Gongarshamid


Basic information
Interviewee ID: 990586
Name: Gongarshamid
Parent's name: Dügersüren
Ovog: Ilenged
Sex: m
Year of Birth: 1948
Ethnicity: Ööld

Additional Information
Education: elementary
Notes on education:
Work: herder
Belief: Buddhist
Born in: Erdenebüren sum, Hovd aimag
Lives in: Erdenebüren sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За хоёулаа хоёр дахь яриагаа эхэлье.

Гангаршамид -

За тэгье дээ, баярлалаа.

Отгонбаяр -

Тэгээд энэ малчин хүмүүс чинь нэг өдөр тутмын амьдралын явцад, тэр мал маллах аж ахуй эрхлэх явцдаа тийм шашны шинжтэй зан үйл, үйлдлүүд их хийдэг ш дээ. Тэхээр энэ талаар юу байна? Одоо жишээлбэл унага тамгалах, хурга засах тийм ээ? Тэгээд л гэх мэтчилэнгээр ингээд иймэрхүү үйлдлүүд, ялангуяа тэр мал сэтэрлэдэг гээд байна ш дээ. Эсвэл одоо цагаан сарын үеэр. Энэ үеэр хийдэг тэр зан үйлдлүүд шашны шинжтэй үйлдлүүд байдаг.

Гангаршамид -

Байна аа байна. Шашны ч биш л дээ. Тэр чинь Монголын уламжлалт зан үйл шүү дээ. Тэр чинь хийдэг юм чинь одоо тэр малаа тэмдэглэдэг, тамгалдаг.

Отгонбаяр -

Тэгэхээр тэдэнд болохоор одоо юу гэдэг юм. Өдөр судар, цаг зүг, ном уншдаг тийм шашны юм орж ирээд байна ш дээ.

Гангаршамид -

Манайхан чинь одоо түрүү үеэс нааш тэр ламтай номтой ийм байсан учраас бүх юмыг тэрүүгээрээ хийдэг байсан байхгүй юу. Одоо тэр манайд тийм, одоо тэр миний хэлж байгаа дээр үеийн тэр нөгөөх малын малын хээлийн алтан чулуудай гэж байдаг байхгүй юу. Түүнээсээ арьсыг нь ... хурганы битүү арьс хишиг даллаганы сав, нөгөөх зассан малын хялгас ноос бүгдийг нь хураачихсан одоо зөндөө юм байна аа гэдэг тэр дээр үеэс нааш хадгалагдаж байгаа юм байж байна аа.

Отгонбаяр -

Дөрвөн үеэс нааш. Тэгээд одоо хэдэн оноос хойш гэсэн үг вэ?

Гангаршамид -

Тэр ер нь 1900 оноос л бараг л миний мэдэх л яаж байгаа гэж бодож байна аа. Манай тэр авга аавынд одоо 96-тай лам чинь одоо 1915 онд төрсөн. Түүнээс л урд ухаан нь нэг хэдэн жилийн цаад ....

Отгонбаяр -

Тэрнийгээ их тахин, их ариун газар хадгалдаг уу?

Гангаршамид -

Аа ариун цэвэр газар хадгална аа.

Отгонбаяр -

Хаана хадгалах уу?

Гангаршамид -

Авдранд нь, авдранд юм хийдэггүй. Тэр бурхны хайрцаг тийм юмандаа хадгална аа.

Отгонбаяр -

Өө за.

Гангаршамид -

Тэр даллаганы уут, тэр хэрэглэл, одоо нөгөөх ... бурхнаа хардаг тийм толь байна, манайд тийм.

Отгонбаяр -

Аан за.

Гангаршамид -

Бурхны толь гэдэг. Тэр мал хөнгөлөхөд чинь одоо адууг бол ивээл өдөр нь бар нохой өдөр. Нохой өдөр уяад нохойноос хамгаалаад бар өдөр тамгалж тавьдаг ийм учиртай байсан. Тэгээд өдрийн сайныг харж нөгөө өдрийн сайн өдрүүддээ л мал хөнгөлдөг. Ямар ч сарын одоо хуучин сарын 21, 22, 23 ийм өдөр нөгөө мал хөнгөлдөг өдөр байдаг. Нөгөөх малын сүлд гээч юм чинь нөгөөх юунаасаа хол байдаг. Хүзүүндээ, цээжин талдаа байдаг. Ийм учраас нөгөө бөгсөн талд сүлд байхгүй өдөр малыг хөнгөлдөг. Ийм номтой юм тэр чинь. Тиймээ ямарваа нэгэн малыг одоо сүүлд энэ ... шинийн 5-нд тийм өдөр хөнгөл гээд бүгдийг нь заачихсан байна л даа. Тэрүүгээр нь л одоо...

Отгонбаяр -

Аа тийм байгаа.

Гангаршамид -

Тэр зүг чиг гаргадаг, цагаан сараар чинь одоо ер нь цагаан сарын шинийн нэгний өглөө л бүх зан үйлээ голдуу... нөгөөх идээ цагаатай хангайдаа залбирдаг, цацал хийдэг юмаа бүгдийг нь хийчихсэн байхад тэгээд л түүгээр болдог ийм л юм. Цагаан сарын шинийн одоо тэр ... ухаан нь дээр мөргөнө өө гэж хэлдэг юм, манайхан. Гэхдээ түүнээс толгой, өвчүү, шагай чөмөг, 4 өндөр хавирга ийм юм. Нэг талыг нь бурхандаа тавиад л, нэг талыг нь хангай дэлхийдээ, алтай дэлхийдээ өргөдөг юм л даа. Тэгээд гал түлчихээд галдаа барьна ийм л юм байсан юм.

Отгонбаяр -

Гал тахихдаа ер нь ямар зориулалттай тахидаг юм? Ямар учиртай юм?

Гангаршамид -

Одоо тэр галын, гол нь гал голомт гэж ярьдаг. Нөгөө гал голомтоо ариун байлгахын зорилгоор л тэр гал тахидаг. Гал тахидаг судар номтой. Судар номоо уншаад л гал тахина шүү. Гал тахидаг судар байна аа. Тэр судрыг уншаад гал тахина аа. Шар халзан хониор гал тахина аа.

Отгонбаяр -

Тэр судрыг хэн унших уу?

Гангаршамид -

Лам л уншина, номтой лам уншина. Түүнээс биш.

Отгонбаяр -

Тэгээд заавал лам залж байж.

Гангаршамид -

Лам залж байж гал тахина аа. ... гэж юм байсан юм гэнэ лээ. Тэр ... би мэддэггүй юм. Тэр ёстой тэр гал тахидагыг л мэдэж байна аа, би. Гал тахиж байсан, манайх намайг мэдээнд орж байхад. Тэгээд баруун хааг нь нөгөөх шийртэй нь ингээд авчихаад нөгөөх шийртэй, баруун хаагаараа дал гарна аа. Тэр галд тэгээд дал гартал нь тахиж байсан юм.

Отгонбаяр -

Тэр мал сэтэрлэхдээ яах уу?

Гангаршамид -

Мал сэтэрлэхдээ бас номтой лам яана. Алтай тэнгэрийн чинь тэр. Алтай тэнгэр, хангай дэлхий шүтчихээд л цэнхэр бор адуу сэтэрлэдэг юм, манай энд. ... гэж бурханд хар хонь сэтэртэй байдаг байсан юм. ... хүрэн адуу сэтэрлэдэг, улаан халзан ямаа галын сэтэрт сэтэрлэдэг. Бас тэр улаан халзан ямаа ч галын сэтэрт сэтэрлэдэг тийм байсан.

Отгонбаяр -

За.

Гангаршамид -

Лхамын сэтэр гэдэг чинь хонгор халзан адуу сэтэрлэнэ. Нөгөө Лхам бурхан чинь хонгор адуу, луус хөлөглөсөн байдаг шүү дээ. Тэгээд хонгор халзан адуу, манайх тийм хонгор халзан адуу сэтэртэй байсан. Хонгор халзан морь. Тэгээд нөгөө түрүүчийн сэтэртэй морь хөгшрөөд 1955 онд нэгдэлд ороход тэр бага унага авч нэгдэлд... байхгүй юу сэтэр... Тийм номтой хүн татна аа. Ном уншиж байж, сэтэрийн ном бас байна аа.

Отгонбаяр -

Сэтэрлэх тэр зан үйлийн яг процессыг нь та ярьж өгөөч? Яг яаж хийдэг юм? Яаж сэтэрлэдэг юм?

Гангаршамид -

Тэр ... бас тэр чинь сэтэр татдаг ном судар байдаг юм байна лээ л дээ. Тэр номоо уншаад л, тэгээд л нөгөөх янз бүрийн 5 өнгийн хадаг ч уядаг юм уу, цагаан даавуу ч байдаг юм уу. Тэр нөгөө сэтэрлэсэн малдаа бас төвдөөр ном бичнэ ээ, тэр чинь одоо.

Отгонбаяр -

Даавуун дээрээ?

Гангаршамид -

Цагаан даавуун дээрээ ном бичээд. Тэгээд нөгөө номтойгоо 5 өнгийн панс, ухаан нь торгон тэр панс 5 өнгийн панс гэж байдаг шүү дээ. 5 өнгийн панс, цагаан өнгөн дээр номоо бичээд тэгээд л нөгөө малаасаа уячихна аа. Хонь мал бол хүзүүнд нь тариа будаа арванайлаад, тариа будаа уут хийгээд ингээд хүзүүнд нь зүүгээд өгчихнө өө. Тэмээнд бол .... сэтэр гэж байсан юм. Сарлаг үхэрэнд бол Цагаан өвгөний сэтэр гэж Цагаан өвгөний сэтэртэй цагаан цэнхэр тийм сарлаг л тахидаг байсан юм. Манайх сүү муутай гээд нэгдэлд ороход тэр сэтэртэй цагаан цэнхэр үхрээ нэгдэлд өгчихсөн. Тэгээд манай аав энэ сэтэртэй үхэр нэгдэлд өгчихлөө гэж .. ээжий жаахан загнаад л тэгж л байдаг байсан юм.

Отгонбаяр -

Тэр сэтэртэй малаа яах уу ер нь?

Гангаршамид -

Сэтэртэй малыг зөнөж байна аа.

Отгонбаяр -

Юу гэсэн үг үү?

Гангаршамид -

Зөнөж байна аа гэдэг нь хөгшрөөд нас нь , ...сэтэртэй мал.

Отгонбаяр -

Аан за.

Гангаршамид -

Тэгээд үхээгүй байхад нь одоо лам харгүй бол нөгөөх малыг хөгшрөөд энэ одоо үхэх нь гэхээр өөр малд амьсгааг нь авахуулна. Амьсгааг нь авуулаад нөгөө малд байсан нөгөө номтой даавуу хадаг, нөгөө янз бүрийн юмаа шинэ залуу малдаа уяж арвилаад л тэгээд л тавьчихдаг ийм л юм байсан юм.

Отгонбаяр -

Сэтэртэй малыг ер нь чоно идэх үү?

Гангаршамид -

Үгүй ээ манайхыг идэж үзээгүй. Энэ айл айл амьтныхы идчихлээ барилаа гээд юм хэлдэг л юм байна лээ.

Отгонбаяр -

Идчихвэл яах уу?

Гангаршамид -

Орыг нь тавьдаг л байлгүй.

Отгонбаяр -

Дахиад?

Гангаршамид -

Аан. Тэр хүн хараас асуугаад л зарим улсууд Алтай хангай нь аваад явчихсан. Одоо дахиад сэтэр татчих уу? Манай малыг чоно идчихсэн. Дахиад сэтэр татуулъя гээд зарим улсууд хэлдэг л юм байна лээ.

Отгонбаяр -

Заавал ер нь сэтэрлэх ёстой юу?

Гангаршамид -

Заавал сэтэрлэх ёстой. Тэр сэтэр уламжлал одоо ээж аавын өв уламжлалд дагаж ирсэн бол тэр өв уламжлалыг дагана. Ухаан нь сэтэргүй байсан айл бол тийм юм яах юм байхгүй. Өвөг дээдсээсээ уламжилсан юм. Тиймгүй бол айл болгон тийм байхгүй л дээ. Нөгөө ламтай, номтой ийм байсан айлууд л тэр удмаа дагаад л яахаас биш. Түүнээс зүгээр ... дахиад ийм мал сэтэрлэнэ ээ, барина аа гэж байхгүй ийм юм л даа.

Отгонбаяр -

Өөр ямар зан үйл байна? Малчин айлд?

Гангаршамид -

Өө тэр нүүхэд бас өдөр судар үзнэ ээ. Өдөр судартай нүүнэ ээ, буухад бас буйраа шинжинэ ээ. Аавтайгаа одоо ингээд нүүгээд ... нөгөө бууцан дээрээ очиж буухад сайн хишигний зүгээс бууна аа. Иймэрхүү юм бас байна аа тэр.

Отгонбаяр -

Зүгтэй тийм ээ?

Гангаршамид -

Тийм, зүгтэй чигтэй.

Отгонбаяр -

Нүүхдээ одоо нөгөө бурхан тахилтай авдар байна ш дээ. Тэрнийгээ хаана?

Гангаршамид -

Тэр бурхан тахилтай юмаа ... тэмээ гэж тусгай байна аа.

Отгонбаяр -

Аан тээр.

Гангаршамид -

Авдраа ачаад тэгээд нөгөө бурхан ачдаг тэмээ гэж байна. Тэр манай аав хэлж байсан. Манай тэр аавын өвгө аав. Тэр өвгө аавын гадаа хүмүүс ирээд л ... гэдэг нэг эсэргүү баригдаад л. Их бурхан ачсан ганган шар ат тэмээ байсан. Тэндээсээ энэ ... толгой гэдэг газар ирлээ. Тэгээд тэр тэмээ... нөгөө бурхан ачдаг сайхан ганган шар тэмээ нь ... гэнэ ээ. Тэгээд энэ атан тэмээг чинь муудлаа гэж сэжиглээд байсан чинь нөгөөх шоронд байсан нөгөөх аавын гарыг даахгүй ээ. Өвгө аав нас барчихсан ингээд ийм юм болж байсан гээд хэлж байдаг л юм. Тэр цагаан сар чинь тэр хангай дэлхийдээ малаар дээр мөргөөд байхад одоо залбирдаг хэлдэг цацлага цацаж идээ цагаагаа цацдаг ийм учиртай. Цайгаа чанаж аваачна, архиа цацна. Айх цочихын аюулгүй амгалан тайван байлгаж хайрла. Ган зудын аюулгүй гарз хохиролгүй ингээд эрүүл саруул байлгаж хайрла гээд Алтай дэлхийдээ ингээд бас үгээ хэлээд цацдаг байхгүй юу. Одоо чинь амьтан зүгээр .. хайрхан л гээд дагаад байхаас мэдэж хийж байгаа юм байхгүй ийм л байна л даа. Ийм мөргөл зан үйлийг нөгөө манай аав чинь. Тэр чинь нөгөө маршал Чойбалсан цагаан сарыг .... ёолкоор малчдын цагаан сарыг хийгээд нэг үе ёолкоор цагаалдаг, малчдын цагаан сарыг хорьчихсон байсан. 1960 оноос хойш их хурлын зарлиг гараад малчдыг одоо Монголын цагаан сар хийгээд, хориглох юм байхгүй гээд жинхэнэ одоо хаврынхаа эхэнд цагаан сарын шинийн 1-нд цагаалуулах ийм эрхтэй болсон шүү дээ. Энэ чинь 1950-н хэдэн онд бол тэр цагаалдаг цагаан сарын эрх хасчихсан тийм байсан юм. Ер нь тэр дээр тэр дээр мөргөдөг барьдагыг хорьчихсон тийм байсан юм. Нуувраар ухаан нь ганц нэг амьтан дээр мөргөөд тэгж байсан юм тэр. Нуугаад, өглөө эрт.

Отгонбаяр -

Та хурдан морь уяж байсан уу?

Гангаршамид -

Уяж байсаан.

Отгонбаяр -

Хурдан морь уяхад бас одоо тийм зан үйлийн юм бий юу?

Гангаршамид -

Байна аа, байна. Морь өдрийн сайнд барина, ивээл өдөр нь барина аа. Морь барихад тэгээд анхны үсэргээ хийхэд ямар сайн өдөр нь үсэргэнэ ээ.

Отгонбаяр -

Мориныхоо сайн өдөр үү?

Гангаршамид -

Айн.

Отгонбаяр -

Тэр нь ямар өдөр байдаг юм.

Гангаршамид -

Тэр бар морь өдөр л байдаг юм. Нохой өдөр ч л байсан болно оо бас. Морины ивээл өдөр л барьдаг юм л даа.

Отгонбаяр -

Морины ивээл өдөр ерөөсөө бүх моринд ижилхэн байх уу?

Гангаршамид -

Ижилхэн байна, ижилхэн байна.

Отгонбаяр -

Ерөөсөө л морины ивээл өдөр.

Гангаршамид -

Тэгээд одоо энэ чинь 4 зүг, 8 зовхист одоо энэ 4 сайн зүг, 4 муу зүг гэж байна ш дээ... Тэр шулмасын зүгт бол морь уралдаж болдоггүй юм.

Отгонбаяр -

Өө за.

Гангаршамид -

Шулмасын зүгт морь уралдвал тэр морь хөл гар нь бэртэх юм уу үхэх барих тийм аваар осол гараад байгаа чинь тэр шулмасын зүгт. Миний одоо ...зүгт морь уралдсан хүн тийм юмаар ... болдоггүй ийм номтой юм. Тэрнийг амьтан мэдэхгүй ээ. Энэ тэр хурдан морь үхлээ барилаа гэдэг чинь түүнээсээ болж байгаа юм. ...

Отгонбаяр -

Цагаан идээ хийх, одоо хавар эхэлж айраг бүлэх энэ тэрт бас ... өдөр?

Гангаршамид -

Өө тэр байна аа, байна аа. Одоо бэлэгтэй сайн өдөр айргаа хураагаад нөгөөх айргын хөрөнгө залж ирж нөгөөх айраг руугаа хийгээд дамжуулаад ингээд бүлээд сайн өдөр нь ер нь айраг одоо сүүлд нойрсуулахдаа бас манай ээж бол сайн өдөр харж байгаад нөгөө айргаа бүлээд, одоо тийм сайн өдөр байна аа гээд айргаа бүлээд цагаагаа хийж аваад ингээд ... эвхээд хурааж байх ийм номтой л юм шүү дээ.

Отгонбаяр -

Эсгий хийж байсануу?

Гангаршамид -

Хийсээн.

Отгонбаяр -

Эсгий хийхэд бас өдөр харах уу?

Гангаршамид -

Аа эсгий хийхэд өдөр хараад байхгүй ээ, гайгүй. Бололцооноосоо. Гэхдээ бас л сайн талыг нь яана л даа. Гэхдээ огторгуйн нөгөөх цаг агаарын байдлын сайныг нь ашиглахаас биш тийм их нарийн өдөр судар бас байдаггүй л дээ. Гэхдээ бас хүн хүний өөрийн ухаан нь нэг сайн гэсэн өдөр байлгүй яахав. Тэр чинь тэрүүндээ бас хийж болно, тухайн цаг агаартаа зохицуулаад.

Отгонбаяр -

Унага тамгалахад?

Гангаршамид -

Унага тамгалахад бас сайн өдөр нөгөө бар өдөр тамгалдаг. Бар өдөр тамгалж тавьдаг. Бар шиг юутай гэж. Нохой өдөр нохойноос хамгаалж байна аа.

Отгонбаяр -

Одоо иймэрхүү үйлдлүүдэд бол заавал лам урихгүй, тийм ээ?

Гангаршамид -

Өө лам залахгүй, залахгүй. Ямар юм залдаг юм.

Отгонбаяр -

Гарцаагүй лам залдаг үйлдлүүд нь юу байна?

Гангаршамид -

Гарцаагүй лам залдаг нь одоо тэр юмны засал хийнэ, сан тавиулна, тэр гал тахиулна, сэтэр татах. Энэнд л гарцаагүй лам зална аа. Тэр ... гэдэг нь одоо тэр айл болгон жил жилд нэг цаддаг, ... нэг цаддаг гэж ухаан нь буян үйлдэж ойр хавийн амьтан хооллож ... Энийг өнгөрөөчихөөд нөгөө хоног номоо хийхэд. Талийгаач хүний хоног ном хийхэд лам зална. Одоо иймэрхүү л юм миний мэдэх ингэж байдаг.

Отгонбаяр -

Талийгаач хүн гэснээс одоо яг ингээд Монголчуудын оршуулах ёслол байна ш дээ. Танай тэр дээдсүүд, хөгшчүүд их тийм шүтлэгтэй, номтой хүмүүс байсан. Тэд нарын оршуулах ёслолыг ер нь яаж хийсэн бэ?

Гангаршамид -

Тэр намайг мэдээнд ороод намайг 3-тай байхад манай өвгө аав нас барсан юм. Би тэрнийг мэддэггүй ээ. Манай тэр хоёр хөгшин ээж одоо тэр нэг намайг 5-тай байхад 1953 онд нэг нь нас барсан. Нэг нь 1955 оны зун нас барсан. Манай тэр аавын хөгшин ээж ... намайг 7 настай байхад нас барсан. Тэр нэгдэлд орж үзээд л нас барсан. Тэгэхэд зүгээр ил тавьж байсан. Тэмээнд ачаад л ил тавьж байсан. Миний жинхэнэ миний аавын гаргасан ээж, миний өөрийн хөгшин ээж бүр ... рашаанд, Баян-Өлгий аймгийн Чигэртийн рашаанд очиж нас бараад. Тэгээд тэндээс өдөр шөнө хоёр тэмээгээр ачаад Хашаатын цагаан чулуут гэдэг газар авчирч.

Отгонбаяр -

Өө бүр тэнд нь оршуулаагүй?

Гангаршамид -

Тэнд нь оршуулаагүй.

Отгонбаяр -

Ямар учиртай юм бол? Хэр хол зөөсөн?

Гангаршамид -

Тэр казакын нутгаас одоо өөрийн нь нутагт нь яс тавьж байсан юм байлгүй, тэгж байсан. Тэгээд би нөгөө хөгшин ээжийнхээ гар дээр хүн болсон учраас, хамт байж байсан учраас намайг санана аа гэсэн юм уу яасан юм өөрийнхөө ээжийг ... намайг дагуулж хамт авч яваад. Тэгээд яг нүдээр үзүүлээд харуулаад ингээд авчраад өдөр шөнө хоёр яваад. Тэр Чигэлтийн рашаан гэдэг газраас өглөө нар тусаж байхад ачаад яваад маргааш өглөө нь нар тусаж байхад ирээд. Хашаат гэдэг газар, Цагаан чулуут гэдэг газар авч ирээд нутаглуулаад. Тэгээд шөнө лам гүйлгээд тэмээ морьтой нь тавьчихаад, араг хом ... тэмээгээ тавьчихаад тэгээд шөнөдөө Чигэлтэйд очиж байсан байгаа юм даа, манай аав.

Отгонбаяр -

Ил тавьсан уу?

Гангаршамид -

Ил тавьж байсан. Тэгээд сүүлд 1958 онд тэр Хашаатын манайхан ... сум гэж байгуулагдаад ... намайг 8-тай байхад тэр бага гэрэн дээр тавьсан юм гэсэн. Надад тэр газрыг заагаад үзүүлж байсан юм. Манай өөрийн аав 57-той 1980 онд нас барсан. Би бас ил тавьсан, аавыгаа.

Отгонбаяр -

1980 онд.

Гангаршамид -

1980 онд ил тавьсан, захиргаадалтын үе байсан.

Отгонбаяр -

Тийм байна.

Гангаршамид -

Тэгээд бүр тэр ... Цамбагарав уулын орой гэдэгт манай аавыг өөрөө би хүн амьтнаас ярьж энд тавья л гэж бодолтой байсан. Тэгээд манай аав хэлж байсан. Манай аав их сэргэлэн хүн л дээ. Тамд унадаг сүнс, тас иддэг зовлого. Одоо чи байгаль дэлхий бохирлоод газарт булдаг чинь нэг л онц биш юм байгаа юм. Болвол миний цогцсон дээр нэг хүрз шороо хаялгүй л байж байвал сайн байна аа. Чи өөрөө л мэднээ, аяндаа гэж тэгж байсан. Тэгээд би ил тавьсан. Тэгээд ямар ч гэм хор болоогүй. Тэгээд шувуу шаазгай, тас идээд. Тэгээд 10-н хэд хоноход оргүй алга болчихсон байсан, яахав.

Отгонбаяр -

Удсан уу?

Гангаршамид -

Удаагүй. 5 сард бурхан болсон. Тэр манайхны нутгийг нүүлгэж ам шахуу ингээд замын хажууд бараг ил харагдаж байдаг. Тэгээд 6 сарын хэрд нутаг нэг ороход энэ толгойны яс, ганц нэгэн чимэг тийм зүүлтнээс оргүй л болчихсон байсан.

Отгонбаяр -

Танай нөгөө хүүхэд өнгөрсөн гэсэн ш дээ тэ?

Гангаршамид -

Айн.

Отгонбаяр -

Тэгэхэд яасан бэ?

Гангаршамид -

Өө тэгэхэд зүгээр л оршуулгын газар аваачаад л хайрцаганд хийгээд л төрсөн газрын хөрсөнд нь хийчихсэн. Уул нь одоо тэр болдог юм болуул ил тавьж байсан ч шувуу шаазгай идээд тэр байгаль дэлхийг ч бузарладаггүй. Ингээд л ухаан нь шувуу шаазгай хооллоод л ингээд өнгөрдөг. Одооны чинь тэр Улаанбаатарын чинь одоо тэр шарилын газар одоо ер нь нутагладаг нутаг, байдаг суудаг газаргүй л болж. Ер нь хаа газар энэ казакууд одоо энэ манай нутгийн оршуулгын газрын энэ их л байгалиа сөнөөдөг л юм байна. Нөгөө чандарладаг чинь харин одоо бодоход бараг чандарлачихвал харин тэр яаж байхад сайн юм уу гэж би одоо тэгж л бодож байна.

Отгонбаяр -

Аанхан.

Гангаршамид -

Дээр үед чинь бас чандарлаж байсан байна шүү. Хичнээн гүзээ шар тос, хичнээн мод иймээ тийм юм яагаад одоо ингээд шатаагаад, чандарлаад өвсийг нь яаж байсан юм. ... тэр хүний цогцсыг чандарлаад, шатаагаад. Тийм юм хийж байсан юм гэсэн.

Отгонбаяр -

Танай суманд сүүлд нэг суврага барьсан юм байна лээ ш лээ тэ?

Гангаршамид -

Тийм.

Отгонбаяр -

Тэрэнд та хандив өргөсөн үү?

Гангаршамид -

Өргөсөн. Тэр манай сумын манай тэр Өлзий хувилгаан тэр... ламын суврага босгосон. Тэгэхэд мөнгө ханштай байхад би 10000 төгрөг хандивласан.

Отгонбаяр -

Хэдэн онд вэ?

Гангаршамид -

Тэр чинь одоо 1992-1993 оны үед л байх аа даа. Өө биш ээ. 1997-1998 оны үед юм байна аа. 1997 оны үед.

Отгонбаяр -

Одоо танай суманд байнгын ажиллагаатай хийд бий юу?

Гангаршамид -

Байхгүй. Манай суманд сүм хийд огт байхгүй.

Отгонбаяр -

Лам байхгүй.

Гангаршамид -

Бүр одоо ламыг нь үзээд өгье гэсэн ч манай суманд лам байхгүй. Тэр манай дүүгийн бага залуу л одоо ламын сургуульд, тэр гадагшаа нөгөө хөрөнгөөрөө сургаад. Манай энэ Ховд аймгаас 3 хүүхэд сургаад энд ирээд сүмд сууж байна аа. Өшөө манай суманд лам байхгүй. Нөгөө хэдэн өвгөчүүл бүгд бурхан болж ёстой юу ч байхгүй.

Отгонбаяр -

Тэгээд сумын малчин айлууд яах уу? Цагаан сарын дараа сүм аймаг орж байж яах уу?

Гангаршамид -

Аймаг орж энэ аймгийн сүмд л үзэж хардаг лам хар гэж. Увсаас ирсэн лам одоо манай энэ, манайх чинь одоо ... номоо даатгаад тэнд уншуулчихдаг юм аа.

Отгонбаяр -

Аан за за.

Гангаршамид -

Одоо тэр 96-тай чихний сонсгол, нүдний хараа муудсан яахав. Одоо жинхэнэ тэр хувьсгалаас... цээжээрээ мэдчихнэ ээ, ном харахгүй одоо. Ном хардаг нүд нь ч байхгүй болсон. ... хийддээ суугаад гэртээ ирээд одоо ингээд л яваад байдаг. Тийм байдалтай. Нөгөө лам нарын байранд байдаг. Ингээд яваад байдаг ийм хүн байгаа юм.

Отгонбаяр -

1990 оноос хойш Монголчууд чинь цагаан сараар өглөө нэг зүг гаргадаг, мөр гаргадаг нэг юм хийгээд ингээд байна ш дээ.

Гангаршамид -

... хот хүрээгүй л жигтэйхэн юм л болоод байна шүү. Тэр ч бүр намайг 7-той, 8-тай байхад бол манай аав хийдэг л байсан тэрнийг.

Отгонбаяр -

За яг наадахыг чинь л асуух гээд байна.

Гангаршамид -

Тэр хуучин заншлаа орхиогүй манай аав бол. Манай ... бол тийм юм мэддэггүй байсан, ерөөсөө. Тэгээд л одоо энэ ардчилал гараад л энэ малчны календарь гэж юм гараад л, энийг хараад л. Одоо бараг авгай хүүхэдтэйгээ цуг л гаргадаг ийм л цаг болчихлоо шүү.

Отгонбаяр -

Тэгэхээр та ааваасаа хойш социализмын үед бол тэр зүг гаргадаг?

Гангаршамид -

Гаргаж байсан, гаргаж байсан.

Отгонбаяр -

Тэгээд хаанаас яаж мэдэж гаргаж байсан юм?

Гангаршамид -

Тэр манай нутагт энэ ... шоо хаядаг, зоос татдаг лам нар бол байсан. Сономдагва гээд их номтой лам. Манай хөгшин ээжийн ... гэж лам байсан. Түүнээс хойш бүр Увсын Ховдын. Одоо тэр Увс аймгийн Хөгжил нэгдэл байсан Ховд суманд. ... лам гэж тэгж хэлж цагаан сарын урдад би очиж нэг өдөр судар, зүг чигээ үзүүлж авдаг ийм байлаа. Тэгээд нөгөө... нас бараад л. Манай бид хоёрын өөрийн гаргасан ах бас энэ Лүндэн гэж хүн бас номтой байсан. Бас тэр зүг чиг гаргадаг номтой судартай байсан. ... Тэгээд нөгөө ардчилал гарсны хойно одоо тэгээд л янз бүрийн хүн чинь нөгөөх юмаа ил гаргаад. Тэгээд л хэн хүнгүй судартай болж.

Отгонбаяр -

Сонингоор гараад л.

Гангаршамид -

Сонингоор гарна, уншаад л судартай зүг чиг гаргадаг ийм л болоод ирлээ. Тэгэхдээ тэр өрхийн тэргүүн л зүгээ гаргахаас одоо авгай хүүхэд шуухад... өрхийн тэргүүн зүг гаргах дээр болно оо л гэж тэр лам нар хэлдэг байсан.

Отгонбаяр -

За өөр танд яг энэ малчин хүний нэг амьдрал ахуйтай холбоотой тийм зан үйлийн юм шиг хэрнээ тийм шашин яг итгэл үнэмшилтэй холбоотой гэмээр зүйл юу байна?

Гангаршамид -

Үгүй ээ энэ байна аа, байна аа. Байгалиас одоо хамаа бусаар ан амьтан ч юм уу мод ургамал ч юм уу тасалж, хөрөөдөж л одоо ан алах юм болуул байгаль тэр хариуг нь өгч явдаг ийм жамтай.

Отгонбаяр -

За.

Гангаршамид -

Ер нь амьдралын биетээр нотоллоо. Энэ чинь нөгөө одоо ... 1000 малчны чуулган болсон чинь одоо түүнээс нэг 4 жил болж байна уу? Тэгж байна аа, 4 жил болж байна аа. 2006 он байна аа. 2006 онд. 2006 онд тэгэхэд би одоо нөгөө олон жил элэг цөсний өвчтэй. Тэр цөсөө сэргээлгээд ходоод улаан хоолой шархлаад энэ зурган дээр харахад шархтай боллоо, хоолой шархалж байна энэ тэр гээд л. Тэгээд л энэ эмчилгээ хийгээд л бариад л. Би эмнэлэгт эмчлүүлээд ингээд ирээд. Эм өгсөн би нэг эм уугаад. Ер нь сайн болдог ёозгүй ээ. Бараг 300000-400000 төгрөгний эм авчирлаа. ... нэг сар яг гэрт байгаад нөгөөх эм уулаа. Тэр нь олигтой юм болсонгүй, үр дүнд хүрсэнгүй ээ. Тэгээд манай тэр хойд талын одоо Баян-Өлгийн нутагт бол тэр хойд талын ... гэж газар байдаг. Манай нутгийн ... бараг л дуусчихсан, юм үзэгдэхээ больчихсон. Тэнд ... шувуу элбэг байдаг юм гээд... Энэ манайхны хамаатны нэг залууг дагуулж аваачаад, казак нөхөр л дөө тэр. Таньдаг казактаа очоод нэг хоёр казак залуус дагуулж яваад. Нөгөө манай тэр надтай хамт байсан залуу хоёрыг бараг амьдаар нь шахуу барьж ирээд цусыг нь уулгалаа. 2 казак залуу хоёулаа нэг нэг буудчихаад... махыг нь буцалсан усанд хийгээд бараг түүхийгээр нь шахуу ашиглаад бие жигтэйхэн сайн боллоо. Тэгсэн, тэгээд 8 сард одоо 8 сарын сүүлээр юм аа. Тэр 8 сарын 20-доор юм. Тэгээд 8 сарын 25 гээд манайхан нутагтаа очоод хүүхдүүд хадлан бэлтгээд, би гайгүй хонио эргүүлээд... Ухаан нь нэг өдөр нэг ... үхэр, нэг хоёр хонь хүрч ирээд нэг чоно тэгээд 4 мал рашаалчихаад явчихлаа. Тэгээд би үргээд цочоосон ч үгүй идэцгээ. Би байгалиас авсан юм чинь байгаль бас надаас авч байгаа юм байна гээд ингээд л хаясан. Тэрийг яг л ... хариугаа эргүүлж авдаг юм байна л гэж бодсон. Ер нь тэр анчин улсуудыг ажиглаж байхад ухаан нь байгаль алтайгаас нэлээн гөрөө хүртчихээд оронд нь байгаль одоо цасан нуранга ч болж, энэ аянга цахилгаан ч бол дэмий, үер ус бол дэмий. Ингээд авчихаад байгаа шиг л надад мэдэгддэг юм даа, ер нь. Нөгөө мод ургамал хамаагүй тайрсан ч бол дэмий. Ер нь нөгөө лус, хангай дэлхий, лус савдагтай гэдэг чинь үнэн л юм байгаа юм л даа, эзэнтэй юм цаанаа.

Отгонбаяр -

За за. За тэгээд их баярлалаа, Гангаршамид ахдаа.

Гангаршамид -

За та нарт ч гэсэн их баярлалаа.

Отгонбаяр -

Цаг заваа гаргаад ингээд зориулаад сайхан ярьж өгсөн танд их талархаж байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.