Bolormaa
![](../assets/images/interviewees/990602.jpg)
Basic information
Interviewee ID: 990602
Name: Bolormaa
Parent's name: Lhamsüren
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: pediatrician, Gaviyat emch
Work: retired
Belief: Buddhist
Born in: Saintsagaan sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
NGOs
environment
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
-
Болормаа -
За миний бага нас Дундговь аймгийн төв Довцог гэдэг газар төрсөн. Ээж аав хоёр маань 1942 онд таван хошуу малаа төлөвлөгөөнд хөдөө өгөөд хүүхдүүдээ сургууль бараадуулахаар аймгийн төвд ирсэн. Манай аав аймгийн сургуульд, цэцэрлэгт ахлах тогооч зэрэг ажил хийж байсан хүн. Манай ээж аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагч хийж байсан. Би аймгийн төвд нэгдүгээр ангид орж байлаа. Аравдугаар ангиа төгстөл сурсан. Одоо сургууль маань нийгмийн халамжийн төв болчихсон байж байгаа. Сургуульд байхдаа формын хувцас өмсөөд эцэг эхийхээ гар дээр сайхан л өсөцгөөсөн. Эхээс 2 охин 4 хүүтэй зургуулаа нэг гэрт өссөн. Манай ээж аав хоёр бүгдийг нь боловсролтой болгох гэж зүтгэж байсан. Их ах маань УБИС төгсөөд энэ аймагт сургуульд хичээлийн эрхлэгч, Говь-Угтаал, Луус суманд сургуулийн захирлаар олон жил ажиллаж байсан. Ийм алдартай багш хүн байсан. Хоёр дахь ах маань барилгын техником дараа нь МУИС төгсөөд Политехникийн их сургуульд насаараа ажилласан. Эгч маань хүмүүнлэгийн техником төгсөөд бага эмчээр олон жил ажилласан. Түргэн тусламжийн анхны эмч байсан.
Хишигсүрэн -
Аав ээж хоёр чинь ямар ч байсан хүүхдүүдээ боловсролтой болгох гэж зорилгоо сайн биелүүлсэн байна.
Болормаа -
Тийм. Дараагийнх нь дүү маань Москва хотод улс ардын аж ахуйн дээд сургууль төгсөөд Эрдэнэтэд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Дараагийн бага дүү маань 11 настайдаа эхээс хоцорсон. Аав маань хүмүүжүүлээд Казакстаны Алматад экскаваторын сургууль төгсөөд одоо хүнд механизмаар Улаанбаатарт ажилладаг. Би энд 1963 онд арван жилээ төгсөөд Улаанбаатарт очиж шалгалт өгөөд Анагаах ухааны хүүхдийн эмчээр суралцаж 1969 онд төгсөөд шууд томилдог байсан. Хувиараар Дундговь аймгийн Адаацаг сумын их эмчийн салбар гэж байсан, тэнд ажиллахаар очоод тэнд гурван жил ажиллаад мэргэжлийнхээ ажлыг хийх гээд аймгийн төвд ирээд 1971 оноос энэ аймагт ажиллаж байгаа хүн дээ.
Хишигсүрэн -
Энэ эмнэлэгт тиймээ.
Болормаа -
Тийм энэ эмнэлэгт. Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр олон жил ажилласан. Хүүхдийн тасагт ажиллаж, хүүхдийн хэсгийг анх байгуулж байсан. Хүүхдийн поликлиник гээд тусдаа хөгжиж ирж байсан. Тэнд хүүхдийн хэсэг гэж байхад анхны хүүхдийн эмчийн ажил хийж байлаа. Аймгийн төвийн бүх л хүүхдүүдийг үздэг байсан. Дараа нь хоёр, гурав, дөрөв болоод хүүхдийн поликлиник гэдгийг байгуулаад хүүхдийн шүд, хамар, хоолой тэгээд чийрэгжүүлэх кабинет, өсвөр насны кабинет байгуулж миний ажиллаж байсан поликлиник улсын тэргүүний хүүхдийн поликлиник болж байсан. Арван найман аймгийн эмнэлгийн дарга нар ирж үзүүлэх сургууль хийж байсан.
Хишигсүрэн -
Та ийм асуудлыг сайн дэлгэрэнгүй хэлж өгөөч. Орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын хөгжил социолизмийн үед ямар түвшинд хүрсэн юм бэ? Ер нь социолизм хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн цоо шинэ үйлчилгээг ямар байдлаар нэвтрүүлэж байв. Тэдгээр нь таны ажиллаж байгаа энэ цаг үетэй яаж холбогдож байна. Таны амьдралын 40-өөд жил энэ аймгийн эрүүл мэндийн салбартай холбоотой байна. Тиймээс та энэ аймгийн эрүүл мэндийн салбарын түүхийг ярьж өгөх хэрэгтэй байна гэсэн үг. Өмнө нь ямар байсан юм. Та төгсөж ирэхэд энэ эмнэлгийн байшин, барилга, төхөөрөмж, хүчин чадал, ямар төрлийн өвчин түгээмэл байсан юм, сүүлдээ яаж өөрчлөгдөв гэх мэтээр яаж л бол яаж ярьж болж байна даа.
Болормаа -
Би чинь юу ч мэдэхгүй амьтан төгсөөд л шууд хөдөө суманд очиж ажиллаж эхэлсэн.
Хишигсүрэн -
Анагаахын дээдэд элсэхдээ та яг өөрийнхөө хүслээр элсэж байсан уу, яаж мэргэжлээ сонгож байсан юм бэ?
Болормаа -
Анагаахын дээд сургууль хуваарь өгдөг байсан. Тэгээд би хүүхдийн эмчийн хуваарь аваад явах гэж байтал Өмнөговь аймагт волейболын тэмцээн болсон юм. Би волейбол тоглодог байсан юм. Тэр тэмцээнд явж байгаад ирсэн чинь тэр хувиараасаа жаахан хоцорчихсон байсан. Эм найруулгын ангид ор гээд. Би заавал хүүхдийн эмчийн ангид орно гэж уйж байсан. Тэгээд шалгалт өгөөд аймгийн нэрийн өмнөөс явж байсан юм байна гээд миний дуртай хүүхдийн эмч мэргэжилд оруулсан.
Хишигсүрэн -
Оюутан байхад сургалт ямар байсан. Таны 1960-аад оны үеийн оюутнуудын амьдрал ямар байв. Орон нутгаас хотод очоод оюутнууд яаж амьдардаг байсан юм.
Болормаа -
Тухайн үед хот гэдэг чинь маш том байлгүй яахав. Түрүүний ах эгч нарыг ээж маань аваад явсан юм. Төгсөхлөөр нь дараагаар хоёр тасарч нүүж очсон юм. Би ч гэртээ байсан. Тухайн үед оюутны байр гэж ховор байдаг байсан. Сургуульдаа ороод олон аймгийн хүүхдүүдтэй танилцаад, миний орсон ангид би аймгаасаа ганцаараа л байсан. Готов гээд надтай 10 жил хамт төгссөн хүүхэд байсан. 10 жилээ бид 47-лаа нэг анги төгссөн. Тэрнээс хоёр эмч Ангаахын дээдэд орж байсан. Нэг нь эмчилгээний ангид ороод тэр маань сая Монгол улсын гавъяат эмч болсон. 47 хүүхдээс бид хоёр эмч болж байлаа. Оюутны амьдрал сайхан байлаа. Оюутны байр гэж байгаагүй. Хэсч хичээллэдэг, ямар сайндаа Багшийн дээдийн урдуур гарахад Багшийн дээдийн хүүхдүүд Анагаахын бадарчид явж байна гэдэг байлаа. Хаа хамаагүй очиж хичээллэдэг. Шар хаданд ч очиж хичээллэнэ, хүүхдийн полиниц дээрч очиж хичээллэнэ. Антомкорпус гээд намхан байшин байдаг байсан, хүний биеийн мах бодийг судалдаг байсан. Тэнд хичээллэнэ. Эмнэлгүүдээр очно. Байр байхгүй Анагаахын дээд тиймэрхүү л байсан. Тэгэхдээ бид нар сургуульд анх ороод анотомкорпус гэдэг дээр хичээл ордог байсан. Тэндээ эхлээд айж ичдэг байсан. Сүүлдээ юун айж ичих хүний араг яс гэртээ аав ээжээсээ нууж авчирчихаад л түүнийгээ нэрлэж уншиж сурдаг байлаа.
Хишигсүрэн -
Хүжийн галд ном уншина гэдэг шиг.
Болормаа -
Толгойны яс авчирна гэдэг чинь бас эвгүй шүү дээ. Ээж ааваасаа нуугаад орон дотроо хөнжилдөө орчихоод судалдаг байсан. Гэрийнхэн бодоход мэддэг байсан байх л даа. Анх шууд л орос хэл дээр хичээл зааж эхэлсэн. Ганц хоёрхон зүйл тэмдэглээд л хоцорно доо. Ингэж ном сурна ч гэж юу байхав, яанаа одоо орон нутагтаа буцах боломжгүй ямар ч байсан сурдаг л байхдаа гэж бодож байлаа. Тэгээд сүүлдээ лекцнээсээ тав арван үг бичдэг болоод л, сүүлдээ нөгөө үгнүүд нь танил болоод л, сурах бичгүүд чинь дандаа орос хэл дээр байдаг байлаа.
Хишигсүрэн -
Тийм
Болормаа -
Тэгээд л оросоор сурсандаа. Сүүлдээ ч төвөггүй л орос хэл дээр лекцээ тэмдэглэдэг, бичдэг болоод л сүүлдээ латин хэл дээр хичээлээ хараад л тухайн үедээ бодитоор үзүүлэн дээр ажилладаг сургалттай байлаа. Тэгээд л намайг анх төгсөөд аймгийн эмнэлэгт ирэхэд одоо хувийн эмнэлэг орчихсон байгаа нэг давхар байшинд байсан. Хойд талд нь төрөх эмнэлэг, зүүн хойд талд нь халдвартын эмнэлэг гээд бас нэг намхан байшин байсан. Түүний хойно арьс өнгөний тасаг гээд бас нэг тасаг байсан. Жижиг жижиг байшинд тусгай тусгай байдаг байсан. Тэгээд тэр намхан байшинд бүхий л зүйлийг хийдэг байсан. Дөнгөж очсоны дараа их эмч гээд хүмүүс их хүндэлнэ. Маш их хүндэлнэ. Дөнгөж сургууль төгсөөд очоод хүмүүсээ яг цагт нь байлгах гээд л, хөдөө чинь мал хуйтай хүмүүс ч ажиллаж байгаа. Намайг очиход гурван өвгөн сувилагч байлаа, өвөл үстэй дээлэн дээр халаад өмсчихөөд л намайг очсон чинь шөнө сэрүүлэг тавьж цагийнхаа тариаг хийдэг байсан. Түүнийг нь болиулах гээд л та нар унтаж байж эмчилнэ гэж юу байсан юм, унтаж болохгүй гээд л тэдгээр маань ч хэдий настай хүмүүс байсан ч үгэнд ороод л үстэй дээлээ тайлаад, сэрүүлэг, эвхдэг ор хэрэглэхээ больсон. Гурван эрэгтэй сувилагчтай, нэг эрэгтэй бага эмчтэй тогооч нар нь эмэгтэй гээд тийм хүмүүстэй ажилладаг байлаа.
Хишигсүрэн -
Суманд очиж ажилласан эмч нар их олон талын юм сурдаг, эмчид хэрэгтэй ажил гээд эмч нартай ярилцахад тийм зүйл ярьдаг юм.
Болормаа -
Тэнд чинь номноос өөр найзлах зүйл байхгүй.
Хишигсүрэн -
Тийм
Болормаа -
Номоо уншаад л байна.
Хишигсүрэн -
Асууж лавлах хүн байхгүй.
Болормаа -
Эх барьж авах, оёдол хийх, хагалах юм байвал хагална. Залуу байхад чинь зоригтой аборт хүртэл хийдэг байлаа.
Хишигсүрэн -
Пөөх
Болормаа -
Их зоригтой байсан байгаа юм. Одоо бодоход яаж ял хэрэгт ороогүй юм гэж боддог юм. Ёстой бүх л ажил хийдэг байлаа. Аж ахуйн ажил аргал хоргол янзлах гээд л, унаа унш гуйгаад, морь малаар дуудлаганд явна шүү дээ. Эхлээд морь унаж чадахгүй 40 хэдэн километр газар яваад агсагдчихна. Хамаг бие хөндүүр болоод л, эхлээд намайг дагуулж яваа хүн маань зэрэгцээд явдаг байсан сүүлдээ хаячихаад яваад өгнө. Бараадаад л яваад байсан. Тэгсэн нэг машин таарч тэр нь цэргийн хэлтсийн дарга Адаацаг сум руу явах байж таараад намайг авч явж байлаа. Анх тэгэж мориор дуудлаганд явж байлаа. Сүүлдээ ч морьтой давхиад л байвал сайхан, шөнө ч өдөр ч, саргүй байхад сартай юм шиг явдаг байлаа.
Хишигсүрэн -
Машин байдаггүй байсан юм уу?
Болормаа -
Машин байхгүй байсан. Намайг очсоноос хойш жилийн дараа машинтай болоод л машинаар дуудлаганд явдаг байлаа даа. Төрөх нь жижиг өрөө байсан. Адаацаг сумынхантай ах дүү шиг болчохсон. Хоёр дахин Адаацаг суманд очиж байлаа. Нэг очсон чинь хуучин байшин маань байхгүй болчихсон хоёр гэрт байдаг болчихсон. 15 ортой эмнэлэг байгуулагдаж тэнд харин нилээд төрөлжсөн эмнэлэг байгуулагдсан. Гэрт байхаа больсон. Халаалт тавьж байсан. Тэр нь гуравдахь очилт нь юм байна. Тэгээд сумын эмнэлэг гэрт байхаа больсон. 1995 онд дахиад сумын эмнэлэг эмчгүй болчихлоо та нэг очооч гээд, би тэгэхэд бас хэдэн оюутантай болчихсон байсан, хөдөө хэдэн төгрөг нь илүү гээд гэрээ хийгээд очиж ажиллаж байлаа. Тэгэхэд халаатгүй буцаад нөгөө гэртээ орчихсон байсан. Хажуу талдаа байшинтай байсан. Тэгэхэд халаалт тавиулаад сэргээж байлаа. Намайг аймагт ирэхэд аймгийн эмнэлэг хүүхдийн тасагт хоёр, гурван л эмчтэй байсан. Хүүхдийн тасагт 3 жил ажиллаад дараа нь хүүхдийн хэсэгт ажилласан. Хөдөө суманд тоног төхөөрөмж гэх юм бол байгаагүй л дээ. Улаан гараараа л тулдаг байлаа.
Хишигсүрэн -
Эрсдэл ер нь хэр их байх вэ?
Болормаа -
Эрсдэл бол их байна. Хяналт гэж байгаагүй. Багийн эмч гэж байгаагүй. Цаг агаар, хоол хүнснээсээ шалтгаалан их эрүүл байдаг байсан. Хүүхэд, эхчүүд их хүндэрч ирнэ. Тэр болгонтой үзэлцэнэ дээ. Зарим даа алдаж байсан үе бий. Түүнээсээ сэхээж байсан нь их байгаа. Малчид маань төрөхөө анзаарахгүй тулгаж ирнэ. Би амрах байр ажиллуулж байсан. Сүүлдээ эхчүүд ирдэг болсон. Эхчүүд чинь ирэх дургүй шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм. Тэндээ төрчих гээд байдаг байсан.
Болормаа -
Хорин хэд төрсөн авгай байсан.
Хишигсүрэн -
Пөөх. Хорин хэд төрнө гэдэг чинь...
Болормаа -
Харин тийм хорин хэд төрсөн хүн байсан. Арван хэд, хорин хэд төрсөн хүн олон байдаг. 4 удаа ихэрлэсэн хүн гээд надад таарч л байсан. Тэдгээрийг чинь сумын төвд авчирч хяналтандаа төрүүлэх гээд л байж өгөхгүй шүү дээ.
Хишигсүрэн -
Нөгөөдүүл нь бараг та нараас илүү эмч болчихсон тэ?
Болормаа -
Авчирхаар л яваад өгнө. Тэгээд би тэр хорин хэд төрсөн хүнтэй ярилаа. Яагаад эмнэлэгт төрөх дургүй байдаг юм гэсэн, тэр их мундаг эрмэг хүн байсан л даа ерөөсөө. Өө би тэр суманд очихлоор чинь шөл ус гээд л сүрхий ажил байдаг юм. Би чинь нэг өдөрт л шөл хийхэд нэг гуяар л шөл хийнэ шүү дээ, тэр их холыг чинь яаж зэхэх билээ гэдэг байсан. Тэр хүнийг ятгасаар л байгаад сумын төвд төрүүлж л байсан. Тэгээд би сүүлдээ аймагт нэгдсэн эмнэлэгт амрах байр хэрэгтэй юм байна гээд тэгээд л 1988 онд би эхчүүдийн амрах байр гэдгийг байгуулсан юм. Тэгээд эхчүүдийн амрах байр гэдэг чинь их тохитой. Усанд ордог газар тэгээд л хоол хийдэг газар тэгээд л их тохитой. Одоо тэр Пелатовагуайг байх үед 330 мянган төгрөгөөр байгуулж байсан. Одооны мөнгөөр бол юу ч болохгүй л дээ. Тэр үед тэгээд л битүү дрожтой, ортой, Пелатовагуай чинь их мундаг хүн байсан шүү дээ. Пелатовагуайн аж ахуй хариуцсан хүн байсан түүнтэй ярьж хөөрөөд л эхчүүдийн амрах байр чухал гээд л 1988 онд байгуулж байлаа. Анх аймагт хүүхдийн пионерийн зуслан гэж байхгүй байхад байгуулалцаж байлаа. Дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн хойноо сульдиатай хүүхдүүдийн сувилал, нэг эмч 120 гаруй нялх хүүхдүүдийг хариуцдаг байсан. Эхчүүд нь их сүү муутай тэжээлээр хооллодог байсан. Тураалтай, тэжээлийн доройтолтой хүүхдүүд олон байсан. Тэгээд л 15 ортой хүүхдийн сувилал байгуулж байсан.
Хишигсүрэн -
Ийм зүйл хийе гэхэд тэр үед бололцоотой л байж дээ тэр үед. Хийе гээд л хийгээд байсан байна шүү дээ. Таны ярианаас анзаарч байхад.
Болормаа -
Бид санаа бодлоо хэлээд л их дэмждэг байсан. Асуудлыг их дэмждэг байсан. Тэгээд л сувилал байгуулаад хонь мал гээд сүү цагаан идээгээр сувилаад гоё сувилал байсан.
Хишигсүрэн -
Одоо байхгүй юу?
Болормаа -
11 жил ажиллуулсан. Сүүлдээ байхгүй байсан. 1986 оны үед л байхгүй болсон.
Хишигсүрэн -
1978 онд байгуулсан сувилал байсан байна тэ?
Болормаа -
Тэр үедээ их л чухал сувилал байсан. Тэгээд намайг хөдөө гадаа явж байхад устгасан байсан. Зах зээл хөгжөөд сүүлдээ юу болсон устчихсан л байсан.
Хишигсүрэн -
Хүмүүсээс юм асуухлаар хийсэн, байсан, бүтээсэн, одоо устгачихсан гэсэн ийм л юм ярьж байна. Та энэ байдалд хэрхэн хандаж байна. Таны залуу насаа багагүй хүч хөдөлмөрөө зориулсан зүйлсийг ул мөргүй, уламжилж авахгүйгээр, хөгжүүлэхгүйгээр таслаа хаячихлаа шүү дээ. Энэ ер нь юу вэ?
Болормаа -
Зах зээлийн шилжилттэй холбоотой. Амрах байрыг дараа нь буулгах гээд байдаг байсан. Би буулгуулахгүй гээд тэмцдэг байсан. Тухайн үеийн дарга нар хувьдаа ашигласан гэж мэдэхгүй зах зээлтэй л холбоотой байх. Миний ажиллаж байсан багт хэд хэдэн бригад байдаг байсан. Тэр бүхэн устчихсан байна лээ. Нэг устсан зүйл сэргэнэ гэдэг хэцүү байдаг юм билээ л дээ.
Хишигсүрэн -
Асар их хүч, мөнгө зарсан байгаа шүү дээ.
Болормаа -
Тийм. Мөнгө төгрөг, миний байж байсан суманд 3 том баг байсан. Дундын амралт гэж байсан. Нэг удаагийн амралтаар 300 гаруй хүн амардаг тийм амралт байсан.
Хишигсүрэн -
Пөөх. Нүсэр том амралт байсан байна шүү.
Болормаа -
Сумын дарга байсан Чүлтэмгуай гэж хүн бий дээ тэр суманд. Маш гоё амралт байсан. Тэр устчихаад сэргээж чадахгүй байгаа. Зах зээлийн шуурганаар л алга болсон. Нийгэм сайхан болсон ч гэсэн өмнөх юм аа устгасан нь эмгэнэл. Фермер бригадад ажилладаг байсан. Одоо бол байраа ч сэргээж чадахаа байсан. Сумын төв дээрээ л суудаг хэдэн эмч байгаа. Анх байгуулалцаж байсан зуслан сөнөдөгийн даваан дээрээ л байгаа.
Хишигсүрэн -
Хүүхэд авч байгаа болов уу?
Болормаа -
Хүүхэд зуны цагт цөөхөн хүүхэд л авч байгаа. Зуны ээлжинд 6-7 ээлж авдаг байсан. Одоо цөөхөн болсон.
Хишигсүрэн -
Ер нь хүмүүсийн ажилд хандах хандлага хэр их өөрчлөгдөв.
Болормаа -
Бид бол маш завгүй байдаг байсан. Би чинь завгүй орчлонд төрсөн хүн гээд л явдаг байлаа. Цаггүй ажиллана. Шөнө орой ч байсан явдаг байсан. Бид ч дасчихсан илүү цаг гэж ч мэддэггүй байлаа. Аймгийн төвд ч ялаагүй байсан. Шөнийн 11 цаг гэхэд ажилладаг л байсан. Хүүхдүүд маань өөрөө өөрийгөө бөөцийлөөд байдаг байсан. Манай хүн жолооч бас хөдөө гадаа их явчихдаг байсан.
Хишигсүрэн -
Тэрийг яг асуух гэж байлаа. Социолизмийн үед эцэг эхчүүд нь цаг наргүй ажилладаг хүүхдүүд нь гэр орондоо байдаг. Гэрийн ажил улсын ажлыг яаж зохицуулдаг байсан юм.
Болормаа -
Бид нар өглөө маш эрт 5 цаг гээд л босно. Одоо бол улсууд их унтах юм. 5 цагаас босоод хүүхдүүдийнхээ бүх асуудлыг шийдээд л цэцэрлэгт өгөхийг нь өгөөд л томчуудад нь өгөөд л явуулдаг байсан. Хүүхдүүд бие биенээ их бөөцийлдөг байсан. Хүүхдүүддээ их чиглүүлэггүй байсан байна. Би гэхэд л өөрийнхөө халааг бэлдэж чадаагүй хүн юм.
Хишигсүрэн -
Танай гэрт үү.
Болормаа -
Тийм. Ажил завгүй ажил цуглахаас өмнө явна. 8 цагаас цугладаг. 7 хагасаас сонсгол гээд явна. Өдөр ирж цайгаа уугаад л ажил гээд л явна. Орой ирээд л мөн буцаад л улс төрийн дугуйлан гээд л явна шүү дээ.
Хишигсүрэн -
Юу хийдэг юм тэнд?
Болормаа -
Цаг үеийн байдал, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт гээд мэдээлэл тэндээс л авдаг байлаа. Тухайн үед сонин гээд байх зүйл байгаагүй. Бусад бүх мэдээллийг тэгэж л авдаг байлаа. Намын дугуйлан, улс төрийн дугуйлан гээд явна.
Хишигсүрэн -
Хаагуураа ажиллаад, хаагуураа амьдраад байсан юм бэ? Гайхмаар л юм ярих юм байна шүү дээ?
Болормаа -
Оюутан байхад ч цагаан идээ л иддэг байсан байх. Өдөрт степент өгдөг байлаа. Өдөрт нэг гөөхий, хуушуур идээд явдаг л байлаа. Бие бялдраар хүмүүсээс дутахааргүй байлаа. Тухайн үед байгаль цаг уур гэж ч сайхан байлаа.
Хишигсүрэн -
Ер нь таны ажлын бахархмаар болоод хэцүү зүйл нь юу байсан бэ?
Болормаа -
Хэцүү зүйл гэвэл ажлын ачаалал их байсан. Бахархмаар зүйл гэвэл ажилдаа сэтгэл зүрхээрээ ажилладаг байлаа. Надтай ажиллаж байсан хүмүүс хэлдэг юм. Бид ч ажиллах шиг ажилладаг байжээ гэж. Бүгд нэг уулзаж амралт сувилал гэхээр амжихгүй л байна.
Хишигсүрэн -
Залуу насны эрч хүчээ улсад гэхүү өөртөө гэхүү өгчихлөө. Одоо юутай үлдэв гэсэн асуудал байна. Ер нь та нарын хөдөлмөрийн үр дүн гэж юу байна.
Болормаа -
Миний шавь нар бүгд л эмнэлгийн тэргүүний ажилтнууд болсон.
Хишигсүрэн -
Та өөрөө гавъяат эмч болсон байна. Хэдэн онд болсон бэ?
Болормаа -
Өнгөрсөн жил 7 сард Монгол улсын хүний гавъяат эмч болсон. Тэгээд миний үед ажиллаж байсан шавь эмч нар байна. Ихэнх нь байгууллагуудынхаа шилдэгүүд нь болсон. Төр засгаасаа үнэлүүлсэн. Тухайн үед ажлаа хийхийн төлөө л явдаг байсан. Тухайн үед дээрээ ажилладаг хүнийг их хүндэлдэг, үгнээс гажих зүйл байхгүй хамт олон гэж дэндүү захиргааддаг байсан ч гэсэн нэгнийгээ их дэмжиж шагнаж, шалгадаг байлаа. Бид үүргээ сайн биелүүлж дээрээс ч их шалгаж дүгнэдэг байсан. Би ч хүн болсоныхоо хэргийг бүтээсэн гэж үздэг. Хань ижилтэй болсон, үр хүүхэдтэй болсон, ажил төрлөө хий гэснийг нь хийж байлаа. Хаа очиж ажил гэсэн хийж л байлаа. Эрүүл мэндийн яам миний хөдөлмөрийг үнэлж 1990-ээд онд Чех улсад мэргэжил дээшлүүлж Европыг үзсэн. Төрийн бус байгууллагад би хамтран ажилладаг. Монголд олон жилийн анагаах ухаан гэж байна. Олон лам хуврага өв уламжлалаас сурах үүднээс Вансэмбэрүү гээд төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байсан. Түүний шугамаар Япон улсад 8-9 хоног явж дээд зэргийн соёл иргэншил хөгжил гэдгийг үзсэн. Тэнд хоол унд гэж хөгжил болчихсон юм байна. Азийн соёлыг үзлээ. Анх эмнэлэгтээ утаа баагиулж эхлээд орчин үеийн өндөр барилгад орохыг нь үзсэн. Эмнэлгүүд маань их сайхан болж орчин үеийн тоног төхөөрөмж гээд улсаас ч их хөрөнгө мөнгө хаядаг боллоо.
Хишигсүрэн -
Түрүүнд бид хоёрын ярианд хальт дурьдагдаад өнгөрсөн. Социолизмын үеийн эрх мэдэлтэй, албан тушаалтай хүний арга барил, хувь хүний хувьд ямар хүмүүс байв, доод албан тушаалтнуудтайгаа хэрхэн харьцах вэ, тэд нарын тусгай хангамж, эрх дарх гэж байсан уу байгаагүй юу? Дарга цэргийн харилцаатай холбоотой асуудлыг хоёулаа яръя.
Болормаа -
Миний үед ажиллаж байсан дарга нар их мундаг хүмүүс байсан байна. Хүнийг удирдах арга барил нь ч лут байж. Тиймээс ч бид хий гэснийг нь хийж, ажилдаа урамшиж байсан тал байна.
Хишигсүрэн -
Жишээ нь та тийм дарга нэрлэж чадах уу?
Болормаа -
Жишээ нь сум нэгдлийн дарга нар байна. Адаацаг сумын Чүлтэмгуай гээд дарга, Манай эрүүл мэндийн нэгдлийн дарга Балжинням гээд дарга байна. Адъяа гээд одоо гэмтэл согогт байгаа. Дээр үеийн дарга нарт идэж уух асуудал байсангүй.
Хишигсүрэн -
Идэж уух бололцоогүй ч байсан байх?
Болормаа -
Аль болох хүргэхийн төлөө л явдаг байлаа. Социолизмыг би муу байсан гэж хэлж чадахгүй. Хүнийг хүмүүжүүлэх асуудалд лут байлаа.
Хишигсүрэн -
Тэр үзэл суртлын ач холбогдол үр нөлөө ямар байсан гэж та боддог вэ?
Болормаа -
Үзэл суртлын нөлөө хүний хүмүүжилд мундаг нөлөөлсөн гэж боддог. Хүнийг хөдөлмөрч болгодог. Цагийн ажлыг цагт нь хийдэг байх ёстой гэдэг байлаа.
Хишигсүрэн -
Ажил хийдүүлнэ гэсэн ойлголт байхгүй?
Болормаа -
Ажил хийдүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Ёстой байхгүй. Ерөөсөө ажлын төлөө л гээд байхаас бус хувийн юмыг бараг хийж байсангүй шүү дээ.
Хишигсүрэн -
Хувь хүний амьдралын аз жаргал, амралт, чөлөөт цаг гэсэн зүйл байв уу?
Болормаа -
Хүүхэд байхад спортоор хичээллэдэг байсан. Өглөө 6 цагт сургуулийн гадаа цуглаад л гимнастик хийнэ. Тэгээд дуртай спортоороо хичээллэнэ. Одоо бол зааланд орчихсон байна. 4 газар бүжгийн талбайтай. Тэндээ гарбөмбөгийн талбайтай. Орой болохоор кино гарна. Тэнд мөнгөө төлөөд орно. Одоо бол дайраад орно шүү дээ. Орой хичээлээ тараад л спортоор хичээллэдэг байсан.
Хишигсүрэн -
Та хамгийн анх ямар үзвэр, театр байв?
Болормаа -
Үзвэр гэхээсээ илүү спорт гэдэг байлаа. Говийн аймгуудаар явна. Улаанбаатарт очиж гарбөмбөгийн алтан медаль авч байлаа. Үзвэр гээд байсангүй.
Хишигсүрэн -
Санаж байгаа юм байна уу?
Болормаа -
Өөрийн сургуулийн концерт гээд үздэг байсан. Талбайгаар чөлөөтэй явдаг байлаа. Дугуйланд хүүхдүүдийг их хамруулдаг байсан. Би түүнийг зөв гэж боддог.
Хишигсүрэн -
Спортын дугуйлан.
Болормаа -
Тийм. Багш нар их чанга. Би хэд хоног тасалсан бараг л сургуулиас хөөх шахуу загнаж байна. Орой эртхэн унтах болоод эртхэн дуудаарай гээд талбай дээр сүлд дуу эгшиглэхээс өмнө талбай дээр байх ёстой гэсэн нэг мэдсэн сүлд дуу эгшиглэж байна. Аавдаа та намайг дуудахгүй яаваа гээд санд мэнд хэлсэн. Аав өөдөөс одоо л 11 болж байна шүү дээ гээд санаа амар хүн хэлж байсан.
Хишигсүрэн -
Аан оройны 11 цаг болж байсан юм уу?
Болормаа -
Тийм. Юун өглөө болох. Тэгэж л багш нарын үгийг их авдаг байсан. Багш нараа их хүндэлдэг байсан. 7 цагаас хойш их гардаггүй байсан.
Хишигсүрэн -
Тийм байсан байх тэ?
Болормаа -
Тийм. Оюутан болоод л 7 цагаас хойш үзвэр үзсэн байх. Театр, соёлын ордон гэж орж байсангүй.
Хишигсүрэн -
Ер нь танай аав ээжийн болон та нарын үеийн хүүхдээ хүмүүжүүлдэг арга барил хүүхэдтэйгээ харьцах харьцаа одоогийнхтой харьцуулахад ямар байсан бэ?
Болормаа -
Бие даах чадвараар илүү байж. Аав ээжийнхээ үгэнд их ордог байлаа. Хэлсэн цагт нь л хийнэ. Мөнгө гэж их өгөхгүй. 1 юмуу 3 төгрөг л байнга өгнө. Түүгээр нь чихэр авахгүй. Манай Лхам гээд нэг найз байдаг байсан. Түүнтэй мөнгөө нийлүүлж байгаад ном авна. Уран зохиолын номыг дуусгана даа. Тэр үед онцын эзэн гэж шалгаруулдаг байсан.
Хишигсүрэн -
Тийм. Тоо энэ тэр заачихсан байдаг.
Болормаа -
Сурагчийн харилцах дэвтэр багш нар эцэг эхийн хооронд байсан. Дэвтэр дээрээ бичсэн зүйлийг үзнэ. Номыг чинь бид өөрсдөө л бие дааж сурч байлаа.
Хишигсүрэн -
Тэр бие дааж сурах ухамсар яаж сууж байна. Номонд тэгэж их ач холбогдол анхаарал өгдөг байж, ялгаа юунд байна.
Болормаа -
Ах эгчээр нь ахлуулах их сайн гэж боддог.
Хишигсүрэн -
Үлгэр дуурайлал үзүүлэх.
Болормаа -
Тийм. Ах нар айхтар байсан. Ах нар нүдээрээ л харьцана. Бид ч нам болно. Манай аав ээж ч хүүхэд зоддоггүй хүмүүс байсан. Ах нар л дүү нараа захирна.
Хишигсүрэн -
Түүнтэй холбоотой байж?
Болормаа -
Манай гэр бүлийн хүмүүжил тийм л байсан. Манай ээж хаа нэг гар хүрдэг хүн байсан. Тэгэхдээ хоорондоо зодолдох муудалцах үед хоёуланг нь занчдаг байсан. Ах эгч нарынхаа сургаснаар л сурдаг байж. Аав ээж нар малчин хуучин Монгол бичигтэй хүмүүс байсан. Миний гэр бүл тийм л байсан.
Хишигсүрэн -
Та хүүхэд наснаасаа эхлэн Дундговь аймагт амьдарч байна. Таны амьдарч байх хугацаанд энд байгаль орчинд сайн муу ямар өөрчлөлт орж байна. Ямар шалтгаантай байна гэж та бодож байна.
Болормаа -
Би бага наснаасаа орон нутагтаа өсч амьдарч байна. Цаг агаар маш өөрчлөгдөж байна. Орчин бол амьдрах хамгийн гол чухал зүйл. 4 сар гэхэд бороо орчихдог байлаа. Эрт ногоо ургаад л. Бид ч бороонд биеэ угаагаад л байдаг байлаа. Одоо бол зун гэж болохоо байсан байна. Цаг агаар үнэхээр их өөрчлөгдөж байна. Байгальтай буруу харьцсанаас болж байгаа байх. Энд тэндгүй л мод огтолж байна. Анагаахын дээдэд байхад Дамдингуай гэж философийн багш байлаа. Тэр багш маань уулын арын модыг огтлоход урд тал нь усгүй болно гэсэн зүйл ярьж байсан. Тэр бол яг үнэн юм байна. Тужын нарсийг юу ч үгүй огтолчихсон гэж ярьдаг биз дээ. Тэрнээсээ болоод л манай хуурайшилт үүссэн гэж боддог. Мод саяхан хүртэл их огтолсон. Урд талд загийг их түүлээ. Заг ус их барьдаг мод шүү дээ.
Хишигсүрэн -
Ус их хуримтлуулдаг.
Болормаа -
Тийм. Модыг их огтолсоноос болсон. Сүүлийн үед газар шороогоо ухаад л байгалийн тэнцвэрийг алдагдуулсанаас болсон гэж бодож байна.
Хишигсүрэн -
Ус, чийг яагаад ингэж багасчихваа? Бороо?
Болормаа -
Ус, чийг байгалийн ус доогуураа байхгүй болж байна. Модоо огтлоод ирэхлээр хөрсний ус байхгүй болж байгаа юм. Дээшээ уурших байдал багасаад бороо орох нь багасаж байна. Би салхин сэнсийг их буруу гэж боддог. Байгалийн салхийг хөөчихдаг их буруу л гэж боддог.
Хишигсүрэн -
Салхин сэнс энд тийм их байна уу?
Болормаа -
Байдаг. Манайд чинь их байдаг. Түүний оронд нарны толь их чухал санагддаг. Салхин сэнс агаар үүлийг их хөөдөг байх гэж дотроо боддог. Монголын шар шороо гээд ярьдаг байгалийг ингэж ухаж байгаа юм чинь байлгүй яахав. Японд саяхан очоод ирэхэд байгалийг үнэхээр хайрлаж байна. Модыг хүний үс засдаг шиг байнга л арчилж байна. Хүн болгон мод тарих хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн санаа бас зөв л юм. Манай газар ургасан төмс ямар сайхан амттай байдаг билээ. Хөрс бол маш баялаг хөрс шүү дээ. Ямар ч зүйл ургана гэж боддог.
Хишигсүрэн -
Зөв л ургуулч чадвал?
Болормаа -
Тийм. Нэг мод огтолбол хэдэн мод тарих ёстой гэсэн хууль гаргах хэрэгтэй байна.
Хишигсүрэн -
Газар усны нэр өөрчлөгдөж байна уу? Таны бага байхад нэрлэдэг байсан нэр өөрчлөгдөж байна уу?
Болормаа -
Их өөрчлөгдөж байна гэсэн. Өмнөговиос ирж байгаа хүмүүс их ярьдаг. Нэг мэдэхэд л бараг Хятад нэртэй газар байж байна гэх юм билээ.
Хишигсүрэн -
Ардчиллын үед хэрхэн хүлээж авав. Ардчиллын үйл явцад таны оролцоо юу байв. Та юу хүлээж байв, ямар өөрчлөлт авчрав?
Болормаа -
Ардчиллын үед би өөрөө шинэ зүйл хийх дуртай хүн. Тиймээс нэг их буруу гэж бодоогүй. Тэгэхдээ хуучин зүйлсийг устгаж байгаа нь тиймэрхүү санагдсан. Олон улсын харилцаа гээд л хөгжүүлж байгаа нь зөв л юм л даа. Гэхдээ Монгол хүний генээсээ байдаг байх. Захиргаадалт төрөө дээдлэг гэх мэт асуудал жаахан доошоо явсан гэж бодож байгаа.
Хишигсүрэн -
Яг таны хувийн амьдралд ардчилал яаж нөлөөлөв? Ардчиллын тусгал юу байсан бэ?
Болормаа -
Ардчилалаар манай хүүхдүүд сургууль соёлоо төгссөн. Ажлын хувьд зарим нь ажилтай зарим нь ажилгүй л байна. Чанаргүй сургууль их болсон байна гэж бодож байна. Тэр нь гологдол болоод барагтай бол ажил хийгүй. Дээд сургууль төгссөн гээд хар ажил хийх гэж бодохгүй гэсэн асуудал байна.
Хишигсүрэн -
Ардчиллын үр нөлөөг сайн муу гээд дэнсэн дээр тавьбал аль нь илүү байна.
Болормаа -
Ардчилал монгол оронд хөгжиж байна. Социолизмын суурин дээр хөгжсөн Ардчиллын гавъяа их байна л даа.
Хишигсүрэн -
Түрүүнд бид хоёрын ярианд Чех улсад сурсан гэсэн. Ер нь социолизмын үед жирийн иргэд гадаад явах асуудал ямар байсан юм. Танд гадаад найз байв уу, захидалаар харилцаж байсан уу?
Болормаа -
Эрүүл мэндийн газраас очоод миний ажилтай танилцаад нэг өдөр л дуудсан. Тэгээд л эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын шугамаар сургалтанд яв гэсэн.
Хишигсүрэн -
Хэр хугацаагаар явсан бэ?
Болормаа -
4 сар болсон.
Хишигсүрэн -
Их удсан байна. Чех улсад очоод сэтгэгдэл ямар байв?
Болормаа -
Тэр бол үнэхээр гоё байсан. Тэгсэн хэрнээ л Чехууд манай хөгжил болоогүй л гэдэг байсан. Тусгай байранд байдаг байсан. Нилээд олон газар, төвөөр явсан. Монголоос хоёулаа явсан.
Хишигсүрэн -
Ямар хэлээр ярих вэ?
Болормаа -
Орос хэлтэй байсан болохоор орос хэлтэй ерөнхийдөө төстэй юм билээ. Тэгээд хэлмэрч эхлээд авч байснаа сүүлдээ байсан. Чех ардын эрүүл мэндийн их сургууль гээд эрүүл мэндийн яамтайгаа хамт хөгжсөн юм билээ. Түүнийг би өөрийнхөө тайланд маш сайн бичсэн юм. Полиницид хүн хэвтэхэд тэнд багш нартай. Төрөл бүрийн мэргэжлийн багш нартай. Хүүхдүүд хичээлээ үзээд хоцрохгүй. Хүүхдийн ар гэрийг судлаад ажилгүй хүн байгаа эсэх гэх мэтээр нийгэмтэй нь холбож өгдөг байсан. Хичээл заахдаа тэр өвчний талаар бүрэн заагаад эргээд тэр өвчнөөр өвчлөхгүй болтол нь заагаад гаргадаг байсан. Тэр их гоё.
Хишигсүрэн -
Эрүүл мэндийн боловсрол өгч байна.
Болормаа -
Жирийн ардууд нь бага эмчийн хэмжээний мэдлэгтэй мэт санагдаж байсан. Өрхийн эмнэлэг маш сайн хөгжсөн мэт санагдаж байсан. Япон мөн ялгаагүй их өндөр хөгжсөн санагдсан. Маш их дадлага туршлагатай хүн ажиллаж байгаа юм. Манайх шууд л ажиллуулдаг шүү дээ.
Хишигсүрэн -
Манайх тийм болж байна уу үгүй юу?
Болормаа -
Манайд тэгнэ л гээд байгаа юм. Тэгэж дагалдуулаад байгаа юм байхгүй л байгаа. Бараг настай улсуудаа ад үзээд байх болсон юм биш үү.
Хишигсүрэн -
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт яаж өөрчлөгдөж байна. Ямар том том хувьсал өөрчлөлтүүдийг харж байна вэ?
Болормаа -
Зүрх судасны бичлэг хот руу шууд уншуулаад зайнаас оншилгоо өгдөг болсон юм билээ. Тоног төхөөрөмж гэхэд л хүүхдийн зүрхийн цохилтын аппарат гэх мэтчилэн их орж байна.
Хишигсүрэн -
Дээр үед яадаг байсан юм?
Болормаа -
Дээр үед тийм зүйл байгаагүй.
Хишигсүрэн -
Тэгээд яаж болж байсан юм. Яаж үйл ажиллагаа явагдах вэ?
Болормаа -
Ерөөсөө баллонтой ажилладаг байсан. Одоо бол маш өөрчлөлт орсон байгаа биз дээ. Гэрлийн эмч нь өөр газар байж байгаад л шууд гаргаад өгч байна. Миний үед гэрэлд үздэг эмч нь бараг өөрөө хорддог байсан. Одоо бол мэргэжлийн янз бүрийн алх гэх мэт, өрхийн эмнэлэг өөрийн гэсэн эмчийн багажтай гэх мэт болсон байна. Хэд хэдэн эхо аппараттай болчихсон.
Хишигсүрэн -
Эмч нар нь бэлтгэгдчихсэн үү.
Болормаа -
Тийм бэлтгэгдчихсэн. Бидний үед юун эход харуулах байлаа шүү дээ. Чагнуур, даралтын аппараттай байхад болоо. Бээлий ч байхгүй байдаг байлаа.
Хишигсүрэн -
Бээлий байхгүй байсан гэж үү?
Болормаа -
Тийм. Шифризээ буцалгадаг байлаа шүү дээ. Хамгийн заваан нь тэр байлаа.
Хишигсүрэн -
Бээлийгүй эмэгтэйчүүдийн үзлэг яаж хийдэг байв, резинен бээлий байсан уу?
Болормаа -
Олон дахин хэрэглэнэ. Гэхдээ зохих хэмжээгээр ариутгадаг байлаа. Одооны элэгний өвчлөл түүнээс болсон гэж би боддог. Айл болгон нэг ариутгах савтай байдаг байлаа. Хүн болгон түүнийгээ мэддэг байлаа. Тийм л бүдүүлэг байлаа. Түүнийг бодоход шинжлэх ухаан их хөгжиж байна. Мөнгө төгрөг байдаг бол хаанаас ч гээд олчихдог болж. Гэдэсний хижгийн вакцин гэж хийдэг байсан. Сүүлдээ 1980 хэдэн оноос дархлаажуулалт хийж эхлээд одоо олон өвчинд дархлаажуулалт хийдэг боллоо. Энэ жил харин халдварт шар өвчин их гараад байх шиг байна.
Хишигсүрэн -
Социолизмын үед гэр бүлийг хэрхэн дэмждэг байсан тэр бодлогууд өрх гэрийн амьдралд ямар нөлөө үзүүлж байсан бэ?
Болормаа -
Гэр бүлийн хувьд ёстой л өөрсдийнхөө бор зүрхээрээ явдаг байлаа. Төрөөс одоогийнх шиг хавтгай халамж гэж байхгүй байлаа. Өөрсдийн цалингаараа болдог байлаа. Жирэмсний амралт гэж харин өгдөг байсан. Гэхдээ 45 хоноод л ажилдаа ордог байсан.
Хишигсүрэн -
Хүүхдээ яачихаад ажилдаа ордог байсан бэ?
Болормаа -
Хүүхдээ миний хувьд аав маань 1981 он хүртэл амьд байсан. Тэгээд настай хүн зайлууд хардаг байсан даа. Ээж маань ч биднийг оюутан байхад амьд байсан. Хүүхдийг яслид их өгдөг байсан. Өвдөхөд нь авна гэж байхгүй. Миний хувьд эмнэлэгт аваачаад л хэвтүүлэх, тэгээд л ажлаа хийгээд явдаг байсан.
Хишигсүрэн -
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа ямар байв социолизмын үед, нийгмийн үүрэг нь ямар байсан бэ? яаж өөрчлөгдөж байна вэ?
Болормаа -
Хоорондоо эвгүй үг ер хэлдэггүй байсан. Энэ хараалын үгийг чинь би бүр сүүлд сурсан юм. Харилцааны хувьд их сайхан харилцдаг байсан Сүүлийн үед зарим улсуудын хувьд эвгүй харилцаа байдаг байлаа. Бараг хоорондоо уулзахгүй явдаг байлаа.
Хишигсүрэн -
Таны эмээ, ээж, та, охидууд чинь гээд янз бүрийн цаг үед амьдарч байгаа эмэгтэйчүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ? Эмэгтэй хүний амьдралын нарийн ширийн асуудалд энэ хугацаанд ямар өөрчлөлт гарч байна вэ?
Болормаа -
Энэ бол ардчиллын үед ёстой том дэвшил гарсан байх. Тийм үед аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл гэх мэт байлаа. Тэгээд л тэргүүлэгчид гэх мэт эмэгтэйчүүдтэй их ажилладаг байсан. Харин эрэгтэйчүүдэд одоо ч тэр дээр үед ч тэр анхаарал их сул байдаг байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байгаад эрэгтэйчүүдийн зөвлөл гэж яагаад байж болоогүй юм.
Хишигсүрэн -
Эмэгтэйчүүдэд анхаарал хандуулах тэр шаардлага нь юу юм бол? Та юу гэж бодож байна.
Болормаа -
Тэр бол үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотойгоор эрэгтэйчүүдээс дээгүүр ханддаг байсан. Албан байгууллагад хүртэл эмэгтэйчүүдийн зөвлөл гэж байлаа.
Хишигсүрэн -
Яг эмэгтэйчүүдийн зөвлөлд ямар үйл ажиллагаа явагддаг байсан юм бэ?
Болормаа -
Оёж хатгахаас эхлээд хоол унд хийх, хүүхдүүдээ хүмүүжүүлэх гэх мэтээр л ярьдаг байлаа. Зурагтаар хаа нэг ийм зүйл явж байна. Намайг Чехд явж байхад 6-7 настайгаас нь хүүхдэд гоо сайхны хичээл гээд явагддаг юм билээ. Охидуудад. Тэр бол их чухал шүү дээ.
Хишигсүрэн -
Юу заах вэ тэнд?
Болормаа -
Гол нь биеэ авч явах гэх мэтээр л заадаг юм шиг билээ.
Хишигсүрэн -
Дээр үеийн эмэгтэйчүүдийн өвчлөл ямар байсан бэ? танд сонсож байсан зүйл байна уу?
Болормаа -
Эмэгтэйчүүдийн асуудал хүүхэд байхаасаа л биеэ их сүрхий авч явдаг байлаа. Хормой хотоо шууж болохгүй, эрт хүүхэдтэй болно гэх мэт.
Хишигсүрэн -
Буруу буруу ойлголтууд их байсан тэ?
Болормаа -
Тийм. Их байсан. Зарим үед ч мэдээлэл их муу байж. 8 ангидаа ингэж боддог байлаа.
Хишигсүрэн -
Хүүхэд хаанаас гардаг юм бол гээд л үү.
Болормаа -
Хормойгоо шуугаад л дуу дуулаад л жирэмсэн болчих ч юм билүү гээд л боддог байлаа. Тэгэхэд одоо бол 3-р ангийн хүүхэд бараг мэдэх байлгүй. Тэр нь ч юу юм 7-р ангийн хүүхэд аль хэдийн л мэдчихсэн байгаа шүү дээ. Тэр байтугай л одоо их эрт бэлгийн харьцаанд ордог болсон байна. Бидний үед чинь тэр талаар эцэг эхчүүд их ширүүн байлаа шүү дээ. 7 цагаас хойш гаргахгүй.
Хишигсүрэн -
Хөдөө одоо бас тийм байна уу?
Болормаа -
Хөдөө одоо бол мэдэхгүй. Дотуур байр ямар ч байдаг юм мэдэхгүй. Манай гэр бүлийн хувьд тэгж л хүмүүжсэн.
Хишигсүрэн -
Хувьчлал гэж их том үйл явдал болсон. Та түүнийг юу гэж боддог вэ? Ямар байдлаар хувьчлал явагдав?
Болормаа -
Хувьчлал үнэхээр тэнцвэргүй явагдсан. Сэргэлэн нэг нь хожсон л юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Танай аймагт ч мөн ялгаагүй юу?
Болормаа -
Ялгаагүй. Худалдаанд ажиллаж байсан мөнгө төгрөгтэй хүмүүс өөр байсан байх аа. Бид нарын хувьд бол эмнэлгийн чагнуур даралтын аппарат хоёртой л үлдсэн.
Хишигсүрэн -
Эмнэлгийн ажилтнууд ер нь бүхэлдээ яасан бэ? орон нутагт?
Болормаа -
Бүхэлдээ хөрөнгөгүй л хувьчлал гэсэн зүйл явагдаагүй.
Хишигсүрэн -
Одоо тэгээд яамаар байна. Гомддоггүй юм уу та нар.
Болормаа -
Гомдлоо гээд яалтай билээ.
Хишигсүрэн -
Өөрөөр хийж болох байсан уу?
Болормаа -
Болох л байсан санагддаг.
Хишигсүрэн -
Жишээ нь яаж?
Болормаа -
Жишээ нь хүүхдийн эмч байлаа гэхэд тасаг, ажилтнуудыг нь ажиллаж байсан хүмүүсийг нь тэр хэвээр нь өгсөн бол болох байсан. Одоог болтол эрүүл мэндийн салбар зах зээлд орж чадахгүй байна. Манай ард түмэн эрүүл мэнд үнэтэй гэдгийг ойлгоогүй л байна.
Хишигсүрэн -
Яагаад?
Болормаа -
Үнэгүй зүйл бол үнэгүй л байдаг гэж би боддог.
Хишигсүрэн -
Зах зээлд орж чадаагүй учраас уу?
Болормаа -
Зах зээлд орж чадаагүй учраас өөрийн эрүүл мэндээ хамгаалж мэдэхгүй. Шүдээ хорхойдуулчихвал үнэтэй авна гэдгийг боддоггүй.
Хишигсүрэн -
Таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байна вэ? өөрчлөлт авч ирсэн, санаанаас гардаггүй гэх мэт байдаг даа.
Болормаа -
Анагаах ухааны их сургууль төгсөөд хөдөө очиход бүх зүйл толгой дээр бууж байгаа юм.
Хишигсүрэн -
Тэгэхэд гэр бүлгүй байсан уу?
Болормаа -
Гэр бүлгүй байсан. Ямар сайндаа л багш нарынхаа хэлсэнээр мэдлэг гэдэг үнэхээр бат хэрэгтэй гэдгийг ойлгож байлаа. Гэхдээ би шантарч байсангүй. Гадаад дотоод явж юм үзсэн. Үүнийгээ ойр тойрондоо ярьж байгаа юм. Хүмүүст юм үзүүлж байх нь их чухал юм. Мянга сонсохоор нэг үз гэдэг үнэн юм.
Хишигсүрэн -
Таны амьдралд бусдаас онцгой ер бусын зүйл байна уу? Дахин давтагдашгүй гэсэн зүйл. Та өөрөө тийм зүйлээ олж харж байна уу?
Болормаа -
Би анхнаасаа л хүүхдэд их хайртай хүн байсан. Хүний хүүхдийг маллах гээд л Данзангуай гээд өвгөн байдаг байсан. Хүүхдийг нь харах хүн байхгүй би хүүхдийг нь их хардаг байсан. Надад миний зургийг авч өгөөд л тэр нь надад их гоё санагдаж байна. Хүүхэд харах тэр байдлаараа л эмч болсондоо. Хүүхэд гэдэг надад их сайхан энерги өгдөг. Түүгээрээ л би давуу байх. Улайн нялзрай амьтан гарч байхыг нь хараад нэг мэдэхэд л гэр бүлтэй болчихсон үр хүүхдээ авчираад байгаа. Өшөө тэр хүүхэд нь бараг хүүхдээ үзүүлж байна шүү дээ.
Хишигсүрэн -
Та гар оролцож эмчилж байсан хүүхдийн тоог гаргаж үзсэн үү?
Болормаа -
Түүнийг бол үзээгүй. Зүгээр үзсэн хүмүүсээ бодоход аймгийнхаа хүн амыг 7-8 дахин үзсэн байгаа юм.
Хишигсүрэн -
Аймгийн хүн ам хэд билээ?
Болормаа -
Дээр үед 55 гэдэг байсан. Одоо 49 мянга болоод байгаа.
Хишигсүрэн -
За 50 мянгийг 7 үржүүлээд 400 орчим мянга болох нь.
Болормаа -
Их олон хүн үзсэн л дээ. Одоо бол над шиг хөгшин хүн энэ эмнэлэгт байхгүй л дээ. Хүүхдийн энерги юм болов уу л гэж бодож байна.
Хишигсүрэн -
Одоо ахмадын эмч гэж хийж нь байна шүү дээ.
Болормаа -
Өнгөрсөн жилийн 10 сараас байгуулагдсан. Хүнгүй учраас би ажиллаж л байна.
Хишигсүрэн -
Ахмадын эмч гэж тусдаа бэлтгэгдэх үү?
Болормаа -
Тусдаа бэлтгэгдэнэ. Би хэдэн сар бэлтгэгдсэн. Дэлхий нийтээрээ насжиж байгаа шүү дээ. Би тэгээд нялхасаас нь эхлээд өтгөс хүртэл нь хийж байна гэдэг. Гэхдээ хүүхдүүд их ирж үзүүлдэг.
Хишигсүрэн -
40-өөд жил хүүхдийн эмч хийсэн хүнд хүүхдүүд ирэлгүй яахав. Аймаг болгонд хүүхдийн эмч гэж байдаг байсан уу.
Болормаа -
Хүүхдийн эмчийн 5 дахь төгсөлт нь би шүү дээ. Одоо бол больчихсон 1980 хэдэн оны боловсон хүчнээрээ л яваад байгаа.
Хишигсүрэн -
Бүх аймгийн төвийн эмч нар таны туршлагыг судалсан гэж байсан. Тухайн үедээ сонин санагдаж байсан орон нутгийн эмч яаж тэр бүхнийг санаачлаад хийчихсэн байсан юм. Тэр яг ямар үйл явдал болсон бэ? хэдэн онд болсон юм?
Болормаа -
Манай эрүүл мэндийн газрын дарга Адъяа гэж эмэгтэй хүн байсан. Тэр хүн дарга шиг дарга байсан. Асуудал аваад ороход дэмждэг байсан. Миний одоо байгаа эмнэлэг хуучин хүүхдийн полиниц байсан. 90 ортой эмнэлэг гээд нүүсэн. 3 давхар байр баригдаад хүүхдийн эмнэлэг тийшээ нүүхээр энэ эмнэлгийг ашиглаж болох юм гэж бодсон. Бид нар санал тавиад тэгээд хүүхдийн төрөлжсөн тасаг байсан. Дандаа хүүхдийн эмч нар ажиллаж байсан. Тэр бол тухайн үеийн зохион байгуулагч нартай их холбоотой байсан. Бид өөрсдөөсөө мөнгө гаргаж ямар чадах биш. Бүтээлэгнүүдийг өдөр бүр угааж цэвэрлээд цардаж өмсдөг байлаа. Одоо бол тэгэж санаачлах хүн байхгүй юм. Тэр үед эмч нараа их хүндэлнэ. Сувилагч нар угааж цардана шүү дээ. Одоо бол бид өөрсдөө л цардахгүй бол бага эмч сувилагч нар үгэнд орохгүй л байгаа юм. Тэр үеийн удирдлага гэж тийм л байж.
Хишигсүрэн -
Бид хоёрын яриа дуусч байна. Ямар нэгэн санаа оноо ирээдүйд үлдээх, Болормаа гээд эмч байсан гээд, бид хоёрын ярьсан яриагүй сэдвээр хэлэх зүйл таньд байна уу?
Болормаа -
Миний бодоход хууль гараад л байна. Түүний биелэлт шалгах нь их дутмаг байна. Монгол оронд архидалт их байна. Үүнтэй тэмцэхгүй бол Монгол орон ёстой сөнөж магадгүй болоод байна. Хөдөө, аймгийн төвд архидалт их байна. Гени ч ямар болох билээ, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэнд ямар болох билээ. Анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь би газар шороогоо л их харамлаж байна даа дотороо. Үнэхээр нэг мэдэхэд Хятад ирээд хөөх байх даа л гэж бодогдох юм.
Хишигсүрэн -
Ялангуяа та нарт их мэдрэгдэж байгаа байх, урагшаа байдаг учраас.
Болормаа -
Урд талын хүмүүс ярьж л байна. Надад аймшигтай санагдсан. Тэнд нэг алт олборлох толгой байдаг юм байна. Хайгаад л алтны судал илрэхлээр толгойг хаалаа гээд л акаа буу тачигнадаг гэж байна.
Хишигсүрэн -
Пөөх.
Болормаа -
Толгой хаалаа гээд дараагийн хүмүүс нь ирээд судлуудыг нь ачаад явчихдаг. Толгой нээлээ гэхээр нь иргэд ордог. Цэргийнхэн хамтарчихсан байдаг гэнэ. Ачиж байгаа хүмүүс нь дандаа Хятадууд байдаг гэнэ. Монгол толгойтой. Монгол толгой нь цаанаа Хятад толгойтой байдаг гэж. Монголын нинжаа нарыг оруулаад гарах 5-10 минутын хугацаа өгдөг гэнэ. Тэгэхгүй л бол акаадана гэж байна шүү дээ. Нинжаа хийж байгаа хүмүүсийг эргэсэн хүн өнгөрсөн жил надад ярьж байсан. Тавантолгой, Оюутолгойд маш олон Хятадууд ажилладаг гэнэ. Яг шалгалт очихлоор Хятадуудаа нуудаг гэж байна.
Хишигсүрэн -
Тэгдэг гэсэн шүү.
Болормаа -
Замд нь Монгол жолооч нар их осолддог гэж байна. Манай нэг ач явдаг. Би их айдаг. Мөнгөнөөс биеэ өгөх нь бид нарт бие чинь хэрэгтэй гэдэг. Ажилгүй учраас явсан зайлуул, харанхуй манан дотор л явдаг гэсэн. Үхэхэд бэлэн.
Хишигсүрэн -
Тэгэж яриад байгаа юм аа.
Болормаа -
Хятад ажилтнуудаа 300-400-аар нь нуудаг гэсэн. Монголчуудыг хүн гэж үзэхгүй. Одоо Эрээнд бас тийм болсон. Боол мэт үздэг. Юм авахгүй бол харааж бариад л зоддог гэсэн. Зодуулан байж юм авч орж ирдэг гэнэ.
Хишигсүрэн -
Одоо тэгвэл хачин юм болж байгаа юм байна л даа.
Болормаа -
Хараалгаж зүхүүлээд, араасаа юм шидүүлээд тэгэж явдаг гэж Эрээн очсон хүмүүс яриад байгаа юм.
Хишигсүрэн -
Гуйлгуулдаг байсан одоо гуйж авдаг болсон байна уу.
Болормаа -
Тийм болсон байна. Монгол хүн газар шороон дээрээ яагаад ажиллаад байж болдоггүй юм. Төр засгийг харахад сайжраад байгаа юм шиг цаанаа болохлоор үгүй юм шиг сайн ойлгогдохгүй л байна.
Хишигсүрэн -
За яриагаа өндөрлөх үү, сайхан ярилцлага боллоо.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.