Doljinsüren


Basic information
Interviewee ID: 990596
Name: Doljinsüren
Parent's name: Sambuu
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1924
Ethnicity: Dariganga

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hongor sum, Sühbaatar aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
herding / livestock
relations between men and women
military
environment


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

Сайн байна уу, Должинсүрэн гуай?

Должинсүрэн -

Сайн сайн байна уу?

Дэжид -

Сайхан зусч байна уу, Та?

Должинсүрэн -

Сайхаан, сайхан зусч байна уу?

Дэжид -

За сайхан. Тэгэхээр Монголын 20-р зууны аман төслийн шугмаар 20-р зуунд ажиллаж амьдарч байсан өөрийнхөө түүх намтараас ярьж өгөхөөр бидний урилгыг хүлээж авсан танд баярласанаа илэрхийлье.

Должинсүрэн -

За.

Дэжид -

Ярилцлага эхлэхээс өмнө таниас асууж тодруулах ганц хоёр зүйл байна. Нэгдүгээрт та ярилцлаганд нэрээ нууцлах шаардлага байна уу?

Должинсүрэн -

Байхгүй ээ.

Дэжид -

Тодорхой хугацааны дараа та бид хоёрын энэ ярилцлагаас эрдэмтэн судлаачид тодорхой бүлэг хэсгийг нь ч юм уу судалгааныхаа материалд ашиглах, аль эсвэл хэвлэл мэдээлэлд ишлэл болгох зорилгоор таны энэ ярилцлагаас хэвлэн нийтлэх, ашиглах зөвшөөрлийг Кембрижийн их сургуульд олгож байна уу?

Должинсүрэн -

Тэгье ээ.

Дэжид -

За баярлалаа. Хоёулаа таны төрсөн нутаг ус, аав ээжийн чинь талаар яриагаа эхлэх үү?

Должинсүрэн -

Тэгье ээ, тэгье. Би чинь айлын том хүүхэд. Ажил төрөл нэг их хийж яваагүй. Юм л их оёно доо.

Дэжид -

Хэдэн онд төрсөн билээ, Та?

Должинсүрэн -

1924 онд төрсөн.

Дэжид -

Одоо нас сүүдэр 87 хүрч байгаа юм байна ш дээ. Сайхан нас байна. За тэгээд бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөв үү? Нутаг ус чинь ямар онцлогтой газар байв? Ямар нэртэй газар төрсөн юм? Хүүхэд насаа яаж өнгөрөөв? Өөрийнхөө санаж байгаагаар сайхан дэлгэрэнгүй яриарай.

Должинсүрэн -

Манайх чинь хуучин Хонгор сум гэдэгт байсан айл шүү дээ. Байшинтын дивиз гэж байсаныг мэдэх үү, хүү минь.

Дэжид -

Мэдэхгүй ээ.

Должинсүрэн -

Байшинтын дивиз гэж их гоё газар Хонгор суманд /одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сум/ байсан юм. Сүүлдээ сайхан цэрэг дарга нартай 7-р дивиз гэдэг болсон юм. Байшинтын сүм гэж байсан. Оныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Их гоё сүм байсан юм. Сүүлдээ лам нар баригдаад өнөө сайхан сүм ч байхгүй болсон. Хонгор сумаас зүүн тийш "Булгууд" гээд элсрүүгээ шургасан модтой, манхан элстэй тийм гоё газар бидний багад байлаа. Өвөл болохоор тэрний уруу руу чинь гулгаад л тоголчихно доо. Арван хэдтэй л байсан үе байх.

Дэжид -

Тэр үеийн хүүхдүүд голцуу эцэг эхийн гар дээр өсч байв уу? сургууль соёл гэж байсан юм уу?

Должинсүрэн -

Сургууль соёл гэж байгаагүй юм.

Дэжид -

Хүүхдүүд юу хийдэг байв?

Должинсүрэн -

За даа, хурга ишиг л хариулдаг байсан байх даа. Хийгээд байх юу байхав дээ.

Дэжид -

Та тэгээд Хонгор суманд төрсөн үү?

Должинсүрэн -

Хонгор сумаас хойшихноо Ихрийн өвөлжөө гэдэг байдаг юм. Эцэг эх маань хэлж өгч байсан юм. Тэнд төрсөн юм гэнэ лээ.

Дэжид -

Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

Должинсүрэн -

Эцэг эхээс тавуулаа. Гурван хүүхэн, хоёр хүү. Би айлын том нь. Хоёр бага нь хүү байсан юм. Одоо хоёулханаа л үлдэж дээ. Хоёр их нь байгаа юм байна. Дараачууд нь бурхан болж дээ.

Дэжид -

Таныг их уран гэж сонссон юм байна. Хэдийнээс юм оёж сурав? Эцэг эх чинь багад чинь юу зааж сургадаг байв?

Должинсүрэн -

Хурга ишиг дүү нар харна. Би ч бараг хурга ишгэнд явахгүй дээ. Айлын том хүүхэд гээд арай эрхтэй. Уран болно гээд л их юм оёно доо. Ээжээсээ асууж байгаад л оёно.

Дэжид -

Хэдэн настайгаасаа оёж эхэлсэн бэ?

Должинсүрэн -

Арван хэдтэйгээсээ л оёсон байх. Анх нимгэн даавуугаар юм оёдог байсан. Ээж маань их уран хүн байсан. Тэгээд ээж шигээ уран хүн болно гээд л оймс шаглаж сурч байлаа. Гараар яг л машинаар оёсон юм шиг л оёно ш дээ. Сүүлдээ дээл оёдог болсон. Зүү орооно гэдгийг л би мэдэхгүй. Тэрнээс бусдыг нь ер нь оёно доо. Оёж л байсан.

Дэжид -

Тэр үед даавуу материал нь хэр элбэг, олдоцтой байсан бэ?

Должинсүрэн -

Их элбэг байгаагүй юм шүү.

Дэжид -

Эцэг эх чинь ямар ажил хийдэг, ямар хүмүүс байсан бэ?

Должинсүрэн -

Мал л маллана даа. Аав маань ярьдаг байсан юм. Би нэг их том лам байгаагүй нэг муу хэнгэрэг цохьсон банди явсан юм гэж. Багадаа тэгж явсан юм шиг байгаа юм.

Дэжид -

Таныг бага байхад ямар сонин содон үйл явдал болдог байв? Таныг хэдий хэрийн настай байхад хүүхдүүд сургуульд явж эхэлсэн бэ? Нэгдэлд хэзээ орсон, хувийн малтай байсан уу?

Должинсүрэн -

Хувийн малтай байсан. Мал малын л захтай байсан. Нэлээн л юмтай айл байсан.

Дэжид -

Сүхбаатар аймаг чинь эрчүүд нь уран дархан, эмэгтэйчүүд нь үйлэнд уран онцлогтой шүү дээ?

Должинсүрэн -

Өө, тэгэлгүй яахав. Манай нутагт Балданосор гэж их уран дархан хүн байсан. Бас дархан Ядам гэж их уран хүн байсан. Бүгд л манай Хонгорын хүмүүс. Сүүлдээ манай Хонгорынхон чинь одоогийн Халзан сум руу шилжиж орсон юм.

Дэжид -

Нэр ус нь өөрчлөгдсөн юм уу? шилжсэн юм уу?

Должинсүрэн -

Шилжсэн юм. Лам нар баригдаад явж байсан үе чинь хэдий үе юм бэ хүүхээ?

Дэжид -

Гучин долоо, найман оны үе. Та тэр талаар мэдэж байна уу? танай ойр дотныхоноос хэлмэгдэж байсан уу?

Должинсүрэн -

Манайхнаас байгаагүй ээ. Хүмүүсийг бариад явлаа л гэдэг байсан. Хүүхэд байсан болохоор учирыг нь ч ойлгодоггүй байсан. Аав маань манай багшийг бариад явчихлаа гэж байсаныг нь санадаг юм. Их л айхтар цаг үе байсан шиг байгаа юм. Хөөрхий амьтан, том машинд бүгдийг нь ачаад дээгүүр нь битүү юмаар бүтээгээд аваад явахыг нь харж байсан юм. Хэдэн настай байсан юм бэ дээ. Тэр чинь одоо зууртаа бүтэж үхмээр юм аа. Хөөрхий минь, тэрийг би мэддэг юм.

Дэжид -

Тэр үед баян ядуугийн ялгаа их байсан уу?

Должинсүрэн -

Байсан юм шиг байгаа юм аа. Ноён хүмүүс байсан шиг байгаа юм.

Дэжид -

Сүхбаатар аймгийнхан чинь монгол ёс жаягаа сайн хадгалж ирсэн. Эрчүүдээ их хүндэлдэг, гэртээ нэлээд эрх дархтай, эмэгтэйчүүд нь өөрийн гэсэн дэг жаягтай гэгддэг. Таны үед эрчүүдээ яаж хүндэлдэг байв, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгаа ямар байв?

Должинсүрэн -

Ялгаа гээд байх юу байхав. Гэхдээ эрэгтэй хүмүүсээ их хүндэлнэ ш дээ. Хоймортоо сууна. Гэрийн хойд талын хамгийн хүндтэй суудал гэсэн үг. Цай, хоолныхоо дээжийг барина. Өөрөөсөө жаахан ахмад хүнийг ажаа, ах, эгч гэж авгайлна. Нөхрөө та гэж авгайлна.

Дэжид -

Тэр үеийн хүмүүс өглөөнөөс орой хүртэл ямар ямар ажил хийх вэ?

Должинсүрэн -

Эрэгтэйчүүд нь малдаа явна. Алга болсон адуу малныхаа эрэлд явна. Хөдөөний улсад чинь ажил мундахгүй ээ. Урд чинь ер нь хулгай зэлгий гэж байгаагүй юм.

Дэжид -

Тэр үед айлууд одоогийнх шиг үүд хаалгаа түгждэг байсан юм уу?

Должинсүрэн -

Задгай л орхичихно ш дээ. Түгжээ мүгжээ гэж байгаагүй байх аа. Эрэгтэй хүнд хүүхэн гуйна гэж нэг сайхан ажил байсан юм. Ээж ааваас нь хадаг сүүтэй очиж гуйна. Хамаагүй очоод авчихгүй ш дээ.

Дэжид -

Ээж аав нь шийдэх үү?

Должинсүрэн -

Ээж аав нь ч гуйна. Өөрснөө ч мэдэлцэнэ. Урд чинь их сайхан байсаан, сайхан байсан.

Дэжид -

Таныг бэр гуйж ирж байхад та хэдэн настай байв?

Должинсүрэн -

Жоохон л байсан байх даа. Өдөр судар харна. Хамаагүй гуйхгүй. Их ёс төртэй очино ш дээ. Хоёр гурван хүн ирж авна. Намар голдуу гэрлээд байх шиг байдаг юм даа. Тэгээд хот айлаараа хурим найр хийнэ.

Дэжид -

Аль тал нь гэрээ бэлдэх вэ?

Должинсүрэн -

Хүүгийн тал л голдуу бэлдэнэ. Манай хадам ээж аав хадаг самбаатай ёс төртэйгөөр их гоё гуйж ирж байсан юм. Тэгээд өдөр судраа хараад намар л гэрлэж байсан юм даа. Би арван найм, естэй л байсан байх. Манай нөхөр надаас өдөр явах уу, шөнө явах уу гээд надаас асуулаа. Тэгэхээр нь би бага ч байж дээ, шөнө явахгүй ээ айна, өдөр явна аа л гэлээ. Тэгээд өдөр явсан. Нэг сумаас нөгөө сумын хооронд. Гэхдээ гайгүй ээ, хоорондоо ойрхон. Тэгээд ирсэн чинь гэрийнх нь гадаа битүү морь уяатай. Хээ, энэ танихгүй айл руу чинь хэрэггүй л ирлээ гээд өнөө олон морьдыг чинь хараад сүрдэж байгаа юм. Бага байхад чинь ичинэ гэж нэг айхтар юм байна аа. Ухаандаа олон танихгүй хүний дунд орохоос зовж байгаа юм байх л даа. Тэгсэн нэг сайхан хавчаартай залуухан эхнэр хүн хэдэн улстай гарч ирээд намайг мориноос буулгаж аваад морь уяад л үүдэндээ сайхан ширээстэй шинэ ширдэг дэвсчихэж. Сайхан том гэртэй. Тийм айлд л ирлээ дээ, би чинь. Ороод очисон чинь дүүрэн хүн байна. Хөлс гойжоод л хачин болсон. Тэгсэн ээж том жижиг хоёр мөнгөн аяганд сүү хийгээд л өглөө. Юун тэрийг уух манатай, ганц хоёр оочоод л нөхөртөө өгчихлөө. Нөхөр маань ч хоёуланг уучихаад л аягаа тавьчихлаа. Тэгж л айлд ирсэн дээ.

Дэжид -

Таныг тэгж хадмындаа очиход гэрээс чинь хүн дагаж очих уу?

Должинсүрэн -

Явахгүй, нэг эмэгтэй л цуг явсан юм. Дараа нь гурав унтсаны дараа хүүхнээ эргэнэ гээд л ээж аав ирнэ.

Дэжид -

Тэр үед эхнэр хувцас өмсдөг байсан уу? гэрлэхдээ ямар хувцас өмсөх вэ?

Должинсүрэн -

Би зүгээр л дээлтэй ирж байсан.

Дэжид -

Таны багад тийм эхнэр хувцасаа өмсдөг байсан уу?

Должинсүрэн -

Өмсөнө өө. Эхнэр хүн гэж тийм гоё хавчаартай хувцас өмсөнө. Тэгээд л гурав хоноод хүүхнээ эргэнэ гээд аав ээж, ах дүү садан нь ирнэ. Олуул болохоор эргэлт их ирнэ ээ. Хонь малын мах чанаад л, идээ будаа бэлдээд их сүртэй, гоё ирнэ.

Дэжид -

Гэр бүл болоход хоёр талаасаа мал хуй тасалж өгөх үү?

Должинсүрэн -

Өгнө өө, өгнө. Намайг гэрлэж байхад хэдэн тугалтай үнээ, үхэр гээд л мал таслаад туугаад ирж байсан юм.

Дэжид -

За тэгээд айлын бэр болоод ямар ажил хийж байв, та ер нь залуудаа юу хийж байв?

Должинсүрэн -

Залуудаа нэг их ажил хийж яваагүй юм. Нэг хэсэг гар үйлдвэрт ажиллаж байсан. Дандаа л дээл хувцас гээд зөөлөн оёдол хийж байсан. Их залуу ч байсан. Монгол дээл л их оёно.

Дэжид -

Дээлийг хэдэн хоног оёх вэ?

Должинсүрэн -

Нэг их олон хоног оёхгүй ээ.

Дэжид -

Дээл нь дотроо олон янз байх уу?

Должинсүрэн -

Дан дээл, давхар тэрлэг гээд олон янз л даа. Дандаа захиалгаар оёно. Зарим хүмүүс бүр нэр заагаад тэрүүгээр оёулна гэнэ.

Дэжид -

Та уран байсан учраас захиалга ихтэй байсан уу?

Должинсүрэн -

Дэвхийтэл хураалгаатай л байна. Монгол дээл чинь их оёдолтой, бас их хэцүү.

Дэжид -

Тэр үед тэгээд нэг дээл оёход хэдий хэмжээний хөлс, цалин авах вэ?

Должинсүрэн -

Чухам төд гэж хэлж мэдэхгүй л байна. Хариугүй л байсан юм даа. Одоо чинь дээл хачин их үнэтэй болсон юм байна ш дээ.

Дэжид -

Цаанаас нь төлөвлөгөө норм өгөх үү? Та биелүүлдэг байв уу?

Должинсүрэн -

Өгнө өө. Би биелүүлдэг байсан.

Дэжид -

Төлөвлөгөө норм биелүүлсний шагнал урамшуулал гэж байх уу?

Должинсүрэн -

Байсан юм уу, сайн мэдэхгүй л байна.

Дэжид -

Сайн ажилласан гээд сайшаалын үнэмлэх их л авч байсан байх даа?

Должинсүрэн -

Өө, тэгсэн авч л байсан. Уг нь баймаар л юм одоо харагдахгүй л юм байна ш дээ. Их л авч байсан юм даа. Хүүхнүүдийн уурыг хүргээд л.. би чинь амралт мамралт гээд их юманд явна аа. Олон хүүхэнтэй газар чинь амаргүй юм байна лээ ш дээ. Сайчуул явалгүй яахав гээд л тэгцгээнэ. Тэгэхээр нь та нарыг сайн хийгээд явахыг нь хэн байг гэсэн юм гээд хөхрөлдөөд л гараад явчихна.

Дэжид -

Сайн ажилласаныг нь тэгж амралтанд явуулах уу?

Должинсүрэн -

Аль дуртай газар нь л явуулна. Тэрэлж, Сонгино, Дарьгангын амралт гээд л их явсан. Хужиртад бас их амарч байсан.

Дэжид -

Та бага залуудаа хамгийн анх юу үзэж байв, жүжиг ший, кино гээд л... юу нь хамгийн их сэтгэлд хоногшиж үлдсэн бэ?

Должинсүрэн -

"Учиртай гурван толгой"-г анх үзэж байсан юм.

Дэжид -

Аймаг дээрээ тоглох уу?

Должинсүрэн -

Тэгнэ.

Дэжид -

Таны үед суманд улаан булан, клуб энэ тэр гэж байсан уу?

Должинсүрэн -

Би чинь хүнтэй гэрлээд удалгүй аймгийн төв дээр очсон. Сүүлрүүгээ л байсан байх даа. Эхэн үед бол байгаагүй.

Дэжид -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар та мэдэж байна уу? Эцэг эхээс чинь нэгдэлд ажиллаж байсан хүн бий юу?

Должинсүрэн -

Бий. Нэгдэлд орно гэж ороод ажиллаж байсан юм.

Дэжид -

Тэр үед нэгдэлд ороход хүмүүс дуртай байсан уу?

Должинсүрэн -

Зарим нь дуртай, зарим нь дургүй л байсан. Манай эцэг эх орж л байсан юм.

Дэжид -

Нэгдэл тарахад нэгдэлд хувь нийлүүлсэн хүмүүс эргээд ашиг авсан юм болов уу? та мэдэж байна уу?

Должинсүрэн -

Мэдэхгүй.

Дэжид -

Та сайн ажиллаж байсан гэлээ. Шавь гэж байсан уу? Хүн сургаж байв уу?

Должинсүрэн -

Байсаан. Үйлдвэрийн мастер шинэ хүүхдүүдийг надад шавиар өгнө. Тэгээд тэдэнд чинь чадах мэдэхээ заана даа. Зарим нь хачин амархан сурна. Зарим нь чадахгүй байж байгаад дараа нь сурна. Эрдэм номоор яваагүй ч гэсэн оёж шидэж сурсан юмаа хүүхдүүдэд зааж л явлаа. Тэгээд багшаа багшаа л гэнэ. Гар машинаар оёно. Зарим нь жаахан муухан шиг л байдаг юм. Тэгээд сурчихна аа.

Дэжид -

Таныг сайн оёдог гээд захиалга их ирдэг байж. Яаралтай юм оёж байв уу?

Должинсүрэн -

Оёж байсаан. Манай аймгийн нэг өдөрлөг ч илүү, соёлын 10 хоног ч билүү нэг юм болсон юм. Тэгээд дандаа ижилхэн хошоо эмжээртэй, өлзий хээтэй дээл нэг уран хүнээр ижлээр нь оёулна гээд тэрнийг өдөр шөнөгүй оёж байсан юм. 10-аад дээл байсан юм. Их л хугацаа нь тулчихсан эд байсан. Нүдээ улайтал өдөр шөнөгүй суугаад л оёж дуусгаж байсан юм. Тэгээд хятадын үнэтэй торго мөнгөөр шагнаж байлаа. Тэр үеийн хятад торго гэдэг чинь том шагнал.

Дэжид -

Тэр үеийн торго дурдан чанарын хувьд одоогийнхоос өөр байсан уу?

Должинсүрэн -

Хятад торго л байсан ш дээ.

Дэжид -

Танай гэр бүлийн хүн чинь ямар ажил хийж байв?

Должинсүрэн -

Халзан суманд багш хийж байсан юм. Онгон суманд захирлаар оч гэхэд нь намайг бодож Халзан суманд багшаар очьё гэж өөрөө гуйсан гэдэг юм. Тэгээд манайх Халзан суманд аймгаас нүүж ирж байлаа. Ээж маань байсан, хадам ээж, Төмөртогоо гээд дүү нь хамт байсан. Хүн чинь ухаан байвал эрхээрээ юм сурахгүй байна гэж байдаггүй юм байна лээ. Манай тэр хадам дүүгээс харж байхад. Манай хадам ээж гурван хүүтэй хүн юм билээ. Тэр хамгийн отгон хүү нь. Манай гэрийн хүн хамгийн том нь. Дунд нь нэг надтай чацуу хүү байсан юм. Сайхан хүү байж байгаад өнгөрчихсөн юм. Манай тэр дүү Төмөртогоо гэж сүүлдээ олон жил энэ Дорноговьт дарга хийсэн. Тэр дүү маань сайн ажилтай гээд хотод нэг ирсэн юм. Тэгэхэд эхнэр аваагүй жоохон байсан. Тэгээд явахдаа би ажаадаа л их юм авчирна даа гээд л над их сайн. Тэгээд ирээд чемоданаа уудлаад нэг дээлийн торго гаргачихлаа. Бас нэг атгаатай гар шиг зангилаатай юм гаргаад задлалаа. Тэгсэн тэр нь өнгө болгоны дээлийн товч байсан. Жоохон байж яаж тэгж авч мэдсэн юм. Тэгээд надад өгөхөд нь их баярлаж байж билээ.

Дэжид -

Та тэгвэл их сайн гэрийн эзэгтэй, сайн бэр эгч байж дээ?

Должинсүрэн -

Ажилтай, уран гээд их үнэлнэ ээ. Ээжийнхээ аяар л байна. Урдын цагт чинь хоол ундыг чинь одоогийнх шиг ингээд түмпэнтэй нь тавчихгүй ш дээ. Хувилаад юманд хийгээд хийгээд өгнө. Манай хадам ээж тэгээд л өгдөг юм. Хоёр хүүгийнхийгээ дунд нь нэг түмпэнд, над тусд нь жоохон түмпэнд хийгээд өгнө. Тэгсэн нэг өдөр манай өнөө хадам дүү уйлаад... Тэгж ялгавартай хувилж өгдөг нь өөрт нь их л эвгүй харагддаг байж л дээ. Манай өвгөн ч байж л байсан. Тэгсэн өнөөдрөөс хойш хүнд ингэж тусгай хоол өгдөгөө болих уу гээд өнөө түмпэнтэй махаа өшиглөчихсөн чинь үүдээр нэг тарчихлаа. Ер нь бол урдын цагт тэгж хувилж өгдөг байсан юм. Тэрийг мэдэхгүй, их л эвгүй санагдаж л дээ. Би ч бүр айчихлаа, өвгөний ч царай хачин болчихлоо. Өнөө болтол миний дотор ороод инээд хүрээд байдаг юм. Дүү маань ажаад ялгаж өгөөд байна л гэж бодоод байж л дээ. Миний дүү ер нь ингэдэг юм ш дээ гэсэн тэрийг ердөө хүлээн зөвшөөрөхгүй их уурлаж байсан. Тэгээд тэрнээс хойш бүгдээрэнд нь л түмпэнтэй нь тавиад өгдөг болчихсон. Хөөрхий, тэгж байж билээ.

Дэжид -

Танд дүү нар нь их сайн байсан байна ш дээ?

Должинсүрэн -

Тийм.

Дэжид -

Танай гэр бүлийн хүн өөр ямар ямар ажил хийж байсан бэ?

Должинсүрэн -

Онгонд захирал хийж байсан. Халзанд багш хийж байгаад сүүлдээ шүүхэд ажилласан.

Дэжид -

Шүүхэд ямар ажил хийж байв?

Должинсүрэн -

Нарийн бичгийн дарга хийж байсан. Олон жил болсоон.

Дэжид -

Тэр үед эрэгтэй хүн гэр бүлийн ажилд оролцох уу, та голцуу нугалах уу? ажил төрлөө яаж зохицуулж, хүүхдээ өсгөж байв?

Должинсүрэн -

Мэдэгдэхгүй зохицуулчихна. Юмаа оёчихно, хүүхдээ харчихна. Нэг хэсэг хадам ээж маань цуг байж дэм болно. Сүүлдээ манай өнөө дүү багшийн сургуульд орж багш болж ирээд Эрдэнэцагаан суманд багшаар очиход ээж хүүгээ дагаад явчихсан. Тэгээд би ганцаараа үлдэж хүүхдээ өөрөө хараад л зохицуулж байсан даа.

Дэжид -

Тэр үед хүүхдээ ясли, цэцэрлэгт өгдөг байв уу? гэрээрээ хардаг байсан юм уу?

Должинсүрэн -

Гэрээрээ л харна. Уг нь цэцэрлэг ясли байсан л баймаар юм. Би гэрээрээ л харж байсан, хажуугаар нь юмаа оёчихно.

Дэжид -

Та тэгвэл нөхрийгөө сайн ажиллах нөхцөлөөр сайн хангаж байж дээ?

Должинсүрэн -

Улс тэгж ярьдаг юм. Энэ хэний сайн ажиллаж байгаа эхнэрийн нөлөө их орж байгаа гэж юман дээр ярьж байдаг юм. Миний хүүхдийн аав бол их шиг сайн хүн байсан юм даа. Манайхан намайг жоохон байхад айл байсан гэж манай хүн өөрөө ярьдаг юм. Тэгээд нэлээд том болсон хойно бас нэг айл байсан гэдэг юм. Тэгээд сүүлдээ нутаг холдоод явчихсан. Хонгор сумын хэсэг айлыг Халзанруу шилжүүлэхэд нүүгээд явчихсан хэрэг. Тэр үед олон малтай айлууд албаны аргал гээд аргалд гардаг байсан юм. Тэгээд би аавтайгаа тэмээ унаад олон тэмээн тэрэгтэй аргалаа асгана гээд 7-р дивизрүү явдаг байсан юм.

Дэжид -

Одоогийнхоор түлээ бэлддэгтэй адилхан аргал бэлддэг байжээ дээ?

Должинсүрэн -

Тийм. Тэгээд явж байсан миний урдуур нэг бургас барчихсан эрэгтэй хүн годлоод л ухаан нь эрхэлж л явна аа даа. Бага дарга болтой юм аа. Тэгээд би таньчихаад ааваа өнөө Загдхорлоо гэдэг хүн энэ явж байх юм гээд би тэглээ. Юм гэдэг чинь их учиртай юм байна лээ ш дээ.

Дэжид -

Таниас насаар жаахан ах уу?

Должинсүрэн -

Надаас зургаа ах. Тэгж нэг над харагдсан юм. Тэгээд би сүүлд тэр айлд бэр болж ирсэн хойноо ярихгүй юу. Та нэг тэгээд бургас бариад явж байсан ш дээ. Би аавтайгаа аргал асгана гээд тэмээ унаад явж байсан тэгэхэд би таныг харсан ш дээ гэсэн чинь чи чинь түрүүнд нь намайг харж явсан юм байна ш дээ гээд инээж байсан юм. Тэр үед аав нь нас барчихсан байсан юм. Ээж нь тэгсэн гэнэ ээ, миний хүү Амбуугийн гэж нэг айл бий /уг нь Самбуу гэдэг юм олны дунд Амбуу л гэнэ/. Тэднийд нэг хөөрхөн охин бий. Миний хүү тэрнийг ээждээ аваад ир, дүү нь цэрэгт явчихсан, бага дүү чинь энэ намар сургуульд явна, ээж нь энэ олон малыг чинь ганцаараа дийлэхгүй тэр охиныг аваад ир гээд намайг зааж өгч гэнэ ээ. Тэгээд тэр чинь жоохон л охин байсан ш дээ, тэгж миний эхнэр болох юм уу даа гэж дотроо бодож байж гэнэ ээ. Тэгээд тэр охиныг ер нь очиж үзье, ямар юм байдаг юм гээд явж гэнэ. Тэгсэн нэг өдөр ногоон чишчүү дээлтэй, шаглаатай оймстой, сайхан угалзтай зурмал гуталтай, толгойдоо халмиггүй мөлзийсөн толгойтой тийм хүн манайд ирлээ. Би ч том хүн надтай ямар үг ярих биш гээд тоохчгүй. Тэгсэн би нэг цагаан өмд цамцтай л чавхдаад явж байсан гээд яриад инээдэг юм. Хоёр ижилхэн охин л хувин сав аваад хонь малаа саагаад л орж гараад байсан гэдэг. Энэ хоёрынх нь аль нь юм болдоо ижилхэн л юм байна ш дээ гэж бодож байсан гэдэг. Манай хадам ээж их айхтар хүн байсан байгаа юм. Нэрийг нь хүртэл хэлж өгөөд явуулсан байгаа юм. Тэгсэн ээж Должинсүрэн гээд дуудаж гэнэ. Тэгэхээр нь энэ л юм байна даа гэж бодсон гэж байгаа. Тэгээд манайд тэр оройноо унтаж гэнэ. Тэгсэн миний доод талын эмэгтэй дүү энэ нэг ах чинь ажааг аваад явах гээд байгаа юм биш үү, уг нь сайхан л ах байна ш дээ. Энэ танихгүй ах ажааг аваачиж яах гэж байгаа юм бол гээд л.. тэр их адтай л даа. Би мэдээгүй байхад л мэдчихсэн байгаа юм. Тэгээд өнөөх чинь ээж ааваас маргааш нь гуйж байна гэнэ ээ. Ээж нь үг заагаад явуулсан байгаа юм. Тэгээд хоёулаа танилцаад удалгүй айлын бэр болсон доо.

Дэжид -

Тэр үед цэрэгт яаж хэдэн жилээр явдаг байсан юм бол?

Должинсүрэн -

Гурван жил болдог байсан байх аа.

Дэжид -

Цэрэгт яваад ирсэн хүмүүс их үнэлэгдэнэ биз?

Должинсүрэн -

Тийм. Эднийхэн чинь ер нь бичиг үсгийн их чадвартай, аав нь их сайн хүн байсан юм гэнэ лээ. Хадам ээж маань их сайн хүн байсаан. Өглөө босоод л гэзэг үсийг минь самнана. Дунд хүү нь Дорнодын Тамсагт цэрэгт байсан юм. Ээж намар нь олон улсуудтай хүүгээ эргэнэ гээд явлаа. Их олон малтай, олон үнээтэй. Үнээ малыг нь над хүн хамжиж сааж өгнө. Айргаа ингэж гучаад бүлээд тосыг нь ингэж гаргаж авдаг юм. Миний хүү чадах уу? Тогоо нэрж мэдэх үү? гээд л юмаа захиад л явлаа. Би мэднээ л гэсэн. Тэгсэн орой нь айргаа бүлээд дүүгийн дээлээр хучаад хоносон чинь өнөөх нь халуудаад гадагшаа тос нь гараад хальчихсан байж билээ. Тэгэж нэг хөгөлж байсан юм. Тэгээд ээжийгээ ирэхэд гайгүй ээ. Хадам ээж минь над их сайн байсан юм. Би жижигхэн шингэн үстэй. Өглөөд үсийг минь сайхан шиг самнаж өгөөд нарийхан сувдан дарлага зүүнэ. Бас их гангална аа.

Дэжид -

Та анхны хүүхдээ хэзээ яаж төрүүлж байв, тэр үед гэртээ төрдөг байсан юм уу?

Должинсүрэн -

Манайх Халзан сумын урд дээр их ойрхон байсан юм. Тэгсэн чинь эмнэлэг рүү явж амжаагүй гэртээ төрчихсөн. Манай өөрийн ээж л эх бариад авчихаж байсан юм.

Дэжид -

Анхны хүүхэд гарахад ямар байв?

Должинсүрэн -

Айхтар л юм билээ дээ. Тэгээд яахав ёстой юм болохоор тэгээд гараад л... тэр араг түшүүлэх чинь их зүгээр юм байна лээ. Тэгээд миний энэ муу том охин нэг үхэр огтоно шиг бүлтгэр юм гарч байсан юм. Аав нь түр цэрэгт явчихсан байсан юм.

Дэжид -

Аа бас түр цэрэг гэж татдаг байсан юм уу?

Должинсүрэн -

Өөрөө сонирхоод үзнэ гэж явсан гэж байгаа юм. Мөн томоогүй л байна даа. Уг нь цэргээс халагдаад нэг их удаагүй л байсан юм. Тэгээд нэг өдөр ээж маань хүү минь ээ, чи гараад хардаа тэргэн дээр хоёр цэргийн хүн ирж байна. Хүү ирж байгаа юм биш байгаа гэж байна. Тэгээд гарч харчихаад пидэн хар царайтай хоёр юм л ирж байна гээд танихгүй орж ирж байж билээ. Тэгээд гэртээ байж байсан дуу нь мөн юм аа. Үсрээд гарсан өнөө хоёр чинь наашаа ирж байна. Тэгсэн танигдахгүй хар царайтай болчихож. Тэгээд цайгаа ууж байгаад өнөөх чинь шинелийнхээ кармайг уудаллаа. Нэг жаахан зангилаатай юм гаргаж ирээд л за энэ чинь эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү л гэж байна. Эмэгтэй л гэсэн чинь босоод нэг үнэртчихлээ. Тэгсэн би шинэ хүндээ нэг ийм л юм авчирсан гээд хоёр жоохон хундага гаргаж өгч байсан юм. Өөрт нь их учир байна л даа, дээшээ харсан сав гээд бэлэгшээсэн биз. Өөрөө их шуналгүй хүн. Хүмүүс эсэн бусын л юм авч байна лээ, дээлийн торго энэ тэр гээд л гэж байсан юм.

Дэжид -

Түр цэрэг чинь хэдий хэр хугацаатай байсан юм бэ? Жил болоод ирсэн үү?

Должинсүрэн -

Үгүй нөгөө 45 оны байлдаанд яваад ирж байгаа нь тэр. Удаагүй. Явахад нь би чинь жирэмсэн үлдсэн юм чинь. Байшинтийн дивиз дээр урагшаа сургууль хийхээр явж байгаа юм гэнэ лээ л гэсэн. Үнэнээр нь л хэлдэггүй юм байна лээ ш дээ. Сүүлдээ Байшинтийн дивизийнхэн Алтан овооны урд дээр сургууль хийх юм гэнэ ээ л гэсэн. Тэгсэн нэг орой тоос нь тэнгэрт гозойгоод л машинууд чинь үргэлжилсэн юм л урагшаа явлаа даа. Манайханаас ойрхон харагдаж байгаа юм. Тэгээд ээж аав нар чинь үр хүүхдийнхээ хойноос дээж өргөөд л тэгж байлаа. Зарим нь Алтан овооны урд сургууль хийж байгаа л гэдэг юм, зарим нь урагшаа явсан л гэдэг юм аль нь болсон юм тэгээд явж байгаад ирсэн л юм.

Дэжид -

Таны багад сэтгэлд үрдсэн хөгтэй, сонин содон ямар үйл явдал болж байв?

Должинсүрэн -

Гар үйлдвэрт ажиллаж байхдаа нэг өглөө ажил руугаа явж байсан нэг нохой өөдөөс ирж байхгүй юу. Санаанд ч ороогүй байтал өнөөх чинь ширүүхэн л орж ирлээ шүү. Урагшаа Алтан овооруугаа харж нэг залбирчихаад л өөрөө л барьж авахгүй бол болохгүй боллоо гээд нэг тэрлэг барьж явсанаа өнөөхөө айгаад хаячихдаг юм байна. Уг нь дээлээ хаяаагүй бол дээрээс нь нөмөргөчихсөн бол амар байсан байх л даа. Угийн би хүүхэд байхын шүрмэстэй. Эр хонийг өөрөө барьж аваад хөлийг нь боочихдог байсан юм. Энэ муу эр хониос юу дээрдээ аж гэж бодоод л өнөөхийг чинь бариад авсан. Тэгсэн барагтайд дийлдэхгүй байна. Яаж ийж байгаад л дарж ойчиж байгаад хүзүүн дээр нь суучихаад л чихнээс нь татчихсан. Тэгсэн хоёр тийш нь хайчлаад хазаж чаддаггүй юм билээ. Тэгээд л Алтан овоогоо дуудчихсан. Тэгсэн мод чулуу барьсан явган нүцгэн хүмүүс ирж байна аа, над руу. Өглөө эрт ажил цуглах цагаар болохоор хүмүүс явж таарч л дээ. Өнөө хүмүүсийг иртэл би дараастай л байсан. Тэгээд хүмүүс ирээд өнөө нохойг чинь алчихаж байсан юм. Тэгсэн хийтэй нохой тэгж явж л дээ. Клубын тэнд байсан чөдөртэй хэдэн морийг ураад тэгж явсан нь алхин доор нь надтай таарчихаж л дээ. Би тэгэхэд 37-той байсан. Тэгээд их цус гарчихаар чинь гуйваад явж чаддаггүй юм байна лээ ш дээ. Хоёр хүн сугадаж явж эмнэлэгт очиж боолгоод хэд хоног боолтонд ороод хурдан эдгэсэн. Тэгсэн нэг хөгшин энэ чинь ч 100 хонотол горьгүйдээ л гээд байсан. Тэгж өөрөө барьж аваагүй бол баригдах нь байна лээ л дээ.

Дэжид -

Тэгээд улсууд таныг гайхаж байв уу?

Должинсүрэн -

Тэгсэн. Гайхаад л... хотод хүртэл нэг монгол хүүхэн галзуу нохой барьж алсан гэнээ гэсэн яриа гарсан байсан. Таньдаг хүмүүс яриад хөхрөлддөг байсан юм. Манай нутагт нэг галзуу шар гэж жолооч байсан юм. Тэр хүн энүүнд ойртож болохгүй шүү энэ ална шүү энэ тэр гэцгээгээд л надаар доог хийдэг байсан юм. Одоо сорив нь байдаг юм ш дээ.

Дэжид -

Тэр үед нормтой ажлаа хийхээс гадна өөр ажилд дайчлагдах юм байсан уу?

Должинсүрэн -

Олдох юмгүй бол барилга марилгаруу хөөгөөд явуулчихна. Шороо чулуу зөөнө.

Дэжид -

Оёдол байхгүй бол барилга дээр ажиллах уу? Та тэгээд барилга дээр юу хийж байв?

Должинсүрэн -

Чулуу зөөлцөнө. Тэр үед хятадууд барилга дээр ажиллаж байсан юм. Тэр хятадууд чинь ганц дугуйтай тэргээр юмаа тавиад л зөөнө. Тэгэхээр нь би тэрэнд нь чулууг нь зайлуулаад зам гаргаад өгчихнө. Тэгэхээр хачин дуртай. Чулуутай болохоор тээгчээд хэцүү ш дээ, хөөрхий.

Дэжид -

Тэр үед хятадуудаас өөр үндэстэн байсан уу?

Должинсүрэн -

Хятадууд л байсан. Өөр эндэх тэндэхийн хүмүүс ирж байгаагүй. Тэгээд өөрсдөө л ажиллана. Банкны барилга дээр бид тэгж хамжилцаж байсан юм. Өдөр амардагтаа амраад л, орой тардагтаа тараад л ирнэ.

Дэжид -

Тэр үед цаг агаар, байгаль орчин ямар байв? Цаг агаарын байдлыг хүмүүс өөрсдөө яаж мэддэг байв?

Должинсүрэн -

Настай хүмүүс тэнгэрийн байр байдлыг хараад л мэдчихдэг байсан. Тийм байна даа, маргааш нэг тийм өдөр болох нь дээ гэхэд хэлсэнээр нь л болно.

Дэжид -

Тэр үед радио байгаагүй юу?

Должинсүрэн -

Нэг дугуй хар юм байх айлд нь байна. Байхгүйд нь байхгүй. Манай аавын аав энэ тэр энүүний хаана нь хүн нь байгаа юм бол гээд араар нь шагайж л байсан юм. Бигтруул гээд дуугардаг нэг дөрвөлжин хайрцаг байсан юм.

Дэжид -

Таныг ажиллаж байхад соёлын довтолгоо гэж том ажил явагдаж байсан уу?

Должинсүрэн -

Соёлын довтолгоо ирж байна гээд л наана цаана гараад л сандралдаад л байдаг байсан ш дээ. Шалгалтаар л хүмүүс явдаг байсан юм шиг байгаа юм. Их л инээдтэй л юм болдог байсан юм.

Дэжид -

Юу юу шалгадаг байсан юм бол?

Должинсүрэн -

Ариун цэвэр гээд л гэр дотор хөнжил гудсыг нь үздэг юм уу яадаг юм тийм юм болдог л байсан юм.

Дэжид -

Тэр үед шашин шүтлэг ямар байсан бэ?

Должинсүрэн -

Шашин шүтлэгээ их нууна. Засаг төрөөс нуудаг юм уу, яадаг юм. Хачин их нууна. Хамаагүй ярихгүй. Тэр номыг чинь хамаагүй уншихгүй, айна. Дээр үед лам нарыг их олноор нь барьж байсан юм. Манай аав би нэг муу хэнгэрэг цохисон лам байсаан, өөр юм байгаагүй гэж ярьдаг юм. Том лам биш юм билээ.

Дэжид -

Тэгээд аав чинь ямар ном унших вэ?

Должинсүрэн -

Бурханы занчтай ном л уншиж байдаг юм. Манай дүү тэрнээс нь дургүйцэнэ. Тэрнийгээ цааш нь хий, зөв буруу уншдаг юмаа гээд нэр өгчихнө.

Дэжид -

Тэр үед дүү чинь хэдтэй байсан юм бэ?

Должинсүрэн -

Жоохоон, эвлэлийн үүрийн дарга л хийж байсан юмдаг. Арав төгсөөд сургууль соёлд яваагүй юм ш дээ.

Дэжид -

Тэр үед хүүхдүүдийг яаж сургуульд оруулдаг байв? Та яагаад сургуульд ороогүй юм бэ?

Должинсүрэн -

Намайг сургуульд өгөөгүй л юм даа. Эхний хүүхэд гээд эмгэн ээж дээр голдуу өссөн хүүхэд. Би өөрийнхөө залуу ээж аавыг нэг их тоохгүй, тэр эмээдээ л сүйд болно. Эмээ маань л өсгөсөн дөө. Аав маань хоёр эрэгтэй хүн ороод очиход над руу л мөлхөөд ирдэг юм яаж таньдаг байсан юм гэж ярьдаг байсан юм. Тэгээд би бол сургуульд яваагүй, дараачууд нь явсан. Эхний гурав нь охин байсан болохоор ээж аав маань хүү гараасай гэж их хүснэ ээ. Дээр үед чинь манай нутгийнхан Алтан овоогоо их шүтнэ ээ.

Дэжид -

Ямар учиртай овоо байсан юм?

Должинсүрэн -

Монголчууд их л шүтдэж тахьдаг уул ш дээ. Тэгээд аав ээж минь Алтан овоонд мөргөж ирээд эрэгтэй дүүг нь минь гаргаад Алтан овооны өгсөн хүүхэд л гэдэг юм. Миний тэр дүү чинь сумандаа эвлэлийн үүрийн даргаас эхлээд намын дарга хүртэл олон жил дандаа л дарга хийсэн дээ.

Дэжид -

Таны багад хүүхдүүд хоорондоо юугаар тоглодог байв? Яаж үерхдэг байв, ямар зан үйлийг эрхэмлэдэг байсан юм бэ?

Должинсүрэн -

Өвөл бол хороон дотроо тарвага хуцна гээд хогоо хэсэг хэсэг овоолчихоод түүнийгээ тойроод зугтаагаад л бие биенээ барьж аваад л тоглодог байсан юм. Хурга хариулаад явахаараа чулуугаар гэр бариад л их тоглоно оо.

Дэжид -

Тэр үед цаг агаар байгаль дэлхий ямар байсан санагдаж байна вэ?

Должинсүрэн -

Зун нь хачин халуун ш дээ. Одоо халуун нь багасчихсан юм шиг л санагддаг юм. Дээр үед өдрийн хонь саах үеээр энэ тэр бол аймшигийн халуун байна.

Дэжид -

Гутал өмсөх үү, хөл нүцгэн л байх уу?

Должинсүрэн -

Хавар, намар, зун бол хөл нүцгэн л давхиад байна.

Дэжид -

Өвөлдөө хүйтэн болох уу?

Должинсүрэн -

Хүйтэн болно. Элсэн манхан дээрээс гулгаж их тоглоно. Манай нөхрийн дүү Төмөртогоо гэж их эрдэмтэй хүн байсан. Олон жил дарга хийсэн дээ. Эхлээд Дарьгангад сургуулийг захирал хийж байсан. Ер нь манай хүний талынхан их эрдэм номтой сүрхий хүмүүс байсан. Гурван хүү нь гурвуулаа л эрдэмтэй.

Дэжид -

Ер нь Сүхбаатарынханыг чинь эмэгтэйчүүд нь уран, үзэсгэлэнтэй, эрчүүд нь эрдэм номтой, дархан хүмүүс гэгддэг тийм ээ? Мал нь бас их сайхан тарган, амт чанар сайтай байдаг нь байгаль дэлхийтэйгээ холбоотой байдаг юм болов уу?

Должинсүрэн -

Тийм. Тэр бол байгаль дэлхий ургамалдаа байдаг байх аа. Манай нутагт чинь таана, хөмүүл гээд сайхан ургамал ногоо их ургана.

Дэжид -

Дээр үед ургаж байсан ургамал, одоогийн ургамалын байдалд өөрчлөлт өгсөн үү? та юу гэж боддог вэ?

Должинсүрэн -

Би бол дээр үеийнхээс арай л дор байна л гэж санадаг юм. Юундаа байдаг юм. Манай аймаг, Халзан сум хоёрын дунд Эвдэрхийн тал гэж газар байдаг юм. Тэнд чинь морьтой явж байхад зарим газар чинь дөрөө шүргэж байдаг юм ш дээ. Хялгана гэж сайхан ургамал байсан тэр энэ тэр байхгүй болжээ. Ургамал ер нь багадаж. Шаргын уул гэж их сайхан газар байсан. Хонгороодоо Байшинтын дивиз, Байшинтын сүм гэж гоё газар бидний багад байлаа.

Дэжид -

Байшинтын дивиз гэдэг газар нь цэргийн газар юм уу, яагаад тийм нэр өгсөн юм бол?

Должинсүрэн -

Баруун талд нь байшинтын сүм гэж байсан юм. Тэрийг чинь лам нарыг нь бариад, нураагаад юу ч үгүй болгочихсон юм. Тэрнээс хойш наахан талд нь 7-р дивиз гээд цэрэг цуух ирээд сайхан байшин барилга бариад нэг хэсэг гоё байсан юм. Тэгээд сүүлдээ багассаар багассаар байгаад байхгүй болсон.

Дэжид -

Тэр үед тэр дивизийг дагаад бүжиг танц янз бүрийн юм болдог байсан уу?

Должинсүрэн -

Болно оо, болно.

Дэжид -

Тэрэнд нь тэгээд голцуу ямар хүмүүс оролцох вэ?, хөгжим нь дотроосоо тоглох уу? та явж байв уу?

Должинсүрэн -

Хөгжим нь дотроосоо л тоглоно. Би бага байсан болохоор явж байгаагүй. Тэрний тэрүүхэн зүүн хойно би төрсөн юм билээ.

Дэжид -

Таныг залуудаа ажил хийж байхад залуучууд чөлөөт цагаа яаж өнгөрөөж, хөгждөг байсан бэ?

Должинсүрэн -

Орой үдэш цуглаад л бүжиг танц тиймэрхүү юм болдог л байсан. Манай өвгөн бас их гоё бүжиглэчихнэ. Надад заах гэнэ. Би тэрэнд нь дургүй. Нэг удаа амралтанд явсан чинь нэг хүн бүжиглэе гээд хүрээд ирсэн. Тэгэхэд нэг их хаширч билээ. Хөл гар дээр нь гишгээд, тэнтэр тунтар гээд ёстой нэг сураагүй хүн чинь новш юм билээ. Тэгээд хүүхдүүддээ нэг аятайхан бүжиглэчихдэг болчих хэрэгтэй юм билээ гэж захидаг юм. Би ер нь юм оёхоос өөр юм мэдэхгүй амьтан. Хүн ер нь тэгж болохгүй, юухан ч гэсэн сурмаар юм билээ. Тэгэхэд л би мөн их ичсэн шүү. Манай хүн чи сур гээд заадаг байсан юм би сурахгүй. Манай хүүхдийн аав их сайн хүн байсаан. Аав нь ч Пунцагвандуй гэж их сайн хүн байсан юм билээ, бичиг үсэгтэй мундаг хүн байсан гэдэг.

Дэжид -

Та хотод анх хэдийд орж ирж байв, тэгэхэд хот ямар санагдаж байв?

Должинсүрэн -

Үдэш орж ирж байсан юм. Нэг их олон гялан гялан хийсэн гэрлүүд харагдаад их гоё санагдаж байсан.

Дэжид -

Тэр чинь хэдий үе байсан бэ? Яагаад хот орж ирсэн юм?

Должинсүрэн -

Миний энэ том охин арав төгсөөд Багшийн дээд сургуульд ирсэн юм. Тэгээд би хүүгээ санаад байна хүүгийнхээ хойноос нүүе гэсэн чинь өвгөн маань ч тэгэе гээд л намар нь нүүж ирж байсан юм. Цуг ирсэн хүмүүс надаар доог хийгээд л энэ олон гэрэл чинь зулын гэрэл ш дээ гээд л, тэгэхээр нь би хэдий хот үзээгүй ч зулын гэрэл чийдэнгийн гэрэл хоёроо ялгахтайгаа байна аа гээд л уур хүрч явлаа. Их шартай би чинь. Миний энэ дунд хуруу багад ганц хуруудаад жаахан яс шиг юм уначихсан гэж ээж минь ярьдаг юм. Лам нар нь эмчилж чадахгүй, доктор моктор нь гараагүй байсан үе байж л дээ. Тэгээд би заавал ээж шигээ уран хүн болно гээд л бүгдийг хийгээд сурчихсан. Энэ хуруунаасаа их ичдэг байж билээ. Одоо ч би оймсыг шаглаж арай үзэхгүй, машиндаад дүү нартаа хийгээд л өгнө.

Дэжид -

Хотод ирээд ямар ямар ажил хийж байв? Тэгээд хотод ирэхэд юу нь их сонин санагдаж байв?

Должинсүрэн -

120-д манайхны нэг хамаатан айлд ирж байсан юм. Хүүхдүүд маань жижиг, замын машинаар л нүүж ирж байсан юм. Зуур хонолуу, хоноогүй билүү мартжээ. Үдэш л ирж байсан юм. Та нар олон жижиг хүүхэдтэй гэрээ аваад явсан нь дээр гээд улсууд хэлэхээр нь гэр доторх юмаа ах дүү хамаатан садандаа тарааж өгчихөөд ханхай гэрээ аваад л ирж байсан юм. Тэгээд Сүхбаатарын хашаа гээд нэг задгай хаалгатай хашаанд орж ирлээ. Тэр нь манай аймгийнхан л ирэхээрээ буудаг хашаа гэнэ. Тэгээд тэнд гэрээ барьлаа. Тэгсэн нэг танихгүй хүн танай гэрийн сүүдэрт хүүхэд идэж байгаад хаячихсан юм уу мөнгөн аягатай будаа байна гээд бариад ороод ирлээ. Хулгайч хүн бол бариад цааш нь явна биз дээ, сайн улс байдаг юм шүү. Тэгээд манай өвгөн ч дороо л ажилд орсон. Худалдагч ч хийж байсан. Хүүхдүүд жоохон ч байж дээ. Тэгсэн манай хотны нэг хүүхэн Их сургуульд цэвэрлэгч хийх юм аа. Тэгсэн тэр хүүхэн намайг дандаа гадаа сууж байхаар өрөвддөг юм байлгүй хөөрхий намайг ажилд орох уу гээд л тэгж байна. Ямар ажил гээд л тэгсэн цэвэрлэгчийн ажилд орж чадах уу гээд тэгж байна. Ээ, би чадахгүй байх гэсэн чинь чи бол чадна аа, элбэг чадахаар хүн харагдаж байна гээд намайг тэгчихлээ. Өвгөн ч яах юм л гэж байна. Тэгэхээр нь би өөрөө зүгээр сууж байхаар яадаг юм гээд нэг өдөр өнөөхөө дагаад явлаа. Тэгсэн хоёр гурван өдөр энэ үүдийг цэвэрлэж бай гээд л тэгж байна. Ухаан нь байрыг нь харах гэж байгаа юм уу яаж байгаа юм. Тэгээд хоёр гурав хонож байтал таныг би даргын өрөөтэй, номын сан луу оруулна аа гээд дотогш нь оруулчихлаа. Тэгээд даргын нэг жижиг өрөө, номын сангийн талтай хариуцаж авлаа. Олон хүүхэд цаас л их хаядаг юм билээ. Тэгээд нөгөөхийгөө хэдэн жил хийлээ. Тэгсэн жирэмсэн болчихож. Отгон охин маань ирж байгаа нь тэр. Аав шигээ биерхүү, том сайхан охин бий. Одоо нөхөртэйгөө солонгост байгаа. Тэгсэн хүмүүс тоглоом хийнэ ээ, чи чинь одоо хүүхэдтэйгээ зэрэгцээд хүүхэд гаргаад юу болж байнав гээд л... Өвгөний маань үерхдэг хүмүүс энэ тэр тэгж доог хийнэ. Одоо яахав дээ нэгэнт гарчихсан юмыг чинь. Надаас 49-тэй гарсан юм. Одоо миний охин чинь хэд хүрч байгаа юм бэ дээ.

Дэжид -

Тэр үед хүн болгон тэгж гадаад дотоод явдаггүй байсан байх аа?

Должинсүрэн -

Тийм, тийм байсан юм.

Дэжид -

Танд ажил хийж байхад чинь хамгийн амархан зүйл юу байв, хамгийн хэцүү санагдаж байсан зүйл юу байв?

Должинсүрэн -

Хэцүү гээд байх юм байгаагүй дээ, их л сайхан байсан даа. Ажлыг бол харин сайн хийнэ. Хүний дор орохгүй хийнэ дээ. Би өөрөө их хортой шартай. Багынхаа ер нь юм суръя л гэж бодно.

Дэжид -

Таныг ажиглаж байхад их нямбай, их цэгцтэй хүн байна. Багын л сурсан юм байдаг байх даа?

Должинсүрэн -

Миний ээжийн ээж эмэг эх маань над их юм заана аа. Хүний сурсан юмыг хүн авдаггүй юм. Сурсан юм чинь өөртөө л байдаг юм гэж их сургана. Эмэг эхийнхээ үгийг их авна. Юм бүхнийг сурах хэрэгтэй. Хожим том болоод сайхан амьдардаг юм гэж их хэлнэ ээ. Тэр сургаалийг нь л байнга бодож явна.

Дэжид -

Та амьдралдаа ямар зүйлийг жигшдэг вэ?

Должинсүрэн -

Санаанд орохгүй л байна. Миний дараах охин дүү минь надаас сэргэлэн, ухаантай байсан юм. Миний бодоогүйг бодчихсон байна. Нэг хүнтэй хань бүл болох гээд танилцсан байсан юм уу даа. Нэг өдөр над хэлж байна аа, Ажаа энэ хүн надтай нийлье баръя гээд юм хэлээд байх юм. Хэнээс сайхандаа хүн голох вэ дээ, хөдөөний сайхан хүрэн бор хүн л байна гээд бүр том хүн шиг юм хэлж байгаа юм. Миний дотор бол ер тийм юм орохгүй байгаа юм. Тэгээд тэр хүндээ очсон л доо. Сайхан ч амьдарсан.

Дэжид -

Таны амьдралд бусдаас онцгой гэхээр юм юу байна? Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал болж байв уу?

Должинсүрэн -

Хань бараатай болоод, хүүхэд шуухадтай болоод ирэхээр ер нь их томоожоод сайхан л болдог юм байна лээ. Хүүхэд том болоод ирэхээр их сайхан шүү дээ.

Дэжид -

Одоо та хэд дэх үеэ үзэж байна вэ? бараг 5 дахь үе рүүгээ орж байна уу?

Должинсүрэн -

Миний нэг гэрлээгүй хүү бий дээ, тавин хэд хүрч байна, ердөө эхнэр аваагүй. Энийгээ л нэг гэрлээсэй гэж боддог юм ш дээ.

Дэжид -

Танд бол хэдий тавь гарсан ч гэсэн нялх хүүхэд шиг л санагддаг байх даа?

Должинсүрэн -

Тэгэлгүй яахав. Том охины бага хүү нь манай Баяраа ах чинь одоо эмээд бол манай энэ бага хүү шиг л байгаа ш дээ гэж хэлдэг юм. Ээж нь хүүгээ хөгшин гэж боддоггүй юм. Ээжийгээ ойчоод өгвөл хүү минь ханьгүй яана л гэж боддог юм. Миний хүү хань ав гэхээр авна аа л гэдэг юм. Миний хүү чинь их ажилтай.

Дэжид -

Та өөрөө их ажилсаг болохоор хүүхдүүд нь дагаад ажилтай байх даа?

Должинсүрэн -

Бүгдээрээ ажилтай, араа даана шүү. Дорноговьт хоёр хүүхэн байна.

Дэжид -

Сүхбаатарынхан охидуудаа дандаа хүүхэн гэж ярих юм аа?

Должинсүрэн -

Тийм. Тэгдэг юм. Манайх олон охидтой. Нутгийнхан маань энэ Загдхорлоогийнх хүргэний үүд сайтай, дандаа сайн хүргэцүүл таарах юм гэдэг юм. Сайн хүргэнүүд бий.

Дэжид -

Хүүхдүүдээ та яаж хүмүүжүүлдэг байв? Биеийг нь даалгаж юм хийлгэх үү?

Должинсүрэн -

Ойр зуурын юм хийлгэнэ ээ. Гэхдээ өөрөө хөнгөн хүн болохоор өөрөө л голдуу хийнэ. Тэгээд хэлнэ, зааж сургана. Ажилтай хүн сайхан амьдардаг юм. Ажил сурах хэрэгтэй гэж л их сургана даа. Манай ээжийн ээж их сонин хүн байсан юм. Хүүхэд нохой их хооллоно. Нас барахаасаа өмнө хавар нь сар өдөр асуугаад л байсан юм. 4 сарын 15-ны өдөр хэзээв гээд л, 4 сар чинь их буянтай сар гээд л хэлнэ. Тэгсэн яг тэр өдрөө бурхан болсон доо. Хүүхдэд их юм өгнө тийм хүн байсан юм.

Дэжид -

За ингээд Должинсүрэн гуайдаа их баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье. Урт насалж удаан жаргаарай. 4, 5 дахь үеэ үзээд үр ачаа тойруулаад ингээд энх тунх байж байна гэдэг чинь их сайхан юм даа. Та ийм сайхан хөнгөн шингэн, эрүүл саруул байгаа чинь өөртөө бас их нарийн дэгтэй байна даа?

Должинсүрэн -

Би өөртөө таарсан жаахан гимнастик хийнэ. Ер нь залуу байхын тийм юманд дуртай. Гимнастик хүнд их сайн, эрүүл мэндэд их тустай гэж би боддог юм. Та нар одоо сайн хийж байх хэрэгтэй. Би одоо амралт сувилалд явахад чинь өглөө эртээ босоод тэр сайхан зүлэг ногоон дээгүүр чинь яваад гимнастик хийнэ. Тэгэхээр хүмүүс энэ хөгшин яасан айхтар юм биднээс түрүүлээд босчихсон л тэнд гимнастик хийгээд зогсч байна гэж ярьдаг юм гэнэ лээ.

Дэжид -

Та бага залуудаа гимнастик хийдэг ийм хөнгөн шингэн хүн байсан уу?

Должинсүрэн -

Гүйлт мүйлтэнд явна. Их сургуульд байхад чинь уралдчихна. Үерхдэг үеийнхээ хүнтэй хоёулаа дараалаад л хүрээд ирэхээр хоёр хөгшин дармаараа ирж байх шив дээ гээд хүмүүс хөхрөлддөгсөн.

Дэжид -

Та тэр олон хүүхэд гаргаад тэрэндээ түүртдэггүй байсан уу?

Должинсүрэн -

Үгүй. Ер түүртэхгүй. Ажлаа хийнэ, хүүхдээ өсгөнө.

Дэжид -

Тэр үед чинь хүүхэд гаргаад 45 хоноод л ажилдаа ордог байсан уу?

Должинсүрэн -

Тэгнэ. Тэгэхдээ бас чөлөө авчихна. Ажил хийх ч сайхан шүү.

Дэжид -

Тэр үед төрчихөөд та хэр удаан гам хийх вэ?

Должинсүрэн -

Улсууд дээл мээл нөмрөөд л сүйд болдог юм. Би тэгж чаддаггүй юм. Алчуур тавьбал тавина. Сэрүүхэн л талдаа явна даа. Ер нь залуугийн л тийм хөнгөн шингэн тийм хүн. Гүйлт энээ тэр гээд тийм юманд их явах дуртай хүн байсан юм.

Дэжид -

За баярлалаа, сайхан ярилцлага өгсөнд.

Должинсүрэн -

Баярлалаа, хүү минь.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.