Ganbaatar

Basic information
Interviewee ID: 990595
Name: Ganbaatar
Parent's name: Choi
Ovog: Buuraluud
Sex: m
Year of Birth: 1947
Ethnicity: Dariganga
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: Senior Association head
Belief: Buddhist
Born in: Baruun Urt sum, Sühbaatar aimag
Lives in: Baruun Urt sum (or part of UB), Sühbaatar aimag
Mother's profession: Can't read
Father's profession: Government worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
environment
cultural campaigns
keepsakes / material culture
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
history of Dariganga
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Дэжид -
За хоёулаа яриагаа цааш үргэлжлүүлье. Хүрээлэн байгаа орчинд өөр ямар өөрчлөлтүүд гарч вэ?
Ганбаатар -
Хүрээлэн байгаа орчин гэдгийг би өөрөө ойлгохдоо сайхан цэнгэг агаар, цэнгэг ус, өвс ургамал, ан, байгаль энэ бүхэн жигдэрч байж л хүний амьдрах орчин таатай, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлдэг зүйл гэж ойлгодог. Тэгээд энэ байгалийн цогцосыг бурхан багш янз янзаар л бүтээсэн байдаг. Зарим газрыг нь ганархаг, говирхог, элсэн цөл, заримд нь хангай, тал хээр гэх байдлаар бүрэлдүүлж зохицлуулж өгсөн байдаг юм байна гэж ойлгодог. Түрүүн би ганцхан нуурын тухай ярьсан, өөрийнхөө нутгийн тухай магтая л даа. Манай аймаг бол ерөнхийдөө задгай ил ус ховор, гүний устай, нуур цөөрөм бага. Манай Дарьгангад 10 гаран нуур байдаг юм гэнэ лээ. Ганга нуур, Гангын цагаан нуур, Дуут нуур гээд олон сайхан нууруудад жил бүгд олон янзын шувууд очиж чуулдаг, тэгээд намартаа аялагч жуулчид хунгийн чуулган үзэж сонирхдог. Халуун орны шувууд буцахдаа тэр нуурууд дээр амарч холын нислэгтээ бэлтгэдэг ийм сайхан байгаль манай нутагт байдаг юм. Булаг шандны хувьд бол Сүхбаатар аймагт 200 гаруй байдаг гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэрүүгээрээ л хүн мал нь тэтгэгдэн ундаалж илсэн түүхэн уламжлалтай. Гол бол цөөн. Гэхдээ урсаж байгаад замхарчихдаг богинохон богинохон нэртэй голууд бол бий л дээ. Чоно гол, Харгилтайн гол, Хайлаастайн гол, Жаргалантын гол гээд голууд бий. Манай аймгийн хойд хилд Хэрлэн голын 20-иод км нь зурагдсан байдаг. Ангийн хувьд бол манай аймгийн хувьд маш их баялаг. Нэн ялангуяа цагаан зээр, тарвага бол их тархмал. Бусад үнэг, чоно, мануул, илбэнх гээд амьтад бий. Манай аймагт 1800-аад оны үед амьдарч байсан Богдын тамгатай хутагт гэж ярьдаг Егүзэр хутагт Лувсандаш гэдэг хүн маш олон төрлийн ан ав үржүүлж, сургууль соёл байгуулах гэж оролдож байсан нэлээд зүтгэлтэй, орчиноо тохижуулах гэж, хүн ардаа боловсруулах гэж зүтгэдэг, монголоо гэсэн сэтгэлгээтэй ийм хүн байжээ. Та нар хэцүү То ван гэж дуулсан биз дээ. Тэр хүн бол мөн адил ан амьтан өсгөж үржүүлдэг, сургууль цэцэрлэг гээд янз янзын юмыг сэддэг, бий болгодог, одоо манай улсын томоохон дурсгал болох газар дээр бүтээсэн хамгийн том жанрайсаг бурханыг бүтээлгэсэн байх жишээтэй. Ийм мундаг зүтгэлтэй хүмүүс манай Монголд амьдарч байжээ. Тэднээрээ бид бахархах ёстой юмаа гэж би ойлгодог юм. Тэрний нэг нь манай Егүзэр хутагтын тэжээсэн 20-иод буга одоо Лхачинвандад уул, Баруун зүүн Хараат гээд хожим дархан цаазат уул болгосон тэнд 200-аад болж өсөөд нутагшсан байгаа юм. Тал газар буга өсгөж болохын том нотолгоо бол энэ байгаа юм. Одоо Эрдэнэцагааны нутагт 300-аад буга байдаг гэсэн тоо бий. Тарвага бол их тархмал байсан. Социализмын үед хуулийг сайн мэддэг, хуулиа сайн сахидаг, ан авыг яг тэр хуулинд заасан хугацаанд нь агнадаг байжээ. Тарвагыг гэхэд жил бүрийн 8-р сарын 1-ний өдрөөс агнахыг зөвшөөрдөг. Агнахдаа тусгай ангийн бригад гардаг, нээлтийн өдөр гэрээ хийсэн анчдын дунд нэг цагийн хугацаанд хэдэн тооны тарвага агнаж байна вэ, агнасан тарвагаа хэдий хугацаанд стандартын дагуу өвчиж байна вэ гэдэг уралдаан тэмцээн явуулдаг байж. Тэгээд тэр үеэр үс нь гүйцээгүй тарвага агнаад аваад ирсэн анчин нүүрээ хийх газаргүй болдог зэрэг байж л дээ. Сүүлийн үед бол хороож л байвал хамаагүй болсон. Дээр үед чинь хашир анчид бол үс сор нь гүйцсэн тарвагыг л агнадаг байсан. Тэгж их өргөн дэлгэр байсан тарвага өнөөдөр бараг байхгүй болсон байгаа юм. Энэ бол хүн ан амьтантайгаа буруу харьцсаны хар гай. Зах зээлийн үед хүний хэрэгцээ ч байсан юм уу, урд хөрш маань тарваганы үнийг хэт их хөөрөгдөж ил далд аргаар худалдаалж авсанаас манай нутагт тарвагагүй болсон. Одоо Эрдэнэцагааны хилийн заагт цөөн хэд байдаг гэсэн. Өөр бараг байхгүй тарвага гэдэг амьтан устаж үгүй болсон доо. Би жил бүгд ангийн гэрээ хийж улсдаа арьс бэлтгэж тушааж байсан. Анчны нийгэмлэгийн гишүүн, улсын бүртгэлтэй буутай тийм хүн л гэрээ хийхээс биш зүгээр жирийн хүнд бол хийхгүй. Агнаж чадахгүй хүн шархдуулаад л нүхэнд нь оруулаад байвал нөгөө тахал юмнууд үүсдэг, үржил хөгжилд нь ч саад болдог. Тэр үед улс тарваганы бүх юмыг хэрэглэж байсан юм ш дээ. Шүдийг нь, арьсыг нь, тосыг нь, махыг нь цөмийг үнэлж авна. Махыг нь ариутгаад янз бүрээр боловсруулаад хот тосгодод борлуулдаг байсан юм. Миний ан хийж үед тохиолдсон сонирхолтой юмаас ярихад нэг удаа би Түмэнцогтын Холбоогийн уулын энгэрээс чандага шиг цагаан тарвага агнасан юм. Тэр бол маш ховор. Манай аймгийн ангийн нийгэмлэгийн дарга улсын нийгэмлэгийн хуралд оролцохдоо миний тэр агнасан тарваганы арьсыг үзэсгэлэнд хэд хэдэн удаа авч явж оролцуулж байсан юм. Тэгээд орон нутгийнхаа угсаатны зүйн музейд өгсөн л дөө. Одоо намар болохоор энд тэндэхийн бизнесмэнүүд, сайд дарга нар жип хөлөглөн ирж ан амьтадыг хөөж тууж, олноор нь агнаж байгаад би анчин байсан хүний хувьд их дургүйцдэг. Ан амьтаныг зүй бусаар тооноос илүү хядна гэдэг бол сайн тал биш. Угсаатны зүйн музейд манай аймагт байдаг бүхий л ан амьтад бий. Жишээлбэл талын буга, сүүлрүүгээ амьтан чинь байршилаа өөрчилдөг юм байна л даа. Түмэнцогтын Хар ямаатын ууланд бугатай болсон. Тэр бугыг манай нэг найз улсын анчин Нүрзэд зориуд музейн захиалгаар авчирч өгч байсан. Тэгээд харьцуулаад харахад хангайн буга, талын буга хоёрын зүс нь их л өөр юм билээ. Ангийн хуулийг хэт чанга хэрэгжүүлэх гэж оролдвол буруу оролдлого болдог юм болов уу гэж би сүүлийн үед дотроо бодох болсон. Жишээлбэл байгалийн баялагийг монголын иргэн бүр хүртэх ёстой гэсэн хуультай. Ангаа ч гэсэн тэгш эрхтэй, хөдөөгийн нэг айл бол өөрийн хэрэгцээндээ ганц нэг тарвага, зээр агнаад идчихдэг хуучин уламжлалаараа байсан бол ингэж их үргэдэхгүй байсан ч юм уу гэж боддог. Дээр үеийн анчид чинь ангийнхаа махыг олноороо иддэг. Нэг зээр агнаж ирлээ гэхэд тэр ойр хавийн айл хунарын бүх хүмүүс хүртдэг, заавал хүртээдэг уламжлалтай байсан. Гэтэл өнөөдөр нэг хурдан унаатай хүн, нэг хурдан буутай хүн бүх анг бараг ганцаараа эзэгнэж устгах хортой юм бий болж дээ. Манай нутгийн өвс ургамал гэхэд бас их онцлогтой. Таана, хөмүүл, янз янзын эмийн ургамал их ургана. 10 гаруй нэр төрлийн эмийн ургамал манай аймагт байдаг юм. Санчир, Алтангагнуур гээд бүгд Шилийн богдод байна. Манай нутгийнхан таана, хөмүүлээ хүнсний хэрэгцээндээ дээр үеэсээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Хатаагаад нүдэж сорс болгож хэрэглэнэ. Одоо ч гэсэн таана хөмүүл бол байна. Гэхдээ бидний бага байхаас ургамал их цөөрсөн байна. Ган гачиг их болж байгаагаас нэг их сайхан зунтай жил эсвэл дандаа таана ургаад хатаад намар нь халцгай газар байж байдаг. Нэг их сайхан ногоон юм шиг байснаа намар болонгуут хийсээд алга болдог хамхуул маягийн юм их ургаж байна. Газрын хөрс ургамал бол их өөрчлөгдөж байна даа. Өнөөдөр машин техник бол хүний хэрэглээ болж дээ. Машин мотоцикльгүй малчингүй, аймгийн төвд унаа хөсөггүй айл гэж байхгүй болж дээ. Тэр олон машин мотоцикль замтай замгүй хэлхэж холхисноос болж бэлчээр бас их сүйдэж байна. Орчин үеийн хүмүүсийн мэдээлэл бол уг нь их байна ш дээ. Манай аймгийн малчдын амьдрал харьцангуй их сайжирсан. Машин, мотоцикль, нарны гэрэл, сансрын антен гээд л... бүх сувгаар мэдээлэл авч байна. Тэгэхэд л одоо хуулиа хэрэгжүүлэхгүй, хүрээлэн байгаа орчинтойгоо буруу харьцана гэдэгт би шүүмжлэлтэй хандаж дотроо хар бууж явдаг юм. Сүүлийн үед газрын нөхөн сэргээлт хийх, ой мод үржүүлэх, ногоон хот бий болгох, булаг шандыг сэргээх, хамгаалалтандаа авах зэргээр сайхан санал санаачлагууд гарч байна л даа. Хожуу ч гэсэн ийм арга хэмжээ авч байгаад би баяртай байдаг. Цаашид энэ ан авыг өсгөж үржүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй юм. Тарвагыг бол өсгөж үржүүлж болно. Яагаад гэхээр нэг бүл тарвага гэдэг чинь нэг нүхэнд 16-17-уулаа тийм олноороо амьдардаг. Үржлийнхээ үед 7-8 мөндөл гаргадаг. Ийм учраас тусгай хамгаалалттай газар өсгөж үржүүлэхэд бол амархан. Чоно, үнэг, хярсыг ч одоо ингээд хамаа намаагүй хядаад байх юм бол бас л нөгөө байгаль орчин маань нэг нь нөгөөтэйгөө хоорондоо зохицож байдаг учраас үнэг хярсыг нь устгачих юм бол хулгана зурам хүчрэгдэхээ байж байгаа юм. Чоныг устгачих юм бол сэг зэм, ядарсан өвчтэй амьтаныг устгадаг зохицолдолгоо нь байхгүй болоод өвчин тахал газар авах жишээтэй.
Дэжид -
Цаг агаар ч бас нөлөөлж байна уу?
Ганбаатар -
Цаг агаар асар их нөлөөлж байна. Маш их дутуу шатсан хийнүүд агаарт ихээр дэгдэж байна. Улаанбаатар хот, хөдөө орон нутагт ч хаана бол хаана машин техник.... Хөдөөд хамгийн муу, шаардлага хангахаа байсан, ашиглалтын хугацаа нь дууссан унаа тэрэг ирдэг байхгүй юу. Аль муу бүгд нь хөдөөрүүгээ шахагддаг болж. Үүнээс агаарт маш их хэмжээний хорт хий дэгдэж байгаа юм.
Дэжид -
Ер нь социализмын үед ан амьтанг хууль дүрэмгүй устгадаг явдал байхгүй байсан юм байна, тийм үү?
Ганбаатар -
Байхгүй байсан. Хууль дүрэмгүй ан хийнэ гэж байхгүй. Тэр байтугай гэрээт анчин мөндөл агначихвал торгууль хүлээдэг байсан. Нагаа буюу эм тарвага агнасан анчиныг муу хэлдэг байлаа. Хөхүүл эм тарвага агнаж болдоггүй. Намар орой болсон хойно мөндөл нь өсч торнисон үед буюу ичихийн өмнө нагааг агнаж болдог. Бид бас энд тэнд ганц нэг мөндөл давхар буудчихаад түүнийхээ арьсыг хяналт шалгалтаас нуудаг, айдаг байлаа.
Дэжид -
Яг л тогтоосон цагт ангаа хийх үү?
Ганбаатар -
Яг л тогтоосон хугацаанд нь хийнэ. Тогтоосон өдрөө гараад л яг 100 тарвага агнах гэрээтэй байсан бол тэрнийгээ л агнана. Харин тэр үед чоно агнаад чихыг нь ч юмуу, хошуу амыг нь авчираад өгсөн хүнд 25 төгрөгний шагналтай байсан юм. Тэрнээс бусад анг тэгж хамаагүй агнах явдал бүр байгаагүй.
Дэжид -
Таниас зайлшгүй асуух хоёр асуулт байна. нэгдүгээрт таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн ямар зүйл байгаа вэ? Хэрвээ тийм зүйл байгаа бол тэр нь юу вэ?
Ганбаатар -
Миний амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн зүйл гэхээр яахав би амьдралынхаа ханийг шилж сонгож чадсан юм уу даа гэж нэгд ойлгодог. Тэгээд мэдээжийн хэрэг тэр хань маань надад хүү охин төрүүлж өсгөж бойжуулж өгсөн. Энэ бол миний амьдралын хугацаанд эрхэм зүйлийн нэг гэж ойлгож явдаг. Харин ажил мэргэжлийн хувьд би цэргийн хүн болох өндөр сонирхолтой байсан. Тэгээд анхны офицерийн цол погон мөрөн дээрээ хадсан тэр өдрийг би хүсч мөрөөдсөн зорилгодоо хүрлээ гэж бодож явдаг. Тэр өдөр цагаас хойш энэ албандаа аль болох идэвх зүтгэлтэй үнэнч шударга зүтгэнэ гэсэн тангарагтай явж алба үүргээ гүйцэтгэж ирсэн. Яахав гэнэтийн сонин сонин тохиол байдаг л даа. Би гэнэт нэг л өдөр, нэг цагийн дотор улс төрийн ажилтан болсон. Ерөнхий цэргийн офицер байж байгаад аймгийн цэргийн хэлтэсийн офицер болохоор аймаг орны удирдлага, аймгийн цэргийн штаб тохироод тушаалаа хүлээж байсан юм. Тэгж байтал нэг өдөр ангийн дарга дуудаад за тушаал чинь ирлээ. Салая гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа, Ганбаатар аа гээд ард чинь танай дарга чинь зогсч байна гэхээр нь эргээд харсан чинь бүүр тэс өөр ангийн радио тагнуулын ангийн захирагч зогсч байсан. Би бүр гайхсан. Тэгсэн чинь улс төрийн газрын даргын тушаал гарч намайг тэр ангийн улс төрийн орлогчоор томилсон байсан. Тэгэхэд өдрийн 12 цаг болж байсан. Та одоо 14 цаг гэхэд энд сүүдэр чинь ч байж болохгүй, ажлаа хүлээлцээд анги руугаа оч гэсэн. Тэгээд нэгэнт цэргийн хүн учраас ухааныг нь олохгүй байж байгаад би ажлаа хүлээлцээд өнөөх даргатайгаа ангируугаа очсон. 3 сарын 17-ны өдөр байсан юм. Тэгээд тэр анги дээрээ очоод ангийнхаа зэвсэг техник, агуулах, склад гээд гадуурх байдалтай нь танилцаад дотогшоо хороо, цэргийн байр, танхимуудаар ороод хамгийн сүүлд Сүхбаатарын тасалгаанд бүх цэргийн бүрэлдэхүүн ороод суучихсан байсан тэр лүү оруулаад тэргүүлэгчдийн ширээн дээр суулгаад баярын өдөрт зориулсан гэгээрлийн хурлын ажиллагаа нээснийг мэдэгдэе. Энэ цэргийн баярын гэгээрлийн хурлын илтгэлийг Улс төрийн орлогч Ганбаатар уншина гээд танилцуулсан. Тэгээд л би ерөөсөө анх удаа хүний бэлдсэн цэргийн баярын илтгэл уншаад улс төрийн ажилтан болчихсон. Тэгсэн чинь тэр хорооных нь улс төрийн хэлтэсийн дарга нь манай энэ ангид ажиллаж байгаад шилжсэн хүн байсан юм. Тэр намайг энэ ангид байхдаа улс төрийн орлогч болооч гэж гуйдаг байсан юм. Би болдоггүй байсан юм. Тэгсэн тэр улс төрийн даргаар хөөцөлдөж байгаад миний хувийн хэргийг батлан хамгаалах яамны боловсон хүчнээс авангуутаа улс төрийн газрын даргын тушаал гаргуулчихсан байсан.
Дэжид -
Тэр улс төрийн ажилтаных нь ялгаа нь юу байх вэ?
Ганбаатар -
Улс төрийн ажилтан гэдэг чинь ерөөсөө цэрэг дайчдын эх нь гэсэн үг. Хүмүүжүүлнэ, ухуулна, сэтгэл зүйг нь судлана гэсэн үг. Ямар нь уруу дорой харагдаж байна тэр бүхэнтэй ганцаарчлан уулзана, сахилгагүй дэггүй байвал цэргийн хууль дүрмийг ухуулна, ганцаарчлан уулзана. Заримынх нь гэр оронд нь захидал бичнэ. За тэгээд анги салбарт байгаа нам, эвлэлийн үүрийн ажил, байлдааны бэлтгэл хичээл, улс төрийн бэлтгэл хичээл, өвөл хаврын ажил бүх юманд нь чиглүүлнэ. Эвлэлийн ажлыг зохион байгуулна. Эвлэлийн үүрийн даргыг одоо залуучуудын дунд юу хийх вэ, ямар уралдаан тэмцээн зохиох вэ, ямар даалгавар өгөх вэ энэ мэтчилэнг зохион байгуулна. Тэгээд ангид гарч байгаа ханын сонингын агуулга, захидлын товчоон гээд тэнд явагдаж байгаа бүхий л нам эвлэлийн ажлыг удирдан зохион байгуулах тийм үүрэгтэй.
Дэжид -
Таны амьдралд бусдаас ер бусын онцгой гэх зүйл байгаа юу. Хэрвээ тийм зүйл байгаа бол тэр ямар зүйл вэ?
Ганбаатар -
Онцгой гэвэл ерөөсөө манай гэрийнхэн явсаар байгаад л цэргийнхэн болчихсон. Үүгээрээ л бусад гэр бүлээс онцгой юм байна гэж боддог. Би өөрөө цэргийн хүн. Миний охин цэргийн хүн. Одоо жанжин штабт ажиллаж байна. Хошууч цолтой. Бас нэг хүү маань одоо Дорнодын цэргийн ангид ажиллаж байна. Нэг хүү хойтон Батлан хамгаалахын их сургуулийг төгсөнө. Ингэхээр нэг гэрийн дөрвөн хүн дөрвүүлээ цэргийн амьдралаар амьдарч байгаагаа л би онцгой амьдрал юм байна гэж ойлгож байгаа даа. Бас нэг онцгой сонин тохиолдол юм уу гэмээр юм байдаг. Миний ээж 1947 оны үед аймгийн Намын хороонд бараг анхны байхаа даа эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэгээд Янжмаа гуай, эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан Сосор гуай гээд, аймаг хотуудын эмэгтэйчүүдийн даргаар ажиллаж байсан сайхан хүмүүстэй хамт авахуулсан том фото зураг нь надад байдаг юм. Тэрийг Шагдаржав гээд хүн төрийн бус байгууллагын тухай ном хийнэ гээд надаас түр авсан байгаа.
Дэжид -
Янжмаа гуайн тухай тодруулж ярихгүй юу?
Ганбаатар -
Жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа гуай чинь Монголын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан юм. Тэгээд хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарын симинар цугларалт УБ хотод болсон байна. Тэгэхэд манай ээж тэр зөвлөгөөнд очиж Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан байдаг. Би цэргийн албанд явж явж 1992 оноос өнөөдрийг хүртэл 18 жил аймгийн ахмадын хорооны даргаар сонгогдоод ахмад настаныхаа итгэл найдварыг хүлээгээд ажиллаж байна. Энийгээ бас ээж хүү хоёр Сүхбаатар аймгийн төрийн бус байгууллагын түүхэнд онцгой чухал үйл явдал юм уу гэж бодож явдаг юм. Манай тэр ээж маань бас их спорт янз бүрийн юмаар хөөцөлддөг хүн байсан. 1958 онд аймгийн цанын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчнаар Хөвсгөл аймгийн Хатгал хотод очиж улсын аваргын тэмцээнд оролцож байсан юм. Би тэгэхэд арван хэдтэй гэрээ сахиад үлдэж байсан юм. Ээж маань их авъяаслаг хүн байсан байгаа юм. Энд "Учиртай гурван толгой" тоглоход Нансалмаагийн дүрд тоглож байсан. Сургуулилт хийж байхад нь би клубт ороод ээжийгээ сахиад сандал дээр унтаад өгдөг байсан юм. Хатгамал жигтэйхэн сайхан хийнэ. Аймагт хатгамалын дугуйлан хүртэл хичээлүүлж байсан юм. Өөрийнх нь нэг хатгамал улсын уралдаанд яваад 3-р байр эзлэж байсныг санаж байна.
Дэжид -
Дарьганга ястан яаж бүрэлдэж бий болсон юм бэ? Тэр талаар та ярьж өгөөч?
Ганбаатар -
Сонирхоод судлаачдын ном зохиол уншиж л байлаа. Батмөнх даян хааны хөвгүүн Гэрсэнз гэдэг хүний эзэмшил нутаг гэдэг юм билээ. Гэрсэнзийн дараагаар их хатан нь өөрийнхөө 7 хөвгүүддээ бас Гэрсэнзийн эзэмшиж байсан нутгийг хуваарьлаад өгсөн тийм түүхэн эх сурвалж байдаг юм билээ. Ингэж Баянмөнх хааны удмынхны эзэмшил нутаг байж байгаад баруун зүүн монгол гэж хуваагдан тэмцэлдэж байх үеийн хаадуудын зөрчлийг далимдуулаад Манжууд Монгол орныг эзлэхдээ манай Дарьганга нутгийг цэргийн нэг түшиц бааз газраа болгоод адуун сүргийг тэнд байгуулчихсан юм байна. Тэгээд Галданбошигтыг ялаад Монгол нутгийг эрхшээлдээ оруулсаны дараагаар энэ Дарьганга нутагт баруун зүүн гарын сүрэгчингүүдийг бий болгоод адуун сүргийнхэн, хонин сүргийнхэн, тэмээн сүргийнхэн гэж тус тусд нь хуваарьласан байдаг. Тэгээд тэр нутаг хошууг захирах гарын да тэргүүн гэдгийг томилоод тэр нь бусад халх хошуудтайгаа адилгүй ноёд түшмэл гэж өв уламжилдаггүй томилогддог байжээ. Ингэж анх Дарьганга хошууны Да тэргүүн хүнийг бий болгосон юм байна. Тэд нар нь бүр Хотгойдоос Цэрэнжав да гэж анхныхаар нь ирж байсан байгаа юм. Бас Цахарын хошуунаас хүмүүс авчирч байсан байгаа юм. Бас Галданбошигтын цэргүүдээс жаахан эх оронч үзэлтэйг нь цөллөг маягтайгаар суулгаж байсан тал байна. Ингэж Дарьганга хошуу гэдгийг бий болгожээ. Тэгээд тэр томилогдсон шат шатны захирагч нар болон тэр сүргийг хариулж байсан албан хаагч нар нь цалин пүнлүүтэй байжээ. Хамгийн том Да л гэхэд 150 лангийн цалин цагаан мөнгөний цалинтай, тэгээд 100 лан, 50 лан, 20 лангийн гэх мэт цалинтай байж. Тийм учраас тухайн үеийн Дарьгангын ард иргэдийн амьжиргааны түвшин бусад халхын малчин ардуудын амжиргаанаас хамаагүй өндөр байсан юм гэж түүх сурвалжид бичсэн байдаг юм. Яагаад гэхээр цалин пүнлүү авч байсан ийм талаараа давуу байж. Тэгээд тэнд шинээр нутагшаад ирэхээрээ уул ус, овоогоо тахих асуудал дээр маргаан үүсч зарим нь бүр өөр газраас олон тооны азарга авчирч чулуу зөөж овоо босгон нэг овоо тахисан гэдэг. Нэг хэсэг нь Алтан овоогоо тахьсан гэж байна. Үүнээс болж нутгийн ардын дунд жоохон зөрчил үүсээд Манжийн хаандаа зарга мэдүүлсэн юм байна. Алтан овоогоо тахьсан иргэд нь тэр заргыг явуулжээ. Тэр нь олон тооны азаргыг уул овооны чулуу татах эдэлгээнд хэрэглэснээс болж олон гүү сувайрлаа, олон эрчүүдийг дайчилж энэ ажилд явуулснаас болж олон гэр бүл хөндийрч ар тал нь эзгүйрч задгайрлаа гэсэн утга санаатай өргөдөл гомдолыг манжийн хаанд явуулаад манжийн хаан нь олонхийн саналаар Алтан овоог тахих зарлиг гаргажээ. Тахихдаа жил бүрийн зун намрын цагт хоёр удаа тахиж байх, тахих үйл ажиллагааг нь Орлойн мэргэн хутагт гэдэг хүнээр удирдуулж байх шийдвэр гаргасан байдаг юм билээ. Тэрнээс хойш Алтан овоог жилдээ хоёр удаа тахьдаг, овооны наадам хийдэг, морь уралддаг жигтэйхэн сүртэй овоо тахилганы наадам болдог байсан гэж манай ээж аав хүртэл ярьдаг. Тэгээд 1911 онд Манжийн дарлал устаж автономит засаг бий болоход ахиад энэ овооныхоо тахилгын тухай асуудлыг хөндөхлөөр 1913 онд Богд хааны зарлигаар Алтан овоог тахиж байх зарлиг гарч ингэж төрийн тахилгатай уул болж Богдын элч төлөөлөгчид овооны тахилганд оролцож байсан юм билээ. Тэгээд сүүлрүүгээ овоо тахих асуудал нэлээд хаагдмал, боогдмол болсон. Яахав орон нутгийн иргэд шүтдэг, мөргөдөг, амин хувиараа нууцгай шиг тахьдаг, шүтдэг байж байгаад 2004 онд эргээд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгож 4 жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн ийм түүхтэй. Тэгээд манай Дарьгангачууд чинь их олон ястан үндэстэн амьдардаг, хувцас хэрэглэл нь хүртэл бусдаасаа өөр. Дарьганга эхнэр хүний эдэлж хэрэглэдэг хувцас хэрэглэлд гэхэд маш их хэмжээний шүр, мөнгө орсон байдаг. Хил хязгаар нутаг байсан болоод тэр юм уу орон нутгийн жижиг дархцуул их үүсч хөгжсөн, ур чадвар их өндөртэй байсан. Их нарийн хийцтэй, хийсэн юм нь давхцдаггүй давтагдашгүйгээрээ Дарьганга нутгийн дархцуулын онцлог байдаг. Дархан болгоны багаж нь өөр өөр. Давхар цохилттой мөнгөн эдлэлүүдийг их хийдэг ийм улсууд байсан учраас дархцуул үе удмаа дамжаад өвлөгдөж ирсэн. Зундуй гэж их уран дархан байсны хүү нь Гомбосүрэн гэж дархан хүн байж байгаад бурхан болсон. Тэрний үр хүүхэд гэхэд бас дархан байх жишээтэй. Бүр нэртэй төртэй төрийн дархан хүн хүртэл Дарьганга нутгаас төрсөн байдаг. Тэр Балдан-Осор дархан төрийн дархан болсон. Тэр хүний багадаа харж, таньж мэддэг л байсан. Бас нэг онцлог нь одоо шилийн сайн эрчүүл гэж ярьдаг Торой банди, Ганган Чүлтэм, цоохор Иш гээд нутагтаа домог болсон сайн эрс байжээ. Яагаад тийм сайн эрчүүл бий болсон юм гэхээр Манж нарыг эсэргүүцсэн тэмцлийн нэг хэлбэр болж байсан. Тиймээс манжийн амбаны эд хөрөнгө, мал сүргийг авч ядуу ардуудад тарааж түгээх, бүр алс өөр хошуу нутагт аваачиж сольж арилжих зэрэг үйл хэргийг хийж байсан учраас Дарьгангын сайн эрчүүл гэсэн нэртэй цуутай тодорч гарч ирж байж дээ. Энэ нь газар нутаг, тусгаар тогтнол, ард иргэдийнхээ төлөө тэмцэж байсан ийм түүхэн улбаатай юм. Торой банди гуай бол сүр сүүлд хүртэл 80 гаруй нас хүртлээ амьдарч байсан. Их жижиг биетэй, шаламгай, зальтай, овсгоотой тийм хүн байжээ. Торой бандид бас төрийн ямар билээ дээ нэг шан харамж хүртэл олгох гээд Богдийн төлөөний хүн ирж байсан гэж хүртэл түүх сурвалж дээр бичдэг юм шүү. Ухаандаа манждаа мэдэгдэхгүйгээр далдуур нууцаар Монголоо хамгаалахын төлөө тэмцэлийг нь үнэлж Богдийн төлөөний түшмэл ирж байсан гэдэг юм. Тэгж бичсэнийг нь би бүр нүдээрээ үзсэн. Тэгэхээр Торой банди бол Монголынхоо төрд үнэлэгдсэн сайн эр байсан байгаа юм. Олон домог бий дээ. Алтан овооны урд талруу нарийн жим мөр бий. Торой банди 15-ны цагдаа нараас зугтаагаад овооныхоо орой дээр гарчихсан байхад нь цагдаа нар урд тал нь эгц юм чинь морьтой хүн бууж чадахгүй гээд урт талыг нь үлдээгээд бусад талыг нь бүслээд хүлээгээд байхад тэр эгц уруугаа нь буучихсан байдаг гэсэн домогтой. Тэгээд Торой бандийн зам гэж нэрлэсэн одоо хэр нь урт нарийн зам зурайж байдаг юм. Дээр үеийн хүмүүс мориныхоо давхил дунд зоос шувталдаг байсан гэдэг.
Дэжид -
Тэр нь юу юм бол?
Ганбаатар -
Зоосоор мэргэлнэ гэсэн үг. Торой банди нэг удаа 15-ны цагдаа нарт хөөгдөж явахдаа тэгж зоос шувталсан чинь юу юугүй баригдах гэж байна гэнэ ээ. Төлөг нь тэгж бууж. Тэгэхээр нь зэрэг мориноосоо буугаад эмээлээ буруу харуулж тохчихоод зүгээ өөрчлөхгүйгээр чигээрээ яваад өгсөн гэнэ ээ. Тэгсэн араас нь хөөж байгаа 15-ны цагдаа нарын ахлагч нь одоо л баригдах ёстой энэ яагаад баригдахгүй байна вэ гээд мөн мориныхоо давхил дунд зоосоо шувтарсан чинь мориных нь бүүрэг эргэчихсэн байна. Бид нар араараа алдчихсан юм шиг байна гээд буцаад явчихаж байсан гэдэг. Тэгэж Торой банди мултарч байсан гэсэн домог байдаг. Гэх мэтчилэн олон домог бий, Торой банди гэсэн ардын дуу бий.
Торой бандийг байхад
Торгоны сайханыг эдэллээ
Торой бандиас хойш
Тостой даавуу ч олдсонгүй гээд ард иргэдийн гаргасан сайхан дуу
бий. Манай Дарьганга нутгийн товч түүх гэвэл ийм байна. Тэгээд хувьсгалын дараа нутаг захиргааны байгуулалтад аймгуудыг бий болгоход Дорнод аймгийн Дарьганга сум гэж байгаад тэгээд 1942 онд Жавхлант шарга аймаг нэртэйгээр энэ Мандалын хийд дээр байгуулагдахад Дорнод аймгаас 10 сум, Хэнтий аймгаас 4 сум авч Сүхбаатар аймгийг байгуулсан юм билээ. Тэгээд 1943 онд Жанжин Сүхбаатарын мэндэлсэний 50 жилийн ойгоор Сүхбаатар аймаг гэдэг нэрийг өгөөд одоо энэ Баруун-Уртын төв дээрээ аймаг бий болгоод ингээд Сүхбаатар аймгийн Дарьганга сум бий болжээ. Манай Дарьгангад газар газраас суурьшиж очсон хүмүүсийн ул мөр бол бий. Зарим урианхай үг хэллэг хүртэл нутагшиж үлдсэн нь бий. Иймэрхүү юмыг бий сонин, ном хэвлэлээс уншиж, ахмад үеэсээ сонсож мэдсэн юм.
Дэжид -
Та соёлын довтолгооны талаар яриач. Хэдий үед өрнөж байв, тухайн үед яаж явагдаж байв? Хэр үр дүнтэй ажил байсан юм бэ?
Ганбаатар -
1956, 1957 оны үеэр явагдсан юм. Маш хүчтэй явагдсан. Жаахан анхи муутай айл хунар айна. Үе үе соёлын довтолгооныхоо үр дүнг шалгана. Нөгөө соёлын довтолгооны комисс чинь гэнэтхэн шөнө айлд орж ирээд ор хөнжлийнх нь даавууг үзэх, нүүр гарынх нь алчуурыг шалгах, аяганых нь алчуурыг үзэх, данх савыг нь үзэх, бүр зарим бохир юмыг нь аваад явчихна. Тэгээд тэрны цайны данх, тэрний аяганы алчуур гээд үзэсгэлэн болгоод тавьчихдаг. Сүүлд эргэцүүлээд бодоход тэр соёлын довтолгооны үр дүн асар өндөр байсан байгаа юм. Би тэр үед бол хүүхэд байсан. Миний үүрэг юу байсан гэхээр өдөр бүр 100-аас доошгүй ялаа устгах, тэр устгасан ялаагаа оройдоо тоо ширхэгээр нь тушааж байх... Манай аймгийнхан мэднэ дээ ариун цэврийн Молом гэж байсан юм. Тэднийд орой алба тарж ирсний дараа 6, 7 цагийн үед тушаана. Тэгээд би гэрийнхээ ялааг алаад шүдэнзний хайрцганд хийгээд 70-80 ялаатай очино. Гэртэхээ алаад, гаднахаа алаад, айлын ялааг ална. Айлын хүүхэд ялаагаа харамлана. Тэгээд бүр тэрийг чинь ширхэг ширхэгээр нь хүлээж авна. Ингэж өрх бүрийг өдөр бүр ялаа устгуулдаг байсан. Энэ их том арга хэмжээ байсан. Томчуул яахав гэхээр нийтийн халуун усанд орсон талоноо хаяхгүй дэвтэр дээр наана. Долоо хоногт 1 удаа халуун усанд орсон байх ёстой. Ингэж ариун цэвэр сахихаас гадна мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үзвэр үйлчилгээ үзэх асуудал бас байсан. Үзсэн үзвэрийнхээ тийм кино гээд нэрийг нь тавиад билетийг бас наана. Уншсан номынхоо нэрийг зохиогчтой нь бичнэ. Утга агуулгыг нь бичиж тэмдэглэл хөтөлнө. Тухайн үеийн сэхээтнүүд амралтаараа манайд их цуглардаг. Тэгэхээрээ бүгд нэг нэг тэмдэглэлийн дэвтэр гаргаад би сая ийм зохиол уншлаа, чи уншсан уу гэх мэтээр хоорондоо ярилцдаг тийм байсан юм. Тэр үеийн мундаг мундаг, зузаан зузаан романуудын тухай хоорондоо ярина. Жишээлбэл одоо манай Монголд олддог юм уу үгүй юм уу мэдэхгүй "Битүү шугуй, цасан талд" гээд Хятадын нэг зохиолчын бичсэн зохиолын тухай их ярьж байсан. Орой болгон л төддүгээр бүлэгийг нь би уншлаа, төдийг нь тэр уншлаа гээд л яриад байдаг байсан юм. Би тэр зохиолыг бүр мартахгүй байсаар байгаад 17, 18 хүрсэн хойноо номын сангуудаар явж хайгаад олж уншсан л даа. Хятадын хувьсгалын үеийн тухай зохиол байсан юм билээ. Тэгээд бие дааж орос үг цээжилнэ.
Дэжид -
Аа, тэр довтолгооны үеэр?
Ганбаатар -
Өө, тийм. Гадаад хэл сурах, өөрийгөө боловсруулах, шинэ дуу сурах, шинэ нийтийн бүжиг сурах гэх мэтийн ажлуудыг соёлын довтолгооны үеэр явуулсан. Тэрний үр дүн бол их гарсан. Миний л мэдэхээр айл болгон ариун цэвэр сахиж, ялаагаа устгадаг, усанд ордог, ном зохиол уншдаг, үзвэр үйлчилгээ үздэг болсон доо. Тэр соёлын довтолгоогоор чинь бүр хөтөлдөг анкеттай. Айл болгонд заавал байх ёстой юм гэж байна. Танайд эгшигт хайрцаг байна уу, радио байна уу, номын сан байна уу, хэдэн номтой вэ, энэ сард хэдэн ном шинээр худалдаж авсан гэх мэтчилэн нарийн шалгана. Шалгалт нь байнга явна. Манай ээж аав маань одоо тэрийгээ угааж арчаарай, энийгээ цэвэрлээрэй соёлын довтолгооны комисс ирнэ шүү гээд л бид ч их айдаг, хөл гараа угаадаг, хувцас хунараа цэвэрхэн өмсдөг тийм болж хувирсан шүү. Соёлын довтолгооны үндсэн гурван зорилт гэж байсан юм гэнэ лээ. Ямар зорилтыг нь мэдэхгүй. Нэг удаа хөдөө нэгдэлд соёлын довтолгооны комиссын хүн айлд очиж хоноод ярьж зүүдэлдэг хүн зүүдэлсэн байгаа юм. "За соёлын довтолгооны үндсэн гурван зорилт бол нэгдүгээрт..." гээд зүүдлэж байсан гэж тэр үеийн хүмүүс ярьдаг юм. Ингэж соёлын довтолгоо 1950-иад оны сүүлээр эхэлж бараг 1960-аад он гартал үргэлжилсэн байх шүү.
Дэжид -
Төв суурин, хөдөө орон нутаг ялгаагүй явагдаж байсан юм уу?
Ганбаатар -
Төв хөдөөгүй явагдаж байсан. Би хөдөө суманд бол байгаагүй. Аймгийн төв дээр бол их хүчтэй явагдаж байсан. Сургууль дээр гэхэд л ариун цэврийн комисс томилогдож хуруу хумс үздэг, орчины ариун цэвэр, бохирын цооног, нойлын өрөөг шалгана. Нийтийн цэвэрлэгээг жигтэйхэн их зохион байгуулна. 7 хоног бүр л нийтийн цэвэрлэгээ хийнэ. Хоёр төгрөгний үнэтэй том бургасан шүүр айл бүрд байна. Тэгээд 7 хоног бүр гудамж талбайдаа гар их цэвэрлэгээ хийдэг ийм байсан юм. Тэр үндсэн зорилгийг нь бол хүүхэд байсан болоод мэдэхгүй. Ийм л байна.
Дэжид -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.