Serjmaa


Basic information
Interviewee ID: 990590
Name: Serjmaa
Parent's name: Sonomjav
Ovog: Horhon
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Tuvan

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: herder
Belief: Buddhist
Born in: Duut sum, Hovd aimag
Lives in: Jargalant sum (or part of UB), Hovd aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Сэржмаа эгчтэй 2 дахь яриагаа хийх гэж байна. Тэгээд та нэг ийм зүйл яриач? Та ер нь 1990 оноос өмнө энэ Ховд аймгаас гадагшаагаа Улаанбаатар руу, эсвэл өөр ямар нэгэн тийшээ явж байсан уу?

Сэржмаа -

Өө ерөөсөө явж байгаагүй. Харин би чинь 1976 оноос хойшоо Хужир 3 жил яваад, нуруугаа рашаанд эмчлүүлээд.

Отгонбаяр -

Шавар тавиулаад?

Сэржмаа -

Тийм. Аа тэрнээс хойшоо хотод тэр болгон орж ирж үзээгүй.

Отгонбаяр -

Анх хэдэн онд орж ирсэн?

Сэржмаа -

1976 онд.

Отгонбаяр -

Аа Хужирт явахдаа юу?

Сэржмаа -

Ммм, Хужирт явахдаа.

Отгонбаяр -

Хот ороод тэгээд наашаа Хужирт орж ирж байсан юм уу?

Сэржмаа -

Тийм. Хот ороод. Тэгэхэд чинь ямар хотоор нэг ч газраар ороогүй. Газар мэдэхгүй юм чинь. Хамт явсан хүмүүстэйгээ л нэг танихгүй айлд хоноод л тэр...

Отгонбаяр -

Онгоцоор явсан уу? Машинаар явсан уу?

Сэржмаа -

Эндээс явахдаа онгоцоор явсан. Хамт явсан хүмүүстэйгээ нэг хоночихоод л Хужирт дахиад онгоцоор явчихсан.

Отгонбаяр -

Тэгээд буцаад яаж ирсэн юм?

Сэржмаа -

Буцаад бас онгоцоор нөгөө хүмүүстэйгээ. Тэгээд л нэг айлд очоод л мөн тэр дагаж яваа хүүхний садангын л айл шиг байна лээ. Тэнд очоод л ... бичүүлээд л мөн ирсэн. Хот тэгэж хэсээгүй. ... Тэгээд тэрнээс хойшоо 1983 онд Улаан загалмайн 8-р их хуралд очлоо, би.

Отгонбаяр -

Өө за, нөгөө эмнэлэгт байсан.

Сэржмаа -

Айн, би хүндэт донор өөрөө.

Отгонбаяр -

Өө за.

Сэржмаа -

Тийм. Тэгэхдээ л харин нэг тэр хотыг үзлээ. Тэр автобусаар явуулж, тэр хүмүүсийг.

Отгонбаяр -

Хурлын төлөөлөгчид.

Сэржмаа -

Айн.

Отгонбаяр -

Ямар буудалд буув?

Сэржмаа -

Улаанбаатарт.

Отгонбаяр -

Өө гоё буудалд.

Сэржмаа -

Гоё буудалд. Тэр аймгуудын бүх хүнийг тэр олон автобусаар хүмүүс хүлээж авдаг юм байна. Тэр хүмүүс хүлээж аваад. Ихэнхи ер нь бүх үзүүлэх ёстой газар, тэр музей энэ тэрийг бүгдийг нь үзүүллээ. Тэгэхэд л би нэг ёстой нэг гоё юм үзлээ гэж ёстой сэтгэл хангалуун ирсэн дээ.

Отгонбаяр -

Тэгнэ дээ.

Сэржмаа -

Гоё ч юм байдаг.

Отгонбаяр -

Хэдэн онд билээ тэр чинь?

Сэржмаа -

1983 онд.

Отгонбаяр -

1983 онд Монголын улаан загалмайн нийгэмлэгийн их хуралд.

Сэржмаа -

Их хуралд.

Отгонбаяр -

Тэр үед чинь их хуралд орсон хүмүүст юу их дэлгүүрт тусдаа бараатай наймаанд оруулдаг байсан ш дээ.

Сэржмаа -

Аан, оруулж байна, оруулж байна.

Отгонбаяр -

За.

Сэржмаа -

Би тэндээс чинь савхин бээлийнүүд л авсан шүү. Тэгэхэд энд савхин бээлий нэг их юу яадаггүй.

Отгонбаяр -

Нөгөө ховор бараануудыг чинь тавьчихсан л хурлын төлөөлөгчдөд өгдөг байлаа ш дээ.

Сэржмаа -

Тийм. Би нэг өөртөө нэг юбка, цамц авсан. Ягаан...

Отгонбаяр -

Аанхан. Тэр үед чинь ховор юм байна ш дээ.

Сэржмаа -

Тийм л юм авч ирж байлаа. Ховор байсан. Биднууст л зориулж, тэр ... юугы чинь үйлчилгээ авсан... Жинхэнэ гадаадынх биш. Тэр юбка цамцыг.

Отгонбаяр -

Аан. Монголд оёсон?

Сэржмаа -

Аан, Монгол оёсон юмыг.

Отгонбаяр -

Аан тээр.

Сэржмаа -

Тийм л юм авч байлаа. Өө тэгэхэд чинь хот үзээгүй хүн чинь ёстой л нэг үзээгүй л юм үзсэн шиг санагдаж байгаа юм чинь. Гоё ч юм байсан даа, хот. Одоо бол завсар зайгүй гэрүүд хэцүү болсон байна ш дээ. Тэгэхэд бол гоё байсан. Цэргийн хүүхэд хотод Сонгинод байсан. Цэргийн хүүхдийг хүртэл чөлөөлөөд авчирч уулзуулж байсан.

Отгонбаяр -

Их хурлын гишүүд, төлөөлөгчдөд.

Сэржмаа -

Аан. Тэр их ёстой сайхан юм болсон. Тэрнээс хойш одоо хот явлаа, явлаа.

Отгонбаяр -

Тэгсэн байх.

Сэржмаа -

Охиныхоо гэрт жил болоод ирлээ, би. 2006 онд. Үргэлж явж байна аа. Тэрнээс өмнө ч олон удаа явсаан, би. Энэ хүүхдүүд амралтанд явуулж байна, надыг. Одоо ирэх хавар бас хот явна.

Отгонбаяр -

Өө за. Тэгээд өвөлжих юм уу?

Сэржмаа -

Үгүй ээ. Охиноо авч байгаад амралтанд ханьтайгаа цуг. Одоо тэр 2 охиныдоо очоод,..

Отгонбаяр -

Хаана амрах юм та хоёр?

Сэржмаа -

Харин одоо хаана амардаг юм байгаа юм. Тэд нар л мэдэх байх.

Отгонбаяр -

Өмнөх яриан дээр та бид хоёр нэг юм эхлээд орхичихсон ш дээ. Эмнэлэгт ажиллаж байсан эмэгтэйчүүдийн дунд байсан тэ? Тэгээд тэр социализмын үеийн тэр эмэгтэйчүүдийн амьдрал тэр талаар нэг юм яриад эхэлсэн ш дээ. Та ер нь энэ хүүхдүүдээ төрүүлэхдээ, жишээлбэл анхныхаа хүүхдийг олохдоо эмнэлгийн тусламж яаж авав? Яаж мэдэв?

Сэржмаа -

Анхны хүүхдийг олохдоо би ийм байгаагүй. Махлагдуу байсан. Тэгээд л өө таргалж байна гээд л яваад байдаг байлаа.

Отгонбаяр -

Жирэмсэн болсноо мэдсэн үү?

Сэржмаа -

Яаж мэддэг юм. Тэгээд л таргалж байна, би сайхан ёстой гоё болж байна гээд яваад байлаа. Тэгсэн чинь тэр нэг айлын самган байсан юм аа... Үгүй ээ миний хүү чи жирэмсэн юм уу? гээд. Юу? гээд их чанга хойшоо эргэж хараад тэгэж байдаг. Та юу гэнэ ээ? гэсэн юм би нээрээ өөрийнхөө хэлээр, манай нутгийн самган.

Отгонбаяр -

Аа Тувагаар.

Сэржмаа -

Тийм. Тэр самганд дахиад хэллээ. Юу ярьж байгаа юм, та хүн доромжилж байдаг гээд хэлчихээд цаашаа явчихлаа. Тэгсэн сүүлд нь яадаг юм хоо ёстой давсагаар өвдөөд нэг орой чинь ёстой бие чичрүүлээд аюултай. Энэ шүдээрээ зуугаад байсан ч болсонгүй. Тэгээд л аанайх л нөгөө самган тэр хашаанд би садангынхаа айлд байсан. Манай хөгшин юманд явчихсан. Тэгээд л би тэглээ. Миний нэг бие өвдөөд байна гэсэн чинь өө би хэлж байгаа биз дээ чамд гээд л... аюултай. Тэгээд надыг төрөхөд аваачсан чинь үзүүлдэггүй би. Өндөр орон дээр гараад үзүүл гэсэн, больё больё гээд хөлөө хавчаад тавьчихсан чинь нөгөө эх баригч ёстой ямар ядаргаатай юм бэ? энэ тэр гээд бүр асрагчаа дуудаад элбээд. Тэгээд яг өөрөө гарах болохоор чинь гарчихдаг юм байна лээ.

Отгонбаяр -

Орон дээр.

Сэржмаа -

Тийм. Нэлээн ядарч байж. Нөгөө өөрөөсөө өөрөө болоод л ядарч байгаа юм чинь.

Отгонбаяр -

Аа тэгээд бүр төрөх болчихсон байсан юм уу?

Сэржмаа -

Харин тэгж.

Отгонбаяр -

Өө за за.

Сэржмаа -

Үгүй гээд самгантай хэрэлдээд байсан чинь.

Отгонбаяр -

Тэгээд бүр ингээд төрөх болоод өвдөөд тэгээд очиж байгаа юм уу?

Сэржмаа -

Аан.

Отгонбаяр -

Тэр болтлоо жирэмснээ мэдээгүй.

Сэржмаа -

Мэдэхгүй. Би ч их өргөн биетэй байсан ш дээ, одоог бодвол. Тэгэж л гаргалаа.

Отгонбаяр -

Тэгээд л төрчихсөн.

Сэржмаа -

Тэгээд л гарлаа.

Отгонбаяр -

Тэгээд нөгөө өмнө нь одоо хүүхэд чинь хөдлөнө, гэдэс чинь томроно. Та ерөөсөө мэдээгүй?

Сэржмаа -

Өө мэддэггүй тэр. Би чинь их түргэн хөдөлгөөнтэй. Тэгээд л алгуур алхаад гүйгээд яваад байдаг байсан юм чинь.

Отгонбаяр -

Нөгөө биений юмаа ирэхгүй зогсох энэ тэрийг ерөөсөө мэдэхгүй?

Сэржмаа -

Мэдэхгүй. Манай хөгшин гадарлаж байсан шиг байгаа юм. Хэлэхгүй л байсан болохоос.

Отгонбаяр -

Бас овоо ахимаг насны хүн болохоороо тэгсэн байх.

Сэржмаа -

Аан, тийм. Тэгээд надыг дуу гарахгүй болохоор дуу гарддаггүй юм шиг байна лээ.

Отгонбаяр -

Хэ хэ хэ, наадах чинь харин сонин түүх байна ш дээ. За тэгээд хүүхдээ аваад гэртээ очлоо.

Сэржмаа -

Хүүхэд гараад тэгээд тэр самган гаргаж авсан юм. Хөгшин байхгүй. Тэгээд л өө манай аав хөдөөнөөс мал алаад ганзаглачихсан ирээд. Тэгээд өө тэгэхэд би тэр анхны хүүхэд ёстой тоогоогүй. Би ч тэр бүр дараа нь зүгээр л эр хүн шиг л тэр хүүхдээ өсгөсөн. Ёстой яаж өсгөснөө ч мэдэхгүй. Бие их сайтай байсан.

Отгонбаяр -

Тийм байж.

Сэржмаа -

Одоо ч гэсэн бие сайтай л би.

Отгонбаяр -

Тэр багад, тэр хөдөө эрүүл агаарт байгаад тэр биеийн хүчний ажил хийж байсных байх.

Сэржмаа -

Тэгээд л одоо энэ манай ажилчид надыг нэгж зараад суухаар та ядрахгүй байна уу? гээд л надыг ядарч байгаа юм биш байгаа гээд л асуудаг юм ш дээ. Үгүй тэгээд л бүр ядрахгүй байна л гээд би тэгдэг юм. Би чинь бараг 5-6 цаг суучихаад ирдэг юм шүү.

Отгонбаяр -

Тээр.

Сэржмаа -

Өнөөдөр л нөгөө найрны юм авах гээд эрт ирсэн.

Отгонбаяр -

Та тэгээд анхны хүүхэд төрчихлөө. 2 дахь хүүхэд хэдэн жилийн дараа юу? Жил хагасын дараа юу?

Сэржмаа -

2 жил. Өө тэгээд л бол мэдэлгүй яахав.

Отгонбаяр -

Тэгээд дараагаас нь туршлагатай болсон.

Сэржмаа -

Аа туршлагатай болсон. Тэгээд хоёр охиноо гаргалаа.

Отгонбаяр -

Нөгөө хоёр ихрийгээ?

Сэржмаа -

Тийм. 2 ихрийгээ гарахад л хөглөлөө.

Отгонбаяр -

За.

Сэржмаа -

Огт өвддөггүй. Нэг айлд оччихоод ирчихээд л. Үгүй ээ энэ одоо ямар учиртай юм. Нэг л шээс хүрсэн ч нэг хачин хүрэх шиг болохоор цоожоо онгойлгочихоод тэр гэрийнхээ юун дээр тавьчихаад жорлонд очсон чинь шээс гардаггүй. Доошоо юм дусаад байхаар чинь энэ ч болохоо байлаа шүү. Тэгсэн мөртлөө бас одоо 3 дахь хүүхэд гарах гэж байхад юм мэддэггүй. Түргэн хувцасаа тайлчихдаггүй, тэр дор нь. Яадаг юм зүгээр ус нь шал гээд гартал айхдаа суучихгүй юу би. Тэгсэн чинь өмдтэйгээ гаргачихсан.

Отгонбаяр -

Өө яана аа.

Сэржмаа -

Гадны айлын самган манай нөгөө дүү 1-р ангид. Дуудаад ир гээд тэгсэн чинь.

Отгонбаяр -

Гадаа?

Сэржмаа -

Үгүй ээ гэрт. Айлын самган сая л энэ манай үүдээр өнгөрч явлаа, 5 сард. Зүгээр л өвдөж байгаа юм байлгүй гэсэн. Тэгсэн чинь дахиад очоод хүүхэд гарчихлаа гэж хэл гэсэн. Нөгөө самган орж ирлээ. 2.00 цаг болж байсан. Хөгшин ч орж ирлээ.

Отгонбаяр -

Шөнийн 2.00 цаг биз дээ?

Сэржмаа -

Үгүй, өдрийн.

Отгонбаяр -

За.

Сэржмаа -

Өдөр айлд хэсч яваа.

Отгонбаяр -

Өө нээрээ тийм.

Сэржмаа -

Тэгээд би хувцсаа тайлж... нөгөө өмд өмдөө бүгдийг нь. Тэгээд нөгөө хүүхдийг нь авч байтал араас нь нэг гарсан чинь нөгөө 70 гарсан самган бүр чи чинь гээд. Нөгөөдүүлээ яах ч аргагүй юу яаж, түргэн ирээд боож аваад тэгээд эмнэлэг рүү авч явсан. Тэгэж нэг хөгөлж байсан.

Отгонбаяр -

Ёстой хөгтэй, тэгээд ихрийг нь хэлэх үү тэ?

Сэржмаа -

Харин тийм.

Отгонбаяр -

Үгүй ээ тэгээд тэр өмдөн дотор гарчихсан хүүхэд чинь яах уу?

Сэржмаа -

Яах ч үгүй.

Отгонбаяр -

Эвгүй юм тэ?

Сэржмаа -

Эвгүй байлгүй яадаг юм. Би чинь суун тусчихсан юм чинь. Тэгээд тэр эвхрэлдээд суухдаа нэг өвдгөө ингээд нугалаад суучихсан байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тээр.

Сэржмаа -

Тэр самган орж ирээд л хайч хайч гээд л юу яагаад л хайчлаад хаячихлаа. Тайлах ямар ч боломжгүй. Тэгэж хөгөлж гаргалаа, хүүхдээ. Тэрнээс хойшоо ч одоо ёстой эмнэлгийн хүн чинь зүгээр өвдсөн дор нь л алхаад явна ш дээ.

Отгонбаяр -

Тэгнэ ш дээ. Одоо цагт бол тэгэж төрдөг хүмүүс гэж байхгүй.

Сэржмаа -

Эртнээ бүр мэдээд.

Отгонбаяр -

Нэг ийм асуулт байна, Сэржмаа эгч ээ. Соёлжилтын үзлэг гэж нэг юм болдог байлаа ш дээ?

Сэржмаа -

Болдог байлаа.

Отгонбаяр -

Тэр талаар та юу санаж байна?

Сэржмаа -

Өө соёлжилтын үзлэгээр чинь одоо бид нар чинь зөвхөн гэртээ л одоо хоо данх саваа арчаад л, аягаа арчаад л, гэрээ арчаад л байхаас өөр одоо гадагшаа бид нар тэр үед юм мэдэх юм биш. Би данх, тэр саваа л зүлгэдэг байлаа.

Отгонбаяр -

Гэрээ л цэвэрлэдэг.

Сэржмаа -

Тийм. Өөр юм хийдэггүй. Гэр гэж тийм том гэр биш ээ, умгар жижиг гэр байсан. Тэр үед хулдаас ч байхгүй. Нэг муу даавуугаар гадарласан ширдэгтэй л байсан. Тэрнийгээ юу яагаад л, тэрийгээ нөгөө шороог гоё болгохын тулд ус их асгадаг байлаа. Тэр ус нөгөө шороо дарж өгдөг байсан юм чинь. Тэгэж л цэвэрлэдэг байлаа. Өө соёлжилтын үзлэг ирж байна гээд углаа дэвсгэр, хөнжил гээд л нэг муухан муухан сольдог юм байдаг. Тэрнийгээ л угаагаад л бэлдээд л тавиад байдаг байлаа. 2 ээлжийн даавуу энэ тэр гээд л их л шаарддаг байсан. Тэгээд бас тэр амьдрал мэддэг улсууд байсан юм уу, нэг ээлж байсан ч л хараад л гардаг л байсан. Бүртгэж аваад л гардаг байлаа. Ер нь бас л хэцүү л байсан даа, тэр үед. Тэгээд хүнтэй сууснаас хойшоо чинь одоо соёлжилтын үзлэгээс айдаггүй л байлаа. Ирвэл ирэг гээд л хараад л сууж байдаг. Шалтай гэр, тэр углаа дэвсгэрээ 2 ээлжийнхээр хийчихнэ. Уулаасаа л 2 ээлж болгохгүй бол угаах нөхцөлгүй юм чинь дээ. Сүүлийн үед соёлжилт гэдгийг мэдэхээ ч байлаа даа. Тийм юм явахаа ч байсан, одоо ер нь.

Отгонбаяр -

Эмнэлэг дээр тэр эмнэлгийн үйлчилгээ цэвэрлэгээн дээр юу байсан уу?

Сэржмаа -

Байлгүй яахав.

Отгонбаяр -

Шаардлага байсан байх тэ?

Сэржмаа -

Тэгэлгүй яахав. Ёстой суботник хийнэ гэж их юм хийдэг байлаа. Өглөөлөг, оройлог, эвлэлийнх, намынх. Аа тэр сувилагч нар ээлжиндээ хонодог өдөр цэвэрлэгээ хийж хонодог, тасаг платуудаар. Тийм л ажил их хийдэг байлаа ш дээ. Ер нь бол эмнэлэг бол их цэвэрхэн газар шүү дээ. Тэр цэвэрлэгээ хийдэг.

Отгонбаяр -

Албан байгууллагуудаар соёлжилтын үзлэг гэж явдаг байсан биз дээ?

Сэржмаа -

Явдаг байсан. Бид нар явдаггүй байсаан. Бид нар гадуур их явдаг. 3 дахь өдөр нөгөө айлуудын хогийг цэвэрлүүлэх гээд. Тэрнийг л их хийдэг байлаа.

Отгонбаяр -

Хүүхдүүдийн ариун цэвэр сургууль дээр их шалгадаг байсан уу?

Сэржмаа -

Өө шалгадаг байсан. Ёстой сайн шалгадаг. Би ч хэдэн хүүхдүүдээ тэгэж юу яадаггүй байсан. Ёстой сургуулиар ч хүмүүжлээ. Энэ чинь, манай энэ хүүхдүүд чинь 2, 2 насаар юу юм болоод сургуульд нэг үе 4 хүүхэд сурч байлаа. Цэцэрлэгт бараг бүгд байлаа. Манай хүүхдүүд дээр тийм юу яадаггүй, шаардлага хангадаггүй гэх юм байхгүй амар. Ялангуяа охидууд бол бүр сайн байгаа юм. Ажлын хажуугаар, одоо бодож байхад бол бид нар яаж тэр олон хүүхэд өсгөж, яаж тэр сонгуульж байна, сонгууль ажил байна. Тэр янз бүрийн дугуйлан гэж их юм байдаг.

Отгонбаяр -

Сонсгол, лекц.

Сэржмаа -

Өглөө хол гэртэй хүн 7.00-д гарна, ойрхон гэртэй хүн 7.30-д яг бэлэн байдаг л байсан. Тэгээд тэр олон хүүхдийг яаж цэцэрлэгт өгч амьдарч байсан юм. Одоо бол тэрнийг бодоод үзэхээр гайхаж байгаа ш дээ. Тэгээд яг тэр хийсэн, тэр амьдарч байсан үйл явдлаа бол бас яг тийм гэж санадаггүй байгаа ш дээ. Олон хүүхэдтэй тэр хүмүүс ч ёстой их л байсан. Ямар сайндаа одоо миний бага охин эмч тэгдэг юм ш дээ. Хоёр хүүхдээ тэргэнд түрж аваад л би таниас айгаад л тэргээ түрж гүйдэг байсан ш дээ гэж надад тэгдэг. Одоо л хүртэл тэгэж хэлдэг юм ш дээ.

Отгонбаяр -

Яагаад таниас айж байгаа юм?

Сэржмаа -

Нөгөө цаг бүртгүүлэх гээд.

Отгонбаяр -

Аан цаг бүртгүүлэх гэж байгаа.

Сэржмаа -

Би тэгээд санаа зовоод байдаг юм. Тийм л хэцүүхэн захиргаадалтыг туулж өнгөрөөсөн. Одоо захиргаадалт байхгүй бас муу болж байна. Би тэгэж л бодож байна, хувьдаа. Одоо захиргаадалт байхгүй ард түмэн их чирэгдэж байна. Албан газруудаар явна. Хүн амьтан, уулзах гэсэн хүн амьтан байхгүй эзгүйрээд цаг их хүлээгдэж байна, цаг их алдаж байна. Одоо захиргаадалт л хэрэгтэй юм байна гэж бодож байна, зүгээр одоо настай хүний хувьд.

Отгонбаяр -

Хувь хүний хариуцлага гэж юм байхгүй болчихсон байна тэ?

Сэржмаа -

Одоо ер нь хүн хүнд хариуцлага тооцдог ажил ч алга. Ерөөсөө л одоо зүгээр нэг. Одоо хариуцлага өндөржүүлмээр байна, захиргаадалтыг өндөржүүлмээр байна л гэдэг бодол төрж байна. Одоо энэ сүүлийн үеийн багачууд одоо ийм сул байдалд сурах юм бол улс эх орны ажил ч одоо гарахгүй.

Отгонбаяр -

Юу, эмнэлгийн цаг бүртгэгч, эмнэлгийн сувилагч асрагчийн цалин ер нь тэр үед хэд байсан бэ?

Сэржмаа -

Муу байсан ер нь. 90, хамгийн анхных нь 90 биш ээ, сүүлд 90. Сүүлд нь 120 болсон. Эхнийх нь 30-н хэд билээ байз.

Отгонбаяр -

Бүр анх ажилд ороход.

Сэржмаа -

Айн. Тийм байсан. Одоо бид нар эмнэлгийн ажилчдад тэтгэвэр тогтоолгоход 81000-ээс дээшээ гарахгүй байна ш дээ.

Отгонбаяр -

81000-аас уу?

Сэржмаа -

Айн, сувилагч асрагч аль нь ч гэсэн. Тэр өөр албан газрууд чинь юу вэ? Нисэхийн цэвэрлэгч чинь бараг 100000 хүрдэг юм биш үү? Тэгэхэд одоо эмнэлгийн ажилчид, дунд мэргэжилтэнгүүд бол насаараа одоо өвчтэй хүний үйлчилгээ хийж байна ш дээ. Одоо хэцүү. Би өөрөө байсан юм болохоор одоо энэ цалин мөнгө ёстой багатай л байна. 170000 л авдаг юм байна ш дээ, одоо.

Отгонбаяр -

Одоо юу?

Сэржмаа -

Айн.

Отгонбаяр -

Таныг ажиллаж байх үед, тэр социализмын үед бол хэдэн төгрөг авдаг байсан бэ? Сарын?

Сэржмаа -

32 шиг санагдаж байна.

Отгонбаяр -

Тийм үү?

Сэржмаа -

Бүүр анх.

Отгонбаяр -

Сүүлд 1980-аад оноос хойш?

Сэржмаа -

1980-аад оноос хойшоо 90. Аа 1990-ээд оноос хойш 120 болсон.

Отгонбаяр -

Тийм үү?

Сэржмаа -

Тийм. Тийм л цалинтай байсан. Одоо бол 170000 авдаг юм байна. Би сая энэ сувилагч нар авч байхад үзлээ. Тэгээд одоо тэтгэвэрт гарахад тэгэж ажиллаж ажиллаж, хүйтэнд хөрч хөрчихөөд л одоо, нойр хоолгүй байгаа ш дээ, одоо. Тэгэхэд одоо 81000-аар тогтож байна, сувилагч нарын тэтгэврийн мөнгө. Би чинь нөгөө яадаг юм. 12-тойгоосоо эхлээд ажиллачихсан болохоор.

Отгонбаяр -

12-тойгоосоо эхэлж ажилласаан?

Сэржмаа -

Аа нөгөө тариа ногоо хийж.

Отгонбаяр -

Аан за за.

Сэржмаа -

Тийм, 4-р анги 12-тойдоо төгсөөд л мөн тэнд ажилласан юм чинь. Тэгээд 47 жил 3 сар ажиллаж би. Тэгээд би одоо сая нэмэгдээд 179000 болж, 41640 төгрөг нэмэгдсэн байна лээ. Анх 99000-аар тогтлоо, минийх. Тэгээд нэмээд 138000 болоод, одоо 179000 болж байна. Тэгэхэд одоо олон хүүхэдтэй одоо хүн бол бас л амьдрал маш хүнд л болох нь байна ш дээ.

Отгонбаяр -

Тийм байна.

Сэржмаа -

Тэгээд би чинь одоо хүүхдүүд тусад нь гарчихсан болохоор. Одоо ч гэсэн манайд 7-8 хүүхэдтэй асрагч хүн байгаа ш дээ. Амьдрал нь хүнд, маш хэцүү. Тийм хүнд одоо ... яаж тэр хэдэн хүүхдээ өсгөх вэ?

Отгонбаяр -

Та социализмын үед тэр ойролцоогоор 30-аас эхэлж нэмэгдсээр байгаад хэдэн төгрөг авдаг боллоо ш дээ. Тэгээд тэр мөнгө чинь одоо ингээд сардаа хүүхдүүдийнхээ хоол юунд хүрдэг байсан уу?

Сэржмаа -

Яаж хүрдэг юм, хүрэхгүй. Нөхөр барилганд гагнуурчин өндөр цалинтай учраас хоол унданд хүрч байсан.

Отгонбаяр -

Аан хоёулаа ажилладаг учраас.

Сэржмаа -

Айн, тийм. Тэрнээс миний юу бол тэр ямар юунд хүрдэг юм. Бараг сонин захиалж барихад тэрэнд л нэг хүрч байсан. Тэрнээс манай нөхөр чинь тэр үеийн цалин ч одоо нөгөө юу байлаа ш дээ. Аягүй өндөр авдаг байсан. Гагнуурчин хүн байсан. Тэрний л цалин чинь өндөр учраас бид нар энэ олон хүүхдийг өсгөлөө. Тэрнээс миний цалин бол юунд ч хүрэхгүй ш дээ. Одоо бол мэдэхгүй. Энэ асрагч, сувилагч нар олон хүүхэдтэй хүн бас тэгэж дан цалингаараа л хүүхдээ өсгөнө гэж байхгүй байх аа. Залуу залуу сувилагч нар их байна шүү дээ. Харин чааваас 2 хүүхэд, 3 хүүхэд л гаргаад л болчихож байгаа юм чинь. Гол нь амьдралын юугаар л болж байгаа юм. Эмнэлгийн ажилчдын цалин даан ч бага.

Отгонбаяр -

Тийм дээ.

Сэржмаа -

Тийм.

Отгонбаяр -

Яг энэ Тува гэр бүл байна ш дээ тэ? Тува эхнэр нөхөр хоёр, Тува эрэгтэй эмэгтэй хоёр хүн эхнэр нөхөр болоод амьдарч байхад тэнд Тува эмэгтэй хүний хувьд тэр гэр бүлд эзлэх байр суурь нь ялгаатай байдаг уу? Монголынхоос?

Сэржмаа -

Үгүй, ялгаагүй. Яг хоорондоо бол бүр харин ч сайн, ер нь бол. Хамтарч амьдраад ер нь үр хүүхдээ өсгөхдөө хоёулаа өсгөөд. Одоо настайчууд бол хүүхдүүдийнхээ хүүхдийг хүртэл маллаж өсгөж өгч байна. Даан ч ажил төрөл олдоц муутай болохоос мал аж ахуйгаар л амьдарч байна даа, одоо. Одоо ер нь нөгөө уулаасаа амьдралыг туулж өнгөрүүлсэн юм болохоор малаа их өсгөсөн. Тэр мал аж ахуйгаар амьдарч байна, одоо бол. Ер нь Тувачууд одоо хадлан хадаж байна л гэнэ. Бага залуучууд хадлан хадаад тэр хадлангаа зарж байна. Харгана түүж зарж байна. Одоо сая харгана, бургас хорьчихсон юм гэсэн. Энд оруулахыг болиод. Одоо энэ өвс ачсан, ачгана аргал ачсан улсууд бүгд Тувачууд байгаа. Голоос ачиж байгаа.

Отгонбаяр -

Буянтаар ороход бол их том өвс, хадлан их хийсэн байна аа.

Сэржмаа -

Тэрнийг чинь зарж амьдарна ш дээ. Одоо тэр бага ястангууд, тэд нар чинь одоо аргалаа зараад өвлийнхөө бэлтгэл гурил будаагаа авчихна. Хадлангаа зараад гурил будаагаа авчихна. Тэгэж л юмаа базааж авахгүй бол эд нарт ажил гэж юм байхгүй. Ажилгүй залуучууд зөндөө байна. Тэгээд сая аймгийн дарга нэг цуглаан хийсэн. Харин одоо тэгээд Тувачуудын нэг юм байгуулах юм уу яах юм. Тиймэрхүү юм ярьсан. Тэрэн дээгүүр л ажил олдох байлгүй. Тэр биелж байтал ч өдий байх аа.

Отгонбаяр -

За, тэгээд сүүлд нь нэг ийм асуулт байна аа. Таны амьдралд их гүнзгий нөлөөлсөн үйл явдал бий юу? Танд их тийм онцгой сэтгэгдэл төрүүлсэн? Яриан дундуур та тэр их хуралд суусан явдал бол их сонин сэтгэгдэл төрүүлсэн сайхан үйл явдал болсон.

Сэржмаа -

Тэр ёстой сайхан үйл явдал болсон.

Отгонбаяр -

Өөр тийм таны амьдралд их нөлөөлсөн тийм үйл явдал?

Сэржмаа -

Өөр одоо нөлөөлсөн гэдэг ч баярт үйл явдал. Тэгэхээр би эмнэлгийн тэргүүн авч байхдаа их баярласан.

Отгонбаяр -

Өө тээр. Хэдэн онд авав?

Сэржмаа -

Би 1995 онд авсан.

Отгонбаяр -

Аргагүй тэр...

Сэржмаа -

Эмнэлгийн тэргүүн авахдаа ёстой нэг баярлаад, ёстой нэг хөл газар хүрэхгүй гэрт ирсэн. Сайхан. Ер нь ч тэгээд нэлээн одон тэмдгүүд өгсөн өгсөн, бас. Одоо намын юунууд авч байсан. Тийм тийм үйл явдлуудаар л хурал дугуйланд суугаад л юу авахдаа л баярлаад л гэртээ аймаар ирдэг юм ш дээ.

Отгонбаяр -

Яг л эмнэлгийн тэргүүн чинь ялангуяа тэр үед одоо чанга байсан. Ёстой л нэг үнэхээр юм хийсэн хүнд нь өгдөг байлаа ш дээ. Одоо ч бас тэгээд тийм биш болчихсон юм шиг байгаа юм аа.

Сэржмаа -

Тийм. Тэгээд өөр одоо нэг их үйл явдал гээд байх юм байхгүй. Би чинь их юм боддоггүй болохоор нэг их тийм тийм юманд л баярлаж байгаа юм чинь. Өө тэр их хуралд очихдоо ёстой аюултай л юм үзээд ирлээ гэж л ирж байгаа юм чинь.

Отгонбаяр -

Тийм байлгүй яадаг юм.

Сэржмаа -

Түрүүн нь ямар хот орж тийм юманд орж байсан биш. Гоё гоё юм үзүүлсээн. Театр хүртэл үзсэн ш дээ.

Отгонбаяр -

Тээр.

Сэржмаа -

Тийм.

Отгонбаяр -

За за. За тэгээд их баярлалаа, Сэржмаа эгч ээ. Хурим найранд явах гээд яарч байдаг. Тэгээд бас цаг заваа гаргаад бидэнтэй уулзаж ярилцлага өгсөнд их талархлаа. Танд тэгээд урт насалж удаан жаргаарай гэж ерөөл тавья.

Сэржмаа -

За та нарт ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.

Отгонбаяр -

За их баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.