Banzragch
![](../assets/images/interviewees/990603.jpg)
Basic information
Interviewee ID: 990603
Name: Banzragch
Parent's name: Lodoi
Ovog: Dalai Hairhan
Sex: f
Year of Birth: 1945
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education: statistician
Work: retired
Belief: Buddhist
Born in: Erdenedalai sum, Dundgovi aimag
Lives in: Saintsagaan sum (or part of UB), Dundgovi aimag
Mother's profession: worker
Father's profession: lama
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
belief
collectivization
democracy
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Сайнцагаан суманд хийж байгаа ярилцлага үргэлжилж байна. Банзрагч гэж эмэгтэйтэй ярилцлага авахаар тохиролцоод байна, тэгээд таныг манай судалгааны төсөлд оролцож ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд талархъя. Та өөрийнхөө хүүхэд насны үеэс эхлээд яг өнөөдрийг хүртэлх амьдралынхаа түүхийг нэг ярьж өгөөч.
Банзрагч -
За, за би ч багадаа ч одоо нөгөө л хурганд явж, аргал түүж л өссөн шүү дээ. Ер нь хөдөөний л хүүхэд би бол. Тэгээд бага сургуульд ороод, дунд сургууль төгсөөд 7-р анги төгсчөөд тэгээд санхүү эдийн засгийн техникумд орж суралцаад, 1962 онд санхүү эдийн засгийн техникумд ороод, тэгээд 1964 онд чинь, нөгөө сангийн яам чинь анхны л энэ компьютерийн л эхэн үе байж дээ одоо, нэг бүртгэлийн машинт станц гээд сангийн яаман дээр байгуулагдсан юм. Тэнд сурч байгаа хүүхдүүдээс нэг хэдэн охидууд голдуу авч бид нарыг ажиллуулж байсан юм, дагалдангаар. Тэгээд нөгөө Чехын Аритма үйлдвэрийн нэг шивэгч машинууд байдаг байсан л даа. Бид нар тэгээд тэрэн дээрээ ажиллаад, тэгээд хажуугаар нь сургуульдаа суралцаад, тэгж явж байгаад 1966 онд бид нар сургуулиа төгссөн. Тэгэхдээ 1964 оноос ажилласан жил бичигддэг. Тэгээд 1966 онд Санхүү эдийн засгийн техникумаа төгсөөд, тэгээд байж байсан чинь өнөө бүртгэлийн машинт станцыг чинь, сайд нарын зөвлөлийн харъяа, нөгөө статистикийн төв газрын бүртгэлийн машинт станцтай хавсаргаад нэгтгэсэн юм. Тэгээд тэнд бүртгэлийн машинт станц, статистикийн төв газрын бүртгэлийн машинт станцид ажиллаж байгаад, тэгээд статистикийн төв газар нүүгээд Улаанбаатар зочид буудлын ард очихтойн зэрэг бид нар тэнд тооцоолон бодох төв байгуулагдаад, НҮБ-ийн шугамаар байгуулагдсан. Тэгээд тэнд бид нар нүүж очоод, тэнд ажиллаж байгаад, тэгээд чинь, тэндээ л ажиллаж байсан дөө би. Тэгээд яахав ээлжийн мастер, ахлах оператор хийж байгаад тэгээд, ээлжийн мастер энэ тэр хийгээд, тэгээд улсын банкин дээр бас нэг салбар нь байсан юм. Тэнд би мастераар орж ажиллаж, хэдэн жил ажилласаан бас нэлээд хэдэн жил ажилласан. Тэгээд 1982 онд ээжийн бие тааруухан болохоор нь би тэгээд хүүхдүүдээ дагуулаад энд ирсэн. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ ирээд, тэгээд энд ирж банкны конторт оператор, нябогоор ажиллаад, тэгээд тэнд нэлээд хэдэн жил ажилласаан. Тэгээд 1991 онд билүү хаан банк байгуулагдаад, тэгээд хоточ банк энэ тэр гээд байгуулагдсын. Банкны контор, монгол банк гэж тасраад, ингээд 3 хуваагдаад, тэгээд тэндхийн хаан банкинд нь би ажилласан, нябогоор. Хаан банкны салбарт, тэгээд салбарын эрхлэгчээр бас ажиллаад, тэгж байж байгаад 1990-н хэдэн онд билээ дээ тэтгэвэртээ гарсан. Тэгээд тэтгэвэртээ гараад нэг их удаагүй байсан чинь даатгал банкинд мөн нябо хэрэгтэй болоод, тэгээд даатгал банкинд ажиллаж байгаад, тэгээд даатгал банк чинь сэргээн босголт банк болоод, дараагаар нь голомт банк болоод, тэгээд өнөөх чинь бүр байхгүй болсон шд. Тэгээд л би ахмадын хороонд ажилласан. Даргын туслахаар ажиллаад. Тэгээд зээ хүүгээ гарахтай нь зэрэг ээжийг нь ажил хийлгэе, би одоо ажил хийгээд яахав гээд, тэгээд би ажлаасаа гарч хүүхэд, зээгээ хараад, тэгээд ээжийг нь ажилд оруулаад, ээж нь яахав 2-р сургуульд багшаар орж ажилласан. Тэгээд л миний ажилласан юу дуусна даа.
Хишигсүрэн -
За тэгэхээр нэг ийм юм тодруулъя. Таны хүүхэд нас яаж өнгөрөв, тэр үеийн малчин айлын, хөдөө байдаг айлуудын хүүхдүүдийн бага нас юугаараа онцлогтой байсан юм? Танай аав ээж ямар улсууд байв? Хүүхдийг яаж хүмүүжүүлдэг байв? Таныг анх дунд сургуульд ороход эцэг эх чинь яаж оруулав? Тухайн үед миний л сонсож ойлгосноор эцэг эхчүүд хүүхдээ сургуульд өгөх их дургүй байсан, хүүхдүүд их оройтож сургуульд ордог байсан гээл тээн?, Тэгээд сургуульд орж сурсан, дунд сургуульд хэрхэн яаж хөдөөний хүүхэд боловсрол эзэмшиж байсан юм гэдэг бол их сонирхолтой л доо. Хойч үед чинь одоо тэгээд мэдэхгүй ш дээ, та нарын л үетэй цуг алга болж байгаа түүх юм чинь, тэгэхээр тэрийг нэлээд сайн дэлгэрүүлээд яриад өгвөл их зүгээр байна.
Банзрагч -
За тэгэхэд чинь одоо, оо намайг чинь бас сургуульд оруулахгүй гээд бас нэг жил хойш нь татсын. 8 настай, 9 настай ороод, тэгээд өнөө миний дүү бид хоёр ойролцоо. Тэгээд дүүтэй нь хамт сургуульд оруулна гээд намайг нэг жил хойш нь татчихсан чинь манай дүү нөгөө бөөрөнхий хэлтэй байхгүй юу, хэл муутай. Тэгэхдээ нь зэрэг энэ ч бүтэхгүй юм байна гээд намайг сургуульд оруулсан. Тэгээд яахав дээ, ногоон даалимбан дээлтэй, даавуун цүнхээ үүрээд, тэгээд хөдөөнөөс чинь урин цагт мориор давхиж сургуульд явдаг байсан ш дээ. Тэгээд л намар хүйтэн орохоор л ээж аав маань хараад л төв дээр суудаг. Тэгдэг байсан, тэгээд холоос гүйн ээ. Нэг км хэртэй газар буучихсан, тэгээд сургуульдаа гүйж очдог байсан ш дээ бид нар чинь. Тэгээд л яахав дээ, нааш цааш нь гүйгээл байдаг байсан, тэгээд 4 төгсөөд сургуулиасаа гардаг юм уу гэсэн чинь хэрэггүй ээ хэрэггүй гээд. Малчин байсан болохоор чинь мал дээр хүн цөөтэй, манай эгч, ээж, ээжийн эгч хөгшин хоёр л байдаг байсан. Тэгээд юугаа хийхэв миний хүү одоо энэ эгч шигээ бас л мал дээр гараад хэрэггүй чи сургуулиар яв гээд, тэгээд намайг цааш нь 5-р ангид оруулаад, тэгээд яахав 1962 онд 7-р анги төгсөөд, тэгсэн чинь хуваариуд ирээд, тэгээд надад санхүү, эдийн засгийн техникумын хуваарь аваад.
Хишигсүрэн -
Та яг сонгож орсон уу? Зүгээр л байгаа хуваарьт нь яваад орчихож байсан юм уу? Тухайн үед. Сонирхолтой хэр байв? Ажилдаа л гэсэн санаа.
Банзрагч -
Сайн мэдэхгүй л байсан л даа, ерөөсөө. Тэгсэн чинь тийм хуваарь ирсэн л гээд байхгүй юу. Тэр бол сайхан ажил, нягтлангийн ажил сайхан гээд л улсууд тэгдэг байхгүй юу. Тэгэхээр нь л яахав, сонирхоод байсан юм байхгүй, ерөөсөө тэгээд хуваарийн дагуу л орчихсон. Манай аав бол намайг миний хүү хөдөөнөө байж бай, юугаа хийхэв, сургуульд явах гээд, гэр орноосоо гарч үзээгүй юм чинь гээд, тэгээд л байдаг байсан. Тэгээд би явна гэсээр байгаад л явчихсан. Тэгээд л яахав сангийн аж ахуйд яваад, тэр үед чинь сайхан байсан ш дээ. Сангийн аж ахуйд явж ажилладаг хүүхдүүд чинь ерөөсөө ажил их сурдаг байсан ш дээ, гэр орноосоо хол бас амьдрал мэддэг, тийм л байсан. Тэгээд л намар сангийн аж ахуйд яваад, тэгээд зун нь төгсөж амралтаараа ирээд, ээж аавдаа туслаад, ээж аавд тусална гэж ирээд хамаг юмийг нь угаахыг нь угаагаад, оёж шидэхийг нь оёоод, дээл хувцас оёж өгөөд, одоо тэр чинь хуучнаар бол 8-р ангийн хүүхэд шүү дээ. Тэгэхдээ ерөөсөө багаасаа эхлээд аав ээжүүд чинь үйлэнд их сургадаг. Намайг бүүр жоохон байхад чинь л өмдний тэлий оёулдаг байхгүй юу. Тэр нь ерөөсөө нарийхан урт даавуу оёулаад, тэрийг чинь хөвөрдөнө, янз бүрийн оёдол зааж өгнө. Заримыг нь хөвөрдөөд, заримыг нь шаглаад, заримыг нь болохоор хөшөөд л энэ тэр, тэгээд л оёод бай гээд л оёулаад байдаг байсан. Тэгж байж л ерөөсөө бүүр жоохноосоо юм оёод сурчихаж байгаа юм чинь. Тэгээд л энэ гэрийн бүрээсийг чинь оёдлын машин байхгүй манайх, тэгээд л гараараа оёдог байсан. Даалимбан бүрээс л хийдэг байсан. Тэгээд л тэрийгээ бас л, муухай оёно л доо тэгээд хөвөрдөж бариад, ингээд оё гэж зааж өгөөд тэрийг чинь учиргүй оёулна, ерөөсөө. Тэгээд л чөлөө заваараа хүүхдийг бас их урамшуулдаг байсан ш дээ, ээж аав чинь. Тэгээд л их ажилтай хүн болох гээд аргал их түүнээ. Аргал түүгээл, ёстой шинэ нутагт буухаар чинь, тэр хавийнх нь аргалыг түүгээд овоолчихдог байсан. Тэгээд л чөлөө завандаа яагаал, миний хүү их ажилтай, сайн хүү гээд л их онгирооно, тэгэхээр чинь айлд хүртэл туслах гэж гүйгээд л, айлд хүртэл аргал их түүж өгдөг байсан. Тэгээд айлууд чинь тэгэхээр урамшуулаад юу өгдгөв гэхээр жоохон жоохон, эмэгтэй хүүхэд болохоор чинь торгоны өөдөс энэ тэр их өгнө, тэгэхээр их урамшина. Тэгээд л тэрийгээ гэртээ авч ирээд,бас л өнөөхийг чинь янз бүрийн юмнууд хийдэг, тийм л байсан. Ер нь багаас нь тэгж л ажил сургадгийшд, ерөөсөө. Тэгээд л зуны амралтаар чинь дүү бид хоёр нэг нь тэмээнд явдаг бас гайгүй малтай айл байсан. Тэгээд л нэг нь хонинд явна, нэг нь тэмээнд явна. Тэмээнд явах их дуртай хоёулаа ээлжлээд, булаацалдаад явдаг байсан. Тэмээ чинь эзнээ очихтой зэрэг хаашаа ч явахгүй, яг тэндээ л байгаад байдаг байхгүй юу. Эзнээ явангуут л салхидаад явчихдаг байсан. Тэгээд л тэмээн дээр очиж бараагаа харуулчихаад, жаал овоон дээр сууж байгаад тэгээд л айлруу очоод, манайх чинь нөгөө гүүгүй айл байсан юм чинь айлд очиж айраг уунаа бас. Аа хонинд явбал ерөөсөө тэгэхгүй, хонь юмруу давхиад бас нийлчихгээд болж өгөхгүй. Тэгээд л дүү бид хоёр ээлжилж бас тэгж явдаг байсан. Нэг юм морь унаад л явна л даа. Адуу гэж чөдрийн морьтой, тийм л айл байсан. Тэгээд хэдэн морь дүү бид хоёр ээлжилж унадаг байсан. Тэгж л хөдөөнийхөн чинь жоохноос нь ажил сургачихдаг байсан. Нэг л шээзгий даагатай болохтойн зэрэг араг үүрүүлээд л аргалд яв миний хүү гээд, дундуур мундуур хамаагүй түүж ирнэ л дээ. Тийм л, ер нь багаас л ажил сургадаг байсан, тэгээд л яахав оюутан болсоноос хойш манайх төв дээр суусан л даа. Тэгээд л яахав ирэнгүүтээ л ээж аавынхаа хиртэй хувцасыг нь угааж өгөөд, манай аав ээж хоёр чинь настай улсууд байсан юм чинь, дээл мээл оёод л тэгээд л намар болохоор сургуульдаа эргээд л явдаг, тийм л байсан. Тэгээд яахав ажилчин болчихсон чинь ээлжийн амралтаараа л ирдэг, тийм л болсон л доо.
Хишигсүрэн -
Оюутан болоод Улаанбаатарт очиж байх үеийн улаанбаатар ер нь ямархуу газар байв аа?
Банзрагч -
Өө Улаанбаатар чинь ерөөсөө оюутан болоод л очиж байхад чинь, камбинатад би нэг нутгийн айлд байдаг байсан юм. Тэгээд л автобусанд сууж чадахгүй, ерөөсөө. Дандаа л камбинатаас санхүүгийн сургууль хүртэл явган алхдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Яагаад?
Банзрагч -
Яахав нөгөө буруу газар буучихна, төөрчихнө гэж айгаад. Тэгээд ч автобус чинь хүн ихтэй, багтдаггүй. Тэгээд чихэлдэж явсанаас гээд, Сталины номын сангийн тэрүүгээр гараад санхүүгийн сургууль хүртэл явган явдаг байсан. Тэгээд сэрүүн хүйтэн ороод ирэхтэйн зэрэг, байр чинь сүүлд ашиглалтанд орсон. Тэгээд л тэндээсээ явж байгаад сүүлд нь хоёрдугаар күрсээсээ байранд ороод,
Хишигсүрэн -
Оюутны байр шинэ байсан байх тээн?
Банзрагч -
Тийн. Шинэ байсан тэгэхэд. Тэгээд л байранд ороод, дөрвүүлээ нэг байранд байдаг байсан. Тэгээд бид нар чинь өрөө мөрөөгөө цэвэрлэнэ. Соёлч өрөө мөрөө болно, их тэгдэг байсан. Байр өрөөгөө их сайхан цэвэрлэнэ, их сайхан байсан. Тэгээд тэр үед чинь ерөөсөө хүүхдүүдийг, оюутнуудыг чинь байранд хооллодог байсан. Тэгээд л өглөө хоолондоо орчихоод хичээлдээ яваад, өдөр хоолонд ороод, тэгээд тарж ирээд хичээл давтвал давтаад, оройн хоолонд оруулдаг. Цагаан хэрэглэлийг нь цаанаас нь өгдөг, степент гэж авахгүй дээ. Нэг арван хэдэн мянган цаас, арван хоёр мянган төгрөг л бид нар авдаг байсан. Тийм л сайхан байсан ш дээ, хачин сайхан байдаг байсан. Тэгээд л бүжиг урлагт дуртай нэг нь урлагийнхаа юмнуудад явдаг. За би ч яахав уран зохиолоо уншина, тэгээд нэг кино үзнэ. Тиймэрхүү юманд ер нь багаасаа урлагийн юманд их авъяасгүй, тийм л байсан л даа. Тэгээд л амралт болохоор чинь степент бас хэдэн цаас өгнө ш дээ. Тэгхэд чинь л ээж аавдаа дээлийн өнгө мөнгө тэгээд дүүдээ бас юухан хээхэн, оймс моймсхон энэ тэр авч ирж өгдөг байсан. Степентийнхээ хэдэн цаасыг цуглуулаад, тэгээд би гэрээсээ ер нь мөнгө авч байгаагүй ш дээ.
Хишигсүрэн -
Түрүүн нөгөө статистикийн төв газрын байшин баригдаад, тэгээд тийшээ тооцоолох машин энэ тэр орсон гэж байна ш дээ.
Банзрагч -
Тийм.
Хишигсүрэн -
Манай судалгаанд нэг ийм асуулт байгаа байхгүй юу. Ямар шинэ технологи, шинэ зүйлс амьдралд ажилд нэвтэрч байв аа гэсэн асуулт байгаа. Тэгэхээр тэр 1960-аад оны төгсгөл үед гэсэн үг ш дээ орж ирж байсан статистикийн төв газрын тооцоолон бодох машин тухайн үедээ ямар дэвшил авч ирж байсан юм, анх хараад та нарт ямар сэтгэгдэл төрж байв? Их гайхаж байв уу биширч байв уу? Юу болж байв ер нь?
Банзрагч -
Өө ямар зүг байхав. Бид нар чинь аритма гээд үйлдэрийн шивэгч машин дээр ажиллаж байсан юм. Тэгээд тэр статистикийн төв газрынх болохоороо саме гэдэг л байсан юм байгаан. Тэр ер нь оросын машин байсан болов уу. Тийм том том шивэгч машинууд ирдэг байсан.
Хишигсүрэн -
Шивүүрт юу шивхэв тэгээд?
Банзрагч -
Тэрэн дээр чинь ийм картнууд байдаг байсан юм. Картнууд дээр шивээд, бүх юмаа шивдэг проекттой. Тэгээд л тэрнийхээ дагуу шивээд, тэгээд эхлээд бүх юмийг чинь шифрлэчихдэг байсан. Тэгээд шифрлээд тэрийгээ яг төдөөс өд, төддүгээр мөрөнд нь он сар өдөр нь, тэгээд л тийм бараа материал гээд шифрлээд үнэ өртөг, нэг бүрийн үнэ гээл шифрлэчихдэг. Тэгээд л тэрийгээ бид нар шивдэг. Шивээд тэгээд үржвэрийг нь гаргадаг байсан юм. Үржвэрийг нь өөр бас нэг тоон хүнд машин гэдэг байсан юм, эхлээд эрэгтэй улсууд ажиллаж байсан юм, тэгээд сүүлдээ бас бусдаасаа дээр байсан юм байлгүй дээ би бодвол, намайг тийм машин дээр тавьсан юм. Тэгээд проект энэ тэрээ би өөрөө шивээд тооцоолж гаргаад, тэгдэг л байсан. Тэгээд саме-х ч мөн адил тийм байсан. Тэгээд тэр хоёрыг нийлүүлээд, тэгээд л НҮБ-ийн тэр тусламжаар, НҮБ-ийн нэг төлөөлөгч байдаг байсан юм, тооцоолон бодох төвд. Тэгээд яасан чинь тэнд өө хачин гоё, зурагт шиг л харагддаг байхгүй юу, ийм дэлгэцтэй юман дээр шивээд л, тэгээд бид нар чинь тэр статистикийн төв газрын тооцоолон бодох төвд тэгхэд чинь бид нар чинь цагаан халаад өмсдөг байсан, гутал мутлаа тусгай өрөөнд тайлна. Тэгээд цагаан халаадтай ажилладаг байсан. Тэгэхдээ би яг тэр пүүлт энэ тэр дээр нь ажиллаж байгаагүй, наад станц гэж байсны шивэгч машинууд дээр л ажиллаж байсан. Тэгээд бид нар чинь хачин гоё, тийшээ чинь оруулахгүй ерөөсөө. Тусгай агааржуулагчтай л гэдэг байсан, шагайж л харна уу гэхээс тийшээ чинь орохгүй шүү дээ. Бид нарынх бол яахав зүгээр шивэгч машинууд юм чинь механик, инженертэй бид нар чинь тийм л байдаг байсан. Тэгээд л тэндээс салаад банкны бүх ажлыг одооны энэ монгол банкин дээр юм даа, улсын банкин дээр банкны бүх ажлыг бас өдрийнх нь гүйлгээнүүдийг орой нь шивж, маргаашийн гүйлгээнд нь бэлддэг, тийм байсан. Тэгээд намайг тэр юуруу нь шилжүүлсэн л дээ, улсын банкны тэр салбарлуу нь. Ээлжийн мастераар явсан. Хоёр ээлжээр бид нар ажилладаг, тийм л байсан тэгээд л нөгөө машин зашин нь эвдэрнэ, янз бүр болноо. Тэгэхдээ шөнийн ээлжинд бол унаа хүргэж өгдөг. Яг нэг машин жижүүрлээд байж байдаг. Бид нарыг тэгээд л хаашаа ч, лагерт ч байсан гэсэн хот дотор ч байсан гэсэн ерөөсөө хүргэж өгдөг тийм байсан. Тэгээд мөн л цагаан халаадтай ёстой жигтэйхэн янзтай л ажилладаг байсан, сайхан ажилладаг бид нар, цөмөөрөө тийм л байсан. Тэгээд энд ирсэн чинь энд банкин дээр болохоороо нөгөө банкин дээр аскот гээд нэг машин байдаг байхгүй юу. Одоо компьютерийн бас л түрүүний үеийнх нь. Аскотон дээр чинь бас гүйлгээ хийнээ, тэгээд бас байж байгаад л гацчихна, хойноос инженер механик дуудаж засуулдаг энэ тэр, тийм байсан. Тэгээд харин энэ компьютертай болоод тэр чинь хачин сайхан, аскот чинь болохоороо нягтлангууд өөрсдөө шифрлэж өгдөг, дээд крифтийг нь шивээд эцсийн гүйлгээ гараад тэгээд дээд крит гүйлгээ хоёр нь зөрчихнө. За тэгээд л гүйлгээ барьсан чинь үлдэгдэл бланс нь бас зөрдөг байхгүй юу. Тийм л байсан, тэгээд компьютер, анхны л компьютер тавиад, тэгээд улсууд ярьдаг байхгүй юу, хачин гоё юм аа ерөөсөө, зурагтын дэлгэц шиг л юм гараад байх юм, ёстой гоё юм аа гээд. Тэгээд л энэ анхны компьютертай болсон. Тэгээд анхны л банкны оператор доо би ч аскотан дээр байж байгаад, тэгээд л яасан, одоо энэ банкнуудын ерөнхий нягтлан энэ тэр, монгол банкны захирал Оюунцэцэг энэ тэр чинь сүүлд ирсийн. Тэгээд хяналт шалгалтынх нь Сарантуяа бас сүүлд төгсөж ирсийн. Тэгээд энэ Энхжаргал гээд байгаа, одоо энэ хаан банкны тооцооны төв хариуцсан хяналт шалгалтын байцаагч, эд нар чинь бас сүүлд, миний дараа, надад шавь болоод санхүүгийн сургууль төгсөөд ирцгээж байсан. Тэгээд эд нар бас тэрэн дээр суралцаад л, тэгээд их сайхан болсон л доо тэр чинь, дээд трифт зөрөхгүй, үлдэгдэл зөрөхгүй компьютерт орчихоор чинь, тэгж л байсан, их л сайхан болж байсан.
Хишигсүрэн -
Тэр үед хүмүүс ажилдаа хандах хандлага ямар байв? Одоо хүмүүсийн ажилдаа хандах хандлага ямар байна? Ер нь таны ажлын сайхан зүйл нь юу байв? Бас бэрхшээлтэй зүйл нь юу байв? Гэсэн асуулт байна.
Банзрагч -
Өө яахав нас залуу байсан болохоор ер нь сайхан л байсан л даа. Ер нь үүргээ болбол ерөөсөө хачин их ухамсарладаг л байсан ш дээ бид нар. Одоо ер нь энийг гаргахгүй бол харих эрхгүй л гэдэг байсан. Тэгээд л шөнө чинь хүүхдүүд минь, аав нь нөгөө хөдөө гадаа явдаг ажилтай. Тэгээд манай хүүд нар чинь очоод л намайг авах гээд л тэнд хүлээчихнэ. Тэгээд гүйлгээ зөрчихнө, тэгээд 2 3 цаг хүртэл л тэнд байна шүү дээ, тэгээд л муу сайн хүүхдүүд маань ширээн дээр унтах нь унтаад, үүрэглэх нь үүрэглээд, ингээд л ээжийгээ хүлээгээд байдаг байсан. Ганц манай хүүхдүүд биш л дээ, бүх хүүхдүүд ерөөсөө гэрээс нь очсон хүмүүс тэгээд л байж байдаг байсан. Тэгээд гүйлгээ гарсан цагт л бид нар явна ерөөсөө, гүйлгээ гараагүй цагт гэрлүү зүглэнэ гэж байхгүй. Маш хариуцлагатай байдаг байсан ерөөсөө. Бид нарын толгойд чинь ерөөсөө мөнгө төгрөг иднэ ууна, нааш цааш нь болгоно молгоно гэсэн юм огт байдаггүй байсан. Бид нар чинь мөнгө төгрөг тоолох, сайн муу тэмдэглэх яах энэ тэрд чинь бүгдээрээ ороод л мөнгөн дотор чинь суугаад л тоолоод л хянаад л ингээд л явдаг. Тэгхэд чинь ерөөсөө нэг зуун төгрөг авчих юмсан гэсэн бодолтой хүн ерөөсөө байдаггүй байсан ш дээ. Эхлээд л тэр их мөнгөнд дотор орход чинь хүн сүрдэнэээ. Эхлээд үзээгүй байханд чинь, яанаа одоо энэ их мөнгөн дотор орчихлоо, одоо яах бол гээд, сүүлдээ сурчихна. Тийм л байсан. Маш их үүрэг хариуцлагаа ухамсарладаг байсан. Одооны улсууд бол одоо банк яаж ажиллаж байгааг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ер нь залуучууд их залхуу болсон ш дээ манайхан чинь. Нөгөө Оросын нэг эрдэмтэн хэлж байсан ш дээ: Негр Монгол хоёр ташуурын дор л хөдөлдөг, ерөөсөө тиймгүй бол юм хийдэггүй гэж нээрээ ортой юм шиг байгаа юм. Захиргаадаж байж л хийлгэхгүй бол манайхан чинь тэгээд л хаячихаад яваад өгдөг. Ерөөсөө маш хариуцлагагүй, тийм л болсон.
Хишигсүрэн -
Тантай хамт ямар улсууд ажиллаж байв? Ажлын хамт олныхоо тухай яриач? Олон газар ажилласан байна ш дээ та?
Банзрагч -
Үгүй тэр чинь нөгөө албан газартайгаа шилжээд яваад байгаа байхгүй юу. Ер нь бол статистик тэгээд банк ер нь хоёр л газар, 3 газар даа ахмадад сүүлд ажиллаж байсан юм. Тэнд чинь одоо бараг хүмүүс нь байхгүй болсон байх оо доо. Манай Аритма гээд байхад чинь Цэдэндамбаа гээд энэ Луусын нэг хүн байсан. Тэр хүн манай хэлтсийн дарга байсан, тэгээд тэр хүн ч аль хэдийнэ өнөгрсөн гэсээн зайлуул хөөрхий минь. Тэгээд чинь одоо энд ирээд, намайг ирхэд чинь Хасуй гээд дарга байсан, дараагаар нь Цэрэнцогт гэж байлуу даа, тэр дарга байсан, тэгээд түүний дараагаар Цэвээндорж гэж хүн байсан нас барчихсоон зайлуул. Тэгээд тэр хүнийг байхад л би банкнаас гарсан л даа. Тэгээд одоо энэ монгол банкны хяналт шалгалтын хэсэг гэлүү, үгүй ээ хаан банкны Мягмар гээд тэр хүн сүүлд энэ даатгал банкны захирал хийж байгаад хотруу шилжсэн. Улсууд чинь ер нь хотруу шилжчихдэг юм чинь. Одоо энд байснаас чинь хөгшчүүлээс чинь Цэдэнжав гээд байгаа. Цэвэгмид гэж байгаа, Хотш банкны хосын инженер нягтлан хийдэг байсан. Тэр байна даа тэгээд Нанжилмаа дарга байна, одоо энэ Оюунцэцэг, Сарантуяа, Энхжаргал, аан тэгээд шагаа гээд Шагдарсүрэн гээд энэ хаан банкинд байгаа. Тэд нар л байж байгаа даа. Ууганбаяр гээд бас нэг хүүхэн бий. Таних хүн ч одоо байхгүй болсон юм билээ дээ. Тийм л хүмүүс байдаг юм даа.
Хишигсүрэн -
Та хэдэн онд буцаж Улаанбаатраас ирсэн гэлээ?
Банзрагч -
1982 онд
Хишигсүрэн -
Буцаж явъя гэж бодохгүй яагаад орон нутагтаа суурьшаад үлдчихэв ээ?
Банзрагч -
Үгүй ээ тэгээд орон нутагт чинь сайхан байгаа юм чинь. Хотод ч яахав сайхан л байдаг байсан л даа, ажил төрөл гээд бишгүй л сайхан байдаг байсан. Тэгээд энд ирээд ерөөсөө өөрийн нутагт ээж дүү энэ тэр байсан л даа. Хүүхдүүд минь бүгд энд сургуульд орчихтойн зэрэг буцах гэж тийм юм бодохгүй байгаа юм чинь. Өвгөн маань хөдөө гадаа их явдаг ажилтай байсан. Тэгээд л сар мараар энэ тэр явчихна шүү дээ.
Хишигсүрэн -
Юу хийдэг хүн байсан бэ?
Банзрагч -
Намын хороонд ажиллаж байсан юм. Лектор энэ тэр хийдэг хүн байсан. Тэгээд л хөдөө ажлаар явна, намын ажил чинь бас их хариуцлагатай чухал байсан ш дээ тэр үед чинь. Тэгээд л яваад өгдөг ерөөсөө, тэгээд л би чинь төрчихөөд нялх хүүхэдтэй энэ тэр байхад чинь тэгээд л за намайг хөдөө яв гэсэн гээд л яваад өгдөг байсан. Би тэгээд тэгдэг байсан үгүй ээ хэлж болдоггүй юм уу тэр дарга маргатаа, авгай төрсөн нялх хүүхэдтэй гэж, тушаал авсан цэрэг шиг л байх юм гээд л тэгдэг байсан. Тэгээд юм ч хэлэхгүй гараад явчихдаг байсан. Тэгдэг л байсан манай нөхөрт чинь уур энэ тэр байхгүй ерөөсөө. Тэгээд яв гэсэн газар нь л явж байдаг, тэгээд сараар энэ тэр явдаг, долоо хоног энэ тэр бол юу ч биш шүү дээ. Тэр хооронд чинь тэгээд л хүүхэд шуухад өвдөнө, янз бүр болно. Албан газар их сайхан харж үзнэ. Хоёр талын албан газар чинь одоо манай бүрлээчийн ажиллаж байсан намын хороо ч одоо бас л гэр орныг нь эргэж тойрно, бид хоёр чинь хүүхэд, одоо саяын гардаг охин чинь өвдөөд л эмнэлэгт, хоёулаа сахиж байсан ш дээ бид хоёр. Эмнэлэгт чинь хоёулаа сахиад тэгээд ах эгч нар нь түлээ түлшгүй энэ тэр болчихно. Тэгхэд чинь тэр хамт олон нь аргал түүж авч ирж өгнө, банкныхан эргэж тойрно, ер нь албан газар ажилчидаа маш их харж ханддаг байсан шд. Тийм сайхан л байсан юм.
Хишигсүрэн -
Та соёлын довтолгоо гэж зүйл болсныг санаж байна уу?
Банзрагч -
За тийн.
Хишигсүрэн -
Ер нь тэр юу болдог байв? Хүмүүсээс юу шаарддаг байсан юм?
Банзрагч -
Соёлын довтолгоо ч гэж уг нь сайхан хэрэгтэй л юм байсан л даа. /Инээв/ Соёлын дошвтолгоо гэж, тэгсэн чинь хүмүүсийг тэгдэг байхгүй юу, унтлагын хувцастай бол, хоёр гурван ээлжийн даавуутай бол энэ тэр гээд тэгдэг байхгүй юу. Тэгээд бүх хүн унтлагын хувцастай бол гээд, тэгхэд чинь унтлагын хувцас ч гэж байгаагүй, өөрсдөө нэг юм, тэгээд л чи чинь учиргүй их эрээд даавуу аваад л өнөө бүх хүүхдүүддээ унтлагын өмд цамц оёж өгөөд, өөрсдөө бас хийж өмсөөд, тэгээд л нөгөө гар нүүрийн алчуур малчуур гээд баахан л юм шаардаж байгаа юм чинь. Нөгөө тоогоор нь бүрдүүлж хийнэ. Тэгээд л соёлын довтолгооныхон чинь бөөн цөөнөөрөө л ирнэ гэнэ шүү дээ. Тэр лагерт явж байна, энэ лагерт явж байна гээд. Хүүхдүүд чинь пир хийж орж ирээд л гарч гүйгээд л. Тэгсэн чинь нэг ирнэ гээд л хагас бүтэн сайнд, хагас сайнд ямар амрах биш дээ бүтэн сайн өдөр. Тэгсэн чинь би хүн орж ирэхээр л цочоод байж билээ. Тэгсэн чинь шөнө энэ тэр явдаг гэж байхгүй юу.
Хишигсүрэн -
Цочдог нь яаж байгаа юм?
Банзрагч -
Үгүй ээ яахав дээ нөгөө улсууд нь ирж байгаа юм байх гэж цочоод байхгүй юу. /Инээв/ Тэгдэг л байсан. Тэгээд тэр чинь ёстой сайн л байсан л даа хэрэгтэй л байсан. Тэгээд манай хүн бас тэрэнд чинь явалцана оо зайлуул.
Хишигсүрэн -
Тэгнэ. Ажлаараа.
Банзрагч -
Тийн ажлаараа явдаг, тийм л байсан юм. Тэгж л байсан, ёстой сайхан юм болж байсан, тэгээд юм хумаа их янзалдаг, цэгцэлдэг энэ тэр тийм байсан ш дээ. Завгүй ч гэсэн зав гаргаад л тэгээд ерөөсөө юм хумаа хийгээд байдаг. Бид нар чинь юу яадаг байсан шд ерөөсөө, ажил тараад л дараагаар нь лекцтэй. Тэгээд яаж зохицуулж байсан юм одоо мэдэхгүй, болдог л байсан юм даа. Хүүхдээ, лекцэнд суучихаад л тэгээд л хүүхдээ цэцэрлэгээс нь аваад л ясли-аас нь аваад л тэгээд л гэртээ хариад тэгээд нөгөө хүүхдийг чинь, маргааш цэвэрхэн байх ёстой, өнөө хүүхэд. Шөнө хоолоо хийж идэж уучихаад хүүхдүүдээ унтуулчихаад маргаашынх нь хувцасыг бэлдээд, угааж цэвэрлээд, тэгээд л явдаг байсан ш дээ. Тэгээд ямар сайндаа, тэгээд нялх хүүхэдтэй энэ тэр байхад чинь нэг хоёроос наана унтахгүй шүү дээ. Тэгээд манай энэ, эд нарын аав нь тэгдэг байсан: хоёулаа нэг арван цагт унтаж үзэх юмсан гэдэг байсан ш дээ. Тэгээд л өнөө хүүхдийн сүү халаана, хувцас хунарыг нь бэлдэнэ, угаана цэвэрлэнэ, за тэгээд өглөө чинь сонин уншлагатай гээд бас явчихна. Тэгээд л 8-аас орход чинь 7 хагаст явна ш дээ. Хүүхдээ яслид аваачиж өгчихөөд, тэгээд л яваад болоод л байдаг байсан юм. Тэгээд бас хичээлд сууна, янз бүрийн хичээлд, юм мундахгүй ээ ерөөсөө. Тэгдэг л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аль цагт нь ер нь амарч гэртээ амьдардаг байсан бэ?
Банзрагч -
Үгүй ээ ерөөсөө их жоохон завтай байсан шд. Яахав хагас сайн өдөр хагас ажиллаж ирчихээд, гүйлгээ бланс таарвал тэгээд нэг юм хүрээд ирнэ л дээ. Тэгээд бүтэн сайн өдөр эргэж суухгүй бол яахав тэгээд хүүхдүүдтэйгээ, угааж цэвэрлээд амжуулаад л байдаг байсан. Хүн ер нь яаж ийгээд л амжуулдаг юм чинь дээ. Хүүхэд л өвдөхгүй бол яаж ийгээд л амжуулдаг юм чинь.
Хишигсүрэн -
Одоо тэгээд эхнэр нөхөр хоёр хоёулаа л зэрэг гэрийн ажил хийхгүй бол ер нь амждаггүй байсан юм шиг байгаа юм.
Банзрагч -
Тийн. Тэгээд л хэн завтай нь гүйж ирээд л галлаад, хүүхдүүддээ хоол бэлдэж хийж өгчихөөд явдаг тэгээд шөнө чинь хоёулаа мөн л тэрүүгээрээ очоод заримдаа байж байвал намайг тосоод авах гээд хүрээд очно. Байхгүй байвал тэгээд хэдэн хүүхдүүд минь л гүйгээд очно. Тийм л байсан шд. Манайх чннь 3 том нь хүүд нар, тэгээд жоохоон зайлуул, 4 3 2 –р ангийн энэ тэр л юмнууд байсан байх, манай хэдэн хүүхдүүд чинь жил дараалчихсан, тийм жоохон жоохон хүүхдүүдтэй. Тэгээд болдог л байсан юм. Яаж ийгээд л амжуулдаг байсан.
Хишигсүрэн -
Танай хүүхдүүд бүгд хотод төрсөн үү?
Банзрагч -
Манай хүүхдүүд чинь хотод төрөөгүй, би ерөөсөө хотод нэг л хүүхэд төрүүлсэн. Аа нэг охин бас төрсөн. Би дандаа нутагтаа ирж төрдөг байсан ерөөсөө. Далайд нэг хүү маань төрсөн, тэгээд хөдөө явна гэж байгаад амжаагүй хотод нэг хүү төрсөн, нэг охин ах нь сургуульд орчихсон чинь хотоос наашаа ирж амжаагүй, нэгдүгээр ангийн хүүхэдтэй ч байдаг билүү, тэгээд тэр охиноо бас хотод төрүүлсэн. Тэгээд бусад нь бол дандаа аймагт төрсөн.
Хишигсүрэн -
Тэр дээр үеийн дарга нар, албан тушаалтан, жирийн ажилтнуудын хоорондын харилцаа ямар байсан бэ? Дарга хүмүүсийн өмсдөг зүүдэг, эдэлдэг зүүдэг юм нь хэр их жирийн ажилтан хүмүүсээс ялгаатай байв? Тэдний эрх ямба жирийн ажилчинаас ялгаатай байсан уу? Үгүй юу?
Банзрагч -
Үгүй ээ үгүй. Тийм юм байгаагүй шд ерөөсөө. Иддэг уудаг нь ажилхан, өмсдөг зүүдэг нь адилхан л байсан шд ерөөсөө. Бид нараас илүү гараад байдаг байсан юм байдаггүй л байсан байх. Хариуцлага эд нар нь өндөр л байсан байх тэд нар чинь ерөөсөө еөр тийм ихэмсэг тийм юм байгаагүй шүү дээ. Зүгээр л байдаг байсан. Адилхан бас л суухдаа ч бас суучихдаг, оны тайлан баланс гарахгүй бол бас нэг хуудас барьчихсан сууж л байдаг байсан. Гэхдээ ерөөсөө онцлог нь ажилчидынхаа эрх ашгийг их хамгаалдаг байсан. Хүмүүсээ гэж боддог тийм л байсан ш дээ ер нь наанаа загнаж байсан ч цаанаа байнга л ажилчидынхаа төлөө анхаарал тавьж байдаг тийм л байсан.
Хишигсүрэн -
Одоо ингээд социализмын үед гэр бүлийн талаар гэр бүлийг дэмжсэн төрийн бодлого шийдвэр гэж юу байсан? Хэрэв байсан бол тэр нь айл өрхийн амьдралд яаж нөлөөлж байв? Жишээ нь танай гэр бүлд?
Банзрагч -
Үгүй ээ тэр чинь манай гэр бүлд ч нээх нөлөөлөөд байсан юм байхгүй л дээ. Ер нь бол социализмын үед гэр бүл салахад намаас хөөдөг л гэж ярьдаг байсан шдээ.
Хишигсүрэн -
Тийм ш дээ, нөгөө намын дарга нар байхад чи хайчдаг юм билүү нөгөө авгай нь нөхрийгөө тэгдэг байсан гээд...
Банзрагч -
Тийм тийм, намаас хөөдөг гэж байсан. Би ерөөсөө тийм намын гишүүн байгаагүй манай тэр бүрлээч маань насаараа л тэр нам эвлэлээр явж байгаад л намын дээд төгсөөд л намын хороонд ажилсан тийм хүн байсан. Тэгээд ер нь болвол энд тэндээс амьтан хүн ийшээ тийшээ явчлаа гэхээр намаас нь хөөгөөд ажилаас нь халаад суманд явуулчихлаа гэсэн юм дуулддаг л байсан, гэхдээ миний эргэн тойронд тийм юм байгаагүй ерөөсөө тэгээд одоо яадаг байсан юм гэр бүлийг салгадаггүй байсан байх. Ерөнхийдөө гайгүй байсан байлгүй.
Хишигсүрэн -
Гэр бүл салалтад нам их нөлөөтэй байж тийм ээ?
Банзрагч -
Эрх биш байсан байлгүй. Намын гишүүдэд нөлөөтай байсан байх. Ерөнхийдөө улсууд нэг их салаад байдаггүй байсан шд. Ер нь гайгүй шд.
Хишигсүрэн -
Тогтвортой байсан шалтгаан нь юу юм бол?
Банзрагч -
Тогтвортой байсан шалтгаан нь одоо мэдэхгүй, цөмөөрөө завгүй ажилтай, илүү дутуу юм, баар цэнгээн гэж явах юм байгаагүй юм чинь, угаасаа. Тэгээд одоо чинь наргиан цэнгээн нь ихэдчихсэн юм чинь. Тэгээд энд тэнд уулздэг, янз бүрийн хүмүүстэй юу яадаг болчихсон юм байлгүй бодвол.
Хишигсүрэн -
Залуучууд чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байсан юм бэ? Бага ч гэсэн зав гарч байгаа ш дээ?
Банзрагч -
Зав гаралгүй дээ. Тэр чинь одоо уран зохиолын ном их уншина. Ер нь бол намайг багад чинь радио их сонсоно, уран зохиолын ном их уншина. Номын санд очиж сууна, кино үзнэ. Яахав үдэшлэг, нийтийн бүжиг их болдог байсан. Оюутан байхад энд тэнд нийтийн бүжигтэй л гэдэг байсан. Бүжиглэдгүй хүн гэж байгаагүй юм шүү дээ. Тийм л байсан. Ном маш их уншдаг байсан.
Хишигсүрэн -
Та хүүхэд байхдаа анх ямар теат меатр, кино үзэж байв? Анхны үзсэн үзвэрээ санаж байна уу?
Банзрагч -
Үгүй ээ одоо би чинь хүүхэд байхдаа Эрдэнэдалайн сургууль дээр нэг кино гарсан юм аа. Тэр бүр Хятад кино гарсан санагдаад байдаг юм.
Хишигсүрэн -
Харин энэ хүмүүс Хятад кино гэж яриад байх юм. Би ерөөсөө Хятад кино үзэж байсан гэж сонсоогүй.
Банзрагч -
Хятад кино гарч байсан юм.
Хишигсүрэн -
Нэг хувьсгалын сэдэвтэй кино байсан гээд ярьхын хүмүүс?
Банзрагч -
Тийн тэр буурал үст охин гэдгийг чинь би хотод үзсэн юм. Хятад кино л нэг их бүжиглэсэн, дуулсан, хөгжимтэй нэг тийм л юм үзсэн юм. Тэгээд нөгөө тэр автомат чинь нэг их бензин үнэртдэг байсан юм. Тэгээд бензинд нь дотор муухайран муухайран тэрийг үзэх гээд суучихдаг байсан юм. Тэгээд тэрүүнийг их үздэг л байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хаана? Задгай газар үзэх үү эсвэл юунд үзэх үү?
Банзрагч -
Улаан буланд үздэг байсан юм. Тэгэхдээ тэрэнд чинь дандаа үзэхгүй ээ бас 50 мөнгөөр үзнэ. Ээж ааваас 50 мөнгө гуйх гэж их юм болно шүү дээ бас. Цалингүй юм чинь ээж аав чинь одоо. Тэгээд л гуйж байгаад 50 мөнгө авна даа. Тэгээд л улаан буланд очиж үздэг байсан юм.
Хишигсүрэн -
Долоо хоногт хэдэн удаа кино гардаг байсан юм бэ?
Банзрагч -
Долоо хоногт чинь одоо жаал гарч байсан байлгүй дээ бодвол. Тэрийг чинь хүүхэд үзэхгүй шд. Хүүхдүүдийг чинь орой үзвэрт оруулахгүй, багш нар эргүүл их хийнэ. Тэгээд бид нар чинь хүүхдэд зориулсан эртхэн шиг юманд л ордог байсан ш дээ. Сандал мандал байхгүй ээ, шалан дээгүүр сууж байгаад, тэгээд үзэцгээдэг тийм л байсан ш дээ. Дандаа үзүүлэхгүй ээ, тэр чинь ээж аав бас явуулахгүй.
Хишигсүрэн -
Нэг ийм асуулт байна. Хэлмэгдүүлэлт гэж нэг том үйл явдал монголд болж өнгөрсөн. Таны бага насанд тэр үйл явдал аль хэдийнэ дууссан байсан боловч хэлмэгдүүлэлттэй холбоотой янз бүрийн хүмүүсийн яриа, хууч, тийм юм сонсож байсан уу? Танай аав ээж, ах дүү нарт хэлмэгдүүлэлттэй холбоотой тийм юм байсан болов уу?
Банзрагч -
Манай аав чинь одоо өнөө лам хүн байсан гээд баригдана аа, баривчлагдана.
Хишигсүрэн -
Анхан түрүүн хэлсэн.
Банзрагч -
Аймагруу аваад л явчихна. 2 3 баривчлагдсан ш дээ, хөөрхий минь. Тэгээд хөдөө байхдаа сумаас, намын гишүүд чинь нөгөө мэдээллэдэг байсан юм байлгүй. Манай ааваас хүн юм асуух барих гэж ирдэг. Тэгэхээр л тэр өвгөнөөс юм хум асууж байна гэдэг байсан юм байлгүй, намайг жоохон байхад. Тэгээд л сумруу дуудагдаад, сумаас аймагруу явдаг байсан. Тэгээд л аймаг дээр очиж хэд хоночихоод тэгээд л ирдэг байсан. Хоёр гурван удаа дуудагдсан ш дээ.
Хишигсүрэн -
Бариад явахаар айх уу та нар?
Банзрагч -
Үгүй ээ баривчлаад явж байгаагүй, дуудлаа л гэдэг байсан. Тэгээд суман дээр бодвол хэлтсийн төлөөлөгч л аймагруу яв гэж байсан байлгүй бодвол. Тэгээд л шуудангаар аймаг ирээд л аймаг дээр нэг хэд хононо оо зайлуул, арваад хонодог байсан юм уу сар болдог байсан юм уу тэгээд л очдог байсан, эргээд очдог байсан. Тэгээд л амьтан хүн юм хум бас их асууна аа. Юм асуух гээд, мал хуй алдлаа, тэглээ ингэлээ, нэг үзээд өгөөч гээд л очдог, тийм л байсан. Тэгээд намын гишүүд чинь одоь чин үнэнч, намын гишүүд байсан болохоор чинь тийм л байсан юм байлгүй. Тэгээд л мэдээлэл өгдөг байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр нь л тэр дагуу нь сумын төлөөлөгч дуудаад, төлөөлөгч нь аймагруу явуулдаг, тийм л байсан шд.
Хишигсүрэн -
Суманд одоо тэгж мэдээлэл өгдөг улсуудаа хүмүүс таних уу?
Банзрагч -
Ерөнхийдөө гадарлана. Тэр хэлсэн байх гэж, тэгж ярьдаг байсан. Намд чинь одоо их хувьсгалч хүмүүс байсан байх л даа. Тэр л хэлчих шиг байна гээд л тэгээд суугаад, гэрийн ойролцоо суугаад, тэр л хэлчих шиг байна, тэр ороод гарсан гээд тэгдэг л байсан. Тэгээд юу яадаг байсан шд манайх, бурхантай, тэгээд манай аав зул аа өдөр өргөдөг, шөнө өргөж болдоггүй. Нөгөө байшин савнаас гэрэлтэнэ. Тэгээд данх саван дотор зул аа хийгээд өргөдөг байсан. Тэгээд дээш мээшээ гадаа энэ тэр өргөөд байхгүй ээ, болохгүй бас.
Хишигсүрэн -
Цайны дээж үү?
Банзрагч -
Тийм. Суман дээр чинь одоо нэг их дээж өргөөд зогсоод байхгүй.
Хишигсүрэн -
Тэгээд тэр нь их дарамттай санагддаг байсан болов уу? Тэгээд аяндаа дасчихсан байсан болов уу?
Банзрагч -
Одоо ерөнхийдөө тэгээд дасчихдаг юм шиг байна лээ дээ. манай аав чинь тэгээд заримдаа дүйчэн өдрүүд байсан юм болов уу шөнөжингөө ном уншаад хонодог байсан. Номоо уншаад, өрхөө бүтээчихээд, хаалгаа түгжчихээд тэгээд л номоо уншаад суудаг байсан. Хааяа хааяа тэгдэг байсан. Дүйчэн өдөр тэгдэг байсан байх. Тэгээд л амьтан хүн бас үзүүлнэ ээ, шавь нар нь гээд, их олон шавь нартай тийм хүн байсан. Тэгээд оройхон шиг ирээд, сүлд мүлдээ дуудуулна гээд нөгөө зүүний үзүүр дээр будаа тогтоно гэдэг ш дээ.
Хишигсүрэн -
Тийн.
Банзрагч -
Тэгдэг л юм байналээ, яах аргагүй. Тэгээд л гүцэнд рашаан хийчихээд дусаагаад л нэг чихрийн дээр зүү дээш нь харуулж тавьчихаад, ингээд дусаагаад байхаар яах аргагүй тийм цагаан юм тогтдогийн шүү дээ. Тэгж энэ тэр сүлд мүлдийг нь л дуудаж байсан болов уу, тийм юм хийдэг л байсан.
Хишигсүрэн -
Танай аав номоо хүүхдүүддээ, хэн нэгэнд өвлөж үлдээсэн үү?
Банзрагч -
Үлдээгээгүй. Ганданд өргөсөн ерөөсөө, бүх номоо. Би бас саваагүйтээд надад зааж өгөөч, би суръя энэ тэр гээд тэгдэг байсан. Тангад ном л байсан л даа. Тэгэхээр хэрэггүй миний хүү, юугаа хийхэв хэрэггүй, та нар энийг хэрэглэж чадахгүй гэдэг байсан. Манай дүү ч багахан байсан л даа. Тэгдэг байсан, ерөөсөө бид нарт зааж өгч байгаагүй. Тэгээд л өөрөө өндөр настай болохлоороо зэрэг ганданд бүх ном, бүх юмаа өргүүлээд, хүнээр өгөөд явуулчихсан.
Хишигсүрэн -
Нэгдэлжүүлэх хөдөлгөөн өрнөж байсан тэр үеийг та мэдэх үү? Тэр үед ер нь юу болж байсан бэ?
Банзрагч -
Нэгдэлжих хөдөлгөөн үүсэхэд манайх нөгөө хүний 15 толгой мал үлдээдэг билүү дээ. Тэгж байсан юм.
Хишигсүрэн -
Бусдыг нь бүгдийг нь нийгэмчлээд?
Банзрагч -
Нийгэмчлээд, тэгэхдээ яахав дээ хөөрхий...
Хишигсүрэн -
Хүмүүс хэр дуртай нийгэмчлүүлэх вэ? Тэр ер нь юу болов?
Банзрагч -
Үгүй ээ тэр ч одоо нэгэнт л засгийн бодлого юм болохоор чинь одоо яалтай ч билээ. Тэгээд бүгд л малаа нийгэмчилж л байсан. Манай ээж аав бол нэг их эсэргүүцэж янз бүрийн юм болж байгаагүй.
Хишигсүрэн -
Ер нь танай нутагт улсууд нийгэмчилж байгаа малаа нуугаад л, дараад л, ямар нэг байдлаар тэрнийг эсэргүүцэж байгаагаа нууцаар ч гэсэн илэрхийлдэг энэ тэр, тийм юм байсан уу?
Банзрагч -
Одоо хүүхэд байсан болохоор мэдэхгүй, ерөөсөө. Манай хувьд бол тийм юм байгаагүй, тэгээд малаа тоолуулаад, хэдэн мал авч үлдээд, за яах вэ ашгүй ашгүй энэ жилдээ малыг маань авахгүй юм гэнээ. Өөрсөддөө байлгах юм гэнэ, хойтон авах юм гэнэ гээд, тэгдэг л байсан. Тэгээд манайх чинь 75 толгой малтай л үлдэж байсан.
Хишигсүрэн -
Тийм эвлэрэнгүй хандаад л өгчихдөг байсан юм уу?
Банзрагч -
Тийн. Жигтэйхэн хүлцэнгүй л байсан шдээ, ерөөсөө. Тэгээд л авхаас яахав дээ. Тэгээд ухуулга сурталчилгаа их хийнэ л дээ. Тэгээд ерөөсөө тэрийг чинь ер нь сүрдүүлж ч байсан байлгүй бодвол. Нийгэмчлэхгүй бол тэгээд л эсэргүү маягийн л юм хэлж байсан байх л даа. Тэгээд л хүүхэд байсан болохоор мэдэхгүй, өгөхөөр яахав дээ, өгөхгүй гээд ч яалтай билээ дээ одоо. Тэгээд тэрний чинь ноос моосных нь албан татвар, тэгээд малын хөлийн татвар матвар нь учиргүй өндөр байсан юм. Тэгэхээр чинь өгөхгүй гээд яалтай билээ дээ. Тэгээд өгөхөөс л өөр аргагүй.
Хишигсүрэн -
Тэрийг дийлхэд хэцүү.
Банзрагч -
Тийн. Тэрийг дийлхэд хэцүү. Тэгээд баяртай өгөх юм юу байхав. Дургүй л байсан байлгүй, яав гэж. Тэгж байсан, тэгэхдээ яахав дээ тэгээд хэдэн малтай үлдээд, ээж аав минь өндөр настай улсууд байсан болохоор, тэгээд л би чинь сургуульд яваад л арай гэж яасан, тэгээд нэгдлийн мал нэг их маллаж байгаагүй ээ манайх. Төв дээр суучихсан. Тэгээд нэгдэлд туслах ажил хийгээд, шавар шавхай юу байдгийн байгаа юм, янз бүрийн юм хийдэг л байсан шд. Тэгээд яахав жоохон байхад муу ээж минь барилга марилга дээр, чулуу мулуу шавар шавхайны ажил л хийгээд байсан. Аав минь нэлээд өндөр настай хүн байсан. Тэгээд морин хуур зуур хийнээ манай аав чинь. Хөдөлмөрийн хөлс гэж гайгүй юм авч байсан байлгүй бодвол. Ер нь авч байсан юм шиг байгаа юм. Тэгдэг л байсан. Тэгээд би чинь амралтаараа ирхэд хөөрхий амьтан нөгөө хөдөлмөрийн хөлснөөсөө хэдэн цаас яагаад, надад чинь бас плаж млаж юм аваад тавьчихсан, тийм байдаг л байсан юм. Тэгээд яахав их ядарч байгаагүй байх оо зайлуул. Гайгүй байсан байх. Тийм л байсан.
Хишигсүрэн -
Түрүүн бид хоёр нэг ажилтай холбоотой сэдэв ярьсан шд. Тэгэхээр одоогийн хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хандлага, ажлаа хийж байгаа байдал та нарынхаас ялгаатай гол ялгаа нь юу вэ?
Банзрагч -
Ерөөсөө хариуцлагагүй ш дээ. Одоо бол хачин муухай хариуцлагагүй болсон, ерөөсөө. Үгүй ээ одоо төрийн ажил яана яана ч билээ тэгээд л байдаг, ерөөсөө ингээд хүрээд очход, зарим нь дуугарахгүй ч сууж байж магадгүй. Захиргаа махиргаанд очход чинь. Цэгийн үйлчилгээ гээд л нэг юу нээчихсэн л байна. Цэгийн үйлчилгээн дээр очход чинь зарим нь хүнгүй л байдаг шд. Тэгээд яахав дээ зарим нь ч яахав байж л байдаг юм. Ер нь одоо аягүй муухай хүнд сурталтай болсон шд. Зайлуул тэрийг нь болиулах гээд л одоо цонхны үйлчилгээ гээд янз бүрийн юм хийж л байна. Тэгээд ер нь горьгүй дээ, горьгүй, ерөөсөө.
Хишигсүрэн -
Яагаад ийм их өөрчлөлт гарчихав?
Банзрагч -
Одоо яахав эрх нь хэтрээд үүрэг нь багасчихдаг л юм байлгүй бодвол. Тэрийг хянаж шалгаж байгаа юм байхгүй. Тэгээд л, одоо харин гайгүй болчихож, манай багийн дарга марга нар чинь ер нь архи ууна шүү дээ, янзтай.
Хишигсүрэн -
Орон нутагт яг тэгж яриад байгаан тээн?
Банзрагч -
Тийн. Архи их ууна ерөөсөө. Тэгээд л ерөнхийдөө энэ дарга нар, Баянсан дарга эд нар чинь архи уусан хүн үзэхгүй шд. Загнадаг бололтой юм билээ, хална барина гэдэг юм билээ. Хална гэхээр бас хүн юм болохоор ажил дээрээ тогтохыг боддог бололтой юм. Архи уудаг улсууд нь харин арай гайгүй болсон юм шиг байна лээ. Эрх биш болсон юм шиг байна лээ. Тэгэхдээ л одоо энэ хүүхнүүд эд нар чинь ер нь хатагтай шүү дээ. захиргааны төвийн ажилтан хүүхнүүд эд нар чинь дуугарахгүй муугарахгүй шүү дээ. эрэгтэйчүүд нь арай дээр юм шиг л байдаг шд. Дуугарахгүй ерөөсөө тэгээд аягүй хүнд сурталтай, муухай шүү дээ. Ер нь тийм л болчихсон юм билээ, төр захиргааны ажилтангууд чинь.
Хишигсүрэн -
Энэ ардчилсан үйл явдал өрнөж, нэг их том давалгаа 1990 онд боллоо ш дээ. Энэ үед та жишээлбэл ардчиллыг юу гэж тухайн үедээ ойлгож, хүлээж авав. Ардчилал хүмүүсийн амьдралд юуг авч ирнэ гэж тухайн үедээ төсөөлж байв? Бодит байдал дээр үр дүн нь юу болов? Энэ тухай та юу хэлэх вэ?
Банзрагч -
Үгүй ээ яахав одоо энэ чинь, ардчилал чинь одоо яахав хүмүүсийг л их эрх чөлөөтэй болгож байгаа, сайхан болгож байгаа гэж л байсан ш дээ. Тэгээд одоо улсууд чинь нөгөө хамаг хөрөнгө мөнгөө, бүх юмаа хувааж, үйлдвэр мүйлдвэр чинь хаагдаад, юмаа хувааж аваад ингээд, хөл толгойгоо алдаад, алингаа алдсан ш дээ. Уул нь ардчилал гарсан ч гэсэн тэр хөрөнгө хувьчлал их буруу хийсэн гэж боддог юм. Маш буруу хийсэн ерөөсөө. Нэгдэл ч гэсэн аштайхан болмоор болж ирээд, тэгээд л өнөө хэдэн малаа тарааж өгөөд, манайх бол одоо нэгдэлд зөндөө л мал хувьчилсан. Тэгхэд бидэнд мал энэ тэр юу ч олдоогүй шд. Ээж аавын маань юу яасан юм тэндээ тэгээд л гишүүд нь хувааж аваад дууссан юм байгаа биз. Одоо энэ сайхан үйлдвэрүүд байсан чинь хүмүүс нь ажилгүй болоод, ингээд бараг л гуйлгачин болсон ш дээ ерөөсөө. Тэгээд л ерөөсөө тэр бараа материал юмнуудаа хувьчилж авч байгаа гээд л зарим ганц нэг нь аваад л ингээд, машин техник хамаг юмийг нь аваад үрэн таран хийгээд, баллаад. Би тэгээд тэгдгийн ерөөсөө, энэ ч ардчилал болсон биш дээ, ерөөсөө энэ буруу хийгдсэн байлгүй, яав, энэ бол зөв хийгдвэл сайхан л юм болох байсан байх. Нэг дайн болоод л өнгөрөх шиг боллоо доо ерөөсөө. Дайнд нэрвэгдсэн юм шиг л боллоо, ер нь манай улс ерөөсөө. Байшин барилгыг чинь нураагаад л, сөнөөгөөд л ерөөсөө. Одоо энэ баруун тал чинь тосгон гээд л орон сууцтай сайхан, бүр 2 3 давхар сургууль мургуультай байсан ш дээ. Байхгүй, бүгдийг нь нураагаад л одоо, ямар нь авдаг юм.
Хишигсүрэн -
Оросын тосгон байсан юм уу?
Банзрагч -
Тийн. Оросын тосгон байсан юм.
Хишигсүрэн -
Энд юу хийдэг байсан юм?
Банзрагч -
Цэргийн анги.
Хишигсүрэн -
Аа цэргийн анги байсан юм уу?
Банзрагч -
Цэргийн анги байсан юм. Тэгээд л ерөөсөө бүх юмийг нь нураагаад л хаячихаж байгаа юм чинь. Тэгээд улсууд хуваагаад л авчихдаг. Ямар шугамаар, яаж авдагийг ч бүү мэд, ерөөсөө.
Хишигсүрэн -
Ер нь өмч хувьчлалаар ямар хүмүүст илүү их юм оногдож, ямар нь ингээд хоосон үлдчихэв?
Банзрагч -
Үгүй ээ одоо энэ албан хаагч, аймгийн төвийн албан хаагч, банкны бид нар бол юу ч аваагүй шүү дээ. Нэг хэдэн өнөө нэг тасалбар авсан биз дээ.
Хишигсүрэн -
Тэрэндээ юу авав танайх? Жишээ нь.
Банзрагч -
Юу ч авсан юм байхгүй ээ, юу ч аваагүй. Байх ч үгүй одоо тэгээд үрэгдсэн байх.
Хишигсүрэн -
Танайх энэ тасалбараа том үйлдвэр мүйлдвэрт нийлүүлсэн үү?
Банзрагч -
Үгүй үгүй үгүй. Үйлдвэрт нийлүүллээ гээд ч ашиг өгөх юм байгаагүй юм чинь, угаасаа. Тэгээд зарж үрээд, тэгэсгээд юм ч болоогүй, тэгсгээд үрэгдсэн шд, ерөөсөө. Тэгээд л байшин барилгууд чинь ерөөсөө нураад л байхгүй болж байгаа юм чинь. Одоо тэр тоосгоны үйлдвэр байсан байхгүй, тэгээд мэдэхгүй ээ том дарга нар нь авсан юм уу яасан юм байгаан нэг мэдхэд л ерөөсөө бүх юм л балраад дууссан шд. Тэгээд л ажилчид нь ерөөсөө юу ч үгүй болоод.
Хишигсүрэн -
Аймагт ер нь социализмын үед ямар том, олон хүнийг ажлын байраар хангадаг байгууллага байсан бэ?
Банзрагч -
Ахуйн үйлчилгээ, худалдаа энэ тэр чинь их олон хүнтэй байсан шд, ер нь. Ахуйн үйлчилгээ бол маш олон, ерөөсөө юм болгоноо хийдэг, тийм сайхан байсан шд. Худалдаа бас их олон хүнтэй, бас сайн л ажилтай л газар байсан байх. Тэгээд л одоо энэ тэжээл боомт гэж байлаа. Тэгээд л мах бэлтгэл мэлтгэл чинь ямар байсан юм сайн мэдэхгүй юм даа. Банкинд өглөө очоод л тэнд сууж байгаад орой гарч ирэх юм чинь. Ер нь бол тийм байсан шүү дээ. Сайнцагаан сум ч гэж байсан одоо сайнцагаан сум ч яахав төв рүү ороод ирсэн юм чинь. Тэгээд захиргааны аппрат мапрат одоо хэн мэдхэв, нүсэр байсан л гэж ярьдаг юм билээ ш дээ. Тийм л байсан юм байгаа биз. Тэрийг бол сайн мэдэхгүй л дээ.
Хишигсүрэн -
Одоо ер нь таны бодлоор тэр өмч хувьчлалын үед нийт ард түмэнд өмчийг тэгшхэн, жигдхэн хуваариллаа л гэсэн мэдээлэл явж байсан ш дээ.
Банзрагч -
Тэгж л ярьж байсан шд.
Хишигсүрэн -
Тэгээд хэдэн хувь нь тэр социализмын өмчийг өөрийн болгож, одоо хэдэн хувийг нь үрэн таран хийчихэв?
Банзрагч -
Аа мэдэхгүй. Тэр ёстой мань мэтэд л лав олдох юм байгаагүй. Тэр хэдэн тасалбар л байсан. Тэр нь юу ч болоогүй, ерөөсөө тэгээд яасан ч юм байгаа юм хэнмэдхэв ээ хэнмэдхэв тэгээд алга болсон шд.
Хишигсүрэн -
За нэг ийм өөр төрлийн асуулт байна аа. Та хүүхэд байх үеэсээ энэ дундговьд амьдарч байна шд. Ер нь дундаа л нэг хэдэн жил улаанбаатарт байсан байна.
Банзрагч -
Тийн.
Хишигсүрэн -
Тэгэхлээр ер нь байгаль орчинд гарч байгаа өөрчлөлтүүдийг та одоо хэр мэдэрч ажиглаж байна? Сайн муу өөрчлөлтүүд юу байна?
Банзрагч -
Одоо сайн өөрчлөлт гэж юм байдаг л байх даа одоо бодвол мэдэхгүй. Муу өөрчлөлт гэдэг нь одоо энэ л учир зүггүй л ухаж төнхөөд л, хаа л бол хаа хэн дуртай нь, хужаа нар голдуу ирээд л ухаж төнхлөө л гэх юм байна ш дээ. Би ч одоо мэдэж байгаа юм байхгүй л дээ. Одоо тэгээд энэ замын хужаа нар гээд зам юу яаж байгаа, тэгээд энэ гаднаас ирж байгаа, юм хийж байгаа улсууд чинь ерөөсөө чанаргүй, ерөөсөө маш муу юм хийгээд л тэгээд л явах юм байна ш дээ. Тэгээд одоо мөнгө төгрөгийг нь шилжүүлдэг л юм шиг байсан шд. Тэгээд чанаргүй, ерөөсөө мөнгө цаас нь хаашаа ч ордог юм байгаан, яадаг ч юм байгаан, тэр эзэн мэзэн нь авдаг ч юм уу яадаг ч юм. Тэгээд л одоо энэ баруунтаа чинь Улаанбаатарын юу холбоно гээд л зам тавьж байгаа, явна гэж байхгүй, ахина гэж байхгүй ерөөсөө. Тийм л юм шиг байна лээ ш дээ. Соц-ын үед болбол захиргаадаж байгаад л дор нь л гялалзуулдаг л байсан ш дээ. Одоо бол ерөөсөө ажил хариуцна ч гэж байхгүй болж. Тэр тендер мендер ч гэж ямар ч учиртай юм байдаг юм хэн мэдхэв. Одоо тэгээд ар өврийн хаалгаар явдаг гэж ярьдаг юм билээ ш дээ, үнэн л юм байлгүй, орон нутгийн улсууд. Одоо дээр үед чинь ийм янз бүрийн ажлыг чинь ерөөсөө нөгөө нэг түр цэрэг мэрэг татаж бариад, ингээд янз бүрээр энийг чинь одоо нохой хүртэл, цэргийн бүртгэлээр нэг хүн нэг нохой алж ир гэдэг байсан шд. Нохой мохойг чинь тэгээд учиргүй байлгахгүй шүү дээ. тэгээд одоо чинь тийм юм байхгүй, нохой алах хүн олдохгүй, муу болсон гээд одоо тэгээд, тэгдэг юм билээ шд. Бүүр дээр үед чинь одоо өлөн гэдсэнд түүхий шохой хийж байгаад нохойд өгдөг байсан, шоронгийн хоригдлууд. Тэгээд энэ архичингууд гэж замбараагүй ерөөсөө юм хийдэггүй, эрх нь хэтэрсэн улсууд байх юм. Миний бодход бол ерөөсөө архичингууд бол ажлаас л айна. Би бас санал хүсэлт хэлж л байсан. Тэгээд миний үг ямар, юу болхов дээ ерөөсөө. Архичингууд ажлаас л айна, ерөөсөө өөр юмнаас юунаас ч айхгүй. Эрүүлжүүлэгдлээ гэхэд эд нар чинь гэр орныхон нь мөнгийг нь төлөөд гаргачихна. Гаргахгүй бол ална шүү та нарыг гэж эргэж занал хийлдэг болтой юм. Манай хүүхдүүд харин архи мархи уугаад байдаг хүн байхгүй, гайгүй байдаг юм. Би ч олон хүүд нартай л даа зүгээр тэгэхдээ тун гайгүй шүү ер нь. Тэгээд эх эцэг нь хүүхдээ хайхрахгүй, ерөөсөө, замбараагүй, өөрсдөө архи уугаад ингээд, хүүхдийн хүмүүжил мүмүүжил бол өнгөрсөн ш дээ. Хүүхдээ хаана юу хийж явааг ч мэддэггүй болсон юм билээ. Бид нар чинь, манай хүүхдүүд бол дүү нар нь жоохон хүүд нар маань том болохоор хүүхдүүдээ ээлжээр жижүүр хийлгээд, тэгээд ханан дээр самбаррхуу юм хийчихнэ. Тэгээд өдөр өдөрт нь дүгнэдэг. Нэг өдөр жижүүр хийсэн нь маргааш нь дүүгээ хараад, тэгээд өнөө олуулаа юм болохоороо тэр чинь бас хэд хонож байж яана л даа. Тэгж ээлжээр хийдэг байсан байхгүй юу. Хичээл тараад л тэгээд л өнөө дараагийн ээлжийн хүн хичээлд явна, өглөө явах хүн үдээс хойш явна тэгэхээр өглөө хичээлд орсон хүн гэртээ ирэхгүй бол болохгүй, нөгөө хүн хичээл тасална. Тэгээд би хүүхдүүдээ тэгж хүмүүжүүлсэн, тэгээд манай хүүд нар гэхгүй ерөөсөө угаах цэвэрлэх, хоол ундыг бол янзтай хийнэ шүү дээ, манай хүүд нар. Одоо бол хүмүүс хүүхдээ хайхрахаа больчихсон ерөөсөө. Хачин болсон ерөөсөө, янзын болсон ерөөсөө. Хүүхдийн хүмүүжил бол одоо өнгөрсөн шд.
Хишигсүрэн -
Таны амьдралд гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал юу байна вэ? Таны амьдралд одоо нэг тийм гүн нөлөө үзүүлсэн, миний амьдралыг өөрчилсөн, эсвэл нөлөөлсөн гэж хүмүүс нэг...
Банзрагч -
Аа мэдэхгүй надад одоо нэг сайнаар ч нөлөөлөөд байсан юм, яахав хөөрхий ажил хийж байхад цалин мөнгө аваад амьдралаа болгож л байсан, одоо яахав дээ тэгээд тэтгэвэрт гарсан болохоор, ямар сайндаа тэтгэврийн ахмадууд тэгдэг ш дээ: Одоо энэ залуучууд ерөөсөө хөгшин хүнийг тоохоо больсон ерөөсөө. Аа хөгшин хүнтэй залуу хүн мэндэлбэл тэр нь одоо их шагнал болсон гэж ярьж байгаа шүү дээ одоо, ахмадууд. За тэр нь ч юу юм бэ зүгээр тэгэхдээ ерөөсөө, мэдэхгүй одоо тэгээд тэтгэвэрт гарсанаас хойш бол ерөнхийдөө бас нэг хүмүүс тоохоо больчихсон л юм шиг байдаг шд, ер нь, залуучууд болбол. Би ч яахав банкинд ажиллаж байсан, тэгхэд болбол ажил хариуцаж байсан болохоор яахав надтай бол хүмүүс гайгүй л байдаг байсан. Одоо тэгээд энэ хөгшин тэтгэвэрт гарчихсан юм чинь дээ гэж боддог байлгүй бодвол зарим нь дуугарахтай үгүйтэй гүйж л явдаг. За зарим нь ч яахав гайгүй л нэг юм толгой дохиод явж л байдаг юм. Тэтгэвэрт гараад одоо тийм л болдог юм билээ ш дээ, ер нь.
Хишигсүрэн -
Таны амьдралд бусдаас онцгой, сонин, ер бусын гэх зүйл байна уу? Өөр хүний хувьд ийм юм байхгүй дээ, энэ л миний хувьд их онцгой, дахин давтагдашгүй юм уу даа гэсэн тийн онцлог байна уу?
Банзрагч -
Тийм юм байхгүй ээ. Байхгүй, байхгүй. Бахь байдаг нь л ерөөсөө, байдгийн л нэг ерөөсөө, яахав хүүхдүүд минь бүгд ажилтай, төрөлтэй, яахав тэгээд нэг архи дарсанд орчихоогүй, зөв өсч өндийж хүмүүжсэн болохоор, тэр л одоо миний гавъяа л гэж боддог шд. Сэтгэл амар амгалан, миний хүүхдүүд цөмөөрөө ажилтай байгаа, хань ижилтэй, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, ингээд сайхан амьдарч байна. Зөрчил, янз бүрийн юм гаргахгүй байгаа болохоор энэ л одоо сайхан юм л гэж боддог юм. Бусдыг харахаар бас янз бүрээр улсуудын амьдрал янз бүр л байх юм. Тэгж л боддог шд.
Хишигсүрэн -
Гэр бүлийг дэмжиж социалист нийгэм ямар арга хэмжээ, бодлого явуулдаг байсан юм бэ? Тэр нь яаж одоо танай гэр бүлийн амьдралд нөлөөлж, тусгалаа олов? Гэсэн нэг асуулт байна.
Банзрагч -
Одоо, мэдэхгүй одоо бид нар чинь нөгөө ажил төрөлтэй байцгаасан болхоор нэг их тэгж онц нөлөөлөөд байсан юм байхгүй шд. Цалингаараа л амьдардаг юм чинь. Гэр бүлийг дэмжиж ч одоо яадаг юм байр, орон сууц энэ тэр өгдөг байсан байх аа. Шинэ гэр бүлд болбол, бидэнд бол тэгж өгч барьж байсан юм байхгүй ээ, байхгүй ерөөсөө.
Хишигсүрэн -
Улаанбаатарт танайх юунд, байранд байсан уу?
Банзрагч -
Байшинд байсан.
Хишигсүрэн -
Тэгээд л улсад тушаачихаад л ирж байсан уу?
Банзрагч -
Үгүй тэр чинь тэгэхдээ юу яасын. Статистикийн төв газар чинь нөгөө ажилчдын байр гээд 100 айлын тэнд нэг намхан, өөрөө ч мэдэхгүй байх аа даа намхан 3 давхар байшингийн хоёр талд хоёр намхан байшин байдаг байсан юм. Тэгээд нэг байшинд нь статистикийн төв газар, одоо яахав сургууль төгсөөд ирж байгаа энэ тэр тийм хүмүүстээ, шинэ гэр бүлдээ энэ тэр тийм байр өгсөн байхгүй юу. Тэгээд л тэнд л бид нар амьдарч байсан. Халаалттай яахав дээ, усаа зөөдөг л байсан. Тэгээд хог мог, өнөө зуух муухгүй юм чинь хог мог гэж юу гархав дээ. Нийтийн жорлонтой тийм байранд л байсан, бид нар. Тэгээд л ирэхдээ тэр байшингаа албан газар нь хүлээлгэж өгчихөөд л ирсэн. Яахав би тэр ээлжийн мастер гээд, тэгхэд бол бас нэг байшин тэр улаанрхуарангаад билүү барьж байсан, тэгээд л тэнд бас ямар байшин байсныг нь мэдээгүй ээ, тэгээд л оператор хүүхнүүд энэ тэр байр, орон сууцгүй хэцүү байна гэхээр бас хөөцөлдөж байгаад л тэд нарт байр майр авч өгдөг байсан. Тэгээд их баярласан шүү, тэр байшинд байгаа майгаа гээд л намайг ирсэн хойно энэ тэр захиа бичдэг л байсан. Тэгээд ерөнхийдөө, би ч ямар нэг их нөлөөтэй хүн байсан биш, тэгэхдээ яахав тэр нэг ээлжийн мастер гэхгүй дарга нар бас их авч хэлцдэг байсан шд.
Хишигсүрэн -
Үгийг нь сонсдог байсан байх тийм ээ?
Банзрагч -
Тийн. Үг их сайн сонсдог байсан. Туслахын боддог, энэ тар тийм байсан шд, дажгүй л байсан.
Хишигсүрэн -
Та ер нь гадаад дотоод явж байв уу?
Банзрагч -
Үгүй чиш, үгүй чиш. Ёстой явж байгаагүй. Явъя ч гэж боддоггүй, ерөөсөө. Еөр гадаад орон сайхан гэж боддоггүй.
Хишигсүрэн -
Одоо нэг ийм хамгийн сүүлийн асуулт байна. Та бас ярих юм байвал нэмж хэлж болно. Тэр юу вэ гэхээр ер нь та ингээд хоёр өөр нийгэмд амьдарч байна ш дээ. Тэгээд өмнөх нийгмээ дурсаад, одоогийн нийгэмтэй харьцуулахад танд ер нь юу бодогдож, ер нь таны залуу нас амьдралаа өгсөн тэр нийгэм ямар нийгэм байв аа?
Банзрагч -
Өө тэр ёстой сайхан байсан. Ажилгүй хүнийг ажилтай болгодог байсан. Тэр дарга нар маш хариуцлагатай байсан, ерөөсөө. Хүмүүстэйгээ яг тулж ажилладаг. Архи уугаад тэнээд явчихвал хамт олноороо авч хэлэлцдэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэж байсан тэр үед бол. Одоо бол тийм юм байхгүй л юм шиг байна лээ ш дээ ерөөсөө. Тэгээд л хүмүүсийнхээ төлөө маш их анхаарал тавьдаг байсан. Сайхан байсан. Ажилгүй хүнийг чинь одоо юу яадаг байсан ш дээ, ажилгүй хүмүүсийн хороо хорины эргүүл явдаг, хотод тэгж байсан, энд чухам яаж байсан юм мэдэхгүй. Би ч ирээд нэг их удаагүй байхад юу яасан юм чинь, ажилгүй хүн байлгахгүй, ерөөсөө хороо хорины эргүүл явдаг. Тэгээд л эргүүлээр ажилгүй хүн барьдаг, бариад тэгээд ажилд оруулдаг байсан ш дээ. Яахав дээ тэр нь янз бүрийн л ажил байна, ерөөсөө. Ажилгүй хүн байлгадаггүй байсан ерөөсөө. Тийм сайхан байсан ш дээ. Хүний эрх зөрчигддөг байсан, эрх чөлөөгүй байсан гэж ярьцгаадаг л юм байна лээ. Хэн мэдхэв, тэр үед болбол ерөнхийдөө хүмүүсийн, тэгээд баян ч хүн байгаагүй, тэгж ядуу ч хүн байгаагүй ерөөсөө.
Хишигсүрэн -
Анхан. Бүгд нэг жигд?
Банзрагч -
Гудамжний хүүхэд мүүхэд гэж байгаагүй, жигд л байсан бид нар ерөөсөө. Яахав дээ цалин нэг юм амьдралд хүрч л байсан, яахав. Ёстой нөгөө хоёр идэхгүй, хоосон хонохгүй л, бид нар тэгээд болж л байсан, яахав. Дажгүй л байсан шд. Одоо бол тэрийг хайхарч байгаа хүн байхгүй ээ, хүүхэд шуухдаа хүртэл, энэ хүмүүс ёстой хачин болж байна шд. Ажилгүйгээс болж байгаа байх, би тэгж л боддог юм. Тэгээд энэ баар маар архи дарсны газар дэндүү олон болсон. Банкад цайллага л болбол архитай, харин би сая тэр санхүүчдийн баярт очоод тэгээд босоо хүлээн авалт гээд хийсэн. Тэгхэд архи мархи нь яадаг юм бол доо гээд, би архи тэгээд ер нь найранд ч очсон гэсэн, ер нь хүлээн авалт юманд очхоор архи уу гээд байхаар ирснийг нь шийтгэж байгаа юм шиг, ирсэнд нь шийтгэж байгаа юм шиг гэж би уурладаг байхгүй юу. Тэгээд манай тэр бүрлээч тэгдэг байсан: Чи яах гэж тийм этгээд үг хэлдэг юм дээ. Дуугай л байна биз гэдэг байхгүй юу. Тэгсэн чинь сая бол ерөөсөө архи байхгүй, бүпээтэнд нь архи байж л байгаа харагдана лээ, пиво байсан, тэгээд ундаа жүүс, ус тийм юмтай тэгээд яахав босоо хүлээн авалт чинь хоолоо сонгож идэх юм. Тэгээд тийм ёстой сайхан хүлээн авалт болсон. Одоо тэгээд ер нь хүлээн авалт мавалт дандаа тийм байгаасай л гэж бодож байна ш дээ, ер нь архигүй. Манай аймгийнхан архи их ууна аа ерөөсөө, жигтэйхэн ууцгаадаг юм. Ажилгүй ч байх юм ерөөсөө.
Хишигсүрэн -
За ингээд ярилцлагаа өндөрлөе. Танд их баярлалаа. Нэлээд сайхан дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд.
Банзрагч -
За зүгээр.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.