Mendnasan


Basic information
Interviewee ID: 990568
Name: Mendnasan
Parent's name: Dalh
Ovog: Hoid
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education: nurse
Work: herder
Belief: Buddhist
Born in: Sharga sum, Govi-Altai aimag
Lives in: Yosonbulag sum (or part of UB), Govi-Altai aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
herding / livestock
collectivization
illness / health
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа, сайн байна уу, та. Заа, сайхан намаржиж байна уу?

Мэнднасан -

Сайхан намаржиж байнаа, заа миний хүү ажил үйлсдээ сайн явж байна уу?

Саранцэцэг -

Өө сайн явж байна. Одоо би танд аман түүхийн төслийн талаар танилцуулсан болохоор ярилцлагаа эхлэх гэж байна. Тэгэхлээр та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Таныг хэн гэдэг вэ, хэдэн онд төрсөн бэ, аль нутгийн хүн бэ ?

Мэнднасан -

Миний нэрийг Мэнднасан гэдэг, Шарга суманд төрсөн Говь-Алтай аймгийн. Аа миний нас бол 1947 онд төрсөн.

Саранцэцэг -

Заа, эцэг эх чинь ямар улсууд байв?

Мэнднасан -

Аа миний эцэг эх малчин хүмүүс байсан. Миний аавыг Далх гэдэг. Аа миний ээжийг Должинжав гэдэг. Малчин улсуудаа.

Саранцэцэг -

Аан, танайхан яадийм, Шарга сумандаа байсан уу, бүр хөдөөнөө юу?

Мэнднасан -

Хөдөөнөө, бүр багт байсан..

Саранцэцэг -

Заа та бага насныхаа тухай гэр орныхоо байдлыг ярьж өгөөч, айлын хэд дэх хүүхэд үү, яаж шуу амьдарч байв, хүүхэд нас чинь яаж өнгөрөв?

Мэнднасан -

Би 4 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь хүүхэд нь ээ. Бага сургуульд суутлаа аав ээжийн гар дээр бойжиж байгаад, би 58 онд 1-р ангид орж суралцсан. Харганатын амын бага сургууль гэдэгт нь Шарга сумын одоо Харганатын амны бага сургуульд 1-р ангид орж суралцаад, аа бага сургуулийг одоо 61 онд дүүргээд, аа тэгээд 61 оноос хойш Говь-Алтай аймгийн Баян-уул суманд 7-р ангийг төгсөөд, тэгээд санхүү эдийн засгийн техникумд явсан. Тэгээд санхүү эдийн засгийн техникумд явж байгаад ар гэрийн гачигдал гараад, аав ээжээ асарч байж байгаад, би дахиад Анагаах Ухааны дунд сургуулийн сувилагчийн нэг жилийн ангийг төгссөн. 66 онд төгс ирсөн, 66 онд сувилагчийн 1 жилийн ангийг төгсч ирээд Харганатын амныхаа одоо хүн эмнэлгийн салбарт сувилагчаар ирж ажилласан. Аа тэгээд Харганатын амандаа сувилагчаар ирж ажиллаж байж байгаад аа Монхорын Минж гэдэг хүнтэй 67 онд айл гэр болсон. Аа миний нөхөр хүний эмч хүн байсан. Заа ингээд бид хоёр айл гэр болоод одоо энэ Харганатын аманд ажиллаж байж байгаад суманд ажиллаж байж байгаад тэгээд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт 1970 онд ирж би болохоор хүн эмнэлгийн төрөх тасагт сувилагчаар ажилласан. Миний нөхөр болохоор гоц станцад бага эмчээр ажилласан. Заа ингээд бид хоёр 76 он хүртэл ажиллаж байж байгаад 76 онд эвлэлийн илгээлт намын уриалгаар хөдөө малчин болохоор явсан. Илгээлт аваад. Заа ингээд 15 жил бид хоёр дандаа 1 настай мал хариулж байж байгаад 15 жилийн дотор манай нөхөр “Хөдөлмөрийн баатар” гэдэг хүндтэй цолыг авсан. Заа тэгээд миний нөхөр тэр ажлаа хийж байж байгаад 1999 онд хүнд өвчний улмаас миний нөхөр нас барсан. Аа нөхрөө нас барсны ард аа “Хөдөлмөрийн баатар”-ын гэргий юу хийж яаж амьдрах уу, ард нь ямаршуу ажил үүргийг гүйцэтгэх үү гэдгийг өөрийнхөө сэтгэл санаагаар өөртөө зорилго тавьж, би 2000 оноос эхлээд ядуу одоо малгүй улсыг малжуулж эхэлсэн. Ингээд ядуу малгүй хүмүүсийг малжуулаа байгаад би юу яасан 12 хүнийг малжуулаад, 280-аад мал тэр улсуудад өгөөд тэгээд адаг сүүлд нь адаг сүүлд нь олон ч шавьтай боллоо, олон ч улсуудыг өөд нь татаж, үүнийхээ үр дүнд Хятадын Үрэмч хотод би бас шагналын журмаар явж амарч ирсэн. Заа түүнийхээ дараагаар ажлыг би эрэмбэ дараатайгаар хийсэн учраас миний нөхөр Хөдөлмөрийн баатар байсан учир, тэр хүний алдрыг би яаж мөнхжүүлэх вэ гэж би өөртөө зорилго тавиад, одоо энэ одоо чинь 2010 он ш дээ, нөхрийнхөө алдрыг мөнхжүүлж, Шарга сумын эмнэлгийг нөхрийнхөө нэрэмжит эмнэлэг болгохоор одоо зорьж ажиллаж байгаа. Заа одоогоор бол эмнэлэг засвартай байгаа. Эмнэлгийн засвар дуусахдээр би одоо энэ 9 сар дотор багтаад, нэг эмнэлгийн нэг өрөөг иж бүрэн тоноглож, одоо төхөөрөмжийг иж бүрэн хийж, одоо гардуулж өгөхөөр одоо өөрөө юмаа захиалгаар хийлгээд, одоо ингээд бэлдээд байж байгаа.

Саранцэцэг -

Одоо болбол та малтай байгаа юу?

Мэнднасан -

Би малтай. Одоо 300-аад малтай, малчнаар малаа хариулуулаад л,

Саранцэцэг -

Бог уу, бод уу?

Мэнднасан -

Бог.

Саранцэцэг -

Танайх ер нь дандаа богтой байсан юм уу?

Мэнднасан -

Манайх богтой, бодтой байсан, энэ өвлийн зуднаар бодоо явуулчихсаан. Адуу үхэр 2 минь явчихсан, надыг хаяад явчихсан. Тэгээд яахвээ дээ хэд гурван адуу үхэрний юу үлдсэн, өснө биз эргээд. Хүүхдүүд өсгөчихнө биз, одоо тэгээд л би настай хүн, бас тэгээд бас хөдөө байж байж чадахгүй юм байнаа, юу төв дээр байж байж чадахгүй юм байна, ажлаа хийгээд сурчихсан хүн чинь эргээд бас хөдөө гараад хүүхдүүдээрээ нэг ногоо цагаа тариулаад, идэшний янз бүрийн, одоо энэ зах зээлд чинь хүн чинь янз бүрийн юм хийж амьдрахгүй бол ерөөсөө амьдрал алга юм чинь. Тэгээд энэ хавраас эхлээд л энэ хүүхдүүдийг ногоо тариулах санаатай. Ба хашаа хашаанд нь нэг нэг мод тариулж өгсөн. Одоо энэ аймгийн төв дээр, яахав намар .., зүгээр нэг улиас тарчихсан, яахав тэгээд тэрнээсээ цаашлаад л энэ хүүхдүүд жимсний мод тарина биз, энэ хашаандаа. Их бодвол томхон хашаатай нь идэшний ногоо тарина биз, яахав муу ээж нь би мөнхийн ус уучихсан биш, мөнхөрчих биш, юу яасны дараагаар муу ээж минь тарьж өгсөн юм даа гээд модоо харцгаагаад модныхоо ёроолд сууж байх бол уу гэж дурсгалтай гэж би хэдэн мод тарьж өгсийм. Аа үүний дараа нэрэмжит болгож байгаа эмнэлгийнхээ юунд 6 ам бүлийнхээ тоогоор 6 мод тарьж өгсөн юм, ургаж байна гэсэн. Шаргын говьд янзын гоё ургаж байна гэсэн. Тэр одоо яахав, өө энэ улсууд бол их олон юм ярьж байгаа байхгүй юу, сайн хүнийхээ алдрыг мөнхжүүлэх гээд л зарим нь хөшөө босгоод л зарим нь янз янзын юм хийгээд л тэр бол онц биш юм байлээ. Тэгэхдээр зэрэг би тэр эмнэлгийг нь нэрэмжит болгочихвол би яагаад малчин баатар мөртлөө эмнэлгийг нь нэрэмжит болгоод байна вэ гэж асуувал миний нөхөр эмнэлгийн ажлыг 17 жил хийсэн, хүний эмч хүн, их нэр төр сайтай, их мундаг хүн явсан. Аа би 10 жил сувилагч хийсэн гэхдээ бас муугүй явсан, бас нэр хүндтэй ийм явсан учраас ийм л ажил хийе гэж өөрөө яасан, би их хурлын гишүүдэд танилцуулсан, аймгийнхаа иргэдийн хурлын дарга, аймгийнхаа дарга хоёрт танилцуулсан. Маш зүйтэй, таны энэ санасан санаа бодсон бодол чинь маш их сайн юм байна гэж одоо хүлээж авсан учраас иймэрхүү ажлыг хийж байгаам. Одоо тэгээд л энэ ажлыг хийчихвэл тэгээд л болоо, би залуучуудыг одоо халамжлан хүмүүжүүлэх хөгшнөө нас барсны дараагаар би чинь одоо 11 жил одоо ард нь амьдарч байна, 11 жил амьдрахад одоо би хорин хэдэн залуучууд юу яаж одоо бас арга туршлага ярьж өгсөн одоо шавь нарьтай болчихсон байж байгаам. Тэд нар дотроосоо одоо аварга малчин болсон улс одоо 2,3 бий. Тэр хөдөлмөрийн гараандаа гараад мундаг ажиллаж байгаа улс байна. Одоо сайн малчин байна, улсын сайн малчин байна. Одоо ийм ийм улсууд ажиллаж байдийм.

Саранцэцэг -

Таны одоо хүүхэд ахуй үе чинь хөдөө өнгөрсөн тэгэхлээр хөдөөний хүүхдүүд ямархуу ажил төрөл хийдэг, тоглодог байсан бэ?

Мэнднасан -

Одоо хөдөөний хүүхэд бол одоо маш их аав ээждээ туслахын төлөө л байж байдаг, одоо хониндоо явдаг, түлшээ түүнэ, үгүй ээ ерөөсөө хийхгүй л юмгүй, заа тэгээд л тоглож барих болохоороо хонь малаараа уулзана наадна, наадахаараа бид юу хийдэг гэвэл хөөрхөн чулуун гэр барьдаг, чулуун гэр бариад хашаа болгоод, хашаан дотроо мал ахуй болгоод одоо адуу нь тэр үхэр нь тэр, үнээ хонь гэж тэгж тоглодог байсан, бид. Бидний одоо тоглож байсан тоглоом тэр. Заа тэгээд жаахан томроод ирэхээрээ хөдөөний хүүхдүүд ингээд хонины хүүхдүүд уулзалдаад цугаараа нөгөө юуныхаа морийг уралдуулдаг байсан. Тэгээд би чинь 6 настайгаасаа л.., хониныхоо морьдыг уралдуулдаг, хонь хариулж явангаа. Тэгээ байгаад өнөө үе тэнгийн хүүхдүүд чинь морь уралдсаар байгаад би чинь морины аймар хорхойтой. Өөрөө 6 настайгаас л эхэлж морь унаж сурсан, 7 -тойгоос эхлээд хурдан морь унаж өссөн. Бүр техникумд явтлаа л хурдан морь унасан ш дээ. Тэр бага хүүхдүүдийн чинь юу их гоё байдийм ш дээ. Хоорондоо юу.., сүүлдээ морь хонь гэж хашаанд тоглож байснаа сүүлдээ биет морь малаар л, заримдаа ч өнөө сарлагынхаа үнээнүүд унана, бяруунууд сургана, хөдөөний хүүхэд чинь тийм л ажил хийж, тиймэрхүү л одоо яаж байсан ш дээ. Одооний хүүхэд бол яахав дээ, нэг машин унаад л гараад л ирнэ. Яах юм. Бид нар чинь малаараа л, эхлээд л эр ямаа унахаас эхэлнэ, унаж сурч байгаа байхгүй юу. Тийм гоё. Эхлээд л хотон дотроосоо аль том эр ямааг барьж унадаг байсан ш дээ, ногт шиг юм хийчихсэн. Ерөөсөө аав ээждээ хэлдэггүй. Тэгээд зарим нөгөө эр ямааны чинь нөгөө нуруу нь өнөө хүүхэд суугаад яваад байсан болохоор хотойгоод ингээд нноос нь жаахан ингээд үнгэгдчихсэн, энэ ямааны ноос яагаад ингэчихдийм л гэдэг, бид нар нуугаад хэлдэггүй, нөгөө мал унаж сурах гэж өнөө эр ямаагаа унаад. Тэгээд сүүлдээ мэдэлгүй яахвээ дээ. Тэгж тоглож өссөн ш дээ, бид. Тийм л сайхан байсан. Аа нэгнийгээ шоглоно зодно гэж мэдэхгүй. Том хүнээс айна, одоо тэгээд л бид нар нэг эрэгтэй юм уу, эмэгтэй хүн бид нар чинь өнөө наадаад хонь ямаагаар наадаж байсан үед ирсэн л бол ухаан алдтлаа хэдэн тийшээгээ арилаад өгнө. Хэдэн тийшээ зугтаагаад л одоо яана, орой аав ээжийнхээ царай харж ирж орж ирнэ. Загнахвий дээ, одоо яана гээд л. Тэгэхэд танай хүүхэд тэгээд явж байсан гэж хов зов ярьдаг ч хүн байдаггүй, аягүй бол дотроо бахдаад л явж байсан юм байгаа биз. Хүүхдүүд л хөөрхий ингээд л тоглодог юм байна гээд л, бодож явсан биз. Тэгнэд л ямаанаас эхэлсэн ш дээ, бид нар. Эхлээд л ямаа унаж сураад л дара нь бяруу тугалан дээр мордож сурдаг, дараа нь морь унаад л, морь унасныхаа дараагаар нөгөө морь малаа уралдуулж, хурдны морь уралдуулдаг, өө бас болоогүй ээ, наадам хийж байгаа ухаантай, түрүүлсэн морио дүгнэдэг бас тэрүүхэн дотроо бас даргатай бас их хөөрхөн. Тэгж тоглодог байсан ш дээ.

Саранцэцэг -

Хурдны морь болбол жижижг хүүхэд л голдуу унадаг ш дээ ?

Мэнднасан -

Тэгдэг, унадаг. 7-гоосоо эхлээд л би чинь биет жижигтэй, ямар сайндаа техникумд ортлоо морь унаж байх вэ дээ. Тийм. Техникумд явдаг жилээ би унаж л байсан.

Саранцэцэг -

Айрагдаж үзсэн үү ?

Мэнднасан -

Үзсэн. Би чинь өөрөө морь сойж үзсэн, өөрийн морь айрагдахаар барахгүй, түрүүлж ч явж. Хонины морио түрүүлүүлж явж байсан ч удаатай. Морины их хорхойтой, одоо ч гэсэн морины хорхойтой ш дээ. Хүүхдүүд морь одоо ч манай хүүхдүүд морь сойгоод сая нэг морь нь хүрэл медаль аваад л ирсэн л байналээ. Сайхан л юм байхгүй юу, би баярлаад л уйлж л байгаам. Нөгөө морины хорхойтой хүн чинь уйлахаа л өмнөө барьдийм ш дээ, өнөө өөрөө хийж явсан ажил болохоор.

Саранцэцэг -

Танай аав, ээж ямар малтай байсан юм?

Мэнднасан -

Манай аав ээж дандаа бог. Олон. Амины баахан малтай байж байгаад л тэгээд л өнөө нэгдэлжих хөдөлгөөн гээч юм чинь өрнөөд л малаа нэгдэлд нийгэмчлээд л, тэгээд л нэгдэл нийгмийн малчин болоод л тэр чинь нөгөө улсууд чинь идээ цагаа үйлдхүүнээ авч өгдөг, манай ээж чинь олон удаагийн сумын аварга аймгийн аварга болж явсан ш дээ. Өнөө цагаан идээгээ давуулан биелүүлдэг, тэгээд л ерөөсөө малч ажиллагаатай, малч аав ээжийн буянд л үр хүүхэд нь малч л болчихдог юм байна. Би болбол сургууль мургууль дамжиж тэгж явж байгаад л манай нөхөр болбол сургууль дамжиж явж байгаад л бид нар толгойгоо даагаад л мал хариулсан тэгээд л болдог л юм байналээ, өнөө аав ээж малчин байсан учраас. Тэгээд л мал дээр байсан болохоор. Түүнээс яг төв суурин газрын хүмүүс яг мал дээр гараад яана гэж байхгүй ш дээ. Мал мэдэхгүй, хонийг яаж хариулах уу, үхрийг яаж саах уу гүүг яаж саах уу, юу ч мэдэхгүй ш дээ. Тэгэхэд чинь бид нар хөдөө тэгж бойжиж өсчихсөн болохоор бүгдийг л хийгээд л сурчихсан учраас одоо толгой өвддөггүй, хэдэн жил хийгээд болчихож байгаа байхгүй юу.

Саранцэцэг -

Зөв, зөв. Тэгэхлээр танай аав ээж туслах малчингүй өөрснөө л малаа хариулдаг байжээ?

Мэнднасан -

Туслах малчингүй, өөрснөө л дөнгөөд л. Бид хоёр ч одоо баатар хийтлээ туслах малчин гээч юм мэдэхгүй хоёулаа. Юм хумаар дутагдана, хоёулаа. Шөнө малаа хашаандаа хийж орхичихоод л, шөнө явж агентаас гурил будаа 9 шидийн юмаа авчирдаг, мотоциклээр. Эхлээд л морь тэмээгээ явдаг байлаа, адаг сүүлд нь мотоцикл. Машин гээч юм чинь одоо саяхнаас л гарсан болохоос зах зээлийн түррүч үед мотоциклээр л одоо явдаг тэр л гол унаа байлаа ш дээ, одоо. Тэгж ажил үүргээ гүйцэтгэж явж шөнө нь амжуулдаг байлаа. Оёх шидэх юмаа дан шөнө, одоо энэ чийдэн байхгүй, лааны гэрэлд л сууна. Одооны залуучууд үгүй ээ мөн залхуу байна, үгүй ээ мөн овоо байнаа, яаж амьдралыг дууснаа, болоогүй ш дээ, одоо энэ залуу та нар чинь одоо бараг жаран хэдэн жилийн цаана сонин өөрчлөлт гарна ш дээ.

Саранцэцэг -

Таны хүүхэд насны амьдрал бусад хүүхдийнхээс тэрүүгээрээ нэг онцлогтой доо гэхээр юм санагддаг уу?

Мэнднасан -

Хүүхдүүдийн юунаас миний ажил шал ондоо байсан. Хүүхэд насны.., би айлын ганц охин байсан. Хийхгүй юмгүй байсан, миний ах настай одоо 80 хүрсэн хүн байж байдийм ш дээ. Ах том ийшээ тийшээ, нэг ах маань нас барчихсан, би чинь бас амьдралын зовлонг их амссан. Тэгээд л тэрний хооронд ёстой аавыгаа яа гэх үү, ээжийгээ яа гэх үү, эр хүний хийдэг ажлыг л хийж явсан. Бүх ажлыг. Тэргээрээ охидуудын ажлаас арай онцлогтой. Юм оёх барих бол бүгд онцлогтой. Би чинь ерөөсөө бараг миний ээж ерөөсөө 6-тайгаас авахуулаад юм оёулж сургасан. Дээр үед одоо монгол цамц одооны монгол цамц шиг биш, монгол цамцыг чинь бас их өөр маягаар оёдог байсан. Монгол цамц оёулж байж намайг юм сургасан. Миний ээж зоддоггүй занчдаггүй, намайг ерөөсөө гол нь заана, ханзлаад л тавьчихна, нэг ханзлуулна, хоёр ханзлуулна, 3 дахьд нь хаширна. Заа болье, одоо ээж загнах юм байна, ээж ханзлах юм байна гээд л хичээгээд л гоё оёдог, би үеийнхэн дотроо ёстой үйлэнд урнаараа гайхагдаж байсан тэргээрээ арай онцлогтой байх гэж боддог. Тийм.

Саранцэцэг -

Заа, тэр үеийн хүүхдүүдийн эцэг эхтэйгээ харьцдаг байдал одооны энэ хүүхдүүдтэй харьцуулахад ямар байна?

Мэнднасан -

Шал ондоо, өө ёстой. Ээж аав нэг муухай харах байтугай царай нь нэг үрчийхэд ёстой бид нар аймар айдаг, аа яагаад ээж аав ингээд эвгүй болчихов оо яагаад ингэчихэв, одооны хүүхэд чинь ёстой бараг ингээд л бараг хуц, солиорыг хэлээд л гараад явж байгаам. Шал өөр. Тэр дээр үед чинь. Тэгээд л юм болгоныг л нүгэл. Ингэвэл нүгэл, тэгвэл нүгэл. Тэр нүгэл гэдэг чинь ёстой аягүй аймар юм байна гэдгийг тэр үеийн хүүхэд мэддэг, нүгэл болчихдог юм байна гээд л. Аа нэг хүүхэд зодчиход л одоо нүгэл. Тэгж болдоггүй, тэгээд л хамаагүй яриа ярьдаггүй нүгэл. Тэгж хамаагүй юм ярьдаггүй, одоо манай аймгийнхан ч яахав дээ, тусгай аялгатай одоо тусгай хараалтай /инээв/ тэрийг бол хэлүүлэхгүй. Болохгүй шүү дээ, хүүхдүүд минь тийм хараал мараал хэлэх гээд л. Хэлж болохгүй л гэдэг. Одооны хүүхдүүд бол хараал байтугай аймар юм хийж байна. Гадаад дотоодын орны хамгийн одоо болдоггүй үгийг л манай монголын хүүхдүүд хэлж байна ш дээ. Одоо бид нар одоо энэ ачийгаа хүртэл би миний хүү тэгдэггүй юм, тэгж хэлдэггүй юм, болдоггүй юм гэж бүгд л одоо сургаад л, миний дэргэд байдаг хэдэн ач нар зээ нар бол тэгээд л миний сургаалиар хүмүүжиж байгаа. Аав ээжийнхээ урдаас юм хэлдэг ч хүүхэд байдаггүй, тийм их хачин толгойрхох зан ч байдаггүй, одоо тэгээд л зарим нь их сургуулийн 2,3-р ангид сураад л байна одоо энэ жил нэг явна. Ингээд л хүүхдүүд чинь явж байна. Ерөөсөө хүн чинь хүн хүмүүжлээрээ л байх юм. одооныхон чинь алж байна ш дээ, тэр байтугай. Ааваа алж байна, ээжээ алж байна. Тэр чинь юу хүн алах нь байтугай мал алж чаддаггүй улс дээр үед чинь мал ч алдаггүй л байдаг байсангүй юу.

Саранцэцэг -

Энэ хөдөөнөөс наашаа сумын төв рүү орж ирж сургуульд суухад таньдаг айлгүй хүүхэд ч одоо дотуур байранд суудаг. Тэгэхлээр дотуур байранд хүүхдээ өгөөд эцэг эхчүүд араас нь хэр их санаа зовж үлддэг юм бол доо?

Мэнднасан -

Тоохгүй. Бүүр сайхан багш нарт нь.., одоо тэр үеийн багш нар чадалтай багш нар байсан юм уу, хүүхдүүд нь тэгж хичээлээ сайхан сурдаг хүүхдүүд байсан юм уу, аль алинд л байсан байх л даа, багш бол үнэн чадалтай багш байсан юм. Би тэгж л ойлгодог юм. Зүгээр байранд аваачаад л өгчихдөг, аа гэрээ санахын аюулыг нэг үздэг, аа хүүхдийг дээрэлхдэг дээд ангийн хүүхэд байдаг, биднүүд гэрээ санаад л аав ээжээ санаад л юмаа дээрэлхүүлээд тэгдэг л байснаас биш, түүнээс өөр сурлага мурлага одоо ном дэвтэр чинь одоо байна, элбэг хангалуун бүх одоо юмнууд байдаг л байсан. Бид нар аа дэвтрийг маш их гамтай хэрэглэдэг нэг онцлог нь. Одооны хүүхэд бол нэг нүүрэн дээр бичиж хаяад л алгасаж хаяад байх шиг бид нар чинь тэгдэггүй, дэвтрийн чинь цаасыг яг л үргэлжлүүлээд л дуусгаад л, цаад талд нь. Тэгээд л одоо цэвэр нямбай бичигтэн, дэвтэртэйгээ зөв харьцсан гээд л, зөндөө бас шагнал урамшил авдаг учраас тэрнийхээ дагуу тэгж ном дэвтэртэйгээ тэгж гоё харьцаж байсан уу мэдэхгүй. Тийм байсан ш дээ.

Саранцэцэг -

Тэр ер нь болбол дотуур байранд хүүхдээ суулгахдаа түлээ мод түлш хүн өгдөг байсан уу?

Мэнднасан -

Тэр дээр үедээ өгдөг байсан гэсэн. Хоолыг нь бэлдэж өгдөг байсан, модыг нь бэлдэж өгдөг байсан. 55 оны үед бол тэгж байсан шүү. Тэрнээс хойш намайг сууснаас хойш бол би чинь 58 онд сургуульд орсон тэрнээс хойш бол ерөөсөө зүгээр улсаас бэлтгэчихдэг байсан. Тэр чинь нэгдэл байгуулагдаж яаснаас хойш цаанаасаа яадаг болчихсон. Түүнннээс өмнө бол дандаа эх эцэг нь махыг нь даадаг, түлшийг нь даадаг, тийм байсан. Аа бид нарын форм онцлогтой, эрэгтэй нь хөх даалимбан тэрлэгтэй, эмэгтэй нь ногоон даалимбан тэрлэгтэй, тэрний даавуун цүнхтэй. Тэрлэг их учиртай, хүүхдийн тэрлэг, хошлон оёно. 2 тал өөдөө оноотой, би одоо сургуульд орохдоо 1-р ангид орохдоо өөрийнхөө дээлийг өөрөө оёод сургуульд явж байсан ш дээ. Тэгэхэд миний ээж намайг мөн сургасан байгаа биз. Би дээлээ оёдог. Тэгээд ямар сайндаа том болоод тэр уран хүүхнийг би авах уу, тэр ч авах уу гэж залуучууд тэгдэг л байсан. Бас нэлээн юм оёчихдог, чадалтай болохоор харцуул авахыг хичээдэг л байсан биз.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн юм байдаг уу?

Мэнднасан -

Аа миний амьдралд гүнээр нөлөөлсөн гэдэг болбол ер нь өөрөө толгойгоо дааж энэ хүнд ажлын дотроос гарч ирсэндээ л би гүн амьдрал гэж боддог шүү. Тэрүүнд ёстой халуунд нь халж үзсэн, аа хүйтэнд нь даарч үзсэн, жаргах үедээ жаргаж үзсэн, зовох үедээ зовж үзсэн, тэр амьдралыг би тэрнийгээ л гүн гүнзгий амьдрал гэж боддог.

Саранцэцэг -

Энэ амьдралд нөлөөлсөн юм байна уу. Одоо энэ амьдралыг туулж явахад танд нөлөө үзүүлсэн?

Мэнднасан -

Байлгүй яахав одоо хатуужил тэсвэр, ёстой хамгийн гол нь хатуужил тэсвэр. “Хөдөлмөрийн баатар”-ын алтан соёмбыг хүртэнэ гэхэд хатуужил тэсвэр, бүх юмыг шалгаж байж одоо тэр чинь соёмбо чинь ирдэг юм байналээ шүү. Тэр чинь тийм дуртай газраа ирдэг ч юм биш, тийм хүн болгон авдаг ч юм биш байна. Биш. Тэр ёстой тун гүн гүнзгий. Тэр одоо миний дотрыг ингээд цээжийг зүсээд үзэх юм гэвэл одоо та нарын компьютер л гэсэн үг. Компьютерт бичээтэй байна л гэсэн үг. Тэрийг болбол ёстой бүрэн туулсан. Миний нөхөр энэ гэрийн бүлийн хүн чинь өндөрт өргөгдөөд явахаараа хурал цуглаан, иймээ тиймээ одоо бараг сараар явчихдаг, тэгэхэд тэрний ар талыг яаж даах уу гэдэг чинь чоно, нохой 9 шидийн амьтнаас хамгаалж засгийн малыг авч гарах уу гэдэг энэ толгойд. Ерөөсөө гэртээ ингээд сайхан унтаад амрах юм биш, хотны захад л ёстой тэгээд л хотны мануухай гэдэг шиг л байж байсан үе. Тэр бол гүн гүнзгий одооны хүүхдүүд ер нь тэгж хийж чадахгүй ээ. Яасан ч чадахгүй. Нэг чоно улихад л ээжээ ааваа намайг бариад идэх гэж байна гээд айгаад орно ш дээ. Тэгэхэд чинь чоно ульж л байхад би наанаас нь хашгираад л буу тавиад л зогсч байсан. Тэр миний амьдралд ёстой гүнзгий. Ер нь насан туршдаа хүүхдүүддээ ч ярьдаг залуучууддаа ч ярьдаг шүү би. Заа, тэгээд л хүнд хамгийн одоо юу хэрэгтэй гэвэл тэсвэр тэвчээр хоёр л хэрэгтэй. Тэсвэр тэвчээр байсан цагт хүн юуны ч цаана гарч болно. Юу ч хийж болно. Хэнийг ч хүмүүжүүлж болно. Хэнийг ч халамжилж болно. Хэнээр ч халамжлуулж болно. Тийм юмаа.

Саранцэцэг -

Таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэхээр юу санагддаг уу?

Мэнднасан -

Тэр чинь болохоор юу байдийм бол. Баярлаж жаргаж цэнгэж явсан үе орох уу. Ер нь тэгээд л энэ 34 жил мал маллаж дагаж ажилласан минь л над онцгой санагддаг. Тэр дотор онцгой ч овоо юм хийчихсэн арай ч бас улсаас илүү. Ер нь тэгээд л манай аймагт чинь цөөхөн ч хөдөлмөрийн баатрууд байдийм. Тэгээд хөдөлмөрийн баатруудын гэргий нар дотроос арай минийх илүүтэй байх бол уу гэж би өөрийгөө бодож байна. Тэр нь л надаа онцгой байх бол уу.

Саранцэцэг -

Заа би одоо таны аав ээж 2-н тухай асуух гэж байна, аав ээж 2-оо сайхан дурсаад ярина уу?

Мэнднасан -

Миний аав бол маш их малч, маш их нийгмийн идэвх зүтгэл сайтай ёстой дайчин хүн байсан. Ан гөрөө хийнэ, миний аавд ёстой хийж чадахгүй юм байхгүй. Тийм дайчин хүн явсан. Би бол ааваараа бахархдаг, заа миний ээж бол маш их зарчимч хүн явсан. Хүнийг ерөөсөө далд муу хэлдэггүй, дан ил нүүрэн дээр нь чи тэр чинь буруу байна, энэ чинь буруу байна, чи тэрнийгээ тэгж хий, энийг ингэж хий. Яг одоо эрэгтэй хүн бол ингэдэг, эмэгтэй хүн бол ийм гэж хүнд харамгүй одоо сургаж явдаг одоо тэр аав ээжийн минь зан чанар бас надад орсон бол уу гэж би боддог хамгийн гол нь. Их л ажилч хичээнгүй, их л зарчимч их л мундаг хүмүүс явсан. Сумандаа ч нэр төртэй ард түмэндээ ч нэр төртэй. Тийм хүмүүс явсан.

Саранцэцэг -

Заа таны одоо амьдарч явсан он жилүүдэд улс оронд ямар онцлогтой түүхэн жилүүд болж өнгөрч байв аа., таны бага үед ?

Мэнднасан -

Аа миний бага үед ерөөсөө улс оронд чинь одоо янз бүрийн одоо энэ Октябрийн баяр гээд л 11 сард сайхан баяр болдог байлаа, 12 сард чинь ёлка гээд л их сайхан баяр болдог байлаа, за тэгээд л зун болоод ирэхдээр багуудын наадах маадам гээд л, сумын наадам аймгийн наадам гээд л 7 сарын 12-нд болдог байлаа. Ийм ийм баярууд их болдог байлаа.

Саранцэцэг -

Тэр үед төлөвлөгөөт эдийн засаг гээд таван жилийн төлөвлөгөөтэй ажилладаг байсан уу?

Мэнднасан -

Үгүй. Тэр үед чинь үгүй шүү, тэр чинь нэлээн хойхно гарч ирсэн шүү. Аа ер нь бараг бид 2-г мал дээр гарч ирсэн үеэс эхлээд л, аа тэрнээс өмнө ажиллаж байсаан, байсан байсан. Тэр 5 жилийн юу ч нь нэлээн хойхно гарч ирсэн.

Саранцэцэг -

Заа заа, таны одоо төрөл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн гэж байдаг уу?

Мэнднасан -

Өө байгаа, сонсч байсаан. Минийч аавын авга ах нь одоо Пунцаг гэдэг хүн байж байгаад л одоо тэр юуны үед одоо дөчин хэдэн оны үед, одоо бичиг үсгийг чинь хүмүүс сайн гаргадаггүй байсан үе байна ш дээ, дээр үед лам нар шашны том улс чинь. Тэгээд манай тэр авга ах бичиг үсэг сайтай мундаг хүн байсан. Тэгээд өнөө бичгийг нь уншиж өгчихөөд алуулсан ш дээ, хөөрхий. Хэлмэгдэлтээр. Пунцаг гэдэг хүн. Аавын авга ах. Аа миний ээжийн нагац ах Самбар гэдэг хүн байсан. Тэр хүн бас одоо энэ юун дээр Харганатын аманд одоо юу байсийм. Хүрээ байсан юм, тэр хүрээн дээр л лам хувраг гэж байж баривчлагдаад, манай тэр ээжийн нагац тэгээд тэр Баян-уулын тэр чинь Хөхбүрдийн нутаг байлуу, Баянуулын нутаг байдаг байхаа, тэр Нуур могой гэдэг дээр баахан улсууд баривчилж аваачиж алсан ш дээ. Алаад тэр манай ээжийн тэр нагац ах болохоор алах ял заагдчихсон байж байгаад л дуудсан гэж байгаамаа. ..За гараад ир гээд л, за даа би ч одоо алууллаа даа гээд л ингээд л цуваад л яваад л түрүүч нь алуулаад л байдаг тэгээд л өөрийн нь нэрийг дуудсан, за би ... заа гээд л гардаг байсан юм байна л даа, тэгээд л одоо би ч хаашдаа дууслаа гээд л ард үлдсэн улсууддаа ёстой тэгээд л эцсийхээ үг хэлээд л гарахгүй юу, тэгсэн чинь манай тэр ээжийн нагацыг алаагүй юм гэсэн. 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Тэгээд манай тэр ээжийн нагац 10 жил хоригдох ялаар шийтгэгдэж яваад тэгээд нэлээн настай хүн намайг нэлээн том болсон хойно нас барсан. Гэхдээ бол энэ улсууд бол хэлмэгдлийнхээ юмыг нэлээн хөөцөлдөж авч байсан. Манайх бол тэр Самбар ахын юмыг авч чадаагүй.Тэр нэг ганц бие авгайн ганц хүү байсан юм билээ, гэр бүл байхгүй. Тэгээд тэр хэлмэгдлийн чинь юм сайхан гарч ирсэн ш дээ. Тэрнийг гарч ирэх үеэр миний ээж нас барчихсан байсан тэгээд л энийг хөөцөлдөх ч хүн байхгүй. Бид нар ч учрыг нь олоогүй. Тэгээд яаж чадаагүй учрыг нь олсон улсууд бол сая сая төгрөг авсан л юм байналээ. Аваад тэр яахав дээ, зарим нь зөв ашигласан л байх, зарим нь буруу ашигласан л байх. Тэгээд л өнгөрөхгүй юу. Хөөрхий улс эх орноос тэр авсан ч яалаа, аваагүй ч яалаа шахуу юм л даа, тэгээд улс эх орон чинь сайхан үзэж хараад л өгсөн л байналээ.

Саранцэцэг -

Тэр одоо баригдаж явсан талаар юу гэж дурсдаг байсан бэ. Ер нь барьж явахдаа тайлбар хэлдэг байсан уу, тэр ар гэрийнхэн юу бодож хоцордог байсан бэ?

Мэнднасан -

Ерөөсөө хэлдэггүй зүгээр шууд баривчилж аваад л, за явлаа гээд л гэрийг нь битүүмжилж хаяад л, тэгээд л явчихдаг байсан гэлээ. Эд хөрөнгийг нь шууд битүүмжлээд л, тэгээд л юмыг нь авчихдаг гэсэн ш дээ. Тэгээд л авгай хүүхдэд нь юм үлдэнэ ч байхгүй. Тэгээд л гараад л явсан ёстой нэг баривчлаад л гэрийг нь битүүмжилж аваад л явчихдаг. Хамгийн аюултай.

Саранцэцэг -

Барьж авч явсан хүмүүсийнхээ талаар төр ямар нэг тайлбар хэлдэггүй л байсан юм байх даа?

Мэнднасан -

Хэлдэггүй л бөайсан гэсэн ш дээ. Манай ээж ярьдийм. Ахыг нь аваад явахад ерөөсөө дуугай баривчилж аваад л явсан, тэгээд тэр Нуур могойн хүрээн дээр хүргэж өг гэдэг байна л даа, өнөө баривчилсан хүнүүдийгээ хамт хүргэж өгөхдөө манай ээжийн тэр манай Самбар нагац ахын ах нь тэр их егзөр үгтэй хүн байсан гэдэг, ...Заа та нарын хоолыг бэлдээд ирлээ гэж. Хэлж байгаа үг нь ерөөсөө л тэр. Их дургүй нь хүрсэн. Тэгээд хоолыг бэлдээд ирлээ гэж тэгж хэлж байсан гэдийм.

Саранцэцэг -

Ер нь бол тэр аймгийн төв дээр шүүх хуралдаан болсон гэнэ гэж сонсогдож байсан уу?

Мэнднасан -

Үгүй ээ тэр. Зүгээр тэгэлгүй аваачаад л шууд устгаж байсан гэдэг. Шүүх хурал хийдэггүй. Шууд алдаг одоо тэр манай аавын авга ах одоо тэрний хүү гэж Баатар генерал гэж том генерал байна. Бараг нь үхээд дууссан манай тэр муу авга ах л үлдсэн. Тэр болбол аавынхаа тухай бүрэн дүүрэн ном ч гаргасан байдаг, тэрэн дэр тодорхой ч бичигдсэн байдаг. Шууд аваачаад л аавыг нь алчихсан. Авгай нь одоо тэр гэргий нь хэдэн нялх нойтон хүүхэдтэйгээ гэрийн хүнийг нь баривчилж аваад л явчихсан,

Саранцэцэг -

Аа тэр хүн бол ямар бичиг уншсан гэлээ? Тэр хүн бол төрийн хар хүн байж үү?

Мэнднасан -

Төрийн хар хүн. Төрийн хар хүн нөгөө бичгийг нь гаргаад өгчихсөн. Лам нарт уншаад өгчихгүй юу. Тэрийг тэгээд энэ лам нар дотор чинь аюул их байсан байна ш дээ. Одоо тэр чинь тэр тэгсэн энэ ингэсэн гэж хов хэлдэг хүн. Тэгээд л ховлочихгүй юу. Тэгээд л тэр муу ах минь тэгээд алуулчихсан юм. Тэгээд л зөвхөн тэр бичиг уншиж өгсний юу хэлээд л. Тэр үеэр л одоо төрийн эргэлт яг гарах гэж байсан үе шиг байсан шиг байлээ л дээ.

Саранцэцэг -

Эхнэр нь одоо үг дуугүй бариад явсны дараа хөөцөлдөж олж сонссон мэдсэн ч юм байхгүй юу?

Мэнднасан -

Байхгүй. Тэгээд л алагдсан нь алагдсан үед нь мэдэгдсэн юм байлгүй дээ. Мэдсэн л дээ, нөхөр чинь ингээд алуулсан гэдгийг, мэдэлгүй яахав. Ерөөсөө л аваачаад л энэ баатар Вангийн хүрээ гэж байлуу даа, энэ Нуур могойн хүрээ гэж байсан, Баатар Ван чинь Баянуулынх Нуур могойн хүрээн дээр л аваачиж хэдэн лам нар том сайхан гоё, мэдлэгтэй сайхан ч лам нар байсан цөмийг нь алсан гэж байгаам ш дээ, гэмгүй улсыг.

Саранцэцэг -

Тэр бол олон ламтай байсан тэрнээс амьд үлдсэн нь цөөхөн байх нь ээ?

Мэнднасан -

Байхгүй. Ер нь цөөхөн дөө. Бүгд л үхчихгүй юу, хөөрхий.

Саранцэцэг -

Ер нь одоо хэвлэл мэдээлийн хэрэгслээр ч тэр энэ хэлмэгдүүлэлтээ тайлбар хийдэггүй л байж дээ?

Мэнднасан -

Байхгүй байсан юм байналээ.

Саранцэцэг -

Хэлмэгдүүлэлтээ бараг нууцаар шахуу л явуулдаг байж дээ?

Мэнднасан -

Тэгсэн юм байлээ, нууцаар л явж байсан. Чимээгүй л хүрч ирээд л авч яваад л алчихдаг. Өчиг мөчиг авдаг л байсан байлгүй яахав, тэгээд л алах ял тогтоодог нь тогтоогоод л, 10 жил ээ ер нь 10 жилээр мөн цөөхөн хүн явж байсан юм билээ, 10 жил ял сонсдог нь. Маш цөөхөн хүн явж өнгөрсөн шиг билээ. Тэр авга ахын чинь хэрэг тэгээд цагаадсан уу,тэр Самбар ахын ч хэрэг цагаадсан л юм шиг билээ, тэгээд яахвээ дээ, одоо. Мөнгө төгрөгний хойноос нэг их шунадаг ч үгүй. За яахав, сайхан улсууд ингээд л амь үрэгдсэн юм, түүхэнд ороод л явчихаж байгаам гээд л ингээд л орхидог. Манай тэр Баатараа ах бол манай аавынхаа тэр юмнуудыг бол олж авсан л гэдэг.тийм л сонин.

Саранцэцэг -

Тэр лам хүн байсан болохоор зайлуул, гэр бүлгүй л?

Мэнднасан -

Гэр бүлгүй. Гэр бүл байхгүй ганцхан муу ээжтэйгээ л байж байгаад ээж нь нас барчихсан тэгээд тэрүүнийг хөөцөлдөх ч хүнгүй. Миний муу ээж байсан бол тэгээд л би энэ аймгийн одоо мэдэлтэй улсуудтай тийм учиртай байсан байна гэхнээ, та өөрөө л хөөцөлдөх л байсан байналээ гэж байналээ, миний нэг нагац байгаа, та хоёр л хөөцөлдөх байсан байналээ гэж байналээ, бид 2 нэг хөөцөлдье ч гэсэнгүй, тэрийг чинь нэг сайн ч ойлгосонгүй тэгээд л өнгөрчихсөн юм.

Саранцэцэг -

Заа, социализмын үед СД гэж явлаа ш дээ. Тэр СД-ны талаар та нэлээн тодорхой ярьж өгөхгүй юу?

Мэнднасан -

Заа тэр СД-ны үед чинь маш их заваан бохир, одоо ор дэрний хөнжлийн даавуу маавуу, юм мэддэггүй ээ ёстой тийм бохир нийгэмд амьдарч байсан байгаам. Тэрийг цэвэрлэхийн тулд СД гээч юм явагдаж хэсэг сайхан улсууд гарч ирж тэр чинь цэвэрч болгох гэж нэлээн хэдэн жил явагдсаан. Одоо намайг бага шиг байхад л тэр ид явагдаж байсан, тэгээд л муухай бохир заваан байсан улсуудын одоо тогооны халив малив одоо аль бохир юмыг нь бариулаад л бас зураг мургийг нь авдаг, тийм байсан ш дээ. Тэгээд л одоо энэ тэр чинь нэлээн хойно юмдаг, тэр зураг хөрөг авдгаас нэлээн хойхно гахай махай гээд бохир байсан албан байгууллагад гахай тавиад яваад өгдөг байсан. Тэгээ байгаад л энэ юу чинь ер нь тэгээд л арилсан шүү. Даавуутай хөнжил нөмөрдөг барьдаг гэдэг юм чинь тэр СД-ны буянгаар л үр дүнгээр л, тэр СД чинь олон жил үргэлжилсэн миний мэдэхээс бараг 20-иод жил үргэлжилсэн байлгүй. Хамгийн сүүлд нь гахай хүртэл тавьж л одоо энэ ариун цэврийг сахиулж явлаа ш дээ. Одоо л энэ замбараагүй болсон болохоос энэ намайг ид эмнэлэгт ажиллаж байхад чинь 3 дахь өдөр болгон эмнэлэг гэгээрлийн яриа айлуудаар явж хашаа хороо бид нарт чинь энэ хороонуудыг хуваарилаад өгчихдөг, тэгээд л мөн бохир хашаатай улсыг одоо цэвэрлэгээ даалгавар өгөөд л цэвэрлэж өгөхгүй бол ариун цэвэр станцад мэдэгдэж торгуулдаг барьдаг тийм байсан ш дээ. Одоо дахиад нөгөө бохир нийгэм рүүгээ орох гээд байна. Энэ залуучууд бас бохир байна шүү. Энэ хашаа хороогоо сайхан цэвэрлэхгүй ээ, бохир, муу ус жорлонгоо янзлахгүй заваан, тэр ер нь нэг социализмын дундаж үед цэвэрч нямбай их гоё байлаа ш дээ. Нэг айл одоо бараг 3 ээлжийн хөнжлийн даавуутай, хүн ирвэл ээлжээр яана, дараагийнхаа юуг цэвэрлээд тавина. Одоо ер нь мэдэхгүй айлд очоод хоновол 3 байтугай 2 ээлжийн юм байгаамуу. Тийм нөгөө сайхан нийгмээсээ муухай нийгэм рүү орох нь уу,залуучуудын хүмүүжил ер нь сонин болоод байгаа ш дээ.

Саранцэцэг -

Тэр одоо комиссынхон чинь айл хунараар явдаг, тэгээд хүмсүүдийн хувийн ариун цэвэр үздэг, тэгэхдээ нөгөө шаарддаг юм нь юу байсан? Юу юу шаардаж үздэг байсан?

Мэнднасан -

Ор дэрний хэрэгсэл үзнэ, өөрийнх нь өмсөж яваа хувцас хунар, лифчик бандаж өмсч үү, өмсөөгүй юу, аа тэгээд эмэгтэй хүмүүсийн чинь дунд одоо хуанли хөтөлдөг, тэрнийг нь шалгадаг тийм байсан ш дээ , янз бүрийн одоо 9-н шидийн юм тавина гэж байхгүй. Хуанлигаараа л явж байсан. Тэр хуанлигаа ямар үед нь гаргадаг юм, тэр бас СД-ны үед гарч ирээ биз дээ. Эмэгтэй улсуудын дунд ийм ажил зохиовол энэ аятайхан болох болов уу, гаргаж ирж байсан бол уу. Аа бид нарыг ид бойжиж ид том охидууд хүүхнүүд болсон үед одоо тэр хуанлитай л одоо тооцдог л байсан.

Саранцэцэг -

Тэгээд одоо шаардлага тавиад биелүүлээгүй бол ямар арга хэмжээ оногдох уу? Мөнгөн торгууль ноогдох уу?

Мэнднасан -

Мөнгөн торгууль ноогдоно. Торгууль ноогдоно, торгуулнаас урдаар бас олны дунд хурал яриан дунд сурталчилна. Хамгийн аюултай нь тэр. Ёстой одоо бол мөнгөн торгуул өгчихөөд л юу хэн юу яасан нь мэдэхгүй, олны дунд одоо эмнэлэг гэхэд чинь л 200,300-аад ажилчинтай, тэр ажилчин дотор оруулаад л тэд нар тийм бохир байсан, ингээд л одоо ингэхээр нөгөө хүн чинь нүүр нь улайгаад л нүд нь бүлтийгээд л, хүний дунд суух аргагүй болж байгаа ш дээ. Хамгийн гол нь тэр сурталчилгаа. Тэргээр хүнийг хүмүүжүүлж байсан байгаа байхгүй юу. Янзын сайхан тэр чинь.

Саранцэцэг -

Ер нь бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд цаашдаа их үр өгөөж өгсөн гэж боддог уу?

Мэнднасан -

Тэгнэ. Ёстой янзын байсан. Хүнтэйгээ л их сайхан ажилладаг байсан.

Саранцэцэг -

СД-ны үеэр хамгийн их өөрчлөлт гарсан салбар гэвэл аль салбар байх уу?

Мэнднасан -

Эрүүл мэндийн салбар байлгүй яахав. Энэ чинь л одоо муу нэрийг ч дуулаад л, сайн нэр нь ч ховор биз дээ, эмнэлэгт чинь хүмүүст бараг муу тал руугаа л хэлэгдэж явдаг улс. Аа өвчтэй хүмүүсийг босгоод ирвэл сайхнаар яригдаад л, аа нэг юу нь эвгүйтчихвэл аа хэцүү байна гэж яригдаад л, тэгээд л явдаг. Хамгийн гол нь одоо эмнэлгийн байгууллага л хамгийн түрүүнд гол рольд нь явж байгаам.

Саранцэцэг -

Боловсролын салбарт бичиг үсэг хоцорсон улсыг дахин бичиг тэр үсэг заасан гэдэг, тэр СД-ны үеэр үү ?

Мэнднасан -

Аа тэр сайхан, СД-ны үеэр. Тэр чинь одоо жаахан бичиг үсэг мэддэг л хүмүүс одоо ойр орчмынхоо айлуудын одоо огт бичиг үсэг мэддэггүй хүмүүсийг 4,5-аар нь ойрхон ойрхноор нь одоо хөдөөний хүмүүс чинь дээр үеийн улс мал цөөхөнтэй хоорондоо нэлээн ойрхон нэг айл гэхэд чинь 2,3 айл байж байдаг. Тэр дотроо нэг одоо ухуулагч аа шинэ үсгийн тэрүүхэндээ одоо шинэ үсэг заадаг, тийм байлаа. Мөн саяхан одоо жаран хэдэн онд хүртэл одоо би оюутан байж байгаад, нэг хүүхэд гаргаж ирэхийнхээ хооронд л одоо хүмүүст хичээл зааж байсан шүү дээ. Бичиг үсэг зааж байсан. Техникумд орчихсон одоо 7-р ангийг төгссөн тэр чинь одоо нэг л багш ухааны хүн байж. Би чинь нэг арван хэдэн хүнийг бичиг үсэг тайлуулж л байсан. Бага шиг байхдаа.

Саранцэцэг -

Тэр сүүн завод байж байхад айлууд бөөгнөөд тэр үед ?

Мэнднасан -

Өө тэр үед чинь ёстой жинхэнэ заана. Заа тэр ч хичээлээ ч заана, ажлаа ч хийнэ. Сайхан ш дээ, тэр тасаг заводон дээр.

Саранцэцэг -

Тэгээд яах уу, бичиг үсэг тайлагдсан гэсэн үнэмлэх олгох уу ?

Мэнднасан -

Өө нэг жаахан гонзгой цагаан үнэмлэх өгч байсан. Бичиг үсэг тайлагдсан гэж. Улсууд чинь нэг шалгаад үзэхэд улсууд чинь түгдрэн барин уншчихдаг болсон. Тийм улсууд чинь жаахан хөөрхөн гонзгой бичиг үсэг тайлагдсан гэсэн үнэмлэх цагаан цаасан тийм юм өгч байсан ш дээ.

Саранцэцэг -

Хөдөөгүүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэр очдог байсан юм , тэр үеэр л номын сантай болно гэдэг асуудал тавигдаж байсан уу?

Мэнднасан -

Аан тэр юундаа тавигдаж байхгүй юу. Нэлээн тэр чинь хожуу хойхно шуудан явагдаад л тэр чинь шуудангаар тэр бүх заалтууд чинь гарч ирж тэр дагуу л тасаг заводынхаа улс дунд тэр ирсэн бичиг баримтынхаа дагуу юмнуудаа хийж байсан ш дээ, тэгэхэд чинь за хөдөөд номтой болмоор юм байна. Хөдөө ингэж ном момыг чинь хөдөөний улсууд захиалгаар авдаг болсон ш дээ.

Саранцэцэг -

Хэвлэлээс “Намын үнэн” “Хөдөлмөр” гээд л.., ?

Мэнднасан -

Аан тийм, тэр хэвлэлийг захиалж эхэлдэг болсийм. Эхлээд тийм багийн дарга марга ухуулагч тийм улсууд захиалж байснаа сүүлдээ цаашдаа малчид руугаа ороод малчид нь нэг хэвлэл захиалж байсан бол сүүлдээ бүр хэвлэлдээ ороод сайхан юм байна, одоо “Алтайн хөгжил” захиалж байсан бол “Үнэн” сонин захиалъя ч гэх шиг, тэгээд л одоо “Хөдөлмөр” сонин монин гээд л олон сонин гарсан ш дээ. Тэр мэрийг чинь залгаад залгаад нэг хүн бүр хэдэн төрлийг ч хамаагүй захиалдаг болчихсон ш дээ.

Саранцэцэг -

Сэтгүүлүүдээс ер нь ямар ямар сэтгүүл байсан бэ, “Цог” сэтгүүл ч юм уу ?

Мэнднасан -

”Цог” сэтгүүл гэж хамгийн түрүүнд “Тоншуул” сэтгүүл гарч ирж байсан даа. “Тоншуул”-ын дараа Цог гарч ирж байсан ш дээ, болохгүй л бол юуны нийгмийн үед чинь “Тоншуул” дээр л бичдэг байсан ш дээ. Өнөө бохир заваан мууг. Шог, шоглож бичдэг. Тэр сайхан сурталчилгаа тэр хэвлэлүүд, тийм юмнуудаар бас л хүнийг хүмүүжүүлж байгаам ш дээ.

Саранцэцэг -

Ер нь одоо бас айл өрхөөс гадна албан байгууллагаар СД явж байсан биз?

Мэнднасан -

Зөндөө явж байсан явалгүй яахав. Тийм.

Саранцэцэг -

Албан байгууллагыг ямар бай гэж шахдаг, шаарддаг байсан бол?

Мэнднасан -

Цэвэр, цэвэр хамгийн гол нь цэвэр.

Саранцэцэг -

Одоо орчин нь цэвэр байх ёстой гээд л.?

Мэнднасан -

Орчин цэвэр байх. Орчин цэвэр бол бүх юм эрүүл байх ёстой гэсэн уриан дор тэгээд л одоо албан байгууллагууд чинь цэцэг тарина, одоо ер нь одоо юу л байхаар яаж л байлгахыг одоо уралдаан муралдаан зарлачихсан байдаг. Тэгээд л шинэ санаа тэргүүн туршлага яаж гарсан байна, тэрнийг чинь дүгнэнэ цэгнэнэ. Одоо хүн шинэ соргог хийх гэж одоо аль болохоор социализмын үед ч мөн ч их юм хийж .., уралдаан гээч юм гарч, тэгээд тэр социалист уралдааны дараагаар өнөө 5-р таван жил гавшгайч мавшгайч чинь үргэлжлээд явчихсан ш дээ.

Саранцэцэг -

Заа, тийм байжээ, СД хүний амьдралд нөлөөлсөн ?

Мэнднасан -

Нөлөөлөлгүй яах юм жигтэйхэн аймар өнөө хүнд байдаг юу хүртэл л одоо алга болж байгаам, СД-ны үр дүнгээр.

Саранцэцэг -

Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн гарч байсан, тэгэхээр танай аймагт энэ нэгдэлжих хөдөлгөөн яаж үүсч байв, нэгдэлд анх яаж гишүүнээр элсдэг байв ?

Мэнднасан -

Аа манай аймагт манай аймаг манай энэ Шарга суманд анх “Улаан туг” нэгдэл гэж нэг байгуулагдсан, хөдөөний малчдын дунд. Тэр чинь 55,56 оноос эхэлсэн шүү, энэ нэгдэлжих хөдөлгөөн чинь.Тэгээд улсууд нэгдэлжих хөдөлгөөн юу юм болдоо, энүүнд орчихвол яадаг юм бол, болох юм уу, болохгүй юм бол уу гэсээр байгаад 56,57 оноос ер нь тэгээд намайг 1-р ангид орохоос эхлээд л нэгдэл байгуулагдчихсан ш дээ. Аа малаа нийгэмчилнэ, нэг өрх болбол ерөөсөө тэр чинь юу билээ, цөөхөн тооны малтай үлдсэн шүү. Үгүй ээ, ер нь хэдэн тооны билээ, эхэлж 50-иар нь авсан, эхлээд 50 толгой малтай үлдчихээд тэгээд дараа нь 75, аан. 50 толгой малтай үлдчихээд бас нэгдлийнхээ малыг маллана ш дээ. Хувьдаа л үлдээж байгаа мал нь 50 толгой шүү дээ. Тэгээд 50 нь арай болохгүй байна гэж хэлээд, дараа нь 75 болгосийм. 75–г чинь нэлээн аажуу болтол байсан шүү, бүүр саяхан болтол байж байгаад өнөө 75 чинь сүүлд нэгдэл татан буугдаад л, тэгээд л хувийн аж ахуй гээд гараад ирчихэж байгаам ш дээ. Нэгдлээс түрүүнд чинь хоршоо гээд хамтрал гээч юм байгуулсан юм билээ, тэр хамтрал болбол одоо ер нь ёстой тавин хэдэн оноос эхэлсэн юм билээ. Хамтрал яваад хамтрал нь онцгүй юм байна гэж яриад, тэгээд дунд нь жаахан задарч ингэж явж байгаад, тэгээд нэгдэл байгуулагдсан юм билээ. Нэгдэлд бол ёстой малаа.., дээр үед албан журам гэж аймаар юм гарч, хамтралаас өмнө. Хомоон гээч юм гарч. Хомоон гээч юмны чинь үед улсуудад чинь нээх аймар албан татвар ноогддог байж. Өнөө олон малтай л бол дааж давахын аргагүй, тийм учраас зарим улсууд нь албан татвараасаа бага ч гэсэн чөлөөлөгдөхийн тулд амьтанд малаа өгдөг байсан байгаам. Ядуу улсуудад өгч одоо тэгж байж байгаад л тэгээд л тэр хамтрал гээч юм нь л хомоон гээч юм байгуулагдаад л хомоон гэж юмнаас хойш хамтрал байгуулаад л, хамтралаас хойш нэгдэл тийм шат дараатай гарсан юм байлээ.

Саранцэцэг -

Одоо би жишээлбэл нэгдэлд элсээд нэгдлийн гишүүн болъё гээд очжээ. Надад малтай бол мал нийгэмчлэнэ..,?

Мэнднасан -

Малгүй бол юу ч хамаагүй нийгэмчилнэ ш дээ. Хом, бамбай одоо тэмээний одоо хэрэглэл одоо морин тэрэг мэрэг одоо тийм юу л байна хамаа байхгүй, тэр айлд байгаагаа өгдөг байсан. Заавал мал гэхгүй. Одоо чи мал нийгэмчлээгүй чамайг нэгдлийн гишүүн гэхгүй гэдэггүй, нэг хом нэг сайхан тэмээний хом өгөхөд л тэгээд л тэр нэгдлийн гишүүн.

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүн болоход бас хурлаар орж байж нэгдлийн гишүүн болох уу?

Мэнднасан -

Тэр нээх хурлаар ороогүй байсан. Зүгээр гараа өргөөд хэн нэгдлийн гишүүн болох вэ гээд л 5 хүн 10 хүн заа, тэгээд л нэрээ бичиж аваад л анхны гишүүн.

Саранцэцэг -

Мал нийгэмчилж байхад хүмүүс малаа нуудаг байсан юм бол уу?

Мэнднасан -

Тэр нуугаад бас нэг одоо 50 толгойгоосоо жаахан илүүтэй авч үзэхийг боддог л байсан юм байгаам. Манай ээж аав л лав малаа нийгэмчилж байхад ер нь тэгдэггүй, 50 малтайгаа л үлдье, яршиг цаашаа болье, нэгдэл нийгэмтэйгээ нэгдье гэж хэлээд л би лав уйлж байж ганц мухар ямаа авч үлдэж байсан. Ганцхан ямаа авч үлдэж байсан. Яахав дээ, түнжийсэн ганц муу эвэр ч байхгүй, чих ч байхгүй хув ямаа авч үлдчихээд аймар тэгээд миний ямаа өсөөд миний өмчинд ирээд л одоо ч хүртэл үргэлжлээд л би одоо үр сад дуусахгүй тэгээд л хүүхдүүддээ өгөөд л ингээд л байж байгаа. Аймар сонин ш дээ. Тэгээд манай аав чинь төвөг цаашаа гэж хэлээд хэдэн эр хонь, үгүй ээ одоо 50 толгой дотор чинь унадаг морь нь байна, хэдэн ачдаг тэмээ нь байна, саадаг үхэр нь байна, ганцхан үнээ авч үлдэж байсан. Одоо намайг үхэр сааж сур гэдэг, би өнөө ганц үнээгээ саадаг, сүүг нь хүчрэхгүй ээжээс айхдээрээ нөгөөхөө хэд дахин ивэлгэж ирээд л саадаг. Заримдаа болоогүй байна гэж ирээд л хангинаж байдаг. Заримдаа болоодхож овоо сурч байна гэдэг, тэгээд би ганц үнээгээрээ үхэр сааж сурсан, ганц ямаа минь өсөө байгаад одоо ч хүртэл манай тэрний үүлдэр явж л байна. Сонин шүү.

Саранцэцэг -

Ер нь бол одоо нэгдэлд элсүүлэх гэж хүмүүс гэрээр ухуулга хийдэг байсан уу, айлуудаар голчлон ямар улсууд явах уу?

Мэнднасан -

Тэр ухуулагч байсан. Ухуулагч л тэр ухуулгыг их хийж байсан байх. Манай аав ээжид нэг хэдэн хүмүүс намайг бага шиг байхад цуглуулаад л одоо ингээд нэгдэл нийгэмд орвол одоо ийм ийм ашигтай, ийм тустай гэдгийг ярьж байсан, тэгээд л миний ээж, аав элсэж байсан гэхдээ ухуулагч нар сайн ажиллаж байсан шиг байгаам. Тэгээд л нэг нь нөгөөгөөсөө өө энэ сайхан юм байна гээд л, нэгдлүүд чинь эрэмбэ дараагаар сум суманд ч хэд хэдэн нэгдэл гараад ирж байх шиг, тэгээ байгаад манай Шарга суманд л гэхэд 2,3 нэгдээд л “Говийн хөгжил” гэж сүүлдээ гарч ирсэн ш дээ. Тэгээд би сүүлд малчнаар очихдоо Говийн хөгжил нэгдэлд малчнаар очиж байсан.

Саранцэцэг -

Тэр одоо нэгдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр их ярьдаг байсан уу, тухайн үед?

Мэнднасан -

Ярилгүй яахав, тэр чинь одоо тэр сайн ажиллагаатай тэр хүний чинь ажил мал нь тэгж сайн өсч байна, ингэж байна гээд л үнэн ёстой тэр сонин хэвлэлээр чинь үргэлж цацагддаг байсан шүү. Тийм учраас радио, телевиз гэж нээх байх юм биш, тэр чинь сонин хэвлэлээр л гардаг. Тэрийг чинь ..,

Саранцэцэг -

Нэгдлийн гишүүдийг яаж урамшуулдаг байсан юм, хөдөлмөр өдрийн хөлс гэж юу авах уу, ер нь нэгдэлд ороод хүмүүсийн амьдрал сайжирсан уу?

Мэнднасан -

Сайжирсан. Сайжирсан. Янзын сайхан сайжирсан ш дээ.

Саранцэцэг -

Өмнө малгүй байсан улсууд ч нэгдлийн мал хариулаад .,?

Мэнднасан -

Малтай болчихсон ш дээ. Нэгдлийн мал сайн хариулаад заа муу хариулсан нь бол яахав, өнөө ядуу чигээрээ л байхгүй юу. Өр төлөөсөнд ороод л, төлдөг байсан ш дээ, одоо жишээ нь би одоо мал хариулж байгаад л 10 юмуу, 20 хонь чононд өгчих юм бол шууд төлнө. Тэгээд л өнөө муу л малчингийн юу байхгүй юу. Унтаж байгаад юмуу, малаа эзгүй явуулж байгаад л юм уу, тийм юманд оруулчихвал төлнө. Заа түүнээс зуд турхан ирээд одоо иймээ тиймээ болоход бол нэгдэл бол харж үзнэ. Тэчнээн хувийг нь одоо хөнгөлж өгнө. Хичнээн хувийг нь яаж ч байх шиг тийм. Ажлын хариуцлага алдах л юм бол хариуцлагаа хүлээнэ. Хөдөлмөрийн хөлс бол эхэлж хүн өдөр гэж байсан. Тэгээд сүүлдээ хөдөлмөрийн хөлс аваад л улсууд чинь сайхан амьдарч байгаа юм чинь.

Саранцэцэг -

Жилдээ нэг тайлангийн хурал болж сүүлд нь ашиг юмаа тооцоод л сүү цагаан идээгээр урамшуулах ч байдаг юм уу, мал ахуй өгдөг ч байдиймуу, тийм байх уу?

Мэнднасан -

Өгнөө өгдөг байсан, сайн ажилладаг хүнд чинь одоо төдийчинээ тэр юуны нь дагуу шагнал урамшил өгдөг байсан ш дээ.

Саранцэцэг -

Нэгдэл цаашдаа хэр өргөжсөн бэ?

Мэнднасан -

Өө нэгдэл чинь маш өргөжсөн ш дээ. Будаа тариад л, одоо жишээ нь манай Шаргын говьд л гэхэд тариагаа тарьдаг, тусгай тарьдаг нэгдлийн гишүүн, тэгээд тариагаа тарьдаг. Аа бид малчин. Малаа хариулаад одоо норм ноосоо тэгж давуулбал малаа тэгж өсгөвөл одоо жишээ нь манайх чинь эхлээд л долоон зуун, зургаан зуун хэд дараа нь 700, жил жилээр ахиулчихсан юм. Тэгэхэд чинь л одоо нэг 100 малнаас онд оруулахад хичнээн төлөг авах уу, махаа яаж хэмнэсэн юм, ноосоо яаж давуулсан юм, малаа яаж өсгөсөн юм, тэрний дагуу тэгээд л малаа нэгдлийн хөлснөөс тусдаа шагналд мал өгч байсан ш дээ, тэр мал авдаг байсан. Тийм, шагналд нь мал өгчихдөг.

Саранцэцэг -

Их зуд, турхантай гантай жилүүдэд бол малчдад хэцүү байхаа ?

Мэнднасан -

Өө их хэцүү. Аа гэхдээ бол өөрсдөөс нь л шалтгаална. Өөрийн малч чанараас. Одоо шиг ингэж энэ цаг улирал чинь зун нь ч биш намар өвөл ч биш, ингэж одоо улирал чинь жаахан өөрчлөгдчихсөн ш дээ. Бид одоо манай ээж аавын мал маллаж байсан үе, бид нарын мал маллаж байсан үе болбол цаг агаар нь нэгэн жигдийн зун нь зунаа болчихдог, намар нь намраа болчихдог, өвөл нь өвлөө болдог, хавар нь хавраа болдог үе байсан. Одоо бол хавар болохоо ч больчихоод байна. Зун болох нь ч хэцүү болчихоод байна. Улирал нь өөрчлөгдчихөөд малчдад маш их хэцүү болчихсон. Мал маллаад амьдрахад. Тун хэцүү болчихоод байна. Дээр үед чинь өвөл малаа ингэж өлчиржүүлж авъя намар нь, өвлийнхөө юуг малаа өлчиржүүлж авъя гэх юм одоо бол нөхцөлгүй болчихоод байна. Дээхнэ үед чинь малаа аль болох эрт бэлчээгээд өлчиржүүлээд авсан цагт бол би ч одоо хэд хэдэн зудтай орсон хүн. Аа тэр зуднуудтай орсон байхад өөрийнхөө малч ажиллагаа бэлтгэл сайн, өвс ногоо гарсныхаа хувьд бол малаа аваад гарчихдаг байсан. Одоо 50 см цас орчихсон байхад чинь ингээд л сайхан тогтоогоод л хариулахад чинь зөндөө өсдөг юм чинь, малтаад л идээд л хонь малтаад л идээд л явна, ямаа нь хониныхоо ардаас идээд явдаг тийм байсан юм. Аа ямаа бол маш их юмны түрүүнд явдаг мал, тийм. Ямаа бол түрүүнд нь явж өвсний соргогыг идэх дуртай мал, хамаг дээгүүр нь ургасан цэцэг ногоог ямаа түүгээд явахад хонь доод талыг идээд явчих жишээтэй, тийм мал өөр. Тийм учраас бид хоёрын өөрсдийн гаргасан туршлага гэдэг нь юув гэхдээр бид 2 мал авлаа гэхэд бид 2 аминиы л мал 1 настай мал хонь хариулдаг байсан, энэ хонийг ямааны түрүүнд явуулж сургая гэж бид 2 тэгж хоорондоо яриад, эхлээд хонь ямаа хоёроо тусдаа хашдаг, хамт хашчихдээр өнөө хонины ноосыг чинь ямаа ингээд зулгаагаад байдаг байхгүй юу. Самчаад ингээд дээгүүр нь харайгаад, ингээд байдаг, тийм учраас ямааг нь тусдаа хашчихаад л, эхлээд хонио гаргачихаад л, хужир дээрээ эхлээд л хонь очоод иднээ дээ, тэгээд хужраа идээд хонь идээшлээд, ингээд цаашаа явнаа, тэгэхлээр нь зэрэг ардаас нь ямааг нь гаргадаг. Ямаа нь хужраа долоож байгаад л хониныхоо араас тэгээд байхаар ямаа чинь хониныхоо ардаас яваад сурчихдаг юм байналээ. Мал чинь одоо хүний сургаалиар байдаг юм байлээ. Их сонин ш дээ, аймар хөөрхөн. Мал чинь тэр үзнэ. Ёстой тэмээг яаж маллах уу, үхрийг яаж маллах уу хонийг яаж маллах уу гээд аварга малчдын чинь туршлагууд гарч ирээд л, залуучууд чинь тэр туршлагын дагуу сурдаг. Одоо болбол одооны залуучууд заа, зуд болж байсан уу, яаж гарч байсан та нар, одооны зуд ингэж байна, яах уу гэж ингэж байгаа юм алга. Дээр үед чинь бид нарыг ид мал маллаж байхад аа тэргүүний малчдын туршлага ном сонингоор гараад ирнэ, аа тэр сум оронд тэр малчдыг чинь урьж авчраад л хичээл заана, тэгдэг байсан, одоо тийм юм байхгүй, иймэрхүү ялгаатай болчихож байхгүй юу. Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үед нэгдлийн дарга доод тушаалын хүмүүс малчидтай яаж харилцдаг байв, ер нь дарга нарын байдал ямар байсан бэ?

Мэнднасан -

Янзын сайхан, харьцаатай. Аймар гоё. Одоогийн дарга нар социализмын үеийн дарга нар хоёр ондоо. Социализмын үеийн дарга нар ирэхэд чинь заа дарга нар ирэх гэж байна, хашаа хороо ямар байна, аа манай гадна тал цэвэрхэн байна уу, одоо яадаг билээ, даргыг хүрээд ирэхэд муухай байхвий, хоол бэлэн биш байна уу, хоол бэлэн байна уу, ажлаар явж байгаа хүнийг хүлээгдэх нь үү яах нь уу гэдэгтээ тулдаг байсан. Янзын. Тэр дарга нар ...Заа сайн байна уу, сайн өвөлжиж байна уу, сайхан зусч байна уу гээд л харьцаа сайхан. Янзын гоё, за тэгээд л ядарч байна уу, зүдэрч байна уу гээд л, мал чинь яаж байна, юу дутагдаж байна, одоо яамаар байна, хужир бордоо хэрэгтэй байна уу, өвс тэжээл хэрэгтэй байна уу, юу хэрэгтэй байна гэж явдаг байсан. Дарга нар. Байнгын эргэнэ. Аа одоо тэгээд л одоо муу хэлсэн болохийм даа сүүлийнхээ юуг, тэр дээр үеийн дарга нар ерөөсөө нэгдлийн дарга нар болбол нэгдэлд юм хийж байх үед бол нэг юм аваад идчихье гэсэн бодолтой хүн байдаггүй. Цөм ард түмнийхээ төлөө. Юм л байвал ард түмэндээ өгөх юмсан, ард түмэндээ л хүргэх юмсан мэдлэгтэй тэгээд мэдлэгнийхээ дагуу тэр юмаа ард түмэндээ одоо ямархуу журмаар ойртуулах уу, одоо бол тийм биш болчихсон. Одоо бол арга нь олдвол ард түмэн элгээрээ мөлхөж байсан ч ямар хамаатай юм, юм аваад л олвол боллоо ш дээ. Одоо ямар ч гэсэн сум орны одоо тусгай төсөв төлөвлөгөөнөөс яаж ийгээд ашигтай тал болохооос ард түмнийхээ талаар бодохгүй болчихсон байхгүй юу. Орон нутгийн дарга нар чинь шал ондоо улсууд.

Саранцэцэг -

Ер нь одоо социализмын үеийн хүмүүсийн ажилд хандах хандлага ямар байсан бэ?

Мэнднасан -

Янзын сайн байсан ш дээ

Саранцэцэг -

Одооны хүмсүүдтэй харьцуулашгүй юу?

Мэнднасан -

Харьцуулашгүй, шал өөр. Зарчимч, одоо зүгээр тийм юмаа тэгвэл тэгнэ, тийм юмаа тэгвэл хийнэ. Тэрбайтугай гэр дотроо хүртэл хоорондоо зарчимтай. Чи л хийж бай, би л хүүхэд гаргасан хүн гэдэггүй л байсан. Тэр байтугай зарим авгай нар хониндоо явж байж төрчихөөд л, хүүхдээ хормойлчихоод л ирж байсан удаатай. Одоо бол үхнээ дээ, яг үхчихнэ дээ. Цус алдах нь алдаад яах нь яагаад. Дээр үеийн хүмүүс тийм сайхан хатуужилтай, тийм сайхан зарчимч тийм тэсвэр, тэвчээртэй улсууд байсан байхгүй юу

Саранцэцэг -

Ер нь одоо тэгээд л хүмүүс сургууль төгсч ирээд л ажилд ордог тээ, ер нь ажилд орох процесс одоог хүртэл яаж өөрчлөгдөж байна вэ? Социализмын үед ажилд ороход хэцүү байсан уу?

Мэнднасан -

Ажилд ороход бол ер нь тийм сургууль соёлд орох нь ховор байсан юм уу, сургууль соёл төгсөөд ирсэн хүн болгон л ажилд орчихдог л байсан ш дээ. Ажлын мест бол элбэг байсан, ажил бол олддог байсан. Ямар хүн ирнэ, эмч байсан ч л ажилдаа орчихдог л байсан, малын эмч ч байсан ордог л байсан, одоо чинь тийм юм алга. Ажлын процесс чинь дээр үед элбэг байсан шүү.

Саранцэцэг -

Одоо хүмүүс яаж ажилд орж байна, сонсоход?

Мэнднасан -

Хэцүү байна, дээд мэргэжлийн хүмүүс ажилгүй байж байна. Зарим нь мал маллаж байна, зарим нь одоо амьдрахын эрхэнд хүнтэй суугаад хөдөөний малчин болчихож байна, аа ажилд орохын бол одоо шовгор. Хахууль хээл, ийм юм өгч байж одоо ажилд ордог болтой байна. Одоо миний чих бөглөрчихсөн биш. Сонсоод л байхнаа, ярианаас. Заа яахав, хэтэрхий их сайхан сурлагатай, хэтэрхий их мундаг хүүхдүүд бол одоо сургууль орчимдоо юм уу, конторт яахав ажилд орж л байна л даа.

Саранцэцэг -

Та анх сургуулиа төгсч ирээд ажилд ороход ажил хийх дур сонирхол хэр байсан бэ?

Мэнднасан -

Сайхан байсан, янзын сайхан байсан.

Саранцэцэг -

Таныг яаж хүлээж авсан бэ?

Мэнднасан -

Надыг янзын сайхан хүлээж авсан.

Саранцэцэг -

Та одоо томилолтоо аваад л шууд ажилдаа орж байсан уу?

Мэнднасан -

Би ороод л тэр Шарга сумын Харганатын амны миний нөхөр салбарын эрхлэгч байсан, шууд юугаа авч очоод л орсон. Тэгээд л бид 2 чинь нэр хүндтэй хэдэн жил байж байгаад л,

Саранцэцэг -

Таны одоо сувилагч хийгээд явж байхад ч бай, сүүлд малчин болсон байхад ч бай, ер нь одоо хэцүү шантармаар тохиолдож байсан юм байна уу, ажил хийж байх үед ?

Мэнднасан -

Сувилагч хийж байх үед хэцүү юмтай их тохиолдож байсаан, нас барж байгаа одоо үхэж байгаа юмтай одоо биднүүс л одоо гардан их эмч хүн одоо яахвээ дээ, зөвлөгөөнөө сувилагчдаа өгнө, сувилагч асрагч хоёр одоо эмчийнхээ зөвлөгөөнөөр өнөө хүнээ эмчилнэ. Эмчлээд болохгүй үхчихнэ. Үхчихдээр цагаан халатнууд алаадахлаа гээд л ээ ёстой ингэж ажил хийж байхаар ..ээ яаваа даа ёстой хэцүү үе байсаан, байсан. Одоо тэгээд арга ч үгүй юм байлээ, хөөрхий. Хүүхдээсээ салсан хүмүүс чинь уурлаж бухимдахдаа л тэгдэг. Бид нар чинь ямар алаад байгаа алуурчин биш шүү дээ. Эмнэлгийн хүн чинь аль л болох тэр хүнийг чинь босгоё, энэ хүнийг эмчилгээг нь сайн хийе л гэж, зүтгэдэг болохоос тэр хүмүүсүүдийн ухамсрын асуудал л даа чааваас. Тийм, тийм үеүд тохиолдож байсан тохиолдож байсан. Хэцүү хэцүү, би ямар сайндаа одоо их эмчдээ ороод уйлж л байсан. Цагаан халаатны голууд алаадахлаа гээд л,

Саранцэцэг -

Та дараа нь сувилагчаа болиод илгээлт аваад хөдөө гарсан, тэр яагаад тэгсэн юм, хэн танд зөвлөв, яагаад тийм шийдвэр гаргах болов?

Мэнднасан -

Тэр аймар сонин, би нэг хүүхдийн хэсэгт ажиллалаа. Тэгсэн чинь нэг өвөл болсон чинь хүүхдийн хэсэг нь гар галлагаатай асрагч нь өрөөгөө цэвэрлэнэ, зуухандаа галаа түлнэ, модоо хагална, ингээд нэг өвөл чинь нэг аймар өвчин гарлаа, манай их эмчийн хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтлээ хүүхдээ хараад, манай асрагчийн галчийн хүүхэд өвдөөд хэвтлээ, манай 2 сувилагчийн би амбулаторийн сувилагч байлаа, эргүүлийн 2 сувилагч чинь бас 9 шидийн өвчин тохиолдоод би хэсэгт ганцаараа үлдээдэхлээ. Тэгсэн чинь найз юу яадиймаа, өөр хэсгийн эмч гуйж ирж хүүхдээ үзүүлнээ. Амбулаторийнхоо үзлэгийг хийлгэнээ. Аа өөрөө шалаа угаанаа, нөхрөө дууудаж ирж модоо хагалнаа, ингээд би нэг бараг нэг 10-аад хоног ганцаараа ажиллачихдаг юм байнаа, тэгсэн манайхан цуглаад ирлээ. Заа чамд баярлалаа шүү, цалингаа биччихнээ, өө өнөө хэсэг тусдаа юм чинь нөгөө наадуул яахав өнөө эмнэлэгт хэвтсэн улс чинь листээрээ мөнгөө авна ш дээ. Тэгээд л ингээд л яасан чинь одоо чамд цалингийн 7 хоногийн цалинтай чөлөө өглөө гэнэ, цалинтай чөлөө аваад хөдөө гарлаа, манай нөхөр болохоор 2-лаа гарах уу гээд л урд жил нь гуйгаад байсан тэр үед яг намын уриалга гарчихсан үе байсан юм. Тэгээд л 2-лаа юу яасан чинь манай аавынх юу хариулж байлаа, нэгдлийн өнөө муусайн 1 настай муу мал хариулж байсан юм. Эмчилгээ тэжээлийн цэгийн мал гээд муу мал хариулдаг байсан ш дээ, сул бүр доройнуудыг нь эмчилгээ тэжээлийн цэг гэдэг дээр аваад л, тэрүүн дээрээ сайн ажиллагаатай хүнээр маллуулдаг, тэгээд тэр малыг нь хариулсан чинь би чинь аймаг дээр нэг хэдэн жил болоодохсон чинь онцгүй санагдаад, малдаа ойрхон түлшээ түүгээд ирж байгаам. Малаа хариулаад ирж байгаам. Үгүй ээ ер нь сайхан санагдаад гармаар санагдаад, тэгээд нөхөртөө хэлсэн чинь чамд би ноднингийн хэлсэнгүй юу. 2-лаа гаръя л даа, тэгвэл тэгэхлээр нь зэрэг манай аймгийн намын хорооны 2-р нарийн бичгийн дарга Содноо гэж аймгийн намын хорооны 2-р нарийн бичгийн дарга, манай нэг авга ах байсан юм. Одоо ч байгаа л даа. Тэр ахдаа хэлдиймаа. Бид 2 одоо ингээд хөдөө гармаар байнаа, яах уу, ахаа. Тэгсэн чинь өө та хоёр зүгээр гараад яахав, илгээлт аваад л гарахгүй юу. Юу бичээд ир, өргөдлөө бичээд ир, ...Чадахгүй ээ ах минь чадахгүй та л бичээд өг, манай нөхөр намайг ёвроод байгаам, хэл гээд. Та л бичээд янзлаад өг, ..За яахав тэгвэл би л бичихээс гээд өнөө муу ах минь та хоёр 2 хоночихоод хүрээд ир л гэж байна, 2 хоночихоод хүрээд ирсэн чинь ах бэлэн болгоод яг илгээлтээр явахад бэлэн болгоод байсан, тэгээд л манай тасгийнхан намайг дооглоод би энэ өрөөндөө сууж байгаад жаахан зав гарахаар л ...Хонгио дуугаа татаач, Хоньчин намайг цэнгүүлээч... гээд л дуулдаг байхгүй юу. Үгүй ээ энэнд ямар өвчин тусчихав аа, би нөгөө хөдөө гарахыгаа хэлээгүй, нөгөөдүүлдээ. Байж байгаад л нөгөө дууг аялаад байхаар одоо яачихав, хөдөө явж ирээд л ийм болчихлоо гэдэг. Тэгээ байгаад л яг ганц эвгүй юм нь над санагддаг, тойрох хуудсаа зуруулаад л явахаар энэ чинь юу билээ, ажлаас хөөгдсөн хүнд л тойрох хуудсаа гаргадаг даа гээд л, яанаа гэж бодоод тэр нэг жаахан эвгүй санагдаад л тэгээд л тойрох хуудсаа зуруулаад л 7 хоногийн дотор бүх юм бэлэн болоод л нэгдэл дундаас машин гаргаад л тэр үед чинь сайхан байсан ш дээ, бүү унаа гаргаад л манайхыг чинь шууд ачуулсан. Тэгээд л манайхыг нүүгээд очиход чинь нэгдлийн дарга марга оччихсон л байсан. Тэгээд л очоод л бид хоёрт чинь саалийн үнээ өгч байгаам. Аа бог өгч байгаа юм, ачлаганы тэмээг нь өгч байгаам морь өгч байгаам. Тэгж илгээлтээр гарч байсан ш дээ. Гоё гарч ирсэн.

Саранцэцэг -

Тухайн үед залуучууд илгээлтээр хэр их гардаг байсан, голцуу ер нь яаж гардаг байсан юм ?

Мэнднасан -

Тэр үед чинь өнөө 8-р анги төгсөөд бас 10-р ангиас ангиараа илгээлт аваад гарч байсан. Ангиар нь бүр ингээд ангиар нь юу зарлаад. Илгээлтээр бүр хөдөө ангиараа малчин болцгоодог. Тэгээд тэндээсээ бас хэдэн жилийн дараагаар бүр сургуульд явуулна гэсэн уриан дор гарч байсиймаа, тэр чинь. Тэгээд сургууль соёл төгсөөгөөд хөдөө аж ахуйн дээд сургууль мургууль төгсч байсан ш дээ.

Саранцэцэг -

Би бас сонсч байсан, хөдөө илгээлтээр гарахаас гадна үйлдвэрт илгээлтээр гарч байсан гэж?

Мэнднасан -

Очдог байсан, барилгын гээд л, ангиараа. Барилга дээр энэ хотын том үйлдвэр дээр гарч байсан. Тийм.

Саранцэцэг -

Тэгэхээр тухайн үед илгээлтээр очиж байгаа улсыг нэлээд нэр хүндтэй ингэж угтдаг бас их харж үздэг байжээ ?

Мэнднасан -

Харж хандаж, одоо хот суурин газар хотод үйлдвэр комбинат очиход орон байр олгодог, айл гэр болсон улсуудыг айл гэр болгож өгдөг, ёстой маш их хангамж сайтай харж үздэг байсан үе.

Саранцэцэг -

Заа тэгэхлээр одоо илгээлтээр очоод малчин болоход цалин хөлс одоо юу авах уу?Анхан үедээ яав?

Мэнднасан -

Өө анхан үедээ бол өнөө нэгдлийнхээ хөлсөөр л. Очоод л шууд 1 настай малаа аваад л, зургаан зуун хэдэн малынхаа хөлсийг жилийн эцсээр аваад л, тэгээд л. Одоо манайд энд байж байдаг юм ш дээ, бид 2 таван жилийн тооцоотой үүрэг аваад л, бичээ байгаад л баатар болтлоо биччихсэн дэвтэр нь байдаг. Төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу за одоо зургаан зуун хэдэн мал авлаа, энэнийхээ тарга хүчийг одоо тэгж давуулна, биелүүлнээ, заа малаа ингэж онд оруулнаа, 98%тай онд оруул гэсэн бол 99%тай онд оруулна ч гэх шиг, тэгж урдаас одоо төлөвлөгөө тооцоотой ажилласан. Төлөвлөгөө тооцоотой ажилласны үр дүнд л тэгээд ажлын амжилт гарч байхгүй юу. Тийм.

Саранцэцэг -

Одоо тэр жилдээ эхлээд гарсан жил хэцүү байсан уу ?

Мэнднасан -

Хэцүү байсан, тэр жилдээ хавар залуучууд онигоонд ормоор байсан, би чинь ганган хүүхэн явсан юм байлгүй, өсгийтэй өндөр том өсгийтэй гутал хавар өмсдөг, тийм гуталтай ирчихээд л би хаврын өнөө хазгай муруй газар чинь өнөө гишгэж чадахгүй, гутлынхаа тахыг хүртэл унагаж явсан удаатай. Аа тэгээд л хаврын цас масанд чинь суурин газрын гоё ганган гутлууд чинь хөл даараад л хөлнөөсөө болоод нүүр, нүд өвддөг ч байсан, эхний жилд бол их хэцүү байсан, хэцүү байсан. Би яах гэж хамт олныхоо дундаас гарч ирэв ээ, уйлж ч байсан удаатай. /инээв/

Саранцэцэг -

Аа нөхөр чинь яаж байсан, шантарч байсан уу?

Мэнднасан -

Аа гайгүй. Тэр чинь ер нь надаас их гүргэр, манай тэр гайгүй, ер нь гайгүй. Доог тохуу л хийнэ үү гэхээс гайгүй. Аа хоёулаа яах гэж гарч ирэв ээ гэж хэлдэггүй байсан шүү, тэр чинь. Зорьсон юм зорьсноороо л гэдэг бас их зарчимч хүн байсан хөөрхий минь. Тэгээд л.

Саранцэцэг -

Ажил амьдралаа яаж зохицуулж байв, хангамж хүрэлцээ тэр талдаа?

Мэнднасан -

Өө болж байсан, яагаа ч үгүй. Тэгээд л өнөө аав ээж чинь мал хөрөнгийг чинь тасдаад манай муу аав ээж .., хүүхдүүд гарчихсан, зарим нь мал хариулах дайны юу болчихсон, томоо болцгоосон байсан юм чинь, аав ээж чинь 75-аа хоёр хуваагаад л гучин хэд хэдээр нь авч байсан, манай хоёр. Бид хоёрыг өнөө нэгдэлд мал маллаад хүрээд ирэхээр манай муу аав ээж хоёр 75 малтай байлаа, тэрийгээ хуваагаад л бид хоёрт өгчихөж байлаа.

Саранцэцэг -

Аав ээжээсээ зөндөө асуудаг байсан байлгүй?

Мэнднасан -

Тэгэлгүй яахав, мал маллагааны арга барилыг аав ээжээс л асууж байгаа юм чинь. Тийм зуны улиралд нь тэгнэ, намарт нь малаа тэгж бэлчээнэ, хэтээсээ малч ажиллагаатай аав, ээжтэй байсан учраас сүүлд нь яахав нэлээн томроод ирэхийнхээ алдтай тэр том том малчингуудын арга туршлагыг судлаад тэгээд л явчихаж байгаам.

Саранцэцэг -

Сүүлд нөгөө өмч хувьчлал болоход нэгдэлд мал нийгэмчилсэн айлууд мал буцааж авсан ш дээ, тэгэхэд яасан танайх?

Мэнднасан -

Авсан ш дээ, зөндөө авсан ш дээ, хөөрхий ёстой. Тэгэхэд чинь манайх тэр мал өмчлөлд чинь орчихсон, өөрөө малчин болчихсон үе байсан юм чинь. Тийм.

Саранцэцэг -

Танай дээр ямар мал ирсэн тэгээд ?

Мэнднасан -

Манай дээр чинь тэмээ ирсэн үхэр ирсэн, хонь ямаа ирсэн, ёстой 5 хошуу мал, нөгөө 4 хүүхэдтэй юм чинь 4 хүүхдийн чинь юу, нэг охиноо бид 2 хөдөө гаргаад авчихсан байсан, охины чинь юу төлгүй, мал дээр гаргаад авчихсан байсан тэр төлгүй, тэгээд л хөөрхий, манайх чинь ер нь тэгээд л 600-аад малтай болсон ш дээ. Тэгээд л тэр малнаасаа миний муу хөгшин яахвээ дээ, юу нөгөө хувийн аж ахуйтан болоод хөдөлмөрийн баатар болоод 9 жил болоод л нас барчихсан юм чинь.

Саранцэцэг -

Тэр өмч хувьчлалаар юу ч аваагүй гэсэн улсууд байсан, зарим улсууд бүр бусдаасаа илүү өмчтэй ..,?

Мэнднасан -

Яалаа гэж юу ч үгүй хоцордог юм тэр чинь дор хаяхад л тэр нэгдэл нийгэмд байсан унь, хана, гэрийн мод хүртэл л авсан ш дээ. Хадаас хүртэл авсан гэж байгаам ш дээ. Юмгүй хоцорно гэж байхгүй, бүгд л..,

Саранцэцэг -

Нэгдэлд ажиллаж байсан улсууд бол юм авчээ, одоо төв суурин байгаа улс?

Мэнднасан -

Аа суурин газар, эмнэлэг байсан улс чинь зүгээр байгаагүй ш дээ. Тэр чинь бас 10, 5 мал авсан. Авчихаад аваагүй гэж яриад байгаа болохоос биш, авсан ш дээ, тэр чинь. Цугт нь адилхан 15, 15 толгой тэр чинь мал ш дээ, хөрөнгө ш дээ. Авчихаад аваагүй гэж ярьдгаас биш, аваагүй хүн нэгдэл нийгэмд юу яасан үед байхгүй. Заа, үйлдвэрийн ажилчид чинь юуныхаа үйлдвэрийнхээ юугаар авсан л юм байлээ ш дээ. Барилга, байшин 9 шидийн юм авчихсан л юм байлээ ш дээ. Улсууд чинь бага авснаа л аваагүй гэж яриад байгаа болохоос биш. Монгол хүн чинь их ер нь сонин хүмүүс байгаам ш дээ, авчихаад аваагүй гэнэ, аваагүй нэг ч хүнгүй ш дээ. Дор хаяхад л хадаас хүртэл авчихаж байгаам.

Саранцэцэг -

Аа жишээлбэл ягаан, цэнхэр тасалбар гээд тараахад тэрийгээ юм болгож авсан уу, танайх?

Мэнднасан -

Манайхан болбол цэнхэр чинь мал болж ирлүү, аль нь мал болж ирлээ, 2 хувьчлал, ихийг нь бол чадаагүй шүү, манай нэг нэгдлийн дарга хийж байсан хүн тэрнийг аваад л одоо үйлдвэрийн газар яаж байгаад л юугий чинь өгнө л гэсэн, тэр тэгээд оргүй хоосон хоцорчихсон. Хохироод үлдчихсэн юм. Одоо тэгээд олдох ч үгүй биз. Хөөцөлдөхөө ч байсан юм. Аа нэг тасалбараар нь бол мал авчихсан ш дээ. Ягаан жижгээр нь авсан юм бол уу даа. Цэнхэр юм уу ягаанаар нь юмуу авсан ш дээ, мал. Аа цаанаа бол их юугаа бол чадаагүй юм.

Саранцэцэг -

Яг нэгдэл тарж байх үед ямар нэртэй нэгдэл билээ?

Мэнднасан -

Манайх чинь “Говийн хөгжил” нэгдэл.

Саранцэцэг -

Говийн хөгжил нэгдэл тараад ингэхэд нэгдлээс юмгүй хоцорсон хүн бий юу?

Мэнднасан -

Үлдээгүй үлдээгүй, яаж үлддийм. Дор хаяхад л хамгийн сүүлд л ..

Саранцэцэг -

Нэгдэлд харьяалагдаж байсан байшин сав, склад одоо юу байдийм?

Мэнднасан -

Өө тэр чинь тэрнийгээ авчихаж л байгаа юм чинь. Бүгд л авсан дөө.

Саранцэцэг -

Тэр дунд одоо илүүхэн юм авсан гэхээр юм мэдэгдсэн үү ?

Мэнднасан -

Аа тэгээд жаахан завшсан л юм шиг байналээ ш дээ.

Саранцэцэг -

Тэр нь одоо ямар улсууд байх уу?

Мэнднасан -

Нэгдлийн одоо аж ахуй махуй хариуцаж байсан, өндөр байсан улс л жаахан ашиг гаргаж авсан шиг байналээ ш дээ. Одоо 2 тогоо байхад нэг нэгийг авахын оронд би ганцааранг нь чамд өгөлгүй авчих жишээтэй. Тиймэрхүү юм гарсан, гарсан.

Саранцэцэг -

Ер нь одоо хүйсийн ялгаатай өмч хувьчлал болсон гэвэл та, тийм юм байсан уу ?

Мэнднасан -

Байгаагүй байгаагүй. Тэр чинь ав адилхан. Би ч адилхан энэ хүүхдүүд ч адилхан л авсан.

Саранцэцэг -

Мал маллахад малч ухаан гэдэг нь хамгийн чухал байдаг юм байна тээ?

Мэнднасан -

Монгол орон мал хэрэггүй ээ, алт шиг сайхан юм алга гэж байна, энэ чинь бол улс нийгмээ юу яаж байна ш дээ, тонож дээрэмдэж байна. Дээрэмчингүүд гэсэн үг.

Саранцэцэг -

Таныг одоо нэгдэлд малчин байхад хурал цуглаан, үзвэр үйлчилгээ бусад соёлын арга хэмжээ зохиогддог байсан уу ?

Мэнднасан -

Байлгүй яахав, ёстой янзтай ш дээ. Малчдын чуулга уулзалт, хавар ёстой нэг гоё юм болно доо. Мал төллөхийн өмнөхөн, хавар. Яг нэг хавар мал төллөхийн өмнөхөн талд малчдын чуулга уулзалт, эмэгтэй голдуу улсууд яадаг, нэг тийм. Гоё хурал байлаа.

Саранцэцэг -

Тэр нь яадийм, аймгийн төв рүү очдиймуу?

Мэнднасан -

Сумын төвд, дандаа сумын төвд. Тэрэн дээр чинь очиход ёстой сайхан бэлтгэлээ хийчихсэн, бид нарыг чинь хүлээж авдаг, үзвэр үйлчилгээ тоглоно, хүүхдийн илгээлт орж ирнэ. Маш сэтгэл санаа өндөр одоо төлөө л нэг 100% авах юмсан гэсэн бодолтой хүн л тэр хурал цуглаанд оролцоод гардаг тийм байсан ш дээ, тэгээд л аймагт чинь эмэгтэйчүүдийн хурал мурал гээд л ингээд л дамжаад л явчихдаг ийм. Хамгийн гоё нь тэр малчдын чуулга уулзалт.

Саранцэцэг -

Тэр нь жилд ганцхан удаа юу?

Мэнднасан -

Ганц л удаа болно. Тэрийгээ л тэсэн ядан хүлээнэ дээ. Аа яахав намын хурал гэж болно л доо, намын хуралд бол сар болгон явна.

Саранцэцэг -

Аа эмэгтэйчүүдэд хандсан тийм ажил зохиогддог уу?

Мэнднасан -

Зохиогдоно, дан эмэгтэйчүүдийн дунд. Эмэгтэй хүн хийдэг ажил гэсэн ойлголттой л чуулга уулзалт чинь болдог. Ганц нэгхэн эрэгтэй улсууд чинь ирэхээрээ суудаггүй. Яваад өгдөг тийм байсан байхгүй юу. Дан эмэгтэй малчид очдог. Тэрэн дээрээ эмэгтэйчүүд нь ажлын туршлага солилцоно.Тэргүүний ажиллагатай эмэгтэйчүүдээ бүгдийг нь шалгаруулж шагнана. Аа сумын аварга саальчин маальчин гээд тэрэн дээр шагнана, тийм тийм гоё шагналуудаа авна. Тийм.

Саранцэцэг -

Ер нь одоо шагналын журмаар гадаад, дотоод руу аялах шагнал өгдөг үү?

Мэнднасан -

Өгнө өгнө. Москва юу.., гадаад оронд жуулчлах юу өгдаг ш дээ, би одоо юу яваад ирсэн юм, би чинь 80 онд, 76 онд малчин болчихоод 80 он гэхэд 4 жилийн дараагаар явж уу би, малчин болсныхоо дараа 3 хотоор жуулчлаад ирсэн ш дээ, бас. Тэргүүний ажиллагаатай эмэгтэйчүүдийн их хурал, улаан загалмайн их хурал их хурлуудад төлөөлөгчөөр сонгоно. Би чинь Улаан загалмайн их хуралд нэг явсан. Аа эмэгтэйчүүдийн 5-р их хуралд явсан. Аа энэ аймгийн бага хурлуудад бүүр хуваарьтай юм шиг явлаа. Маш их сайхан урамшууллын тиймэрхүү юм өгдөг, тэр чинь бас сайн байсан ш дээ.

Саранцэцэг -

Одоо жишээлбэл, танай нөхөр хөдөлмөрийн баатар, энэ “Хөдөлмөрийн баатар” цолыг дагалдаж мөнгөн урамшуулал ирдэг үү, ямар нэг хөнгөлөлт байх уу, баатарт?

Мэнднасан -

Үгүй. Үзүүлэхгүй. Мөнгөн урамшил гэж юу ч ирээгүй. Яах уу, Баатарын соёмбо, Сүхбаатарын одон хоёр л ирнэ. Тэр хоёр чинь л одоо шагнал нь. Түүнээс мөнгөн урамшуулал, мөнгөн шагнал гэж ирдэггүй. Аа улсын аварга малчин болоход гэрээр шагнана. Аа хошой болоход 5000 төгрөгөөр шагнана. Улсын аварга малчин бүрэн хэрэглэлтэй гэрээр шагнана. Аа хошой болоход нь 5000 төгрөгөөр шагнана. 5000 төгрөг гэдэг чинь пээ, одооны 5 сая төгрөг шиг. Тиймэрхүү шагнал ирдэг. Баатар болоод ирэхэд мөнгөн шагнал ирэхгүй. Сүхбаатарын одон дагалдана. Алтан соёмбо нь ирнэ.

Саранцэцэг -

Та тэр сүүлд малгүй айлуудыг малжуулсан тухай ярьсан. Та тэр талаараа илүү тодорхой ярихгүй юу?

Мэнднасан -

Аа энэ болбол нөхрөө нас барсны дараагаар одоо баатруудын гэргий нарын алдар тэмдэглэсэн юм. Аа тэр алдар дээр би тэрнээс нэлээн юм сэтгэж одоо ядуу улсаа асаръя, одоо улс эх орноосоо бид 2 их л юм хүртсэн гэж одоо бодож ядуу улсдаа харсан. Ядуу улстай ажиллахад одоо ганц малаар ч зогсоогүй, тэгээд л хөөрхий минь хувцасгүй байж байвал хувцсааа тайлаад өгчих, гутал нь хачин маажийсан хөлөөрөө гишгэсэн бол хямд үнэтэй гутал ч болсон аваад өгчих, тиймэрхүү явсан даа.

Саранцэцэг -

Тэгээд тэр улсыг аль аль талаар нь харж үздэг юм байна. Бүр хажуудаа авах уу?

Мэнднасан -

Хажуудаа байлгана. Хажуудаа байлгаад л, өөрснийхөө малнаас хэдийг авч маллуулаад л, аа төл мөлнөөс нь өгөх жишээний. Өөрөө дээрээс нь мал өгөх жишээний. Би чинь бараг 7,8 жил тэгж ажилласан. Сүүлийн жилүүдэд л одоо болье доо, бас тэр улсуудын дотор сайн ч хүн байх юм, муу ч хүн байх юм. Өгөөд байх тусам л өгөөд байх юм энэнээс авдаг юм гэсэн царай гарахдээр нь больчихоод эгч нь өөрийгөө бодолгүй нөхрийнхөө алдрыг мөнхжүүлэхгээд л хөрөнгөө одоо нөхрийнхөө алдарт зориулж, тэгсэн.

Саранцэцэг -

Таны сонгож авсан айлууд одоо огт малгүй айл байсан уу?

Мэнднасан -

Мал муутай мал цөөхөнтэй улсууд. Малгүй ч хүн байсан. Малгүй нь малтай болсон, цөөхөн малтай нь олон малтай болсон. Одоо хамгийн дээд тал нь 100 гаруй малтай сайхан амьдраад явж байгаа улсууд байна. Аа энэ жил ажлын туршлага нь дутсан юм байлгүй, малаа жаахан цөөрүүлчихсэн гэж байналээ, заа яахав яахав тэгээд өсгөнө биз гэсэн тэгээд л. Энэ яав аа, энийг малтай болгосон хэрэг алгаа гэх хүн байхгүй. Бүгд л оронтой гэртэй, бүгд л үр хүүхдээ гэрлүүлэх нь гэрлүүлсэн, бүгд л сайн сайхан явж байгаа. орон гэргүй ч хүнийг орон гэртэй болгож байсан. Хүүхдээ хөтлөөд, дэмий тэнээд явж байсан, хүнийг одоо эгч нь Улаан загалмайн онцгой гишүүнээр арван хэдэн жил ажиллаж байна, онцгой гишүүнийхээ хандивыг одоо чадан ядан өгдөг, одоо тэтгэврийн хөгшин болоод ирэхээр яах болох нь уу, бас өөр ямар тийшээ эргэх нь үү.

Саранцэцэг -

12 айл гэсэн үг үү?

Мэнднасан -

12 айлын хорин хэдэн хүн л гэсэн үг байхгүй юу. Хорин хэдээс ч илүү 30 гаруй хүн болчихгүй юу, нөгөө үр хүүхэдтэй нь яагаад л.

Саранцэцэг -

Та тэгвэл Улаан загалмайн онцгой гишүүн юм байна?

Мэнднасан -

Онцгой гишүүнээр арав гаруй жил болсон, эгчид нь бас олон албан тушаал бий. Байгаль хамгаалахын гишүүн. Улаан загалмайн сумын байгаль хамгаалахын, багдаа л юм даа, сумынхаа л байгаль хамгаалахын.., би чинь бас дуугай байж чадахгүй ээ, байгальтай чинь эвгүй харьцахаар чинь одоо энэ монголд ховор ургадаг одоо энэ Харганатын ам Шарын аманд нэг одоо хоёрхон нэг нь Хөвсгөлд ургадаг, нэг нь манай аймагт ургадаг хөөрхөн жижигхэн улаан мод байдийм. Тэрийг өсгөж үржүүлэх гэж чадал мэдэн одоо үзэж байна. Одоо тэгээд энэ жилээс чадал хүрвэл байгаль хамгаалахынхантай уулзаад тэд нартай яриад тэр улаан модны тэр хавийг одоо хариуцаж өөрөө авдаг ч юм билүү, газрыг нь гэж бодож байгаа. Одоо голцуу сүүлийн улс гол усыг нь ашиглаад, амь улсууд бас нэг ганц нэг хоногоор одоо бид хоёр ч гэсэн одоо тэр модон дотор хоноод ир гэвэл дуртай хононоо доо, аа хонохдоо бол тэр улсууд чинь хог новш хөглүүлээд усанд нь бохир зохир юм оруулаад, дотроо бодож байгаа асуудлаа энэ хойтон жил би энэ нэг ажлаа дуусгаад, дараагийнхаа ажилд орохгүй бол болохгүй байна. Нөхрийнхөө энэ алдрыг мөнхжүүлж хүлээлгэж өгчихөөд тэр байгалийг хариуцаж би одоо үхэх болоогүй байна, дор хаяж 7 жил амьд явах байлгүй, тэр болтроо энэ байгаль нутгаа хамгаалж авч, харьяандаа авч тэр хавьцаа нь ногоо цагаа тарьж, яг энэ аймгийн төв дээр орж ирээд хөдөө ажиллаж байсан, хөдөө хөдөлж байсан хүн энэ дээр сууна гэж алга, гудамж метрлээд гүйгээд байлтай биш, зах руу хэд явах уу, дэлгүүр лүү хэд орох уу, ер нь ажил хийгээд ажилдаа дасчихсан хүн чинь яаж болохгүй юм байна.

Саранцэцэг -

Ер нь одоо байгаль орчин танай нутагт анх таны хүүхэд байх үеэс шал өөр болсон уу?

Мэнднасан -

Өөр болсон, өөр болсон. Одоо намайг хүүхэд байх үед байгаль нутгаа хамгаалаад одоо алт малтыг нь ухдаггүй, газрыг нь хамаагүй сэндийчдэггүй, бараг ногоо ч бараг цөөхөн тарьдаг байсан даа. Одоо болбол юу вэ, зүгээр ухаад ухаад л одоо жорлон ухахад чинь зовно доо, тэгэхэд чинь энэ алт ухаж байгаа улс чинь дор нь ухаад хаячихаж байгаа юм чинь. Алтыгнь авах гэж. Хоёр өөр болчихсоон.

Саранцэцэг -

Газар усны нэр өөрчлөгдсөн газар танай нутагт бий юу ?

Мэнднасан -

Байхгүй шүү.

Саранцэцэг -

Сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа юм сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа юу?

Мэнднасан -

Их ховор байнаа. Муу тал руугаа л өөрчлөгдөөд байна, алтыг нь ухаад л, газрыг нь сэндийчээд л, сайн тал руугаа өөрчлөгдөх санаатай миний л одоо хүргэн болох юм даа, одоо нэг залуу Лодойбаатар гэж нэртэй сурагтай монгол улсын том баатар тэр хүний тарьж байсан модыг харин тэр хүн үргэлжлүүлээд одоо тарьж байна.

Саранцэцэг -

Тэр нь ямар мод уу?

Мэнднасан -

Тэр нь бол янз бүрийн мод, хар мод юу төрөл бүрийн л мод.

Саранцэцэг -

Одоо тэр таны ярьсан хамгаалъя, үржүүлье гэж байгаа мод ямар нэртэй мод уу, юунд ашигтай мод уу?

Мэнднасан -

Тэр үгүй ээ одоо “Улаан мод “ л гэж яриад байдийм. Зарим улсууд ” Балга” гэж ярьдийм. Тэр их богинохон, манай нутагт л ургадаг одоо түлшинд улсууд аваачиж хамаагүй машинаар булга татаж, аваачиж гол дагуу голын усанд аваачиж үерт угз татаж хаяад байдийм. Энэ жил онцгой гоё ургачихаж. Дотуур нь ингээд машин зам явдаг байхгүй юу. Тэр машин зам явахгүйгээр гоё ургасан байналээ. Би эртээд бас нэг хотоос ирсэн улсуудыг зугаалуулаад цэнгүүлээд юу яалаа.

Саранцэцэг -

Тэр модыг нэлээд тариад ингэвэл хөрс бэхжихэд хэрэгтэй байх даа?

Мэнднасан -

Тэгэх байлгүй. Тэгээд манай тэр хүргэн болох ..,

Саранцэцэг -

Ер нь бол ховордож байгаа юм байнаа?

Мэнднасан -

Ховор. Одоо монголд 2-хоны нэг нь манайд нэг нь Хөввсгөлд л байгаа юм байхгүй юу. Болдогсон бол энэ залуучуудыг хөдөлгөөд тэнд нэг аялал жуулчлалын юм байгуулчихвал ёстой гоё болохоор байгаам.

Саранцэцэг -

Аан тиймүү, танай аймгийн хэмжээнд гадны улс одоо хэр их ирдэг зорчдог, амьдран суудаг юм бэ?

Мэнднасан -

Үгүй ээ одоо яахав дээ, гадны улс нэг их юу яах нь гайгүй, Улаан боомд нэг хятадууд жаал байх шиг байгаам, одоо байгаа юм уу, үгүй юу мэдэхгүй.

Саранцэцэг -

Социализмын үед тийм гадныхан ?

Мэнднасан -

Байхгүй ээ. Судалгаа шинжилгээнийхэн гээд л хэсэгхэн улсууд яваад л, судалгаа шинжилгээгээ хийгээд л өнгөрдөг болохоос биш, гадна тийм янз бүрийн улсууд ингэнэ тэгнэ гэж манай энд ирж манай нутагт байдаггүй байсан.

Саранцэцэг -

Та бол гадныхантай ажиллаж байгаагүй юу?

Мэнднасан -

Үгүй ээ.

Саранцэцэг -

Орос мэргэжилтэнгүүд монголд байдаг байсан?

Мэнднасан -

Аа ажиллаж байсан. Манай Шаргын говьд нэг ажиллаж байсан шүү. Тийм.

Саранцэцэг -

Суурин хятадууд хэр олон байсан?

Мэнднасан -

Аа дээр үед Даашинхүү гээд хятад байсан гэсэн. Даашинхүүгийн хятад гэж. Цөөхөн хэсэг нэг хятадууд байж байгаад л энэ Шарга нутгийн тариалан ногоог ашиглаж байж байгаад жаахан зэрлэгдүүхэн хүн байсан гэдэг

Саранцэцэг -

Ер нь одоо монголчууд гадныхантай хэр найрсаг харьцаатай байдаг юм ?

Мэнднасан -

Тэр үед үү, социализмын үед тийм сайн бишээ. Яахав тэр гэрээгээр ирж байгаа тэр геологи шинжилгээ хийгээд Польш мольш Орос улсаас зөндөө улс явж байсан л даа, тэд нартайгаа бол гэрээнийхээ дагуу сайхан харьцаад л тэр нийгмийнхээ дагуул сайхан явж байсан байлгүй яахав. Тийм байсан.

Саранцэцэг -

Гадаад эд бараа олж авъя гэвэл социализмын үед олддог байсан уу?

Мэнднасан -

Өө, социализмын үед олддог байсан, байсан. Орос бараа. Хятад бараа ер нь ховор шүү. Ирдэггүй байсан шүү. Одоо л сүүлийн үед чинь монголчууд хятадын бараагаар амьдардаг болчихож. Түүнээс нэг их хятад гурил будаа орж ирдэггүй байсан ш дээ. Дандаа орос тэгээд л манайх өөрөө дотооддоо гурилаа үйлдвэрлэдэг, одоо манайхан чинь залхуурч байгаа нь тэр үү, ургахаа байсан нь тэр юм уу, гадаадаас л одоо юу яадаг болж. Дотооддоо л одоо 1,2,3-р гурил гээд л одоо идэж ууж байсан ш дээ.

Саранцэцэг -

Танай хүүхдүүдээс гадаадад сурдаг хүүхдүүд бий юу ?

Мэнднасан -

Манай хүүхдээс миний ганц хүүхэн Францад байна. Францад одоо сурч байна.

Саранцэцэг -

Ямар мэргэжлээр сурч байгаа юм?

Мэнднасан -

Миний хүү чинь уул нь Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн, тэгээд л одоо компьютер юманд сураа байгаад л англи хэлний орчуулагч морчуулагч хийгээд л хэлэндээ тулгуурлаад л миний хүүхэд тэгээд л гадагшаа гараад л явчихсан ш дээ. Одоо сурчихаж ч явна, ажиллаж ч явна, одоо болоогүй ээ, хавар 5 сард явна. Одоо тэгээд 10 жил амьдрах визээ авчихлаа л гэсэн.

Саранцэцэг -

Та тэгвэл Франц явах нь ээ?

Мэнднасан -

Тийм, Франц явах нь одоо. Ямар сайндаа үхэхгүйг хичээнэ, заа 10 жилийн 5-д нь хаашдаа явж таарна гэж бодож байгаам. Энд хийх юмаа хийгээд л нэгэн жигд би охин минь ээждээ мөнгө төгрөг явуулна гэхдээр зэрэг надад мөнгө төгрөг явуулах яахвэ, сайхан л амьдарч байвал. Би хамаагүй ээ болно гэж би улсынхаа буянд тэтгэврээ авчихна, тэгэхэд болчихно. За чамаар далимдуулж ганц завшаанд хэлэхэд, манай монгол улс Хөдөлмөрийн баатар цөөхөнтэй, аа гэхдээ яахав баатрууд бол баатараа авдгаараа аваад л, хөөрхий газар шороонд шингэдэг нь шингэчихлээ. Ард нь үлдсэн гэргий нар л хэцүү. Зүгээр үнсэнд хаягдсан шалз. Тэр тал дээр л дотор жаахан гонсгор явдийм. Авь адилхан л хөдөлмөрч улсууд, авь адилхан л зүдэрч л явсан. Заа яахав, өрхийн тэргүүн авдаг юмаа авалгүй л яахав. Түүнээс биш авь л адилхан л баатар л байж таараа. Баатарын гэргий нар. Ядрахад нь ядарч зүдрэхэд нь зүдэрч, нойргүй хоноход нь хонож л явсан. Энэ тал дээр жаахан гундуухан байдгаа. Би бас их хурлын гишүүнд ч хэлдэг. Ирсэн ярилцлага авсан бүх хүндээ ч хэлдэг. Яахав амьд байж байгаа баатруудад нэг ганц өрөө байр өгдөг гэсэн сурагтай байналээ. Миний нөхөр бол авч амжаагүй.

Саранцэцэг -

Та болбол шагнал урамшил аваад гадаад, дотоод руу зорчоод шагнал урамшлаар явж, хуралд төлөөлгчөөр сонгогдож байжээ ?

Мэнднасан -

Тийм би болбол яахав, тухайн үедээ өөртөө аан, тэгээгүй хүмүүс байж байгаа байхгүй юу, хөөрхий минь. Тэгээд л яаж ч чадалгүй 2-лаа ч үхчихэж байгаам, тийм ч байна.

Саранцэцэг -

Заа, за таныг сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд их баярлалаа.

Мэнднасан -

Заа, би ч гэсэн баярлалаа.

Саранцэцэг -

Эрүүл энх байгаарай, урт удаан наслаарай. Бодсон санасанаа бүгдийг нь хийгээрэй. Заа тэгээд гадад дотоод их зорчоорой. Сайн сайхныг хүсье.

Мэнднасан -

Заа за за. Тэр ерөөл бат оршигээ. Маш их баярлалаа, эгч нь. Миний цээжин доторхи үгийг бичиж гаргаж ирсэнд би баярлалаа. Заа ажилд чинь амжилт хүсье.

Саранцэцэг -

Заа их баярлалаа, ярилцлагаа өндөрлье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.