Darisüren


Basic information
Interviewee ID: 990543
Name: Darisüren
Parent's name: Zul
Ovog: Legshid
Sex: f
Year of Birth: 1926
Ethnicity: Halh

Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired / herder
Belief: none
Born in: Bugat, Jinhene sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: [blank]


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
life in wartime
cultural campaigns
repressions
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу, та, би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан болохоор одоо ярилцлагаа эхэлье. Та өөрийгөө танилцуулахгүй юу, таныг хэн гэдэг вэ, хэдэн онд төрсөн бэ, аль нутгийн хүн бэ?

Дарьсүрэн -

Би Говь-Алтайн Бугат суманд хэдэн онд төрлөө, мэдэхгүй ээ. 26 онд төрсөн.

Саранцэцэг -

Эцэг эх чинь ямар улсууд байв, хүүхэд бага ахуй үеэ дурсаж ярихгүй юу?

Дарьсүрэн -

Би ээжтэйгээ эгчтэйгээ амьдарч байсан. Тэгээд сүүлд нь нөхөртэйгээ нийлээд артельд оёдолчин хийдэг байсан. Бугат суман дээр. Тэгээд сүүлд 49 онд манай хөгшин энд анхны шуудангийн жолоочоор ирээд тэгээд бага сургуульд нэг 7 жил үйлчлэгч цэвэрлэгч хийсэн, аймгийн төв рүү ирээд. Хөгшин маань дайнд явж байсан, манай хөгшин. Халх голын дайнд 2 дайнд хоёуланд нь оролцсон. Тэгээд би тэрнийхээ юуг хөөцөлдөж оръё гэхдээр өөрөө хөөцөлдөж чадахгүй, тэгээд хүүхдүүдийг та нар олоод аль, нэрийг нь ч болов гаргачихъя гээд тэгэх юм, тэгээд л эднүүс хөөцөлдөж өгнөө гээд эртнээс л улсудтай уулзаад л байгаам, уул нь хөгшнийхөө нэрийг нэг гаргачихвал би одоо 85 хүрсэн. Тэгээд одоо хөгшнийхөө нэрийг гаргачихвал хөгшний нэрд ч сайхан юм гээд л дандаа л тэгж бодохийм. Өөрөө чадалтай бол явж байгаад л гаргахсан, тэгээд л энэ хүүхдүүдэд хэлэхдээр өнгөрсөн юм хаанаас яадийм, тэгээд 49 онд дайнд цуг явж байсан улсууд нь тодорхойлолт өгөхдээр архиваас олддийм л гэдэг, тэгээд л байж байх юм даа, хүү минь. Тэгээд л 2 хүүтэй, 2 хүүгийнхээ дунд л ингээд сууж байдийм би чинь. Тиймэрхүү л байна дөө, хүү минь.

Саранцэцэг -

Таныг хүүхэд байхад нутаг орон тань ямар байв?

Дарьсүрэн -

Өө сайхан байсан, сайхан байсан, ёстой. Их сайхан мал маллаад ямаа хөөцөлдөж, хадны уруу толгойгоо ч авч явлаа, тэгээд л дандаа л мал маллаж ээж эгч нартайгаа, тэгж явсан. Манай ээж ааваас 13-уул байсан, тэгээд л одоо үхээд л дуусч байнаа, хүүхдүүд нь л байх юм даа. Дандаа ямаатай манайх тийм улаан хадтай газар байсан, Жингэнээ гэдэг газар. Дандаа тооноор ямаа харагдаж байдаг, тэгээд л тэрийг хөөцөлдөөд л хаднаас унаад л, толгойгоо хагалаад л, толгой чинь хагархайтай одоо чинь тэгээд л явж байна даа.

Саранцэцэг -

Танайх бог голдуу байсан юм байна?,

Дарьсүрэн -

Бог, тэмээтэй, богтой л байсан юм. Хэдэн тэмээтэй тэгээд богтой.

Саранцэцэг -

Танай аав ээж нэгдлийн мал маллаж байв уу?

Дарьсүрэн -

Манай ээж нэгдлийн мал маллаагүй. Нэгдэл яагаагүй, манай ээж цугаараа нас бараад. Тэгээд л бид 2 манай хөгшин шуудангийн жолооч болоод л манайх аймгийн төвд 49 онд ирчихсэн. Нэгдэл байгуулагдах жил л манайх бараг наашаа явчихсан байх дөө.

Саранцэцэг -

Тэгэхээр 57,58 оны үе гэсэн үг үү?

Дарьсүрэн -

Бүүр 49 онд. Анхны өртөө шуудангийн жолооч байсан, манай нөхөр. Тэгээд ирсэн.

Саранцэцэг -

Танай нөхөр яаж жолооч болсийм?

Дарьсүрэн -

Цэргийн газар, 49 онд дайнд явж байхдаа жолооч болсийм. Тэгээд л хөгшнийг ирснээс хойно хөгшний бариад яв байсан тэргийг чинь ирж явна гэнээ гээд л манай хөгшний нэрийг хэлээд л, Банзрагч ангийнхаа цэргүүд хүлээгээд авчихсан байна, барьж явсан тэрэг нь ирсэн энгэ лүү уруудаад явж байна гээд манай хөгшнийг Тамчийн бэлчир дээр олон жолооч нар ирж тэргээ бариад явж байна, тэгээд л дуулдаж байсан, тэр дайнд явж байсан тэргээ. Тэгж л явсан даа, хүү минь.

Саранцэцэг -

Та болбол ээжтэйгээ эгчтэйгээ ингээд л 3-уулаа л байдаг байсан юм уу?

Дарьсүрэн -

Тэгсэн юм, тэгээд л хөгшинтэйгээ суугаад л ээж эгч хоёроос 49 онд хөгшинтэй суугаад л тэгээд л /инээв/

Саранцэцэг -

Таны одоо хүүхэд ахуй үе бусад хүүхдийнхээс ялгаатай онцлогтой гэхээр юм байсан уу?

Дарьсүрэн -

Тийм юм юу байдаг юм мэдэхгүй,

Саранцэцэг -

Бусад айлын хүүхдийн ижил үү?

Дарьсүрэн -

Зүгээр нэг одоо хэдэн малтай л байсан. Хэдэн малтай хэдэн богтой хэдэн тэмээтэй л айл байсан даа. Тийм л айл байсан дөө.

Саранцэцэг -

Та бол аавыгаа мэддэггүй юм байна тээ?

Дарьсүрэн -

Мэддэггүй юм. Мэддэггүй ч гэж, манай аав тэр дээр үед ямар хэлэх биш, манай аав хэн гэдэг билээ, Чогсомжав гэдэг хүн байсийм, нэг тийм л хүн байсийм.

Саранцэцэг -

Та яагаад сургуульд суугаагүй юм?

Дарьсүрэн -

Тэгэхэд чинь ерөөсөө бага сургууль гэж байгаагүй юм.

Саранцэцэг -

Тэнхим гэж байгаагүй юу?

Дарьсүрэн -

Тэнхимд явуул л гэдэг байсан явуулаагүй л юм. Түр сургууль тэнхим гээд жаахан байхад намайг жаахан байхад манай нэг ээжийн эгч нь тэнхимийн багш болж гэнээ гээд л тийм юм болоод л байдаг байсан, тэгэхэд би жаахан байдаг байсан байхөө.

Саранцэцэг -

Таныг жаахан байхад танайтай айл хамт зусдаг, намарждаг айлуудын хүүхдүүд тэнхимд сууж байсан уу?

Дарьсүрэн -

Үгүй байх, харин манай хөгшинтэй дайнд явж байсан, Цоохүү гэж нэг 94-тэй хөгшин бий дээ. Одоо аймгийн төв дээр байгаа. Тэр болбол одоо манай хөгшнийг дайнд явж байсныг бүгдийг нь сайхан мэднэ. Тэр Цоохүү гэдэг хүн, одоо 94-тэй. Хэдүүн бид 2 очиж нэг судалгаа аваад нэг хөөцөлдье гээд бид 2 очсон, тэгээд энэ хот руу явчихаад чадаагүй. Одоо ирэхээр нь хөөцөлдөж авна гээд л тэгээд л байж байгаа. Хүүхдүүд бас өөрөө мэдэхгүй зураг паспорт энэ тэр нь хүүхдүүдэд яваа, тэгээд чадаагүй явчихсан тиймэрхүү.

Саранцэцэг -

Таны хүүхэд ахуй үед, танайтай айл байсан айлын хүүхдүүд сургууль соёлд явсан уу?

Дарьсүрэн -

Манайтай хүүхдүүд байсан, тэгээд цугаараа үхээд дуусчихсан юм. Тэгээд л Дугар, Дүгэрсүрэн гээд л байдаг байсан, цугаараа айл. Дугар чинь эмч байсан, Дүгэрсүрэн чинь хөдөөний хүн байсийм. Тиймэрхүү л улсууд байсан даа.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн явдал байдаг уу?

Дарьсүрэн -

Байхгүй, байхгүй тийм юм.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр зүйл байгаа юу?

Дарьсүрэн -

Юу ч байхгүй байхөө.

Саранцэцэг -

Таны гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг уу?

Дарьсүрэн -

Хэлмэгдээгүй байхөө. Манай нэг нагац шоронд явж байгаад ирсэн.

Саранцэцэг -

Хэн гэдэг хүн бэ?

Дарьсүрэн -

Дэлэг, Бямба гэж 2 тийм хүн байсан.

Саранцэцэг -

Тэр нь ямар хамаатай юм, тантай?

Дарьсүрэн -

Ах нь Бямба гэдэг хүн хэлмэгдэж явж байгаад

Саранцэцэг -

Танай ээжийн төрсөн ах юм уу?

Дарьсүрэн -

Ах нь манай ээж чинь 13-уулаа байсан. Лам байсан, 2 лам ахтай. Нэг нь Дэлэг гэдэг хүн байсан.

Саранцэцэг -

Хүрээнд шавилж байсан юм уу?

Дарьсүрэн -

Бүр гавж гээч юм болж байсан, манай ээжийн тэр ах.

Саранцэцэг -

Та тэр тухай дурсамж яриагаа тодорхой хэлж өгөхгүй юу? Ээжээсээ сонсож үлдсэн юм байна уу, танд?

Дарьсүрэн -

Тэр манайх .., би жаахан байсан юмаа. Манай ээжийн ах гавж болох гэж байна гээд Тонхилоос Бижийн голоос нүүгээд тэгээд манай ээжийн ах Бямба гэдэг хүн тэгээд гавж болж хүрээнд сууж байгаад. Зүйлийн хүрээ гэдэг газар. Тэгээд гавж болоод тэгээд сүүлд нь ийшээ баригдаж яваад оргож гарч ирээд байж байгаад л тэгээд л нас барсан юм даа.

Саранцэцэг -

Та баригдаж явж байсан тухай нь сонсч байв уу?

Дарьсүрэн -

Сонсч байсаан. Нэг хүн барьж аваад л явсаан л гэсэн,

Саранцэцэг -

Юм хэлсэн үү, тайлбар?

Дарьсүрэн -

Хэлээгүй тэгээд л явсан. Тэгээд л сүүлд нь оргож л ирж байсан, оргоод иррлээ манай Бямба оргоод ирж гэнэ гэж дуулж байсан.

Саранцэцэг -

Ар гэрийнхэн ямар нэг мэдээ мэдээлэл мэдэлгүй л хоцордог байсан юм байна тиймүү?

Дарьсүрэн -

Юу ч мэдэхгүй мэддэггүй.

Саранцэцэг -

Мэдсэн ч таг дарах уу?

Дарьсүрэн -

Дардаг юм уу, нуудиймуу. Манай тэнд чинь өнөө хасаг ирж байна, дайн болж байна гээд л шөнө өдөргүй л нүүгээд л суугаад л яваад л байдаг байсан.

Саранцэцэг -

Тэр юу юм?

Дарьсүрэн -

Тэр ч одоо би жаахан л байсан, мэдэхгүй.

Саранцэцэг -

Танайх бас нүүсэн үү?

Дарьсүрэн -

Нүүнээ, чухам.

Саранцэцэг -

Жингэнээгээс ээ юу?

Дарьсүрэн -

Доод говиосоо нүүгээд л тэр Жингэнээ гэдэг газар хүрдэг, тэр өөдөө нүүдэг, Тамч руу тэгж нүүдэг л байсан, анх.

Саранцэцэг -

Олон айл тэгж нүүсэн үү

Дарьсүрэн -

Өө манайхан бараг багаараа шахуу тэгж явдаг байсан. Тэгж нүүж шөнө хонио туугаад л, хонь чинь шөнө болохдээр дугуйраад явдаггүй. Бид нар чинь бага, өнөө хасагаас айгаад л тэгээд л тэгж явдаг байсийм. Манайх.

Саранцэцэг -

Тэр хасагуудын тухай юу гэж ярьдаг байсан хүмүүс?

Дарьсүрэн -

Хасаг ирж байна, одоо ирж байна гээд л тэгээд л одоо нүүхгүй бол болохгүй гээд л, тэгээд л хасаг ирж байна гээд л манайх чинь өвөл зунгүй л тэгээд л нүүгээд л явчихдаг. Тэгдэг байсан.

Саранцэцэг -

Тэр хасагууд яадийн, айлууд тонож дээрэмддэг юм уу?

Дарьсүрэн -

Дээрэмддэг л гэсэн, манайх тэгж таарч үзээгүй ээ, хөөрхий минь. Тэгээд л амьтан л тэндээс хонь туугаад явж байна гэнэ гээд л, тэнд дайн болж байна гээд л ярьдаг л байсан. Жаахан хүүхэд байсан болоод шөнө хонь тууж л явахаас өшөө юм байдаггүй. Тэгээд л хээр дээлэнд ороогоод л суулгадаг, тиймэрхүү л амьдралд явсан даа.

Саранцэцэг -

Олон нүүж айв уу, тэгээд?

Дарьсүрэн -

Өө бүр зөндөө нүүж байсан.

Саранцэцэг -

Говь-алтайн нутгаар орж ирж байжээ, тэгвэл?

Дарьсүрэн -

Тэгж орж ирээд тэр Бугат, Бижийн голын чинь тэргээр Хөх булаг Жингэнээ дээр тэгж явдаг ирдэг байсийм.

Саранцэцэг -

Заа, тэр хоёр хэлмэгдэж байсан лам ах гэж ярьлаа ш дээ, нэг нь бол оргож гарч ирсэн юм байна, оргож ирснийхээ дараа шоронд байсан тухайгаа ярьдаг байсан юм бол уу?

Дарьсүрэн -

Ярьдаг л байсан даа, одоо дээр үед шоронд байхад чинь ёстой дээр үед монгол хувцас өмсөөд үхрийн шир дэвтээгээд үхрийн шир татдаг байсан тэгээд тэрнийг дэвтээгээд идэхдээр хүүхдүүд минь зөндөө мах амтагддаг байсан, зэрлэг сонгиноор хоол хийгээд идэхдээр бүтэн шөнийн хоол болдог гэж ярьдаг байсан, манай ах. Тэгж л их ярьдаг байсан. Тэгээд л биднүүст тэгж л хэлдэг лам ахай нь тэгж явсиймаа, гээд л. Гутлын шир хүртэл дэвтээж идэж үзсэн, зэрлэг сонгино чинь олон шөнийн хоол болдог шүү гээд л тэгээд л би тэр нагацдаа их сайн, миний толгой хагарчихсан, миний толгойг хуулаад л, манай нагац. Дээр үед чинь, одоо болбол өвчин тусаад үхчихгүй юу, дээлийн хөдөс наачихсан, тэрийг хуулаад л тэгж над ярьдаг байсан. Нэг тийм хүн байсан.

Саранцэцэг -

Тэр лам болохоор эхнэр аваагүй хүн байсан биз?

Дарьсүрэн -

Тийм, авгайгүй.

Саранцэцэг -

Нөгөөдөх лам нь яасан юм?

Дарьсүрэн -

Зүгээр тэгээд л байж байгаад л, бас л лам хүн юм хумаа ном момоо бүгдийг нь хураалгаад л, тэгээд л бас тэгж байгаад л сүүлд нь хоёулаа нас барчихсан юм.

Саранцэцэг -

Тэр хоёр нэг дороо хүрээнд байцгаасан юм уу?

Дарьсүрэн -

Тийм. Нэг нь эм барьдаг, маарамба хүн байсан.

Саранцэцэг -

Тэр хөрөнгийг нь битүүмжилсэн үү?

Дарьсүрэн -

Битүүмжилсэн л байсан, манайхыг лав. Битүүмжилсэн тэр авдранд хүрэхгүй барихгүй гээд л тэгдэг л байсан. Чухам яаж байсныг сайн мэддэггүй юм л даа.

Саранцэцэг -

Тэгээд тэр улсуудын чинь хэрэг цагаадсан уу?

Дарьсүрэн -

Цагаадсан л байлгүй.

Саранцэцэг -

2-лаа юу?

Дарьсүрэн -

Тийм байлгүй, мэдэхгүй. Тэр Дэлэг гэдэг нь сураг байхгүй.

Саранцэцэг -

Аан, тэгвэл тэр оргосон нь ирсэн хойноо авгай аваад?

Дарьсүрэн -

Тийм. нэг өргөмөл охинтой байсийм. /Охин нь: Өргөмөл ч юу байхав дээ, хүүхэдтэй хүнтэй сууж байгаад, тэр авгай нь ч нас бараад, лам ч нас бараад, тэр охин нь ч нас бараад , тэгээд нэг ганц хөгшин үлдэхгүй юу. Тэгээд тэр хүн нь энд ирээд манай ээж нэг тийм хүн байгаа, чи тэр хүний юмыг хөөцөлдөөд олоод аваач гэсэн, тэр нь хөөцөлдөж байгаад авсан. Нэг хэдэн цаас авсан. 10-аад жилийн өмнө. Мягмаржав гэж. /Охин: Аа нэг том ах нь бол сураг байхгүй, тэгээд л яваад л. Үхсэнийг ч бүү мэд, үхсэн л байлгүй дээ. Ерөөсөө мэдээ ирээгүй гэсэн/

Саранцэцэг -

Танай ээж дурсаж ярьдаг байсан уу, тэр шүүх хуралдаан болж гэнэ, тэр хуралдаанаар шийдэх юм гэнэ гэж ?

Дарьсүрэн -

Юу ч тийм юм мэдээгүй ээ. Тэгж шүүх хуралдаан болно гэж ч мэдэхгүй, манай ээж цугаараа нас барцгаачихсан юм чинь. Тэгээд л хөөцөлдөх ч хүнгүй тэгээд л хоцорчихгүй юу. Ямар сайндаа л дайнд явчихаад юу ч үгүй мэдэхгүй сууж байхгүй юу/инэээв/.

Саранцэцэг -

Ер нь хүмсүүд юу гэж ярьдаг байсан бэ, баригдаад явсан хүмүүсийн талаар?

Дарьсүрэн -

Тэгээд баригдаад явсан лам ахайг л оргоод ирсэн гээд л нэг нагацыг оргож ирж л гээд л ярьдаг байсан. Тэгээд л бүх юмыг нь хураалгаад л бурхантай тахилтай нь цугийг нь аваад л алга хийсэн байсан, тэгээд л мэдэхгүй.

Саранцэцэг -

Заа нэг хэсэг бүр шашин шүтэхийг хорив доо, социализмын үед чинь? Тэр байтугайнаа цагаан сараа ч тэмдэглэдэггүй байсан, хүмсүүд бурхан тахил ном судартай байж байгаа мөрт ил тавьдаггүй байсан юм шиг байгаамаа. Хөдөөгүүр ер нь айлууд тиймэрхүү байсан уу?

Дарьсүрэн -

Тиймээ, тиймэрхүү байгаад л тэгээд л хаданд аваачиж тавиад л, тэгээд л юу ч үгүй л болохгүй юу. Хаданд аваачиж нуугаад л хаданд аваачиж тавиад л,

Саранцэцэг -

Ил тавивал?

Дарьсүрэн -

Ил бол хураагаад аваад явчихдаг, тийм юмыг чинь байлгадаггүй хураагаад явчихдаг байсийм. Манай нэг нагацын юмыг бүгдийг нь хурааж аваад л явчихсаан л гэдэг байсан.

Саранцэцэг -

Тэр Төгрөгийн хүрээнд их олон лам нар шавилж суудаг байсан юм байлээ ш дээ?

Дарьсүрэн -

Тонхилын хүрээнд үү?

Саранцэцэг -

Тонхилын хүрээнд.

Дарьсүрэн -

Тэгсэн. Тэгсэн.

Саранцэцэг -

Тэгээд тэр лам нар бүгд л баригдаад явсан байх даа, бодвол?

Дарьсүрэн -

Бүгд л баригдаад Шархаданд очсон түүхтэй юм гэхчүүлээ. Тэгээд лам нар баригдаж үхсэн учраас Шархад гэдэг нэртэй болсон гэж ярьдаг байсан. Тийм түүхтэй юм л гэж ярьдаг юм билээ.

Саранцэцэг -

Аа тэр хоёр ламын үлдсэн зураг мураг юм бол байхгүй юу?

Дарьсүрэн -

Манайд манай нэг хотод манай хүүгийнх байдийм, тэнд миний юман дотор манай тэр бага тэр гавж баригдаж явж байгаад оргож ирсэн хүний зураг л бий.

Саранцэцэг -

Оргоод ирсний дараагаар нь араас нь хөөцөлдөж явж сураглаж байсан хүн байдаггүй юм уу?

Дарьсүрэн -

Байдаггүй юм, байдаггүй юм тэгээд л. Алуулалгүй гарч ирсэн хүний л зол болоод л. Алуулбал тэгээд л өнгөрчихдөг байсан юм чинь. Яаж нэг оргож ирсийм, манай тэр ах оргож л ирээд.

Саранцэцэг -

Ирсэн хойноо ямар нэг эм тан барих, судар ном унших, засал юм хийх тийм юм хийх үү?

Дарьсүрэн -

Хийхгүй. Ямар сайндаа авгай авч байхав дээ. Тэгээд л оргож ирснээсээ хойно нэг авгай дээр ирж суугаад л, тэгээд л хэдэн жил амьдарч байгаад л нас барчихгүй юу.

Саранцэцэг -

Социализмын үед нэг соёлын довтолгоон /СД/ гээд л явж байсан даа?

Дарьсүрэн -

Тийм, явж байсан.

Саранцэцэг -

Тэр СД –ны талаар та ярьж өгөөч? Яг яаж явуулдаг байсан юм, тэр СД-оор?

Дарьсүрэн -

СД-оор чинь айлын ариун цэвэр мэвэр үздэгийг л ярьж байна уу, тэр айлын ариун цэвэр дандаа дээр үед чинь одоо шиг ямар шалгана гэх юм алга, дээр үед чинь ариун цэвэр гээд л 7 хоногт л шалгаж байна гээд л аймгийн төв дээр чинь тэгээд л тэгж л их явдаг байсан. Шалгалт явж байна гээд л.

Саранцэцэг -

Комиссынхон орж ирээд юу үздэг юм?

Дарьсүрэн -

Гэрийн бүх л хүний хувцас хунарыг үздэг байсан. Түрүүнд нь бол нүцгэн аваачаад л жагсаагаад л ингээд л үздэг байсан ш дээ.

Саранцэцэг -

Өө за, хаана үздэг юм?

Дарьсүрэн -

Эмнэлэг л үздэг юм байгаа биз. Нээх ариун цээр үзээд л нүцгэн зогсоочихоод л, тэгдэг байсан юм. Тэгээд л сүүлдээ харин айлын ариун цэвэр үзээд л, гэр мэрийн ариун цэврийг үзээд л, тэгээд л явдаг байсан. Нэг тэгж явдаг байсан.

Саранцэцэг -

Хүмүүсээс яг юу шаардах уу?

Дарьсүрэн -

Гэрийн ариун цэврийг л шаардана ш дээ. Шалгаж барьж л үздэг байсан даа.

Саранцэцэг -

Ор дэрний цагаан хэрэгсэл хувь хүн бүр гарын алчуур, энэ тэр гэж шалгах уу?

Дарьсүрэн -

Шалганаа, бүгдийг нь шалгана. Бүр хөл гар өвдөг, үүдэн дээрээ юмаа гөвдөг тийм цацагтай юм хийчихсэн л, тийм л байдаг байсан даа, тэр соёлжилтын үеэр чинь. Тэгдэг л байсандаг.

Саранцэцэг -

Хэрвээ шаардалага тавиад дахин шалгахад хэлсэн ярьсан юм биелүүлээгүй сууж байвал яах уу? Ямар арга хэмжээ авах уу?

Дарьсүрэн -

Матар дээр гарч байна гээд л, матар л гэдэг байсан юмдаг.

Саранцэцэг -

Матар гэдэг нь юу юм?

Дарьсүрэн -

Матар л гарч байна гэдэг, тэр муугаар л гаргадаг байсан байлгүй.

Саранцэцэг -

Сонин дээр үү?

Дарьсүрэн -

Тийм байлгүй, сонин байдиймуу, сэтгүүл байдиймуу. Матар сэтгүүл гэдэг байсан байхөө. Нэг тийм л юм байдаг. Тоншуул гээд л бас. Хог могтой, мууг нь тэгж гаргадаг тийм л байсан.

Саранцэцэг -

Нэг ёсондоо хашрааж байгаа юм байна тээ, олон нийтэд ил болгож. Аа тэрнээс биш мөнгөн торгуул энэ тэр тавьдаггүй л юм байна даа?

Дарьсүрэн -

Тавихгүй тавихгүй. Тэгдэг л байсан, тийм.

Саранцэцэг -

Дээр үед ч одоо зуух муух гэж байгаагүй байх. Тулганд галлах уу

Дарьсүрэн -

Тулганд галладаг. Утаа тортог жигтэйхэн, гэрийн цаваг маваг чинь хар, оройд чинь үүдээ модоор нгээд гөжөөд хатгачихна, тэгээд л. эсгий үүд хийгээд тэгээд унжуулчихдаг. Утаагаа гаргаж байгаам. Өрх тооноор нэг гарна даа, тэгээд өрхөө модоор үүдээ онгойлгоно. Тэр хаалга үүдээ онгойлгоно л гэдэг. Нээх тийм утаа тавьсан, нүд нь өвдсөн тийм л байдаг байсан. Аргал түлээ түүнэ, мод түлээ үүрнэ. Дандаа тийм л юм хийдэг байлаа ш дээ, бага байхад чинь. Голцуу аргал түлнэ. Манай тэнд заг түлнэ. Хөвд түлнэ таана түлнэ. Шаваг үлнэ тэгээд л. Тиймэрхүү дандаа л утаа. Тийм л явсан даа.

Саранцэцэг -

Ор гэж байсан уу, хөдөөний айлд?

Дарьсүрэн -

Хөдөөний айлд модон ор гэж байдаг байсийм.

Саранцэцэг -

Гудас ширдэг?

Дарьсүрэн -

Байнаа, гудас ширдэг. Дэвсэх нь харин сайхан сайхан ширмэл ширдэг их хийдэг, тийм ширмэл шиирдэг зөндөө ширдэг байсан. Дандаа тийм ширмэл ширдэг мирдэгтэй. Тэр үүд мүүдний унжуулдаг чинь дандаа сайхан ширээд үүд хийчихнэ. Тиймэрхүү л байсан.

Саранцэцэг -

Аа тэр цагаан хэрэглэлийг хэрэглэдэггүй байсан юм байнаа?

Дарьсүрэн -

Цагаан хэрэглэл хэрэглэхгүй, дээлээ нөмрөөд л, энийгээ өмсчихнө, нэхий дээл ямааны арьсан уу, гутлаа дэрлээд унтана, хүүхэд байхад гутлаа дэрлээд л унтчихдаг, гутлаа дэрлээд л, хэдэн хөмнөөнийхөө дунд ороод л унтчихдаг, тийм хөл нүцгэн их явдаг, тиймэрхүү л байсан даа, би болбол.

Саранцэцэг -

Даавуу даалимбаны олдоц хэр байсан? Нэхий өмдтэй л байсан биш үү?

Дарьсүрэн -

Нэхий өмдтэй тийм, нэхий өмд, цагаан нэхий дээлтэй. Цагаан нэхийг чинь оёод дээл хийчихнэ. Тиймэрхүү л байсан.

Саранцэцэг -

Гараар хөлөнд угладаг юу гэж хэлдэг билээ, тийм юм хүүхдүүдэд оёж өмсгөдөг байсан?

Дарьсүрэн -

Баартаг. Монгол гутал их өмсөнө ш дээ. Өөрснөө монгол гутал оёно.Монгол гутлыг чинь монгол эсгийгээ хийгээд л, тэгэд л монгол гутал оёод өмсчихнө. Тэр нэхий дээл мээлийг чинь өөрснөө л хийж өмсөнө.

Саранцэцэг -

Торго дурдан бол орж ирэх нь ховор биз?

Дарьсүрэн -

Жигүүн, сатин, даалимба. Жигүүн гэдэг нь л хамгийн том нь орж ирснээс. Арай нэг бороон торго гэж манай нэг лам ахай нагац цэнхэр жигүүн нэг авчирсан юмаа. Дүү нартаа дээл хийх гэж. Тэр дотор ганц торго нэг авчирсан юм. Тэгсэн тэр торгоо намайг ав гэхдээр би өнөө нагацаасаа айгаад авахгүй, дутаагаагаад тэгэхэд бороон торго гэдэг л байсан, тэгээд авахгүй болохдээр намайг манай ээж...Заа чи авахгүй бол тэгвэл Норжин чи ав гээд манай эгчийг, тэгсэн манай эгч аваад өнөө торгон дээлийг манай эгч ганцаараа өмсдөг биднүүд би өнөө авалгүй зугтааж байж цэнхэр жигүүн дээлтэй, нээх олон цэнхэр жигүүн дээлтэй лам ахайн дамжаанд явж байсандаг. Тэгж л явсан даа.

Саранцэцэг -

Тэр торго болбол урдаас орж ирж байна уу, хятадаас?

Дарьсүрэн -

Одоо хятад л юм байдаг юм байлгүй. Оросоос даалимба, дандаа боодолтой 5м, одоо л бол 5 ам л гэдэг байсан даа, 5м байсан байлгүй. Тийм юмаар дээл хийж өмсөнө дандаа өөрснөө оёно. Тэгээд даалимбыг чинь ингээд нугалаад ингээд оёчихсон, дээр нь бичиг мичигтэй тийм, орос даалимба л ирдэг байсийм. Жигүүн сатин, жигүүн л хамгийн дээд нь байсан байх дөө. Хятад чисчүү гэж дуулж л байсан юмдаг. Тийм байсан юм. Цагаан ямбугаар л дотуур өмд цамц мамц хийж өмсөнө ш дээ, дандаа л. Одооных шиг цамц сайхан юм аваад өмсчихнө гэх биш. Цагаан ямбуугаар дотуур өмд хийнэ. Цамц хийж өмсөнө, тиймэрхүү л байсан цаг.

Саранцэцэг -

Тэр СД-ны үеэр тэр дотуур өмд, цамцыг шалгана биз дээ?

Дарьсүрэн -

Шалгалгүй яахав. Дотуур өмд нь ямар байна, цэвэрхэн байна уу, үгүй юу. Дээр үед чинь бөөстэй байсан юм чинь. Одоо л тиймгүй болохоос дээр үеийн улс чинь бөөстэй л байсан ш дээ/инээв/.

Саранцэцэг -

Одоо ямар салбарт СД-ны үеэр ямар салбарт хамгийн их өөрчлөлт гарсан бэ? Эрүүл мэндийн салбар уу, боловсролын салбар уу, яг СД-ны үеэр өөрчлөлт гарсан гэвэл?

Дарьсүрэн -

Эрүүл мэнд л байлгүй, тэгж л боддог ш дээ. Сайхан цэвэрлэ барь гээд л, тийм юмнаас л болж ингэж цэвэрхэн болж байгаа, тэгж л бодож байгаа ш дээ.

Саранцэцэг -

Яг тэр үед СД явуулах үнэхээр шаардлага байж дээ?

Дарьсүрэн -

Байлгүй яахав. Тэр гар хөлийн хумс энэ тэр гээд. Зарим айлын хүүхэд чинь толгой нь бөөстөөд л, тийм хүүхэд зөндөө л явдаг байсан. Жигтэйхэн муухай юм байсан юмөө. Одоо чинь тийм бөөс таньдаг хүн байдаг юм уу.

Саранцэцэг -

Та сумын бага сургууль ямар байсан тухай мэдэх үү? Бага сургууль ер

Дарьсүрэн -

Өө тийм, хожуу гарсан байлгүй дээ, дандаа л цүнх мүнхээ даалимбаар хийгээд даалимбан дээлтэй, тийм л хүүхдүүд сургуульд суудаг ш дээ. Даалимбаар ингээд цүнх хийж өгчихөөд тэндээ нэг 5 хошуу хадчихсан, тэгээд л тэргээр даавуун цүнхтэй, би чинь түр сургуульд суумар болсон юм байна ш дээ

Саранцэцэг -

Хэдэн настай байсан юм, тэгэхэд?

Дарьсүрэн -

Бага л байсан. Харандаа дэвтэр олддоггүй, улаан тамхины цаасgа олоод л тамхи татдаг хүнээс тэрүүн дээрээ ингээд юмаар зурна. Нэг паниар модон дээр хөөтэй тос түрхчихээд тэргээрээ зурж нэг тоо моо зурдаг л байсан даа. Тэгж л сурмар болсон юм байлгүй яав л гэж.

Саранцэцэг -

Аа та бичиг үсэг тайлагдсан юм байна?

Дарьсүрэн -

Тайлагдсан. Тайлагдсан. Шинэ үсэгт сууж байсан юм. Сууж байсийм би.

Саранцэцэг -

Ер нь хэдий хугацаанд юм бол доо?

Дарьсүрэн -

Бас л жаахан байсөөн.

Саранцэцэг -

Жил сууж чадав уу?

Дарьсүрэн -

Нэг өвөл суугаад л. Нэг түр сургууль гэдэг юманд 3 сар хирээтэй суугаад тэгээд нэг түр сургууль гээч юм төгсөөд л ирж байсан байхаа. Нэг самбар мамбар тийм юм хийгээд Тонхилд ч суугаагүй, Тамчийн төв гэж нэг байсийм. Тамч сум гэж байсийм. Тэнд л сууж байсийм. Нэг сургуульд суусан юм байна шүү.

Саранцэцэг -

Тэгэхэд олон хүүхэд суусан уу, тантай хамт ?

Дарьсүрэн -

Их л олон хүүхдүүд л сууж байсан.

Саранцэцэг -

Нас хэтэрсэн хүүхдүүд ч их байсан уу?

Дарьсүрэн -

Дандаа л нас хэтэрсэн, арван хэдтэй сургууль хоцорсон тийм хүүхдүүдтэй л сургуульд сууж байсийм. Тэгж.

Саранцэцэг -

Заа, та ер нь шүтлэгтэй юу?

Дарьсүрэн -

Үгүй ээ ховроо доо ерөөсөө.

Саранцэцэг -

Цагаан сараар ном уншуулж жилийн засал хийлгэдэггүй юу?

Дарьсүрэн -

Үгүй ээ, тийм юм хийдэггүй.

Саранцэцэг -

Социализмын үед шашин шүтэхээ больчихсон ш дээ?

Дарьсүрэн -

Манайх уул нь жасаа уншаад л бүгд гэрт байхад бол 2 оны жасаа уншаад л 3 хоног үнс мүнсээ гаргадаггүй тийм айл байсан. Тэгж байгаад л тэгээд л сүүлд нь тийм юм шүтнэ барина гэх юмгүй л. Тэгээд л мэддэг ч үгүй.

Саранцэцэг -

Танай тэр ахаас үлдсэн бурхан тахил юм танайхаар байдаг байсан уу?

Дарьсүрэн -

Байгаа сүүлд нь манай ээжийн дүү нь аваад л тэгээд тэр тэднийх тэр хадандаа хийчихсэн юм байлгүй яахав. Ээж тэгээд үхээд л би ч тэгээд аймаг руу наашаа явчихсан. Тэрнээс тэр айлууд бурхан судраа яаж хаясийм тэгээд хаданд тавьсийм л гэдэг юм билээ.

Саранцэцэг -

Тэгэхдээ л тэр үеийн айлууд чинь бүгд шахуу л судар номтой байдаг биз дээ?

Дарьсүрэн -

Дандаа номтой. Бүр манайх хэнгэрэгтэй, цантай тийм айл байсан. Манайх чинь цагаалахдээрээ үргэлж л бурхан болчихдог тийм л байсан. Цагаалахаас бусад цагт гаргадаггүй юмаа. Тэгээд л нэг хэнгэрэг цан ганц хоёр ном л ил байдаг, бурханчиг л байдаг л байсан.

Саранцэцэг -

Та хотоод ирж ганданг үзэж байв уу?

Дарьсүрэн -

Хотод оо? Би чинь хотод ганданд 2,3 л очсон байх.

Саранцэцэг -

Залуудаа юу?

Дарьсүрэн -

Бүүр энэ хүүхдүүдээс хойно. Энээ хүүхдүүдээ гарснаас хойш, 2 хүүгээ гарснаас хойш, нэг очсон юм уу, 2 очсон юм уу.

Саранцэцэг -

Таны бодлоор шашин төрд нөлөөлдөг юм бол уу?

Дарьсүрэн -

Мэдэхгүй, нөлөөлдөг юм уу, үгүй юу. ерөөсөө мэддэггүй.

Саранцэцэг -

Заа за. Монголд нэг нэгдэлжих хөдөлгөөн бий болсон доо. Нэгдэл гэж анх байгуулагдаад тэр үеэр нэгдлийн гишүүн болоход ямар журмаар гишүүн болгож байсийм. Хурал мурлаар оруулж байсан уу, эсвэл сайн дураараа нэгдэлд оръё гээд очиход ямар журмаар нэгдэлд элсүүлдэг байсан бэ?

Дарьсүрэн -

Ёстой тэрнийг бол манайх мэдэхгүй.

Саранцэцэг -

Та ер нь сонсож байгаагүй юу?

Дарьсүрэн -

Нэгдэлд орж байгаа юм л гэж сонссон болохоос, манайх энд аймгийн төв дээр ирчихсэн байсан, мэддэггүй. Лав л манайх нэг хэдэн үхэртэй байсан чинь албан хаагч нарт мал байлгахгүй гээд манайх үхрээ алга хийж байсан.

Саранцэцэг -

Танайх ах дүүгээс нэгдлийн гишүүн болсон хүн байхгүй юу?

Дарьсүрэн -

Байсан, байсан. Ганц нэг айл байсан.

Саранцэцэг -

Нэгдэлд элсэхдээ мал нийгэмчилдэг байсан юм билээ ш дээ?

Дарьсүрэн -

Тэгдэг гэсэн.

Саранцэцэг -

Тэр талаар мэдэх үү,та?

Дарьсүрэн -

Би тийм юм ерөөсөө мэдэхгүй.

Саранцэцэг -

Хүмсүүд малаа нууж байсан тухай ч сонсч байгаагүй юу?

Дарьсүрэн -

Өө морь мал нуучихсан байна, фронтод өгөхөд. Модонд уячихсан л байдаг байсан. Тэгэхэд чинь фронтод өгнө л гэдэг байсан. Фронтод мал авдаг байсан байхаа тийм. Мал авч байна гээд л шөнө туугаад явж байна, хотноос хонь аваад явж гээд л намайг жаахан байхад.

Саранцэцэг -

Нэгдэл гэж гарахаас өмнө хөдөө байсан малчин айлуудын амьдрал дараа нь хэр дээшилсэн бэ, өөрчлөгдсөн үү?

Дарьсүрэн -

Ёстой мэдэхгүй. Сайхан болсон байлгүй мэдэхгүй.

Саранцэцэг -

Та наашаа аймаг руу ороод ирсэн болохоор нэгдлээс хол байж тээ?

Дарьсүрэн -

Тийм.

Саранцэцэг -

Таны бодож байгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн байдал ер нь яаж өөрчлөгдсөн бэ? Одоотой харьцуулахнаа. Таны бага залуу үед эрэгтэй эмэгтэй улсууд ямархуу байсан бэ?

Дарьсүрэн -

Өө мэдэхгүй ёстой, ямар ч байсан юм б дээ.

Саранцэцэг -

Эмэгтэй хүмсүүдийн нийгэмд эзлэх байр суурь нь, эрх мэдэл нь?

Дарьсүрэн -

Ёстой байдаггүй байсан байлгүй. Галаас дээш гардаггүй, хадмынхаа дээшээ гардаггүй, тооно гэж байхад чинь тоононы баганаас өөдөө хадмуудынхаа галын дээр гардаггүй, өө хадам ирж байна, малгай аваад ир, гутал аваад ир гээд л толгой түрүүгээ нуудаг тийм л байсан. Тийм л улсууд байдаг байсан даа, миний хүүхэд байхад чинь. Миний гутал аваад ир, малгай аваад ир, хадам ах ирж байна, хүүхэд байхад тийм юманд л их гүйдэг байлаа. Тийм л байсан. Тэгээд л гал бурханд нь мөргөсөн, галаас өөдөө гардаггүй, эмэгтэй улсуудыг л нэг бузар хүн шиг л байдаг байсан лав л. Тэгдэг л байсан.

Саранцэцэг -

Социализмын үед эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлого гэж явж байсан уу?

Дарьсүрэн -

Ёстой мэдэхгүй.

Саранцэцэг -

Тэр албан байгууллага дээр чинь эмэгтэйчүүдийн зөвлөл мөвлөл гэж ажилладг байсан уу?

Дарьсүрэн -

Байсан байсан.

Саранцэцэг -

Тэр ер нь юу хийдэг байсан юм, ямар үйлй ажиллагаа явулах уу?

Дарьсүрэн -

Тэр чинь тэгээд яахав өнөө эвлэлийн гишүүн мишүүн гээд тэгээд л их л хуралдаж бариад л, семинар юм хийдэг тэгдэг л байсан ш дээ. Би бас нэг тийм юманд явж л байсийм. Гэхдээ бараг мэдэхээсээ мэдэхгүй нь их. Хурал цуглаанд явдаг л байсан. Дугуйлан юманд явдаг л байсан.

Саранцэцэг -

Та хэдэн настайдаа хөгшинтэйгээ суусан юм?

Дарьсүрэн -

Ёстой мэдэхгүй ер нь. 20 хүрсэн л байсан байх. Тэгдэг л байсан байх дөө.

Саранцэцэг -

Тэгээд наана аймагт орж ирээд сургуульд үйлчлэгч байлуу?

Дарьсүрэн -

Тийм, сургуульд ажиллаж байсан.

Саранцэцэг -

Таныг тэр сургуульд ажилд ороход хэн таныг хэлж оруулсан юм? Та өөрөө явж очиж орсиймуу?

Дарьсүрэн -

Өөрөө яагаад билээ, артельд байсан би уг нь, сургуульд орохоос өмнө. Бугатад артельд байсийм. Тэгээд манай хөгшин энд ирээд л, тэгээд л ажилгүй байж байгаад сүүлд нэг ажил хиймэр болоод л, тэгээд7 жил сургуульд цэвэрлэгч хийсэн.

Саранцэцэг -

Тэр артелийнхаа тухай ярьж өгөөч надаа ?

Дарьсүрэн -

Артельд би 2-хон жил болсийм. Гутал оёдог, дээл оёдог манай хөгшин мастер хийдэг. Оёж барихыг заадаг

Саранцэцэг -

Артельд тэгээд олон хүн ажиллах уу?

Дарьсүрэн -

Өө нэг 10-аад 20-иод хүн байсан байх. Гутал оёчихдог, дээл оёчихдог, тийм л байсан даа.

Саранцэцэг -

Тэгээд тэрийгээ зарж борлуулдаг юм уу?

Дарьсүрэн -

Өө амьтан худалдаад авчихна. Тэр гутал мутлыг чинь хийсэн даруйд нь л хүн авчихна. Тийм л байсан.

Саранцэцэг -

Түүхий эд юмаа хаанаас авах уу?

Дарьсүрэн -

Энэ аймгаас л олж ирдэг байсан ш дээ. Аймагт тийм харьяаны газар байдаг юм уу хаашаа юм.

Саранцэцэг -

Мастер хийнэ гэхээрээ яадийн, удирдаж ажиллуулах уу?

Дарьсүрэн -

Тийм, удирдаж ажиллаж байсан. Тэгж оёж барихыг заадаг, тийм л байсан.

Саранцэцэг -

Та тэгээд юун дээр нь байсан юм?

Дарьсүрэн -

Би зүгээр ажилчингаар нь л. Гуталчин дээлчин хийгээд л.

Саранцэцэг -

Цалин мөнгө гэж авах уу?

Дарьсүрэн -

Авнөө. Одоо чухам хэдийг авдаг байсан юм мэдэхгүй. Хэдэн юм өгдөг л байсийм /инээв/.

Саранцэцэг -

Таны амьдралд тэр авч байсан цалин чинь хүрч байсан уу?

Дарьсүрэн -

Өө дээр үед чинь мал хямдхан. Манай том хүүг гарахад манай хөгшин 100 төгрөгтэй яваад 9 хонь туугаад ирж байсийм. Айлаас л мал аваад л. Сумын төв дээр хүүхэд гаргачихаад л тэгэхэд чинь мал хямдхан байсан.

Саранцэцэг -

Ер нь бол юм хямдхан байсан юм биш үү?

Дарьсүрэн -

Юм их хямдхан байсан юм чинь.

Саранцэцэг -

Гурил цай хэд байх уу?

Дарьсүрэн -

Гурил мурил чинь ер нь хямдхан байсан юм биш үү,

Саранцэцэг -

Шуудай гурил нь хэд үү?

Дарьсүрэн -

70 кг-ийн гурил чинь хэд байсан юм бол, хэд байсан билээ дээ,мэдэхгүй.

Саранцэцэг -

Бүр хүүхэд байх үеийг ярьж байна уу?

Дарьсүрэн -

Тийм.

Саранцэцэг -

Юм хомс үед юу идэж хэрэглэдэг байсан?

Дарьсүрэн -

Тариа . Тариа тарина.

Саранцэцэг -

Хөдөөний айлууд ихэнх нь тариа тарих уу?

Дарьсүрэн -

Тариа тарина, тариагаараа хөц хийж иднэ. Тарианаасаа нэгнээсээ худалдаж авна, тэгээд л тариагаар тэгээд л амьдардаг. Гар тээрэм. Тариагаа хуураад л тарианы гурил хийгээд л идчихнэ. Хөц хийгээд идчихнэ, тарианыхаа гурилаараа. Тиймэрхүү байсан.

Саранцэцэг -

Үнэтэй юу, зарж борлуулахдаа. Цагаан сараар боовоо хийж чадах уу?

Дарьсүрэн -

Хийнээ, хийнэ. Цагаан сараар боов хийдэг, биендээ өгдөг. Дэр үед чинь үүц, өвчүүгээ бие биедээ дамжуулаад л, ганзаглаад л яваад байдаг байсан ш дээ, ах дүү улсууд чинь. Тэгж өгдөг байсийм.

Саранцэцэг -

Хүнсний ногоо тариалдаг байсан уу?

Дарьсүрэн -

Ногоо ёстой тарьдаггүй байсан байхөө. Ногоо ёстой дуулдаггүй байсан. Тариа л их тарьдаг.

Саранцэцэг -

Заа за та тэгээд артельд ажиллаж байгаад наашаа Бугат руу ороод ирж. Сургуульд таныг ажилтнаар авахдаа яаж авч байсан, шалгасан уу?

Дарьсүрэн -

Үгүй ээ, үгүй. Зүгээр л аваачаад л ажилд оруулчихдаг л байсан. Өргөдөл мөргөдөл бичдэг байсан байхөө дөө.

Саранцэцэг -

Хэдэн төгрөгний цалин авах уу?

Дарьсүрэн -

Үгүй ээ, тэгэхэд чинь мэдэхгүй хэдийг ч авдаг байлаа, өчүүхэн л юм авдаг байсан. 100 төгрөг авдаг байсиймуу, 180 төгрөг тиймэрхүү л юм авдаг байсан.

Саранцэцэг -

Сургуулийн захирал ямар хүн байсан бэ?

Дарьсүрэн -

Өө манай тэр захирал Пүрэвхүү ч л гэж байсан. Ишмаа гэж байсан. Бага сургууль байсийм.

Саранцэцэг -

Ер нь сургуулийн захирал доод тушаалын улсуудтай ямар харьцаатай байсан?

Дарьсүрэн -

Сайхан зантай л улсууд байсан.

Саранцэцэг -

Эрх мэдэл хэтрүүлэх үү?

Дарьсүрэн -

Мэдэхгүй, тийм юм байдаггүй байхаа. Намайг ..., Норов гэж сайхан зантай хүн байсан.

Саранцэцэг -

Социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага нь ямар байсан бэ?

Дарьсүрэн -

Юмаа сайхан цэвэрлэчихвэл болдог, өөрсдийнхөө хийх юмаа л хийчихвэл цааш нь загнана, хангинана гэх юм байх биш. Өөрийнхөө л юмыг хийчихвэл тэгээд л болдог.

Саранцэцэг -

Социализмын үед хүмүүс ажилд хандахдаа чин сэтгэлээсээ үнэнч ханддаг байсан уу?

Дарьсүрэн -

Ёстой үнэнч ханддаг байсан. Сайхан үнэнч ханддаг.

Саранцэцэг -

Одоогийн хүмсүүдийгхарж байхад ямар болж уу?

Дарьсүрэн -

Одоо ч мэдэхгүй хөл замбараа байдаг юм уу мэдэхгүй.

Саранцэцэг -

Ажил олдох уу?

Дарьсүрэн -

Одоо ажил олддог юм уу. Байхгүй байна ш дээ, муусайн хүүхэд бол хэрэг алга байна ш дээ. Одоо хүүхдүүдийн мөнгө гээд л авч л байна. Ажилгүй муусайн хүүхэд чинь юугаараа хүүхэд тэжээх юм бэ. Бид нар чинь болбол тэтгэвэр авчихна. Ямар ч байсан болоод л байна ш дээ. Ажилгүй хүүхэд л хэцүү байна ш дээ, гадуур ажилд нас заачихсан, ажил олддоггүй. Тэгээд одооны хүүхэд ажил хийхдээ залхуу болчихсон. Арын хаалга л гэх ямар өөдтэй юм байхав. Танил талаараа ах дүүгээрээ. Тийм л болчихсон юм байна ш дээ.

Саранцэцэг -

Та ер нь сургуульд ажиллаж байхдаа өөр ямар ажилд оролцдог байсан бэ?

Дарьсүрэн -

Өө тэр чинь сонин уншина өглөө чинь, лекцтэй. Очихгүй байж болохгүй.

Саранцэцэг -

Дугуйлан гэж байсан уу?

Дарьсүрэн -

Байсан.

Саранцэцэг -

Улс төрийн хичээл?

Дарьсүрэн -

Манай хөгшин лав тийм юманд явдаг л байсан юмдаг.

Саранцэцэг -

Иргэний хамгаалалт?

Дарьсүрэн -

Тийм юм байсан байхаа. Тийм юм дуулддаг л байсан.

Саранцэцэг -

Субботник?

Дарьсүрэн -

Субботник хийнэ.

Саранцэцэг -

Хэзээ хийх үү?

Дарьсүрэн -

Ажилгүй цагаараа л хийнэ. Тэрнээс ёстой зугтаж болохгүй ш дээ, субботникоос чинь.

Саранцэцэг -

Субботникт очихгүй бол яах уу, арга хэмжээнд орох уу?

Дарьсүрэн -

Загнуулдаг л байлгүй.

Саранцэцэг -

Хавар намарт сургуулийн хүүхдүүд намрын ажилд явдаг л байсан байх даа?

Дарьсүрэн -

Өө сайхан сангийн аж ахуйд явна. Сайхан тэрэнд явахад сайхан байдаг байсан. Тэр чинь ёстой тийм юманд чинь явж л байсан.

Саранцэцэг -

Багш нар бас хүүхдүүдээ аваад явдаг л байсан?

Дарьсүрэн -

Ёстой тийм, сайхан байсан, байсан.

Саранцэцэг -

Албан байгууллагын дарга ажилтны хоорондын харьцаа жирийн л байдаг байсан уу?

Дарьсүрэн -

Жирийн сайхан байдаг л байсан. Манайхан лав сайхан л байдаг байсан.

Саранцэцэг -

Таны ажил хийгээд явж байх үед хэцүү шантармаар зүйл тохиолдож байв уу?

Дарьсүрэн -

Үгүй үгүй. Тийм юм байдаггүй, өөрийнхөө л үүрэгтэй юмаа л хийчихвэл тэрнээс цааш нь юу болохов дээ. Тэгээд л сонин уншлага муншлага.

Саранцэцэг -

Та ер нь хэдэс хэдэн цаг хүртэл ажилладаг юм ?

Дарьсүрэн -

Өглөө 7-оос тэгээд л сургууль тартал л, ангиуд цэвэрлээд л тэгэд л яваад өгчихдөг. Цугаараа хүүхдүүд хуваарьтай л даа. Кавдрат метртэй газраа л цэвэрлэнэ л дээ. Тийм замбараагүй юм ч хийхгүй.

Саранцэцэг -

Тэр үед таны бодож байгаагаар одоо төр боловсролыг яаж удирдаж байсан гэж боддог вэ? Боловсролын систем тэр үед ямар байсан бэ?

Дарьсүрэн -

Өө хүүхэд чинь хүнээс айдаг ичдэг, багш нар явж байхад чинь хүүхдүүд багш явж байна гээд л нуугдаад л, монгол дээлтэй ч явдаг байлаа., татаж унагаачих гээд л айдаг ичдэг, тийм байсан. Одоо чинь айдаг ичдэг хүүхэд байдаг юм уу, байхаа байж, одогийн хүүхэд хүмүүжилгүй болчихсон. Тийм л болчихсон юм байналээ дээ, хүү минь.

Саранцэцэг -

Тэр үед чинь сургуульд сурахад мөнгө төлдөггүй байлаа, эмнэлэгт үзүүлэхэд мөнгө төлдөггүй байлаа?

Дарьсүрэн -

Үгүй. Үгүй. Одоо чинь ёстой өөрчлөгдчихөж.

Саранцэцэг -

Таны ажиллаж байсан сургууль 7 жилийн сургууль байсан уу?

Дарьсүрэн -

Бага сургууль, 4 жил байсан.

Саранцэцэг -

Заа, за. Та бага хүүхэд байхдаа кино мино үзэж байсан уу?

Дарьсүрэн -

Хөдөө байхдаа ямар юмаа үзэхэв. Хөгшинтэй нийлснээс хойш анхны шуудангийн жолооч нар чинь шууданд явахдаа 49 оноос эхлээд киног аймгийн дарга жолооч нарын гэр бүл, биднүүс нэг газар очиж үздэг. Энэ клубээр л үздэг байх. Энд нэг жаахан улаан юу байсан байхаа. Кино үйлдвэр билүү дээ, жаахан улаан байшин. Одоо алга болсон байлгүй яав гэж. Тэнд л кино үздэг, өнөө ...,

Саранцэцэг -

Санадаг уу, юуны тухай үзсэн ээ?

Дарьсүрэн -

Одоо “Хонины найр” үздэг байсан лав л. Ямар юм билээ, сайхан сайхан кино. Үздэг л байсан, одоо. Тэгээд одоо цугийг нь мартчихаж. Шуудангийн жолооч нар чинь өнөө дарга нартаа аваачиж үзүүлдэг. Дугуй төмөр хайрцагтай.дөрвөлжин дугуй тийм хайрцагтай.

Саранцэцэг -

Уран сайханчдын тоглолт моглолт гэж явдаг тийм юхм үзэж байв уу?

Дарьсүрэн -

Бехтроол гэж юм тавьдаг л байсан дээр үед. Тэрнээс биш юм үзээгүй ээ, үзээгүй.

Саранцэцэг -

Та одоо анх радио сонссон оо санаж байна уу?

Дарьсүрэн -

Радио гэж манайх нэг их том дугуй хар радио тавьж л байсийм.

Саранцэцэг -

“Эх орон-52” гэж зайгаар ажилладаг уу?

Дарьсүрэн -

Үгүй. Зайгаар биш, шугамын радио. Нээх том тэр шляпан малгай шиг л тийм том радионууд л ирдэг байсийм. Тийм л юм үздэг байсан, гайхаж л байсан байлгүй яав гэж. Одоо ч тэгээд юм мартаа байгаад, мэдэх юмгүй болж, зөнөж байгаа юм уу.

Саранцэцэг -

Телевизор хэзээ үзсэн?

Дарьсүрэн -

Өө одоо удаж байна, хэзээнээс мэдэхгүй.

Саранцэцэг -

Аймагт орж ирсний дараа юу, та хэзээ телевиз худалдаж авснаа санаж байна уу ?

Дарьсүрэн -

Хөгшнийг байхад телевиз байгаагүй байхөө.

Саранцэцэг -

Үнэтэй байсан уу, телевизор. Эсвэл олддоггүй байсан уу?

Дарьсүрэн -

Гардаггүй байсан.

Саранцэцэг -

Таныг аймагт ирэхэд гадаадын хүмүүс ирж очдог энэ тэр байсан уу? Энд амьдардаг гадаадын иргэн гэж байсан уу?

Дарьсүрэн -

Ер нь байсан юм уу, байгаагүй байхаа. Ганц Таня гэж худалдагч л байсандаг, энэ дарга нарын дэлгүүр гэж байхад.

Саранцэцэг -

Дарга нарын дэлгүүрийн худалдагч нь орос хүн байсан юм уу?

Дарьсүрэн -

Мэргэжилтний дэлгүүр.

Саранцэцэг -

Тэгэхлээр мэргэжилтнүүд байдаг байжээ ?

Дарьсүрэн -

Тэгсэн юм байлгүй яав гэж. Таня гэж нэг шар авгай л байсан даг.

Саранцэцэг -

Тэр дэлгүүрт орж үзсэн үү?

Дарьсүрэн -

Өө тэр үед гоё гоё юм гээд л оросын дэлгүүрт байна гээд л ярьдаг байсийм. Гоё гоё юм байдаг байсаан. Одооных шиг тийм элбэг гоё юм байдиймуу, тэр чинь.

Саранцэцэг -

Юу авч байв?

Дарьсүрэн -

Би чамд нэг /хүүдээ хандав/ 45-н гутал. Оросын бахиал авч байсан. Танягаас тийм л юм авдаг байсан, таньдаг л байсан Таняг. Үнэгний арьс өгөөд л, арьс марьс элдэж өгнө.

Саранцэцэг -

Та оросоор яаж ийж байгаад ойлголцдог л байсан уу?

Дарьсүрэн -

Ямар юмаа ярихав дээ. Надаас юм авчихдаг над юм өгчихдөг л байсан юмдаг. Бас нэг сайндаа биш л дээ, Монхор гэж хөгшнийг нь хэн гэдэг байлаа, Түвдэн гэж байлуу, Түвдэн гэдэг байсан юмаа, шүүхэд нэг хүн. Тэрний авгай л тэрний цэвэрлэгч байсан, тэгээд өнөө найз болохоороо тэргээрээ татаад л хүүхэддээ юм авч өгч байгаам.

Саранцэцэг -

Тэр мэргэжилтний дэлгүүрээр дарга нар үйлчлүүлнэ, тиймээ?

Дарьсүрэн -

Тийм, өшөө хүн орохгүй.

Саранцэцэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэвэл ямар хүн байсан?

Дарьсүрэн -

Нэгдлийн дарга, ер нь дарга нар л байсан.

Саранцэцэг -

Дарга цэргийн хоорондын ялгаа их үү?

Дарьсүрэн -

Ёстой мэдэх юм алга тэрнийг.

Саранцэцэг -

Одоо ингээд дарга хүнийг гаднаас нь харахад за өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа юмс нь өөр үү?

Дарьсүрэн -

Бараг л ижил байдаг юм биш үү.

Саранцэцэг -

Жирийн ажилчидтайгаа ижилхэн л хувцасладаг уу ?

Дарьсүрэн -

Тийм дээ, ганц костюм пиджак л илүү өмсдөг байсан байх даа.

Саранцэцэг -

Одооны энэ дарга нарыг харж байхад ер нь өөр байх юм уу?

Дарьсүрэн -

Одоо чинь бараг л цугаараа дарга болчихсон юм шиг л цугаараа тийм адил болчихсон юм чинь одооны хүүхдүүд. Одоо тийм л болсон ш дээ, тэрнээс дээр үед чинь тийм л байсан ш дээ.

Саранцэцэг -

Та жолоочийн эхнэр болохоор машинд сууж үзсэн байна, танай нөхөр ямар машин барьж байсан бэ?

Дарьсүрэн -

ГАЗ-51.

Саранцэцэг -

Тээвэрт явах уу?

Дарьсүрэн -

Шууданд явна, дандаа. Ачаа ачдаг л байсан, гэхдээ ховор ачнаа.

Саранцэцэг -

Цалин өндөр авах уу?

Дарьсүрэн -

Бас л нэг шальдаггүй л байлгүй дээ. 200, 300 цаас авдаг юм байгаа биз. 500,600 авдаг юм уу мэдэхгүй л дээ.

Саранцэцэг -

Та 2- цалин нийлээд хуримтлал үүсгэж чадах уу ?

Дарьсүрэн -

Өө лав л юмаар дутдаггүй л байсан. Тэгэхэд юм хямд байсан юм чинь. Болоод л байдаг байсан. Тэгэхдээр болдог л байсан.

Саранцэцэг -

Олон хоногоор хөдөө гадаа их явах уу, нөхөр чинь?

Дарьсүрэн -

7 хоногт 2 шуудан гардаг байсан.

Саранцэцэг -

Аль руу явах уу ?

Дарьсүрэн -

Алтай сум бусад сумаар л явна. Манай хөгшин Алтай суманд л голцуу явдаг байсан.

Саранцэцэг -

Цэргийн албаа хаана хаасан юм, танай нөхөр чинь?

Дарьсүрэн -

Халх голын дайнд явж байж л хаасан биш үү. Тэгээд манай хөгшнийг нас бардаг жил Гонгор баатар ирчихээд Гонгор баатар ...Очиж байгаад чиний бүх юмыг хөөцөлдөөд өгье гэж байсийм, тэгэхэд энэ 2 хүүхэд бага байсан. Тэгээд л энэ чинь сургууль төгсч байсан байхаа, аавыгаа нас барахад. Тэгээд л хөөцөлдөж чадахгүй байсаар байгаад одоо болтол манай тэр хөгшний дайнд явж байсан юм байдаггүй юм. тэгээд л Гонгор баатар л ..Би чиний юмыг олж өгнө гэсэн, манай хөгшин л өнөө сансарт ниссэн хэн билээ..,

Саранцэцэг -

Гүррагчаа?

Дарьсүрэн -

Гүррагчааг нисч байхад л манай хөгшин намын гишүүн байсандаг. Монгол хүн сансарт нисч байна, буух гэж байна гээд л тэгдэг байсан. Тэгээд л Гүррагчаа буугаад л 7 хоногийн дараа л манай хөгшин нас барчихсийм. Тэгээд л Гонгор баатар чиний юмыг авчирч өгнө гэж байсан юм билээ, очоод өгнө гэсэн тэгээд хөгшин нас барчихдээр би чинь юм мэдэхгүй. Энэ хүүхдүүд үл хөөцөлдөж байгаад л тэгээд л өнгөрчихсөн. Одоо тэгэхдээр л хөгшнийхөө нэрийг гаргачих юмсан гээд л бодохийм.

Саранцэцэг -

Хөгшнийгөө өнгөрөхөөр та хүүхдүүдээ ганцаар өсгөжээ, гэрлээгүй юм уу?

Дарьсүрэн -

Үгүй, үгүй.

Саранцэцэг -

Танай 2 хүүхэд сургуульд суусан уу?

Дарьсүрэн -

Энэ л их сургууль төгссөн.наадах нь юу билээ дээ, сургууль төгссөн байхаа. Юу хийж байсан ч юм билээ дээ. 10 л төгссөн үгүй ээ тэгээд л сургуульд явуулахгүй л байхгүй юу. Аав нь явуулахгүй.

Саранцэцэг -

Яагаад явуулаагүй юм?

Дарьсүрэн -

Аав нь л явуулахгүй гээд л явуулаагүй байхгүй юу.

Саранцэцэг -

Тэрнээс биш хуваарь аваад явахаар байсан уу ?

Дарьсүрэн -

Тиймээ, цэргийн дээдэд яв гэж байхад явуулаагүй. Тэгээд л 10 төгсөөд Усны конторт ажиллаж байсийм, манай хүү. Тэгээд энэнийг төгсдөг жил нас барчихсийм тэгээд.

Саранцэцэг -

Та анх хэзээ хотод очиж үзсэн юм ?

Дарьсүрэн -

Би бүүр бага хүүгээ нэг том хүүгээ нэг бага шиг байхад нь нэг Тамчийн Тангаа гэж жолоочтой явж наадам үзэж байсийм. Хэдэн онд ч явлаа даа.

Саранцэцэг -

Анх хот орсон чинь ямар санагдав?

Дарьсүрэн -

47,48 онд л байх даа. Их л гоё санагдаад, тэгээд хот чинь нэг их юм байгаагүй ш дээ. Жаахан л газар байсан юм чинь. Одоо л бүүр замаа алдчихсан юм байхчүүлээ.

Саранцэцэг -

Хаагуур явсан тэгээд?

Дарьсүрэн -

Одоо тээврийн товчоо гэдэг юманд л манай нэг садангийн хүн байсан, тэнд л очоод л тэрүүнтэй л нэг наадам үзэж байгаад л, тэр уулын ам энэ тэрийн чинь тэргээр зүгээр явган явчихдаг, ойрхон л байдаг байсан чинь одоо зүгээр хүрээ гэж бараг айлгүй л шахуу байсан юм чинь хот чинь. Тэр Яармагийн тэнд наадам үздэг байсан.

Саранцэцэг -

Хотоор явж байхад гадаадын хүмсүүд таарсан уу?

Дарьсүрэн -

Өө оросууд явж л байсан байлгүй.

Саранцэцэг -

Хятад хүмүүс харсан уу?

Дарьсүрэн -

Харсан, харсан. Үзэж л байсан.

Саранцэцэг -

Аа танай аймагт харин хятад хүн байгаагүй юм байна тээ?

Дарьсүрэн -

Манай аймагт чинь хятад нэг ирж л байсан юм даг. Хятадууд ирж ажил хийдэг байсийм, артельд.

Саранцэцэг -

Ямар ажил хийдэг юм, тэд нар ?

Дарьсүрэн -

Артелийн мужаан энэ тэр л хийдэг байсан байх. Энд чинь гар үйлдвэрийн артель гэж байсан ш дээ. Тэрүүнд хятадууд ажил хийж байсан, шавар хийдэг. Тийм хятадууд л байсан манайхыг ирсэн хойно л. Доод 10 жилийн эхэлж шав тавьж байхад л манайх энд ирчихсэн байсийм.

Саранцэцэг -

Ер нь одоо гадны улстай монголчууд харьцаа нь хэр үү, хоорондоо?

Дарьсүрэн -

Ёстой мэдэхгүй. Өө тийм, Гоошмэн гэж нэг хятад манайд ирдэг байсийм. Тэгээд Сэнгээ гэдэг айлд очъё гээд. Сонгиноо үүрээд манайд ирэхгүй юу. Тэгээд нэг авгайтайгаа 2-лаа манайд нээх ирдийм. Нэг Ганочоо гэж хүүтэй. Тэгээд сүүлд нь зайлуул, манай ирдэг байж байгаад жирэмсэн болоод хүүхэд гарсан чинь нэг сохор хүү гарсийм. Тэгээд хоёулаа манайд ирнэ. Тэгээд л очихдээр хоол хийж өгнө. Тэгээд л усны хавиур хорхой гээд л тавьж өгдөг тийм. Нээх тийм хорхой тавьж өгдөг, тийм хятадынх байсан тэгээд. Бид нар ч нээх очдог, манай хөгшнөөс ....Сонгино байна уу гэснийг нь манай хөгшин дагуулаад очсон Сэнгээ гэдэг айлд очоод хөхрөөд унасан гэнэ ..Сонгино асуусанг нь хөгшин Сэнгээгийнд очъё гэж дуулаад тэнд очиж нэг их хөхрөлдөж байсан. Нэг тийм хятадууд нэг явдаг байсийм, нээрэн.

Саранцэцэг -

Монголоор уул нь нэг хагас хугас ярьдаг юм байгаа биз дээ?

Дарьсүрэн -

Ярьдаг юм байлээ.

Саранцэцэг -

Монгол эхнэртэй хятад улсууд олон байсан уу?

Дарьсүрэн -

Энэ Авдар хятад гэж нэг байсан, Чойр хятад гэж нэг байсан аймаг дээр. Цагаан хятад гэж нэг байсан. 3 хятад л байсан юмдаг.

Саранцэцэг -

Нээх ч олон байгаагүй юм байнаа?

Дарьсүрэн -

Тийм. Цугаараа л Халиун, Шарга хоёрын л хүргэн л байсан юмдаг.

Саранцэцэг -

Ер нь гадаад руу зорчдог, явдаг, гадаад оронтой харьцаа тогтоодог тийм боломж байсан уу?

Дарьсүрэн -

Мэдэхгүй, байсан байлгүй. Манай ээжийн нэг дүүгийн хүүхэд л Орост явж байна гээд л явдаг байсан.

Саранцэцэг -

Тэр сурсан уу?

Дарьсүрэн -

Мэдэхгүй ээ, сурч байсан юм байхаа даа. Сүүлд нь боловсролын хэлтсийн дарга байж байгаад л хотод тэтгэвэрт гарчихсан хөгшин байна. Манай ээжийн дүүгийн хүүхэд.

Саранцэцэг -

Оросуудад бол ам сайтай биз, таны ажиллаж байсан сургуульд орос багш гэж айгаагүй юм байна тээ ?

Дарьсүрэн -

Байгаагүй байгаагүй.

Саранцэцэг -

Бүр бага байхад сургуулийн дотуур байр гэж юм байсан уу?

Дарьсүрэн -

Байсан. Дотуур байрны хүүхэд гээд л байдаг л байсан юмдаг.

Саранцэцэг -

Сургулийн дотуур байрнаас хүүхэд оргож байсан тухай дуулж байв уу?

Дарьсүрэн -

Оргодог, оргоод гэдэг л байсан. Тийм. манайх тэгээд л суманд нээх удаагүй тэгээд л наашаа явчихсан юм чинь.

Саранцэцэг -

Тэр үеийн хүүхдүүд хүмүүжилтэй байжээ?

Дарьсүрэн -

Өө тийм, айдаг ичдаг, багшаас айдаг тийм л байсан.

Саранцэцэг -

Танд хотод очоод хотын амьдрал таалагдсан уу. Хотод байя гэж бодогдсон уу?

Дарьсүрэн -

Үгүй ээ тэгээд хөгжил гээд байхад байхгүй гээд хаачихав, сайхан нь сайхан.

Саранцэцэг -

Хотод юу нь хэцүү байсан, юу нь түвэгтэй санагддаг вэ?

Дарьсүрэн -

Өө одоо тэр мэдэхгүй байна. Би өөрөө нээх юм мэддэггүй болохдээр.

Саранцэцэг -

Гандан гарсан уу?

Дарьсүрэн -

Үгүй. ганц 2 гараад л, тэгээд л чадахаа байгаад л нүд юм үзэхгүй тэгээд л явъя ч гэдэггүй, хүүхэд ч явдаггүй тэгээд л. Явдаг ч үгүй, юм шүтдэг ч үгүй.

Саранцэцэг -

Ер нь одоо таны бага байх үеийн байгаль орчны байдал газар ус яаж өөрчлөгдсөн бэ?

Дарьсүрэн -

Хөөх, ямар сайхан байсан чинь одоо чинь газар ус ногоо гарахаа больсон. Тэгээд манай тэнд чинь .., манайх нэг Цагаан дэрс гэдэг газар байсан. Ингээд л дэрсэн дотроос нэг айл нь үхэртэй нэг айл нь тэмээтэй, бие биенийхээ малыг үздэггүй тийм байсан ш дээ. Дэрс нь тийм өндөр ургасан, тийм сайхан тийм газар байсийм. Одоо тэгээд бүүр юу ч гарахаа байсан.

Саранцэцэг -

Одоо тэгсэн?

Дарьсүрэн -

Одоо тэгсэн хур бороо ч муу ордог болж, өвс ногоо багадаад

Саранцэцэг -

Та энийг юутай холбоотой гэж боддог вэ?

Дарьсүрэн -

Мэдэхгүй дээ, энэ алт ухдагаас л болдог байлгүй дээ. Газар лусанд ямар өөдтэй байхав дээ, хөөрхий минь. Газар ухдаггүй хойшоо харсан булаг усанд хүрдэггүй тийм л байсандаг, миний багад. Одоо ч газар ус гардаг газар байдиймуу.

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдөж гэнээ гэж сонсов уу? Одоо өмнө нэрлэж байсан газрын нэр өөрчлөгдөөд тэр болж гэж?

Дарьсүрэн -

Үгүй. Дуулаагүй, дуулаагүй

Саранцэцэг -

90 онд ардчилал ардчилсан хувьсгал гээд л гарлаа ш дээ. Тэрнийг та телевизээр харав уу. Жагсаал цуглаан болоод л ?

Дарьсүрэн -

Өө нэг ..,

Саранцэцэг -

Танай хүүхдүүдээс оролцсон уу цуглаан юманд ?

Дарьсүрэн -

Оролцдоггүй л байлгүй, мэдэхгүй.

Саранцэцэг -

Тэр ардчилал гараад яах юм гэж хүмүүс ярьдаг байсан, та юу гэж бодож байсан. Юу хүлээж байсан бэ?

Дарьсүрэн -

Би юу ч боддоггүй юу ч мэддэггүй.

Саранцэцэг -

Ардчилал гарснаас хойш таны амьдралд өмнө байснаасаа өөрчлөлт гарсан уу, өдөр тутамд?

Дарьсүрэн -

Үгүй мэдэхгүй юмаа. Энэ хэдэн хүүхдийнхээ буянд юмаар дутахгүй юмаар яадаггүй болохдээр би юу ч мэддэггүй. Тэгээд л хэдэн хүүхдийнхээ буянд тэгээд л онгоцоор нааш цаашаа хот луу явчихаад л, энэ хооронд тэгээд. Би юмаар дутлаа, зовж байна, зүдэрч байна гэх тиймгүй, амьтан муулж л байх юм, би тийм юм мэддэг ч үгүй.

Саранцэцэг -

Ардчилсан хувьсгал гараад жагсаал цуглаан болж, өлсгөлөн зарлаж байсан. Тэр жагсаалд эрэгтэй эмэгтэй улсууд яаж оролцож байсан бол, эрэгтэй нь дийлэнх үү, эмэгтэй нь дийлэнх үү?

Дарьсүрэн -

Өө мэдэхгүй, мэдэхгүй.

Саранцэцэг -

Тэр талаар мэдээгүй юу. Ардчилал гарсны дараа өмч хувьчлал гээд болсон. Ягаан цэнхэр тасалбар гээд айлуудаар тараасан даа, та тэрийгээ авсан уу?

Дарьсүрэн -

Аа тийм тасалбар тараасан. Тэгээд мэдэхгүй ээ, чухам хүүхдүүд аваад том хүүгийнх аваад яасан мэдэхгүй ээ.

Саранцэцэг -

Тэрийгээ юм болгоогүй юм шив дээ ?

Дарьсүрэн -

Нэг хүнд өгөөд тэрийг нь алга хийчихсэн гэсэн байхөө. Юу ч мэдээгүй тэрнээс чинь.

Саранцэцэг -

Хувьчлалаар танд ер нь оногдсон юм гэж байна уу?

Дарьсүрэн -

Над ерөөсөө тийм оноогдсон юм байдаггүй байхаа мэдэхгүй.

Саранцэцэг -

Таны байр орон сууц өөрийн чинь нэр дээр хувьчлагдаж ирсэн үү. Гэрт байсиймуу?

Дарьсүрэн -

Би гэрт амьдарч байсан, одоо хүртэл миний тэр жаахан гэр байгаа.

Саранцэцэг -

Зарим улсууд өмч хувьчлалаар их өмчтэй болсон гэж ярьдаг ш дээ. Тийм улсууд ямар замаар хөрөнгө хуримтлуулсан байх уу, тэр талаар?

Дарьсүрэн -

Мэдэхгүй би яаж мэдэхэв. Надад хамаа байхгүй юмыг би мэддэг ч үгүй, тоодог ч үгүй.

Саранцэцэг -

Хувьчлал эрэгтэй эмэгтэй улсуудад ялгаатай болсон гэж сонсч байв уу?

Дарьсүрэн -

Үгүй үгүй. мэдэхгүй.

Саранцэцэг -

Ерөөсөө та тэр талаар мэддэггүй юу?

Дарьсүрэн -

Мэддэггүй.

Саранцэцэг -

Заа хотод очоод хотыг биширч байгаад хүрээд ирсэн үү, хамгийн сүүлд хэзээ хот явсан ?

Дарьсүрэн -

Өө би 9 сард..., худлаа хэлж байна /инээв/. 7 сард ирсэн юм байлгүй дээ.

Саранцэцэг -

Хотын амьдралаас таатай санагдсан, таагүй санагдсан юм байвал хэлэхгүй юу?

Дарьсүрэн -

Мэдэхгүй ээ, энэ 2 хүүхдийн буянд юмаар дутдаггүй болохоор ямар нь таатайв мэддэггүй./Бэр нь: Сүү хямдхан гээд байсан даа / өө тийм билүү, манай эндхээс сүү нь хямд юм билээ хөөрхий.

Саранцэцэг -

Та хамгийн анх онгоцонд сууж байсан тухайгаа ярих уу?

Дарьсүрэн -

Хамгийн анх онгоцонд сууж байхдаа энэ 250 цаасаар суудаг байсан ш дээ, онгоц чинь.

Саранцэцэг -

Говь-Алтай-Улаанбаатар уу?

Дарьсүрэн -

Тийм, 250 цаас байсийм. Тэгээд одоо мэдэхгүй одоо талийсан юм гэсэн. Литр бичүүлэхгүй юм, мэдэхгүй. Суухаа л мэддэг, явахаа л мэддэг, бусдыг мэдэхгүй. /инээв/ Лав л нэг тэгж явж л байсандаг, тийм онгоцоор

Саранцэцэг -

Социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого гэж байсан уу?

Дарьсүрэн -

Ёстой мэдэхгүй, тийм юм юу байдийм.

Саранцэцэг -

Хөдөлмөрийн насны гэр бүл болоогүй иргэдээс татвар авдаг байсан гэсэн ш дээ ?

Дарьсүрэн -

Өө нээрээ тийм, хүүхэдгүй татвар гээд авдаг байсан гэж нэг дуулж байсан юмаа. Тэгж дуулж байсан юм байна .

Саранцэцэг -

4 хүүхэдтэй айлд хүүхдийн мөнгө гэж олгодог байсан уу?

Дарьсүрэн -

Олгодоггүй байсан ш дээ. 4 хүүхэдтэй гээд өгдөггүй байсан байх. Өгдөггүй өгдөггүй. Олон хүүхэдтэй улс л авдаг байсан юм биш үү.

Саранцэцэг -

Олон хүүхэаэдтэй хүн авдаг байж тээ?

Дарьсүрэн -

4 хүүхэдтэйд өгдөггүй байхаа. Манай хэнийх авдаггүй санагдаж байна.

Саранцэцэг -

Олон хүүхэдтэй хүнд ямар нэг хөнгөлөлт юм үзүүлэх үү, төрөөс?

Дарьсүрэн -

Тийм юм байдиймуу, ёстой бүү мэд.

Саранцэцэг -

Социализмын үед ёстой сонсоогүй юу. Аа харин эмэгтэйчүүдийг одонгоор шагнадаг байсан уу, олон хүүхэдтэй бол ?

Дарьсүрэн -

”Эхийн одон” гэж өгдөг байсан байх.

Саранцэцэг -

Аа эхийн 1,2-р одон?

Дарьсүрэн -

Тэр л байлгүй яав гэж.

Саранцэцэг -

Мөнгө дагалдаж олгох уу?

Дарьсүрэн -

Ёстой мэдэхгүй.

Саранцэцэг -

Ажил хийж байх үед декрет гээд жирэмсний чөлөө гэж олгодог ш дээ?

Дарьсүрэн -

Тэгж авдаг байсан юм уу, авдаггүй байсан байхаа.

Саранцэцэг -

Та ажилгүй байж байх үедээ 2 хүүхдээ төрүүлсэн юм уу?

Дарьсүрэн -

Би артельд байсан ш дээ, тэгээд өгдөг байсан юм уу, өгдөггүй байсан юм уу, өгдөггүй байсан байхөө. Лав л декрет авдаггүй байж байгаад л ажил хийж байгаад л хүүгээ гаргаж байсан юмдаг. энэ 2 хүүхдээ. За энийг гарч байхад ажилгүй байсан билүү дээ. Өнөө энэ хүүхэд өсгөж байна гээд л.

Саранцэцэг -

Таны бага ахуй үеинй сургууль одоогийн сургуулийн хооронд их ялгаатай та тэр талаар тодруулж ярихгүй юу. Дээр үед чинь формын хувцас өмсдөггүй л байсан шүү дээ?

Дарьсүрэн -

Тийм,сурах бичиг нь ховор дэвтэр олдоггүй. Тиймэрхүү л байсан, харандаагаар юм бичдэг. Балын харандаа.

Саранцэцэг -

Балын харандаа ч тэгээд олдох нь ховор уу?

Дарьсүрэн -

Хортой харандаа гээд байсан. Чернилээр бичдэг байсан, хүүхдүүд чинь.

Саранцэцэг -

Би сонсохдоо хортой харандааны балыг сугалж аваад нунтаглаж байгаад устай холиод чернил найруулдаг гэж ?

Дарьсүрэн -

Тэгдийм. Гэхдээ бас нэг жаахан ууттай тийм балын хор нь ирдэг байсиймаа. Чернил хийгээд чернилийн саванд хийгээд бичдэг байсан юм. Төмөр үзгээр, хошуутай, дүрж бичдэг.

Саранцэцэг -

Ер нь үздэг хичээл нь монгол хэл тоо, өөр юу байсан юм б дээ. Зураг гэж ордогбайсан юм уу даа ?

Дарьсүрэн -

Зураг гэж ордог байсан байхаа. Биеийн тамир бас.

Саранцэцэг -

Багш нар олон уу, тэр үед. Нэг бага сургууль байлаа гэхэд хэдэн багш байдаг юм б дээ, захиралтайгаа нийлээд ?

Дарьсүрэн -

Захиралтайгаа нийлээд миний тэр байсан сургуульд 7 л байсандаг.

Саранцэцэг -

Манаач галч, дотуур байрны нэг багш уу?

Дарьсүрэн -

Дотуур байранд хүүхэд авдаггүй байсан

Саранцэцэг -

Тэгээд хөдөөнөөс ирсэн хүүхдүүд таних айлгүй бол хаана суух уу?

Дарьсүрэн -

Мэдэхгүй л дээ.Суурь байсан байлгүй дээ, гэр орондоо л байсан байлгүй. Хөдөөний хүүхэд байдаг л байсан. Айлуудаар л манайд л лав хүүхдүүд төгсдөг л байсандаг.

Саранцэцэг -

Одооны хүүхдүүд ер нь ямар болж уу, дээр үеийн хүүхдүүдээс хүмүүжлийн хувьд?

Дарьсүрэн -

Хүмүүжил байхгүй болсон

Саранцэцэг -

Мэдлэг, боловсролын хувьд?

Дарьсүрэн -

Одооний хүүхэд чинь жаахнаасаа л мэдэхгүй ч юм алга л байна. Одоо ч сүрхий болчихсон юм, хүүхдийн ухаан чинь. Сонин болчихсон юм.

Саранцэцэг -

Эцэг эхтэйгээ харьцаж байгаа байдал нь ямар байна?

Дарьсүрэн -

Одооны хүүхэд ч мэдэхгүй дээр үеийн хүүхэд шиг юм байдиймуу даа, бараг ч ховор байдаг байхаа даа.

Саранцэцэг -

Одоо хөдөөнөөс хүүхдээ хот руу сургуульд явуулахад эцэг эхэд нь хэцүү л байдаг байх даа?

Дарьсүрэн -

Хэцүү л байдаг биз, араас нь санаа зовоод л хөөрхий. Зовдог л байлгүй хөөрхий.

Саранцэцэг -

Сумын сургуульд хүүхдээ дотуур байранд өгөхөд түлээ түлш, мах юм өгдөг юм уу?

Дарьсүрэн -

Дээр үед чинь өгдөг байсан ш дээ. Гэрээс нь авдаг байсийм. Хүүхдийн түлээ хүүхдийн хоол гэж авдаг байсийм.

Саранцэцэг -

Тэр нь нэг л удаа өгөх үү?

Дарьсүрэн -

Нэг л удаа өгч авдаг. Өгдөг л байсийм.

Саранцэцэг -

Таны одоо сургуульд авч байх үед гавьяа, шагнал авч байсан юм байна уу?

Дарьсүрэн -

Байна. Над бол баярын бичиг зөндөө л байна.

Саранцэцэг -

Таны ажил хийж байх үед хэцүү зүйл байгаагүй юу?

Дарьсүрэн -

Байхгүй байхгүй.

Саранцэцэг -

Танд ямар нэг дурсгалтай эд зүйл байдаг уу? Дээр үеэс ирсэн таны нандигнадаг тийм юм байсан уу?

Дарьсүрэн -

Тийм юм ч над юу байхав дээ.

Саранцэцэг -

Та төрийн бус байгууллага гэж мэдэх үү?

Дарьсүрэн -

Мэдэхгүй

Саранцэцэг -

Та одоо хувийн хэвшлийн газрууд бусад эмэгтэйчүүдийн ч юм уу намын ч юм уу эвлэл ч юм уу байгууллагатай харьцаж байсан уу?

Дарьсүрэн -

Үгүй үгүй.

Саранцэцэг -

Заа би одоо танаас хамгийн сүүлийнхээ асуултыг асуух гэж байна. Монголчууд дээр үеэс нас барсан улсуудаа яаж оршуулдаг зан үйлтэй байсан болоо, одоо яаж өөрчлөгдөөд байна вэ, таны бодлоор? Оршуулгын зан үйл яаж өөрчлөгдөж байна?

Дарьсүрэн -

Дээр үед ч одоо зүгээр л аваачаад ил л тавьчихдаг байсан бишүү.

Саранцэцэг -

Хаана, дуртай газраа юу?

Дарьсүрэн -

Хүн тавьдаг газар л. Хүн тавьдаг газар гэж тусгай байдаг ш дээ. Манай тэнд тэгдэг л байсийм.

Саранцэцэг -

Лам хар дагуулж очих уу, яах уу?

Дарьсүрэн -

Лам дагуулж очноо, манайх ч өөрөө ламтай байсан болохоор манай тэр нагац нар л явж барьж л мэдэж тавьдаг л байсандаг.

Саранцэцэг -

Эхлээд газар усаа тогтоож авна ш дээ, тэгээд ямар нэг тавих ёс гэж байх байлгүй дээ, чулуу дэрлүүлдэг ч юм уу?

Дарьсүрэн -

Аа тийм, чулуу дэрлүүлнэ.

Саранцэцэг -

Наран ээвэр газар луу харууулж..,?

Дарьсүрэн -

Тийм, эрэгтэй хүнийг тийш нь харуулна, эмэгтэй хүнийг тийш нь харуулна гээд л ярьдаг л байсан, би тэгээд дуулахаас цаашгүй. Мэдэх юм байхгүй.

Саранцэцэг -

Хөдөө ч одоо дээр үед машин тэрэг гэж байх биш, тэмээнд л одоо ..?

Дарьсүрэн -

Тэмээнд тэгнэж харганад аваачиж оршуулдаг. Лав л нүүр нүдийг нь хадгаар л боодог л, хадгаар тоглодоггүй л гэдэг байсан тийм л байсандаг.

Саранцэцэг -

Сүүлд одоо хайрцаглаж, нүхэнд булж, хөшөө тавьж оршуулдаг болсон ш дээ, оршуулгын газар. Тэр одоо оросуудаас сурсан зан үйл юм уу, өмнө тийм юм байгаагүй биз дээ?

Дарьсүрэн -

Мэдэхгүй л дээ, бага байхад чинь манай тэнд чинь одоо хасагийн бунхан гээд л ийм чулуу мулуу босгочихсон л, чулуугаар дарчихсан, хүн тавьчихсан 4,5-аар нь тавьчихсан, тийм газар байдаг л юм билээ.

Саранцэцэг -

Хаана?

Дарьсүрэн -

Манай тэр нутагт тийм юм байдийм ш дээ.

Саранцэцэг -

Аль суманд уу?

Дарьсүрэн -

Бугатад. Тэр цаашаа юугаар чинь зөндөө тийм оршуулгын газар мазар байдаг ш дээ. Хот мотод чинь тийм юм зөндөө л байдаг юм байх чинь билээ.

Саранцэцэг -

Хасагийн бунхан гэж хэлсэн тиймээ?

Дарьсүрэн -

Хасагийн бунхан гэдийм манай тэнд. Зөндөө байдаг байсан. Зүгээр монгол хүнийг бол зүгээр аваачаад тавьчихдаг байсан.

Саранцэцэг -

Одоо чинь чандарладаг гэдэг болж?

Дарьсүрэн -

Өө тэгж дуулдсан.Дуулж л байхийм даа.

Саранцэцэг -

Одоо ер нь сүүлд яаж оршуулдаг бэ, танай энэ аймагт нийтийн оршуулгын газартай тээ?

Дарьсүрэн -

Тийм байлгүй

Саранцэцэг -

Одоо эсгийнд ороогоод ямар ч хөшөө босголгүйгээр оршуулдаг болсон гэж ярих юм билээ?

Дарьсүрэн -

Тэгдэг байлгүй мэдэхгүй л дээ.

Саранцэцэг -

Ер нь одоо таныг одоо бага ахуй үеэс хойш одоог хүртэл эмэгтэйчүүдийн байдал, эрэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ?

Дарьсүрэн -

Өө ёстой мэдэх юм алга.

Саранцэцэг -

Эрэгтэйчүүдийн эрх мэдэл, байр суурь ямар байсан, социализмын үед? Төр, нийгмийн ажилд эрэгтэйчүүд голдуу ажилладаг байсан биз дээ?

Дарьсүрэн -

Эрэгтэйчүүд л голдуу. Төрийн ажил хийж байсан эмэгтэйчүүд байдаг байсан юм уу даа. Одоо ч тэгээд цугаараа сайхан болчихсон юм.

Саранцэцэг -

Ер нь эмэгтэй эмэгтэй улсуудын талаар явуулсан төрийн бодлого гэж танд бодогдохгүй байна уу, таны амьдралд нөлөөлж байсан уу?

Дарьсүрэн -

Бодохгүй байна. Байхгүй байхгүй.

Саранцэцэг -

Би танаас асуух асуултуудаа асуусан. Та асуух бол уу гэж бодож байсан асуулт байна уу ?

Дарьсүрэн -

Байхгүй.

Саранцэцэг -

Хойч залуу үедээ хэлмээр захимаар юм байна уу, танд?

Дарьсүрэн -

Байхгүй.

Саранцэцэг -

Хүүхдүүддээ захиж хэлмээр?

Дарьсүрэн -

Өө одоо юм алга шив дээ. Эвтэй найртай тийм л байвал сайхан.

Саранцэцэг -

Та хөгшнийхөө талаар яриад ярилцлага дуусгах уу. Хөгшнөө дурсаад?

Дарьсүрэн -

Манай хөгшин намын гишүүн хүн байсан. Артелийн масер хүн байсан. Дандаа л сонин уншдаг, ном уншдаг, дандаа л намын гишүүдийн юугаар дандаа л сайн гэгддэг. Тийм л хүн байсийм даа. Архи уусан нэг жаахан л ууна. Архи уугаад хүн дуугараад хэрэлдвэл шалавхан ирээд л унтчихдаг. Хүнтэй хэрэлдэнэ барина ч гэж байдаггүй. Тийм л хүн байсийм. Явъя харья хоёулаа төвөг зүгээр гээд л дуугардаггүй. Тийм л байсан.

Саранцэцэг -

Дайнд оролцож байсан тухайгаа дурсамж яриа ярьдаг байсан уу, та тэр талаар?

Дарьсүрэн -

Дайнд явж байсан л гэдийм. Дайнд явж байхдаа онгоцны жолооч болох гээд нэг үзсэн гээд л ярьдаг байсан. Тэр манай хөгшин цэргээс халагдаад ирэхдээ юугаар билээ нэг юмаар шагнуулсан юмаа. Би тэрийгээ сайн тогтоогоод авдаггүй яаваа гээд л нэг ярьдаг байсан. Тэгээд тэр нь юу байсийм. Тиймэрхүү юм л ярьдаг байсан.

Саранцэцэг -

Их хэцүү байсан гэж ярьдаг байсан уу?

Дарьсүрэн -

Их хэцүү, ёстой хэцүү байсан гэж ярьдаг байсан. Нэг өглөө боссон худганд хор хийсэн байсан гээд л их л юм ярьдаг байсан.

Саранцэцэг -

Одоо амьд байсан бол зөндөө их юм ярих байж тээ ?

Дарьсүрэн -

Одоо амьд бол зөндөө их юм ярьж алдар нэр нь хүртэл гарчихсан л байж байхгүй юу. Одоо тэр чинь ахмад дайчин гээд л. Одоо тэгээд тэрнийг нэг тодорхойлолт юм авбал нэрийг нь гаргачих юмсан гээд л бодхийм. Тиймэрхүү л байх юм даа. Би тэгээд л тэгдийм миний амны хишиг дутсан юм, талийгаачийн тэр нэр нь хүртэл алдаршсан байхгүй юу гээд л боддийм. Гонгор баатар л тэгж байсан юм гэнэлээ ...Чиний юмыг 7 хоногийн дараа бүтээгээд явуулчихнаа гээд л.

Саранцэцэг -

Таны нөхрийн нэр хэн билээ ?

Дарьсүрэн -

Банзрагч.

Саранцэцэг -

Заа, таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Дарьсүрэн -

Заа,зүгээрээ хүү минь би чамд их баярлалаа.

Саранцэцэг -

Та эрүүл энх байгаарай, урт улдаан наслаарай.

Дарьсүрэн -

Болбол миний хүү манай хөгшний юмыг над болбол нэг дурсаад зах зухыг нь яагаад хөөцөлдөхийг мэдээд өгөөрэй.

Саранцэцэг -

Тиймүү, надаас их л хол л сэдэв байна даа. Заа их баярлалаа. Ингээд ярилцлагаа дуусгая.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.