсэн цалингаасаа гадна 80 төгрөг авна. Дэслэгч болохоороо 90 төгрөг, ахлах дэслэгч болохоороо бүр 100 болно. За тэгээд бүр ахмад болохоороо 120, хошууч болохоороо 150 гээд нэмсээр байгаад хурандаа болохоороо 300 төгрөгний цолны нэмэгдэл авна. Тэгээд орос гарнизон, хөдөө орон нутагт байгаа хүмүүс хээрийн нэмэгдэл гэж авна. Дээрээс нь 5-аас дээш жил ажиллаад ирэхээр нь удаан жилийн нэмэгдэл гэж өгнө. 7, 8, 12 жил гээд цалингийн 5%, 8%, 12%, 15% ч гэдэг юм уу нэмэгдэл өгнө.
Дэжид -
Бусад салбарыг бодвол цэрэг армийн салбар амьдралын хувьд арай өөр байжээ?
Ганбаатар -
Өөр. Өөр байсан. Хамаагүй илүү. Хангалт үйлчилгээ ч илүү. Түлээ нүүрсийг нь хүртэл анги нэгтгэлээс өгнө. Дээрээс нь ангийнхаа хүнсний складнаас махаа шууд нэрсээрээ авчихдаг, тэгээд цалин дээрээсээ суутгачихдаг байсан. Тиймээс аймгийн төвийн махны дэлгүүрийн очер дугаараар явдаггүй. Тэгээд цэргийн худалдааны дэлгүүртэй байна. Захиалгаар офицеруудынхаа юу хэрэгтэй байна тэрнийг нь авчирч өгнө. Хүүхдийн гутал хувцас, нарийн нандин чихэр боов юу л байна тэрүүгээрээ зарна.
Дэжид -
Тухайн үед нийгэмд эрэгтэй хүүхдээ цэргийн хүн болгох, охидуудаа эмч багш болгох гэсэн хандлага байсан уу?
Ганбаатар -
Тийм юм нэг их байгаагүй байх аа. Яг цалин хангамжийг нь хардаг юм байгаагүй. Тэр үед чинь бүх төрлийн мэргэжлийг үнэ төлбөргүй олгож байсан учраас өөр өөрийнхөө дуртай сонирхолтой мэргэжилдээ явдаг байсан байх даа. Манай хүүхдүүдийн хувьд бол цэргийн хазармагт цэргүүдтэй хамт өссөн тэгээд миний ажил мэргэжлийг шүтдэг ч юм уу, цэргийн амьдралыг ойлгодог учраас бэрхшээлээс нь шантраагүй юм шиг байгаа юм. Тэрнээс биш бусад хүмүүс цэргийн бэрхшээлээс шантраад байдаг юм. Цэргийн газар хатуу ширүүн, ийм тийм гээд...
Дэжид -
Дэг журам бол нарийн уу?
Ганбаатар -
Дэг журам бол нарийн. Салаа сумангийн дарга байхад бол тав, зургаан хоног хүүхэдтэйгээ уулзахгүй ш дээ. Өглөө унтаагаар нь явна. Цэрэг өглөөний зургаан цагт босно. Бид гэрээсээ 5.30 гэхэд гараад л цэргийг босоход бэлэн зогсч байна. Тэгээд цэргээ босгоод, гүйлгээд, гимнастик хийлгээд ажилдаа орно доо. Цэрэг орой 10 цагт амарна. Тэрнээс өмнө өдрийнхөө ажлыг дүгнээд амраад гэдэг команд өгөөд оронд нь оруулаад л хорооныхоо жижүүрт за би салаа сумангийнхаа цэргийг амраачихлаа гэж хэлээд гэртээ ирэхэд хүүхдүүд маань унтчихсан байдаг байхгүй юу. Тэгээд өглөө нь мөн унтаж байхад нь гараад явчихна. Ингээд 5, 6 өдрөөр уулзахгүй гэдэг чинь тэр. Тэр үед харин цэцэрлэгийн орон тоо хүрэлцэнэ, хүрэлцэхгүй гэх юм байхгүй бүгдийг цэцэрлэгт хамруулна. Яслид өгнө. Өлгий анги, мөлхөө анги гээд олон ангитай.
Дэжид -
Хүүхдээ цэцэрлэгт өгье гэсэн хүн болгонд бололцоотой байсан уу?
Ганбаатар -
Бололцоотой. Эмэгтэйчүүд чинь хүүхдээ төрөнгүүт 45 хоноод л шууд хүүхдээ яслид өгөөд ажилдаа орно. Тэрнээс биш эхчүүдэд хүүхдээ харсаны нэмэгдэл гэж байгаагүй. 45 хоноод л шууд ажилдаа орно. Цэргийнхэн гэр бүлийн асуудалд арай дөхүү хандаж байсан юм уу даа. Эцгийн 7 хоног гэж байна. Гэр бүл нь төрөөд эмнэлэгээс гарангуут цалингүй 7 хоногийн чөлөө авна. Энэ нь ерөөсөө тэр цэргийн дүрэмд байхгүй хэзээнээс мөрдөж хэвшсэн юм эхнэрийг нь төрөөд эмнэлэгээс гарангуут 7 хоног чөлөө өгөөд эхнэртээ үйлчилнэ. Хүүхдийн даавуу угаах, шөл усыг нь хийх ийм юм манай цэргийнхэнд уламжлал болчихсон байсан. Энгийн газар бол байгаагүй юм.
Дэжид -
Одоогийнхоор бол нийгмийн асуудлыг нь шийдэж байсан нэг хэлбэр байж дээ?
Ганбаатар -
Тийм.
Дэжид -
Орон сууц, байр байшингийн асуудлыг яаж шийддэг байсан юм бол? Цэргийн дарга нар өөрсдийн хүсэлтээр явахгүй томилолтоор л явах уу?
Ганбаатар -
Томилолтоор л явна. Тэгэхдээ томилохдоо бас ажил үүргийг нь харна л даа. Дандаа дэвшүүлж томилно. Нэгээс нөгөөрүү нэг албан тушаалд томилогдоно гэж байхгүй. Гайгүйшүү ажилтай офицер ахлагч нар 3-4 жил ажиллаад л өөрчлөгдөөд, томилогдоод л явна. Тэр үед офицеруудын байр гэж байсан. Гэр байр гэж байсан. Шууд 5 ханатай гэр барина гэвэл бариулдаг. Нэг, хоёроор нь орон сууцнуудад оруулна. Тэр үеийн офицерууд голцуу л ганц биеэрээ л ирдэг байсан юм. Сургуулиа төгсөөд л ганц биеэрээ, шинелиэ нөмрөөд л шууд томилолт аваад ирдэг байсан. Тэд нарыг чинь хоёроор нь нэг өрөө байранд оруулах жишээтэй. Тэгээд яваандаа тэр орон нутгаас гэр бүлээ сонгоод айл гэр болцгооно. Нэг нь шилжээд явахаар нөгөө нь залгаад ирээд сууж байсан гэр, байшинд нь суух гэх жишээтэй.
Дэжид -
Та улс төрийн ажилтан хийж байсан хүн байна. Тухайн үед тэдний хүмүүжилд нөлөөлөхөөр ямар урлаг спортын онцлог арга хэмжээнүүд зохиогдож байв?
Ганбаатар -
7 хоногийн хагас, бүтэн сайнд кино үзүүлнэ. Дөрөвдөх өдрийн лекц сонсголын дараа дэлгэцийн кино үзүүлнэ. Энд тэндээс ирсэн урлагийн тоглолтуудыг шууд анги дээрээ аваачиж клубтээ үзүүлнэ. Анги өөр дээрээ клубтэй, клуб нь мэргэжлийн клубын эрхлэгчтэй, кино механикчтэй. Тэгээд тэр мэргэжлийн клубын эрхлэгч бол анги салбарт урлагийн үзлэг явуулна. Тэр урлагийн үзлэгээр шалгарсан авъяастай хүмүүсийг аваад анги дээрээ нэгдсэн тоглолт хийнэ. Тэр үед чинь олон баяр байлаа. Октябрийн баяр, майн баяр, цэргийн баяр, шинэ жил, баяр наадам гээд энэ бүгдээр нэгдсэн концертуудыг бэлтгэнэ. Бүжиг цэнгүүнүүдийг их явуулна. ТМС, Техниккум, дээд сургуулийн оюутнууд, үйлдвэрийн цехийн эмэгтэйчүүдтэй шифийн холбоотой ажиллаж бүжгэн дээрээ ангийн машинаар үйлчилж тэд нараа авчирна.
Дэжид -
Шифийн холбоо гэдэг нь хамтран ажиллана гэсэн үг үү?
Ганбаатар -
Тэгнэ. Хамтарч урлаг соёлын арга хэмжээ зохионо. Бүжгэндээ эмэгтэйчүүдийг нь авчирч цэргүүдтэйгээ бүжиглүүлнэ. Зурдаг бичдэг цэргүүдээ аваачиж тухайн байгууллагын самбар, үзүүлэнг нь хийлцэнэ. Ингэж харилцан туслалцана. Бас нэгдэл сумтай тийм шифийн холбоо байгуулна. Хадлан бордоо, мал нядалгаа, зуд турхан, нүүдэл суудал, хашаа хороо цэвэрлэхэд нь цэргүүд тусална. Нэгдэл нь мах, сүү цагаан идээ, тарга цагаагаар хангах ч байдаг юм уу ингэж ажилладаг байлаа. Энийг тэр үед шифийн холбоо, шиф гэж ярьдаг байсан юм.
Дэжид -
Бид хэд хоногийн дараа Ганбаатар ахынхаа гэрт ирээд ярилцлагаа үргэлжлүүлж байна. Танд дурсгалтай ямар эд зүйл байна. Түүнийхээ тухай ярьж өгөхгүй юу?
Ганбаатар -
Дурсгалтай зүйл гэвэл манай ээж аавын дээд хэдий үеийнх нь юм байгаа юм мэдэхгүй өндрөөсөө 15 см гуулин бурхан байгаа юм. Энэ гуулин бурхан намайг бага байхад манай гэрт залагддаг байсан л даа. 12-13 настай байхад аав өглөө сэрэхэд тэвэр дүүрэн ном судар баахан юм аваад гэрээ тойроод одоо энэ Түмэнцогтын хойно байгаа Баянцагаан гээд жоохон модтой өндөр уулруу яваад өгсөн. Тэгээд ээж араас нь уйлаад сүү цацаад байсан байхгүй юу. Тэгээд ухааныг нь олоогүй аав яачихав гэсэн чинь та нарыг бурхан тахилаа хадгалж байж чадахгүй энэ сайхан хангайд зална гээд яваад өглөө гэдэг юм байна. Тэр үед бурхан шүтээн хориотой байсан л даа.
Дэжид -
Тэр хэдэн оны үе вэ?
Ганбаатар -
1961-62 оны орчим. Ид хорьж байсан үе. Тэрний дараачаас 1962-1963 оны үеэс бурхан тахилыг гадна дотноос их үнэтэй худалдаж авдаг үе эхэлсэн л дээ. Тэгээд би хүүхэд байсан болохоор ахтайгаа хамт гуулин бурханаа олж авч мөнгө болгоно гээд хоёулаа тэр уулаад авираад эрээд олохгүй гурав дөрвөн жил дараалан эрсэн. Тэр үед манай ах Алтанбулгийн техниккумд оюутан байсан юм. Тэгээд эрээд олоогүй юм. Сүүлдээ ч бурхан мартагдсан. Тэгсэн 1969 онд цэргийн албанд татагдах гээд зарлан дуудах авчихаад ээж дээрээ очоод хоёр гурав хонож байсан юм. Тэгээд маргааш явна гэж байсан үе байх аа. Ээж маань нутгийнхаа настай хөгшчүүлээр ор, гэртээ битгий хэвтээд бай гэхээр нь орой нар жаргаж байхад Дамдинсайхан гээд нэг өвгөнийхрүү морьтой очиж явтал яг тэр бурхан залсан уулын урд руу нэг улаан үнэг гараад давхихаар морь бусгахгүй юу. Тэгээд тэр үнэгийг би элдсэн юм, уул өөд. Жоохон томоогүй 20, 21 настай л байж дээ. Тэгээд нөгөө үнэгээ ч барьж авч чадсан юм байхгүй уул өөд араас нь жаахан сажлуулаад эргэх гэж байтал морь дахиад бусгахгүй юу. Харсан чинь доогуур нь нэг их судар мудар хийсээд байж байна. Тэгэхээр нь буугаад морио тушчихаад тэр хавийн судар номыг цэгцлээд гэнэт аавын нөгөө бурхан санаанд ороод хадан завсараар нь хартал энэ бурханы гар нь салчихсан, жаахан сэв орчихсон хажуугаараа хараад хэвтэж байсан. Тэгээд бурханаа аваад өвөртөлчихөөд айлаараа орчихоод ирэхэд ээж, өвөртөө юу хийсэн юм Дамдинсайхан гуайн нь боов боож өгсөн юм уу гэж байсан юм. Тэгэхээр нь би боов өгөөгүй ээ, ээжээ энэ манай бурхан мөн үү гэж асуусан чинь ээж мөргөөд, уйлаад, сүү цай болоод сүртэй юм болж байсан. Тэгээд намайг цэргийн албанд их сайн явах юм байна. Миний хүү бурханаа гэртээ залчихаад явлаа гээд тэгж байсан юм. Тэр цагаас хойш энэ бурхан манай ахынд хадгалагдаж байсан юм. Хүн чинь нэг хойд урдахаа хүнээс асуудаг даа. Манай хүүхдүүд аавынхаа тухай нэг мэргэн хүнээс асуужээ. Тэгсэн чинь аавын чинь яг шүтэж хадгалаж явах ёстой бурхан буруу айлд байна. Гар нь сэвтэй байна, дахиж янзлуулаад авч аав чинь л яг гэртээ хадгалмаар юм байна гэсэн. Тэгээд би ахдаа учир явдалыг нь хэлээд ахдаа намсрай бурхан бүтээлгэж өгөөд энэ бурханаа авчирч алт мөнгөний дарханаар гарыг нь хийлгэж, лам хувраг авчирч шүншиглүүлээд залсан. Тэгээд энэ бол манай удмынханы шүтээн бурхан байхгүй юу. Ийм дурсгалтай. Би хүүхдүүддээ энэ үүх түүхийг нь ярьж өгсөн. Манай нутгийнхан Алтан овооныхоо бурханыг шүтдэг. Би та бүхэнд түрүүн хэлсэн дээ. Цагаан морьтой баатарын дүрстэй алтан овоо гэдэг энэ бурханаа шүтнэ. Тэгээд Жанрайсаг бурханаа шүтнэ. Энд байгаа юмнууд бол дандаа дээр үеийн юмнууд байгаа юм. Сүүлийн үеийн юм бол ховор. Жишээлбэл энэ хүрд гэхэд мод нь зандан. Ингээд эргүүлэхэд лакадсан юм шиг гялтганаад байдаг. Энэ бол гуулин бүслүүртэй зэс домбо. Би 1970-аад оны үед цэргүүдтэй хээрийн сургуульд явж байхад нэгийг нь олсон юм. Нэгийг нь манайд хүн өгсөн юм. Их удаж байгаа эд. Яах аргагүй л хуучны эд. Ийм л хоёр зүйл дурсгалтай гэж хадгалж явдаг юм. Одоо цай хийсэн ч болно.
Дэжид -
Та орчины өөрчлөлтийн талаар яриач. Таны бага байхад, ид ажиллаж байх үед байгаль орчин ямар байв?
Ганбаатар -
Манай аймаг байгалийн тогтоц байдлаараа бусад аймагтай харьцуулахад бас их онцлогтой. Жишээлбэл манай Дарьгангад гэхэд Монгол улсын хэмжээний 200 гаран галт уулын 200-гаад нь байна. Сөнөсөн галт уул. Манай тэр хавийн нутгийн уулын дандаа орой нь байхгүй. Газар газрын уул бол оройтой байдаг биз дээ. Манай нутгийн уул дандаа орой нь байхгүй сөнөсөн галт уул. Шилийн богд, Алтан овоо, Баяндулаан гээд мундаг мундаг уулууд цөм сөнөсөн галт уул. Чулуу нь хүртэл хүрмэн хайлмагаас бүтсэн хөнгөхөн чулуунууд байдаг. Тэгээд бас тэр Дарьганга нутаг чинь баян бүрд гэж хэлдэг дээ элстэй, модтой, булагтай, нуур устай. Ганга нуур гэхэд л 13 булаг тэжээдэг байсан гэж байгаа юм. Гэтэл одоо энэ цаг уурын өөрчлөлтөөс болоод ердөө ганцхан Оргихын булаг үлдчихээд байгаа юм. Оргихын булаг нь бусад булгуудаас онцлогтой дороосоо оргилж бургилж байдаг. Дэргэд нь очоод хүн дуу чимээ гаргах, дуулах, хөгжим дуугаргах юм бол улам хөгжиж бужигнаж, буцалдаг юм. Тийм учраас Оргихын булаг гэж нэрлэж л дээ.
Дэжид -
13 булаг хэдий үеэс байхгүй болсон юм бол доо?
Ганбаатар -
1960-аад оны үеэс л байхгүй болсон. Хүмүүсийн байгальтай харьцах харьцаа, хотжих маягийн хөдөлгөөн, машин техник их явсан байдлаас болоод л булаг шанд гарахгүй болсон болов уу. Бас байгаль цаг агаарын ган гачиг их болж байна. Настай хүмүүс булаг бол хүүхдийн зулай шиг нимгэн байдаг гэж ярьдаг. Гэтэл одоо ажиглаад байхад булаг болгоны тархин дээгүүр зам гарсан байгаа юм. Тэрнээс болоод татарсан болов уу гэж боддог. Ганга нуурын хуучин байсан голдирол нь учиргүй том. Гэтэл одоо байгаа нь бүүр жижигхэн болчихсон жишээтэй. Одоо манай нутагт цөлжилт гэдэг юм маш их явагдаж байна. Дарьгангын байшингийн тал нь, хашаа бараг далдартал элсний нүүдэл бий болоод байна. Олон олон нуур булгууд ширгэж үгүй болсон. Тэгээд дээрээс нь үзэсгэлэнтэй сайхан газар учраас үзэж сонирхох гэсэн хүмүүсийн машин унаа, хөлд үрэгдэж зарим газар нь устаж үгүй болж байгаа юмуу гэж боддог. Шилийн богд гэхэд өөрийнхөө таамгаар их онцлогтой уул юмуу гэж санадаг юм. Дээр үед шилийн сайн эрс Шилийн богд дээр гарч хийморь лундаагаа сэргээдэг, шилийн сайн эр болохын тулд заавал Шилийн богд дээр гарч тангараг өргөдөг байж дээ. Өргөж байгаа тангараг нь юу гэхээр хаяагаа хадрахгүй, ядуу зүдүү ард иргэдэд туслаж дэмжинэ гэсэн утгатай тэмцлийн нэг хэлбэр байжээ. Одоо хүмүүс хийморио сэргээнэ гэж гардаг юм. Би тэгэхээр тэнд нэг энергийн цэг байгаа юмуу даа, эрдэмтэд судлаасай гэж боддог юм. Дорноговийн хар уулын адилаар хүмүүс их явдаг. Тэгтэл дээр үеийн сайн эрчүүл яагаад заавал Шилийн богд дээр гарахаараа хийморь лундаа нь сэргэдэг байсан юм гэж бодохоор тэнд бас тийм хүнд нөлөөлдөг энергийн цөм байгаа юм биш байгаадаа гэсэн сэтгэгдэл байдаг юм. Далайн түвшнээс дээш 1700 гаран метр өндөр уул байгаа юм. Дарьганга бол 1300 гаран метр өндөртэй юм гэсэн. Судлууштай юм бол манай нутагт их л дээ. Би очиж үзээгүй. Манай Баяндулаан уулан дээр нэг нууцлагдмал агуй байдаг гэсэн. Тэр агуйн амсар ямар ч дүн өвлийн хүйтэнд цасгүй байдаг гэсэн. Дулаан уур үлээгээд байдаг. Мажигжав гэж манайхны намын хороонд нэг өвгөн байсан юм. Тэр өвгөн энийг би эрдэмтэдэд их олон удаа сануулсан ерөөсөө хайхрахгүй юм энэ ер нь бас идэвхжиж байж магадгүй уул шүү гэж надад нэг хуучилж байсан юм. Энэ мэтчилэнгийн сайхан үзэсгэлэнтэй газрууд байхгүй болоод л байна. Намайг хүүхэд байхад энэ Баруун-Уртын гол чинь өвөл хөлдөхөөрөө 2 км хэртэй үргэлжилсэн Эрчим хүчний үйлдвэрийн тэндээс аваад бүүр эхээ хүртэл 10-аад метр өргөнтэй битүү мөс болдог байлаа. Тэгээд бид адгаас нь бүр эхийг нь хүртэл тэшүүрээр гулгахад хэдэн цаг яваад л эргэдэг тийм сайхан гол байлаа. Зун цагт бол дөнгөж хөлийн шагайгаар татсан ус мяралзаад л урсаад байдаг байсан. Тэгсэн сүүлдээ бүр хатаж ширгээд одоо ерөөсөө намаг болчихсон. Хүмүүсийн ярих нь 1970-аад оны үед Зөвлөлтийн цэргийн барилга трестийнхэн байж байгаад барилга материалын үйлдвэр барихад эх, горхи булгийг нь чулуугаар дарга боолт хийж голдирлыг нь өөрчилснөөс болоод ширгэсэн гэдэг. Миний багад цүнхээлд нь орж тоглож байсан гол гэхэд л хатаж үгүй болоод гэх зэргээр их өөрчлөгдөж байна. Бид хүүхэд байхдаа эрвээхэй их хөөцөлддөг байлаа. Тэгсэн өнөөдөр эрвээхэй байхгүй. Цэцэг ургамал байхгүй учраас эрвээхэй байхгүй. Энэ бол хотжилт үүсч, хөдөөнөөс хотруу чиглэсэн урсгал ихссэнээс болж байна. Манай аймагт өглөө эрт гараад алхахад утаагүй байдаг байсан. Сүүлийн үед өглөө эрт 6 цагт гарахад утаа тунараад байх болсон байна. Жишээлбэл хараацай шувуу ердөө энэ аймгийн захад гарахад хөл тушчих гээд л, хормой хот сэтэлчихгээд нисчихдэг байсан одоо байхгүй болсон. Гэх мэтчилэн байгаль орчинд олон олон өөрчлөлтүүд гарсан байна. манай аймгийн 48 айлын урдхан талд миний мэдээ орсон цагаас л 13, 14 хүртэл жил бүр том ус тогтдог байсан. Бид тэнд усанд орж сэрүүцэж тоглодг байсан одоо бол ямар ч устай үед тэр нуур тогтохгүй болчихсон байна. Энэ бүхэн бол цаг агаар их өөрчлөгдсөнийг харуулж байна. Бидний багад зөөлөн шиврээ, намираа бороо их ордог байсан. Одоо бол богинохон хугацаанд асар их хэмжээний усархаг аадар маягийн юм ороод л тэр нь газрын хөрсөнд шингэхгүй урсчихдаг. Тийм зөөлөн дулаан бороонд хүүхэд байхад их гүйдэг байж дээ. Монголын уламжлалт ёс заншил их алдагдсан байна. Нүүдэл хийхгүй байна. Айл бүр жилийн дөрвөн улиралд нүүж буудаг өөрийн тус тусын газартай байсан. Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа гээд л. .. Гэтэл одоо нэг худгийн амсар дээр нэг айл очоод малтайгаа буучихдаг. Тэгээд жилийн дөрвөн улиралд тэр бэлчээрийн даац хэтрээд нөхөн сэлгэгдэх ургамал ургах боломж өгөхгүй байгаа болохоор гандалт энүүнтэй их холбоотой юм болов уу даа гэж боддог. Бас ажиглаад байхад цаг агаарт их өөрчлөлт байна. Өвөл их богино, намар их урт болсон байна. Манай нутагт сүүлийн хэдэн жилд 11, 12 сар гэхэд намрынхаа л хувцастай, хэдхэн хоног л өвөл болж байна. Тэгээд хавар нь их урт болсон байна. Зун нь болохгүй хаврын үргэлжлэх хугацаа их, хавсарга салхи ихтэй учраас цөлжилт, энэ орчинд бас их нөлөөтэй байна. Намар нь урт болсоноос намрын хурц нар их шардаг, намар орой их бороо ордог, тэгээд өвс гандаадаг, газрын хөрс хөлдөөдөг гэх мэтчилэнгийн их өөрчлөлтүүд байгаа учраас цөлжилтөнд нөлөөлөөд байна гэж хувиараа ажиглаад байгаа юм. Дээр үед би хээр явахад машинаас буугаад л зүлгэн дээр суудаг байсан. Одоо бол шороон дээр л сууж байна.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.